Monday, December 5, 2016

ОЮУН УХААНЫ ГЭРЭЛ ГЭГЭЭ ХАРАНХУЙ БҮДҮҮЛГИЙН ДЭЭГҮҮР НАРАН АДИЛ ГЭРЭЛТЭН ГИЙЖ БАЙГ...

Оросын Их утга зохиолоос Хүнлэг ёс, Хүнлэг үзэл санааны дуу хоолой маш хүчтэй сонсогддог. Түүний нэгэн томоохон төлөөлөгч нь Константин Паустовский аж. Мунхаг миний бие залуу насанд энэ хүний нэг бус өгүүллэг, бүтээлийг уншиж явсан ч сэтгэлд юу ч торж үлдсэнгүй байж. Өөрөөр хэлбэл юу ч ойлгож мэдрээгүй өнгөрсөн гэсэн үг. Тэгээд Оросууд К.Паустовский, М.Пришвин нарыгаа ихэд үнэлдэгт нь "Яагаад юм бол?" гэж гайхдаг байлаа.
Ойрмогхон К.Паустовскийн "Сүйх тэргээр аялсан шөнө" бяцхаан түүврийг нь уншаад Оросууд юуны учир тийн үнэлдэгийг ойлгов. Аргагүй гэгээн их хүмүүн аж. Ардын уран зохиолч Д.Цоодол гуай К.Паустовскийн хамгийн алдартай "Алтан сарнай" түүврээс орчуулж, энэхүү түүврийг хэвлүүлжээ. Дэлгүүрт 4000-хөн мянган төгрөг гээд байна билээ. Залуус авч уншицгаагаарай. Нэгэндээ бэлэглэвэл үнэ багатай ч үнэлж баршгүй сайхан бэлэг болно.
Тэрбээр уран бүтээлийнхээ үзэл санааг бараг энэ доорх хоёр өгүүлбэрт илэрхийлээ юу даа гэж бодогдлоо.
"... Уран зохиолын мөнхийн амьд урсгал энэхүү үнэт тоосноос үүсэн бүрэлдсэнийг хэн ч анзааран мэдэрдэггүй нь гайхмаар юм шүү. Хог цэвэрлэгч хөгшний урласан алтан сарнай Сюзанна бүсгүйн аз жаргалын төлөө бүтээгдсэн шиг бидний уран бүтээл газар дэлхийн сайн сайхны төлөө, аз жаргал, баяр хөөр, эрх чөлөө, хүний сэтгэлийг саруулсгахын төлөө тэмцэлд уриа нь болж, оюун ухааны гэрэл гэгээ харанхуй бүдүүлэг бүгдийн дээгүүр үл жаргах наран адил гэрэлтэн гийж байх ёстой..."
К.Паустовский.
.
Яруу найрагч Л.Өлзийтөгс энэ эгэл их хүмүүний тухай тун сайхан бичжээ.
.
ЖҮЖИГЧИН ЗОХИОЛЧ ХОЁР
“Оросын уран зохиолын сонгодгууд бүгд үхсэн. Одоо ганц л хүн үлдэж дээ. Тэр хүнийг яг одоо харуулъя” гээд өвгөн багш маань цонхоор шагайв. Оюутнууд бид дэрхийн босоод, гүйлдэн очиж цонхоор хартал нэгэн хижээл эр сургуулийн хашаанд хөглөрөх навчийг зөөлөн шүүрдэж зогсов. Хажуугаар нь дайрчих шахаад л, тоохгүй өнгөрдөг “цэвэрлэгч” маань Константин Паустовский байсныг бид ер мэдээгүй...”
Горькийн сургуулийн оюутан байхад нь болсон энэ явдлыг хожим өөрөө өвгөн профессор болчихоод дурсан ярьсан хүн бол Аюурын орос багш.
Өчигдөр нэг сайхан зурагтай өгүүлэл олж үзээд нөхрийнхөө ярьсан дээрх түүхийг гэнэт санасан учир бичвэрийнхээ эхэнд дурдлаа. Харин одоо зурагт анхаарлаа хандуулна уу! Домогт жүжигчин Марлен Дитрих өвдөг дээрээ сөгдөн, өвгөн “цэвэрлэгч”-ид мөргөж буй агшин. Зургийн түүх ийм:
Марлен Дитрих Зөвлөлтөд айлчлан ирэхэд юу үзэх хүсэлтэй байгааг нь асуужээ.
-Кремль үү, Мавзолей юу, Их Театр уу?
-Би Паустовский зохиолчтой уулзахыг л хүсч байна. Өөр хүсэх юм алга. Энэ миний олон жилийн мөрөөдөл...
Намуухан дуугаар хэлсэн энэ хариултыг сонсоод оросууд гайхсандаа таг болжээ. Дэлхийн ОД (“оддын од” гэгддэг байж) Марлен ердөө өвгөн Паустовскийтэй л уулзахыг хүслээ гэж үү?
Ингээд зочинд зориулсан үдэшлэгт Паустовскийг заавал ирүүлэх ёстой болов. Гэтэл өвгөн тэр үед эмнэлгийн орон дээр, бараг л “үхлүүт” хэвтэж байжээ. Түүнд урилга гардуулахаар очтол эмч “Босч болохгүй, бүр хөдөлгөж ч болохгүй шүү!” гэж хатуу анхааруулав гэнэ. Гэвч төлөөлөгчид элдэв арга хэрэглэн, яаж ийгээд аваачихыг л хүслээ. Гэвч өвгөн өөрөө ч зөвшөөрсөнгүй. Шаардаж, сүрдүүлж, элдэв юм болсны эцэст “Улсынхаа нэрийг бодоод ганц л босчих” хэмээн хичээнгүйлэн гуйв...
Танхим нам гүм боллоо. Өвгөн зохиолч удаан алхсаар тайз руу гарч очив. Гэтэл аугаа Хэмингуэй, алдар суут Ремаркийн амраг явсан, дэлхийд цуутай, ОД бүсгүй өвгөнийг угтан гүйж очоод шууд өвдөг дээрээ сөгдөх нь тэр ээ! Чингээд өвгөн зохиолчийн гарыг хайрлан үнсч, хацартаа наагаад уйлжээ.
Бүсгүй тэгэхэд бариу даашинзтай байв. Ийн сөгдөж суухад хувцас нь үнэхээр тохирохгүй, эзэндээ эвгүй, хэцүү байгаа нь илт атал ер тоосонгүй. Оёдол нь энд тэндээсээ ханзраа л байлгүй, даашинзных нь чулуун шигтгээнүүд чимээ гарган унаж, тал тал тийшээ үсчиж эхлэхийг бүгд сонсч, харжээ. Танхим дүүрэн үзэгч хэрхэхээ мэдэхгүй таг болж, амаа ангайн, хэсэг чив чимээгүй суув. Ингээд гэнэт нэг нь сэхээ авч ухасхийн өндийхөд, бусад нь дагаж босоод нижигнэтэл алга ташлаа.
Паустовскийг буцаж суусны дараа Марлен Дитрих ийн ярьжээ. “Олон жилийн өмнө би нэгэн түүврээс “Цахилгаан” (“Телеграмм”) гэдэг өгүүллэгийг санаандгүй олж уншсан юм. Тэгээд л энэ зохиолыг бичсэн хүний гарыг үнсэх сэн гэж олон жил хүссэн дээ. Хүсэл минь биеллээ, одоо би жаргалтай байна...” (эх сурвалж: Евгения Эвоян)
Константин Паустовскийн цөөнгүй өгүүллэг соц үед монгол хэлээр орчуулагдсан. Залуу уншигчид сонирхвол номын сангаас олж уншина биз ээ. Тухайн үедээ манай зарим зохиолчид ихээхэн нөлөөлсөн нь мэдрэгддэг л юм. Сталины үед гадуурхагдан амьдарч, Горькийн сургуулийн хашааны цэвэрлэгч явсан ч “сахалт” удирдагчийг үгүй болсноос хойш алдаршиж, тэр л сургуульдаа багшлан, семинар удирдах болсон тэрээр дээрх явдлаас хойш нэн удалгүй бурханы оронд оджээ. Паустовский шударга, үнэнч сайхан сэтгэлтэй хүн учир Зөвлөлт засгийн үед гадуурхагдсан авьяаслаг зохиолчдыг хэнээс ч юунаас ч айлгүй өмөөрч, хамгаалан ил захидал бичдэг, олны хайртай уран бүтээлч байсан гэнэ билээ.
Харин Марлен Дитрих тухайн цагийнхаа гоо үзэсгэлэнг тодорхойлогч байв. Гэхдээ түүнээс илүү хөөрхөн, илүү гоо бүсгүй өчнөөн байсан биз ээ. Гэвч тэдний дундаас өөрийг нь ялгаруулж, бусдаас ОНЦГОЙ гэдгийг мэдрүүлж, ГАРГАЖ ИРСЭН зүйл бол Марлены УХААН л байж дээ. Яасан сайхан мөрөөдөлтэй, дэврүүн, гэрэлтэй бүсгүй байгаа вэ!
Дээрх түүхийг уншмагцаа “Тайзан дээр цацран унаж буй үнэт чулуун шигтгээнүүд, тэр шигтгээнүүдийн эзэн үзэсгэлэнт бүсгүй, тэр гоо бүсгүйг өмнөө сөхрүүлсэн хатингар өвгөн гурвын хэн нь (аль нь) илүү гэрэлтэж харагдсан бол доо, тэгэхэд?” гэж догдлон бодлоо.
Л.Өлзийтөгс...

Шашин ба сүнслэг оршихуйн ялгаа

Шашин ба Сүнслэг оршихуйн 7 ялгаа.
By Dejan Davchevski
Ихэнх хүмүүс Сүнслэг оршихуйг Шашинтай эсвэл нууцлаг, ер бусын зүйл гэж андуурдаг. Зарим нь үүнийг бүүр шашны нэг бүлэг, салбар гэж боддог нь мэдлэг дутуугийнх, аль эсвэл толгойгоо эргүүлчих вий хэмээн эмээснийх нь байдаг.
Хэрэв бид үүнийгээ алгасаад, Сүнслэг оршихуй гэж яг юу вэ гэдгийг ойлгохыг, мэдэхийг оролдвол, энд ямар ч ид шидийн, нууцлаг, ер бус юм байхгүйг бас ямар ч төрлийн шашны бүлэгтэй огт хамаагүйг олж харна.
Шашин ба Сүнслэг оршихуй хоёрын дараахь 7 ялгаа танд Сүнслэг оршихуй гэж юу болохыг танихад тусална.
1.Шашин таныг тушдаг- Сүнслэг оршихуй таныг чөлөөлдөг
Шашин таныг үзэл суртал, идеологийг дага, тодорхой дүрмийг мөрд гэж хэлэх ба, үгүй бол та ямар нэг байдлаар шийтгэгдэх болно гэдэг. Сүнслэг оршихуй Та Юуг Зөв гэж мэдэрч байгаагаа буюу Зүрх сэтгэлээ дагах боломж олгоно. Энэ нь, таныг энэ л зөв, хүн бүр адилхан тул та үүнийг дагах ёстой гэсэн юутай ч уяхгүй, харин таны яг үнэндээ, мөн чанартаа хэн бэ гэдгийг чинь илрүүлж чөлөөлж өгдөг. Тэнгэрлэг хүн байхын тулд юуг эрхэмлэх нь бүхэлдээ таны сонголтоос шалтгаална.
2. Шашин таныг айдсаар зовооно– Сүнслэг оршихуй танд яаж эр зоригтой байхыг харуулна
Шашин таныг юунаас айж явахыг тань болон Үйлийн үрийг хэлж өгдөг. Сүнслэг оршихуй таныг алив үйлдийн үр дагаврыг мэддэг болгоно, гэхдээ таныг айдаст төвлөрүүлэхийг хүсддэггүй. Энэ оршихуй бол танд Айдастай Хэрхэн Тэмцэж болдгийг харуулна, Учирч мэдэх үйлийн үрийг үл харгалзан зөв гэж бодсон зүйлээ хэрхэн үргэлжлүүлэн хийж болдгийг үзүүлнэ. Сүнслэг оршихуй танд айдастаа биш хайран дээрээ яаж ажилладгийг харуулна. Айдсыг хэрхэн хянахыг, эдгээрийн хамгийн сайныг нь хэрхэн хэрэглэхийг харуулна.
3. Шашин танд Үнэнийг хэлж өгдөг – Сүнслэг оршихуй нь танд үнэнийг олох боломжийг өгдөг
Шашин танд Юу зөв, Юунд итгэхийг чинь зааж өгдөг. Сүнслэг байх нь үүнийг та өөрөө олох, өөрийн давтагдашгүй замаараа ойлгох боломжийг өгнө.
Энэ таныг Өөрийн Дээд Оршихуйтай чинь холбож, өөрийнхөө оюун ухаанаар юу үнэн гэдгийг мэдэх боломж өгдөг, Үнэн гэдэг бол бүхэлдээ бидний хүн нэг бүрийн хувьд ижил учраас. Энэ танд сэтгэл зүрхний чинь ойлголт мэдрэмжээр дамжсан өөрийн үнэнд итгэх боломжийг олгодог.
4. Шашин бусад шашнуудаас таныг тусгаарладаг- Сүнслэг оршихуй түүнийг нэгтгэдэг
Манай дэлхий дээр зөндөө олон шашин байдаг ба тэд бүгдээрээ өөрийн түүхээ гагц зөв түүх гэж номлодог. Сүнслэг оршихуй тэдгээрийн бүгдийнх нь дотроос үнэнийг олж хардаг, нэгтгэдэг. Учир нь бидний хоорондын ялгаатай ба давтагдашгүй байдлаас үл хамааран Үнэн бол ганц байдаг.
Сүнслэг оршихуй нь тэдгээр шашны түгээдэг сургаалуудын салгууд, ялгаанд нь биш, тэдгээрийн түгээдэг бурханлиг сургаалын ижил чанарыг анхаарч авч үздэг.
5. Шашин таныг Хамааралтай болгодог – Сүнслэг оршихуй бие даасан болгодог.
Хэрэвзээ та шашны ямар нэгэн арга хэмжээ, үйл ажилд оролцох үедээ л өөрийгөө шүтлэгтэн гэж, аз жаргалын үнэ цэнийг мэддэг хүн гэж таньдаг бол. Сүнслэг оршихуйт хүний хувь танд аз жаргалтай байхын тулд юу ч шаардагдахгүй, юунаас ч хамаарахгүйгээр та аз жаргалтай байдаг. Аз жаргалыг өөрийнхөө дотроос хүссэн үедээ олох ба, зөвхөн өөрөө л үүнийг хариуцна. Ямар нэг байшин барилга, орчин, арга хэмжээ, үйл ажилд биш, бид хэрэгтэй тэр газартаа л байж байдаг. Бурханлиг байдал бидний дотор байдаг тул бид хаа ч, үргэлжид үнэ цэнэтэй хүн байдаг.
f you attend religious events only then you are seen as a religious person and someone who is worthy of happiness. Spirituality shows you that you don’t need or depend on anything to be happy. Happiness is always found deep in ourselves and only we are responsible for it. We are always where we need to be and not just while attending at some events or buildings. Divinity is in us and that is why we are always worthy.
6. Шашин Шийтгэл хэрэглэдэг - Сүнслэг оршихуйт байдал Кармаг хэрэглэдэг.
Шашинд, хэрэв бид тодорхой нэг дүрмүүдийг дагаж мөрдөхгүй бол хэзээ нэг өдөр шийтгэл хүлээнэ гэдэг. Сүнслэг оршихуй нь бүх үйлдэл өөрийн хариу үйлдэл үзүүлдэг, бидний үйлдийн шийтгэл бол хийсэн алхам бүрийн маань хариуд ирдэг гэдгийг ухаарах боломж олгодог. Энэ бол зөвхөн Ертөнцийн суурь хүчүүдэд (Байгалийн хууль) тулгуурладаг бөгөөд, тэр хүч Үнэн гэдэгт та заавал итгэх ёстой гэж шаарддаггүй.
7. Шашин таныг Бусдын Аяллын замаар Дагуулдаг- Сүнслэг оршихуй Танд Өөрийнхөө Замыг Бүтээх боломж олгодог
Аль нэг шашны үндэс суурь нь Бурхан ба бурхдын тухай түүх, тэдний гэгээрэлд хүрсэн аялал, тэдний танисан үнэн байх ба эдгээрийг та дагах хэрэгтэй.
Сүнслэг оршихуй нь танд гэгээрэлд хүрэх өөрийн аяллыг хийх, Үнэн гэдэг таны хэрхэн яаж олж авснаас үл шалтгаалан ганц л байдаг тул зүрх сэтгэл чинь энэ бол зөв гэж хэлсний дагуу өөрийн замаар Үнэнийг таних боломжийг өгдөг.
Бүх шашин Сүнслэг оршихуйт байдлаар, Бурхан болж мөнхөрсөн хэн нэгний аяллаар бидэнд ирсэн. Тэдний аян замын түүхийн хором нэг бүр чухал биш, тэр бол тэдэнд үнэнийг танин мэдэхэд нь тусалсан зүйлс юм.
Бидний хүн нэг бүрийн дотор байж нэгэн хэмээр давхцдаг Хүний Зүрх сэтгэлийн Тэнгэрлэг Хууль болох Үнэнийг түгээн дэлгэрүүлж байгаа үг утга санаа нь чухал юм. Ийм учраас л шашин бүрт ямар нэг Үнэн нь үнэн байдаг.
Source: Life Coach Code via Expanded Consciousness

ХУВЬД ОЧИЖ БУЙ ГЭДГЭЭР ЛУЙВРЫГ ЦАЙРУУЛЖ БОЛОХГҮЙ...

Эрдэнэтийн 49 хувь дээр уг нь маргаад байх асуудал огт байхгүй харагдах. Хувийн салбарын хяналт орж ирснээр 
- элдэв шахааг таслах зогсоох, 
- зардлын үрэлгэн байдлыг хянах, 
- ажил үүргийн оновчгүй хувиарийг сайжруулах, 
- боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх,
- ажлын байрыг оновчтой үр ашигтай болгох гэх мэт замаар үр ашгийг нь дээшлүүлэх маш олон сайн талтай. Энэ үүднээс Эрдэнэтийн 49 хувь нь хувьд очих ёстой, энэ чиглэлийг дэмжих учиртай. Миний хувьд 49-ийг хувьд өгөхийг 4 мөчөө ч өргөөд дэмжмээр. Үүн дээр маргаан огт байхгүй. Тэгвэл одоо хувьд оччихлоо, болчихсон биз дээ ГЭВЭЛ бас биш.
Хувьд очиход учир бас бий.
ХЭНД, ЯМАР ЗАМААР оччихов гэдэгт л асуудал нь байгаа.
- Нэгд энэ 49 хувийг авсан хэсэг нь манай улс төрийнхөнтэй нягт холбоотой томоохон луйврын бүлэг, түүх намтар нь ихэнхдээ хар. Тэгээд ч Дарханы хар төмөрлөг, Хөтөл гэх мэт хувьчилж авсануудаа гялалзтал менежмент хийчихсэн нь үгүй шахам.
- Хоёрт, 49-ийг хувьчилж авсан зам мөр нь бөөн булхиа луйвар. ИЙМ л асуудал байгаа.
Улаан цайм нүдэн дээр улаан муухай луйвар хийчихсэн байхад зөвхөн ганц Хувьд очлоо гэдэг үндэслэлээр тэр булхай луйврыг цайруулж болохгүй. Шударга ёсыг л шаардаж байгаа хэрэг. Хууль журмаар нь хувьчлаад авсан бол огт өөр хэрэг, ийм маргаан мэтгээн, хагарал зөрчил харьцангуй бага л гарна.
Хувьд өгөхгүй гэж маргаад байгаа юм байхгүй. Булхиатай байна гэхээр хувьд өгөхгүй гэлээ гэж буруу ойлгон санаагүй дэвдэг нь ч байна. Бүр санаатайгаар мушгидаг, тонгорч тоглодог улс төрийн гар орсон бүлэглэлүүд ч байна.
Нөгөө талаар төр муу менежер гэдэг бол ихээхэн худал үг. Төрийг улс төржүүлж, мөнгө, эрх мэдэл, авилгын оромж болгон дампууруулж, хүч тамиргүй, чадавхигүй хамгийн муу арчаагүй менежер болгож харагдуулчихаад тэгэж хэлж буйд л хамаг ов заль нь байгаа юм.
Ингэхэд бид Эрдэнэтийн 49-ийг хэрхэн хувьчлахаас олон зүйлд үлгэр жишээ, хараа, шийдэл болно шүү.
Б.Номинчимэд
Шог зураг Д.Гансүх.

"ҮЗЭЛ... гэдэг МУХАР НҮХ"

- Яг одоо миний ширээн дээр Библи байна. Түүнийг харсан хүн намайг христчин хэмээн шууд л итгэдэг. Яагаад гэвэл би түүнд "Библи бол гайхалтай ариун гэгээн ном" гээд дотроос нь Тухайлбал, Коринтоос иш татаж, өнөө ахуйтай холбон ярьж өгсөн хойно арга ч үгүй. Нөхөр маань надруу нэг л шоолонгуй харж байснаа гараад явчих.
- Хэд хоногийн өмнө би бөө нартай хамт сарны тахилгад сууж байлаа. Тэднээс юм асуугаад л, бичиж тэмдэглэж аваад. Түүнийг сонссон нөхөр "Энэ нөхөр гарцаагүй бөө, биш юм гэхэд бөө мөргөлтөн" гэж бодох.
- Жилийн өмнө "Бхагавадгита судрын тайлбар номоо алдчихлаа, хайран ном, амин чухал сайхан номсон" гээд үнэн сэтгэлээсээ халаглахаар "Чи Хиндү шүтлэгтэн үү?" гэж асуух. 
- Зун Лалын мечат хаана байдгыг сураглавал "Яах гэж байна?" гэж өмнөөс сэжиглэнгүй асуух, "Үгүй би Курон судрыг жаахан тайлбарлуулах санаатай" гэвэл "Чи солиорчихож, ISIS -ийн улс руу явна гэж бүү өвчигнөөрэй" гэж тоглоом шоглоомын завсарт анхааруулсан. 
- Түрүү жил Күнзийн сургаалиас баахныг постолж орхиод "Одоо болио, хар хятадын оюун санааны боол" гэж нэгэнд нь загнуулсан.
- "Тэнгэр шүтлэг бол монголчуудын язгуурынх юм байна. Тиймээс бид өөрсдийгөө Тэнгэрлэг гэж хэлж, дуудаж байжээ" гэх аятай юм хэлчихээд Бат-Отгоны шавь гэж шоолуулсан.
- Гэртээ байнга арц уйгуулж, Далай лам, Ажаа гэгээн, Хамба гэгээний /Аавын минь багш, шүтээн, нутгийн их гэгээнтэн/ зургийг хүндэтгэн шүтээний хайрцагтаа хийснийг, бас авдар дээр маань зулын цөгц, хэдэн шоголтой ном /Доржзодво зэрэг/ байгааг хараад "Овоо л доо, сүсэгтэй хүү байна" гэж нутгийн хөгшин магтах.
- Сүүлийн хоёр жил орчим хугацаанд ОШО хэмээн хүний номуудыг уншиж үнэхээр бахархаж, өөрийн эрхгүй "ОШО багш" гэж хэлчихдэг болмогцоо "ОШО шүтлэгтэн" болчихов.
- "Шинжлэх ухааны мэргэдийн онол номыг уншиж байгаарай, миний дүү" гээд нэг залууд зөвлөөд орхитол, "Тэр мухар сохор аргынхны номыг уншихаар улам мунхардаг юм. Та ч ёстой билгийн нүд нь тас хаалттай хүн байна" хэмээн хариу зөвлөх...
- Сарын өмнө Еврейн Талмуд судраас хоёр ишлэл уншиж, гайхам сэцэн мэргэнийг нь магтаад орхитол намайгаа шууд л Иедуст болгочихсон.
- Гэтэл гурван сарын өмнө Еврей нарын тухай Ф.М.Достоевскийн үзэл бодлын талаар биччихээд фашист болохоо шахаж байв.
- Ердөө долоохон цагийн өмнө Сталинаас иш татаж орхихнээ нь Коммунист болгож орхисон. 
- Тавхан цагийн өмнө "Эрдэнэтийг хувьчлах нь зөв, гэхдээ" гээд хэлээд тавьтал намайгаа "Улаан либерал үзэлтэн" гээд том пайз нүүрэн дээр маань наачихсан. 
- Энэ бүгдийг маань анзаарсан нэгэн "Өглөө Далай ламд, өдөр Христ богдод, орой бөөд мөргөдөг жинхэнэ прагматик Монгол хүний тухай" онигоо надад ярьж, "Ийм байж болохгүй ээ, аль нэгийг нь л..." гэж зөвлөв. Бас нөгөөх нь "Энэ нөхөр жинхнээсээ эргүүтчихэж, төөрчихөж" гэсэн онош тавьж өгсөн болно. 
- Ингэхэд би зөвхөн оюун санааны эрх чөлөөг л эрж хайж яваа юмсан. 
- Ингэхэд Монголд оюун санааны, үзэл бодлын эрх чөлөө байна уу? 
- Ингэхэд яагаад буддын шашинтан хүн Библи судрыг сугандаа хавчуулаад явж болдоггүй юм бол?
- Ингэхэд яагаад либераль хүн Сталинаас иш татаж болдоггүй юм бол?
- Ингэхэд ерөөсөө юу ч болж амжаагүй байтал өөрийнхөө төсөөллөө бушуухан надад углаж орхичихоод элдвээр цоллож, магтаж, эсвэл шоолж, муулж гарцгаана вэ?
- Ингэхэд яагаад ийм ягшмал, хязгаарлагдмал мухар үзэлд хөтлөгдөн, түүнээ л зөвхөн үнэн хэмээн муйхарлан зүтгэцгээх нь түгээмэл байна вэ?
- Ингэхэд, тэгээд бусдыг заавал зөвхөн өөрийнхөө л мэддэг хүрээнд байх тэр мухар давчуу нүхрүү тааруулж чихдгээ ОЙЛГОЛТ, ҮЗЭЛ гэж юунд бодоод, итгээд, үнэмшээд байна вэ? Яагаад өөрийнхөөрөө жиргэж болдоггүй юм бол?

ОЮУН ЭРЛИЙН ЗАМ СҮМБЭР УУЛНАА АВИРАХ ЛУГАА

"Бхагавадгита"-гийн тайлбарт Оюуны эрэл нь Сүмбэр уул лугаа адил юм. Бэл хаяагаараа хичнээн олон зам жим байна вэ, оргил өөд өгсөх тусам тэдгээр зам жимүүд нэгдэж нийлсээр цөөрдөг. Тэгээд оргил хэмээх нэг л цэгт эцэст нь уулздаг. Үүн лугаа адил оюуны эрлийн эхэлж гарах гараа нь үй түмэн байна. Муруй, тахир, тойруу, унаж босож, уруудаж өгссөн, тойрч мушгирсан, эгц шулуун гэх мэт. Эцэст нь хүрч чадвал нэг л цэгт очино оо гээд. Би яг өгүүлбэрээр нь санахгүй ч ерөнхий агуулга нь ийм...
Манай Монголчуудын Ертөнцийг үзэх үзэл үүнтэй адил байсан нь Их гүрний үеийн Төрийн шашны бодлогоос харагддаг. Ихэнхдээ тухай цаг үед Христийг ивээхээр "Өө, энэ эзэн Монголчууд чинь Христ шүтлэгтнүүд байна" гэж баясах, Лалын шашинтнуудыг чөлөөтэй байлгаж, татвараас чөлөөлөхөөр тэд нь мөн өөрийнхөөрөө ойлгож баясах... Тэнгэр үзэл буюу Монголчуудын Ертөнцийг үзэх үзлийн нэлээд тодорхой илрэл нь Мөнх хаан хэд хэдэн шашны зүтгэлтнүүдийг цуглуулж, мэтгэлцээн хийсэн үед хэлсэн үг юм. Ер тийм мэтгэлцээнийг үе үе хийдэг байсан шиг билээ. Тэгэхэд Мөнх хаан яг дээрх "Бхагавадгита" сударт өгүүлсэнтэй адил утгаар санаагаа илэрхийлсэн. Ард түмэн бүрд өөрийн зам мөр бий. Түүнээ сахь гээд гарын таван хуруугаар жишээлж байгаад хэлдэг. /Харамсалтай нь удалгүй манай хаадууд маань эзлэн суусан бүс нутгийнхаа шашинд орж, энэ өндөр түвшинд хүрсэн сэтгэлгээнээсээ ухарсан харагддаг. Бэрх лалын шашинд, Ил хаад эхэндээ Христ талдаа нааштай байснаа мөн Лалын шашинд, төв Монголд хожим Шарын шашинд гэх мэтээр/
Одоо ингээд хэлчихээр Мөнх хаан "Энэтхэгийн Вед шүтлэгтэн байгаагүй. Битгий хадуур" гээд загнаад унав даа. Уг санаа нь Мөнх хаан хийгээд Бхагадавгитагийн танин мэдэхүйн хүрсэн ойролцоо түвшний тухай яриа юм.
ОШО багшийн номд ч мөн яг ийм санаа яваа. Адил түвшинд хүрсэн буюу Сүмбэр уулын их өндөрлөгт байна л гэж би ойлгож байна. Оргил өөд өгсөж л буй бол мөн чанар адил. Муруй, хазгай, эгц, тойруу л гэж бий. Тэр өөр өөрийн зам мөр нь өөртөө л зөв. Тийм л заяагдсан байна. Тэр нь буруу, энэ нь зөв гэх нь утгагүй хэрэг. Харамсалтай нь миний л зам зөв, чинийх буруу гээд муйхарлаад ирэхээрээ л өгсөлт биш зогсолт болчихно. Танин мэдэхүйн зам мөр биш, үгүйсгэл, хийрхэл болчихно. Харамсалтай нь олонхи шашинтнууд энэ хязгаар дээр ирээд дээш явахаа байчихдаг, гацчихдаг. Зөвхөн манай шашин л агуу, зөвхөн манай зам мөр л туйлийн үнэн гээд тас зогчихно. Ингэж л буй бол тэгээд эрэл төгсөж байгаа нь тэр. Тэгээд л бусдыгаа ландармууд, буруу номтнууд, хар шүтлэгтнүүд, төөрөлдөгсөд гэх мэтээр нэрлэж, үл тэвчиж, бүр энэ нь хэтрэхээрээ хядалцаад эхэлдэг. Их цус, хядлагаа шашин бурхныхаа тусын тулд хэмээн зөвтгөдөг. Юуных нь бурхан, юуных нь шашинтан байхав. Зүгээр л хийрхэл, туйлшрал. 
Ингэхэд хүн төрөлхтний түүхэнд гарсан хэдэн мянган дайн тулааны нэлээд нь энэхүү шашны хийрхэлээс үүтгэлтэй байдаг. Өнөөдрийн ISIS нэг тод жишээ байна. Хэт туйлширсан, хэт даврагч үзэлтнүүд... Хүний хоолой огтлохоо эзэн бурхныхаа тусын тулд гэж тэд үзэцгээж байна. 
Монголын Их хааны үед манай хаад аль ч үндэстний шашинтанд хүндэтгэлтэй хандаж, үл шүүмжилж, үл тэвчих үзэл гаргадаггүй байсан нь дээрх мэт танин мэдэхүйн учиртай. Харин түүхчид энэ үзэгдлийг огт өөрөөр, зүгээр л стратеги, ов заль л гэж тайлбарлаж ирсэн. Тухайн үндэстнийг дагуулахын тулд шашныг нь ашигласан л гэж үздэг. Энэ бол зүгээр л өнөөх мухар сохор үзлийнх нь илрэл болно. 
Уг нь энэ орчлон нэгдмэл юм байгаам шүү дээ гээд физикчид хэлээд байна. Дээд оюунтнууд нь номлоод байна. Хатуу зөөлөн хоёр уг нь цулдаа нэг байсан гэдэг. Ертөнцийн энэ олон өнгө, хар цагаан нь хүртэл угтаа нэг л өнгө гэдгийг дунд сургуулийн физикийн хичээлд уг нь заадагсан. Монголчуудын уламжлалт ухаанд "Сайн муу нийлж байж сав ертөнц дүүрдэг" гэсэн том ухаан бий. 
Нэгдмэл гэсээр байтал миний чиний үзэл шашин, зөв буруу гээд түмэн салгаад хаячих нь мунхаглал. 
Өчигхөн Шашинтан хийгээд чөлөөт оюун сэтгэлгээ хоёрын 7 ялгааны тухай пост би шейрлэсэн дээ. Тэнд нэлээд зүйлийг тодорхой өгүүлсэн бий.

ШҮҮХ ...

Хуулийн шүүх гэж байна. Гэвч энэ шүүх тэр бүр үнэн байдаггүй. Авилга, хахууль, эрх ашиг, үзэл, төөрөгдөл, хуулийн зүйл заалтын дутуу дулимаг гэх мэт эрсдэл гарах магадлал ихтэй. 
Түүнээс илүү үйлчлэлтэй шүүх гэж бий, тэр бол ард түмний шүүх, гэсэн ч мөн ард түмний шүүх дандаа үнэн байдаггүй. Олон түмэн төөрч, хийрхэх, мунхрах, тархиа угаалгах, алив үзэлд автах, дарангуйлал дор бөхийх гэх зэрэг мөн л олон эрсдэл бий.
Түүнээс хүчирхэг шүүх бол Түүхийн шүүх. Түүхийн шүүх эцсийн эцэст түүхэн үнэнийг голчоор нь ялган зааглан харуулдаг юм.
Гэвч түүнээс ч илүү хүчирхэг шүүх бас байх, тэр бол заяа тавилангийн шүүх... Монголчуудын уламжлалд хэлж заншсанаар Тэнгэрийн шүүх. Шашинтнуудын хэлдгээр үйлийн үр, карма, Ертөнцийн эзний шүүх...

НЭГЭН ГУНИГТ ХАЙРЫН ТҮҮХ

НЭГЭН ГУНИГТ ХАЙРЫН ТҮҮХ
“...Хайрлан дурлах хувьтайд нь
Хайр дурлал бүү заяаг...” гэсэн эртний шүлгийн нэгэн мөр бий. Надад заримдаа шүлэг биш хорон санаатны шившиж үлдээсэн хүчит хараал мэт санагддаг. Үүнийг дурдсаны учир бол...
***
2002 оны намар оройхон Хангайн нэгэн аймгийн төвд ажлаар хэд хоносон юм. Уг нь гурав хоногийн томилолттой явсан ч шалгалтын ажил сунжирч 5 хоносон билээ. Энэ үеэр үзсэн, сонссон нэгэн хэцүү хайрын түүхийг өгүүлье.
Томилолтынхоо гучуу дутуу хэдэн төгрөгнөөс хэмнэчих санаатай, захын нэг жижигхэн буудалд буусан юм. Тэр үед чинь цалингаа сардаа хүргэхэд ихээхэн “ур ухаан” шаарддаг байв даа. Шалгуулж буй байгууллагынхан маань төврүү буудал санал болгосон ч “Хөл үймээн, дуу чимээнээс гурав хоног ч болов хол байх минь” гэсэн цагаахан шалтаг хэлээд татгалзав.
Уртаашаа тавхан өрөөтэй эгэл цомхон буудал бяцхаан цайны газартай. Буудлаа бодвол орж гардаг хүнтэй. Энэ нь тэр цайны газрыг ажиллуулдаг тавь орчим насны гялалзсан эгчийн ааш зан, хоол ундны нүнжигтэй холбоотой байж магад. Хоол унд зөөдөг улаан хацартай хөрслөг шавхалзсан бор охинтой хоёул ээлжгүй ажиллаж харагдсан. Би энд өглөөний цай, өдрийн гүнцэг барина. Оройд бол голдуу дарга даамлууд, ня-бо нарынд зочлоостой. Буцдагийн өглөө уг цайны газарт цайллаа. Намайг гаргаж өгөхөөр ирсэн шалгуулагч байгууллагын маань Орлогч дарга эгч надтай хамт байв. Цайны газар ажиллуулдаг эгч, орлогч дарга хоёр нэг ангийнх ажээ. Цайны газрын эгч “Буцаж буй хүнд гараа гарган хийлээ” гэсээр хийцтэй банштай цайгаар дайлав. Ангийн хоёр орон гэр, хүүхэд шуухад гэсэн аар саархан юм ярилцана. Өглөө эрт байсан тул бид хоёроос өөр үйлчлүүлэгч байгаагүй юм.
Энэ үеэр гаднаас дунд зэргийн нуруутай, мөн тавь гаруй насны ах орж ирэв. Тав хонохдоо тэр гөлөрсөн хачин хүнтэй дөрөвдэхээ таарч байгаа маань энэ. Орж ирээд буланд байх ширээн дээр сууна. Үг хэлэхгүй. Ийш тийш ч харахгүй. Хувцас хунар бол тэнэмэл лугаа адил биш. Царай зүс нь харин нэг тийм хачин гөлрөнгө. Нэг удаа тэнд нь хөдөө сумаас ирсэн бололтой хоёр залуу хооллож суутал өнөөх орж ирэнгүүт ширээ нүдэн муухай орилж билээ. Цайны газрын эзэн авгай сандран очиж, нөгөө хоёрыг аргадан, зэргэлдээ ширээнд шилжүүлээд өнөөх мэлрээ нүдтийг суулгаж харагдсан. Үүнээс булангийн ширээ бол мэлрээ нөхрийн дархлагдсан өмч юм байна гэж би ойлгосон болно. Ямар ч хоол ундны захиалгатай байсан эзэн эгч тэр мэлрээд өөрөө үйлчилнэ. Анзаарахад бас тэр ахын аяга, таваг халбага сэрээ нь тусдаа.
Энэ удаа ч мөн цайны газрын эзэн бидний дэргэдээс годхийн босов. Хоол цайг нь аваачиж өгчихөөд, хормогчоосоо сам гаргаж үсийг нь самнаж, илж өгөв. Гүн халуун хайраар энхийлж байх шиг, огт өөр дүр төрх харагдаад явчихав. Бас хувцсан дээр нь байсан модны навчис, энэ тэрийг түүж өгч байна. Орлогч дарга эгч санаашрангуй сууна. Гөлгөр ч хүн тийн хандаж буйг мэдэж буй шинжгүй, өмнөхөө л халбагдана. Би орлогч дарга эгчээс ямар учиртай юун хүн юм бол гэж хэрэгт дурлавал,
- Бэртээд ийм болчихсон юм аа, зайлуул.
- Энэ эгчийн садан төрөл нь юм уу?
- Биш биш...
Эгчийг эргээд ирэхэд,
- Та ч буянтай сайхан хүн юм аа. Өдий цагт ийм хүн ховор шүү дээ гэсэнд эгчийн царай баярлан мишээх биш харин хувьсхийн улайв. Тэгснээ хоол унд гээд босоод явчихлаа. Уг нь ангийнхаа охинтой гайгүй суух шинжтэй байсан юм.
Буцах унаа маань сураггүй байлаа. Өглөө эрт л ойрхон байх замын сумаас хөдөллөө гэсэн, таг. Намайг заавал унаанд нь суулгаж өгнө гэж зүтгэсэн Орлогч дарга эгчийн хамт өрөөндөө оров. Миний шалгалт хийсэн байгууллага дээр Дарга, Орлогч хоёрын хооронд ноцтой зөрчилтэй асуудал байсан ба эцсийн шийдвэр орлогчийн талд гарсанд тэрбээр надад ихэд баярлаж билээ.
Тэгээд би тэр мэлрэнгэ хүн энэ цайны газар ажиллуулдаг эгч хоёр ямар учир холбоотой болох талаар хэрэгт дурлавал надад нэг ийм түүх ярьж өгсөн болно. Эгчийн яриаг сийрүүлбэл нэг иймэрхүү...
... Энэ хүн, Цэвэлмаа бид гурав нэг төгсөлтийнх. Түүнийг Даваасүрэн гэдэг. Манай нөгөө ангийнх. Ёстой гавал толгой байсан даа. Энэ хоёр маань их хөөрхөн үерхдэг байлаа. Манай Цэвэлмаа ч хөөрхөн охин байж. Одоо аргагүй нас дарж байна даа. /Ийн хэлэхэд нь тэр эгчийн толиотой гялалзуурыг нь санаад, инээд хүрч байж билээ/ Хааяа би захидлыг нь зөөнө. “...Надаас чамд, Нарнаас ... цэцэгт. Үүрдийн хайр үнэнч явна”, юу юу ч билээ. Учиргүй гоё сайхан үгтэй. 10-аа төгсөхөд Даваасүрэн хойно /ЗХУ/ Уралийн Улс Ардын аж ахуйн сургууль авсан юм. Цэвэлмаагийн оноо дутаад дотоодын Полийн дээд... Би юу, би яах вэ, надад Худалдааны техникком л олдохгүй юу. Найман сарын эхээр Даваасүрэнг бид хоёр хот руу гаргаж өгч билээ. Бид хоёр юу байхав. Цэвэлмаа гаргаж өгөөд, би даган баясаад л гүйнэ. Гар гараасаа атгалцчихаад, салж өгөхгүй. Одоо шиг тэврэлдэнэ энэ тэр гэж тэр үед ямар байсан биш. Удалгүй бид хоёр ч араас нь хот орсон. Би хамаатныдаа, Цэвэлмаа оюутны байранд. Бидний байр ойрхон учир, өглөө оройд холбоотой юм шиг л байна. Даваасүрэнгээс долоо хоног бүр захидал ирнэ. Би тэр захидлаас нь их уншилцсаан. Заримдаа Цэвэлмаад атаархана аа. Хичнээн ч их хайр вэ, хачин сайхан хайлж, уярмаар үгтэй юм бэ?. Баттай өөрийнх нь л юм болохоор тэр юм биз дээ, манай энэ нэг их хөөрөхгүй, би л өмнөөс нь хөөрөөд байх. Тэгтэл хагас жилээс энэ чинь нэг өндөр хар юмнаас салахыг байчихлаа. Надтай ч уулзах нь цөөрөөд... Захидал уншилцдагаа ч болилоо. Нэг удаа би тэсэлгүй “Даваасүрэн яасан бэ?” гэсэн чинь “Байж л байгаа. Яав л гэж” гэж байна. “Захидал ирж байгаа юу?” гэсэн “Байгаа байгаа” гээд тоосонгүй. Тэр өндөр хар юм нь уг нь гайгүй сайхан залуу л даа. Тэр үед надад л муухай харагдаад байсан болохоос биш. МУИС-ын 3-р курсийн оюутан ах байсан юм. Зуны амралтаар биднийг аймагтаа ирсний дараахан Даваасүрэн хойноос ирлээ. Ирсээр л Цэвэлмаа дээр очдог юм байгаа биз дээ. Дараа нь надтай уулзав. Унжийчихсан, ёстой хий нь гарчихсан амьтан явна. Надад резиндчихсэн дамбайсан зузаан захидлууд үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Цэвэлмаад бичсэн түүний захидлууд юм байна. Цэвэлмаа захидлыг нь буцааж өгөөд “Би өөр хүнтэй болсоон. Чи амьдралаа бод. Намайг битгий ээрч тойрч зовоогоорой. Үүрд баяртай” гэж хэлсэн гэнэ. “Би яах вэ?” гээд уйлж байна. Би тэгэхэд тэврээд хамт уйлмаар санагдаж байж билээ. Хоёул жаал сууцгаалаа. Юутай ч би Цэвэлмаатай сайн ярилцаж үзэхээр болов. Тэгэхнээ нь энэ жийх чинь ёстой хүлээж авдаг юм биш. “Би жирэмсэн болсон. Өвөл төрөх байх. Гэхдээ чи үүнийг цаадахдаа битгий хэлээрэй” гэж байна. Энэ жирэмсэн болсон гэдгийг нь сонсоод би түүнтэй дахиж ярилцах ямар ч боломжгүй юм байна л гэж бодлоо.
Тэгээд Даваасүрэнтэйгээ уулзаад “Чи түүнийг мартах хэрэгтэй юм байна. Тэр яагаад ч үгүй гэж байна” л гэлээ. “Би Цэвэлмаад хайртай. Өөр хүнийг би хайрлаж чадна гэж үү. Би түүнд хайртай гэсэн. Нэгэнт хэлэгдсэн үнэн амьдрах ёстой биз дээ” гэж байна. Би юу гэх вэ дээ, “Тийм ээ” л гэлээ. Тэр зунжин энэ муу Даваа Цэвэлмаагийн хаа байгаа газар нь бараадаад л байж байдаг болсон. Юм хэлэхгүй, ярихгүй, зүгээр л бараадаад явж байх. Өглөө эрт хашааных нь булан дээр зогсож байх. Нэг их гунигтай амьтан. Үе үе хэнгэнэтэл санаа алдаад л. Царай зүс ч гэж гундаад хэрэг алга. Харин манай энэ чинь ёстой дувтан зугтаастай. Муур хулгана шиг л юм болно. Заримдаа хашааныхаа ард банз ховхолж, түүгээрээ Даваагаас нуугдаж гарна. Цэвэлмаагийн гудамны хэдэн баньди Давааг бүр зодсон. Гэсэн ч хөх няц болчихсон царайтай амьтан зогсож л байх. Намар гадаадын оюутнууд буцах болсон чинь махийтлаа турчихсан энэ Даваа чинь явдаггүй. Аав нь тэгэхэд амьд байсан юм. Загнаж, занаж, гуйж гувшаад дийлсэнгүй. Аймгийн ХЗЭ-ийн хорооны нэг ах/нэрийг нь мартчихаж/ -тай хамт сүүлд нь бараг хүчээр шахуу хот руу явууллаа. Бид ч яахав тэгсгээд хот явлаа. Намрын ажилд шуугиж бужигнаад Давааг мартчихаж. Намрын ажлаас буугаад иртэл өнөөх Даваа чинь манай сургуулийн үүдэн дээр зогсож байх. “Хүүе чи чинь яачихав?” гэвэл, “Хойноос /ЗХУ/ хүрээд ирлээ” гэж байна. “Чөлөө аваа юу?” гэвэл, “Үгүй” л гэнэ. “Хаячихаа юу?” гэвэл дуугарсангүй. Би баахан зэмлэж загнасан санагдана. “Ингэж болохгүй. Цэвэлмааг одоо март. Тэр чинь өөр хүнтэй. Өөр сайхан охид зөндөө байна. Амьдралаа бод. Энэ тэр” гээд л... Дуугүй зогсож зогсож л яваад өглөө. Хэсэгтээ сураггүй болчихов. Нэгэнтээ Цэвэлмаатай уулзахдаа би хэллээ. “Цаадах чинь сургуулиа хаяад хүрээд ирсэн байна билээ” гэвэл “Тэгсэн байна лээ. Манай сургууль, байрны үүдээр эргэлдээд ёстой ярьшигтай юм аа. Тийм унжийсан амьтныг чинь би ер яах юм бэ?” гэж байна. Гэнэтхэн миний уур хүрч “Чи л түүнийг тийм болгочихсон шүү дээ. Тэгээд хүнийг өрөвдөж хайрладаггүй. Чи ёстой муухай хүүхэд юм аа” гэлээ. “Би түүнд хэлсэн шүү дээ. Би өөр хүнтэй болсон. Жирэмсэн болсноо ч сая хэлсэн. Огт тоохгүй юм. “Жирэмсэн болсон чинь хамаагүй. Би чамтай холбоотой бүх зүйлийг хайрлаж чадна” гэж байна. Таг балай болчихож, цаадах чинь” гэв.
Цэвэлмаагийн тэр Дамдинсүрэн бол МУИС-ийн оюутны зөвлөлийн дарга, Сүхбаатарын нэрэмжит цалинтан, МАХН-ын гишүүн, ёстой мандаж явдаг залуу байлаа. Тэр хоёр сугадалцаад Их сургуулийн баганат танхимын үүдээр алхаж явах нь харууштай. Цэвэлмаа үнэхээр атаархмаар... Тийм сайхан мундаг залуустай дандаа таардаг, хайрыг нь татдаг үнэхээр азтай бүсгүй байлаа. Даваагийн захидлуудыг бодохоор л харамсмаар байдаг юм. Гэтэл би гэдэг хүн чинь тийм сайхан уярам үгтэй зуу зуун захидал байтугай, гуравхан үгтэй зурвас ч авч үзээгүй хорвоог барж явна.
Дамдинсүрэн тэр намраа л гэр бүлтэй оюутны байранд тусдаа өрөө авч, Цэвэлмаатай хоёул орлоо. Цэвэлмаа ч надад тэр бүр олдохоо болив. Нэг удаа Цэвэлмаа надтай зорьж ирж уулзлаа. “Найз нь сайхан хүн түшээд сайхан л байна. Гэхдээ энэ нэг ядаргаатай юм үнэхээр залхааж байна аа. Шөнө дунд өнгийгөөд харахаар хүртэл манай цонхон дор зогсож байх юм. Би Дамиад бүгдийг нь ярьсан. Дамиа түүнтэй уулзсан, учирлаж ярьсан. Хамт ресторанд орсон. Тэгээд буцаж ирэхдээ, “Юу ч яриад нэмэргүй хүн билээ. Дахиж түүний царайг харах хүсэл алга” гэж ирсэн. Чи цаадахдаа дахиад нэг сайн хэлээд өгөөч. Чамаас өөр хэлээд өгөх хүн алга. Үнэхээр надад хайртай л юм бол намайг битгий зовоо гэж байна гээд” хэмээн хэлээд уйлав. Би Даваагаа дахиад л гуйлаа, загналаа, аргадлаа. Тэр миний өөдөөс юу ч хэлдэггүй юм. Хааяа нэг хэнгэнэтэл санаа алдчихаад л дуугүй сонсоод байх. Тэр санаа алдалт нь аймаар. Бүр голоосоо шүү. Дагаад санаа алдчихмаар. Хааяа нэг намайг явуулж байх шиг мушиймар болно. Тэгэж байгаад л яваад өчихөв. Хэсэгтээ таг чимээгүй болчихлоо. Би ч овоо бодсон юм болов уу даа хэмээн найдаж байтал 12 сарын сүүлчээр юмдаг, Даваагаас гэнэтхэн захидал хүрээд ирэв. Шинэ жил болох гээд бөөн бужигнаан болж байсан юм. Дорноговийн Сулинхээрийн цэргийн ангид алба хааж байгаа гэнэ. Намар цэрэгт явчихаж... “Энд их сайхан цэлгэр тал байх юм. Талын хаяаг харахаар дотор саруулсаад сайхан байна аа. Эх орны торгон хил гэдэг өөр юм байна. Эр цэргийн амьдралд удахгүй дасах байх. Би чамаас нэг л зүйлийг аминчлан, үнэн сэтгэлээсээ гуйж байна. Чи битгий л үгүй гээрэй. Чи надад Цэвэлмаагийн тухай байнга бичиж байгаарай. Одоо гэдэс нь хэр том болж байгаа вэ. Хөөрхөн бондойж байна уу? Нүүрэнд нь сэвх гарч уу? Хордлого болдог юм гэсэн. Тэр нь яаж байгаа бол... Чи бүгдийг нь бичээрэй. Өвөл Улаанбаатар хүйтэн шүү дээ. Энд бол дулаахан юм. Улаанбаатарын хүйтэнд автобус хүлээх ч хэцүү шүү. Цэвэлмаа ямар гуталтай байна. Гудамж хальтирхай ихтэй байгаа юу. Цас их орсон уу?” гэх мэтээр ... Би яг түүний хүссэн, асуусан бүгдийг нь бичдэг болов. Зохиол шиг дэвхийсэн юм бичнэ. Яг л нэг нууц шинжээч аятай. Хичээлийн хажуугаар юун ч их дур байсан юм бэ дээ. Нэг их ариун үйл хийж байгаа, нэг л их нууц хадгалж яваа гэдэгтээ итгэчихсэн гүйж явжээ.
Найзаа эргэж байна гэж Цэвэлмаагийнд долоо хоног бүр очино. Тэгээд харсан үзсэн болгоноо Даваад бичнэ. Харин Цэвалмаад юу ч хэлэхгүй. Тэр ч надаас дахиж Даваагийн тухай асуугаагүй юм. Цагаан сарын өмнөхөн Цэвэлмаа төрлөө. Хүүтэй болов. Дамиа /Би түүнийг эхлээд ахаа гэдэг байснаа сүүлдээ найзархаад зүгээр л Дамиа гэдэг болсон/ ч мундаг их баярлав. Сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүлэгчид бүгдээрээ Нэгдүгээр төрөхийн үүдэнд цэцэг барьж жагсаад л... Бөөн л юм болов. Хөдөөнөөс Цэвэлмаагийн хоёр хөгшин ирж, сайхан хань ижилтэй, үр хүүхэдтэй болж гээд их баярлалаа. Харин Даваагаас ямар захидал ирдэг вэ гэвэл “...Хүү нь хэнтэй адилхан байна вэ?. Би Цэвэлмаатай адилхан байгаасай гэж зөндөө их залбирсан. Тийм байна уу? Цэвэлмаатай минь адилхан байна уу? Цэвэлмаа төрөхдөө их ядарсан уу. Чи миний өмнөөс үнсээрэй. Хүүг нь ч бас үнсээрэй. Ямар нэр өгөх бол?” гэх мэтээр. Би ч түүний хүсэлтээр хоёуланг нь хоёр хоёр үнсэж билээ. Тэгэхэд Цэвэлмаа надруу нэг их гайхсан, бас асуусан харцаар харсан юмдаг.
Дамиа, Цэвэлмаа хоёрын хүү сар болоогүй юм. Цагаан сарын дараахан. Чухам юунаас болсныг нь сайн санахгүй байна. Тэр тухай Даваад бичсэнд “Маш их харамсаж, гашуудаж байна. Цэвэлмаа минь их гашуудаж байна уу? Их уйлж байна уу? Чи миний өмнөөс нулимсыг нь арчиж өгөөрэй. Дамдинсүрэн миний Цэвэлмааг хэр аргадаж байна. Хэр халамжилдаг вэ?” гэх мэт хариу ирнэ. Тэгэж ингэсээр гурван жил ч нисэх мэт өнгөрлөө. Дамиа төгссөн жилээ ХАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэнд томилогдож очсон юм. Уг нь хөдөө аймагт хувиарлагдсан ч гэр бүлийн шалтгаанаар хотод үлдсэн. Цэвэлмаа чөлөө энэ тэр авалгүй уйлж, дуулж зүтгэсээр байгаад нэг юм хугацаандаа төгслөө. Энэ хооронд Даваагаас захидал ирсээр, би бичсээр байсан ч захидлын хоорондох зай улам улмаар холдсоор байлаа. Би төгсөөд аймагтаа Аймгийн Барилга угсралтын конторт хувиарлагдав. Нөхөртэй ч болов, гэр бүлийн амьдралд хутгалдаад, ажил амьдрал гэсээр тэр хоёрын явдлыг мартах шахав. Цэвэлмаа төгсөөд нөхрөө дагаж хотод үлдсэн юм. Биднийг төгсөлтийн баяр гээд бужигнаж байх үед Даваагаас “Би сарын дараа халагдлаа. Халагдаад хаашаа очихоо одоогоор шийдээгүй байна. Цэвэлмаа хотод суурьших байх. Гэхдээ би хот ормооргүй байна. Намайг улирч, бага дарга болох санал тавьсан. Улирдаг ч юм уу гэж бодож байна. Одоогоор шийдээгүй л байна. Улирахгүй бол говийн аймгуудын нэгэнт очиж амьдрах гэж оролдоод үзнэ ээ” гэсэн захидал ирснээс хойш хаана яваа нь мэдэгдэхгүй таг чиг болчихов.
Хорвоогийн шар нар, бор хоног ээлжилсээр нэг мэдэхэд долоо, найман жил өнгөрчихөж. Аймгийн намын хорооны үйлдвэр, худалдаа эрхэлсэн зааварлагчаар шинэ хүн томилогдон ирж байгаа сураг сонсогдов. Гэтэл Дамдинсүрэн байх нь тэр. Тэр үеийн Аймгийн намын хорооны зааварлагч гэдэг чинь мундаг том амьтан байлаа шүү дээ. Найз маань төрсөн нутагтаа ирж буйд би ч их баярлалаа. Цэвэлмаа Аймгийн ХБТрестийн мэргэжилтэн гэдэг бас ч үгүй өндөр албан тушаалтай. Аймгийн гудамжаар тэр хоёрынхоо сугадалцаад явж байгааг харахад бахархахгүй байх аргагүй. Сайхан ч хосууд, шижигнэсэн залуу боловсон хүчнүүд, шилдэг сэхээтнүүд... Булцайсан хөөрхөн охинтой ч болж. Аймгийн захиргаанаас залуу боловсон хүчнүүдэд орон сууц олгов. Бид гэр бүлийн найзууд болцгоолоо. Ойртоод ирэхнээ нь тэдний гэр бүлийн амьдрал бас ч тийм өөгүй сайхан биш аж. Нэг л хэрүүлтэй, маргаантай. Наанаа сайхан солидный /яг ингэж хэлсэн юм/ ч, цаанаа бол их хүйтэн хөндий нь анзаарагдав. Түүнээ тэд их нуух. Нэг удаа Цэвэлмаа бид хоёр элдэв дэмийг ярилцан суутал тэр гэнэтхэн “Ингэхэд чи Давааг хаана явааг нь мэдэх үү?” гэж асуув. Нээрээ тэр хооронд Даваагаа бараг мартах шахсан байжээ. Цэргээс халагдахынхаа өмнө захидал бичсэнээс хойш сураггүй байгааг хэлэв. Мөн түүний огт сонсоогүй, цэрэгт байхдаа бид хоёр харилцан бичилцдэг байсан захидлуудын тухай ярьж өгөв. Одоо нэгэнт өнгөрсөн бороо болсон хойно гэж бодож байсан юм, тэгэхэд. Цэвэлмаа дуугүй сонсож сонсож, нэг их шүүрс алдаж билээ.
Бас нэг удаа Цэвэлмаа надад Дамиа тэр хоёрын амьдрал таарамж муутай байдаг тухай аминчлан ярьлаа. Дамиа Хүрээлэнд хэлтсийн дарга байхдаа нэг лаборант хүүхэнтэйгээ холбоотой байсан юм гэнэ. Тэр нь мэдэгдээд, Намын үүрийн хэмжээнд хүртэл яригдахдаа тулж, хөөцөлдсөний хүчинд хөдөө томилолтоор явахаар болж байж тэр хэл амнаас мултарчээ. Тэр үед чинь удирдах албан тушаалтнууд гэр бүлийн асуудал гаргахад Намын үүр нь авч хэлэлцдэг байлаа. Намаас шийтгэл авч, хөөгдвөл тун хэцүү... Нүүр байхгүй болно л гэсэн үг. Систем дотроо мөддөө л олигтой ажил эрхлэх боломжгүй болчихдог байсан юм.
Амьдрал үргэлжилдгээрээ үлгэлжилсээр дахиад дөрөв таван жил болов. Би уг нь хоёр найзыгаа өсөж дэвжиж, албан тушаал дээшлэх байх гэж харж байлаа. Гэтэл харин ч буудаг юм байна. Дамиа их уудаг болчихсон байсан. Бас Дамиаг аймгийн Театрийн хүүхнүүдтэй холбоотой тухай ч дэл сул яриа сонсогддог байв. Энэ мэтээс болсон байж магад, Намын хорооноосоо авхуулж, Аймгийн ТМС-ийн багшаар очив. Цэвэлмаа нэг юм ажил дээрээ дэнжигнээд тогтоод байгаа.. Эхэн үедээ манай хоёр гэр бүл нэг нэгнийхээрээ ордог, хамт салхинд гардаг, тоглож нааддаг байсан бол сүүлдээ маш ховорхон орж гардаг боллоо. Гэтэл Дамиа ТМС-ийн сурагч охинтой холбоотой хэрэг илэрч, аймгийн төвөөр нэг шуугиан шагшраан болдог юм байна. Тэр үед чинь ийм явдалд их соргог байж. Одоо бол нохой хуцсан мэт тоохгүй болсон. Намаас нь хөөчихлөө. Өнөөх Их сургуулийн оюутны зөвлөлийн дарга, Сүхбаатарын цалинт, тэргүүний оюутан галтай цогтой гялалзаж явсан залуугаас үлдсэн юм бараг үгүй. Нэг хорчийсон, өрвийсөн хар юм болов. Хүн амьтан ч дөлж зугтаах тал руугаа. Уг нь ид гучин хэдтэй, дөч шүргэж яваа нас шүү дээ. Бүр ч их уудаг боллоо. Харин Цэвэлмаа маань тэр бүх хэл амыг тун ч тэвчээртэй давж туулсан даа. Нүднээс далдуур хичнээн ч уйлж, шаналж байсныг мэдэхгүй юм. Наанаа бол огт тоохгүй байгаа мэт байв. Нэг их удалгүй Дамиа тэр хоёр салав. Гэр бүл салгах шүүх хурал ч их сүртэй боллоо. Аймаг даяар л шуугих. Дамиа ажлаа өгөөд нутгаа бараадна гээд Дархан явчихав. Ингээд ид гунхалзаж явах гучин тавтайдаа Цэвэлмаа маань бага ангид сурч байсан охинтойгоо өрх толгойлсон эмэгтэй болж үлдлээ. Амьдрал ахуй нь муу байгаагүй ээ. ХБТрестээсээ гарч, Ахуйн үйлчилгээнд ерөнхий ня-бо хийж байв. Дээд мэргэжилтэй мэргэжилтний цалин чинь хангалттай, элбэг дэлбэг. Гэхдээ л ганц бие ид насны хүүхний хувьд бэрхшээл их байлгүй яахав. Наанадаж л эргүүлдэж зовоодог, орой үдэш хаалга үүдийг нь самарддаг элдвийн хар юмнууд зөндөө. Хааяа бид хоёр элдвийг ярилцдаг байлаа. Нэг удаа “Би Даваагаа мөн ч их зовоосон доо. Тэр маань одоо хаана явдаг юм бол. Асууж сураглахгүй болохоор яаж ч сураг нь гарах билээ дээ. Энд аймгийн төвд холын хамаатных нь нэг хүн байдаг юм билээ. Би асуухаасаа санаа зовоод байх юм. Чи нэг асууж өгөөч” гэв.
Би тэр хүнийг нь олж уулзаад асуулаа. Даваасүрэн Баянхонгор аймгийн өмнө хязгаарын нэгэн суманд ногооны гэв үү, жимсний гэв үү нэг бригадын дарга хийж байгаа, амьдрал ахуй нь сайн, гэр бүлтэй болсон гэнэ гэсэн мэдээтэй ирэв.
Хоёр гурван жилийн дараа ардчилал гарч, өмч хувьчлал болон бужигнацгаав. Оюутан байхдаа Дамиагийн гарыг, аяыг хараад эрхлээд л, хэлээ хазаад сууж байдаг эрх танхи, амьдрал мэдэхгүй Цэвэлмаа маань энэ хугацаанд дайчин, амьдралд шаргуу зүтгүү болжээ. Амьдрал хүнийг тийм болгодог юм билээ. Өмч хувьчлалаар Ахуй үйлчилгээний дэлгүүрийг хувьчилж авлаа. Байгууллагад нь жолооч байсан Баярбаатар гэдэг залуутай нийлж. Тэр их сэргэлэн сүйхээтэй залуу байсан юм. Аль хатуу үед л дамын наймаа сүнгэнүүлдэг байсан эр. Аймгийнхаа хамгийн боломжийн бизнесмэнүүдийн нэг болов. Удалгүй тэр Баярбаатартайгаа нэг гэрт оров. Нэг удаа надад ярихдаа “Баяраа яах вэ? Соёл, боловсролын хувьд Дамиатай яаж харьцуулахав. Бүдүүлэг, эрээгүй л хүн. Гэхдээ сэтгэл мэдрэгдээд байдаг юм. Зааж зүглүүлээд явбал учиргүй муу хүн ч биш ээ. Одоо охиноо бодохоос... Нэг дүүтэй болгож өгөе. Үр хүүхдээ харахаараа Баяраа эрхбиш улам наашлах биз” гэж билээ. Удалгүй бас нэг охинтой болов. Гэтэл тэр гайхал Баяраа нь хартай гэж жигтэйхэн амьтан байж. Бүр солиотой гэмээр хартай. Дамиатай хамтдаа сугадалцаад аймгийн театрт үзвэр үзэж явдаг, оюутан байхдаа Ард кино театр, Ленин клүбийн бүжгийг алгасдаггүй шахам байсан Цэвэлмаа маань ёстой гэрийн авгай болдог юм. Нөхөр нь түүнийг гадуур ч гаргах дургүй. Баяраа хамаг юм аа барина. Мөнгө төгрөг олох тал дээрээ мундаг. Манай хүн яах вэ, гэртээ суугаад, хүүхдээ хараад л, данс тооцоо энэ тэрийг хийнэ.
Гэтэл нэг л өдөр тэнгэрээс буугаад ирсэн мэт Даваа гараад ирдэг юм даа. 96 оны хавар санагдана. Өглөө ажлын үүдэн дээр нэг хүн над руу хараад инээгээд зогсож байдаг юм. Би таньсангүй. Толгой дохичихоод хажуугаар нь гарах гэтэл, бугуйнаас бариад авлаа. “Дэлгэр ээ, намайг танихгүй байгаа юм уу даа. Би Даваасүрэн байна шүү дээ” гэхэд нь би цочсондоо бараг унах шахаж билээ. Бид уулзалгүй 24 жил болжээ. Өдөржин, шөнөжин ярилцаж суумаар...
Нэг ч их өтөлсөн шинж алга. Баянхонгор, Говь-Алтай аймгийн захын сумдаар ангийн байцаагч, байгал хамгаалагч голдуу хийж, хээрээр тэнэж л ихэнх амьдралаа өнгөрөөсөн гэлээ. Ёстой нэг эгэл хөдөх эр болж. Өнөөх сэхээтэн шинжийн гавал толгойтой хүүгээс үлдсэн юм бараг л алга. Би халгаж халгаж, гэр бүлийг нь асуулаа. Гэр бүлгүй гэнэ. “Чамайг хамаатан чинь гэр бүлтэй, хүүхэдтэй гэж хэлсэн шүү дээ?” гэвэл, “Хөгшин нь гэр бүл зохиох гэж оролдож үзсээн. Нэг хүүхэнтэй хоёр гурван жил амьдрах гэж хичээсэн. Хүүхэд ч гарсангүй. Нэг хүүхэд өргөж авсан ч хүн болсонгүй” гэж байна. “Хоёр гуравхан жил гэдэг чинь бага хугацаа байна. Өөр бас... шантарч болохгүй шүү дээ” гэвэл нар салхинд хөрсөжсөн нударгаа зангидан цээжин дээрээ лүг лүг хийтэл шааж, “Дэлгэрээ, энд нэг юм зангираад болохгүй байгаа юмыг би яах юм бэ?” гэж билээ. Энэ үгийг сонсоод миний нулимс өөрийн эрхгүй мэлтрээд гараад ирсэн юм даа. Цэвэлмаагийнхаа өмнөөс шүү дээ. Бас Даваагийнхаа өмнөөс... Тэгэхэд аймгийн цэцэрлэгт тэр хоёр хөөцөлдөөд л, Цэвэлмаагийн цагаан парчик, гэзэгнийх нь копрон яг л эрвээхэй шиг дэрвэн, дуу нь цангинан байсан тэр дурсамж яг зүүд шиг нүдэнд харагдсан юм. Бас Цэвэлмаа бид хоёр түүнийг аймгийн Тээврийн товчооны арын байшингийн буланд гаргаж өгч байсан мөч харагдсан. Тэгэхэд Тээврийн товчоон дээр Даваагийн ах дүүс, найз нөхөд нь ирчихсэн байсан учир бид санаа зовоод тэр ард нууцхан салах ёс хийсэн юм. Тэр хоёр маань гар гараасаа тас атгалцчихсан, өөд өөдөөсөө ширтэлцээд, үг ч хэлж чадахгүй зогсож байгаа тэр зураг. Бас Даваагийн бичдэг тэр олон сайхан захидлын мөрүүд, тэр захидлыг оюутны орон дээр, Сүхбаатарын хөшөөний гинжин дээр, цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр Цэвэлмаа бид хоёр зэрэгцэж суугаад уншдаг байсан мөчүүд маань нүдэнд харагдах шиг болж билээ... Бас, бас... тэр Алтайн өвөр говийн эзгүй аглаг цээлд цээжин дэх орь гунигаа дааж ядан ганцаар тэнэж гиюүрч, гансарч яваа онгосон дээлтэй, омголтсон уруултай Даваа нүдэнд харагдах шиг болсон юм... Хорь гаруй жил шүү даа. Харин энэ удаад Даваа миний нулимсыг Цэвэлмаагийн өмнөөс, бас өөрийнхөө ч өмнөөс арчиж өгсөн дөө.
Жаал тайвшраад “Чи ямар ажлаар энд явна?”гэвэл “Хүний нутгаар их тэнэлээ, хө. Хэдий сайхан хүмүүс, сайхан нутаг ч хүн ядраад, ганцаардаад ирэхээрээ төрсөн нутгаа гэх юм байна шүү дээ. Уг нь их эрт ирье гэж бодож байсан ч Цэвэлмааг энд байгааг мэдээд ирээд хэрэггүй байх гэж боддог байлаа“.
“Чи Цэвэлмааг Дамдинсүрэнгээс салсныг дуулсан уу?”
“Дуулсаан хө. Дуулалгүй яахав. Дараа нь ганцаараа хэдэн жил болсоныг нь ч, бас одоо энэ хүнтэйгээ нийлснийг нь мэдэж байсан”.
“Чи Дамиагаас салсных нь дараахан яагаад хүрээд ирж болоогүй юм бэ? Цэвэлмаа битүүхэндаа чамайг хүлээдэг, хардаг л байсан даа”. Даваа хэсэг зуур бодлого болон сууснаа,
“Тийм ээ, би нааш ирэе гэж бодсон. Гэвч тэр үед болоогүй юм аа. Нэг л болж өгөхгүй байсан юм. Би чамд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Болохгүй л байсан даа”.
“Тэгвэл чи одоо яах гэж ирээ вэ? Нэгэнт оройтчихсон шүү дээ... Түүнд дахиад хэцүү байж магад, бүр ч илүү”.
“Тиймээ, түүнийг мэдэж байгаа. Гэхдээ одоо хичнээхэн ч жил амьд явах билээ? Бас хичнээхэн жил хол явах билээ дээ. Ойрхон байгааг нь мэдэрч, хааяа боловч харж, гэм хоргүй хоёр үг сольчихоод л явж байя гэж бодлоо, хө. Би одоо хаанаас түүнийг дахин ээрч, шалж зовлон болох вэ дээ. Тэгэж байгаад нэг уулзана. Нэг ангийн хүүхдүүд шиг гэм хоргүй уулзана. Чи нэг мэдэгдчихээрэй. Намайг ирсэн гэдгийг. Дахиж зүггүйтэж, сахилгагүйтэж зовоохгүй нас тогтож, намба суучихаад ирсэн байна билээ гээрэй” гээд инээх гэсэн боловч нэг л бүтэлтэй болсонгүй, эвгүй үрчилзэв.
Би Даваагийн тухай Цэвэлмаад хэрхэн яаж хэлэхээ мэдэхгүй байв. Гэсэн ч хэллээ. Даваагийн инээх гэж хичээн оролдон байж хэлснээр нь хэллээ. “Даваа одоо залуугийнх шиг биш болжээ хө. Нас тогтоод намба суугаад...” гэвэл Цэвэлмаа “Би түүнийг мэдэж байгаа. Ирснийг нь...” гэж байна. “Чи яаж мэдээ вэ? Хэн хэлээ вэ?” гэвэл “Би зүүдэлсэн юм аа. Одоо би түүнийг мэдэрдэг болсон. Бид ямагт хамт байдгийг... Өмнө нь огт анзаардаггүй байсан юм билээ” гэв. Түүний царай ямар ч сэтгэл хөдлөлгүй хөшүүн байсан нь хачин санагдаж билээ.
Даваа маань ирсээр жил гаруй болов. Угийн сүрхий хүн болохоо харуулж, дорхноо л под хийгээд босоод ирэх нь тэр. Жаахан цуглуулж, хураасан мөнгө хөрөнгө байсан юм шиг билээ. Даваа надад нэг юм үзүүлнэ ээ л гээд явдаг байсансан. Тэгээд үзүүлсэн юм. Түнтгэр гялгар ууттай юм гаргаж ирж задлав. Дотроос нь судар шиг торгон баринтагтай юм гаргаад дахин задалсанд тэртээх он жилүүдэд Сулинхээрийн застав руу Цэвэлмаагийн хаашаа хараад сууж байгааг нь хүртэл бичдэг байсан миний захидлууд байж билээ. Ихэвчлэн 5 төгрөгний дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр бичдэг байсансан. Тэдгээр цааснуудыг хичнээн ч удаа эргүүлж тойруулж үзсэн юм, бүү мэд самбай шиг сэмэрчихсэн, черниль нь бүдгэрчихсэн байж билээ.
Даваа, Цэвэлмаа хоёр хэрхэн уулзсан тухай би огт асуудаггүй байлаа. Ер сүүлд нь ч Цэвэлмаагаасаа асуугаагүй. Тийм юм сонсоно гэдэг хэцүү. Зүрх өвдөөд байдаг юм. Юутай ч тэд уулзалдсан. Харин Баярбаатарын харддаг өвчин ер намдсангүй, бүр солиорлын байдалтай болов. Гай болж Даваа, Цэвэлмаа хоёрыг урьд нь учиртай байсан гэдгийг хэн нэг нь түүнд хэлчихэж, магадгүй тэр өөрөө малтаж байгаад олоод авчихсан ч байж магадгүй. Тэгээд муу Цэвэлмааг маань бүр тамлаж зовоож орхино. Уг нь тэдний амьдрал тун сайн. Хөл дээрээ босчихсон байж билээ. Баярбаатар АН намд элсэн, улс төрч болж, 1996 оны сонгуулийн дараа Аймгийн нэг том дарга болчихсон байв. Нэг тоосгоны үйлдвэртэй, нэг дэлгүүртэй. Хоёр ч газар байр бариад түрээслүүлчихсэн. Унадаг хоёр ч унаатай. За тэгээд дарга хүн чинь яаж ийгээд л юм аа өсгөдөг юм байгаа биз дээ.
Нэг удаа би Цэвэлмаад хэллээ. “Цаад эргүү Баярбаатараасаа сал аа. Хөрөнгө мөнгөтэй нь явуулчих. Алийн болгон ийм дарамтанд амьдардаг юм бэ? Яаж ийгээд амьдарч л таараа. Үр хүүхдээ бодоод тэснэ гэж юу байсан юм” гэлээ. “Хүүхдээ бодож байгаа ч юм алга хө. Баяраа юу гэдэг гээч. Салбал Даваа бид хоёрыг хоёуланг нь ална гэсэн. Тэр тэгэж мэдэх мунхаг хүн шүү дээ” гэж байна. Ийм байдалтай жил орчим болов. Нэг удаа тэр хоёр муудалцдагаараа л муудалцаж. Муудалцах ч юу байхав, нөгөөх нь Цэвэлмааг маань элдвээр зовоож эрүүдэхгүй юу. Цэвэлмаа тэсэлгүй “Чам шиг тэнэгийг хэн хайрлах билээ?” гээд хэлчихэж. Нөгөөх нь “Тэгвэл чиний тэр хайрладаг хүнийг чинь алчихая” гээд гараад гүйж, гай болсон юм шиг тэр үед нь Даваа гэрийнх нь ойролцоо явж таарсан байдаг юм. Яагаад ч тэнд явж байсан юм бэ дээ. Тэгээд тоосгоор ч юм уу, чулуугаар ч юм уу, Давааг тархидаж орхисон байгаа юм. Сэхээнд ухаангүй гурав хонолоо. Хотоос эмч нар ирж, хэд хэдэн хагалгаа хийсэн байх. Эмнэлэгт хагас жил хэвтсэн дээ зайлуул. Цэвэлмаа Баярбаатарын араас гарч ирээд Давааг цус нөжтэйгээ холилдчихсон газарт хэвтэж байхыг үзэж, бархираад тэврээд уначихсан гэдэг. “Чи одоо намайг яг энд хамт алаад өг” гэж Баяраа руу хашгичаад байсан гэсэн... Эмнэлэгт хэдэн шөнө Давааг нойргүй сахисан. Ямар өөр ойр дотнын гэх хүн байсан биш. Холын хамаатан нэг хөгшнийх л байсан. Нөхөр бид хоёр очиж хань болох. Хичнээн ч их уйлав даа. Баярааг яахав дээ, сэргийлэхэд хэд хонуулаад гаргасан. Даваагийн талаас нэхэмжлэл гаргах хүн үгүй, тэгээд ч мөнгөтэй, дарга хүнийг чинь яадаг ч үгүй болчихоод байгаа цаг шүү дээ. Давааг эмч нар хотын эмнэлэг рүү аваад явахад Цэвэлмаа ч хоёр охиноо аваад дагаад явсан. Тэгээд Баярбаатараас бүрмөсөн салсан даа. Хоёр охиноо өөртөө авсан. Тэр хөрөнгөнөөс нэг байшин л авах шив дээ. Бусдыг нь Баярбаатарт өгсөн. “Охиныхоо өмнөөс энэ байшинг чинь авлаа. Бузрын чамаас өөр юу ч авахгүй” гээд Баярбаатар луу орилж байсан юм. Уг нь хүмүүжилтэй, хүний өмнөөс тэгэж муухай орилох хүн биш л дээ. Хэдий Баярбаатар болхи, мунхаг ч бас хүн нь гайгүй, хөрөнгөө бүгдийг нь ч хамаагүй өгнө гэж байсан ч аваагүй.
Даваа хагас жил орчмын дараа юу ч санадаггүй, таг мэлрэнги хүн босож ирсэн юм. Цэвэлмаа хамаг байдгаа зарж үрээд, бас Даваагийн хөрөнгийг ч үрээд түүнийг авч очоогүй эмнэлэг, бариач, илээч байхгүй ээ. Урагшаа Хөххот, Бээжин, Солонгос хүртэл явсан. Нэмэр болоогүй. Тэгээд хувь заяатайгаа эвлэрсэн дээ. Тэр цагаас хойш одоо иймэрхүү байдалтай л муу найз минь амьдарч байна. Энэ цайны газрыг түрээслэж амьжиргаагаа болгоод явна. Даваа хааяа санамж нь бүүр түүр орж ирдэг юм шиг байгаа юм. Цэвэлмаагийн хацрыг хоёр алгаараа шахаж барьж байгаад нүүр лүү нь нэг их хардаг юм. Тэгэх бүрд муу найз минь уйлаад л байдаг байлаа. Одоо ч уйлах нулимсгүй болсон доо. Даваа хоол идэх гэж орж ирнэ, тэгээд гараад явчихдаг. Хаа хамаагүй явж магадгүй. Өлсөхөөрөө орж ирж хоол иднэ. Орой эндээс гараад нөгөөхийнхөө хойноос хөөцөлдөж байж олж, гэртээ аваачиж унтуулна. Даваа их ууртай болсон. Хүнтэй барагтай бол үг солихгүй. Гудамжаар амандаа юм гөвтнөөд л тэнэж явах. Ийм л нэг амьдрал байна даа. Хэзээ урьд насны өртлөөс юм бүү мэд. Бидний мэддэг Даваа аль хэдийнэ бурхан болчихсон. Тэр 17-той хүү байхдаа Цэвэлмаад "Хайртай" гэж хэлсэн. Энэ үг нь 17-той хүүгийн үг төдий биш байж, магадгүй их холоос, сүнсээр дамжиж ирсэн үг байх. Би тэгэж боддог юм. Даваа "Нэгэнт хэлэгдсэн үнэн амьдрах ёстой" гэдэгт итгэж байсан. Тийм ээ, тэр насан туршдаа зөвхөн сэтгэл зүрхэндээ амьдарч... Түүний хайр насан туршид нь амьд халуун байсан даа. Нэг бодлын нэгэн насны эмгэнэл, зовлон, гуниг мэт ч нөгөө бодлын ямар их утга учиртай амьдрал байгаа вэ, ямар хүчирхэг дотоод ертөнц байгаа вэ гэж надад бодогддог байлаа. Гэвч одоо энэ хоёрынхоо байгаа байдлыг харахаар тэр утга учир нь гуниг харуусал л болж харагдах юм.
За за, муу найзынхаа хамаг намтар түүх, зовлонг нь ярьчихав. Муухай ч юм шиг. Гэхдээ ийм нэг хайр энэ хорвоо дээр байсан юм шүү гэдгийг хэн нэгэнд яримаар болоод байдаг юм. Чамайг зохиол мохиол бичдэг гэхээр нь ярьж, санаа амрав. Хэн нэгэн дэмий сул үгтэнд хэлсэнгүй гэж найдаж байна. Дотор онгойх шиг боллоо гэсэн юм.
Орлогч дарга эгчийн ярьсныг өнөө бараглаж санахад ийм. Түүнээс хойш 14 жил өнгөрчээ. Сая орсон их цасны өмнөхөн хангайн тэр аймгийн төвөөр явдал замд дайран гарсан юм. Тэгэхэд эгчийн яриа эрхгүй тод санагдаж байна. Бууж байсан төвийн захын муу буудлаа олсонгүй. Нураагаад том байшин барьчихсан юм байж. Дээрх хайрын түүхэнд оролцсон хүмүүсийг сураглаваас, Даваасүрэн гуай намайг тийн явсан үеэс хойш хоёр гурван жилийн дараа, 2003-2004 оны орчимд өнгөрсөн юм байна. Төдөлгүй Цэвэлмаа гуай хот нүүжээ. Сүүлд 2008 оны өвөл Хорооллын эцсийн тролейбусны буудлын орчимд цагаан утас барьчихсан явахад нутгийн хүн таарсан гэнэ. Цагаан утсаар төлбөртэй яриулдаг шүү дээ. Хоёр охин нь хаа нэгтээ байдаг л бололтой. Надад энэ түүхийг хүүрнэдэг эгчийн нөхөр бурхан болж, өөрөө хүүхдүүдээ бараадаад Америк явчихаж... Баярбаатар гуай нь улс төрдөө тууштай зүтгэсээр сүрхий ч ахиж дэвшин, Яаманд дэд сайд хүртэл явжээ. Одоо хаана ч гэв дээ, гадаадад худалдааны том төлөөлөгчөөр сууж байгаа гэлээ. Дамдинсүрэн гуайгаас харин сураг гаргаж чадсангүй.
Тэгэхэд орлогч дарга эгчийн яриаг унаа минь ирсэн ч хүлээлгэж байгаад цаг гаруй сонсож билээ. Гарахдаа цайны газраар шагайв. Өмнө нь “Баяртай” гэчихсэн байсан ч ийм түүх сонссоны дараа тэдний царайг эргэж заавал хармаар байсан юм. Даваасүрэн гуай гараад явчихаж. Цэвэлмаа эгч лангууныхаа ард юмаа цэвэрлэж зогсоно. Надруу дальдчин байж харав. Эгчийн харц “Наад харц чинь зүрхний минь шархан дээр давс үрж байх шиг болж байна шүү" гэх шиг болж билээ...
/Нэрсийг өөрчлөв/
Б.Номинчимэд
2016.11 сар

ЭГЗЭГ БҮРИЙГ АШИГЛАН ТУСГААР ТОГТНОЛОО САНУУЛЖ БАЙМААР...

Өнөөдөр уг нь Үндэсний Тусгаар тогтнолын өдөр биш. Гэвч Тусгаар тогтнолтой огтхон ч холбоогүй өдөр бас биш юм. 
Юутай ч Тусгаар тогтнолын тухай хуучин тэмдэглэлүүдээ постоллоо. Тусгаар тогтнолын өдөр биш атал юуны тулд вэ гэвэл, гурван учир шалтгаан байна.
НЭГД, 1911 оны 12 сард Монголчууд бид Манжийн төрөөс тусгаарлаж, Тусгаар улсаа байгуулсан өдөр болно. 
Харамсалтай нь дөрөвхөн жилийн дараа түүнээ хагаслан алдаж, Хятадын хараан дор өөртөө засах Автономит эрх болгож буулгасан. Дахиад төд удалгүй 1919 онд тусгаар тогтнолоо бүрэн алдсан. Хэнд гэвээс Хятадад. Монголын хааныг Хятадын Да Жунтаны хөрөгт мөргүүлж, Монголын армийн зэвсгийг хураасан гутамшигт үйл явдал болсон. Өмнөд хөрштэйгээ тэмцэлдэж ирсэн хэдэн мянган жилийн түүхэндээ анх удаа XX зууны эхэнд Монголчууд өмнөд хөршдөө гудайн бууж өгч, тусгаар тогтнолоо алдсан.
Үүнийг тэсэж чадаагүй ард түмэн 1921 онд дахин зэвсэг барин босож, Хятадаас тусгаарлаж чадсан. 1924 онд Хамжлагат ёсыг халж, нийгмийн том дэвшил хийснээ, мөн Тусгаар тогтнолоо батлан харуулсан Бүгд найрамдах Улсаа тунхаглан зарлаж, Үндсэн хуулийг баталсан өдөр юм. Хэдий энэ түүхэн үйл явдлын үр дүнгийн талаарх байр суурь харилцан зөрүүтэй байдаг ч түүхэн үйл явдал нь гарцаагүй болж өнгөрсөн билээ. Тэгэхээр энэ өдөр бол Тусгаар тогтнолтой огтоос холбоогүй өдөр бас биш юм. 
.
ХОЁРТ, энэ өдрийг хийрхэж туйлширсан улс төрийн хүчин түүхээс арчиж хаях гэж оролдсон юм. Өнөөдөр сэргээж байгаа учир илүү анхаарч, илүү үнэлж байна. 
1990 оноос өмнө нэг намын үзэл суртлын үед байсан гажуудсан түүх бичлэгийг засаж залруулах зайлшгүй шаардлага байсан ч гажуудлыг өөр нэг гажуудлаар солих учиргүй байлаа. Харамсалтай нь түүхээ засварлаж байна гээд зүүн тийш гулзайсан байсныг нь баруун тийш нь бүр хазайлгаж орхисон. Түүнийг засвар гэдэггүй, эвдлэх гэдэг. Эрүүл хандлага гэдэггүй, хийрхэл гэдэг. 
Улс төрчид түүхийн Шинжлэх ухаан руу намын явцуу эрх ашгийнхаа үүднээс орж самарч хаясны гор, тэгээд л энэ олон түмэн төөрч, хоорондоо, улаан цагаанаараа хэрэлдээд, үүнээс улс төрчид л явцуу эрх ашигтаа ашиг олдог байх, Улс монгол бол нийтээрээ хохирох нь тодорхой.
.
ГУРАВТ, Өнөөдөр Монгол орны, Монгол Үндэстний Тусгаар тогтнол ихээхэн ноцтой аюулын ирмэг дээр ирсэн. Юуны өмнө Эдийн засгийн хараат бус Тусгаар байдал бараг үгүй. Удаад нь Улс төрийн тусгаар байдал ч мөн үгүй. Наанаа монголчууд төр бариад буй мэт ч цөөхөн хэдэн санхүүгийн бүлэглэл бүгдийг мэдэж байгаа, тэдний цаана хэн байдаг, эсвэл тэд хэнд худалдагдах, тэдний эрх ашиг юу вэ гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Оюун санааны, соёлын тусгаар байдал ч мөн ихээхэн алдагдсан. Хамгийн ноцтой нь бид улаан, хөхөөрөө талцаад, нэг нэгнээ хэзээ ч хүлээн зөвшөөрөх янзгүй туйлшран, хийрхэн байна. Бид эрх ашгаа эрэмбэлж чадахыг байсан. Явцуу жижиг эрх ашгаа нийтлэг эрх ашгийнхаа дээгүүр гаргаж тавьдаг болсон нь манай үндэстний Тусгаар тогтнолд ноцтой аюул занал авчирч байгаа. Дундад зуунд бид чухам ийм байсан тулдаа л улс гүрэн хагаран бутарч, бууран доройтсон, 1911-1921 оны хооронд ч мөн адил байсан тул бид хятадын хөл дор сөгдсөн. Түүхч Д.Өлзийбаатарын сануулж буйгаар өнөөдөр ч яг тийм нөхцөл байдал бий болоод байгаа. 
Ер нь манай нийгэм хагарч бутарсан, талцаж хийрхсэн энэ цаг үед эгзэг бүрийг ашиглаад тусгаар тогтнол гэх мэт нийтлэг үнэт зүйлсээ сануулж байх шаардлагатай учир өнөөдөр олон пост оруулав. Нэг нь манай намын гавьяа гэж, нөгөө нь гай гэж намууд бүү улс төржүүлээсэй. Түүхийг цаг үед нь үлдээ. Гавьяа аваас улаан, хөхгүй бид бүгдийнх нь өвөг дээдсийн гавьяа болно. Гай гэвээс ч мөн адил бидний өвөг дээдсийн алдаа. 
Ийм үед боломж бүрийг ашиглан Тусгаар тогтнол гэх мэт нийтлэг эрх ашиг, үнэ цэнэт эрхэм нандин зүйлсээ ямагт сануулж, эв нэгдлийн уур амьсгалыг бий болгож байх шаардлага байгаа болно.

ДАЛАЙ ЛАМЫН ГЭНЭТИЙН АЙЛЧЛАЛЫН ЦААНА ЮУ БАЙНА ВЭ?

Дээрхийн гэгээн Далай лам манай улсад гэнэтхэн айлчилснаар Хятадаас авах 4 тэрбум гаруй ам.долларын зээл цуцлагдав. Энэ талаар эсрэг тэсрэг үзэл бодол байна. 
1. "Зээлээр дамжиж хятадын гарт орох аюулаас Далай багш биднийг аварлаа".
2. "Зээл авах гарцаагүй амин чухал шаардлага байтал Далай лам ирээд биднийг хорлочихлоо". 
Аль алинд нь үндэслэл бий. 
Өнөөдөр манай эдийн засаг Хятадаас бараг бүрэн хараат байдалтай байгаа. Гэтэл нэмээд тэднээс 4 тэрбум ам.долларын зээл авна гэдэг нь дээрх байдлыг санхүүгийн төдийгүй улс төрийн шинжтэй болгочихно. Чухам өгөх, авах тухай яриа хэлцээнийхээ шатанд явсан тэрхүү зээлийн НӨХЦӨЛ нь ямар байсныг мэдэхгүй учир тодорхой хэлэхэд хэцүү ч өмнө нь Хятадаас авч байсан зээлийн үр дүнгээр жишиж үзвэл манайд үлдэц өгөөж муутай байх магадлал бий. ЭЗ маань туйлдчихсан, дээр нь төр маань баахан дампуу талдаа өнөө цагт 4 тэрбум ам.доллар гэдэг хүчтэй нөлөөтэйн дээр, дагаад их эрсдэлтэй нь тодорхой. Хятадаас авсан зээлийн төгсгөл ямар эмгэнэлт байдалтай байдгыг Тажикстаны жишээн дээрээс ч харж болно. Энэ мэтээс үзэхэд "Дээрхийн гэгээн Далай ламтан биднийг аварлаа" гэж буйд буруу ер үгүй мэт. 
Гэтэл нөгөө талд нь бидэнд хэн нэгнээс их хэмжээний доллар зээлэх гарцаагүй шаардлага бий. Ирэх онд бид өнөөх их өрөөсөө өм цөм төлөх ёстой. Тэрбум тэрбумаар нь шүү. Харин бидний байдал юун тэрбумаар нь өр төлөх, төсвөө ч бүрдүүлж дийлэхгүй талдаа. Зээлийг зээлээр л төлөхөөс өөр гарц үгүй. Өөрөөр хэлбэл багавтар хүүтэй өмнөх зээлээ арай өндөр хүүтэй, илүү хүнд нөхцөлтэй зээлээр солих л арга зам үлдсэн. Харамсалтай нь манайх шиг нуман тулгуурт орчихсон улсад май гээд их хэмжээгээр нь зээл өгдөг "тэнэг" ч ховор доо. Тэгээд ч Хятадын өгөх гэж байсан зээл харьцангуй бага хүүтэй байх боломжтой байж. Одоо хаа нэгтээгээс зээл бүтээхгүй л бол ирэх жил чухам яаж хуйхаа маажихыг чөтгөр ч хэлж мэдэхгүй. 
Ганц гарц нь Дэлхийн банк, өнөөх стандбай л үлдэх шив... Үүний сайн муугийн талаар бид бараг жилжингээ маргалдсан. Одоо Дэлхийн банк, Хятад гэсэн сонголтгүй хоёр сонголтын нэг нь үлдлээ. 
.
Далай ламын айлчлал гэнэтийн байлаа. Гэхдээ санамсаргүй биш... Дээрхийн гэгээн Далай ламтан зөвхөн Буддын шашны тэргүүн төдий биш, улс төрийн хүн. Хэдий Гэгээнтэн өөрөө Би улс төрийн ажлыг аль эрт орхисон гэж буй ч түүний үйлдэл бүхэн нь манай хөрш Хятадын хувьд ноцтой улс төр болж байдгын баталгаа нь зээл зогссон явдал юм. 
Харин эндээс нэг зүйл анзаарагдахгүй байна гэж үү?
Дээрхийн гэгээнтнийг хэн ямар учир шалтгаанаар урьсан бэ? Янз бүрийн таамаг байгаа ч тодорхойгүй. Зөвхөн бурхны ном айлдуулахын тулд, эсвэл Богдын болон өөрийнх нь хойт дүрийг тодруулуулахын тулд бурхны шашны иституцийн санаачилгаар энэхүү айлчлалыг зохион байгуулсан гэхэд итгэх аргагүй. Далай ламтны айлчлал нь ийм эгзэгтэй үед ямар үр дагавар дагуулахыг манай эрх баригчид, улс төрийн бүлэглэлүүд сайтар мэдэж байсан. 
Тэгэхээр энэхүү гэнэтийн айлчлал нь Далай багшаас өөрөөс нь үл хамаарсан, манай улс төр, санхүүгийн бүлэглэлүүдийн нэн тодорхой учир шалтгаантай, зориуд зохион байгуулсан далд явуулга, улс төр байж тун болзошгүй. Тэдний зөрчил тэмцэл, талцал, бодлого энэ бүхний цаана байх шиг. Энэ их зээл нь улс төр дамжсан санхүүгийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол, тооцооноос гадуур байна гэж үгүй. Тэд хоорондоо тохиролцож чадалгүй, нөгөө алаагүй үнэгнийхээ арьсыг хуваах гэж маргаж байгаад үнэгээ алдчихдаг бүтэлгүй хоёрын үлгэр шиг юм болчихов уу? Бүр нэлээд алсаас нууцхан дохисон дохиур ч байж болно. 
Орос, Хятад тэргүүтэй шинээр гарч ирж буй хүчнийг дагах уу, эсвэл АНУ тэргүүтэй барууны эвслийн талд уу? Ингэхэд Дэлхийн банк гэж ямар учиртай байгууллага вэ? Тэдний бодлогыг Монголд хэн төлөөлдөг вэ? 
Бид л наана нь "Далай багш биднийг аварчихлаа", эсвэл "Далай лам биднийг хорлочихлоо" гээд буйгаас биш цаана нь өөр үйл явдал өрнөчих шиг харагдах...? 
Б.Номинчимэд

ХЭМЖЭЭС

Тавдугаар ангид байсан санагдана, идэр залуу Марксын мөрөөдөл, тэмүүлэл болон гоо сайхан Женни нарын хайр дурлалын тухай бичсэн нэгэн жижигхэн ном уншиж билээ. Хэр хэмжээнд ойлгож байсныг мэдэхгүй, юутай ч залуу Маркс надад хүчтэй сэтгэгдэл төрүүлж, номын нүүрэн дээр байх их үстэй цоглог идэр сайхан залуугийн зургийг зургийн дэвтрийн цаасан дээр хуулан зурав. Мэдээж хэрэг сайн зураг болоогүй л дээ. Тэгээд ч уг зураг нь тийм ч хүнд зураг биш, бар зургийн аргаар бүтээгдсэн байсан учир дүрсээ л зөв гаргачихвал элдвийн гэрэл сүүдэр гэхгүй амархан болчих нь тэр. 
Тэр үеэр манайд аавын танил нэг ах ирэв. Бага зэрэг гарын дүйтэй, сандал ширээ мэтхэнийг хийчихдэг, түүн дээрээ орос будгыг олифоор шингэлж байгаад эвтэйхэн хээ гоо тавьчихдаг, камбаркан дээр буга согоо, морь мал зэрэг зураад, захаар нь хээ тавьж, зурагтай аравч болгон хөөрхөн борлуулчихдаг хүн.
Ах хүү ширээн дээр байсан өнөөх Марксын зургийг хараад мэл гайхаж байна. Ойртуулж нэг, холдуулж нэг хараад хуруугаараа үрж үзэв. Харандаа юм хойно халтартаад ирлээ. Сая нэг харандаагаар зурсан гэдэгт итгэв бололтой. 
"Хэн зурав?"
"Би"
"Чи юу?"
"Тийм"
"Үгүй мөн хачин аа." 
Ах хүү дахин дахин номон дээрх эх зурагтай харьцуулан шалгаж, дахин дахин хуруугаараа үрж үзэв. Зургийн дэвтрийн цаасан дээрхийг эх зурагтай нь давхралдуулж бариад тоононы гэрэлд харав. Мэдээж хэрэг зургийн дэвтэрийнх нь хамаагүй том учир юу ч гэж давхцаж таарах билээ. Намайг гэрэлтүүлж байгаад хуулаад зурчихсан гэж бодоод буй мэт байдалд нь миний урам баахан хугарав. Тэр үед цонхны шилэн дээр эх зураг, цаас хоёроо давхарлан дарж, гэрэлтүүлэн хуулж зурдаг арга их түгээмэл байсан юм.
Намайг зүгээр л хараад зурчихсанд нэг л бүрэн дүүрэн итгэл нь төрсөнгүй бололтой, зургийн дэвтрээс минь бас нэг хуудас шажигнатал урж өмнө минь тавиад "За ахын дүү, нэг зурсан юм чинь, хоёр дахиа зураадах?" гэлээ. Бүр харандааг минь миний гарт бариулж байна. Би ямар нэгэн болж бүтэхгүй арга заль хэрэглээд тэр зургийг зурчихсан, тэгээд одоо намайг шалгаж, илчилж авах гээд буй мэт эвгүй доромж сэтгэгдэл төрсөн ч тэр үед ямар ах зах хүний өөдөөс хэдэрлээд байх нь бага байсан юм хойно. 
Гэхдээ л адармаар болоод дотор арзаганаад болоогүй юм. Тэгээд сээгий малгай өмссөн өөрийг нь, гэхдээ урт хамрыг жаахан сунгаж зураад өгчихөж билээ. Нөгөө талаар Марксыг дахин зурна гэдэг, нэг хийсэн ажлаа давтаж хийнэ гэдэг бөөн залхуу шүү дээ. 
Номын хавтсан дээрх залуу Марксыг биш, өөрийг нь зураад эхэлснийг мэдмэгц гараа цээжиндээ зөрүүлээд, хөлөө зуухны өр лүү жийгээд, сандлынхаа түшлэгийг налан нүүрэндээ басамжлангуй доогтой инээмсэглэл тодруулаад суусан юм. Хангалттай туршлага суугаагүй гар минь тэр инээмсэглэлд нь илэрч буй бассан, доогтой шинжийг нь хангалттай илэрхийлж чадаагүй ч, хэн ч харсан мань ахыг гэж танихаар болов. 
Мань хүн зургаа ийш тийш нь хазайлган үзэж, хоймор байсан нугастай толины өмнө очиж хацартаа зэрэгцүүлж бариад харьцуулж хүртэл харав. Толгойгоо сэгсэрч, итгэж ядан гайхаж жаахан сууснаа юу ч хэлэлгүй, ядахдаа надад урмын ч үг хэлэлгүй гараад явчихаж билээ. Хамар нь жаахан уртадчихсан зургаа ч аваагүй юм. Тавдугаар ангийн жаалхүү надад жаахан гомдолтой ч бас их сонин байж билээ. Мэдээж хэрэг би зураач биш, гэхдээ хүний дүр төрхийг танигдахуйц дүрсэлчих хэмжээнд харандаа барьчихна.
Хожим энэ мэт чадал хэмжээ, авьяас чадвараас нь хэтэрсэн зүйл, ялангуяа өөрийнх нь ойлгож чадах хэмжээнээс хол давсан зүйлийг байж боломгүй зүйл, ямар нэгэн арга заль хэрэглэсэн байж таарна, эсвэл ерөөсөө худал, бүр гаж буруу зүйл гэж үздэг явдлуудтай нэг бус таарч байсаан. Энэ байдал оюун танин мэдэхүйн хүрээнд бүр ч тодорхой ажиглагддаг. Ялангуяа энэ цагт... Ойлгоогүй, эсвэл дутуу ойлгосноо шууд л үгүйсгэнэ, зарим нь бүр үзэн ядна. Метрийн шугам барьчихаад их талын энг хэмжих гэж зүтгэх, тэгээд болж өгөхгүй болохоор нь метрээ биш их талыг хараах лугаа адил... Үүнийг дурсахын эхлэл сэжүүр болсон Марксын тухайд бол бүр ч илэрхий. "Капитал"-ыг нь сөхөж ч хараагүй, бүр гурван өгүүлбэрийг ч гүйцэд ойлгох чадваргүй атлаа Марксыг доромжилж харааж гарна. Нийгмийн харилцаа, ялангуяа капиталын харилцааны мөн чанарыг уудлан нээж үзүүлсэн суу билгийнх нь тухайд юу ч мэдэхгүй атал, алдаа бүхнийг нь гайхан шагширна. Тэнд ямар нэгэн эрүүл ухаан, шинжлэх ухаанч сэтгэлгээ, мэтгэлцээний үнэр ч байхгүй. /Намайгаа Марксист болгочихов оо/ 
Энэ мэтээр жишээ татвал дуусахгүй урт юм болох биз. 
Шангийнхаа хонхроос гарч үзэлгүй насыг бардаг тариачин хятадуудад бол энэ шинж бүр ч хүчтэй илэрдэг юм гэсэн. Тэд өөрсдийнхөө мэдэхгүй зүйлийг ерөөс байх ёсгүй зүйл, хэрвээ буй аваас их мунхаг явдал гэдэг гэж байгаа. Өнөөх худгийн мэлхийний үлгэр л юм даа. Хорвоо дэлхийгээр бол ийм явдал бишгүй л байх. Гэхдээ тиймэрхүү хүмүүсийн хэрхэн юу гэж бодож, үзэж буйгаас үл хамааран тухайн үзэгдэл юмс өөрийнхөөрөө оршдог нь сайхан юм даа. 
Тэр бүрд тэр нэгэн өвлийн өдөр манайд ирж намайг шалгасан ахын урт хамар харагддагсан. Тэгэхэд би хамрыг нь арай богинодуулчихсан юм билээ. 
Б.Номинчимэд