Saturday, March 29, 2008

Их гүрэн задрав


1206 онд уудам тал хээрийн нүүдэлчид нэгдэн нийлсэнээс хойш бараг хагас зуун хүрэхтэй үгүйтэй богино хугацаанд өмнө зүг Ява, Суматрын шүрэн арлуудаас умард зүгт Хар далайн чинад хүртэлх өргөн уудам нутгийг ээлж дараалан монгол морины туурай тамгалсаар дөрвөн зүг, найман зовхисыг нэгтгэн хураасан монголын их эзэнт гүрэн байгуулагдсан юм. Хэрэв энэ эрчим хэвээр үргэлжилсэнсэн бол чухам юу болохыг зөвхөн хөх тэнгэр л мэдэх билээ.
Гэвч цаашид энэ их улс хэвээр оршин тогтнох бололцоогүй болж, түүнийг бүрэлдүүлж байсан Хант улсууд дотоод агуулга хийгээд үзэгдэх хэлбэрийн хувьд ч харилцан адилгүй цоо шинэ бие цогц болон салан тусгаарлаж эхэлсэн байна. “....Газар бүр байгуулсан монголчуудын төр хөгжиж өсөөд бойжилт хөгжлийн ийм шатант хүрчээ. Энэ нь зүйрлэвээс дан эсүүд хөгжиж өсөөд хэд хэдэн шинэ цогц бие болон тусгаар амьдралыг эрхэмлэн ийш тийш өөрийн эрхгүй тэмүүлэхийн адил...” хэмээн энэ үйл явдлын тухай Л.Гумилев урнаар тодорхойлон өгүүлжээ. Үнэхээр ч эдгээр хант улсууд нь гуч дөчин жилийн өмнөхтэй адилаар хүчээр нэгэн тугын дор нэгтгэхэд нэн бэрхтэйгээр чанарын цоо шинэ агуулгаар баяжжээ. Учир нь монголчуудын нэгтгэсэн улс түмнүүд даан ч олон янз байв. Эртний соёлтой Перс, Армян, Гүрж нар, Уйгурууд хийгээд ой ширэнгийн зэрлэгүүд, хэзээ ч биесээ үзэж чаддаггүй байсан Хятад, лалынхан хийгээд европын загалмайтнууд, Күнз хийгээд бурхны суртлыг дагагсад, үндэс нэгтнүүддээ гадуурхагдсан шийт, несторионууд. Гал ус мэт харш олон үндэстэн, сурталтнууд гагцхүү “Монголын энх төрийн бодлого”, “Төрийн алтан аргамж”-ийн ачаар нэгэн захиргаан дор эв найртайгаар бүтэн жарны туршид оршив. Гэвч тэдний өвөрмөц чанар нь уулаасаа харилцан эсэргүүцэлдэх учир хялбархан ижилссэнгүй. Ийнхүү мориноос бууж энэ их улсыг түвшитгэн бүтээн байгуулах цаг ирэхэд л тус бүрдээ өөр өөрийн өвөрмөц байдлаа харуулж эхэлжээ.
Өгөөдэй хааны үед хан хөвүүдийн эзэмшил улсууд нь төвдөө захирагдсан өөртөө засах хязгаар мужийн байдалтай оршиж байснаа аажмаар эдгээр улсуудын хэлхээ холбоо суларч бие даасан хандлага нэмэгдсэн нь хаадын завсар чөлөөгөөр гарч ирсэн хатадын төр барих үед эрс тодорхой болжээ. Мөнх хааны үед энэ задралын явц хэсэг зуур саатан, нэгэн захиргаанд бүгдийг хураан хумисан боловч түүнийг нас барсны дараахи Хубилайн жилүүдэд Алтан орны улс, Ил хаант улс, их Юан улс хэмээн өөр хоорондоо нягт харилцаа холбоотой ч тус тусдаа бие даасан хаант улсууд болон бүрэн тусгаарлан салсан төдийгүй монгол угсаатны хүч нөөцийг шавхсан цуст иргэний дайн, тэмцэл он удаанаар үргэлжилжээ.
Хөгжил гэдэг чанар. Чанарын агуулга нь гүнзгийрсээр хувьсал эргэлтэд хүргэдэг. Цөөн хэдэн жилийн дотор шашин шүтлэг хийгээд ахуйн нөхцөл, уугуул ард түмний уламжлалаараа яагаад ч Алтан ордны хийгээд Ил хаант улс, эсхүл дундад Ази дахь хант улсууд өөр хоорондоо харилцан адилгүй болсон байв. Хятад дахь Их Юан улс тэднээсээ бүр ч эрс тэс ялгамжтай болж иржээ. “Иймэрхүү хувирлын явцад Монголын хаант улсад энд тэндгүй хүйс төв газрууд гарч ирсэн байна”.

1258 онд Мөнх хаан нас барж, түүний ор суурийг Хубилай, Аригбөх хоёр дүү нь булаалдан, дөрвөн жилийн турш сунжирсан иргэний дайн монголын тал нутгыг хээрийн түймэр мэт хуйхлав. Энэ дайн нь Монголын Эзэнд гүрний бүрэлдхүүнд байсан хант улсуудыг үндсэн хоёр бүлэглэлд хуваан, талцууллаа.

1265 онд Хөлөг хаан нас барж тэр онд хүү Абага нь Ил хаант улсын хоёрдугаар хаан болов. Абагаг хаан ширээнд залах үед тэрээр “Хубилай хаан, бидний ах, түүний зөвшөөрөлгүйгээр яаж хаан ширээнд сууж болох вэ?” хэмээн цааргалж байжээ. Энэ үед Абагагийн эцэг Хөлөгийн хууль ёсны их хаан хэмээн хүлээн зөвшөөрч, дэмжиж байсан Аригбөх гэрийн хорионд амьд сэрүүн байв. Хант улсын тэргүүнийг Их хааны соёрхолоор баталж байсан уламжлал энэ удаад юутай ч гэсэн мартагдаагүй байжээ. Абага Ил хаант улсын хаанаар өргөмжлөгдсөний найр хурим хийснийхээ дараа энэ тухай мэдээ сэлтийг Хятад руу илгээгээд хариу ирэхийг хүлээн нэлээн удсан байна. Гэтэл таван жилийн дараа 1270 оны сүүлчээр Хятадаас Хубилайгаас Абагаг хаанд өргөмжилсөн зарлиг, титэм болон түүнийг дагалдан бэлэг сэлт, элчин төлөөлөгчид ирэв. Үүний дараа Абага хаан ширээнд суух ёслолоо албан ёсоор дахин тэмдэглэсэн ажээ.

Гэвч энэ нь зөвхөн Хятад орныг эзэмшиж байсан Хубилайг Их гүрний хаан хэмээн үзэж түүний адислал зөвшөөрөлгүйгээр хаан ширээнд суух боломжгүй байжээ гэсэн үг биш юм. Абагагийн хувьд тийнхүү хоёрдахь удаагаа найр хурим хийсэн нь нэр сүрийг өргөхөд л хэрэгтэй байснаас биш Хубилай зөвшөөрөөгүй ч тэр хаан хэвээр байсан. Хубилай таван жилийн турш хэл чимээгүй байсан нь дургүй байсны илрэл юм. Хөлөг хааны хоёрдугаар хүү Жүмхүүр нь хэдхэн жилийн өмнө өөрийн удирдсан анги цэргийн хамт Аригбөхийг дэмжин тулалдаж, өөрийг нь бараг хөнтөрчих шахсаныг Хубилай юунд мартав гэж... Тухайн цаг үед морин өртөө өндөр хөгжсөн, өнөөгийн машин тэрэгнээс огтхон ч дутахааргүй хурдтай байсан нь Багдад орчмоос Бээжин ороход хэдэн жилээр явах биш хэдхэн долоо хоног л гарздах байжээ. Хубилайн цааргалсан таван жилд Перс болон Дундад Ази дахь Абага хааны нэр нөлөө, байр суурь үлэмж өсөж, хэн ч түүнийг албан ёсны хаан хэмээн хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрсэн байсан юм. Энэ нь Хубилайн хувьд аргагүй тулгалт, нааш харан инээж, цааш харан уйлсан хэрэг байлаа.

1266 онд буюу Аригбөхийг нас бардаг жил Цагаадайн улсын хаан ширээнд Алгуйн дараа хаан суугаад байсан Мубарекшахыг унаган үймээнч, тогтворгүй ааштай Борог Хубилайн шууд дэмжлэгтэйгээр гарч ирэв. Мөн энэ онд Зүчийн Алтан ордны улсын хаан ширээнд Мөнхтөмөр залрав. Энэ үед гуч орчим настай байсан Хайду Дундад Ази дахь Өгөөдэй өвгийн хуучин эзэмшил нутагт нэр нөлөөгөө улам бататгаж байв.

Их гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан хант улсууд аажим аажмаар хүчирхэгжин, эдийн засаг, цэрэг зэвсгийн хувьд бүрэн бие даасан байдал руу шилжиж, өөрийн хязгаар улсын сүр хүчнээ үнэлэх хэмжүүр өөрчлөгдөж байсан үед ойр ойрхон гарч ирсэн эдгээр залуу хаадын хооронд монгол ахан дүүсийн цусыг урсгасан их дайн дэгдэж, урьдын байлдан дагуулалтын үед ч гарч байгаагүй их цэргийг биесийн өөдөөс хөдөлгөн хядалцаж эхэлсэн билээ.
Бүр 1260 онд Тулуйн хүү Хөлөг, Зүчийн ач Бэрх нарын хооронд Кавказын хаалга Дербентийн орчимд их тулалдаан болов. Энэ нь Ил хаант улс болон Алтан ордны улсын хоорондхи 200 жил үргэлжилсэн эвдрэл хямралын үүдийг нэг мөсөн нээж хаясан юм. Түүний дараа Дундад Азийн тал нутагт Цагаадайн угсааны хаан Борог, Өгөөдэйн угсааны хаан Хайду нар хоорондоо цус асгаруулан дайтаж, улмаар энэ дайнд Хөлөгийн хийгээд Зүчийн үр сад ч татагдан оролцож гурвалжин, дөрвөлжин дайн дажин болон өрнөсөн юм.

1266 оноос Өгөөдэйн удмын Хайду хаан 40 орчим жилийн туршид Хубилайтай эрс хатуу тэмцэл хийсэн юм. Хайду нь богино хугацаанд хүчирхэгжиж Ил, Тарвагатайгээр төвлөсөн хүчирхэг улсыг байгуулсан юм. Монгол улсын эрх ашгийг эрхэмлэсэн олон монгол ноёд Хубилайн эсрэг тэмцэлд Хайдутай очиж нийлжээ. Тухайлбал Аригбөхийн хүү Юбугур, Меликтөмөр, Борогийн хүү Дува болон Цагаадай, Гүюг, Мөнхийн удмын бусад хан хөвүүд Хайдуг дэмжин Хубилайтай хийсэн иргэний дайнд оролцсон байна. Мөн монголын цэргийн нэрт жанжин Наян ч дэмжиж билээ.

Омог төгөлдөр Хайду болон бусад олон ноёд Хубилайг хууль бус хаан хэмээн үзэж түүний зарлиг шийдвэрийг огтхон ч хүндэтгэж үзэхгүй байсан нь Хубилайн зүгээс энэхүү иргэний дайныг зогсоох, ах дүүсийн маргаан мэтгэлцээнийг эв зүйгээр зохицуулах талаар аливаа санаачилга гаргах, гаргасан ч хэрэгжих бололцоог үгүйсгэж байжээ.

Хэдийгээр Хайдугийн тэмцэл нь нэг талаас харахад хаан ширээг Тулуйн удмынхнаас Өгөөдэйн удмынханд эгүүлэн авах гэсэн тэмцэл байсан ч нөгөө талаар монгол улсын хүйс төвийг хэвээр хадгалах гэсэн Аригбөхийн тэмцлийн залгамж байсан юм.
Ийнхүү Чингис хааныг төрж байхад бий болоод байсан
“Одтой тэнгэр орчиж
Олон улс хямралдаж
Орондоо унтах завгүй
Олзлолдон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэлдэж байв” хэмээн “Монголын нууц товчоо”-нд яруу ончтойгоор дүрслэн өгүүлсэн байдалтай нэн адил нөхцөл байдал 1260-аад онд Монголын эзэнт гүрэн даяар байжээ.

Ийнхүү Ази, Европыг нэгтгэсэн Монголын их гүрэн нэгэн бүтэн жаран оршин тогтноод дотоодын ужид самуунд идэгдсээр задран уналаа. Гэвч “могой тасравч гүрвэлийн чинээ”. Их гүрэн задарсан ч өөр хоорондоо эн тэнцүүхэн, өөр ямар ч улс оронтой харьцуулашгүй хүчирхэг хэд хэдэн улс гүрэнд хуваагдсан юм. Үүнд:
- Их Юан улс. Энэ цаг үеийг хүртэл тархай бутархай байсан хятадыг анх удаа нэгтгэсэн төдийгүй Төвд, Тангуд, Манжуур, Солонгосын хойг, Вьетнамын хойг, Филиппин, Малайзи, Ява, Суматри зэрэг Зүүн өмнөд Азийг бүхэлд нь нэгтгэсэн энэ хүчирхэг гүрэн 1380 оныг хүртэл 130 орчим жил оршин тогтнож, Азийн улс түмнүүдийн түүхнээ арилж балрашгүй ул мөрөө үлдээсэн юм.
- Алтан ордны улс. Хар далай, Каспийн тэнгисийн хоорондхи нутаг, Ижил мөрний сав, Арал тэнгисээс умардад, Уралын нуруунаас баруун зүгт буй өнөөгийн Казакстаны уудам тал нутгийг төдийгүй цэнхэр Дунайгаас янагших Дорнод Европыг бүхэлд нь эрхшээн байсан эл хүчирхэг гүрэн 200 орчим жил оршин тогтнож, Орос хийгээд Европ дахинд сүр хүчээ үзүүлсээр байлаа. Энэ улсаас салбарласан Крым, Казанийн хаант улс XYIII зууныг хүртэл оршин тогтнож, Орос болон дорнод Европыг Туркийн түрэмгийллээс халхалж байв.
- Ил хаадын улс. Кавказын өмнөд дэх улс орнууд Килики, Мосул болон Хоёр мөрний хөндий, Туран, Хорасаны уудам нутаг, өнөөгийн Туркийн өмнөд хэсэг, Ирак, Иран, Афганистан, Туркмений нутгийн хамарсан уудам газар нутагтэй хүчирхэг эл улс 150 орчим жил оршин тогтножээ.
- Цагаадайн улс. Дорнод Туркестан, Казакстаны зүүн өмнөд тал, Хорезм, Балхийг бүхэлд нь хамарсан эл хант улс 1346 он хүртэл оршин тогтноод задрахдаа Төмөрийн болон Их Могул хэмээх Дундад Ази болон Энэтхэгийн түүхнээ тод ялгарах хоёр улс болон хуваагджээ.

Дэлхий ертөнцөд урьд хойчид оршин байсан их гүрнүүдийн мөхлийн түүхтэй Монголын эзэнт гүрнийх адилгүй. Ромын их гүрний мөхөл нь ёс суртхууны ялзрал, өөрөөр хэлбэл эд эсүүдийн үхжилээс болсон байхад Түрэг мэт бусад их улсууд гаднын халдлагыг тэсвэрлэж чадаагүй юм. Их Юан гүрнийг хятадын ард түмний тусгаар тогтнолд тэмүүлсэн эсэргүүцэл тэмцэл л хөнтөрч орхисон билээ.

Өөрөөр хэлбэл Монголын эзэнт гүрний задрал нь Мамлюкуудын ч юм уу, Загалмайтнуудын зэрэг гадны ямар нэгэн түрэмгийлэлд өртөж, түүний дарамтыг дааж ядсандаа сүйрэн унасан хэрэг биш, өөрийн харьяанд орсон Ази, Европын олон арван улс үндэстнүүдийн эсэргүүцэл тэмцэлд сөгдөн нугарсан хэрэг ч биш, харин хуримтлагдсан их ааг хүчний илүүдэл болсон өөр хоорондын тэмцэл зөрчил, хүчирхэгжсэн хан хөвүүд, түүний удмынханы бие даан тусгаарлах эрмэлзэл, эдгээрийн үндэс болсон өөр өөрсдийн тусгаар ангид өвөрмөц онцлог чанартай холбоотой юм. Мэдээлэл, харилцаа холбоо хөгжөөгүй дундад зууны эхэнд бүү хэл өнөөдрийн шинжлэх ухаан техникийн их хувьслын эринд ч ийм их гүрэн оршин тогтноход нэн бэрх юм. Ийнхүү их гүрний газар бүр харилцан ялгамжтай хөгжлийн хүйс төв газрууд гарч ирсэнтэй холбоотой энэхүү задрал нь зайлшгүй зүйл байсан хийгээд зөвхөн цаг хугацааны асуудал л үлдээд байжээ.

16 comments:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Barimalch said...

Mongoliin ezent guren bosson zadarsan n mash buren tsogts asuudal uuniig olon sudlaachid tal talaas n uhaj baij todorhoilj magad. Hamgiin oiriin togtoltsoogoor barag buh ih gurnuud yalzrald orj zadardag sayhnii jishee zovlolt holboot uls baina.

ganga said...

манайхан Чингис хааны үеийг л бичээд байхаас бага хаадын үеийн задрал бутралаа бараг хөндөдөггүй. Уул нь нарийвчлан судалж баймаар. Алтан улс, Ил хаант улс, Юань улс гэсэн гурван төвтэй байсан гэхээр одоогийн Монгол байгаа газар нутагт байсан хаад хүчтэй биш байжээ гэж ойлгогдож байна. Эдгээр улсад үлдэж хоцроод өнөөг хүрсэн монгол хүний үр сад, манай монголоос улбаатай ёс заншил, уламжлалт соёл гээд өнөөдрийг хүртэл судалж хөөмөөр юм мөн ч олон байна даа.

ZAYA said...

Түүх унших тусам улам сонирхолтой.
Цагаадайн хант улсын үлдэгдэлээс одоогийн Энэтхэгт "хазара" үндэстэн байдаг байх гээд энд тэндээс уншаад ойлгосон. Тэр талаар ах сонирхолтой бичлэг оруулахыг бодоорой.

Bilguun Turboli said...

Таны блогоор анх удаа орлоо. Үнэн сонирхолтой блог бна, сүүлийн үед түүх их сонирхдог болоод бгаа.
ZAYA-д Энэтхэгт биш Афганистанд Хазарачууд бдаг. Энэтхэгт сурдаг гэж уншаад энэтхэгт байдаг гэж ойлгоцон явж байх шиг бна.

Anonymous said...

оросын Монгол кино дээр гардаг төвд/тангадууд Тэмүүжинг олзолж доромжилж байгааг юу гэж үздэг вэ? Тэмүүжингийн алдагдсан он жилүүдийн тайлбар мөн үү?

meesh said...

Сайхан бичжээ.

Дeстини said...

hevlej baigaad tuhtai unshina aa. Saihan medeelel baina.

бж said...

Tuuhiin talaar urid ni unshij duulj baigaagui sonin sodon zuilsiig tanaihaas olj unshdag boljee. Ih bayarlaj baigaa shuu. Daraa daraagiin bicleguudiig chini shimten huleej suugaa.

Anonymous said...

баярлалаа.. тэр их могул за тэгээд Харгис Төмөр хааны тухай бичээд өгөөрэй.... одоо облтол энэтхэгэд Могул гээд үндэстэнгүүд байдаг гэж сонсоод гайхаж байлаа.... түүх хэзээ ч балрашгүй юм даа

Anonymous said...

Таны блог их таалагдлаа. Дараа орж үзүүштэй юм байна.

Эрхэмээ said...

Чимэдээ ахын блогийг өнөөдөр л олж авлаа, өдөржин уншиж суулаа. Барагдахгүй юм байна, дараа амралтын өдрөөр тухтай уншнаа. Түүхийн сэдвийг хөндөж, сонирхолтойгоор бичдэгт тань талархдаг шүү, бүүр ном болно гэж ч хүлээж байгаа ;)

nab said...

baabar guain aldart nuudel suudal l baina shuu dee.

Nyamaa said...

сайхан нийтлэлүүд байнав Баабрын нүүдэл суудлаас өөр Монголын түүхийн элдэв ээдрээг дорвитой харуулсан зохиолыг их хайдаг байлаа. Баабрын зохиол төдийлан талаагдаггүй ч одоогоор байгаа хамгийн дажгүйн түүхийн ном байхаа. таны блогоос хэд хэдэн юм оллоо дахин баярлаав Дараа нь ном гаргавал заавал авна аа.

Anonymous said...

Хувилай хааныг манайхан нэг их таашаадаггүй. харин өвөрлөгчид маш ихээр магтан дуулдаг. Хэрэв Аригбөх хаан ширээ залгамжилж чадсан бол өнөөгийн монгол ямар хэмжээнд байх байсан болдоо би заримдаа толгойгоо гашилган боддог юм.

Unknown said...

Сайн байна уу. Тантай хэрхэн холбоо барих вэ?
mail: monhero2004@yahoo.com