Sunday, June 9, 2013

Түүх биднээр тохуурхаж байна

Түүх заримдаа бүхэл бүтэн ард түмэн, улс үндэстнээр, тэдний хувь заяагаар тохуурхан тоглодог. Ийм үзэгдэл түүхэнд олонтаа давтагддаг ажээ. Түүхэн их эргэлтийг хийхдээ ард түмэн нэгэнт үеэ өнгөрөөсөн бүхнийг таягдан хаяж, шинэ илүү давшингүй нийгэм, хөгжлийг зорилгоо болгон тэмүүлдэг. Гэтэл тодорхой хугацааны дараа тэдний өнөөх хүсэн хүлээж байснаас нь тэс ондоо үр дүн гарч, нийгмийг гүн шоконд оруулж, гайхшруулан алмайруулах нь бий. Түүхэн зүйн ийм үзэгдлүүдийг Гегель анзаарч ажиглаад “Түүхэн тохуурхал” хэмээн нэрийджээ.
Яг ийм ТҮҮХЭН ТОХУУРХАЛ өнөө биднийг нөмөрсөн байна. Түүх биднээр тун адтай, хоржоонтой тохуурхаж байна.
Яаж тохуурхаж буйг хэдхээн зүйл дээр жишээ болгон тогтож үзье. Учир нь энэ тохуурхал улс төр, эдийн засаг, түүх, ёсзүй, гүн ухаан зэрэг маш өргөн хүрээг хамарсан үзэгдэл тул нэг нийтлэл төдийд базахад бэрхтэй.

-    Хүнд суртал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид төрийн хүнд суртлын эсрэг жагссан, тэмцсэн. 1980-аад оны зогсонги үеийн төрийн аппарат дахь хүнд суртал нийгмийг бухимдуулж, өөрчлөлт шинэчлэлийн салхийг даллаж байв. Гэтэл өнөө тэр цагийн хүнд суртлаас хэдэн арав дахин илүү хүнд суртлын аппарат нэг л мэдэхэд бидний толгой дээр данхайчихаж ээ. Өнөө хүнд суртал ямар яршиг төвөгтэй байгааг тоочилтгүй, бүгдээр мэднэ.

-    Намжсан төр: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид намжсан төрийн эсрэг жагссан, тэмцсэн. Тухайн үед Монголын төр бол МАХН байсан. МАХН-ын Улс төрийн товчоонд төрийн бүхий л асуудлуудыг шийддэг байв. Захын суманд хүртэл Сумын МАХН-ын үүрийн товчоо сумын бүх ажлыг хянадаг, шийдвэр гаргахад чухал нөлөө, дарамт үзүүлдэг байв. Намын гишүүн болохгүй л бол хичнээн авьяас чадвартай байгаад ямар ч боломж олддоггүй байв. Бид энэ байдлаас гарахын төлөө тэмцсэн.
Гэтэл өнөөдөр үзэл сурталжсан намаас хамаарсан төрийг холбилж чадсан ч түүнээс долоон дор олигархжсан намаас хамаатай төрийг нэг мэдэхэд бий болгочихсон сууж байх нь тэр. Өмнө үзэл суртлаар бүхнийг хянаж, цагдаж, түүнд нийцүүлдэг байсан бол өнөөдөр цөөнх олигархуудын эрх ашигт нийцүүлж, тэдний үзэмжээр төрийн ажил явдаг болсон. Үгүй ядаж л ямар нэгэн үзэл санаа байдаг бол арай дээр байхсан, олигархуудад өөрсдийнх нь эрх ашгаас өөр ямар ч үзэл санаа гэж байхгүй юм. Аль нэгэн намын гишүүн байж, тэр намдаа үхэн хатан харанхуйгаар зүтгэхгүй л юм бол төрд үнэнч шударгаар зүтгээд ер нь бараг л нэмэргүй, яагаад гэвэл нэг л өдөр аль нэг намын боловсон хүчин нэртэй хийрхэгч ирээд ажлыг чинь авна. Тиймээс төрд ажиллагсад өөрийн эрхгүй намжиж, намчирхаж эхэлнэ.

-    Хэвлэлийн эрх чөлөө: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний төлөө жагссан, тэмцсэн. Нэг намын үзэл суртлыг түгээн дэлгэрүүлсэн, өөр бусад үзэл бодлыг хавчин хяхсан тийм хэвлэл мэдээллийн орчинг шүүмжилж, олон ургалч үзэл чөлөөтэй өрсөлдөж байдаг хэвлэлийн эрх, эрх чөлөөг хүссэн билээ.
Харин өнөөдөр монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид нэн тодорхой эрх мэдэлтнүүд, улс төр-бизнесийн бүлэглэлд л үйлчилдэг болсон. Жишээ нь “Өдрийн сонин”-д Баабар, Элбэгдорж нарыг шүүмжилсэн ямар ч өгүүлбэр гарахгүй, “Өнөөдөр” сонинд С.Баяр, Н.Багабанди нарыг шүүмжлэхгүй. Харин тэдний эсрэг бүлэглэлийг бол газрын гаваар ортол нь муулна, шүүмжилнэ. ТВ, Радио ч мөн адил. Ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд аль нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй бүлэглэлүүдээс шууд хамааралтай болж, тэдний хоорондын өрсөлдөөний талбар болж хувирснаар нийгэмд бодитой, голчтой мэдээлэл хүрэх боломж хомсдож, энэ нь нийгмийн талцлыг улам бүр дэвэргэх болсон билээ.
Сэтгүүлчид зөвхөн эздийнхээ хүсэлтээр хөлсөөр юм бичиж, амь зуудаг болсон. Нийгмээ үнэн бодит мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх сэтгүүлзүйн үндсэн үүргүүд хөсөр хаягдсан. Ингэснээр олон түмэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр чухам үнэн зөв мэдээллийг хүлээн авахад нэн бэрхтэй болсон байна. Бид хэвлэл мэдээллийн ийм эрх, эрх чөлөөг хүсэж хаврын тэр жаврыг сөрж жагсаагүй.

-    Хууль, шударга ёс: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид шударга ёсны төлөө, хуулийг гууль болгодог бурангуй явдлын эсрэг тэмцсэн, жагссан. Тэр цагт намын үзэл санаанд таараагүй бол, хэн нэгэн эрх мэдэлтэй том даргын сэтгэлд нийцээгүй бол шударга ёсыг үл тоох хандлага байсан. Гэвч өнөөдөр улс орон даяар шударга ёс алдагдаад зогсохгүй шударга ёс гэж юу байдгыг бүр мартах шахаж байна. Шударгаар явах гэж оролдох аваас энэ цагийн урсгалд хөл нийлэхгүй болж, адлагдан ад үзэгдэж, хавчигдаж, шахагдаж, тэр бүү хэл зарим тохиолдолд амь амьдралаараа хохирох болов. Шударга ёс хэрхэн гажсаныг маш энгийн зүйлээс анзаарч болдог. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу явж байсан нь байрнаасаа хөдлөхөд бэрх болоод, дүрэмгүй улайран дайрсан нь завшин явж болдог зовлонг замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бүр мэднэ. Энэ бол нийгэмд нийтдээ шударга ёсны мэдрэмж алдагдсаны нэг тод илрэл юм. Хуучин цагт буюу БНМАУ-ын үед орон даяар 160 гаруй хууль тогтоомж хэрэгжиж, хуулийн хэрэгжилт 96 хувьтай байжээ. (Энэ тоо ихээхэн эргэлзээтэй, гэвч их хэтрүүллээ гэхэд 10 хувиас хэтрээгүй.) Гэтэл өнөөдөр Монгол Улсад 900 гаруй хууль тогтоомж байгаа ч хэрэгжилт нь 50 хүрэхгүй хувьтай. Хуучин цагт хууль гууль болох явдал байсан бол одоо хууль зүгээр л хогийн шарилж болж хувирсан. “Хуулийг зөрчих гэж гаргадаг юм” гэсэн хачин сонин аксиом энэ хорин жилд гарсан билээ.
Шүүх засаглал захиалгаар үйлчилдэг болов. Хэн төр, шүүх засаглалын эрх мэдлийг авна, түүнд үйлчилдэг шүүх засаглалтай болж хувираад байна. Эцсийн эцэст Монголын шүүх засаглал эрх мэдэл, эрх ашиг, их орлогын төлөө улайран тэмцсэн улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн бие биенээ намнах хэрэгсэл болж хувираад байна. Энд шударга ёсны тухай ямар ч ойлголт байхгүй болно.

-    Авилгал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид авилгалын эсрэг тэмцсэн, жагссан. Тэр цагт авилга авдаг байж, гэхдээ тэр цагийн авилга 45-ын гутал, их сайндаа 100 төгрөг байв. Тэр үед Ардын хянан шалгах хороо, Намын хянан шалгах хороо гэж хоёр аймшигтай газар байсан ба энэ хоёр аймшгийн газрын хараанаас мултарч авилга авна, өгнө гэдэг амаргүй байжээ. Харин одоо авилгад бүхэл бүтэн уурхайн орд газар, бүхэл бүтэн Яамны сайдыг өгдөг болсон. Ерөөс авилга ямар түвшинд болсныг олон зүйл нуршилтгүй бүгдээр мэднэ. Авилгын индексээрээ бид дэлхийн улс орнуудыг хойноосоо манлайлдаг. МАН-ын үед 30 хувьтай байсан авилгал АН-ын үед 40 хувьд хүрснийг олон бизнес эрхлэгчид халаглан ярих болов.

-    Хэлмэгдүүлэлт: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид үзэл бодлоосоо болж хэлмэгдэхийн эсрэг жагссан, тэмцсэн. Тэр үед чөлөөт үзэл бодлоосоо болоод хэлмэгдэж, ажил албагүй болж, хөдөөгийн суманд жолооч, малчнаар цөлөгдөж, шорон оронд хүртэл хоригдох явдал байсан. Гэхдээ хавтгай биш, тоолбол хэдэн зууд ч хүрхээргүй байв. Гэхдээ л бид үүний эсрэг тэмцсэн юм. 37 оны их хэлмэгдүүлэлтийг эргэн харж, цагаатгахын төлөө жагссан.
Харин өнөө нэг нам засгийн эрхэнд гарангууд сөргөлдөгч намынхныгаа ажлаас нь хэдэн мянгаар нь хомроглон халж, өөрийн намынхнаа тавьдаг болсон. Дараагийн сонгууль болж нөгөө нам нь сонгуульд ялбал хариугаа хэзээ ч дутуу авахгүй бүр давуулж авдаг болсон. Энэ явдал төрийг хүчгүйдүүлж, төрийн мэргэшсэн, туршлагажсан албыг улс төрийн тоглоом болгож хувиргасан.
90-ээд оноос хойш хэрэгжсэн чөлөөт өрсөлдөөн нэртэй ч “Өрсөж булаа” гэсэн далд уриа, зарчимтай увиагүй өрсөлдөөний үр дүнд монголын балчир үрс хэдэн мянгаараа гудамжинд гарч, охид бүсгүйчүүд хэдэн мянгаараа янхан болж, залуус мянга мянгаараа гэмт хэрэгтэн болж, хэдэн зуун мянган монгол хүн, өрх гэрүүд ядуурлын аймшигт хавцал руу хийсэн амь, амьдралаараа хэлмэгдсэн билээ. Ядуурал, бусармаг сэтгэлгээ хэтэрсэнээс үүдэн хэдэн зуун мянган үрс эхийнхээ хэвлийд ирт мэсэнт хирчүүлэн хороогдон хэлмэгдсэн билээ. Хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт бол шударга ёсонд, сайн үйлд итгэсэн хүмүүний сэтгэл зүрх гутаагдан доромжлогдож, хэлмэгдсэн явдал юм. Хорин жилд монголд хамгийн эрчимтэй баригдсан бүтээн байгуулалт бол шорон байдаг бөгөөд энэ хугацаанд төсвийн зардлаар 20 шорон шинээр баригдсан бол төсвийн зардлаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг хэд баригдсаныг тоолох гэтэл олдоогүй болно. 

-    Тусгай хангамж, алагчлал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид сайд дарга нарын тусгай хангамжийг эсэргүүцэж, ард түмнээ алагчилдагийг өөрчлөх гэж жагссан, тэмцсэн. Тэр үед дарга нар гялалзсан хар өнгөтэй Волга 24, Чайка унадаг байв. Ард түмэн Москвич, 21 унадаг байв. Тэр үед дарга нар тусгай хангамжийн бараа бүхий дарга нарын дэлгүүрээр үйлчлүүлдэг байв. Ард түмэн 45-ын гутал, халуун савны запасны төлөө дэлгүүрт дугаарладаг байв. Дарга нарын хүүхдүүд муу сурдаг ч гадаадын их дээд сургуулийн хувиарыг авчихаад (гэхдээ дандаа биш) байдаг байв. Дарга нар Сайд нарын II эмнэлгээр үйлчлүүлдэг байв. Ард түмэн нэгдсэн эмнэлгүүдээр үйлчлүүлдэг байв.
Гэтэл өнөө дарга нар нисдэг тэрэг, онгоц унадаг болсон. Гэхдээ үүнд чанарын ялгаа их бий. Хуучин цагт дарга нар голчлон хар тэрэг унаад төрийн ажил хийдэг байсан бол өнөө дарга нар нисдэг тэрэг унаад хувийн зугаа цэнгэл, ан гөрөө хийдэг болсон. Олигарх дарга нар, түүний эхнэр хүүхдүүд монголд өвөл ирж, Улаанбаатар утаандаа хахаж цацах цагаар халуун дулаан орон руу нүүдлийн шувууд шиг нисэж, төрөөс, татвараар дамжуулан ард түмний халааснаас хулгуулсан их мөнгөөрөө авсан хэдэн зуун мянгын тансаг хаузуудад тухлан амарч аваад хавар болж цаг дулаарахад буцаад нисээд ирдэг болов. Ард түмэн утаан дотроо хахаж цацаж, чанарын баталгаагүй хоол хүнсээр эрүүл мэндээ сүйтгүүлж байхад дарга нар, олигархууд Майми бийчид усанд шумбаж, Хонолулугийн эрэг орчимд завиар уралдаж, Макао, Сөүлийн казинод хэдэн зуун мянган доллараар тоглож суудаг болсон. Ард түмэн нэгдсэн эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүйгээс коридорт нь эгнэн, цэргийн казармид байгаагаас ч дор нөхцөлд шахцалдан эмчлүүлсэн нэртэй ядаргаа, стрессийн туйлд орж байхад дарга нар Тайландын нэг удаагийн үзлэг нь хагас саяын үнэтэй эмнэлгийн  хаалгаар хэдэн талаасаа дэмнүүлэн ярвайсхийн орж явах.
Төрөөс жил бүр багагүй хэмжээний зардлыг монголын залуусыг гадаадад их дээд сургуульд сургахаар гаргадаг ч тэр зардал ихэвчлэндээ дарга нар, баячуудын хүүхдүүдэд ногдож, тэдгээр эрхийн тэнэгүүд тэнд очоод сурсан ч юмгүй зугаалж наргиж аваад, эцэс сүүлд нь түмэн олондоо тус болох нь бүү хэл төрсөн биедээ ч нэмэр болох юм сурсангүйгээр барахгүй төрд буцаагаад төлсөн ч юмгүй гол гаргах нь олон болж... (Сайн суралцсан, үр бүтээлтэй ажил хөдөлмөр хийж яваа залуус бий ч тэд цөөнх юм шүү.)

-    Тусгаар тогтнолын баталгаа: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид тусгаар тогтнолоо улам бүр баталгаатай болгохын төлөө, “Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүрдэг” улс төрийн болоод эдийн засгийн хэт хараат байдлаас ангижрахын төлөө жагссан, тэмцсэн. Тэр үед монголын эдийн засаг хойт хөршөөс 81 хувь, монголын улс төр бараг бүрэн хараат байв. Монголын улс төрийн бодлого Кремлд боловсорч, түүнийг сөрсөн монголын улс төрчид нэг нэгээрээ хойно учир битүүлгээр нас барж байв.
Гэтэл өнөөдөр монголын тусгаар тогтнол үндэстэн дамнасан олон улсын корпорациудаас шууд хараат байдалтай болсон байна. Тэд их мөнгөөр монголын эрх мэдлийг атгаж буй улс төрчдийг, улс төрийн намыг худалдан авч, өөрсөддөө ашигтай хуулийг парламентаар гаргуулах боллоо.
Монголын газар нутгийн 70 гаруй хувь нь лиценз нэрээр хувь хүмүүсийн эзэмшилд нэгэнт орсон ба тэдгээр хувьд гарсан газар нутгийн эздийн 70 гаруй хувийн цаана гадаадын, ихэнхдээ өмнөд хөршийнхөн байгаа нь манай тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулж байгаа хэрэг юм. Мөн манай эдийн засгийн 86 хувь нь өмнөд хөршөөс, гэхдээ ганц Эрээний боомтоос шууд хамааралтай болж хувирсан.  С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан, Ж.Наранцацралт зэрэг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч олон улс төрчид мөн л учир битүүлэг байдлаар хорвоогоос хальсаар байна.
Тусгаар тогтнолын нэгэн нэн чухал баталгаа болдог үндэсний эв нэгдэл өнөөдөр тун эргэлзээтэй болов. Үзэл санаа, концепцийн өрсөлдөөн бус аль нэг намыг мухар сохроор дагасан утга учиргүй хийрхэл ард түмнийг хоёр талцуулж, насаараа нэг жалганд амар жимэр хаяа хатган суусан хоёр хөгшнийг хүртэл нэг нэгнийхээ босгыг алхуулахгүй болтол нь талцуулж байна. Нийгмийн дотор баян ядуугийн ялгарал хол зөрөөтэй болж, баячууд нь ядуусыгаа арчаагүй, залхуу, боловсролгүй хэмээн ад үзэн шоовдорлох, ядуучууд нь баячуудыгаа шунахай, луйварчин, дээрэмчин гэж үзэн ядах сэтгэл зүй хэдийнэ бүрэлдэж бий болсон байна.
Үлгэрлэвэл бидний тусгаар тогтнол нэг чонын өмнө байсан бол одоо олон чонын өмнө оччихсонтой адил болжээ. Энэ байдлыг анзаарсан Оросын судлаач С.Балмасов “Монголчууд ийм байдлаар үргэлжилбэл тун удалгүй Хятадын нэг муж болно гэж мөрийцөхөд ч бэлэн байна” гэжээ.

-    Үзэл суртлын дарангуйлал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид нэг үзэл суртлаас ангижирч, олон ургалч үзлийн төлөө жагссан, тэмцсэн. Хэт туйлширсан нэг үзэл суртлын дөнгөнөөс ч салж чадсан билээ. Гэвч бид олон ургалч үзэл бүү хэл бүр ямар ч үзэлгүй болж хоцров. Ядахдаа улс үндэстнийхээ хөгжлийн үзэл санаа, баримтлал ч үгүй болсон. Үзэл санаагүй нийгэм аяндаа өөрөө үжирч ганддаг юм. Бид наанаа өндөр өндөр байшин сүндэрлүүлж, өнгөлөг сайхан машинаар давхилдавч цаанаа ямар ч хөгжлийн тойм, итгэл, чиглэлгүй болчихжээ. Нэгэнт хөгжлийн тойм, чиглэлгүй болчихсон ард түмэн урьд өмнөхөөсөө бүр ч илүүгээр тун хялбархан тархиа угаалгаж, утга учиргүй туйлширч, намаараа талцан хагаралдах болов.

-    Гадаадын мөлжлөг: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид ЗХУ болон бусад орнуудтай байгуулсан эрх тэгш бус зарим гэрээг (энд зориуд “зарим” гэж орууллаа. Гэрээ бүхэн эрх тэгш бус байгаагүй, манайд ашигтай гэрээ их олон байсан билээ) эсэргүүцэж жагссан. Монголчууд хөдөө аж ахуйн бүтээгдхүүнээ, байгалийн баялгаа хямд үнээр нийлүүлж байсныг шүүмжилсэн. Бид өөрсдөө ч мэдээгүй байтлаа 11 тэрбум шилжих рублийн өртэй болчихсон байсныгаа шүүмжилсэн. Гэтэл өнөөдөр тэр шүүмжилж байсан гэрээнээсээ хэдэн арав, зуу дахин ашиггүй гэрээг бид Оюутолгой, Тавантолгойн томоохон ордууд дээрээ байгуулчихсан, Ерөнхийлөгч нь “Одоо яая гэх вэ? Онгон охиноо хүнд өгсөн, одоо ямар ч арга байхгүй. Нэгэнт өнгөрсөн” гэсэн утгатай зүйл яриад сууж байх юм. Бид хуучин ЗХУ-д төлөх ёстой 11 тэрбумын төлбөр ялбараас олон жилийн шургуу гэрээ хэлцээ, тэмцлийн үр дүнд 98 хувийг нь хасуулж байж арай гэж цаана нь гараад эргээд хартал дахиад тийм хэмжээний өртэй болчихсон сууж байх юм. Энэ өр хорогдох биш улам бүр эрчтэй нэмэгдэж байгаа.
Манай байгалийн баялгыг, хөдөө аж ахуйн бүтээгдхүүнүүдийг монгол оронд ямар ч үнэ цэнэгүйгээр хуу хаман цөлбөх үйл явдал сүүлийн жилүүдэд өрнөлөө. Өрнөсөөр л байна. “Бороо гоулд”-ыг жишээ болгон ярьдаг ч түүнээс үй олон уурхай, баялаг гадныхны гар хөл болсон цөөн хэдэн хүний халаасыг л зузаатгаад бусад хувь нь гадагшаа урсдаг урсгал хэвээр байна.

-    Ил тод байх: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид эрх баригчдыг ил тод байхыг шаардсан. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг ил тод ярьж, элдэв гэрээ хэлцэл, өр зээл, аливаа шийдвэрээ ард түмэндээ илт тод болгохын төлөө жагссан, тэмцсэн.
Гэтэл өнөөдөр ил тод байдал бүр үгүй болж, гадаадын томоохон компаниудаас санхүүждэг нам дамжсан бүлэглэлүүдийн хуйвалдаан далдын далд өрнөж, тэр хуйвалдаанаар ард түмний хувь заяа шийдэгддэг болсон. Эрх баригчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдээр үе үе мэдэгдэл хийж, ил тод царайлах авч, үнэн чанартаа жинхэнэ шийдвэр нууц хуйвалдааны үед л гардаг болсон.
Хэдэн арван тэрбумыг завшсан хэргүүдийн тухай үе үе хэвлэл мэдээллээр шуугидаг ч тэгэсгээд нам гүм болж замхарсаар байна. Цөөхөн, тун цөөхөн хэрэг шийдэгдэж, эзэн холбогдогч нь ял авдаг ч шударга ёсны үйлчлэлээр гэхээсээ илүүгээр улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцлийн золиос болон шийдэгдсэн гэвэл илүү үнэнд нийцнэ.
Амьд гэрчтэй, эд мөрийн баримттай С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэг өдий болтол хав дараастай байна. Асар их эрх мэдэл, эд хөрөнгөтэй, нам дамжсан хүчирхэг бүлэглэл цаана нь байгаагаас л өдий 15 жилийн турш чимээгүй байна. Ил тод байдлын тухай мөрөөдөх ч аюултай болсон биш үү.

-    Үзэл бодлын чөлөөт байдал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид үзэл бодлоо, үгээ чөлөөтэй илэрхийлэх, нэг нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэн дээдлэх эрх чөлөөний төлөө жагссан, тэмцсэн. Тэр цагт үзэл бодлын маргаан нь зөвхөн нэг намын үзэл суртлын хашаан дотор л байж болдог, тэр хашаанаас нь гадуур өнгийж харах, соц үзэл сурталд эргэлзэх аваас хавчиж хяхдаг, пионер, эвлэл, намын хурлаар хэлэлцдэг, донгоддог, цаашилбал ажилгүй, сургуульгүй болгодог, цөллөг, шоронд илгээдэг байсан. Шүүмжлэл зөвхөн тэр соц үзлийн хашаан дотор өрнөж болдог, гэхдээ ажил хэрэгч, бүтээлч шүүмжлэл, ялангуяа ёс суртхууны аястай, бас аж ахуйн талын шүүмжлэлийг голдуу хүлээж авдаг, үр дүн ч гардаг байж.
Харин өнөө бид соц үзэл суртлын хэвшмэл хашааг эвдэж, нурааж чадсан ч чухам буцаагаад ямар нэгэн үзэл санааны ул мөр, учирзүйн уг шалтгаан байхгүй, ардчилал гэдэг нэг сайхан эрх дураараа орилж болдог, гэхдээ бусдын орилохыг сонсож болдоггүй, тэвчиж ч болдоггүй, тийм харанхуй муйхар, үл тэвчих необольшевик маягийн хашаа хэрмийг барьж орхижээ. Өнөөдөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд тун осолтой. Хэрвээ таалагдахгүй бол шууд ирээд хутгалж ч мэднэ. Ёс суртхууны тухай шүүмжилбэл өмнөөс ямар ч ёс суртхуунгүйгээр шууд нулимна. Хариуцлагын тухай ярьвал “Хариуцлага гэж юу билээ” гэж гайхна. Ямар нэгэн учир зүйтэй маргаан, нотолгоо үзэл санааны өрсөлдөөн гэж байхгүй, зүгээр л газрын гавруу ортол нь харааж зүхэж, нулимж, тэр шүүмжилсэн хүнээ хүнийх нь хувьд үгүй болгож, дотоод ертөнцийнх нь хувьд харанхуй мунхагаар бурангуйлан дарж авах гэж оролдоно. Зарим тохиолдолд ажилгүй сургуульгүй болгож, зарим тохиолдолд их мөнгөөр амыг нь барих гэж оролдож, бүр зарим тохиолдолд хөлсний алуурчнаар шууд л алуулна. Эсвэл санамсаргүй автын осолд орно. Бидний явж буй зам мөр, ардчилал маань гажсан байна, түүнээ эргэн харж засах хэрэгтэй тухай ярихаар ардчиллын эсрэг үзэлтэн байна, ардчиллын дайсан гарч ирлээ, буцаад коммунизмаа байгуулах гэлээ гэж хийрхэнэ. Энд ямар ч наад захын ёс зүй байтугай наад захын учир зүй, мэдлэг ч байхгүй. Ийм л “дураараа байж болдог, гэхдээ бусдын эрхийг, үзэл санааг үл тэвчдэг, мэдлэггүй, тэнэгдүү, бүдүүлэг, анархи эрх чөлөө”-ний төлөө бид 1990 онд тэмцээгүй билээ. Ийм харилцан түлхэлцдэг, сөрөг цэнэгтэй анархи бөөмсүүдээс бүрдсэн нийгмийг зөвхөн задрах хувь тавилан л хүлээж байдаг.

Ийнхүү түүх биднээр, монголчууд биднээр тохуурхаж байна. Гэхдээ тун хоржоонтой гашуунаар тохуурхаж байна. Түүх яагаад, ямар тохиолдолд тохуурхдаг юм бэ? Үгүй бол түүх дандаа ийнхүү тохуураад байдаг юм уу? Үгүй юм. Түүх ганцхан тохиолдолд л ард түмнээр тохуурхдаг.
Ийм дотроо эв нэгдэлгүй, тодорхой үзэл баримтлалгүй, үндэсний бахархалгүй болчихсон, түрүүнийхээ бөөсийг толгой дээрээ гаргаад залчихсан ард түмнээр түүх тохуурхдаг юм.
Эв нэгдэлтэй, эрдэм мэдлэгтэй, эрмэлзэх зорилготой, түүнээ тойрон эрх ашгаа нэгтгэж чаддаг ард түмнээр түүх хэзээ ч тохуурхаж байгаагүй, чаддаг ч үгүй билээ.

Б.Номинчимэд

Tuesday, June 4, 2013

Өөр дүрмээр тоглох ёстой...

Өнөөдөр "Олигархи" гэж нэрлэж хэвшсэн, улс төр-санхүүгийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн нөхдүүдтэй тэдний ярьдаг хэлээр ярьж, тэдний тоглодог тоглоомын дүрмээр тоглоод хэзээ ч хожихгүй, нэг мэдэхэд өөрсдөө тэдний гар хөлийнх нь үзүүр, тоглоом, их сайндаа тэдний нэг жижкээн хувилбар болж хувирсан байна. Энд ямар нэгэн стратеги энэ тэр байгаа гэж бодох нь гэнэхэн төөрөгдөл. Тэдэнтэй тэдний хэлээр биш, өөрсдийнхөө хэлээр эрс шулуун, чигч зарчимтай ярьж, "тоглох" хэрэгтэй.
Эрч хүчтэй, шулуун шударгад нь миний хувьд бүрнээ итгэдэг залуус АН-д орж, идэвхтэй үйл ажиллагаа эхлүүлж буй нь маш сайн хэрэг. Өнөөдөр манай улс төрийн намууд бүгд үзэл санааны хувьд ч, боловсон хүчний хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч бүрэн дампуурлын байдалд байгаа. "Хургандаа цадаагүй их олон төлөгнүүд"-тэй МАН, боловсролгүй анархи люмпендээ дарангуйлагддаг АН, тахин шүтэх сэтгэлгээдээ дөрлүүлсэн фанатикууд голдуу МАХН гэсэн улс төрийн голлох намуудыг устгах боломжгүй, харин өөрчлөн шинэчлэх л боломжтой. Тэр өөрчлөлт шинэчлэлийг шинэ хүмүүс, ялангуяа эрүүл саруул сэтгэлгээтэй залуус оройлбол сайн хэрэг, өөр юу байх билээ.

Тэд хэн байв?

Тэд хэн байв?

1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франк, Бургунд, Саксони, Баваричууд байгалийн аргалшгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алджээ. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв.
Нормандын засагчид айснаас үүдэн загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, гутралаар дүүрэн захидал нэг нэгрүүгээ шидэлцэж, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм хачин өдрүүд үргэлжилж байв. Трансильвани, Далмацид бүү хэл Баварийн чанадад, бүр алс Саксонид хүртэл худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч байж. Валахи орчимд бол бүтэн жилийн туршид ард түмнээрээ ой шугуйд толгой хоргодон, эрхэм дээдэстэн, вантан баронтон, гүнтэнгүүд нь хүртэл мөчир дээр тогтсон ус шимж, модны мөөг, хэрэм, жирхээр гол зогоож явжээ.
Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.
Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Скиф, Авар болоод Гот, Мажарын олон овог аймгууд Европын хилээр цусан зам татуулан ордог ч төдөлгүй өөрсдөө нэг бол боолын талхинд хүзүүгээ тавьж өгдөг байж, эсвэл өөрсдөө тэр ард түмний нэг нь болж дуусдаг байж... Куман, Печенегүүд, Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.
Османы Огуз Түрэгүүд 1389 оны 6 сард эртний эллиний соёл, загалмайн шашны нэгэн түшиг голомт Византыг унагаж, Косовагийн талд Хорват, Серби, Мажарын хамтарсан 80 мянган цэргийг бут цохиж, Лазар ванг олзолж байхад, Вена хотын босгонд лалуудын саран тамгатай туг нь намирч үзэгдэхэд ч Европчууд ер цочсонгүй, Австрийн баронууд Шопронд хөлтэй найр цэнгээн зохиож, Бургундад эзэн хаан зэрлэг гахайтай хөөцөлдөн явжээ.
Эртний Ромын яруу алдрыг дурсаж, дуудан бахархан явдаг тэр Европыг, загалмайтны нэгдсэн Европыг, Бага Ази, Сири, Иордан, Мисирийн эргийг хүнд жадныхаа үзүүрээр чичлэн доргиож явсан идэрхэг хүчирхэг рыцарь баатруудын нутгийг, дайнч готуудын хойчис францууд, кельтүүдийн үр удам германууд, бяралхаг сляванчуудын салаа салбар польш, литов, чехүүд, өнөөх хүннү нарын цус судсаар нь гүйх мажар, домогт викингүүдийн эр зоригийг өвлөсөн скандинавынхан, цоглог золбоолог норманд, англо саксуудын удам англичууд..., зэрэг омог ихт олон үндэстнийг ингэтэл нь айлгасан Тэд хэн байв? Ямар гээчийн бурхны, эсвэл чөтгөрийн хүчийг эрхшээсэн ард түмэн билээ?
Хуучин домогт өгүүлэхээр тэнгэр бурхадтай тэрсэлдээд ялагдаж, алс элсэн цөлийн чинадад, эсвэл тамын орон Тартарт цөлөгдсөн аварга биет титанууд тамаасаа гарч дахин тэнгэр бурхантай дайтаж даагаа нэхэхээр, ертөнцийг харанхуйгаар хулдаж, цусаар урсгахаар ирж яваа нь тэр үү?

***
Тэд бол Монголчууд, гэхдээ ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист боссон дэлхийн дайнд ганцаар ямагт ялан урагшилж байсан монголын армийн зөвхөн нэг жигүүр, нэг замын цэрэг нь байлаа.
Тэр үед монголчууд хятадын Хөх мөрнөөс Карпатын нуруу хүртлэх өргөн уудамд одож, энэ өргөн уудмын хязгаар бүрд хүчтэй сул янз бүрийн эсэргүүцэлтэй тулгаран дайтаж байв. 60 сая хүнтэй, цэрэг зэвсэг, эдийн засгийн асар их нөөц бүхий Хятадын Сүн улстай өмнө зүгт, нойтон хамуу шиг бууж өгч л байдаг, араас жад бариад босч л байдаг Солонгосуудтай зүүн зүгт, Сүлжүкийн Рүм, армянтай Бага Азид, аббасидууд, ассасинууд болон Багдадын Халифийн чин сүжигт дайчидтай Ираны толгодын зах хязгаарт,  орос, булгар, кумануудтай Дешт-кипчакийн их талын умардад, мөн эрэлхэг уулынхан, гүржүүдтэй Кавказын ар, өвөр бэлд дайтаж, Хорезм шахын их армийн үлдэгдэлтэй Хиндү Кишийн өндөрлөгт хөөцөлдөж явав.


Их хаан ертөнцийн дөрвөн зүгт чичлэв

Монгол овог аймгуудын хооронд яс хаян хядалцуулж, үе үе уулгалан цөлмөж явсан, Амбагай хааныг нь модон илжгэнд хадаж алсан эртний цусан өшийн тангарагтай Зүрчидийн Алтан улстай бүтэн хорин жилийн турш хатуу ширүүнээр зууралдан дайтсаны эцэст 1234 онд Цайжой бэхлэлтийн баруунш луут шар туг сүлднийх нь сэрэг зэвээр газарт хатган нэгмөсөн дарав.
Гэвч Монголын Их Хөх төрийн эзэд тайвшрах болоогүй байлаа. Алтан улсыг мөхөөхөд хүчин хавсарсан Өмнөд Сүн улс монголчуудын эзэмшилд орсон Алтан улсын хязгаарыг довтлон эзэлж, өмнөдөд дайны гал дахин шинээр дүрэлзэв. Энэ дайн даруй 40 жил үргэлжилсэн билээ. Лалын нэгэн хүчирхэг тулгуур Хорезм унасныг хүлээн зөвшөөрөөгүй Лалын ертөнц монголын зүг ямагт хялалзаж, Бага Ази, Перс, Ойрхи Дорнодод шинэ шинэ дайны галыг ноцоож байв. Кавказын өмнөдөд ч загалмайн Армян, Гүржүүд бүрэн номхорсонгүй, Солонгосууд хүртэл Саритай хорчийг буцангуут  монголын төлөөний бүх даргач түшмэлийг хороож, дахин босов.
Бүр 30 гаруй жилийн өмнө мэргидүүдийг өмгөөлөлдөө авч, монголчуудын өмнөөс сэлмээ далайсан Кумануудын хүч алс баруун умардад хэвээр байлаа. Тэд бол байсан газраа багширч, суусан газраа шавалдаж байдаг суурин иргэд биш, байлдаж тулахдаа монголчуудаас огтхон ч дутахгүй баатар зоригтой овжин шалмаг нүүдэлчид тул тэнгис далайн чинадад байсан ч нэг л өдөр тэдний омголон морьдын тоос Хархориныг булж мэдэх аюул осол ихтэй. Тэднийг мөхөл мөхөөж, мохол мохоохгүй аваас гар сул, хөл амар суух боломжгүй.
Кумануудыг өмгөөлөн, монголын элчийг алсныхаа хариуг 1223 оны хавар Калька голын хөвөөнд хангалттай авсан ч сэргэж, хүчээ авсан Оросын вангууд гашуун ялагдлынхаа өшийг санан зангидаж суулаа. Мөн 1224 онд итгэлийг эвдэн монгол цэргийн ар хударгаар довтлон хэдэн мянган эр цэргийг нь алж устгасан Ижилийн Булгар, Асу, Буртасууд хэгжүүн хэвээр, тэдэнд сануулга өгөхгүй аваас дайчин их хар сүлд гундах билээ.
Эдгээр эгзэг аюул бүхнийг дэнслэн эргэцүүлэхээр Монголын их гүрний хаан Өгэдэй 1235 онд Хархорин хотноо монголын язгуур ихэс дээдэс, баатар ноёдын Их Хуралдайг зарлан хуралдууллаа. Их хуралдай улс төр, цэрэг дайны асуудлыг дэлхийн энгээр хэлэлцээд, дэлхийн түүхийг өөрчилж, улс үндэстнүүдийн хувь заяаг шийдэх дараах шийдвэрүүдийг гаргажээ.Үүнд:
-Зүүнд Солонгосыг номд нь оруулах,
-Өмнөдөд Сүн улстай дайтах,
-Баруунд Кумануудыг мөшгил үгүй болгож, оросын вангууд, Ижилийн булгаруудыг дарах, улмаар баруун хил хязгаарыг бүрэн аюулгүй болгохын тулд Европыг түншиж, шаардлагатай бол байлдан дагуулах,
-Ойрхи дорнодод дайны галыг идэвхжүүлж, Лалын ертөнцөд хатуухан сануулга өгөх, Энэтхэгийн умардад цэрэг илгээн аюул бий эсэхийг турших, эдгээр байлаа.
Ийнхүү Монголын Их хаан хүнд болд бялуугаа өргөн ертөнцийн дөрвөн зүгт чичлэв. Монголын баатар их эрс уухайлан хүрхрэв. Ертөнцийн дөрвөн зүгт доргин чичирхийлж, сууж байсан нь босон харайж, унтаж байсан нь цочин сэрж, сэрээгүй нь хар даран хашгирав. Үүлс хуйларч, аянга нижгэнэв. Салхин шуугиж, усан цалгирав. Хад хагарч, хайрга үсчив.

***
Алс баруунш дайлах их аяныг Зүчи ханы ууган хүү Бат болон Дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “Урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүбээдэй баатар нарт даалгаж, бүх хан хөвүүдийн ахмадуудад энэхүү аянд өөр өөрийн цэрэг армийг удирдан оролцохыг үүрэг болгожээ. Түүхэнд “Хан хөвүүдийн аян дайн” (Олонхидоо “Ахмад хөвүүдийн аян дайн гэдэг) гэж нэршжээ. Энэ дайнд Их хаан Өгөөдэйн хөвүүдээс Гүюг (хожим их хаан болсон), Хадаан, ач Хайду, Цагаадай хааны хөвүүдээс Байдар, ач Бүри, Зүчи хааны хөвүүдээс Батхаанаас гадна Бэрх, Орд, Шейбан, Тулуй хааны хөвүүдээс Мөнх, Мөнхтэй эх тусгаар Бужиг зэрэг олон хан хөвүүд оролцжээ.
Тэд юуны өмнө Куманууд, Оросын вангууд, Ижилийн булгаруудаас ял асуух ёстой. Ийнхүү ял асуухын мөн чанарыг түүхч Ж.Бор “Үнэхээр ч хилсээр алагдсан хүмүүсийнхээ өсийг нэхэхгүй орхивол дундад эртний Монголчуудын хувьд уучилж болшгүй гэмт хэрэг болох байлаа. Энэ бол Монголчуудын сэтгэлзүйн ч хэм хэмжээ, Чингисийн “Их Засаг хууль”-иар батлагдсан хуульзүйн ч хэм хэмжээ байсан юм” гэж тодорхойлсон байна.
Үргэлжлэл бий

Б. Номинчимэдийн “Эгнэшгүй нөхрийг олов” номоос

Thursday, May 30, 2013

Бид Төрийг жинхэнэ утгаар нь цогцлоож явсан билээ

Мисир, Вавилон, Грэг, Ром, Эртний Хятад зэрэг суурин үндэстнүүд зуун зуунааар төрт ёсыг бий болгож, хөгжүүлж ирсэн ч төрийг жинхэнэ утгаар нь зөвхөн Чингис хаан Их талын цээжинд цогцлоож чадсан байна. Чингис хааны төрийн механизмын бүхий л эд анги, нэгжийнх нь хөшүүргэ, хэлхээ бүхнийг батлан бэхэлсэн гагнуур нь ШУДАРГА ЁС болж байв. Урьд хожид хэзээ ч ийм өвөрмөц шинж төрх бүхий төр оршиж байсангүй. Тиймдээ ч тийм бага хүн хүч бүхий Монгол тийм их хүчирхэг байсан юм.

Monday, May 27, 2013

Хүүхдийн сонгодог зохиолууд Хүүхдийн баяраар 20-50 хувь хямдарлаа.

Хүүхдийн баяраар 20-50 хувь хямдарсан номууд. /нийт 95 төрлийн ном байна/

Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “ЭРДЭНЭСИЙН САН” цувралын номууд

Эдгээр номууд нь маргааш Их дэлгүүрийн өмнөх Битлзийн талбай дээр болох номын яармаг худалдаанд дараах үнэтэй байна. Байрлал. Баруун талын 5, 6 павилон.

50 ХУВЬ ХЯМДАРСАН НОМУУД

1. А.Милн “Винни Пүү нэрт тэнэгхэн бамбарууш” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/
2. К.Льюис “Шидтэний зээ дүү” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/
3. К.Льюис “Морь, хүү хоёр” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/
4. К.Льюис “Каспиан ханхүү” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/
5. К.Льюис “Үүрээр аялагч хөлгөөр зорчсон нь” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/
6. К.Льюис “Мөнгөн сандал” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/
7. К.Льюис “Сүүлчийн тулаан” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/

33 ХУВЬ ХЯМДАРСАН НОМУУД

1. Э.Рауд “Углавч, Талшаахай, Хөвдөн сахалт” /Шинэ үнэ 5500₮, хуучин нь 8000₮/
2. Д.Уисс “Эрэлхэг Робинзоныхон” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
3. Х.Лофтин “Долитл эмчийн аялал” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
4. К.Грахам “Бургаасан шугуйн салхи” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
5. “Таван сургамж буюу Панчатантра” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
6. А.Волков “Шар манан” /Шинэ үнэ 5500₮, хуучин нь 8000₮/
7. А.Волков “Газар доорхи орны долоон ван” /Шинэ үнэ 5500₮, хуучин нь 8000₮/
8. А.Волков “Маррануудын галын бурхан” /Шинэ үнэ 5500₮, хуучин нь 8000₮/
9. А.Волков “Мартагдсан цайзын нууц” /Шинэ үнэ 5500₮, хуучин нь 8000₮/
10. “Робин Хүүдийн домог” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
11. “Раамын үлгэрийн цоморлиг” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
12. Р.Стевенсон “Хулгайлагдсан хүү” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
13. Р.Стевенсон “Жекилл, Хайд нарын хачирхалтай явдал” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
14. М.Шелли “Фрэнкенстейн буюу Мангас бүтээгч” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
15. Э.Т.Гофман “Самарцөмөгч ба хулганы хаан” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/

20 ХУВЬ ХЯМДАРСАН НОМУУД

1. А.Дюма “Багачуудад зориулсан ер бусын түүхүүд” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
2. В.Гауф “Хүйтэн зүрхэт” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
3. Х.Андерсен “Аз жаргалын шаахай” /Шинэ үнэ 8000₮, хуучин нь 10000/
4. К.Колоди “Пиноккио нэрт модон хүүгийн үлгэр” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
5. “Хүрхрээний тоглосон аялгуу” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
6. О.Уальд ”Аз жаргалтай ханхүү”, Ф.Бөрнет “Цэнхэр цэцэгсийн орон” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
7. Ф.Баум “Маргад хотын гайхамшигт шидтэн ОЗ” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
8. О.Пройслер “Бяцхан шулам” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
9. М.Метерлинк “Цэнхэр шувуу” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
10. Р.Киплинг “Зүгээр л үлгэрүүд” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
11. “Мянгуужингийн адал явдал” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
12. Э.Успенский “Гена матар ба түүний нөхөд” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
13. “Мянга нэгэн шөнийн үлгэр” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
14. Р.Киплинг “Ширэнгэн ойн ном” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
15. “Эмээг шар шувуу байхад” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
16. Ф.Бөрнэт “Бяцхан гүнж” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
17. Л.Алкотт “Жаалхан авхай нар” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
18. Ж.Спайри “Хэйди” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
19. Ф.Бөрнэт “Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
20. Ф.Бөрнэт “Нууц цэцэрлэг” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
21. Р.Балантайн “Шүрэн арал” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
22. Марк Твен “Хаклебери Финний адал явдал” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
23. Р.Стивенсон “Эрдэнэ нуусан арал” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
24. Х.Хаггард “Соломон хааны эрдэнэсийн сан” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
25. Ж.Аустин “Бахархал ба бардамнал” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
26. Э.Бронте “Аянгат даваа” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
27. Г.Лерүкс “Дуурийн театрын хий үзэгдэл” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
28. К.Уиггин “Нарлаггорхи эдлэнгийн Ребекка охин”
29. А.Сэвел “Хөөрхөн хар” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
30. “Артур вангийн домог” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
31. Ч.Диккенс “Аугаа их итгэл найдвар” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
32. Ж.Лондон “Цагаан соёот” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
33. Ж.Верн “Дэлхийг 80 хоногт тойрсон нь” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
34. А.Доил “Шерлок Холмсын адал явдал” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
35. Л.Кэролл “Алиса толин дотор” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
36. “Цус сорогч Дракула” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
37. Л.Монтогомери “Ногоон давхарцагийн Анна охин” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
38. Х.Г.Уэлс “Цаг хугацааны машин” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
39. Ж.Мелвилл “Моби Дик” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
40. В.Хюго “Эх дагинын сүмийн бөгтөр” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
41. Л.Монтогомери “Эвонлигийн Анна” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
42. М.Дож “Мөнгөн тэшүүр” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
43. М.Твен “Ханхүү, ядуу хүү хоёр” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
44. А.Дюма “Төмөр багтай хүн” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
45. М.Сидней “Таван бяцхан Пэппер” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
46. Л.Алкотт “Жаалхан эрчүүд” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
47. Ж.Барри “Питер Пэн, Винди хоёр” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
48. Ж.Барри “Питер Пэн Кенсингтоны цэцэрлэгт” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
49. Ян Бжехва “Ноён Бэхэндусалын аялал” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
50. Ж.МакДональд “Гүнж ба Гоблинууд” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
51. Орасио Кираго “Ухаант аварга могойн түүх” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
52. “Шидэт хүүрийн үлгэр” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
53. Р.Киплинг “Шидэт толгодын савдаг” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
54. П.Трэверс “Интоорт гудамжны Мэри Поппинс” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
55. Пол Геллико “Женни муур” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
56. Э.Несбит “Нойтон шид” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
57. К.Солтен “Бэмби” /Шинэ үнэ 8000₮, хуучин нь 10000/
58. Б.Алмазов “Хамгийн сайхан морь” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
59. Н.Боуден “Шулмын охин” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
60. К.Патерсен “Аугаа их Гилли Хопкинс” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
61. П.Бажов “Зэст уулын эзэгтэй” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
62. В.Ирвинг “Нойрмог хөндийн домог” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
63. С.Лагерлеф “Шидэт дэнлүү” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
64. Э. Портер “Поллианна” /Шинэ үнэ 8000₮, хуучин нь 10000/
65. Л.Кэрролл “Алиса гайхалтай оронд” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
66. Э. Гоуж “Бяцхан цагаан морь” /Шинэ үнэ 8000₮, хуучин нь 10000/
67. С.О’Делл “Дельфинт цэнхэр арал” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
68. “Эртний цайзын сонин хачин” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
69. “Гэсэр” /Шинэ үнэ 8000₮, хуучин нь 10000/
70. Дэлхийн шилдэг аж байдлын үлгэрүүд /Шинэ үнэ 12000₮, хуучин нь 15 000/
71. Дэлхийн шилдэг шидэт үлгэрүүд /Шинэ үнэ 12 000₮, хуучин нь 15 000/
72. Дэлхийн шилдэг баатарлаг үлгэрүүд /Шинэ үнэ 12 000₮, хуучин нь 15000/
73. Махабхарата буюу Пандугийн удмын их тулаан //Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/

Утас: 98989959
Майл: banom2001@yahoo.com
 95 номыг бүгдийг нь авбал
523 500 төгрөг болж хямдралын өмнөх 691 000 төгрөгөөс 167 500 төгрөг хэмнэх боломжтой.

Sunday, May 26, 2013

Ялан дийлэхүйн арга замаас

Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүбээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхчид гайхан шагширсаар иржээ. 5 сая хүнтэй Кавказын умард, Куманы уудам тал нутгийн ард түмнүүд, 9 сая хүнтэй Орос орон, 8 сая гаруй хүнтэй Дорнод Европ сөхрөв. Баруун Европ ч эсэргүүцэх чадваргүй болж, үндсэндээ бууж өгөөд байв. Бат, Сүбээдэй хоёрын арми дээрх ард түмнүүдийн тооноос 230 дахин, харин тэдний гаргаж байлдуулсан цэрэг армиас 6-7 дахин бага байв.

Монголын арми 1236 оны намар Камын Булгарт довтолсноос 1241 оны 12 сард Жур хотоос буцах хүртэлх 5 жил гаруй хугацаанд зүүнээс баруун хүртлээ 2000 орчим км, хойноос өмнөд хүртлээ уудам 1600 орчим км уудам орон зайд байлдааны 100 гаруй аян, ажиллагаа явуулж, их бага 90 орчим тулаан, мөргөлдөөнд ялж, өөрсдөөсөө 3-4 дахин олон амьд хүчийг устгажээ.

Хамгийн сонирхолтой нь ар талаасаа хэдэн мянган км-ийн алс зайд, нэмэлт хүч хийгээд хоол хүнсний хангамж, найдвартай ар тал байхгүй, байнгын дайсагнагч ард түмнүүдийн дотор, огтоос мэдэхгүй бүс нутагт, байгалийн их саад бэрхшээл дундуур тийм ч томд орохооргүй нэг арми ийм урт хугацааны, алс холын аян дайныг гялалзсан амжилтаар дуусгасанд байгаа юм.

Ийм амжилтад хоёр хүчин зүйл чухал нөлөө үзүүлсэн байна.



Нэгд, Европын талаарх монголчуудын мэдлэг асар өндөр, маш нарийн мэдээлэлтэй байсанд юм.

Харин Европчууд монголчуудын талаар ямар ч ойлголтгүй байсан ба аргаа барахдаа үлгэр домогт итгэхэд хүрч, тэр үлгэр домгоосоо үхтлээ айж, бажгидаж байжээ. Дайснаа мэдэхгүй байна гэдэг ялагдлын эхлэл юм.

Монголчууд Европын ард түмний аж байдал, өвөр хоорондын зөрчил, хот суурингийн байршил, газар усны онцлог, цаг уурын нөхцөл, цэрэг зэвсгийн хүчин чадал, хөдөлгөөн, төлөвлөгөөг өөрсдөөс нь ч илүү сайн мэдэж байсан байдаг.

Үүнд үнэн зөв, нарийн нууц мэдээлэл цуглуулж чадах сайтар зохион байгуулагдсан тагнуулын сүлжээ чухал үүрэг гүйцэтгэснээс зайлахгүй.

Сүбээдэй баатар Зэв ноёны хамт 1223 онд Кумануудыг дайлж явахдаа Крымийн хойгт байх Хар тэнгисийн худалдааны чухал боомт Судак хотыг эзэлж, Хар тэнгис, Газар дундын тэнгисийг дамжин боолын голдуу наймаа хийдэг байсан Венецийн худалдаачидтай гүн бат холбоо тогтоон Хар тэнгист наймаа хийх давуу эрх олгож, олзлогдсон куман, түрэг угсаатнуудыг хямдхан өгч, хариуд нь баруун Европын цэмбэ голдуу бараа авахын зэрэгцээ, гол нь тэднээр дамжуулан Европын бараг бүх томоохон хотуудад, нийгмийн бүх давхаргынхны дунд тагнуулын сүлжээг байгуулж чадсан байна.

Монголын армид европыг багагүй мэдэх куман, булгар, оросууд олноороо алба хааж байсны дээр англи язгууртан ч хүчин зүтгэж явжээ. Ромын Пап IX Григорий, Германы Ариун Ромын эзэнт улсын хаан II Фридрихийг Бат хаантай сүлбэлдлээ, шашин шүтлэгээсээ урвалаа хэмээн хардаж байсан нь ортой юм. Монголчуудын далд нууц туршуулууд аль хэдийнэ II Фридрихтэй холбоо тогтоож, ямар нэгэн нууц тохиролцоо хийчихсэн байхад гайхах явдалгүй л байжээ. Ерөөс эзэн хааны засаглал, Папын засаглал хоёрын зөрчил бараг 50-иад жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд “Пап бол нар, эзэн хаан бол сар. Сар нь нарнаас илч гэрлээ авч байдгийн адил эзэн хаан нь Папаас өөрийн засаглах эрхээ авах ёстой” гэсэн Папын оройлох үзэл тэдний зөрчлийн суурь болж байжээ. Энэ зөрчил II Фридрих, IX Григорий хоёрын үед дээд туйлдаа хүрчихээд байв. Европын голлох хоёр хүчний хоорондын энэ зөрчлийг Сүбээдэй баатар сайн мэдсэн байх боломжтой. Дорнод Европ монголчуудын хөлд нэгэнт сөхөрчихөөд, монголчууд Мажарт амар тайван зусаж, намаржиж байх бүтэн 8 сарын хугацаанд, мэгдэж сандарсан IV Бела хаан Европын бараг бүх хаад, ихэс ноёдод хүчин туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал элч илгээсээр байхад Төв болон Баруун Европт монголчуудтай дайтах, хүчээ нэгтгэх ямар ч оролдлого болоогүй нь нэг талаар монголчуудын сүр хүчнээс эмээн гүн шоконд орсон, нөгөө талаар Сүбээдэй баатрын тагнуулын сүлжээ идэвхтэй үр дүнтэй ажилласных байж болох бүрэн үндэслэлтэй.

Тэгээд ч II Фридрих бол дорнын соёлыг ихэд дээдэлдэг, лал цэргээр хөлсний армиа бүрдүүлсэн, латин хэлээр захидлаа, араб хэлээр шүлгээ бичдэг, өндөр боловсролтой, дорно дахинтай нээлттэй харилцахыг эрмэлздэг хүн байсныг аугаа туршлагатай жанжин маань анзаарахгүй өнгөрөөсөн гэхэд итгэмгүй билээ.

Ер нь монголчуудын тагнуулын мэдээлэл цуг-луулах хүрээ цар ер бусын... 1260-аад онд Хүлэг хааны худалдаачин-туршуулууд бүр Африкийн зүүн өмнөд дэх Зимбабе хүртэл явж наймаа арилжаа хийн, мэдээлэл цуглуулж байсан мэдээ занга ч бий.

Хүнд бэрх аян дайныг ялалтаар дуусгахад чухал нөлөө үзүүлсэн хоёр дахь хүчин зүйл бол мэдээж хэрэг монгол жанжид, баатруудын дайтан тулах арга стратеги, цэрэг дайчдын хатан тэвчээр, ур чадвар юм.

Сүбээдэй баатар, Бат хаан, Байдар, Хадаан, Хайду, Гүег, Мөнх, Бүжиг, Шейбан зэрэг хан хөвүүд байлдан тулах бүрдээ Европынхонд нохой хэрэл хэрэн ухран дагуулж зуухт оруулан гацаах, харгана зорчил зорчиж бүслэх, цүүц хатгаа хатган цочоож самууруулах, нуур байт байлдан хуваах, нүүр дээрээс нь асган бүрхэх, алингачлан мэдэх, газар орны онцлогыг хэрхэн үр ашигтай ашиглах, ялалтаа төлөвлөх зэрэг дайн тулааны үй олон нарийн нандин хичээл зааж байжээ.

Бүр хожим XIX зуунд төмөр канцлер Бисмаркийн үед Прүссийн засгийн газар Лигницийн дэргэдэх тулаанд амь үрэгдсэн Үнэн сүсэгт II Хенрийн дурсгалд босгосон Бенедиктийн сүмийг уг тулалдааны арга тактикийг тусгайлан судалдаг цэргийн сургууль болгон өөрчилж, германы цэргийн ирээдүйн дарга нарыг сургаж байсан тухай Ж.Уэтерфорд номондоо дурдсан байна.

Монгол цэргийн зэр зэвсгийн чадамж, ялангуяа нум харваж мэргэн онох чадвар европчуудаас хол тасархай, бидний сайн мэдэхээр ангийн ТОЗ-8 калибр, байлдааны тусгалд оруулсан дуран хараат винтов хоёрыг зэрэгцүүлсэн мэт байжээ. 1241 оны 3 сард Краковын Гэгээн Марийн сүмийн бүрээч цэргийн хоолойг нэвт харвасан монгол цэргийн цэц нь Есүнгэ мэргэний 335 алдад мэргэн онож, хад чулуунд алдраа мөнхлүүлсэн харваатай эн дүйхүйц бөгөөд ерөөс тэр үед иймэрхүү харвалтууд бараг л өдөр бүр Европынхныг сандарган, мэгдүүлж байж...

Монгол эрс хэдэн ч өдрийн өл хоол, нойр амралтыг үл тоон, хүлгийнхээ гүрээний цус, шүүдрийн ус төдийгөөр умдаалсан болчихоод л хатуу чангаар дайтан тулдаг, намхан давжаа монгол морьд ч өчүүхэн төдий холтос зомгол мэрчихээд, хэдэн хоногоор галзуу юм шиг давхилдаж, өргөн их усыг ч, өндөр их уулсыг нь юман чинээд тоохгүй гэтэлчихээд байсан нь Европынхонд махан бодод баймгүй ер бусын санагдаж байж... Монгол дайчид эзэн захирагчдынхаа тушаалыг гүйцэтгэхийн тулд амь золин эцсээ хүртэл зүтгэдэг, олзлогдох юм бол амь гуйж, өршөөл эрдэггүй омог бардам байж...

Монголчуудын авьяас чадвар, тэсвэр тэвчээр, хүч чадлыг Фома ламтан бахдан “Татарууд шиг байлдаж тулахдаа тийм их туршлагатай, ялангуяа хээр талд хэрхэн ялж дийлэхээ мэддэг ард түмэн энэ дэлхийд байхгүй. Эр зоригоороо, ухаан билгээрээ тэд хэнтэй ч эгнэшгүй” хэмээн бичиж үлдээсэн байна. Ламтанг өштөн дайсныхаа тухай ингэж бичихэд хүргэсэн монгол баатруудын хүч чадал, авхаалж самбаа, ухаан билэг гайхамшигтай.


"Эгнэшгүй нөхрийг олов" номоос

Friday, May 24, 2013

“Эгнэшгүй нөхрийг олов” номоос...

Үргэлжлэл..

УРВАГЧДИЙН ТӨГСГӨЛ

Тулалдаанаас амьд үлдсэн монгол гэж бараг үлдсэнгүй. Золоор амь гарсан хэд нь Дамаск, Хам, Баалбекийн зүг зугтаав. Сирийн олон хотуудад захирагчаар сууж байсан цөөн тооны монголчууд хамгаалалтгүй болж, бужигнаж эхлэв. Хүлэг хааны цэргийн хүч Хойт Армени болон Иранд төвлөрөөд байжээ. Айн-Жалудын тулалдаанаас зугтагсдыг шил даран мөшгөсөн Бибарс ачаа хөсөг, гэр бүлээ аван ухарч байсан монголын хэсэг бүлэг дүрвэгчдийг ээлж дараалан хядсаар бүр Алеппо хүрсэн байна. Хамад байсан Хит Бухагийн эхнэр хүүхэд, өргөө гэрийг олзолж Күтүзд хүргэсэнд тэрбээр өчүүхэн ч эргэлзээгүйгээр цавчиж орхив. Мөн монголчуудын талд орсон орон нутгийн ихэс ноёдыг ч баривчлан авчирч эртний сурвалж гарвалыг нь ч үл харгалзан олноор нь цаазалжээ.
Хамгийн ихээр хядуулсан нь Дамаскийн христос шүтлэгтнүүд байжээ. Күтүз ялалтын цуваагаар Дамаскт орж ирээд тэнд монголчуудын ивээлээр байр сууриа бэхжүүлээд байсан христ мөргөлтнүүдийг толгой дараалан хядаж, Арабын улайрсан лал шүтлэгт Омейядууд болон Фатимид Эйюбидын зэрлэг күрдүүд хүртэл хайрлаад гар хүрч зүрхлээгүй асан Сирийн загалмайтнуудын бүтээсэн соёлын их өвийг үнсэн товрог болгон ялалтынхаа баярыг тэмдэглэжээ. Тэгээд зогссонгүй, Сири даяар Загалмайтнуудыг хомроглох аян өрнөж, “загалмайтнуудын цус Хүлэг хааны довтолгооны үед хөнөөгдсөн Лал шүтлэгтнүүдийнхээс хувь илүү урссан” хэмээн үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүс бичиж үлдээжээ. Ийнхүү Акра, Тур, Сидоны загалмайтнуудын ашиг харсан урвалтын төлөөсийг тэр дариудаа Сирийн загалмайтнууд өршөөлгүй асгарсан цус болон олон арван жил бүтээн босгож ирсэн соёлын өвөөрөө төлсөн төдийгүй ерөөс төд удалгүй Сири орны баруун умард эрэг орчимд бэхжээд байсан түшиц газраа Загалмайтнууд үүрд алдсан байна.
Айн-Жалудын тулалдаанд оролцсон султануудаа Күтүз толгой дараалан шагнаж, Сири оронд газар бүр эзэмшил олгожээ. Мөн эгзэгтэй цагт урван, Монгол цэргийн зүүн жигүүрийг орхин одож, тулалдааны үр дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Муса султаныг монголчуудын Сирид орж ирэхэд бууж өгөн дагалдсанаар эрх мэдлээ хэвээр нь хадгалж байсан хуучин эзэмшил газраа үргэлжлүүлэн захирах эрхийг өгчээ. Урвагчид бол олдохуйяа том шан шүү.
Харин тулалдаанд голлох үүрэгтэй оролцсон төдийгүй Алеппо хүртэл Сириг нэвт амжилттай давшиж, олон хотуудад монголчуудын засаглалыг унагасан гол хүн Бибарсад Күтүз төдийлөн таатай хандсангүй. Угаас тэр хоёрын дунд өнө эртний өш зангидаатай байжээ. Учир нь Сири дахь Бахричуудын эзэн захирагч Актайн аллаганд Күтүз оролцсон бөгөөд Бибарс нь Актайн дотнын хүн байсан гэх. Энэ хоёр эр Монголчуудын эсрэг энэхүү өс хорслоо түр хойш нь тавьж нэгдсэн байжээ.
Бибарс алдар гавьяаных нь төлөө Күтүз өөрийг нь Алеппогийн султанаар тавих болов уу хэмээн харж байсан нь талаар болсонд тэдний хоорондох хуучны өш хонзон дахин хэзээ ч эвлэхгүйгээр босч ирсэн хэмээн бичсэн нь ч бий. Эрх мэдэлд дуртай, хүчтэй Бибарсад эрх мэдэл өгч, боломж олгох нь Күтүзэд аюултай байсан биз.
Күтүз Сири дахинд хийсэн амжилттай аянаа өндөрлөөд буцах замдаа ан хийжээ. Туулай /үнэг/ харвасанд Бибарс урьдаас бэлтгэсэн нэгэн хүнийг Күтүз рүү гүйлгэжээ. Тэр хүн өмнө нь алах ялд унасан байсан ч Күтүзийн өршөөлөөр амь хэлтэрсэн нэгэн байж. Тэр этгээд Күтүзийг алсан ангийнхаа дэргэд мориноосоо буух үед гүйн очиж өмнө нь сөхрөн унаад, амь хэлтрүүлсэнд талархаж, үүнээс хойш үүрд өөрт нь үнэнч байхаа тангараглан, баруун гараараа биед нь хүрч адислахыг хүсчээ.
Хар сэр аваагүй Күтүз гараа сунгах агшинд өнөөх этгээд гараас нь зууран барьж, дэргэд нь явсан Бибарс Күтүзийн гарыг тас цавчин, улмаар тэнд нь хороосонд Күтүзийн ойр дотнын бүх хүмүүс гэлмэн цочиж, улмаар Бибарсыг хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Монголчуудыг ялсан их ялалтын алдрыг Күтүз биш Бибарс хүртэж, Кайрын гудамжинд хөөрсөн олноор тосуулжээ.
Өөрийг нь өсгөн Мамлюкийн армийн командлагчийн зэрэг дэвд буюу Мисирийн хоёрдугаар хүний суудалд гаргаж ирсэн Айбег султанаасаа урваж, хүүг нь хороон, хаан суурийг нь булаан авсан Күтүз тийнхүү бас нэгэн урвагчийн гарт алуулж, урвагчийн үхлээр буюу нохойн үхжээ. Айбег султан ч мөн Мисирийн хууль ёсны эзэн султаныг алж цэргийн эргэлтээр 1270 онд хаан суудалд заларч байсан ажээ.
Хит Буха ноёнтон Күтүз болон түүний эзнийг урвагч хэмээн яллан донгодож байсан нь урвагчдийн хувь заяа Тэнгэрийн зургаар болохыг зөгнөсөн хэрэг байлаа.


Эпилог

Нэгэн жарны туршид асар эрчтэй урагшилсан Монголын эрч хүчний оргилолт Синайн цөлийн элсэнд үерийн борооны ус мэт Айн-Жалудын толгодод саарч, монголчууд ялагдашгүй, тэд бол бурханы хүсэл зоригийг гүйцэлдүүлэгчид гэсэн өрнө, дорнодод нэгэнт түгэж, хууль болон тогтнож байсан ойлголт замхарч, зөвхөн домог болон үлдэх хувь заяатай болов. Монголчуудыг ялж бас болдог юм байна гэдгийг Араб, Лалын ертөнц даяар мэдэрч, монголчууд бол бидний л нэгэн адил мах цусанд төрсөн, ялагдал, ялалт хоёрын торгон ирэн дээр бусдын л адил дэнжигнэж байдаг юм байна гэдгийг ертөнц дахин ойлгож эхлэв.
Хэдийгээр Айн-Жалудад тулалдсан монголчууд нь Монголын Их эзэнт гүрний нэг өчүүхэн хэсэг, дөнгөж ганцхан түмт байсан ч, Айн-Жалудын тулалдаан нь Монголчуудын хийж байсан хэдэн зуун тулалдаануудын нэг бяцхан хэсэг нь төдийхөн ч, Айн-Жалудад монголчууд ялагдсанаар Ил хаант улсын ул суурь өчүүхэн төдий ганхаагүй ч агуулгаараа монголын эзэнт гүрний ертөнцийг ноёрхох үзэл санааны ялагдал болсон байна.

Чингис хаан хүмүүсийг хоёр ангилж үздэг байсан бөгөөд энэ нь ихэс дээдэс - харц боол хоёр бус, баян - ядуу хоёр ч бус, харин үзэл санаа, үнэнч тууштай чин шударгуу чанараар нь ангилан үздэг байжээ. Зарим хүмүүс эхнэр хүүхэн, элбэг тансаг байдал, нэгэн олдох бие, нэхэн олдохгүй амь насыг эрхэмлэн дээдэлж, өөрөөр хэлбэл alter ago- хэт шүтэж, хувиа бодож, нэр төр, алдар гавьяа, нийтлэг эрх ашгийг ямагт хоёрдугаарт тавьдаг байна. Тийм хүмүүс ямагт нэгэн хүчирхэг эзэн, даргыг дагаж, түүний эрх, сүрэнд захирагдаж, тэднээс айн чичирч байдаг агаад тэд эгзэг таарвал ивээн тэтгэсэн эздээсээ хэзээ ч урван, араас нь адгийн муухайгаар хутга шаахад, хаашаа ч холбироход бэлэн байдаг байна. Тийм хүмүүс ашиг харж, нийгмийн нийтлэг хэв ёсыг уландаа гишгэхдээ ер сэтгэл төвддөггүй төдийгүй зарим тохиолдолд түүнээ бах тав болгон цэнгэх нь ч бий.
Тийм хүмүүс хүн төрөлхтний түүхэнд үеийн үед гай гамшиг, зовлон, ичгүүр сонжуургүй бүхнийг таригчид байсан бөгөөд Чингис хаан тийм хүмүүсийг адгын боол хэмээн үзэж, хаа таарсан газар бүхэндээ өт хорхой мэт няц даран цээрлүүлж байлаа. Жамухыг барьж ирсэн түүний нөхдөд Чингис хаан нохойн үхэл оноосон бөгөөд харин Тайчуудын Таргудай эзнээ алалгүй тавьж явуулаад ирж нийлсэн Наяад итгэл үзүүлэн их хэрэг даалгаж байсан бөгөөд тэр хэзээ ч Чингис хааныхаа итгэлийг хөсөрдүүлж яваагүй билээ. Тайчуудын Зургаадай хэдийгээр өштөн дайсан нь ч түүний эрэлхэг эрэмгий, үнэнч шударгыг нь Чингис хаан үнэлж, чухам энэ үнэнч шударга, итгэлтэй, нийтлэг эрх ашгийн төлөө өөрийгөө өчүүхэн ч эргэлзээгүй золиосолж чаддаг чанар л тэдний төдийгүй Чингис хааны бусад олон өрлөгүүд, нөхөд сэлтийн өөр хоорондын нөхөрлөлийг үүрд салшгүйгээр гагнасан байна.
Зэв мэт, Наяа мэт, Мухулай мэт, бас Хит Буха ноён мэт эрхэм нэрээ амь наснаасаа дээгүүрт тавьдаг, сэтгэл зүрхэндээ дээд хөх тэнгэрийн дуудлагыг мэдрэх мэдрэмжтэй, нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, эд хөрөнгө, элдэв цэнгэл, нэгэн биеийн өчүүхэн шуналыг огоорч чаддаг тийм хүмүүсийг Чингис хаан хөх тэнгэрийн харьяат иргэн хэмээн өндрөөр үнэлэн тэтгэж, тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, чухам тийм хүмүүсээр улс гүрнээ бүрдүүлж байлаа.
Чингис хааны аугаа ялалтын, Монголын эзэнт их гүрний ялагдашгүйн нууц нь чухам энд байсан бөгөөд Л.Гумилев тийм хүмүүсийг “урт дурынхан” хэмээн томьёолсон. Тийм хүмүүс бол чин үнэнч сэтгэл, зүтгэл, эрэлхэг бардам, омог төгс чанараараа онцгой содон ялгардаг бөгөөд энэ нь XIII зууны монголчуудын нийтлэг хэв шинж байв. Айн-Жалудад эрсэдсэн Хит Буха жанжин хийгээд бусад монгол баатрууд ч тийм л хэв шинжийн сонгодог сүүлчийн төлөөлөл нь байлаа. Учир нь чухам тэр цагаас хойш монголчуудын тэрхүү гайхамшигтай онцлог шинж бүдэгрэн, аажим аажмаар замхарч, газар сайгүй урвалт, хувиа бодох, явцуу эрх ашгаа дээдлэх үзэл хогийн ургамал мэт үржиж, эзэнт гүрний эрч хүчийг сульдуулан, сүр сүлдийг гутаасан юм. Ялангуяа Монголын бага хаадын үед энэ бүр хэмжээ хязгааргүй болж билээ.

Чингис хааны яруу алдарт Их Монгол гүрэн нь Чингис хааны өөрийнх нь үзэл санааг дагасан “урт дурын” хүмүүсийн гүрэн байсан бол бага хаадын үеийн Монгол нь явцуу эрх ашгийн төлөө үхэлдэн тэмцэлдсэн өчүүхэн урваач шарваачдын орон болсон байв. Тэд Чингис хааны Их засаг хуулийг аль хэдийнэ умартаж, Хөх тэнгэрийн эрх хүчийг мэдрэх мэдрэмжээ аль хэдийнэ гээж, хүний амьдралыг орчлонгийн бүхэл оршихуйн утгаар нь бус энэ нэгэн махан биеийн үхэх төрөхийн хоорондох хязгаараар хардаг болсон үе байлаа.
Өнөө цаг үе ч мөн түүнээс ялгаа алга. Өнөө цагийн монгол хүмүүнд Чингис хааны монголчуудын үр хойч гэн нүүр бардам хэлэх ёс суртахууны эрх бий эсэхэд эргэлзэн эмзэглэх мөч мөн ч их болж, Чингис хааны үедсэн бол хэзээ ч өөд нар харахгүй байсан тийм урвагчид, амин хувиа хичээгчид өнөө өт хорхой, жоом бямсаа мэт асар их үржсэн төдийгүй, эрх мэдэлтэй болцгоож, улс орны, ард түмний хувь заяаг шийдэцгээж байх юм даа. Чухам тийм дээ л бид өнөө хүчгүй сул дорой байж, хүчтний өмнө бөхөлзөн шарвалзаж, гуйн царайчилж байна.  

Ард түмэн “Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй” хэмээн зүгээр нэг цэцлээгүй аж. Чингис хааны үл тэвчдэг байсан тийм хүмүүсээр удирдуулсан улс орон, хулгай, авилгал, худал хуурмаг, үл итгэлцэл, гуйранчлал цэцэглэсэн орон болох нь ч аргагүй юм.

“Дайсанд ар нуруугаа харуулан амь зулбан зугтсан юм хэмээн хойч үе минь бүү хэлтүгэй, бүү ичтүгэй” хэмээн хойч үеийнхээ өмнөөс ичиж, тэднийхээ өмнө хэдэн зууны турш, магадгүй өнө мөнхөд нүүр баатар, омог төгөлдөр байсан Хит Буха жанжны тэр сүүлийн эмгэнэлт мөчөөс харин хойч үеийн бид ичиж үхэх мэт болсон байна.

Хит Бухагийн омог төгөлдөр төгсгөл нь XIII зууны монголын ялагдашгүй яруу алдрын сүүлчийн дуун байж. Тэр дуун өнөө бидний унтарсан урам зориг, замхарсан оюун санаа, алдагдсан итгэл үнэмшил, нойрмоглосон хүч чадлыг сэргээн дуудах дуудлага болон эргэн дуурсах болтугай.*
2010 оны 9 сарын 3. Хүн чулууны хонхор

“Эгнэшгүй нөхрийг олов” номоос...

Дараагийн ном "Энэтхэг дэх Их Монголчууд: ялалт амжилт, яруу алдар хийгээд гунигт төгсгөл" нэртэй

Дараагийн номын маань эх бэлтгэгдэж байна. Иймэрхүү хавтастай болох нь. Гэхдээ энэ 5 сард хэвлэлээс гарахгүй 6 сард багтах болов уу?