Tuesday, March 17, 2015

УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛ ХЭРЭГТЭЙ ЮҮ





Уран зохиолын хичээл хэрэгтэй юү, хэрэггүй юу, монгол хэлний хичээлтэй нийлүүлсэн нь зөв байсан уу, буруу байсан уу гэхчилэн бидний хэдэн хүн телевизийн дурангийн өмнө ярилцлаа. Тэнд хэлж чадаагүй олон зүйл, өмнө нь сэтгэл эмзэглэн бодож явсан, дараа нь урам хугаран бодсон тэр бүхнээ олон түмний сонорт хүргэхээр шийдэн ийн бичиж байна.
Миний бие дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиол гэгчтэй хувь заяа холбоод хэдэн жил болж байгаагийнх энэ талаар судалж үзсэн, бодож эргэцүүлсэн юм бишгүй их бий. Юутай ч ажил хийсэн хүн хэлэх үгтэй болдог юм байна.
Нийгэм солигдоод хорь гаруй жил боллоо. Урьд сайн гэдэг байсан олон зүйлээ одоо муу гэх болов. Олон зүйл дээр доороо орон бужигнасан. Одоо ч бужигнаж л байна. Гэхдээ эхний хэдэн жилийнх шиг хоол ундны төлөө биш, эд баялаг, тансаг хэрэглээний төлөө бужигнаж байгааг бодоход нийгэм маань өөдлөөд дэвжээд байгаа ч юм шиг. Хувийн эд хөрөнгө, сууц байр, хэрэглээний хувьд яах аргагүй ардчилагч ах нарын буянд сайжирчээ. Гэхдээ л...
Олон үйлдэлтэй гар утас, компьютер хэрэглэснээр бид хөгжиж байна уу? Хөгжил дэвшил гэгч чухам юу вэ? Гадаад хэрэглээ юү, дотоод ухамсар уу? Монгол орон хаашаа явна вэ? Хэн түүнийг залж удирдана вэ?
Би 1987 оны дунд сургуулиа төгсөөд Орост сурахаар очихдоо оросоор хичээлээ тэмдэглээд авчих хэмжээний болчихсон байж билээ. Одоо дээд сургууль төгссөн залуус төрөлх монгол хэлээрээ зөв найруулгатай, алдаагүй бичиж чадахгүй байна гэх шүүмж захын хүний амнаас сонстоно. Ямартай ч бид боловсролын хувьд хэдэн алхам ухарчээ.
Олон юм нуршилгүй гол сэдэвтээ оръё. Өнгөрсөн жил миний бие сурах бичиг зохиодог нэг эрхэмтэй тааралдсан. Хэдэн арван хүүхдийн зохиол орчуулж байгаагийн хувьд уран зохиолын хөтөлбөрийн талаар, ямар судалгаа шинжилгээн дээр үндэслэдэг, өнөө яриад байдаг Кембридж гэгчийнх нь талаар баахан шалгаалаа. Гэтэл манай хүнд ямар ч судалгаа байгаа шинж алга. Бүр мэргэжлийн хүний хувьд аль нэг сайт ч (мэдээж манай сайтууд биш л дээ) ашигладаггүй юм шиг санагдаад явчихлаа. Миний асуултад ээрэгдэж самгардсан сайхь нөхөр эцэст нь арайхийж дээрээс чиг заавар өгдөг гэсэн шүү аятай юм хэлэв.
Эндээс л надад хар төрсөн юм. Улс эх орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа сэхээтний хувьд би ингэж хардах эрхтэй. Гадныхны хувьд гол сонирхол бол эрх чөлөө, ардчилал гэсэн сайхан нэрээр манай залуу үеийнхний тархийг базах! Бидэнд өөрийн гэсэн үнэт зүйл үлдээхгүйгээр тэд бүхнийг өмчлөн авч байна. Америк маягаар төрсөн өдрөө тэмдэглэж, Валентиний баяр, Сүнсний баяр тэмдэглэж, инээх уйлах маань ч гадныхантай адилхан болж, хөвгүүд охид маань Солонгосын хуулбар боллоо. Гараа бүр цаашаа, лавхан шургуулж байгаа нь алтны орд биш, боловсролын салбар.
Сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох вэ гэж!
Олон нийтийн санал асуулгаар унших номын жагсаалт гаргаснаа яамны түшмэл сайрхан ярьж сууна. Эд үнэхээр ийм толгой муутай юм уу, эсвэл үнэхээр харийнхны гараар хөдөлдөг юм уу? Хэн манай боловсролын бодлогыг барина вэ? Дээрээс чиг зааварчилгаа өгдөг этгээд хэн бэ? Өөр хийх ажил ер байдаггүй, “Салаавч” гэх зэрэг үг шалгаруулан цаг нөгцөөж суудаг манай эрдэмтэд үү? “Манай Боловсролын яам үгтэй л ажиллана” (Үгтэй ажиллана гэж юу гэсэн үг вэ? Та ямар нэгэн юм ойлгов уу, хуудуугүй дамжуулж байгаа миний бие юу ч ойлгоогүй билээ)  гэж муйхарлан зүтгэж байгаа яамны түшмэл үү?
Сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох вэ гэж... Хэн нэгэн бидний сэтгэлийг хураах гэж асар их эрмэлздэг юм биш байгаа! Кембридж гэдэг үг зүгээр л тэнүүчилж яваад манай мунхаг сайд нарын толгойд орчихоогүй юм биш биз! Баялгийн хараал гэж бид хангалттай их ярьдаг. Ийм уудам нутаг, ийм их баялаг, ийм цөөхөн хүн ам... Дээрээс нь өнөө цөөхөн монголчууд ямар ч боловсролгүй тэнэг, улам их тэнэг л байвал болох нь тэр... Ардчилал, даяарчлал нэрийн дор гадны ийм их хүсэл шургалан орж ирж байгааг, манай ардчилагч ах нар алгаа ташин хүлээж авч байгааг үгүйсгэх аргагүй. Тэр дундаа манай боловсролын салбарт барьж буй бодлого алхам тутамдаа үүнийг батлах мэт. Хоёр засгийн боловсролын сайдтай (ардчилагч, ардчилагч биш ялгаагүй) уулзахад хоёулаа надад комик номын захиалга өгсөн. Комик ном уншуулна гэдэг залуу үеийнхнээ манкурт боол болгоё л гэсэн үг. Сайд болж байгаа хүн ийм тэнэг байдаг юм уу, эсвэл цаад эзэд нь ийм хэцүүхэн даалгавар өгдөг юм уу, бүү мэд.
Ерээд орны дундуур бид үмх талхны төлөө үхэн хатаж байхад манай номын сангууд үүдээ барьж, муулаад байгаа социализмын дүнд бий болсон хэдэн ном маань урд хөршийг зорьсон. Дэлхийн асар том цаас үйлдвэрлэгч орон нойлын цаас хийх эд материалгүй болчихоод л манай хуучин муусайн номуудыг хэрэглэхээс өөр аргагүй болж гэнэ дээ! Үзэл суртлыг үгүй хийж байгаа нэрийн дор гурван удаа ном хураасан байдаг. Түүн дотор марксизм ленинизмтэй ямар ч хамаагүй уран зохиолын номууд, тэр дундаа хүүхдийн номууд үй олноороо устгагдсан. Зүйтэй, монголчуудад оюуны гэрэл харуулж болохгүй!
Монголчуудыг мунхруулахын тулд хийсэн дараачийн том ажил бол уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хассан! Үүнийг хэн нэгэн хөлдүү толгойтой түшмэл хийсэн юм биш ээ, эх орноо худалдагч сайдууд нэг ихээ холоос шидсэн чулууны заавраар хийсэн болж таараад байна. Тэгээд уран зохиол үзэл суртлын зэвсэг байхаа больсон тул одоо үзээд байх шаарддагагүй гэсэн тайлбар өгсөн юм байх. Бас хөгжингүй орнуудад уран зохиолын хичээл гэж байдаггүй, эх хэлтэйгээ хамт судлагддаг, Америкт тийм байдаг, Германд тийм байдаг гэж хэн нэгэн гадаадад байдаг хүн хэлсэн юм байх аа. Харамсалтай нь тэгж хэлсэн хүн нь эх хэлнийх нь хичээл гурав, дөрөв задарч ордгийг, талаас илүү хувийг нь уншлагын хичээл эзэлдгийг, уран зохиол ямар түлхүү судлагддагийг манай сайчуулд хэлж өгсөнгүй. Өнөө хэд маань ч хэрэг болгон асууж сурсангүй.  
Уран зохиол бол ер нийгмийн ач холбогдолгүй, аяга шар айрагтай л адил таашаал төрүүлэх төдий зүйл, ардчилсан чөлөөт нийгэмд хэн ч хэнийг ч хүмүүжүүлэх эрхгүй гэж зарлан тунхагласан нь ердөө манай шинэчлэгчид шүү дээ. Гэвч хөөрхий манай шинэчлэгчид бүхнийг мэдэгч бурхад биш. Тэдний үгүйсгэсэн үгүйсгээгүй, муулсан муулаагүй уран зохиол дэлхийн аль ч өнцөг буланд үзэл суртлыг тунхаглах хүчтэй зэвсэг, тухайн үндэстний оюун санаа, бусдыг дагуулах бахархал байж, хүн төрөлхтнийг хүмүүжүүлэх, хүн болгох үүргээ хадгалсаар л байх болно.
Уран зохиол ч тэр, үзэл суртал ч тэр асар үнэт зүйлс мөн. Аливаа улс үндэстэн оршин тогтнохын тулд, хөгжин дэвжихийн тулд маш хүчтэй үзэл сурталтай байх ёстой. Тэр Америкийг хар, тэр Японыг хар. Үзэл суртлынхаа хүчээр тэд тийм хүчирхэг болж чадсан. Үзэл суртал хэрэггүй гэдэг чинь ердөө л социализмыг нураах үед хэрэглэсэн барууны үзэл суртал байж шүү дээ. Урьд нь манайд байсан үзэл суртал жаахан өрөөсгөл байгаа л биз, одоо түүнийгээ засаж залруулж, “Би монгол хүн шүү” гэсэн бахархал төрүүлэхүйц үндэсний, зөв, хүчтэй үзэл сурталтай болох хэрэгтэй. Энэ нь бидний тусгаар тогтнолын баталгаа, нөгөө яриад байдаг төрийн хар хайрцагны бодлого мөн!
Зөв (өөрөөр хэлбэл монгол хүнд хэрэгтэй) үзэл суртлыг бага балчраас нь дадуулахад уран зохиол тэргүүн зэргийн ач холбогдолтой. Уран зохиолоос өөр юу ч энэ үүргийг ягштал биелүүлж чадахгүй. 21-р зуун гарчихаад байхад мэдээж бид “зөвхөн монголоороо байя” гээд хөмөрсөн тогоон дотор шиг суугаад байж болохгүй. Дэлхийн хөгжилтэй танилцаж, түүнтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Үүнд бидний гаргасан энэ хэдэн ном чухал хөшүүрэг байх болно. Гэхдээ жинлүүрийн тавагны нөгөө тал дээр үүнтэй тэнцэхүйц хэмжээний монгол уран зохиол, монгол ухаан байх хэрэгтэй. Би уулзаж ярилцдаг хүмүүстээ удаа дараа хэлж байсан, боловсролыг шинэчлэхийн тулд юуны өмнө буган соёлоос эхлээд нүүдэлчдийн соёлын амин чанарыг гарган ирж, түүний үзэл санаан дээр тулгуурласан хүүхдийн зохиолыг хэдэн арваар нь бичүүлэх хэрэгтэй гэж. Ахиухан шиг шагнал өгөөд уралдаан зарлаад бай, зохиолчдод нэг сайн зохиол бичсэнийхээ төлөө байрны мөнгөтэй тэнцэх хэмжээний урамшуулал өг. Нэг километр замыг тэрбум төгрөгөөр бариулдаг юм бол бүхэл бүтэл улс орны соён гэгээрлийн асуудал ядаж арав, хорин километр замын үнэ хүрэх байлгүй дээ. Гагцхүү боолын ёсыг шүтье гэж байгаа бол зам номоос илүү үнэтэй байж болно.
Ирээдүйн Монголыг авч явах залуу үеийнхний толгойд ямар үзэл суртал суулгаж өгөх вэ гэдэг улс орны тусгаар тогтнолын асуудал. Өнөөдөр бид үр хүүхдүүдийнхээ толгойд юу хийх вэ, эх орон минь маргааш тийшээ явна. Энэ бол Оюу толгой, Таван толгойгоос илүү стратегийн ач холбогдолтой эх орондоо эзэн байх эсэх хүний толгойн асуудал. Ийм чухал төрийн бодлогыг сайтуудын санал асуулгаар шийдэх гэвэл эрдэмтэд “Салаавч” шалгаруулахаас юуны ялгаа. (Энд жаахан тодруулга хийе. Манай хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд өнгөрч буй 2012 онд хийсэн хамгийн чухал ажил гэвэл арван үгийн шалгаруулалт юм байх. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үзүүлсэн салаавч тэр мундаг 10 үгийнх нь нэг болжээ. Үүнд утга учир гэж байна уу, та минь! Эрдэмтэн гэсэн сайхан нэрийг даруй тэднээс хурааж авбал таарна. Тийм шинжлэх ухааны хүрээлэнтэй байснаас малын саравчтай байсан нь хол дээр).
Хүүхдийн тархи толгой хогийн сав биш ээ. “Ногоон нүдэн лам” зэрэг (Санал асуулгаар энэ энэ ном хамгийн түрүүн орж ирсэн байж таарна) тэнэг ном уншуулж, Монголын залуу оюун ухааныг зэрэмдэглэх гэвэл бид огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй.
Шинэ Боловсролын Яам ном уншуулах хөтөлбөр гаргаж байгаа нь нэн сайшаалтай. Гэхдээ ямар ном уншуулах вэ гэдэг ном уншуулахаасаа илүү ач холбогдолтой зүйл. Ном болгонд хэрэгтэй, сайхан зүйл байдаггүй. Бүр хортой ном ч гэж бий. Тийм ном уншуулснаас огт уншуулаагүй нь дээр.


Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын             “Эрдэнэсийн сан”-г эрхлэн гаргагч
Дашийн Оюунчимэг
                                                                                                2013 оны 1-р сар

Monday, March 16, 2015

НАСААРАА ДУРСАЖ ЯВНА АА...

Яг одоо сэтгэл хоосроод ч байгаа юм шиг, гэхдээ бас эргэн дурсахаар дүүрээд ч байгаа юм шиг л байна. Ойр дотныхоо хүнийг алсын алсад явчихаар, тэр явсан зүг рүү нь хармааргүй, харахаар учиргүй уйлчих гээд болдоггүй шиг, эсвэл тэр хүнээ эргээд дурсахаар сэтгэл дүүрээд, нялхраад, хань нөмөр нөөлөг нь мэдрэгдээд ирдэг шиг л байна.
Анх “Марияад өгөх мөнгө” туужийг нь уншчихаад “Ийм итгэл үнэмшилтэй, сэтгэлтэй, тэгээд түүгээрээ гоёдоггүй, зүгээр л энэ дотоод мөн чанараа түшээд зүгээр л амьдарч явдаг хүмүүс бас байдаг байх нь ээ” гэж гайхаж байж билээ. Бас “Энэ амьдралд хүнийг ингэж ойрхон ойлгож таньдаг ийм хүн байдаг аа” гэж биширч байж билээ. Хожим М.Баяртогтох багшийн лекцээс “Хамгийн сайн зохиолч бол хүнийг хамгийн сайн ойлгодог л хүнийг хэлдэг юм” гэж хэлэхийг нь сонсонгуут хамгийн түрүүнд түүний “Марияад өгөх мөнгө” тууж санаанд орж байсансан.
“Дурсаж яваарай” тууж ч мөн л хүний тухай. Хүний гарцаагүй учирсан хайр, мөн гарцаагүй учирсан зовлонгийн тухай өгүүлнэ. Хайр нь байвч, хамтдаа байвч, хахир орчлонгийн зовлонг тэр хайраараа халхалж, хамгаалж чадаагүй тэр нэгэн эр эм хоёрын сэтгэл шимшрэм түүх, бас хөөрхий эцгийн түүх, алс бөглүү Сибирийн эгэл нэгэн тосгон...
“Франц хэлний хичээл” өгүүллэгийг нь манай дунд үеийн томчуулын нэг нь, чухам хэн нь ч билээ, “Ганц энэ нэгхэн өгүүллэгийг жинлүүрийн нэг туухай дээр тавиад нөгөө талд нь би бүх зохиолоо овоолсон ч жинлүүрийг хөдөлгөж чадахгүй, ганц би ч биш, манай үеийнхэн бүгдээрээ хамгаа овоолсон ч энэ ганц өгүүллэгийн жинг даахгүй” гэж байсан гэдэг. Үнэн л үг. Нөгөө талаас тэр зохиолч ах бас үнэнийг харж чадах хараатайнх, ухаантайнх, сэтгэлтэйнх. Түүнээс биш тийм хараа үгүй бол өөрийгөө тийн “доош хийхгүйсэн”.
“Түймэр” туужийг нь соц систем нуран унахыг зөгнөсөн, энэ систем доторх яагаад ч аргалж болшгүй зөрчлийг нээн харуулсан гэж судлаачид үздэг юм билээ. Энэ саналыг нь би хувьдаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрнө. Хүний натур чанарт өөрчлөлт дэвшил гараагүй тохиолдолд оюун санааны эзэнт гүрнийг цогцлоон босгох боломжгүй, ямар нэгэн “түймэр” гарахад л соц системийн доторх хүмүүсийг хооронд нь холбож байсан хэлхээ холбоо хичнээн хэврэг, ёс зүйн үүрэг хариуцлага ямар үнэ хүндгүй хуурамч болох нь харагдаж, тас тас үсрэн унана. Чухам үүнийг л “Түймэр” туужид нэвт гаргах билээ. Гэхдээ бас тэр хамтралын агуулахыг бүхэлд нь хайлуулах түймэр дундаас, түүнтэй зэрэгцэн хүн чанарыг зулмалан шарах арчаагүй “зан суртхууны түймэр” дундаас юунд ч хайлахгүй, шатахгүй, хөлдөхгүй жинхэнэ хүн чанарын халуун илч, гэрэл гэгээ нэвт гэрэлтэнэ.
Ер нь түүний уран бүтээлд хүн, гэхдээ орчлон ертөнцийн бүхий л зовлон зүдүүрийн дунд, орчин тойрон нь бүгдээр уймран самуурч, хувиа бодож, чихээ бөглөж, харанхуйн хөшиг нөмөрч байхад, өөрийн зовлонг ч, өрөөл бүгдийн мунхаглалыг ч нуруундаа үүрэн, дотоод ертөнцийнхөө, сэтгэл зүрхнийхээ, ухаан мэдрэлийнхээ бүхий л булчин шөрмөсийг чивчиртэл чангалан, тэсэн дэнжигнэн тогтож буй, гэхдээ ихэд итгэлтэй тогтож буй тийм ХҮН-ий тухай өгүүлэх билээ. Яг л газар дэлхийг хамаг амьтадтай нь, тэдний зовлон жаргалтай нь, мунхаглал харанхуйлалтай нь хамтад нуруундаа үүрэн үүрдийн үүрд тэсэн тэвчин зогсохоо мэдэж буй, тэр ачаагаа хэзээ ч шилгээж болохгүй гэдгээ ч мэдэж буй Антей шиг тийм л хүмүүс гарна. Мариягийн нөхөр, хөдөх эгэл эр, бас Андрей, тосгоныхон нь чимээгүйхэн дурсаж үлдсэн түүний сэтгэлт бүсгүй, бас хөөрхий ээж, түүний шоовдор, бүтэлгүй архичин хүү, бас хамтралын мужаан Иван, бас франц хэлний багш бүсгүй... Чухам тийм л хүмүүсийн нуруун дээр энэ хүмүүний ертөнц нэгмөсөн нурчихалгүй, сүйрч амьд үхдэлүүд болчихолгүй, эсвэл хөлдүү, тооцоотой, бүх зүйл нь програмчлагдчихсан робот болчихолгүй тэсэж байдаг аж. Тэд жинхнээсээ "хугардаггүй ноён нуруу"-нууд байсан аж.
Өөрөөр хэлбэл түүний уран бүтээл бол Хүний дуулал, хүн чанарын булаг гэж хэлж болно. Хэний ч билээ, бас л Сибирийн томчуудын нэгнийх нь санагдана, Анатолий Ивановынх ч билүү дээ, нэг туужид “Анна шиг жинхэнэ хүмүүс амьдарч байдаг болохоор л би энэ хорвоод амьд яваа юм. Түүнээс биш энэ солиорсон хорвоог аль эрт орхихсон” гэж хэлж байдаг даа... Заримдаа мунхаг харанхуйн, хувьчхан аминчхан араншингийн ширэнгэн дотор амь давчдан, амьсгаа бөглөрөн явахад тэр үг бодогдох, бас Распутиний тэр эгэл боловч хачин их ачааг үүрч явдаг хүмүүс бодогдох, тэднээс ч илүүгээр тэр өөрөө бодогдох. Ер нь түүн шиг, өөрөөр хэлбэл дээр өгүүлсэнчлэн “Жинхэнэ хүмүүс”-ийг санагдуулах, дурсуулах хүн... Тиймдээ ч амьдралыг утга учиртай болгоном билээ. Ер нь хүйтэн цэвдэг, догшин ширүүн Сибир нутаг бол хүн чанарын жинхэнэ шалгуур болсон газар юм шиг байгаа юм. Яагаад гэвэл чухам л энэ нутгаас хүн чанарыг хамгийн илэрхий харуулдаг зохиолчид, тухайлбал В.Шукшин, В.Астафьев, А.Иванов гэх мэт аваргууд төржээ. Тэдний нэг нь В.Распутин.

Тэр амьдралд, хүмүүст дэндүү ойрхон зохиолч байсан даа... Харин түүний сүүл үеийн бүтээлүүдээс нэлээд цөхөрсөн, жинхэнэ хүмүүс үнэнхээсээ мөхөж байгаа, яг л эртний их баатрууд мөхсөн шиг, эртний их домгийн шидтэнүүд нэг л мэдэхэд зөвхөн домог үлдээгээд л чимээгүй алга болчихсон шиг тэр жинхэнэ хүмүүс алга болж байгаад эмгэнэж, цөхөрсөн өнгө аяс мэдрэгддэг болчихсон байна билээ...

Би Распутинийг шүтэн бишрэгч фанат нь биш, зүгээр л надад тэр их ойр дотнын минь хүн шиг, учиргүй тус дэм болоод, наалдаж налигнаад, орж гарч гүйгээд байдаггүй ч хааяа гансарч ганцаардсан үедээ ганц шил юм дундаа тавьчихаад, олон долоон юм ярилгүй, зүгээр л гахайн өөхөн даруулгаа хуруугаараа оролдон, тамхиа баагуулж, утааг нь сийгтэл үлээж, бас сэнгэнэтэл санаа алдан суухад юуны тулд тэсч тэвчиж буйгаа мэдрэх тийм л их ойр дотнын минь хүн шиг төсөөлөгддөг...

Тэр хорвоог орхиод явчихжээ. Намайг орхиод явчихаж, бас над шиг боддог хүмүүсийг ч орхиод явчихаж. Гэхдээ тэр .. за яах вэ... Тэр явж, би үлдэж, цаг нь ирэхээр би ч явна, бас нэг нь үлдэнэ.
Харин тэр бидэнд нэг л зүйлийг хэлчихээд явжээ.

“НАСААРАА ДУРСАЖ ЯВААРАЙ” гэж... Мэдээж хэрэг өөрийгөө биш шүү дээ. Зүгээр л хүн шиг хүмүүс нэг нэгнээ насаараа дурсаж яваарай л гэж...

Зөвлөлт-Оросын зохиолч Валентин Григорьевич Распутин 78 насандаа хорвоог орхин одсон байна.
Б.Номинчимэд

Wednesday, March 11, 2015

Миний мэдэх "уншууртай" 15 фейсбүүк аккаунт

САРУУЛ СОРА

Saruul Sora

1. Shirchin Baatar
Баатар ахын фейсбүүкээс түүх дурсгал, бичиг соёлтой холбоотой мэдээлэл авдаг. Миний хамгийн унших дуртай фейсбүүк аккаунт.
2. Nominchimed Baasan
Сэтгүүлч, зохиолч Номинчимэд ахын бичсэн уран зохиол, түүх, бас цаг үеийн үйл явдалд өгсөн дүгнэлт, өөрийн байр суурь зэргийг унших дуртай.
3. Boldbaatar Dorjsuren
Хятад судлаач, орчуулагч Болдбаатар гуай фейсбүүктээ түүх соёлын холбогдолтой олон сонирхолтой зүйлс нийтэлдэг. Хэл сурах, ном унших, хятадын философи, эртний уран зохиол гээд үнэхээр сонирхолтой бас хэрэгтэй зүйлс нийтэлнэ.
4. Batzaya Baasandorj
Олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог бас маш сайхан зураг авдаг юм билээ. Бас тухайн постлосон зурагтайгаа холбоотой мэдээ мэдээллүүдийг багтаадаг нь уншууртай байдаг.
5. Tseren Enebish
Миний мэдэх хамгийн олон дагагчтай фейсбүүк аккаунт. Цаг үеийн үйл явдалд өөрийн байр суурийг илэрхийлж, олон нийттэй харилцаж чаддаг. Цахим ертөнцөд түүнийг мэдэхгүй хүн байхгүй байхаа. Өнгөрсөн жил нохой чарганы уралдаанд оролцож, ялалт байгуулсан. Энэ үедээ манай ихэнх фейсбүүк хэрэглэгч Мойн хаан, Цэрэн, Пакистан гээд л энэ гурван үгээр амьсгалсан байх.
6. Аанхаа Анхбаяр
Баабар.мн-ы нийтлэлч. Сүүлийн үед болж буй үйл явдалд хүмүүсийн байр суурь зэргийг мэдье гэвэл энэ хүний фейсбүүкийг уншихдаг. Бас твиттерийн ОД.
7. Purevkhuu Bathuyag
Яруу найраг, утга зохиолын талаар мэдээ мэдээлэл, шүүмж зэрэг олон сонирхолтой зүйлс нийтэлдэг.
8. Chuluunbileg Orosoo
Улс төрийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийн тухай тэр дундаа АН-ын тухай мэдээллийг энэ хүний фейсбүүк, твиттерээр авдаг.
9. Bat-Erdene Bat-Ulzii
МАН-ын НАМЗХ залуучуудын байгууллагын дарга. Ингээд МАН-ы тухай мэдээллийг энэ хүний фб-ээс авчихдаг.
10. Temulun Batbum
Sweet kitchen группын үүсгэн байгуулагч. Хоол, амттан, ундаа жүүс, зайрмаг, торт гээд идэж болох бүх зүйлийг хамгийн гоё хийж чаддаг, авьяаслаг эмэгтэй. Хоолыг урлаг болгосон хүн дээ кк. Олон ч эмэгтэй энэ хүний ачаар нэгдэж, нэг нэгээсээ туршлага солилцож, SWEET KITCHEN-ээр амьсгалдаг.
11. Namuxa Nrn
Энэ бүсгүй бол гайхамшигтай сайхан хоол хийдэг мундаг бүсгүй. my kitchen гээд альбом руу нь ороод үзээрэй. Би энэ бүсгүйн жорыг харж хоол хийдэг энүүхэндээ гэж хэлэхэд кк.
12. Luvsandorj Jamsranjav Лука ахын фейсбүүкээс дандаа гэрэл гэгээтэй мэдээлэл олж уншдаг. Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, боловсрол хүмүүжил, монгол ёс заншилтай холбоотой мэдээ нийтлэл уншъя гэвэл эндээс.
13. Tuul Erdenechuluun Туул ядуурлын эсрэг сан, Оргио ХХК-ны удирддаг энэ эмэгтэйн фейсбүүкийг олон эмэгтэйчүүд уншдаг юм билээ. Загварын мэдрэмжтэй, маш сайхан хувцасладаг мөн бизнесийнхээ талаар мэдээлдэг нь олон хүмүүст таалагддаг байх.
14. Ulmaa Khishigee Цаг үеийн мэдээ, гадаад мэдээ, наргиантай хоржин үг постлодог. Маш олон хүн дагадаг юм билээ.
15. Zola Batkhuyag Хэрвээ жендер, хүний эрхийн чиглэлээр сонирхдог бол энэ бүсгүйг заавал дагаарай. Залуу эмэгтэйчүүдийн клубын зохицуулагчаар ажилладаг гэж санаж байна.
За тэгээд үнэртэй ус сонирхдог цуглуулдаг энэ талаар мэдээлэл авахыг хүсвэл Ochkos Perfume Hobby Page ийм хаяг байдаг юм билээ. Үнэртэй ус яаж сонгох, үнэртэнд дурлагчдын үйлдэж болохгүй 10 том нүгэл нтр гээд Үнэртэнтэй холбоотой бүхий л зүйлсийг нийтэлдэг.
Өөр Хайчих УУ? гээд энд тэндэхийн аятайхан газруудыг санал болгодог пейж байна.
Taste it Энийг хар даа гээд галзуу групп байна бас. Идсэн уусанаа постолдог. Хаана ямар хоол гоё байдаг юм байна гээд мэдээлэл авчихна. Өлссөн үед бол дэмий юм билээ.
Та нар бас өөр фейсбүүк аккаунт санал болгоорой

Хөгжлийн талаарх илтгэл


2012 оны 6-р сард Бразилийн Рио Де Жанейрод болсон НҮБ-ын тогтвортой хөгжлийн хуралд, “Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч” гэгддэг Уругвайн ерөнхийлөгч Хосе Мухикагийн тавьсан илтгэлээс.
Энд хуран цугласан төрийн тэргүүнүүдэд талархая.
Мөн миний өмнө илтгэл тавьсан эрхэмүүдэд талархал илэрхийлэе.
Энд хуран цугласан улс бүрийн төлөөлөл болсон эрхэмүүд, хүн төрөлхитөний өмнө тулгараад буй олон улсын асуудлыг шийдэх чин эрмэлзэлээр үгээ хэлсэн байх гэж бодож байна.
Харин би өөрийг минь шаналгах нэгэн ноцтой эргэлзээг та бүхэнтэй хуваалцахыг минь зөвшөөрнө үү. Өглөөнөөс хойш яригдаж ирсэн гол яриа бол тогтвортой хөгжил болон дэлхийн ядуурлыг арилгах тухай байсан. Бидний жинхэнэ хүсэл яг юу юм бэ? Өнөөгийн чинээлэг улсуудын хөгжил хийгээд хэрэглээний загварыг дуурайх явдал уу?
Асуух асуулт байна: Германы дундаж өрхийн эзэмшдэг машины тоотой ижил машиныг Энэтхэгийн өрх бүр эзэмшвэл, энэ гариг юу болох бол?
Амьсгалахад шаардлагатай хүчилтөрөгч цаана нь хэдий хэр үлдэх бол? Дээрх асуултыг өөрөөр тавьбал, өрнийн чинээлэг нийгэмтэй адилхан хийрхэл хийгээд хэрэглээг дэлхийн 7 тэрбум хүн дуурайх дайны нөөц энэ гариг дээр бий болов уу? Ерөөс энэ боломжтой зүйл үү? Эсвэл бид арай өөр мэтгэлцээн өрнүүлэх шаардлагатай юу?
Яагаад бид өнөөгийн ийм нийгмийг бүтээж орхив оо?
Зах зээлийн эдийн засгийн хүүхэд, капитализмын хүүхдүүд, өөрөөр хэлбэл бид бүхэн өөрсдөө энэхүү хязгааргүй хэрэглээ болон хөгжлийг шаардах нийгмийг бүтээж иржээ. Зах зээлийн эдийн засаг зах зээлийн нийгмийг бүтээж, даяарчлал дэлхийн булан тохой бүрээс түүхий эд эрж хайх нийгмийг бий болгосон бус үү?
Бид бүхэн даяарчлалыг удирдаж чадаж байна уу? Эсвэл даяарчлал биднийг удирдаад байна уу?
Энэ мэт харгис өрсөлдөөнийг нөхцөлдүүлэх хэрэглээний нийгэмд байж, “Бүх дэлхийг сайн сайхан болгоё” гэсэн хамтран оршиж хамтран хөгжих тухай хэлэлцүүлэг хийх боломжтой гэж үү? Хаа хүртэл нь хамтарч, хаа хүртэл нь өрсөлдөх юм бэ?
Энэ тухай ярих нь өнөөдрийн арга хэмжээний ач холбогдолыг үгүйсгэх санаа огтхон ч агуулаагүй юм шүү. Харин ч эсрэгээрээ. Бидний өмнө тулгараад буй том асуудал бол байгаль орчины аюул биш юм. Улс төрийн асуудал юм.
Өнөө цагт хүн төрөлхитөний бий болгосон энэ үлэмж инерцийг бүрэн контролдох боломжгүй. Эсрэгээрээ, хүн төрөлхитөн хэрэглээний нийгэмдээ контролдуулж байна. Бид хөгжихийн тулд энэ хорвоод төрсөн юм биш. Аз жаргалтай амьдрах гэж энэ дэлхийд ирсэн. Амьдрал богинохон, нэг л мэдэхэд нүдний өмнө урсаад одно. Амь наснаас илүү үнэ цэнэтэй оршихуй гэж үгүй.
Хэт хэрэглээ (гипер хэрэглээ) дэлхийг сүйтгэсээр атал, хүмүүс өндөр үнэтэй бараа болон хэв маягийн төлөө амьдралаа үрсээр байна. Хэрэглээ нийгмийн хөдөлгүүр болсон энэ ертөнцөд, бид бүхэн хэрэглээг зогсоо зайгүй “хурдан” бас “ихээр” хийхгүй л бол болохгүй. Хэрэглээ зогсвол эдийн засаг саажиж, эдийн засаг саажвал хямрал хэмээх мангас бүгдийн өмнө гарч ирнэ.
Энэ хэт хэрэглээг хангахын тулд барааны эдэлгээг багасгаж, аль болох олноор нь зарахгүй бол болохгүй. 100,000 цаг асдаг чийдэн хийх дайны технологитой ч, 1000 хан цаг асдаг чийдэн зарахгүй бол болохгүй нийгэмд бид амьдарч байна. Ийм удаан эдэлгээтэй чийдэн зах зээлд хортой учраас хийж болдоггүй юм.
Хүн улам их ажиллаж, улам их зарахын тулд “хэрэглээд хаядаг” нийгмийг үргэлжлүүлэхээс өөр замгүй. Ийм буруу эргүүлгэн дунд буйгаа бид бүхэн анзаарч байна уу? Энэ бол өөр юу ч биш, гагцхүү улс төрийн асуудал бөгөөд, энэ асуудлыг өөр замаар шийдэх гаргалгааг төрийн тэргүүнүүд болох бид хайх ёстой.
Чулуун зэвсгийн үе рүүгээ буцъя гэж би хэлэх гээгүй. Харин зах зээлийг контролдохгүй бол болохгүй нь гэдгийг хэлэх гэсэн юм. Мөхөс миний ухаанаар бол, энэ бол улс төрийн асуудал юм.
Эртний мэргэн хүмүүс, Эпикурос, Сенека, Аимарчууд хүртэл ийм үг хэлсэн байдаг
- Ядуу хүн гэж өчүүхэн эзэмшилтэй хүнийг бус, хязгааргүй хүсэлтэй, хэзээ ч ханадаггүй хүнийг хэлдэг юм.
Энэ бол өнөөдрийн хэлэлцүүлгийн хувьд соёлын түлхүүр зангилаа гэж бодно.
Өөрийн улсыг төлөөлөгчийн хувиар Рио-гийн хурал болон түүний шийдвэрт энэ өнцөгөөс оролцох болно оо. Миний илтгэлд чих халууцмаар үгнүүд цөөнгүй сонсогдож магадгүй ч, Та бүхэнд усны нөөцийн асуудал болон байгаль орчиний асуудал бол асуудлын үндэс нь биш болохыг ойлгоосой гэж гүнээ хүсч байна.
Асуудлын жинхэнэ углуурга бол, бид бүхний авч хэрэгжүүлж буй нийгмийн загвар өөрөө юм. Тэгээд, дахин нягталж харахгүй бол болохгүй нь бид бүхний амьдралын хэв маяг (хэвшил, хандлага) гэсэн үг юм.
Би бол байгалийн баялагаар арвин жижигхэн улсыг төлөөлөгч. Миний улс 3 сая төдийхөн хүн амтай. Гэвч миний улсад дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 13 сая үхэр бий. Ямаа ч бас 8 – 10 сая толгой бий. Миний улс бол хүнсний бүтээгдэхүүн экспортлогч орон. Ийм жижигхэн улс хэдий ч газар нутгийн 90% нь арвин байгалийн баялагтай.
Надтай үзэл санаа нэгт манай улсын ажилчид 8 цагийн хөдөлмөр эрхэлдэг болохоор тэмцсэн юм. Тэгээд өнөөдөр тэдний зарим нь бүр 6 цагийн хөдөлмөр эрхлэх боломжтой болсон. Гэсэн ч, 6 цагийн хөдөлмөр эрхлэх боломжтой болсон хүмүүс давхар ажил хийж, эцэстээ урьдынхаасаа ч урт цагаар ажиллах болсон.
Яагаад тэр вэ? Машин, мотоцикл гэх мэтийнхээ лизингийн зээлийг төлөхгүй бол болохгүй учраас тэр. Сар болгон 2 дахин ажиллаж зээлээ төлсөөр явтал, нэг л мэдэхнээ над шиг ийм хөгшин болчихсон байна. Надтай адилхан, аз жаргалтай амьдрал нь нүдний өмнүүр агшин зуур урсаад л одно.
Тэр цагт өөрөөсөө ингэж асуух болно: Энэ хүн төрөлхитөний хувь тавьлан уу?
Миний хэлж буй зүйл бол маш энгийн яриа юм шүү. Хөгжил, аз жаргалыг хорьдог байж болохгүй. Хөгжил, хүн төрөлхтөнд аз жаргал авчирдаг байхгүй бол болохгүй юм. Хайр сэтгэл, хүний холбоо, хүүхдээ өсгөж, найз нөхөдтэй болох явдал, тэгээд шаардлагатай хамгийн наад захын хэрэгцээгээр хангагдах. Үүнийг л бий болгох ёстой юм.
Аз жаргал бол бид бүгдийн хамгийн эрхэм зүйл юм. Байгаль орчины төлөө тэмцэх гэж буй бол, хүн төрөлхитөний аз жаргал л чухам байгаль орчины хамгийн чухал элемент болохыг санаж байх хэрэгтэй юм.
Анхаарал тавьсанд баярлалаа.

Tuesday, March 10, 2015

САЙХАН ЗҮҮДНЭЭСЭЭ СЭРЦГЭЭ, УРАН ЗОХИОЛЧИД ОО

За, уран бүтээлч нөхдөө баахан хатгаж, өдөөд орхие..

1987 онд ЗХУ-ын хоёр удаагийн, ЗОУ-ын гурван удаагийн төрийн шагналт, ЗХУ-ын хөдөлмөрийн баатар зохиолч В.Астафьевийн “Гунигт явдал” роман хэвлэгдэн гарч, социалист систем даяараа шуугиж билээ. Соц системийн нэгэн бүрэлдхүүн хэсэг байсныхаа хувьд Монголчууд ч энэхүү зохиолыг яаравчлан орчуулж, /орчуулагч нь зохиолч, сэтгүүлч, орчуулагч Р.Ганбат/, тухайн үеийн сэхээтнүүд энэхүү номын талаар энд тэнд хэсэг бүлгээрээ хэлэлцэн мэтгэлцэж, мухардалд орсон соц системийн мөн чанарын тухай, гарах гарцын тухай эргэцүүлэн шүүж байлаа... Энэ завсар монголын зохиолчид ч зүгээр байсангүй, тухайлбал С.Жаргалсайхан, Ц.Балдорж, С.Доржготов нарын зарим бүтээлд соц системийн дотоод зөрчлийн мөн чанарыг нээн үзүүлэх гэсэн оролдлогууд гарч ирж, “Цог” сэтгүүл болон бусад хэвлэлээр өргөн хэлэлцүүлэг ч өрнөж байв.
Үүнээс өмнөхөн ЗХУ-н хөдөлмөрийн баатар, ЗОУ-ын төрийн шагналт зохиолч Валентин Распутины “Түймэр” тууж монгол хэлээр орчуулагдчихсан байв. /Орчуулагч нь олон улсын тоймч, орчуулагч Ц.Даваажав/.  Чухам энэ багавтархан тууж л Горбачевийн эхлүүлсэн “Өөрчлөн байгуулалт-шинэ сэтгэлгээ” зайлшгүй хэрэгтэй болохыг олон түмний сэтгэл зүрхэнд гарцаагүй шивнэн өгүүлж, соц системийн доторх яагаад ч аргалшгүй болсон зөрчлийг нээн үзүүлсэн байна... Хүний натур чанарт өөрчлөлт дэвшил гараагүй тохиолдолд оюун санааны эзэнт гүрнийг цогцлоон босгох боломжгүй, ямар нэгэн “Түймэр” гарахад л соц системийн доторх хүмүүсийг хооронд нь холбож байсан “соц хайр сэтгэл”-ийн хэлхээ холбоос ямар сул хэврэг, хиймэл хоосон, ёс зүйн үүрэг хариуцлага нь ямар ч үнэ хүндгүй болох нь харагдаж, тас тас үсрэн унаж байгааг харуулсан... Үнэхээр ч тийм байсныг дараахан нь өрнөсөн түүхэн үйл явц, соц системийн задрал бүрнээ нотлон харуулсан “ГУНИГТ ЯВДАЛ” болсон билээ.
Чухам “Түймэр”, “Гунигт явдал” хэмээх энэ хоёр багавтар тууж Соц системийн мухардлын үнэн дүр төрх, мөн чанарыг таниулж, ард түмний нүдийг нээж өгсөн нь өөрчлөн байгуулалтын дотоод нэгэн чухлаас чухал хөдөлгөгч хөдөлгүүр болсон ба харин гадаад хүчин зүйл нь огт өөр утга агуулга, зорилготой байсан юм. Энэ нь өнөөдрийн манай сэдэв биш тул түр орхие.
Уран зохиол гэгч нийгмийн оюун санаанд ямархан их үүрэгтэй болохын ойрмогхон бөгөөд бидний амьдралтай хамгийн хамаатай, үр дүнг нь бодитойгоор мэдэрсэн жишээ энэ.
Жаахан өмнөх үеийн нэгэн тод жишээ авая. 1850 онд АНУ-ын конгресс “Оргодол боолын тухай хууль”-ийг батлан гаргажээ. Энэ хуулиар эзнээсээ оргосон боолыг хатуу чанга шийтгэнэ. Тухайн үед боолчлолын нөхцөл байдал хүнд байсан өмнөд мужуудаас боолууд олноороо оргон, умардын аж үйлдвэржиж эхэлсэн хотууд руу амьдрал хайн дүрвэдэг байжээ. Тэдний эсрэг гаргасан хууль. Оргодол боолыг ангуучилдаг буутай, үнэрч нохойтой ангуучдын хүчирхэг баг ихэд моодонд орж байсан гэдэг. Тэд хөөрхий оргосон боолыг бууны сүмбээр нохой шиг занчиж, төмөр гав зүүж, гахайтай хамт хонуулах нь ердийн үзэгдэл байж... Алчихад их сайндаа эзэнд нь таван доллар төлнө. Тухайн үед АНУ-д хар боолын зах зээл ид байсан үе.
Энэ байдалд сэтгэл шимширсэн нэгэн эх боолын энэхүү хүнд хэцүү, гашуун хувь тавилангийн тухай зохиол бичжээ. “Том авгын овоохой” гэх энэхүү зохиолыг манай ахмад орчуулагчид аль 50-иад оны үед эх хэлээрээ орчуулан гаргасан санагдана. 1851 оны эхээр тогтмол хэвлэлүүдэд цувралаар гарсан энэ зохиол жилийн дараа бие даасан ном болон хэвлэгдэж, хоромхон зуурт эхлээд 5000, дараа нь бүр 300 000 ширхэгээр зарагджээ. Тэр үеийн Америкт 300 000 ширхэг ном гэдэг асар том тоо... Ном дахиад, бас дахиад хэвлэгдэв. Түүнээс ч хачирхалтай зүйл болсон нь Боолчлолыг эсэргүүцсэн умард, дэмжсэн өмнөд хоёр талд Америк орон хуваагдаж, улмаар иргэний дайны гал дүрэлзэн асчээ.
1862 оны 11 сарын 25-нд Ерөнхийлөгч Абрахам Линкольн Цагаан ордонд Бичер Стоу-г хүлээн авч уулзахдаа “Энэ аугаа их дайны галыг асаасан гайхамшигтай номыг зохиогч тэр бяцхан эмэгтэй та мөн гэж үү?” хэмээн дуу алдаж байсан гэдэг.
Ер нь хүн төрөлхтний түүхэнд уран зохиолын хүчирхэг нөлөөтэй эгнүүлж харьцуулах салбар гэж үгүй юм. Бүүр эрт цагт Эртний Грект хүчирхэг төр улс үүсэж, Афины ардчилал мандаж, Спартууд эр зоригоо гайхуулж байв. Гэвч Хомергүйгээр, түүний “Илиада, Одессиа”-гүйгээр ийм зүйл болох боломжгүй байсан. Яагаад гэвэл Афинчууд бүгд найрамдах улсын үзэл санаагаа Хомероос авч, Спартчууд эр зоригоо Хомероор тэжээлгэж байв.
1762 онд шил дараалан хэвлэгдсэн Ж.Ж.Руссогийн “Эмили” роман, “Нийгмийн гэрээ” хоёр нь Францын аугаа их хувьсгалын угтал, оюун санааны хөрс суурийг бүрдүүлж өгсөн гэж үздэг.
Энэтхэгийн үндэсний сэргэн мандал, тусгаар тогтнолын удирдагч, оюун санааны эцэг Махатма Ганди өөрийн цөхрөшгүй, шантрашгүй, эвлэрэшгүй боловч энэрэнгүй их тэмцэл, оюун сэтгэлгээнийхээ эх ундаргыг “Рамаяана”-гаас авч байсан ба тэнгэрийн орноо одохынхоо өмнө уруул хөдөлгөн шивнэсэн сүүлчийн үг нь РААМА байсан гэдэг. Өөрөөр хэлбэл Энэтхэгийн хүч хэрэглээгүй үндэсний их хувьсгалын үзэл санааны эх сурвалж нь бидний хэлж заншсанаар “Раамын үлгэрийн цоморлог” байж...
Дундад эриний балар харанхуйн хөшгийг Дон Кихотын урт чөргөр гар сөхөж, Шекспир тайзан дээр тэр хөшгийг бүрэн дэлгэн хаяж, Бальзакаас Европ дахин эдийн засгийн системийн язгуур шинжээ олж харан, Шиллер, Гөте, Гэгель, Маркс нар бодомж болгон боловсруулж, тэгээд оюун санааны энэхүү баялаг хөрс суурин дээр хөгшин Европ хүчирхэгжин өндийж байв.  Тэр үеийн Барууны ертөнцийн мундагчуул болох Бальзак, Флобер, Стандель, Мопассан, Драйзер... Тэд уран бүтээлдээ, романууддаа амьдарч асан нийгмээ бүхий л талаас нь задлан шинжилж, дүгнэн цэгнэж, тэгээд эрс хатуу эсэргүүцэн шүүмжлэгчид байв.
Яагаад гэвэл нийгмийн аливаа хөгжил дэвшлийн суурь нь оюун санаа байдаг, чухам оюун санаанд ямар нэгэн юм өрнөж, бужигнаж, эрж хайж, танин мэдэж байж л дараа нь нийгмийн дэвшил бий болдог нь түүхэн зүй тогтол... Тэр оюун санааны эрч хүч, тэжээл гэрэл гэгээ, унал сэхэлийн нэгэн ундарга нь урлаг, уран зохиол болж ирсэн нь ч мөн л зүй тогтол... Уран зохиол бол нийгмээсээ шууд болон шууд бус хамааралтай цэвэр нийгмийн үзэгдэл, хичнээн цэвэр субьектив бүтээл туурвилаа ч тэр туурвигч нь өөрөө тухайн цаг үеийнхээ, нийгмийнхээ бүтээгдхүүн л байдаг гарцаагүй хууль бий. Марианы хонхорт төрж, Саран дээр өсөж, Ангараг гариг дээр л боловсрол эзэмшээгүй тохиолдолд шүү дээ. Ямар ч эрхэм дээд цэвэр уран зохиолч нийгэм, цаг үеийнхээ золиос нь, бүтээл нь, урлаг нь, нулимс нь, бас дуу хоолой, цуурай нь л байна. 
Тиймээс ч ухаарч сэхээрсэн хүчирхэг төртэй улс үндэстнүүд уран зохиолын соён гэгээрүүлэх, сэхээрүүлэх үүргийг онцгойлон анхаарч, бүхий л боломжоороо ашиглахыг хичээдэг.
Энэ хүчирхэг нөлөөг өөрийн үзэл суртлын, оюун санааны мөрөөдлийн их улс байгуулах үйлстээ хэрхэн ашиглахаа В.И.Ленин тов тодорхой харж байсан байдаг. Тэрбээр 1914 онд бичсэн  “Намын байгууллага ба Намч утга зохиол” бүтээлдээ нийгмийг машин механизм гэж үзэх юм бол утга зохиол бол тэр механизмын эрэг шураг нь гэж тодорхойлж байв. Тэр утга зохиолыг өөрийн эзэнт улсынхаа эрэг шураг, боолт болгож чадсан. Мөн Их Толстойг “Оросын хувьсгалын нэвтэрхий толь” хэмээн нэрлэж байлаа.  Үнэхээр ч Их Толстойн бүтээлүүдэд тэр цагийн Орос орны нүүр царай, мөн чанар нь мөхөл сэхэл, итгэл мөрөөдөлтэйгээ тодоос тод тольдогдон байсан. Энэ бүхэн утга, уран зохиолын нийгмийн үр нөлөө, ач холбогдол ямар хүчтэйг харуулна.
1990 оноос өмнөхөн утга зохиол чухам хүйтэн дайны нэгэн гол зэвсэг нь болж байв. Соц систем нь системээ хамгаалж үлдэхийн тулд чардайтлаа тэмцэж, утга зохиолын намч, ангич, ардач чанарт байдгаараа анхаарч байхад нөгөө талаас нь энэ системийг сөхрүүлж авах гэсэн хүчин ч улайран, энэ улайралдаа утга зохиолыг ч өргөн ашиглаж байв. Нэгхэн жишээ нь ур чадвар, мэргэжлийн түвшний хувьд овойж оцойх зүйлгүй, ядмагхан А.Солженыцины “Гулаг олтриг”-т Нобелийн шагнал хүртэл өгч байв. Соц нийгмийн гүнд буй муу муухай бүхнийг өсгөн мандуулж, гайхан шагшруулж, жигшүүлж байлаа. Үр дүн нь ч гарсан.
Чухам утга, уран зохиол гэгч зөв үйлд, зөв хэрэглэх аваас тунчиг сайхан үйлийг бүтээнэ. Харин буруу үйлд, буруу гарт, буруу хэрэглэх аваас ямар ч балаг балчиг тарьж мэдэх тийм л хүчирхэг зэвсэг.
Харин 1990 оноос хойш нэг хачирхалтай, согогтой үзэл манай уран зохиолын ертөнцөд түгээмэл дэлгэрсэн нь нийгмийн шинж чанараас ангид “цэвэр уран зохиол”-ын тухай үзэл. Уран зохиолд нийгмийн шинэ чанар гэж байх ёсгүй, зохиолч, уран бүтээлч хүн нийгмийн өмнө, хэлний өмнө, ард түмний өмнө ямар нэгэн хариуцлага хүлээх ёсонгүй гэсэн үзэл... Үзэл ч гэж, төөрөгдөл, туйлшрал юм.
25 жилийн өмнө урлаг, утга зохиолд байсан намч, ангич, ардач чанарыг таягдан хаях хэрэгтэй байсан, угаасаа тэр бол зохиомол, хиймэл зүйл, цаг зуурын чимэг зүүлт байсан. Харин утга зохиолын нийгмийн чанарыг нь, улс үндэстний оюун сэтгэлгээний суурь болж байдаг мөн чанарыг нь яагаад ч авч хаях боломжгүй. Уран бүтээлч хүн үндэснийхээ хэлний өмнө, түүгээр дамжуулаад үндэснийхээ оюун сэтгэлгээний өмнө, бас цаашлаад улс орныхоо сэргэн мандлын өмнө томоос том хариуцлага үүрч байдаг. Энэ үүрэг хариуцлагыг намч, ангич, ардач чанартай хольж хутгаад хогтой зуурч болохгүй.
Соц үзэл сурталтай зохиолыг “Пий, паа” хэмээн түлхэж, үзэл сурталгүй цэвэр уран зохиолын тухай сайхан ярих атлаа жинхнээсээ нул барууны туйлширсан либерал үзэл суртал болсон Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” зохиолыг “Миний ширээний ном” хэмээн үсээ сүгсэгнүүлэн толгойгоо сэгсчиж, шүлсээ үсчүүлэн шогширно. Өхөөрдмөөр ч юм шиг.
Танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үүрэггүй уран зохиолыг бүтээх тухай шогшрон чухалчлах атлаа Жорж Орвелийн “Амьтны ферм”-ийг гайхан шагшрах... Гэтэл гажуудсан нийгмийн мөн чанарыг гахайн Ферм дээрх дэг журмаас, дарангуйлагчийн араншинг Удирдагч гахайнаас олж харцгаана... Хөөрхөн гэдэг нь.
Иймэрхүү гэнэн төөрөгдлийн үр дүнд манай үндэстний утга зохиол ард түмний оюун сэтгэлгээний чинадад, нийгмийн гүнд өрнөж буй үйл явцыг задлан шинжилж, дэлгэн үзүүлдэг, танин мэдүүлдэг, сэхээрүүлдэг чадвараа бүрэн алдсан.
Уг нь “Хүн төрөлхтний зовлон шаналал, баяр гуниг бүхэн яруу найрагчийн сэтгэл зүрхэн дундуур гардаг” гэдэгсэн... Үүнийг яруу сайхан илтгэсэн Махтумкулийн тухай нэгэн сайхан домог байдагсан. Харин манай яруу найрагчдийн хувьд, хүн төрөлхтний бүү хэл үндэс угсаа, эх орон нэгтнүүдийнх нь зовлон гуниг, баяр жаргал сэтгэл зүрхнээс нь нэлээд холуур урсдаг бололтой...
Нийгэм цаг үе өөрийгөө танин мэдэх, тольдон харахад нийгмийн романы үүрэг нэн чухал. Цаг үе өөрийгөө танин мэдэж байж, хаана байгаагаа анзааран сэхээрч байж урагшлан хөгждөг жамтай. Бидний бузартай буртагтай гаталж ядан буй энэ ёс зүйн баримжаагүй болчихсон, үзэл санааны төөрөгдөлд хөтлүүлчихсэн цаг үе өөрийгөө нэг анзаарч харах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Харамсалтай нь яг энэ цаг үед иймэрхүү цаг үеэ, туулж буй нийгмийнхээ туршилтийг ултайхан шиншилж, шинжиж үзсэн роман, уран зохиол аргагүй ихээр үгүйлэгдэж байна.
Өнөөгийн бидний цаг үед оюун санааны үнэт зүйл гэдэг юм ихэд бүдгэрэн баларчээ... Монгол хүн өөрийгөө хэн гэдгээ, ямар байх учиртайгаа мэдэхээ больсон. Бидэнд шинэ үнэт зүйл, эрхэмлэн дуурайх ёс зүй, итгэл үнэмшил хамгийн түрүүнд хэрэгтэй байна..
Үнэт зүйлгүй нийгэмд хүн алга болдог. Хүн алга болж байгааг, өөрөөр хэлбэл хүн чанар сульдан тамирдаж буйг бид өдөр тутам харж байна. Тиймээс эрхэм уран зохиолч нөхөд минь, энэ үнэт зүйлгүй болчихсон нийгмийнхээ, цаг үеийнхээ үнэт зүйлийг бүтээх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ үнэт зүйлийг бүтээгчид нь улс төрчид биш, эдийн засагчид бол бүр ч биш, зөвхөн уран бүтээлч, сэтгэгч нар л байдаг юм.
Товчхондоо нийгмийнхээ, цаг үеийнхээ оюун санааг араасаа дагуулах шинэ дэвшилт үзэл санаа, үнэт зүйлийн үндсийг бий болгох хэрэгтэй байна. Ингэхэд дэлхийн бүх сонгодгууд томоохон сэтгэгчид байсан юм шүү..
Харин манай уран зохиолчдын нэг хэсэг нь их сайндаа “Болор цом”, “Утгын чимэг” гэх мэтийн уралдаан тэмцэлдээнд уран яруугаар уншиж, зүрх нь хөөрсөн олны алга ташилтаар тэжээгддэг шүлгэнцэр, өгүүллэнцэрээс цааш гарч чадахгүй байна. Хараагаад, цээрлэж жийрхээд байдаг соц үеийнхээ нуль уриа лоозон болсон хоосон цулгай бүтээлүүдээс огтхон ч дээрдэх юмгүй байна. Түүнээ утга зохиолын хэмжүүр гэж өөрсдөө ч итгэцгээж, ард түмнээ ч итгүүлэн төөрөлдүүлж, мунхруулж байна. Дотоод эрчим хүч, оюуны тэсрэлт, тэмүүлэлгүй, хий хоосон гунигласан, нялагнасан, үгээр наадсан, яг л өнгөөр угалзлуулсан авдрын хээ шиг шүлгэнцэрүүдээс, утга авцалдаа, түүхэн үнэн, ур чадвараас нэлээд хол төсөө романцаруудаас хэтэрч чадахгүй байна. Нэг бол олны анхаарал татсан сэдвээр бизнес хийж, эсвэл шалдар сулдар сэдэв тойрон гунганалддахаас хэтрэхгүй байна.
Арай дөмөгхөн нөгөө хэсэг нь “Цэвэр уран зохиол”-ын тухай сэршгүй гүн бат зүүдэн нойрондоо умбацгаажээ. Эргэн тойронд нь юу болж, ард түмэн нь юунд баярлаж, юунд хөөрч, юунд гутарч, юунд зовж шаналан, юуг хүсэж мөрөөдөж буйг анзаарах ч сөхөөгүй, цэвэр утга зохиолынхоо тухай аугаа их мөрөөдлийн зүүдэндээ мансуурцгаажээ. Хүйтэн дайнд ялагдаж явсан тэр цаг үед хүйтэн мэсэнд үхлийн мэт гүн гүнзгий шарх авчээ.
Энэ цаг үе бол нэн сонирхолтой цаг үе, хүн болоод түүний мөн чанар, нийгэм болоод түүний олон хувилбарыг таньж мэдэх боломж уран зохиолчдод нэн өргөн нээж өгсөн цаг үе. Алах ял заагдан шонд дүүжлүүлж, цөллөгт хатаж, өлсгөлөн, өрд таталдаж явсан Ф.Достоевский хэцүү бурангуй тэр цаг үеэ “Энэ цаг үед төрсөн минь юутай аз вэ” гэж халаглан бичиж байсан нь чухам түүнд тэр хэцүү цаг үе нь хүн, түүний мөн чанарыг танин мэдэхэд ямар ч номоос, эрдэмтнээс, гүн ухаантнаас илүү багшилж байсанд оршино.
Манай энэ цаг үед чухам энэ л цаг үеийнхээ, энэ нийгмийнхээ, ард түмний оюун сэтгэлгээний гүнд болж буй үйл явдлыг задлан шинжилсэн, нээн үзүүлсэн уран зохиол нэн хэрэгтэй байна. Яагаад гэвэл, өнөөдөр, Монгол Улсад нийгмийн томоохон хөгжил дэвшил зайлшгүй хэрэгтэй цаг үе, өөрөөр хэлбэл оюун санааны их хувьсал өөрчлөлтийн цаг үе тулж ирээд байна. Харин тэр цаг үеийг урин дууддаг түүчээ нь, Данко нь болсон эрхэм уран зохиолчид, оюун билиг, сэтгэлгээний их мастерууд маань хаана байна? Том эргэлтийн, дэвшлийн оюуны суурийг тавьдаг тэр хүмүүс маань хаачив... Монголын Бальзак, Толстой нар...
Нийгэм харанхуй мунхаг болох хэрээр, зэрлэгшиж, задрах хэрээр, нийгмийн хөгжил гажих хэрээр утга зохиол цэвэршдэг тийм теором ч гэж байхгүй. Хэрвээ тэгдэг ахул утга зохиолын ч хэрэг алга.
Цаг үеийнхээ ачаанаас үүрэлц, уран зохиолчид, яруу найрагчид минь. Яагаад гэвэл тийм цаг үе нь ирчихсэн байна. Дахин олдохгүй насанд чинь дахиад олдохгүй үүрэг хариуцлага, ачаа хүлээж байна. Зөвхөн та бүхний л үүрэх тэр ачаа... Нийгэм цаг үе дандаа ийм байгаад байдаггүй, ийм онцгой шилжилт өөрчлөлт тэр бүр болоод байдаггүй, нойрмоглон нозоорох цаг нь ихэнхдээ байдаг.
“Болор цом” зүүдлэн зүүдлэх сайхан зүүднээсээ сэрцгээ, эрхэм Болор цомтонгууд аа... Улс орон чинь уруудан доройтсоор нэг л мэдэхэд мөрөөдөл болсон Болор цом чинь Зоос зуусан ногоон мэлхийгээр солигдчихвол яах гээ вэ?
“Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрахсан” хэмээн зүүдлэх сайхан зүүднээсээ сэрцгээ, Яруу найрагчид аа... Газар шороо чинь цөлмүүлэн ухуулсаар, цөлжиж, гандсаар нэг л өдөр гэрийн буурийн чинээ ч зүлэг олдохгүй болчихсон байх ахул ямар баллад, риквиемээ бичих гээ вэ?
“Цэвэр уран” зохиол зүүдлэн зүүдлэх сайхан зүүднээсээ сэрцгээ, Уранзохиолчид оо... Эх оронгүй, эх хэлгүй, элгэн ард түмэнгүй болчихвол эзгүй цөлд очиж элсний ширхэгэнд шүлгээ уншиж, үнс нурманд зохиолоо шивнэж өгөх гээ юу?
Б.Номинчимэд
2015.2.28

ИМИЖ ГЭЖ АЙХТАР ЮМ БАЙНА АА, БАЙНА...


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Германд очоод "Оросын газар нутгыг тойруулж төмөр зам барина" гэж огт хэлээгүй юм билээ. Ер нь яаж мунгиналаа ч тэгэж хэлэх боломжгүй. Эрүүл ухаанд огт багтахгүй.
"Манай улс Төмөр замаа ОХУ-тай 50:50 хувиар эзэмшдэг... Харин бид дангаараа өөрийн гэсэн төмөр зам тавих боломжтой" гэсэн утгаар хэлсэн Ерөнхийлөгчийн маань үгийг буруу ойлгосон уу, зориуд мушгисан уу, оросын зарим мэдээллийн сайтууд өөрөөр тайлбарлаж, түүнийг нь манайхан шүүрэн авч, шууран бужигнацгаасан. Өөрөөр хэлбэл Оросын хувь эзэмшдэг төмөр замаас өөр төмөр замын тухай яриаг нь оросууд Оросын газар нутгаас ангид төмөр зам болгож гуйвуулан "үймүүлжээ". Оросуудыг ойлгож болох тал бий. Улс төрийн тоймч Гантулгын хэлдгээр холбоотнууд нь ээлж дараалан урваж байгаа, эдийн засаг, улс төр, цэргийн бүслэлтэд ороод буй Оросуудын хувьд одоо хэн хэрхэн урвах вэ хэмээн хардан сэрдэж харж байгаа нь үнэн.
Уг нь Ерөнхийлөгчийн маань энэ санаа, энэ амбиц их зөв юм. Төмөр замыг стратеги гэдэг. Тийм атлаа энэ стратегийнхээ ганц гол сувгаа хөрш улстайгаа 50:50 хувиар хамтран эзэмшдэг гэхээр бас л эргэцүүлж үзэх шаардлага бий. Дотоодынхоо төмөр замд 100 хувь эрх мэдэлтэй байх нь төрийн бодлого. Гэвч өнөөгийн МТЗ-ын хувьд энэ боломжгүй, тиймээс дотооддоо МТЗ-аас тусдаа өөрөө дангаар эзэмших төмөр зам байгуулж яагаад болохгүй гэж... Ерөнхийлөгчийн Германд хэлсэн үгийн утга нь энэ.
Гэвч хүмүүс түүний үгийг хартай байгаа оросуудын үгээр ойлгож шуугицгаав. Эрүүл ухаантай хэн ч тэр, Оросын газар нутгаар дайруулахгүйгээр Европ хүрэх төмөр зам барих ямар ч боломжгүй гэдгийг мэднэ. Хятадаар дайран, далайгаар дамжуулан хүрэх нь хорвоог тойрсон дэндүү хол зам. Ийм илэрхий зүйлийг олон улсын тавцан дээр ярина гэдэг санаанд бүү хэл зүүдэнд ч орохгүй зүйл. Гэтэл манай монголчууд Ц.Элбэгдоржийг яг тэгээд хэлчихсэн гэдэгт өчүүхэн ч эргэлзэлгүй хүлээн авчээ. Тэгээд л бухимдацгааж, харааж гарах нь тэр. Ерөнхийлөгчийн зүгээс, ЕТГ болон бусад хэвлэлээр "Тийм юм яриагүй ээ, тийм боломж ч байхгүй" гэж хичнээн тайлбарласан ч "Ярьсан ярьсан, яг ярьсан. Цаадах чинь юу ч ярьж мэдэх хүн" гээд үнэн зөв тайлбарыг огт хүлээн авсангүй.
Ингэхэд Монголчууд бид ийм муйхар, зөрүүд хүмүүс юм уу?
Бид чинь бас ч гэж дотроо бодолтой, доороо суурьтай байх гэж хичээдэг, бусад үндэстнүүдээс чухам юу юуны туханд хүрэлгүй шуугиад, шуураад босоод ирдэггүй харьцангуй хүлээцтэй ард түмэн биш бил үү... Гэтэл яагаад ийм боломжгүй зүйлд итгэж нийтээрээ хошуурцгаана вэ? Дандаа ингэдэг үү?
Гэвэл үгүй юм аа. Асуудлын мөн чанар юунд байна вэ гэхээр мань Ерөнхийлөгч маань биднийгээ ихээхэн хашраачихсанд л асуудал нь байгаа юм. Имиж гэж нэг айхтар юм байна даа. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч маань ард түмэндээ нэг тиймэрхүү "Хошгоруулдаг", "Худлаа туучихдаг", "Юу ч ярьж мэдэх" гэсэн имижтэй болчихсон аж. Тэгээд л Төмөр замын тухай ямар ч боломжгүй ярианд олон түмэн тийм амархан үнэмшчихэж байгаа хэрэг. Олон түмэн мунхаг харанхуйдаа ч биш...
Хашир хүн гэж хаширчихсан хүнийг л хэлдэг. Өмнө нь олонтаа хаширсан даа. Ерөнхийлөгч маань Америкт очоод оюутнуудтай хийсэн уулзалтынхаа үеэр "Би Орост оюутан болж очоод анх удаа зайрмаг идэж үзсэн. Манай эх оронд зайрмаг хийдэггүй байсан. Тийм сайхан амттай зүйл байдгийг аав ээждээ амтлуулахсан гэж хүссэн" гэж хэлж байв. Энэ үгийн цаад санаа нь эх орноо илүү сайхан хөгжүүлэхийн тулд Ардчилсан хувьсгал хийсэн гэдгээ зайрмагаар төлөөлүүлэн илэрхийлж буй хэрэг. Үүнд нь гадаад оюутнууд ихээхэн хөгжилдөж, бас алга ташин, хошгорцгооно билээ. Гэтэл Ц.Элбэгдоржийн ЗХУ-д оюутан болж очсон нь 1983 он. Манай улсын хөнгөн хүнсний үйлдвэрийн түүхэнд анх 1964 оноос зайрмаг үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Мань хүнээс өчнөөн дүү би л хувьдаа 1976 онд буюу Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг ЗХУ-д сурахаар явахаас 7 жилийн өмнө Зайрмаг иддэг байснаа сайн санадаг юм. Одоогийн Сансарын түнелийн гүүрэн дээрх зайрмагны мухлагаас, 100 айлын 9 дүгээр дэлгүүрээс 50 мөнгөний зайрмаг их ч авсан даа.
Мөн Ц.Элбэгдоржийн өнөөх алдартай "Тарваганы нүхэнд өлгийтэйгээ тухалж амардаг" түүх байна. Өөр бас олон бий, тэр бүхнийг нь эмхэтгэвэл онч үгийнх нь номноос нимгэдэхээргүй бас нэг ном болохоор...
Энэ мэт санаатай санаагүй, энд тэнд илэрхий худлаа туучихаад, хошгоруулчихаад байдаг болохоор нь л олон түмэн түүнийг Германд очоод яг тэгээд хэлчихсэн гэдэгт ямар ч хар сэргүйгээр итгэсэн хэрэг. Нөгөө худалч хүн хичнээн үнэн ярьсан ч үнэмшиж өгдөггүйтэй адилхан.
Ер нь ингэхэд буруу хүмүүс хичнээн зөв зүйл хийсэн ч буруу л харагдаад байдаг сэтгэлзүйн хандлага бий. Бас буруу хүмүүс хичнээн зөв зүйл хийсэн ч үр дүн нь алсуураа буруу тийшээ өөрийн эрхгүй эргэчихээд байдаг түгээмэл зүй тогтол ч гэж болох нийгмийн үзэгдэл бий... Үүнийг цаг хугацаа, өнөөгийн дүр төрх илэрхий харуулж байна даа...
Б.Номинчимэд

Monday, March 9, 2015

АРД ТҮМНИЙ ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ОЮУН САНАА ГЭДЭГ ХОГЫН САВ БИШ


Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж "Н.Энхбаярын өөрийн гараар бичиж өгсөн өршөөл уучлал үзүүлэхийг хүссэн өргөдөл нь байгаа" хэмээн "Цензургүй яриа" ТВ-ийн шууд ярилцлагын үеэр мэдэгдэв.
Харин Н.Энхбаяр "100 эрхэм"-ээр "Би өршөөл гуйгаагүй, өргөдөл бичээгүй" гээд яриад байсан шиг билээ.
Ийм юм байх боломжгүй, өөрөөр хэлбэл ахуйн хүрээнд хоёр үнэн зэрэгцэн орших боломжгүй.
Нэг бол Н.Энхбаяр "Өршөөл гуйсан өргөдөл бичээгүй" хэмээн худал хэлж байна, эсвэл Ц.Элбэгдорж "Энхбаяр өөрийн гараар бичсэн өршөөлийн өргөдөл бий" гэж худал хэлж байна.
Энэ хоёрын аль нэг нь л үнэн байх боломжтой. Ард олон хэнийх нь үнэн болохыг, хэнд нь итгэхээ мэдэхээ болиод, ангайж гайхаад үлдэж байна.
Монгол төрийн тэргүүн, монгол үндэстний оюун санааг бүтээлцэж буй хүмүүс ингэж аашилж, аяглацгааж болохгүй л дээ.
Энэ хоёр яахав ингээд бие биерүүгээ бухаад, мэлзээд өнгөрнө, цаана нь Монгол гэдэг бүхэл бүтэн үндэстний оюун санаа бохирдоод, буртаглагдаад үлдэж байна. Тэгээд тэр хог новшин дундаасаа өөрсдөө бүтээгдэж байна. Ард түмний итгэл үнэмшил, оюун санаа гэдэг хэн дуртай нь зарчимгүй, ёсзүйгүй оюун санааныхаа хог шавхрууг хаяж байдаг хогийн тантан биш билээ...
Өнөөдөр монголын нийгэмд олон зүйл болж бүтэхгүй байгаа тухай ярилцацгаадаг. Ялангуяа нийгмийн ядуурал. Дэлхийн банкны судалгаагаар хүн амын 30 гаруй хувь нь амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур буюу нэн ядуу түвшинд амьдарч байгаа гэдэг. Үнэхээр ядуурал манай нийгмийн хөгжлийн чөдөр тушаа болж байгаа нь үнэн.
Түүнээс ч илүү их хор хохиролтой ядуурал бол нийгмийн оюун санааны ядуурал, ёс суртхууны доройтол. Оюун санааны ядуурал гэдгийг чухам хэдэн хувьтай байгааг хэмжих, тодорхойлол аргачлал байдаггүй бололтой... Энэ нийгмийг гинжилсэн авилгал, бүдүүлэг соёлгүй, увайгүй байдал, урвалт шарвалт, худал хуурмаглал, хараал зүхэл, хагарал, задрал, талцал, зарчимгүй байдал, хэт хувиа бодсон бэртэгчин сэтгэлгээ..., энэ бүхэн бол оюун санааны ядуурлын илрэл.
Гэтэл энэ оюун санааны ядуурал, ёс суртхууны доройтолд хамгийн ихээр үлгэр жишээ үзүүлж, хамгийн ихээр нийгмийн оюун санааг бохирдуулж буй зүйл нь манай ихэс дээдсийн энэ мэт байдал юм.
Хүний нийгэм гэдэг чинь дээдсээ харж, дээдсээ дагаж, дуурайж явдаг, үлгэрлэл, дуурайлал, манлайлал гэдэг юм тун чухал нөлөөтэй байдаг зүйл. Хүний нийгэм бүү хэл адгуусны сүрэгт ч ийм зүйл байдаг.
Харамсалтай нь өнөөгийн манай нийгэмд лидерүүдийн манлайлал ийм харамсалтай түвшинд байна.
Энд дурдсан жишээ бол зөвхөн ганцхан нь, шинэ сэргэг, нэн тодорхой баримттай нь... Олныг дурдвал ой гутмаар их жагсаалт гарна...
Дахин хэлье. Ард түмний итгэл сэтгэл, оюун санаа гэдэг хогын тантан биш шүү... Энэ мэт хоёр үзүүртэй асуудлуудад эцэслэсэн баталгаатай хариуг өгч, жаахан ч болов ёсзүйтэй, зарчимтай байцгааж, энэ тарьсан хог новшоо бага ч атугай цэвэрлэж баймаар байна.
Эс тэгвээс нэг л өдөр өөрсдөө тэр хогондоо дарагдаад, хичнээн орь дуу тавьсан ч, хэн ч сонсохоо болих болно шүү дээ.

Б.Номинчимэд