Friday, January 13, 2012

Үрээ мориндоо мордохоор үг хэлтэй байснаа санана

ДМ Онлайны "Зохиогчийн булан"-г хөтөлдөг, сэтгүүлч Б.Занданхүү өдгөө ӨМӨЗО-нд сурч байгаа билээ. Тэрбээр өвлийн амралтаараа Хятадын Чингхай мужаар аялж, тухайн нутаг оронд амьдардаг монголчуудтайгаа уулзаж яваа юм. Бид та бүхэндээ түүний аян замын шинэхэн тэмдэглэлийг анхлан хүргэж байгаадаа баяртай байна. Өмнө нь Хөхнуурын дээд монголчуудын тухай Б.Занданхүүгийн бичсэн “Ар монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэх сэн” хэмээх тэмдэглэл-сурвалжлагыг бид таван жилийн өмнө сайтдаа нийтэлж, олны хүртээл болгож байсан билээ.

Даяар Монгол Онлайн.

Аян замын тэмдэглэл

Үрээ мориндоо мордохоор үг хэлтэй байснаа санана

/Хэл соёлоо мартсан Хэнаны монголчуудын тухай/

1. Төөрсөөр төрөлдөө

Төвд хүмүүс хонины нэхийг торго даавуу мэтийн бөсөөр өнгөлөлгүй шууд арьсан гадраар нь дээл хийж өмсөх нь элбэг ажээ. Байгаль дэлхий мал ахуйгаа бараадан амьдардаг тэдний хувцас хунар хийгээд бие цогцосын ариун цэврийн тухай бодох нь салхи нь шороотой, санаа алдах нь хориотой энэ нутагт дэндүү илүүц санагдана. Бороо шороонд элдүүр нь ханаж өөрийнхөө өнгийг хэдийнэ гээсэн хөдсөн дээлийн эмжээрт сэмэрсэн хоргойны саа үе үе гялтганах нь сэтгэлд нэг л эмзэг. Гоёл чимэглэлийн зүйл зохиогүй газартаа этгээд гэхээсээ илүү эмгэнэлтэй харагддаг ажээ. Ханцуй хормой нь хамтдаа газар шүүрдсэн хүлхгэр төвд дээлний цаанаас ил гарсан хиртэй хэнхдэг, галзуу мэт гялалзсан нүд, ширэлдсэн үстэй тэдгээр хагас зэрлэг хүмүүс хоорондоо амдо төвдээр учиргүй чанга хашгиралдан ярихыг гайхан сонжихын завсарт зургийг нь дарж явахдаа энэ хөөрхий хүмүүс миний цус махны нэгэн хэсэг байсныг даанч мэдсэнгүй ээ. Түүхийн нэгэн цаг үед Монголын хүчирхэг дээдсийн илдний ир болж явсан итгэмжит хүлэг баатруудын хойчис өнөөдөр ийнхүү Төвдийн их уулсын дунд хүн төрөлхтөний хөгжлийн түүчээнээс гээгдэж түүхийн хуудас зузаалахаар уусан замхарч байгаа нь нэн эмгэнэлтэй.

Хятадын баруун хойд орны Цинхай муж буюу Хөхнуур Төвдийн өндөрлөгт орших Төвдийн өөртөө засах Хуаннан жүгийн Хэнан шенгийн дөрвөн түм орчим монгол ийнхүү Хятад газар дахь төвдийн тоог “нэмжээ”. Дөрвөн үеийн өмнө гээгдсэн монгол хэлний ор мөр болох ганц нэгхэн монгол үг хааяа тэдний амнаас унах хэдий ч өмссөн зүүсэнтэйгээ үл зохицох мэт харь сонсогдоно. Нэгэн цагт Хошууд хаант улсыг байгуулж Хөхнуур Төвдөд эзэгнэлээ тогтоож асан Төрбайх гүш /Гүш гэдэг нь “гуо ши” буюу улсын багш гэсэн утгатай хятад үг. Төрбайх эе эвийг эрхэмлэсэн, эрдэм билэгт нэгэн байжээ/ хааны ноёрхол суларч асан 1700-аад оны эхэн үед түүний 5-р хөвгүүн Илдүүжийн ач хүү Цагаан Данзан авгаа Манжийн төрд худалдаж олж авсан хэргэмээрээ энэхүү Хэнан шенгийн монголчуудын анхны Чин вангаар өргөмжлөгджээ. Чухам энэ үе бол Хэнаны монголчуудын алтан сайхан цаг үе байжээ. Манжийн төрд нүүртэй эзэн вантайн хувьд өнгөтний дээдийг өмсөж амттаны сайныг зооглож эхэлсэн тэд Чин вангаа бурхан лугаа шүтэж байхдаа энэ нь тэдний хожмын унал мөхлийнх нь бартаат замын эхлэл болохыг мэдсэнгүй.

Цагаан Данзан шарын шашныг хөхиүлэн сайшааж Төвдийн бурхан шашны томоохон төв Лавран хийдийг санаачлан байгуулж эхний ээлжинд 500 монгол залууг сонгон хувраг болгож дуган дацангийнхаа хэтийг цахижээ. Дараа дараагийн Чин вангууд ч Лавран хийдийн “боловсон хүчний” энэхүү уламжлалыг сахин хадгалж эрдэмтэй монгол залуусыг сүмийн горлом руу илгээхийн зэрэгцээ бурханы шавь болсных нь төлбөрт эд агуурс, гэр малаар урамшуулан тэтгэсээр байсан юм. Ийнхүү бурханы номхон шавь нар олшрохын хэрээр ард нийтээрээ Лавран хийдээс өөр харах бараа хандах зүггүй болж нэг л мэдэхэд боолчилж явсан төдүүдийнхээ боол нь болжээ.

Одоо эндэхийн монголчуудыг монгол гэж хэлэх аргагүй болж. Өгүүллийн эхэнд дурдагдсан хүлхгэр дээлтэй хүрэн улаан төвдүүд шүү дээ тэд маань. Харин монгол хэлээ мэдэхгүй ч монголоороо дуу сайхан дуулчихдаг аж. Дууныхаа утгыг мэдэхгүй ч, бүр нэг сэтгэлээсээ дуулна. Шенгийн төвөөс холгүйхэн өвөлжиж байгаа малчдынхаар хэсэж явахдаа энэ нэг дууг өр шимшрэн сонссон юм. Настай аав гэрийнхээ гадаа араг тохойлдон суучихаад жаахан сөөнгө боловч аргилхан хоолойгоор ийнхүү дуулна.

Өндөр өндөр уулан дээр гарвал

Жороо морио санана

Яагаад саналаа гэвэл

Жороолж явснаа санана

Өндөр өндөр уулан дээр гарвал

Ах дүүгээ санана

Яагаад саналаа гэвэл

Наадаж байснаа санана

Өндөр өндөр уулан дээр гарвал

Эзэн ноёноо санана

Яагаад саналаа гэвэл

Эзэлж явснаа санана

Өндөр өндөр уулан дээр гарвал

Үрээ морио санана

Үрээ мориндоо мордохоор

Үг хэлтэй байснаа санана...

Тэд лам хүнтэй тааралдвал малгайгаа авч хүндэтгэдэг. Бас монгол хэлтэй хүнтэй тааралдвал өөрийн мэдэлгүй малгайгаа аваад нүдэнд нь нулимс цийлэгнээд ирдэг...

2. “Морьтой” ч болоосой...

Энэ нутагт морийг маш их дээдэлж, адууны хийморьт сүслэдэг. Тиймээс морьтой холбоотой ёслол хүндэтгэлийн зан үйл арвинтай. Гүү унагалахад айлын эзэн ямагт унагаа “эх барьж” авна. Шинэ унагыг шандаст сайн хүлэг болгох гэж эгээ л хүүхэд өсгөх лугаа нарийн нямбай ажил болно. Энд хүүхдийг анх морины нуруун дээр гаргах гэж бас нэг лут ажил байна. Настнууд өдөр судар харж, айл хотлоороо цуглан идээ шүүсээ дэлгэн хүүхдийг моринд мордуулна. Хүүхдийг гурван нас хүрэхээс өмнө морь унуулах хориотой. Тусгай ёслол үйлдэлгүйгээр моринд мордуулах бас цээртэй.

Манай хөдөөнийхөн бол бага балчир хүүхдүүдээ хонины мориноос нь эхэлж дасгадаг, номхон морийг хүүхдийн унаа гэж өхөөрддөг. Харин энд бол яг эсрэгээрээ. Нутаг усандаа нэр цуутай хурдан хүлгүүдийг “хүүхдийн морь” гэж нэрлэнэ. Хүүхдийг анх морь унуулахдаа олон түмний мэдэх, нэр хүндтэй моринд мордуулахыг ихэд чухалчилна. Хожим нь тэдгээр хүүхдүүд том эрчүүд болсон үедээ, би тэрний тийм нэрт хурдан хүлгэнд анх мордсон хэмээн бахархан дурсч, энэхүү бахархал нь насан турш хэлэгдэх яриа хөөрөөний чимэг болдог. Анх морь унаж байгаа хүүхдийн жолоог томчуул нь барьж дэмнэхийг хориглоно. Хүүхэд өөрөө жолоо цулбуураа барьж гэр хотоо гурвантаа тойрдог. Түүнийг ийнхүү гороолж ирсний дараа томчуул нь цай идээ дээжилж амар мэндийг нь асуун, аян замдаа сайн явж их юм үзэж дуулав уу гэж хүүхдийг урамшуулдаг. Хүүхэд энэ үед эгээ л том хүн шиг хүндлүүлж байгаадаа урамшин морио дээдлэн бахархах үзлээр лугшиж байдаг. Энэ нутагт монгол ахуйгаас үлдсэн хамгийн гол зүйл нь морин эрдэнэ. Наадам найрын үед монголчуудын уясан морь маш сайн хурдалдаг, Түвд нутагт Хэнанчууд мориороо алдартай гэнэ. Хэнаны төв талбайд аргамаг хүлгийн уран гоёмсог цутгамал бий. Нутгийн захиргаанаас анх эл талбайд сарлагийн хөшөө босгохоор хэлэлцсэн ч монголчууд зад үзэлцсээр байгаад морины хөшөө болгож аваад санаа нь амарцгаажээ.

Ер нь эндэхийн монголчууд заргачаараа алдартай гэнэ. Түвд Монголчуудын хооронд нутаг ус булаалдсан тэмцэл үеийн үед өрнөсөөр, буу шийдэм хөдөлгөж хоёр талаас олон хүний амь насыг үрсэн ч эрх баригч хятадууд олигтой арга хэмжээ авч чадсангүй. Учир нь төвд, монголчууд хятадыг хүн гэж үздэггүй ажээ. Энэ нутагт хууль цааз, цэрэг цагдаа гэхээсээ илүү шарын шашны хэргэм мяндаг өндөртэй гэгээнтнүүд тэдний хэргийг шийддэг байжээ. Харин саяхнаас нутгийн захиргаанаас газар нутгийг нь хуваарилж өгснөөс хойш бэлчээрийн “мөргөлдөөн” зогсчээ.

Эндэхийн Монголчууд урин цагт зусландаа буухдаа айл хотлоороо бие биеэ бараадаж нэг газарт гэрээ тойруулан хүрээ үүсгэж буудаг байна. Чингисийн үеийн аравт мянгатыг санагдуулам эл хүрээгээ тэд “Зөвхөн монголчуудын ёс” хэмээн тайлбарладаг гэнэ. Нээрээ ч төвд айлууд ингэж буусантай тааралдаж байгаагүй хэмээн орчуулагч маань нотолно. Мөн дашрамд хэлэхэд гэрээ хэрхэн цэвэр цэмгэр барьснаас эхлээд гэрийнхээ гадаа хураасан зүйлс, аргалаа яаж хашаалсан зэргээсээ монгол айл андашгүй танигдана. Төвдүүд шиг хаа тааралдсан газраа хар майхнаа босгоод унаад өгөхгүй, гэр малаа адгуулах байдал нь эрс ялгарна. Ер нь монгол хүмүүс хаа яваа газраа, яаж ядарч зүдэрч байсан ч, хятад түвдүүдтэй харьцуулшгүй эрхэмсэг шүү гэх яриа хөөрөө Өвөрмонголд явахад олонтаа чих шүргэсэн ч цагийн эрхээр хайлж буй үндэстнүүдийн өөрсдийгөө дөвийлгөдөг хийтэй үгс төдийд бодон тоогоогүй сэн. Тэгтэл хэл усаа алдчихсан Хэнаны монголчуудын бургасан тоонотой монгол гэрт сарлагийн сүүгээр сүлсэн аагтай шаргал цайг амтархан оочлох зуураа өвөг монгол ухаан өнгө зүсээ гээтлээ удахын учрыг танилаа. Дэлхийг захирч явсан дээдсийн удам шүү дээ энэ чинь...

Гэсэн хэдий ч... морьтны үр хойчис энд монгол нутаг устайгаа хамт гээгдэж, эх хэлээ алдаж, эрэмгий түүхээ мартаж мориныхоо эмээлээс өөр тухтайхан суудалгүй Монголынхоо сургаас өөр дэмнэх ханьгүй явган сууж нүцгэн жаргаж буйг үзээд “морь муутай” улс юм даа бид гэж хөндүүрлэлээ.

3. Монгол улс минь байгаа цагт “сайхан” үхэж чадна

Хонины нэхий, кока кола, сарлагийн борц, хятад шаахай, ясан эрхи, цусан эвэр гэхчилэн ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг өнгө алаглуулан өрсөн зээлээр хүн малын ялгадас гишгэчихгүйг хичээн самгардаж явтал яг өмнө минь зодоон цохион болоод явчихлаа. Зээлийн эхэнд явахад л хоёр төвд хоорондоо хэрэлдээд эхэлсэн юм. Гэтэл гэнэт тас няс буугаад явчихсанд хэлмэрч залуугаасаа учрыг асуулаа. Тэгсэн хашир хэлж байна. Энэ хоёр эхлээд нэг барааг булаалдан хэрэлдэж эхэлжээ. Тэгтэл нэг нь чи бид адилхан Хятадын боолууд байж нэгэндээ ингэж ихэрхээд хаа холдох вэ гэхэд нөгөө нь “Чи л хятадын боол. Харин би эх оронтой монгол хүн” гэсэн байна. Нөгөө төвд нь хятадын боол гэж хэлсэнд нь бачимдаад “Чамайг би тэгвэл алчихъя л даа” гээд дайрчээ. Гэтэл монгол нь “Би бол үхсэн ч үлдэх улс оронтой хүн, алагдахад гомдолгүй. Харин чи урт наслаарай, чамаар чиний улс дуусаж байгаа шүү” гэж хорыг нь маажсан аж. Ийм хэрүүл байнга болж заримдаа буу шийдэм, хутга мэсэндээ тулдаг гэнэ.

Гаднаас нь харахад хоёр төвд хоорондоо төвдөөр хэрэлдээд байдаг. Гэтэл улс үндэстэн дамнасан “олон улсын” хэрүүл хийж байх нь нэн хачирхалтай. Төвдүүд шаралхахаараа “Чи тэгвэл эх хэлээрээ ярихгүй юунд манай хэлээр яриад манай хувцасыг эгэлдрээд яваа юм бэ” гэж монголчуудын хорыг малтдаг. Монголчууд нь болохоор “Эх орон чинь та нараар дуусч байгаа шүү, урт наслаарай” гэж тавлан хариугаа авдаг ажээ. Харин Хятадын эсрэг заалдах болбол мөнөөх эвлэршгүй дайснууд чинь атгасан гар шиг нэгдэж аваад ханцуй шамлан орж явчихдаг гэнэ.

Энэ өдөр Хэнан шенгийн гудамжаар хүн ёстой багширч байлаа. Торгон дээлийнхээ энгэр хэсгийг далдартал том том шүр зүүж ханцуйгаа сугалдарсан ганган эмэгтэйчүүд, хөдсөн гадартай хоргой эмжээртэй төвд дээл хөглөрүүлсэн эрчүүд, хүүхдээ нуруундаа үүрч дүүрч түүртсэн эхчүүд гээд төвд монгол холилдсон олон түмэн зай завсаргүй сүлжилдэнэ. Төвөөс ядуу буурай айл өрхүүдэд тусламжийн бараа таваар олгох болсон сургаар хөдөөнийхөн ийнхүү шенгийнхээ төвд орж ирцгээжээ. Тусламж авах айл өрхийн тоонд орсон эсэхээ ч магадлалгүй морь мотоциклио хөлөглөн хөөрцөглөөд ирж.

Тусламж тараах ажиллагаа төв талбайд эхэллээ. Хятадууд төрөөс хуваарилсан атга будаа, чимх гурилаа тараах гэж ёстой л нэг сүрийг үзүүллээ. Будаа гурилаасаа үнэтэй баймаар том анонс өлгөж, улаан бүрээстэй сандал ширээгээр тайз засан, буутай хамгаалагч зогсоож байгаад л нам төрийнхөө бодлогыг сайшаан магтаж гарлаа. Удтал магтан сайшаасан мөнөөх ярианаас нь илүү өмнө нь хураалгаастай гурил будаанд нь л ардуудын нүд хоргодоостой. Нүдэн баримжаагаараа жинлэж, орой оройны хоол ундандаа тааруулан банжиж байна уу гэлтэй. Тусламжийн хүнснээс хувь хүртчих сэн гэх хүсэл хүн бүхний нүдэнд илхэн, түүнийгээ ч нууж хааж эрээлж байгаа шинжгүй, нүд нь шуудайтай гурилнаас салахгүй. Хотын хүмүүс хөдөө явахдаа хүүхдийн нүд хуурах хэдэн чихэр цүнхэлж явдгийг санаад энэ хүмүүс хүүхдээс өөрцгүй өрөвдмөөр нялх сэтгэхүйтэй болохыг зүрхшин харж байлаа.

Тусламж тараах ёслол өндөрлөхөд хувь хүртээгүй хэсэг нь бодож санах ч юмгүй мотоциклио сүрхийтэл асаан сархийтэл инээлдээд дүрхийтэл давхиад явчихлаа. Харин тусламж хүртэгсэд нүүрэндээ баяр хөөр тодруулсаар шенгийн гудамж зээлийг метрлэн хоршоо дэлгүүр хэсэн хоорондоо мөргөлдсөөр өдрийн хугас явцгаав. Чихэр жимс, хоол ундны голдуу жижигхэн түнтгэр богцуудыг хувцас хунарынхаа нэг хэсэг шигээр биендээ дүүжилж бөндөгнүүлсээр яваа тэднийг хараад ахиад л шимшрэв.

Харин тэд маань бодож санасан юмгүй, цагаахан инээмсэглэл гэрэлтүүлж, харь гаригийн зочин харж байх шиг хачин жигтэй нүдээр намайг ширтэн улаан цайм нүдэн дээр минь миний тухай эрээ цээргүй ярилцан тас тас инээнэ. Өмсөж зүүснийг минь шоолон хэрдээ л гоочилж байх бололтой. Өндрийн салхинд зутраад ноосон малгайн дээрээ хүрэмнийхээ юүдэнг дараад өмсчихсөн, нүүр нүдгүй ороолт давхарлаад ороочихсон, нүдний шил нь цантчихсан хачин л юм харагдаа л даа тэдний хувьд. Харин төвдүүд хасах гучин хэмийн хүйтэнд энгэр заамаа ил гаргачихсан, хөдсөн дээлээ сугалдаргалчихсан явах нь ерийн үзэгдэл. Мотоциклиэ асаагаад хөдлөхдөө харин дээлээ ханцуйлж, захыг нь босгоод, толгой бие нь ялгагдахгүй нэг л хачин уул овоо шиг хүнхийсэн юмнууд болж аваад давхиж одно. Уул руугаа учиргүй яарахыг нь яана...

4. Та Сухуд очих уу, эсвэл Хэнанд уу?

Хүлхгэр дээлтэй хүрэн улаан царайтай энэ хүмүүсийг аль нь төвд аль нь монгол гэдгийг нь ялгах арга байхгүй. Харин манай орчуулагч залуугийн яриагаар “монголчууд бол андашгүй” гэнэ. Тэд хэдийгээр төвдөөр ярьж байгаа ч соёл сэтгэлгээний хувьд яагаад ч ижилсэхгүй, илүү сэхээлэг, соёллог хэмээн ярьж байлаа. Эндэх монголчуудыг түвдээр Суху гэж нэрлэдэг ажээ. Суху гэдэг нь үгчилж орчуулбал “далчин” гэсэн төвд үг бөгөөд монголчууд анх ирж суурьшихдаа бөөгийн шашны зан үйлийн нэг хэлбэр болох “дал шатааж төлгө тавих”-ыг төвдүүдэд зааж байжээ. Явуулын хүнээс “Та Сухуд очих уу, эсвэл Хэнанд уу” гэж асуугаад Сухуд гэвэл монголчуудтай уулзах хүн байна гэж ядах юмгүй таачихна. Суху гэдэг нь тусдаа газрын нэр биш мөнөөх л Хэнанаа хэлж буй хэрэг. Тийн атлаа нэг газрыг төвд монголоор нь хоёр хуваан ийн нэрлэдэг аж.

Хуаннан жү нь дотроо зургаан шентэй. Жү гэдэг нь манайхаар хошуу хэмээн орчуулагдаж харин шен гэдгийг нь сум гэж хөрвүүлэх боломжтой. Тэгэхдээ Хятад Түвдийн хошуу болоод сум нь оршин суугчдынхаа тоогоор Монголын бараг нэг хот, аймагтай тэнцэх тул уншигчдынхаа ойлголтыг төөрүүлэхгүйн тулд засаг захиргааны нэгжийг нь хятад нэршлээр нь бичлээ. Мөн Өвөрмонголын хошуу, сум гэх ойлголт нь Төвд газрынхаас өөр ажээ.

Хуаннан жүгийн зургаан сумын хоёр нь болох Хүйсэн, Сэрмүлэн /өвсний соргог гэсэн монгол үг/-гийн монголчууд харьцангуй хожуу үед буюу 1960-1970-аад оноос монгол хэлээ гээжээ. 1980-аад оны дунд үед монгол бага сургууль хаагдаж багш нар нь амьдралын эрхээр хот газар бараадаж сурагчид нь уйлаад үлдэж байсан гэх. Надад хэлмэрчилж яваа залуу тэр сургуулийн сүүлчийн сурагч. Дөнгөж монгол бичгээ сурахаар эхэлж байх үед нь сургуулийг гэнэт хаах шийдвэр гарчээ. Ингээд тэрээр Хайши жү буюу Хөхнуурын баруун эргийн Дээд монголчуудын үндэстний бага сургууль руу сураар оджээ.

Өндөрлөг уулын бүсэд малаа дагаж он цагийн уртад монгол соёлоо хадгалсаар ирсэн Хөхнуурын Хайши /Хай гэдэг нь хятадаар нуур, ши гэдэг нь баруун гэсэн үг/-ийн монголчууд энэ нутагтаа монгол соёлын цөм нь болон оршсоор иржээ. Хөхнуурт байгаа 80 түмэн монгол /Хятадын хүн амын статистикт ийнхүү дурдсан байдаг/-ын тэн хагас нь Хайшид, үлдсэн хагас нь Хэнанд болон бусад ганц нэг шен гацаанд байдаг ажээ. Иймээс Хэнаны монголчууд Хайшийн Дээд монголчуудыг хамгийн ойрын саднаа гэж үздэг. Үнэхээр ч нэг цаг үед буюу 1636 онд Гүш хааныг дагаж ирэн Хөхнуур Төвдийн өндөрлөгт хаан сууж энэ газрыг эрхшээж байсан баатарлаг дээдсийн удам аа. Дөрвөн ойрадын холбоог тэргүүлж байсан Хошуудын хаан Төрбайхын хүү Даш баатарыг таалал төгссөний дараа түүний хүү Лувсанданзан Хөхнуурын бүх Монголчуудын эзэн залгамжлагчаар өргөмжлөгдсөн ажээ. Тухайн үед Манжийн төр нутаг орныг захирагч ноёд түшмэддээ Чин ван цол өгдөг уламжлалын дагуу Хөхнуурын Монголчууд Лувсанданзангаа Чин ван хэмээн өөрсдөө өргөмжилж байх тэр үес Төрбайхын ач Бошгот Жинүүний хүү Цагаан Данзан вангийн хэргэмийн төлөө авгатайгаа шөргөөлцөж эхэлжээ. Чухам яг энэ үед тухайн үеийн Далай ламыг баривчлан авчирч тушаахыг Хөхнуурын монголчуудад Чингийн төрөөс зарлиг болгожээ. Харин хошууд монголчууд Далай ламыг Манжийн төрд хүргэсэнгүй. Угийн жөтөөрхөж явсан Цагаан Данзан Манжийн хаанд очин “Далай ламыг хүргэсэнгүй энэ учир Лувсанданзангийнх” хэмээн хошуу өргөж Хөхнуурын чин вангийн хэргэм хүртжээ. Ийнхүү хошууд монголчууд хоёр Чин вантай болсон байна.

Зүүнгар Төвдийг цохих үед Чингийн төр Лувсанданзангаар Зүүнгарыг цохиулж оронд нь Чин ван хэргэмийг нь буцаахын хамт Гүш хаан цолыг нь сэргээж өгнө хэмээн тохиролцсон ч амлалтаа биелүүлсэнгүй. Иймд Чингийн төрөөс олгодог бүх хэргэм зэргийг хэрэгсэхгүй, монгол цол хэргэмүүдээ сэргээн Хошууд хаант улсаа сэргээн байгуулъя гэж Хөхнуурын бүх хошууны ноёд Цагаан толгойд цуглан зөвшилдөхөд Цагаан Данзан очсонгүй. Тиймээс эхэлж дотоодоо түвшитгэе хэмээн Цагаан Данзанг цэрэглэн цохисон ч тэрээр зугтан Чингийн өмгөөлөлд очжээ. Ингээд Чингийн гурван замын цэрэг Лувсанданзангийн бослогыг дарж Цагаан Данзанг Хөхнуурын Чин вангаар өргөмжилсөн байдаг. /Энэ үеийн тухай зүрх өвдтөл шүлэглэсэн “Гасын цагаан дэрс” хэмээх дууг дээд монголчууд эрхэмлэн дуулсаар өдгөө хүрчээ/. Тэр үеэс Цагаан Данзанг дагасан Хэнан /”Хэ” гэдэг нь хятадаар гол, “нан” гэдэг нь өмнөд гэсэн үг бөгөөд Хатан гол буюу Шар мөрний өмнөд хэсгийн монголчуудын нутгийг Хэнан хэмээн нэрлжээ/-ы буюу монголчууд шарын шашинд нэвтэрхий орж, харин Хөхнуурын баруун бие Хайшигийн хошууд /Лувсанданзангийн/ монголчууд эзэн вандаа тэрслээгүй ч эгэл номхон ардын хувиар малаа даган амьдарсаар Дундад их гүрний шуурган хөгжлийн эл цаг үетэй золгожээ. /Эл дашрамд дурдахад 2006 онд би Хайшийн буюу Хөхнуурын монголчуудын тухай “Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэх сэн” хэмээх аян замын цуврал тэмдэглэлүүд бичин Монголын нэлээд хэдэн цахим хуудсуудад тавьж байсныг эрхэм уншигчид санаж буй биз ээ/

...Хөхнуурын дээд монголчууд руу амь тэмцэн зорьж очсон манай залууг том жижиггүй гайхаж “Энэ нэг төвд хүүхэд яагаад монгол сургуульд сурах гээд зүтгээд байдаг юм бэ” хэмээн ихэд сониучирхан угтаж байсан гэдэг. Ганц ч монгол үггүй тэрээр эхлээд хүүхэд багачуудын доог болж байсан ч угийн монголдоо сэтгэлтэй найрсаг Дээд монголчуудын халамжинд төдий удалгүй эх хэлээ сурч, багш нарын хамгийн хайртай сурагч болтлоо дэвшсэн байна. Удалгүй Хөхнуурын монгол үндэстний их сургуульд суралцан төгсч ирээд төрөлх Хэнан шендаа засгийн ажил хийжээ. /Энэ газарт Засгийн алба хашихын тулд хятад төвд хэлэндээ маш гаргуун байх ёстой/. Таван үеийн өмнө мартагдсан монгол хэлээ “нөхөж” сурсан түүн шиг “эрдэмтэй номтой хүн” энэ шенд дахин гарсангүй. Хөгшчүүл нь түүнийг “хол явах хүү” хэмээн хэлэх үгээ олохгүй магтана.

Нэгэн настантай уулзахад тэрээр, “Хөдөө амьдардаг төвдүүд соёл дорой. Монгол улс байдаг гэдгийг ойлгодоггүй. Хэнан шенгийн монголчуудаар Монголыг төсөөлдөг. Бид улстай үндэстэнтэй гээд хэлэхээр Хятад улсыг хэлж байна гэж ойлгодог. Эсвэл Хөхнуурын Дээд монголчуудыг түших нөмрөө болгож байна гэж боддог. Залуус бас төвдүүд шиг харанхуй болж байна. Бичиг үсгээ мартсан, түвдээс өөр хэлгүй, ядаж хятадаа ч сураагүй. Энэ газраас өөр газар явъя аа хэлгүй, хөлгүйтэй адил болжээ. Монгол улс бий гэдэг үгийг настнуудынхаа ярьдаг үлгэр гэж төвдүүдтэй адил боддог болсон нь хамгийн харамсмаар. Одоо бид бүгд төвдүүдэд хайлсан учир Сухутай уулзъя гэж зорьж ирэх монгол хүн байхгүй ээ. Биднийг монгол гэж үзэхгүй хаяжээ, халаг. Хаягдахаас аргагүй учир бас байна аа. Бид хэлээ мэдэхгүй ээ, түүхээ бас мэдэхгүй ээ. Тэгэвч төвдүүдтэй хэрэлдсээр үзэлцсээр байна аа. Нэг усанд живж байгаа боловч нэгийгээ үзэх тангарагтэй. Үр хүүхэд харанхуй болж байгаа нь хамгийн хэцүү еэ. Сэтгэл амар нүд аних аргагүй ээ. Үр хүүхдээ энд үлдээж үхэшгүй ээ. Монголоо бараадаг гэж их бодно оо. Өвөр Монгол руугаа явуулъя улс зөвшөөрөхгүй, тийм бяд бидэнд бас байхүй ээ” хэмээн цөхрөн үглэж байсан юм.

Энэ нутагт өвгөд настнуудтай уулзавч үүх түүхээ үл мэдэх байдал нь намайг үнэнхүү гайхшруулж байсан юм. Та бүхэн энэ газарт хэдийд нүүдэллэж ирсэн, ямар дээдсийн хойчис вэ гэхэд хариулах хүн олдоогүй. Бид монгол хүмүүс, төвдүүдээс өөр шүү гэхээс өөр үг хэлж үл чадна. Аливаа улс үндэстний бичиг үсэг гэдэг тухайн улс орныхоо түүхийг тээж явдаг ажээ. Түүхээ мэдэхгүй ард түмнийг ойд төөрсөн сармагчинтай зүйрлэдэг нь тун чиг оносон адилтгал юм гэх бодол гол харлуулж билээ.

5. Сайхан зүүд зүүдэлсэн юм, хүү минь ирэх байж

Хэнан шенгийн гудамж зээлээр төвд монгол нь мэдэгдэхгүй түрэмгий ширүүхэн улсын дунд гутлынхаа халцарсан хоншоорыг ширтэн дуугүйхэн гэлдэрч явахдаа юунд ч юм жигтэйхэн их гуниглаж байлаа. Ийнхүү өлөг өвчтэй хүн шиг баахан тэнэсний эцэст юу ч болсон нэг настантай уулзаж аяга бүлээн цай оочлонгоо ганц нэг юм асууж шалгаагаад авахаар шийдэв. Ахиад л ажлыг нь хийлгэхгүй дуудах боллоо нөгөө муу орчуулагч “эрдэмтнийгээ”. Манай хүн ч цааргалалгүй давхиад ирлээ. Намайг очсон цагаас эхлээд л баярлаад хөөрөөд, цаг зав л гарвал “Монголын сонин ярь” гээд шалгаагаад суучихдаг хүн. Би ч Монгол Улсын сонинг дуртайяа хуучилна. Юу асууна, тэрэнд нь хариулна. Нутгаа санаж явааг ч хэлэх үү, ярих хачин дуртай болчихож. Хөх хотод хэдийгээр элэг нэгтнүүдийн дунд байгаа ч Улаанбаатараа л санаад заримдаа ч “уяанаасаа алдуурчихмаар” болно.

-Монгол улсад олон эхнэр авдаг болжээ гэж манай энд яригдсан, энэ үнэн юмуу? Бүр нэгээр тогтохгүй нэлээд хэдэн “худлаа хэлэхгүй” хүн хэлсэн шүү...

-Худлаа, худлаа. Тийм юм ёстой байхгүй. Хууль нь ч байхгүй юм чинь. Олон эхнэр авахын тулд чинь эхлээд ядаж хуультай болох хэрэгтэй биз дээ? Монгол улс ардчилсан бусад улс орны адилаар хүний эрхийг дээдэлж хувь хүний үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг ямагт хүндэтгэдэг. Яахав, зарим нэг хүмүүс наргиан наадам болгож “Олон эхнэртэй болох хууль батлуулъя” гэж алиалдаг л байхгүй юу. Юу гэж энэ хөгжил дэвшлийн 21-р зуунд монголчууд тийм балай юм хийж байхав дээ.

-Оо заза. Сайхан юм. Нээрээ монгол хүн олон эхнэрээр ч яах вэ дээ гээд л манай залуу цайлгахнаар инээн өөрийгөө шоолно. Тэгснээ л тэсгэлгүй ахиад л хөгийн хөгийн юм асууж эхэлнэ. Хоёулаа ийнхүү төвд сууринг монгол инээдээр хөгжөөсөөр нэгэн настныд ирлээ. “Эрдэмтэн” маань эхлээд утсаар ярьчихсан болохоор настан үүдэндээ зогсож байлаа. Бид хоёр дэмий балай юм ярих сан гэж ам загатнахдаа унаанд суулгүй алхсаар ирсэн юм. Хөөрхий нэлээд даарчихсан бололтой гаднаа хүлээж зогсоо настныг хараад яаралгүй алхсандаа үнэхээр гэмшлээ.

-Заа, сайн байна уу Та? Сайхан өвөлжиж байна уу гээд мэндэлсэн чинь өвгөн өөдөөс

-Сайн байна уу гэж байна. Монголоор дуугарчихав уу даа гэж бараг цочих шахуу зогтустал орчуулагч маань араас нударч би ч бантсандаа чигээрээ алхаад гэрт нь орж явчихав. Эндэхийн айлууд бие биенээ дуурайгаад хийчихсэн юм шиг яг адилхан жижиг шавар байшингуудад сууна. Гаднаа хэцтэй, таславч бүхий үүдэн хэсэгтэй, хоёр өрөө шавар тагз. Хаанаас нь ч харсан хятад газрын оромж. Дотроо харин харьцангуй тохилог. Өвөө араас орж ирээд пийшин дээр даргилж байсан данхтай хар цайнаас шаазан аяганд хийгээд барилаа. Төмөр тавган дотор боов боорцог гаргаад таваглаж байна. Эргэнэгнийхээ ар өврөөс борлочихсон даавуу ууттай чихэр боорцог гаргаж ирэн түнтгэнэж байх нь эмээтэй минь эгээ адилхан. Нэг их сайхан санагдаад сэтгэл цадаад явчихлаа. Ядарч зутарч явахад тохилог хээнцэр зочид буудалд биш ийм нэг борог тарчигхан ч гэлээ гэрийн дулаанд ороод ирэхэд л сэтгэл санаа амраад тайвшраад явчихдаг юм.

Өвөөтэй хууч хөөрлөө. Өвөө асуусан бүхэнд айхтар цэгцтэй нямбай хариулах мөртөө өөрөө санаачилж “буу халахгүй” юм. Хэлмэрч маань бид хоёрын үгийг нааш цааш нь болгож байх зуур өвөө хэдийнэ ухасхийж босоод цай цүй болоод л түнтгэнэчих юм. Аян холын хүн ядарч яваа гэж бодож байгаа нь харваас андашгүй. Өвгөнөөс үүх түүхийн учир жанцан тодруулах гэж хэдэнтээ оролдоод барсангүй. Мань хэлмэрч “Би танд хэлээд байгаа шүү дээ. Настнууд маань ч түүхээ мэдэхгүй. Тэгэхээр мэдэхгүй юмыг нь ахин дахин асуух хэрэггүй ээ. Өвгөн сандарчихна” хэмээн эвтэйхэн мулталж байна. Өвөө харин надаас Монгол Улсын сонин сайхныг асуугаад орчуулагчийг цангааж орхилоо.

-Монголчууд маань Цагаан сараа тэмдэглэж байгаа юу, эсвэл нөгөө Христийн баярыг тэмдэглэдэг үү?

-Цагаан сараа тэмдэглэлгүй яахав. Шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч улсынхаа хамгийн өндөр настныд очиж золгодог...

Хэлмэрч залуу уулга алдан “Нээрээ үнэн үү” гээд сүйд. Тэр хөөрлөөрөө сүртэй ч орчуулав бололтой. Орчуулж эхэлтэл өвөөгийн нүдэнд нулимс мэлтрээд ирлээ. Өвөө нулимсаа эрээ бараагүйхэн шударчихаад ахиад л асуулт асууна.

-Монгол маань одоо дэлхийн улсуудын хаахна явна, хөгжлөөрөө?

-Нийгмийн тогтолцоо, залуусын боловсрол, улсын нийт иргэдийн эрүүл мэндийн түвшингээрээ бол дэлхий нийттэйгээ хөл нийлүүлж яваа. Монголд баян ядуугийн ялгаа эндэхийнх шиг биш ээ. Нийтээрээ хангалуун, эрх чөлөөтэй амьдарч, сурч боловсорч байна. Хүн амын тоо ч өсөн нэмэгдэж байгаа. Олон хүүхэд төрүүлсэн ээжид төр засаг одон медаль өгдөг, бас хүүхдүүддээ төрөөс мөнгө өгдөг.

-Ямар сайхан бэ гээд өвгөн хэнгэнэтэл санаа алдаад тачигнатал гэнэт инээд алдах нь “Үхсэн ч гомдолгүй боллоо” гэж хэлэх шиг...

-Өвөө, та энд ямар ажил алба хашиж байсан бэ, эсвэл малаа л дагасан уу?

-Би уг нь энэ хажуугийн Хүйсэн сумын хүн юмаа. Хүйсэн гэдэг чинь монгол нэр шүү дээ хүүхээ /гэж хэлээд над руу сүрхий нухацтай харав/. Намайг Гаадаа гэдэг. Аавыг минь Абу гэдэг байсан. Би олон жил ардын төлөөлөгч хийсээн. Малчдын амьдрал ахуйг хянаж мэдээлдэг, цалин хөлсгүй нэг тийм ажил даа. Би уг нь ижий ааваас 11-үүлээ хүн юм. Хоёр ах минь Соёлын хувьсгалын үед биеэ хорлосон. Бусад нь ч насалж жаргаж гавьсангүй өөр өөрийнхөө жам мөрөөр өөд болцгоосон. Одоо 70 гарсан өвгөн ганцаараа үлдчихээд л байна даа. Хүний үйлийн үр гэдэг хэцүү юм даа. Өөрөө би зургаан хүүхэдтэй. Гурав нь бас үгүй болсоон. Одоо ганц хүү, хоёр охин мал дээр байгаа даа. Энэ газарт монгол их урт насалдаггүй юмаа...

Юм асуух гэсэн чинь хоолой дээр бөөн юм зангирчихаад дуугарч болсонгүй. Дэмий л тараг халбагадаж суулаа. Өвгөн намайг ирэхэд жигтэйхэн хөөрөөд “Хэдэн өдрийн өмнө би хүн болсоор үзээгүй хачин сайхан зүүд зүүдэлсэн юмаа. Эмгэндээ ярьж өгөөд нэг л сайхан юм болох нь дээ гэж хоёулаа хөөрцөглөж суусан юм. Тэгтэл эмгэн өнөөдөр яагаад ч юм гэнэтхэн бүр холын айл руу майжигнаж очоод тараг аваад ирсэн. Тэгсэн мөртөл хоёулаа таргаа идсэнгүй шинээр нь хадгалаад байж байлаа. Хүү минь ирэх байж...

Өвгөний хөл газар хүрэхгүй хөөрнө. Эмгэнээ л дуудчихмаар байна, эмгэнтэй минь уулзаад яв гэж гуйсаар байтал нь яараад босоцгоолоо. Орчуулагч маань нэг монгол хэлтэй андыгаа дуудчихсан, их холоос ирж байгаа юм гээд байдаг. Нөгөө хүн нь оройн зоог барихаар хоолон гэрт мах чануулчихаад хүлээж ядан утас цохиод арга буюу хөдлөх боллоо. Өвгөн биднийг ирэхэд хүлээж зогссон яг өнөө газраа хадаатай юм шиг үлдлээ. Гараа далласан чинь өөдөөс гар далласангүй, харин алга хавсарч байгаа харагдлаа. Хангинатал уйлмаар санагдсан ч нулимс их хол байлаа...

Б.Занданхүү /Төвд/

Sunday, January 1, 2012

Бид их л сайн хошгирч сурч байгаам байна даа

Шинэ оны өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор УИХ-ийн чуулганы индэр дээрээс мундаг сайхан илтгэл тавьж билээ. Тэрхүү илтгэлийг манай хэвлэлийнхэн дээр дооргүй шүүрэн авч, гайхалтай сайхан болсоныг нь бахархан бахдан бичиж, ярьж байсансан. Хальтхан сонсоход үнэхээр ч ойрд сонсоогүй уран үг, шинэлэг санаа, өнөө дутагдаад буй зарим зүйлсийг оновчтой тодорхойлсон мэт. Гэвч судлаач Д.Ганхуяг уг илтгэлийн шалдан байгааг гярхай олж харсан байна. Бид ч Элбэгээгийн хошгируулалтад дассаар сүүлдээ рефлексээрээ хошгирдог болж байгаам байна. Энэ бол эмгэнэл, эрүүл саруулаар эргэцүүлэн сэтгэх чадвараа алдана гэдэг үндэстний хувьд сүйрэл.

Нүглээ наминчлах сэтгэл үнэхээр таньд буй бол ингэж наминчлахгүй, Эрхэм ерөнхийлөгч өө. Сүүлийн 20 жилд та монголын улс төр, тэрийн эрх мэдлийн тэргүүнд л байсан, өөр хаана байгаагүй. Энэ 20 жилийн гавьяа нь зөвхөн таных болоод гай, гамшиг нь харин өөр хүнийх болдог юм биш ээ.


Одоо мэддэг хэлээр нь ярина


Судлаач Д.Ганхуяг

Үндэсний хувьсгалын 100 жилийн ойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ланжгар илтгэл тавив. Тэр өөрийгөө Монголын 100 жилийн түүх, өнөөгийн байдал, ирээдүйг бүгдийг нь “онолын” хувьд тодорхойлчихсон гэж бодоод байгаа бололтой. Байн байн гайхуулаад л Монголчуудыг дахиж “хошгируулна” гэж бодож байгаа нь илт. Ёстой яршиг л байна…
Хэлсэн үү хэлсэн, сануулсан уу сануулсан…
“Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй” гэгчээр би аль эрт 2010 оны 3 сарын 23-нд “Эртхэн шиг хэлж байя” өгүүлэл бичиж, дараа жил болох тэгш ойнуудаа хэрүүл уруул багатай, тэнэгтэлгүй шиг тэмдэглээч гэж онцлон сануулсан билээ. Санаж сэрэхийн оронд олон хүн “онолдох, түүхдэх” гэж тэсч ядаж байгаа нь илт байсийм. Ингээд тэнэглэл шатлан өргөжихөөс сэргийлж 2011 оны 1 сарын 8-нд “Байлдаан түүхээр эхэлнэ” өгүүлэл бичиж ахин сануулав.
Тэгсэн чинь юу вэ, энэ зуны наадмаар ёстой “алаад хаядаг” юм байна. Юу хэмээвээс 90, 100 жил дээрээ 2220 жил нэмж тэмдэглэх болж, үүнийгээ “Монгол туургатны Их наадам” гэж нэрлээд Солонгосын шашны байгууллагын ивээл дор тэмдэглэж солиоров. Илтгэл айлтгал гэж хүн авахын танаг алга. Бүр арга ядаад 2011 оны 10 сарын 31-нд “Хоёр өөр зуун жил” өгүүлэл бичиж, Ц.Элбэгдорж, түүний мал шиг “онолчдод”: “Удахгүй тэмдэглэх ойн өдрүүдээр мэргэн цэцнээ харуулдаггүй юмаа гэхэд тэнэг мулгуугаа дахин нотлох хэрэггүй” гэж дахин сануулав. Дээр нь хэрэг болж магадгүй гэж бодоод “Нийгэм-түүхийн онолууд” гэх энэ үйл явдалд холбогдох цуврал 6 өгүүлэл бичив. Судлаач хүн эртнээс 3 удаа сануулж, онол-түүхийн үндэслэлийг нь хэлж өгөхөөс өөр яахийм…
Гэтэл Монголоос нэг “геббельс” гараад ирэх нь тэр. Хэрэв Цахиагийн хүү албан тушаал ухаан нэмдэг, төрийн тэргүүн монгол судлаачаас илүү нийгэм-түүх, системийн онол мэднэ гэж байгаа бол ёстой дэмий л байна. Заавал миний хэлсэн болгоныг авах албагүй нь мэдээж хэрэг. Огт өөр хувилбар, тавилаар ч хийж болно. Гэхдээ л заавал утга агуулгатай, үлдэцтэй, системтэй байх ёстой. Үүнийг хамтдаа шалгаад үзье л дээ…
Баяр уу, эмгэнэл үү…
Энэ илтгэл 3 том хэсгээс бүрдэнэ. Эхний “онолын” хэсэг нь дэлхийн түүх, монголын түүх гэсэн хоёр “бүлэгтэй”. “Манж-монголын харилцаа түшмэг шинжтэй” (“vassal”, “satelite”) гэсэн дүгнэлтийг манай түүхчид хийгээд 20 шахам жил болж байна. Хэдхэн мөрийн дараа энэ нь “итгэмжит холбоо” болчихож. Аль нь юм ?! Манжийн үед их сайхан байсан, харин сүүл хэрдээ л жаахан муудаад хувьсгал мувьсгал болсон юм байх аа…
Өгүүлэн буй 100 жилийн 10 нь Богд хаант улсад, 70 нь социализмд, 20 нь ардчилалд хамаарна. Аль нь олон байна ?! Социализмын 70 жилийг магтагчид ба шүүмжлэгсэд ганц сэдэв дээр л маргадаггүй. Энэ бол ямар ч эргэлзээгүй НИЙГМИЙН ДЭВШИЛ байсан гэж.
Ц.Элбэгдорж энэхүү 70 жилийг хасаад үлдсэн 10+20 жилийг “шууд холбох” арчаагүй арга хэрэглэж байна. Ингээд тэр Монгол Улс одоо ямар байдалтай байгааг “Баянаараа эхний аравт ордог эх оронтой хүн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бол энэ зууны эмгэнэл юм. Ирэх зуунд энэ эмгэнэлээс монголчууд ангижрах ёстой.” гэж дүгнэж байна.
Ийнхүү Төрийн тэргүүн Тусгаар тогтнолын 100 жилийн үр дүнг ЭМНЭНЭЛ гэж дүгнэлээ. Би үүнийг бараг зөвшөөрч байна. Түүх “хасах арга”, өнөөгийн бодит байдал хоёр түүнийг ийм дүгнэлтэд гарцаагүй хүргэж байна. Хэрэв монголын 100 жилийн түүхийн үр дүн эмгэнэл юм бол хэн ийм байдалд оруулсан гэх асуулт зүй ёсоор үүснэ.
Тэр өөрөө асуугаад өөрөө хариулж байна. “Ямар учраас монголын баян, буян монгол хүнд наалдахгүй байна вэ? Эзэд нь энэ танхимд байгаа Та бид. Өөр хэн ч биш. 100 жилийн өмнө монголчууд ядуу байгаагаа манжуудаас хайж байсан. Одоо хэнээс хайхыгаа манай иргэд сайн мэдэж байгаа.”
Ёстой янзтай, үүнээс илүү үнэн зөв, бодит дүгнэлт гэж хаана байхав. Харин эдгээр “эзэд”-ийн тоонд Элбэгдорж орох эсэх нь “ойлгомжгүй” байна. Миний судалгаагаар Ц.Элбэгдорж бол Монголыг эмгэнэлд оруулсан “эзэд”-ийн нэг том толгойлогч мөнөөс мөн.
Одоо тэр “эмгэнэлийн” үндсэн шалтгааныг хайж байна. “Өнөөдөр монголд ашигтай бизнесийг төр хийж байна, эсвэл гадныхан хийж байна. Нэг бол тэр хоёртой нийлж хуйвалдаж чадсан хэсэг нь хийж байна. Тэд ашигтай бизнес бүрийг хамж байна.” гэж “ёстой сайхан” дүгнэв. Гэхдээ тэр энэхүү эмгэнэлт төрийг 20 шахам жил барилцаж, удирдаж, одоо тэргүүлж байгаагаа “мартчихаж”.
Эмгэнэлээс гарахын тулд “Төр ажил хэрэгч иргэддээ гадныханд өгдөгөөс илүү, дотоодын олигархуудад олгодогоос илүү таатай орчин бүрдүүлэх ёстой.” гээд үүнийгээ “нууц томъёолол” гэж нэрлэжээ. Энд үнэхээр хэд хэдэн “нууц” байгаа юм. Үүнийг “гадаадынхаан, Та нар “аяархан” шулаач, олигархуудаа иргэддээ “жаахан юм” амсуулаач, гэхдээ монголын бүх иргэдэд биш, зөвхөн “ажил хэрэгч” иргэддээ гээд хуурчих.” гэж тайлж болно. Төр нь иргэдээ ажил хэрэгч, ажил хэрэгч бус гэж хуваадаг явдал Монголоос өөр хаана ч байхгүй.
Улмаар “Жижиг дунд бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлөх. Худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа бол татвараас 5, 10 жил заагаад нэмж чөлөөлье.” гэнээ. Эндээс “ажил хэрэгч иргэд” нь худалдаа үйлдвэрлэлийн “жижиг, дунд бизнес эрхлэгчид”, харин эмч, багш, соёл урлаг, шинжлэх ухаан, цэрэг, цагдаа зэрэг “материаллаг бус” салбарынхан “ажил хэрэгч бус” иргэд болох нь тодорхой байна. Ийм балай юмыг онол монол гэвэл ч ёстой дэмий л байна. Эхлэлийн лаг сүртэй 100 жил ердөө л татвараас 5-10 жил чөлөөлөх явдал болон хувирч байна. Энэ чинь одоо баяр юм уу, эмгэнэл юм уу…
Системийн ялзрал, сэтгэлгээний өмхийрэл
Одоо 2 дахь буюу улс төрийн хэсгийг авч үзье. Эхлээд тэр сэтгэл зүйн нөлөөлөл сайтайгаар нь 7 сарын 1-ний үйл явдлаар төрийн өмнөөс уучлал гуйжээ. Гэхдээ өөрийнхөө өмнөөс уучлал гуйвал арай илүү ёс суртахуунтай байхсан. Олуулаа нийлж хийчихээд ганцаараа рекламдаж болохгүй л дээ. Энэ асуудлыг Кембрижээс эхлээд дэлхийн нэр хүндтэй их сургууль, байгууллагууд аль хэдийн судлачихсан. Эндээс “оноо авах” гэж анаж буй хувь хүн, намуудад Та нар аятайхан л байж үзээрэй гэж сануулж байна…
Бидний шинжилж буй энэ 2 дахь хэсэг Эрх үүрэг, Төрийн алба, Намууд гэсэн 3 “бүлэгтэй”.
Эрх үүргийн бүлэгт эрх үүргүүдийн “тоолжээ”. Энд 2 утга байдаг. Өнгөц утга нь хуулинд буй “бүх” эрх үүргүүдийг “тоолох”. Ямар ч тэнэг чадах юмыг манай хүн чангаар “тоолж” байна гэж жигтэйхэн. Мөн чанарын утга нь эрх үүргийн бодит биелэлт, үр дүнг мэргэжлийн судалгаагаар гаргах. Миний мэдэхээр ийм судалгаа Монголд байхгүй.
Нэгэнт судалгааны бодит дүгнэлт байхгүй болохоор хоосон лоозогнох л үлддэг юм. Тэгээд тэр мэддэг, чаддаг “ганц ажлаа” хийв. “Төрийн захиргаанаас иргэний удирдлага руу бид шилжих ёстой. Төрийн албаа нийтийн үйлчилгээ болгож солих ёстой. Манжийн ноёнд эрх байхаар дарлал болдог, Монгол даргад эрх өгөхөөр ардчилал болдог юм биш. Бүх албан тушаалтныг үүрэгжүүлье, үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцъё. “Үүргийн хувьсгалдаа урагшаа…” гэж уриалж байна.
Ганц догол мөрд үргэлжлэн орсон ёстой, үүрэгжүүлье, хариуцлага тооцъё, урагшаа гэхчлэн уриалан дуудах үгсийг 1930-аад оны хэт хувьсгалчид л хэлдэг байсийм. Тэр 2010 оны 4 сарын 5-нд “Монгол Улс хувьсгалаа хийчихсэн” гэж дүгнэж байснаа одоо эдийн засгийн ба үүргийн “хоёр хувьсгал” ярих болов. Элбэгдорж ярихаар хувьсгал “зөв”, бусад хүн ярихаар “төр эргүүлэх” болдог шог юм байхгүй л дээ.
Манай 100 жилийн өмнөх ноёд ба одоогийн дарга нар ямар ч ялгаагүй. Мөн манжууд ба одоогийн транснационал корпорациуд мөн л ялгаагүй дарлагч, шулан мөлжигсөд. Үүнийг неоколоничлол гэдэг. Жишээ нь одоогийн монгол ноён Элбэгдорж ашигт малтмал, газраа өөрөө тэдэнд зардаг. Ийм байж цэцэрхэх хэрэггүй л дээ.
Төрийн албаны бүлэгт ердөө ганц “дүгнэлт” байгаа. “Манай төрийн алба Зөвлөлөөсөө эхлээд болохгүй байгааг би нэг биш удаа ярьсан. Өнөөгийн байдлаар цаашид ажиллуулах боломжгүй.” Ганц муу Зүмбэрэлхамыг “няхахын” тулд онол монол гаргах ч дэмий л ажил. Ийм биш бол өөр том дүгнэлт хийх ёстой л доо…
Удаах бүлэгт намуудыг дүгнэж. “Шинэ нам гэж алга. Манай намуудын хөгжил дэвшил нь (анхаар-Д.Г) ардчилсан хувьсгалын өмнөх МАХН-ын бүтэц зохион байгуулалтыг хуульчлан хуулахаас хэтрээгүй (анхаар-Д.Г). Хуучныг дагасан хуучирсан зохион байгуулалтаас хуучин л юм гарч байна.”
Манай намууд бол үндэстний эсрэг, төр, нийгмийг үймүүлэгч, их гарын панзчингуудын наймааны зах, том гэмт хэрэгтнүүдийн хоргодох газар, авилгын үүр уурхай, худал хуурмагийн тантангууд. Энэ бол хуучин биш, нийгмийн цоо шинэ гаж (девиант) үзэгдэл. Гэтэл Элбэгээ намууд хуучин буюу хуучнаас хэтрэхгүй байхыг хөгжил дэвшил (!!!) гэж дүгнэж байна. Тэр намын дарга мөн ч олон жил хийсэн дээ. Гэтэл хуучин нам байгуулчихаж гэнэ. Хуучин намуудын хийсэн Монголын ардчилал хуучнаа хуулахаас хэтрээгүй юм байна. Ийм ахул ардчиллын 20 жилийн ололт амжилт, хөгжил дэвшил, гавъяа зүтгэл энэ тэр гэж орилохоо больчих л хэрэгтэй ш дээ. Одоо наад ардчиллын партизанууд чинь чамайг “барьж иднэ” ш дээ…
Элбэгээгийн “онолын хийрхэл” ийм онигооноос өөр үр дүнд хүргэхгүй л дээ. Ийм балай “орон гаран” байж хүний үг авнаа нэг байхгүй. Цаашдаа онол монолоос холхон шиг байж хэмжээгээ мэдэж “томорч” бай…
Гандан буурахгүй “шал хуучин” энэ нөхөр ихээхэн ноцтой шинэ арга зааж эхлэв.
“Хуучин хуулийн дагуу байгуулагдсан өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой. Шинэ хуулийн дагуу нам бүр шинэчлэн зохион байгуулалтаа хийж, шинээр бүртгүүлэх ёстой…Намжсан нийгмээс иргэншсэн нийгэм руу явах хэрэгтэй.”
Энэ дүгнэлт хоёр намаас залхсан олон хүнд таалагдах нь мэдээж боловч Элбэгдорж “нүх хайсан тарвага” лугаа адил нам хайж байгааг илүүтэй илтгэнэ. Нэг. Өөртэй нь гарцаагүй “байлдах” МАН-ыг сулруулж байна, өөрийг нь “оруулахгүй” байгаа АН-ыг сүрдүүлж байна. Хоёр. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүчний дахин бүлэглэлт хийж, “шинэ” намын “бэлэн дошин” дээр гараад “хэвтчих” санаагаа цухалзуулж байна. Аль алинд нь улс төрийн систем, улмаар монголын нийгэм аймшигтай донслох нь гарцаагүй. Ихээхэн аюул, үлэмж эрсдэлтэй энэ хувилбарыг нэн явцуу дээд хүрээнд нэгэнт тохирсон байх өндөр магадлалтай. Одоо ойлгомжтой гэж санана. Энэ талаар нэмж тайлбарлах хугацаа, боломж Та бидэнд хангалттай бий.
Ингээд Эрх үүрэг+Төрийн алба+Намууд нийлээд Элбэгдоржийн “улс төрийн систем” болох ба энд үүргийн хувьсгал, нам татан буулгах хоёрхон гарц байгаа юм байх. Энийг л системийн ялзрал, сэтгэлгээний өмхийрэл гэдэг юм.
Монголын “зургаан” зорилго
Одоо сүүлчийн “зорилгын” хэсгийг авч үзье. Энэ нь: 1. Байгалийн баялаг, 2. Орон сууц, 3. Сумын төв. 4. Нийслэл, 5. Шударга ёс, 6. Монголчууд гэсэн зургаан “бүлэгтэй”. Энд дүгнэлт, зорилт, арга зам гэсэн 3-хан шалгуур тавьж үзэхэд эдгээрийг хангах “бүлэг” ганц ч байхгүй. Тэглээ ч гэсэн “дагаад” үзье.
1.Баялгийн бүлэгт лицензын тоо цөөрч байгаагаар “гайхуулжээ”. Хэрэв би эндүүрээгүй бол Элбэгдорж 137 лиценз өөрийн гараар олгосон санагдана. Одоо энэ лиценз чинь уул уурхайн том том төслүүд болчихсон ш дээ. “Монголын тал 34 хувиас дээш байх төсөл байгаа. 51, 34 тоонууд дээд хязгаар байсан бол одоо доод хязгаар болно.” Тэр хоёр тоогоор илбэ үзүүлэхийг оролдсон боловч чадсангүй. Эцэст нь Монголын Ерөнхийлөгч 34 хувийг хүлээн зөвшөөрөв ?! Энэ нь монголчууд цаашдаа ашигт малтмалаасаа 34 хувиас илүү горьдолтгүй гэсэн үг болно.
2. Орон сууцны бүлэгт талбайн хэмжээг “40 кв. метрээр тогтоож онилсон бодлого явуулъя. Гэхдээ 20, 30-ийн хэмжээтэй ч байж болно.” Ядахдаа дундаж нэг тоо хэлж болно доо. “Энэ ажил Н.Батбаярыг сайд байхад их сайн байсан, харин одоо Х.Баттулгын үед “тодорхой нүдэнд үзэгдэж, нийгэмд мэдрэгдэх ажил болж чадаагүй” гэж дүгнэв. Намт нэгтнээ хажуугаас нь “хутгалснаас” өөр юм энд алга.
3. Сумын төвийн бүлэгт тэр нь “ноорхой гэр шиг” болсон ба “засал авахаа больсон” гэжээ. Энийг мэдэхгүй хэн байсийм. “Сум бүхэн сумын төвөө шинэчлэх төлөвлөгөө хийг. Шаардлагатай стандарт, шалгуурыг Засгийн газраас баталчих.” Өөр юу ч алга. Сум хөгжүүлэх төлөвлөгөө хийдэг хүн суманд байтугай аймаг, дүүрэгт ч цөөхөн. Нарийн яривал Монголын төрд нийслэлээ, улмаар улс орноо хөгжүүлэх төлөвлөгөө ч ор тас байхгүй. Чаддаг юм бол үзүүлчих л дээ, еэеэ, бөөбөө…
Эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх “онол” яримаар байгаа бол чухам ямар ямар эрх мэдлийг ямар хүрээнд, ямар хэмжээгээр гэдгээ тодорхой ярих ёстой. Ямар ч судалгаа, тооцоогүй хэвтэж сүржигнэхээ больж үз. Энэ бол төрийн удирдлагын асар аюултай, нэн эмзэг, үлэмж ноцтой асуудал, Элбэгээгийн мэддэг юм огт биш…
ЭНЭ ЧИНЬ НЭГДМЭЛ МОНГОЛ УЛСЫГ “ТУСГААР ТОГТНОСОН” АЙМГУУДЫН ХОЛБОО БОЛГОХ ГЭСЭН ХАМГИЙН АДГИЙН ХОРОН СТРАТЕГИ Л БАЙНА. ТЭГЖ Ч МОНГОЛ УЛСАА ЧАМААР САМРУУЛАХГҮЙ ШҮҮ !!!
4. Нийслэлийн бүлэгт: “нийслэлд хүн амын 40 хувь,…эрх мэдлийн 90 хувь төвлөрчихөөд байна.” Энэ нь үнэнд их ойрхон боловч эрх мэдлийн төвлөрлийг хэрхэн “тоолж”, ямар аргаар “хувиар” гаргасийм гэвэл Элбэгдорж баталгаатай мэдэхгүй. Эрх мэдэл яривал манайх “зэрэгцээ” хоёр Ерөнхий сайдтай болж байгааг л би тод харж байна.
Энд: а. их дээд сургуулиудыг нүүлгэх, б. дагуул хотууд үүсгэх, в. төрийн төв байгууллагуудыг шилжүүлэх, г. шадар сайдын эрх мэдэлтэй нэгж, албан тушаалтан бий болгох гэсэн 4 “том зорилт” тавьжээ.
Ингэхэд Хар хориныг жишиг хот болгоно, Ядууралтай хийх дайн, Авилгатай хийх дайн, Ногоон хэрэм мэт агуу их төлөвлөгөөнүүд чинь яасан ?! Төлөвлөгөө зохиодог өвчин гэж баймааргүй л юм, хэрэв байвал Элбэгээд л байх шиг. Эндээс ганц зорилт л биелэнэ. Энэ бол шадар сайдын шинэ албан тушаал. Бусад нь баталгаатай сөнөнө, ямар мэдэхгүй биш…
5. Шударга ёсны хэсэгт тэр сэтгэл хөдөлгөхийг ихэд хичээжээ. Түүний авилгатай хийсэн “дайныг” мэддэг хүмүүс үхсэн хойноо л гэх байх. Авилгатай тэмцэнэ гээд ганцхан гаалийн Х.Баатарыг “санамсаргүй” шийтгэсэн. Одоо шударга ёс гээд 2-3 хурандааг “шааж унагана” гэж сүрдүүлж байна. Энэ чинь ердийн сүржигнэл л байна. Цагдаагийн системийн ялзралын тухай “Ядарсан хийгээд даварсан цагдаа” анхны аналитик өгүүллийг би аль 2008 оны 9 сарын 22-нд бичиж байсан. “Цагдаа, шүүх, прокурорыг аттестатчилаад, хөрөнгө орлогыг нь бүртгээд, дунджаас давбал төрийн албанаас чөлөөлөөд, шийтгэе.” гэдэг бол зорилго мөн шүү. Гэхдээ тэдний орлого “дунджаас” аль хэдийн давчихсан ш дээ. Үнэхээр зориг нь хүрдэг юм бол амжилт хүсч байна. Гэхдээ хүүхэд нохой шуугилаад өнгөрөхийг чинь мэдэж л байна…
6. Монголчууд бүлэг их ноцтой. Тэр монголчуудыг монголдоо ирэхийг урьжээ. Энэ нь олон салаа утгатай, тэр хэмжээгээрээ ноцтой. 1. Гадаадад байгаа өөрийн иргэдээ урих. Ийм бол наад зах нь мэргэжилтнүүдээ бүртгэж, зөвхөн тэдний саналаар хөрөнгө хайрлалгүй ирээдүйтэй том төслүүд хийж байж урих, мөн гадаадад ажиллах хүч гаргах, шашны байгууллагын шугамаар монгол бүсгүйчүүдийг төрийн ивээлээр “зарахаа” зогсоох ёстой. 2. Монгол угсаат өвөр монгол, буриад, халимаг, тува нараа урих. Энэ нь удаан хугацаанд, алсдаа “онолын” хувьд боломжтой авч бүх ард түмний санал асуулгаар шийдвэрлэж таарна байх. Гэхдээ Шинжаан-Уйгараас нэг ч хүн авчрахгүй байх ёстой. 3. Монголтой эртний холбоотой, эдүгээ нэгэнт тусгай болсон хазаар, манай “ах дүү” солонгос зэргийг урих. Сүүлийн үед ил далд байнга уриалах болсон энэ хийрхлийг шууд таслан зогсоовол зохино. Элбэгээ “солонгос ах”-даа газраа зарсан, одоо болоо…
Энэ илтгэлд ямар ч зорилго байхгүй нь тодорхой байна. Иймээс “Үндэсний зөвшилцөл” хийнэ гэнэ. Энэ үеэр бас нэг “онол зохиох” нь мэдээж ш дээ. Ингээд энэ “онол” нь сөнөв…
Энд утга агуулга алга, шүтэн барилдлага алга, функци алга, систем алга, ганцхан алга ташилт горьдсон хоосон хийрхэл л байна. Системийн аргаар шинжлээд усыг нь шавхахад ийм л хог үлдэж байна. Энэ нь Элбэгдоржийн мэдлэгийн өрөвдөлтэй ядмаг түвшин, сэтгэлгээний тэнүүчлэл, гуйланчлал, заль мэхний сонгодог жишээ болох нь гарцаагүй.
Хүний өмнөөс ичих шиг заваан юм гэж үгүй, тэр тусмаа Ерөнхийлөгчийн өмнөөс бол бүр “нүүр хийх газар” ч олддоггүйм ш дээ. Гэтэл ичдэггүйгээрээ хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл, зарим сэтгүүлч төрийн “хар хайрцаг” гэхчлэн хөөрцөглөж эхлэв. Хэдийдээ сэтгүүлчид “онолын” сайн мууг үнэлдэг болчихсийм. Бид ямар концерт үзэж байгаа биш !!!
Элбэгээ үгээ хэний ч оролцоогүй, зөвхөн өөрөө бичдэг юм. Үүнийг ёстой мундаг гэж бодвол их эндүүрэл, харин ч монгол үндэстний өмнө үйлдэж буй гэмт явдал. Түүнийг толгойдоо орсон болгоноо бурдгийг мэддэг болохоор Хятадын Ху Жин Тао-ын үгийг хүртэл санууллаа ш дээ. Ядахдаа үүний яг эсрэгээр нь туучихад болох л байсан байхгүй юу…
Уг нь би Монгол төрийг эрхэмсэг, эрдэмлэг харагдуулах гэж ихэд хичээсэн юмсан. Гэтэл Тэргүүн нь тэнэгээрээ гайхуулчхийм аа. Алга ташилт горьдсон жүжигчний уянгын халилаас өөр бодож байгаа юм тэрэнд огт алга. Цаашдаа энэ “геббельс” зангаа татахгүй бол сармагчин л болдог юм ш дээ.
Хэрэв төрийн тэргүүн төр улсынхаа түүх, хувь заяа, ирээдүйг үл тоомсорлон, төрд эрхэлсэн ажлаа хувийн реклам-шоу болговол би түүнийг хүндэтгэх албагүй. Мөн онол-түүхийн “рекламын халтуур”-аар монголчуудыг хууран мэхлэх боломжийг би хэнбугайд ч олгохгүй. Цахиагийн хүү, түүнийг дагаж далдагнасан балайнууд, гадаад зөвлөхөөс монгол судлаач дутуу сэтгэнэ гэж л огт байхгүй.
Хэрэв тэр системийн аналитик-судлаачийн санааг урьдын адил үл тоомсорловол би 4 дэх удаагаа сануулахгүй. Ийм утгагүй юм гэж хорвоод байхгүй. Ер нь хэд хэлүүлж байж “ойлгох” ёстойм ?! Ингэж “урьдчилан сануулсаар” байтал миний “сургуулийн” сум дууссан, одоо зөвхөн “байлдааны” болон “тэсрэх” сум л үлдсэн. Ингээд Монголын ард түмнийг хүссэнээрээ “хошгируулна” гэж дахиж басахыг нь харъя л даа. Одоо би түүнтэй зөвхөн “мэддэг хэлээр” нь ярина.
Энэ бол Энхбаярын араас зайлах гэсэн ганцхан төгсгөлтэй “хэл” бөлгөө…

2012 оны 1 дүгээр сарын 02.


Monday, October 31, 2011

Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис 108 цуврал монгол хэлээр..

Бидний хэсэг уран бүтээлчид дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын 108 цуврал номыг гаргаж эхлээд, одоогоор 80 номыг нь хэвлүүлээд байгаа юм.

Зорилго маань юуны өмнө дэлхийн хөгжингүй орнуудын хүүхэд багачуудын уншдаг уншлагын түвшинд монголынхоо хүүхэд багачууд, үр хүүхдээ хүргэхийг хүссэн билээ.

ЭДгээр 108 номын олонхи нь монгол хэлээр анх удаа орчуулагдаж байгаа, Англи, АНУ, Орос, Франц, Япон зэрэг орнуудад ЕБС-иудын хүүхэд багачууд заавал уншдаг, дэлхийн оюуны соёлын өвд орсон зохиол бүтээлүүд болно. Нобелийн шагналт болон хүүхдийн шилдэг зохиолд олгодог "Х.Х.Андерсены нэрэмжит алтан медаль" бүхий зохиолуудаас гадна Кембрижийн шилдэг уран зохиолын жагсаалтанд орсон бүтээлүүд ч бий.

Одоогоор хэвлэгдээд байгаа 80 номын нэрсийг доор хавсаргалаа. Хүүхдийн уран зохиолд дуртай файсбүүхчид та бүхэн маань эдгээр номыг хүүхдүүдэд хүргэх, уншуулах, түгээх талаар бидэнтэй хамтран ажиллана уу хэмээн урьж байна.

Манай уриа "Дэлхийн түвшинд уншина, Дэлхийн түвшинд сэтгэнэ"

Хэвлэгдсэн номын жагсаалт


1. Жаалхан авхай нар Л.М.Алкотт . АНУ

2. Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн Ф.Бөрнэт /1849-1924/ Англи

3. Мянга нэгэн шөнийн үлгэр Араб дахины үлгэрийн цоморлиг

4. Цус сорогч Дракула Б.Стокер. /1847-1912/Ирланд

5. Артур вангийн домог. Англи

6. Робин хүүдийн домог Англи

7. Зүгээр л үлгэрүүд Ричард Киплинг /1865-1924/- Англи

8. Моби Дик Ж. Мелвилл /1819 1895/ АНУ/

9. Бяцхан гүнж Ф.Бөрнэт /1849-1924/Англи

10. Бахархал ба бардамнал Ж. Аустин /1775-1818/ Англи

11. Шүрэн арал Р.М.Баллантайн /1825-1894/ Шотланд

12. Цаг хугацааны машин Х.Уэльс /1875-1936/ Англи

13. Женни муур П.Гэллико /1897- 1956/ АНУ

14. Питер туулай болон Ремус өвөөгийн үлгэрүүд Ж.Харрис – АНУ

15. Маргад хотын гайхамшигт шидтэн Оз Ф.Баум – АНУ

16. Винни Пүү нэрт тэнэгхэн бамбарууш А. Милн – Англи

17. Багачуудад зориулсан Ер бусын түүхүүд А.Дюма – Франц

18. Пиноккио модон хүүгийн үлгэр Карло Коллоди – /1826-1896/ Итали

19. Питер Пэн Венди хоёр Ж.Барри – Шотланд

20. Питер Пэн Кенсингтоны цэцэрлэгт Ж.Барри – Шотланд

21. Ноён Бэхэндусалын аялал Ян Бжехва – Польш

22. Шидэт толгодын Савдаг Р.Киплинг – Англи

23. Гүнж ба Гоблинууд Ж.Макдональдс – Англи

24. Нойтон шид Э.Несбит – Англи

25. Махабхарата Энэтхэг

26. Газар доорхи орны долоон ван А.Волков /1891-1955/ - Орос

27. Маррануудын галын бурхан А.Волков /1891-1955/ - Орос

28. Шар манан А.Волков /1891-1955/ - Орос

29. Мартагдсан цайзын нууц А.Волков /1891-1955/ - Орос

30. Бяцхан шулам О.Пройслер /1923-Герман

31. Шидэт хүүрийн үлгэр Монгол-Төвд

32. Нойрмог хөндийн домог Вашингтон Ирвинг /1783-1859/

33. Интоорт гудамжны Мэри Поппинс П.Треверс /1899-1996/ Австрали

34. Илбэчний малгай Т.Янсон – Финлянд

35. Шидэт лаа С.Легарлёф - /1858-1946/ Швед

36. Шулмын охин Н.Боуден – Англи

37. Бөгжний эзэн – I, Бөгжний ахан дүүс 1

38. Бөгжний эзэн – II, Бөгжний ахан дүүс -2

39. Бөгжний эзэн – III, Хоёр цамхаг - 1

40. Бөгжний эзэн – IV Хоёр цамхаг – 2

41. Бөгжний эзэн – V Эзэн хаан эргэж ирсэн нь - 1

42. Бөгжний эзэн – VI Эзэн хаан эргэж ирсэн нь 2

43. Нууц цэцэрлэг Ф.Бөрнэт / АНУ

44. Аугаа мөрдөгч Шерлок Холмс А. К. Дойл / Англи

45. Алтан голын хаан ба Хар тахиа Э.Погорелский

46. Цорын ганц Тутта Карлсон ба XIV Людвиг Ян Экхольм / Швед

47. Мянгуужингийн адал явдал Э.Распэ / Герман

48. Аз жаргалтай ханхүү О. Уайльд / Англи

49. Ногоон давхарцагийн Анна охин Л.Монтгомери

50. Жекил, Хайд нарын хачирхалтай явдал Р. Стивенсон / Англи

51. Рамаяана Энэтхэгийн эртний шаштир

52. Хаклберри Пиннийн адал явдал М. Твен / АНУ

53. Дэлхийг тойрсон 80 хоног Ж.Верн / Франц

54. Хамгийн сайхан морь Борис Алзамзов –ЗХУ

55. Гэсэр Монгол

56. Тал шаахай, Углавч, Хөвдөн сахалт гурав Эно Руд /

57. Эрдэнэ нуусан арал Р.Стивенсон / Англи

58. Цагаан соёот Ж.Лондон / АНУ

59. Бургаасан шугуйн салхи К.Грахам

60. Долиттл эмчийн аялал Х.Лофтин

61. Франкенштэйн А.Шелли / Англи

62. Хулгайлагдсан нь Р.Стивенсон / Англи

63. Панчатантра буюу таван сургамж Энэтхэг

64. Алис толин дотор Л. Кэррол / Англи

65. Дуурийн театрийн хий үзэгдэл Г.Лерүкс

66. Нарлаг горхи эдлэнгийн Ребекка охин К.Виггин / АНУ

67. Соломон хааны эрдэнэсийн сан Х.Хаггард / Англи

68. Эрэлхэг Робинзоныхон Д.Висс / Шотланд

69. Аянгат даваа Э.Бронте / Англи

70. Хөөрхөн хар А.Сэүэл / АНУ

71. Аугаа их итгэл найдвар – Ч.Диккенс

72. Хэйди охин Ж.Спайри

73. Шидтэний зээ дүү Нарни 1 К.Льюс / Англи

74. Морь хүү хоёр Нарни 3 К.Льюс / Англи

75. Ханхүү Каспиан Нарни 4 К.Льюс / Англи

76. Үүрээр аялагч хөлгөөр Нарни 5 К.Льюс / Англи

77. Мөнгөн сандал Нарни 6 К.Льюс / Англи

78. Сүүлчийн тулаан Нарни 7 К.Льюс / Англи

79. Поллианна Элинор Портер / АНУ

80. Анаконда Орасио Кираго / Урагвай

81. Аугаа их Гелли Хопкинс

Холбоо барих утас: 98989948, 98989959, 98090072, 99100572, 266659

Майл хаяг: banom2001@yahoo.com, oyunaa_dash@yahoo.कॉम

Бидний үр хүүхэд дэлхийн түвшинд уншдаг байгаасай

Дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын 108 цуврал ном уншигчдынхаа гар дээр очоод байна. Энэхүү цуврал номын талаар сэтгүүлч Б.Номинчимэдтэй уулзаж ярилцлаа.

Та бүхний эрхлэн гаргаж буй дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 цувралд ямар ямар номууд орж байгаа вэ? Ямар шалгуураар шилж сонгосон бэ?
Эдгээр номын олонхийг нь юуны өмнө дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт зайлшгүй оруулдаг номуудын жагсаалтаас шилж сонгосон. Мөн хүүхдийн шилдэг зохиолд олгодог Андерсений алтан медальт зохиол бүтээлүүд, зарим Нобелийн шагналтнуудаас ч орууллаа. Сүүлийн 100 гаруй жилийн туршид хүүхдийн шилдэг зохиолын тэргүүний сэнтийгээс шилрээгүй үлдэж чадсан Ф.Бөрнэт, С.Легарлёф, Л.Алкотт, Монтгомери зэрэг цөөн хэдэн аваргуудын зохиолуудаас оруулахыг бас хичээсэн. Дорноос бол Энэтхэг, Япон, Араб зэрэг эртний уран зохиолын их өв сан бүхий улс орнуудаас оруулсан.


Шалгуурын хувьд хүний сайн сайхан, ирээдүйд итгэх итгэлийг хөгжөөсөн, хүний хүчин чадлыг бахдан дуулсан, өнөө өргөн дэлгэр хэрэглэж буй ухагдхуунаар бол эерэг энергитэй тийм л зохиол бүтээлүүдийг аль болох түлхүү оруулахыг хичээсэн дээ. Тэгээд ч ер нь хөгжингүй орнуудын хүүхдийн сурах бичигт орсон зохиол бүтээлүүдийн үнэмлэхүй олонхи нь ийм утга агуулга бүхий зохиолууд байдаг юм билээ.

Сонирхолтой юм. Дээр нэр дурдсан орнуудад хүүхдийн унших ёстой уран зохиолын номууд хэр олон байдаг вэ?

- Улс орон хөгжихийн гол асуудал нь хүний хөгжил юм. Хүний хөгжил гэдэг нь сэтгэл оюуны хөгжил юм. Тэр сэтгэл оюуныг хөгжүүлж байдаг нэг зүйл бол урлаг, уран зохиол. Хүнийг амьтнаас ялгаж байдаг гол зүйл нь урлаг, гоо сайхны мэдрэмж, түүнээ илэрхийлэх юм. Та бидний амьдарч буй энэ нийгэм чинь адгуусны, эсвэл робот машины нийгэм биш шүү дээ, хүний нийгэм юм. Дэлхийн хөгжингүй орнууд үүнийг маш сайн ойлгосон. Өөрөөр хэлбэл хүүхэд багачуудынхаа уншдаг уран зохиолын номон дээр маш анхаарч, ихээхэн цаг, хүч хаядаг юм билээ. Тухайлбал, АНУ-ын ЕБС-ийн хүүхдийн зайлшгүй унших ёстой номын жагсаалтад 250 ном байна. ОХУ-ынх 133, Хятад бол 50 боть ном байна. Кембрижийн стандарт гэж бид яриад байгаа. Тэрхүү стандартын ЕБС-ын уран зохиолынх нь жагсаалтад 2500 гаруй ном бий. Энэ бүхэнтэй харьцуулахад монголын маань залуу хойч үеийн унших номын тоо, чанар альхан зэрэгт байгааг ярилтгүй, ойлгомжтой.
Ерөөсөө улс үндэстний хүчирхэг хөгжлийн нэг толь нь уран зохиол юм. Дэлхий дээр Англи хэлтнүүдийн уран зохиол өнөөдрийг хүртэл бараг 300 гаруй жил ноёрхлоо. Энэ цаг хугацаа бол Английн эзэнт гүрний болоод Америкийн ноёрхлын үе шүү дээ. Мөн Герман, Францын утга зохиолыг хүчирхэг гэж хэлж болно. Япон ч мөн адил. Энэ орнуудын хөгжил ямар байгаа билээ. Сүүлийн үед Хятадын утга зохиол, ялангуяа кино урлаг санаанд оромгүй хүчтэй гарч ирж байна. Цаана нь хөгжил байгаа гэсэн үг.

Тэгэхээр та улс орноо хөгжүүлэхийн тулд утга зохиолоо ч бас хөгжүүлэх нь зүй гэж хэлэх гээд байна аа даа?
Одоо юу гэмээр юм, спортыг хөгжүүлэхээр төрөөс бодлого, хөрөнгө мөнгө гаргадаг шиг утга зохиолыг хөгжүүлэхээр бодлого гаргана гэсэн үг л лав биш. Харин хүүхэд багачуудынхаа уншдаг, сэтгэдэг тэр орон зайг нь өргөн дэлгэр, баялаг болгох талаар ганц төр ч гэлтгүй эх, эцэг бид, мэргэжлийн байгууллагууд ч анхаарах ёстой байх. Өөрөөр хэлбэл монголын хүүхэд багачууд дэлхийн үе тэнгийнхнийхээ уншиж буй тэр уншлагын түвшинд л уншиж, бодож, сэтгэж байх учиртай. Тэгэж байж л бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлнэ шүү дээ. Түүнээс биш хүүхэд багачуул маань PC тоглоом тоглосноор, интернетээр эрх дураараа хэссэнээрээ дэлхийн хөгжилтэй зэрэгцээд оччихож буй хэрэг биш.

- Урьд өмнө дэлхийн хүүхдийн сайн зохиолоос хэр орчуулагдсан байдаг вэ?
- Монголын маань ахмад орчуулагчид 1950-80 онуудад дэлхийн утга зохиолоос нэлээд сайн орчуулсан байдаг. Гэхдээ нэг сул тал нь үзэл суртлын хашлагаас нэг их хальж чадаагүй. Гэсэн ч тэр цаг үе бол монголын оюун санааны сэргэлтийн, улс орны эрчимтэй хөгжлийн үе байсан юм. Харамсалтай нь 90 он гарснаар тэдгээр олон сайхан орчуулгын зохиолууд үзэгдэж харагдахаа ч больжээ. Нөгөө талаар шинээр хүүхдийн зохиолууд орчуулагдан гарч буй ч харьцангуй цөөн, тодорхой систем эмх цэгцгүй байна.

-Та дэлхийн хүүхдийн уран зохиолын уншлагын түвшинд монголын хүүхдүүд унших ёстой гэж ярилаа. Үүнээ тодруулахгүй юу?
Английн ч юм уу, Америкийн хүүхдүүд дунд сургуулиа төгсөхдөө дунджаар 250 орчим дэлхийн сонгодог түвшний ном уншиж танилцаад төгсөж байна. Тухайлбал хөгжингүй орны хүүхэд залуус дунд сургуульдаа л Ф.Достоевский, Л.Толстой, Ж.Жойс гээд аваргуудтай, Библи, Коран судар, Төвдийн Үхлийн тухай ном зэрэг шашны суурь номуудтай ч танилцаад төгсөж байхад манайд бараг мэргэжлийнхэн нь ч чүү ай танилцсан байдаг. Уншлагын түвшин нь оюуны түвшинг илтгэнэ ээ дээ. Зарим хүмүүс, энэ худлаа, 15-тай хүүхэд Достоевскийн “Гэм зэм”-ийг, эсвэл Үхлийн тухай номыг уншаад юуг нь ойлгодог юм хэмээн эргэлзэж магадгүй л юм. Заавал бүрэн дүүрэн ойлгуулах нь чухал биш, юутай ч ЕБ-ыг олж буй хүн, өөрийгөө соёлт хүн төрөлтний нэг эд эс гэж тооцож буй хэн боловч эдгээр сонгодог сэтгэлгээтэй их бага ямар нэгэн хэмжээгээр танилцсан байх шаардлагатай. Хүүхэд залуусынхаа сэтгэлгээг нь задлах, хөгжүүлэх, араасаа чирэх үүднээс заавал ч үгүй сонгодог лут зохиолуудтай ямар нэгэн хэмжээгээр танилцуулдаг юм билээ. Цаашдаа харин 30, 40 нас хүрэхээрээ бүрэн эхээр нь дахин уншаад бүрэн дүүрэн ойлгох эсэх нь тэр хүний хувийнх нь сонирхол сонголтын асуудал юм. Хүүхдийн ном л гэхээр дандаа үлгэр-зохиол байх ёсгүй шүү дээ.

Энэхүү 108 номонд таны дурдсан томоохон зохиолуудаас орсон уу?

Орсон. Бага насныхан унших үлгэрийн сэдэвтэй зохиолуудаас эхлээд нэлээд хүндхэн зохиолууд ч орсон. Вашингтон Ирвинг, Ричард Киплинг, Акутагава, Диккинс гээд аваргууд орсон. Ихэвчлэн дунд, ахлах ангийнхан болон залуу үеийнхэн унших номууд бий. Ерөөс бага залуу гэлтгүй аль ч үеийнхэн уншихаар сонгодог зохиолууд олонхи нь.

108 шилдэг ном монгол хэлээр орчуулагдаж буй нь сайхан хэрэг. Үр дүнгийн талаар...?
Өмнө цухас дурдсан даа, хүнээ хөгжүүлэхэд хөгжингүй орнууд бүр багаас нь эхэлж анхаардаг гэдгийг. Юутай ч энэ номууд манай хүүхдийн уран зохиолын санд багагүй ундрага болно гэдэгт итгэлтэй байна. Зарим хүмүүс дэлхийн энэ олон юмыг орчуулж хүүхэд багачуудынхаа тархийг гаднын сэтгэлгээгээр угаах гэлээ гэж дургүйцэж ч байсан. Тийм биш юм. Хүн төрөлхтний олсон тэр оюун сэтгэлгээ, гоо зүйн нарийн нандин ололттой бид танилцахгүйгээр жалгандаа мянгантаа цовхчоод нэмэргүй. Эцэстээ хоцрогдоод л дуусна. Харин ч энэ оюуны ололттой аль болох өргөн дэлгэр танилцсанаар бид дэлхийн түвшинд танин мэдэж, сэрж мэдэрч, сэтгэх болно. Түүнээ үндэстнийхээ уламжлал, түүх, онцлогоор баяжуулж чадвал бид сая дэлхийн түвшинд гарч чадна шүү дээ. Бидний хөгжлийн нэг гарц бол яах аргагүй энэ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хэт технократ сэтгэлгээ ноёлсноор энэ талаа бүхий л түвшинд гээж, хаяж, заримдаа ч бүр ад шоо үзэх талдаа байх шиг. Тэгэж болохгүй байх аа. Улс оронд сэтгэдэг сармагчин, эсвэл сэтгэдэг робот хэрэггүй, хүнлэг, ёс зүйтэй, эрүүл саруул сэтгэлгээтэй эрч хүчтэй хүн хэрэгтэй шүү дээ.

-Энэ бүтээлүүд Монголд өмнө нь орчуулагдаж байв уу?
108 номын 92 нь анх удаа орчуулагдаж буй зохиол бүтээлүүд. Бараг 50 хувийг нь энэ цувралыг анх санаачлагч зохиолч орчуулагч Д.Оюунчимэг орчуулсан. Мөн энэ дашрамд хэлэхэд эдгээр номыг хөрвүүлэхэд гар бие оролцсон ахмад орчуулагч Ц.Даваажав, Д.Баяртогтох, Ц.Сүхбаатар, Ч.Лхагва, У.Нямсүрэн болон мөн Б.Баясгалан, Н.Сүнжээ, Ч.Цэрэндулам, Ц.Цэвэлсүрэн нарт их баярлалаа.
Мэдээж хэрэг энэ 108 номыг гаргана гэдэг уг нь бүхэл бүтэн мэргэжлийн редакци ажиллаж байж гаргах хэмжээний ажил л даа. Бид цөөн бүл хүчээр богино хугацаанд гаргасан учир дутагдалтай талууд бий. Түүнээ дараа дараагийн хэвлэлүүдээр засаж сайжруулаад явчих боломжтой.
Баярлалаа.
Г।Батсайхан /Зууны мэдээ/


Зохиолч, орчуулагч Д.Оюунчимэг: Бурханлаг хүн болж төлөвшихөд сонгодог зохиолууд хувь нэмэр оруулна

Б.Поттерын “Питер нэрт туулай”, Оскар Уальдын “Аз жаргалтай ханхүү”, Карло Колодийн “Пиноккио” зэрэг дэлхийн 108 сонгодог бүтээлтэй багачууд танилцах боломжтой боллоо.

“Хөх дэвтэр” компанийн захирал, зохиолч орчуулагч Д.Оюунчимэг анх энэ санааг гаргаж, эх үрсийн баяраар бүх номоо хүүхдүүдийн мэлмийд хүргэхээр ажиллаж байна. “Эрдэнэсийн сан” нэртэй цуврал бүтээлийн талаар ахмад уран бүтээлч н.Билэгсайхан “Одоо Монголын нийгэмд чөтгөр санаа руу ойртсон чөтгөрлөг хүн олон байна.

Энэ нь багадаа ном уншаагүй, уран зохиолоор хүмүүжээгүйтэй холбоотой. Хүнийг бурханлаг шинж чанарт ойртуулдаг гол зүйл бол сонгодог бүтээл юм. Тиймээс энэ номууд монгол хүний хөгжилд том хөрөнгө оруулалт болно” гэлээ. Мөн “Гоц авъяастан”-ы 93 дугаар сургуулийн V ангийн сурагч н.Түвшингэрэл эдгээр номын дээжсээс уншсан сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр “Хөөрхөн хар”, “Бяцхан гүнж”, “Дуурийн театрын хий үзэгдэл” зэрэг бүтээл уншжээ.

Түүнээс “Дуурийн театрын хий үзэгдэл” номноос юу ойлгосон бэ гэхэд “Гаднаас нь хүнийг битгий дүгнэ. Гаднаа муухай байгаа ч ямар ч хүн агуу сайхан сэтгэлийг агуулж байдаг гэдгийг ойлгосон. Харин “Бяцхан гүнж” зохиолд тэсвэр тэвчээртэй зорилгодоо хүрсэн мундаг охины тухай гардаг” хэмээв. Одоо н.Түвшингэрэл охин “Интоорт цэцэрлэгийн Мэри Поппинс” гэдэг ид шидтэй дагинын тухай ном уншиж байгаа аж. Энэ үеэр 108 боть номыг санаачлагч зохиолч, орчуулагч Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Уран зохиол хүний төлөвшилд их нөлөөлдөг гэдэг. Та хүүхдийн 108 сонгодог номын ач холбогдлыг юу гэх вэ?
-”Жени муур” зохиолыг орчуулсан Ч.Баяртогтох гуай “Чи надад их сайхан бүтээл өгчээ. Би энэ зохиолыг орчуулж байхдаа их зүйлийг ойлголоо” гэж байсан. Тэгэхээр 60 гарсан хүнд тэр бүтээл ухаарал өгч байхад хүүхдүүдэд үр өгөөжөө өгөх нь ойлгомжтой юм. Мөн манайд нэг буруу ойлголт байдаг. Хичээлээс гадуур хүүхдийн унших номын жагсаалт гэж байна. Уг нь бол энэ зохиолыг хүүхдүүд хичээл дээрээ уншдаг баймаар юм. Кембриджийн их сургуулийн гаргасан жагсаалтыг харахад долдугаар ангиас доош ангийнхны 80 хувь нь уран зохиолоор дамжиж газарзүй, түүх, эрүүл мэндийн тухай ойлголт авч байдаг юм билээ.

-Энэ номууд хүний хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж ахмад уран бүтээлчид ярьж байна. Ном орчуулах санааг та гаргасан байх аа?
-Анх хүүхдийн 108 боть ном гаргана гэсэн том санаа агуулж эдгээр бүтээлийг барьж суусангүй. Хүүхдүүддээ үлгэр уншиж өгч байхдаа энэ санааг олсон. Монгол хэлээр гарсан сайхан найруулга, утга санаатай бүтээл үнэндээ олдохгүй байлаа. Тэгээд анх гурван боть үлгэр орчуулсан. Цаашлаад ганц хоёр ном хэвлэсэн. Хүүхдүүддээ л зориулсан бүтээл маань 108 болон үржинэ гэж бодоогүй. Билгээ ахын хэлдгээр энэ бүтээлүүд чөтгөрлөг хүн олон болж байгаа энэ нийгмийг бурханлаг болоход нь жаахан ч гэсэн хувь нэмэр болох болов уу гэдэгт найдаж байна.

-108 ном орчуулж хэвлүүлэх амаргүй байсан байх. Гол асуудал нь юу байв?
-Санхүүгийн асуудал хүндрэлтэй байлаа. 100 гаруй номыг хэн нэгэн хүн халааснаасаа мөнгө гаргаад хэвлүүлнэ гэдэг хэцүү ажил. Би ямар БСШУЯ биш, больё гэж бодсон үе надад бий. Гэхдээ энэ нийгэмд би зориглож хийхгүй бол хэзээ, хэн хийхийг хүлээх юм бэ. Мөн нийгэм маань мэдэхг үй учраас үүнийг хүлээж авахгүй байх гэсэн айдас байсан. Манай сургалтын хөтөлбөрт хүүхдүүдийн толгойг эргэтэл тоо бодуулж, гарыг нь сарвайтал хуулан бичлэг хийлгэдэг. Харин хөгжингүй оронд тэднийг үлгэрээр хүмүүжүүлж байна. Тэгэхээр хүүхэд хүссэн хүсээгүй сайн муугийн тухай, яавал үнэнч шударга болохын тухай ойлгодог. Энэ л шугамаар явбал зүгээр байна.

-”Эрдэнэсийн сан” ботьд багтсан зохиолуудыг ямар шалгуураар сонгосон бэ. Сонгодог зохиол болохоор хүүхдэд ойрхон байж чадах болов уу?
-Аль болох энгийн ойлгомжтойгоор хүргэхийг зорьсон. Эдгээр номын олонхийг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт багтдаг бүтээлүүд бий. Сүүлийн 100 гаруй жилийн туршид хүүхдийн шилдэг зохиолын тэргүүнд явж байгаа Ф.Бөрнэт, С.Легарлёф, Л.Алкотт, Монтгомери, мөн дорноос бол Энэтхэг, Япон, Араб зэрэг эртний уран зохиолын өв сан бүхий улс орнуудаас орууллаа.

-Орчуулга дээр та өөрөө ажилласан. Хүүхдийн сонгодог зохиолыг орчуулах онцлог нь юу вэ?
-Уран сайхны хувьд өндөр ур чадвар шаардсан ажил байлаа. Би 30 гаруй хувийг нь орчуулж, бараг бүх бүтээлийнхээ редактороор ажилласан. Олон жил энэ салбарт ажилласан хүний хувьд өөрийнхөө гараар сайн зүйл хийхийг хичээлээ. Зарим хүмүүс намайг номоор бизнес хийх гэсэн зальтай хүн гэж бодож байж магадгүй л юм.

-Ерөнхий боловсролын сургуульд уран зохиол цаг маш бага байдаг. Тэгэхээр эдгээр номнууд тэр орон зайг нөхөх болов уу. Танай номнууд хэр эрэлт хэрэгцээтэй байна вэ?
-”Дэлхийн том баячуудыг нэг л зүйл холбодог. Тэр юу гэвэл тэд маш их үгийн баялагтай байсан” гэж надад нэг хүн хэлж байсан. Америкийн наймдугаар ангийн хүүхэд Эмили Дикинсоны шүлгийг уншиж байна гээд бод. Манайд наймдугаар ангийн хүүхэд битгий хэл Эмилиг мэддэг яруу найрагч хэд билээ.

Мөн Кэмбриджийн гуравдугаар ангийн хүүхэд Торгоны замын тухай ном уншиж байна. Гэтэл манайд их сургуульд нь ч Торгоны замын тухай ном, сурах бичиг байдаггүй. Өнөөдөр сайхан нийгэм байгуулах нь бидний зорилго. Тэр сайхан нийгэм байгуулах хүчин зүйл нь хүн юм. Хүүхэд болгон “Үлгэр яриад өгөөч” гэсэн хүсэлтэй байдаг. Энэ гэгээлэг сайхан хүсэл дээр нь тэднийг сайн хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй байна.

Т.Батсайхан /Зууны мэдээ/



Wednesday, August 10, 2011

Агийн үнэрт зунаар Хагийн нуурыг зорихуй



Бараг л хамар шүргэм эгц өөдөө мацаж сүүлдээ дөрвөн хөллөн мөлхөж явахдаа буцаад уруудчих вий гэж хамгийн их зовж байлаа. Хэрэв буцаад өнхөрчихвөл эргээд эндээ ирэх гэж бас л энэ хэмжээний хөлс дуслуулна шүү дээ. Хөл туйван ядарч урагш тэмүүлэх хүсэл асар их байвч гишгэнэ гэдэг том бэрхшээл болон хувирлаа. Бөн бөн дуслах хөлсөө нэг шувтарч амсхийх зуураа тэртэй тэргүй булдруу болж хоцорсон хацар нүүрэн дээр баринтаглан шавах шумуулуудаа үргээхчээн аядан дэмий л гараа савав. Өдийд гэртээ тохилог буйдан дээрээ зурагтын суваг солин, гартаа хүйтэн кола барьсан шигээ тарайн хэвтэж байж болох л байсан. Гэтэл ядарч жаргах эз хатгасных нэг иймэрхүү л явж байна даа. Наадамд түрүүлээд ирсэн морь шиг хамаг бие чивчигнэн чичирч зүрх дэлсэж байх зуураа ийнхүү бодож байтал тайгын гүнээс олсон абсурд маягийн таягаа хүчлэн тулсаар миний дэргэдүүр бас л хөлөө зөөж ядан зөрөх манай омгийн ахлагч Номинчимэд “За Зандаа минь яваад байна шүү дээ хө. Хөдөл хөдөл” гээд өнгөрөв. Өнгөрөх ч гэж дээ, надаас дөрөв таван алхмын өмнө гарчихлаа. Ууг нь гараа сунгахад татаад авмаар ойрхон ч гэсэн энэ өгсүүрт таван алхмын өмнө яваа хүн гэдэг юутай ч намайг “хол хаячихаж” байгаа хэрэг шүү дээ. Атаархмаар гэдэг нь.

Өөрийн мэдэлгүй ядарч сульдаж, хөдөлнө гэдэг асар их эр зоригийн хэрэг болж байсан ч үүргэвчээ нэг сайхан дугтарч дээшлүүлээд араас нь хөдөллөө. Яадаг ч байсан багийнхнаа л баллахгүй юм шүү. Энэ хүртэл зүтгэж зүүгдэж ирснийх эцсээ үзэхээс өөр аргагүй. Би ингээд суугаад хойш нь татаад байх юм бол манайхан өнөөдөр нар унахаас өмнө аянчдын отог дээрээ хүрч чадахгүй, шөнөөр намаг балчиг туучиж унаж тусан балрахаас гадна төөрнө гэж том зовлон байна гэж өөртэйгөө тооцоо бодоод аахилан зүтгэж явахдаа хурдхан хуурай, хоноглочихож болох тэр аятайхан отог дээр хүрчих юм сан гэж тэсгэлгүй адгалаа. Тэнд л хүрчих юм бол галаа ч түлэхгүй, майхнаа ч босгохгүй, шууд л өвсөн дээр нойтон хувцастайгаа тэрий хадаад тэр чигээрээ хурхираад өгмөөр. Өлсөх, даарах ч бүр дүүрч, зүгээр л хөлөө амраагаад ойчоод өгөх сөн гэж туйлаас хүсч байлаа.
Ингэж жаргалтай ч юм шиг зовлонтой ч юм шиг бодол тээн үүргэвчиндээ түүртэн биеэ чирэн өгссөөр нэг мэдэхүй уулын таг дээр дээр гараад ирлээ. “Шулуухан явдалтай шумуултын багийнхан” гэж бидний бахдан хочилсон Батсайхан, Хүдэр, Мөнхтулга нар биднийг хүлээнгээ хэдийнэ хөлөө амрааж амжаад хөгжилтэй дээрээ тавигдчихсан тас тас инээлдэж байх юм. Харин би гэдэг хүн инээх байтугай дуугарах ч тэнхэлгүй тэдний хөлд ойчоод өглөө. “За Зандаа гуай ууланд явж байж аалигүйтэхгүй шүү, алив бос” гээд сэвхийтэл татаж босгон үүргэвчийг маань мулталж авлаа. Байгууллага дээрээ тааралдах бүртээ “Сайн уу, юу байна” гээд л хэнэггүйхэн зөрж шатаар точигнотол гүйж явахдаа огт анзаарч байгаагүй хүн чанар, сайхан сэтгэлийг хөвчийн гүнд мэдрэхдээ эгээтэй л уйлсангүй. Бүгдийг нь тэвэрч үнсмээр байлаа. Эрчүүд ядарсан ч инээж маазрахтайгаа, харин Зулаа бид хоёр дуугайхан л бие биенийхээ гарыг атгаж сэтгэлийн гүндээ бие биедээ дэм өгч суулаа.
Уулын хормойн намаг хөвдөн дундуур явж байхад тааралдсан сайхан цэнгэг горхиноос цэвэр усны жижиг саванд ус нөөцөлсөн архагууд мөнөөх уснаасаа ганц нэг балган цааш хийж байгаа харагдана. Миний хувьд тэр үед юун ус нөөцлөх манатай, биеийн хамаг усаа гадагш нь шавхаж, ялаа шумуултай ид гардан тулаан хийж явсан болохоор ам цангаж байна гэж жигтэйхэн. Хүн бүхэн хувийн бэлтгэлээ сайтар базааж, хүчээ тэнцүү хуваарилан, гол горхи тааралдах бүрт өөрийн савандаа өөрөө л усаа нөөцөлж хэрэглэх тухай “Асралт хайрхан” руу аялсан туршилгатай нөхөд маань зөвлөж байсныг одоо л биеэрээ ойлгож дараагийн замд хүн шиг явахыг бодож суулаа. “За манайхаан, одоо ингээд хөдөлнө шүү дээ. Алив усгүй яваа хүн байвал миний уснаас уугаад ав, одоо уруудаад тэр хоёр модтой хошууны цаана хөхөрч байгаа уулын хормойд очиж амарна. Тэндээ үдэлж цайлцгаая” хэмээн аяллын багийн ахлагч Номинчимэд хэллээ.

Санаа алдан босч ирсэн миний үүргэвчийг Батсайхан анд эвтэйхэн нь аргагүй үүрүүлж өглөө. Амраад босоод иртэл үүргэвч маань бүр хүндэрчихсэн байдаг байна шүү. Эгээ л үүргэвчиндээ дийлдэн буцаад уначихсангүй. Уг нь манайхан намайг бодсондоо миний үүргэвчинд байсан талх тариа гээд аяны хамаг хүнсийг маань өглөөний цайн дээр хэрэглэж бусад хүнс, гал тогоогоо эрчүүд нь хувааж үүрсэн юм шүү дээ. Ер нь энэ удаагийн аялалд эмэгтэйчүүд нь майхны хойморт цайгаа зөөлгөж эрчүүд гал тогоог эзэмшиж яваа. Тэд өөрсдийн гараар бэлтгэсэн шуузаараа хээрийн сайхан хоол хийж бид хоёрт түрүүлэн аялгалж байсан нь магадгүй, аяллын багийг арагш нь татахгүйг хичээн шүдээ зууж нүдээ аньж яваа бид хоёрыг урамшуулж байсан хэрэг байх. Ундааны хуванцар саванд шүдэнзний толгой орохооргүй чигжиж хийсэн тэр шуузыг хараад л манай эрчүүд ямархан нямбай, басхүү туршилга ханхлуулсан баг болохыг нь мэдэрсэн юм. Гэтэл миний авч яваа хүнсийг хар л даа. Талх, душенк, бэлэн гоймон, печень чихэр. Эхний өглөөний цайн дээр л цааш нь харуулахгүй бол ар нуруун дээр минь байнга бөндөгнөсөөр хүлэмж шиг болж байгаа аяллын үүргэвчинд нэг хоновол л хор болох тийм хүнс аж. Цаашид аялалд ямар хувцас ямар хүнс хэрэгтэйгээс гадна хүний хувийн зохион байгуулалт, өөрийгөө авч явах чадвар хичнээн чухал болохыг энэ үеэр ягшталаа ойлгосон би. Үүргэвчнийхээ дороос хоёр гараараа тулж хэсэг зууртаа мөрөө амраан уулын бэл рүү бууж явахдаа аялал анх эхэлж байсан өдрийг санаад инээд хүрч билээ.

...Зуны наран дөнгөж мандан ахуй сэрүүн тунгалаг өглөө Төв аймгийн Эрдэнэ сумаас зүүн хойш 50-аад км-т орших Шар булгийн рашааны ойролцоох Бөөгийн отгийн хажуугаар МОНЦАМЭ-гийн хөх делика цогиулсаар өнгөрч ойн захын зөөлөн ширгэн дээр ирж зогссон сон. Машинаас дуу шуу хадаан бууж ирсэн идэрхэн аянчид хээрийн хойморт чулуун тулгаа тулж өглөөний шүүдэр гялтганах өвсөн толгой дээгүүр шингэн цэнхэр утаа тунаруулан хээрийн цайгаа бургилуулах зуураа google-ээс татаж авсан замын зургаа үзэцгээн өмнө хүлээж буй аян замдаа яаран гэгэлзэцгээж байж билээ. Нарны амттай бор цайндаа боорцог хийж цайлаад аяны үүргэвчээ нуруундаа бэхэлж, жолоочоо хот руу үдэж өмнө хөхрөх хангайн сүрлэг уулсын зүгт явган маршаа эхлүүлсэн нь дөнгөж өчигдөрхөн ч одоо санахуйд олоон өдрийн өмнөх шиг. Хүн байгаль дэлхийдээ уусан шингэх үес цаг хугацааны мэдрэмж хүртэл өөрчлөгдчихдөг бололтой. Зун цагт хаа нэгхэн харагдах аалзнаас үнхэлцгээ хагартал айж хавийн амьтны цөсийг хөөртөл хашгирч орилдог хүн чинь энэ аяллын замд аалзны шүлсийг алгаараа ярж ялаа шумуул үргээн тасралтгүй савчих гараараа толгойтой үсэнд минь визгүй зорчих “байгалийн аянчдыг” хээв нэгхэн авч чулуудна. Саяхан л хотын төв дэх албан өрөөнийхөө тагтан дээр агаар салхи үгүйлэн хөдөө явах сан гэж үглэж зогссон цагаан гартай сэтгүүлчид ногоон байгальдаа уусчихсан яваа нь нэн соньхон.

Улсын наадмаар Асралт хайрханы оргилд МОНЦАМЭ-гийнхээ тугийг мандуулж ардын хувьсгалтай нас чацуу байгууллагынхаа 90 жилийн ойг угтаж байсан МОНЦАМЭ-гийн спорт хамтлагийн залуус уулын бартаат аяллынхаа удаахь зорилт болгон Хагийн нуурыг сонгож авсан нь энэ ээ. Энэ удаагийн аяллын багт “МОНЦАМЭ-гийн мэдээ” сонины эрхлэгч Б.Номинчимэд, “Новости Монголии” сонины сэтгүүлч Ж.Батсайхан, “Монгол мессенжер” сонины орчуулагч М.Өнөрзул, Эх бэлтгэлийн албаны дарга Н.Батсүх, хэвлэлийн дизайнер С.Мөнхтулга, фото сурвалжлагч Б.Цэрэнжамц, Теле студийн найруулагч Б.Занданхүү миний бие болон Номинчимэдийн хүү Цэвээндорж, Батсүхийн хүү Буянбилэг, “Эрэл” компанийн нягтлан бодогч Хүдэр /Номинчимэдийн хадам дүү/ нар багтжээ. Хүүхэд эмэгтэйчүүдтэй холимог баг бүрдсэн тул энэ удаад эрчүүдээс илүү хариуцлага халамж шаардаж байгаа бололтой. Гэсэн хэдий ч багийн гишүүн бүхэн бусаддаа төвөг чирэгдэл учруулахгүйг хичээн зүтгэж байгааг харахад баярламаар. Аргагүй ядарсан үед өөрөө ч бас зүдэрч яваа мөртөө бусаддаа туслахад бэлхэн залуустаа дотроо тун ч их баярлан, басхүү тэднийгээ хээрийн ногоон дэвсэгт цоо шинээр нээж явлаа. “Новости Монголии” сонины хаалгаар хааяахан шагайх бүрт нүдний шилэн дээгүүрээ хальтхан хараад словарь руугаа буцаад “орж явчихдаг” үг дуугүй “номын хүн” Батсайхан энд хээрийн хүн болчихсон, өдөржин нүд нь компьютер дотроо, гар нь маузан дээр өнждөг эх бэлтгэлийн завгүй залуус Батсүх Мөнхтулга нар Шумуултын багийг ахалчихсан, Номинчимэд дарга тэргүүтэй ард үлдэгсдийг “Тамирдангуй алхдаг таягтын багийнхан” хэмээн шоглосон шигээ машин зам байтугай морин жим байхгүй онгон дагшин уулын хэцэд өөрсдөө шинэ жим гарган аялж яваа нь заримдаа зүүд шиг л санагдаж байлаа.

...Сахлаг өвстэй ногоон хөндийг туулж шугуй дундуур уул өөдөө өгслөө. Зөрөг жимгүй аглаг хөвчийн торлог шугуйд нүүр нүдээ шавхуурдуулан мацах амаргүй ч хөл дор бамбалзах хөвдний ус шаварт халтирч зоогдох нь хамгаас төвөгтэй ажээ. Замын турш хөвдөнд хөл алдаж хөхөлбий намагт “уран” живсэн “амжилт”-аараа толгой цохисон миний хувьд энэ замыг онцлон дурдахаас аргагүй. Ус гол гатлах, уул нуруу өгсөхөөс хамгийн бэрхшээлтэй нь энэ торлогон шугуйг гэтлэх л байлаа. Хагийн нуур хүртэлх 40-өөд км замын бараг тэн хагас нь торлог. Шугуй харагдахаар л “Эээ торлог” гээд л элгээ эвхээд суучихдаг Өнөрзул, Цэрэнжамц ах бид гуравт манайхан “Тоос нь харагдахгүй толгой нь шоволзохгүй торлогтын баг”-ийнхан хэмээх нэрийг хайрласан.
Малгайн чинээ том мөөг, нүд эрээлжлэм алаг цэцэгс, дов бүхнийх нь оройд солонго татсан аглаг буйдын диваажинд эрвээхэй эргэлдэж, царцаа царгиж, зөгий дүнгэнэх байгалийн найрал дуурсна. Үг яривал эцчих гээд байх тул мөр мөрөө даран чимээ амиагүйхэн алхацгаана. Тийн хэдий ч бодол санаа хачин тунгалаг ажээ. Хөл дор мөчир хугарах, хөх салхины сэржигнэх чимээнээс бусдыг үл анзаарч толгой дохин урагшилцгаана. Их хотын чөлөөгүй үймээн дунд тархинд бодлын шуурга эрчлэн байдаг бол энд сэтгэлийн анираас өөр бодлын чимээгүй амгалан. Байгалийн дагшин хөдөөд хүний бодол санаа аяндаа цэгцэрч амар амгалангийн улирал цэлмэдэг бололтой.

Торлог шугуй, намгархаг сондуулын толгой дамжин алхах биднийг тэнгэр хангай нар хураар дутаасангүй. Хөвчид бороо намуухан шивэрч уулын хормойн намгархаг ширгэн дунд унаж босож явах үес үүлс сөхөгдөн нар шарж эхэллээ. Ийн аялсаар бид хөвчийн хоёр томоохон нурууг өгсөж уруудан гэтэлж, Туул гол, Хагийн голоо гаталж уулын дэвсэг дэх чулуун хүрээ бүхий отог дээр ирсэн юм. Аяллын үүргэвчээ мөрнөөсөө буулгангуутаа л галаа түлэх гэж яарцгаалаа. Ялаа шумуулын доволгоог утаан хөшгөөр сааруулах, алжаал ядралаа тайлж аяны хийцтэй халуун цайгаа оочлох, норсон хувцасаа хатаах, нойтон сэтгэлээ сэргээхийн тулд яаран галаа л түлэх хэрэгтэй. Гал гэгч зүйл үеийн үед хөгжил дэвшил авчирагч хүчин зүйл байсаар ирснийг хээрийн хойморт илүүтэй мэдэрч билээ. Галын хүрээ тойрон оймсоо “борцлох” зуураа энэ удаагийн аялал, дараагийн маршрут, өмнө нь энд тэнд аялсан сонин сайхнаа ярилцан, улмаар сэдэв тэлж эх орон, элэг нэгтнүүдийнхээ хувь заяа, үүх түүх рүү зорчлоо. Өндөр заяат монгол түмний өнөөдөрт ирсэн зам мөр, түүхийн нугачаанд их бага хаадын үүрч туулсан зовлон жаргал, түүхэн цаг үеүдийн тухай Номинчимэд кино шиг юм ярьж бид ч тэрхүү халуун ярианд шимтэн галдаа цучил нэмэн суув. Ялаа шумуул, ус балчгийн дунд амсхийх газар олдохгүй алхаж явахдаа нар буухаас өмнө хоноглох газраа оччих сон гэж адгаж байснаа хэдийнэ мартаад нойтон гутлуудаа гал тойруулан өрж хээрийн цайгаа зөөгхөн балгасан шигээ хууч хөөрч сууцгаалаа бид. Аян зам ямагт шинэ урам, итгэл зориг өгдөг аж.

Маргааш нь нар битүүгээр эртлэн босч Хагийн нуураа зорилоо. Хоноглосон отгийнхоо ар руу уруудаж явахдаа өмнө нэвсийх хөх уулыг л давчихвал Хагийн нуураа харна даа гэж догдолцгоож байлаа. Өмнөх орой нь отгийн бараа хараад л өвдөг минь бараг өөрийн мэдэлгүй нугарч тэр чигээрээ эндээ үлдчихмээр, маргааш нь дахиад цааш нэг ч алхмааргүй санагдаж байсан. Гэтэл өглөө нь шинэ хүн болчихсон сэрлээ. Ууланд ирэх замд нэгэн морин жим олоод бид хоороороо дуу алдан баярласан юм. Хүн явж байгаагүй, хамгийн бартаатай газраар шинэ зам гарган аялж байсан бидэнд уулын жим урам тэнхээ хайрласан билээ. Морины туурайн ороор ус тогтож намаг шавхай үүсгэсэн ч бид тэр л шавар дундуур туучин урагшлахдаа дуу аялах шахам баяртай алхаж байлаа. Манай аяллын хөтөч буюу бидний нэрийдсэнээр Омгийн ахлагч Номинчимэд таягаараа зааж тархиараа GPS хийж явсаар зорьсон газраа олоод иржээ. Уухилсаар уулын тагт дээр гараад ирэнгүүт өмнө минь мөнөөх хүслэнт нуур маань цэлэлзэж байлаа. “Хан Хэнтийг тольдсон Хагийн хар нуур, Халх дөрвөн хошууны энгэрт дуссан нулимс” гэсэн үгтэй дууг нь саналаа. “Хат шалгаж хүч суулгасан Хагийн хар нуур” хэмээх дахилттай эл дууны үгийг дуу алдан хэлсэн хүн нь адал явдалт спорт аяллын загалмайлсан эцэг хэмээн өргөмжлөгдсөн Б.Жияандорж гуай юм гэсэн.

Хагийн хар нуур нь Хан Хэнтийн нурууны салбар бага Хэнтийн ууланд байрлах уулын тагийн үзэсгэлэн төгөлдөр нуур юм. Уг нууранд цутгадаг ямар нэгэн гол горхи байдаггүй бөгөөд нуурын усны эх ундарга нь нуурын гүнд байгаа гэж үздэг. Завиар нуурын гүнд очсон Онцгойгийн нэг ажилтан “Нуурын яг голд очиход ус нь тас хар харагддаг юм. Хөлгүй байх аа. Магадгүй ундарга нь тэр байх. Тэнд байхдаа би Хагийн хар нуур гэсэн нэрийг нь ойлгосон” хэмээн ярьж байсан нь санаанд орлоо. Их хөвчийн гүнд моддын дунд элсэн эмжээр цайруулан орших уулын гол шиг цэнгэг устай эл нуурыг хөвөөнөөс нь ажихад нэн үзэсгэлэнтэй. Хэнтийн нуруунаас буусан дөрөвдөгчийн их мөстөлтийн үед 20-80м өндөр, 5 орчим км урт, 6000 м орчим өргөн морен (уулын мөнх цасанд түрэгдэн үүссэн чулуулгийн хурдас) уулын ам хөндийг гатлан хаахад уулсын ус нь уг хонхорт хуримтлагдан нуур vvссэн тухай “Монголын нэвтэрхий толь”-д дурдсан байна билээ. Мөн энэ нуурыг цаг агаарын өөрчлөлтөд уулын мөнх цэвдэг хайлснаас үүссэн ч гэж үзэх нь бий. Эргэн тойрон ой модтой, зүүнээс Хийдийн гол, өмнөөс Давааны горхи цутгаж Хоолойн татаалаар Хагийн голдоо нийлдэг. Умард мөсөн далайн ай савын загас элбэг, байгалийн байдал нэн үзэсгэлэнтэй газар. Нуурын хамгийн гүнзгий газар нь төвдөө байдаг бөгөөд тэнд 30 орчим метр гэж ярьж байсан. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Туул голын баруун гар талын томоохон цутгалын нэг Хонгорын голын эхэнд бага Хэнтийн нурууны өвөрт Хийдийн Сарьдаг, Хvнхэр уул, Асгатын сарьдаг уулын шилмvvст ойн дунд далайн түвшнөөс дээш 1817.3 м өндөрт өргөгдөн оршдог Хагийн хар нуур Улаанбаатараас зүүн тийш 180 орчим км-т байдаг. Нууранд хүрэхийн тулд автмашинаар дөхөж болох боловч, яг нуур хүртэл явах ямар ч аргагүй уулархаг, зарим газраа намгархаг замыг туулж нэг бол явган нэг бол мориор хүрэх боломжтой.

Бага Хэнтийн хөх хөвчид орших энэ сайхан нуурын хөвөөнөө зогсож байхдаа бид нэн жаргалтай байсан. Зовсны эцэст жаргана гэдэг ёстой л энэ байх даа. Гэхдээ бидний аян зам огтхон ч зовлон байгаагүй. Хүний хөлийн мөр ховорхон хүрсэн энэ дайдад уран зураг шиг нуурын хөвөөнөө байгалийн эд эс болон зогсож байгаа минь нэн бахдалтай. Бид нуурын хөвөөнөө хээрийн цайгаа чанаж, шуузалсан махаараа ботгирсон сайхан шөл хийж, усанд орох нь орж, загас гогдох хүсэлтэй нь дэгээгээ шидэж, хайргархаг цагаан элсэн дээр нь тарайж ёстой л нэг амарсан шиг амарч тухалж авлаа. Аян замын алжаал ядрал бүрэн мартагдаж бие сэтгэл байгалийн хөг аялгуунд бүрнээ нэгджээ. Ийн амарч тэнхээжиж авсныхаа дараа өнгөрсөн шөнө буусан отог руугаа хөдлөхөөр зэхэцгээлээ. Буцах зам дандаа л уруудаад байх юм чинь амар даа гэж дотроо алгаа таших нь халаг баясаж явсан би бууж ирсэн уулаа буцаж өгсөхдөө ахиад л нусаа хацартаа нааж, тэхдээ дотроо өөрийгөө шоолон мушийж явлаа. Манай багийнхан урам зоригтой нь аргагүй алхацгаана. Энэ бэрх аяллын турш бие биенээ таньж мэдсэн, бас хөгтэй хөөртэй явдал чамгүй тохиолдсоных бүгд нэг нэг нэр хочтой болжээ. Буцах замдаа хүн болгон жигтэйхэн этгээд уран таяг олоод тулчихсан, аяны хөнжил, тогоо шанага, хоол хүнс гээд л дор бүрнээ 25-40 орчим кг ачаа үүрчихсэн цагаан Гэндальф, хар Сарамон, Фродо, Сэм, Арагорн, Бромир, Гладриль хатан /”Бөгжний эзэн” киноны дүрүүд/ хөх хөвчийн гүнд хөл хүнд алхацгаана. Харин сэтгэл санаа нэн хөнгөхөн байх нь гайхалтай. Харин манай аяллын гол баатар хөнгөн хөлт Фродо /Батсайхан/ бөгжийг хадгалагчийн бат найдвараар үүргэвч майхан хоёртоо үнэнчийн гайхамшгийг үзүүлж явсан. Өмнөх аяллын үеэр Асралт хайрхны бэлд бүгд майхнаа орхицгоон үүргэвчээ хөнгөлөхөд мань Фродо ганцаараа майхнаа нуруунаасаа салгаагүйн хүчинд оргилд гарах үед огцом хувирсан тэнгэрийн араншин, мөндөрийн шуурганд багийнхнаа аварсан гавъяатайг Омгийн ахлагч олзуурхан дурсаж явсан юм.

Бид эх орныхоо байгалийн сайханд нүд сэтгэлээ алдаж тэрхүү хүчирхэг ариун байгаль дэлхийдээ уусан баясахын зэрэгцээ, өөрийнхөө бие болоод сэтгэлийн хүч чадал, зүрх зоригийг сорих алхам хийж яваадаа тун ч урамтай байсан юм. Зэрлэг онгон байгальд өөрийн бие махбодын хүч чадалд дулдуйдан хэд хоногоор аялна гэдэг тийм ч амар зүйл бишээ. Учир нь бид цэвэр байгалийн хүчин зүйлд захирагдан, тэнгэрийн зарлигийг үг дуугүй дагах хэрэгтэй болно. Халуун нар, хүйтэн бороо төдийгүй, хад чулуу, намаг, нойтон өвс ургамал, ялаа шумуул гэх мэт аян замд бэрхшээл учруулж болох бүхэнд сэтгэлзүйн болоод эд материалын бэлтгэлтэй байх шаардлагатай ажээ.

...Ийнхүү алхсаар шугуй гэтэлж уулын хөндийн борог багширсан өвсөн зам дээр гарч ирэхэд аяллын багийнхны алиа егөө үг салхи хөгжтөл цуурайтаж хөгжилтэй инээд хөглөж эхэлнэ. Шугуйн дунд толгой нь шоволзохоос өөр бараа сүргүй явсан Цэрэнжамц зурагчин аман хуураа гаргаж амжил завсар дунд нь аяллын зургуудаа дарна. Аппарат чад пад хийхтэй зэрэгцэн манай хоёр бяцхан аялагч дүрсгүйхэн фозоо өрсөлдөн үзүүлж хөгжил хөөр нэмнэ. Довон дунд өрөөсөн хөлөө живүүлчихээд өөрөө гарах гэж чимээгүйхэн зүтгэж байгаад баригдсан Зандаагийн онигоог хүч нэмэгдүүлэн давс хучир нэмсээр адал явдалт олон ангит киноны нэгэн шинэ ангийг бүтээгээд авна. Дараагийн анги Мөнхтулга, Батсүх хоёрын мөр даран алхахад тохиолдох шинэ паянгаар үргэлжилнэ. Аяны зам хөнгөн газар ам хуурайгүй хөгжилдөцгөөнө. Шугуй тааралдах үес шуухитнаад нам болцгооно. Биеийн шингэнээ нэлээдгүй алдаж битүүхэндээ ядралаа нуун гэлдэрч яваа би урд алхах Өнөрзулын хөлийн шийдмэг тавилт, ажралгүй туулах алхаанаас урамшиж хэсэг л урагшилна. Тэгээд цуцна. Батсайхан, Мөнхтулга, Хүдэр, Цэвээндорж нарын бараа алсрах бүр түгшил төрж алхаагаа нэмнэ. Номинчимэд дарга Гэндальфийн таягандаа уйгагүй шивших зуураа урд нэг орж ард нэг үлдэж мацна. Цэрэнжамц ахын хөл цэцэг хараад хөнгөрнө. Бид урагшилсаар...

Хагийн хар нуур нь эргэн тойрон ойгоор хүрээлэгдсэн нутаг бөгөөд хаа очиж соёл иргэншлийн хөлд тахлагдалгүй ариун дагшинаа хадаглаж үлдсэнд нь бид баярлаж явлаа. Ийм л газар нутгаа онгоноор нь байлгаж хойчийн хүмүүст үлдээж чадвал өнөөгийн бидний амьдарч ирсэний нэгээхэн утга учир орших бизээ. Нуураа хамгаалах гэсэн мэт нүүр ороолгосон торлогон шугуй, хөл алдам памбалзуур намаг, утаа мэт дагах шумуул, хэрийн машин явмааргүй ганга жалга, эгц эрэг бүгдэд нь талархан явсанаа нуух юун. Байгаль ингэж нуураа хамгаалдаг ажээ.

Манай аяллын багийхан хэчнээн их бартаа туулсан хэдий ч хэнийх нь ч амнаас ядарлаа гэсэн үг огтхон ч гараагүй. Бодвол хотын нүргээнт амьдралаас зайдуу зэлүүд онгон нутгаа дээдлэн биширч, байгалийн сүр жавхланд татагдсаных буй за. Энэ нутагт малчид нутагладаггүй юм байна. Харин өвөлдөө бол анчидын хийморь сэргээсэн газар гэдэг нь анзаарагдаж байсан. Голын ширэг, уулын бэлээр гахайнд сийчүүлсэн газар их тааралдаж байсан. Бугын жимээр өгсөж яваад хандгайн баас мөнийг Б.Номинчимэд тодруулсан, мөн биднийг торлогон шугуй руу орж явахад хоёр ч бор гөрөөс зам хөндлөн боролзгоны бутан дээгүүр дүүлэн холдож билээ. Энэ бүхнээс үзэхэд яах араггүй ан амьтан ихтэй ариун дагшин нутаг юм. Бид очиж явах даа хагас хоол хүнсээ торлогон шугуйн хаяанд орхилоо. Үүнийгээ “хээрийн баталгаат гаалийн агуулах” гэж нэрлэв. Мөн бүрий болсон учир давааны наана хоноглосон юм.. Өглөө нуурын зүг явахдаа майхан болон зарим хувцас хоол хүнсээ орхилоо. Энэ газраа мөн л “Их отог буюу ойн баталгаат агуулах” хэмээн тус тус нэрийдэн хөгжилдөж явсан билээ. Нуурын усан мөнгөлөг өнгөөр бидэртэн долгилж, зан сайтай гоёмсог хадагтайн дүрээр угтсансан. Номинчимэдийн тоглосон лимбэний аялгуунд нуурын ус ар араасаа хөөцөлдөн давалгаалж эргийнхээ элсэнд тулж эвхрэн бүжих нь нэн төгөлдөр.. Нуураас наашаа явах үед нартай бороо орж, тэнгэр нүргэлэн дуугарсан нь байгаль дэлхий биднийг талархан үдсэн хэрэг хэмээн билэгшээцгээж билээ. Бид зам зуур орхисон зүйлээ аван Туул голыг гатлахаар торлогон шугуйд яаравчлан явахад бороо шивэрч эхэлсэнсэн. Туулын ус бүсэлхийгэр татаж, гар гараасаа хөтлөлцөн урд эрэг дээр амжиж гарсаны дараа усны түвшин эрс нэмэгдсэн юм.Ийнхүү бороон дунд майхнаа босгож, зарим нь модонд явж гал түлж норсон хувцасаа хатаан, аян замын адал явдлаа дэлгэн хуучилж аяллынхааы сүүлчийн шөнийг үдсэн билээ.

Дашрамд хэлэхэд Б.Занданхүү, М.Өнөрзул хоёр маань тэнгэр, газрын бартааг тэвчээр заан туулж, ямар ч эрчүүлээс дутахгүй бүсгүйчүүл гэдгийг нотлон харуулсанд багийн нийт эрчүүдийн өмнөөс талархал илэрхийлье. Аялал үргэлжилнэ, ахиад бид явна, өөдөөс гар шиг тосох, өлзий ерөөлт мөнхийн урсгалт зам хүлээж байгаа...

Б.Занданхүү
Б.Цэрэнжамц

Tuesday, July 19, 2011

Оргил цаана дахиад л оргил бий

Монгол оронд гурван их уулс бий. Энэ бол Алтай, Хангай, Хэнтий. Монголчууд бид энэ их уулсаа үеийн үедээ шүтэн биширч, түшин аж төрж, бахдан дуулж ирсэн ард түмэн билээ. Хан Хэнтийн нуруу бол энэ гурвын нэг нь. Төв, Сэлэнгэ, Хэнтий гурван аймгийн арав гаруй сумын нутгийг дамнан орших энэ их уулс бол хүний хөл ховорхон хүрсэн онгон дагшин сарьдагууд, хүүхэрэн шуугих хөвч тайга, хүйтэн булаг нь бургилах хавцал хөндий... булга, минж, буга, баавгайнаас эхлээд зүйл бүрийн араатан жигүүртэн хөлхөлдсөн ихийн их тайга.
Чухам энэ их уулсын оргил тэргүүн нь Асралт хайрхан. Далайн түвшинээс дээш 2799 метр өндөрт өргөгдсөн энэ оргил нийслэл Улаанбаатараас 72 км-ын зайд оршино. Гэхдээ газрын зураг дээр шулуун шугамаар тэр шүү дээ.
МОНЦАМЭ агентлагийн 90 жилийн ойг угтаж энэ их уулсын оргил тэргүүнд гарч, далбаа юугаа хийсгэсү хэмээсэн манай багт МОНЦАМЭ агентлагийн спорт хамтлагийн гишүүд Б.Номинчимэд, Н.Батсүх, С.Мөнхтулга, Ж.Батсайхан/Новостии/, П.Ууганбаяр, З.Амгалан, мөн манай багт сайн дураар нэгдсэн Н.Цэвээндорж /14 настай/, Н.Галдамаа /13 настай/, Б.Буянбилэг /13 настай/, газарчин А.Болд нар байлаа. Бид 2011 оны 7 сарын 9-нд Баянбууралын амралтаас хөдөлцгөөсөн юм.
Оргил өөд өгсдөг олон зам бий. Тэрэлжийн голын хойт салааг өгсвөл оргилын өмнө этгээдэд их ойртож очих боломжтой ч энэ жил хур ихтэй тул голын олон тавилганаар гатлахад бэрхтэй. Өнгөрсөн жил жийптэй герман залуу энэ голд гацаж, аврахынхан очиж аварч байсан.
Бидний аяллын зам Батсүмбэр буюу Сөгнөгөрийн амралт талаас нь буюу хойт зүгээс байсан юм. Газрын зураг дээрх шулуун шугамаар бол 45 орчим км хэдий ч тахиралдаж, мушгиралдсан, өгсөж уруудсан гол хөндий, зам харгуй дагасаар бидний аялал нийтдээ 110 гаруй км болсон билээ.

























Зураг 000.

Гурванхүүхдийн сарьдагийн залгаа онь хөтөл дээр гарахад Асралт хайрхан уул ийм л дүр төрхөөр биднийг угтлаа. 7 сарын 11-ны 17 цагийн орчим.























Зураг 01.

Аяллын эхний шөнөжин усан бороо асгарч, өглөө нь бид бороон дундуур аяллаа үргэлжлүүллээ.


Зураг 01-1.
Спорт хамтлагийн ахлагч Н.Батсүх, газарчин А.Болд нар. Хээр 4-5 хоног аялахаар төлөвлөсөн тул хүн бүр 15-20 кг ачаа үүрч явах хэрэгтэй болсон юм. Майхан, хөнжил, тогоо сав, халбага сэрээ, хоол хүнс, камер, арц хүж, тэр ч бүү хэл хөзөр хүртэл бидний ачаанд байв.

Зураг 02.
Үер ус ихтэйгээс голын хөндий дагах боломжгүй болж, уулын эгц хажуугаар мацах, цавчим хадны шилээр мөлхөх тохиолдол нэг бус гарч байлаа.

Зураг 02-1
Аяллын багийн ганц эмэгтэй гишүүн З.Амгалан. - Юун Швейцарь вэ? Ийм л дагшин сүрлэг, үзэсгэлэнт сайхан газар нутаг бидний эргэн тойронд байна шүү дээ.

Зураг 04-1.
Ус ууртайгаар хүрхрэн шуугиж, том том ургаа моддыг булга булга татсан байх нь олонтаа.


Зураг 05.
Энэ мөр лав чонынх биш. Нохой дорго, эсвэл шилүүсний мөр болов уу хэмээн газарчин А.Болд хэлэв.

Зураг 05-1.
Ж.Батсайхан өнгө өнгийн цэцэгнээс ягаан цэцэгний зураг авав. Аяллынхан Батсайханыг Ардын баатраар өргөмжилсөн юм. Учир нь оргил өөд зүтгэсэн 3 дахь өдрөө бид майхан, хоол хүнсээ орхиж, ачаагаа хөнгөлсөн ч төлөвлөсний дагуу отогтоо буцаж ирж чадсангүй, уулын тагтад, хүйтэн салхи, бороон дунд хонох болсон билээ. Гэтэл Батсайхан маань ачааны хүнд, замын өгсүүрээс хальшралгүй майхнаа үүрч явсан нь аз болж, 2 хүний майханд 10-уулаа чихэж нэгэн шөнийг арай осгочихолгүй өнгөрөөсөн юм. Хэрвээ тэр майхан байгаагүйсэн бол бид хэрхэн зутрах байсныг төсөөлөхийн аргагүй байлаа.

Зураг 06.
Сөгнөгөрийн амралтаас 30 гаруй км явсны эцэст, аяллын хоёр дахь хоногийнхоо оройхон хоёр шар залуутай шатсан тайгын тана дээр голын эрэгт тааралдав. Энэ эзгүй тайгад 10 хонож буй тэд Германы Гумбольдтын их сургуулийн судлаач эрдэмтэд гэнэ. Усны хагалбар, ай сав, эх ундарга судалж яваа аж. Бенжамин биднийг зөгөөн хар цайгаар дайлах завсраа өнгөрөгч шөнө баавгай ирж, тэр хоёрыг сандаргасан тухай, тэд шөнөжин гал өрдөж хоносон хийгээд биднийг болгоомжтой явахыг сануулж байв. Харин биднийг явсны ард майхныхаа хаяанд тэд зэрэгцэж зогсоод биднийг далд орон ортол харан зогссон нь хаа тэртээд хөдөөгийн буйдад буй өнчин ганч гэрийн гадаа бөртийн зогсох хөдөх жаал шиг санагдаж, хөнгөн гунигийн дурсамж сэдрээж билээ.


Зураг 07.
Тэртээ цаана мананд умбасан дүнхэгэр хүрэн уулсыг давж байж л Асралтхайрханыхаа барааг олж харна даа. Аяллын хоёрдахь өдрийн орой. 7 сарын 10.

Зураг 08.
Чөмөг царцаам хага ташсан хүйтэн голыг олонтаа туучиж билээ. Ер нь эхний гурван өдөр бүсэлхийнээс доош хуурай яваагүй.

Зураг 010.
Уулын голын мөсөн дээр залуус ядралаа түр ч атугай умартан үсэрч наадав. Болор талст мэт ширхэгтэй энэ мөсөн дээр суухад сэрүү татуулна.

Зураг 011.
Аяллын гуравдахь өдөр 7 сарын 11-ны үдээш хойш. Наадамчин олон морь, бөхөө үзэн уухайлж байх үест бид алсад дүнхийх их уулсын оргилийг харан амьсгаа даран сууцгааж байв. Туулсан замаа эргэн харахад тэртээд цэнхэртэх бөгөөд ийм хол замыг бид туулчихлаа гэж үү хэмээн эргэлзэл өөрийн эрхгүй төрөх бөлгөө.

Зураг 013-1.
Галын гэрэлд үлгэр домог хүүрнэхээс илүү өмд, оймсоо хатаах их ажилтай байцгаалаа.

Зураг 014.
Оргил дээр. 7 сарын 11-ны 20 цагийн үед. Хүйтэн шуурга хавирга нэвт исгэрч, төдөлгүй мөндөр шидэлж, бас будан хахсан юм. Будан татахаас өмнө амжиж оргилоос буух хэрэгтэй боллоо. Тэртээ цаана Тэрэлжийн голын эх, Хийдийн сарьдаг, Алтан-Өлгийн уулс харагдана. Мөн мөнх цас ч бий.

Зураг 15.
Оргил дээрээс умар зүг харахад алсад Охин сарьдагийн яг л охин хүүхдийнх шиг бөмбөгөр шовгор хадан оргил нь үүлс шүргэн гижигдэнэ. Харин яг хөл дор хоёр хажуу руугаа лавтай 70 хэмийн нуранги налуутай эгц цавчим хянган ирмэг сэрийнэ.
Тэртээд үүлс хуйларна...
Тэнгэрийн хаяаны үүлс бороо тээсээр ирж явлаа.


Зураг 016.
С.Мөнхтулга. Оргил өөд дайрахын өмнө түр амсхийв.

Зураг 017.
Сүүлчийн отгоо бид Хүрхрээгийн голын хөвөөнд босгосон юм. Хүрхрэн нижигнэх их усны шуугианд шөнөжин бүүвэйлэгдсэн дээ. Аяллын багт явсан гурван хүүхэд маань их ч хөгжилтэй байцгаав.

Зураг 017-1
П.Ууганбаяр. Бид заримдаа циркчин ч болох шаардлагатай байв. Хөл хальтарвал 2 м гүнтэй хүйтэн цээл тосч байлаа.


Зураг 018.
Хэдий их ядарсан ч гэртээ харих зам үргэлж гэрэл гэгээтэй байдаг. Бид дөрвөн шөнө хээр хонож, таван өдөрт нийтдээ 110 гаруй км замыг цаг агаар, байгалийн хүнд нөхцөлд явганаар туулжээ. Үргэлжийн ширээний ард, компьютерээс уяатай байдаг бидний хувьд энэ бол урт холын хүнд бэрх аялал байв.
“Давшгүй даваа бий хэмээнэ.
Хэрхэн давсу хэмээн бүү сэтгэ.
Давсугай хэмээвээс давсу” хэмээсэн их эзэн Чингис хааны маань билгэ сургааль энэ мөчид санаанд зурсхийж билээ. Бид их хол зам туулжээ. Бас их ч олон зүйлийг ойлгов. “Хээрийн замд эр хүн ижилсэж, ухаан бодол тогтдог” хэмээх өвөг дээдсийн үг учиртай. Энэ багт явсан хүмүүс бие биесээ шинээр таньж, нээсэн, бас дахиад улам холын, улам өндрийн аялалд хамтдаа явах итгэл, урам дүүрэн болсон.