Wednesday, May 8, 2013

Аугаа их Черчиль Аугаа их Сталины тухай юу хэлэв??? !!!!


“Шалгасан, сорьсон асар хүнд дайны жилүүдэд улс орныг нь суу билэгт, няцашгүй туйлбартай жанжин Сталин толгойлж байсан нь Орос орны хувьд асар их том аз заяа байлаа. Тэр бүх амьдралаараа туулж өнгөрүүлсэн биднийг гайхашруулсан хувирамтай, хатуу ширүүн цаг үеийнхээ хамгийн гарамгай сод бие хүн нь байлаа.
Сталин эгэл бус эрч хүчтэй, нугарашгүй хатан зоригтой, яриа хэлцэлд эрс хатуу, өршөөлгүй ханддаг, түүнд нь энд, Британын парламентад боловсорсон би хүртэл юу ч сөргүүлэн тавьж чаддаггүй байв.
Сталин юуны урьд хошин шогийн мэдрэмж ихтэй, бусдын бодол санааг яг зөв тусган бугуйлдан авах чадварыг гарамгай эзэмшсэн байв. Энэ хүч чадал нь зүйрлэшгүй их байсан нь түүнийг бүхий л цаг үеийн болон ард түмний удирдагчдын дотроос дахин давтагдашгүй болгож өгсөн юм.
Сталин бидэнд гүн сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэр ямар ч үед сандарч тэвддэггүй, логик дэс дараатай, утга төгөлдөр мэргэн цэцэн сэтгэдэг байв.
Сталин хүнд үед хамгийн боломжгүй хүнд байдлаас ч гарах арга замыг олж гарч чаддаг ялагдашгүй мастер байсан юм. Үүнээс гадна  тэр хамгийн эгзэгтэй бэрх болон ялалтын баярын үед ч аль алинд нь адилхан хуурмаг хоосон зүйлд сэтгэл автагдалгүй тайван байдаг байв.
Сталин бол эгэл бус олон талтай хүн байсан юм. Тэр аугаа том эзэнт гүрнийг буй болгож, өөртөө бүрэн захируулсан хүн. Энэ хүн өөрийнхөө дайсныг мөн өөрийнхөө дайснаар устгуулж чадаж байв.
Сталин модон анжистай Орос орныг хүлээн авч, атомын зэвсэгтэй болгон үлдээсэн дэлхийд хосгүй, аугаа их, хэмжээгүй эрхэт ганцаарчлан захирагч байв. Түүх болон ард түмэн ийм хүмүүсийг хэзээ ч мартдаггүй юм”
Энэ үгийг би хэлж байгаа юм биш, дарангуйллыг хүсэмжлэн гунирхагч хэн нэгэн коммунист ч хэлээгүй юм. Харин энэ үгийг өнөө цагийн манай ардчилагчдийн шүтээн болсон У.Черчиль хэлжээ.
Сталинийг нас барсны дараа түүнийг хараан зүхсэн гүжир гүтгэлэг ЗХУ-д төдийгүй дэлхий дахинд ид хүчээ авч эхлээд байх үед буюу 1959 оны 12 дугаар сарын 21-нд коммунизмыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй, чаддаг ч үгүй Уинстон Черчиль Их Британийн парламентад хүрэлцэн ирж, өөрийнхөө мөнхийн өрсөлдөгч Иосиф Сталиний тухай энэ алдартай үгээ хэлжээ. Үнэхээр хүчирхэг нугарашгүй Сталин байсан тулдаа Гитлерийг нуга дарсан билээ. Үнэхээр ч хүчирхэг нугарашгүй хайр найргүй Сталин модон анжистай Орос орныг атомын зэвсэгтэй дэлхийн эзэнт том гүрэн болгосон нь түүхэн үнэн. Үнэхээр ч Сталины цуцашгүй учирзүйтэй яриа хэлцээрийн үр дүнд Ялтад Монголын тусгаар тогтнол баталгаажсан билээ.
“Энэ алдарт үг нь улс төрч хүн юуны өмнө “Хүн” байх ёстой гэдгийг дэлхий дахинаа харуулсан бөгөөд Сталинийг тодорхойлсон Черчилийг ч өөрийг нь бүхий л цаг үеийн болон ард түмний удирдагчдийн дотроос дахин давтагдашгүй аугаа хүн болохыг баталж буй юм” (Монгол Улсын зөвлөх инженер Ц.Балжинням)
Харин манай ардчилагчид бол үүнээс огт өөр гэдгийг бид мэдэх билээ. Тэд ардчиллын аугаа их багш Черчилийг ч гүйцэд ойлгоогүй, зүгээр л ардчилал гэдэг тухай түүхий төсөөлөлд туйлшран автагсад, тэд бол ТҮҮХЭН УЧИР ЗҮЙ гэдгийг огтоос ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй, тэд бол Сталины тэртээ дээр байх алдар гавьяа, суу алдрыг нь дээш өлийн харах чадваргүй зөвхөн ардаа үлдээсэн үй олон хог, новш, цус нулимсыг нь л олж харахаас хэтэрдэггүй дорой буурайчуул байсан. Тиймээс тэд хамгийн түрүүнд Сталины, Лениний хөшөөтэй дайтаж сэтгэлийн бахаа эдэлсэн өрөвдөлтэй гэнэн хүмүүс.
Хэдхэн хоногийн өмнө Нобелийн шагналт Мянмарийн Ан Су Чи манай төрийн ордонд хэлсэн үгэн завсараа хавчуулсан “Хуурамч ардчилал нь дарангуйллаас ч илүү аюултай” гэсэн үг өөрсдөө бол сонгуулийг луйвардаж болдог, өрөөлийг луйвардлаа гээд үймээн тарьж, гал ноцоодог, өөрсдөө бол хуулийг гууль болгодог, өрөөлийг бол ардчилалд аюул тарьлаа гээд харааж зүхэж чаддаг, өөрсдөөс нь өөрөөр сэтгэх юм бол шууд алж, үгүйсгэж, арчин хаях гэж тэчьяадан тэмүүлдэг фашист төрхтэй манай ардчилагчдад яг таарсан үг байлаа.  
Б.Номинчимэд

Tuesday, May 7, 2013

Эс тэгвээс хэрхэхийг “Тэнгэр мэднэ”


Өнөөдөр Монгол Улс үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирсэн тухай дээр дооргүй шуугина. 2012 онд Монгол нь эдийн засгийн 17 хувийн өсөлтөөр дэлхийд хол тасарч гайхуулав. Ойрын жилүүдэд ч энэ өсөлтөөрөө дэлхийд манлайлах төлөвтэй аж. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд монголын тухай л бичдэг болж... Угтаа нүүрсээ хямдавтар үнээр түүхийгээр нь ихээр зөөснөөс бий болсон хөөсрөлт гэдгийг бараг бүгдээр мэдэж байгаа ч бид хөгжинө гэцгээн хөөрцөглөнө.
Хөгжил дэвшлийн үндэс болсон оюун санааны сэргэн мандал буюу Чингис хааны тэнгэрлиг язгуур зарчим бидний амьдралд хэвшил болоогүй цагт энэ хөгжил нь зүүд зэргэлээ л байна. Дахин тодруулбаас,
нэгд: үндэсний эв нэгдлийн ухамсар,
хоёрт: эрхэм дээд ёс зүй,
гуравт: алаггүй хэрэгждэг шударга ёс.
Манай нийгэмд хамгийн ихээр дутагдаж буй зүйлс бол энэ гурав. Үүнийг нотлох баримт жишээг дурдваас хэдэн арван боть болмоор.... Түүнээс биш нийгэм мөнгөөр дутагдсандаа эдийн засгийн томоохон зорилтуудаа шийдвэрлэж чадахгүй гацаад байгаа ч юм биш. Нөгөө талаар хүний нийгэм хэзээ ч мөнгөөр ханадаггүй гэдгийг мартаж боломгүй.
Бие биеэсээ өрсөн булааж идэх сэтгэхүйтэй, ёсзүйгүй, шударга ёсонд итгэх итгэлээ алдаж гээчихсэн нийгэмд мянган Оюутолгой, Тавантолгой байгаад нэмэргүй, тэр хайран сайхан байгалийн баялаг ходоодонд буян болж тогтохгүй, таягдаад л гадагшилж орхино. Гадна талд түүнийг хүлээгээд шүлс амаа долоолдох нохос их олон бий.
Шинэ эриний түрэмгийлэл оюун санааны хүрээнд “дайтдаг” болсон. Эхлээд ардчилал, хүний эрх чөлөө, хувьчлал, хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, чөлөөт өрсөлдөөн гэх зэрэг олон өгөөшөөр дамжуулан итгэл үнэмшилгүй байдалд, ёс суртахууны задралд татаж оруулна. Ёс суртахууны хямралд орсон нийгэмд шударга ёс алхам тутам алдагдаж эхэлнэ, иргэд нь шударгаар амьдрахад хүнд хэцүү болж, ёс суртахууны хувьд туйлдан цөхөрч, шударга ёсонд итгэх итгэлгүй болно.
Энэ даамжрахаараа ард түмэн шударга ёсны мэдрэмжээ алдаж, шударга ёсыг зүгээр л нэг мааз яриа, хошин үзэгдэл гэж харж, ойлгож эхэлдэг байна.
Арга зальтай нь, эрээ цээргүй нь, хүч түрэмгий нь, ёс зүйгүй нь завшина. Даруухан нь, ёс журмыг эрхэмлэдэг нь, хүн чанартай нь хохирно. Мөнгө бүхнийг шийддэг болж, авилга газар авч, ёс бусаар хөрөнгөжсөн хүмүүс хөрөнгөөрөө гул барин төрийн эрх мэдлийг авах хэмжээнд хүртлээ ёс бус зүйл архагшина. Хүний эрхийн тухай олон сайхан домог зохионо. Олонхи нь ийм л байх ёстой, өөр сайхан зам үгүй хэмээн итгэнэ.
Нэгэн цагт монголчууд ёс журмын үлгэр жишээг дэлхий нийтэд үзүүлж, гайхуулан бишрүүлж байлаа. Гольюм де Рубрук, Плано Карпини, Марко Поло, Жувейни, Рашид ад Дин-ээс эхлээд үйл явдлыг нүдээр үзсэн, ойрын сурвалжаас сонссон олон хүн үүнийг шагшин бичиж байв. Өгөөдэй хааны үед нэгэн монгол харуулын цэрэг албан үүргийнхээ үеэр унтаж орхижээ. Харуул унтвал өчиггүй цаазлах ялтай. Түүний унтсаныг хэн ч мэдсэнгүй, бас унтсанаас нь болж ямар нэгэн осол цалгай зүйл болсонгүй. Гэвч тэр цэрэг өөрөө унтсанаа илчилж, цаазын илдэн дор өөрөө очсон байна. Ёс журам, нэр төр гэгч амь наснаас илүү эрхэм зүйл, чухам ийм итгэл үнэмшил гүн бат шингэсэн цагт хүний нийгэм жинхэнэ утгаа олдог байна.
Ийм л ариун шударга, чигч шулуун онцгой гойд мөн чанараараа Монголын их тал нутаг өөрсдийгөө “Соёл ертөнц” хэмээн дөвийлгөн боддог Өрнө дахинаас, Араб дахинаас ялгаатай, асар давуутай байв. Тэр цагт бид үнэн, шударгыг тойрон нэгдэж чаддаг, түүнээ амь насаа цөлөн хамгаалж чаддаг байж... Тиймээс л бид хүчирхэг байж, дэлхий дахин биднийг эзэн эрхт хаадаа хэмээн хүлээн зөвшөөрч байсан юм.
Харин одоо хуурч мэхлэхгүй үнэнээрээ явахыг гэнэн тэнэг хэмээн ад шоо үзэх хэмжээнд хүртлээ бидний ухаан санаа самуурчээ.
Нийгмийн дотор ангийн буюу баян ядуугийн ялгарал улам ихэснэ. Баячууд нь ядуусаа ад шоо үзэн, хүний зэрэгт үзэхгүй, золбин нохос мэт хялайн харна. Мэдлэггүй чадваргүй, арчаагүй залхуу, тэнэг мулгууг нь гайхан шогширно. Нөгөөдүүл нь эргээд өөрсдийг нь мангас чөтгөр, цус сорогч мэт үзэн ядна. Машиных нь дэргэдүүр гарахдаа хадаасаар зураад гарахыг хичээнэ.
Баячууд нь унадаг машин, уудаг ундаагаараа өрсөлдөнө. Ярьдаг утас, барьдаг үзгээрээ хүртэл барьцана. Энийгээ эрүүл өрсөлдөөн, зүй ёсны жамт үзэгдэл гэнэ. Ёс суртхууны үнэр ч үгүй, зөвхөн сэг булаалдах нохсын мэт сэтгэхүйгээр бие биесээсээ өрсөлдөн булаалдахыг “Чөлөөт өрсөлдөөн” хэмээн хөөрцөглөнө.
Намаараа талцана, өөрийн намын хүн бол чөтгөр байсан ч хамгаална, үгсэнэ, хуйвалдана. Өөр намынх бол бурхан байсан ч шороо цацна. Ямар гээчийн самуурал, ухаангүйтэл вэ? Ямар гээчийн ёрын хараалд өртөхөөр ийм бурангуй сэтгэлгээнд эзэмдүүлнэ вэ? XIII зуунд Европ, Ази дахин чухам ийм самуунд ухаан санаа нь будангуйрсан байсандаа л цөөхөн хэдэн монголчуудад ялагдаж, толгой гудайсан юм.
Улмаар үндэстний эв нэгдэл гэгч зүйл ор мөргүй хулжин одно. Чухам ингэсэн цагт л тухайн орны баялгыг цэрэг зэвсэг гэж яршиг төвөг болохгүйгээр ховх сорох боломжтой болно. Иймэрхүү л бурангуй үйл явц өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бидний нүдэн дээр болж өрнөлөө. Манай энэ цаг үед улс орнууд бие биенээ эзлэн түрэмгийлэхгүй, их сайхан цаг үе гэж хэн нэгэн итгэж буй бол сайхан зүүд гэхээс өөр үггүй. Улс орнуудын өрсөлдөөн наанаа эдийн засаг, техник, технологийн түвшинд өрнөж буй ч цаанаа чухам үзэл суртлын буюу нэгнээ дотроос нь өмхийрүүлж унагах тэмцэлд хамаг хүчээ шавхаж байгаа. Улаандаа гарсан зарим нь илээр зэр зэвсэг улалзуулан орж ч байна.
Дэлхийн гүрэнг бүтээн босгож явсан монголчуудад гадны энэ мэт хүчин зүйлээс хараат бусаар оршиж, төрт их улсаа цогцлоон, түмэн олноо амаржуулах онол, зарчим нь, туршлага нь бэлээхэн бий билээ.
Их хааныхаа үзэл, зарчмыг бид тугаа болгосноор ёс зүй, итгэл үнэмшлийн давуу талыг олж авна, үндэсний ухамсар сэргэж, монгол хүн монголоороо, монгол хүнээрээ бахархан дээдэлж, монголоо хайрлаж, монгол хүндээ итгэж найддаг болно, нийгэмд шударга ёс тогтоно. Энэ бүхний үрээр үндэсний оюун санаа сэргэн мандана. Энэ л жинхэнэ хөгжил дэвшил, сэргэн мандал юм.
Шударга ёсыг холоос ч хайх хэрэггүй. Уг нь шударга ёс хүн бүхний сэтгэл зүрхний угт оршиж байдаг юм. Түүнийг нь л дуудан сэрээх хэрэгтэй. Үүний тулд монголын төр нь ч, сэхээтэн мэргэд нь ч, улс орныхоо ирээдүйг сэтгэл зүрхэндээ тээж яваа залуу үеийнхэн нь ч нэгийг бодож, нэгдэх цаг болсон.
У. Черчиль “Ирээдүйн эзэнт гүрэн зөвхөн оюун санааны л эзэнт гүрэн байх боломжтой” гэсэн нь зүгээр нэг үг биш юм. Ирээдүйн эзэнт гүрний тухай энэ төсөөлөл нь Холливүдийн кинонд дүрслэгддэг кибер оюун санааны эзэнт гүрэн биш. Энэ бол Монголчууд бид нэгэн цагт бүтээн босгож чадсан, шударга ёсыг тугаа болгосон, сэтгэлийг эзэмдэгч эзэнт гүрний технологи, шинжлэх ухааны өндөр хөгжилд нийцсэн ирээдүйн хувилбарын төсөөлөл юм.
Монголчууд бид хэзээ хувиа бодож, довоо шарлуулах үзэл, жалга довныхоо сэтгэлгээнээс ангижирна, хэзээ үнэнийг эрхэмлэн, нэр төрөө дээдэлдэг болно, хэзээ ёс зүй, сэтгэл зүрхний зарчмаар амьдардаг болно, тэр цагаас л бид бүхний оюун санааны эрчим нэгдэн нийлж, өдгөө үлгэр домог мэт төсөөлөгдөн буй далай мэт, тэнгэр мэт, аянга мэт их түүхийнхээ жимийг олж харах болно. Хүчирхэгжин мандсан оюун санааны эзэнт гүрэн болох болно.
Эс тэгвээс юу болохыг чухам “Тэнгэр мэдэх” билээ.

Wednesday, April 17, 2013

ТУСГААР ТОГТНОЛ ХҮНДЭТГЭЛ, БИШРЭЛЭЭС ЭХЭЛДЭГ

Тусгаар тогтнолын тэмдэглэл - 15
Б.Номинчимэд
Шинэ Делийн төвийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд байх Махатма Гандийн бунханд очлоо. Хааш хааш арав ч хүрэхгүй жижигхэн талбайд, элдвийн чимэг, орд харшгүй, энгийн даруухан, байдаг л нэг пильтан хавтангаар бүрсэн харагдана. Ажлын өдөр байсан хэдий ч байнгын хүн холхиостой. Шарилийн хөлд ээлжлэн сууцгааж, залбирч, бас зарим нь гүн бясалгалд орж буй бололтой, нүдээ аниад хөшөө мэт болчихно. Харин сургуулийн бага, дунд ангийнхан бололтой ижилссэн формын хувцастай хүүхдийн цуваа тасарсангүй. Анги ангиараа ээлжээ хүлээж байгаад бунханлуу ирэх ажээ. Бунхныг нэг тойрч, хөлд нь жаахан зогсож байгаад, багш нарынхаа хэлэх хэдэн үгийг сонсчихоод жагсаалаараа гарч явахад дараагийн анги орж ирнэ.
Нэгэн багшаас “Өнөөдөр экскурс аяллын өдөр үү?“ гэж асуусанд “Үгүй ээ, хичээлийн өдөр. Хичээлээ хийж явна. Гүрүд ирэх нь манай хичээлийн программд байдаг.” гэв.
Шинэ Дели бол түүх соёлын хосгүй их дурсгалтай газар. Эртний хиндү, лал, буддын шашны төдийгүй англичуудын үлдээсэн зүйл ч арвин их, үзэж барагдамгүй. Зөвхөн монголчуудтай холбоотой түүх дурсгал гэхэд Цагаадай, Төмөрийн угсааны монгол хаадын хоёр дахь үе болох Хумаан хааны ер бусын бунхан, орой дээрээ одон орон судлалын төхөөрөмж бүхий аварга чулуун хэрэм, түүний хүү аугаа их Акбар хааны бариулсан Жама Масжид хэмээх 20 000 хүн зэрэг мөргөх багтаамжтай гайхамшигт сүм, алдарт Улаан цайз, монгол хаадын энэтхэг даяар түгээсэн Мuhgal garden буюу Монгол цэцэрлэг гэх өвөрмөц загвар, бүтэцтэй цэцэрлэгт хүрээлэн зэрэг өч төчнөөн зүйлс бий. 
Тэр олон сүрлэг уран, гоо жавхлантай зүйлс байсаар атал эгэл жирийн нэгэн шарил дээр  хүүхэд багачуудаа анги ангиар нь авчирч, төрийн боловсролын бодлогын хүрээнд үзүүлж, танилцуулж байдаг нь алсыг харсан ухаалаг бодлого ажээ. Махатма Ганди бол Энэтхэг үндэстний тусгаар тогтнол, оюун санааных нь эцэг болсон хүн билээ.
Ирээдүй хойчдоо гоё ганган, сайхан юм үзүүлэх нь тийм ч чухал биш, сэтгэл зүрхэнд нь бахархал, хүндэтгэлийн галыг асааж, бадрааж өгөх нь чухал аж.
2010 оны 3 сар. Шинэ Дели
 (тэмдэглэл цааш үргэлжилнэ)

ГАЗАР ШОРОО БА ТУСГААР ТОГТНОЛ

Тусгаар тогтнолын тухай тэмдэглэл - 14
2007 он. Монголын нэг томоохон бизнесмэн Америкт ирэв ээ. Бизнесмэн ч юу байхав, алтны уурхайн эзэн. Байгалийн сайхнаар аялж, казинодож, орой үдшийг баар цэнгээний газар бужигнуулж, хөлтэй хөөртэй хориод хонолоо. Харин тэр казинод лавтай 400 000 гаруй доллар алдсан юм. Бага мөнгө биш л дээ. Америкт байр, машины мөнгө хийх гэж гүрдийтэл зүтгэж буй монгол залуус арван жил залуу насаа зольж зүтгээд ч мань бизнесмэний гурван орой казинод алдсаны хэмжээний долларыг олж чадахгүй, тийм л их мөнгө. Гэвч түүнд их мөнгө биш бололтой, ер харамссан шинжгүйг харахад мөнгийг хялбархан, хүссэнээрээ олдог аж. Би л 400 доллар алдахаараа бушуухан зайлахын түүс болж, харьж явахдаа хэдэн хүүхдээ хоёр өдөр банана жимсээр ч болсон цатгачих минь яав гэн харуусан харуусан давхидаг юм.
Түүнийг казинод хэрхэн тавьж тууж буйг нь харж суусан ах хүү маань орой баахан халамцаад “Чи муу, монголын газар шороог сэндийчээд, бидний өвөг дээдсийн бидэнд үлдээсэн хамаг алтыг хулгайлж, харьд авчирч тушаадаг хэн юм бэ. Чам мууд хэн тийм эрх өгсөн юм” хэмээн агсам тавьж бөөн юм болов. Арай гэж салгаж аваад, алтны уурхайн эзний буусан алтан буудлаас гарч, замын жижигхэн мотелд хоёул хоног төөрүүлэхээр орлоо. Уур нь хүрч, уушиг нь сагсайчихсан ах хүү хэсэгтээ л тайвширсангүй.
“Тэр муу хэрвээ Модун хааны үед төрсөн бол Модун хаан амьдаар нь арьсыг нь хуулах байсан юм. Тэр муу хэрвээ Чингис хааны үед төрсөн бол амьдаар нь тогоонд чанах байсан юм. Одоо монгол гэж байна уу, үгүй юу, чи хэлээд аль...? Монголд минь эзэн байна уу, үгүй юу? Биднийг ингээд хүний газарт боолын боол, босгоны шороо болоод явж байтал энэ муу мэтийн хулгайчид эх орны минь шороог атга атгаар нь зөөж зараад дуусгаж байгаа юм байна л даа” гэх зэргээр удтал хашгичаж, унтуулаагүй билээ.
Ер энэ бол надтай таарсан зөвхөн ганцхан жишээ. Манай улс төр, бизнесийн томчуудын нийтлэг дүр төрх эндээс харагдана. Баттай эх сурвалжаас сонссоноор бол Солонгосын казинод манай нэг нэр бүхий уурхайн эзэн 7 тэрбумыг өгсөндөг.
Атга атгаар нь зөөсөн ч дундрашгүй их баялаг монголд минь бий ч, авч идэхийн шунал гэгч бас ёроолгүй билээ. Хязгаарлаж, хазаарлаж байхгүй бол нэг мэдэхэд гишгэх газаргүй болчихсон байх вий.
Б.Номинчимэд
2007 он. Чикаго - 2011 он, Улаанбаатар

Tuesday, April 16, 2013

Далай мэт.., Тэнгэр мэт..., Аянга мэт..,

Б.Номинчимэд

“Төв Азийг бүхэлд нь хамарч Хятадаас Ойрхи Дорнод хүртэл аугаа уудам орон зайд Монгол үндэстний мандан сэргэсэн ер бусын түүх нь сүүлийн эриний  Илиада шиг гайхамшигт ер бусын аяны тухай өгүүлсэн аугаа баатарлаг түүхэн туульс юм.”
Washington Post Book World


***
“Монголчууд бид далай мэт арвин баялаг, тэнгэр мэт сүр жавхлантай, аянга мэт эрх хүчирхэг түүхтэй ард түмэн.”
Бөмбөрцөг дэлхий дээр аж төрж ирсэн ард түмэн, улс орон бүр өөр өөрийн давтагдашгүй гайхамшигт түүхтэй, өв соёл, уламжлалтай. Тийм бол монголчууд бидний түүх, өв соёл, уламжлал нь бусад үндэстнийхээс юугаараа ялгаатай, онцлогтой байдаг вэ? Юу гээч гайхамшигтай зүйл бидний түүхийг ингэж их өндөрт өргөж, хөөргөн мандуулах шалтгаан болно билээ? Чухам юуны учир далайтай, тэнгэртэй, аянгатай зүйрлэнэм бэ?
Үүний учрыг хэдхэн хуудсанд багтаан хураангуйлан дурдахыг оролдсу.
Монголын Их Эзэнт гүрний үед нэг сая хүрэхтэй үгүйтэй монголчууд нийтдээ 33 сая орчим ам дөрвөлжин км талбай бүхий газар нутгийг байлдан дагуулж, нэмээд 3-4 сая орчим ам дөрвөлжин км талбай бүхий газар нутагт хяналтаа тогтоож чадсан байна. Монголын Их Эзэнт гүрэн нуран унасан ч түүний салаа салбарууд болох Их Юань улс, Хүлэгийн Ил хаант улс, Алтан ордны улс, Цагаадайн улс зэрэг тухайн цаг үедээ өөр хоорондоо л өрсөлдөж тэмцэлдэхээс бусдаар өөр ямар ч улс орнуудтай эгнэж зэрэгцүүлшгүй хүчирхэг улс гүрнүүд салбарлан оршиж байв.
Европ-Азийг бараг бүхэлд нь хамарсан энэ өргөн уудам газар нутагт XIII зууны эхэнд нийтдээ 220 орчим сая хүн ам бүхий их бага 40 гаруй төр улс, 80 гаруй үндэстэн угсаатан, овог аймгууд оршиж байжээ. Харин тэр цагт монголчууд Хэрэйд, Мэргид, Найман зэрэг монголын өндөрлөгт байсан овог аймгуудыг дагуулан нэгтгэсэн ч нэг саяас илүү гарч байсангүй. Монгол морины туурайн мөр хүрсэн газар орныг өнөөгийн улс орнуудын хил хязгаарын түвшинд үзвэл,
Төв Азид: Казахстан, Киргизстан, Татарстан, Тажикстан, Туркменистан, Узбекстан, Афганистан, Пакистан, Энэтхэг,
Зүүн өмнөд Азид: Хятад, Япон, Тайван, Солонгос, Вьетнам, Бирм, Лаос, Малайз,
Бага Ази-Ойрхи Дорнодод: Иран, Ирак, Иордан, Сири, Изриаль, Ливан, Турк, Гүрж, Азербайжан, Армян,
Дорнод Европт: ОХУ, Укриан, Белорус, Молдав, Румын, Серб, Босни-Герцговен, Крота, Унгар, Словак, Чех, Польш, Австри зэрэг 3.6 тэрбум гаруй хүн ам бүхий 40 гаруй улс орнуудын нутаг дэвсгэр хамрагдана. Эндээс Монголчуудын байлдан дагууллын цар хэмжээг төсөөлөх боломжтой. Тэр цаг үеийг “Монголчуудын эрин үе” гэж нэрлэх ба монголчуудын дайн тулааныг “Монголчуудын дэлхийн дайн” хэмээн бичиж байна.
XIII зуун бүхэлдээ Монголын Их Эзэнт гүрний зуун байгаад зогсоогүй нийтдээ гурван зуун жилийн туршид монголчууд дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлж байжээ.
Энэ зуунуудад дэлхий даяар “Pax Mongolica” буюу Монголын Энх Төрийн бодлого бүхий л утгаараа төгс хэрэгжиж байв. Ямар ч цаг үед дан ганц цэвэр нэг үндэстнээс дэлхий нийт ийм нягт хамааралтай гурван зууны туршид оршин тогтнож байсангүй билээ. Монголчуудын эрин үед толгой дээрээ үнэт эрдэнэс дүүргэсэн сагс тавьчихаад Ойрхи Дорнодоос Хятад хүртэл аялахад ч айх аюулгүй амар амгалан байсан гэдэг.
Монголчуудын эрин үед үндэстний нийтлэгүүд бүрэлдэн тогтож, олон улсын дипломат харилцааны эх суурь тавигдаж, худалдаа-арилжаа болон соёлын харилцааны өргөн боломж нээгдсэнээр өрнө-дорнын соёлын интегралчлал асар үр дүнтэй болж, өнөөгийн  даяарчлалын цар хэмжээний үйл явц өрнөжээ.
Орос, гүрж цэргүүд Бээжингийн хориотой хотыг хамгаалж, хятад инженерүүд Бухар, Самаркандад оньсон зэвсэг бүтээж, франц дархан Хархоринд мөнгөн мод урлаж, швед, герман уурхайчид Алтайн нуруунд алт олзворлож, сартуул номч солонгост ном судар айлдаж, армян эр орост татвар хурааж, уйгар даргач Ойрхи Дорнодод усан суваг бариулж, араб мэргэд Хятадад одон орон судалж суужээ.
Ямар ч хөгжил дэвшлийн хөтөч нь мэдээлэл байдаг. Өнөөгийн даяаршил ч мөн л мэдээлэлд суурилж буй.
Монголчуудын эрин үед урд өмнө хэзээ ч байгаагүйгээр барахгүй тэр цагаас хойш XIX зууныг гартал даруй зургаан зуун жилийн туршид ч давж чадаагүй тийм хурдаар мэдээллийг хүргэж, солилцдог үр ашигтай системийг евроазийг дамнуулан бий болгожээ. Нэг хэсэгтээ л дэлхийн улс төр, дипломат харилцаанд, дээдсийн ордонд монгол бичиг, монгол хэл яг өнөөгийн англи хэл шиг чухал нөлөөтэй байж...
Монголчууд л чухам анх удаа өнөө ч хүрч чадаагүй байгаа үзэл бодол, шашны сүсэг бишрэл бүхнийг харилцан эрх тэгшээр хангаж болдог юм гэдгийг хүн төрөлтөнд нотлон харуулж чаджээ. Тэр цагийн Хархорин хотод үнэн алдартны, лалын, зомбын сүм хийдүүд зэрэгцэн оршиж, үе үе их хааны ордонд шашин шашны төлөөлөгч, лам хуврагуудын хооронд хэнийх нь шашин илүү баталгаа нотолгоотой вэ гэсэн ном хаялцаан болдог байжээ. Христ хийгээд лалууд бие биенийхээ барааг ч харахыг нүгэлд үздэг шашны үл тэвчих үзэлд хэт дөрлүүлчихсэн байсан цаг үед шүү дээ. Европ дахин католик сүм хийдийн ягшмал номлолд хүлэгдэн хөгжил дэвшлийнхээ боломжийг Пап ламынхаа жанчинд даруулчихаад хэдэн зуунаар харанхуйлан нойрмоглож байсныг монголчуудын хүчирхэг эрчтэй довтолгоон цочоон сэрээгээд зогсохгүй энэхүү монгол хэмээх хүчирхэг улс үндэстэн хэн бэ?, тэдний аж төрөн орших нууцлаг алс дорно гэгч хаана вэ? гэдгийг сонирхох, нээж илрүүлэх хүсэл тэмүүлэл нь эх дэлхийгээ бөөрөнхий болохыг танин мэдсэн газарзүйн аугаа их нээлтүүдэд хүргэжээ. Энэ нээлтүүд нь Европ дахины оюун сэтгэлгээнд үлэмжийн хувьсгал болж, улмаар аугаа их сэргэн мандлын эрин зуунуудыг эхлүүлсэн байна.
Олон ч түүхч, судлаачид (Жак Уэтерфорд, М. Правдин, Ким Жон Рэ, Х.Лэмб, А.Дугин, Окада Хэдихиро, Ж. Куртин гм...) “Чингис хааны Монголчууд өнөөгийн шинэ дэлхий ертөнцийн үндэс суурийг тавьсан” гэсэн гаргалаа, дүгнэлт хийж буй нь гарцаагүй үнэнтэй нүүр тулсны үр дүн юм.
Өөр ямар ч улс үндэстэн, өнөөдрийн Америк ч тэр ийм хүчирхэг нөлөөтэй байж чадаагүй. Энэ цагийн хүчирхэг их гүрэн Америкийн нөлөөлөл 100 гаруйхан жилийн түүхтэй ба өнөөдөр уруудан гундах талруугаа нэгэнт орчихжээ. Америк ардчилал, шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийн давамгайлал, америк соёлын нөлөө болон америкийн улс төр, эдийн засаг, цэрэг зэвсгийн түрэмгий дарамт хэдий их ч тухайн эрин цагтаа Монголчуудын дэлхий дахинаа нөлөөлсөнтэй харьцуулашгүй.
Чингис хааны монголчууд шударга үнэний ёс, зөрчиж болшгүй зарчмуудыг аянга цахилгааны хүчээр дэлхий дахинаа тулган хүлээлгэсэн юм.
Олон ч улс орнууд өөрийн эзэн удирдагчаа хэдэн зууны туршид зөвхөн шууд угсааны монгол хүнээр л өргөмжлөн дээдэлж ирсэн ба хэсэг бусаг бүс нутгуудад, ялангуяа Дундад Азид (Узбек, Туркмен, Казах зэрэг) бараг XX зууныг хүртэл энэ ёсыг огтоос зөрчиж зүрхлээгүй ирсэн байдаг. 
Мөн олон ч улс орны эзэн хаад монгол гүнжтэй хуримлан, тэдний үр удам эрч хүчний илэрхийлэл болсон монгол цусаар сэлбэгдэн, сайжирч байжээ. Тэдний хувьд монгол гүнжтэй хуримлах нь нэр төрийн хэрэг, дэлхийн язгууртны зэрэг дэвд дэвшин орж буй хэрэг болдог байж. Дундад Азийнхнаас гадна Орос, Польш, Литва, Манж, Солонгос, Бирм зэрэг олон орны эзэн хаадын судсаар ямар нэгэн хэмжээгээр монгол цус гүйж байсан... Тэнгэр мэт эрхэмсэг төгөлдөрийн шинж энэ билээ.


***
Монголчууд өрөөлийг ирлээд өөрөө элэгдэх билүү чулуу мэт ард түмэн.
Дэлхий дахины түүхэнд болсон томоохон байлдан дагуулалт бүхэн мөхөөх, устгах, уусган нэгтгэх, хүч чадлыг нь ховх сорон колоничлох зорилготой, тийм л зарчимтай байсан, тийм л үр дүнг дагуулдаг байсан. Харин монголчуудын байлдан дагуулал нь бүхий л шинж чанараараа өөр байжээ. Монголчуудын хүрсэн газар бүр энх амгалан тогтож, цусан далай, нурман цөл болтол нь дайлаад өнгөрсний дараа ч тэнд хөгжил цэцэглэл урьдахаасаа илүү эрчтэй байсан нь алаггүй шударга үнэнийг дээдэлсэн “Монголын Энх төр”-ийн бодлогын үр дүн байлаа. Үүнийг харуулах тодорхой хоёр, гурван жишээ өгүүлсү.
Монголчууд бид өөрсдөө Манжийн дарлалд 200 гаруй жил аж төрөхдөө бараг хэн болохоо мартах шахтлаа уруудан доройтсон бол харин бидний хоёр хөрш Орос, Хятад хоёр мөн төдий хэрийн хугацаанд монголчуудын дарлалд байхдаа харин ч өнөөгийн аугаа их хүч чадлынхаа эх ундаргыг олж авсан.
Баруунаасаа Герман, Польш, Литовын рыцариудад хавчигдан, зүүнээсээ эрэлхэг цоглог нүүдэлч кумануудад чичүүлэн, Кама гол, Уралын чинадад шахагдаж, 50 дугаар өргөргөөс урагш хол гарч үзээгүй шахам явсан оросууд, бараг л хот бүхэн нь өөртөө засах эрхтэй тархай бутархай байсан орос үндэстэн чухам Алтан ордны улсын татварын бодлогын үрээр нэгдсэн нэг ванлиг болон нэгдэж, монголчуудын далбаан дор л баруун зүгийн рыцариудын эсрэг илдээ өргөх бяр чадал гарт нь суусан юм. Тэгээд ч зогсохгүй Алтан ордон уруудан доройтоход тэдний газар нутгийг өвлөж авснаар ирээдүйн их эзэнт гүрнийхээ гарааг эхэлсэн байдаг.
Хятадын тухайд бүр ч ярилтгүй. Тэр цаг үед Умард хятадын Алтан улс, Өмнөд хятадын Сүн улс, Баруун өмнөдийн Дали улс гэсэн хятад угсааны гурван томоохон улсыг монголчууд нэгтгэн нэгэн жолоо цулбуурт оруулж, нэгдмэл улс болгожээ. Оросуудын нэгэн адил хятадууд түүхэндээ хэзээ ч ийм том нэгдмэл улстай байж үзсэнгүй.
Үүний зэрэгцээ Их Юань буюу Монголын Хөх гүрний нийслэл болсноор нэг хэсэгтээ л Бээжин хот нь дэлхийн улс төр, урлаг соёл, худалдаа арилжааны төв болж байв. Тэр цагт усан замын худалдааны төв болгохоор Тяньжинаас Бээжин хүртэл 100 гаруй км усан суваг барьж босгосон байдаг. Ийнхүү дэлхийн төв болсноор Бээжин рүү, Хятад руу соёл, дэвшлийн охь бүхэн нэг хэсэгтээ л цутгажээ. Үүний үр өгөөж, ач холбогдлыг хэмжишгүй.
Монголын Их Юань гүрний үед л хятадын ард түмний нуруу тэнийж, өөр хоорондын үймээн самуунгүй түвшин болж, хүн ам нь огцом өссөн байдаг. Монголын Хөх гүрэн буюу Их Юаний хаялага үр өгөөж хятадад асар их байлаа. Юань гүрний дараа босож ирсэн цэвэр хятадын Мин гүрэн нь өмнөх Юань гүрнийхээ газар нутаг, эрч хүч, баялаг бүхнийг нь өвлөн авсан.
Хамгийн гол нь оросын ч, хятадын ч үндэстнийх нь нэгдмэл нийтлэг байдал монголчуудын эрин цагт бүрэлдэн бий болсон юм. Нэгдмэл улс үндэстнээс илүү эрхэм чухал зүйл гэж юу байх билээ.
Гэтэл орос, хятадын аль нь ч бидэнд хэзээ ч талархаж байсангүй. Баярлаж талархах нь бүү хэл Оросууд монголчуудыг зэрлэг, бүдүүлэг, алуурчин тонуулчин хэмээн үгсийн муугаар дуудан гоочлох нь олонтаа. Хятадуудын хувьд Монголын энх төрийн дээвэр туурганы нэгэн хэсэгт толгой хоргодож явсныгаа гул барин монгол нь хятадын нэг хэсэг мөн, тиймээс монгол хятад хоёр нэг дээвэр туурган дотор байх ёстой хэмээх муйхар үзэл бодол хятадын хөрсөнд гүн бат шингэжээ.
Энэтхэг ч мөн адил. Лал, хиндү, бурхны шашин хоорондын үргэлжийн зөрчил тэмцэлтэй, олон ханлигт хуваагдсан энэтхэгийн хойгийг Цагаадайн угсааны цөөхөн монгол эрс очин, бүхэл хойгоор нь нэгтгэн, нэгэн улс болгож өгчээ. 1526 онд Бабаар хааныг анх очиход Энэтхэгт 21 бие даасан их бага улс байжээ.
Бабаарын монголчууд гялалзсан авьяаслаг, эрч хүчтэй, эрмэлзэл тэмүүлэл дүүрэн хүмүүс байж. Тэд энэтхэг орныг зөвхөн нэгтгээд зогсохгүй дундад зууны төгсгөлд очир эрдэнэ мэт гялалзсан баян тансаг улсыг бүтээн босгож, дэлхий дахиныг гайхуулж, Европынхны шуналыг түймэрдэж явжээ.
Тэд улсаа Их Монгол (Great Mughal буюу Их Могул. Энэ нь монгол гэсэн үгийн түрэг бичлэгт хувирсан дуудлага юм) хэмээн нэрлэжээ. Гурван зууны туршид ноёрхсон Энэтхэг дэх Их Монголчуудын өв аугаа баялаг. Уран барилга, ордны хэл, яруу найраг, уран зураг, цэрэг зэвсгийн урлаг, хувцас өмсгөл, цэцэрлэг, газар тариалан, шинжлэх ухаан-технологи гээд бүхий л салбарт арвин их. Харин хаа ч гэж энэтхэгүүд орос, хятадын адил монголчуудыг учиргүй мууд үздэггүй, монголчууд бол язгуурлаг үндэстэн гэсэн итгэл тэдэнд бага ч болов байгаа нь анзаарагддаг.


***
Энэ бүхнээс харахад Монголын эрин үе ямаршуухан их далайц цараатай, үр дагавар ул мөртэй байсан нь төсөөлөгдөнө. Энд дурдсан түүх нь монгол туургатны түүхийн зөвхөн нэг хэсэг болох Монголын Эзэнт Их Гүрэн, түүний үр нөлөөлөл төдий. Бидний түүх зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.
2200 гаруй жилийн өмнө өвөг монголчууд Хүннү  хэмээх төрт их улсыг үүтгэн байгуулж, Ляодунаас Балхаш нуур хүртлэх төв Азийн өргөн уудам газар нутгийг эрхшээн, их талын нүүдэлч олон овог аймгуудыг нэгэн тугын дор нэгтгэн зангидаж явжээ. Хүн төрөлхтний долоон гайхамшгийн нэг болсон хятадын Их Цагаан хэрэм нь Хүннү нарын хичнээн хүчирхэг байсны нуталгаа юм. Эртний улсууд, ялангуяа нүүдэлчдийн дотор Хүннү гүрэн шиг томоохон төрт улсыг байгуулсан нь үгүй.
Хүннү гүрэн дундад эринээс өмнөх түүхэнд Азийн нүүдэлчдийн ганц чимэг нь, бахархал, охь манлай нь байлаа.
Саяхан Архангайн “Гол мод I, II” булшнаас гарсан Хүннүгийн язгууртны цогц олдвор нь Хүннү нарыг Хятадын болоод Скифийн соёлоос эрс ялгаатай бие даасан өндөр хөгжил бүхий өв соёлтой байсныг улам бататгажээ. Хүннү ялгууртны нарийн нандин хийцтэй, инженерийн өвөрмөц шийдэлтэй сүйх тэрэг нь хятадын үе үеийн улсуудад хэрэглэж байснаас онхи ондоо. Хүрэл, төмөр боловсруулах технологи ч мөн өөр хийгээд нууцыг нь тайлахуйяа бэрх. Ромын зөвхөн ихэс дээдсийн хүрээнд хэрэглэгдэж байсан нэн ховор нандин уран нарийн шаазан аяга тэрхүү булшнаас гарсан нь цагтаа л дэлхийн гүрэн байсан Ромтой Хүннү гүрэн өндөр түвшний дипломат харилцаатай байсан байж болох юм гэсэн сонирхолтой таамаглалд ч хүргээд байна. Учир нь тийм аягыг худалдаа арилжаанд огт хэрэглэж байгаагүй аж. Ер нь Евро-Азиас олдсон Хүннүгийн 600 гаруй булшны 93 нь монголын нутгаас олдсон байдаг нь Хүннүчүүд энэ газар нутаг дээр өнө удаан оршин сууж байсныг илтгэнэ. Хүннүчүүд Хятадын 5 их төр, 16 улсын нүүрэн дээр өнө удаан оршин тогтножээ.
Могой хэдий тасравч гүрвэлийн дайтай. Хүннү гүрэн хэдий бутарсан ч Европыг түйвээх чадалтайгаа үлдэж.
Хожимхон Алтай нуруунаас ойлж гарсан хүннү нарын нэгэн хэсэг болох баруун Хүннүчүүд “Тэнгэрийн ташуур” болсон Аттила хааныхаа чадварлаг удирдлага дор Ромыг дайлан алба гувчуурт унагаж, готын овгууд, алан, скиф, галл, саксууд зэрэг олон овог аймгуудыг хөдөлгөөнд оруулж, Ард түмнүүдийн их нүүдэл хэмээх түүхэн их нүүдэл, суудлыг үүтгэжээ.
Хүннү гүрнээс хойш ч мөн Сяньби, Жужан, Кидан зэрэг нүүдэлчдийн хэд хэдэн хүчирхэг төрт улсуудыг өвөг монголчууд ээлж дараалан босгож, бас унагаж ч иржээ.
Өнөө цагийн монголчууд нь дэлхийд хосгүй нүүдэлчдийн төв голомтыг, өв соёлыг, хязгааргүй уудам газар нутгынхаа энгээр сэтгэдэг тэр сэтгэлгээний царааг нь өвлөн үлджээ.
Энэ бүх ер бусын түүх, цадигуудын цаана түүх сударт бичээд бичээд барагдашгүй ямархан их үйл явдал өрнөж, ямархан их үймээн бужигнаан болж, ямархан их цус, хөлс урсаж, ухаан бодол, ур чадвар зарцуулсныг, ямархан аугаа баатар эрс төрж, ямархан гайхамшигтай адал сонин явдлууд ундарч байсныг бичиж дуусгахуйяа бэрх. Монголын түүхийг судалдаг гадаадын судлаачид үе үе “Энэ бүхэн чухам яаж, ямар эрх хүчээр болж өнгөрөв өө?” хэмээн гайхан алмайрах нь цөөнгүй. Тэдний хувьд хариулт олоход хол хэцүү, харин бидний хувьд хариулт нь их ойрхон байх учиртай.
Учир нь тэр хариулт бидний сэтгэл зүрхэнд, ухаан бодолд бий.


***
Улс үндэстнүүдийн сэргэн мандал, хөгжил дэвшил нь зөвхөн эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс шалтгаалдаггүй. Ялангуяа дан ганц уул уурхайгаас бол бүр ч биш юм. Шингээж чадахгүй ходоодонд шар тос зохидоггүйн адил байгал эхийн баялгийг үр ашигтай, үлдээмжтэй ашиглах ухаан, чадвар үгүй бол өөрийгөө л хорлохоос цаашгүй. Үүнийг орчин үед “Баялгийн хараал” гэлцэнэ.
Сэргэн мандал гэдэг нь оюун санааны сэргэн мандлыг л хэлдэг. Оюун санаа сэргээгүй цагт мянган эдийн засаг, мянган технологийн дэвшил, мянган Оюутолгой  байгаад нэмэргүй юм. Европ дахиныг хамарсан сэргэн мандлын уг суурь нь оюун санааны сэргэн мандал байсан.
XIII зуунд Хамаг Монгол бусдаас илүү технологитойдоо, эдийн засгийн илүү их нөөцтэйдээ, их олон алтны уурхайтайдаа сэргэн мандаж, Их Гүрэн болоогүй юм. Харин ч Хамаг Монгол нь Их талын өндөрлөгт байсан Хэрэйд, Татар, Мэргид, Найманаас хүн амаар ч, эдийн засгийн нөөц боломжоор ч, хөгжил дэвшлээрээ ч, ер юм юмаараа илт дутуу байсан.
Харин ганцхан зүйлээр илүү байв, илүү илүүдээ хол тасархай давуу байсан юм. Чадваргүй гарт чичлүүр хутга бариулах осолтой. Юун өөрийгөө хамгаалах, өөрийгөө ч эсгэж, дүрж мэднэ. Харин чадварлаг гарт тэр чичлүүр хутга байваас ямар ч илднээс илүүгээр аймшигт хүчирхэг зэвсэг болж хувирна. Үүнтэй адил, ард түмний чадвар нь оюун санааны сэргэлт, ёс зүй, үзэл санааны давуу тал юм. Монголчууд чухам үүгээрээ л бусдаас илүү байсан.
Энэ давуу тал гэдэг нь Дээд тэнгэрээс заяат төрсөн Их Чингис хааны монголчуудынхаа оюун санаа, сэтгэл зүрхэнд итгэл үнэмшил болгож, зарлан тунхагласан
- үндэсний эв нэгдлийн үзэл санаа,
- нийтлэг эрх ашгийн төлөө өөрийгөө ч, үр удмаа ч золиослох эрхэм дээд ёсзүй,
- гарцаагүй үнэнийг онож чадах хөлбөрөлтгүй чин шударга зарчим, энэ гурав байв.
Чингис хаан “Сэтгэлийг нь эрхшээвээс бие нь хаа холдох...” хэмээн сургажээ. Сэтгэлийг эрхшээдэг хүчин зүйл нь чухам дээрх гурав билээ. Энэ бол шашны мухар сүсгээр эрхшээх биш, айдас хүйдсээр дарамтлан дарангуйлах ч биш, ямар нэгэн онол, изм-ээр тархи толгойг нь угаах асуудал бүр ч биш, харин байгал орчинтойгоо, хүн орчинтойгоо нэг оршихуйн эд эс болохоо мэдрэн аж төрөх энгийн үзэл санаа. Энэ энгийн дотор худал хуурмаг, засдаг гоёл гэж үгүй. Яагаад гэвэл энэ байгаллаг амьдрал. Байгал хэлээ ч худал ааш гаргадаггүй билээ. Хүчирхэгийн үндэс нь энд бий.
Хэн бүхний мэдэх, ярих мэт ийм энгийн боловч амьдрал дээр хэзээ ч хэрэгжимгүй алс хол байдаг энэ л зарчмуудыг Чингис хаан бодитой болгож, үндэс угсаа нэгтнүүдийнхээ амьдралынх нь өдөр тутмын хэвшил, баяр баясал, утга учир болгож чадсан юм. Тэгээд ч зогсоогүй энэ зарчим нь Монголын Эзэнт их гүрэн даяар хэрэгжиж, Монголын Энх төрийн (Pax Mongolica) бодлогын цөм болж байв. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний сэтгэлийг эрхшээж байв.
Тийм учраас монголчууд тэнгэрт ивээгдэж, тийн дэлхийн энгээр дэлж, тийм эрхэмсэг оршиж байж. Чухам тийм учраас л бидний түүх далай мэт арвин баялаг, тэнгэр мэт сүр жавхлантай, аянга мэт эрх хүчирхэг байжээ.

Улиастай, Баатархайрханы бэл.
2013 оны 4 сарын 3.

ТӨРИЙН ДАЛБАА БА ТУСГААР ТОГТНОЛ

Тусгаар тогтнолын цуврал - 13
Өнгөрсөн жилийн наадмаар байшингийнхаа дээр төрийнхөө далбааг намируулснаас хойш буулгасангүй. Автобусны буудлаас буугаад, гудамныхаа булан тойроод гараад ирэхэд юу юунаас өмнө байшингийн маань дээвэр дээр дэрвэлзэн намирах төрийн далбаа угтах нь сэтгэлд нэг л өег, сайхан байдаг билээ.
Нэг удаа хашааны хажуугаар өнгөрч явсан эр дуудлаа. Очвол, албаны ширүүн өнгөөр “Танайх хороо хорин юм уу, хаашаа юм бэ?” гэж байна. “Хороо хорин автобусны шинэ эцсийн буудал дээр байдаг шүү дээ” гэлээ. Нөгөө эрийн дуу өндөрсөж “Юуны чинь шинэ эцэс. Хороо хорин биш л юм бол наад далбаагаа буулга” гэх нь тэр. Одоо л юун тухай яриа болж буйг ойлгосон би гэнэтийн энэ довтолгоонд цочин гэлмэхдээ “Яагаад?” гэж бараг хашгирах шахан асуучихав. Тэр эр эрүүл эсэхийг минь тэнсэх мэт гайхан харж байснаа толгойгоо сэгсэрчихээд, юм ч хэлсэнгүй, эргээд нуруугаа үүрэн алхчих нь тэр. Намайг хэвийн бус этгээд гэж бодов бололтой. Харин би араас нь түүний эрүүл эсэхэд эргэлзсээр гудамны булан тойртол харж зогссон билээ. Эрүүл нь ч эрүүл байсан л даа...
Гэхдээ эрүүл байсныг нь мэдэхэд надад нэг л их гунигтай байсан юм. Тэр хүний ааш аяг бол ганц онцгой бодьгалын илрэл биш, нийгмийн сэтгэлгээний нийтлэг эмгэг байсан учраас л тийм гуниг төрсөн хэрэг.
Монголын маань аль ч сум, дүүрэг, хороололд очиход хороо хорины барилга дээрхийг эс тооцвол төрийнхөө далбаагаар гоёсон айл өрх, хашаа байшин харагддаг билүү. Мухар сүсэг бишрэлийн илрэл болсон шашны агуулгатай харь үсэгтэй элдэв хийморийн шар, цэнхэр дарцаг, далбаанууд л энд тэндгүй. Элдвийн хийморийн дарцаг мэтийг хатгахыг байж болох зүйл гэж үздэг, харин төрийнхөө далбааг намируулахыг байж болшгүй, гаж, ёс бус гэж ойлгодог нь бидний хамтын ухамсарын хэт дутмагшилд орсон сэтгэлгээний эмгэгийг харуулна. Энэ жижиг зүйл биш, эмгэнэл юм.
Хийморийн дарцаг, төрийн далбаа хоёрын хооронд асар хол, харьцуулахын аргагүй зөрөө, хүндэтгэл, утга учир бий. Хийморийн дарцаг намируулахаар тэр гэрийн эзэнд, үсрээд л тэр өрх айлдаа ивээлтэй байдаг юм байгаа биз. Харин төрийн далбаагаа намируулах нь наанадаж, төрийнхөө сүлдэнд залбирч, төрийнхөө хуулинд бөхийж, төрт улсаа дээдэлж амьдрахыг илэрхийлнэ. Цаанадаж, Монгол төр маань мандан бадарч, монгол түмэн маань цэнгэн жаргахыг бэлгэднэ. Яагаад гэвэл төрийн далбаа болохоос манай гэрийн дарцаг биш юм.
Дээр цагт хуучцуул, эцэг эх маань “Төрийн минь сүлд өршөөг” гэж залбирдаг байж. Төр эрхэмсэг, хүндэтгэл дүүрэн оршихийг бэлгэдсэн залбирал байж. “Төр амгалан бол түмэн амгалан” гэдэг дээ.
-Төр минь амгалан байг,
-түмэн олон минь амгалан байг,
-төрсөн бие минь амгалан байг гэсэн дэстэй байж. Харин одоо бурханаас, ид шитдэнээс, бөө удганаас, далдын хүчнээс “Намайг сайхан болгоод өгөөч” л гэж залбирна.
Би л болж байвал бусад нь яана уу, ийнэ үү падлийгүй гэсэн бэртэгчин сэтгэлгээ эндээс нэвт ханхална. Хажуу айл нь, хамар хашааныхан нь, хороо хорин нь, цаашлаад аймаг хот нь, бүр төр улсынх нь хийморь сүлд яана ийнэ тэдэнд нэг ч их хамаагүй, бүр сонирхох ч үгүй. Үнэ ханш өсөөд, амьдрал хэцүү дарамттай бол Монгол төрөө л шүүмжилнэ, хараана. Хашаан дотроо хачин цэвэрхэн атлаа хог, угаадсаа гудамжиндаа шууд цацаж орхино. Гудамжаар нь хүн гишгэхийн аргагүй хог, угаадас. Өвөлд хальтарчих гээд, зунд шалбаагт нь шарвачих гээд явж ч болохгүй. Энэ бол зөвхөн ядуу чадуу гэр хорооллынхны дүр төрх биш. Тансаг сайхан орон сууцанд ч мөн ижил, нүднээс далд орцонд бол хогоо овоолж болдог, гэртээ бол үгүй.
Энд хогийн тухай ярьж буй боловч угтаа сэтгэлгээний хэв шинжийн тухай яриа юм. Нийгмийн бүхий л давхаргаас яг ийм хэв шинжийн хуршсан өмхий үнэр ханхийнэ. Нийгмээ тэргүүлж явдаг улс төрчид, бизнесмэнүүд, урлаг соёлын одуудаас бол бүр ч илүү үнэртэнэ. Тэр авилга, хариуцлагагүй байдал, иддэг уудаг, зувчуулдаг, гулгуулдаг, цавчдаг бүхний цаана, хүнд суртлын цаана ийм л сэтгэлгээ байдаг. Тэр утга учиргүйгээр хөөрдөг, онгирдог, ханаж цадахгүйгээр шунадаг, үнэ цэнэгүйгээр тансагладаг бүхний цаана ийм л сэтгэлгээ байдаг. Тоостой хувцастай дэргэдүүр нь ч гарамгүй ганган Lexus 570 машины цонх хагас онгойж, ундааны хоосон сав цардмал зам дээр торхийн унаж буйг иргэншээгүй, соёлжоогүйн шинж гэвэл эндүүрэл, зүгээр л хэт явцуурсан бэртэгчин сэтгэлгээ.
Ийм нөхцөлд төрөө дээдлэн эрхэмлэж, хүчирхэг төрийнхөө далбаан дор түмнээрээ цэнгэн жаргахыг бэлгэдэн Алтан соёмбот далбаа юугаа бор гэрийнхээ дээр намируулсан мань мэт нь гаж, ойлгомжгүй, согтуу солиотой харагдах нь арга ч үгүй.
Өнөөх ширүүн дуутай эрийн араас гуниг ихээр төрсний минь учир энэ билээ.
Бид Монгол гэдэг нэг л том айл гэрт аж төрж буй. Нэг хатавчинд нь буруу харж суугаад зөвхөн өөрийгөө болгоод явтал нэг л мэдэхэд өрх гэр маань өмхөрч, өөрийн тэр жижигхэн оршихуйг нь хэмх дараад хамт нурж орхивол яана. Үндэсний ухамсар дахь нийтлэгийг мэдрэх сэтгэлгээ нь нэн тэргүүнд үндэсний тусгаар тогтнолтой холбогддог.
Энэ талаар Америкчууд үлгэж жишээ болохоор ард түмэн. Бараг хувийн хауз бүхний үүдэнд төрийн далбаа нь мандана. Тэд хаа ч явсан “Би Америк хүн” гэсэн бахархлаар цээж гэдгэр, хараа дээгүүр хийморлиг, нэр төртэй явцгаана.
2003-2005 онуудад АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотын дүүргийн шүүхэд долоо хоногтоо хоёроос доошгүй монгол хүнтэй холбоотой хэрэг шийдэгддэг байв. (Одоо эрхбиш гайгүй болж байгаа байх) Олонхи нь жижиг хулгайн хэрэг. Өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүрээс үнэртэй ус, бүс, ээмэг бөгжхөн зэрэг зүйлс голдуу туучихсан, олонхи нь давтан байна. Дээд боловсролтой сайхан сайхан залуус, бүсгүйчүүд голдуу шүү. Хоёр сая гаруй хүн амтай Арлингтон хотод тэгэхэд 2000 гаруйхан л монгол хүн амьдарч байсан. Энэ даамжирсан байдалд санаа зовнисон Арлингтон хотын шүүхийн прокурор Керин тэр үед монголчуудад хууль эрхзүйн зөвлөгөө өгдөг байсан хуульч Г.Ганзориг (хожим Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх болсон) болон сэтгүүлч бид хоёртой уулзаж санал солилцохын хажуугаар монголчуудад яагаад ийм хандлага түгээмэл байдгийг тандаж байсан юм.
Ичих ч багадна. Тийм атлаа онгирох болхоороо “Би Чингисийн монгол” гэж хоосон хашгирахыг нь яана. Чингис хаан ийм бэртэгчин, хоёр дүрт, итгэл үнэмшилгүй албатуудыг өт хорхой гэж үзэж, няц гишгэж байсан юм шүү дээ.Гэтэл ийм байдал ганц Арлингтонд биш, монголчууд олноороо суурьшсан Америкийн бусад хотуудад ч, Франц, Бельги, Герман, Чех, Солонгост ч мөн адил байдаг юм билээ. Тэр бүхний цаана монгол хүний үнэ цэнэ унаж, монгол төрийн хийморь золбоо гутна.

***
Эмээгийнд ирсэн танил нь байшингийн маань дээр намирах төрийн далбааг хараад эмээгээс “Энэ айлын эзэн нь төрийн том хүн үү” гэж асуужээ. Төр, эсвэл төрийн том хүн л төрийн далбааг гэртээ намируулах, өмчлөх эрхтэй, бусдад нь нэг ч их хамаатай биш гэж ойлгодог бололтой. Үүнийг сонсоод би дээвэр дээрээ гарч, ишинд нь юм залгаж байгаад далбаагаа улам өндөрт мандуулах болов.
Бидний хэн ч, дарга цэрэг, баян гуйлгачин ялгаагүй төрт их улсынхаа далбаан дор амь зууж яваа. Гадагшаа гараад явахаараа улаан коммунист нь ч, галзуу ардчилагч нь ч адилхан монгол л гэж харагдана. Бид нэг эх оронтой, нэг төртэй, нэг нэртэй.
Төрийн минь далбаа өндрөөс өндөрт
ямагт мандан бадраг.
Б.Номинчимэд
2013 оны 3 сарын 26.
Улиастай. Баатархайрханы бэл

ДАЯАРЧЛАЛ БА ТУСГААР ТОГТНОЛ

Тусгаар тогтнолын тухай цуврал тэмдэглэл - 12
2009 оны хавар. Даяарчлалыг учиргүй, бүр жадлан эсэргүүцдэг нэг залуу байх. Энэ даяарчлал монгол хэл соёл, зан заншил, өв уламжлал гээд бүх л сайн сайхан юмтай нь хамт Монгол Улсыг маань юу юугүй идэж байгаа тухай, тусгаар тогтнолын ганц дайсан болж буй тухай, монголчууд бусад жижиг улс үндэстнүүдтэй нэгдэж даяарчлалын эсрэг хатуу ширүүн тэмцэлд босч, аюулыг бага дээр нь нам дарж авах тухай нэг ланжгар нийтлэл биччихсэн над дээр орж ирэв. Хэд хэдэн зарчмын санал дэвшүүлжээ. Тухайлбал, яриандаа гадаад үг хавчуулж ярихыг хориглосон хууль гаргах, үр хүүхдээ хар багаас нь гадаадад сургахыг хориглох, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гадаадын соёл, урлаг сурталчлахыг хориглох, гадаадын хөрөнгө оруулалтад хязгаар тавих гэх мэтчилэн хэт утопи, хэт туйлширсан саналуудаас гадна хаяг адресийг зөвхөн монголоор бичих, дунд сургуулийн программд монгол хэл, утга зохиол, ёс заншлийн хичээлийн цагийг эрс нэмэх зэрэг дажгүй саналууд ч байсан санагдана.
Түүнээ миний эрхэлж байсан сонинд (“МОНЦАМЭ мэдээ” өдөр тутмын сонин) гаргахыг хүсчээ. Төрийн мэдээллийн агентлагаас гаргадаг төрийн албан ёсны хэвлэл учир эрх мэдэлтнүүдэд төдийгүй дэлхий дахинаа бичсэн санал нь амархан хүрнэ ч гэж тооцжээ.
Намайг татгалзсанд тэр хамаг бухимдлаа надад гаргалаа. Чухам гадныхантай нийлж улс монголоо худалддаг хүмүүсийн нэгийг баттай олж илрүүлсэн бололтой. Онгод нь ёстой ороод явчихав.
Уг нь тэр залууг би нэлээд дээхнээс таних билээ. Үе тэнгийнхэн нь баар ресторан, зугаа цэнгэл, машин тэрэг, гоё утас, MP3 сонирхож явахад мань эр улс үндэстнийхээ хувь заяаны төлөө сэтгэлээ чилээж явдагт нь олзуурхан, дотроо битүүхэндээ дэмжиж явдаг юм.
Эцэст нь аль алиндаа тустайг бодож түүнд гурван үг хэлэв. Хэр тусгаж, хүлээж авсныг мэдэхгүй. Юутай ч дуу нь намсан, жаахан бодолхийлснээ гарсан, тэгэхдээ өрөөний маань хаалгыг эх орноосоо урвагчийн хаалга мэт учиргүй саваагүй юмдаг. Гэхдээ л надтай эргэж холбоо барьсангүй дөрвөн жил болчихжээ.
Хаврын тэр өдөр гадаа хүчтэй шуургатай байж билээ. Миний түүнд хэлсэн зүйл гэвэл “Даяарчлал гэдэг яг л байгалийн үзэгдэл шиг эргэлт буцалтгүй, аймшигтай, өршөөлгүй. Чамтай санал нэг байна. Гадаах шуургыг харж байна уу. Чи энэ шуурганы эсрэг юу ч барьж дэвээд нэмэргүй, салхи чиглэлээ өөрчлөхгүй, хүч нь саарахгүй. Жамаараа шуураад, жамаараа л зогсоно. Тийм биз... Тэгэхээр бид энэ мэт шуургатай үр дүнгүй тэмцэх хэрэггүй юм. Тэр хойгуур ард чинь салхи муу гэрийг чинь нурааж орхивол яана. Харин чи шуурганы өөдөөс нулимж зогсохын оронд орон гэрээ яаж нураалгачилгүй, хийсгэчихэлгүй авч үлдэхийг бодож, даруулга чагтагаа л бэхлэх хэрэгтэй”.
Сүүлд тусгаар тогтнолыг энэ даяарчлалаас хамгаалдаг “даруулга, чагтага” гэдэг нь юу юу байдаг билээ гэж өөрөө тун нухацтай бодоход хүрсэн юм.
2013 оны 4 сарын 01. Улаанбаатар

***
Даяарчлалыг жадлан эсэргүүцдэг манай залуугийн эмзэглэл ор үндэслэлгүй зүйл бас биш билээ. Юу гэвэл ойрмогхон эдийн засагч, нийтлэлч Б.Болорболдын санал болгосон нэгэн баримтат киног хальтхан хараад өнгөрөв.
“Герман улс тусгаар улс мөн үү буюу шинэ цагийн түрэмгийлэл” гэсэн тун хачирхалтай агуулгатай. Экспортынх нь 70 гаруй хувийг оюуны өмчийн патентийн төлбөр бүрдүүлдэг маш хүчирхэг эдийн засагтай, өндөр боловсрол, чадамжтай, тэгээд маш үндэсэрхэг үзэлтэй энэ германчууд улс орноо тусгаар улс мөн эсэхэд эргэлзэж буй нь хачирхалтай байхаас аргагүй.
Хуучин цагийн ЗХУ-д Баруун Герман буюу ХБНГУ-ыг АНУ-ын хараат гэж үзэж байсныхаа адилаар өнөөдрийн нэгдсэн Германийг ч мөн тэгэж үздэг хэвээр байгаа талаар М. Горбачевийн зөвлөх явсан профессор Вчеслав Дашичев ярьж байна. Оросуудын энэ хандлага бодит үндэстэйг германчууд хүлээн зөвшөөрч байгаа юм.
Хүйтэн дайны үед АНУ-ын улс төрийн бодлогын лоозон нь Германыг европын гүнд дарж, Оросыг европоос гадна байлгах явдал байлаа. АНУ-ын энэ зарчим одоо ч хүчин төгөлдөр хэвээр ажээ.
Даяарчлал өөрөө түүхэн жам ёсны үйл явц. Харин энэ хүчирхэг үйл явцыг дэлхийд үнэмлэхүй тэргүүлэх, зарим тохиолдолд жанжлах хандлагаа өргөжүүлэх, бэхжүүлэх аятай арга зам болгож ашиглахыг, тухайлбал АНУ маш чармайж буй нь тодорхой. Энэ зорилгодоо АНУ ганцаараа хүрч чадахгүй учир “ардчилал”, “хүний эрх” гэх мэт олон сайхан сэтгэл татам лоозонгийн дор бусад орнуудыг “ашигладаг” байна. Афган, Ирак зэрэг дайнтай байгаа орнуудад Европын орнуудаас илгээдэг “Их бууны зууш болгоход ашиглах” хөлсний цэргүүд нь АНУ-д хэрэгтэй. (Бид ч бас ийм “их бууны зууш”-ийг илгээдэг) Өөрөөр хэлбэл энэ мэтээр дэлхий нийтэд үнэмлэхүй жанжлах гэсэн АНУ-ын бодлогод Европын Холбооны улсууд санаатай, санамсаргүйгээр дэмжлэг үзүүлээд буй нь оросуудад ч, германуудад ч огт ойлгомжгүй байдаг ажээ.
Гол асуудал нь даяарчлалын далбаан дор хэрэгжүүлж буй “Америк маягийн ардчилал” нь (Pax America) германчуудын хувьд үндэснийх нь онцлогт, тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулж байгаад юм. 1970-аад онд Баруун Германы канцлер асан Брандтын зөвлөх байсан Эгон Бар “Ямар нэгэн ард түмнийг мөнхөд өвдөг сөхрүүлэх боломжгүй” гэж хэлсэн. Одоо ч мөн Европын гүнд германчуудыг дарж авах гэсэн АНУ-ын гадаад улс төрийн зарчим нь удаан тэсэхгүй гэж германчууд үзэж байгаа аж.
Энд ямар нэгэн цэрэг зэвсгийн түрэмгийллийн тухай яриагүй, тийм ч юм байхгүй, харин эдийн засгийн болоод үзэл суртлын түрэмгийллийн тухай яригдаж байгаа болно. Тусгаар тогтнол нь зөвхөн хил хязгаараар баталгааждаггүй, ялангуяа энэ цаг үед үндэстний оюун санааны тусгаар тогтнолоос их зүйл хамаарч байгаа.
Хүчирхэг Германд нөхцөл байдал ийм байгаа бол АНУ-г мухар сохроор дагачихсан Монгол Улс ямар байгаа бол???.... Гэхээр даяарчлалыг эсэргүүцэгч манай залуугийн бачимдан бачимдан гүйж буйг шоолон өнгөрч боломгүй.
Гэхдээ энэ бол олон хүчин зүйлээс хамааралтай маш өргөн сэдэв, тулхтай зүйл өгүүлье гэвэл чамгүй судалгаа, цаг шаардана, бас нэг иймэрхүү оог цоогхон тэмдэглэлд багтаах боломжгүй том том ботиуд болох учир ингэсгээд орхие.
Б.Номинчимэд
2013 оны 4 сарын 8. Улаанбаатар

БИЧИГ СОЁЛ БА ТУСГААР ТОГТНОЛ

Тусгаар тогтнолын тухай цуврал - 11
Үндэсний бичиг соёл гэдэг тусгаар тогтнолтой амин чухал хамаатай эд л дээ. Сан-Франциско хотод эрдмийн ажил хийж буй эрхэм анд Ш.Баатарын нэгэн тэмдэглэл хэн хүнд нэгийг бодуулна. Үндэсний бичиг соёл хийгээд тусгаар тогтнол хоёрын харилцан хамаарлын талаар олон тайлбар, онол хэлэх шаардлага ч байхгүй юм.
Ш.Баатар анд ажилдаа метрогоор явдаг аж. Ийнхүү нийтийн тээврээр явах нь бие амар, цаг хожихоос гадна хамгийн гол нь ажил хэрэгч хүний хувьд метронд хэдэн хуудас хараад авах боломжийг өөртөө гаргана. Монгол үндэснийхээ түүх соёлын даацтай судалгаа хийж буй Баатар ихэвчлэн худам бичгээр бичсэн сурвалж бичиг уншиж явах тул хажууд нь зогссон сонжооч хүмүүс өлийн харж, уншиж тайлах гэж оролддог гэнэ.
Цааш өөрийнх нь үгээр үргэлжлүүлье.
“ ... Хүн гэдэг сониуч амьтан юм аа. Араб хэл гадарладаг бололтой, сахал үстэй зарим нөхөд хүзүүгээ гэлжийлгэж ирээд л унших гэж саваагүйрхэнэ. Харц тулгарангуутаа сандран “Салам алекам” гээд мэндэлнэ. “Алекам салам” гэчихээд ажигч үгүй номоо уншихад, жаахан байзнаснаа үсэглэж дийлээгүй бололтой энэ хаанахын ямар гээч бичиг бэ, яагаад босоогоор нь уншиж болж байна аа гэж асууж, өддөг юм. “Монгол бичиг” гэж нэг амьсгалаар хамар сэнгэнүүлэн бахархалтай гэгч нь хэлнэ дээ. Бусдааc өөр нэгэн үндэстэн гэдгээ илэрхийлэх алтан хором бол тэр юм. Яг тэр агшинг үгээр дүрслэхэд Олимпын тэнгэрт тугаа мандуулж байгаа тамирчин л гэсэн үг.
Cониуч хүн таараад ямар бичиг болохыг мэдээд их л хүндэтгэлтай харьцана. Энэ бол намайг хүндэтгэж байгаа юм биш, Монгол бичгийн соёлыг маань биширч байгаа хэрэг. Зуун зууныг туулаад бидний үeд тулж ирээд мартагдахын даваан дээр ирcэн монгол бичиг ийм л увдастaй юм.”

“Худам монгол бичгийн соёл бидний дархлаа” тэмдэглэлийг бүрэн эхээр нь уншихыг хүссэн хүн түүний блогт морилно уу.
Хаяг нь: www.shbaatar.blogspot.com
Оросуудын хажууд крилл үсгээр бичсэн ном уншиж явахад нэг л өөр, тэднээс юм зээлчихсэн мэт сэтгэгдэл төрнө. “Хүний морь унасан хүний алцаа татуу, хүний дээл өмссөн хүний мөр татуу” гэдэг дээ. Тиймэрхүү л байна. Харин худам монголоороо бичсэн ном уншиж суухад огт өөр. Хаана ч, ямар ч улс үндэстний дотор тийм номоо бариад явахад нүүр бардам билээ.
Би монгол дотроо бол гарын үсгээ ердийнхөөрөө криллээр зурна. Харин монголоосоо гараад явахаараа, гаалийн мэдүүлэг дээр хүртэл худам бичгээр гарын үсгээ зурдаг. Нэг л сайхан байдаг юм.
Ер өнөөдөр ЮНЕСКО-д бүртгэлтэй гарын таван хуруунд багтах хэдхэн бичгийн нэг нь худам монгол буюу хуучин монгол бичиг. Өөрөөр хэлбэл дэлхийн 200 гаруй улсын дундаас үндэсний бичигтэй, гэхдээ давтагдашгүй босоо бичигтэй ганц орон нь Монгол.
Энэ бол Монгол орон язгуураасаа тусгаар улс, үндэстэн байсныг нотолно. Үүнээс илүү бат нот нотолгоо гэж хаа байхав дээ.
Б.Номинчимэд
2008 оны 12 сар. Улаанбаатар.

Monday, April 15, 2013

ХЭЛ БА ТУСГААР ТОГТНОЛ

"Тусгаар тогтнолын тухай цуврал тэмдэглэл" - 9
 
2005 оны хавар Индианад түр оршин суугчдад зориулсан түр сургалтад хоёр долоо хоног суусан юм. Түр оршин суугчид гэхээр газар газрын л хүмүүс байх. Сургалт эхлээд хоёр хоночихсон хойно би хоцорч очлоо. Тав таваар нь нэг нэг том ширээ тойруулаад суулгачихсан танхимд орж очив. Дөрвөн ази хүүхэн суусан ширээнд тав дахь нь болгож намайг хувиарлав.
Нөгөө дөрөвтэй англиар мэндэлсэн болсонд өмнөөс бүгдээрээ хятадаар шулганалдацгаалаа. Мэндийн хариу гэж ойлгосон би эелдгээр толгой дохиод л өнгөрөв. Хичээлийн явцад нөгөө хэд хоорондоо хятадаараа шавьтналдаад зогсохгүй надаас хятадаараа юм асуугаад болдоггүй ээ. Төвөгтэй болоод ирхээр нь “Уучлаарай, би хятадаар ойлгодоггүй. Та англиар асуувал би баярлах байна” гэлээ. Нөгөөдүүл ихэд гайхаж буй бололтой, дуу нь өндөрсөж хоорондоо болоод надруу хятадаараа баахан шулганав. Тэдний дунд их биерхүү, бараг хоёр метртэй гэмээр лужир биетэй, түрэмгий царайтай бүсгүй байсан юм. Хожим мэдэхнээ нь тэр хятадын сагсан бөмбөгийн шигшээгийн тамирчин явсан юм билээ. Тэр бүсгүй их л ууртайгаар
-Чи яагаад хятадаар ойлгодоггүй юм гэж англиар асууж байна.
-Би хятад хүн биш шүү дээ.
-Гэхдээ чи монгол биз дээ?
Энэ асуулт миний эгдүүг хөдөлгөөд эхэллээ. Яахаараа монгол хүн хятад хэл мэддэг байх ёстой гэж...
-Би монгол хүн, Монгол Улсаас ирсэн. Та нарын хэлийг мэддэггүй, мэдэх ч албагүй тийм улсын хүн байна гэх мэтчилэн баахан юм монголоороо хэлснээ
-Та нар ойлгов уу? гэж англиар асуув.
Өнөөх дөрөв миний өөдөөс мэлтийтлээ гайхан харж байснаа толгойгоо сэгсэрцгээгээд хоорондоо шуугилдаад эхлэв.
-Та нар яагаад монголоор ярихаар ойлгохгүй байгаа юм бэ гэж тэднээс англиар асуув.
-Бид монгол хэл мэдэхгүй.
-Би ч бас хятад хэл мэдэхгүй. Адилхан л байгаа биз дээ.
Тэрнээс хойш энэ тэнэг монголтой юм яриад яах билээ гэсэн байдалтай надтай ер юм ярихыг байчихав.  Энэ нь надад ч амар байв.
Гэхдээ тэдний надад хандах хандлага нэг л эвгүй. Энд ямар ч эрүүл ухаан, соёл үйлчлэхгүй байгаа нь анзаарагдана. Өмнө байгаа үзгийг маань үг дуугүй шүүрч аваад юмаа бичнэ, миний цүнх ширээн дээр байвал түлхээд газар унагачихна. Насанд хүрсэн хүмүүс гэхэд хүүхдүүд шиг тун хөгийн байх тул би тэдний иймэрхүү үйлдлийг нь шоолж инээгээд л өнгөрнө. Тэд надруу бараг харах ч үгүй, үйлдэл бүхнээрээ тэдний хувьд ерөөс хүн биш, огт байхгүй хэмээн мэдрүүлэх гэж хичээнэ, хааяа нэг харвал харц нь цаанаа л нэг түрэмгий ууртай. Ялангуяа өнөөх сагсчин бүсгүй бол бүр ч... Хонгилд өмнөөс ирж явбал аятайхан зөрөөд гарна гэж ёстой үгүй, ёс юм шиг чигээрээ зүтгэнэ. Тэр лужир амьтантай ямар мөргөлдөлтэй нь биш, би зай тавьж өгнө. Ер нь нэг ширхэг хятад ингэж илэрхий дээрэлхүү хандаж чаддаггүй, бүр тийм хүсэл ч үгүй мэт ажин түжин, аятай дорой байх бөгөөд тэд олон болоод ирмэгц л олноо мэдрээд, түрэмгий болоод эхэлдэг нь хятад үндэстний сүргийн сэтгэлгээний онцлог юм.
Энэ мэтийг номоос дам унших биш, нүдээрээ ажиглана, мэдэрнэ гэдэг надад сонирхолтой, бас завшаантай хэрэг. 
Надаас хойш хоёр хоногийн дараа бас нэг хоцорсон сурагч ангид орж ирсэн нь сайхан хүрэн улаан цэл залуухан төвд бүсгүй байв. Ангид өөр сул суудал байгаагүйн дээр сургалт зохион байгуулагч нэг хэлээр ярьдгийг нь харгалзан үзсэн юм болов уу, бидний ширээнд сандал нэмж, төвд охиныг дэргэд суулгалаа.
Хятад бүсгүйчүүд шинэ охиноос хятадаараа юм асуугаад, мөн хятадаар хариулт авсныхаа дараа надруу, “За тэр, чи ийм л байх ёстой” гэж буй мэт нухацтай харна. Би үл тооно. Ганц төвд бүсгүй дөрвөн хятадын хажууд ёстой хэн ч биш болно. Түүн лүү ээж нь, эгч нь, эзэн нь юм шиг том том дуугаар зандчиж ярина, цүнхээ бариулна. Төвд бүсгүй хүлцэнгүйгээр тонголзоно. Тэр хоорондоо хятад бүсгүйчүүд надруу бас өнөөх харцаараа харна. Би өхөөрдөн шоглож инээнэ. Тэд арга нь барагдаж буй мэт бухимдацгаана. Тэр төвд бүсгүй бол Шанхайд төрж, өссөн, төвд хэлээ огт мэддэггүй, төвд гэдгээ л мэддэг төдий бүсгүй байсан юм.
Энэ мэт яршиг төвөгтэй нэгэн сургалтад хэд хонож билээ.
2005 оны 5 сар. Блүүмингтон

***
2010 оны хавар Шинэ Делид...  Буудалд бууж төвхнөсний дараа зоогийн газарт орвол тэнд хоёр монгол бүсгүй сууж байна. Биднээс (Бид гурвуулаа  тэр буудалд буусан юм) тус бас монголчууд энд ирж гэж ойлгосон би тэдэнтэй мэндэлвэл өмнөөс оросоор ярих нь Киргизээс яваа бүсгүйчүүд байж билээ. Ер Азийнхан дундаас монголчуудтай хамгийн ойр царай төрхтэй нь аргагүй киргизүүд. Төдөлгүй тэр хоёртой дотно танилцан нөхөрлөлөө. Ахимагийг нь Мира, залууг нь Надира гэх. Мира нь уран зохиолын мэргэжилтэй учир бидний яриа, сонирхол их нийлнэ. Тэр миний нэгэн адил Чингис Айтматовын баатруудад хайртай, тэдний тухай ярихаараа нүд нь гялалзаад ирнэ. Бас түүний нутаг Иссык кул (манайхан “Ишгэн хөл” гэж дуудах нь бий) нуурын хөвөөнөөс ирсэн.
Харин Мира, Надира хоёр өөр хоорондоо оросоор л ярина.
-Танай төрөлх Киргиз хэл гэж бий юу? Та нар яагаад төрөлх хэлээрээ ярихгүй байна? Та нарыг оросоор яриад байхаар чинь надад орос л гэж бодогдоод байх юм гэхээр Мирагийн санаа жаал зовнингуй болж
-Бий бий. Гэхдээ ихэнхдээ оросоор ярьдаг. Одоо бид киргиз хэлээ сэргээж байгаа. Киргиз хэлийг хүн амын цөөнх мэддэг байсан бол одоо илүү сайн болж байгаа. Гэхдээ.., гэхдээ бид хоёр киргиз хэлээ сайн мэдэхгүй л дээ гээд хүлцэнгүй инээмсэглэнэ.
Иймэрхүү байдал Дундад Азийн хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан Казах, Татар, Узбек, Тажик зэрэг улс орнуудад бүгдэд нь бий. Тэдгээр орнуудад төрөлх хэлээ сэргээхээр ихэд хичээн оролдож буй гэдэг.
Олон зуунаар Европынхны колони байсан Африкт бол хавтгайдаа. Замбиас ирсэн Чарлес Симба найз маань англиар тун сайн ярина. “Чи хаана англи хэлийг ийм сайн сураа вэ” гэхээр “Замбидаа...” гэж томорно. Тэгэхнээ нь угаасаа Замбид англиар л ярьдаг, Замби хэл гэдгийг огтоос мэддэггүй ажээ. Конгоос ирсэн Эдгар францаар, Анголоос ирсэн Анжела португалиар хэлд оржээ. Танзани, Бурунди, Сомали, Кени, Этиоп зэрэг цөөн хэдхэн оронд төрөлх хэл нь албан ёсны хэл байна, Египт, Алжир, Лив, Тунис зэрэг хойт Африкийн орнууд арабаар ярина, бусдад англи, франц, испани, португали зэрэг колоничлогчдын хэл албан ёсных байна.
Эдгээр орнуудын хувьд барууны соёл иргэншил давамгайлсан даяаршлийн үед хэлний хувьд давуу байдал харагдавч нэг л зүйл илт дутуу, бүр маш илт дутуу байгаа нь мэдэгддэг. Тэр бол үндэсний бахархал. Замби найз Чарлес Симба маань алдарт Викторийн хүрхрээний дэргэдээс ирсэн хүн. Тэр энэ хүрхрээгээрээ л бахархана, намайг “Манай хүрхрээнд ирээрэй” гэж урина. Өөрийнхөө тухайд “Би бол англи хэлтэй Замби Улсын иргэн” гэж аяархан гэнэ. Харин би “Би бол монгол хэлтэй Монгол Улсын иргэн” гэж чанга хэлнэ.
Хэдий тусгаар улсын иргэн ч төрөлх хэлээрээ ярьж чадахгүй байгаа тэдэнд бидэн шиг улс үндэстнээрээ итгэл төгс бахархах бардамнал хүчтэй байдаггүй л юм билээ. Бид монголоор биш оросоор юм уу, хятадаар ярьдаг Монгол Улсын иргэд гээд харьцуулаад төсөөлөе. Бахархал ямар түвшинд байх бол???
Еврей нар айхтар. Тэд улс үндэстэн бие даасан хүчирхэг хөгжилтэй байхын шалтгаан бол үндэсний хэл, соёл гэдгийг мэддэг ч, мэдэрсэн ч хүмүүс юм. Тиймээс ч аль хоёр мянганы тэртээ золгүй цөллөг, нүүдлийнхээ явцад алдаж орхисон төрөлх хэлээ хуучин судрын үгнээс сэргээн босгож, хэлний шинэ статустай Израйль улсаа 1948 онд тунхаглаж чаджээ. 
Б.Номинчимэд
2010 оны 3 сар. Шинэ Дели