Saturday, October 3, 2015

Хятад, Өрнө, Монголын гүн ухаан

"... Хятадын гүн ухаан бол ёс суртхууны гүн ухаан.
Өрнөдийнхний гүн ухаан бол эд материалын гүн ухаан.
Харин Монголын гүн ухаан бол оршин тогтнохын "холыг харах" гүн ухаан болно. .."
Өвөрлөгч залуу Ж.Ялалтын ТЭНГЭРИЙН СУМ эссэ тэмдэглэл, шүлгийн номыг уншиж сууна. Сайхан хурц тодорхой, эрмэлзэл дүүрэн сэтгэдэг залуу юм аа. Уншихад урамтай байна.
.
Ард түмнүүдийн гүн ухааны сэтгэлгээ, хандлага яагаад ийм ялгаатай байна вэ???
Ялалтын энэхүү сэтгэмжийг эргэцүүлж үзвэл иймэрхүү юм бодогдож байх....
Ер аливаа ард түмэн өөрт хамгийн дутагдалтай буй зүйлсээ илүүд эрхэмлэх хандлага бий. Тэр нь ахуй соёл, сэтгэлгээний хэв маягт шингэж, улмаар гүн ухааных нь суурь болсон ч байж болох юм. Тодруулбал, харх шиг үржиж, жоом шиг амьдардаг хятад үндэстэнд хамгийн их дутагдалтай зүйл нь үеийн үед ёс суртхуун байсан. Өнөө ч тийм хэвээр... Тиймээс ёс суртхууны гүн ухаан тэдний ахуй байдлыг тэнцвэржүүлэн барьж байдаг,
Өрнөдийнхний хувьд тэд түүхэндээ дорнотой харьцуулбал ахуйдаа ямагт баригдмал, тэр хэрээрээ байнга дутагдаж ирсэн байдаг. Тэгэхээр тэдний гүн ухааны суурь хэрхэн, ямар хэлбэрээр илрэх нь тодорхой.
Харин түүхэндээ хэзээ ч хэдэн саяар тоологдож байгаагүй, үргэлжийн цөөхүүл байж ирсэн Монголчуудын хувьд хатуу ширүүн цаг агаарт, хатуу ширүүн байгалийн эрхшээл дор, бас үргэлжийн ховх сорохын ханаж цадашгүй өлөн нүдээр ширтэх хөршүүдийн дунд оршин тогтнохын чинад мөн чанарыг ухаарч мэдэрсэн мэдрэмж хүчтэй нөлөөлсөн байж болох талтай юм. Байгалийн ёс суртхуунч үнэн хуультай ямагт ойрхон Монголчуудын хувьд ёс суртхууны гүн ухаан байх шаардлага байсангүй дээ. Тэнгэрийн дор нүүдэллэх аж төрөл нь ахуйн дарамтад тэр бүр автах боломжгүй байсан нь Монголчуудыг эд материалын гүн ухаантай ч болгосонгүй.
Энэ талаар таны бодол ямар байна...???
"Уламжлал бол цэцгийн үндэс, сэтгэл бол иш нь, харин дэлбээ бол зөвхөн гадаад өнгө нь" гэж Чеченчүүд ярьдаг. Үндэс муутай цэцгийн дэлбээ хичнээн гоё сайхан байгаад яанам билээ?
.
"Хайр гэдэг бол сэтгэлийн гүнд орших цэцэг юм. Энэ хайрын тухай ил хэлбэл үг бүрийн төлөө нэг дэлбээ нь унана. Тийм болохоор энэ талаар ярихгүй байхыг хичээгтүн. Эс тэгвээс цэцэгнээс ганцхан нүцгэн иш л үлдэж мэднэ шүү" хэмээн мөн Чеченчүүд ярьдаг. 
Чечений удирдагч асан Жохар Дудаевийн гэргий Алла Дудаевагийн ярилцлагаас. 1995 он

ЗАРИМДАА ГОЛ ХАРЛАЖ, ЗҮРХ ШИРДХИЙНЭ...

Распутинаа уншиж сууна. Бидний эргэн тойрны ахуй байдлын тухай, өнөө бидний туулж гэтэлж байгаа цөвүүн янзын тухай бичиж дээ... Яг л бидний амьдрал, яг л бидний мэддэг тийм дүр төрхүүдийн тухай...
"... Хулчийчихаад, хулчийснаа ойлгоогүй... Энэ муу сайн элээнүүд нисэлдээд ирэхэд... элээнүүд нь нэг давжаа, бөөс хуурсандаа баригдсан, нусаа нийхэд нуга дарагдахаар юмнууд... тэгээд л навсайлдаж ирээд манай бүх юмыг муучилж, манай бүх юм тэнэгийн аргаар хийгдсэн, энэнийг чинь өөрөөр хийх ёстой байсан юм гэж хашгиралдаж сүйд болов шүү дээ. Тэгэхэд бид тэднийг хогийн шүүрээр шүүрдээд хаяхын оронд биднийг ҮХТЭЛ ШУЛЖ, ӨМЧ ХӨРӨНГИЙГ МААНЬ ДЭЛХИЙГЭЭР НЭГ ТАРААЖ байхад нь амаа ангайж, чихээ дэлдийлгээд байж байлаа шүү дээ. Тэгээд биднийг балгас нуранги руу хамраар маань шааж, май чи, май чи, өчүүхэн зэрлэг бүдүүлэг амьтан чи өөрийнхөө байх газраа мэд гэж байлаа шүү дээ. Тэгэхэд бид /ард түмэн/ яасан гээч. Ёстой нэг боолын боол босгоны шороо шиг тэсээд л өнгөрсөн. Зарим нь дуу гарсан ч тэр дуу нь хамраас нь цааш яваагүй. Нэг их сонин, нийтээрээ хулчийж, тэгээд бас болоогүй, бид чинь тэвчээртэй ард түмэн, бидэнд энэ бол юу ч биш, бид дахиад л хүчтэй хөрөнгөтэй болцгоочихно гээд байх шиг байгаа юм аа, бас болоогүй..." \
Распутин 1990-ээд оны эхэн дунд үеийн оросын амьдралын тухай ийн бичжээ. Бидний туулсан ч мөн адил байлаа. Арга ч үгүй юм. Нэг зам мөр дээр байсан хойно.
Бас "...Бүгдээрээ урьд нь ямар ч хууль журам, ёс заншил, ариун шүтээн байгаагүй эзгүй нутагт авчирч буулгуулсан, нэг том унаанаас дөнгөж буугаад л бие биеэ түлхэж, байр сууриа эзэлж байгаа юм шиг авирлаж байна. Яарч тэвдэж, ярдаглаж, уралцаж, аль өөдтэй юмаа булаалдаж, өөр өөрийн болгож авчээ. Гэтэл тэр нь бүх хүнд хүрсэнгүй. .. Тэгээд л НЭГЭНТ АВСНЫГ НЬ АВСНААР НЬ ҮҮРД ХАМГААЛЖ ҮЛДЭХ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗОХИОЖ ГАРАХ ШИВ ДЭЭ..."
.
Үнэхээр л Распутиний зохиолдоо дүрсэлсэн 1990-ээд онд Монголд ч бас ийм л юм болж өнгөрсөн дөө, одоо ч үргэлжилж л байна даа. Элээ шиг юмнууд навсайлдаж орж ирээд л, ардчилал гэдэг чинь ийм юм байдаг юм, чи дуугүй бай, битгий хуцаж уль, чөлөөт зах зээл чинь ийм байдаг юм, чи мэдэхгүй байна, та нар хоцрогдсон, юун сайхан сэтгэл, өрсөлдөөн гэдэг чинь өрсөхийг хэлдэг юм, хэн амжсан нь хожоод амжаагүй нь хохь нь болдог юм. Тэр ядарсаныгаа харж үзнэ гэв үү, битгий солиор, та нар хуучин муусайн коммунистууд, дуртайгаараа чи тэр ядуусаа харж үз, чамаас коммунизм ханхалж байна, үхэж далд орморууд, та нар ардчиллыг гутааж байна. Шударга ёс гэдэг чинь өрсөлдөөнд дунд байдаг юм, ардчилал гэдэг чинь хэн чанга хашгирсан нь үгээ бусдад сонсгохыг хэлдэг юм гэж ирээд л... Тэгсээр байгаад нийгмийн доторхи иргэдийн бие биедээ итгэх итгэлийг ховх сорж орхисон. Нийгэм атомжиж, нийгмийн сэтгэлзүй тийм гэх тэмдэггүй болтлоо задарсан. Бүгдээрээ нэг зүйлийг сайн гэвэл түүн шиг тэнэг юм байхгүй, ганцхүү хуарангийн социализмд л тийм байсан гэж хашгичсаар байгаад үндэстний нийтлэг үнэт зүйл, эрхэмлэлийг байхгүй болгож орхисон. Тэгээд хэн ч бай хамаагүй, бурхан ч бай ялгаагүй нулимж байдаг болсон. Зөвхөн манай намынх, танай намынх гэдгээрээ л ялгагдана. Өнөөдөр монголчуудад Чингис хаанаас өөр өөдтэй хүн байхгүй болсон. Бүгд нэг нэгэндээ хог новш. Арай л Чингис хааныгаа харааж зүрхлэхгүй байна. 
Тэгээд зогсохгүй, хүчтэй төр гэдэг чинь утгагүй юм, төр хүчтэй байх хэрээрээ чөлөөт зах зээлийг боомилдог юм гэж гуагчиж байгаад төрийг хамаг олхиогүй юмнуудаар дүүргэчихээд, тэр далимд нь дураараа дургиж гарсан. Ядарсаныг нь үхтэл шулж, сарын 150 000 төгрөгөөр гэдсээ, ар гэрээ тэжээ гээд хог дээр шидэж байна, ажил хайж яваа залуу охидыг 12 цаг оёдлын машины ард бөгтийтөл суулгачихаад өдрийн 3000 төгрөг өгч байсан түүх өчигдөрхөнийх. Түүнийхээ араас арчаагүйдээ ядуу байгаа юм гэсэн онол гаргаж, луйвардсан, дээрэмдсэн, түрэмгийлсэн арчаагүй явдлууддаа ёс суртхууны цагаатгал, гүн ухааны утга оруулах гэж оролдож байлаа. Хүний нийгэм бол чонын нийгэм, тиймээс хүүхдээ чоно шиг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй хэмээн өөр хоорондоо ил цагаан цэцэрхэлцэцгээж байлаа. 
Монголын баялагийг, олон түмнийг хуурч, шулж, авилгалдаж олсон хөрөнгөө тэрбум тэрбумаар нь гадагш нь цацаж байлаа. Давраад улс эх орны үндсэн нөөцийг хүртэл, газар шороогоо хүртэл зарж байна. Түүнээ ганц олдох амьдралаа л сайхан байлгах нь ХҮНИЙ ЗАЯАМАЛ ЭРХ гэдгээр хаацайлж байх юм даа. Одоо сүүлдээ байчихаад хулгайлсан, луйвардсан өөрсдийгөө хууль гаргаж өршөөдөг, хулгайлсан, луйвардсан зүйлсээ хууль гаргаж хуульчилдаг болж байх юм... 
Бичвэл мөн ч их юм байна даа... Заримдаа гол харлаж, зүрх ширдхийнэ.
Распутин гэж...

Ганц нэг содон үгс...

- ГИЛБЭЛГЭЭН - намар цагийн тэнгэрийн хаяа руу цахилж буй дуугүй цахилгаан
- ГУЙГУУР - үнэн үгээ хэлдэггүй хүн /нээрээ яг ийм хүн байдаг шүү/
- ГЭЭМЭЛ - ангаахай болохгүй өндөг
- ГАНИРАЛ - солиорол, галзуурал, агсам, догшины нэг төрх
- ГЯРГА - харин энэ юу юм бол????

Энэ долоон НҮГЭЛ долуулаа бидэнд хэмжээнээсээ хэтэрчихээд байгаа шүү... SOS!!!

1. ХӨДӨЛМӨРӨӨР ОЛООГҮЙ БАЯЛАГ. /Авилгал, луйвар, соёлтой дээрэм хэрээс хэтэрсэн. Авилгалын орчинг ойлгохын тулд бүхэл бүтэн толь барьж ярих хэмжээнд очтолоо нууц хэллэгүүдтэй болсон/
2. УХАМСАРГҮЙ ЦЭНГЭЛ /мал адгуус мэт биеийн цэнгэлийг амьдралын цор ганцхан бах цэнгэл мэт үзэх хандлага их болсон. Үүнд хятад мэт хэт хоолонцор хандлага, гоё сайхан хувцас, тансаг хэрэглээ, амар хялбар амьдрал, утга учиргүй бэлгийн дон, хэтэрсэн их найр, зугаа/
3. ХӨНДИЙ ХООСОН МЭДЭМХИЙРЭЛ /Үнэхээрийн мэддэг хүн ховордож, дүрэмдэж, мэдэмхийрсэн нь олширсон. Тэгээд дээр нь мэддэгийнхээ үгийг ер огт тоож сонсохгүй/
4. ЭРХЭМЛЭХ СУРТАХУУНГҮЙ АРИЛЖАА /арилжаа наймааг зөвхөн цор ганц ашиг гэдэг утгаар нь хардаг. Ашиг л олж байвал тэр цаана нь хэн хохирч, хэн гутарч, нийгэм бултаараа алдаж байгаа эсэх нь огтхон ч хамаагүй гэсэн хэт явцуу сэтгэлгээ их бий болсон/
5. ЭНЭРЭХҮЙГ ГЭЭСЭН ШИНЖЛЭХ УХААН /Шинжлэх ухааны эцсийн зорилго нь хүн төрөлхтний тусын тулд юм. Харин өнөө ШУ-ы их хүчийг ашиглан цөөнхийн эрх ашгийг илт давамгай ялган гаргах хандлага маш хүчтэй өрнөж байгаа, ялангуяа нийгмийн салбарт харгис үзэл онолууд газар авсан./
6. БИЕ СЭТГЭЛЭЭ ӨГӨӨГҮЙ ШАШИН /Аль ч шашинтнууд, түүн дотроо манай буддын шашинтнуудын дотор бүр ч илүү түлхүү анзаарагддаг зүйл нь шашины энэрэнгүй ариун мөн чанар, буяны, бусдын тусын тулд бус зөвхөн хувь өөрийнхөө аж төрлийн тусын тулд үйлдэх ёс бус явдал хавтгай./
7. БАРИМТЛАХ Ч ЗАРЧИМГҮЙ УЛС ТӨР /Энэ ч бүр их даамгай болсон. Манай улс төрд ямар нэгэн изм байтугай ямар нэгэн зарчим, дүрэм ч байхгүй. Зөвхөн хуйвалдаан л гэж бий. Тэр хуйвалдааны тоглоомын дүрэм нь тухайн нөхцөл байдал бүрд хувьсан өөрчлөгдөж байдаг. Хамгийн сүүлийн жишээ нь 6 сайдын явдал, Эдийн засгийн ил тод байдал, Өршөөлийн хууль гэх мэт, арвин баялаг жишээ баримт бий дээ./
Өнөөдөр улс төрийг өөрчлөх, төр улсыг шинэчлэн засах тухай их ярьж буй. Бараг л юуг өөрчлөх вэ гэдэг суурь нь энд байж байх шиг байна даа...

ӨВӨРЛӨГЧИД ЯАГААД БИДЭНТЭЙ НЭГДЭЭГҮЙ ТАЛААРХ НЭГЭН ХУУЧ...

"Чөлөөлөх дайнд Ар Монголын арми Өвөр монголчуудаа чөлөөлж, нэгтгэж авна гэсэн бат бодолтой хил давж байлаа. Тийм ч ухуулга сурталчилгаа их хийсэн дээ. Царцаа онгоцоор цацсан ухуулах хуудаснууд цас шиг бударч харагддаг байлаа. Тэр ухуулах хуудаснууд ерөнхийдөө "Өвөр Монголын ахан дүү нар аа. Та бүхэн Ар Монголтойгоо нэгдэгтүн. Ноёд, баядгүй, хувалз болсон ламгүй, ардын эрхтэй, нийгэм журмаараа амар сайхан жаргацгаая" гэсэн утгатай... Манай цэргийн комиссаруудаар ч их ухуулга хийлгэдэг байлаа. Хэсэг хэсэг болоод явцгаадаг. Өвөрлөгч ардууд ч биднийг байгаагаа дэлгээд угтдаг байв. 
Гэтэл Өвөр Монголыг чөлөөлж дууссаны дараа өвөрлөгчид өөрсдөө цаашаа эргэчихсэн юм. Өвөр Монголчуудын дунд нэг санал асуулга маягийн юм болсон юм гэнэ билээ. Тэгсэн зарим нь бид тусдаа байна, бас зарим нь бид Дундад их улстай байна гээд цаашаа санал өгчихсөн байсан гэсэн. Маш цөөхөн Баргууд л Ар монголтойгоо нийгэм журмаараа байна гээд наашаа орж ирсэн. Өвөрлөгчидийг тэгэж хуугаараа цааш эргэхэд дээрх ухуулах хуудас их нөлөөлсөн байх гэж би боддог юм. Ноёд, баяд, ламгүй байна гэхээр зэрэг өнөөх өвөрлөгчидийн ноёд, баяд, лам нар нь бид Ар Монголтой нийлэх юм бол бүгдээрээ толгойгоо авхуулах юм байна, бүгдээрээ буудуулах юм байна гэлцээд олон ардаа ухуулах нь ухуулаад, дарамтлах нь дарамтлаад, захирах нь захираад цаашаа эргэчихсэн юм гэдэг. Тэд ардууддаа "Бид хэрвээ Ар Монголтой нийлэх юм бол бүгдээрээ бурхан шүтээнээ хурааж тавьчихаад, затуур замбараагүй, засаг захиргаагүй болоод, орос эхнэрийн сүүг хөхөцгөөж, салтаанаас нь адис авах юм байна" гэж ухуулга хийж байсан юм гэнэ билээ. Тэгээд л бүгд цаашаа эргэчихсэн дээ. Тэр үед чинь өвөрлөгчид чинь хамжлагат ёс нь яг хуучнаараа байсан юм шүү дээ. 
Өвөр Монголчуудын энэ цаашаа эргэснийг хятадууд ашиглаад, өвөр монголчууд Дундад Улстайгаа байна гэж байна, баталгаа нь энэ байна гээд Сталин багшид илтгэл бичээд зүтгэчихсэн юм гэдэг. Тэгсээр байгаад авчихсан, тэгээд л бид өвөрлөгчидөө алдчихсан юм. Уг нь бид тэднийг чөлөөлөх нь ч чөлөөлчихсөн л дөө... 
Дараа нь Мао дарга Сталин багштай уулзах болгондоо Өвөр Монгол Гол улсдаа нийлчихсэн, одоо Ар Монголоо нийлүүлж авна гэдэг байж. Сталин багш сүүлдээ арга ядаад, тэгвэл "Ар Монголчуудаас өөрсдөөс нь асуу. Тэд Өвөр Монголчуудийн адилаар танайтай нийлнэ гэвэл бид татгалзахгүй" гэсэнд Мао маш их баярлажээ. 1945 оны намар Өвөр Монголчууд өөрсдөө саналаараа Дундад улстай нэгдэнэ гэсэнтэй адил, тэдний жишгээр Ар Монголчууд ч бас Дундад Их Улстай нэгдэнэ байх гэж их итгэж байж... Сталин багш эцэг Чойбалсантай уулзахдаа "Мао ингээд байна, та хэд санал асуулга хийх болж байна, яах вэ?" гэсэнд эцэг Чойбалсан "Санаа зоволтгүй ээ. Бид одоо тусгаар тогтнолын болоод нийтээрээ нийгэм журмаар байхын давуу талыг маш сайн ухамсарлан ойлгодог болсон. Өвөрлөгчидийн гашуун түүхийг яагаад ч давтахгүй" гэсэн юм гэнэ билээ. Тэгээд Ар Монголд Тусгаар тогтнолын санал асуулга болж, бид чинь бүтэн сар гутлаа тайлалгүй хөдөөгүүр ухуулга хийгээд явж билээ." гэж энэ Чөлөөлөх дайны үед цэргийн тагнуулын салаанд алба хааж явсан аав маань ярьдаг байв. Зарим нэгэн яриаг тодруулав. 
Түүхэн баримтууд сөхөж үзвэл энэ яриа бас огт ор үндэсгүй биш л юм билээ дээ. Гэхдээ нарийн нягталж тодруулах зүйл бишгүй байх. Тухайлбал, Чөлөөлөх дайны үед болон дараах он жилүүдэд Өвөр Монголд ямар ямар үйл явдал болж байсныг бид тэр бүр нарийн судалж байсангүй. Сайн ч мэдэхгүй. Зөвхөн өөрсдийн талаас л энэ түүхэн үйл явдлыг үнэлж дүгнэж ирсэн. Нөгөөтэйгүүр өвөрлөгчидийг цааш нь түлхсэн буруу сурталчилгаа хийж тактикийн алдаа гаргасан талаар манай нам, түүхийн номуудад яагаад огт байдаггүй талаар ч судлах хэрэгтэй юм. Энэ маш том алдааг бодлогоор нуун дарагдуулсан ч байж болох. Эсвэл үнэхээр түүхэн үйл явдалд нөлөөлөхүйц чухал ач холбогдолгүй байв уу? гэх мэт... 
Энэ яриаг бататгах мэт мөн нэг ийм яриаг хожим сонссон болно. 
Академич Б.Ширэндэв гуай галд хайлж одсон МАХН-ын цагаан байрны гурван давхарт байх танхимд 1997 оны хавар залуустай уулзалт хийхдээ мөн ийн дурсаж билээ. 
"... 1945 оны сүүлээр Тусгаар тогтнолын санал асуулга болохын өмнөхөн Хятадаас нэг том сайд нь /сайдын нэрийг тодорхой хэлж байсан/ гурван вагон бэлэгтэй Улаанбаатарт буусан юм. Тэд үндсэндээ ТТ-ын санал асуулгын дүнгээр Ар Монголчууд Дундад улстай нэгдэнэ гэдэгт маш итгэлтэй байсан. Өмнөхөн нь Өвөр Монгол хятадад нэгдчихсэн байсан. Тэр жишээ давтагдана гэж тэд итгэлтэй байв. Тэгээд хятадуудын хувьд маш том энэ түүхэн үйл явдлыг тэмдэглэж Улаанбаатарт хөлтэй найр хурим хийх, Ар Монголын ЗАРИМ /зарим гэдгийг зориуд онцолж хэлж байв/ том хүмүүст их хэмжээний бэлэг өгөх төлөвлөгөөтэй байж. Тэгтэл ТТ-ын санал асуулгын дүн тэдний бодож байснаас таг эсрэг гарсанд бүр шоконд ороод, 3 вагон бэлгээ лацтай чигт нь буцааж аваад явсан даа... Зөвхөн Улаанбаатарт ирсэн Хятадын төлөөлөгчид төдийгүй хятад даяараа шоконд орж байсан үе байлаа... Харин бид энд Монгол даяараа хөл газарт хүрэхгүй баярлан хөөрч байв. Би тэгэхэд тэр ТТ-ын санал хураах комиссын Нарийн бичгийн даргаар ажиллаж байв" гэж.... 
Б.Ширэндэв гуайн энэ ярианы бичлэг 7 сарын нэгний галд хайлчихаагүй бол хуучнаар МАХН-ын Төв Архивт хадгалагдаж байх учиртай. Өөр олон нарийн ширийн зүйлс ярьсан. Энэ ярианы тэмдэглэлийг би өөрийн гараар хийж, Намын архивт шилжүүлж байлаа. Арваад хуудас болж байсан...
Б.Номинчимэд

ШИНЭ ХЭЛЦ ҮГС ба ТЭДГЭЭРИЙН ТАЙЛБАРУУД


Манай амьдрал үргэлж сонирхолтойгоор өрнөн баяжиж байдаг. Түүний нэг жишээ бол улстөрийн хүрээнээс нийгмийн хэрэглээ рүү олон шинэ содон хэлц үгс түрэн орж буй явдал юм. Тухайлбал:
- АКУЛ - жижиг болон дунд шатны авилгалчидаа сорж томорсон, улс төр, санхүүгийн томоохон бүлэглэлийн маш их нөлөө бүхий этгээд...
- АРВИНДАХ - Хамгийн чангаар зарчим гэж хашгирах атлаа хамгийн зарчимгүй завхай явахыг хэлнэ.
- БААБАРДАХ – эсрэг тэсрэг хоёр баримтын нэгийг нь тас дарж, нөгөөг нь өргөн мандуулж, тархи угаах үзэгдэл...
- Б... ДОЛООГЧ - уг нь энэ хэлц үг учиргүй зусардан бялдуучлагч гэсэн утгатай хуучин үг. Гэвч одоо шинэ утгаар баяжсан нь учиргүй зусардан бялдуучлаад зогсохгүй эргээд тэр долоосон зүйл рүүгээ хайр найргүй өргөстэй модон гадас шаагчдыг хэлнэ.
- ДАВХАР ДЭЭЛ - чаддаг чаддаггүйгээс үл хамааран төрийн өндөр албан тушаалыг хавсарч хаших...
- ДЭМБЭРЭЛТЭХ – шууд тулгаж мэлзэхтэй төстэй үйлдэл. Гэвч мэлзэх гэдэг бол бодит байдлыг шууд үгүйсгэхийг хэлдэг, тухайлбал: тухайлбал “Та ингэж хоцрох ёстой юу” гэсэн асуултад “Би огт хоцроогүй” гэж зүтгэж буй бол тэр мэлзэх болно. Харин энэхүү хэлц үг нь “Тийм, би хоцордог. Угаасаа л хоцордог юм” хэмээн бодит байдлыг шударгаар хүлээн зөвшөөрч буй мэт атлаа түүнийг шууд бүхэл утгаар нь хариу үгүйсгэж буй, ер нь тайлбарахад хэцүү, урьд өмнө бараг байгаагүй маш сонин үйлдэл болно. Хэл шинжээчид хэрхэн тайлбарлах талаар одоохондоо санал нэгдээгүй байна.
- НАМБАР ВАН - зохиогүй чимэг гэдэгтэй ойролцоо утгатай, магтуулсаар бодит байдлаас хэт тасран хоосон вакумд орсон хүнийг хэлнэ...
- ОЙМСЫГ НЬ ГОЗОЛЗУУЛАХ - авилгал авсан нөхдүүдийг хүчний байгууллага хүч хэрэглэн хэцүү нэртэй газар луу олны нүдэн дээр сүр дуулиантайгаар авч явах үзэгдлийг нэрлэнэ.
- ОЙМСОНД ХАВЧУУЛАГДАХ – оймс гозолзуулах гэх мэт нийгмийг нийтэд доргиосон шуугиантай ч урхагтай үйл явдлын үр дүнд азаар гэнэт од болон тодрох...
- ОРОНДОО ХУУЛЬ ЗАСАХ – хэтэрхий гаргасан идэвх чармайлт нь өөрийнх нь хүзүүг ороон шахамдуулах үзэгдэл
- САЙДЫН ДАМЖАА - мэргэжил, туршлага, ажлын чадвар харгалзахгүйгээр богино хугацаатайгаар Төрийн сайдын албыг ээлжлэн хаших...
- САЙХАНБИЛЭГДЭХ – маш ойлгомжтой, мэдээжийн зүйлийг гэнэт асуух...
- САНЗАЙДАХ – улс төрийн хүчний захиалгаар шүүхийн шийдвэрийг хүчээр мугуйдлан гаргах
- ХОШГОРУУЛАХ – нэн эмзэг сэдвийг ашиглан уран яруу илтгэж, зарим тохиолдолд илэрхий худал амлаж, хууран мэхлэх замаар олныг доргион хөөргөх үзэгдэл. Уг нь тарвага гэдэг амьтныг анчид агнахдаа үнэг, чоно мэтийн амьтантай төстэй хувцаслан, элдэв марзан маяг хөдөлгөөн үзүүлэн хошгоруулж байгаад хулхиар нь нам буудан агнахыг хэлдэг..
- ХОШГОРОХ - юуны ч учрыг олоогүй атлаа дагаж хөөрөх үзэгдэл.
- ХҮРЭЛСҮХДЭХ – аливаа шийдвэрийг шууд нам цохин унагах үзэгдэл...
- ЦАВЧИХ - авилгалын нэг хэлбэр. Төсвийн зардлыг үндэслэлгүйгээр өндөр тавьж, тэндээсээ албан тушаалтнууд хэсэглэн хувааж авах үзэгдэл.
- ЦӨӨВРҮҮД - тодорхой итгэл үнэмшлээр бус, хоолоо олж идэхийн тулд л ямар нэгэн намыг улайран дагагч, дэмжигч залуус...
- ЦЭНДДООДОХ – аливаа хурц асуудлыг маазруулан дүйвүүлэх замаар саармагжуулах...
- ЧАД ХЭЛ /нэр үг/ - авилгалчдын хоорондоо ярьдаг тусгай хэл хэллэгүүд, түүнийг дагасан ойлголтууд...
- ЧОЙЖИЛДУУЛАХ - Хууль бус зүйл үйлдэж байгаад улаам цайм гардуулж, том алаг нүд эргэлдүүлэх үзэгдэл..
- ХАР МАШИН гээд нэг учир битүүлэг, нууцлаг, үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлийг дотроо агуулчихдаг, хэзээ ч нууц нь тайлагддаггүй учир маш их хардлага, зовлон үлдээдэг зүйлийг хэлдэг байна.
- БАРУУНЫ ТЭЖЭЭВЭРҮҮД -
- ЦОНХНЫ ЦААНААС МӨХӨӨЛДӨС ДОЛООЛГОХ -
- ГЭХ МЭТ-ээр үргэлжилнэ. Одоо сонгууль ойртож буй тул улам бүр нэмэгдэх буй заа...
ЖИЧ:
Би энэ үзэгдлийг сайшааж, дэлгэрүүлж, сурталчилж байгаа юм биш шүү, харин ч эдгээр үгийн цаана байдаг ёсон бус явдлуудад эгдүүцэж, түүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн шүүмжилж буй хэлбэр маань энэ. ШОГЛОЛ ч гэх юм уу даа...

БАБАР БА РАНА САНГА


Моголын хаан Бабар Дели, Аграг амжилттай байлдан дагууллаа. Умарт Энэтхэгт нэвтрэн орсныхоо дараа Бабар түүнийг сөрөн зогсож байсан Энэтхэгийн бусад вант улсуудын хаадтай, бас Энэтхэгт санаархаж байсан гадны хаантай халз тулах болов. 
Ражпутчууд бол эрэлхэг зоригтой, эрх чөлөөнд дуртай, нэр төрөө эрхэмлэгдэг хүмүүс билээ. Меварийн Рана Санга Ражпутын олон овог, ванлигуудыг Бабарын эсрэг нэгтгэн тэмцэв. Тэр харийн монголчуудыг Энэтхэгээс зайлуулахыг хүсэж байлаа.
Рана Санга нь аугаа дайчин байгаад зогсохгүй ариун шударга, энэрэнгүй нинжин хүн байжээ. Шийдвэрлэх тулаанд ялагдаж, түүнд олзлогдсон Мандугийн Махмуд Султанд тэрбээр хаанд улсыг нь буцааж өгч байсан түүхэн баримт нь түүний хичнээн ариун нинжин хүн болохыг илэрхийлнэ.
Рана Санга тулалдаанд нүдээ сохлуулж, гараа тасчуулсан ажээ. Тэр мөн биедээ асар олон илд, сумны шархтай нь түүний аймшиггүй эр зоригтой болохыг харуулна. Хэдий ийм олон шарх сорвитой, өрөөсөн нүдтэй, нэг гартай ч тэр үүнийг үл тоож, дайн тулаанд аймшиггүйгээр дайран ордог нэгэн байв.
Бабар хаан 210 000 цэрэг бүхий Рана Сангагийн хүчирхэг армитай эрэгчин эмэгчнээ үзэх ёстой болов. Тэр Рана Сангаг хялбархан ялахгүй гэдгийг сайн мэдэж байв. Бабар ялахаас өөр гарц, арга зам байхгүй гэдгийг цэргүүддээ мэдүүлэхийн тулд цэргүүдийнхээ эр зоригийг бадраасан, ялалтын итгэл урам өгсөн нэгэн зүйл хийжээ. Тэр ялах хүртлээ дарсанд огтоос хүрэхгүй хэмээн тунхаглав. Тэгээд бүх дарсийг асгуулжээ.
Цэргүүд эзэн хааныхаа энэ үйлдэлд ихэд зоригжин, дайтан тулах хүч чадал нь үлэмж нэмэгдэв гэнэ. Тэд Аграгаас холгүй Хануагийн тулаанд Ражпуудын эсрэг бүгдээрээ маш эрэлхэгээр тулалджээ. 1527 оны 3 сарын 10-нд болсон энэхүү Хануагийн тулаанд Рана Санга Бабарт ялагдлаа. Дараа нь Бабар 1529 оны 5 сарын 6-ны Гхагра голын тулаанд Махмуд Лодийг ялав. Ингэснээр Бабар умард Энэтхэгийн томоохон хаант улсуудыг эрх мэдэлдээ авав. Тэр бол маш сайн хаан байсан билээ. Гэвч тэр өрсөлдөгчидтэйгээ хийсэн энэ мэт тулалдаануудад хүч чадлаа дахин дахин шавхсан учир улс орноо хүчирхэг болгон хөгжүүлэх боломж цаг хугацаа хомс байжээ.
Ерөөс Бабар Энэтхэгт тийм ч дуртай байгаагүй юм. Тэр үргэлж төрөлх эх нутгаа санан гиюүрдэг байв. Тэр Энэтхэгийн цаг агаар, хүмүүст тийм ч дуртай байгаагүй, гэвч тэр тэдэнд шударга хандаж, сайнаар удирдан жолоодож байсан билээ. Түүний хаанчлал богинохон байсан ч төрийн тогтолцооны хувьд маш үр дүнтэй байв. Бабар Агра хотыг нийслэлээ болгожээ. Түүний хаанчлалын өмнө байсан хотуудаас хамгийн том нь Агра байв. Тэр эхнэр Муссамат Кабули Бегамдаа зориулан Кабули Багх сүмийг босгожээ.

Дэ Вангийн үйл амьдралын товч


- 1925 онд Дэмчигдонров ван Тянжинд хүрч, Чин улсын сүүлийн хаан Пү И-д бараалхан түмэн лан мөнгө өргөжээ. Пү И-гийн дүүд ч мөн сайн агт хүргэж харилцаагаа чангатгав. Тус жил Бээжинд хүрч, Сүй Шү Жаныг эсэргүүцэх хуралд оролцоод түр цагийн зөвлөлийн хорооны зөвлөгчөөр сонгогджээ. Буцаж ирээд “Хошуу засгийг өөрчлөх” арга хэмжээг дурдан, Монгол хошуудыг сахин хамгаалах зэвсэгт хүчнийг өргөтгөн, малжих орны сургууль, эмнэлэг болон ноосон нэхмэлийн үйлдвэрийг байгуулжээ. 
- 1926 онд Дэмчигдонров ван Замын-Үүдээс Чуулалт хаалга хүрэх замыг хамгаалах 500 гаруй хүнтэй цэрэг ангийг байгуулж, Цахар хошуу захирагч сайдын яамнаас жил бүр 4000 лангийн мөнгөн татвар авах болов. 
- 1929 онд Дэмчигдонров ван Цахар мужийн засгийн ордны гишүүнээр томилогдов. Тэгээд Банчин богдыг дагаж, Мүгдэнд очоод Жин Сүй Лүйтэй уулзаж зэр зэвсэг олох асуудлыг хэлэлцэв. Жич монгол залуучуудын намын тэргүүн байсан хүнтэй уулзахад тэр “Олон хошуутай хамтарч зоос мөнгө цуглуулан монгол газар Банчин богдод сүм байгуулан өгч, өвөр монголд суулган шашны тэргүүлэгч болговол сүсэг бишрэлийн төв буй болж, манай монголын үйл явдлыг эрхлэн хийхэд ихээхэн дэмтэй явдал болно” гэж сануулав. Энэ үг нь Дэмчигдонров вангийн санаанд ихэд нийцэж, Шилийн голдоо ирсэний дараа эл хошуудаас мөнгө цуглуулан Сөнөд баруун хошуу болон баруун үзэмчин хошуунд Банчин богдын сүм хийдийг байгуулж эхэлжээ. 
- 1930 онд Ян Си Шан бараа бологчоороо нууцаар захидал өвөртлүүлэн БНМАУ-д зарж явуулав. Тэд Сөнөд баруун хошуугаар өнгөрөн гарахдаа Дэмчигдонров вангийн харуулуудад баригдан, нууц захидлыг нь нэгжин олжээ. Энэ захидлыг нь Дэмчигдонров ван Цахар мужийн тэргүүлэгч Лүй И Пүй болон Жин Сүй Лингээр дамжуулж Гоминданы засгийн газарт мэдүүлээд Чан Кай Ши-д итгэл хүндийг ихэд олов. 
- 1931 онд Шилийн гол чуулганы дарга Содномравдан тушаалаасаа буусанд Дэмчигдонров ван чуулган даргын орлогч болж, их эрхийг гартаа авав. Чан Кай Ши бараа бологч Гүй Янг Чинг зэрэг гурван хүнийг Сөнөд баруун хошуунд илгээж, Дэ вантай уулзуулав. Эдгээр хүмүүсийг Дэ ван тун дотноор зочилсод тэд ихээр баярлаж, Чан Кай Шид цахилгаан мэдээ илгээж байжээ. Түүндээ “Хожмын Монголын үйлсийг бүтээх хүн бол Дэмчигдонров болно” гэж мэдүүлэв. Тэд буцаж хариад дэмий удсангүй Дэмчигдонровыг Чан Кай Ши урьжээ. Дэмчигдонровыг хүлээн авч уулзаад “Монголын амарийг хамгаалах Ерөнхий хянагч” хэмээх нэр төдий тушаал өшсөнд Дэмчигдонров дургүйцээд “Би хороон даргатай уулзахаар ирснээс биш зэрэг тушаал олохоор ирсэнгүй” гээд эс хүлээн авав.
- 1933 онд Дэ ван Сөнөд баруун хошууны Вангийн ордоны баруун сууринд монгол боловсон хүчин болох сурагчидийн анги байгуулж, ... Бээжингээс авчирсан сурагчид хийгээд эл хошууны чуулганаас томилон ирүүлсэн 70 гаруй монгол залуусыг энэ ангид боловсрол хийлгэв. Тус жилийн 7 сард Дэ ван Банчин богдын дэмжилгээр Улаанцавын Батхаалгад чуулган дарга Ванданванчигтай уулзаж, “Өвөр Монголын дээд хэмжээгээр өөртөө засах”-ийг зөвлөв. Тэгээд 10 сард нь Батхаалгад Шилийн гол, Улаанцав, Цахар, Их зуу зэрэг чуулганы ван гүн нарыг цуглуулан их хурал хуралдуулаад “Өвөр Монголын өөртөө засаг Засгийн газрын зохион байгуулалтын ерөнхий хөтөлбөр”-ийг баталжээ. 
- 1934 онд Дэ ван ”Монголын засгийн явдлын хурал” байгуулагдсаныг албан ёсоор тунхаглав. Тэгээд Улаанцав чуулганы дарга Ванданванчигийг даргаар, Шилийн голын чуулганы дарга Содномравдан, Их зуугийн чуулганы дарга Шагдаржавыг дэд даргаар тус тус томилов. Мөн жил Япон цэргийн тагнуулын газраас Дэмчигдонров ванд Радио хүлээн авагч, цахилгаан мэдээний машин бэлэг болгон хүргэсэн бөгөөд 2000 хурдан буугаар дэмжин туслав. 
- Бас 1935 онд Японы тагнуулын газраас Дэмчигдонровт бас нисэх онгоц нэгээр, кино зургийн аппарат, кино гаргах аппарат нэг нэгийг бэлэглэн өгөв. Тус жил япон цэргийн штабын дэд дарга Итагари баруун Үзэмчин хошуунд ирж, Дэмчигдонровтой уулзаж, “Монголын тусгаар тогтнол”-ын тухай ярилцав. Тэрчлэн Дэмчигдонров Чанчунд очиж Япон цэргийн дарга Миними Жирү зэрэг хүмүүстэй “Япон, Монгол хамтран ажиллах” тухай бодитой хэлэлцээ хийв. 
- 1936 онд Хятадын эв хамтын намын явуулгаар “Монголын Засгийн явдлын хурал”-ын сахин хамгаалах ангийн салаан дарга Ян Зүй Си зэрэг хүмүүс мянга гаруй дарга байлдагчаа дагуулан Дэмчигдонровоос урвав. Ингээд Дэмчигдонровын хүч ихээр буурсан боловч Японы дэмжлэгээр “Монголын цэрэг, засгийн газар”–ыг байгуулж, цэргийн хүчийг өргөтгөн хоёр арми, есөн дивиз байгуулсан бөгөөд зэр зэвсэг, зардалыг нь цөм Японы талаас хангаж байв.
- 1937 онд Японы цэргийн штабын дарга Тучитийн механикжуулсан цэргийн ангийн дэмжлэг дор Дэмчигдонров Хөххотыг эзлээд “Монголын өөртөөн засах холбоот засгийн газар”-ыг байгуулав. Дараа нь Япон тагнуулын газраас “Монголын өөртөө засах холбоот засгийн газар”-ыг “Цахарын өмнөдийн Өөртөөн засаг засгийн газар”, “Шан шигийн умарт хэсгийн өөртөө засах засгийн газартай” нийлүүлж, “Монгол хязгаарын холбоот хурал” гэж өөрчилж байгуулав. Дэ ван Хятад, Монгол хоёрыг хольж байгуулсанд дургүйцэв.
- 1938 онд “Монгол хязгаарын холбоот хурал”-ын төлөөлөгчийн нэрээр Дэмчигдонров ван японд айлчлав.
- 1939 онд Дэмчигдонров ван “Монгол хязгаарын холбоот хурал”-ын нэрийг “Монгол хязгаарын өөртөөн засах холбоот засгийн газар” хэмээн өөрчилж, өөрөө тэргүүлэгч болсон байна. 
- 1940 онд хоёрдахь удаагаа Японд айлчилж, Эзэн хаан лугаа уулзаж, хүндэтгэн биширч байгаа сэтгэлээ илэрхийлэв. 
- 1941 онд Дэмчигдонров ван Японы хүсэлтээр “Монгол хязгаарын өөртөө засах засгийн газар”-аа “Монголын өөртөө засах улс” хэмээн өөрчлөв.
- 1944 онд Дэмчигдонров ван нэг талаар цэргийн хүчээ өргөтгөн, нөгөө талаар Зүүн Монголын Манибадар, Цогбадрах нартай уулзах, зүүн баруун монголыг нийлүүлж, “Монголын өөртөө засах улс”-ыг байгуулахаар оролдов.
- 1945 онд Япон үг дуугүй бууж өгөхийг дагалдан Дэмчигдонров вангийн “Монголын өөртөө засах улс” ч сүйрэн унажээ. Ийм байдалд Дэмчигдонров ван дахин гарах зам олохоор умарш Орос, Монголын цэрэгтэй холбоолж, өмнөш Гоминданы засгийн газартай бас харилцав. Орос, Монголтой харилцсан явдал нь бүтсэнгүй учир Дэмчигдонров ван Чүнчинд очиж, Чин Кай Ши-тай уулзаад Өвөр Монголын байдлыг тусалж, “Монголын дээд хэмжээгээр өөртөө засахыг зөвшөөрөх болов уу?” хэмээн гуйжээ. Тухайн үед монголыг ашиглах боломж хэрэгцээгүй байсан тул энэ гуйлтыг эс зөвшөөрсөн болохоор Дэмчигдонров ван Бээжинд ирээд Америкийн элчинтэй холбогдов. 1945-1948 он хүртэл Дэмчигдонров ван Бээжинд гурван жил “нуугдан суух”-даа Америкийн Далайн цэргийн тагнуул Ли Жиан Шүнг хийгээд Элчин сайд Стюард зэрэг хүмүүстэй уулзаж, Монголын тусгаар тогтнолын тухай зөвлөлдөв.
- 1949 оны 1 сард Бээжинг чөлөөлөгдөхөөс өмнөхөн Дэмчигдонров ван Нанжинд дутаан очиж, Чинхай Ши болон Ли Чүн рүн нартай тус тус уулзаж, Өвөр Монголын хямралын тухай мэдүүлсэн бөгөөд Өвөр Монголын баруун хэсгийн чуулган хошуудад очиж, “Өөртөө засах хөдөлгөөн” өрнүүлэхээр бодож байгаагаа хэлжээ. Тухайн үед Эв хамт нам яг баруун тийшээ нөлөөгөө өргөтгөж байгаа учир тэдний зөвшөөрлийг олж, Гуанжугаас Ланжүд нисэж ирээд Алшаагийн засаг Чин ван мөн Монгол Төвдийн хошуудын хурлын тэргүүн, гоминданы шинэ гуравдугаар дивизийн дарга нартай уулзаж “Монголын өөртөө засах” тухай зөвлөлдөжээ. 4 сард Дэмчиндонров Баян хотод нисэж ирээд “Өвөр Монголын эл чуулган хошуудын төлөөлөгчдийн хурал”-ийг хуралдуулж, “Монголын өөртөө засах Засгийн газар” байгуулагдсаныг тунхаглав. 9 сард Дэмчигдонров Алшаа хошууны баруун хойно байгаа Хорхой нуурт хүрч Ли Шүй Шин зэрэг хүмүүстэй уулзаж, улмаар барууншилж, Хөхнуур, Төвдөд хүрч, хөдөлгөөн хийх гэсэн боловч, зам зуурын газрууд чөлөөлөгдөн, урагшлах замыг нь хаасан болохоор арга буюу Хр Монголтой холбоо авч, урилга олов. Яг энэ үед Алшаагийнхан бослого гаргаж, “Найрамдлаар чөлөөлөх”-ийг хүлээн авсан тул Дэмчигдонров ван урилгыг авч, хятад гоцгоо дагуулж, БНМАУ-ын хилийг давав.
Боржигин Ренчинванжилийн “Хөх түүх” номоос...

МАРТАГДАЖ БУЙ ХУУЧИН ҮГ ХЭЛЛЭГЭЭС - 3


- АРМАГ - модны салаа мөчир сийрэг
- БААЗ - хэр тааруухан, бүдүүн бараг, ядмаг бүдүүлэгдүү
- БАДАЙ - салтаа нь ангархай хүүхдийн өмд.
- БАЖМАГ - архины шаар, архи нэрээд үлдсэн хөрөнгө... /архи, спирт_ пивоны үйлдвэрээс ийм зүйл их гарах ба ихэвчлэн ШААР гэж нэрлэн, саалийн үнээ тэжээх нь бий../
- БАЙРГАЖУУ - зан төлөв нь тогтсон,
- БАЛБАА ХУВЦАС - үргэлж өмсөх хувцас
- БАНЖИХ - ихэнхдээ арга заль хэрэглэн монжих, хонжих
- БАРХАН - модон бараар ном бичиг дармаллах хэвлэлийн газар
- БАЯСГАЛАНТ ХӨРӨГ - амьддаа бүтээлгэсэн хөрөг..
- БИДЭХ - олон газраар хэрэн тэнэх,
- БИЛБҮҮР - хуурамч худалч,
- БИЛБҮҮРДЭХ - чадамгай хууран хэлэлцэх
- БИЧИГЛЭХ - бичиг илгээх
- БИШҮҮ - сэргэлэн гавшгай...
- БЯШАЛГАХ - юмыг маш удаан буцалгаж, хорхог болгох...
"Монгол хэлний сувд эрих нэрт ховор үгийн толь"-иос