Friday, January 1, 2016

ЗАСАГТ ХАНЫ ХӨХ ХАРЧУУЛ


Өнөөдөр “Засагт ханы хөх харчуул” гэсэн хэллэг ихэд дэлгэрчээ. Манай Алтай нутгийнхан ч энэ нэрэндээ сэтгэл нэн хангалуун. Энэ нэршил өнөө Алтайн БРЭНД НЭР болжээ. Зарим хүмүүс энэ бол Ч.Лодойдамба гуайн бичсэн зохиолын хэллэг төдий зүйл, үнэн хэрэгтээ тийм зүйл байгаагүй гэж үгүйсгэдэг нь харин оргүй мухар үгүйсгэл юм. Үнэхээр “Засагт ханы хөх харчуул” байсныг нутгийнхан хэлдэг бөгөөд Лодой зохиолч маань харин түүнийг монгол даяар “эргэлтэнд” оруулж өгсөн хүн. Лодойдамба гуайн аав Чадраабал өөрөө “Засагт ханы хөх харчуул”-ын нэг бөгөөд нутгийнхныхаа үүх түүхийг гаргуун мэддэг хүн байсан гэдэг.
“Хэцүү” гэдэг үгийг өнөө цагт яхир зуумхай, санаа гашуун, суусан газраасаа шороо атгадаг, нэгэнт атгасан бол атгаснаа тавьдаггүй, ашигч сэргэлэн ч байж болох хүмүүст ихэвчлэн тодотгон хэрэглэдэг. Харин Засагт ханы хөх харчуулын тухайд бол энэ “Хэцүү” нь огт өөр ойлголт юм.
Уужуу алсын хараатай, хэрсүү чанга бодол санаатай атлаа хар муу санаа бодолгүйдээ гэнэхэн ч юм шиг, халширч шантрахыг мэдэхгүй эрэмгий оргилуун атлаа дөлгөөхөн, зоримог овсгоо самбаатай, шургуу хөдөлмөрч атлаа ашигч завшаанч биш, хамгийн гол нь хүнлэг голч нуруутай, холч бодолтой хүмүүс байж.
Дарга, ихэс, баян цатгалан гэж далдаганахгүй, доодос гэж дооршаахгүй, хэлэх үгээ хэнээс ч эмээлгүй ил шулуухан хэлчихдэг, зовж шаналахдаа тулбал хэн нэгэнд ялархахаас илүүгээр чимээгүй тэсдэг, гавьяа байгуулбаас баатарлаж, цээж ханхалзах нь бага тийм л хүмүүс.
Яг л “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ лугаа адил. Чухам ясны энэ л давтагдашгүй чанараараа ойр холынхонд гайхагдан, “Засагт ханы хөх харчуул хэцүү, хэцүү” гэгддэг байж. Энэ нутгийнхан ер нь л иймэрхүү нийтлэг зан төрхтэй хүмүүс дээ.
Ч.Лодойдамба ч, Монголын төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар, зууны манлай нийтлэлч Л.Түдэв ч чухам ориг “ХЭЦҮҮ ХӨХ ХАРЧУУЛ”-ын сонгомол төлөөлөгчид бөлгөө.
ЗУРГИЙН ТАЙЛБАР,
Хөх Түдэв, Хөх Лодойдамба....,
Хөх хүмүүсийн зураг оруулах гэтэл Хар Норов, Хар Пүрэв гэх мэт хар, эсвэл Шар Цэдэндорж, Шар Мийгаа гэх мэт шар хүмүүсийн зураг орчих гээд хэцүү байна ккк...
АЛТАЙНХНЫ ЗОХИОЛЧДИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА БОЛНО.
Маргааш буюу 5 сарын 27-нд Говь-Алтайн Уран бүтээлчдийн номын үзэсгэлэн худалдаа Төв талбайд болох юм байна.
Алтайнхан хамгийн олон зохиолчидтой гэдгээрээ бахархдаг. Төрийн шагналт Ч.Лодойдамба, М.Цэдэндорж, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Л.Түдэв, СГЗ С.Пүрэв, СГЗ С.Лочин, Ч.Алагсай, Т.Очирхүү, Төрийн шагналт Д.Норов, Мөнгөний Чимид, Ш.Шажинбат, Нанж Лхагва, СГЗ Я.Ганбаатар, СГЗ Ү.Хүрэлбаатар, СГЗ Д.Дашдондов, СГЗ Ц.Балдорж, СГЗ Ч.Сонгино, СГЗ Х.Чилаажав, Д.Пүрэв, СГЗ Д.Жамьян, Б.Шүүдэрцэцэг, П.Батнайрамдал, М.Билэгсайхан, Зөгнөлт зохиолын шан тавилцсан Ж.Гал, СГЗ Б.Галаарид, Бажуудайн Ганбат, З. Гүнсэн, Г.Гэндэндарам, М.Дэмчиг, Ж.Заяабаатар, Г.Зуунай, Д.Лхагвасүрэн, СГЗ Л.Мөнхтөр, Ш.Мягмар, Ламжавын МЯгмарсүрэн, Н.Нагаанбуу, Х.Нямхишиг, СГЗ Б.Пүрэвдаш, Лувсангийн Пүрэвдорж, Т.Содномдаржаа, Ш.Содномдорж, Д.Сүрия, Л.Сэлэнгэмөрөн, Д.Сэрээтэр, Н.Сэсээр, Б.Туяа, С.Түвдэнням, Д.Цогбадрах, Б.Цогзаяабаатар, Б.Чардаг, Р.Эмүжин, Л.Ширчин, Бя.Энхтуяа, М.Эрдэнэбат, Т.Юмсүрэн, гэх мэт нэрсийг гүйцэд жагсаавал 120-иод нэр гарах юм байна.
Тэдгээрээс,
- Хөдөлмөрийн баатар зохиолч 1
- Ардын Уран зохиолч 1
- Төрийн шагналт 3
- Гавьяат цолтон 19
- Нацагдоржийн шагналтан 7
- МЗЭ-ийн шагналтан 40 гэх мэт...
Алтай нутгийнхан энэ олон оюуны аварга, арслан, заануудынхаа уран бүтээлийг Улаанбаатарчууддаа хүргэж танилцуулах ажээ.
Зохиочдоос гадна мөн зураач урчууд, гэрэл зурагчдын бүтээлүүдийг ч дэлгэж үзүүлэх юм байна.
ЖИЧ:
Хүүхдийн ном авах сонирхолтой хүмүүс ч бас ирж Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын ЭРДЭНЭСИЙН САН - 108 цувралаас хямдралтай үнээр авах боломжтой шүү... /далим ашиглав/

No comments: