Friday, December 13, 2013

Жаал хөвүүн, ном хоёр


/Хуучин бичлэгээ жаал жуул нэмж засварлав/
Ажлаа өгчихөөд, гэр зуураа эргэлдэж, зав чөлөөтэй болоод, эргэн тойрноо анзаарвал уншчих санаатай энд тэндээс нэг хоёроор нь зөөсөөр овоо олон болгочихсон баахан ном ор дэр, шүүгээ саваар нэг хөглөрч, заримыг нь хайрцаг саванд хүртэл баглаад овоолчихсон байх ажээ. Түүхийн голдуу, улс төр, гүн ухаан, янз бүрийн хүний дурсамжууд, бас уран зохиолын номууд ч харагдана. Интернетээс татаж аваад, хэвлээд дэвтэрлээд үдчихсэн нь ч байна....
Тэдгээр номуудыг хараад харуусал, гуниг зэрэг зэрэг төрж байх юм. Хичнээн ч олон өдөр хоног, сар жилүүдийг үр бүтээл нь төдийлөн үзэгдэж харагддаггүй төрийн ажлын төлөө гүйсэн болж, хий дэмий өнгөрөөгөө вэ? Энэ олон номыг байтугайг нь уншиж, бичиж, мэдэж сурах хичнээн их цаг хугацааг намрын салхинд хийсэн одох хамхуул мэт үр өгөөжгүй, үлдэх мөргүй өнгөрөөгөө вэ хэмээх харуусал эрхгүй цээж зурах шиг болов. Энэ аж амьдралын төлөөх тэмцэлд, тэртээ нэгэн цагт талийгч болсон найрагч андын маань захиандаа бичсэнчлэн “... боорцог талхны бор түрхэн дайнд хамаг сайн сайхнаа, эрч хүч, итгэл мөрөөдлөө сохор зоосны ч үнэгүй үрээд” дуусгачихсан мэт сэтгэгдэл төрнө. Гээд яахав дээ. Харуусал гэхийн учир нь ийм...
Гуниг гэхийн учир нь тэдгээр номуудыг хэзээ уншиж дуусгана даа гэхээс халшрах ч шиг, нэг их хүнд хүчир ажил мэт санагдаж, нэг л мэдэхэд өөрийн эрхгүй гүнээс гүн санаа алдчихсан байх юм. Олон сайхан номууд дунд сууж байхад жаргал мэт санагддаг тийм үе байж, гэвч тэр мэдрэмжээ бүүр түүрхэн л санана. Нээрээ, нэг тийм гэгээн сайхан үе хүний амьдралд бас байдаг ажээ. Ном хараад баярладаг, шунан шунан уншдаг, гэрэл гэгээнд тэмүүлсэн, ямар нэг сайн сайхан юмыг, баттай итгэл үнэмшлийг эрж хайсан тийм л үе. Аргалын утаа тэртээ дээр суунаглан сэнхэртэх нам гүмхэн зуны үдшийн тэнгэрийн хаяанаа гялалзах анхны од шиг тийм л ховорхон үе. Ингээд тэр сэмэрсэн гунигаа хөглөж улирч одсон дурсамжийн сэнхэр мананг жаахан жаахан сөхсү. Их олныг дурсаж болох ч..., дэмий л юм даа.
...
Сайхан номуудыг ганцхан амьсгаагаар унших ч бас сайхан байж дээ. Дэргэдээ баахан ном овоолон тавьж байгаад, нэгийг нь дуусгаад дараачийн гарт таарсныг шүүрч аваад л, хажуудаа хэдэн боорцог, данхтай булгийн хүйтэн ус тавьчихаад, хааяа номоос хараагаа салган дээш харж, тэнгэрт үүл хуйлран нүүж байгааг, хажуугаар дэлэн нь чинэрсэн хэдэн ямаа туусан хүн явж байгааг, ээж надаас гуйж залхаад өөрөө усанд явж байгааг анзаарч, хоёр өөр ертөнцийн торгон зааг дээр буйгаа нэг мэдэрчихээд л дахиад өнөөх номын ертөнц рүү шумбаад орчихдогсон.
Миний багад буюу 1970-аад оны сүүлч, 80-аад оны эхээр сумын болон сургуулийн номын сан бас ч гэж хангалттай баялаг байж дээ. Тийш ороход үнэр нь хүртэл нэг л өөр. Сургуулийн номын сангийн эрхлэгчээр “эвий минь, тэр минь” гэсэн эелдэг сайхан ааштай, аль ч талаараа хараа дүүрэн Цэдэв эгч аахилсаар сууна. Авах номоо бичүүлээд дэргэд нь зогсож байхад тодоос тод амьсгалж байдаг нь одоо ч сонсогдох шиг. Тэнд хүүхдийн маш олон номууд байсан, хараа булаасан гоё зурагтай, том бага, нимгэн зузаан янз бүрээр хэвлэсэн байна. Оюуны хөгжил, сэтгэлгээний дэвшилд нам-төрөөс ихэд анхаардаг байсны нэг илрэл биз. Одоо тийм баялаг номын сантай дунд сургууль ер үгүй болсон, тэр хуучин цагийн номын сангийн фондын ихэнх хэдийнэ хаягдал цаас болон өмнөд оронд ачигдсан. Оюун санааны талх болсон номоо харьд хаягдал болгон илгээнэ гэдэг улс үндэстний хувьд хэлэхүйеэ бэрх ичгүүр гутамшиг, гэвч үнэхээр л тийм явдал хориодхон жилийн өмнө ардчиллын дүйвээнтэй хамт болсон билээ.
Одоо тэр цагийн салшгүй дотно анд болсон номуудынхаа заримынх нь нэрийг мартаж, тэгээд ч тэр бүрийг санаж бичнэ гэвэл бишгүй их юм болно, зүгээр сэтгэлд гүн гүнзгий хоногшин үлдсэн цөөн хэдэн номууд, зарим сонин содон дурсамжуудаа л сөхөе.

***
"Бэмби" гэж мөн ч сайхан сонин ном байж. Уншиж дуусаад, өөрийгөө, орчноо мэдрэхэд нэг л сонин мэдрэмж төрөх. Наанаа хүүхдийн зохиол мэт ч цаанаа оршихуйн гүн ухааныг айхтар мэдрүүлсэн зохиол доо. “Бэмби”-гээс би анхлан оюун санааны огт өөр ертөнц байдгыг мэдэрсэн юм. Борис Васильевийн "Бүртгэлд ороогүй хүн"-ийг уншаад, бүтэн арван сар бууж өгөөгүй Коля хамгийн сүүлд 4 дүгээр сард харанхуй нүхнээсээ таг сохорчихсон, хүний оронцог болсон амьтан гарч ирэхэд Герман офицер цэргээ хүндэтгэлийн жагсаалаар жагсаан ёслол төгөлдөр угтан авч буй тэр хэсэг дээр зөвхөн жинхэнэ хүнээс л гарч болдог аугаа хатан тэвчээр, хүчин чадлыг бахархсандаа тэсэлгүй уйлж, түүнээ хүнээс нуух гээд номоо бариад шуудууны ар луу гүйж билээ. Хүмүүс шоолдог байсан юм.
Тавд байх жил А.Дюмагийн "Хорин жилийн хойно" дөнгөж хэвлэлээс гараад, номын санд ирээгүй, дэлгүүрт ирсэн, хэдэн ч төгрөг байлаа даа, 18 төгрөг ч байл уу, авч дийлдэггүй, дэлгүүрт хааяа орж, лангуун дээр байгаа бүдүүнээс бүдүүн том зузаан хар ногоон хатуу хавтастай номыг харж, лангууны урдуур хэдэнтээ эргэлдэнэ, хааяа худалдагч эгчийг гуйж авч эргүүлж нэг, илж нэг үзчихээд, санаа нэг алдчихаад л буцдаг байж. Азаар эгч нэгийг худалдан авч, эгчийн уншиж байгаа номыг нууж байгаад уншиж билээ. Эгч номоо хайгаад бөөн юм болно, би мэдэхгүй царайлаад л сууна, намайг нуусныг мэдэх учир гэрээр хайна, би гэрээр хайдгийг нь мэдэх учир гадаах хураалттай түлээн дотор нууна. Ажилдаа явангуут нь номоо бариад авна. Урьд нь "Шадар гурван цэрэг"-ийг уншчихсан байсан тул, Артаньян, Атос, Аримис, Портос дөрөвтэй дахин учрахсан, аймшигт Решилье хамбатныг дахин харахсан гэхдээ тэгэж их хорхойссон хэрэг байх. Анх шадар гуравтай нэг нимгэхэн зурагт номоор танилцаж байсан юм. Их сайхан зурагтай, одоогоор бол комикс ном. Зургийг нь хуулж зураад л суудагсан. Тэр үед ч бас их сайхан комикс номууд байсан юм шүү. Ангийнхантайгаа хааяа шадар дөрөв болоход Артаньяан болж тоглоно. Гэхдээ цаанаа бол надад Атос ямагт таалагддаг, нэг тийм хүчирхэг, эрхэмсэг байдалд нь, философилог амьдралд нь татагддаг байж. Манай ангийн Д.Уламбаяр мөн ном их уншина аа. Тэр бас Артаньяан болох дуртай байсан санагдах юм. Ер нь Дюматай танилцсан тэр цагийн хөвүүд бүгд л Гаскон нутгийн тэр дориун эр шиг болохыг хүсдэг байсан биз. Стендалийн “Улааныхан ба харынхан”- ы Жульений их өвөрмөц үгс, сэтгэлгээг тэмдэглэлийнхээ дэвтэрт бичээд авчихна. Тэр үед чухам юугаа ч ойлгож байсан юм бэ, бүү мэд, цаазын ялаас өршөөгдөх бичигт гарын үсэг зуруулахаар нууц амраг хүүхэн нь бөөн хахуул төлж шоронгийн өрөөнд ирээд уйлж, унжин гуйхад “Энэ ертөнцөд надад хийх ажил алга” гээд үхлийг сонгож буй тэр хэсгийг дахин дахин уншина. Тэр үгээс нь нэг их хүч чадлыг, энэ ертөнцтэй, энэ хүн төрөлхтөнтэй бүгдтэй нь тэрсэлдэж чадах тийм их хүч чадлыг мэдрэх шиг болно. Харин Жульенээс ч илүү хүчирхэг, түүний бахархал, үлгэр дуурайл болсон Напольен гэдэг хүнийг тэр үеэс сонирхож, бараг түүний нэртэй холбоотой бүхнийг хамж шимж уншаад дуусгаж билээ. Майн Ридийн “Зоригт анчин бүсгүй”, Фанимор Куперийн “Сүүлчийн могикан”, Жованоли байх аа, Италийн зохиолчийн “Спартак” зэрэг зохиолуудыг мөн ч их шунан шунан, дахин  дахин уншсан. Ункас буюу Хурдан буга, Аугаа их Делавар овгийн сүүлчийн их удирдагч Чингачук буюу Аварга могой хэмээх аав хүү хоёрын эмгэнэлт боловч омог бардам төгсгөлийг мартахын аргагүй. Мөн Куперийн байгалийн сайхан зураглалууд. Цусан гарт хочит индиан удирдагч, Цагаан бүргэд хоёрыг халз тулаасай, тэгвэл хэн нь дийлэх бол гэж төсөөлнө. Хулгана, голио, гүрвэлээс хүртэл үргэж бусгаж явдаг дээд айлын Бажгаа эгчийг Нэгдлийн аж ахуйн хашааны нөмөр даган явааг хараад гэнэтхэн хашааны булангаар Морь унасан толгойгүй хүн хар нөмрөгөө хийсгэсээр давхиад гараад ирээсэй, тэгвэл мөн ч үзүүштэй сайхан юм болно доо гэж хүснэ.
“Би үхэхээр шийдлээ” хэмээн хашгиран, бамбайгаа шидээд алагдсан цэргийн илд шүүрэн авч, хоёр гартаа нэг нэг илд эргэлдүүлсээр Ромын легионерүүдийн нягт эгнээ руу зүсэн орж буй Крикс, аяны маршаар алхаж аваа манипул, когортуудынхаа манлайд дуу аялан хайвагнах нүсэр хүчирхэг Эномой, гоо сайхан, дурламтгай Арторикс гээд л Спартакийн шилдэг баатар жанждийн дүр төрх нүдэнд харагдах шиг болж, легионерүүдийн аймшигт зууралдсан алалдааны дуу чимээ чихнээ хангинах шиг болно. Цезарь тэнд тунчиг нууцлаг товчхон дүрслэгдэнэ. Аугаа хүчирхэг боловч дуурсах өчүүхэн ч гавьяагүй үлдсэн хүсэл тэмүүлэлгүй хөөрхий Каталинаг, бас Эвтибада хэмээх гоо сайхан грег хүүхний хорон ухааныг гайхаж... Дараахан нь ЖЗЛ цувралаар гарсан “Спартак”-ийг мөн ч их эргүүлсэн дээ. Тэр цагийн Фракий буюу одоогийн Болгарын ямар ч хотод билээ, төрсөн нутагт нь л юмдаг, Спартакийн илдээ түшин зогсоо аварга гантиган хөшөөнд хэзээ нэгэн цагт очино доо хэмээн мөрөөддөг байсан, одоо тэр мөрөөдөл ор мөргүй алга болжээ. Хэрвээ одоо надад тийш очих шалтаг байна гэвэл арван хэдтэй тэр мөрөөдөмтгий балчир жаалтайгаа дахин учирч, гуниг дүүрэн нүдээр тэр хүүг шүүрс алдан удаан ширтэж, итгэл, хүсэл мөрөөдлөөс нь өчүүхнийг ч болтугай өөртөө наах гэж л явах байх.
… Н.Носовын “Үлмэдэх ба түүний нөхөд”, “Үлмэдэх Нарны хотод” гэдэг том хатуу далбагар хавтастай, тунчиг эгдүүтэй хөөрхөн зурагтай цуврал хоёр ном сумын дэлгүүрт 7 төгрөг 50 мөнгөний үнэтэй ирж билээ. Ааваар ойрмогхон ном авхуулж, тухайн сарынхаа лимитийг дуусгачихсан байсан тул архины шил, нэгт, тавтын мөнгө хүртэл цуглуулж байж тэр номыг авсан. Тавдугаар ангид, шинэ жилийн тансаг үдшээр болдог багт наадмын тэмцээнд ангийн найз Б.Гантулгын хамт нэг нь Ихмэдэх, нөгөө нь Үлмэдэх болж ороод тусгай шагнал авч, хирдээ л урамшин баярласансан. Зузаан батум цаасаар Үлмэдэхийн далбагар хүрээтэй шовгор шар малгай, Ихмэдэхийн өргөн хар хүрээтэй том нүдний шил урлаж, шар даалимбаар шалбуур өмд оёж, бараг л хоёр долоо хоног хэртэй сүрхий бэлдэж байж орсон юмдаг.
Дараа жил нь багт наадамд тоглох туршлагатай болсон бид Бадарчин Баадайн паянгаар хөөрхөн драмчилсан тоглолт найруулан тавиад түрүүлж билээ. Тэр тоглолтод Бат-Очир, Лхаяа, Мөөмөө, Бүдээ гээд нэлээд өргөн бүрэлдхүүнтэй орсон санагдана.
Б.Ренчин гуайн орчуулсан “Эртний Чех домог үлгэрүүд” гэдэг хоёр дэвтэр гайхамшигтай сайхан зураг чимэглэлтэй, бас гайхамшигтай яруу сэцэн хэл хэллэгтэй мөн ч сайхан ном байдагсан. Одоо тэр ном ер нүдний гэм болжээ. Гүржийнх билүү, Узбекийнх ч билүү нэг зохиолчийн “Дүрсгүйтэж явсан минь” гээд ёстой нэг холиог нь хутгаж өгдөг хоёр хүүгийн тухай ном бий. Номруугаа нэг тонгойгоод л хөхөрч унаад байх. Түүнийг дуурайн бас хөөрхөн дүрсгүйтээд авна. Саяхан Урт цагааны урд байх хуучин номын лангуун дээр тэр номтойгоо таарч, балчир багын найзтайгаа учирсан мэт их л олзуурхан баярлаад, авчраад уншсан, тэр багадаа тэгэж их хөөрөн хөгжилдөж байсан мэдрэмж ор тас байхгүй. Хамгийн инээдтэй хэсэг дээр нь ч нэг сайн ч мушийхгүй, аргагүйн эрхэнд л тэр бага хөвүүн сэтгэлийг өхөөрдөн бодож нэг муухан мушийсан байх даа, өдий хүртэл туучиж ирсэн амьдралын тоос тортог сэтгэл зүрхийг минь тэгтэл нь их дарж, тортоглож үү дээ.
Бас “Тиль Оленшпигелийн домог” гэдэг нэг нимгэвтэр цагаан хавтастай ном байх. Их хөөрхөн уран ёж зурагтай. Их ч зугаатай номсон. Бараг бүх адал явдлууд нь сэтгэлд үлджээ. Тэр Андерсений “Хаан шалдан байна” гэдэг үлгэрийн ориг эх нь чухам энд бий. Энэ Тиль Олиншпигель гэдэг нөхөр бол манай Бадарчин Баадай шиг Скандинавын орнууд, Дани, Холланд, Норвеги орчмын, ялангуяа фламанд, умардын немц үндэстнүүдийн ардын уран хошин баатар. Дундад зууны үеийн хүн... Хэн нь ч билээ, Европын нэг зохиолч энэ домгоос сэдэвлээд “Уйленшпигелийн домог” гэдэг зузаан роман бичсэнийг нь манайд бас орчуулаад гаргасан байсан, гэвч эхний цагаан хавтастай ориг эхийг уншсан хүнд тэр зузаан роман огтоос сонирхолгүй.
Андерсен мэдээж заавал дурдах учиртай хүн. “Эрэлхэг зоригт тугалган цэрэгт тохиолдсон адал явдал” гэдэг нэг ном миний үед орчуулагдсан. Бас нэг нимгэвтэр хөөрхөн зураасан зурагтай ном байсан, нэрийг нь санадаггүй, дотроо нэлээдгүй олон үлгэр-түүхтэй. Ер Андерсений ертөнц бол ер бусын аугаа уудам, сэцэн цэлмэг, эр зориг, хайр энэрэл, гэрэл гэгээ баялхсан гайхамшигт ертөнц. Хэрвээ дээр, тэнгэр огторгуйн хаа нэгтээд ямар нэгэн гэрэл гэгээний бурхдын орон гэгч байдаг аваас Андерсен лавтай тэр орноос уруудан доройтож буй хүмүүний сэтгэл зүрхэнд итгэл найдварийн, хайр энэрэлийн, ухаарал гэгээрлийн гэрэл гэгээг дахин асааж өгөхөөр хахир хатуу, овилгогүй энэ ертөнцөд илгээгдсэн элч-зарч биз ээ.
Нэгэнтээ Андерсентэй нэг зүйлээр адил болохоо мэдээд би ихэд хөгжин баярлаж билээ. Тийм ч их сүртэй зүйл биш л дээ. Би бүхий л хичээлдээ төдийлөн хичээж мэрийлгүйгээр гайгүй сураад болоод байдаг мөртлөө ганцхан монгол хэлний хичээлд, өөрөөр хэлбэл алдаагүй зөв бичих тал дээр ямагт будилсаар ирсэн. Арав төгстлөө улсын шалгалтаар сайн гэдэг үнэлгээ авсан хичээл маань цээж бичиг байж. МПБ-аас өгдөг сурлагын медалийнхаа өнгийг чухам энэ л шалтгаанаас үүдэн хувиргаж чадаагүй. Хожим сэтгүүлч нэр зүүж, хэвлэл сонины газруудад хорь орчим жил тасралтгүй ажиллахдаа, гэхдээ бүр Ерөнхий редактор, Эрхлэгч зэрэг хариуцлагатай ажлуудыг хашиж явахдаа ч, 100 гаруй ном хянан засварлаж, цөөнгүй хэдэн ном бичихдээ ч миний огтоос сураагүй нэг зүйл бол зөв бичих. Одоо ч зөв бичгийн дүрмийг надаас асуувал хольж будилсаар төөрч орхино, ялангуяа гээгдэх гээгдэхгүй эгшиг, хэлний угийн үзүүрийн Н, эр эм үгийн Ы, ИЙ болон Ш, С, Ч, Ц үсгүүдийг ямагт сольж бичнэ. Хичээх тусмаа улам буруутна. Тэгээд сүүлдээ цагааршчихаад зөв бичгийн дүрмийг огтоос тоохоо больсон, алдаагаа хүнээр, эсвэл Ангууч программаар засуулчихна. Ном сайн уншсанаар хүн алдаагүй бичиж сурдаг юм гэсэн теором лав л миний хувьд хүчингүй, огтхон ч үйлчлээгүй юмдаг. Гэтэл Андерсен мөн яг миний нэгэн адил насан туршдаа зөв бичгийн дүрэм мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, гар бичмэл нь нул алдаагаар дүүрэн байдаг байсан гэнэ. Тэгэхээр энэ эрхэм хүнтэй сайн юмаараа биш гэхэд ядахдаа саар талаараа ч болов адил төстэй байгаагаа мэдсэн би хөөрөн хөгжилгүй ч яахав дээ.
Хүүхэд насандаа Андерсентэй учирна гэдэг бол нэн ховор тохиох аз завшаан юм. Одоо ч Андерсенийг манайхан хангалттай орчуулж гаргажээ. Энэ цагийн хүүхдүүд маань их азтай.
Мөн Тургеневийн охид, хүүхнүүдтэй хүүхэд насандаа танилцаад авахад тун гэмгүй. Түүний хүүхнүүд бол жинхэнэ идеаль болсон мөрөөдлийн бүсгүйчүүд. Хөвгүүд бол өөрийн эрхгүй тийм яруу гоо, цэвэр тунгалаг, ухаан билэгтэй, оргилуун охидыг хайж, мөрөөдөж эхлэх болно. “Хаврын цасны ус”, “Анхны дурлал”, “Зойко” гээд л... Охидод тавих шалгуур мөн ч өндөрсөнө дөө.
Энэ мэтээр үргэлжлүүлбэл “Уруугаа ургасан мод”, “Галуу дагасан гайхамшигт аян”, “Эрэлхэг цэрэг Швейкт тохиолдсон адал явдал”, “Хүний бяцхан үр Детти”, “Нора” гэх зэргээр мөн ч олон сайхан номуудын тухай бичих болох нь..
Жоохоон соосойсон хүү нь номонд сүрхий дуртай байгааг аав маань анзаарсан юм болов уу, нэлээд хэдэн үлгэрийн ном авч өгсөн юм. Томоос том далбайсан хавтастай, нимгэхэн их хөөрхөн зурагтай “Үл мэдэх газар зорчоод, юу ч бишийг олж ирсэн нь” гэдэг санагдана Орос ардын үлгэрийн ном, “Боролдой баатар хүү”, мөн монгол ардын хошин үлгэрийн түүвэр, “Ойн сургууль” ч билүү, ойн амьтад сургуульд сурч байгаа, тэдэнд хэрээ багшилдаг тухай шүлэглэсэн үлгэрийн ном зэрэг...
Дараахан нь сургуульд орж, номын сан гээч сайхан юмтай танилцсан цагаас манай монгол зохиолчдоосоо анхлан танилцсан хүн бол Нацагдорж гэдэг хүний (овгийн эхний үсгийг мартжээ, нэлээд хэдэн Нацагдоржуудын нэг) “Эр зоригийн туульс” гэдэг хувьсгалын үеийн тухай гардаг нэг жижгэвтэр хүүхдийн тууж, чоно, туулай, үнэгнүүдийн тэмцлийн тухай гардаг нэг хөөрхөн хүүхэлдэйн жүжигтэй ном байж билээ. Түүний дараагаас Ч.Арьяасүрэн гуайн “Түн Түн Пин Пан буюу ойн дээрэмчдийн адал явдал”, “Сүүлэнхүүд тохиолдсон явдал”, бас зохиогчийг нь санахгүй байна “Номхон хээр” /Б.Зандраабайды гуайнх байж магад/ гээд морьдын тухай ном, С.Надмид гуайн өгүүлэг туужууд гээд л. Тэдгээр номуудын үнэр нь хүртэл одоо тодхон санагдаж байна.  Л.Түдэв гуайгаас бол “Уулын үер”, “Буутай янгир” хоёрыг нь анхлан уншсан, яг миний өсөж төрсөн тэр нутагт үйл явдал нь өрнөдөг учраас, зарим баатар нь аавын ярьдаг хууч ярианд гардаг хүмүүстэй их адил төстэй байсан учир сонирхож уншсан. Дараагаар нь ер Л.Түдэв гуайн бичсэн бүгдийг нь уншсан дөө. Нэр нь санаанд орж ирэхгүй байна, нэг зөгнөлт тууж нь тодхон санагдана. “Үл ажиглагдах онцгой учралууд буюу Хорвоотой танилцсан түүх”, “Оройгүй сүм” хоёр бол яах аргагүй манай утга зохиолын оргил бүтээлүүдийн нэг.
Мөн Лодойдамба гуайн “Манай сургуулийнхан”-ыг маш сайн уншсан. Учир нь мөн л үйл явдал нь манай нутагт болдог, аавын ярьдагтай яг адил байсан. Ер нь бас Лодойдамбын бичсэн бүгдийг нь шавхаж уншсан. “Тунгалаг Тамир”-ыг уншихдаа зөвхөн Цахиур Төмөрийн гардаг хэсгүүдийг цойлдож уншчихаад дараа нь бусдыг нь уншина. Д.Маамын “Газар шороо”-г ч бас Хангай Базар, Бух Дагдан хоёртой хэсгийг нь эхлээд цойлдоод уншчихна. С.Пүрэв, С.Гармаа, Д.Мягмар, Ж.Бямбаа нарын уянгын өгүүлэг туужууд салахын аргагүй байдаг байж, С.Пүрэвийн ертөнц гайхамшигтай тунгалаг, гэгэлгэн. “Гангаамаа нутагтаа бий” гэдэг билүү дээ нэг өгүүллэгийн түүвэрт олон гэгээн тунгалаг өгүүллэг бий дээ. Монгол нүүдэлчин ахуй хийгээд сэтгэлгээнд байдаг өнө мөнхийн яруу агшинг “Азийн цэнхэр уул”-аас нь мэдэрнэ. Уурхайчны тухай өгүүлэх “Алтай” туужыг нь хонины хажууд уншиж суугаад хонио алдчихаад, бахардаж унтлаа гүйж билээ. Бас Д.Чойжилсүрэн гуайн “Өвсний шүүдэр” романыг дэрсний оёор уншиж суугаад хонины найр хийж, Сайрын хэдэн самгачуулын нэгэн үдийн саамыг нь будаа болгож байсансан. Энэ “Морин төвөргөөн” зэрэг хоёр гурван цуврал байдаг санагдана, гол холбогч баатар нь Донров.
Харин С.Эрдэнэ гуай хүүхэд насны минь дурсамжинд тод үлдээгүй юм. Нөгөө Гэнимаа гэж гардаг “Амьдралын тойрог” роман нь л сэтгэлд нэлээд тод үлдэж ээ. Намдаг гуай ч мөн адил, хүүхэд насанд минь содон дурсамж үлдээсэнгүй, харин нэлээд юм үзэж, амьдралд нухлагдаад ирэх үед бол Намдаг гуай жинхэнэ дүр төрхөөрөө тодорч ирдэг юм билээ. Энэ нь хашир, амьдралын хар бор ухаан давамгайлсан Намдаг зохиолчийн сэтгэлгээний онцлог байх. Одоо бол Намдаг гуайг унших дуртай.
Хэнийх нь зохиолыг сайн санахгүй байна, З.Баттулгынх байж магад, “Билгийн улирал” гээд нэг сайхан туужийн ном бий. За тэгээд, Ренчин гуайн “Заан залуудай”, “Нууцыг хадгалсан захидал”, Н.Банзрагчийн “Мянган захидлын хариу”, Б.Нямаагийн “Арандалынхан”, Дашдооров, Ж.Бямбаа, Батыжобай, Даржаа, Уламбаяр, С.Лочин гээд л... Тухайн үед хэвлэгдэж байсан бүгдийг нь л үлдээлгүй уншсан. Номын сангийн уран зохиолын хэсэг дуусахаар нь бусад хэсэг рүү орж, “Охидод өгөх зуун зөвлөгөө”, “Хууль зүйн зуун асуулт, хариулт” гэдэг ном хүртэл авчирч тавьж байгаад уншиж билээ. Ёстой донтоно гэдэг л байх даа.
Хоёрдугаар ангид байхдаа Д.Лувсандорж гээд яруу найрагчийн “Нартай бороо” гээд жижигхээн атлаа тун сайхан шүлгүүдтэй номоор монголынхоо яруу найрагчидтай анхлан танилцсан юм. Сайхан шүлгүүд байсан даа. “Монгол зан” гэдэг шүлгийг нь дуурайн шүлэг хүртэл бичиж үзсэн. Хожим 2004 онд Бээжин ордог галт тэргэнд нэг оргилуун залуутай зам таарч, дотносон танилцвал тэрхүү яруу найрагтай намайг амлуулсан Лувсандорж найрагчийн хүү байж тааран, их л олзуурхан баярлаж билээ. Л.Дуурсах маань одоо олон хэлний электрон толь бүтээгээд л олондоо буян болж яваа нь харагддаг. Зургаа төгсөх жилээ Хөвсгөлийн С.Даваасүрэн гэдэг найрагч бүсгүйн “Ар тайгын сэвшээ” гэдэг ёстой л ар тайгын сэвшээн үнэр ханх тавьсан шүлгийн номыг олон өдөр өвөрлөж явав. Тэр үедээ л өвөрмөц дүрслэлтэй, нарийн мэдрэмжтэй шүлгүүд байж. Одоо ч зарим мөр бадгууд нь цээжинд байна. Мөн С.Дашдооровийн нэг зузаан улаан хавтастай шүлгийн ном, Д.Отгонсүрэнгийн бас нэг шүлгийн түүврээс олон шүлэг цээжинд үлджээ. Д.Урианхай гуайн дотоод шаталтат шүлгүүд үнэхээр л содон байсан. Дараахан нь Б.Лхагвасүрэн гуайн дээш нь харуулсан цүдгэр хөрөөний ир шиг хурц өвөрмөц дүрслэлтэй шүлгүүдтэй, түүний дараа Д.Цоодол гуайн “Он цаг” гэсэн он цагийн нулимс мэт шүлгийн номтой танилцсансан. Олон сайхан яруу найрагчдийг алийг нь нэрлэж барах билээ.
Манай Жангар бол зүгээр нэг баатарлаг тууль биш юм. Ухаж төнхвөл асар нарийн гүн ухаан, амьдралын бүхий л цар хүрээг хамарсан гайхамшигтай бүтээл. Монголынхоо уран зохиолын талаар ингэсгээд өндөрлөе.
Энэ дашрамд мөн зайлшгүй нэг дурдах зүйл бол хуучин ЗХУ-ын зохиолчдийн бүтээлүүд. Ардчилал гарсны дараахан соц үеийн бүхнийг муйхар мунхгаар үгүйсгэн гутааж байхад ЗХУ-ын зохиолчдын зохиол бүтээлүүд ч мөн адил үгүйсгэгдэн жийгдэж байв. Намайг яг ид уншиж байх үе буюу 1980-аад онд ЗХУ-ын маш олон зохиолыг монгол хэлнээ буулгаж байсан нь надад их зол завшаан болсон. Яагаад гэвэл би Зөвлөлтийн зохиолчдын бүтээлээс нинжин сэтгэл, хүнлэг чанар гээч юмыг хамгаас тод, тодоос тод олж харж, мэдэрсэн болно. Ер Зөвлөлтийн зохиолчдын онцлогийг товчхоноор “Хүнлэг чанар” гэж  тодорхойлж болно. Хамгийн илэрхий тодорхой бичдэгчүүдээс нь гэвэл Валентин Распутин байна. “Франц хэлний хичээл” гээд жижигхээн өгүүллэгийг нь дурдахад л хангалттай. “Түймэр”, “Марияад өгөх мөнгө” туужуудыг уншихад хүн чанарын гэгээ тэр түймрийн утаан цаанаас, тэр хотын бэртэгчин сэтгэлгээний цаанаас нэвт гэрэлтэнэ. “Түймэр” туужийг нь Соц систем нуран унахыг зөгнөсөн, энэ системийн доторх яагаад ч аргалшгүй болсон зөрчлийг гаргаж тавьсан гэж үздэг. Судлаачдийн энэ саналыг би хувьдаа бүрэн дүүрэн зөвшөөрнө. Хүний натур чанарт өөрчлөлт дэвшил гараагүй тохиолдолд оюун санааны эзэнт гүрнийг цогцлоон босгох боломжгүй, ямар нэгэн “түймэр” гарахад л соц системийн доторх хүмүүсийг хооронд нь холбож байсан хэлхээ холбоо хичнээн сул хэврэг, ёс зүйн үүрэг хариуцлага ямар үнэ хүндгүй хуурамч болох нь харагдаж, тас тас үсрэн унана. Распутин чухам үүнийг л өгүүлсэн, магадгүй өөрөө ч мэдэлгүй, зохиолчийнхоо зөн мэдрэхүйгээр, ур чадвараар илэрхийлсэн байх. Виктор Астафьев байна. “Хаан загас” бол хүн чанарын дуулал болсон бүтээл, бичлэгийн ур чадвар ч муугүй. Энэ зохиолоороо Лениний шагнал авсан. Хожуухан “Гунигт явдал” гэдэг роман нь мөн хэвлэгдсэн. Энэ зохиолыг нь судлаачид Перестройкагийн удиртгал болсон гэж үздэг юм билээ. Дөрөвдүгээр ангид байхад, өвлийн хүйтэн ид тачигнаж байсан цагсан, ангийн анд С.Ганхуяг “Хаан загас” гэдэг янзтай сайхан номын тухай надад ярьж, хар алаг хатуу хавтастай уг номыг түүнээсээ аваад, тэр чигтээ гэр хураасан хөлдүү агуулахад орж, тоос тортог ханхалсан эсгий дээврээр хөлөө хулдаж суугаад уншиж билээ. 10 гаруйхан настай баньд нар “Хаан загас”-т тэгэж их татагдаж байсан гэхээр утга зохиолд гайгүй лав умбасных биз. Ганхуяг маань мөн ном их уншдаг байсан, одоо ч уншсан хэвээр байна билээ.
Василый Быков байна. Дайны тухай бишгүй л олон зохиол бүтээл уншлаа. Гэвч Быков шиг дайны хүнд бэрхийг сэтгэл зүрхэнд ортол дүрсэлсэнтэй таарч байсангүй. Бас л тэр дайны хүнд бэрхийн дунд хүн чанарын гэрэл гэгээ хэрхэн гялбан гялалздагийг илэрхий харуулж чадсан хүн. Өрнөдийн сонгодгуудын л нэгнийх нь юмдаг, Артур Ремаркийнх шиг санагдана, дэлхийн нэгдүгээр дайны тухай бичсэн “Дорнод Фронтоор онц сонин зүйлгүй” гэсэн ном бий. Маш сайн ном. Мөн Хемингуйэн “Зэр зэвсэг минь баяртай” ч байна. Эдгээр нь дайны тухайд бичигдсэн шилдэг зохиолууд, би унших дуртай ч Быковтоо хайртай хэвээр байгаа.
Василый Шукшин байна. “Ийм нэгэн явдал” байх аа, ногоон хавтастай зузаан ном бий. Уншихад хөнгөхөн мөртлөө тэр дүрүүдийнх нь амьдлаг, бас хүнлэг гэдэг нь... Борис Васильев байна. Юрий Нагибин байна. Гүржийнх байх аа, Нодар Думбазе байна. Чингис Айтматов гэж нэг аугаа сайхан ертөнц байна. Айтматовыг манайд маш сайн орчуулсансан. Одоо тэр орчуулгууд нүдний гэм болжээ. “Ингэн нүд”, “Далайн хөвөөний алаг хав толгой”, “Улаахан алчуурт Улиангар минь”, “Анхны багш”, “Чингис хааны цагаан үүл”, “Зуунаас ч урт өдөр”, “Цаазын тавцан” гэх мэт... Айтматовын романуудаас бэсрэг туужууд нь илүү уянгалаг, сэтгэлд наалдацтай.
Мэдээж хэрэг Шолохов, Булгаков, Пастерняк, Бунин гээд цааш ер ЗХУ төдий биш Оросын утга зохиолын хүрээнд үргэлжилбэл сунаад л байна... Оросын утга зохиол дэндүү том. Нэгэн үе Достоевский, Блок хоёрын ховсод орчихоод гарч чадахгүй мөн ч их удаж билээ. Тэд бол өөртөө яг л ховс мэт татах шидтэй, тэдний сэтгэлгээ яг л хар тамхи мэт мансууруулах чадалтай. Лермонтов их хорон, хурц хэгжүүн. Бунин нэг их гунигтай харцтай, Есенинтэй бол хэрвээ таарвал шууд л нударгалцаад унаж ч мэдэх, Гончаровтой анд явууштай, П.Бажовтой бол дэмий хууч яриад, халуун пийшингийн ойролцоо самоган шимж суумаар, Лесковын тухайд юу ч хэлэхгүйгээр бахархан хүндэтгэн хараад л баймаар, харин Чаадаев болон Грибоедовтой их дотно сайхан нөхөрлөж болохоор, Достоевскийг заримдаа байж ядан бахардан уйлан хайлан тэвэрмээр, заримдаа үзэн ядмаар... Чеховтой ярилцвал ухаан саруулсана, Гогольтой бол үгүй.
Л.Толстой Библи, Монтень хоёроос өөр юм тоож уншихаа байчихсан насныхаа төгсгөлд “Ном бүү унш, хортой” хэмээн хэлж байсан үгийг зарим хөөргөн “их мэдээчингүүд” өлгөж аваад сүржигнэх нь бий. “Ном бүү унш, хортой” гэж хэлэхийн тулд нэг бол адгийн харанхуй цээжтэй муйхар тэнэг байх хэрэгтэй, эсвэл Толстой болох хэрэгтэй юм. Нэгэнт номын оргилд гарсан хүнд аар саархан зохиол унших нь дэмий, цаг үрсэн, сэтгэл уймруулсан хортой нь ойлгомжтой биз ээ. Нэгэн үе эргэн тойрныхоо охидоос Толстойн Наташа Ростоватай төстэй ямар нэгэн юм эрж хайдаг болчихсон байсансан. Хөдөөгийн аглаг сумын төвийн охид дундаас тиймэрхүү зүйл эрж олно гэдэг амаргүй ээ.
А.Гайдарын “Төмөр ба түүний команд” гэдэг номонд их хайртай байж билээ. Тэр үед орост Тимурчүүдийн нэртэй сайн үйлсийн аян их болдог, түүнийг нь манайх хуулбарлаад бараг сургууль бүрд байх Пионерийн бүлгэмийн зөвлөлөөс ямар нэг юм хийнэ. Бүл чадал муутай айлын ус түлшийг бэлдэх, хаягдал болдог хоёрдагч түүний эд бэлтгэх, цасанд дарагдсан сумын хоршоо, клубын хаалгыг цэвэрлэж, зам гудамж гаргах, бөглөрсөн суваг шуудууг онгойлгох, мод бут суулгах гэх мэт. Арга эвээ л сайн олдоггүй байсан болохоос биш уг санаа нь их зөв байсан юм. Одоогийн Скаутуудынхтай төстэй.
Тэр үеийн “Октябрын туяа”, “Зөвлөлт Холбоот улс” зэрэг сэтгүүлүүд маш сайхан зурагтай, мэдээлэл ихтэй, уншууртай  байсан даа. Монголд соёлын, танин мэдэхүйн, гэгээрлийн үрийг ихээр тарьсан билээ. “АЗБУКА” гэдэг оросын хүүхдийн цагаан толгойн номын зураг мөн ч хөөрхөнсөн. Мөн “Цог”, “Залгамжлагч” зэрэг сэтгүүлүүд, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” зэрэг сонинуудийг ч их уншдаг байсан санагдана.
Оросын нэгэн эрдэмтний “Деалактикийн тухай яриа” гэдэг зузаан тэвхгэр ном, бас “Эртний Грекийн мэргэд” гэсэн гутлын зулаг шиг нимгэн царай муутай ном, “Демократ мэргэний гурван авьяас” гэдэг бас нэг ном, Титаренко гэдэг хүний “Эсрэг үзэл” гэх мэт, ер нэг иймэрхүү номууд “Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан” гэдэг шиг эргэж уншихад тун өгөөжтэйсэн. Ялангуяа Зөвлөлтийн Евгений Богатын бичсэн хэд хэдэн цуврал бий. “Ойлголцол”, “Нарт ертөнцийг хөдөлгөнө гэдэг”, “Хүний ёсноос гажаагүй бол...”, “Мөнхийн ёс” зэрэг. Ихэвчлэн ёс суртхууны асуудлыг хөндөнө, зүгээр нэг хөндөхгүй, ултай угтай хөндөнө. 100 жилийн өмнө Фридрих Ницще “Хүн таалал төгсөв” хэмээн дуу алдаж байсан гэдэг. Богатын үед бол Эрих Фром “Хүн машин болж хувирав” гэж халагласан. Яагаад тэр билээ гэдгийг Богат мөшгисөөр эцэст нь өнөөгийн объективистуудын тунхаглан мандуулаад буй хувь хүний ёс суртхууны мөн чанарын холбиромтгой, тулгуургүйн тухай асуудалд тулаад зогсоно. Хариуг өөрөөр, өөр гарцаар эрнэ. Хүмүүсийг хасах, нэмэх, тэг цэнэгтэйгээр нь ангилж үзнэ. Үнэхээр ч хасах цэнэгтэй буюу сөрөг сэрэхүй, сэтгэлтэй хүмүүс бийн адил өөрөөсөө гэрэл гэгээ, итгэл найдвар цацруулсан хүн ч бий. Мөн сайнд ч паг, мууд ч таг буюу тэг цэнэгтнүүд ч бий. Улирч туулсан замдаа учирсан бүхнээ цэгнэн үзвэл тэг цэнэгтнүүд их олон бололтой юм билээ. Түүний номдоо хөнддөг энэ санааг монголчуудын уламжлалт сэтгэхүйд буй хүний зүүн мөрөн дээр нь бурхан, баруун мөрөн дээр нь чөтгөр сууж, өөр өөрийн талдаа татахаар мэрийж байдаг, тухайн агшинд аль тал нь ялснаар тэр хүний үйлдэл тодорхойлогддог гэсэн домогзүйн сэтгэлгээтэй утга дүйнэ.
Одоо бид эерэг, сөрөг энергийн тухай дээр дооргүй ярьцгаадаг болж, уг нь миний мэдэхийн энергийн асуудлыг хүмүүс хоорондын харилцаанд, ёс суртхууны түвшинд хөндөж үзсэн, түүнээ олон талаас нь илэрхийлж олон ном бичсэн хүн бол Богат. Жаахан өөлөх юм бол тэр нь коммунист ёс суртхуун гэдэг нэртэй. Гэвч ямар нэртэй байх нь чухал биш, ёс суртхууны хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, үнэ цэнийг зөвөөр үнэлж дүгнэх нь чухал юм.
Одоо Богат гэдэг хүнийг монголд бүү хэл эх оронд нь ер эргэж санадаг ч юм уу даа.

***
Баруун зүгийнхнээс хэдэн хүний нэр дурдахгүй өнгөрчихвөл энэ дурсамж маань нэг л дутуу дундуур болчих мэт санагдана. Тухайлбал, Мопассан, Драйзер, Золя, Флобер, Бальзак нар. Эдний хандлага, илэрхийлэл ерөнхийдөө нэг чиглэлд, цаг үеэ задлан шинжилж, дүгнэж, тэгээд тэсгэлгүй эрс хатуу шүүмжлэгчид. Өөрөөр хэлбэл шүүмжлэлт реалистууд. Тэдний романуудыг зүгээр нэг босон суух завсар уншчих боломж хомс. Эргэцүүлэн бодож, эргэн тойрноо ажиглаж уншваас амттай. Эдэн дотроос анхлан Т.Драйзерийн “Женни Грихардт”-аар эхлүүлсэн. Дөрөвт байхад билүү дээ, эгч маань хөх ягаан хатуу хавтастай энэ номыг сумын номын сангаас авчирч, гэрт хэд хонуулж билээ. Тэр цагт сумын төвд орой 11 цаг гэхэд дизель мотор хоёр муухай орилсноо таг болж, Иличийн гэрэл паг болно. Гэрэл унтартал эгч номоо гараас салгахгүй. Гэрэл унтрахыг хүлээж байгаад гадаа байх амбаарт унтах нэрээр эгчийн номыг сэмхэн сугавчлаад гарна. Амбаарт нэг эвхдэг цагаан ортой, дэргэд нь усанд ордог төмөр ванн хөмрөөстэй. Түүн дээр аяга уруу нь харуулж, ёзоорынх нь хонхорт ээжийн боов хайрдаг хоргоноос жаахныг эмтэлж хийгээд хонины хөх хоргол тавьж асаахад лаанаас нэг их дутахгүй гэрэлтээд явчихна. Тэгээд л уншиж гарна даа. Нэг удаа ээжид баригдаж, ээж амбаарт түймэр тавих нь гэж загнаад, хоргоо гэрт оруулчихав. Гэвч боовны хоргыг бол хаанаас ч олно доо. ”Керри эгч”, “Санхүүч”, “Мундаг эр”, “Гудиггүй эр”, “Хонгор найз”, “Амьдрал”, “Мөнгө”, “Жерминаль”, “Бовари хатагтай”, “Гобсек”, “Эцэг Горио” гээд дээрх хэдийн романуудыг ар араас нь гөвж өгсөн. Тэгэхэд “Би ямар азаар тэр бэрх хэцүү, хүн хүнээ харгис хатуугаар мөлждөг, мэхэлдэг, завшдаг бурангуй цаг үед, капитализмд төрчихөөгүй юм бэ” хэмээх бодол эрхгүй төрж, ихэд сэтгэл тэнэгэр эргэцүүлэн суудаг байж, тийн суухдаа төд удалгүй дээрх сүрхий дориун шүүмжлэгчдийн үзэж өнгөрүүлсэн тэр хатуу ширүүн нийгмээс огтхон ч дутахааргүй бурангуй нийгмийн булингарт үерт залуу хангал биеэ, эмзэг зөөлөн сэтгэлээ хайр найргүй, өчүүхэн ч өршөөл энэрэлгүйгээр хамуулан өртөх хувьтай байснаа яахан ч төсөөлөх билээ. Одоо эргээд харахад зүрх сэтгэл минь хичнээн ч ихээр толботон бохирдоо вэ дээ, ухаан бодол минь юутай ч олон будангуйран самуурч, мухардан төөрч явав. Бидний сүүлийн хорь гаруй жил туулж өнгөрүүлсэн он жилүүд бол дээрх шүүмжлэгчдийн дүрсэлж бичсэнтэй агуулга, илэрхийллийн хувьд тун ойролцоо. Хожим эдгээр романд гардаг хэв шинжит дүр төрхүүдтэй олонтаа таарч, заримтай нь бүр найзалж, нөхөрлөж, дотор нь хутгалдаж, холилдож ч үзэх шив.
Ер, роман гэдэг юуны өмнө ертөнцийг үзэх философи үзлийн бүхэл бүтэн цогц систем болох нь дээрх нөхдүүдийн бүтээлүүдээс онцгойрон анзаарагддаг юм. Нөгөөтэйгүүр тухайн цаг үеэ жинхэнэ утгаар нь задлан шинжлэх үүргийг гүн ухаантны ямар ч бодрол бясалгалаас, суурь судалгааны ямар ч бүтээлээс илүүгээр нийгмийн роман л жинхэнэ утгаар нь гүйцэтгэж чадна. Нийгэм, цаг үе өөрийгөө танин мэдэх, тольдон харахад тийм романы үүрэг нэн чухал аа. Цаг үе өөрийгөө танин мэдэж байж, хаана байгаагаа анзааран сэхээрч байж урагшлан хөгждөг жамтай. Бидний бузартай буртагтай гаталж ядан буй энэ ёс зүйн баримжаагүй болчихсон, үзэл санааны төөрөгдөлд хөтлүүлчихсэн цаг үе өөрийгөө нэг анзаарч харах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Харамсалтай нь яг энэ цаг үед иймэрхүү цаг үеэ, туулж буй нийгмийнхээ туршилтийг ултайхан шинжилж, шиншилж үзсэн роман бидэнд аргагүй ихээр үгүйлэгдэж байна. Өнөөгийн манай роман бичээчдэд нийгэм, цаг үеэ анзаарах сөгөө ч алга, тэд зөвхөн алдар нэр, ашиг хонжоо бодож роман нэртэй нэг юм хэвлүүлэх агаад тэр нь ч тэдний өөрсдийнх нь хүсээд буй тэр өчүүхэн хүсэл мөрөөдлийг нь ч бүрэн дүүрэн хангаж буй эсэх нь эргэлзээтэй.
Жек Лондоны “Мартин Иден”, “Төмөр өсгий” ч энэ эрс шүүмжлэгчдийн хэсэгт хамаарах байх. Энэхүү Мартин Идений амиа хорлолт, Тургеневийн “Эцэг, хүүхдүүд” романы Базаров, Лермонтовын “Манай үеийн баатар”-ын Печорин нарын зан араншин 10 гаруй настай жаал хөвүүнд эхэндээ ямагт оньсого шиг ойлгомжгүй байснаа тэдэнтэй ямар нэгэн зүйлээрээ адил шинж өөрт байгааг анзаарч мэдэрсэнсэн. Тэр “ямар нэгэн зүйл” гэдэг маань туйлын үнэнд тэмүүлэх хүсэл тэмүүлэл юм. Хуучин соц утга зохиолын судлалд ийм хэв шинжийн дүрийг “илүүдэл хүмүүс” хэмээн томьёолж, Пушкиний Евгений Онегиноос эхлээд Обломовыг хүртэл олон дүрийг багтаадаг байв. Илүүдэл хүмүүс гэхийн учир нь тэдгээр зохиолд дүрслэгдэж буй цаг үед үнэн ямагт хязгаарлагдмал байх учир тэдгээр хүмүүсийн тэмүүлэл мөн ямагт мухардаж, амьдралын зорилго нь утга учиргүй болон хий эргэж, улмаар тухайн цаг үедээ илүүдэл хүмүүс болдог эмгэнэлт хувь тавиланг бүтээж байна гэж тайлбарлаж байсан санагдана. Тиймээс дээрх хүмүүс өөр өөрийн араншингаар хариу эсрэг үйлдэл үзүүлдэг, зарим нь утга учиргүйгээр орчин тойронтойгоо тэрсэлдэж, тэнүүчлэн одож/Печорин/, зарим нь хоромхон зуурын хуурай хайр дурлалаар өөрийгөө аргацааж/Онегин, Базаров/, зарим нь хувьсгалч болж/Рудин/, зарим нь дэмий алхайн хэвтэж/Обломов/, бүр зарим нь амиа хорлоно/Иден/. Хатуу ширүүн, гэрэл гэгээ мөхөс тэр зуунуудад тийм байсан байж магад юм. Харин энэ цаг үед бол боломж бий юу, эсвэл байдал огтоос өөрчлөгдөөгүй юу гэдэг асуулт эргэлзээтэй хэвээр.
Сонирхолтой нь би “Мартин Иден”-ий Руф шиг бүсгүйтэй хачин адилхан сэтгэдэг, үйлддэг бүсгүйтэй хожим таарч билээ. Бас “Хонгор найз”-ууд энэ хорин жилд хичнээн олон болж үржсэнийг хэлэхүйеэ бэрх. Шинэ цагийн Хонгор найзууд дотор олны танил алдартнууд их. Нэр заагаад хэлбэл нэлээд урт жагсаалт болж мэднэ.
Америкчууд Драйзераа төдийлөн сайн мэддэггүй, ойшоодоггүй мэт. Түүний төрсөн Индиана, Иллиной хоёр мужийн хил дээрх Терра Хаут хотоор хоёронтоо дайран өнгөрч билээ. Хөшөө дурсгал, гэр музей байгаагүй. Харин Марк Твений хот болох Миссисипи мөрний хөвөөн дээрх Ханибал хотод очиход огт өөр, захын хүнээс асуухад л энэ эрхэм хүнээ мэдэж, гэр музейг нь зааж өгч байсан. Твен, Хакле хоёрын сал урсгаж явсан их мөрний хөвөөгөөр хуучин муу GMC-ээрээ салхи татуулан нэлээдгүй давхисансан.
Чикагогийн Оак Парк-т байх Хемингуэйн гэр музейд зохиолч Д.Энхболд ах, Т.Бум-Эрдэнэ хоёртойгоо очиж, түүний тоглож байсан бадаргуулт баян хуурын товшуурыг тогшиж, бичгийнх нь машиныг илж нэг үзээд дурсгал болгон дарсны шилний бөглөө авсаан. Хемингуэйн дүрийг илэрхийлэх арга хэлбэр өвөрмөц, уншиж байхад хөнгөн хялбар, гэвч тийнхүү хүмүүстэй ярилцаж суугаа мэт илэрхийлнэ гэдэг амаргүй ээ. “Зэр зэвсэг минь баяртай”-г эхэлж уншихад явж өгдөггүй, их уйтгартай, гэвч тал чинээнээсээ хойш их л ойр дотнын танилуудынхаа амьдралаар амьдраад буй мэт, эсвэл тэр хүмүүс надад зовлон жаргалаа аминчлан хүүрнээд буй мэт болж, татагдсаар ном дуусаад хавтасыг нь хамхихад зүрх маань харуусал дүүрэн цохилж байж билээ. Хемингуэйн “Маргааш дахиад наран мандана”, Достоевскийн “Дорд үзэгдэгсэд” хоёрын төгсгөл их адилхан, “Тийм л их аз жаргалтай байх боломж бидэнд байсан даа” гэсэн гуниг, харуусал бялхсан шүүрс алдалт мэдрэгдэнэ.
Мөрөөдөмтгий хөвүүн насны минь хагацашгүй, урвашгүй хань, оюун санааны минь хөтөч болсон тэр олон сайхан зохиол бүтээлүүдийг орчуулсан хуучин соц цагийн орчуулагчдад энэ дашрамд гүнээ мэхийн ёслом уу.

***
Ингэхэд ном унших, ялангуяа уран зохиолын ном унших нь юунд хэрэгтэй вэ хэмээн хэн нэгэн асуух л байх. Ер нь асуудаг л юм. Надаас бүр хэдэн арав, зуу дахин цөөн ном уншсан атлаа надаас хэдэн хувь илүү ухаан саруул, уужуу сайхан хүмүүстэй би бишгүй учирч, нөхөрлөж явав. Тэгэхээр ном уншсанаар ухаантай болчихдог гэдэгт би л хувьдаа итгэхгүй байна. Харин хоёр л зүйлийг баттай хэлж чадах нь нэгд, мэдээж хэрэг мэдлэгийн хүрээ, ерөнхий кругозор гэдэг тэр зүйл үлэмжхэн тэлнэ, үүнээс илүү чухал зүйл нь хүний дотоод ертөнц ер бусын баялаг болно. Үүнийг бол би баттай хэлж, нотолж чадах юм. Нэг ном унших бүр дотоод ертөнцөд чинь нэг тийм мод цэцэглэн дэлгэрч буй хэрэг, дотоод ертөнцийн чинь тэнгэрт нэгэн шинэ од гялалзан гарч ирж буй хэрэг юм. Зохиол бүтээлээр нь дамжуулаад тухайн зохиолчийн дотоод ертөнцөд ургаж дэлбээлсэн тэр өөр өөрийн дахин давтагдашгүй өвөрмөц модод, цэцэгсийн үрсийг чи өөрийнхөө дотоод ертөнцөд авчран тарьж ургуулж буй хэрэг. Тэгэхээр хэр их ном уншина тэр хэмжээгээр дотоод ертөнцөд чинь ер бусын их баялаг, гайхамшигт цэцэрлэг шуугин, зүйл бүрийн шувууд шулганан, уул тал үргэлжилж, хот суурингуудад амьдрал буцалж, хүний хувь заяаны онцгой содон огтлолцлууд сүлэлдэн байх болно. Ер нь би тоймтой олигтой сургууль дүүргэсэнгүй, миний боловсрол бол миний багадаа уншсан энэ хэдэн ном л юм даа.
За үг өөр тийшээ гажаад явчихлаа. Дурсамждаа эргэж ороё. Би утга зохиолын тойм бичих гээгүй, бас Баабар шиг Дори идэр дүүдээ хандан зөвлөгөө өгөх гээгүй, зүгээр л номонд ухаангүй шохоорхон татагдаж байсан тэр бага залуу үеэ сэргээн санаж, сэмэрсэн гунигаа хөглөж,  урам зориг, итгэл үнэмшил нэмэх л гэж... 80-аад онд уншсан номуудынхаа тухай л бичиж буй тул энд ямагт хуучин хэвлэлийн номууд гарч байх шиг байна.  Мэдээж хэрэг 90-ээд оноос хойшхи уншсан номуудын тухайд, ерөөс номуудын тухайд бичвэл огт өөр өнцгөөс ихийг бичиж болмоор. Гэвч энэ удаад энэ бол миний зорилго биш.

***
Сум бүхэнд худалдаа бэлтгэлийн анги гэж байлаа. Аав маань тэр ангид барааны нярав хийдэг, тав зургаан том цагаан агуулахтай, тэдний нэг дүүрэн ном. Хааяа аавыг гуйж, тэр номыг нь эмхэлж цэгцэлж, тоос шороог нь арилгаж өгнө гээд агуулахад нь орно. Ийнхүү тэр тоос, олон жил дарагдсан цаасны эхүүн үнэр ханхалж, хүйт даасан агуулахад орно гэдэг диваажинд орж буй мэт санагдана. Хэсэг ном сонгож аваад, нэг их ном хураасан тавиурын ардуур орж суугаад авахаар энэ ертөнцийн уудмаар, хүмүүний хувь заяаны гайхам сонин учралууд дундуур, ер бусын баатар зоригт, сайхан сэтгэлт, бас хорон санаат хүмүүстэй хамт аялан жуулчлах боломж олдоно доо.
Нэг удаа үеийн хэдэн хүүхдүүдтэй Нэгдлийн аж ахуйн хашаан дотор хураасан том том дүнхүүтэй хонины ноосон дотор тоглож байгаад дүнхүүнүүдийн завсраас хэн нэгнийх нь гээсэн, эсвэл хаясан бололтой урд хойноосоо урагдсан ном олов. Хураалттай ноосны завсарт тоглож байсан хүүхдүүдээсээ нуугдаж суугаад өнөөх номыг ганцхан амьсгаагаар уншиж орхив. Харин орой нь хамраас цус годгодоод тогтохгүй, эмнэлэг дуудлага болж, аав, ээжийгээ сандаргаж билээ. Зуны өдрийн халуунд хураалттай хонины ноосон дотор хэдэн цагаар суухдаа хэрхэн халж, бүгчим оргихыг би огтхон ч мэдрээгүй санагддаг. Тэр ном Х. Уэлсийн “Газар уснаа явагч хүн” байсансан.
Нэгэн үе 1990-ээд оны эхэн үед ном уншина гэдэг бараг л бурангуй явдал мэт ойлгогдохоор болж, тэр хуучин цагийн их ч олон номыг хуугаар нь хамж, машин машинаар нь, вагон вагоноор нь цаасны хаягдал болгоод хятад руу ачиж байсан даа.
Сумын худалдаа бэлтгэлийн анги хувьчлагдахад ангийн агуулахад хадгалагдаж байсан тэр нүсэр их номуудыг ангид ажиллаж байсан хүмүүст ижил тэнцүү шуудайлаад хувааж өгсөн байсансан. Хувьчлалаас хувь хүртэж, арав арван шуудай номтой болсон айлууд түүнээ түлээнийхээ амбаарт хураачихаад, гал асаадаг байж.
Тэр хувь заяагүй шоовдорлогдсон номууд дотор мэдээж хэрэг тун хэрэггүй, баахан үзэл суртал болсон номууд ч байсан. Гэвч бас гайхалтай сайхан, хүүхэд бага насандаа нөхөрлөж, салж чадахгүй явсан олон номууд байлаа.  Худалдаа бэлтгэлийн ангийн хувьчлалаас хувь хүртсэн хамаатныхаа нэг эгчээс гуйж байж 7 шуудай ном авсан юм. Тэдгээр шуудайнууд дотроос ямар ямар номууд гарч ирсэн гээ. “Каллисто гариг”,  Иво Андричийн “Дарина голын гүүр”, Анатол Франсын “Ундаассан бурхад”, Тагорын “Гора”, Гоголийн “Тарас Бульба”, Толстойн “Хоёр тууж”, Горькийн “Фома Гордаев”, Проспер Маримегийн “Коломба”, хэнийхийг нь санахгүй байна - “Бяцхан Бизон”, А.Герцений “Туулсан замд төрсөн бодол” гурван боть, Шолоховын “Дөлгөөн Дон”-ын хуучин хэвлэлийн бор хавтастай дөрвөн боть, Белинскийн “Түүвэр зохиол”, бас “Зөвлөлтийн зохиолчдын туужис” нэртэй дотор нь Шукшин, Распутин энэ хэдийн хэдэн галзуу тууж багтсан зузаан хатуу бор хавтастай ном гэх мэт бага насны минь дотно танилууд гарч ирж билээ. Герцений гурван ботийг мөн ч олон өдөр хонинд өвөртөлж явсан даа. Итгэл үнэмшил мухардаж, зориг эрмэлзэл мохсон хүнд хэцүү үеүдэд Герцен мөн ч их хань болсон, тэндээс бодол эргэцүүлэл, хувь тавилангийн үнэнтэй нүүр тулах эр зоригийг хайдаг, олдог ч байж. Гарибальдийн хэсэг гайхалтай сайн бичигдсан, түүнийг бүхий л талаас нь яруу тодорхойлж. Нэг л уулзсан ухаан цэлмэг хүн Гарибальдид эрхгүй татагдаж, гүн дотно нөхөд болдог. Тэр бол хүнийг өөртөө татах тийм л гайхам сайхан чанар, эр зориг, хурц ухаан, авьяас төгөлдөр хүн байж. Герцен ч өөрөө хэрхэн Гарибальдид татагддаг байснаа бичсэн, харин би Гарибальдитай Герцений адил уулзаагүй атлаа бичсэнийг нь уншчихаад бас яг л Герцений адилаар татагдаж, тэр хүнийг хайрлаж, хэрвээ тэр цаг үед байсан бол улаан алчуур толгойдоо зүүчихээд, хувьсгалын тугын намираан дор мөр зэрэгцэн алхмаар санагдаж байж билээ. Хожим яг тийм, хүнийг өөртөө соронз мэт татаж чаддаг хүнтэй нэгэнтээ учирсан нь О.Дашбалбар агсан юм. Авьяас билэг, гэгээн цагаан сэтгэл, омголон долгин зан хосолсон, ховроос ховор сайхан хүн байсан даа. Нэг сонирхолтой нь Дашбалбар агсан “Туулсан замд төрсөн бодол”-ыг заавал унших хэрэгтэй ном шүү гэхэд нь бид Герцентэй, түүгээр дамжуулж Синкевич, Бакунин, Белинский, Гарибальди, Оуэн нартай нэг л сэжмээр дотно холбогдсон байснаа ойлгосон.
Герцений Роберт Оуэны тухай бүлэг бол дахин дахин уншмаар, хүмүүний нийгмийн хөгжил дэвшлийн эцсийн шат зорилгын тухай эргэцүүлэлд эрхгүй хөтөлдөг тийм бүлэг. Бас жинхэнэ харгис капиталын мөлжлөгийн үед(XIX зууны дунд, төгсгөл үе) их далайн дундах эрдэнийн ганц арал мэт дэнжигнэн зогсож, галзуучуудын эмнэлэг дотор буй ганц эрүүл хүн байж, даажинтай нь өнөөх галзуучууд бүгдээр зөвхөн ганцхан өөрийг нь л жинхэнэ галзуу гэж ойлгож байсан тийм бурангуй үед учиргүй, бүр аймшигтай ихээр ганцаардсан, тэр хэрээрээ гэгээрч, гэрэл гийсэн гэгээнтний тухай өгүүлдэг тийм бүлэг билээ.
Одоо нэг ингэж зав чөлөөтэй болсон дээрээ Герценийгээ эргэж нэг сайн харна аа. Яагаад гэвэл цөхрөлтгүй эрж хайж байсан бага залуугийн минь эрч хүч, бодол санаа тэр номын үг өгүүлбэр бүрд, хуудас бүрт шингэсэн учир түүнээсээ жаахан ч болов хэсгийг олж авахсан гэж хүсэж байна.
Дараа нь 1992 оны өвөл билүү дээ, нэг Хувиараа эрхлэх аж ахуйн ах өдөрт 1000 төгрөг өгнө, очиж цаас прессэлж өг гэхээр нь очтол одоо энэ Амгалангийн дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа тэр орчимд байх нэг том скаладад таазанд нь тултал хуучин номууд овоолчихсон, хатуу хавтастайнх нь хавтсыг хуу татаад л прессэлж байв. Ойрхон төмөр замын рейс байсан бөгөөд тэдгээр номуудыг хятадад хаягдал цаас болгон хэдэн халтар юанаар өгөх гэж буй нь тэр билээ. Тэнд ахалж байсан нэг эгчээс би хэдхээн ном авая, оронд нь хэдэн ч өдөр хамаагүй үнэгүй ажиллаад өгөе гэсэн, хачин муухай хараалгаж, арга барсандаа нимгэн хавтастайгаас нь хоёр ном гэдсэндээ хийчихээд, “Би явлаа” гээд мөнгөө ч авалгүй хаяад гарч билээ. Улаан цайм хулгай хийсэн тохиолдол минь тэр. Тэсээгүй л юм даа. Хар багийн минь хамгаас дотно, хувирашгүй үнэнч андуудыгаа тийм боолчлол, доромжлолын гашуун тавилантай учирчихаад байхад харин ч даруухан аашилсан минь тэр... Яг үнэндээ тэр бүгдийг би өөрийн гараар тэр агуулахтай юутай хүүтэй нь шатаачихмаар санагдаж байсан юм. Тийнхүү хятадад ачуулахаас арай гэж аварсан хоёр ном маань
“…Хайрласаан би, дурласан,
Харанхуй хавцал дундуур алхаж явахад
Үхэл юу ч биш санагдсан... хэмээн галтай цогтой шүлэглэх Алишер Новайн "Шүлгүүд", Добролюбовийн "Түүвэр зохиол" хоёр байсан. Новайг хэн нэг аваад одоо алга болж, хаана тэнүүчилж, гундаж явдаг юм бол доо, харин Добролюбов бол байгаа, хааяа номын тавиур дээр таарахаараа мэндлэхээр өмнөөс сэтгэл цэлсхийтэл учиргүй сайхан инээмсэглэдэг л юм даа.

Б.Номинчимэд
2012 оны 6 сарын 22.
2013 оны 11 сар.

Сэтгэлгээний мөнх цэвдэгийг яаж гэсгээх вэ? ГАНТӨМӨР САЙД аа


“Өнөөдрийн хүүхдүүд маргаашийн соёл иргэншил мөн”
Рона Хаббард
Боловсролдоо хийх гэж буй “Хэрэглээний боловсрол”-ын философийг үндэслэгч Рона Хаббард ингэж айлджээ. Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа “Ном” хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх хөтөлбөрийг өвгөн багш миний бие дэмжиж байгаа билээ. Аливаа шинэ үзэл санааг санаачилж хэрэгжүүлэх үйлс нь анхнаасаа цэвэр ариун үзэл санаагаар жигүүүрлэж байж амжилтад хүрдэг.
Өнөөгийн хүүхэд багачуудад ямар ном уншуулах вэ гэдэг асуултад зөв хариулт өгч, зөв ном уншуулах нь өнөөгийн бидний тулгамдсан зорилт болоод байна.
Боловсрол, ШУ-ны яам хүүхдэд уншуулах номыг сонгон шалгаруулах эксперт томилж олон ном шалгаруулжээ. Миний бодлоор бол экспертэд орсон мэргэд хүүхдэд уншуулхаар хэвлэлийн газруудаас санал болгосон бүх номыг нэг бүрчлэн уншиж байж сонголт хийх учиртай. Зохиогчийн нэр, номын нэр харж дугуйлах замаар сонгон шалгаруулалт хийсэн нь дэндүү хариуцлагагүй үйлдэл болжээ. Хүүхдэд уншуулах номын тухайд бол сүүлийн хэдэн жилд “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Хүүхдийн шилдэг зохиолын Эрдэнэсийн сан” цуврал 108 ном уншигч хүүхдүүдийн сонирхолыг татаж буйг би мэдэх юм. Би хувьдаа энэ цувралын 30 гаруй номыг уншсан болно. Зарим номыг нь уншаад уйлж билээ.
Найз нөхдийнхөө ач, зээ нарт хэд хэдэн номыг өгч уншуулахад номоос салахаа больсон олон тохиолдол буй. Би багш хүний хувь Монголын хүүхэд багачуудын уран сайхны боловсролын төлөө санаа тавьж, дунд сургуульд үздэг уран зохиолын хичээлийн үр дүнд санаа зовж хэд хэдэн өгүүлэг бичсэн. Гэвч миний өгүүлэлд бичсэн санаанууд яамны түшмэдүүдийн хүнд суртлын мөсөн уулыг мөргөж “амьсгал хураасан” юм.
Сүүлийн 20 жилд манай яамны эрх мэдэл бүхий түшмэдүүд “Мэдэхийг бүү хүс! Мэддэгийг бүү дага!” хэмээсэн тангадын хараалд өртөж сэтгэлгээ нь хоцрогдож олонхи тохиолдолд бурангуй бодлогоо явуулсаар өдий хүрлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт философи, уран зохиолын хичээлийг хасч, хөх монголын хойчсыг манкурт боол болгох зорилгоо хэрэгжүүлсээр байна. Дэлхий дахины боловсролын хөгжлийн хандлагаас харахад “Чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх боловсрол: түүх, философи, уран зохиол”-д анхаарал их тавьж, дэлхийд нэртэй зохиолч, судлаачид “Эрүүл уран зохиол”, “Эрүүл кино”-ны тухай ярьж бичих болов.
Миний өмнө Мексикийн зохиолч Лаура Эквилсийн “Мэдрэмжийн тухай ном“ дэлгээтэй байна. Энэ номд “Эрүүл уран зохиол түгшүүр болон дотоод сэтгэлгээг хүчээр барьж байдаг эрчим хүчийг гадагшлуулж биеэс чөлөөлж байдаг бол эрүүл бус уран зохиол нь тэр эрчим хүчийг уйтгар гуниг болтол нь ихэсгэж байдаг” гэжээ.
Тэгвэл “Хөхдэвтэр” хэвлэлийн газраас гаргасан “Хүүхдийн шилмэл зохиолын эрдэнэсийн сан” 108 боть нь “Эрүүл уран зохиол”-ын хэмжүүрт бүрэн багтана. Би хүүхдийн нэрт зохиолч Ф.Бөрнэтийн цуврал 3 номыг уншлаа. Энэ номууд надад сэтгэлийнхээ гүнд нуугдаж байсан үнэт зүйлээ олж таних боломж олгож байна. Ном бүхний төгсгөлд зохиолын балчирхан баатруудтай ярилцах асуултууд байгаа нь анхаарлыг их татаж байгаа бөгөөд хүүхдэд ухаарал, гэгээрэл өгөх номууд болохыг баталж байна. Ном бүхэн төгсөхдөө сайн сайхан үйлс ялан дийлж байгаа нь ч хүүхдийн оюун сэтгэлд ялан дийлэхийн ухамсарыг буй болгож байна. Энэ номуудыг монголын хүүхдүүдийн уншуулах номын нэрсийн жагсаалтаас хасахдаа : “Танай хэвлэлийн газраас гаргасан номууд орчуулга муутай” гэсэн шалтгаан хэлжээ. Энэ цуврал номыг ахмад үеийн нэртэй орчуулагч У.Нямсүрэн, Ц.Даваажав, дунд үеийн Д.Оюунчимэг, залуу үеийн Б.Баясгалан, Д.Сүрэнжаргал нар орчуулсан юм. Хүүхдийн уран зохиолын орчуулга энгийн бөгөөд ойлгомжтой байх, зохиолын өгүүлбэрүүд нь олон үггүй, цомхон байдаг шүү дээ. Бас манай яамны эрх мэдэл бүхий түшмэл: “Манай ардчилсан намын хэвлэх үйлдвэрт хэвлүүлбэл хэдэн ном оруульяа” гэж айлджээ. Гантөмөр сайд аа. Та ямархан хүмүүсээр багаа бүрдүүлэв ээ.
Би энэ үгийг сонсоод З.Фрейдийн “Би ямар муухай хүмүүсийн дунд амьдарч явна” гэсэн уулга алдалт санаанд лав орсон шүү.
Монголчууд бид залуу үеийнхний балчирхан оюун сэтгэлгээг “намчирхал”-ын мөнх цэвдгийн хүйтэн чулуугаар хайрмааргүй байна. Үүнийг үл өгүүлэх нь: Миний Монголын үр сад ямар хэцүү ертөнцөд аж төрнөв. Хүчирхийлэл, мансуурал, гэмт хэрэг, амиа хорлолт газар авсаар л... Телевиз бүхний дэлгэцээр алаан хядаан, цус нөж урссаар л...
Мэдээ орсон цагаасаа хүүхдүүд түүнийг үзэж харсаар л... Өнгөрсөн зууны сүүлээр Бандурагийн лаброторид хийсэн судалгаагаар телевизээр гарч байгаа түрэмгийлэл, аллага таллага үзүүлсэн кино хүүхдийн зан үйлд ямар өөрчлөлт оруулдгийг судлаад:
1. Түрэмгий зан үйлийг нэмэгдүүлдэг,
2. Түрэмгий зан чанараа тэвчих чадварыг буруулдаг,
3. Түрэмгийллийг мэдэрч, эв дүйтэй харьцах чадварыг алдагдуулдаг
гэж тогтоогоод, 427 хүүхдийг арав арван жилээр зан авирт нь ямар өөрчлөлт гарсныг олж тогтоосон байдаг. Судалгаанд хамрагдсан 4000 хүүхэд 30 насандаа
1. Түрэмгий зан авир нь тогтвортой хадгалагдсан,
2. Хууль дүрэм олонтаа зөрчдөг,
3. Гэр бүлийн түрэмгийлэл тогтмол байдаг болохыг тогтоожээ.
30 насандаа хийсэн гэмт хэргийн хүнд хөнгөний шинж нь 8 насандаа телевизээр үзэж байсан хүчирхийлэлтэй шууд хамааралтай гэсэн дүгнэлт хийсэн байна.
Энэ судалгаанаас үзхүл бид “Зөв монгол хүн”-ийг төлөвшүүлэхэд их зүйл хиймээр байгаа биз. “Зөв монгол хүн” гэж хэн юм бэ? Шалгуур нь ямар байх вэ? Бурхны сурааль үзэж байхад “Найман зөв зам мөр”-ийн онол гэж байдаг юм билээ. Тэр нь:
1. Зөв үзэл,
2. Зөв сэтгэл,
3. Зөв үйлс,
4. Зөв үг,
5. Зөв амьдрал,
6. Зөв тэмүүлэл,
7. Зөв ухаарал,
8. Зөв бясалгал,
Эдгээр бүлгээ.
ГАНТӨМӨР сайд аа. Зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд, зөв хүмүүсээр багаа бүрдүүлсэн зөв бодлого, зөв үйлстэй Яам чухал шүү гэдгийг ахмад багшийн хувьд зөвлөе.
Эрхэм сайд танаа:
Нэгэн зүйл: Монголын маргаашийг авч явах хойч үеийнхний хөгжил-хүмүүжил-боловсролын асуудлаар “Зөв монгол хүн” сэдэвт эрдэмтэн мэргэдийн чуулганыг зохион байгуулах,
Нэгэн зүйл: “Либерал арт” буюу сэтгэлгээг хөгжүүлэх боловсрол болох түүх-философи-уранзохиолын хичээлийн талаар өргөн хэлэлцүүлэг явуулж, ЕБС-ын хөтөлбөрт зохих байр эзлүүлэн, дээрх хичээлүүдийг сургалтын технологийг боловсронгуй болгох арга хэмжээг яаралтай зохион байгуулах,
Нэгэн зүйл: Хүүхэд багачуудад уншуулах зохиолын сонголтыг дахин хянан үзэж, Яамнаас томилогдсон экспертүүд бүх зохиолыг уншиж сонгон шалгаруулалт хийх.
Бидний “хэрэглээний боловсрол” онол арга зүйг үндэслэгч Рона Хаббард “Дианетик” алдарт номдоо, “Хүний оюун ухаан хоёр туйлаас бүрддэг. Нэг нь задлан шинжлэх ухаан, нөгөөх нь зад эсэргүүцэх ухаан юм. Задлан шинжлэх хэв шинжийн оюун ухаан нь авардаг. Зад эсэргүүцэх ухаан нь мөхөөдөг. Ухаанаар биеэ жолоодох шинэ сэтгэлгээ, шинэ арга барил чухал” гэжээ. Бумбын эрин сэтгэлгээний мөнх цэвдгийг гэсгээнэ. Үүнд итгэж, эрч хүчтэй, шударга ажиллаарай.
Ломбын НЯМАА
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, ахмад багш

Saturday, November 30, 2013

Цоохор Даваа гуайн зээ охин С.Дулам болон түүний үр хүүхдүүд нь холбоо барина уу

Сайн байна уу?

"Засагт ханы сайн эр Цоохор Даваагийн эмгэнэлт төгсгөл" гэсэн бичлэгт маань 2013  оны 10 сарын 4-нд сэтгэгдлээ үлдээсэн Цоохор Даваагийн зээ охин С. Дулам гуай, түүний үр хүүхдүүд байвал надад холбоо барих утас, линк-ээ үлдээнэ үү?

"Sain bn uu ? Emee n Tsoohor Davaagiin zee ohin S.Dulam bn aa. Duger geech hunii ohinii ohin n bn. Niitleliig unshaad ih saihan sanagdlaa ert tsagt humuus hugshin uvuug min bas l yanz bureer yridag blaa bi 2013.07 sard unuudur sonin deer bsan halhiin shiliin sain ers gsn niitleliig unshaad mun setgel ih hudulj blaa . Emee n odoo 71 nas hurj yvna ene niitleliig unshsan minii hamaatan sadan bj magad geed setgegdel uldeelee. Niitlel bichsen chamd bayrlalaa. Ajil amidrald n hamgiin sain saihniig husen eruuy Taniig hundetgesen Sosoriin Dulam tuunii ur huuhedees"
October 4, 2013 at 4:57 AM

ОЮУНЫ ХУЛГАЙ – АДГИЙН ХУЛГАЙ


Зарим ном, нетийн бичлэг уншиж суутал нэг их танил өгүүлбэрүүд, сэтгэлгээ гараад ирнэ. Энэ юу билээ гэтэл өмнө өөрийн маань бичсэн үг, өгүүлбэрүүд, заримдаа бүтэн өгүүллэг маань өөр хүний нэрээр явж байх..,
Эхэндээ ч “Хүнд л хүрч байвал...” гэсэн юм бодоод тоолгүй, бүр баярлаад л өнгөрдөг байв. Гэтэл сүүлдээ “Даварсаар даварсаар Давгын оронд” гэдэг шиг тийм зүйл олон дахин давтагдах болж, номонд хүртэл бүхэл бүтэн өгүүллийг маань хойно урдаас нь нэг нэг өгүүлбэр өөрчлөн хэвлүүлчихээд өөрийнхөө нэрийг залчихсан, өнөөх ном нь гайгүй бестселлер номын тоонд орчихсон яваад байгааг үе үе харахаар заримдаа ч ой гутах. Би ямар хэн нэгэн тэнэгийн өмнөөс хэдэн жил ном шагайж, насан туршдаа олсон мэдсэнээ, хураасан цуглуулснаа шавхаж, авьяас чадвараа дайчилж явсан болох уу гэсэн нэг муухан хар бодол, харамсал төрөх юм.
Гэтэл одоо бүр байчихаад “санамсаргүй тохиолдлоор давхцаж болно шүү дээ, юун сүртэй юм” гэсэн тайлбар сонсох нь... Гэнэн тэнэглэл гэж үүнийг л хэлэх байх даа.
Уран бүтээлчийн хэл найруулга, хэв маяг хэзээ ч давтагдашгүй, давхцашгүй байдаг юм гэдгийг энд бүр онцлон тодруулж хэлмээр байна. Хэл баялаг байх тусмаа давхцал гарах магадлал бараг байхгүй болдог. Тухайн уран бүтээлчийн хэл найруулгаар нь сэтгэлгээний цараа, ур чадвар харагдаж, сэтгэл зүрх, эрмэлзэл тэмүүлэл нь хүртэл мэдрэгдэж байдаг юм. Үүнийг оюуны хулгайчид мэддэггүй бол одоо МЭДТҮГЭЙ гэж хэлмээр байна. Уран бүтээлчдээс та бүхний хулгайлсан өгүүлбэр бүрт дээр чинь тэдгээр уран бүтээлчид өөр өөрсдийн хэзээ ч арилашгүй өвөрмөц тамгыг дарж орхисон байдаг юм, тийм тамга махан нүдтэй хулгайчдад харагддаггүй юм, тийм болохоор им тамгагүй юм байна гээд уран бүтээлчдийн бүтээлээс өм цөм баярлаад шүүрээд байж болохгүй шүү, ийм хулгай хэзээ ч баригддаг юм шүү гэдгийг анхааруулмаар байна.
Харин зүгээр нэг албаны илтгэлийн, санхүүгийн тайлангийн өгүүлбэр бол санамсаргүйгээр давхцаж болно. Давхцаж ч байдаг.
Уг нь нэг өгүүлбэрийн цаана хэдэн жилийн хөдөлмөр, магадгүй насан туршийн хөдөлмөр, хураасан мэдлэг, ур чадвар байдаг юм шүү дээ. Нэг өгүүлбэрийг, ялангуяа судалгаа шинжилгээний нэг өгүүллэг, хүний сэтгэлийг хөдөлгөсөн ганц гайгүй сайн өгүүлбэр, бүр оносон ганц үг ч болов олж бичих гэж уран бүтээлч ямар их хүч хөдөлмөр, цаг хугацаа зардгийг тэгэж сууж үзсэн хүн л зовлонг нь ойлгох байх, ялангуяа чөмгөө дундартал, хараагаа ширгэтэл, нуруугаа бөгтийтөл сууж үзсэн уран бүтээлчид л энэ зовлонг хуваалцана.
Харин бэлэн илтгэл, тайлан харж, ашиглачихаад туугаад явдаг нөхдүүд бол түүнийг хэзээ ч ойлгохгүй янзтай. Үгүй ядахдаа ишлэл авснаа дурдаад, хаалт хашилтад оруулдаггүй юм аа гэхэд ашигласан материалынхаа жагсаалтад ч болов авсан линкээ оруулчихаж байвал болно шүү дээ. Миний л мэдэхийн хэд хэдэн танил, найз нөхдөд маань яг ийм зүйл тохиолдсон, бид дэмий л өөр хоорондоо зовлонгоо ярьж, бухимдлаа тайлаад л өнгөрдөг.
Оюуны хулгай гэдэг ч халаасны хулгайгаас долоон дор дор хогийн хулгай юм даа. Хүний оюуны охь шимээс шимэгчилж, сорох замаар алдар нэр, бизнес олж амьдарна гэдэг нэг удаагийн гар утас туусантай харьцуулахын аргагүй хөгийн зүйл юм.
Оюуны хөдөлмөрийг манайд тодорхой үнэлж сураагүй, түүнийг хамгаалах эрхзүйн болоод сэтгэлгээ, соёлын орчин бүрдээгүй байдал байсаар байна. Уг нь манайд “Оюуны өмчийн тухай хууль” гээд сайхан нэртэй хууль бий. Заалтууд нь ч сүрхий хатуу, оюуны өмчийн хулгай хийсэн нь нотлогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нугалж торгох, 6 сараас 3 жил хүртэл хорих ялтай. Харин харамсалтай нь энэ хууль хэрэгжиж байхыг нь би л лав мэдэхгүй юм байна.
Гэхдээ манайд ийм хулгай цаашид үргэлжилсээр байвал энэ хууль эрх биш нэг амь орох биз ээ.

Friday, June 28, 2013

Хүүхдүүд гар утсаараа тоглох бус ном уншдаг болжээ

Xүүхэд багачуудынхаа зуны амралтыг хэрхэн өнгөрөөх талаар аав, ээжүүд янз бүрээр төлөвлөж байгаа энэ цагт тэдэнд дуулгах сайхан мэдээ байна. Хүүхдүүд зав л гарвал PC рүү гүйж, ухаан санаагаа самууртал, эсвэл гар утсан дээрээ янз бүрийн тоглоом суулган тоглож цаг заваа үр ашиггүй өнгөрөөн эцэг эхийнхээ арга аашийг бардаг. Тэгвэл энэ сонирхлыг нь ухаалгаар ашиглаж зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ утсанд элдэв янзын тоглоом бус дэргэдээс
нь харж байгаа мэт мэдрэмж төрүүлэхээр гоё зурагтай, оюун ухааныг нь тэлж, зөв төлөвшилд хөтлөх олон арван ном суулгаж өгдөг болсон байна. Хөдөө амьдардаг ах дүүгийндээ очих, зусланд амрахаар явах, гэртээ байхдаа гээд хаана л бол хаана ашиглах боломжтой цахим номыг хүүхдүүддээ авч өгснөөр тэдэнд маш том хөрөнгө оруулалтыг хийнэ гэж сурган хүмүүжүүлэгчид онцолж байна. Гар утас, IPad, таблет дээрээ татаж аваад унших боломжтой уг номыг хүүхдүүд маш их сонирхдог гэнэ. Учир нь жилийн турш цаасан ном эргүүлсээр залхсан тэдэнд амралтын цагийг нь зөв өнгөрөөхөд туслах хамгийн дотно туслагч нь цахим ном юм байна. Монголд анх орчуулагдан багачуудын хүртээл болж буй Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолууд мөн бусад сонирхолтой олон номуудыг цахимаар худалдан авах боломжтой болжээ.

Sunday, June 23, 2013

Төрийн их наадамд дуртай нь түрүүлчихдэг юм биш ээ

"Бат-Эрдэнэ аваргыг олон жил түрүүлэхдээ бусдадаа боломж олгоогүй, бас Хэнтийгээс өөрөөс нь өөр сайн цолтой бөх төрөөгүй. Бат-Эрдэнэ аварга нутгаасаа ядахдаа заан төрүүлчих боломж их байсан" гэж өчигдөр ТВ-ээр хэдэн нөхдүүд ярьж, гомдоллож байхыг сонслоо. Наадамчидаа хууран бууж өгөх ёстой байсан хэрэг үү. Нэг удаа бууж өгөлгүйгээр Гантогтоход тахимаа өгч байсан санагдана. Энэ бол худал барилдаагүй, жудаг заасан явдал байсан. Монгол бөхийн түүхэнд их ч ховор тохиолддог зүйл. Талбайд гарчихаад барилдсан болоод бууж өгөөгүйнх нь төлөө, өөрөө хүч нь хүрээд хаяж чадаагүйнхээ төлөө "БУСДАДАА БОЛОМЖ ОЛГОДОГГҮЙ" гэж гоншигнож зогсоо хүмүүсийг харахаар дэндүү өрөвдөлтэй... Бат-Эрдэнэ аварга тэгээд баахан бууж өгч, худал унаад Хэнтийгээс заан, арслангууд төрүүлээд байх ёстой байсан хэрэг үү. Ийм утгагүй дампуу л юм бодож, сэтгэж явдаг хүмүүс л монгол бөхийн дэвжээг хор, найрааны дэвжээ болгон гутаасан юм. Харин ч Ба аварга нь нутаг нугынхаа бөхчүүдэд өндөр хатуу шаардлага тавьж, тэднээ жил бүр бэлтгэлд ахлан гарч, мэддэг чаддагаа зааж өгч байсан. Тэгээд хүч чадал нь хүрээд шударга сайхан барилдаад Улсын цолонд хүрч чадаагүйнх нь буруу Ба аварга болох уу. Одхүү начин сайн барилддаг сайн начин, гэхдээ өөрийн хувийн зан чанараас голдуу болсон харагддаг, сайн амжилт гаргаагүй. ДЭМЖЛЭГ гэдгийг энэ нөхдүүд хор найруулах, бууж өгөх төдийгөөр ойлгоод байгаа бололтой. Харин ч Бат-Эрдэнэ аварга нутгийнхаа бөхчүүдийг хор найруулах, бууж өгөх замаар, олон түмнээ хуурч доромжлох аргаар улсын цолонд хүргээгүйнх нь төлөө Хэнтийнхэн баярлаж, бахархаж явууштай.
Мөнх-Эрдэнэ арсланг өрөвдөөд нэг удаа унаад өгчих ёстой байсан хэрэг үү.
СПОРТ бол СПОРТ. Хэн овсгоо, самбаатай нь, хүч чадалтай нь ур ухаантай нь сэтгэлийн хаттай нь ялдаг. Дийлдэг. Ялангуяа Монгол түмний их баяр наадамд түрүүлэхэд зүгээр нэг бяр чадал, ур ухаан, эв дүй байгаад зогсохгүй хийморь золбоо нэн чухал. 13 түрүүлэхэд бүр ч онцгой юм шүү.

Thursday, June 20, 2013

Хамгийн чухал зүйл юу вэ?

(Ч.Диккенсийн нэгэн романы тухай товчхон. Хүүхдэд зориулсан роман хэдий ч үүхэд нь ч уншваас зохилтой ном болой)
Хүүхэд бүр, ялангуяа хөвүүн болгон хүч чадалтай, эрүүл чийрэг байхыг хүсдэг. Хүч чадалтай байх нь мэдээж сайн хэрэг. Гэвч эр зориггүй бол тэр хүч чадал дэмий талаар хэрэг болно. Үлгэрлэвэл аварга хүчирхэг ч аймхай хулчгар заан өчүүхэн бяцхан хулгана ахайд дийлдэхийн үлгэр билээ. Хүч чадал, эр зориг хоёр хослох нь үнэхээр сайхан.
Гэхдээ нэг юм дутаж байгаа биз. Энэ бол саруул ухаан юм.  Хэрвээ саруул ухаан үгүй бол тэр сайхан эр зориг, эрчим чадлыг хий дэмий юманд хайран үрж дуусна шүү дээ. Дайснаа ялан дийлэхэд, спортын гялалзсан амжилт гаргахад хүч чадал, эр зоригоос гадна ур ухаан тун чухал. Ур ухаангүй бол зөвхөн сохор азанд найдахаас өөрөөр ямар ч амжилт нүүр царайгаа харуулахгүй. Орд өргөөг босгоход ч, нураахад ч аль алинд нь хүч чадал, эр зоригоос гадна ухаан хэрэгтэй. Ур ухаан дутвал нурааж буй байшиндаа дарагдаж эрсдэх аюул ч учирна. Гэхдээ ухаангүй харанхуй мунхаг хүмүүс ихэвчлэн нурааж сүйтгэж, эвдэлж, хүмүүсийг хооронд нь хагаралдуулж явдаг бол саруул ухаантай хүмүүс үргэлж бүтээн босгох, эв нэгдлийг эрхэмлэх замыг сонгож байдаг. Тэгэхээр саруул ухаан тун чиг чухал байх нь ээ. Мэдээж хэрэг саруул ухааны чимэг бол эрдэм боловсрол билээ.
Гэвч хүүхдүүдээ, бас нэг юм, хамгийн гол юм нь дутуу байна. Тэр гол чухал юмыг юу гэж бодож байна вэ?
Хамгийн чухал зүйл бол энэрэнгүй сайхан сэтгэл болно. Хүч чадлыг шавхаж, эр зоригийг дайчилж, ур ухааны сорьдог сайн сайхан, буянтай үйл хэрэгт хүмүүнийг зөвхөн энэрэнгүй сайхан сэтгэл л хөтлөн дагуулдаг юм. Өөрөөр хэлбэл сайн санаа, сайхан сэтгэл нь хүч чадал, эр зориг, ухаан бодлыг хөтлөн дагуулагч болно.
Одоо хүүхдүүд та бүхэн маань хүч чадал, эр зориг, саруул ухаан, эрдэм боловсрол, сайхан сэтгэл: – энэ бүхнээс хамгийн чухал нь юу болохыг эргэлзээгүй хэлж чадна гэж найдаж байна.
Хүн төрөлхтний үе үеийн шилдэг зохиолч, яруу найрагчид, их сэтгэгчид чухам энэ л үнэнийг уран бүтээлдээ магтан дуулж, нотлон харуулж ирсэн байна. Тэдэн дотроос хамгийн яруу тод дүрслэн бичсэн хүн бол Английн зохиолч Чарльз Диккенс юм.
Наполеоны Франц Орост халдан довтолж байх тэр цаг үед буюу 1812 онд Ч. Диккенс төржээ. Тэр цагийн Англи оронд хүн хүнээ шударга бусаар дарлан мөлжих нь тун ч хэцүү, эгэл ард олны амьдралд гэрэл гэгээ бага байсан байна. Манай нийгмийн өнөөдрийн дүр төрх тэр үеийнхээс нэг их дээргүй байгааг та бид сайн мэднэ. Маш олон хүүхэд амьдралын хүнд нөхцөлд, наснаасаа хэтэрсэн хүчир хөдөлмөрт зүтгэж байгааг анзаарсан байх. Зах дээр очиход өөрөөсөө хэд дахин том төмөр тэрэг түрээд зүтгэж байгаа жаал хүүг дуртайдаа тийм ажил хийж байна гэж хэн нэгэн боддоггүй байх. Бас орон гэргүй тэнэж яваа зуу зуун хүүхдийн хувь заяа байна.
XIX зууны Английн нийгмийнх нь энэхүү гэм согог ядуу албан хаагчийн гэр бүлд төрсөн Диккенсийн бага насны амьдралд ч сүүдрээ тусгажээ. Түүнд сургуульд тууштай суралцах боломж олдсонгүй, амьдралын эрхээр бүр 10 настайгаас долоо хоногийн хэдхэн зоосны төлөө ажил хийж эхэлсэн байна. Ийнхүү ядуу зүдүү амьдрал туулж, хүнд хэцүү ажил хөдөлмөрт бага наснаас зүтгэсэн нь амьдралын үнэ цэнийг, хүн хийгээд үйл хэргийн сайн муугийн ялгаа заагыг гүн гүнзгий ойлгож танихад нь тусалж, хожмын аугаа их зохиолч болгожээ. Хэрвээ тэр амьдралын эрээн бараан, сайн мууг тийм хурц, тодоор ялган салгаж таньж чадаагүйсэн бол мундаг зохиолч болно гэхэд эргэлзээтэй. Ч.Диккенсийн авьяас билгийн их түүдэг галыг амьдралын хүнд хэцүү, нийгмийн шударга бус явдал улам ихээр хурцалж өгсөн байна. Их салхин түүдгийг хөгжөөж, дэнг бөхөөдөг шүү дээ. Яг л түүн шиг....
Аль таарсан ажлаа хийж явсаар, улмаар хэвлэх үйлдвэрт ажилд орсон нь түүний амьдралд чухал эргэлт болох учиртай байв. Хэвлэх үйлдвэртэй холбогдсоноор сонин сэтгүүлийнхэнтэй ойртох боломжтой болж, улмаар сонины сурвалжлагч, сэтгүүлч болсон байна. Тэр сурвалжлагч байхдаа маш их хөдөлмөрлөж, өдөр бүр дор хаяж 30 хуудас бичдэг байв. Хүмүүст тэр нь ихэд таалагдав. Яагаад гэвэл тэр огт санаанаасаа зохиогоогүй, бага балчир, идэр залуудаа олж авсан амьдралын туршлагаа л бичжээ.
Ингээд Лондоны захын дүүргүүдийн борчуулын аж амьдралын тухай бичсэнээ нэгтгэн “Бозын найрууллууд” анхны номоо 1836 онд 24 насандаа хэвлүүлжээ. Энэ номонд хүнд хэцүү, тарчиг ядуу амьдрал, шударга бус бурангуй орчинд шударга ёсонд итгэх итгэл найдвар л хүмүүст амьдралынх нь гэрэл гэгээ,  зан суртхууных нь чиг баримжаа болж буйг харуулжээ.
Түүнээс хойш Ч.Диккенс хэдэн арван роман бичсэн бөгөөд тэдгээр нийгмийн романууддаа анхны номынхоо дээрх санааг улам гүн гүнзгий, өргөн дэлгэр болгон баяжуулж, уран сайхны өндөр түвшинд бичиж туурвисан байна. Тэр хүмүүсийг хэрхэн хайрлахыг, тийн хайрлахын утга учрыг нэг нэгнээ дарлан мөлжсөн, нэг нэгнээ алж хядсан хатуу ширүүн эрин зууны хүмүүст сэргээн сануулж, заан сургаж иржээ.
Ингэснээрээ Ч.Диккенс хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд байх мөхөшгүй найдварын галыг улам бадрааж, сайн үйл, сайн санаа, сайхан сэтгэл, итгэл мөрөөдөл гэгч ямар их үнэ цэнэтэй болохыг нотлон үзүүлж чадсан юм. Тиймээс л оюун ухаант хүн төрөлхтөн түүний зохиол бүтээлүүдийг хоёр зууны турш шимтэн уншиж, хөгжингүй орнууд хүүхэд багачуудынхаа заавал унших номын жагсаалтын тэргүүнд нэрийг нь дурдаж иржээ. У.Шекспирээс хойш Английн ард түмний оюун санаа, ёс суртхуун, итгэл үнэмшил, нийгмийн дэвшил хөгжилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний нэг хэмээн англичууд Ч.Диккенсээрээ бахархдаг. Ер ганц англичууд биш, бас англи хэлтнүүд төдийгүй нийт хүн төрөлхтөн бахархан биширдэг билээ.
XX  зуунд хамгийн олон удаа хэвлэгдэж, олон хүн уншсан номуудын тоонд Ч.Диккенсийн “Хоёр хотын түүх” болон одоо хүүхдүүд та бүхний уншихаар хуудсыг нь сөхөж буй энэхүү “Зул сарын магтуу” хоёр ном нь ордог байна.
Манай ахмад орчуулагч, их гүүш нарын хичээл зүтгэлээр Ч.Диккенсийн “Оливер Твист”, “Давид Коппервильд” романуудыг бүр 1960-аад оноос монгол түмэн маань уншиж ирсэн юм.
Мөн манай “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “ЭРДЭНЭСИЙН САН-108” цувралаар хүүхдүүд маань Ч.Диккенсийн “Аугаа их итгэл найдвар” романтай танилцсан билээ. Хөдөө тосгоны өнчин хүү Пипийн хувь заяаг өөрчилсөн их итгэл найдвар чухам юу байсныг дээрх романыг уншсан хүүхдүүд сайтар ойлгосон буй за. Бид мөн “Хоёр хотын түүх” романыг нь хүүхэд багачууддаа зориулан хялбаршуулан найруулснаар хүргэж байгаа болно.
Ер нь Ч.Диккенсийн зохиолуудын гайхамшигтай тал нь хэдий нэр, он цаг, орон зай нь XIX зууны Англи оронд боловч утга агуулга, үйл явдал нь аль ч цаг үед, ялангуяа бидний аж төрөн буй өнөөгийн эх орны маань аж амьдралд маш ойрхон, танил байдагт юм. Тэдгээр романуудаас бид өөрсдийгөө, бас эргэн тойрныхоо хүмүүсийг олж харна.  Тэдний сайн муу үйлийг ялган ухаарна. Тэгээд юуны учир сайн үйлийг хайрлан хамгаалдаг юм бэ, сайн хүнийг эрхэмлэн хүндэтгэдэг юм бэ гэдэг талаар эргэцүүлэн бодох болно.
Одоо уншиж эхэлж буй “Зул сарын магтуу” романаар нь олон арван уран сайхны болон хүүхэлдэйн кино, жүжиг бүтээсэн бөгөөд уншигч та зарим нэгээс нь үзсэн гэдэгт итгэлтэй байна.

Б.Номинчимэд

Wednesday, June 12, 2013

Анон-д хэлэх зүйл байна.

“Түүх биднээр тохуурхаж байна” нийтлэлд маань АНОН доорх коммет үлдээжээ.

“ta bol kommunist hun baina lee shde. Amerikd baisan baijiij amerikd durgui, niigmiig ni shuumjldeg murtuluu amerikiin amidral saihniig magtdag neg tiim complextei. Huviin umchiig uzen yaddag buhniig turd bnuhniig niigemd gedeg ter uyeiin uldegdel bailaa shde. AN MAN hoyor hoyulaa muuhai avilgach ch neg ni arail huviin ezemshiliig chuluut ursulduuniig demjdeg joohon heseg ni baidag yum shuu dee”

Эрхэм АНОН-ын энэхүү дүгнэлтээр бол би өөрийгөө танихгүй болчих нь байна. Бага гэлтгүй түр зууртаа иймэрхүү хариу өгөхөөс... Түүхийн тохуурхлын тухай дахиад бичнэ.

Нэгд:
Би Америкт, Америкийн жирийн ард иргэдэд хайртай, тэдний энгийн хээгүй нээлттэй зан чанар, соёлыг хүндэтгэдэг, тэндэхийн байгал, цаг агаарт би дассан, надад таалагддаг. Одоо дахиад ч очино. Үр хүүхдүүдээ ч тэнд сургана гэж бодож байгаа. Би Америкийн нийгмийг шүүмжлээгүй. Тэр бүү хэл Америкийн боловсролын системд манайхан санаа авмаар сайхан зүйлс байгаа талаар “Аав охин хоёрын яриа буюу Монголын боловсролын шинэчлэл” нэртэй гурван  цуврал бичиж нийтлүүлсэн. (Энд бас нэг гажсан ойлголт ажиглагддаг нь энэ 3 цуврал нийтлэлийн дараа олон хүн “Чи америкийг хэт шүтлээ. АНУ-ын боловсролын систем тийм сайн нь биш” гэж шүүмжилсэн, зарим нь бүр утсаар, майлаар дарамтлах шахуу юм болж билээ. Би эдгээр бичлэгүүд дотроо АНУ-ын Боловсролын системийг хамгийн сайн нь гэж огтоос бичээгүй, зөвхөн тэндээс бид санаа авчих ийм ийм давуу талууд байна л гэдгийг бичсэн юмсан. Ярилцаж буй ярианыхаа үндсэн санааг ойлгохгүйгээр нэг үг, өгүүлбэр төдийг ойлгочихоод улайраад дайрчихдаг сэтгэлгээг одоо яалтай ч...)

Гэхдээ аливаа нийгэмд заавал сүүдэртэй тал байдаг. Тэрийг нь бол шүүмжилж болно биз дээ, шүүмжилхээр бол хэн нэгнээс зөвшөөрөл авах ёстой юу?
Харин би Америкийн төрийн гадаад бодлогод, ялангуяа бусад жижиг буурай улс орнуудын хувь заяанд хэт хөндлөнгөөс оролцдогт нь дургүй. Нефтийн төлөө, ашгийн төлөө газар бүр цус урсгадагт нь дургүй. Түүнийг шүүмжилж болох уу? Энэ хооронд их зааг ялгаа бий шүү, Үүнийг олж хараасай гэж хүсэж байна.

Хоёр:
Намайг хувийн өмчийг үзэн яддаг гэж хэрхэн ямар үндэслэлээр дүгнэж буйг нь ойлгохгүй байна. Би хэний хувийн өмчийг очиж хураана гэж дөвчигнөснөө, хувийн өмчийг устга гэж уриалснаа огт санахгүй, тэр бүү зүүдлээ ч үгүй санагдана. Харин ч манай энэ хийрхүү ардчилагчид бол хэрвээ 1930-аад онд төрсөнсөн бол жинхэнэ ногоон малгайтнуудын бууны нохой болчихсон, “Алив энэ муу фиидалийг би буудчихая” гээд хүний өмнүүр гүйж явахаас огтхон ч сийхгүй хүмүүс. Яагаад гэвэл тэд мөн чанараараа тийм юм. Учир зүйг ойлгодоггүй, хийрхдэг, улайрдаг, анархи байдлаа ардчилал гэж ойлгодог тийм хүмүүс их олон бий дээ. Ер нь ийм хүмүүс цаг үе бүрд байдаг л юм байна. За тэр яахав.
Аливаа зүйл хэрээс хэтрэхээрээ эмгэг болдог. Өнгөрсөн 20 жилд хувийн өмчийг, хувиа бодох үзлийг хэт тахин шүтсэнээс болж нийгмийн олон эмгэг бий болсныг шүүмжилснээс биш хувийн өмчийг шүүмжлээгүй билээ. Нөгөө талаар өнөөгийн манай томоохон өмчтөнгүүд олонхидоо луйвар, авилгын замаар хөрөнгө хураасан. Хатуу хэлбэл манай үндэсний хөрөнгөтнүүдийн цуглуулсан доллар бүрээс луйвар, авилга үнэртэнэ. Заримаас нь цус хүртэл үнэртэнэ. Үүнд ганц би биш өөрөө ч дургүй байгаа гэж бодож байна. Түүнээс биш шударга хөдөлмөрлөж, амьдралаа босгож байгаа мянга мянган хүмүүсийн тухай огт яриагүй. Энэ бүхнийг задалж бичих аваас дахин нэг нийтлэл бүү хэл бүтэн ном ч гарч болно. Одоо түүхийн болоод хүүхдийн сонгодог зохиолуудтай зууралдаад энэ талаар тухтай суух цаг зав муутай байна. Ер нь бол бичнэ. 90 оноос нэг айхтар том туйлшрал, эндүүрэл явсан нь бүх юм хувьд оччихвол л сайхан болчихдог гэсэн хийрхэл юм. Энэ хийрхэл их олон гажуудлыг үүсгэсэн. Бүх юмыг хувьчилчихаар сайхан болчихдоггүй. Төрд тодорхой хяналт, чиглэл, бодлого, төлөвлөлт гэж байх учиртай, тэгж байж эмх журам бий болно. Эмх журамтай байж хөгжил бий болно. Түүнээс биш төрд бүхнийг буцаах тухай би огт дурдаагүй.
Нийтлэг эрх ашгийг эрхэмлэх тухай би нэг бус удаа бичсэн. Ингээд бичихээр намайг хувийн өмчийг үзэн ядагч гэж хараад байгаа бол хөгийн л байна. Уг нь нийтлэг эрх ашгийг эрхэмлэхгүйгээр улс үндэстэн хэзээ ч оршин тогтнодоггүй юмсан. Өнөөгийн энэ улс төрчид, гүн ухаанчдад, ялангуяа улс төрд хөл тавьж буй залууст “Түүхээ сайн судалж мэд. Түүх мэдэхгүйгээр улс төрийн тулхтай ул сууртай яриа, гүн ухаан байдаггүй” гэж хэлмээр санагддаг. Сүүлийн хорин жилийн улс төр бол уламжлал гэж мэддэггүй, тэр ч бүү хэл улс төр ч гэж мэддэггүй тийм “улс төр” байсан. Адгийн хуйвалдаанаа улс төр хийлээ гэж ойлгодог...
Нэг туйлийг нь шүүмжлэхээр нөгөө туйл дээр нь аваачиж ойлгодог энэ сэтгэлгээнийхээ эмгэгийг эргэж харах хэрэгтэй болов уу? Энэ мэт учир зүйг эргэцүүлэх чадваргүй, туйлширсан үзэл бодлоос болоод ардчилал уг утгаараа хэрэгжихгүй байна. Ялангуяа АН-ыг  шүүмжилхээр ардчиллын эсрэг үзэлтэн, коммунист болж харагдаад байдаг нь инээдтэй ч, эмгэнэлтэй ч хэрэг юм.

Гурав:
АН, МАН хоёр хоёулаа авилгач, алийг нь ч нэгнээс илүүд үзэхэд хэцүү. Тэр хувийн эзэмшлийг, чөлөөт өрсөлдөөнийг арай илүү дэмждэг гэдэг нь АН-ын суурь үзэл баримтлал болох Либерал үзэл санаатай л холбоотой, гэвч энэ хоёр намд аль аль нь өөрийн суурь үзэл санаа, зарчмыг баримталж буй нь огт байхгүй, Олон жишээ баримтууд бий шүү дээ. Яг өнөөдөр бол би МАН-аас нэр дэвшигчийн дэмжиж байгаа болохоор МАН-ыг дэмжээд байгаа юм шиг харагдаад байгаа байх. Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн цаана МАН гэж нэг айхтар мангас байгааг нь бодохоор дэмжмээргүй, гэвч миний харж байгаагаар бол нийгмийн талцлыг сааруулахад төвч, голч нуруутай хүн нь илүү юм. Элбэгдоржийн авилгалтай тэмцэж байгаа нь сайн хэрэг, гэхдээ зөвхөн өрсөлдөгчидтэйгээ тэмцээд байгаа нь тэмцэхгүй байснаасаа илүү хортой. АН огт авилгалгүй цэвэрхэн газар уу, үгүй...
Ингэж авилгалын эсрэг тэмцлийг улс төрийн ашиг хонжоо болгосноор өширхөл, нийгмийн талцлыг бүр гааруулж байна. МАН-ын цусан өшөө зангидсан залуус хэрвээ дараагийн сонгуулиар гараад ирвэл (гарах магадлал 50-иас илүү хувьтай) эргүүлээд өшөөгөө авахгүй гэх магадлал бараг 00-тэй тэнцүү. Ингээд улс төрийн гол хоёр намын эцэс төгсгөлгүй бөгөөд утга учиргүй өширхөл нийгмээ улам хагалан бутаргах аюултай.
Тэгээд ч Ерөнхийлөгч бол улс орны эцэг шиг хүн. Эцэг хүн нэг хүүхдээ хойт эцэг шиг нь ад үзээд, нөгөөгийнх нь булхайг толгойг нь илж өнгөрөөгөөд байвал тэр айл гэрт лав л аз жаргал гэж байхгүй. Түвшин, ноён нуруутай хүн айл гэрийн хойморт сууж байхад үр хүүхдүүдийн сэтгэл санаа ч аяндаа тэгшрээд, ажил үйлс нь ч өөдрөг болоод явчихдаг юм. Мөн Элбэгдоржийг дэмжихгүй байх өөр үндэслэл олон бий. Тэр бүхний тухай дараагийн нийтлэлд гаргаж бичье.
Түүнээс биш МАН-ын авилгалчдыг өмөөрөөд байгаа ч юм биш, авилгалтай битгий тэмц ч гээд байгаа юм биш. Дээрх комметод бичсэн логикоор бол ингээд ойлгочих магадлал өндөр байна шүү.
Уг нь хувийн өмчөө хэрхэн дэмжих вэ, ямар түвшинд төрийн оролцоог барих вэ, хөгжлийн концепци маань ямар байх вэ гэдэг талаараа маргалдаж, үзэл онолоо ард түмнийхээ өмнө уралдуулж байх учиртай намууд мафийн өширхөл маягтай тэмцэлд орж байгааг олж харахгүй байна уу? Үүнийг шүүмжилхээр "тэнэг коммунист" болчихдоггүй юм.

Эцэст нь:
Намайг "коммунист" гэж хэлсэнд баярлалаа. Гэхдээ "Коммунист"-ын талаар өнөөгийн залуусын ойлгодог гэнэн, тойм төдий, гажсан төсөөллөөр биш шүү. Энэ нь угтаа огт өөр утга агуулгатай, мөн чанартай зүйл юм. 1993 онд санагдана "Бодлын солбицол" сонинд "Коммунизмыг өмөөрөхүй" нэртэй нэг нийтлэл хэвлүүлж байсан. Тэнд уг санаагаа товчхон гаргасан. Одоо дахиад бичих хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Тэндээс коммунистын тухай унших боломжтой.
Бас нэг зүйл нэмэхэд ардчилал гэдэг нь ил тод байх учиртайсан. Дараа дахин санаа бодлоо бичвэл нэр усаа хэлээд, үзэл бодлоо учир зүйтэй хуваалцаарай гэж хүсье. Би өнөөгийн ардчилсан нэртэй анархиуд шиг (нэр усыг нь мэдчихээд) өширхөөд, харааж зүхээд, ална шулна гээд дайраад байдаг ч хүн биш.

Б.Номинчимэд
(Комметод доор нь хариу бичсэн боловч нэг дор багтаагүй учир энд бүтнээр нь оруулчихлаа.)

Monday, June 10, 2013

Сэтгэлгээний мөнх цэвдэгийг яаж гэсгээх вэ? ГАНТӨМӨР САЙД аа

“Өнөөдрийн хүүхдүүд маргаашийн соёл иргэншил мөн”
Рона Хаббард
Боловсролдоо хийх гэж буй “Хэрэглээний боловсрол”-ын философийг үндэслэгч Рона Хаббард ингэж айлджээ. Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа “Ном” хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх хөтөлбөрийг өвгөн багш миний бие дэмжиж байгаа билээ. Аливаа шинэ үзэл санааг санаачилж хэрэгжүүлэх үйлс нь анхнаасаа цэвэр ариун үзэл санаагаар жигүүүрлэж байж амжилтад хүрдэг.
Өнөөгийн хүүхэд багачуудад ямар ном уншуулах вэ гэдэг асуултад зөв хариулт өгч, зөв ном уншуулах нь өнөөгийн бидний тулгамдсан зорилт болоод байна.
Боловсрол, ШУ-ны яам хүүхдэд уншуулах номыг сонгон шалгаруулах эксперт томилж олон ном шалгаруулжээ. Миний бодлоор бол экспертэд орсон мэргэд хүүхдэд уншуулхаар хэвлэлийн газруудаас санал болгосон бүх номыг нэг бүрчлэн уншиж байж сонголт хийх учиртай. Зохиогчийн нэр, номын нэр харж дугуйлах замаар сонгон шалгаруулалт хийсэн нь дэндүү хариуцлагагүй үйлдэл болжээ. Хүүхдэд уншуулах номын тухайд бол сүүлийн хэдэн жилд “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Хүүхдийн шилдэг зохиолын Эрдэнэсийн сан” цуврал 108 ном уншигч хүүхдүүдийн сонирхолыг татаж буйг би мэдэх юм. Би хувьдаа энэ цувралын 30 гаруй номыг уншсан болно. Зарим номыг нь уншаад уйлж билээ.
Найз нөхдийнхөө ач, зээ нарт хэд хэдэн номыг өгч уншуулахад номоос салахаа больсон олон тохиолдол буй. Би багш хүний хувь Монголын хүүхэд багачуудын уран сайхны боловсролын төлөө санаа тавьж, дунд сургуульд үздэг уран зохиолын хичээлийн үр дүнд санаа зовж хэд хэдэн өгүүлэг бичсэн. Гэвч миний өгүүлэлд бичсэн санаанууд яамны түшмэдүүдийн хүнд суртлын мөсөн уулыг мөргөж “амьсгал хураасан” юм.
Сүүлийн 20 жилд манай яамны эрх мэдэл бүхий түшмэдүүд “Мэдэхийг бүү хүс! Мэддэгийг бүү дага!” хэмээсэн тангадын хараалд өртөж сэтгэлгээ нь хоцрогдож олонхи тохиолдолд бурангуй бодлогоо явуулсаар өдий хүрлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт философи, уран зохиолын хичээлийг хасч, хөх монголын хойчсыг манкурт боол болгох зорилгоо хэрэгжүүлсээр байна. Дэлхий дахины боловсролын хөгжлийн хандлагаас харахад “Чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх боловсрол: түүх, философи, уран зохиол”-д анхаарал их тавьж, дэлхийд нэртэй зохиолч, судлаачид “Эрүүл уран зохиол”, “Эрүүл кино”-ны тухай ярьж бичих болов.
Миний өмнө Мексикийн зохиолч Лаура Эквилсийн “Мэдрэмжийн тухай ном“ дэлгээтэй байна. Энэ номд “Эрүүл уран зохиол түгшүүр болон дотоод сэтгэлгээг хүчээр барьж байдаг эрчим хүчийг гадагшлуулж биеэс чөлөөлж байдаг бол эрүүл бус уран зохиол нь тэр эрчим хүчийг уйтгар гуниг болтол нь ихэсгэж байдаг” гэжээ.
Тэгвэл “Хөхдэвтэр” хэвлэлийн газраас гаргасан “Хүүхдийн шилмэл зохиолын эрдэнэсийн сан” 108 боть нь “Эрүүл уран зохиол”-ын хэмжүүрт бүрэн багтана. Би хүүхдийн нэрт зохиолч Ф.Бөрнэтийн цуврал 3 номыг уншлаа. Энэ номууд надад сэтгэлийнхээ гүнд нуугдаж байсан үнэт зүйлээ олж таних боломж олгож байна. Ном бүхний төгсгөлд зохиолын балчирхан баатруудтай ярилцах асуултууд байгаа нь анхаарлыг их татаж байгаа бөгөөд хүүхдэд ухаарал, гэгээрэл өгөх номууд болохыг баталж байна. Ном бүхэн төгсөхдөө сайн сайхан үйлс ялан дийлж байгаа нь ч хүүхдийн оюун сэтгэлд ялан дийлэхийн ухамсарыг буй болгож байна. Энэ номуудыг монголын хүүхдүүдийн уншуулах номын нэрсийн жагсаалтаас хасахдаа : “Танай хэвлэлийн газраас гаргасан номууд орчуулга муутай” гэсэн шалтгаан хэлжээ. Энэ цуврал номыг ахмад үеийн нэртэй орчуулагч У.Нямсүрэн, Ц.Даваажав, дунд үеийн Д.Оюунчимэг, залуу үеийн Б.Баясгалан, Д.Сүрэнжаргал нар орчуулсан юм. Хүүхдийн уран зохиолын орчуулга энгийн бөгөөд ойлгомжтой байх, зохиолын өгүүлбэрүүд нь олон үггүй, цомхон байдаг шүү дээ. Бас манай яамны эрх мэдэл бүхий түшмэл: “Манай ардчилсан намын хэвлэх үйлдвэрт хэвлүүлбэл хэдэн ном оруульяа” гэж айлджээ. Гантөмөр сайд аа. Та ямархан хүмүүсээр багаа бүрдүүлэв ээ.
Би энэ үгийг сонсоод З.Фрейдийн “Би ямар муухай хүмүүсийн дунд амьдарч явна” гэсэн уулга алдалт санаанд лав орсон шүү.
Монголчууд бид залуу үеийнхний балчирхан оюун сэтгэлгээг “намчирхал”-ын мөнх цэвдгийн хүйтэн чулуугаар хайрмааргүй байна. Үүнийг үл өгүүлэх нь: Миний Монголын үр сад ямар хэцүү ертөнцөд аж төрнөв. Хүчирхийлэл, мансуурал, гэмт хэрэг, амиа хорлолт газар авсаар л... Телевиз бүхний дэлгэцээр алаан хядаан, цус нөж урссаар л...
Мэдээ орсон цагаасаа хүүхдүүд түүнийг үзэж харсаар л... Өнгөрсөн зууны сүүлээр Бандурагийн лаброторид хийсэн судалгаагаар телевизээр гарч байгаа түрэмгийлэл, аллага таллага үзүүлсэн кино хүүхдийн зан үйлд ямар өөрчлөлт оруулдгийг судлаад:
1.    Түрэмгий зан үйлийг нэмэгдүүлдэг,
2.    Түрэмгий зан чанараа тэвчих чадварыг буруулдаг,
3.    Түрэмгийллийг мэдэрч, эв дүйтэй харьцах чадварыг алдагдуулдаг
гэж тогтоогоод, 427 хүүхдийг арав арван жилээр зан авирт нь ямар өөрчлөлт гарсныг олж тогтоосон байдаг. Судалгаанд хамрагдсан 4000 хүүхэд 30 насандаа
1.    Түрэмгий зан авир нь тогтвортой хадгалагдсан,
2.    Хууль дүрэм олонтаа зөрчдөг,
3.    Гэр бүлийн түрэмгийлэл тогтмол байдаг болохыг тогтоожээ.
30 насандаа хийсэн гэмт хэргийн хүнд хөнгөний шинж нь 8 насандаа телевизээр үзэж байсан хүчирхийлэлтэй шууд хамааралтай гэсэн дүгнэлт хийсэн байна.
Энэ судалгаанаас үзхүл бид “Зөв монгол хүн”-ийг төлөвшүүлэхэд их зүйл хиймээр байгаа биз. “Зөв монгол хүн” гэж хэн юм бэ? Шалгуур нь ямар байх вэ? Бурхны сурааль үзэж байхад “Найман зөв зам мөр”-ийн онол гэж байдаг юм билээ. Тэр нь:
1.    Зөв үзэл,
2.    Зөв сэтгэл,
3.    Зөв үйлс,
4.    Зөв үг,
5.    Зөв амьдрал,
6.    Зөв тэмүүлэл,
7.    Зөв ухаарал,
8.    Зөв бясалгал,
Эдгээр бүлгээ.
ГАНТӨМӨР сайд аа. Зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд, зөв хүмүүсээр багаа бүрдүүлсэн зөв бодлого, зөв үйлстэй Яам чухал шүү гэдгийг ахмад багшийн хувьд зөвлөе.
Эрхэм сайд танаа:
Нэгэн зүйл: Монголын маргаашийг авч явах хойч үеийнхний хөгжил-хүмүүжил-боловсролын асуудлаар “Зөв монгол хүн” сэдэвт эрдэмтэн мэргэдийн чуулганыг зохион байгуулах,
Нэгэн зүйл: “Либерал арт” буюу сэтгэлгээг хөгжүүлэх боловсрол болох түүх-философи-уранзохиолын хичээлийн талаар өргөн хэлэлцүүлэг явуулж, ЕБС-ын хөтөлбөрт зохих байр эзлүүлэн, дээрх хичээлүүдийг сургалтын технологийг боловсронгуй болгох арга хэмжээг яаралтай зохион байгуулах,
Нэгэн зүйл: Хүүхэд багачуудад уншуулах зохиолын сонголтыг дахин хянан үзэж, Яамнаас томилогдсон экспертүүд бүх зохиолыг уншиж сонгон шалгаруулалт хийх.
Бидний “хэрэглээний боловсрол” онол арга зүйг үндэслэгч Рона Хаббард “Дианетик” алдарт номдоо, “Хүний оюун ухаан хоёр туйлаас бүрддэг. Нэг нь задлан шинжлэх ухаан, нөгөөх нь зад эсэргүүцэх ухаан юм. Задлан шинжлэх хэв шинжийн оюун ухаан нь авардаг. Зад эсэргүүцэх ухаан нь мөхөөдөг. Ухаанаар биеэ жолоодох шинэ сэтгэлгээ, шинэ арга барил чухал” гэжээ. Бумбын эрин сэтгэлгээний мөнх цэвдгийг гэсгээнэ. Үүнд итгэж, эрч хүчтэй, шударга ажиллаарай.
Ломбын НЯМАА
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, ахмад багш