Saturday, October 11, 2008

Аав охин хоёрын яриа буюу Монголын боловсролын шинэчлэл - 1

Охин маань сургуульд оров. Баянзүрх дүүргийн нэгэн сургуулийн 4 дүгээр ангид л даа. Америкт сурч байгаад ирсэн охины маань хувьд Монголынхоо сургуульд орж байгаа нь энэ. Орой авахаар очиход өмнөөс гүйж ирэнгүүт л:
- Аав аа, би нэг хачин юм хэлэх үү?
- За, тэг...
- Манай багшид ийм урт/гараа алдлав/ төмөр шугам байдаг.
- Юу нь хачин гэж, аавд нь ч тийм шугам байдаг шүү дээ.
- Тэр шугам нь дандаа муруйчихдаг юм.
- Яагаад тэр билээ?
- Хүүхдүүдийг цохихоор л муруйчихдаг, тэгээд тэгшилж байгаад дахиад л цохидог. Аймаар байгаа биз. Би айгаад юу ч хэлж чадаагүй ээ. - Миний охиныг цохисон юм уу?

- Үгүй л дээ.., манай ангийн зөндөөн хүүхдийг тэгэж цохисон.

Энэ шугам мурайх дайны зодуур бол монголынхоо бүх шатны сургуулиар дамжихдаа бишгүйдээ л нэг шугамдуулж, указкадуулж, үсдүүлж, чихдүүлж, элэгдүүлж, шанаадуулж, буланд сандал өргөн зогсож үзсэн надад ер сонин хачин, гаж зүйл биш л дээ.

Харин бэлтгэл ангиас /киндергарден/ 4 дүгээр анги төгстлөө 5 жил америкийн сургуульд суралцсан охины маань хувьд ер бусын хачин, байж болшгүй, санаанд нь багтамгүй гаж зүйл... Ганцхан удаа, санамсаргүй цохичихсонгүй, шугамаа муруйчихаар нь тэгшилж байгаад дахин дахин цохиод байдаг нь зориудын санаатай үйлдэл болно. Тэгээд л тэрхүү төмөр шугам охинд маань зодуурын, эрүү шүүлтийн аймшигт багаж хэрэгсэл болон харагдсан байна. Тиймээс л хамгийн түрүүнд багшдаа байдаг тэр том аймшигт төмөр шугамын тухай аавдаа сонин болгон ярьж буй хэрэг. Хэрвээ америкийн аль нэгэн сургуульд ийм явдал болсон бол ямар том шуугиан дэгдэх бол. Төмөр шугамны эзэн багш дахин хэзээ ч хүүхэдтэй харьцах эрхгүйгээр таслагдаж, сургуулийн захирал төдийгүй тухайн мужийн боловсролын сайд нь хүртэл огцрох байсан болов уу.

Гэтэл ийм үзэгдэл монголын бараг бүх сургуульд байдаг хэвийн зүйл гэнэ. Бүр хүүхдээ гэмтээчихээд эмнэлэг, шүүхээр орсон тохиолдлын тухай танил багш маань хуучлав. Тэр хүүхэд гэмтээсэн багш нь одоо ажлаа зүв зүгээр хийгээд л явж байгаа гэнэ. Сүүлийн 10 гаруй жил Монголын боловсролын системд эрс шинэчлэл хийж байгаа тухай байнга сонсож, дуулж байв. Үр дүн нь ямар байгаа юм бол? Боловсрол нь миний мэддэг салбар биш тул би нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй. Гэвч одоо миний өгүүлэх хэд гурван жижигхээн жишээ америкийн болон монголын боловсролын салбарын хооронд тогтолцоо хийгээд агуулгын ямар их ялгаа буйг хэлэх байх гэж бодож байна. Бас боловсролын салбарт шинэчлэл хийх гэж зүтгэж буй хүмүүст зарим нэгэн санаа өгч магад гэж найдаж байна.



***

Америкт байх хугацаанд хүүхдүүддээ крилл бичиг тууштай зааж сургаагүйгээс гадна хэдийгээр гэртээ монголоор ярьдаг ч хангалттай хэмжээний монгол хэлтэй байх боломж хомс байсан юм. Энэ зовлонг гадаадад буй монгол эцэг эх бүхэн ойлгож хуваалцах байх. Тэгээд сургууль эхлэх анхны өдөр охиныхоо ангийн багштай уулзаж, манай хүүхэд монгол хэлэнд сайнгүйгээс гадна криллээр дөнгөж л уншдаг бичдэг нь 5 дугаар ангийн түвшинтэй харьцуулахад тун доогуур үзүүлэлт гэдгийг учирлахад багш:

- Пөөх, зовоочих юм байна л даа, яана аа, гэрээр багш авч гүйцэхгүй бол явахгүй ш тээ, эсвэл бага ангид өгөх юм уу гэж бүүр төвөгшөөсөн байдалтай байх юм.

“Сургах нь багш таны үүрэг” гээд үг сөрмөөр байвч ямар орчин, сэтгэлгээн дотор байгаагаа санаад амаа жимийлээ. Мөн англиар ганц ч үг хэлдэггүй байсан охиныг маань сургах гэж бүтэн жил гаран сэтгэл гарган хичээн мэрийсэн америк багш нарийн дүр төрх эрхгүй санаанд бууж билээ.

Охин маань монголоос очингуут л сургуульд орсон юм. Бид өглөө School bus-д нь суулгаж өгдөг, орой тосож авдагаас өөр үнэндээ англи хэл сургах талаар нэг ч идэвх санаачилга гаргаж байсангүй, багш нар нь ч охин чинь англи хэл мэдэхгүй байна, одоо яана аа, энээ тэрээ гэж нэг ч удаа асуудал үүсгэж байсангүй. Тэр ч бүү хэл сургуулиас зөвхөн ганц охинд маань зориулаад англи хэлэнд нь тусалдаг нэг багш тусгайлан гаргасан байсан. Тэр багш байнга охины маань дэргэд байж, дохиж зангаж, бүүр мөлхөж, майлж байж ойлгуулдаг байсан байгаа юм. Энэ хооронд тэдгээр багш нараас нэг ч удаа залхсан, хэцүүрхсэн өнгө аяс илэрч байгаагүйг монгол багшийн төвөгшөөн ярьж байх үед маш тод санаж билээ. Нэг л мэдэхэд охин маань англиар чөлөөтэй шулганадаг болчихсон байсансан.



***

Найз маань хүүгээ хэдэн жилийн өмнө 6 настай байхад нь I хорооллын нэгэн сургуульд оруулжээ. Балчир хүү өглөө очингуут л ширээгээ дэрлээд унтаад өгдөг байсан гэнэ. 30 гаруй минут унтаж аваад хичээлээ эхэлдэг байжээ. Багш нь эцэг эхийн хурал бүр дээр “Танай хүүхэд өглөө болгон нус, шүлсээ гоожуулаад хичээл дээр унтдаг, хичээлээ хийдэггүй, гүйцдэггүй” гээд л ичиж улайтал нь илчилж, тачигнатал загнадаг байжээ. Эхлээд найз маань үг хэлдэггүй байснаа сүүлдээ тэсвэр нь барагдаж хэрэлддэг болоод, бүүр сүүлдээ эцэг эхийн хуралд нь ч очихоо байжээ. Гэтэл хариуд нь нөгөө багш хүүхдийг нь байнга дарамтлах болсон байна. Орой болгон хүүхдийг нь ганцааранг нь торойтол авч үлддэг, элдэв зүйл нэхдэг болжээ. Тэсэхээ байсан найз маань хүүхдийнхээ сургуулийг сольсон гэнэ.

Танил багш маань ийм тохиолдлуудын талаар олон жишээ хэлж өгөв. Хичээлдээ муу хүүхдүүдийг хичээлийн дараа ангид нь авч үлдэж байгаад залхтал нь суулгадаг. Нойлын ногоон тэг, мулгуу тэнэг мангараар нь дуудах бол хамгийн энгийн зүйл гэнэ.

Харин америкт ийм тохиолдолд хэрхэн ханддаг вэ? Нэг өдөр охины маань сургуулиас утасдаж байна. Хэлний бэрхшээлээс болоод охин маань тийм ч сайн сурдаггүй байсан юм. Сургуулийн нийгмийн асуудал хариуцсан ажилтан / social worker/ ярьж байна.

- Бид таньтай уулзах хүсэлтэй байна. Танд сургууль дээр ирэх цаг зав байна уу? Гэж байна.

- Байхгүй, өдрийн цагаар би байнга ажилтай гэвэл

- Тэгвэл бид оройн цагаар танай гэрт очиж уулзаж болох уу? Гэж гуйлаа.

Гэртээ тэдэнтэй уулзахаар цаг товлолоо. Гэтэл манайд бүхэл бүтэн десант буудаг юм байна. Сургуулийн дэд захирал нь нийгмийн ажилтнаа, охины маань ангийн багшийг, англи хэлэнд нь тусалдаг багш, мөн бас нэг ахмад багшийг дагуулчихсан 5-уулаа “зочиллоо”.

Би эрхгүй сүрдэж, ноцтой зүйл болох нь дээ гэж түгшиж, жижигрэв. Учир нь би багадаа нэг бус удаа аавыгаа сургуулийн захирал дээр дуудуулж, донгодуулж, дараа нь аавынхаа суран бүсний амт үзэж явсан тул охины маань талаар тун таагүй зүйл л ярилцах нь дээ гэж таамаглаж байв.

Гэтэл харин тэд охиныг маань магтаж гардаг байгаа. Маш найрсаг, найзархаг, хөгжилтэй л гэнэ. Их хөөрхөн цаасан хайчилбар хийдэг гээд охины минь уран бүтээлийг нэгэн хавтаснаас гарган ирж үзүүлж байна. Бас амьтанд их хайртай, сургуулийн хашаан доторх усан сангийн загасыг их анхаарч хардаг, мэлхийнд хоол өгдөг л гэнэ. Ангийнхаа хүүхдүүдэд их анхаарал халамж тавьдаг, хүүхдүүд бүгдээрээ түүнд хайртай л гэнэ. Багш бүр л өөр өөрийнхөөрөө нэг сайн сайхан зүйл хэллээ. Нөгөөх айдас, түгшүүр маань бага багаар арилж, би ч бүр пээдийгээд эхлэв. Тэгээд:

- Ингэхэд та бүхэн чухам ямар хэргээр яваа билээ? Гэж эрдүүхэн асуулаа.

- Танай охин их сайн охин, харин бид охиныг чинь сайн уншуулж сургаж чадахгүй байна. Гэж байна. Тэгээд үүндээ надаас уучлал эрж яваа юм гэнэ ээ. Би сандарч,

- Өө, харин ч охин маань та бүхэнд тийм их ажил удаж байгаад би та бүхнээс хүлцэл хүсэх учиртай гэлээ. Тэгээд тэд охиныг чинь өдөрт 30-хан минутын л нэмэлт хөтөлбөрт хамруулах талаар таньтай зөвлөлдөх гэсэн юм. Охин чинь их эрч хүчтэй, тэвчээртэй тул ачаалал болохгүй байх гэж бодож байна. Та зөвшөөрөх үү, хэрвээ зөвшөөрвөл та гарын үсгээ өгнө үү гэж байна. Өгөлгүй яахав дээ, баярлаад л гарын үсгээ зураад өгтөл харин тэдгээр багш нар надаас илүү баярлаж билээ.

Чухам энд л хүүхдийг сургах ёстойгоо ухамсарласан багшийн үүрэг, хариуцлага, чинхүү хүсэл харагдсан юм. Нөгөө талаар тогтоосон цагаас илүү нэг ч минутаар хүүхдэд хүчээр хичээл зааж, хүүхдийг ядрааж, залхааж болохгүй хатуу дүрэм журамтай учир тэд аавынх нь гарын үсгээр баталгаажуулж авч буй нь тэр ажээ.

Энд бас нэгэн зүйл маш тод анзаарагдсан нь хүүхдийг хүндлэн дээдлэх үзэл санаа юм. Хүүхэд бүрд сайн тал, сайн чанар байдаг. Чухам түүнийг нь олж харж чаддаг, түүгээр нь урамшуулж, идэвхжүүлдэг, цаашид амжилттай сурах нэгэн хөшүүрэг болгодог нь америк багш нарын нэг онцлог мэт санагдсан билээ. Хүүхдийн муу сул талыг хэзээ ч хамт олны нь өмнө уудлан илчилж, улайлгадаггүй, хувьчлан уулзаж, нээлттэй ярилцдаг нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, бие даасан чадварт нь асар чухал үүрэгтэй зүйл болох нь харагдсан юм.



***

Зун америкээс ирсэний дараа 7, 8 сард охиддоо хамаатнынхаа багшаар крилл бичиг заалгав. Хэд хоногийн дараа багштайгаа санал солилцоход 30 гаран жил багшилсан туршлагад нь тохиолдож байгаагүй зүйл анзаарсанаа ярьж байна.

Юуны түрүүнд охид үзгээ тааллаараа барьж бичиж байгаа нь сонин байжээ. Олон жилийн турш зөвхөн гурван хурууны өндгөөр үзгээ барьж бичихийг заасан багшид охид маань үзгийг гарынхаа аль ч салаагаараа барьж болдог юм, бүр атгаж байгаад бичсэн ч болдог гэж “заавардсан” байгаа юм. Бас үсгийг хаанаас нь ч эхэлж бичиж болдог гэжээ. Гол нь үүний цаана хүүхдүүд маш чөлөөтэй сэтгэж байгааг туршлагатай багш анзаарсан байна. Цаасны өөдсөөр, чулуугаар, модны мөчир, навчаар, молоконы лаазаар хөөрхөн дүрс, тоглоом хийж чадаж байгааг их олзуурхаж байв. Монголын сургалтанд буй хүүхдүүд хэзээ ч ингэж чөлөөтэй байж, санаа бодлоо, буруу зөвөө чөлөөтэй илэрхийлж, бүүр томчуул мэт санал солилцож байгаагүй гэлээ.

Хэдийгээр охид маань монгол хэл бичиг, тоо бодлого зэрэг үндсэн гол хичээлүүдээрээ бараг хоёр гурван анги доод түвшинд байгаа ч хүний нийгмийн болоод ертөнцийн зүй тогтолцооны талаар маш нарийн мэдлэгтэй байгааг нь багш гайхаж байсан юм. Тухайлбал нар сар яагаад хиртдэгийг, бороо яагаад ордогийг, салхи яагаад гардагийг, тэр ч бүү хэл загасны төрөл зүйлийг маш нарийн мэдэж, таньж байсан гэнэ. Аргагүй шүү дээ. Нэгийг нь нар болгож гэрэл бариулаад нөгөө хоёрыг нь сар, дэлхий болгож бөөрөнхий баг өмсгөөд, нар сар яагаад хиртдэдгийг харанхуй танхимд биетээр нь үзүүлэхээр чинь ямар ч хүүхэд ойлгоно. Хүүхдэдээ ч ачаалал багатай, бас сонирхолтой.



***

Охин маань ирсэн дариудаа ойр хавийн хэдэн жаалуудтай гадаа харайж наадаж, эрх тааваараа тоглож байв. Гэтэл аавыгаа сандран сандран дуудлаа. Очтол аавынхаа араар нуугдаж, зугтааж ч гүйгээд байх шиг. Яасныг асуувал хүүхдүүдийн нэг охиныг маань “Ална шүү, П...” гэжээ. Охин маань түүнд нь үнэмшчихэж:

- Та цагдаа дуудаач гэж шивнэж байна.

- Өө, тэгэж л байг, энэ чинь үнэнээсээ тэгээгүй юм, тоглож байгаа байхгүй юу? Гэлээ.

- Ингэж тоглодог гэж үү?

- Аав нь ч гэсэн тэгэж л тоглодог байсан юм. Зүгээр ээ, миний охин гэж байж арай гэж тайвшруулж билээ. Харин охин маань сэтгэлээр их унасан. Хүн яагаад тэгэж тоглодог юм бэ гэж дараа нь асуухад би хариулж чадаагүй.



***

- Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?

- 46

- Өө, яасан олон юм.

- Илүү олон хүүхэдтэй анги байгаа ш тээ. Ааваа.. 56 хүүхэдтэй.

50 гарсан хүүхэдтэй анги доторхийг би ер төсөөлж чадахгүй байна. Багш нь яаж тэсч байдаг юм бол. Хүүхэд бүрдээ хүрч чадна гэж үү. “Хэдхээн сортоотой нь үлдээд л олонхи нь гээгдээд явдаг юм” гэж танил багш маань тайлбарлав. Хичээлдээ ирсэн, ширээний ард суусан л бол боллоо, гүйцээ гэнэ. Тийм юм бол нэг талаас сургуульд ирэхийн, нөгөө талаас сургах гэхийн утга учир юу байна. Зарим багш нар хэсэгтээ л хүүхдүүдээ нэр нэрээр нь мэддэгүй сандардаг гэнэ.

Анги дүүргэлт яагаад ийм өндөр байгааг лавлав. Улаанбаатарын хүн ам маш хурдацтай өсч байгаагаас гэнэ. Тийм юм бол яагаад сургуулийн байр шинээр барьж болдоггүй юм бэ. Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар боссон хэдэн өргөтгөлөөс өөр Улаанбаатарт маань нэг ч сургууль сүүлийн 20 жилд шинээр бий болсонгүй. Энэ чинь юу вэ таминь ээ. Энэ хугацаанд чинь Улаанбаатарын хүн амь 2-3 дахин өсчихөөгүй биш билүү. Олон олон баян компаниуд тийм ч бөх, тийм ч үйл явдал, ойд зориулж сая саяар нь мөнгө гаргалаа л гэлцэх юм. Нэг ч бага сургууль шинээр барьсан компани гэж сонсогдсонгүй дээ.

- Манай сургуулийн нэг анги дунджаар 40 хүүхэдтэй,

- Өө гайгүй байна, зарим сургууль 50 гарсан шүү дээ гэж багш нар ярилцаж байна. Ийм ачаалалтай багшаас хүүхэд бүрд хүрч ажиллахыг шаардах нь утгагүй хэрэг, бас боловсролын шинэчлэл амжилттай хэрэгжинэ гэсэн ямар ч үндэслэл байхгүй санагдана. Үгүй энэ Боловсролын Яам, үе үеийн эрхэм сайдууд юу бодож явсан юм бол. Засгийн газар ямар бодлого барьдаг юм бол...

Охин маань ярьж байна. Америкт манай анги 21, сургууль 260 хүүхэдтэй. Манай захирал, багш нар сургуулийнхаа бүх хүүхдүүдээ таньдаг ш тээ. Харин энд намайг манай ангийн багшаас өөр ямар ч багш таньдаггүй гэлээ. Энэ таньдаггүйн цаана сургуулийн, сургалтын ямар “таньдаггүй” хөндий, хүйтэн орчин байна вэ?...



***

Нэг дүү маань хүүгээ математикаар дагнасан нэгэн хувийн сургуульд оруулжээ. Маш сайн сургалттай сургууль аж. Нэг л хэцүү нь давсаг султай хүү нь завсарлагаанаар бие засч амждаггүйгээс ихээхэн бэрхшээл гардаг гэнэ. Нэг удаа ангидаа бие засч бөөн юм болжээ. Түүнээс болоод хүү нэг хэсэгтээ хямарч, хичээлдээ явж чадахгүйд хүрсэн байна. Бие засуулдаггүй юмуу, хаашаа юм гэсэнд, цаг байдаггүй, хэдхээн минут завсарладаг, хүүхдүүд дараалал үүсгэчихээд амждаггүй, хичээл нь маш шахуу учир хичээлээсээ нэг ч минут хоцорч болдоггүй гэнэ дээ. 10 настай балчир хүү миний ч бодож чадахгүй тригнометр, огторгуйн геометрийн тоог бодож байна. Сайн хэрэг.

Танил багш маань бас ийм жишээ олныг хэлж өгөв. Тэдний сургуулийн математикийн гүнзгийгийн багш 7 настангуудаар язгуур гаргаж сургасан гэнэ. Тэр нь их сайнаар яригдаж, заах чадварыг нь үлгэр жишээ болгожээ. Харин надад бол нөгөөх хоцрогдсон социалист сурган хүмүүжүүлэгч гэгддэг М. Сухомлинскийн нэг үг эрхгүй санаад орж байх юм. “Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин хүүхэд бүр эцэг эх болох учиртайг мартаж болохгүй”.

Бүр гайхмаар нь америкийн сургалтын систем Сухомлинскийн энэ зарчмыг яг таг хэрэгжүүлээд байх шиг надад ажиглагдсан. Америкийн бага сургуулиудын хичээлийн явцыг харвал маш хөнгөн. Бараг л энэ чинь хичээл заадаг юм уу даа гэмээр. Тоглуулаад л, наадуулаад л байх шиг. “Ийм ч сургууль, сургалт байх гэж ...” хэмээн эхнэр маань илэрхий дургүйлхэж байсансан.

Юутай ч бага сургуулийн түвшин манайхаас хавьгүй доогуур мэт санагдсан. Чухам үнэнийг мэргэжлийн хүмүүс хэлэх байх. Гэвч түвшин доогуур нь асуудлын гол нь биш юм. Миний ажигласнаар америкийн сургалтын системийн онцлог давуу тал юундаа байна вэ гэвэл? бага/элементари/, дунд/мидл/ сургуулийн сургалтын зорилго нь хүүхдийг юуны түрүүнд хүн болгон төлөвшүүлэхэд зориулагдсан мэт.

Хүүхэд бүхэн хүний нийгмийн дунд амьдрах нь ойлгомжтой. Хамгийн түрүүнд хүнтэй зөв мэндлэх, хүн хүнээ хүндлэх, автобус, элдэв үйлчилгээнд дэс дарааллаараа үйлчлүүлэхээс эхлээд л хүний нийгмийн доторх бичигдээгүй болон бичигдсэн бүхий л дүрэм журмыг хүндэтгэдэг болгон сургадаг байна. Чөлөөтэй сэтгэж, өөрийгөө илэрхийлж, бас бусдын тусгаар байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж сурдаг болдог байна. Тэнгэрийн дор хууль гээч нэг юмыг зөрчиж болдоггүй юм шүү гэсэн язгуур ойлголтыг чухам бага сургуульд нь л хүүхдүүдэд гүн бат суулгаж өгдөг байна. Энэ нь эргээд нийгэмдээ маш эерэг нөлөө үзүүлдэг, хууль нь хэрэгждэг, нийгэм нь хөгждөг. Мөн сөрөг хүчин зүйл ч байдаг нь одоо энэ сэдэвтэй холбож ярих зүйл биш юм.

10 настай охин маань нэг бус удаа миний журамгүй үйлдлийг засч залруулж өгч билээ. Нэгэн удаа дэлгүүрээс гартал бороо асгарч байв. Шүхэргүй гараад ирсэн охин бид хоёр гэр хүртлээ шалба норох нь тодорхой болов. Гэтэл манай зэргэлдээ байшинд амьдардаг залуу бидний дэргэдүүр мэндлэн гарч машинаа яаран зүглэхэд нь би араас нь гүйлээ. Харин охин маань та эхлээд хаашаа явахыг нь асуугаач, Майкл/хөршийн нэр/ өөр ажилтай ч байж болно шүү дээ гэж билээ. Үнэхээр ч Майкл өөр тийш яарч явсан, ямар ч боломжгүй байсан бөгөөд, биднээс уучлал гуйж, дараа таарах бүрдээ бид хоёрыг бороон дунд орхисон доо хүлцэл өчих болсон юм. Би бол өнөөх л монгол зангаараа гэрлүүгээ хүргүүлчих гээд байсан нь чухам тэр хүний эрх ашгийг нь хүндэтгээгүй бүдүүлэг хэрэг байж...

Нөгөө талаар бага балчир хүүхдийг их хичээл, ачааллаар залхаахгүйгээр үндсэн суурь ойлголтыг энгийн тоглоом, чөлөөт хэлбэрээр эзэмшүүлдэг нь маш ухаалаг шийдэл юм. Манайд бол шал эсрэгээр, байх. Балчир хүүхдүүдийг залхтал нь хичээлээр бөмбөгдөж байна. Залхсан, халширсан оюун ухаан цаашид үр дүнтэй хөгжих үү? 9 настай хүүхдэд тригномерт заагаад, балчир оюуныг нь бөмбөгдөөд байхаар чинь чухам хэд нь тэсч үлдэх бол, хэд нь нэгмөсөн залхаад, балчир оюун нь хатаж, мөхөх бол... Ийм дарамтанд байгаа хүүхдийн чухам хэдэд нь чөлөөт сэтгэлгээ төлөвших бол...??

Америкийн дунд сургуулийн төгсгөлөөс, ахлах сургуулиас хичээлийн ачаалал хар аяндаа хүндэрч, гүнзгийрээд ирдэг шиг анзаарагдсан. Бага насандаа төлөвшиж, зөв чиглэл авсан хүүхдүүд ч сонголтоо бие дааж ухаалаг хийнэ. Бас хичээл номондоо хандах хандлага нь ч эрс өөрчлөгдөнө. Ялангуяа коллежээс дээшилж, их дээд сургуулийн босго алхасны дараах оюутнуудын бие даах чадвар манай оюутнуудтай харьцуулашгүй. Индианагийн Их сургуулийн босгоор орж, хэдэн сар оюутнуудын дунд хутгалдаж үзээд өөрийнхөө оюутан байсан цаг үедээ үнэхээр их харамсаж билээ. Бид чинь оюутан байхдаа ер юу сурч байсан юм бол, яаж хичээж, чармайж байсан юм бол, мэдэхгүй ээ, эргээд санахаар зүрх шимширмээр. Индианагийн Их сургууль 38-40 мянган оюутантай. Жилд нийт элсэгчдийн дөнгөж 53 хувь нь л төгсдөг гэсэн. Америкт мастер хамгаална гэдэг бол үнэхээр нэр төрийн, амьдралын баталгаа болдог.

Өдгөө Вашингтонд буй М.Саруул-Эрдэнэ андын бичсэн “Дотно андын захиа буюу Америкт хэрхэн эмч болдог вэ?” нэртэй нийтлэлд америк оюутнууд хэрхэн сурч ажилладгийг маш тодорхой нүдэнд харагдтал өгүүлсэн нь бий. Ер нь энэ хоёр боловсролын системийг харьцуулбал яг эсрэгээрээ, америкийн боловсролын систем манайд яг уруугаа харсан байрлалтай мэт. Харин одоо мэргэжлийн хүний дүгнэлтийг сонсоё.

Америкт доктор хамгаалсан Ж.Алимаа “Америкийн дээд боловсролын системийн тухай” өгүүлэлдээ ийн бичжээ. “Америкийн боловсролын системийн нэгэн онцлог давуу тал бол оюутнуудыг бүрэн өөрөө бие дааж сэтгэдэг чадвартай хүн болгож сургадагт оршино. Иймээс Америкийн коллеж төгссөн хүн аливаа нэгэн ээдрээтэй асуудал, бодлого, проблемтэй учирвал түүнийг шийдвэрлэх, хариултыг олж чөлөөтэй шинийг санаачлан сэтгэх тал дээр илүү чадалтай байдаг (problem solүing skill). Мөн коллежид суралцах явцад хүнтэй зөв харьцаж сурах (communication skill) чадварыг хөгжүүлнэ. Хүнд өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлж, өөрийгөө зөв ойлгуулах болон бусдын хэлсэнийг зөв ойлгож сурах нь хүний амьдралын туршид ямагт хэрэглэгдэх чухал чанар юм. Цаашилбал, ямар мэргэжил сонгосноос хамаарах ч гэсэн, америкийн коллеж төгссөн хүн бүр маш сайн зохион бичлэгийн (writing skill), юмыг шинжлэн задлах (analytical skill), зарим нөхцөлд тооцоолон сэтгэх (quantitatiүe skil) гэх мэтчилсэн чадваруудыг сайн эзэмшсэн байдаг.”



***

Хэд хоног хичээлд явсны дараа охин маань ийн ярив.

- Ааваа, манай багш бас хүүхдүүдийг тэгэж зодох нь зөв юм байна.

- Хүүе, яагаад тэр билээ?

- Ширээн дээрээ гараад дэвхэцээд байгаа юм чинь, бас цүнх булааж аваад шууд зугтаачихаж байгаа юм чинь. Хүний цагаан цамцан дээр балаараа сарааччихаж байгаам чинь

- Аанхан...

- Тэгээд тэгэж болдоггүй юм гэхээр улам тэгдэг юм.

- Аанхан...

- Завсарлаад багшийг гараад явангуут тэр олон хүүхдүүд бүгдээрээ аймаар галзуу болцгоочихдог юм чинь... Дуурайгаад галзуурчихмаар...

Нээрээ ч галзуурчихмаар болдог байх даа. Хатуу дарангуйлал, дарамтан дор байгаа хүүхдийн балчир оюун ухаан, сэтгэл зүрх эрх чөлөөгөө тэгэж гаж галзуу байдлаар илэрхийлж, мэдрэх нь аргагүй юм. Монголын маань боловсрол нэг иймэрхүү дүр төрхтэй.

Нийгмийн хөгжлийн нэг тулгуур нь яах аргагүй боловсрол. Боловсрол ийм байхад хөгжлийн, бүр үсрэнгүй хөгжлийн тухай ярих нь утгагүй мэт санагдаад болж өгөхгүй байна даа.

3 comments:

Bayasum said...

Энэ бичлэгээ сонинд гаргаасай гэж үнэхээр хүснэ. Ийм зүйлс бодхоор л багш болмоор санагддийн..

A.Амарсайхан said...

Тэр захирал, хичээлийн эрхлэгч хоёр чинь одоо ч байж л байгаа. Магадгүй ардын боловсролын тэргүүний ажилтан, гавьяат багш гээд бүх гуншингуудыг нь авчихаад, туршлагатай, сургуулиа сайн авч явдаг, ширээ сандлаа сайн буддаг гэж магтуулаад л, сууж л байгаа.

Док said...

энэ бичлэгийг сонин.мн сайтаас уншсан юм байна. Үнэхээр сайхан бичсэн байсан шүү.
Хүүхдүүддээ ийм хэмжээний боловсрол олгож байгаа хүмүүс ирээдүйн тухай ярих нь хэцүү юм аа.