Tuesday, June 5, 2007

- СОРХУГТАНИ БЭХИ ХАТАН

ЧИНГИС ХААНЫ ДАРХАН БЭР, МОНГОЛЫН ТУЛГАР ТЄРИЙН НЭРТ ЗYТГЭЛТЭН
Монголын түүхэнд нэр, мөрөө дурайтал нь үлдээсэн гайхамшигтай эмэгтэйчүүд цөөнгүй бий. Алун гоо, Өүлэн үжин, Бөртэ сэцэн, Цэвэр хатан (Чаби), Мандухай сэцэн, Ану хатан зэрэг төрөө түшилцэж явсан олон хатад, Агай шүлэгчээс эхлээд Э.Оюун, Удвалыг хүртлэх оюун билэгт монгол бүсгүйчүүд. Та бидний сайн мэдэх Мандухай цэцэн хатан бол ердийн нэг эр зоригтой бүсгүй байсангүй. Улс төрийн алсын хараатай том бодлоготон, холч мэргэн ухаантай төрийн зүтгэлтэн, цэрэг дайны гарамгай сратегич, удирдагч байлаа. Түүний хажууд өнөө дэлхий нийтээр мэддэг, гайхан шагширдаг Францын Жанна Д Арк бол зүгээр л нэг тосгоны эр зоригтой, зөн билэгтэй эмэгтэй төдийхөн юм. Тэдгээр гайхамшигт монгол бүсгүйчүүдийн нэг, Эзэн Богд Чингис хааны хамгаас хайртай Дархан бэр, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, оюун билэгт Сорхугтани Бэхи хатны тухай энд өгүүлье.


... Сорхугтани Бехи хатан Тулуйтай бага насандаа учирчээ. Аль эрт Чингис хаан Хэрээдийн Ван хаантай эцэг, хүү бололцон явахдаа энэ дотно харилцаагаа бататгах үүднээс Ван хааны ах Жаха Хамбын хоёрдугаар охин Сорхугтанийг отгон хүү Тулуйдаа сүй тавьсан байна. Хожим 1203 онд Хэрээд аймгийг мөхөөх үед Сорхугтани, Тулуй хоёрыг нийлүүлжээ. Тэрээр Тулуйн хамгийн хайртай их хатан төдийгүй Их Богд эзэн Чингис хааны хамгаас хайрлан хүндэтгэж байсан дархан бэр нь байжээ. Лувсанданзангийн “Алтантовч”-д “Богд эзний бие чилээрхэж, бас Тулуй эзэн чилээ болсонд ёрчин энэ хоёрын нэг нь сайн болвоос нэгэн нь муу буй хэмээсэнд, Тулуй эзний хатан Чаур бэх, тэнгэрт өчиг өчсөн нь: Хаан эзэн үгүй болбоос, хамаг улс бэлбэсэн болном за. Тулуй эзэн үгүй болбоос би ганцаар бэлбэсэн болох буй за хэмээн залбирав. Богд эзний чилээ дээш болсонд тэрээр сэтгэл нь хөдөлж, өөрийн эрийг үл сэтгэн эцгийг хүндэлж, их төрийг сэтгэсний тул богд эзэн би чамайг бэр гэж бүү хэлсү. Бэхи тайху гэсү. Шиу гэж бүү хэлсү. Сутай тайху хэмээе гэж цол өгөөд, найман отог цахар түмнийг сонгон өгч соёрхов. Хэрээдийн Ван хааны дүү Жаха Хамбын охин Чаур бэх энэ бөлгөө гэжээ. Энэ нь Өгөөдэйн бие чилээрхэхэд Тулуй эзэн өмнөөс нь тэнгэрт залбиран өөрийгөө өргөсөн тухай домогтой агаар нэг агаад юутай ч Сорхугтани Бэхиг Чингис хааны зүгээс ихэд хүндлэн байсны илрэл юм.Тэрээр чин журамт, оюун билэгт эх байжээ. Түүхийн тулгар бичгүүдэд түүнийг Өүлэн эхтэй адилтгасан нь нэг бус. Тэр ч бүү хэл түүнийг нэг талаар Өүлэн хатнаас илүү гэлцдэг байна. Тулуй 1231 онд Зүрчидийн Алтан Улсыг дайлах аянд 38 насандаа нас элж, бага балчир хөвүүдтэй насан залуу Сорхугтани бэхи бэлбэсэрэн үлджээ. Өгөөдэй хаан ууган хүү Гүюгтээ бэлэвсэрсэн Сорхугтани Бехи хатныг авч өгөхөөр элч заран хэлүүлэхэд тэрээр хааны зарлигийг дагахгүй байж яахан болох билээ. Гэсэн ч “Их хаантанд өчихөд би хүүхдүүдээ эрийн цээнд хүргэж, эцгийн сургаалиар хүмүүжүүлэхийг хүсэж байна” хэмээн хариулахад Өгөөдэй ч, Гүюг ч аль аль нь их шахамдуулалгүй Сорхагтанийн хэлснээр болгожээ. Харин Өүлэн бол Мэнлиг эцэгтэй суусан. Ийнхүү Сорхугтани Бехи хатан чин журмыг хичээн дахин нөхөрт гараагүйгээрээ Өүлэн эхээс илүү юм гэсэн нь бий ажээ. Хэдийгээр Сорхугтани Бэхи Өүлэн Үжиний адилаар өнчин хөвүүдээ тэжээхийн эрхэнд дээлийн хормой шуун бүсэлж, царсан шор барин сөд гичгэнэ ухаж, өглөө эртлэн босож өлөрс мойл түүгээгүй ч наснаас эрт бэлбэсэрч, бага балчир хөвүүдээ эцгийн суртлаар зарчимтай хүмүүжүүлэн өсгөсөн нь “Нууц товчоо”-нд “...Гоо Үжин эхийн Гогод мангираар тэжээсэн хөвүүд Хутагтан сайд болов. Зарчимтай Үжин эхийн Затгас төмсөөр тэжээсэн хөвүүд Заяатан сайд болов” гэдгийн адилаар болсон юм. Тулуй, Сорхугтани Бехи хоёрын дөрвөн хөвүүн нь/Монголын эзэнт гүрний 4-р үеийн Их хаан Мөнх, Юань гүрнийг үндэслэгч Их хаан Хубилай, Иранд төвтэй Ил хаант улсыг үндэслэгч Их хаан Хөлөг, Монголын эзэнт гүрний 5 дугаар үеийн Их хаан Аригбөх энэ дөрөв болой/ дөрвүүл их хүмүүс болон хожмын өдөр Монголын төдийгүй дэлхийн түүхийн тавцанаа товойн гарсан нь санамсаргүй хэрэг яавч биш юм.Чингис хаан амьд сэрүүндээ хөвүүдээ хэн ямар газар нутгийг захиран эзэмшихийг зааж өгсөн. Үүнд: Ахмад хүү Зүчийн хүүхдүүдэд Эрчис мөрний хөндий Арал нуур болон Каспи, Хар тэнгэсээс цааш үргэлжлэх Кипчакийн өргөн уудам нутгийг, Цагаадайд Зүүн, баруун Туркестаныг, Өгөөдэйд Имил голын сав, Алтай, Тарвагатай, Жунгарыг өгч, отгон хөвүүн Тулуйд уламжилж ирсэн заншил ёсоор эцгийн гал голомтийг сахиулж, Монголын уугуул нутгаа гэрээслэн, эзэн улсын байдалтайгаар үлдээсэн байна.Гэвч тэрхүү голомт нутаг нь Их хааны эзэмшлийн бүсэд багтаж байсан, мөн Тулуй төрийн эвийг эрхэмлэн эзэмшил нутгаа Өгөөдэйд найр тавьсан зэргээс үүдэн Тулуйн үр хүүхдүүд Чингис хааны үр ач нар, бусад ахан дүүстэйгээ харьцуулахад нэн ядмаг байжээ. Ийнхүү өөрийн гэх эзэнт улсгүй үлдсэн гэр бүлээ, үр хүүхдүүдээ бусад ахан дүүсийнх нь зэрэг зиндаанд хүргэж, улс төрийн тавцанд нэр нөлөөтэй болгохын төлөө зүтгэсэн Сорхугтани Бехи хатны зүтгэл нь Өүлэн эхийн нэгэн биеийг огоорон зүтгэсэнтэй агаар нэгэн юм. “Судрын чуулган”-д “Тулуйг нас барсаны дараа түүний хүүхдүүд эхийн хамт Өгөөдэйн дэргэд үлджээ. Нэг удаа Сорхагтани Бехи хатан хааны худалдаачдын нэгийг дэргэдээ авахыг хүсэхэд хаан өгсөнгүй. Тэгэхэд нь Сорхугтани хатан “Миний хань нөхөр, үр хүүхдүүдийн минь эцэг чухам хэний төлөө золиос болж амиа тэнгэрт өргөсөн юм бэ? Тэр тийнхүү бие барсан нь хэнд хэрэгтэй байв?” хэмээн уйлахад энэ үг нь хааны сонорт хүрчээ. Энэ үгийг Өгөөдэй хаан сонсоод “Сорхугтанийн зөв” хэмээгээд түүний хүсэлтийг ёсоор болгосон байна. Тэр цагт Тулуйн хүүхдүүд балчир байв. Мөн “Өгөөдэй хэнтэй ч зөвшилгүй Сорхугтани Бехи хатны эзэмшилд байсан 2000 өрхийг хүү Годандаа дур мэдэн өгчээ. Гэтэл тэдгээр иргэдээс Сорхугтани Бехи болон том хүү Мөнх нар дээр ирээд “Бид бол Чингис хааны соёрхолоор Их ноёны /Тулуйн/ харьяат болсон билээ. Гэтэл биднийг Годанд өглөө. Чингис хааны зарлигийг хэн зөрчиж болох вэ? Иймд Их хаанд зарга мэдүүлье” гэхэд Сорхугтани Бехи хатан “Та нарын зөв. Гэхдээ бидэнд их өв хөрөнгө эзэмших алдар гавьяа алга. Мөн цэрэг ардын хэрэгцээ ч алга байна. Их хаан юу хийхээ өөрөө сайн мэдэж байгаа. Бид зөвхөн түүний зарлигийг дуулгавартай дагах учиртай билээ” гэжээ. Энэ үгийг нь сонссон ноёдууд их сайшаажээ”/1.112/ гэсэн байна. Энэ талаар Академич Владимирцов “Сорхугтани Бехи хатан нь ийм ухаалаг зан чанарынхаа хүчээр өөрийн хүүхдүүдээ бусад ах дүү нарынх нь өмнө гаргаж ирж чадсан юм” хэмээн бичжээ. Плано Карпини “Монголчуудын түүх” тэмдэглэл зохиолдоо “Сорхугтани Бехи хатан бол татаруудын дотор эзэн хааны эхийн /Гүюг хааны эх, Монголын төрийг 5 жилийн турш захирсан Наймалж хатан болой/ дараа орох хамгийн нэр хүнд нөлөө бүхий хатан байсан...” гэжээ. Үнэхээр тийм байжээ. Өгөөдэй хаан Чормаган ноёныг Иранд илгээхдээ дундад Азийн эзлэгдсэн болон хараат бүх улс, мужуудын бискаки /Эзлэгдсэн улс, хотуудад иргэний хэргийг шийдүүлэхээр суулгаж байсан Их хааны бие төлөөлөгч/, захирагч нарыг Чормаганд биечлэн туслахыг тушаажээ. Ингээд Их хааны зарлигийн дагуу Чормаганд туслахаар Хорасан, Мазандерийг захирч байсан Чинтөмөр цэргийн хамт Хорезмаас Шахризтан орохоор гарчээ. Мөн хан хөвүүдийн эзэмшил газруудаас ч хан хөвүүдийг төлөөлж нэг нэг ноён Чормаганы дэргэд ирцгээсэн байна. Үүнд -Өгөөдэй Их хааны нутгаас буюу монголын төв нутгаас Кол-Булат -Батын улсаас нэг ноён, -Цагаадайн улсаас Кызыл – буха нар ирсэн бөгөөд нас барсан Тулуйн нэрийн өмнөөс Сорхугтани Бехи хатанг төлөөлж мөн нэг ноён ирсэн байна. Мөн Өгөөдэйн үед Хан хөвүүдээс болон Их хааны чухал зарлиг бичгийг хүргэхээр өөр хоорондоо тасралтгүй довтолгож байсан элч нарыг шуурхай болгох үүднээс өртөө байгуулах болжээ. Ийн өртөө байгуулахдаа Хан хөвүүд бүрээс нэг нэг төлөөлөгч гарч, тэд нийт улс орон даяар явж, газар хэмжиж өртөөг тогтоожээ. Энд -Их хаан Өгөөдэйн төлөөлөгч болж – Куридай, -Цагаадайн талаас – Имкалчин, Тайчутай, -Батын талаас Суку, Мулчитай нар ирсэн ба харин Тулуй ханы талаас Сорхугтани Бехи хатны зарлигаар Илжигдэй ноён ирж энэхүү өртөөг анхлан байгуулалцаж байсан байна. Энэ нь Чингисийн дөрвөн хүүгийн эзэмшил улсууд аливаа асуудлыг шийдэхдээ харилцан зөвшилцөж, нягт хамтран ажилладаг байсныг харуулахын зэрэгцээ хэдийгээр Тулуй бие барсан, түүний хүүхдүүд нь төрийн хэрэгт оролцох насанд хараахан хүрээгүй байсан ч Тулуйн голомтоос Сорхугтани хатныг заавал оруулж байсан нь түүний нэр нөлөө ямархан өндөрт байсныг гэрчилнэ.Энэ мэтээр Сорхугтани Бехи хатан эр нөхрийг эндсэний дараах хүндхэн жилүүдэд улс төрийн аливаа хэрэг явдлуудад нэн идэвхтэй оролцож байсан нь харагддаг. Гүюгийг хаан ширээнд суулгах Их хуралдайн дараа Гүюг хаан Сорхугтани Бехи хатныг хүүхдүүдийн нь хамтаар ихэд магтаж, бусдад үг хэлэхдээ тэднийг үлгэрлэн хэлж байсан гэдэг. Тэр ч бүү хэл Гүюг хаан төрийн зарим чухал хэргийг шийдэхдээ эх Наймалжаас илүүгээр Сохругтани Бехи хатны зөвлөгөөг хүлээдэг байжээ. Гүюг хаан дорнод Европт байлдаж бүхий аянд явахдаа ихэд муудалцан улмаар дайны талбарыг орхиход хүргэсэн Батыг гэнэдүүлэн цохихоор 1248 оны өвлийн сүүл сард их цэрэг аван “тэнгэрийн байдал дулаарах тийш хандлаа, Эмил нутгийн уур амьсгал надад зохидог юм. Тэндэхийн ус умдаа өвчинд минь тус болно” гэдгээр халхавчлан баруун зүг мордоход Сорхугтани Бехи хатан яаравчлан Батад хүн илгээн учир байдлыг дуулган сэрэмжтэй бай гэж хэлүүлжээ. Гүюг хаан Батыг дайлах санаагаа гүйцээж чадалгүй Илийн хөндийд тэнгэр болж, гашуудал бэлбэсэрэлийн ёсыг гүйцэтгэж дуусмагц, Чингис хааны алтан ургийн доторх ахмад хөвүүний хувьд Бат хаан дөрвөн зүг, найман зовхист элч довтолгон, бусад хан хөвүүд, ихэс ноёд тэргүүтэнийг урьж, Их хуралдай хуралдуулан хаан сонгох учирыг хэлэлцэе гэжээ. Өгөөдэй, Цагаадайн угсааныхан түүнд дургүйцэж “Чингис хааны үндсэн нутаг, өргөө гэр Хэрлэн мөрний хөвөөнд байтал Батын Хивчаагийн тал нутагт юугаан хийхээр очих вэ, гээд Хархорин хотын дарга Төмөр ноён зэрэг Алтан ургын бус цөөн ноёдыг төлөөлөгч болгон томилж явуулав. Гэтэл Сорхугтани Бехи “Хаан хөвүүд ахынхаа үгийг үл сайшаан очсонгүй учир чи олон дүү нараан дагуулж очоод өвчтэй ахдаа бараалх” гэж Мөнхөд хэлээд бас Бат бол олон хаан хөвүүдийн ах нь болохоор түүний хэлсэн үг ба зарлиг нь бидний эргэлзэлгүй дагах хууль цааз юм. Иймээс бид түүний зөв гэж үзсэн зүйлсийг цөм зөвшөөрөн хүлээн авах ёстой” гэсэн агуулга бүхий бичиг өгч явуулжээ. Энэ удаагийн хуралдаан нь Алагтаг нуурын орчимд болж, түүхэнд Алагтагын хуралдаан хэмээн тэмдэглэгджээ. Энэхүү хуралдаан дээр Мөнхийг монголын хаант улсын дөрөвдүгээр үеийн хаан өргөмжлөхөөр урьдчилсан шийдвэр гарсан бөгөөд дараа жилийн хавар Хэрлэн мөрний хөвөөнд дахин Их хурал хуралдуулж жинхэнээр хаан сонгохоор тогтжээ. Мөнхийг их хаанд өргөмжлөх гэсэн чимээ дөрвөн зүг найман, зовхист тархмагц Сорхугтани бехи Чингис хааны алтан ургийнханыг биедээ татахийн төлөө ихээхэн бэлгэ сэлт тарааж эхэлсэн бөгөөд ард иргэдийн сэтгэлийг олохын төлөө их хэмжээний өглөг өгч эхэлсэн байна. Хожим нь Мөнхийг их хаан ор сууж, хаан суудал Өгөөдэйн удмаас Тулуйн удамд шилжихэд чухам Зүчийн удмынхны шууд дэмжлэг, хүчин чармайлт голлосон нь Сорхугтани Бэхийн энэ мэт эрсдэлтэй алхамуудын цаана улс төрийн нэлээд алсыг харсан бодлоготны хэрэг явдал харагддаг.Монголын алтан ургын 35 хаанаас 33 нь Тулуйн угсааны хаад юм. Чухам түүхийн ийм эргэлтэнт Сорхугтани Бехи хатны зүтгэл, ухааны хувь их байсан билээ.Сорхугтани хатанг Христосын шүтлэгтэй байсан гэлцэх нь бий. Тухайн үеийн Хархорин хот бол хэдийгээр хэмжээгээр бага ч дэлхийн улс орнуудын улс төрийн голт зүрх нь болж байлаа. Тэр үедээ л хөгжил дэвшлийн баян бүрд болж асан Бухар, Самарканд, Багдад, Константинополь, Кордов болон Өмнөд Хятадын Ханжоу зэрэг аль ч хот ийм нөлөөтэй, сүр хүчин төгөлдөр байсангүй. Хархоринд ирж очихгүй хүмүүс үгүй. Цагаан пансаар хөвчин биеэ ороосон ширүүн хурц харцтай саррацин дайчид, католик шашны хувраг, оросын хар лам нар, хятадын бомбын сургаалийг дагагсад, зэнүүд болон бурхны шав нар, эрээн мяраан хувцастай сартуул наймаачид, нестарион хийгээд зүсэн зүйлийн вавингардич, агь тарнийг шүтэгчид, Туркестан, Мавераннарх болон Хорасаны эмирүүд, Ирак, Луристан, Ширваан, Румын султанууд, Азербайжан, Гүржийн хан хөвүүд, Багдадын халиф, Франц болон Ромын папын элчин сайд нар, Халеб, Фарс, Керман, дээд Месопотамийн Мосулын эзэн ноёд, Оросын вангууд, Хятад, Тангудын түшмэд, Солонгосын ван, төв Европын рыцар, Франкууд төдийгүй алс Нубийн хар арьст төлөөлөгч, Англи боол, мажар үйлчлэгч, Уулын өвгөний/исмайлитийн/ дайчид хүртэл ертөнцийн хязгаар бүрээс хүмүүс ирж очиж байлаа. Хархоринд Бурхны хийгээд христос, нестерион, лал зэрэг тухайн үедээ л нөлөөгөө өргөтгөж байсан шашин шашны сүм хийдүүд өөрсдийн гэх эзэмшил бүхий сүм хийдүүдийг байгуулж, энэ талаар ёстой л ардчилал төгс байв. Рубрукийн тэмдэглэж үлдээснээр Хархоринд худалдаачин сартуул зэрэг дундад Азийн лал мөргөлтнүүдийн суудаг нэг хороолол, мөн хятадууд зонхилох гар урчуудын хороололтойгоос гадна хаад ноёд, ордны ихэс дээдсийн олон том ордон өргөөнүүд байжээ. Мөн янз бүрийн иргэдийн онгон шүтээний арван хоёр дуган, Лалын шашны хоёр сүм, христосын нэг сүм байсан байна. Эдгээр шашныхан бүгд л Төв Азид байгалийн гэнэтийн, ер бусын үзэгдэл мэт гарч ирсэн энэ ард түмнийг өөрийн шашиндаа оруулахаар улайран хичээж байсан юм. Энэ нь тэдэнд хамгийн наад зах нь гэхэд аюулгүй байдлыг нь баталгаажуулж өгөх байлаа. Харин Монголын хаад ихэс ноёд тэдний аль нэгийг нь нөгөөгөөс илүүд үзэн эрхэмлэх нь үгүй, үгүйсгэн дарамтлах, өргөн мандуулах үгүйгээр эвгээлт эцгийн адил ивээл нөмөртөө байлгаж байсан байна. Энэ нь XIII зууны Монголын эзэнт гүрнийг үнэхээрийн аугаа их байсны нэг илрэл юм. Түүхчдийн зүгээс Монголчууд орон орны шашин шүтлэгт хүлээцтэй, хүлцэнгүй хандаж байсан нь тухайн орныг боолчлон захирахад нэн дөхөм байсных хэмээн тайлбарлах нь бий. Гэвч энэ бол нэг талын хэрэг бөгөөд тэр үеийн монгол хаад, ноёд бол цаг үедээ л байж болох дээд хэмжээнд ертөнцийг гэтлэн туулж, ихийг үзэж, ухаан бодол нь тэлсэн, шашны уг мөн чанарыг гүнээ ухан таниж, аль нэгнийг илүүд үзэн явцуурахын хязгаараас хальсан хүмүүс байжээ гэвэл илүү үнэмшилтэй санагдана.Янз бүрийн угсаа гарал, үндэстэн ястны хүмүүс Бурханы тухай өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Энэ нь зүйрлэвээс Сүмбэр уулын оргил өөд бартаатай, дардан, шулуун, муруй, ойр тойруу олон янзын замаар тал талаас нь мацаж буй хэрэг бөгөөд тэрхүү оргил ганцын адил Бурхан гэдэг нь авралыг хүссэн дээд зам, үнэний эрэл, хүн төрөлхтөний сэтгэлийн агуу их ариуслыг төлөөлсөн нэг л ойлголт юм. Тухайн үеийн Монголын хаад, ихэс дээдэс, баатар эрс энэхүү үнэнийг сайтар таньж мэдэж байжээ. Үүнийг гэрчлэх нэгэн явдал болсоныг өгүүлбэл: Мөнх хаан нэгэн удаа Францын XI Людовикийн элчин Рубрукийг дуудаж шашны тухай ярихдаа “... Монголчууд бид цорын ганц бурхан байдаг гэдэгт итгэдэг. ... гэвч бурхан, хүний гарыг янз бүрийн хуруутай болгон бүтээсний нэгэн адил хүмүүст бас янз бүрийн зам зааж өгчээ. .. Бурхан та нарт судар ном хайрласан, түүнийг та нар сахихгүй байна. Бидэнд оточ төлгөч нарыг оноож өгсөн бөгөөд бид тэдний зааврыг мөрдөж энэ ертөнцөд амьдардаг” гэж байжээ. Энэ үг нь нэг талаас Мөнх хаан өөрөө бөө мөргөл шүтдэг байсныг гэрчлэхийн зэрэгцээ шашин тус бүрийг шүтлэгтний зам мөн хэмээн хүлээн зөвшөөрч, хүндэтгэн байсныг тодорхой харуулж байгаа юм. Язгуурын ухаан талбиу, оюун сэргэлэн Сорхугтани Бехи хатан ч ганц христосыг талархан дэмжиж байсангүй. Тэрээр лалын шүтлэгтнүүд дотор ивээн тэтгэгч, хамгаалагч хэмээн ихэд алдаршиж бас бурхны шавь Хай-Юн хувраг болон Тай яй шашны арш Цой-Жунхэй нарыг хүндэтгэн шүтдэг байсан байна. Харин шашин шашны төлөөлөгчид монголын аль нэгэн нөлөө бүхий хүн өөрийнх нь шашинд нааштай хандсаныг тухайн шашны шүтлэгтэн хэмээн зөвхөн өөрийн булангаас, эрх ашгийн үүднээс харан хөөрцөглөн бичиж тэмдэглэн үлдээж байжээ. Үүний цаана бас улс төрийн явуулга, ашиг сонирхол ч байсан биз. Тэгэхээр Сорхугтани Бехийг Христос шүтлэгтэн байсан гэх нь ихээхэн эргэлзээтэй хэрэг юм.Сорхугтани Бехи хатан мөн Борхая Минсс, Доржиу зэрэг уйгар мэргэдийг хүндэтгэхийн сацуу хүү Хубилайгаар дамжуулан умард хятад дахь харьяат газраасаа эрдэм мэдлэгтэй хятад сэхээтнүүдийг Хархориндоо удаа дараалан дуудан авчирч байсан нь төөрөлдөж, мунгинасан гэхээс илүү тэр хүний оюун билгийн олон талтайн илрэл, эрдэм мэдлэгийг эрхэмлэн боловсон соёлтой ард түмэнд ойртох гэснийх болов уу. 1242 онд Монголчууд Европод хоёр дахь удаагаа довтлох үеэр Мажарын Белград хотоос Мөнх хааны эцэг нэгт дүү нь Францын уран дархан Вильгельм Бушийг олзолж авчирчээ. Түүний дарханы ур чадвар гайхамшигтай байсан тул Сорхугтани Бехи хатан Мөнх хаанаас удаа дараа шаардан нэхэж байж харьяат ардаа болгож авчээ. Хожим Сорхугтани Бехийг нас барсны дараа эх эцгийн бүх эзэмшлийн хамт Вильгельм Буш дархан ч Аригбөхийн харьяат болсон байна. Чухам энэ дархан Хархорины хааны ордны өмнөх бүрээ бишгүүрт Ангелийн дуудлагаар бал, айраг, дарс зэрэг гоождог алдарт мөнгөн модыг урласан. Вильгельм дархан хэдийгээр олзлогдож ирсэн боол ч Хархоринд элбэг хангалуун, хавчигдаж хяхагдахын зовлонгүй хувь заяандаа сэтгэл хангалуун аж төрж байсан гэдэг. Энэ нь зөвхөн ганц Вильгельмд хамаатай биш, энд оршин амьдарч байсан харь газрын хүмүүсийн амьдрал харьцангүй өндөр түвшинд байсныг харуулна.Тулуйн ганц охин Тэмүгэ Бехи бурхны шашны сүмийн хувраг Хай-юний сургаалийг хүртэж байжээ. Харин Хөлөг хаан өрнө дахинд христийн шашныг ивгээгч хэмээн ихэд нэрд гарсан төдийгүй Лалын ертөнцөд цээртэй Бурхны шашны сүмийг Персид бариулж байсан түүхтэй хүн билээ. Хубилай хаан бол бурхны шашныг ихэд мандуулан, төрийн шашнаар залсан төдийгүй түүний засаглалын үед Дорно дахины соёлд үлэмжхэн хувь нэмэр оруулсан олон ажил хийгдсэн юм. Тулуйнханы энэ мэт үйлийг харвал тэд бүгдээр оюун эрдмийг эрхэмлэн дээдэлсэн билэг төгс хүмүүс байжээ гэж хэлж болно. Үүнд эх Сорхугтанийн нөлөө их юм. Содон хүний үхэл нь ч содон л байдаг. Сорхугтани Бехи хатны нас барсан түүх нь жирийн бус аа. 1251 онд Мөнх Монголын Эзэнт гүрний дөрөвдүгээр үеийн Их хаанаар өргөмжлөгдмөгц юуны өмнө түүний хаан ор суухыг илээр эсэргүүцэж байсан Хаймиш хатан /Гүюгийн хатан Ойгул Хаймиш нь Гүюг хааныг нас барсны дараа төрийн хэргийг хоёр жил барьж байсан хүн/ тэргүүтэй Өгөөдэй, Цагаадайн угсааныханы эсэргүүцлийг нуга дарахыг зорьж алтан ургийнхны цусыг багагүй урсгасан юм. /Тэгэхэд Мөнх алтан ургийн 75 хүнийг цаазалсан/ Энэ үед Сорхугтани бехи “Чи хаан суугаад удаагүй тул өршөөлт засаг явуулбал зохино. Түүнчлэн Хаймиш хатан хийгээд түүний хөвгүүдийн асуудал бол ураг төрөл, садны хоорондох явдал болохоор нэн ч алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж сургажээ. Гэвч Мөнх хаан эхийнхээ сургаальд хайш яйш хандаж Өгөөдэй, Цагаадайнханы үр удмынханыг хатуу ширүүнээр гэсгээн цээрлүүлж эхэлсэнд Сорхугтани Бехи дургүйцэж отгон хөвүүн Аригбөхөөн дагаж төрийн хэргээс хөндийрөн Хархориноос баруун хойгуур, Орхон мөрний цутгалан болох Жарантай, Цагаансүмийн голын дагуу мал маллан амьдарчээ. Тэгээд сэтгэл санаагаар унан маш хурдан хөгширч, дараа жил /1252 он/ нь Алтайд байсан Аригбөх хааны зуны ордонд нас баржээ. Ийнхүү төрийн хэргээс хөндийрснөөс хойш нас барах хүртлэх жил орчмын хугацаандаа тэрээр дөрвөн зүг, найман зовхисоос Хархоринд хүрэлцэн ирсэн үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр асар их хэмжээний өглөг өргөж, түгээл түгээж байсан юм. “Судрын чуулган”-д дурдсанаар түүний шарилыг Аугаа их Будда /газрын нэр/ Өндөрт, Чингис хааны Их дархан цаазат газар аваачиж нутаглуулжээ. Хубилай хаанаас бусад бүх хаан хөвүүдийг тэр газарт оршуулсан гэснээс үзвэл Сорхагтани бехи хатныг Бурхан Халдун дахь Ихсийн газарт хаадын зэрэгт оршуулжээ.Сорхугтани бехи Чингис хааны сургаалийг хөвүүддээ чанга хатуу сургадаг, шаарддаг боловч эгэл ард хийгээд энгийн шашин суртахууны мөргөлтөнд тун их энэрэл хайртай байжээ. Сорхугтани хатан газар газрын шашинтан, түмэн олонд энэрэл нигүүлсэлээ хайрлаж, буян номыг эрхэмлэж байсны нэгэн жишээ бол нэгэн удаа мянган өлгий шижир алтан өгөөд Бухар хотноо сургууль байгуулж, Исламын мөргөлтний мянган хүүхдийг элсүүлэн авч суралцуулсан байна. Исламын шашны мөргөлтөнүүд Сорхугтани бехийг дурсахын төлөө тус сургуулиан “Хатны сургууль” гэж нэрийдэж байжээ. Өрнө дахины бичиг материалд энэхүү сургууль нь түүхийн урт удаан хугацаанд бүрэн бүтэн хадгалагдаж, одоо болтол исламын шашины үр хүүхдүүдийг боловсруулж байгаа гэжээ. Өдгөө Бухар хотод хөл тавьсан болон тавих нэгэн бээр буй аваас энэ түүхийг сонирхон сураглаваас их л сонин учиг олдож мэдэх юм.Сорхугтани Бехи хатантай холбоотой нэгэн баримт сүүлийн жилүүдэд гарч, судлаачид эрдэмтэдийн сонирхолыг ихэд татаж байна. Энэ нь Сорхугтани Бехи хатны цээжээр өгүүлсэн гэгдэх “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх ном юм. Чингис хааны зарлигаар Их Аурагт Цагаадай, Елюй Чуцай, Долоодой болон Сорхугтани Бехи хатан нар Монгол төрийн чинхүү бодлогыг тодорхойлсон гурван боть номыг бичжээ. Елюй Чуцай зэрэг их эрдэмтэн мэргэдтэй суудал зэрэгцэж төрийн их хөлгөн судрыг бүтээлцсэн гавьяа Сорхугтани Бехийнх юм. Гэвч Өгөөдэйг нас барсаны дараа 1245 онд уг 3 боть номыг Өгөөдэйн Их хатан Туркина Аравт явуулчихжээ. Тэгээд 1251 онд Мөнхийг хаан ширээнд суухад Монголын төрийн уламжлалт хар хайрцагны бодлого, төрийг барих арга ухааныг илэрхийлсэн ямар нэгэн уламжлан өргөх зүйл байхгүй байсан байна. Ингээд Сорхугтани бехи хатан өмнөх 3 боть номын амин чанарыг түүвэрлэн авч “Алтан аялгуу” болгон Мөнхийг хаан ширээнд суухад цээжээр дуудан өргөсөн байна. 1251 онд хэлэгдсэн энэхүү бүтээл эдүгээг хүртэл 750 гаруй жилийн туршид гээгдэн үрэгдэлгүй хадгалагдан ирсэн түүх нэн сонирхолтой юм. Нүүдлийн соёл иргэншлийн академийн академич, инженер Хөх нохой овогт Журнайн Нүрзэд 1958-1962 онуудад Увс аймгийн Сагиль сумын харьяат авга ах, өвгөн маарамба лам Лэгжингээс нэгэн зүйлийн хэлмэлийг цээжилж үлдсэн нь энэхүү “Алтан аялгуу” байжээ. Ийнхүү Хөхнохой овогтнууд арван таван үеийн туршдаа уг номыг өртөөлөн цээжилсээр өдгөө цагт үрэгдүүлэн гээгдүүлэлгүй авчирсан нь энэхүү овгынхны үндэснийхээ соёл, түүхийн өмнө байгуулсан гавъяа юм. Харин Ж.Нүрзэд “Алтан аялгуу”-г орчин цагийн монгол хэлнээ утга оноон хөрвүүлэн 2000 онд хэвлүүлж, судлаач шинжээчдийн өмнө дэлгэн тавьжээ. Одоо гагцхүү энэхүү “Алтан аялгуу”-наа буй утга санаа, хэл хэллэгийг нарийвчлан судалваас XIII зууны үеийн Монголын түүх, төрийн бодлого төдийгүй ахуй, хэл, соёл, гүн сэтгэлгээний талаар асар баялаг судалгааны хэрэглэгдхүүн зоримог судлаачаа хүлээж буй ажээ. Энэхүү бүтээлийг сөхөн үзвээс мөр толгой холбосон цэцэн цэлмэг үг хэллэг төдийхөн бус ертөнцөд төр оршихуйн, хүн оршихуйн нууцыг уран яруугаар өгүүлсэн гүн сэтгэлгээ захын мөрт буй нь мөнхүү давхараа Сорхугтани Бехи хатны оюун бэлгэ нэн төгөлдөр байжээ гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ. Тухайлбал:
“Хяруул, гөрөөс идэх заяагаарАрслан барс болсон бөгөөтөл
Хүчгэнэ туулай хөөгөөд цадах юу
Аргаль янгир идэх заяагаар
Чоно, ирвэс болсон бөгөөтөл
Чогчиго, бохишорго барих юу,
Төрөөр иргэний бадраах үүрэгтэй бөгөөтөл
Тунбаогоор төрийг бадраагаад хөгжил биш ээ. Гэх мэт байна. /уг номын 68 дугаар талд

- БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ


1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. 1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа. Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч… Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй. Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа. Эд хэн байв? Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ. Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монгол залуусын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сүвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв. 1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. /Энэ үйл явдлуудын талаар “Бат, Сүбээдэй нар Орост” гэсэн өөр бүлэгт өгүүлэх учир энд дурдах төдий өнгөрөв/ Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна. Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ. /Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дүгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий. 4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гүнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна. Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөв. Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердөө долоохон хуягт баатар л амьд үлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нугтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсэдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй ажээ. Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй. Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг. Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав. Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утаж, мажар цэргүүдийг эргүүтүүлэн мансууруулжээ. Үүнийг Дэлхийн цэрэг дайны түүхэнд Монголчууд анх удаа биологийн зэвсэг хэрэглэсэн гэж үздэг нь ч байна. Өмнөх Лигницийн дэргэд болсон тулалдаанд хэрэглэсэн утаа ч мөн юуны өмнө өөрсдийнхөө цэргүүдийн байрлал, хүчийг дайснаас халхлах, нууцлах, дайсны цэргүүдийг сүрдүүлэх зэргээс гадна тэр утаанд ухаан санаа мансууруулах, уймруулах нөлөөлөл байсан гэж үздэг судлаачид ч бас байдаг юм билээ. Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд нэг дор хядуулсан тэрхүү тулалдааны багахан талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимшрэн, Сүбээдэй баатраас хатуухан үг сонсож байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан энэ баг цэрэгт 20-35 мянга орчим л цэрэг байсан гэсэн тооцоо бий. Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ. Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг. Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ. Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ. Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Түүхчдийн тодорхойлсоноор “мөсөн дээгүүр гулсах чулуу мэт чимээгүй, эрс шулуун, гайхалтай шалмаг довтолгоон”... Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ. Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ. Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь үйл явдал, бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана хэрэм бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз. Нөгөө талаар Дорнод, Өрнөд Европт өөрсдөд нь аюул занал авчрах ямар нэгэн хүч үгүй байгаа нь Монгол эрсийн буцах болсон хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм. Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгүйгээр дарагдлаа/Үнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгүй билээ/, мөн тэднийг өмгөөлсөн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос өвдөг сөхрөв. Тэд бол Монголчуудын өмнө хэн ч биш болов, дайсан нь ч биш, дайсагнах ч чадваргүй болов. 1223 онд Зэв, Сүбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Булгарууд мөн сэхэшгүй болж, тухайн үедээ Дорнод Европт цэргийн хүчээр тэргүүлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргүй болох нь ч мөн тодорхой болов. Үнэхээр ч тэрхүү гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, үгүй ядахдаа хариугаа авах, өш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зүгт цэрэглэн довтлох нь бүү хэл алхаж ч зүрхлээгүй билээ. Тевтонын бүлэглэлийнхэн, Гельф намыхан умард Орос руу үе үе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох төдий өнөөх Рыцар баатрынх нь эр зориг салхинд өртсөн чандар мэт хийсэн арилаад, ичгүүргүйгээр ум хумгүй зугтацгаадаг байсан гэдэг. Ийнхүү шинэ тутам байгуулсан Монголын Их гүрний өрнөд хил хязгаарыг амар амгалан болгох зорилго нь нэгэнт биелж, Өрнө дахинд ямар нэгэн аюул занал авчрах хүч нэгэнт үгүй болох нь тодорхой болж, тэд Монголийн эрхшээлийг хүлээн зөвшөөрсөн нь Бат, Сүбээдэй нарын аян дайны зорилгын бодит биелэл, мөн буцах гол шалтгаан байсан байх аа. Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ. Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй. Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг. Дээрх Людовик айн мэгдэж, асгартал уйлах хатан эхийгээ тайтгаруулан “...Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. /Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л үхэх болно шүү дээ“/ Эндээс Монголчуудыг ялах нь бүү хэл эсэргүүцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал нь огтхон ч байхгүй мэт. Тухайн үед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, түгшүүр даанчиг илэрхий... Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв. Польшийн Краков хотод өнөөг хүртэл нэгэн сүмийн гонхот хонхыг нэгэн тогтсон цагт тогтмол цохин дуугаргадаг нь даруй 8 зууны өмнө монголчуудын үлдээсэн айдас, түгшүүр, болгоомжлолын ул мөр, үлдэгдэл... Тэр үеийн түүхэн тэмдэглэлд бичсэнээр Сүмийн хонхоч өглөө эрт хотынх нь ойролцоо Монголчуудын зэр зэвсэг гялалзахыг хараад, Монгол цэргийн оньч суманд сүлбүүлэн унахынхаа өмнө хотдоо аюулын дохио өгөн хонхоо дэлдэж амжжээ. Гэсэн ч тэгэхэд Краков аврагдаагүй билээ. Европын ард түмнүүдийн дунд зүггүй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хүүхдээ сатааруулдаг “Татарууд ирж байна” гэсэн хэллэг байдаг гэсэн. Европын Дундад эриний үеийг түүхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншилийн дараа үнэхээр Европ дахин тийнхүү хэдэн зуунаар харанхуйн дунд зүүрмэглэж байсаан. Монголчуудын гагцхүү үлгэр домогт л байж болох ер бусын хүчирхэг довтолгоонууд, түүний үлдээсэн айдас Европ дахиныг энэхүү удаан харанхуй нойрноос нь нэгмөсөн сэрээж, тэд өөрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргүй ихээр сонирхох болцгоож, хөл хөдөлгөөнд орцгоож, улмаар газар зүйн их нээлтүүд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ. 1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав. Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан ... Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон.... Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино.... Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу... юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй...” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ ...аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ. Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм. Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа. Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм. Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хийгээд Гүржид нийт 5 сая орчим хүн оршин амьдарч байжээ. Бат, Сүбээдэй нарын удирдсан цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна. Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм. Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийг шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм. Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Түүхэнд Их хуралдайн шийдвэрээр монголын түмтийн ноёноос дээших бүх ноёд ихсийн хүүхэд залуус нөхөд сэлтийн хамт оролцсон энэ аян дайныг “Хан хөвгүүдийн аян” гэдэг. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.

- ЭГНЭШГҮЙ НӨХРИЙГ ОЛОВ/Түүхэн туурь/


Саритай*(1) хорчи Гуулин*(2) улсын ван Цой У*(3)-гийн элчийн мэдээг авмагц түрхэн буудаллаад байсан Кэгён*(4)-оос тус улсын умард хил дээрх цайз Кучжу*(5)-гийн зүг яаран сандран мордов. Бүх замын туршид өчүүхэн ч зогссонгүй, завсар чөлөөгүй морьдоо шавдуулан довтолголоо. Итгэлийг гутааж, элчийг удаа дараа хөнөөн талсан*(6) Гуулин улсыг дайлан номтгохоор “Хааны зарлигийг сонс: Тэнгэрийн хүчин энэ байна. Тэнгэр өгүүлэх нь: Бид та нар бууж өгөх, эсхүл тэмцэлдэх үү гэдгийг асуулгахаар Саритай хорчийг явууллаа” хэмээх Их хаан Өгөөдэйн зарлигтай сүр хүчин төгөлдөр Хорчид тийн яарах нэгэн учир байжээ. Тэрээр хагас жилийн өмнө Гуулин улсын ван Цой – У- гаас ял асуухаар их цэргийг дагуулан Амноккон мөрнийг түргэн урсгалаар нь гатлан тус улсын умард хил рүү хөл тавин орсоор анх түрүүнд Кучжу цайзад халдсансан. Гэвч огтоос санаанд оромгүй явдал болов. Нэгэн түм ч хүрэхгүй хүн амтай, хоёр мянга ч хүрэхгүй хамгаалах цэрэгтэй тус цайзыг Саритай хорчийн умард өмнийн олон хот балгадыг эвдэн дагуулсан их цэргийн гол хүчин харин огтхон ч хэлтэлсэнгүй бүтэн сар болж билээ. Саритай хорчи Дундад Азид ч, Умард Хятадад ч хэрэглэж асан дайтах урлагын олон аргыг хослуулан хэрэглэсэн ч тэр бүхэн нь уг бяцхан цайзын ядмагхан хэрэмний өмнө юу ч үгүй болон замхарч байлаа. Монгол дайчдын долоо дахь дайралт амжилтгүй болсоны дараа Саритай хорчи дагаар орсон хэдэн солонгос ноёдыг цайзын дотор оруулж тус цайзын удирдагч, пёнмаса*(7) Пак Со*(8)-д даруй бууж өгөхийг ятган үнэмшүүл гэсэн авч Пак Со харин өнөөх элчидийнх нь толгойгоор хариу харваж билээ. Хариуд нь Саритай хорчи цайзын эргэн тойрныг түймэрдэхээр шийдэж хуурай өвс ачсан зуун тэргийг хэрмийн зүг ойртуулав. Гэвч Пак Со тэрэгтэй өвсийг цайзын хэрэмд ойртохоос өмнө сумны тусгал хүрэх газар ирэнгүүт төмөр шоруудыг улайсган шидлэх тушаал өгчээ. Их гал гарч тэр нь Кучжу цайзын хэрэмд огтхон ч халдсангүй, харин ч монголчуудын хүрээ буудлыг хайлуулчих дөхөв.Хорчи дараа нь царс модоор хөдөлгөөнтэй өндөр бат бэх цамхаг босгож түүнээ шарын арьсаар бүрээд, оройд нь шилдэг цэргээ суулган цайзын гол гол цамхагруу явуулав. Зарим цамхагын доор цайзын доогуур орох хонгил ухав. Пак Со тэр даруйд нь их тос, давирхай хайлуулан гал өгөөд ойртон ирсэн цамхаг руу шидэх оньсоор асгахад цамхаг тэр чигээрээ их түүдэг болон дүрэлзэн асч, оройд нь байсан цэргүүд зэр зэвсгээ хаялан бууж ил газар гарахад цайзын орой дээрээс Кён Соны харваачид мэргэн сумаар намнаж гарлаа. Саритай хорчийг ийнхүү мунгинаж байхад түүний баруун замын цэрэг Сочён мужид шалавхийн орж, 40 хот балгадыг буулган авч, Гуулин улсын умардын цэргийн жанжин Бок Воныг цэргийнх нь хамт дагуулсан байлаа. Нөгөө нэг замын цэрэг нь Хамчинсанд*(9) хүрч, мөн л олон хот цайзыг эвдлэн, Ким Ган, Сун Чхан*(10) зэрэг жанжидыг цэргийнх нь хамт дагуулан авав. Гагцхүү цэргийнх нь гол хүч ийнхүү умард хязгаарын нэгэн бяцхан цайзын дэргэд үр дүнгүйгээр удтал саатсанд Саритай хорчи сэтгэл нэн зовниж, Адар жанжиныг цэргийнх нь хамт тус цайзыг харгалзуулан үлдээгээд Цой – У-гийн цэргийн гол хүчин цуглараад байсан Гуулин улсын нутгийн гүн рүү цөмрөн оров. Зам зууртаа Согён, Хванчжу, Пончжу /Тэр үеийн Солонгосын хотууд/ зэрэг хотуудыг дайлан явсаар Цой – У Вангийн их цэрэгтэй Тонсонёк өртөөний дэргэд тулгаран хиартал цохив. Цой – У вантан тэнд 3 түмэн шилдэг цэргээ алджээ. Үлдэгдэл цэргийг нь Анбуксон, Пхёнчжу, Кэгёнд дараалан л хядаж орхиод Цой – У –д элчийг илгээн бууж өгсүгэй гэсэнд тэрээр ихэд дуулгавартай болж, алт мөнгө, ангийн үс, агт морь зэрэг арвин их бэлэгтэйгээр ирж Саритай хорчийн өмнө өвдөг бохируулан, толгой гудайлгасан бөлгөө. Хорчийн өмнө бүх Гуулин орон өвдөг сөхөрлөө. Ганцхүү өнөөх Кучжу цайз л бүтэн гурван сарын туршид өчүүхэн ч нугарсангүйд дагаар орсон Гуулин улсын үлэмжхэн цэргээр дэмжүүлэн өнөөх цайзыг их хүчээр довтолжээ. Олон хотоос авчруулсан 30 харвах оньсоор бул чулуунуудыг аадар мэт нүүлгэхэд цайзын хэрэм ар араасаа нуран унаж байлаа. Гэвч хамгаалагчид өнөөх чулуун сумдаар нь өмнөхөөс ч улам илүү бат бөх цайз босгон эсэргүүцжээ. Хэдэнтээ тулган шаардлага, сүрдүүлэг бүхий элчидийг явуулсан ч тусыг эс олов. Гэвч цайзынхны хүчин нэгэнт барагджээ. Саритай хорчи сүүлчийн дайралтыг хийлээ. Энэ дайралтыг цайзынхан тэсч чадахгүй болсон нь нэгэнт тодорхой болжээ. Дайралтын өмнө ойр хавийн бууж өгсөн хот тосгодоос үй олон олзлогсодыг авчран бамбай хийв. Гэтэл харин ч өмнөөс нь Пак Со цайзынхаа хаалгыг дэлгэн нээгээд хамаг цэргээ дагуулан цайзаас үхлийн сум шиг ойлон гарч ирээд олзлогсдын бамбайг нэвтлэн монгол цэргийн тэргүүн энгээнд шунган орчихов. Хомрогонд орсон чоно л эцсийн мөчид хүчээ шавхан ийнхүү эргэн дайрдаг билээ.Манлайд нь улаан толботой цагаан морь унасан, хуяг дуулгагүй нэгэн хатингар эр хар үсийг салхинд хийсгэж, гянт илдийг гялалзуулан цавчлах нь аянга цахилгаан мэт амой. Тэр бол мөнөөх Пак Со ажээ. Ийм эр тахимыг нь тас цавчихаас нааш өвдөг сөхөрдөггүйг Саритай хорчи сайн мэднэ. Пак Со үхэхээр шийджээ. Найманы эрэлхэг дайчин Хүчүлүг*(11), Сартуулын хаан, ган болд мэт нугарч, цөхрөшгүй галзуу догшин Желал – Ад - Дин*(12), Ортарын эзэн, хүнд гарт Мелик - Төмөр*(13) болон Зүрчидийн Алтан улсын цөс ихт дайчин баатар эрстэй илдийг зөрүүлж, эрийг тэнсэж явсан Саритай хорчийн зангидсан хөмсөг тэнийж, харцанд нь оч гялалзав. Түүний сэтгэл нэн тэнүүн болжээ. Тэрээр их цэргээ хураах бүрээ үлээхийг тушаахад Адар болон Удай зэрэг олон баатад нь ихэд эгдүүцэн “Биднийг энэ буурал эрээс сүрдэв хэмээх биш үү. Одоохон түүнийг нохой мэт гав хийтэл цавчлан хаялах мөч ирсэн атал Хорчи Та юунд цэргээ хураанав” хэмээн хэдэнтээ ээрэв. Тачир баатрын цөс цалгиж “Надад энэ цагаан нөмрөгт эртэй илдний ирийг тэнсэх мөчийг өгсү. Өмнөдөөс умардыг хүртэл туулсан ч илд минь зэврэх шахав. Ирлэж өгөх эр эс олдов. Харин энэ эр илдний минь зэврээг арилгаж, үений минь чилээг гаргах аж” хэмээн шавдуулан гуйсан ч Саритай хорчи цэргээ бүрэн хураагаад алсад ухраав. Үхлийнхээ дайралтаа хийсэн цайзынхан ялан дийлэгчид гэнэтхэн тийн ухарсанд мэл гайхаж цэл хөхөрсөн билээ. Саритай хорчийн энэ шийдвэрийн учрыг хэн ч үл ухав. Монгол цэрэг Кучжу цайзыг зөнд нь орхиод ялалтын жагсаалаар Гуулин улсын нийслэл Кэгёны замд орлоо. Эцэж туйлдсан Кучжу цайзынхан хэрэмнийхээ орой дээрээс туг хуараа салхинд хийсгэж, жад сэлмээ тэнгэрт сэрэлзүүлсээр алсад далд орох монгол цэргийн араас гайхах, баярлахаа эс мэдэн алмайран харсаар үлдэв. Кэгёнд ирэхэд ван Цой – У болсон явдлыг сайтар мэдэж, болдоггүй тэрсүүд Пак Со – гийн өмнөөс ихэд гэмшин, бэмбэгнэж байлаа. Саритай хорчи түүнийг чачиртаа дуудан ирүүлээд хэлсэн нь “Их хаан Өгөөдэйн зарлигаар Саритай хорчи миний бие элч Чхан Ко Ё-гийн өшөөг авахаар энэ газар шороон дээр ирэв. Гуулин улсын ван Цой – У чи өршөө хэмээн намайг дагасан бөлгөө”. Цой - У вантан түүнийг ихэд зөвшөөн тэргүүнээ дор мэхийв. “Чи болон бусад их бага вангууд, жанжид, баатарууд мөнхүү өлмийн минь өмнө өвдөг сөхрөн дагасан” гэв. Цой – У вантан тэргүүнээ улам бөхийлгөв. Саритай хорчи хэсэг чимээгүй сууснаа “Пак Со ч мөнхүү адилаар үйлдэх ёстой” хэмээн огцом цочмог хэлэв. Перс газрын хивсэнд дух нь хэдийнээ хүрсэн Цой – У вантаны алаг ооч нь сөрвөгнөн чичирхийлэв. Тэр даруйдаа Цой – У вантан бүх ван ноёд, жанжид, сайдууд зэрэг эрхтэн дархтнууд болон гурван мянган шилдэг цэргээ дагуулан Кучжу цайзын зүг хөдөлжээ. Цайзынхан их вангаа урамгүйхэн угтлаа. Монгол цэргүүдийг буцсаны хойно тэдний өнөөх дайны сүр хүчин, омог төгөлдөр нь салхины замд өртсөн чандар мэт ор мөргүй хийсэн алга болж, бүслэлтийн туршид хэмжээлэшгүй ихээр туйлдан ядарцгааснаа сая л мэдэрцгээжээ. Цайзынхаа хаалга үүдийг ч сахин хамгаалсангүй. Бүгдээр дуугаа хураан дүнсийцгээж байв. Монгол цэргүүдийн гэнэт тийнхүү одсоныг цэргийн ов мэх биз хэмээн эргэлзэх ч хүн гарсангүй.Цой – У ванг Пак Со цайзынхаа төв дэх талбайн голд зэр зэвсэг ч үгүй нөмгөн угтав. Ард нь Пак Со-гийн чин зүтгэлт эрс болох Кён Сон, Чок Он нар зогсоно. Пак Со эзэн вангийнхаа өмнөөс уй гуниг дүүрэн нүдээр хараад тэргүүн гудайн хүндэтгэв. Харин Цой – У –гийн омог хилэн нэн их байлаа. Тэр даруйд Пак Со болон бусад цэргийн ноёдыг баривчлуулав. Тэгээд Пак Сог төвөггүйгээр буулган авсан төдийгүй түүнийг цаазлан түмний өмнө гэсгээхээр зэхэж байгаагаа Саритай хорчид мэдэгдэхээр элчийг довтолгоод, мөнөөх төв талбайд цаазын индэр босгууллаа. Цайзынхан эзэн вангийнхээ энэ мэт үйлдлийг үл ойлгож, гагцхүү ядарч, цөхөрсөн нүдээр алмайран ширтэцгээнэ. Саритай хорчийн Кэгёноос Кучжу цайзын зүг нэн яаравчлан довтолгосны учир энэ бөлгөө. Хорчи агшинд ч сааталгүй нисэх мэт довтолгосоор цайзын хаалгаар хийсгэн орж очиход мөнөөхөн талбайд хэдийнэ цаазын ажиллагаа эхэлсэн байлаа. Цой У вантан цайзынхан болон хавь ойрын тосгод хот балгадынхныг тэрсүүдийг цээрлүүлэх явдлыг харуулахаар цуглуулсан нь талбайг дүүргэжээ. Талбайн голд цаазын тавцанг өндөрт засаад эргэн тойронд шилдэг цэргээ гурван давхар эгнүүлэн зогсоосон нь сүрлэг. Тавцангийн нэгэн этгээдэд Кён Сон, Чок Он*(14) нарын толгойгүй болсон эрэлхэг чийрэг биес гэмээ ихэд хүлцэн наминчилсан мэт гулдайн хэвтэцгээнэ. Гар хүлэгтэй Пак Со зандалчны өмнө өвдөг сөхрөн суусан ч хатан чийрэг нуруу нь чивчиртэл татсан хөгжмийн чавхдас мэт цэх, сормуусан дороос очтон гялалзах харц нь чанх уригш ширтэх авч хараа тогтсон нь үгүй. Пак Со-гийн журамт цэрэг эрс нь жанжныхаа эцсийн мөчийг чимээгүйхэн харцгааж байв. Цой – У вантан өндөр дуугаар түүний ял зэмийг дуудаж байх агшинд агсам хангал хилэн хар азарга унаж, час улаан нөмрөг хийсгэсэн Саритай хорчи цугласан олныг ханаруулсаар талбайн гол руу гарч ирэв. Хорчийг гэнэтхэн ийнхүү ирнэ хэмээн санаа ч үгүй вангийн царай хувьсхийсэн авч түүний өмнө дарагдашгүй тэрсүүдийг дарсан гавьяатай гэдгээ сэтгэн санав. Гэвч Хорчи юунд ингэж яаравчлан ирнэв?? Саритай хорчийг харсан Пак Со-гийн уур хилэн давирхай цацан гал оруулсан монгол цэргийн цамхаг мэт дүрэлзэн асав. Үхлийг минь харах гэж ийнхүү яаравчилсан дайсныхаа өмнө үхлийн муугаар үхэж дээ хэмээн бодоод ихэд гутрав. Тэгээд Пак Со Саритай хорчийг тогтоон харлаа. Идэрмэг залуухан Хорчийн царай чигч шударгуу шинжтэй. Сайхан хар нүд нь хар хоргүйг илтгэнэ. Хэдий өстөн дайсан ч жавхаалаг сайн эр ажээ. Хулчгар тогтворгүй, өөрийн ухаан бодолгүй Цой – У - гийн зандалчны сүхэнд тасчуулсанаас энэ цоглог эрийн илдэнд сүлбүүлсэн бол арай ч дээр үхэл байхсан. Гэвч эр зоригтой байсных нь, чин үнэнч шударгуу зүтгэснийх нь шан энэ ажээ. Хувь заяа Пак Со-д талгүй байна. Тэрээр ингэж бодов. Цугласан олон ч Хорчийн сүр хүчнээс эмээв. Хорчи цаазийн тавцан дээр морьтойгоо үсэрхийлэн гараад Цой – У вантны зүг гар сунган “Цой – У чи юуны тулд энэ эрэлхэг баатар эрсийн голыг самнанам билээ. Чамд чин үнэнч байсных нь төлөө юу? Эр зоригтой байсных нь төлөө юу?” хэмээн тасхийтэл тулган асуув. Хорчийн дуун аянга мэт агаад цайзаар дүүрэн цуурайлав. Цой – У ванд хариу үг байсангүй. Аянгын нүргээний дараа нам гүм болдгын адил цайз даяар нам гүм болов. Гагцхүү шинэхэн цусны аагтай үнэр авсан батганын дүнгэнэх сонстоно. Цой – У биеэ ихэд барьж, хоолойгоо шахаад “Сүр хүчит Хорчи таны .... э ... ээ ... ээс ...” хэмээн ээрэн гацав. Цааш хэлэх гэсэн үг нь түүний хоолойг давсангүй. Саритай хорчи “Бүгдээр сонсоцгоо. Бүгдээр мэдэцгээ. Үнэнч албатаа эзэн нь үрийн үрдээ дуурсган хэлж өгсүгэй. Чин журамт эрсийн зүтгэлийг чин сэтгэлээр тоссугай. Эс тэгвээс хүний ёсон тоос болон замхармуй”. Хорчийн зарлигийг сонсоод ард түмэн бүгдээр намрын хуйд дайрагдсан тариан түрүү мэт ханаран сөхөрцгөөв. Хорчи Цой – У –д хандан “Пак Согийн илдэнд олон зоригт эрс минь сүлбүүлсэн. Пак Со эзэн ван Цой – У – даа үнэнч билээ. Ийм үнэнч эрс мөнх тэнгэрийн дор эрж хайвч ховор. Ийм албаттай эзэн их эзэн байж чадна. Харин Цой – У чамд тийм гавьяа алга. Чамд чин зүтгэл таарахгүй аж. Тиймд чи Пак Со-гийн амийг хөнөөх нь хувь заяаны зарлигийн зөрчиж, тэнгэрийн хилэнг төрүүлнэ” гэв. Тэгээд цугласан олонд хандаж “Пак Со-гийн алдар гавьяаг үеийн үед дуурсган түгээсүгэй” гэлээ. Түмэн олон нэгэн дуугаар “Түгээсүгэй, Пак Со-гийн алдар бадартугай” *(15) хэмээн цайз дүүрэн түрхэрэн дагав. Тйинхүү бүгдээр Саритай хорчийг өстөн дайсан нь бус эзэн ноёнтон нь гэдгийг мэдэрчээ.Пак Со-гийн баруун нүднээс нэгэн том дусал гарч, ихийг туулсныг гэрчлэх зовхиных нь гүн үрчлээн дээгүүр торолгүй бөмбөрсөөр сөрвөгөр оочных нь үзүүрт очин тогтчихов. Дээш харваас намар цагийн өндөр хөх тэнгэр амгалан агаад дүнсгэр. Пак Со өөрийн эрхгүй “Ээ, Мөнх хөх тэнгэр минь” хэмээн шивнэжээ.*(16)Их хаан Өгөөдэйн хорчи Саритай, Солонгосын ард түмний домогт эр Пак Со хоёрын нөхөрлөсөн түүх энэ бүлгээ.
Б.Номинчимэд 2002-09-24


Тайлбар
- Саритай хорчи *(1) - Монголын их хаан Өгөөдэйн Гуулин улсыг дайлах цэргийн жанжин. Тэрээр 1231 оны 9 сарын эхээр Гуулин улсад цөмөрч 5 сар гаруйхан хугацаанд тус улсын байлдан дагуулжээ. Солонгосын сурвалж бичгүүдэд түүний цолыг Са Ли Тай буюу “Саадаг” хэмээн тэмдэглэжээ

- Гуулин улс*(2) - XII зууны үед монголчууд өнөөгийн Солонгос улсыг ийн нэрлэж байв

- Цой У*(3) - Гуулин улсын ван 1229 - 1235 онуудад тус улсын эзэн ван байв.,

- Кэгён*(4) - Гуулин улсын нийслэл

- Кучжу*(5) - Одоогийн Кэсон хот

- Итгэлийг гутааж, элчийг удаа дараа хөнөөн талсан*(6) - Монголын их хаан Өгөөдэйгээс Гуулин улсад илгээсэн элч Чхак Ко Ё учир битүүлэг шалтгаанаар алагдсан байна.

- пёнмаса*(7) - Тухайн үеийн Солонгосын цэргийн түшмэлийн албан тушаал

- Пак Со*(8) - Солонгосын ард түмний дунд домог болсон баатар эр.

- Хамчинсан*(9) - Одоогийн Ыйчжоу хот

- Бок Вон, Ким Ган, Сун Чхан*(10) - 1231 оны 10 дугаар сард Гуулин улсын цэргийн жанжид, нөлөө бүхий томоохон ноёд болох эдгээр хүмүүс монголын цэрэгт огтхон ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр цэрэг армийн хамт бууж өгчээ.

- Хүчүлүг*(11) - Найманы хаан Таяны хүү.

- Желал – Ад - Дин*(12) - Хорезмийн шахын хүү, монголчуудын түрэмгийллийн эсрэг хамгийн шаргуу тэмцсэн домогт эр болой.

- Мелик - Төмөр*(13) - Ортарын эзэн ноён энэ хүн монголын армид анх удаа хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн юм.

- Кён Сон, Чок Он*(14) - Пак Согийн цэргийн ноёд. Тэр цагт Кён Сон Чончжугийн, Чок Он нь Сон Сакчжугийн цэргийг толгойлж байжээ

.- “Түгээсүгэй, Пак Со-гийн алдар бадартугай” *(15) - Монголчуудын байлдан дагууллын үед Кучжу цайзад үнэхээр ийм нэгэн явдал болсон агаад энэ тухай Солонгосын түүхийн сурвалжуудад нэн тодорхой тэмдэглэсэн байна.

- Пак Со өөрийн эрхгүй “Ээ, Мөнх хөх тэнгэр минь” хэмээн шивнэжээ.*(16) – XIII зуунд Монголчууд дэлхий дахиныг хүчин чадал, эрх сүрээр дагуулан номхотгож билээ. Үүний учир шалтгааныг олон түүхчид тухайн үеийн монгол үндэстний сэргэн мандалт, хүчин чадал, Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын цэрэг дайны урлагын гойд чадвар гэх зэрэг олон зүйлийг тоочдог. Тэр ч бүү хэл тооны олонд дулдуйдсан хэмээн үздэг нь бий. Гэвч нэгэн чухал учир шалтгааныг орхигдуулсаар байгаа мэт санагдана. Энэ нь цог золбоо, өөрөөр хэлбэл сэргэн мандлын уг шалтгаан болсон үй олон түмэн, янз бүрийн үндэстэн ардын сэтгэлийг дагуулан татах чин шударгад баттай суурилсан ертөнцийг үзэх үзэлд байсан болов уу. Сэтгэлийн уг мөн чанарт нэвтэрвээс тэр нь мөнхүү чанар, туйлийн итгэл болж, хэнийг ч сөгтгөн, юуг ч даван туулах шидийг өгдөг ажээ

- ХҮННҮГИЙН МОДОН ЦУУР


Амбан захирагч хөлөө гурвантаа сэлгэв. Хотын захаас хөдөө тийш гардаг замын эхэн болох хуучин цагийн чулуун гүүрэн дээр тэрээр үүр цайхаас өмнө ирж зогссон бөлгөө. Дэргэд нь улаан хажлага бүхий цацагт хуараар чимсэн гоёмсог сүйх тэрэг бэлнээ бөгөөд шадар аягач нь өглөөний цайгаа уухыг сануулсан ч тэрээр гүүрний чанадаас ирэх холхи замын үзүүрийг сэтгэл догдлон ширтсээр байлаа. Учир нь тэр замаар аль эртнээс нааш хүслэн болсон номын их арш ирэх учиртай. Өглөө үүр цайх үест чулуун гүүрний эсрэг талын үзүүрийн дэнлүүний гэрэл сүүмийх төдий харагдаж байсан манан аль хэдийнэ шингэрч, уг гүүр лүү ирэх замын үзүүр намар цагийн шаргал зэгсэн дундаас тодхон харагдах болоод байв. Ратнаманьти* аршийг Лоян хотноо байх Ашид амгалан сүмээсээ гадагшилж Жияньд очиж номын буян хурах болсоныг дуулаад замдаа үл ялиг саатан манай хотоор дайраад гарахгүй юу хэмээн Циму захирагч** элчийг илгээсэнд арш нааштай хариу өгчээ. Циму захирагч өмнө нь аршийн номыг сонсохоор Ашид Амгалан сүмд гурвантаа очиж байсансан. Энэ удаад умар, өмнийн таван өнгийн улс даяар нэр нь дуурссан тэр их арш мужийнх нь төвөөр дайран түүний өргөөнөө түр ч болов саатах нь захирагчийн хувьд нэгэн наснаа ховорхон тохиох хувьтай явдал аргагүй мөн билээ. Мужийн олон түмний дунд ч захирагчийн нэр үлэмж өсөхсөн. Циму захирагчийг удахгүй болох үйл явдлын тухай сайхан мөрөөдөлд умбан зогстол шадар нь замын үзүүрт бараа харагдлаа гэв. Аршийн ирэх учиртай Лояны замаар бус, гүүрний баруунаас ирэх Жидэний замын үзүүрт нэгэн морьтны бүдэгхэн дүрс гарч ирсэн байв. Удалгүй тэрх морьтны дүрс тодорсоор өмссөн хувцасных нь өнгө ялгарах болов. Бараан морьтой, бараан хувцастай, бараан царайтай хүн гэлдрүүлсээр ирж явав. Энэ үест Лояны зам дээр бас нэгэн дүрс гарч ирлээ. Өглөөний нарнаа хурц тод шаргал өнгө гялалзахад чулуун гүүрэн дээр зогссон бүгдээр баярлалдан шуугилдлаа. Циму захирагч энэ эртний гүүрэн дээр номын их аршийг тосдог нь бас ч цаанаа бэлгийн учиртай. Эрт цагт энэхүү гүүрэн дээр Тангийн их шүлэгч Ли овогтон, Ван овогтон, Дү овогтон нар учралдан золголдож, голын усны толигор мандлыг ширтэн, хулс зэгсний шуранхайн дундуур хааяа нэг мэлхийн бүгтхэн вааглахыг сонсон, тэрхүү бяцхан голын ус шиг их дарсыг уун өнжин хонон шүлэг дуудан суудаг байсан гэдэг. Лояны замаар ирж яваа дүрс их л хурдан ойртов. Луус унасан нэг бус хоёр хүн байлаа. Ратнаманьти багштан дэргэдээсээ үл салгах залуу хуврагаа дагуулан яваа нь лавтай. Гэтэл нэгэн гэгэлзүүр аялгуу зэгсний үл мэдэгхэн шуугиан дундаас тодхон ялгарч сонсогдов. Энэ аялгуу бол зөвхөн Хүннүгийн модон цуурнаас л гарах аялгуу билээ. Захирагчийн баясгалант царайд унтууцаж жихүүцсэн шинж илэрхий болов. Жидэний замаар ирж яваа бараан морьтой, бараан хувцастай, бараан царайтай хүн бол долоо хоногийн өмнө умраас ирж, тэдний хотоор дайран өнгөрсөн хөдсөн дээлтэй хар царайтай Хүннү хүн байв. Тэрээр морин дээрээ бөөвийн суугаад чулуун гүүрний цаана ямар улс юуг хүлээн зогсоог ч үл анзааран гагцхүү цуурынхаа аялгуунд ихэд автан үл ялиг ганхан явлаа. Морь нь ч тэрхүү аялгуунд автсан мэт нүдээ анин, аяар зөөлөн гэлдэрнэ. Яаравчлан ирж явсан арш ламтан тэрхүү цуурын аялгууг сонсов бололтой гэнэтхэн явдлаа саан нөгөөх бараан морьтон луу ихэд саравчлан харав. Тэгснээ гүүрийн цаана хоёр замын уулзах бэлчирт ирээд нөгөөх бараан царайт Хүннү хүнийг хүлээн зогсчихов. Циму захирагчийн цухал хүрч, яах учраа олохыг болив. Өөрийнх нь урилга заллагаар ирж явсан арштан түүнийг хотынхоо захад, хуучны түүхт гүүрэн дээр их л ёс хүндэтгэлтэйгээр хүлээн зогссохыг харсаар, мэдсээр атал юунд тэрхүү ичгүүргүй зэрлэг Хүннү хүнийг тосон зогснов. Энэ зэрлэг хүнээс болж ёсоо алдах гэж үү. Аршийг зогссоноороо зогсоод хүлээх үү, эсвэл түүнийг хүннү хүнтэй уулзахаас нь өмнө тосон очиж амар мэндийг мэдэх үү. Одоо яах билээ. Циму захирагч хэсэг эргэлзсэнээ басчхүү мужийн амбан захирагч тул хүлээн зогсох нь дээр юм гэж шийдэв. Арштан лууснаасаа буун явгалаад нөгөөх зэрлэг хүнийг угтан очиж тун ч дотносон золголдов. Бие биесийг гүнээ хүндэтгэн мэхийцгээж, халуун дотноор тэврэлдэхийг хараад гүүрийн нөгөө этгээдэд байсан улс бүгдээр гайхан алмайрав. Циму захирагчид энэ явдал их доромж санагдан цухлыг улам нэмэв. Гэвч тэрээр аршийг хүлээн авахад ёс алдах вий хэмээн биеэ ихэд барьж байлаа. Тэр хоёр зэрэгцээд гүүрээр тэдний өмнөөс ирж явав. Хүндлэл, бишрэлийн дээд болсон номын Их арштан нэхий дээл өмсөж, өмхий ханхлуулсан умард талын зэрлэг нүүдэлчинтэй эн зэрэгцээд ирж явна гэдэг Циму захирагчид байж болшгүй явдал мэт санагдана. Үүнээс хойш, түүнээс цааш Ляодуны хойгийг бүхэлд нь эрхшээсэн мужийнхаа нутаг дэвсгэр дээгүүр Умард талын зэрлэг нүүдэлчдээс нэгийг ч өнгөрөөхгүй юм шүү хэмээн дотроо хатуу бат бодов. Циму захирагч хоёр бараа бологчоо дагуулан гүүрийн наад үзүүр дээр аршийг тосон золгож, гүнээ хүндэтгэн амар мэндийг асуухад арш Ратнаманьти их хөл хүндлэл болон тосч буйг нь үл анзаарсан мэт өмнөөс нь ёс төдий мэндлээд дэргэдэх зэрлэг хүндээ харийн хэлээр ямар нэгнийг тайлбарлан хэлэв. Захирагчийг нүднийхээ булангаар зэрлэг хүнийг харахад тэр зэрлэг хүн номын их багштай мөр зэрэгцэн яваадаа ер сэтгэл төвдсөнгүй, харин ч харц тэнүүн, царай амгалан байх аж. “Талын зэрлэг хүн эрдэм номыг яахан үнэлж, цэгнэж мэдэх билээ. Зэрэг дэвийн тухайд бүүр ч ярилтгүй. Эдэнд идэх хоол, алах амьтан, унах морь, хурьцах эмс л байвал боллоо. Эгэлгүй их номын арштай зэрэгцэн алхаж яваагаа энэ зэрлэг яахан мэднэ, мэдээд ч яанам” хэмээн захирагч дотроо нэн бухимдан, бас, харамсан бодов. Тэрх зэрлэг эр намар эртний бөгчим халуунд нэхий дээл өмсөж, юүдэн малгайных нь дороос сүлжсэн бүдүүн хар гэзэг нь хайвагнан алхах тоолонгоор савчих ба ширэн богц ганзаглаж, ширэн хавтага бүсэндээ хавчуулсан тэр хүний чухам хэдий хэрийн настайг нь ялган тогтооход бэрхтэй. Гүжир, бяртай хүнд л байдаг төвгөр шанаа, түүшингээр нь зурайх Хатан голын гуу жалга мэт гүн үрчлээс, хүгдгэр нуруу нь өтгөн хар хөмсгөн дороос гялалзах залуу цоглог харц, бүсгүй хүнийх шиг уран цэвэрхэн гар сэлттэй үл зохилдоно. Захирагч аршийг урилга хүсэлтийг хүлээн авч хүрэлцэн ирсэнийг тэнгэрийн ерөөл хишиг лугаа адилаар хүлээн авч байгаагаа хэлээд өргөөндөө морилон очихыг урилаа. Гэтэл арш намайг ингэж ихээр хүндлэхийн хэрэггүйсэн. Тэр дундаа энэ хүний дэргэд хэмээн дэргэдэх зэрлэг хүнээ заав. Тэгээд арш ёс төртэй угтсанд талархснаа хэлээд энэ эрхэм хүнтэй хамтдаа нэгэн сэлүүн шөнийг өнгөрүүлэх захын дэн буудал зааж өгнө үү хэмээн хүслээ. Ратнаманьти аршийн хүслээс хэрхэн зөрөх билээ. Замын гай болсон өнөөх зэрлэг хүнд уурласан уур хилэн нэн их. Цээжин дотор асах хилэнгийн дөлийг даран ядан байж хотноо байх хамгийн тохилог дэн буудалд хүргэж өглөө. Замын туршид эн тэнцүүргүй хоёр ямархан нэгнийг шимтэн хэлцэж, дэргэд нь яваа мужийн амбан захирагчийг өчүүхэн төдийд ч анхаарсангүй. Гоёж чимсэн сүйх тэрэгний ч хэрэгцээ гарсангүй. Зүй нь түүний оронд захирагчтан Аршийн дэргэд мөр зэрэгцэн хотынхоо төв гудмаар тайвуухан алхалсаар дөрвөн оны өмнө хичээнгүйлэн бариулсан гурван давхар асарт өргөөндөө очих учиртайсан. Дэн буудлын эзэн Дэй овогт бүдүүн шалхагар эр амбан захирагчтай хамт ирсэн номын их аршийг хөл алдан угтаад, харин энэ мэтийн талын зэрлэг хүнийг бид хүлээн авдаггүй билээ хэмээн аршаас хүлцэл өчин шуудхан хэлчихэв. Нөгөөх умардын зэрлэг хүн ч, арштан ч аль аль нь үүнд өчүүхэн ч гайхсан шинжгүйгээр тэгвэл бидэн голын хөвөөнөө, тэнгэрийн дор сартай ханьсан нэгэн мөчийг өнгөрөөсү гэлээ. Захирагчтан ч, түүний бараа бологч шадрууд ч, Дэй овогт эр ч бүгдээр эг маггүй гайхан таг болчихов. Захирагчтан Та юунд ийн хэлнэ билээ. Манай гэрт та бүхэн дураар морилогтун, болгоогтун гэлээ. Очиж, очиж ийм харийн зэрлэг хүнийг босгоор давуулах гэж, өнөөдөр юутай хувь тохиолтой өдөр байх атал юутай хувь тохиолгүй өдөр болно билээ хэмээн дотроо гаслан бодов. Арштан бидэн хамтдаа байвал хаана ч ялгаа юун гэв. Арштаныг нөгөөх хүний хамт хүндэтгэн засаж бэлдсэн өрөөндөө оруулан зоог барив. Уг өрөө нь ихэс ноёдыг хүлээн авахад зориулан засуулсан, өндөр хүнхэр таазтай, зүүнээ лянхуа цэцэгст бяцхан цөөрөмтэй, баруунаа түмэн наст хүрэн чавгын мододтой билээ. Харин Циму захирагч гэр бүлийнхнийхнээ арштанд золгуулж, хүндэтгэл үзүүлсэнгүй. Тэрхүү зэрлэг хүнийг өргөөнийхөө босгыг алхуулснаар барахгүй зэрэгцэн зоог барьж буй нь хэрхэвч багадахгүй. Зоогийн үеэр ч, дараа ч Ратнаманьти арштан Циму захирагчтай ёс төдий хэдэн үгийг хэлцээд зөвхөн умардын хүнтэй л харь хэлээр шимтэн ярилцах учир тэднийг зөнгөөр нь орхив. Оройн зоогны дараа мөн тийм байсанд захирагч урамгүйхэн тэднийг орхив. Гэтэл маргааш өглөө нь ч, өдөр нь, үдэш нь ч мөн л адилаар тэд ямархан нэгнийг шимтэн, нэгэн үе ихэд инээн, нэгэн үе гүнээ бодлогошрон, алга хавсран ярьсаар бүхнийг умартсан мэт байлаа. Уг нь арштан тэр өдөртөө л замд гарна гэсэнсэн. Дахин нэгэн өглөөг тийм байдлаар үзэхэд захирагчтаны тэсгэл алдрав. Хэрвээ энэ байдлыг мужийнх нь иргэд мэдвэл нэгэн насанд ч баршгүй шившиг билээ. Хоёрдахь өдрийн өглөө дэмий л тэдний харь хэлээр ярихыг сонсон суусан Циму захирагч арштаныг замдаа гарахаар болсоныг мэдээд нэгэн завшааныг ашиглан арштанд ийн хэлэв.“Та одоо болтол умар зүгийн араатан зүрхтэй, хүн нүүртэнтэй ихийг хүүрнэсэн атал надтай үг ярихгүй, яагаад ингэж байна билээ?” Арш ламтан түүнийг ихэд тогтоон хараад “Эрхэм захирагч та түүнийг бүү басамжлагтун. Түмэн хуйлаас ном уншсан ч түүнийг давамгүй” гэв. Тэсгэлийн тэлээ нэгэнт алдарсан Циму захирагч хариуд нь “Түүний чаддаг юм гэвэл бөх барилдах, морь харах, нум харвах л биз ээ” гэхэд “Түшмэл та өөрөө юу мэдэхсэн бол” хэмээн арш харин ч ёжлонгүйгаар хариу асуув. Захирагчтан хорин жилийн туршид хичээнгүйлэн суралцсанаа дурсаад “Би бол уулын өндөр, усны гүнг хэмжихгүйгээр тодорхойлж чадна” гэжээ. Ратнаманьти арш ихэд инээгээд “Энэ бол эрхэм хүний чаддагийн дэргэд хүүхдийн зугаа шиг л юм даа” гэлээ. Тэгээд саравчны цаана сүглийн байх хөгшин чавганы модыг зааж, “Энэ чавганы модны чавганы үрийн тоог бодож олж чадах уу?” гэв. Гурван давхар сэрүүвчтэй нь эн зэрэгцэн ургасан уг модны мөчир бүрт түм буман боловсорсон чавга хүрэнтэн байх ажээ. Циму захирагч чадахгүй хэмээн үнэнээ өчив. “Чиний зэрлэг хүн хэмээж буй энэ хүн чавганы тоог төвөггүйгээр бодож чадна даа” гэхэд захирагч “Хэрвээ нэг ч үрийн зөрөөгүйгээр бодож чадвал би...” хэмээн ээрснээ чавганы модны дор байсан үзэмжит сүйх тэргээ зааж “тэрхүү сүйхийг мөрийд нь тавья. Харин энэ хүн алдвал дахиж манай нутгаар бүү үзэгдэг” гэв. Арштан зэрлэг хүнтэй хэдэн үг хэлцэхэд тэр хүний царайд өчүүхэн ч хувирал гарсангүй, үзүүрт нь цагаан сувд хэлхсэн таван өнгийн утастай, дэнсний нуруу шиг юмыг бүсэн дэх ширэн хавтагнаасаа гаргаж ирээд уг модны дэргэд очиж, модны суурийг дээрээс нь доош нь, хажуу тийш нь хэмжин удтал тойрон харж байгаад арштанд нэгийг хэлэв. Арш түүнийг орчуулан хэлсэн нь “Энэ модонд нэг түм, хоёр мянга, зургаан зуун наян гурван чавганы үр байгаа ба нэг мянга гурван зуун жаран хоёр нь болоод модондоо хатсан, далан гурав нь дутуу шүүрхий байна” гэв. Захирагчтаны хөх инээд хүрэв. Тэр ч бүү хэл арш ламтаныг нэг л итгэлгүйгээр хараад авав. Тэгээд тэр дор нь арван шилдэг зарцаа дуудан ирүүлж, модоод авируулан жимс нэг бүрийг ширхэгчлэн буулгаж сагсанд хийхийг тушаалаа. Намрын шар наран дор өдөржин арш, захирагч хоёр хэдэн сийрсэн сагстай чавганы дунд энэ болсон, энэ хатсан хэмээн нааш цааш нь ялган, тоолж өнжив. Тэднийг ингэж хөл болж байхад Хүннү хүн нэгэн хөгшин туулайн бөөр модны сүүдэрт тухлаад өнөөх модон цуураараа ямар нэгэн уй гунигтай, үргэлжилсэн аялгууг гингэнүүлсээр өнжив. Тийн суухдаа хорвоогоос аль хэдийнэ холдон одсон хүний шинжтэй байх ажээ. Оройн наран шингэхэд захирагч өнөөх зэрлэг хүний хэлсэн нь нааш ч үгүй, цааш ч үгүй яг таарч байгааг үзээд номын их багшийн өмнө гүнээ мэхийн хүндэтгэхэд арштан “Чи надад бус энэ хүнд мэхийн ёсолбол зүй ёсонд нийцэхсэн. Би эрдмийг сурсан бол харин энэ хүн буй бүхнээрээ эрдэм юм аа” гэжээ. Тэд тэр оройгоо явцгаав. Умард талын зэрлэг хүн мөрийдөө авсан захирагчтаны хааяа нэг нийслэл хотноо морилохдоо хөлөглөдөг сүйх тэргийг Арш ламын хоёр луусанд хөллөж өгөөд өөрөө өнөөх бараан морио унан юу ч хэлэлгүйгээр умар зүгтээ гэлдрүүлсээр явчихав. Түүнийг далд орон ортол арштан харж зогслоо. Тэгээд ламтан Циму захирагч руу харан нэг санаа алдсанаа хос луусанд хөллөсөн гоёмсог сүйхэнд суугаад нийслэл ордог замаар цацаг хуарийг нь намируулан хийсгэсээр тоос татуулан давхичихав. Элдэв ёс төр ч болсонгүй. Тэр цагаас хойш Циму захирагчыг умард зүгт харахаар л өнөөх модон цуурны аялгуу чихэнд нь сонсогдох шиг болдог болсон бөлгөө. ***

Б.Номинчимэд 2002.09.09

* - Ратнаманьти буюу Ленаманьти нь 508 онд Хятадад ирж бурхны шашны судар орчуулж байсан Энэтхэгийн лам. Тэрээр энэтхэгийн таван ухаан, урлахуйн онолд гүнээ нэвтэрсэн хүн хэмээгдэж байлаа. Энэтхэгийн таван ухаан гэдэг нь 1/ дуун ухаан (шабдавидья) буюу хэлзүй, 2/ учир шалтгааны ухаан (хэтувидья) буюу логик, 3/ дотоод ухаан (адхьятмавидья) буюу гүн ухаан, 4/ тэжээхүй ухаан (чикитсавидья) буюу анагаах ухаан, 5/ урлахуй ухаан (шилпакарстханавидья) буюу урлаг, математик юм.Ратнаманьти нэгэн үе Табгачийн Вэй улсын Лоян хотын Ашид амгалан сүмд сууж, номын буян хурж байв.


**- Вэй улсын Синь Чжоу мужийн захирагч Циму Хуайвэнь хэмээгдэх нэгэн хятад эр эрдэмт лам Ратнаманьтитай үг хэлэлцэхийг ихэд хичээдэг байжээ.


***-Манай тооллын 508 оны долоодугаар сард Дундад Хятадын Чжоу хотноо ийм нэгэн явдал үнэхээр болжээ. Үүнийг эртний Вей улсын түүх судруудад дэлгэрэнгүй тэмдэглэснийг их эрдэмтэн Г.Сүхбаатар агсан бидэнд уламжлан үлдээсэн байна. Тухайн үед умард талын нүүдэлчдийн дотор ном эрдэмд төгс боловсорсон нь цөөнгүй байсан ба тэдний зарим нь энэтхэгийн эрдэмтэй лам нарт ихэд тоогдож байсны нэг жишээ энэ юм.