Wednesday, June 30, 2010

7 сарын нэгэн, нэг асуулт, нэг сануулга

Нэг: Сонгуулийн луйврын хэргийг яах гэж байна вэ?

7 сарын нэгний хэрэг явдлыг хоёр жилийн турш шүүн хэлэлцлээ. Тусгай комисс байгуулан, УИХ-аар ч хэлэлцүүлж, төрийнхөө ордонд нээлттэй хэлэлцүүлэг ч өрнүүллээ. Хууль зөрчсөн олон үйлдлүүдийг нэг бүрчлэн хэлэлцэж байх шиг байна. Буудсан цагдааг шалгаж, ард иргэд рүү буудах тушаал өгсөн эсэхийн нягталж, хулгай, дээрэм хийсэн, төрийн цагдааг зодож бэртээсэн, галдан шатаасан нөхдүүдийг яллаж, бас өршөөж ч байх шиг. Хийсэн хэрэг нь тодорхой, баримт нотолгоо хангалттай учир эдгээр хэргүүд хэзээ нэгэн цагт үнэн зөвөөрөө шударга шүүхээр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Зарим улс төрчид энэ золгүй өдрийг рейтингээ өсгөх сайхан боломж хэмээн харж, бас зарим нь эсрэг хүчнээ намнах нэг арга хэрэгсэл болгох гэж оролдож буй олхиогүй хандлага ч ажиглагдаж байна.

Харин энэ хоёр жилд нэг л зүйл, бүр хамгийн гол гогцоо байж болох нэг зүйлийг Монголын шүүх, улс төрчид санаатайгаар ор тас орхигдуулсаар ирэв.

7 сарын нэгний хэрэг явдал зүгээр нэг хар аяндаа өрнөөгүй билээ.
2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг будлиантай, хууль бус болсон, луйвардсан гэсэн үндэслэлээр уг жагсаал цуглааныг эхлүүлсэн. Сонгууль будлиантай болж, дүнг нь МАХН луйвардчихлаа гэдгийг тухайн үед олонх болж чадаагүй АН-ын лидер, өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай, Б.Лхагважав зэрэг сонгуульд ялагдсан олон хүн ТВ-ээр ярьж, сонин хэвлэлүүдээр мэдэгдэж, жагсаал цуглаан дээр чангаар зарлан, баримт нотолгоо гэх зүйлсийг үзүүлж харуулж, луйвраар сонгуульд ялсан МАХН-ыг “тахимаа өгөх”, тарахыг шаардаж, устгаж сөнөөхийг уриалж байсан билээ. Тэр үеийн ТВ-ийн бичлэгүүд, сонин хэвлэлүүдийн хуудаснаа тэдний хэлж ярьж байсан үгс баларчихаагүй байж л байгаа.

Гэтэл энэ хоёр жилийн хугацаанд бусад олон асуудлыг шүүн хэлэлцсэн атлаа энэхүү сонгууль луйвардсан гэдэг асуудлыг ямагт тойрч давхиад байсан байх юм. Яагаад тэр вэ?

Үнэхээр МАХН сонгууль луйвардсан юм бол хамгийн түрүүнд үүнийг шалгаж тогтоох ёстой. Хаанахын, хэний аль тойрог дээр, хэдэн саналыг хэрхэн яаж луйвардсаныг нэг бүрчлэн тогтоож, эзнийг нь олох хэрэгтэй. Тэр хүн буудсан цагдаа, чоно борооноор гэгчээр үймээн ашиглаж хулгай дээрэм хийсэн этгээдүүдийн хэргийг шийдэхээс өмнө энэхүү сонгууль будлиантуулсан, луйвардсан нөхдүүдийн хэргийг шийдэж, зохих хариуцлага, шийтгэлийг нь өгөх учиртай.
Луйвраар сонгуульд ялсан эрхэм гишүүдийг эргүүлэн татаж, хуулийн хариуцлага хүлээлгэж, тэр сонгуулийн дүнг будлиантуулахад оролцсон, сонгуулийн хэсгийн хорооны болон бусад ажилтнуудад зохих ял шийтгэлийг нь оноож, тэднийг дахиж хэзээ ч төрийн ажил хийх эрхгүйгээр шийтгэх байсан. Тэр ч бүү хэл МАХН, тус намын сонгуулийн штаб нь сонгууль луйвардахыг мэдсээр байж хориглоогүй бол, дэмжсэн бол, зохион байгуулалтайгаар хийсэн бол, энэ бүхэн нь шалгагдаж тогтоогдох юм бол МАХН-ыг хуулиар хориглож, тараах хүртэл арга хэмжээ авах шаардлагатай. Тэгэж байж бид шударга ёс байдаг гэдгийг ард түмэндээ үзүүлж, мэдрүүлж чадна. Тэгэж байж бид дараа дараачийн сонгуулийг аливаа будлиангүй хийж чаддаг болж, сонгуулийн үр дүнгээр төр маань цэвэршдэг, төгөлдөршдөг болно.
Гэтэл тэгсэнгүй.
Өнөөдөр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн гарт шүүх эрх мэдэл бүрэн байна. Саяхан Д.Дорлигжав Ерөнхий Прокурор боллоо. Энэ ноцтой хэргийг олж илрүүлэн, олон нийтэд нээлттэй болгох бүрэн боломж тэдэнд бий. Харамсалтай нь энэхүү сонгуулийн луйврийн талаар хэн ч ярьсангүй, тойрч давхисаар хоёр жил болов. Яагаад тэр вэ гэдэг асуудал өнөөдөр маш сонирхолтой байна.

Сонгуулийн луйврыг илрүүлэхэд бэрх, хэцүү байж болох юм. Эсвэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн этгээдүүд, тэдний эзэд шиг 2008 оны УИХ-ын сонгуулийн луйварчид ул мөрөө чадмаг балласан, эсвэл их хэмжээний хахууль, эрх мэдлийн дарамт орсон ч байж болох юм.

Гэвч их бага ямар нэгэн хэмжээгээр энэ хэргийг ярьж, илрүүлэхийг оролдсон идэвх чармайлт өнгөрсөн хоёр жилд хэнээс ч, хаанаас ч огтхон ч гарсангүй. Энэ асуудлыг шалгуулах, магадлах бүрэн эрх мэдэл бүхий Ерөнхийлөгч, Ерөнхий Прокурор зэрэг нөхдүүд хичээхгүй, энэ талаар бүр хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа нь үнэхээр хачирхалтай.

Эндээс логик дүгнэлт хийвэл хоёр зүйл гарч ирж байна.
Нэг нь, МАХН, АН хоёр хоёулаа адилхан луйвар хийсэн учир, бие биедээ нээнтэглээд энэ асуудлыг нам дарж өнгөрөхөөр тохиролцсон болох нь. Хэрвээ энэ үнэн бол 2008 оны сонгууль луйвардсан хэрэг ойрын хэдэн жилдээ илрэхгүй, ард түмэн луйварчидаар толгойлуулсан энэ хоёр том намын тарыг нь таньж, зарим нөхдүүдийн ярьдгаар “түүхийн тавцангаас арилсан”-ы дараа нь уг асуудлыг нөхөн шалгаж, үнэн зөвийг тодруулах оролдлого хийх боломжтой болно. Энэ хоёр нам өнөөдөр үнэмлэхүй хүчтэй байгаа нөхцөлд тэр цаг мөдгүй байх.

Удаад нь, ерөөсөө сонгууль луйвардчихлаа гэдэг нь хий хоосон хардлага, гүжирдлэг, сонгуульд ялагдсан хүмүүсийн хорсол бухимдал, хийрхэл төдий зүйл байсан болох нь. Хэрвээ тийм юм бол тэгэж хийрхэж, олон түмнийг ямар ч үндэслэлгүйгээр турхиран өдөөсөн нэр бүхий улс төрчдийг хамгийн түрүүнд эрүүгийн хариуцлагад татах төдийгүй тэднийг дахиж улс төрд орох эрхгүйгээр таслан шийтгэх ёстой. Үнэхээр шударга ёс гэж байдаг юм бол шүү дээ.

Тэр ч бүү хэл шударга ёсонд итгэл алдарч буй олон түмний бухимдлыг ашиглан, сонгууль луйвардчихлаа гэдэг далбаан дор төрийн эргэлт хийхийг санаархсан зохион байгуулалттай хүчин байсан гэсэн таамаглал ч бий. Үүнийг одоогоор баримттайгаар үгүйсгэсэн нь үгүй. Тухайн үед хүчний байгууллагууд МАХН-ын байрны хамгаалалтад нэг их хүч хаяагүй, харин Төрийн ордон, Сонгуулийн Ерөнхий хороо болон бусад төрийн гол гол обьектуудын хамгаалалтад голлон анхаарч байсан байдаг.
Хэрвээ энэ үнэн бол өнөөдөр Киргиз хямрах биш, харин Киргизүүд хоёр жилийн өмнө хямарсан монголоос сургамж авснаа яриад, тайван амгалан сууж байх байсан болов уу даа. 2008 оны 7 сарын нэгэнд хэрэг явдал даамжирсан бол, төр хяналтаа алдсан бол ямар аймшигт үр дагаварт хүрэх байсныг, тухайн үед нөхцөл байдал иргэний дайны босгонд нэн ойр очсон байсныг өнөөдөр бид Киргизэд болж буй хямралаас л анзаарч, сэхэж, ухаарч байх шиг байна.

2008 оны 7 сарын нэгэнд МАХН-ын гишүүд, ахмадууд, ялангуяа залуус нь намынхаа байрыг шатаалгаж, хараалгаж зүхүүлээд дуугүй хараад суугаад байгаагүй юм. Тэд нэгдэж, хэд хэдэн газар цуглацгааж, шийдвэр төгс байгаагаа илэрхийлж байсан. Гагцхүү удирдлагынхаа хүлээцтэй байхыг сануулсан сануулгад баригдан тэсч байсан. Манай нэртэй нийтлэлч Д.Цэнддоо МАХН-ын гишүүдийг аймхай, өөдгүйгээр дуудаж, хэрвээ АН-ын гишүүд ийм нөхцөлд орвол намынхаа байрны довжоон дээр ясаа тавих байсан юм хэмээн илтэд өдөөн хатгаж, нийгмийг сөргөлдүүлэх, туйлшралд дуудсан нийтлэл ч бичиж байсан. АН-ын хуулийн зөвлөх н.Пүрэвбаатар “МАХН-ыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй” хэмээн С1 ТВ-ээр илтэд уриалж байсан. Яг тэр 7 сарын нэгэнд үйл явдал хурцдахын өмнөхөн шүү дээ.

МАХН 100 гаруй мянган гишүүдтэй, мөн хэдэн зуун мянган дэмжигчидтэй. Үндэсний хэмжээний ийм том намыг тоосго чулуу барьж, гал мэсээр, уур хилэнгээр устган сөнөөх гэдэг нь зөвхөн иргэний дайнаар л шийдэгдэх асуудал юм.

Тэгэхээр МАХН-ыг устгахыг, галдан шатаахыг уриалж байсан хүмүүсийн хувьд тэдний санаатай болон санамсаргүй үйлдэл нь иргэний дайнд хүргэж ч болох байсныг тухайн үед
ойлгож байсан болов уу даа.

Өнөөдөр ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болчихоод сууж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр үед юу гэж хэлж, цамнаж, Төрийн ордонд болсон зөвшилцөх уулзалтаас гарч гүйж, ТВ-ээр мэдэгдэл хийж байлаа даа. Олон хүн мартсан байх, гэвч ард түмэн мартахгүй.

Өнөөдөр буудуулж, амь насаа алдсан болон эрх нь тодорхой хэмжээгээр хохирсон иргэдийн асуудлыг л ярих юм. Тэгвэл жинхэнэ ноцтой нөхцөл байдалд хүргэсэн үйл явдлын учир шалтгааныг яагаад шалгаж тогтоохгүй байна вэ?


Ац асуултыг дахин давтая.
Үнэхээр МАХН 2008 оны УИХ-ын сонгуулийг луйвардсан нь үнэн юм бол яагаад тэр луйврыг илчилж, илрүүлэхийг оролдохгүй, хичээхгүй байна вэ?
Хэрвээ МАХН сонгууль луйвардаагүй нь үнэн юм бол, сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч чадах оюуны бядгүйгээс, эсвэл санаатайгаар нийгмийн бурангуй байдал, шударга бусад бухимдсан олон түмний бухимдал дээр тос нэмэн турхирч, нийгэмд ноцтой хохирол учруулсан үймээн самуун өдөөхөд хүргэсэн нэр бүхий хүмүүстэй яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?


Хоёр: Аймшигт сануулга, дохиог анзаарч байгаа болов уу, дээдсүүд

“Киргизийн сургамж” гэж өнөөдөр хувьсгалч-баатар Э.Бат-Үүлээс эхлээд дээр дооргүй их ч ярих боллоо.
Ярих ч ёстой зүйл. Асуудлыг хүчээр шийдвэрлэх нь, шийдвэрлэх гэж оролдох нь, бие биенээ хүлээн зөвшөөрч, зөвшилцөж чадахгүй байх нь, ойлголцож, харилцаж буулт хийж, хамтарч эвсэж чадахгүй байх нь эцэстээ ямар үр дүнд хүргэдгийг бид өнөөдөр Киргизээс харж, мэдэрч байгаа. Ерөөс хүн төрөлхтний түүхэнд гарч байсан их, бага аливаа хүчирхийлэл бүхэн хариу хүчирхийллээр эцэс төгсгөлгүй өрнөж ирсэн. Хичнээн ариун сайхан зорилго, уриатай байгаад ч ялгаагүй. Францын агуу их хувьсгал ч, Октябрын хувьсгал ч аль аль нь гайхамшигтай сайхан уриан дор хүчирхийлэл хийсэн, ард нь ямар аймшигтай цусан мөр үлдсэнийг бид сайн мэднэ. Цусан өшөө цусан өшөөгөөр тайлагддаггүй, үргэлжилсээр байдаг энэ жамыг бид уг нь аль эрт таниж ухаарсан баймаар. Өнөөдөр Киргизэд үйл явдал өрнөхөөр л сая сэрсэн мэт “нээрээ энэ чинь юу билээ” гэлцэх юм. “Цаас чичихээс, хүн хэлэхээс нааш” гэдэг нь энэ биз.
Өнөөдөр үнэхээр Киргиз гэдэг энэ улсын байдал маш хүндэрлээ. Тусгаар улс байх эсэх нь ч эргэлзээтэй болж ирлээ хэмээн олон улсын ажиглагчид бичиж байна.
Гэхдээ дээр ярьсан хүчээр асуудлыг шийдвэрлэхийн үр уршиг нь Киргизийн гол сургамж биш юм.
Өнөөдөр Монголын нийгэм, ялангуяа эрх баригчдын хувьд Киргизээс авах гол сургамж бол ШУДАРГА ЁС алдарсан газар ямар аймшигтай тэсрэлт, хүчирхийлэл гардаг юм бэ гэдэг асуудал юм. Нийгэмд шударга бус явдал хавтгайрч, авилга гаарч, төр ард иргэдийнхээ итгэлийг алдсан цагт ямар ч ард түмэн байсан ялгаагүй нэг л өдөр хувьсгалч уриа хашгираад босоод ирдэг болохыг, нэгэнт босоод ирсэн цагт хүчирхийлэл хүссэн, эс хүссэн гаардаг болохыг анхаарах учиртай.

7 сарын нэгний үйл явдлын шалтаг нь “Сонгуулийн луйвар” гэх зүйл байсан боловч уг жинхэнэ шалтгаан нь нийгэмд шударга ёс замхарч, хүмүүс цөхөрч, ядуурал хавтгайрч, бухимдал дээд цэгтээ тулаад байгаа явдал юм.

Тэгэхээр манай эрх барьж буй намууд, түүний зүтгэлтнүүд нам дамжиж хуйвалддагаа, эрх мэдлийг хувьчилдагаа, эрх мэдлийг худалддагаа болих хэрэгтэй.
Өнөөдрийн Монголын төрийн олигархжсан, улс төр нь санхүү, бизнесийнхний түрийвчинд шигдчихсэн энэ нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч, гэрэл гэгээтэй ирээдүйгээ харсан бодлоготой явахгүй бол...
Нийгмийн толгойд буй нөхдүүд одоо жаахан жудагтай, ноён нуруутай байж, хэт явцуу эрх ашгийн төлөө өөр хоорондоо намаараа, түрийвчээрээ талцаж жийлцэхээ татаж, идэж уухаа багасгаж, шударга зүтгэж, ханаж цаддаггүй сэтгэлээ хазаарлаж байхгүй бол....
Эс тэгвээс, энэ байдлаар үргэлжилсээр байх юм бол нэг л өдөр ёстой нөгөө “гинжнээсээ өөр алдах юмгүй” болж буй пролетариуд чинь тоосго чулуугаа шүүрч аваад, ямар ч Элбэгээгийн турхиралтгүйгээр өөрсдөө хар аяндаа босоод ирэх болно. Тэр цагт та хичнээн эрх мэдэлтэй байгаад, хичнээн мөнгө хөрөнгөтэй байгаад нэмэргүй, хийсэн үйлийнхээ лайг та төдийгүй таны гэр бүл, ойр дотныхон төдийгүй нийт ард түмэн чинь гашуунаар, нэн зовлонтойгоор урт удаанаар үүрэх болдог.
“Эх нь булингартай бол адаг нь адилхан” гэдэг. Энэ бол хууль.
Нийгмийн толгой болж буй нөхдүүд, эрх баригчид, шинэ баячууд бага ч атугай сэхээрч, гэгээрэхгүй юм бол нийгмийн үнэмлэхүй олонхи болж буй /өнөөдөр монголын нийгмийн ядуурал 70 гаруй хувьтай байгаа/ ядуучууд булингартай байхаас өөр арга чарга даанчиг байхгүй.
Бид 7 сарын нэгний эмгэнэлт хэрэг явдлаас, бас Киргизийн эмгэнэлээс ийм л сургамжийг олж харах учиртай.
Б.Номинчимэд

Monday, June 14, 2010

Турк дахь монголчуудын сонин хачнаас...

Монгол иргэд Турк улсад богино хугацаагаар визгүй зорчих боломжтой байдаг ажээ. Энэ нь тус улсад зорчин бизнес наймаа эрхлэх, аялах, суралцах төдийгүй ажил хийж, аж төрөх өргөн боломжийг монголчуудад олгодог байна. Ер нь сүүлийн жилүүдэд тус улсад зорчих монгол иргэдийн тоо өсчээ. Жил бүр Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр болон хувиараа хэдэн зуун оюутан суралцдагаас гадна ажил хийж, амьжиргаагаа залгуулж буй монгол иргэдийн тоо ч цөөнгүй байдаг байна. Зөвхөн Истанбул хотод 2000 орчим монгол иргэд байгаа гэсэн мэдээллийг тус хотод аж төрж буй зарим монгол иргэд хэлж байсан юм.

Тэдний өгүүлж буйгаар, ажил хийж буй хүн доод тал нь долоо хоногтоо монгол мөнгөнд шилжүүлснээр 150 000 орчим, сард 600 000 төгрөгийн цалин авдаг гэнэ. Дунджаар 800 000 орчим төгрөгийн цалин авдаг нь монголд 200 000 төгрөгийн цалин авснаас хавьгүй дээр гэлцэж байна. Сая, сая таван зууг авдаг хүн ч цөөнгүй бий гэнэ. Амжиргааны өртөг манайхаас ялимгүй өндөр, гэхдээ л ая эвээ олчихсон хүн бол сардаа 250 000 орчим төгрөгийг байр, хоол болон бусад зүйлдээ зарцуулахад хамгийн багаар бодоход 350 000 төгрөгийг хадгалж, хуримтлуулаад байх боломжтой, дээр нь орчин цэвэрхэн, цаг агаар тааламжтай хэмээн ярьж байна. Мөн энд ёстой амьдрал алга, бушуухан өрөө дарчихаад буцах минь хэмээн үглэж буй хүн ч байх. Хүн хүний сонирхол, үзэл хандлага, орчин, чадвар өөр өөр хойно доо.
Өнөөх л Солонгос болон монголчууд олноороо цагаачлан ажиллаж буй бусад улс орнуудад болдгийн адил зүйл Туркт ч мөн болдог ажээ. Тухайлбал, монголчууд цөөн байх эхний жилүүдэд ажил олгогч Турк эзэд ажлыг хурдан сурдаг, өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг монголчуудад тун дуртай байсан бол харин сүүлийн жилүүдэд монголчуудын үнэлэмж үлэмж доошоо унасан гэнэ. Юу вэ гэхээр, хамгийн түрүүнд өнөөх архи. Тавдахь өдөр бүр цалин тавина. За тэгээд манайхан тавдахь, хагас сайн, бүтэн сайныг дувтан архидаж, зүгээр ч уучихгүй, агсан согтуу, зодоон цохион, сүр дуулиан болдог аж. Зарим нь нэгдэх өдөр ч үргэлжлүүлэх тул хичнээн ажилдаа сайн ч мэдээж хэрэг ажил олгогчид юу л гэж “хөөрхий, монголчуудын маань үндэсний онцлог нь ийм юм” хэмээн толгойг нь дандаа илээд байхав. Цагдаа, хуулийнханд хэлчихдэг, цагдаагийнхан ч монгол хүний сургаар шууд ирж шалгадаг болжээ. Тэр ч бүү хэл манайхан олноороо байдаг зарим хот дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд монголчуудын асуудлыг онцгой авч үздэг болсон гэнэ.
Манайхныг рейтингийг унагаж буй удаах зүйл нь цаг барьдаггүй явдал. Монголд ч, америкт ч, солонгост ч тэр ялгаагүй, ер монгол хүн хаа явсан ч цаг барьдаггүй нь бусад үндэстнээс биднийг маш тод ялган харагдуулдаг. Энэ хэнэггүй зангаа зарим маань “жинхэнэ монгол зан”, тэр ч бүү хэл “билэг танхай монгол зан” хэмээн бахархах аястай хөөрдөг нь үнэндээ хамгийн арчаагүй дорой сэтгэлгээний илрэл юм. Бид чинь өнөөдөр хэддүгээр зуунд амьдарч буй билээ, дундад зууны мэт энэ сэтгэлгээнээсээ салах болсон баймаар.

Ингэхэд цаг барьдаггүй нь жинхэнэ монгол зан ч биш. Манай нийгмийн хоцрогдлыг нүүдэлчдийн уламжлалт сэтгэлгээтэй холбон тайлбарладаг хүмүүс бий. Гэвч үнэн чанартаа бол нүүдэлчдийн унаган сэтгэхүйд цаг барих гэдэг ойлголт маш нарийн, байгал, тэнгэр хангайн үзэгдэлтэйгээ хослуулж, өнөөгийнхөөр бол минут ч алдалгүй тооцоолж, зохицуулж чаддаг байсан байдаг. “Бороотой ч болзоондоо, хуртай ч хугацаандаа” гэдэг үг зүгээр нэг үлгэр домгийн хэллэг биш юм. Тэр нандин баялаг уламжлалыг мэдэхгүйгээс, түүнээсээ ихэд холдож хөндийрснөөс ийнхүү амиа боддог, цагаа барьдаггүй, зохион байгуулалтанд ордоггүй гэх мэтчилэн хамаг муу муухайг нүүдэлчин сэтгэхүйд чихдэг хандлага сүүлийн жилүүдэд их гарах болсон. Энэ бол манай орон дундад зуунд хэдэн зуунаар түгжигдэн, хоцрогдсоных, мөн социализмын үед нийгмийн бодит үнэлэмжээ ихэд алдаж, дээр нь уламжлалаасаа холдсоных, ардчиллын жилүүдэд хөгжлийн, итгэл үнэмшлийн баримжаагаа алдаж төөрөлдсөний л үр уршиг юм.
Мөн туркт манайхны нэр хүндийг унагаж буй өөр нэг явдал нь жижиг хулгай гэнэ. Хаана ч тэр адилхан юм даа. 2004-2006 онуудад Америкийн Виржиниа мужийн Арлингтон хотын шүүхээр долоо хоног бүр хоёроос доошгүй монгол иргэний хэргийг хэлцдэг байсан ба тэдний дийлэнх нь согтуугаар машин барьсан, эсвэл зодоон хийсэн, мөн жижиг хулгайн хэрэг байсан. Арлингтоны Courthouse-ийн шүүгч Кэрин. Ж “Монголчууд өндөр боловсролтой, чадвартай хүмүүс байдаг. Тийм атлаа яагаад хулгай хийгээд байдгийг нь огт ойлгохгүй юм” хэмээн гайхаж байсансан. Харин сүүлийн жилүүдэд ийм төрлийн хэрэг эрс багасаж байгаа гэсэн. Ийм жижиг хулгайн хэрэг ихэвчлэн хуучин соц орнуудын иргэдийн дунд /польш, орос, гүрж, узбек голцуу/ түгээмэл ажиглагддаг хийгээд ялангуяа цагаачлалын эхний жилүүдэд цагаач иргэдийн дунд архидалт, хулгайн хэрэг их гардаг нь соёлын шоктой шууд холбоотой байж болох талаар хуульч Г.Ганзориг ярьж байсан нь их зөв ажиглалт, дүгнэлт юм. Турк дэх цагаачлан амьдарч буй монголчуудын хувьд америк, солонгост буй нутаг нэгтнүүдээ бодвол харьцангуй шинэ гэж хэлж болох учир ийм үзэлдэл түгээмэл байж болох талтай.

Өмнө нь солонгост ажиллаж байгаад туркт ирсэн залуугийн ярьснаар бол туркт ажиллах нөхцөл солонгосоос хавьгүй дээр гэнэ. Учир нь туркууд солонгосуудтай адил учир зүггүй, борви бохисхийлгүй ажиллахыг шаардаад байдаггүй, дээр нь ажлын цаг харьцангүй богино байдаг аж. Дарамт шахалт ч харьцангуй бага, хоол хүнсний хувьд ч монгол хүнд илүү зохимжтой байдаг гэнэ. Тэдний өгүүлснээр солонгост ажил хийж сурсан бидний хувьд туркт ажиллахад харьцангуй хялбар байна. Харин авдаг цалин нь бага гэлээ.

Гэлээ гэхдээ л, цагаач иргэдийн зовлон хаана ч адилхан нь тэдний ярианаас илт. Хууль бусаар аж төрж буй тул цагдаа, хяналтынхнаас болгоомжлох, дээр нэгэнт дурдсан соёлын шокод нэрвэгдэх, өвчин эмгэгээ эмчлүүлэх, эх орон, элгэн саднаа санах, ажлын байрны дарамт гээд үй олон бэрхшээл туркт аж төрж буй цөөн монгол иргэдийг тойрохгүй байгаа нь мэдээж. Гэвч надтай уулзаж учирсан монголчууд тэр бүр зовлон бэрхшээл тоочихгүй байсан юм.

Монголын сонин, ТВ-ийн зарын буланд Турк руу явуулна, ажилд зуучилна гэсэн зар их гардаг нь хулхи зар юм шүү. Туркт монголоос албан ёсоор гэрээт ажилчин авдаггүй, харин туркийн ажил олгогчидтой бага цалингаар ажилчин олж өгөх талаар ярьж, тодорхой хувь шимэтгэлийг нь аваад богино хугацаанд зорчиход визгүй байдаг боломжийг ашиглан ашиг орлого олдог хүмүүс мэр сэр бий хэмээн сэрэмжлүүлэн хэлж байлаа. Мэдээж хэрэг дундаас нь жуучлагчид ашиг гаргаж буй хойно энэ жуулчлалаар очсон хүмүүсийн цалин доогуур, монголтой ер ойролцоо, их сайндаа сард 400 000 төгрөг авдаг, дээр нь ийм жуучлалаар очсон хүмүүст ажил олгогч нь бараг боол мэт хандах нь их, хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй ажлууд байдаг гэх мэт бэрхшээлүүд их байдаг аж.

Энэ оны эхээр Туркийн нэгэн сонинд монголд жендерийн харьцаа алдагдаж, нэг залууд зургаан бүсгүй ногдож байдаг ба 20 000 турк эрийг монголд импортлох тухай бичсэнээс үүдэн бас хөөрхөн бужигнаад авчээ. Тэр үед манай Гадаад хэргийн яамнаас албан ёсны эсэргүүцэл бичиж, уг нийтлэлийг бичсэн турк сэтгүүлч уучлал гуйгаад өнгөрсөн. Харин тэрхүү мэдээллийг авсан мянга мянган турк хүмүүсийн санамжид үлдсэн уг ойлголт тийм ч амар арилчихгүй нь ойлгомжтой.

Ер нь ажлын байран дахь бэлгийн дарамт байдаг. Биеэ үнэлж амьдардаг монгол бүсгүйчүүд ч цөөнгүй байдаг гэлээ. Истанбул хот нь мянга мянган жилийн турш Газардундын тэнгисийн орнууд, ази-европын боолын наймааны нэг гол цэг болж байсан хийгээд Селжук, Оттомоны эзэнт улсуудын үед туркт боолын наймаа нийгмийнх нь нэг салшгүй хэсэг болж байсан тул энэ сэтгэлгээний уламжлал, ул мөр одоо ч амь бөхтэй байж, нийгмийн далд нууцад боолчлох үзэгдэл мэр сэр байдаг аж. Тиймээс зарим ажил олгогчид ажилчдаа боол мэт үзэж хандан, өөр хоорондоо ч наймаалцчих тохиолдол байдаг гэлээ. Манайхан ч гэнэн охидыг сайхан ажил, амлалтаар хууран аваачиж, наймаалчихдаг явдал бий гээд түүний золиос болсон зарим хүмүүсийг нэр усаар нь хэлж байсан билээ. Турк эзнээ болон турк эрээ булаацалдан монгол бүсгүйчүүд хоорондоо нанчилдсан тухай шог хошин үзүүлбэр шиг зүйл ч сонсогдож байсан.

Энэ оронд монголчуудаас гадна малайз, филиппин, индонез гээд зүүн өмнөд азийнхан, мөн орос, туркмен, казах зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан улсуудаас түлхүү цагаачилдаг байна. Ялангуяа дундад азийн улс орнуудын хувьд хэл соёл нь ойролцоо учир туркт ажиллаж, амьдрахад харьцангуй хялбар байдаг ажээ.
Гэхдээ л турк хүмүүс манай уугуул нутгийн хүмүүс, бид хэл, түүхээрээ холбоотой хэмээн монголчуудад бусад үндэстнүүдээс илүү элэгтэй хандах нь олонтаа. Монгол, турк хүмүүс гэр бүл болох нь маш түгээмэл болж байгаа гэнэ. Ялангуяа монгол бүсгүйчүүд туркуудтай олноор гэрлэх болжээ. Тэднээс туркийн иргэншил аваад, сайн сайхан амьдарч байгаа нь ч бий, гэр бүлийн боолчлолд орж зовж шаналж буй нь байдаг аж.
Гаднын иргэд ажил эрхлэхийг Туркт хуулиар хорьдог учир ажил олох, хийхэд хүнд. Зөвхөн туркийн ажил олгогч байгууллага нь ажлын байрны тодорхойлолт болон уг ажилд тэнцэх тухайн ажилтны ур чадварыг өндөр үнэлсэн батлан даалт гаргасан тохиолдолд олон шат дамжлага дамжиж байж сая нэг хууль ёсоор ажиллах зөвшөөрөл олддог гэнэ. Ийм зөвшөөрөл аваад, сайн цалинтай, өндөр зэрэглэлийн ажил хийж буй монгол залуус төдийгүй бие даан бизнес хийж, хөл дээрээ боссон монголчууд ч цөөнгүй байдаг байна. Туркт сурч буй оюутнуудаас ч гэсэн сайн сурдаг, нэр хүнд өндөр, чадварлаг залуус олон байдаг тухай сонсогдож байлаа. Миний л санахыг хэдэн арван сая хүн амтай тус улсад хэдэн жилийн өмнө болсон ой тогтоолтын тэмцээнд монгол залуу түрүүлж байсан билээ.

Харин америк, солонгос, чех, англи зэрэг бусад оронд байдгын адил монгол иргэдийн сайн дурын байгууллагууд, нийгэмлэг холбоод Туркт байдаггүй бололтой юм. Байсан ч үзэгдэж харагдахаар ажиллаж чаддаггүй байх. Учир нь энэ талаар надтай уулзсан залуусын нэгд нь ч ямар ч мэдээлэлгүй байлаа.
Турк улсад таван хоногийн хугацаанд ажлаар зорчих далимд эл улс дахь монголчуудынхаа амьдралын сонин сайхан руу хальтхан өнгийхөд ийм дүр зураг харагдаж байна.

Sunday, June 6, 2010

Энэтхэг дэх Их Монголчуудын түүх – History of Great Mughal Empire (Түүхэн найруулал) - 1

1526 оны эхээр нэг түм гаруй монголчууд Бабаар хааныхаа тугын дор байлдан дагуулагч болон Энэтхэг оронд очжээ. Тэдгээр цөөн монголчууд Энэтхэг орныг нэгтгэн (1526-1847) 300 жилийн турш эзэгнэн захирахдаа сэтгэл хөдлөм адал явдлаар дүүрэн, баатарлаг ер бусын баялаг түүхийг Энэтхэгийн төдийгүй дэлхий дахины түүхнээ үлдээсэн байна.
Тэд бол Чингис хааны хоёрдугаар хүү Цагаадай болон түүнийг дагаж Дундад Азид очин XIII – XVI зуунуудад оршин тогтносон Цагаадайн улсын гол цөм болж байсан Барлас, Жалайр, Арулад зэрэг овог удмын монголчууд байсан ба уугуул эх нутгаасаа олон үеийн туршид хөндийрсэн шигээ, эх хэл, соёлоосоо ч нэлээн хөндийрөн, лалын номд орж, соёлыг нь дагаж, түрэг-монгол хэлний өвөрмөц хольц хэлээр ярилцдаг байсан хэдий ч монгол эрч хүч, чадвараа алдаагүй, хадгалсаар ирсэн хүмүүс байжээ.
Тэдний эр зориг хийгээд эрдэм чадвар нь, ховор нандин хайр сэтгэл хийгээд авьяас билэг төгөлдөр зан чанар нь, тэр ч бүү хэл гуниг харуусал, зовлон энэлэл нь өдгөө сонссоныг соотойлгож, үзсэнийг гайхашруулсан тийм давтагдашгүй уран гоёмсог хот балгад, цайз хэрэм, сүм дуган, бунхан цамхаг болон сүндэрлэж, тэдний түүх гантиг чулуунд товойтол сийлэгдэн, түүх судар, уран зурагт тодоос тод дурайн, үлгэр домогт мөнхөрсөн байх юм. Тэдний энэтхэгийн хойг дээр байгуулсан Их Монгол (Great Mughal) гүрний ул мөрийг уудам дэлгэр Энэтхэг орны өнцөг булан бүрээс, энэтхэгчүүдийн соёл, ялангуяа уран барилга, уран зургаас, тэр ч бүү хэл зан заншлаас ч өдгөө ив илхэн харж болно. Энэтхэгийн Их Монгол гүрэн хүчирхэгээрээ өрнө, дорнодод гайхуулж, дэлхийн хамгийн баян, тансаг орон хэмээн шуугиулж, Өрнөдийн олз хайгчид, адал явдлын эрэлчид, аялагчид, худалдаачид, шашныхан, хаад ноёдын анхаарлыг соронзон мэт татаж байжээ. Түүх шаштир хийгээд гантиг чулуунаа шингэж үлдсэн тэрхүү алдар цууных нь цуурайг өнөөдөр Энэтхэгт очсон хэн бүхэн сонсож байнам билээ.

Өдгөө Делид ирсэн жуулчин Энэтхэг дэх Их Монгол гүрний хаадын бариулж босгосон 20 000 хүн нэгэн зэрэг мөргөх багтаамжтай алдарт Жама Масжид сүмээр орохгүйгээр, Ямуна мөрний эрэг даган сүндэрлэх Улаан Цайз үзэхгүйгээр, Хумаан хааны бунхан болон түүний цайз, хэрмүүдэд зочлохгүйгээр, Монгол цэцэрлэгт саатахгүйгээр явах нь ховор. Делигээс 200-аадхан км-т байх Таж Махал, түүний ойролцоо Агра цайз, Акбар хааны бунханаар орохгүй өнгөрөх нь бараг л үгүй болов уу. Таж Махал нь өдгөө эртний агуу их түүх соёлтой Энэтхэгийн билгэ тэмдэг төдийгүй хүн төрөлхтний гайхамшигт нэгэн бахархал болжээ.
Энэтхэгчүүд Их Монголчуудыг улс орныг нь эзлэн түрэмгийлэгчид бус, харин тэтгэн дэгжүүлэгч гэж үздэг нь дийлэнх байх юм. Энэтхэгийн дундад зууны сүүл хагасын түүх бол бүхэлдээ Их Монголын түүх аж.

Их Монгол уран барилга, Их Монгол уран зураг, гар урлал, зэр зэвсэг, мөн монгол загварын цэцэрлэг нь асар баялаг түүх, соёлтой Энэтхэг орны нэгэн бахархалд зүй ёсоор ордог юм байна. Гэхдээ энд нэг зүйлийг гойд анхаарах нь зүйтэй санагдана. Энэтхэг дэх Их Монголчуудын нэртэй бүхэн уугуул монголчуудын язгуур өв соёлийн хэлтэрхий гэж ойлгож огт боломгүй. Тухайлбал Энэтхэгийн Их Монголын уран зургийн арга барил бидний мэддэг хавтгай орон зайд дүрсэлдэг монгол уран зургаас ихээхэн өөр, Персийн уламжлалд илүү ойрхон, өвөрмөц юм.
Энэтхэгийн Их Монголчуудын үлдээсэн өвд язгуур монголын шинж чанар нэн ховор бөгөөд Төв Ази, эртний соёлт Перс, Энэтхэгийн соёлын өвөрмөц хослол болон хөгжсөн бүс нутгийн шинжтэй энэ соёл нь зөвхөн монгол удмынхан хөгжүүлэн дэвжүүлсэн гэдэг чухам ганц сэжмээр л бидэнтэй холбогдох болов уу. Гэвч нарийвчлан судлах аваас хэлхээ холбоотой зүйл бас гарахийг үгүйсгэх ч аргагүй. Үүнийг тусгайлан судалсан нь өнөө манай улсад үгүй бөгөөд шинэ залуу судлаачдын хувьд анхаарвал зохих зүйлсийн нэг гэлтэй. Тэрхүү бүтээн босгосон орд харш баялаг нь хэдхэн могол хүн барьж босгосон зүйл ч биш, Их монголын хаадын эрин үед тэдний зарлиг хүслээр энэтхэгчүүдийн уран гар, угйгагүй хөдөлмөрөөр бүтсэн байна.
Энэтхэг улсад Их Монгол (Great Mughal)гүрний үлдээсэн өвийг товчхон тоймловол...
Нэгдмэл улс орон
Монголчууд Энэтхэг оронд шинэ соёл, эрч хүч төдийгүй улс үндэстэнд хамгийн чухал зүйл болох нэгдмэл байдлыг авчирчээ.
1520-иод онд анх аль ч талаасаа цэвэр цусны монгол хүн болох Бабаар хааныг монгол, түрэг холилдсон ганц түмт гаруйхан цэргээ дагуулан ирж байх үед өнөөгийн Энэтхэгийн газар нутагт 17 орчим жижиг хант улс байсан бол Монголчууд богино хугацааны дараа нэгтгэн нэгэн жолоо цулбуурт оруулжээ. Гэхдээ бүр өнөөгийн Пакистан бүхэлдээ, Афганы талтай нь.
Монголчуудын чадварлаг удирдлагын дор ямагт харшилдаж, тэмцэлдэж байдаг лал хийгээд хинду шашныхан, шашны бусад олон урсгалууд зохицон оршиж, адил тэгш эрхтэйгээр нэгэн захиргаанд орж, улмаар шинэ нэгдмэл, хүчирхэг Энэтхэг орон цогцлон бүрджээ.

Их Монголын үеийн нийгмийн дэвшил
Монголчуудын удирдлаган дор Энэтхэгийн нийгэм, эдийн засаг эрчимтэй хөгжжээ. Муж хоорондын төдийгүй Перс, Турк, Дундад Азийн орнуудтай холбосон зам харилцааны шинэ систем үүсч, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болж, газар тариалангийн услалтийн шинэ системийг үр ашигтай ашиглан, нэхмэл болон төмөр эдлэлийн үйлдвэрлэл огцом өсчээ.
Энэтхэгийн олон үндэстэн, янз бүрийн анги давхаргуудын ялгаа заагийг нарийн тусгасан татварын нэлээд өвөрмөц системийг Монголчууд боловсруулан ашиглаж байжээ.
Ялангуяа худалдаа арилжаа урьд байгаагүйгээр үсрэнгүй хөгжиж, Перс, Турк, Дундад Азийн орнуудтай өргөн худалдаа арилжаа хийх болсон байна. Усан замын тээвэр хөгжсөнөөр Араб, Африк, Хятадтай төдийгүй Португал, Англи зэрэг европын олон орнуудтай худалдаа хийх болжээ.
Монголчуудын удирдлаган дор цэрэг болон дайн, батлан хамгаалалтын голдуу олон хот, дүүрэг шинээр баригдсан байна.
Бүх мужид дунд сургууль байгуулагдаж, хүүхэд багачуудад Коран судар, Лалын шашны ёс зүй, хууль журмыг нутаг нутгийнх нь хэлээр заах болсон нь хожим Өмнөд Ази дахь лалын шашны хүчирхэг нийгэмлэгийг бий болгожээ.
Энэтхэг орны хүн ам XVI зууны төгсгөл орчимд 140 орчим сая байсан бол XVIII зууны дунд үед 200 сая болжээ. Акбар хааны үед 120 томоохон хот, 3200 тосгон, суурин байжээ. Гэхдээ Зүүн Энэтхэгийг оролцуулахгүйгээр шүү. Агра хотын хүн ам 600 000 хүрч байсан бол Дели нь тухайн үеийн Европын хамгийн том хотод тооцогдож байсан Парисаас хүн амаар хол давж, Лахорыг жуулчин Горят “Энэ дэлхийн хамгийн том хот” хэмээн шагшрин бичиж байжээ.
Ихэс дээдсийн амьдралын үлэмж тансаг байдал, орд харш, гоёл чимэглэл нь Европынхныг нүдийг бүлтийлгэн байж...

Их Монгол уран барилга /Mughal architecture/
Их Монгол уран барилгын хэв маяг нь Перс, Энэтхэгийн архитектурын өвөрмөц хослол болон XVI, XVII зууны үед Энэтхэг, Пакистан, Бангладешт үүсч хөгжжээ. Дотроо бас хэд хэдэн хэв загварт хуваагддаг юм байна.
Монголчуудын хаанчлалын эрин үеийн эхэнд Их Монгол хийцийн маш олон уран барилга боссоны хамгийн тод төлөөлөл нь өдгөө дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махал юм. Өдгөө Таж Махалыг жилд 2.6 сая орчим жуулчид үзэж сонирхдог гэнэ. Зөвхөн Таж Махал-ын дотоод хэрэм рүү ороход гадны нэг жуулчин 750 рупий, Энэтхэгчүүд 50 рупий төлдөг байна.
Дели, Аурангабад, Агра, Жайпур, Лахор, Кабул, Шейкхудура зэрэг Энэтхэг, Пакистан, Афганистан, Бангладешийн олон хот, нутгуудад Их Монгол хийцийн уран барилгууд, цайз цамхагууд, бунханууд байдаг гэнэ.
Тэдгээрээс Таж Махал, Хумаан хааны бунхан, Фатепур Сикри, Улаан цайз, Агра цайз, Пакистан дахь Лахор цайз зэрэг нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын үнэт өвд бүртгэгджээ. Өнөөдрийн Энэтхэг, Пакистан, Бангладеш, Афганистаны уран барилгад Их Монголын уран барилгын үр нөлөө хүчтэй байдаг аж.

Их Монголын уран зураг - Mughal painting
Энэтхэгт ирсэн монголчуудын үлдээсэн бас нэгэн томоохон ул мөр нь уран зураг юм. Хумаан хаан нэгэн үе хаан ширээгээ алдаж, хөөгдөж туугдан Перс нутгаар хэрэн хэсүүчилж яваад буцаж Энэтхэгт ирэхдээ хоёр перс зураачийг авчирчээ. Ингээд перс уран зургийн арга стил дээр тулгуурлан Их Монгол гүрний үед цоо шинэ уран зургийн дэг үүсч хөгжсөнийг өнөөдөр Их Монголын уран зураг (Mughal painting) гэх аж. Энд энэтхэгийн уламжлалт уран зургаас гадна бурхны шашны уран зургийн онцлог шинжүүд ч туссан байна. Номын чимэг зураг их хөгжжээ. Уран бүтээлийн арвин их өв байдгаас зөвхөн Акбар хааны үед бүтээгдсэн 1400 гаруй томоохон зураг байдаг гэнэ. Их Монгол уран зурагт хөрөг зураг, ихсийн ордны баян баян тансагийг харуулсан, мөн зэрлэг ан амьтад, ан агналт, дайн тулааны гэх олон сэдвийг хамардаг ажээ. Акбар, Жахингар, Шах Жахан хааны үед хөгжлийн оргилдоо хүрч байжээ. Ялангуяа уран зурагт ихэд дуртай Жахингар хааны үед европын тосон будгийн арга барил нэвтэрснээр зурах арга барил улам баяжжээ. Их Монголын уран зургийн уламжлалийг өнөөдөр Ражастаны зураачид түгээмэл хэрэглэдэг байна

Шинэ хэл
Их Монголын эрин үед бий болсон цоо шинэ үзэгдэл болох Хиндү, Лалын соёлын эвсэл нийлэмжийн үр дүнд Хиндү хэл дээр суурилсан Перс, Араб болон Цагаадайн хэлнүүдийн өвөрмөц хольц УРДУ хэл үүсэн хөгжжээ. Хэдийгээр Урду хэлний үйлт нэр, туслах үйл үг голдуу өргөн хэрэглээний үгс нь Хиндү үгс дээр суурилдаг ч энэ хоёр хэлийг хоёр тусдаа хэлний систем гэж үздэг байна.

Шинжлэх ухаан, технологи
Одон орон судлал. 16-17 дугаар зуунд Энэтхэг дэх Их Монголчууд Арабын болон Энэтхэгийн одон орон судлалын тухайн үеийн ололт, дэвшлийг баяжуулан хөгжүүлжээ. Их Монголчуудын анхны хаан Бабаар дарьт бууг Энэтхэгт оруулж ирсэн бол хоёр дахь үеийн хаан Хумаан нь олон талын эрдэмтэй сайн шинжлэн судлаач, одон оронч байсан ба Дэлид одон орон судлалын төв бариулжээ. Тав дахь хаан Шах Жаханы үед одон орон судлал ихэд хөгжин, хаан өөрөө ч одон орон судлалын олон багаж төхөөрөмжүүдийг зохион бүтээсэн гэнэ. Хүн төрөлхтний бүтээсэн одон орон судлалын гайхамшигт багаж төхөөрөмжүүдийн нэг болох ямар ч гагнаас, зүйдэлгүй хийсэн дэлхийн бөмбөрцөгийг Их Монголын үед бүтээжээ.

Технологи. Их Монголын Акбар хааны зарлигаар 1582 онд Перс-Энэтхэгийн зохион бүтээгч-инженер Фатулла Шираз оньст их буу болон хамгийн анхны гар бууг зохион бүтээжээ. Ингэхдээ тэрбээр эртний монголд өргөн хэрэглэдэг байсан харвагч саалийн оньсыг боловсронгуй болгох замаар буудагчийн механизмыг хийсэн байна. Энэ мэтээр дарьт их, бага бууг бүтээж, армийн зэвсэглэл болон бусад салбарт хэрэглэж байсан нь технологийн хувьд европчуудын өмнө гишгэсэн явдал байв. Металь цлиндр голтой артиллерийн пуужинг Английн түрэмгийлэгчдийн эсрэг амжилттай ашиглаж байжээ.
Мөн Акбар хааны үед анхны угсармал сууц бүтээсэн гэх ба монгол үхэр тэрэгт гэрийн суурь бүтцэд суурилж хөдөлгөөнт сууц ч бүтээж байжээ.
Дээрх дурдсан зүйдэл, гагнаасгүй бөмбөрцөгийг бүтээсэн нь металлургит өнөөг хүртэл оньсого хэвээр байгаа юм. Нэн сүүл үеийн шинжлэх ухаан, технологийн ололтийн хүчинд залгаасгүй металь бөмбөрцөгийг хийх аргыг дөнгөж 1980 онд л олсон байна. Энэхүү орчин үеийн шинжлэх ухааны ололтийг ашиглахгүйгээр залгаасгүй металь бөмбөрцөг хийх өөр ямар ч боломжийг эрдэмтэд олж чадахгүй байгаа ба Энэтхэгийн Их Монголын үеийн металлургийн технологийн хөгжлийн түвшин нь даруй 1980 оныхтой эн зэрэгцээ түвшинд байсан гэдэгт олон эрдэмтэд эргэлзсээр байдаг ажээ. Юутай ч Их Монголын металлургчид нь залгаасгүй бөмбөрцөг бүтээх аргын анхдагчид болсон байна.

Их Монгол цэцэрлэгт хүрээлэн /Mughal garden/
Делийн төвд, Энэтхэгийн төрийн ордны ард байрлах уран барилга, байгал эхийн яруу сайхан хослол болсон Их Монгол цэцэрлэгт хүрээлэн нь /Mughal garden/ тухайн үеийнхний гоо зүйн таашаал мэдрэмж ямар өндөр түвшинд байсныг илэрхийлнэ. Хэдэн га газрыг хамарсан энэ цэцэрлэгт хэдэн зуун нэр төрлийн цэцэгс уран гоо дүрс, өнгө үзэмжээ гайхуулах ба энэ түмэн өнгө, үзэмж нь Лалын уламжлалт уран барилгын донж маяг, алжаал тайлан сэрүүцүүлэх янз бүрийн хэлбэртэй усан сан, суваг, оргилуурууд, өргөн чөлөө, шатрын хөлөг мэт өвөрмөц журамласан зохион байгуулалттай хослохоор ер бусын орчинг бий болгоно.
Эртний дэлхийн долоон гайхамшгийн нэг гэгдэх, өдгөө зөвхөн үлгэр домогт л үлдсэн Серафимидийн дүүжин цэцэрлэг чухам ийм уран тансгийн хослол байж чадсан болов уу даа. Өдгөө энэ цэцэрлэгт зочилж, Их Монголчуудын бүтээсэн тэрхүү гайхамшгаар аялах нь хаа газрын аянчин жуулчны нэгэн хүслэн болдог. Перс болон Дундад азийнхны уламжлалийг хослуулан баяжуулсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн их бага янз бүртэй Энэтхэгийн бараг бүх хот, мужид таарах боломжтой ба томоохноос нь дурдвал Таж Махалын Шар Баг, Лахорийн Шалимар, мөн Дели ба Кашмирийн цэцэрлэгт хүрээлэнгүүд гэнэ. Тэднээс хамгийн алдартай нь Харьяана дахь Пинжорийн цэцэрлэгт хүрээлэн ажээ.

Их Монголын хооллох соёл /Mughal cuisine/
Өмнөд Азийнхний хооллох соёл, гал тогоо нь Их Монголын эзэн хаадын ордны гал тогооны баян тансаг нөлөөгөөр ихэд хөгжсөн гэж үздэг байна. Үүнд Монголчуудтай хамт нэвтэрсэн Төв азийнхний болон Персийнхний гал тогооны нөлөө хүчтэй тусчээ. Өдгөө Америк болон Европт түгээмэл тархсан Энэтхэг хоолны газруудын ихэнх нь Их Монголын үед хөгжсөн гал тогооны урлаг, уламжлал дээр суурилж байдаг гэнэ. Бид хаа нэгтээ Энэтхэг ресторанд ороод Чикен Тика Масала зооглож суухдаа хэзээ нэгэн цагт Их Монгол хэмээн алдар цуугаа дуурсгаж явсан энэтхэгийн монголчуудын баян тансагийн хэлтэрхийнээс амсаж суугаагаа тэр бүр мэддэггүй билээ.

Хувцас /Mughal clothes/
Их Монголын эрин үед Энэтхэг, Иран болон Төв азийн хувцасны шинж төрхийг хадгалсан өвөрмөц хувцасны хэв загвар гарсан байна.

Түүхэн зүтгэлтнүүд
6000 мянга орчим жилийн өмнөөс эхэлсэн Энэтхэгийн бүхий л үеийн түүхэнд тодорсон агуу хаадын тоонд Их Монголын Бабаар хийгээд түүний ач хүү Акбар нар зүй ёсоор ордог аж.
Мэдээж хэрэг, цус ихээр урсгасан дайн тулаанууд олон болж байсан ч түүний үр дүнд Энэтхэг орон улам өргөжиж, улам улмаар нэгдмэл нэг цул болж иржээ.
Бабаар хаан Их Монгол гүрэн улсыг үндэслэжээ. Бабаар хаан 10 дахин их хүчтэй эсрэг этгээдээ нэг бус удаа арга тактикаар ялж явсан цэргийн гарамгай стратегич, удирдагч хүн байсан төдийгүй өөрөө ер бусын хүч чадалтай, гоо сайхан дүр төрхтэй, чамгүй сайн яруу найрагч, зураач хүн байжээ.
Түүний хүү Хумаан шинжлэхүй ухааныг ихэд тэтгэн хөгжүүлсэн, гүн ухаантан, одон оронч, математикч, бас маш сайн зураач байсан бол гуравдахь хаан Акбар улсын газар нутгийг өргөтгөн, шинэ гvрний улс төрийн тогтолцоог бүрдүүлж, шашны тэгш эрхийг зарлан тунхаглажээ. Акбар хааны цэцэн мэргэн ухаан, баатар зоригийн тухай олон домог бий. Жахангир хааны үед төрт улс бүрэн төлөвшиж, анх удаа өрнөдтэй холбоо тогтоон, наймаа худалдаа эхлүүлж, Шах Жахаан хааны үед Таж Махал, Жама Масжид, Улаан Цайз, Жахангирийн бунхан, Шалимар цэцэрлэг зэрэг дэлхийн энгээр гайхуулсан үлэмж олон гайхамшигууд бүтээгдэж, урлаг соёл цэцэглэн хөгжжээ. Аюургибез хаан газар нутгийг улам өргөтгөн, өрнийн түрэмгийлэгчдэд цохилт өгч, улс гүрний гадаад худалдааг улам нээлттэй болгожээ. Гэвч дундад зууны монголын жижиг ноёдын дотоодын хагарал, тэмцэл монгол төрийн хүчийг сулдаасан шиг, дээрх 6 хааны дараачаас Их Монголын төр дотоодын хагарал, зөрчилд идэгдэж, хүч чадал нь сульдсаар, Их Монголуудын нөлөө буурч, нутгийн уугуул язгууртнуудын эрх мэдэл хүчээ авч, улмаар өрнөдийн орнуудын колонийн түрэмгийллийн өмнө хүчин мөхөсдөхөд хүрч, гэлээ гэхдээ л 1837 онд Монголын сүүлчийн хаан англичуудад Энэтхэг орныг юутай ч бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байна.

***
Харамсалтай нь өнөөдөр Энэтхэг оронд Их Монголын удмын хүн нэн ховор болсон аж.
1840-өөд оноос хойш болсон английн түрэмгийлэл, шашны болон бүс нутгууд, бүлэг ангиудын олон мөргөлдөөн, бусад зөрчлүүдэд уугуул оршин суугчдаас 100 дахин цөөн байсан Монголууд ихэд нэрвэгдэн, зарим үед бүр тэдний эсрэг ав хомрог, геноцит маягын ч юм болж байжээ. Уг нь тэд нийгмийн хамгийн элитүүд, баян тансаг дээд хэсгийнхэн байж. Сүүлчийн Монгол хаан Бахадур (Баатар) Шах Зафарыг Англичууд 1857 онд Хумаан хааны бунханаас баривчилж, өнөөгийн Бирмийн Рангүүнд тусгай хатуу харуул хамгаалалтын дор 1862 онд нас барах хүртэл нь хорьсон ба түүний бүх хүүхдүүд хийгээд өч төчнөөн үр ачийг нь буудаж алжээ. Ач нараас нь амьд үлдсэн дөрвийн үр удмаас зарим нэг нь Калькута, Бенгал орчимд байдаг бололтой.

Энэ мэтээр хэлмэгдэж шахагдсан монголчуудын тоо XVIII хоёрдугаар хагасаас өнгөрсөн зууны хагаст хүртлэх 100 орчим жилийн дотор гурав дахин хорогдож, 100 мянга хүрэхтэй үгүйтэй болоод, нөхцөл тун хүнд байтал тэнгэр ивээж, лалын шашинт Пакистан улс 1947 онд тусгаарлахад, монголчуудын олонхи нь тийш дүрвэжээ. Мөн Америк болон бусад орнууд руу цагаачилсан нь нэлээд байдаг гэнэ.

Пакистаны өмнөд нутгийн Ахмед хэмээх залуутай Делид богино зуур уулзаж, танилцсан бөгөөд бүхий л талаараа араб, түрэг төрхтэй тэрбээр өөрийгөө монгол гарвалтай гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байсан юм. Царай төрх ч яахав, энэ олон жилийн туршид холилдож сүлэлдсээр өөрчлөгдсөн байж болох талтай. Харин түүний төрсөн нутагт шинэ хувцас өмссөн нэгнийхээ хойт, урд хормойноос нь татаж, алт мөнгө арвин, аз жаргал дүүрэн байг гэсэн утгаар ерөөл өргөдөг заншил байдаг нь бидний багад шинэ дээл өмсөхөөр, эмээ нар голдуу хойно, урд хормойноос дугтран “Хойт хормойноос нь хонь хурга, урд хормойноос нь унага даага” хэмээн ерөөдөг байсантай тун адилхан санагдаж байв. Ер нь хүний зүс царай, хэл ярианаас илүү амь бөхтэй удаан тэсэж үлддэг зүйл бол яах аргагүй ардын ёс заншил билээ. Мөн Ахмедийн дотнын нэг найзыг Батхаан гэдэг гэнэ. Энэ нэр бол бидний дээд өвөг Чингис хааны ач хүүгийн нэр юм хэмээн Ахмед тайлбарлаж байсан.

Дели дэх Хумаан хааны бунханыг үзэж яваад Сангх Исраам хэмээх нэгэн энэтхэг өвгөнтэй тааралдсан юм. Тэрбээр, зав чөлөөтэй үедээ тэнд юм уу, эсвэл Улаанцайзад (Red Fort) очиж, жуулчдад сайн дураараа Их Монголчуудын түүхийг ярьж танилцуулж, хөтөч хийж явдаг аж. Уул нь архитекторч боловч түүх, ялангуяа Энэтхэг дэх Их Монголын хийгээд Монгол улсын түүхийг сайтар мэддэг өвгөн байв. Монгол хүнтэй уулзсандаа баярласан өвгөн надад олон зүйлийг хөөрснөөс Энэтхэг дэх сүүлийн Монголчуудын хувь заяаны талаар ихэд харамссан өнгөөр ийнхүү ярьж байж билээ.

Тэрбээр “Өдгөө Энэтхэгийн баруун хэсэгт байх Гужарат мужид 10 орчим монгол гэр бүл байгаа байх. Би 1970-аад онд тэдэнтэй уулзаж байсан. Амьдрал ахуй нь маш сайн байсан. Царай төрхийн хувьд биднээс ялимгүй өөр л дөө, түрэгжүү төрхтэй. Одоо өөр газраас монголын удмыг олоход тун хэцүү болов уу. Кашмир болоод Бенгал орчимд ганц нэг гэр бүл байж магадгүй юм. Гэвч тэд одоо уусаад, удам угсаагаа ч мэдэхээ больж буй байх” гэсэн юм.
Ер нь өдгөө энэтхэгийн монголчууд дэлхийн нэлээд олон оронд ихэд тарсан хийгээд уг гарвалаасаа хөндийрч, уусч холилдсон нь ихэнх тул нарийн тоог гаргахад хүндрэлтэй ажээ.

Үргэлжлэл бий.