Tuesday, February 16, 2010

Шинийн нэгэнд Хумаан хаантай очиж "золгов"

Шинийн нэгэнд Шинэ Делийн төвд байх Хумаан хааны бунхад очлоо. Монголын маань үсэрсэн нэгэн дусал цус, тасарсан нэгэн тасархай мах - энэ хүн, түүний эцэг Бабур нь яах аргагүй монгол удмын хаад, ихэс дээдэс юм даа. Тэрбээр 1530-1539, 1554-1555 онуудад Энэтхэг дахь Монгол угсааны хаант улс болох Их Могулын хаан ор сууж байжээ. Их Могулын хоёр дахь хаан нь. Бабур хааны бунхан нь Кабулд байдаг юм байна.

47 метр өндөртэй 1000 гаруй акр талбай хамарсан энэхүү бунханыг 1570-1580 онд Хумаан хааны дурсгалд зориулн хайртай энэтхэг хатан нь бариулсан гэх. Персийн уран барималчийн зургаар бүтээсэн гэнэ. Улаан элсэн боржингоор голлон барьж, аварга том цагаан гантиг болон вааран гялтангаар чимэглэжээ. Нийтдээ эл хааны ойр дотныхоны 100 орчим шарил энд байдаг гэнэ.

Хосгүй сайхан бүтээл юм. Бабур болон түүний удмынхны Энэтхэг улсад бүтээж босгосон үй олон гайхамшигуудын зөвхөн нэг нь энэ юм.

Хумаан хаан болон түүний хүү Акбар, үр удам нь дундад зууны Энэтхэг улсыг бүтээн босгосон гэх агаад тэдний хийж бүтээсэн зүйлс их ажээ. Дэлхийн соёлын өвийн тусгай жагсаалтанд байдаг энэхүү Бунханыг л гэхэд өдөрт жуулчид хэдэн арван мянгаараа ирж үзэх юм. Гадны хүн 250 рупий (манайхаар 7800 орчим төгрөг) энэтхэгчүүд нь 10 рупийгээр үзнэ. Бид хоорондоо "Манайхан энэ сайхан бүтээн босголтоосоо нэгийг нь ч болов Монгол орондоо хийчихэж болоогүй юм байх даа. Тэгвэл мөн ч их хөрөнгө орж ирж байгаа даа. Зөвхөн Таж Махал-аас л гэхэд өдөртөө хэдэн мянгаар тогтохгүй доллар орж ирдэг гэнэ билээ" гэсэн шүү юм хэлцээд л... Нээрээ жаахан битүүхэн харуусал төрсөнийг нуух юун. Манай өвөг дээдэс их л олон газар, их л олон гайхамшгийг бүтээн босгосон байх юм. Хятадад Хубилай хааны ордон, одон орон судлалын төв, Монгол баатруудын хөшөө, Дундад Азид бол Цагаадайнхны үр удмын үлдээсэн олон юм байна, Арабын ертөнцөд ч мөн цөөнгүй бий, энэ Энэтхэгт л гэхэд Их Могулуудын хийж бүтээсэн, босгосон зүйлс асар их ажээ.


Дашрамд энэ Хумаан хаан өөрөө маш сайн зураач төдийгүй уран барималч, эрдэмтэн, одон оронч хүн байжээ. Түүний амьдрал ээдрээтэй хүнд бэрх.
Дараа нь Бабурынхны тухай дэлгэрэнгүй бичлэг оруулна аа.

Хубилай хааны усан флотоос олдсон нэгэн газрын зураг


Ш.Баатар

2003 оны 10 сард Анакэ-гийн тэнгисийн эрэг дээрх Нагасаки мужийн Шиматаба хотын Бурханы сүмээс өргөөшөө 2.8 метр, уртаашаа 2.2 метр хэмжээтэй Евроазийн нарийвчилсан газрын зураг олджээ. Кётогийн их сургуулийн эрдэмтэдээр толгойлуулсан шинжээчдийн баг уг зургийг Монголын Юань гүрний үед бүтээгдсэн эх зургийн хуулбар гэж тогтоосон байна. Энэ зурагт Xятадыг багтаасан Азийн газрын зургийг томруулан Африк тив, Европ тивийг нэлээд нарийвчлалтай зурж, газар орныг тодорхой тэмдэглэсэн байна. Ийм хэмжээний газрын зураг урд өмнө олдож байгаагүй ажээ. Уг зурагт Хятадын нутгийг томруулан зурсан, зургийн гарчиг дaxь Юань улсын үеэс эхлэх Евроазийг (Африк тивийг оруулаад) төлөөлөн хэрэглэх болон “Коницу” гэсэн хоёр ханз үсгээс үүдэн уг зургийн эхийг Юань улсад бүтээсэн гэж шинжээчид үзэж байна. Японы Эн-Эйч-Кэй компани энэхүү зургаас үүдэн “Хувилай хааны эзэнт гүрэн” гэдэг тусгай нэвтрүүлэг хийжээ.

Нэвтрүүлгийн гол үзэл санаа, ач холбогдол нь Хувилай хаан дэлхийн хуурай газрын ихэнxийг хамаарсан том гүрэн байгуулж, тэр цар хүрээндээ олон улс үндэстний худалдаа арилжаа хийдэг байсан тухай олон баримтаар нотлон харуулсанд оршино. 50 лангийн (2 кг) жинтэй “морин туурай” мөнгөн ембүүг гадаад худалдаанд, цаасан мөнгийг дотоодод хэрэглэж байсан, мөнгөний их ордыг эзэмшихийн тулд Хятадын баруун талын Дали улсыг эзэлсэн, худалдааны төлөөлөгчдөө ислам үндэстнээр бүрдүүлж Xятадын нутгийн гүнд олон арван мянган ислам худалдаачдыг суулгасан, далайн тээвэр хийх найдвартай усан онгоц бүтээсэн, Их нийслэлээ далайтай сувгаар холбохдоо усны төвшинг өргөж, газрын өөд хөлөг онгоцыг хөвүүлэх боомтын механизмыг бүтээсэн, эдийн засгийн том гүрнийг удирдахын тулд нийслэлээ Бээжинд шилжүүлсэн, хятадуудын сэтгэлийг татахын тулд Бээжингийн хааны их ордыг байгуулсан, худалдаачин орлогынхоо 30 хувийг авч үлдсэн 70 хувийг хааны санд өргөх системийг боловсруулсан зэрэг олон үйл хэргийг баримтыг нотлон үзүүлжээ.

Хувилай хаан 67 настайдаа Чамбай хатныг алдсaнаас хойш нэлээд зожиг болсон, хоёр удаагийн Японд довтолсон дайн нь бүтэлгүй болсноос сэтгэлээр унасан зэргийг өгүүлэх ялдамд нас өндөр болж 80 хүрээд таалал төгсөхийнхөө өмнө хөвгүүддээ үлдээсэн гэрээс нь Туркийн Истанбул хотын архивт монгол хэлээр, дөрвөлжин болоод уйгар үсгээр хадгалагдан үлдсэнийг үзүүлэв. “-Хөвгүүд минь ээ, Их улсыг удирдахын тулд хүн ардад хэрхэн дагахыг хүчээр тулгаж үл болно. Хамгийн чуxал нь хүн ардын хүсэл эрмэлзлэл, зүрх сэтгэлийг ойлгох хэрэгтэй” хэмээн гэрээсэлсэн байна. 700 зууны тэртээх Хувилай хааны эл гэрээс өнөөгийн Монголын төрийн тэргүүдэд хэрэгтэй мэт санагдана. Нэвтрүүлгийг доорх линкээр орж үзээрэй.

Ш.Баатар
2009 оны 12 сарын 2

http://www.youtube.com/watch?v=GMX0xNAMSQM&feature=PlayList&p=C85094625F2D0858&playnext=1&playnext_from=PL&index=11

http://www.youtube.com/watch?v=Zu0Ai7krOFs&feature=PlayList&p=C85094625F2D0858&index=12&playnext=2&playnext_from=PL

http://www.youtube.com/watch?v=ggzI_BPnd6w&feature=related

http://www.youtube.com/watch?v=0icbj0GSqKQ&feature=related

http://www.youtube.com/watch?v=vhTWm9eQVNc&feature=related

http://www.youtube.com/watch?v=pjYDg5mdW_o&feature=related

Sunday, February 7, 2010

Цагаан сарын цадиг буюу Мичид одны бодрол

Бас нэгэн сонирхолтой бичлэг копийдчихлоо.

Монгол Улс 1206 онд байгуулагдсан тэр үеэс Чингисийн тоолол буюу жарны тоолол үүссэн гэдгийг гадаадын олон Монголч эрдэмтэн батлан, ном бүтээлээ туурвиж, эрдмийн цол зэргээ хамгаалж байхад харин бид өөрсдөө энэ тооллыг эргүүлж аль нэг улсад өгөх гээд л, инээдтэй ч юм даа.

Цаг хугацаа өнгөрч 1368 онд Тогоонтөмөр хаан улсын хамаг архиваа орхин Хятадаас шахагдан гарсан үеээс бидний Монголчууд түүхийн чухал эх сурвалжуудаа гээж, гаднын Монголч эрдэмтдийн нүдээр л харан, эх түүхээ эргээж олж чадахгүй яваа ховорхон орны нэг болжээ.

Урьдын түүхээ хадгалж үлдээгүй ийм орон бол эгээтэй хоёр далайн хооронд цоо шинэ улсыг байгуулах гэж алдаж, онож амжилтад хүрсэн Америкчуудтай адил. Бидний дотоод сэтгэлгээнд байдаг бусдыг өөрийн гэж хүлээж авч чаддаггүй төрөлхийн зан чанараас хамаарч Номхон далайтай зүйрлэж болох Орос, Атлантын далайтай дүйхүйц Хятад гэсэн хоёр орны нөлөөнд байнга автан хэлмэгдсээр байна. Гадаад энэ хоёр “далайд” Монголын их гүрнээс энд тэнд үлдэж хоцорсон хүмүүс жижигхэн сал юмуу завин дээр суун, зарим нь 1001 шөнийн үлгэрийн Синдбад далайчин адил байдалд хугархай модноос зүүгдэн өрөөсөн гараараа Монгол нутгийн зүг сэлж байдаг билээ. Судсаар нь гүйж, зүрхэнд булгилах Чингисийн цустай эдгээр хүмүүсийн, энэ л зүрхний хүсэл болсон гэрэл гэгээ, нар нь Ар Монголчууд бид болж, Монгол нутагт урагшаа эсвэл хойшоо чиглэсэн салхи гарахад тэрхүү далайд шуурга үүсэн, хуйлрах их давалгаанд өртөн завьтай, салтай эсвэл хугархай модноос барьсан хөөрхий хүмүүс живж, зөвхөн азтай хэд нь үлддэг байх даа. Харин Ар Монголд байгаа бид хичнээн хүчтэй салхилсан ч хөмөрсөн тогоон дотор байгаа мэт халхлагдан, дотроо л бужигнах юм даа.
Түүхийн шарласан хуудсыг сөхөн аливаа улс орны тооллыг сонирхох явцад, хэн нэгэн хүн их улсыг захирах болсноо тэмдэглэн, тэр хааны тэддүгээр он гэх мэт хэлж заншсан байх юм. Харин бидний тоолол маань Монгол Улс нэгдсэн үеэс үүсэлтэй. Түүнийг дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлэх үйлс нь их хааны минь гавьяа. Угаасаа асар их уудам нутагт хэмжээлшгүй эрх мэдлээ тогтоож байж л дэлхийд тооллоо зөвшөөрүүлэх боломжтой. Бидний багад Хятадууд, цагаан сарыг Монголынх гээд, еэвэн сараа л тэмдэглэдэг байлаа. Үүнийг бүгдээрээ л мартчихсан байх юм. Малчны календарь тэргэл сайхан сарны зурагтай хэвлэгддэг байж билээ. Одоо өөр болж, нүүрэн дээр нь янз бүрийн гадаад нэртэй бурханы зурагтай хэвлэгдэх юм. Сумъяа, Ангараг, Буд, Бархасвад, Сугар, Санчир, Адъяа гэсэн долоон тэнгэрийн эрхэсийг сольж Буддын шашны найман Их гариг гэдгийн долоогоор нь Даваа, Мягмар, Лхагва гэх мэт нэрлээд, их нэг гариг илүүдээд хаягдчихсан байгаа нь хараажаар хүчээр тааруулсныг илтгэнэ.

Түүх сөхвөл: Хубилай хаан Хятадыг бүхэлд нь өөрийн мэдэлдээ авсны дараа ”Он тоолол Судлалын Хүрээлэн”-г үүсгэн, календарь болон он жилийн лавлах бичгийг их хэмжээгээр хэвлэх товчоог байгуулсан юм. Нэгэнт л Тэнгэрийн зарлигаар Их Гүрнийг захирах болсноор цаг хугацааг товлох, нар, сарны хиртэлтийг урьдчилан харах, улирал өөрчлөгдөхийг мэдэж байж энэ олон хүний сэтгэлийг эзэмдэх ёстойг Хубилай хаан мэдэрч байв.

Монголын эзэнт гүрэнд, хязгааргүй уудам нутагтаа, янз бүрийн засаглалыг агуулсан, өч төчнөөн олон улс хамтарсан асар том армиа удирдах, түүнийг дагасан хэрэглээг зохицуулахад нэгдсэн тоолол гарцаагүй шаардлагатай билээ. Зүүн Азийн орнуудад арванхоёр жилтэй тоолол байхад, Мусульмануудын сарны тоолол нь шашны тэргүүнээрээ, Персүүд тоолол эхлэх өдрийг өдөр шөнө тэнцлээр, зарим улс гаригийн хөдөлгөөн, оддын байршил, Санчир, Сугар гаригаар тооцоолсон байх жишээтэй. Европчууд нарны тоололтой боловч шашны баярууд, Мацаг барих, Улаан өндөгний баяр зэрэг нь сарны тооллоороо байсаар байна. Христийн шашны зарим урсгалууд, эдгээр баяруудыг өдрийн өөрчлөлт үргэлж оруулдагийг эсэргүүцсээр байна …

Монголын байлдан дагуулалтаас болоод хязгааргүй нутаг орон тэлэхийн хирээр худалдаа арилжаа өргөжиж, түүнийг зөв зохицуулахад ямар ч алдаа мадаггүй тооллын системийг, эзэнт гүрний бүхий л нутгийн дотор, жигд хэрэглэх ёстой болжээ. Монголчууд эзэлж авсан даруйдаа дэлхий болон од, гаригийн хөдөлгөөнийг судлах газрыг байгуулан, ажиглагч тавьдаг байсан нь нийгмийн болон шашны агуулгатайгаас гадна ард иргэдийн амьдралыг газар, газарт нь зохицуулах, идэвхтэй үйл ажиллагааны байршлыг тодорхойлох шаардлага байжээ.

Их хаан Табриз хотын орчим од гариг судлах том төв нэгийг байгуулсан боловч од гариг судлаачдыг олноор нь бэлдэхгүй бол газар нутаг нь дэндүү их байлаа. Монголын төв удирдлага нь салбар удирдлагууддаа од гариг судлаачдыг олох, од гариг судлах багаж төхөөрөмж бэлдэх, шинэ болон шинэхэн эзэлсэн орнуудын газрын зургийг зуруулах тусгай даалгавар өгч, Хүлэг хааны үед Араб, Перс хотуудаас одон орончдийг олноор нь өөрийн нутаг руугаа татаж, түүний дотор Жамал ад Дин гэж гайхамшигтай авьяастай од судлаач өөрийн астраноми судлах багаж хэрэгсэлтэйгээ ирсэн байсан нь Монгол одны зурхайн ухаанд ахиц дэвшил болжээ.

Оддын орны зураг, хүснэгт, дэлхийн бөмбөрцгийн анхдагч загварыг гаргасан нь одоо Улаанбаатарын төв музейд хадгалагдаж байгааг үзэж болно. 12 жилээр давтагдаж байсан тооллыг 60 жилийн хэмнэлттэй болгон өргөтгөж өсгөн сунгалаа. Ёрөөсөө агуу их гүрний нутаг дэвсгэрт хүн амын болон эд, агуурс, малын тооллогыг бүртгэж, татварын бодлогыг нарийн зохицуулахад үнэн, зөв, хангалттай урт цаг хугацаа, асар их хэмжээстэй тооллын систем хэрэгтэй.

Уламжлалт ёсоороо, хаан бүр өөрийн оныг гаргаж шинээр тоололтой болдог боловч Хубилай хаан өөрийн тооллыг гаргаж зүрхэлсэнгүй, улсын нэрийг Их Юан гэж сольж чадлаа. Чингисийн сар, мичидийн “Монгол зурхайн бичгийг” Их Юан улсын тооллоор үлдээв.

Одоогийн Монгол зурхайн цаг тооны бичиг нь билгийн улирлын тоололтой хавсран хэрэглэх боловч Монголын ёс заншил зөрчигдөж, түүхийн аливаа хуудсыг сөхөхөд адармаатай болжээ. Бас өдөр алдагдаж, давхцан зөрж, болохгүй болсныг харуулаад байна. 800 жилийн тэртээ ингэж зөрүүлсэн бол яах байсан бол …

Монголчууд бид эзэн Чингисээс эхлэн Мичидийн тооллыг хэрэглэж ирсэн юм. Өвөг дээдсийн ёсоор “Өдөр, сараа алдвал сар, мичдийн тохиолгоор ол” гэж сургаж захижээ.

Мичид одны сартай тохиох үеийг харгалзуулан уялдуулсан тоолол их амархан. Мичид од анх намрын эхэн сарын 21- нд сартай тохиох бөгөөд намрын дунд сарын 19-нд, намрын адаг сарын 17-нд, өвлийн эхэн сарын 15-нд, өвлийн дунд сарын 13-нд, өвлийн адаг сарын 11-нд, хаврын эхэн сарын 9-нд, хаврын дунд сарын 7-нд, хаврын адаг сарын 5-нд гэж сар бүр хоёр хоногын зөрөөтэй буурах маягаар таарсаар зуны эхэн сарын 3-нд сүүлчийн удаа харагдаад тэнгэрт үзэгдэхээ байхыг “Мичид жилийх “гэж нэрлэнэ. Сар, мичдийн байршлаар улирлыг шинжихэд хаврын 3 сарын тохиолго бусад сараас хатуу өнгөрдөг. Үүрийн гялаан, чонын нүдэн хоёр од тэнгэрт үзэгдвэл нэн сайн байна.

Хэдийгээр улирал сарыг Мичид харж шинжиж болох боловч оны эхлэл гарахыг гарцаагүй тохиолдлоор л сонгох ёстой. Өвлийн адаг сарын 25 нд Ласар од жилдээ нэг л удаа үзэгдээд алга болдог бөгөөд энэ үеийн сартай тохиох байдлыг гарын алгаар багцаалдан Монголчууд бид ирэх шинэ жилийнхээ өнгийг үздэг байжээ.

Гарын хурууны үзүүр, дунд хэсгээр тохиолбол цастай зудтай гээд, харин бугуйн тушаа байвал “алтан шуу” гэж ихэд бэлгэшээн өнгөтэй өөдтэй явах, өнтэй жил ирэх нь гэдэг юм. Энэ бүхэн чинь мэргэ, төлөг биш шүү.

Түүхээс үзэхэд: … Улаанбарс жил, Тайцу дөчин таван настай, арван хоёр сарын шинийн нэгнээ хаан оронд сууж, улсын нэрийг Монгол хэмээн халж, Монгол Улсын Чингис хааны тэргүүн он хэмээв. Сүн улсын Нинцун-гийн Кай Си гийн хоёрдугаар он. Алтан улсын Тай Хэ-гийн зургадугаар он.

Бурхан тэнгэр есөн өрлөгийн бэлгэ ерөөлийг есөн зүйлээр хайрлав

Богд Чингис хаан түмэн үеийн хааны ширээнд суув … гэжээ.

Инжаннашийн “Хөх судар”-ын (2005 он)хоёрдугаар ботийн 409-р хуудсанд он цагийн алдаа гарчээ. Уул нь :

… Улаанбарс жил, Чингис 45 настай. Өвлийн адаг сарын шинийн нэгнээ хаан оронд сууж ... гэж байсан байна.

Өвлийн адага сарыг 12 сар гэж орчуулж болохгүй л дээ.

Гэхдээ энэ хоёрын аль аль нь буруу байна. Инжиннаши Ласар одны сартай тохиох шинжийг мэдээгүйн гайгаар”шинжээд”гэдэг үгийг ойлгоогүй орхигдуулжээ.

… Улаан барс жил. Чингис 45 настай. Өвлийн адаг сарыг шинжээд шинийн нэгнээ хаан оронд сууж, улсын нэрийг Монгол хэмээн халж, Монгол улсын Чингис хааны нэгдүгээр он хэмээв гэж бичвэл бүх зүйл утгаа олж,


1. Их Монгол улсыг байгуулав

2. Тэмүүжин Чингис хаан болов

3. Улс даяар нэгдсэн тооллыг авч Чингис хааны нэгдүгээр он гарлаа гэж

ойлгогдоод, аяндаа “Эрийн гурван Наадам” хийхийн учир нь тайлагдаж, сарны тоолол чинь Чингисийн тоолол болох нь хялбархаан танигдаж, Цагаан сарын шинийн нэгний өдөр нь Монгол Улс тунхаглагдасны “Их наадам”-ын баярын өдөр болж байна.

Мөн энэ хэсгийн дараа Бурхан тэнгэр гэсэн үгийг засаж Мөнх Тэнгэр гэж солих ёстой. Элэнц өвгөдийн сургааль ёсоор Мөнх Тэнгэрээ шүтэж, ард түмнээ хайрлаж Эзэнт Гүрнээ байгуулсан билээ. Чингисийн Монгол сарны тоолол нь Өвөр Монголд арван долдугаар зууны үед будилж байна. Хэдийгээр Инжаннаши Чингис хааны 28 үеийн үр, их бичгийн хүн боловч Хятад газар удаж Монгол хэл соёлоос хөндийрсөн тул үг үсгийг бүрэн ойлгохгүй ургын дотор өвгөд, хөгшидөөс асууж байсан тухайгаа өөрөө бичиж үлдээгээд, утгийн алдаа гарвал Ар монголын хүмүүсээс асуу гэж захиж үлдээжээ.

Бас нэгэн жишээ: 2003 онд гаргасан таван боть “Монгол улсын түүх” номын дөрөвдүгээр ботийн 296-р хуудсанд монгол зурхайгаа мартасны гайгаар:
… Энэтхэг, Түвдийн ба Хятадын тэнгэрийн зурхай нилээд дэлгэрч, лит, хуанли зохиох, зурхайн ном орчуулах ба зохион бичих ажил хийгдэж байсан юм. Энэтхэг Түвдийн мэргэдийн зохиосон зурхайн олон нэртэй судрыг Монголоор орчуулснаас гадна Хятадын тэнгэрийн зурхайн гол зохиолууд болох “Юй-ся-зи”(Хас хуурцаг), “Солбицон барих бодрол”(1712 оны нэмэлт засвар) зэргийг Хятад хэлнээс монголчилжээ ... гэж бичсэн байна. Энэ нь Хятад, Түвд зурхайг Монголд түгээлээ гэсэн утгыг агуулахаар болчихжээ. Сүүлийн үед Түвд хэлний зохиолуудыг Монгол хэл дээр их орчуулж байна. Энэ орчуулгыг хийхдээ: Түвд бичиг, Хубилай хааны Их улсын төрийн бичиг байсан болон Сарны тооллын дарааллыг санаж байвал бидний хувьд дээр юм сан. Хубилай хаан, оюун ухаант хүмүүсийн дунд, удирдлагын системийн түүхэнд анх удаа нэгдсэн нэг бичигтэй болгох оролдлогыг хийжээ. Түүний бодлоор энэ дэлхийн олон хэлтэй хүмүүсийг нэгэн бичгийн хэлтэй болгох гэсэн санаа байлаа. Энэ эрх Түвдийн Буддийн урсгалыг дагагч Пагва ламд олдож, Түвд бичгийн 41 үсэгтэй хувилбарыг 1269 оноос Төрийн нэгдсэн албан ёсны бичиг болгон хэрэглэжээ. Хятад эрдэмтэд ямар нэгэн аргаар уг бичгийг хэрэглэхийн хамт өөрийн хятад бичгийг давхар авч гарч чадлаа. Энэхүү бичгийн Соёлын Түрэмгийлэл нь дөнгөж Монголын засаглал унамагц устан үгүй болж бидний соёлын өвийн бас нэг хэсэг Түвд бичигтнүүдэд ноогдон үлдэж өвлөгдлөө. Гэхдээ энэ бичгийн соёлыг түгээх явцад энгийн ард иргэдэд бичиг сургах сургууль бий болгосон давуу тал бий. Өөрөөр хэлбэл Түвдээр бичигдсэн болгон Түвдийн ном, зохиол биш, бас ч үгүй зарим нь Монголын их гүрний маань бидэнд үлдээсэн өв юм.

Цаг тооллыг мэдэхгүйн хар гайгаар түүхээ өөрчлөөд байвал дээрх алдаа давтагдаж “Эрийн гурван наадам” чинь Монгол шүү гэж хичнээн хашгираад ч батлах баримт гаргах “Хүнгүй” болно. Монгол наадам эрийн хүч самбаа сорьсон сайхан зүйл шүү.


Хүдэр чийрэг эрчүүд хангарьдийн дэвээгээр дэвж,

Хөрслөг бор хүүхнүүд нь түүнийг харан баясна.

Аргамаг хурдан хөлгүүд нь туурай жирэлжүүлэн хурдалж,

Ард нь суусан хүүхдүүд хоолой мэдэн гийнгоолно

Хүчит нумын эрч ган мэт хөвчрөн тэвхийхэд

Хүнгэнэх сумны дуунаас салхи нь хүртэл номхорно


1253 оны Үхэр жил кристийн лам Рубрук Уильям Монголд Францын хааны элч төлөөлөгчөөр айлчлах хугацаандаа Монголын цагаан сарыг үзэж таарчээ. Том дуганд Мөнх хаан, хатантайгаа торгоор ороосон алтан суудалд заларч дуганы голд их гэр хэлбэртэйгээр хуйтай торго, дурдангаар бэлэг овоолон бэлдэж тавьсан байх бөгөөд, Их хаан босч Мөнх тэнгэрийн шашиндаа сөгдөн магтаал хэлээд ёслолын хаалгаар гарахад хааны хатан үлдэж хурсан олонд хувь, бэлэг хүртээж өгөөд, хундага хундгаар жимс, будаан дарс, хул хулаар айраг аяглан бариулахад, олон ард даган баясч хатанд ая дуугаа өргөсөөр хэдэн ч удаа тойрсны дараа эрдэнийн мөнгөн царан дээр эвдэж чанасан хоньны бүхэл юугаа булуу цагаан загасан бүхэлтэй дуустал нь тараан дайлсаар найр хавтгайран орой болж, хатан согтож тэргэндээ залрах үед, баясан цэнгэсэн хурсан олон өгөөмөр хатнаа магтан дуулж, хурайлан үдэж өгөхийг харсан гэрч болжээ.


Монгол Улс байгуулагдаад Чингисийн анхны хийсэн Наадам их хувь хүртээж, цол зэрэг шагнаж, зэрэг дэв тодорхойлж хийгджээ. Энэ тухай “Нууц товчоо”,”Хөх судар”аас дэлгэрэнгүй үзэж болно. 13-р зууны үеийн хэрэглэж байсан сарнуудын нэрнээс харахад, Чингис хаанаас хувь авсан өдрөөр эхлээд нүүдэлчин Монголчуудын өдөр тутмын мэдэх хүрээлэх орчин, амьтдын хэвшилийг дүрсэлсэн байх юм. Одоо ч гэсэн хөдөөний малчид амьтны ирэх, буцах, өдлөх, орооны үе зэргээр цаг хугацааг нарийн хэлдэг билээ. Хөхөө хэзээ ирдэг вэ гэвэл хотын бид ч 5 сард гээд хэлээд өгөх биз. Чухамдаа ан, амьтад л сар, эрхсийн тооллоо биднээсээ илүү мэдэх юм даа.

Чингисийн хэрэглэж байсан Мичидийн тооллын саруудын нэрийг оролцуулан Монгол зурхайг бичвэл (Өвлийн адаг сарын 25 ны Ласар одоор шинжиж ирэх жилийнхээ өнгийг гаргана)

1. Хувь сар - шинэ сарын 9 нөө Мичид тохионо - Чингис хааний хувь хүртээх сар

2. Хужир сар - хаврын дунд сар,шинийн 7-нд тохионо -Хужир ургах үе

3. Өвөөлж сар- хаврын адага, шинийн 5-нд Мичид тохионо -Өвөөлж ирэх цаг

4. Хөхөөн сар -зуны эхэн, шинийн 3 нд Мичид жилийнэ -Хөхөө донгодох үе

5. Уларан сар -зуны дунд сар, 6 сарын эхэн үе -Хур, сойр сүрэглэнэ

6. Үүрнээ сар -зуны адага сар, 7 сарын эхэн үе -Үүрнээ өдлөх үе

7. Гуран сар - намрын эхэн, шинийн 21-нд Мичид тохионо -Гурын орооны үе

8. Буган сар - намрын дунд, шинийн 19-нд тохионо -Бугын орооны үе

9. Хучан сар -намрын адага, шинийн 17-нд Мичид тохионо -Аргалын орооны үе

10.Хулаан сар -өвлийн эхэн, шинийн 15-нд тохионо - Тэнгэр зудлах, навч шарлах

11.Их бураан -өвлийн дунд, шинийн 13-нд тохионо - Их цаслах, ид орооны үе

12.Бага бураан -өвлийн адага, шинийн 11-нд мичид тохиож, -Цас багасаж, орооны шинийн 25-нд Ласар одоор ирэх оноо шинжинэ, үе дуусна

Түүх соёлоо дээдлэе!


Абатай сайн хааны 17 үеийн үр, Боржигин Самбуугийн Болдбаатар

Конкорд хот, 2010 /02/04