Sunday, August 1, 2010

Энэтхэг дэх Их Монголчуудын түүх – History of the Great Mughal

Ялалт амжилт, яруу алдар хийгээд гунигт төгсгөл

(Цуврал-2)

Түүхэн найруулал

Хоёр: Энэтхэг дэх Их Монголчуудын язгуур гарвал хийгээд Могол, Монгол хоёр нэг үг болох нь

Энэтхэг дэх Их Монголчуудыг “mughal, moghul, mogul” хэмээн түүхийн болон бусад ном зохиолуудад янз бүрээр дуудаж, бичиж тэмдэглэсэн байх юм. Сүүл үеийн түүхийн ном бичгүүдэд “mughal” гэсэн нь түгээмэл тааралдана. Ихэвчлэн “Great Mughal” гэжээ.

Монгол хэлнээ олонхдоо Могол, зарим үед Могул гэж буулгаж, нэршсэн байна.

Ер нь урьд өмнөх Монгол үндэстний түүх бичлэгт Энэтхэг дэх Их Монголчуудын түүхийг дурдсан нь ер үгүй, энэтхэг оронд цөөн ч гэсэн монгол хүн байж, тус улс үндэстнийг хэдэн зуунаар удирдан жолоодож, шинэчлэн бүтээж, алдар суу, баян тансаг нь дэлхий даяар дуурсаж байсан баялаг түүхийг үл мэдэгч, үл тоогч байдлаар өнгөрсөөр ирсэн, тэр ч бүү хэл Энэтхэгийн монголчуудыг Монгол биш, монголчуудтай огт хамаагүй гэх үзэл хандлага монголчууд бидний дунд түгээмэл байдаг нь дээрх түүх бичлэгт үлдээсэн онгорхой орон зайн үр урхаг болов уу. Энэтхэг дэх Их Монголчуудын түүх бол яаж ч үгүйсгэж, баллуурдах аргагүй Монгол үндэстний их түүхийн нэг хэлтэрхий, салаа салбар нь юм. Үүнийг дэлхийн монгол судлаач эрдэмтэд төдийгүй энэтхэгийн түүхч мэргэд хүртэл ном бүтээлдээ зүйл бүрээр бичиж тайлбарласаар байтал монголчууд бид өөрсдөө харин биш ээ хэмээн зүтгэх нь инээдтэй, эмгэнэлтэй.

Бид Египед, Ойрхи Дорнод дахь Ил хаант улсын, Дундад Ази дахь Цагаадайн улсын, Орос, Дорнод европ дахь Алтан ордны, Хятад болоод Зүүн өмнөд Ази дахь Их Юань улсын түүхийг Монгол үндэстний түүхийн нэг хэсэг гэж үздэгийнхээ адилаар Энэтхэг дэх Их Монголчуудын түүхийг ч тийн үзэх нь зүйтэй санагдана. Ойрхи дорнодод ч, Дундад Азид ч, Орост ч монголчууд бүс нутгийнхаа хүн амын үнэмлэхүй цөөнх нь байсан, гэсэн хэдий ч тэд тухайн улс орнууд, үндэстнүүдийг удирдан чиглүүлэгч, эзэгнэн захирагч, дарангуйлагч нь байсныхаа хувьд тэдний үйл хэрэг, санаа зориг, нөлөөлөл, ул мөр бүхэн нь бүс нутгийнхаа хөгжил дэвшил, улс үндэстнүүдийн хувь заяанд онцгой чухал ач холбогдолтой байж, түүхийн хүрдийг залан эргүүлэгч гол хүчин зүйл болж байсан байдаг. Тиймээс л өнөө Алтан орд, Ил хаад, Цагаадайн улс хийгээд Юань гүрний түүхийг Монголчуудын түүхийн нэг хэсэг гэж зүй ёсоор үзэж буй. Энэтхэг дэх монголчуудын түүх ч мөн чанар, агуулгын хувьд дээрхтэй яг адил юм.

Эл учир “Энэтхэг дэх Их Могол” гэх бус “Энэтхэг дэх Их Монгол” хэмээн бид бичиж, ойлгож хэвших нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж, энэхүү түүхэн найруулалдаа тийн зүрхлэн бичиж буй болно.

Үүний тулд Энэтхэг дэх монголчуудын угсаа гарвал болон “Монгол” хэмээх үг Перс, Энэтхэг зэрэг хэлнээ хэрхэн “Могол” болон хувирсан хоёр хүчин зүйлд уншигчдын анхаарлыг хандуулах нь зүйтэй болов уу.

***

Энэтхэгт Бабаар хааныг Дундад Азиас ирсэн Түрэг эсвэл Узбекаас гаралтай гэсэн ойлголт түгээмэл байх шиг ажиглагдсан. Арга ч үгүй байх, энэтхэгийн дунд сургуульд түүхийн анхан шатны ойлголтын түвшинд Бабаар хаан болон XIV-XVI зуунд Дундад Азид тогтнож асан Моголстан хэмээх Цагаадайн улсын болон Төмөр хааны уг гарвалын тухай нарийвчлан заадаггүй хойно.

Гэвч мэргэжлийн түүхч болон түүхийн нэлээд нарийн мэдлэгтэй, боловсролтой давхаргынхны хувьд Моголууд бол Монголчууд юм гэдгийг биднээс илүү сайн мэддэг юм билээ.

Делийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Сатиш Чандра нь Энэтхэгийн дундад зууны түүхийг, ялангуяа Их Монголчуудын түүхийг нарийвчлан судалсан хүмүүсийн нэгэнд тооцогддог. Тэрбээр “Дундад зууны Энэтхэг: Султанаас Моголчууд хүртэл. Моголын эзэнт гүрэн” /Medieval India: From Sultanat to the Mughals. MUGHAL EMPIRE(1526-1748)/ номдоо Энэтхэгийн Их Монголчуудын угсаа гарвалыг Барлас овгын Төмөр болоод Чингис хааны хүү Цагаадайн угсааныхан болох Монгол хан, Казан ханаас гаралтай болохыг онцолсон байна.

Жавахарлал Неру “1526 онд Дели дэх дорой буурай, өөдгүй афганы султаныг Бабур ялснаар Энэтхэгт шинэ эрин үе, Монголчуудын шинэ эзэнт улсын үе эхэлжээ” хэмээн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номынхоо хоёрдугаар ботийн 88 дугаар бүлэгт бичжээ. Тэрбээр “Моголуудын шинэ эзэнт улсын үе” гээгүй “Монголчуудын шинэ эзэнт улсын үе” хэмээн зориуд цохон бичсэнийг анзаарахгүй байхын аргагүй.

Сүүлийн саруудад Энэтхэгт гайгүй гүйлгээтэй номын нэг болоод буй

Алекс Рутерфордийн “Моголын эзэнт гүрэн: Умардын түрэмгийчүүд” /Empire of the Moghul: Raiders from the North/ романд Бабаар хаан өвөг дээдэс болох монголчуудын хийгээд Чингис хааны түүхийг сайтар мэддэг, түүнээс олонтаа үлгэр авдаг, бахархдаг байсан тухай хэд хэдэн газарт дурдсан байна. Энэ ном уран зохиол хэдий ч түүхэн эх үндэс дээр суурилсан нь тодорхой.

Мөн германы нэртэй дорно дахины судлаач Аннемари Шиммэлийн “Их Моголын эзэнт гүрэн: Түүх, урлаг, соёл” /The Empire of the Great Mughals: History, Art and Culture/ номд ч Могол хийгээд Монголын хоорондох холбоог тодорхой дурдсан байна.

Делийн Educational Trust хэвлэлийн газрын эзэн Сри Самаж “Монголчуудаас Чингис, Хубилай, Хүлэг, Бабаар, Акбар гээд олон их хаад төрсөн” хэмээж байсан.

Бабаар хаан нь эцгийн талаасаа Төмөр хааны, эхийн талаасаа Чингис хааны шууд угсаатай хүн юм. Бабаар өөрөө бичсэн намтар “Бабаарнама”-даа ч үүнийг маш тодорхой бичиж үлдээжээ. Түүний эцэг Ферганы захирагч Омар шейх Мирза нь Доголон Төмөр хааны дөрөвдэх үе, харин ээж Хөтлөг хатан нь Цагаадайн улсын үлдэгдэл болох Моголстаны хаан Үнүсийн охин байжээ.

Бабаарыг монгол биш, түрэг хэмээхийн үндэс нь түүний эцгийн талын дээд өвөг алдар цуут доголон Төмөр хааныг монгол биш, түрэг гэх түгээмэл ойлголтоос үүдэлтэй. Түрэгүүд ч заримдаа Төмөрийг монголжсон түрэг хүн гэдэг. Зүй нь түрэгжсэн монгол хүн юм. Өнөөгийн Болгар, Босни-Серби, Унгарыг ниргэж Европыг чичрүүлж байсан Түрэгийн Их султаан сохор I Биязидийг 1402 онд доголон Төмөр хаан эх нутаг дээр нь, Анкара хотын ойрмогхон хиар цохиж, өөрийг нь олзлоод шувуу мэт алтан торонд хийж, зугаа цэнгэл хийн дэргэдээ авч явж, гайхуулдаг байсан гэдэг. Тэгэхэд түрэгүүдэд Төмөр нь харийн түрэмгийлэгч л байсан даа.

Узбекуудын хувьд Төмөр хаан бол улс гүрнийг нь үндэслэгч нь, эцэг нь, бахархал нь болдог. Төмөр хааны үйл ажиллагааны үр дүнгээр энэ улс үүсэн бий болж, өнөөдөр улсын чинээтэй байгаа учир аргагүй байх. Өнөө Төмөр хаан бол Узбек улсын нэгэн бахархал, үндэсний сэргэн мандлынх нь нэг өгөгдхүүн болж байна.

Гэхдээ л Төмөр нь язгуурын монгол байсныг түүх судар илхэнээ гэрчлэх бөлгөө. Тэрбээр язгуурын монгол аймаг болох Барласын их ноёны хүү бөгөөд эхийн талаасаа бол Зүчийн угсаатай байж. Барлас нь 1206 онд Их Монгол улс байгуулагдахад бүрэлдхүүнд нь багтаж байсан 26 овог аймгийн нэг. Барласын Хубилай баатар нь Чингис хааны шадар өрлөг, дөрвөн хошуучийн нэг билээ. Төмөр өөрөө Чингис хаанаар бахархаж, түүнийг дуурайхыг эрхэмлэж, түүний цэрэг дайны арга барилыг гарамгай суран, түүний удамд улам ойртохын тулд Цагаадайн угсааны хааны охинтой, өөрөөр хэлбэл Чингисийн угсааны гүнжтэй гэрлэж байжээ. Түүний залгамжлагчдийн дунд Чингисийн болон монгол угсааны гүнжтэй хуримлах нь түгээмэл байсан ба 100 гаруй жилийн дараа ч Бабаар хаан мөн монгол угсааны Мэнлиг(Manglig) гэдэг овгийн тэргүүний охин Аюуш гэгчийг их хатнаа болгож байсан гэдэг. Энд хоёр зүйл анхаарал татаж байна. Нэгд 1500-аад оны үед Дундад Азид Мэнлиг(Mаnglig) нэртэй монгол овог аймаг оршиж байсан явдал юм. Энэ нь Тэв тэнгэрийн эцэг, Хонхотны Мэнлиг эцгийн 13 хүүхдийн үр хойч гурван зууны дараа овог аймаг болтлоо өсөж үржин, монголын тулгар төрийг төвхнүүлэхэд үнэлж баршгүй гавьяа байгуулан “Мэнлиг эцэг” хэмээн түүхэнд тод үлдсэн гавьяат дээд өвгийнхөө нэрээр овог аймгаа нэрийдэж явсан байж болох талтай. Хоёрдахь нь Бабаар хааны анхны хатан болох дээрх мэнлиг овгийн тэргүүний охин нь Аюуш (Ayushi) хэмээх түвд гарвалийн нэртэй байгаад юм.

Энэ Аюуш нэр нь Дундад Азид байсан Цагаадайн угсааны монголчууд нь ойрдуудыг 1615 онд Түвдийн бурхны шашинд бүрэн орохоос өмнө, Түмэдийн Алтан хаан 1578 онд Хөхнуурын Цавчаал сүмд түвдийн Сономжамц ламтныг залж, Далай лам цол олгон Төв монголд бурхны шашныг албан ёсоор залахаас ч өмнө Түвдүүдтэй шашин соёлын нягт харилцаатай байсны нэг илрэл байж магад. Ер Дундад Азид байсан Монголчууд бусад монголчуудаас өмнө Түвдтэй шашин соёлын холбоотой болсон нь газар нутгийн ойр дөхүү гэхээс илүүгээр баруунаас улам бүр шахаж байсан лалын шашны нөлөөллөөс сэргийлэх гэсэн оролдлого байсан ч байж болох юм. Эдгээр нь монгол үндэстний түүхэнд маш их байдаг судлах эзнээ хүлээж буй хөндөгдөөгүй сэдвүүдийн нэгээхэн хэсэг төдий юм.

Ирланд, Финийн эрдэмтдийн хийсэн генийн судалгаагаар Доголон Төмөр нь өөрөө Чингисийн угсаа байх магадлал маш өндөр байгаа гэсэн мэдээлэл гарсан байсан. Үгүй гэх аргагүй. Учир нь Чингис хаан бүх монголын аймаг, овгуудыг үр хүүхдүүддээ хувааж өгсөн бөгөөд тэдний үр ач, удам салтар нь аажмаар тухайн овог аймгуудынхаа эзэн ноён нь болдог уламжлал дундад зуунд нэгэнт бий болоод байв. Нэн ялангуяа дундад азид сохор, доголон, тэнэг мунхаг ч хамаагүй алтан ургийн шууд удмын хүн л хаан, жолоодогч суух зөрчиж болдоггүй зарчимтай байсан юм. Дээр дурдсан Сатиш Чандра “Монголын эзэнт гүрэн нуран унасны дараа ч Төв Азид Чингис хааны үр удам биднийг хууль ёсоор захирах учиртай гэсэн ойлголт удаан хугацаанд оршиж байсан” хэмээн Гави Хамблийн “Central Asia” (London 1969) номоос зүгээр нэг иш татаагүй байх.

Төмөр ч өөрийгөө их хаан гэж нэрлэж зүрхлээгүй бөгөөд эмир гэдэг удаах зэргийн цол хэргэм хэрэглэж байсан төдийгүй алтан ургийн Хусейн гэгчийг хаан ширээнд билгэдэл төдий залж, өөрөө өмнөөс нь бүхнийг шийдэж байсан билээ. Гэвч энэ нь Төмөрийг алтан ургийн биш гэдгийг нотлохгүй, харин тухайн үед хаан ширээ залгамжилж байсан алтан ургийнхны гол гэр бүлээс нэлээд дээр холдож, хөндийрсөн нэгэн салтар байсан байж болох талтай. Өөрөөр хэлбэл Төмөрийн эцэг Барлас овгийн ноён Тарагай нь хэдий алтан ургийн гарвалтай ч шууд хаан ширээ залгамжлах эрхгүй холдож хөндийрсөн, хаан угсааныхны дээд, доод аль нэг үеийн төрөл овогтон байсныг үгүйсгэх аргагүй.

Ер нь өнгөрсөн зууны эхэн гэхэд монголд тайж угсгаатай хэдэн мянган хүн байсан ба тэд бүгд Чингис хааны цустай, алтан урагт харьяалагддаг хүмүүс байсан байна. Учир нь тайж гэдэг бол ван, гүнгийн адил гавьяа зүтгэлээр шагнал болгон өргөдөггүй, зөвхөн алтан ургийнхны л дархалсан нэр болон үеэс үед, үрээс үрд уламжлагдан ирсэн байдаг. Зөвхөн боржигон овогт л тайж нар байсан юм биш, урианханы, олхонудын, жалайрын, бэсүдийн гэх мэт монголын бүх овог аймгуудын тайж нар нь угсаа гарвалын хувьд адилхан алтан урагт харьяалагдаж байжээ. Харин хаан ширээ залгамжилж яваа тухайн голлох буюу шууд удмын гэр бүлд хэр ойр вэ гэдгээрээ л ялгагдаж байсан ба өнгөрсөн зууны эхэнд байсан тэр олон тайж нараас зөвхөн Халхын дөрвөн хан, түүний дотор Сайн ноён хан Намнансүрэн нь Чингис хаанаас хойшхи төдий хүртлэх Монголын хаан ширээ залгамжилж ирсэн удамд хамгийн ойр бөгөөд хаан суух хамгийн давуу эрхтэй хүн байжээ.

Төмөр хааны үүх түүхийн талаарх нэлээд сайн судалгааны бүтээл болсон хэмээн үнэлэгдээд буй Жастин Мароззийн “Tamerlane: Sword of Islam, Conqueror of the World” номд “Төмөр нь Цагаадайн юм уу, түрэгжсэн монгол, эсвэл түрэг хүн. Гэвч би Төмөр бол Татар хүн гэдэг Европчуудын үзлийг дагадаг” гэжээ. Европ дахинд дундад зууны үед Монголчуудыг Татар хэмээн нэрийдэж байсныг бид сайн мэднэ. Ялангуяа Алтан орд, түүнээс салбарласан хаант улсуудыг Татар хэмээн ерөнхий нэрээр нэрлэж ирсэн. Жастин Мароззи цааш нь “Төмөрийн эцэг Тарагай нь Барласын ноён. Барласууд нь Татарууд буюу Монгол гаралтай түрэг хүмүүс юм. Тэд XIII зуунд Төв Азийг байлдан дагуулсан Чингис хааны удмынхан билээ” гэжээ. Тарагай ноёны хатан нь Зүчийн удмын гүнж байсан. Энд бас нэгэн сонирхол татам баримт буй нь Төмөр хааны үеэс эхлэн түүний нийслэл болсон Самарканд хотын дотор хэрмийг “Хөх сарай” хэмээн нэрлэж байсан нь Алтан ордныхон хаан суурингаа Сарай хэмээн нэрлэж байсантай адил байна. Мөн Алтан ордны хаан Тогтамышыг Төмөр хаан ихэд ивээн тэтгэж, ойр дотно явсан /харамсалтай нь Тогтамыш хожим Төмөрийн ивээлийг умартаж, өстөн болсноор түүний хувь заяа төгсгөл болсон билээ/ зэрэг нь Төмөр хаан нь Дундад Азид байсан Цагаадайн угсааныхнаас илүүгээр Дорнод орос, Астрахан, Кипчакийн уудам талаар нутаглаж байсан Алтан орныхонтой ойр сүлбээтэй байсны илрэл байж тун магадгүй юм.

XVI зуунд бүтээгдсэн Абдул Хатифийн “Төмөр хааны цадиг түүх” /Timurnama/ номын 1387 онд Төмөр хаан Исфаханыг түрэмгийлэн эзэлж буйг харуулсан зурагт Исфаханы хэрмийн гадна өлзий хээн бүрээстэй монгол гэрийн зураг, мөн XVI зуунд бүтээгдсэн Шараф ад-дин Алийн “Зафарнама” номын 1402 онд Анкара хотын дэргэдэх тулаанд Төмөр хаан Түрэгийг бут цохиж, Султан Биязид I-ийг баривчлан асартаа авчирч буйг харуулсан зурагт монгол өрхтэй асрын цаана буй хоёр монгол гэрийн зураг тодоос тод дүрслэгдсэн байдаг нь Төмөр хаан өвөг дээдсээс уламжлалтай монгол гэрээ аян дайны цагт ямагт хэрэглэж явсны гэрч юм.

Энэ бүхнээс үзэхэд Доголон Төмөр хаан нь аль ч талаасаа монгол байсан ба түүний эхнэр ч, үр удам нь ч Бабаарыг хүртэл цэвэр явж иржээ.

Энэтхэгийн Их Монголчууд өөр хоорондоо Цагаадайн хэл хэмээх өдгөө нэгэнт устаж үгүй болсон хэлээр ярилцдаг байсан ба өнгөрсөн зууны эхэн хүртэл Энэтхэгт зөвхөн дээдэс язгууртны, ордны түвшинд буюу Их Монголчууд л өөр хоорондоо энэ хэлээр ярьдаг байжээ. Хэдэн зууны туршид оршиж ирсэн Цагаадайн улсын төрийн хэлийг ийнхүү Цагаадайн хэл (Chagatai language) гэж нэрлэж байсан байдаг. Дундад Азид нэгэн үе, ялангуяа XV-XVI зууны үед өргөн хэрэглэгдэж байсан энэ хэл нь түрэг хэлний ай савын нэг салбар болох уйгур хэлний нэлээд эртний хэлбэрт суурилсан, монгол язгуурын үг олонтой байжээ.

Бабаар хаан энэ хэлээр намтраа бичсэн нь уг хэлний бичгийн томоохон дурсгалын нэгэнд ордог.

Гагцхүү Дундад Азид аж төрсөн жалайр, барлас, бэсүд зэрэг олон монгол аймгууд нь он удаан жил түрэг зон олонтой холилдож, цөөнх нь болж, дээрээс нь лалын шашинтан болцгоож, энэ шашны болон түрэг, персийн соёлын нөлөөнд гүнээ автсан нь тийнхүү түрэгжиж, харьжихийн үндэс шалтгаан болж, улмаар тэднийг ийнхүү түрэг гэж үзэх ойлголт хандлагыг түгээмэл болгосон хэрэг бололтой.

***

Одоо Монгол хэмээх үг түрэг хийгээд перс, энэтхэг, араб зэрэг олон хэлэнд Могол, Мугал, Могул болон хэвшсэн тухайд сонирхож үзье.

Монгол гэдэг нэрийн Н нь юуны учраас, хэзээнээс эхлэн гээгдэн хэвшсэн талаар нэрт монголч эрдэмтэн Игорь де Рахевилз сонирхолтой ажиглалт бүхий өгүүлэл бичсэнийг Хэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ өнгөрөгч онд орчуулан www.dayarmongol.com онлайн сониноор дамжуулан олонд хүргэсэн билээ.

Игорь де Рахевилз “Ази болон Европ дахь Монголчуудын нэр” өгүүлэлдээ “... XII, XIII зууны үед Төв болон Өрнөд Ази, мөн Европод монголчуудыг нэрлэх нэр нь нэг бол Tatar/Tartar эсвэл Mogol (Moγol)-ын хувилбар л байсан байдаг. Mongol (Mongγol) хэмээх үг хааяа тааралддаг боловч яг Төв, Өрнөд Азид бол огт тийн тэмдэглэгдээгүй юм.

... Тэр үеийн (XIII зууны дунд, сүүл үе) Төв болон Өрнөд Азид Монголыг нэрлэж байсан үгсийг харахад түргүүд ч тэр, персүүд ч тэр, тэр ч бүү хэл Монголтой ойр харилцаатай бусад үндэстнүүд, бүгд Монголыг n – гүй бичсэн байдаг. Түргүүд Монголыг Moγul, Moγal (Цагаадайн түрэг хэлэнд Moγul) гэдэг нь монгол хэлний Mongγol, Mongγal-тай дүйцэх хэлбэр бол перс хэлэнд Moγōl/ Muγūl мөн Moγāl/ Muγāl (мөнөөх үгсийн өөр өөр галиг), Араб хэлэнд харин Mughūl (перс шиг), Индустанд Mugh(a)l, Армени хэлэнд Muγal, Сири хэлэнд Muglaye буюу Mugal-ын авиа тонгорсон хэлбэр, Грек хэлэнд харин Moυγούλιοι (Muγul-аас үүдэлтэй) хэлбэр тус тус тохиолдоно. Энэ бүх хэлбэр дэх эгшгийн хувирлыг хялбархан тайлбарлаж болно, харин гагцхүү мөнөөх n хайчдаг билээ?

... Монголчуудад өөрсдийнхөө бичиг үсгийг анх заасан, хэдэн арван жил тэдний бичээч, туслахаар ажилласан, Монгол эздэдээ зориулан монгол хэлээр гаргасан зарлиг, бичгийн эх зэрэгтээ Mongγol гэж дандаа зөв бичиж ирсэн Уйгарын түргүүд харин өөрийнхөө хэлээр эздийнхээ нэрийг бичихдээ яагаад Moγul (=Moγol) гэх болов? Уйгарууд зөв хэлбэрийг нь бичиж чадах байсан гэдэг нь эргэлзээгүй, хувь хүний нэрийн зүйл (гэрээ, худалдааны баримт зэрэгт) бичихдээ ч алдаагүй, харин гагцхүү эрх барьж байгаа улсын нэр дээр л өөр хэлбэр тавиад байсан байдаг.

... Уйгар хэлний “мунхаг, мулгуу” гэсэн утга бүхий muŋγul хэмээх үг нь уйгар бичгээр бол Mongγul гэсэнтэй яг адил (Гүюг хааны тамганы бичээс дээрхтэй адилаар) байна.

Үүнээс харахад Монгол хааны эзэмшил дор ажиллаж буй бичээч нар түрэг хэлээр “мунхаг” хэмээх үг хэрэглэх нь (тус хоёр үгийг синоним болгон хэрэглэж буй мэт болно) зориудаар доромжилсон хэрэгт унах аюултай байжээ... Харин зөв бичихзүйн багаахан ялгаатай бичлэг, ялангуяа уг хэлний авианзүйн онцлог (ŋγ – γ ийн сэлгэц) нь асуудлыг шийдэх амархан арга болж чаджээ. Тийм ч учраас миний бие энэ бүхнээс болж, Mongγol хэмээх нэр Уйгарт Moγul болсон, түүнээс шалтгаалан Афганистан дахь Монголчууд Monghol нар биш Moghol нар болсон, Энэтхэг дэх алдарт хаад Munghal биш Mughal хэмээгдэх болсон, мөн өнөөдөр бид “хэвлэл мэдээллийн монголууд” биш “могулууд” хэмээх болсон байна хэмээн дүгнэж байна” гэжээ. Энэхүү өгүүллийг бүтэн эхээр нь уншихийг хүсвэл .... www.dayarmongol.com сайтын “Зохиогчийн булан”, М.Саруул-Эрдэнэ гэсэн хэсэгт хандана уу.

Судлаач эрдэмтний гярхай нарийн энэхүү ажиглалт эрхгүй нэгийг бодогдуулж буй биз ээ. Дэлхийн түүх бичлэгт Чингис хааныг Genghis khan хэмээн бичсэн нь маш түгээмэл байдаг. Түүнийг дагаж бид Чингис хаанаа “Гэнгис хан” гэж хэзээ ч бичиж дууддаггүй. /Тэр ч бүү хэл монгол хэл, бичиг дэх хан, хаан хоёрт агуулгын хийгээд бичлэгийн ихээхэн ялгаа бий/

Үүн лүгээ адилаар Дундад Ази, Иран, Энэтхэгт тархсан Монголчуудыг нэрийдэх нэрийн зөв бичих зүйн ялимгүй ялгаатай бичлэгийг даган Могол, Мугал, Могул гэх зэргээр бичиж дуудахгүйгээр Монгол хэмээн дуудаж, бичиж байх, гэхдээ бусад бүс нутагт байсан монголчууд болох Алтан орд, Ил хаад, Цагаадайн улсынхнаас ялгахын тулд “Энэтхэг дэх Их Монголчууд” (Great Mughals) гэх нь зүйтэй болов уу. Тэгээд ч Ил хаад, Алтан ордныхон зэрэг өөр бус нутагт очсон монголчууд улс орноо нэрийдэхдээ Монгол хэмээх нэр огт оруулаагүй, зөвхөн Энэтхэгт очсон монголчууд л Бабаар хааны 1526 онд үндэслэсэн улс гүрний нэрийг Их Могол буюу Их Монгол хэмээн нэрлэсэн байдаг нь онцлогтой.

Сүүл үед зарим судлаачид Хятадад байсан Их Юань гүрнийг “Юань” гэх харь хэлний дуудлагаар нь биш, анхлан Хубилай хааны болгоосон “Хөх” хэмээх үндсэн утгаар нь буюу Хятад дахь Их Монголын Хөх гүрэн хэмээн дуудаж хэвших тухай санал бодол гаргаж буй нь дээрхтэй мөн адил агуулгатай хийгээд анхаарлын гадуур өнгөрөөж боломгүй юм.

Үргэлжлэл бий.


Б.Номинчимэд