Saturday, March 5, 2011

Ертөнцийг хэн маань эрхшээх вэ буюу “чулууны” домог

А.Баатархуяг

Үнэн юм шиг худал

Олон сэтгэгдэлчид чи адал явдлын зохиол бичээч гэж “нөхөрсгөөр шүүмжилснийг” хүлээн авч, наадмын бэлэг болгон нэгэн зохиолыг цувралаар гаргахаар шийдлээ. Та бүхэн шүүмжийг бүү урьтал болгоорой, эрдэмтэн судлаач нар энэ тухай баримт материал байвал саналаа нэмэрлэнэ үү. Яахав энэ зохиолыг их сайн явуулбал “Муми хятадад эргэж ирдэг шиг” Монголд ч бас адал явдал хайгчид олноор цуглана гэж бодож байна. Тэр нь бидэнд ашигтай….

XX зууны дэлхийг хамарсан улс төр-тагнуулын нууц ажиллагаануудыг зангидаж байсан нэгэн чулууны тухай энэ домог үнэхээр бодат түүх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хорьдугаар зууны эхээр зарим нь “шинжлэх ухаан мухардалд орлоо” гэж халаглаж, зарим нь “шинжлэх ухаан оргилдоо хүрлээ” гэж тунхаглаж байхад зарим нь тайлагдашгүй нууыг нээж шинэ шатанд гарна гэж үзэж байв. Энэ үед Европ дахинаар ялангуяа хаадын ордонд ид шид, нууцлаг ухааныг сонирхдог бүлгэмүүд нэвшиж, ид шидтэн, ирээдүйг зөгнөгчид ордонд амархан орж байлаа. Дэлхий нийтээр нэг ертөнцөөс нөгөө ертөнцөд шилжих гэж яарч, оюун санаа хямарч, үй олныг хөнөөх аймшигт дайны утаа уугиж, түүнийг зөнч, виваангирдич нар зөгнөж байлаа. Энд өгүүлэх гэж буй чулууны домог XX зууны нууц түүх юм биш, олон мянган жилийн түүхтэй.

Эртний Мисир, Ассир, Грек, Вавилон, Македон, Майя, Инк, Хан, Тан гүрэн, хожмын лалын эзэнт гүрнүүд халифт, эмтр, султант, шахт улсууд, Византийн түүхэнд чулууны домог бий. Энэ түүхийг /үнэндээ түүх бус домог юм/ үнэн гэж бус зүгээр л бичлэгийн ур чадвар, логик сэтгэлгээний дасгал маягаар тэрлэж байснаа уншигчиддаа хүргэж байна. Ийм чиглэлийн зохиол, уран сайхны нийтлэлийг орчин үед ихээхэн сонирхдог болжээ. Зүгээр сэтгэлгээгээ дасгалжуулж, тайвшрахын тулд уншаарай. Түүхэн бодат үйл явц дээр домог нэмчихээр л ийм сонирхолтой зохиол /зохиол шүү/ гардаг байна. Гэхдээ үнэн болжгэм энэ ямар гайхамшигтай билээ? Хэрэв үүнд итгэвэл оккультизм, парапсихологи сонирхогч жуулчин-судлаачид, адал явдал хайгчид, өнөөгний дэлхий ертөнцийн гажиг сэтгэхүйтнүүд Монголд цутгана даа. Гагцхүү болгоомжлох нь элдэв мэргэч төлгөч, нийгмийн ёс суртахууны хямралын идээ бээр болсон хийрхэгч, хууран мэхлэгчид үүнээс санаа аваад элдэв юм болох вий л…

Худал юм шиг үнэн

Нөгөө талаас энэ бол түүхийн “инвариант” юм гэж энэ зохиол анх “Улстөрийн сонин”-д гарсны дараа Ч.Эрдэнэ гуай бичиж байсан. Өнөөдөр шинжлэх ухаан өндөр түвшинд хүрч хөгжсөн гэж байгаа ч байгалийн хуулийн 4 хувийг л нээн ашигласан гэж байгаа. Харин ертөнцийн түүх ямар хуулиар, ямар жамаар явдаг бол? Их гүрнүүдийн түүхийг уншаад байхад ард нь ямар нэг нууц, өөр вариант яваад л байдаг. Хэрэв түүх энэ замаар яваагүй боль хэрэв ийм юм болоогүй бол дэлхий ямар байх бол? гэж асууж үзэх хэрэгтэй л дээ. Яг ийм түүхийн эргэлтийн үл явцыг Л.Н.Гумилёв “Гайт агшин” гээд хэрэв гайт агшин тохиогоогүй бол түүх мар замаар явах гэж асуусан байдаг юм. Үүнд бас философийн зайлшгүй хийгээд санамсаргүйн тухай асуулт бий. Бас түүхийн философи гэдэг ойлголтыг Ч.Эрдэнэ гуай “Хэн хүчирхэг байсан тэр буцаад хүчирхэг болно” гэж томъёолсон байна. Өөрөөр хэлбэл дэлхийн түүхийн шийдвэрлэх үйл явдлууд болдог тулгуур районууд байна. Гайхамшигт байгууламжууд байна.

Европын буюу газар дундын тэнгисийг тойрсон иргэншлийн орон зай /энэ ойлголтыг Б.Муссолини фашизмыг томъёолохдоо анх гаргаж ирсэн/, Тигр, Ефрат хоёр мөрний савд төвлөсөн иргэншлийн орон зай /Хүлэгүгийн Багдадыг эзэлсэн, АНУ-ын Багдадыг эзэлсэн түүх яг давтагддаг/, Инд Ганга мөрний сав Энэтхэгийн соёлын орон зай, Шар, Хөх мөрний сав Хятадын иргэншлийн орон зай, Гумилёвын хэлсэн “Их талын” /өрнө дорнын соёлын шилжилтийг хангаж байсан нүүдэлчдийн орон зай, анх үүнийг Геродот “Иран ба туран” гэж ангилсны туран нь юм/ түүхэн орон зай юм.

Үүнтэй зэрэгцээд өнөө цагийн супер эзэнт гүрэн АНУ-ын орон зай байна. Евразийнхан олон мянган жил мэдээгү болхоос Америк тивд түүхэн туршид эртний соёлт гүрнүүд зэрэгцэн оршин тогтнож байсан. Инк, Майя соёлын дурсгалууд, нарны сүмийг өнөөдөр нээсэн байна. /Ертөнцийг эрхшээгч чандмань чулуу алга болдог үед ийшээ шилжчихдэг байсан юм биш байгаа?/ Пифагорын бичиж үлдээсэн, өнөөдөр ч нууц нь тайлагдаагүй Атлантида хаана байсан бэ? Дорнын шамбал, өрнийн Атлантид хоёр нэг ойлголт уу? /Эртний Мисирийн домогт үндэслэн газар зүйн байршлыг нь тодорхойлсноор бол энэ иргэншил Америк тив байсан/.

Английн эзотерик судлаач нөхөр ирж, энэ сэдвээр ярилаа, “Би юугаа мэдэхэв дээ л гэлээ”. “Дорнын зан гаргалгүй яръя л гэж байна. Хариуд нь мэддэг бүхнээ биччихсээн л гэлээ. Тэр нөхөр монголгүй, би англигүй таарсан юм болов доо. Наад зах нь дорнын зарим ойлголтын томъёоллыг тэр мэдэхгүй, өрнийхийг би мэдэхгүй учраас энэ “шинжлэх ухааныг” нэг хэлээр ярьж чаддаггүй ээ, дээрээс нь орчуулагч маань энэ талаар “А” ч үгүй учраас ярилцлага маань хун хавчаахай цурхайн үлгэр болсон. Буддизм судлаж байсныхувьд хуучин халимаг аялгаар там тум ярих юм. Мний ойрд аялга ч бас базаахгүй. Тэгээд баахан кофегоор гэдсээ зайлаад, үр дүнд нь эгээтэй л хүрнээр шээчихсэнгүй.

Дөнгөж саяхан төгссөн “Хүйтэн дайн” Их Монголын Эзэнт гүрний нутагтай яг давхцан тогтсон коммунист ертөнц ба эртний Атлантидын /Америк тивийн/ “иргэншил хоорондын мөргөлдөөн” байж, эзэнт гүрэн ялагдлаа. Гэвч Москва төвтэй эзэнт гүрэн унасны дараа Бээжин төвтэй эзэнт гүрэн Америк иргэншлийг сөрөн босч байна. Эх газрын эзэнт гүрний гурван гүрэн нь Монгол, Монголчуудын нэгтгэсэн Орос, Хятад. Өнөөгийн Оросын төрийн уламжлал Монголын эзэнт гүрнийхтэй төстэй. Гэх мэт түүхэн газар зүй, иргэншил хоорондын асуудал тун гайхалтай гэсхийгээд бидний ойлголцол дуусав. Англи харин хаашаа явах вэ? Эх газрынх болох уу, эсвэл арлынх хэвээрээ байх болов уу? Бүү мэд, англи байтугай Монгол яах нь тодорхойгүй л байна.

Харин энэ асуултын хариуг масончууд л өгөх ю гэнэ. Тэр ч байтугай хүйтэн дайны үеийн сартваахиуд Бзежинский, Хантингтон нар Масоны нийгэмлэгийнхэн гэнэ. Жаахан урагш хөөвөл Тойнби бас масон байжээ. Тэд л дэлхийн хувь заяаг тодорхойлж суудаг гэнэ шүү.

Масон буюу чөлөөт чулуучдын нийгэмлэг

Масоны нийгэмлэгийг “жинхэнээр” нь чөлөөт чулуучдын нийгэмлэг гэдэг. Өрнөдийн орчин үеийнхэн чулуучид гэдэг үгийг “Эртний Мисирийн пирамидын чулууг огтлогчид” маягаар тайлбарладаг юм билээ. Тэгээд л түүх нь гацчихдаг. Гэвч нууц судруудад тэмдэглэсэнээр бол “чулуу” гэдэг ойлголт нь тоосго, хавтангаас огт өөр зүйл аж. Дорнын ойлголтоор бол “Чандмань чулуу” юм. Европынхны саяхны төөрөгдөл ч буй. Эртний Мисирийн чулуу огтлох, зөөх технологийг судлах явцдаа Монголчуудын бөгж болгон зүүх дуртай “очир”-ыг олжээ. Очир бол чулуу огтлогч машин ажээ. Энэ машинаар бүхэл бүтэн далайн түвшнээс 6666 метр өндөр уул уул-Кайласыг “зорж” пирамид болгосон байна. Очир нь гэдэг нь төвдөөр дорж гэсэн үг. Доржийн ёгт нэр нь “чулууны ноён”. Энгийнээр бол чулуунаас бэх, харин өрнийхний үзсэнээр бол чулуу огтлогч. Иймэрхүү дүгнэлт гаргагчид масоны нийгэмлэгийн мөн чанарыг ойлголгүй, нийтэд түгсэн ердийн технологийн эрлийг дагагчид гэнэ.

Чулууны эрэлчид ертөнцийн түүхэн туршид байсан. Тэд өршөөлгүй алуурчин, өрөвдөх сэтгэлгүй улайрагч, хэтийдсэн эрдэмтэд, хийрхэгчид, номлогчид, хэт шүтлэгтэн байсан. Тэд дэлхийн түүхийн туршид хамгийн аюултай бүлэглэл, нийгэмлэг, клубуудыг байгуулж байсан. Үе үеийн хүчирхэг хаад, эрдэмтэд, соён гэгээрүүлэгч, аймшиггүй зоригт жанжид тэднээс айн дагжиж байсан.

Масон бол орчин үеийн ийм нийгэмлэг билээ. Хүлэгүгийн баруун зүгийн аян дайны үеэр чулуучдын аюумшигт бүлэглэл “Ассасиныг” газрын хөрснөөс арчсан юм. Толгойлогч хуршаг, уулын өвгөнийг ертөнцийн нууцыг мэддэг хэмээн Монголчууд Мөнх хаан руу авч явжээ. Гэвч элдэв ид шидэд нэвтэрсэн тул хааныг хорлож болзошгүй гэж хэн нэг нь ховлосноор замд нь хаанаас зарлиг ирж, хөөрхий сүүлийн хуршагийн толгойг тас цавчаад, худагт хийгээд булчихсан юм билээ. Хоёр гаргалгаа бий, нэг дэхь нь өрнийхөн нууцаа хадгалах гэж алуулсан, хоёр дахь нь өрнийн нууц гээд байгаа юм нь ерөөсөө хааны гарт байсан тул хуршаг хэрэггүй.

Хитбухын арми Айн Жалутэд ялагдахын өмнөхөн Сирид бэхжээд байсан загалмайтны баронууд мамлюкуудтай хуйвалдаж, сүүлийн бэхлэлтээ найр тавин өгснөөр Монголчуудад сүйтгүүлжээ. Тамплиер баронууд ялагдлаа нуух, найман удаагийн аян дайны эцэст заналт лалуудтай хуйвалдаж, загалмайтны шар аян дайныг /Хүлэгийн аян дайныг ингэж нэрлэж байсан/ эсэргүүцсэн ялаас мултрахын тулд Монголчуудыг муулсан хар домог Европоор нэг тараажээ. Гэхдээ тэд үндэсгүй домог тараагаагүй, Монголчуудын сүр хүч хожим Оросод ирэхийг хэлж байсан. Гэхдээ энэ домог үнэнээр биелэхээс өмнө Варфоломейн шөнөөр тэднийг толгой дараалан хядаад шашингүйн үзэлт сект хэмээн зарласан юм. Европод нууц нийгэмлэг маягаар удсан тэд шинэ ертөнцөд бэхэжжээ. Энэ нь Америк дахь масонууд юм. Америкийн хүчирхэгжилтэй зэрэгцэн хагас мянганы дараа масончууд хүчирхэгжээд байна.

Масон гэж юу вэ? “Чандмань чулууг”, европ ойлголтоор “философийн чулууг” эрхшээхийг хүсдэг бүлэглэл. Гэхдээ чандмань чулуу хэзээ ч хэний ч эрхшээлд байдаггүй. Дорнын сектүүд чулууг эрж, чулуу дуудах элдэв тарни ном зохиож, оролдсоор эцэст нь чулууны орон шамбалын олж үүдийг нээхийг хичээж эхэлжээ. Шамбал дорно дахины хот уу?

Харин өрнийнхөн шинжлэх ухаан судалгааны үндсэн дээр “Философийн чулууг” бүтээхийг хүсдэг болжээ. Чухам энэ эрэл хайгуул нь алхимичдыг төрүүлсэн байна. XVII зууны үед өрнийн аугаа суутнууд “чөлөөт чулуучин” болсон байлаа. Готтфрид Лейбниц /математик/, Леонардо Да Винчи /аугаа олон талт авъяаст суут хүн/ Данте /яруу найраг/, Исаак Ньютон /физик/, Рене Декарт /математик/, Блэз Паскаль /физик/, Майкл Фарадей нарын тэр үеийн сод авъяастан, байгалийн болон нийгмийн хуулиудыг нээсэн 36 эрдэмтнийг нэгтгэсэн Росикрусын бүлэглэл бий болсон юм. Тэд чулууг бий болгоогүй ч өнөөгийн шинжлэх ухаан, урлаг ёс суртахууныг үндэслэгчид болсон юм. 1604 онд Чехийн /Моравийн/ алхимич Сендивогусын гар бичмэл “Философийн чулууны тухай 12 баримтлал” хэмээх ном хэвлэгдсэнээр тэд нэгдэж эхэлжээ. Тэднээс өмнө Арабын алхимичдын нууцад нэвтэрч, түүнийгээ “Философийн чулуу” бүтээхэд ашиглахыг хүсдэг байсан ба өөр хоорондоо харилцах нууц хэл болон алхимийн номлол боловсроод байсан юм. Тэдний олж цуглуулсан мэдлэг бүр Фараон Тутмосын /МЭӨ XY зуун/, Грекийн философич Пифагорын үеэс эхтэй гэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл Атлантидын үед хүрнэ.

Тэд тухайн үед чулууг гарган авахын тулд ертөнцийн бүх мэдлэгийг нэгтгэхийн тулд дэлхийн оккультизмын бүх урсгалыг нэгэн гарт зангидахыг хүсч байжээ. Үр дүнд нь шинжлэх ухааныг хөгжүүлсэн өмнө өгүүлсэн дэлхийн суутнууд “төржээ”. Гэвч философийн чулуу бий болоогүй юм. Олон талд билэгдлүүд бий болсоор.

Масоны билгэ тэмдэг нь еврейн зургаан талт талт тэмдэг гал усыг билгэдсэн дүрс /Давидын од/ болжээ. Европ дахинд Масоныг шашингүйн үзэлт нийгэмлэг буюу еврейн буруу номтон гэх болсон нь үүнээс эхтэй. Өнөөдөр ч чандмань чулуу, философийн чулууг бүтээж чадаагүй байна. Шинжлэх ухааны өндөр түвшинд хүрсэн гэж байгаа ч бүтээх боломж байхгүй. Тиймээс XX дугаар зууны эхээр өрнийхөн бууж өгч, философийн чулууг эрж хайх болжээ. Атлантида сураггүй алга болжээ. Чулууны судалгаа дорно зүг эргэлээ. Энэ удаад Атлантидыг бус Шамбалыг хайж эхэлжээ. Бүр еврейг үзэн ядагч Гитлер, шашингүйн үзэлт Зөвлөлтийнхөн хүртэл энэ хайгуулд маш их анхаарч байсан юм. Дорноос Бэрлинд ирсэн үл мэдэгдэх ламын тусламж авдаг байсан “Туле” нийгэмлэгт 1919 онд элсэж байсан А.Хитлер түүнийгээ орхилгүй өргөтгөж, “Аннербэ” хэмээх олон талт судалгаа эрхэлдэг нууц байгууллага бий болгожээ. “Эдэльвайс” хэмээх томъёолсон нэртэй алдарт уулын дивиз, хайгуулын олон тусгай ангиуд энэ байгууллагын мэдэлд байсан юм. Дорнын нууц судрууд, граалийн илд, чандмань чулуу гэх мэт байхгүй юмны эрлийг эрхэлдэг энэ байгууллага нисдэг таваг хийж чадсан нь хамгийн том амжилт гэдэг юм билээ. Тус байгууллагын экспедицүүд, түүнтэй өрсөлдөгч Зөвлөлтийн НКВД-ын нууц хэлтэс, Яков Блюмкины нэрээр үе үе тодордог Гималайд явуулсан Зөвлөлтийн хоёр экспедиц ямар учиртай байв... Хувьсгалын үеэр Германы элчин сайдыг алж зард гарсан алуурчин Яков Блюмкины хамгийн сүүлд үйлдсэн зохион байгуулалттай аллагаараа Монголын дотоодыг хамгаалах газрын дарга, эсперанточ, Зөвлөлтийн НКВД дэх дорнын судалгааны бүлгэмийн “нууц ноён, тархи” Хаянхярвааг эмнэлэгт хэвтэж байхад нь винтоны жадаар давсган тус газар нь нэвт сүлбэж, ортой нь хадаж алсан юм. Дараа нь Блюмкиныг Оросууд өөрсдөө устгажээ. Өрнийн масоны түүх арвин хэдэн арван боть болох учраас товчилж, хорьдугаар зууны Монгол руу орцгооё.

Чин гүрний түшмэг улсуудаас гагц Монгол тусгаар тогтносны нууц

Нэр хүнд нь Өмнөд хятадаас Якут хүртэл, Японаас Перс хүртэл түгсэн, Европ дахин амьд Будда гэдэг Чингис хааны их гүрний голомт шинэ тулгар нууцлаг Монгол Улсын хаан, Төвд үндэстэн, Жавзандамба хутагтын наймдугаар хувилгаан, товчдоо Богд хаанд нэгэн чулуу байжээ. Тэр чулуун дээр ертөнцийн ирээдүйн тухай бичиг тодрон гардаг бөгөөд түүнийг нь гагцхүү Богд хаан л унших бөлгөө. Чулуу ертөнцийн ирээдүйг хэлэх цаг нь болохоор Богд хааныг дуудна. Хаантан хэнтэй ч ярьж байсан орхин одоод тусгайлан бэлтгэсэн өрөөндөө орж цагаан хувцас өмсөөд хоёр гурван цагаар ертөнцийн ирээдүйн талаар мэдээд гарч ирэхдээ ихэд ядарчихсан байдаг байлаа. Улаан орхимж, шар дээл өмсдөг хаан бясалгал хийхээр орохдоо цав цагаан хувцас өмсөнө. Гарч ирээд гарын бичээч хоёр ламыг дуудуулан юу мэдсэнээ бичүүлнэ. Тэр нь далд ёгт утгатай, үлгэрлэвээс Нострадамусын лүндэн лугаа адил бөлгөө. Тэгээд амрахаас өөр аргагүй болтлоо сульдсанаа хэлнэ. Лам нар түүнийг дамжлан исэрт нь зална. Хаан заримдаа шөнө дөлөөр ч босч, чулууны бичиг унших нь бий. Үүнийхээ заримыг “Богдын лүндэн” хэмээх шаштир болгон гаргасан гэх агаад түүнийг нь олоход бэрх, олдвол тайлж уншихад бэрх ажээ. Бэрх бэрхдээ Нострадамусын түлхүүрээс ч бэрх ажээ.

Тусгаар тогтнолыг нь булаахаар хуйвалдаан зохион байгуулж байгаа Хятадын консул, дорнын шашны нууц сектэд уруу татагдаад, өрнийн маягийн ойлгомжгүй мэдлэг олж авсан ч басхүү гайхалтай мэдрэмжийн ид шидийг олсон барон Унгерн, эсбөгөөс харилцааны чухал асуудал ярилцахаар ирсэн Оросын элчин сайд хэн ч бай Богд хааныг ийнхүү одоход буцахаас аргагүй болдог ажээ. Харин энэ чулууг олж авахыг мянга мянган жил ертөнцийн бүх хаад, ерөнхийлөгчид, адал явдал хайгчид, тагнуулын байгууллагынхан хүсдэг байв. Гэвч энэ чулуу бол өөрөө очих гэсэн хүндээ очиж, явах гэсэн цагтаа явж одох ба түүнийг хэн ч эрхшээж үл чадмой.

Богд хааны нэр сүр өрнө зүг Иран, Афган, дорно зүг Хятад, Солонгос, Япон, хойд зүг нохой хөлөгтний орон хүрч алдаршсан агаад ертөнцийг эзэгнэгч чулууны эзэн учраас бүгд бишрэн шүтмүй. Манжийн төр унахад энэ чулуу Богд хутагтад ирж, тэрээр хаан болсон гэлцэнэ. Сонирхолтой нь чулуу Манжаас бус Ойрадаас иржээ. Энэ чулуу хүслийг биелүүлэгч. Монголчуудын хүсэл биелсэн агаад Чин гүрний харъяат ба түшмэг улсуудаас гагц цөөн Монгол, Богдын шавь халх, чулууг дамжуулагч ойрадын хагас л тусгаар тогтносон улс болсон гэнэм.

Хүчирхэг амьд бурхан Жавзандамба хутагт

Хэдийгээр Чин гүрний мэдэлд байсан таван үндэстнээс хамгийн хүн ам цөөтэй, ядуу нь Монгол байсан авч чухамдаа Монгол л тусгаар тогтносон юм. Тэр ч байтугай газарзүйн хувьд Монгол Хятадын төв, Бээжинд илүү ойр байлаа. Гималайн уулсаар тусгаарлагдсан Төвд, Кунлуний уулс, Зүүнгарын элсэн цөлөөр зааглагдсан Шинжаан, цөлийн дундах Хами, Турфан, Хотонд шургасан уйгурууд тусгаарлаж чадсангүй.

Жавзандамба хутагт Бадаргуултын 14 оноос зүүд үзсэн ба олон зүүдэнд тэрээр Манжаас тусгаарлаж, улсаа мандуулах учрыг бурхадын элч нэрээс сонсчээ. Тэр заримдаа далд нууц үйл хийж олныг гайхшируулж байв. Бадаргуултын 15 онд Манж хувцас өмсөж зах торго, идээ жимс тэргүүтэн шатааж, насны мөчлөгийн гэмийг арилгах нэрээр манжийн хараат бус болж байгаагаа илэрхийлжээ. Тусгаар тогтнох цаг хэдий бол гэж Монголын ноёд асуух бүр цагийг тэнгэрээс хэлмүй гэж хариулна. Ямарваа зүйл бүгд цагтай тул тусгаарлах цагаа мөн “зүүдээр” мэджээ.

Таван үндэстнийг нэгтгэсэн Чин гүрэн мөхөхөд бусдын адил эрх чөлөөгөө олсон Хятадууд, адилхан тусгаарласан Монголыг өөрийн харъяат хэмээн ихэмсэглэжээ. Гэтэл үнэн хэрэгтээ монголчууд Чин гүрэн дотроо давхрагын хувьд хятадуудаас дээд зиндаанд байсан юм. Монголчуудын үүрэг хятадуудаас Манж нарыг хамгаалахад л оршино. Гэтэл дундад Иргэн Улсын шинэ Ерөнхийлөгч Юань Шикай хүчний олон, хүчиндээ эрэлхэн, цөөн буурай Монголыг цэргийн хүчээр эзэлнэ гэж сүрдүүлэв. Богд хаан айсангүй. Тэр ялна гэдгээ мэдэж байлаа. Чулуу хэлсэн. Ерөнхийлөгч Юань Шикай сүрдүүлсэн захиандаа, “…бидний цэрэг толгойн үснээс олон, танай нэг хүнд мянган цэрэг дүйцүүлэн илгээнэ, цэргээ гарга байлдъя…” гэжээ. Харин Богд хаан “Хүний үс олон ч нэг л тонгорогоор хусдаг биш билүү?” гэж тавлажээ.

Омголон монголчуудыг хашраахаар хятадууд 40 мянган цэргийг орчин үеийн маягаар зохион байгуулж, орчин үеийн их буу, пулемёт, винтовоор зэвсэглэн, хуягт машинтай илгээжээ. Харин Богд хаан 20 дугаар зууны эхээр хоцрогдож, Оросын зэвсэглэлээс гарсан берданк бууг зээлээр авч зэвсэглээд, хоёрхон хээрийн хөнгөн буунаас өөр орчин үеийн гэх юмгүй морьт мянгатыг, Өвөр Монголоос зугатан ирсэн 32 баатраар дэмжүүлэн илгээжээ. Түүний цэрэг мордуулах зарлигт дурдсан нь: “Гагцхүү улсын мандах, мөхөх нь биднээс бус, тэнгэрийн цагийг дагамуй. Ер зөрчвөл болохгүй нь огтгүй бус болой” гээд зарлигаар цэрэг илгээжээ. Зарлигт “Дамдинсүрэн, Чимэдцэрэн, Найданжав нар үзэмчин хуучдаас эхлэн Шар мөрний зүүн этгээдээр, Сумъяа, Бавуужав нар бага авга нар хишигтнээс эхлээд Шар мөрний баруун этгээдээр тус тус явж, зүүн өмнөд гурван чуулганы Монголчуудыг хамгаалан тохинуулсугай. Насан-Арвижих, Мөрөнхан нар Сөнөдөөс эхлэн сүргийн цахар хошуудыг хамгаалан тохинуулж, Жанчхүүгийн сав газрыг батлан тогтоосугай, Чагдаржав Галсанцанбандүйням нар Улаанцав, Их зуу, Алшаа, торгууд, Хөх хотын түмэн олон Монголчуудыг хамгаалан тохинуулж тогтоосугай. Номхон шударга иргэнийг үл хөндөж, хятад бус манж овгийн түшмэл цэрэгтэй харилцан найрамдахыг чухал болгож, Монголын хязгаарыг хүрсний хойно /цагаан хэрэмийг хэлж байна/ бусад нутгийг тэмцэхгүй захыг батлан сахиж, харъяат олон Монголчуудаа бүрэн бүтэн болготугай” хэмээжээ.

Монголын цэрэг хятадыг хядаж, олзолсон сум, зэвсгээр нь өөрийгөө ханган байлдсаар цагаан хэрэм тулжээ. /“10 000 гаминг 400 Монгол ялж чадна” өгүүллийг үзнэ үү. Уг өгүүлэл баримтат үнэн тул тусад нь хэсэгчлэн бичсэн болно/ “Болохгүй нь огтгүй бус” гэж үнэн аж. Цагаан хэрэм бол Монгол Хятадын үүрдийн хил билээ. Хятадууд сандарч, Оросод хандав. Оросын Засгийн газар дөнгөж байгуулагдсан ядуу улсад зээллэг, зэвсэг өгөхгүй гэж шахаар Монгол цэргийг Хүрээ рүү буцаан татжээ. Уг нь Манж нар зөв үндэстнээр өөрийгөө хамгаалуулж. Хэрэв Манжийн хаан ордны хятад түшмэл генерал Юань Шикайн гарт ороогүй бол Монголчууд Чин гүрнийг аварчих байсан ч юм бил үү?

Хэрэв Манж нар шинэ засгийн бодлого гэгчийг явуулж, Өвөр Монголд олон хятад суулгаагүй бол тэртээ VII зуунд Тан гүрэн өмнөдийн босогчдын хөлд сүйдэх шахаж байхад 10 мянган хүнтэй Түрэгийн жижигхэн аймгийн эзэн аварсан шиг Чин гүрнийг аврах байсан уу? Тэр ч байтугай Манж гүрэн Учаны босогчдын өмнө унахад Богд хаан “Гэрээ ёсоор Манжийг хамгаалсугай” гэсэн хүсэлтийг Хүрээний амбанаар дамжуулан Чин гүрний эзэн хаанд хүргүүлсэн авч түүнийг зөвшөөрсөнгүй нь Чин гүрний хааны буруу бус ордны генерал Юань Шикайн явуулга байжээ. Хэрэв Монгол хамгаалах цэрэг цуглуулбал Бээжинд ирээд их мохлоо гэхэд Өвөр Монголыг салгаад тогтоно гэж эмээжээ. Ингээд зальжин хутагт “Нэгэнт хамгаалах Манж нар унасан бол одоо бид тусгаарлахад буруугүй, Манжаас болж хоёр үндэстэн дайсагналцах шалтгаан үгүй болсон тул эртний ёсоор Хятад лугаа эвтэй зэрэгцэн оршиж, төр улсаа мандуулсугай” хэмээжээ. Ингээд Хятадаас яг нэг хоногийн өмнө Монгол тусгаар улс болжээ. Харин Хятадууд Чин гүрнийг залгамжлагч хэмээн өрнийнхөнд итгүүлжээ. Гэтэл яг үнэндээ хятад үндэстэн гүрний дотроо Монголоос дор дэстэй байныг өрнийхөн яаж ч ойлгох билээ.

Богд хаан хүчирхэг хэмээн дорно дахин итгэв. Түүний хүчин чадал юунд байна? Дэлхийн тэн хагасыг эзэлж байсан их Чингис хааны улсын хаан сууринд суух хувь заяаг харц гаралт, Төвд угсаат тэр хэнээс олов? Яагаад Чингис хааны угсааны хангууд түүнийг хаан суухыг хүлээн зөвшөөрөв? Хэн хүчрхэг байсан тэр хүчрхэг болмой. Яагаад? Түүнд хүслийг биелүүлэгч чандмань чулуу байсан юм. Энэ чулууны нэрийг бүгд мэднэ.


Чингис хааны хасбуу тамга

Монголчуудыг тусгаар тогтнохоос 300 жилийн өмнө манж нар монголчуудыг хуурч Чингис хааны хасбуу тамгыг эзэмшдэг хэмээн цуурхал тараажээ. Хасбуу тамыг даган өвөр Монголын найман аймаг “Үүл нэгвэл бороо, Монгол нэгдвэл цэрэг” хэмээсэн өнөөх Нурхач баатрын залгамжлагч Амбахай хааныг дагажээ. Чингис хаан хүслийг биелүүлэгч “Чандмань чулуу”-г эзэмшдэг байсан уу? Яагаад төрийн тамгаа чулуугаар сийлэв? Ертөнцийн хамаг баялгийг эзэмдэгч их хаан хас чулуугаар бус алт үнэт эрдэнэс чухам юугаар бол юугаар тамгаа сийлж болох бус уу?

Монголчууд чулууг олон зуун жил эзэмшжээ. Энэ чулуу эртний Вавилон, Мисир, Герег, Жагар, Европын хаад, Перс, Моголын хаадад очиж байсан юм. Гэвч Манж нарт хууртсан монголчуудын аз харьжээ. Лигдэн хаан Мин улсаас их мөнгө авсныхаа хариуд Манж нарыг дарах байсан авч тэднийг байлгаж гэмээ нь ашигтай хэмээн хядчихалгүй үлдээсээр байв. Мин гүрний гуравдах хаан Юнлө /оны цол/ Тогоонтөмөрийн нууц хүү байсанд учир байна уу? Тэр ч байтугай шийдвэрлэх тулаан болоход Манж нарыг басамжлан цэргээ хоёр хувааж илгээснээр бутцохиулаад Хөх нуурт очиж үхжээ. Тэр цагаас Чандмань чулууны төлөө монголчуудын цус урсав. Нүгэл ихсэв. Чулууны төлөө хүний цус урсаж, махан овоо цусан далай болсон тул чулуу буцжээ.

Чандмань чулуу Гималайн өндөрлөгт байдаг нууцлаг ертөнцдөө буцав гэлцэх болжээ. Лигдэн чулууны хойноос баруун зүгт нүүсэн гэлцдэг байж. Тэр ертөнцийг буддистууд Шамбал гэх ажээ. Монголчууд чулууг буддистууд эзэмшиж байна гэж итгэж, тэднийг ихэд дэмжин хөхүүлдэг байжээ. Монголчууд л буддизмын шарын урсгалыг Ази даяар, эзэмшил нутагтаа түгээж, буддизмын урсгалууд тэмцэлдэхэд шарын урсгалыг дэмжин, сектийн тэргүүнд “Далай” хэмээх цол өргөсөн. Чулууг тэдний эзэмшилд үлдээж, хэрэгтэй цагтаа авна гэж бодож байлаа. Манж нар монголчуудаас дутаагүй юм. Манж, Монголын өрсөлдөөнд Төвд сүйдэж байсан авч Төвдүүд монголчуудад талтай байжээ.

Занабазар гэгээний өөрөө тодорсон үсэг

Галдан Халхад цэрэглэсэн нь бас өөр шалтгаан буй хэмээн ярилцах бөлгөө. Занабазар “Соёмбо үсэг” зохиосноор Галдангийн анхаарлыг татжээ. Соёмбо үсгийн дэлгэрэнгүй нэр нь “өөрөө тодорсон үсэг”. Домоглон ярилцах нь үсэг тэнгэрт тодорсон гэх авч үнэндээ тэр үсэг чулууны бичиг ажээ. Амьтны ярих нь Занабазар гэртээ өрхөө бүтээгээд чулуу үзэж суухад бичиг тэнгэрийн үүлэнд тусчээ. Үсэг чулуун дээр өөрөө тодордог тул шинэ үсгийг ийнхүү нэрийджээ. Хожим Монгол тусгаарлахад чулуунд өөрөө тодорсон үсгийг Монголын сүлд болгон авсан ажээ. Харин Монголын төрийн далбаан дээр өөрөө тодорсон энэ үсгийг коммунистууд ч арилгаж чадаагүй юм. Монгол боржигин овгийн эхтэй Энх-Амгалан хаан гэгээнийг ихэд дотночлон хүндэтгэнэ. Нас өндөр болсон хойноо өөрөө ард нь орохгүй гэсэндээ гэгээний биед мэс хүргэж болохгүй тул хулсан хутгаар хөнөөжээ.

Монголын төрийн далбаанд буй соёмбо үсэг ертөнцийн нууцыг, ирээдүйг хураасан үсэг агаад үүнийг тайлж уншваас ертөнцийн ирээдүй тодорно. Соёмбо үсэгт буй тэгш өнцөгт, гурвалжингаар хашсан зөв эргүүлэгтэй дугуй дүрснүүд бүхий л бичиг үсгийн үндэс, энэ дүрсийг эртний мисир, шүмерийн бичгээс ч харж болно. Тэр ч байтугай эдгээр дүрсүүд мөхсөн зароастрийн шашнаас эхлээд бомбын шастирт хүртэл дэлхийн бүхий л шашны номонд буй. Загасан эргүүлэгтэй дугуй өдгөө ч дорнын орнуудын сүлд тэмдэгт хадгалагджээ. Гал, усыг билэгдсэн хоёр гурвалжин өдгөө жүүдийн улсын сүлд тэмдэг болжээ. Эдгээр тэмдгийг хэрхэн байрлуулснаас ард түмний хувь заяа шалтгаална хэмээнэ. Нар сар гурван дэлбээт гал эртнээс талын нүүдэлчдийн бэлгэ тэмдэг болсоор иржүхүй. Босоо тэгш өнцөгтүүдийг эвлүүлбэл хас тэмдэг ч гарна. Гагцхүү хасын эргүүлэг ямар болохоос ч ард түмний хувь тавилан шалтгаална гэлцэнэ. Мунхаг би үүнээс цаашхийг мэдэхгүй. Гагцхүү эртний учир утгат бичгийн хамгийн зөв байршсан дүрс чулуун дээр өөрөө тодорсон гэдгийг л сонссон.

Чулууг уншихад заавал далд нууц мэдлэг хэрэгтэй юу? гэж асуугч олон. Үнэхээр чулууны ёгт бичээсийг хэн ч уншиж чадна. Бичиг үсэг гэгчийн хөгжилд төөрөлдөж будилсан олон өнөөгийн бичгээ л аугаа гэж бодно. Гэтэл Шампильон Шүмэр үсгийг уншихдаа хүн төрөлхтний анхны сэтгэгдлийг л мэдэрсэн гэнэм. Өөрөөр хэлбэл өнөөгийн бичгийн хоосон хийсвэр дүрэм, олон янзын хэлний хольцолдоонд төөрөлгүй, хүний анхны сэтгэгдлээр л сэтгэх хэрэгтэй аж. Өнөөгийн үсгийг бүгд уншиж чадна.

Тухайн цагт энэ тухай сонссон Оссендовкий “Чулуу гэгч нь хий дэмий зүйл. Энэ бол нефтийн судал бүхий хар чулуу л юм. Чулууг гэрэлд үзвэл хээ угалзтай төстэй янз бүрийн дүрс гарах ба энэ дүрс нь төвд, санскрит /соёмбо/ үсгийн адил харагдахад шашныхан төөрөлдөж, олныг мунхруулна” гэжээ. Амархан тайлбар. Өнөөгийн бид ч ингэж бодоод л чулууны домгийг хөсөр хаяж хагас зуун жил болсон атал хүн төрөлхтөн төрт ёс үүссэн цагаас хэдэн мянган жилийн турш “хүслийг хангагч чандмань эрдэнэ” хэмээн ярилцсаар бөлгөө. Эрдэм гэгч хүн төрөлхтний бий болгосон туршлагыг бус харин угаас байсаар байгааг тайлахад л оршино.

Чулууг хүчээр эрхшээхийг хүсвэл гэсгээл хүртмой

Одоо халимаг, халх, торгуудын /Ховдын Булганы торгуудын дотор хошуудын жижиг овог бас байдаг/ аман домгуудын хэлхээсийг өгүүлье. Домгийн нарийн гарвалыг дурдсангүй нуршихаас эмээж байна.

… Галдан бошигтод чулуу хэрэгтэй байлаа. Тэр Занабазарт “Чулууг ац /өг/” гэсэн авч өгсөнгүй. Далай лам Галдан бошигтод чулуу Занабазарт буй гэж. Тэр цагаас Далай лам, Халхын богд нарын харилцаанд цав суусан хэмээмүй. Далай лам чулууг Галдан авбал Төвд түүний сүүдэрт амар амгалан мөнх оршино гэж бодно.

Занабазар чулууг уншиж ард түмнээ мөхөл сүйрлээс аварчээ. Харин ойрадууд чулууны жамыг дагах бус чулууны ноён болох гэж хүсчээ. Жам ёс лугаа тэрсэлдэн “хүнээс илүүг хүсэн догширсон” энэ ард түмнийг гэсгээв. Чингис хаан түмэн хүнийг алж, буман хүний амийг аварч байсан аж. Гэтэл ойрадууд Каспийгаас Хянган хүртэл хүний цусыг ус мэт урсгаж байлаа. Чулуу өөлдөд алга, торгуудад байна уу, хошуудад байна уу гэлцэнэ. Чулуу эрж алалдана. Ариун дагшин Эрдэнэзууд цусан тахил өргөж, гол усанд хүний цус юүлэв. Хасгийг айлгах гэж голын эхэнд хүний толгой цавчихад 10 хоног гол улаанаар урссан гэлцэнэ.

Торгуудад /Халимагт/ чулуу байхгүйг мэдэв. Харин анхдугаар Богдын чулууны бичээсийг буулгасан Богдын лүндэнгийн анхных Зүүнгарын хааны өргөөгөөр дамжин Халимгийн ханы өргөөнд очжээ. Анхдугаар лүндэнд Богдын наймдугаар дүрийг хүртэлх үйл явдлыг урьдчилан бичсэн ба Халимгууд дэлхийн хоёрдугаар дайнд хэрхэн сүйдэхийг өгүүлээд дууссан байжээ. Энэ лүндэн Халимгуудыг 1761 онд буцаж нүүхэд их нөлөөлжээ. Галдангаас хойно Галданцэрэн чулуу эрж Хархоринг дахин довтолсон авч тэнгэрийн таалал эргэж Орхон голд олон цэрэг үйж үхжээ. Дараа нь Төвдийг довтолж, хошуудын таван барсын нэг Гүүш хааны ач Лхазанг барьж алав. Хошууд уг нь чулууны оронг сахих гэж Төвдийг эзэлсэн гэгддэг, Хасарын угсааны аймаг бөлгөө. Ойрадууд хошуудыг Хөх нуурт явуулсны дараа Зүүнгарыг байгуулахын тулд хошуудууд дүүгээ гомдоосон хараалтай гэнэ. Хошуудын таван барсын дөрөв нь дүү Хөндлөн тайшийг алж, хатан Юм Агасыг Эрдэнэбаатар хунтайжид өгч их нүгэл хийжээ. Таван барсын дөрвийг залгамжлагч Очирт сэцэн Хөх нуурыг эзэгнэн суухад хохирсон Хөндлөн Увшийн 3000 өрх хошууд торгуудтай хамт Ижил мөрөнд оджээ. Баатархунтайжийн их хатны хүү Сэнгэ Зүүнгарын хаан ор суухыг хүссэн ч ойрадууд Юм Агасааас төрсөн Галданг хаан болгосны учир ийм.

Лигдэн хасбуу тамгаа авч Хөх нуурт очсонд боловсролтой Халхын Цөхүр Цогт түүнд чулуу буй хэмээн итгэж Халхаас Хөх нуурт очжээ. Гэвч чулуу байсангүй. Харин Манж нар хасбуу тамгыг олов хэмээн цуурхуулж, олон Монголыг өөртөө татжээ. Ингээд 600 жилийн өмнө дэлхийг эзэлж байсан монголчууд 220 жил Манж Чин улсын мэдэлд байжээ. Манж нар монголчуудыг аргалан Хятадыг эзлүүлчихээд дараа өөрсдөө хаан суужээ. Гэвч тэд монголчууд биш учраас Хятадын эд баялаг, ямба ёсонд автан ууссан юм. Ийм түүхийг монголчууд сайн мэддэг байлаа. Хүннү нарын хагас, дараа нь табгачууд ингэж ууссан. Вей улсыг байгуулсан Тоба нарын эрх чөлөөгөө эрхэмлэгчид нь Тува нэртэй болоод Соёны нурууны нугачаанд мянган жил нуугдаад 1944 онд Орост оржээ. Киданчууд Ляо улстайгаа уусчээ.

Цогт чулууны оронг эзэгнэх гэж Гүүш хантай дайтаж ялагдсанд Хөх нуур Төвдийг Хасарын угсааны Хошууд аймаг эрхшээжээ. Тэд чулуу буцах цагийг хүлээн амджээ. Үүнээс гурван үеийн дараа ойрадын Галданцэрэний их бага Цэрэндондов Төвдийг дайлахад хошуудад чулуу байсангүй. Чулуу буцсан хэмээжээ. Ертөнцөд хүслийг хангагч есөн чулуу бууж ирсэн агаад нэг нь л дэлхий дахинд ач тусаа өгөн явж, үлдсэн найм нь Шамбалын үүдэнд хадгалагддаг ажээ. Хэрэв хоёр чулуу гарвал хүний хүсэл зөрөлдөөнтэй тул хүн төрөлхтөн сүйрнэ. Чулууг барьсан хоёр хаан ертөнцийг эзэгнэх хүслээр дайтвал хэн нь ч үл ялж, бүх хүн үхнэ. Галданцэрэн их, бага Цэрэндондов жанжиндаа нөгөө чулуунуудыг ол хэмээн зарлигджээ. 6000 цэрэгтэй явсан тэд хоёр хуваагдан хайжээ.

Нэгэн гурван мянган цэрэг чулууг эрсээр Шамбалын үүдээр орсон байна. Хожим Богдын шадар лам Ф.Оссендовскийд ярихдаа “Ойрадын гурван мянган хүн Шамбалын үүдээр орсон тул тэнд /дээд монголд/ ухаант хүн олон төрдөг болсон” гэж хуучилсныг Оссендовкий зүгээр л домог гэж боджээ. Хожим VIII Богд Чин гүрнээс тусгаарлах санаагаа илэрхийлж, сар шинийг өөр өдөр тэмдэглэдэг ёс тогтоохдоо дээд Монголын сүмбэ хамба Ишбалжирын литийг авч хэрэглэжээ.

Догшин хэрцгий ойрадууд Зүүнгарыг байгуулсан цагаас 150 жил цуст дайн тасралтгүй хийжээ. Их үндэсний гал голомтод халдаж, өвөг дээдсийн ач үрийг хядаж, ариун газруудыг цусаар будсан тул Ойрадуудад тэнгэрийн гэсгээл буужээ. Халимгууд буцахад үрэгдсэн торгуудтай нийлээд 700 000 ойрад дайнд үхэж арай 30 мянга үлдэв. Торгууд нар Ижил мөрнөөс буцсан авч ирэх замдаа гэсгээлд орж их олонхоо алджээ. Ойрадын хаад энэ цаг ирэхийг мэдэх тул чулууг олж ард түмнээ аврахын тулд яахаас үл буцан догширсоор ийм болжээ. Хараал үл тасарч дэлхийн дайны үед үлдэгсэдтэй тэнцэх тооны халимаг үрэгджээ. Чухам үүнээс анхдугаар Богдын лүндэнг “Богдын хараал” гэх ёс Халимагт байжээ. Энэ анхдугаар Богдын лүндэнг хамгийн сүүлд 1915 онд эрдэмтэн Очир Элстэйд чулуун бараар хэвлүүлсэн ба тараасан нь Орос дахь их хэлмэгдүүлэлтийн үед бүрэн устжээ.

Шамбалын үүдээр орсон 3000 цэрэгт эрдэм хайрлаж, орчлонгийн есөн чандманийн нэг нь л ертөнцөд явна. Наймыг хөдөлгөж үл болно. Чулуу хаа байхыг хүн мэдэхгүй, чулуу хэнд очих, хэнээс явахаа өөрөө мэдэх учир хайгаад ч нэмэргүй гэжээ. Харин чулууны төлөө их нүгэл хийсэн гэсгээлийг сануулжээ. Ийнхүү ойрад арай үнсээр хийсэн алдав.

Хятадын их гүрнүүдийг үндэслэгчд хэзээ ямагт нүүдэлчин цустай байсан

Нэгэн чулууны нүгэл ихэссэн тул Ойрад аймаг алсан хүний тоогоор өөрсдөө үрэгдэж золио төлжээ. Харин Ойрад номхорсон эсэхийг үл мэднэ. Цусанд бузартсан чулуу ариун газарт очиж, өөр чулуу дэлхийд гарчээ. Богд хаант Монгол Улс байгуулагдан бүхүйд Ховдыг чөлөөлөхөд их анхаарав, учир нь энд чулуу дахин буух учиртай ажгуу. Жалханз хутагт Дамдинбазар цэрэг даасан ламаар, баргын Ж.Дамдинсүрэн, халхын Магсаржав нарыг Ховдод илгээжээ.

Ховдыг чөлөөлсний дараа Дамбийжанцан олзлогдогсдоор туг тахиж голын ус бузарласан тул самуун гарч хоорондоо буудалцан өвөрмонголын Гэндэн баатар тэргүүтэн хэдэн хүн үхэв. Дамбийжаа чулуу Төвдөөс ирнэ гэж боджээ. Шар сүмээс туслах цэрэг илгээсэнд тэдний дунд чулууг авчрах хүн бий гэж эндүүрч, цуст жүжиг тавьсан гэлцдэг.

Бас чулууг баатар хүн авч явах учиртай гэж хардаж, Манжтай алалдахад гарамгай сайн байлдсан Гэндэн баатарыг буудаж алжээ. Хожим тэр нүглийн золиог өөрийнхөө амиар төлөв. Тэр Оросын даалгавраар чулуу эрж яваад авах хувьгүй тул гар хоосон үлдэж, оросууд буруу ажилласан хэмээн түүнийг шийтгэн Ховдыг чөлөөлсний дараа хасаг зуут илгээж баривчилжээ. Дамбийжааг баривчлахад Монголын 1500 цэрэг огт эсэргүүцээгүй юм гэдэг. Харин үлдээсэн олзны эдийг Монголын цэргийн удирдагчид хувааж авчээ. Дамбийжаа шашны номд нэвтэрхий агаад чандманийг эрэх тусгай даалгавартай, басхүү элдэв шидэд нэвтэрсэн хүн байжээ. Тэр домгийг дагаж Төвдөд олон жил нууц амьдарч, Ховдыг хөндлөн гулд тэнэхдээ чулуу эрж явсан байна. Тэр мөн цэрэг цуглуулж, Чандмань буувал булаан авахад бэлтгэж байсан ба Оросын хасаг цэрэг бас Ховд орчим эртнээс байрлаж, хэрэгтэй цагт туслахад бэлэн байжээ. Хожим түүнийг Астраханьд байхад нь Зөвлөлтийнхөн олж, НКВД-д элсүүлээд дахин Монгол руу илгээсэн байдаг.

Харин Цахарын Баяр тайж Ховдыг чөлөөлсний дараахан шалтаг олж хэрүүл маргаан өдөөгөөд цор ганцаараа Хүрээний зүг оджээ. Тэр даргатайгаа муудалцсан гэх авч тэр нь шалтаг төдий. Тэр чулуу авахаар одсон гэлцэнэ. Түүнд Тогтох тайж захиа даалгавар өгч, өөрөө хаант улсын цэргийн яамнаа түшмэл хэмээгдэн үлджээ. Үүний дараа Дамбийжаа баривчлагдав. Дамбийжанцан чулууг буруу газар эрсэн байх нь, эсбөгөөс түүнд чандмань олдох заяагүй байсан ажээ.

Үүний дараа цуу үг дэгджээ. Монгол цэргийн жанжид Манжийн амбаныг буулгаад чулуу өгөхийг шаардсан гэнэ. Амбан айж ордны дорх танхимд ортол хар даавуугаар бүтээсэн эд байжээ. Хар даавууг автал гэрэл цацарч танхимыг бүрэн гэрэлтүүлсэн агаад “Морин толгойн чинээ молор эрдэнэ” гэгч байжээ гэлцэх болжээ. Тэр эрдэнийг хүрээнд авч одсон гэлцэнэ. Энэ бас л домог.

Чулуу одоогийн Ховдын Чандмань суманд буусан /гарч ирсэн/ гэлцэх. Баяр тайж Ховдоос гэдрэг эргэхдээ замд байх уг газарт ганцаар очиж чулууг авчээ. Домог ёсоор бол Чингис хаан ч хар сүлд тахих үед Чандмань буусан гэлцдэг амой. Хожим Ардын засгийн анхны жилүүдэд Ховд аймгийг үүний учир бэлгэшээж Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж байжээ. Феодал ёсыг эсэргүүцэж, аймгийн нэрийг Ховд болгоход учир мэдэх хүмүүс чандмань олдсон нутгийг Чандмань нэртэй сум болгосон агаад Ойрдын олон ястны дундах халх отог уг газрыг сахин суудаг аж. Чандмань сум нэн эртний бичээс дурсгал, хамгийн эртний хасын дүрс бүхий агуйтай. Гурван цэнхэрийн агуй. Бас нууцлаг Жаргалант хайрхан хэмээх уул бий. Заншил ёсоор бол Чандмань чулуу гарч ирсэн газрыг Жаргалант хэмээн нэрлэх учиртай ажээ. Яг ийм нэртэй уул Төвдөд анх Кайлас уулын бэлд Чандмань буусан газарт бий. Саяхан оросууд Төвд, Монголын Жаргалант хайрхадыг шиншжээ. Харин уг ууланд шамбалын оронтой холбоотой байж болзошгүй элдэв зан, тийрэн нууцлаг, биегүй энэрги хамгаалсан ёроолгүй нүх байсныг илрүүлээд буцжээ.

Бас Торгуудын Төмөржин гүн анх амбаныг зайлахыг шаардсан бичиг авч очоод долоо хоног тамлуулж үхжээ. Түүнийг зовсон дуу сангийн хэрэм давж сонсогддог байсан гэнэ. Түүний гавъяагаар торгуудын нэг чуулган Монгол Улсынх болжээ. Хожим 1945 онд Торгуудын Вангийн хүрээнд байсан метр хэр өндөр алтан Зонхов бурханыг Улаанбаатарт залж ирж, Гандан хийдийн гол дуганд залжээ. Энэ бурхан чандманийн тэмдэг байсан ажээ. Яг бурхан ирэхийн урдхантай одоо Гандангийн номын сан байгаа дуганд байсан Богд хааны шарилыг Оросууд гарган хаясныг нууцаар оршуулсан байв. Тэр бурхан хааны тэмдэгийг сахиж үлдсэн ба өнөөдөр энэ бурханд тэмдэг бий гэж сурвалжлагчид их олон, гэвч өгч болохгүй учиртай гэнэ.

Чулуу Богдод очих ёстой тул ийнхүү очжээ. Тайж Баяр гүн цол хүртэж, цахар цэргийн хороог захирах болов. Харин Харчин Бавуужав “Богд лам чи чулууны эзэн болсон тул Манжийн төрийг буцаан тогтоо, бид энэ төрийг хамгаалах тангарагтай улс” гэжээ. Харин Богд хаан чулууны лүндэн ёсоор Ар Халх, Ховд тусгаарламуй, өвөрлөгчийг авах гэвч оросууд үл зөвшөөрөх тул дийлэхгүй болж гэжээ. “Болохгүй нь огтгүй бус болохгүй ажээ”. Олон мянган жил ийм л байсан, хожим өвөрлөгчид хятад лугаа хольцолдовч хятадыг задлах шинэ үеийг төрүүлнэ гэжээ. Тэр цагт монгол цустай хүн Хятадын хаан суувч өөрийгөө монгол хэмээхгүй, гэвч Монгол хэмээн санана гэнэ. Хятадын их гүрнүүдийг үндэслэгчид хэзээ ямагт нүүдэлч цустай байсан агаад түүнийг хятадууд ямагт нууна гэжээ.

Юань гүрний сүүлийн хаан Тогоонтөмөрийг хөөсөн хааны орыг хүү нь бус өргөмөл хүү нь, өөрөөр хэлбэл Тогоонтөмөрийн хүү залгамжилжээ. Энэ хааныг Хятадын түүхнээ Юнлө гэдэг, 70 жил төр барихдаа тэр Монгол нутагт гурав, хамгийн сүүлд нас барахын өмнө ирээд буцжээ. Тэр сая цэрэгтэй явсан ч дайн хийгээгүй гэдэг. Хятадын нууц түүхэнд энэ тухай бичихдээ “Юнлө эцэг өвгийн нутгийг эргэсэн” гэжээ. Гэвч түүнийг Монголчууд орхижээ. Мин династийг үндэслэгч нь Хонву /1368-1398/, түүний орыг авъяас чадваргүй хүү Жианвэнь /1399-1402/ залгамжилсан. Гурав дахь хаан нь Юн Лө /1403-1424/ байсан нь Мингийн түүхэнд тодорсон аугаа хоёр хааны нэг юм. Нөгөө нь Хонву. Тогоонтөмөрийг Бээжингээс одоход түүний нэг хатан бие давхар үлдсэн байсныг нуужээ. Түүнийг хүүхдээ 13 сар тээсэн гэдэг. Үнэндээ Тогоонтөмөрийн хүү үлдсэнийг нуусан ба тэр Хонвугийн хүү гэгдэн Мин гүрний гуравдахь хаан болсон гэдэг юм. Хятадын нууц түүхэнд энэ тухай дурдсанаас албан ёсны түүхэнд үгүй.


Богд хаан хийгээд Далай лам

Төвд тусгаарлахыг оролдож, Англи, Оросоос туслахыг гуйвч болсонгүй. Англичууд чулуу эрж Төвдөд цэрэг оруулахад Далай лам Монгол руу зугтжээ. Харин хятадууд Далай лам чулуу авч явна гэж Орос руу гарахыг хоригложээ. Гэтэл оросууд бас Далай лам, чулуутай хэмээн ир гэж буриад бандидыг угтуулан авчир хэмээн явуулжээ. Энэ бол 1904 оны явдал.

Далай лам Монголд ирэхдээ шашны хаан морилж буй тул алс угт гэж Богд хаанд элч явуулжээ. Харин Богд хаан төлөөний гурван хүнээр угтуулаад “Би залагдаж ирсэн хутагт, харин Далай лам амар амгалан эрж надад ирж толгой хоргодож байгаа хүн тул би угтах ёсгүй” гэж Хүрээний дэргэд шажин хурахын аманд угтжээ. Үүнээс болж Богд хаан, Далай лам муудалцсан гэдэг байна. Хүрээнд далай ламыг шоглосон яриа гарав. Нэгэн банди сэм гэтэж далай ламын сууж байсан байшингийн цонхыг маажсанд “Хэн бэ?” гэжээ. Банди, “Далдыг хардаг далай лам байтлаа дан цаасны цаадах даржин бандиа танихгүй юу?” гэж мохоосон л гэнэ.

Богд хаан согтуудаа агсарч “Муу тэнэмэл төвд” гэж хараасан л гэнэ. Сайн ламыг тасганы овоон дээр барьсан гэрт залж, /тэр гэрт хутагт далай лам хоёр нууцаар уулзсан гэлцдэг/ лүйжин тавиулаад 100 лан өгсөн гэнэ. Ламыг лүйжин тавихад Дондогдулам хатан их сайхан хоолойгоор дагаж уншиж байсан л гэнэ. Тэр ч байтугай цагаан сараар Гандан ороод өөрийн нь сэнтийн урд зассан далай ламын сэнтийг өшиглөж “Ямар гээч хог энд байна” хэмээн уурлажээ. Тахилч лам нь “Далай багшийн сэнтий” гэвэл, “Би мэдэж байна, одоо үүнийг зайлуул, энэ тахилчийн ажлыг болиул” гэж уурлажээ

Харин Далай лам Жавзандамба хутагтаас чулуу хүссэнд байхгүй гээд өгсөнгүй ажээ. Далай лам, Жавзандамба ламтай одоогийн Удирдлагын институтын орчмын газарт /яг тэр газарт өнөөдөр нурж унах дөхөж буй хайстай ордон нь буй/ нэг, тасганы овоонд нэг, хоёр удаа нууцаар уулзжээ. Хожмын Богд хаантай уулзсан Далай лам “Жавзандамбын пэрэнлэй их ажээ, би сонсоод сүрдлээ” гэж ярьжээ. Пэрэнлэй гэдэг нь “их үйлс” гэсэн үг гэнэ. Богд чулууг Далай ламд өгсөнгүй, өгье ч гэсэн байхгүй, гагц их үйлсийг эхлэх цагт Монголд “Чандмань өөрөө буух” учиртай тул уулзсан бололтой. Богд ч Монголын заяагаар ирж байгаа юмыг Монголд хэрэглэх ёстой гэж зөрсөн байх гэлцдэг.

Далай ламыг Бээжин рүү дуудагдан явснаас 10 жилийн дараа, 1915 оны үес төр хямарч эхэлжээ. Богд хаанд чулуу байхгүй ажээ гэлцэх болж. Байсан бол далай багшид өгөх ёстой бус уу? Богд хаан чулуу бий хэмээн итгүүлсээр байсан авч болсонгүй. Халхын хангууд “Чамайг чандмань эрдэнийн чулуутай хэмээн өргөмжилж хаан болгов. “Оройн дээд очирдарь чандмань эрдэнэ Богд гэгээн” гэгч чулууны тулд өгсөн цол. Хэрэв одоо чулуугүй бол Монголын төрийг монгол хүнд өг” гэжээ. Богд хаан хариуд нь Халхын толгой ноёдыг алав. Хатан Дондогдулам баруун солгойгүй хор хүртээх ба Богдын дэргэдийн оточ нар хүнийг үхүүлэх хорыг гайхамшигтай үйлдэнэ. Энэ оточ нар өндөр настай, хэлгүй хүмүүс агаад тэд хаа нэгтэй үзэгдвэл заавал нэг муу юм болмуй. Чимээгүй үхэл мэт дорнын эмийн нууцад гүн нэвтэрсэн хэлгүй оточ нар зөвхөн Монголд ч биш дорно этгээдэд олны айдас төрүүлдэг байжээ. Хор түрхсэн сандалд суусан төдийд, хортой хадаг авсан төдийд үхмүй гэлцэнэ. Үүнийг Өргөө дэхь Оросын боловсролтой цагаачид сүрхий анзаарч байж. Тухайн үеийн хүрээнд ч ийм яриа их гарч.

Үүнээс Монгол хямарч, цэрэг хэрэглэх чадалгүй болсон цагт 1918 онд Хятадын цэрэг хүрээг эзлэв. Гэвч Барон Унгерн гараад ирэв. Муу зэвсэгтэй 800 орчим хасаг, төвд, буриад, монгол цэрэгтэй тэр давшиж, сайтар зэвсэглэсэн 15 000 гаминг хүрээнээс ховх цохижээ. Хятадууд Богдоос чулууг нэхэвч өгөөгүй гэнэ. Барон хүрээг эзлээд Хятадыг дуудсан 10 ноёныг алъя хэмээсэнд “тийм учиртай юм” гээд алуулаагүй ажээ. Гаминг гаргахын өмнө гамингийн үс наасан, бас Бадамдоржийн дүртэй тохой хэр лүд хийж, айлын голомтонд нь нүх ухаж, Дагва жинсрэг цутгуулж их харал хийжээ. Гамингийн үсийг хожим Чойбалсангийн амраг олсон Бортолгойн авааль нөхөр Богдын донир Жамбал үсчний газраас олж ирсэн гэдэг. Богд хаан Бадамдоржоор монгол бичиг даалгасан шавь тул багшийгаа харааж болохгүй гээд оролцоогүй ажээ. Монголд ирсэн гамингаас нэг ч хүн буцаж хариагүй гэдэг. Гамин явсны дараа Бадамдорж бие муудав гэж хөдөөлж, Цэнд зайсан гэгчийнд гараад үхжээ.

Барон “Чандмань чулууны” талаар гадарладаг байжээ. Түүнийг Дагуурт байхад харчин гүн Бавуужавын цэргийн үлдэл очиж нийлсэн ба тэд Бароныг ятгаж Хүрээнд ирүүлсэн гэлцдэг.

Бароны тагнуулынхан ч түүнийг маш сүрхий эрсэн авч олсонгүй. Харин Барон Унгерн ялагдахаа мэдсээр байж Оросод довтлоод хиарцохиулж, Монголчуудад ирж, дараа нь баригдаад цаазлагджээ. Сүүлд түүхийг өөрчилснөөс Сундуй хүн Бароныг хүчээр баривчлаагүй юм билээ. Монголчууд Баронд муу байгаагүй. Хасаг отрядад нь бослого гарч, Резухин алуулсныг сонсоод гол хүчин дээрээ эмх журам тогтоохоор ганцаараа очсон түүнийг пулемётаар буудаж угтжээ. Барон зугтаж Сундуй гүний дивизионд очсонд цаадуул нь битүү эсгий тэрэгт нуугаад авч явж. Гэтэл Щетинкиний тусгай отрядынхан таарч, тэргийг нээж үзтэл нэг орос сууж явж. “Та хэн бэ?” гэж нэг цэрэг асуусанд “Би дэслэгч генерал барон Унгерн фон Штэрнбэрг байна” гэж хэлээд баричвлагджээ. Сундуй гүн Монгол зангаар заль зохиож “Баривчлаад та бүхэнд хүргэж өгөхөөр явж байсан” гэж хэлж цэргүүдээ аварчээ. Бароны штабын дарга Торновскийн бичсэнээр 300 гаруй хүнтэй Сундуй гүний Монгол дивизион Улаан Үдийн орчим цагаантнууд бүслэгдээд яах аргагүй болоход үед улаан оросын нэгдүгээр хороог халз дайрч сүйтгээд, бүслэлтийг сэтлэн Монголынхоо нутагт буцаж орсон байжээ. Бароныг авч явахдаа 90 гаруй хүн үлдэж, бусад нь тараад явчихсан байжээ.

Унгерн бүр 1911 онд Ховдыг чөлөөлөх үеэр чулуу эрж тэнд очиж байсан хүн юм. Гэвч хүрээг эзэлснийхээ дараа гүн утга учрыг мэдсэн тул чулуунд шунахаа байжээ. Тэрээр хэзээ яаж үхэх, төгсөхөө ч сайн мэдэж байсан гэлцэнэ. Харин тэр Чандманийг тосч авсан Баяр гүнийг ихэд чухалчилж дэргэдээ авчээ. Барон Хүрээг орхиж, амжилт олохгүйгээ мэдсэн хир нь улаан оростой дайтаад үхэв. Богд түүнийг тийш нь түлхсэн ба цэргийн тактик эрдмээр бус гагцхүү лам нарын зааж зурснаар байлдаж явсан нь сонин. Торновский бичихдээ: “Барон Тройцкосавскийг зургаанд эзэлчих боломж байсаар атал цэргээ хойш татлаа. Маргааш нь улаантнууд хотод бэхэлж, найманд бид дайраад авч чадсангүй. Учрыг асуухад хотыг зургаанд авч болохгүй, найманд ав гэж лам нар хэлсэн гэлцэж байсан” гэжээ.

Харин түүнийг дарах нэрээр улаан Орос Монголд цэрэг оруулжээ. Бароны ар хударгаар Богд хаан улаан Орос өөрийг нь яахыг мэдсээр байж Ардын намынхны тусламж гуйсан бичигт тамгаа дарсан байна. Ийнхүү Монгол тусгаар улс болох замдаа шуударчээ.

Хятад Төвдийг барьж Чандманийг эзэмшин өндийнө гэж сэтгэж…

Богд хаан 1924 онд нөгчив. Билгийн мэлмий хурцадсан тул хараа нь мууджээ. Хэдийгээр нүд нь хараа орохгүйг мэдэж байвч тэр 80 тохой Мэгжид Жанрайсэгийг бүтээж шамбалд талархжээ. Тэр үхэхээ өмнө нь мэдэж, өргөж авсан ба асарч байсан хүмүүсээ өмч таслан өөрөөсөө холдуулжээ.

Богдыг үхсний дараа англи, америк, герман, япон, хятад, орос гүрнүүд чулууны төлөө Монголд алалдав. Ард түмэн улаан Оросыг таалахгүй байлаа. Тухайн цагт чандманийн хүчийг мэддэг хүн олон байжээ. Ардын засаг баттай тогтнуулахын тулд чандмань чулууг Ленин багш эзэмшдэг гэсэн гэнэ цуурхал хүртэл дэгдээжээ. Тэр цагаас Ленин Монголын ард түмний “багш” болов. Бүр хожим Ц.Дамдинсүрэн гуай нэгэн ёгт өгүүлэлдээ “Хүслийг хангагч чандмань эрдэнийг Ленин багш олсон тухай хүүдээ ярьж өгдөг эхийн тухай” өгүүллэг бичсэн байдаг. Тэрээр удаан хугацаанд хүрээнд болж байсан үйл явдлыг сурвалжлан тэмдэглэхдээ чулууны нууц домгийг мэдэж авсан байв. Дамдинсүрэн гуай насны сүүлээр Шамбалын талаар маш анхааран судлаж, их ч материал цуглуулсан гэдэг.

Америкчууд Рерихийг чулуу хайлгахаар явуулжээ. Хүрээний Төвдийг оросууд Англитай холбоотой хэмээн хядаж барав. Бас бусад үндэстнийг хөөн гаргажээ. Рерих анх Оросоос Шинжаанаар дамжин төвдөд хүрч Чандманийн ууланд /Кайласт/ гарах гэсэн авч Төвдийн эрх баригчид албаар төөрөлдүүлж зүүгээр тойруулан Энэтхэгт гаргажээ. Дараа нь Энэтхэгээс буцаж ариун газарт хүрэх гэсэн авч мөн л баруугаар төөрүүлж Харгомын элсэн цөл рүү шидчихжээ. 1924 оны үед Рерих дахин экспедиц бэлтгэж Улаан-Үдээс Монголоор дамжин ариун газарт хүрэх аянд гараад бүтэлгүйтжээ. Хүрээнд багаа том лам нараас Төвдийн эрх баригчдад хандсан даалт бичиг авахыг Рерих их хүсэж байв. Америкчууд түүнийг санхүүжүүлэхийн зэрэгцээ өөрийн төлөөний хоёр ч хүнийг хамт илгээхийг оролдсон авч оросууд тэднийг нь хөөчихжээ. Рерих ариун газарт хүрч чадалгүй Энэтхэгт гараад чулууг 1944 оныг хүртэл сахиж тэндээ нөгчжээ. Тэр чандмань чулууны талаар хамгийн сайн мэддэг, түүнийг удаан бөгөөд шаргуу эрсэн, гэгээн хүн байсан гэлцдэг билээ.

Ийнхүү Чандманийн домог коммунистуудын суртал нэвтрүүлгээр замхарч дуусчээ. Гэвч хожим Адольф Гитлер мөн л оккультизмийн нууц бүлгэмийн нөлөөгөөр Чандманийг Төвдөд эрж хайхыг даалгаж байжээ. Тэр ч байтугай Чандмань Халимагт байж болзошгүй хэмээн эрүүлж байсан гэдэг. Зарим сурвалж нотлох нь Гитлер Оростой дайтах шалтгаан нь чандманийн төлөө ажээ. Түүнийг Оростой дайт хэмээн ховсдсон тэр хүч Гималайд байсан гэлцдэг. Одоо ч Чандманийн төлөөх нууц далд ажиллагаанууд үргэлжилсээр байгаа ажээ. Сүүлийн үеийн далд нууц ухаан судлалын экспедицүүд Монголыг анхаарч, Шамбалын үүдийг Гималайгаас бус Монголын цөлөөс эрж хайж эхэлжээ. Ф.Оссендовский Монголоос гарахаар явж ахуйдаа шамбалын үүд нээгдэх үеийн гайхамшгийг дүрслэн бичсэн байдаг. Огт өөр орон зай, шувууд хүртэл дуугаа хураасан чив чимээгүй, гайхалтай гэгээн мэдрэмжээр Монголын өмнийн говь түүнийг үджээ. Тэр юу болсныг мэдсэнгүй гайхан сэхээрэхэд нь хөтөч өвгөн залбирч, “Шамбалын үүд нээгдээд хаагдлаа” гэж хэлсэн гэдэг.

Хятад Төвдийг барьж Чандманийг эзэмшин өндийнэ гэж сэтгэж байна. Харин Америк Төвдийг дэмжиж эртний энэ нууцын учир утгыг олох гэж Хятадтай тэрсэлдэж байна. Энэтхэг ч бас ийм учир Хятадтай сөргөлдөж, Төвдийг ивээнэ. Харин Чандмань дэлхийд анх буусан газар Энэтхэгийн хилээс асар холгүй байдаг ажгуу. Гэвч хэн чулууг эзэмших учиртайг хэн ч үл мэднэ. Чулууны домог үргэлжилсээр…