Thursday, November 8, 2007

ТУСГААР ТОГТНОЛЫН ТУХАЙ АЛАГ ЦООГ ТЭМДЭГЛЭЛҮҮД

11 сарын 26-нд болох Тусгаар тогтнолын өдөрт

... Наран ургах зүгт эх орон минь бий гэж
Насад мөнхөд залбирч явлаа ...
Дорнын эртний сонгодог найргаас

“ЧИНГИС” АРХИНЫ ХООСОН ШИЛ БА ЭХ ОРОН
Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Лий хэмээх нэгэн эртэй нэгэн орой жаахан суув. Лий маань хаанаасаа ч авсан юм нэг том шилтэй, цэнхэр ярликтэй “Чингис” архи гаргаж биднийг дайллаа. Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав. Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би энэ одоо би хэзээ хятад дуу мэддэг болчихов оо гэж гайхаж байтал харин Манай ардын дуу “Арван тавны сар”-ыг хятадаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу бэст гэнэ шүү.

Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лий-гийн гаргасан “Чингис” архины хоосорсон шил ч бас байлаа. Гэнэт Лий маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь хундагаа тавин бүгд Лий-г гайхан харав. Лий-гийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос “Чингис” архины хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг бүүвэйлж, энхрийлж гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одлоо. Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг явах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал “Би Монгол хүн” гэж билээ. Тэгэхнээ нь хятадаас Тайванд дүрвэж очсон монголчуудын удмын хүн байж. АНУ-д ирээд 32 жил болсон гэсэн. Монголоор таг. Би Чахар Монгол, ах, найзаа гэх мэт цөөн хэдэн үг л мэднэ. Гэвч зүрх сэтгэл нь…. Түүнд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руу шидчихдэг тэр "Чингис" архины хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг аж.

БИЕЛЭШГҮЙ МӨРӨӨДӨЛ
Өнгөрөгч зуны дэлгэр цагаар Блүүмингтонд байх Ажаа гэгээний сүмийн ойролцоох өтгөн сүглэгэр моддоор хүрээлэгдсэн ойн зүлэгт нугад хэдэн Монгол гэр барихаар болов. Манай ахмад сэтгүүлч Б.Зоригт тэргүүтэй бидний хэдэн нөхдүүдэд туслахаар хэдэн төвдүүд, бас хэдэн Америк ирэв. Тэдэнтэй хамт ирсэн, гэр барихад их эвтэй, сурцтай Дугаржав хэмээх хөх хархүүтэй танилцан, унь өлгөх зуураа хэд гурван үг солилоо. Дугаржав Цахимөртөөний хуучин анд маань болж хувирав. Хараажаар баруун аймгуудынханы нийтлэг төрхтэй энэ залуугаас аль аймгийнхыг нь сонирхвол Зүүн гараас ирсэн, Зүүн гарын өөлд монгол гэж байна аа. Монголоор ямар ч өөгүй маш цэвэрхэн ярих юм. Монголд байсан уу гэвэл үгүй, ер нь очих санаа бол их байгаа, эндэх бичиг баримтаа цэгцэлчихээд очино доо гэж байна.

Танай нутагт та бүхэн яг ингэж монголоор ярилцдаг уу гэвэл ер нь тийм гэлээ.
Зүүн гарын Монголчууд одоо 140 000 орчим хүн байгаа гэнэ. Хятадын Шинжаан Уйгурын раойны хойт хэсэгт, Тарвагатайн нурууны ар хормойгоор амьдарцгаадаг. Дугаржавыг бага байхад буюу 1970-1980-аад оны үед тэд өргөн уудам нутагтаа эзэн хүн шиг амьдарцгаадаг байсан, монголоороо ярьцгааж, хүүхдүүд нь монгол сургуульдаа явцгааж, Заяа Бандидагийн зохиосон тод үсгээ заалган, түүгээр ажил явдлаа эрхэлж, малынхаа бэлчээр, өвсний сэрмүүнийг даган нүүдэллэж амьдарцгаадаг байсан гэнэ. Гэтэл 90 он гарсанаас хойш энэ бүхэн эрс өөрчлөгдсөн. Одоо Монгол сургуулиуд бүгд хаагдаж, хүүхдүүд хятад сургуульд явахаас өөр аргагүй болсон, Малын бэлчээрийг нэг бол хятадууд, нэг бол уйгур, чантуу, хасагууд эзэлж, Зүүн гарын Монголчуудын оршин амьдрах хүрээ маш их хумигдсан. өөр хоорондоо ч хэлхээ холбоо тогтоох боломж хомсдон, хол хол нутагт таслагдан амьдрах болсон гэнэ.

Тэнд Монголоороо үлдэх гэвэл хээрийн бөглүүд цөлөгдсөн мэт хавчигдан амьдарч байгаад мөхөх болно, эсвэл шинэ ирж буй тэр хүчтэй түрэлтэнд орж, хятадчилагдах зам л бий гэнэ.
Дугаржав анд цааш нь санаашрангуй, алжаангүй ярьж байна. Бид жинхэнэ монгол хүмүүжил, ахуй, дадал заншилаа одоог хүртэл хадгалж, тэссээр ирсэн. Харамсалтай нь одоо л цаашид хадгалж чадахгүй болчих гээд байна даа гэлээ.

Одоо зүүн гарын Монгол хүн бүрд нэг л мөрөөдөл байдаг гэнэ. Тэр цор ганц мөрөөдөл нь Монгол улс хэзээ нэгэн цагт ирээд биднийг авчихдаг болоосой….!!!!!

Үүнийг сонсоод зүрхээр хатгах шиг болж билээ. Энэ дэлхий дээр Монгол улс гэсэн нэгэн тусгаар улс бий гэсэн итгэл, бахархал, тэр нь оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь эцсийн гэрэл гэгээ болж байгаа юм сан уу, хөөрхий тэр алаг махны минь тасархай, алд биений минь хэлтэрхий болсон хүмүүст. Цагтаа Дундад Азийг захирч явсан Монголын Зүүн гарын хаант улсын үлдэгдэл, алдар суут Баатар хунтайж, Галдан Бошигт, Галдамаа баатар, Очирт Сэцэн хан, Цэвээнравдан, Галданцэрэн, Их бага Цэрэндондовтонгуудын удам...

ХАЗАРА МОНГОЛЧУУД БОЛ МАШ САЙН АНХ НӨХДҮҮД БАЙДАГ
Саявтархан Блүүмингтонд Сиаяда нэрт Афган эртэй танилцав. Намайг монгол гэхээр нүд нь илт сэргээд, “Ох, май бээст фрииндс - Монголиа” гэж байх юм. Хаана ийнхүү Монголчуудтай найзалж нөхөрлөчихсөнийг нь сонирхвол нутагтаа гэнэ ээ. Тэр Афганы зүүн өмнөд мужаас ирсэн, нутагт нь Хазара хүмүүс нэлээд байдаг гэнэ. Тэдгээр Хазара нар өөрсдийгөө Монгол хүмүүс гэж хэлдэг, Хазара нарын дотроос муу хүнийг хайгаад олохгүй ээ, Хазара Монголчууд бол маш сайн анд нөхдүүд байдаг, ийм хүмүүс гээд эрхийгээ гозойлгож байгаад л сэтгэл нь хөдлөн ярьж байх юм. Эндээс нэг зүйл надад их содон сонсогдсон нь тэдгээр Хазара хүмүүс өөрсдийгөө Монгол хүмүүс гэдгээ мэддэг нь, тэгэж хэлцгээдэг, бодоцгоодог нь… Сэтгэлийнх нь мухарт Монгол гэсэн нэгэн гэрэл гэгээ байгаа болоод л тэр дээ. Аль 15 дугаар зуунд Цагаадайн удмынхнаас үлдэж, хаягдсан хувь заяатнууд. Цагтаа тэр бүс нутгийг хаанчилж, эзэн шиг эзэн нь байсан л хүмүүс дээ.

Тэдний хагас зарим нь Цагаадайн удмын Бабурыг даган Энэтхэгт очиж, Энэтхэгийг 3 зyуны турш захирсан хүчирхэг Их Могол гүрнийг мандуулж, Ертөнцийн 7 гайхамшигийн нэг Таж Махалыг ч хүртэл босгож л явсан даа. Даруй 5 зуун өнгөрчихсөн байхад Монголоо санасаар байдаг нь сонин бас бахархууштай, бас эмзэглүүштэй.
Сиаядагаас Хазара нарын тухай лавлахад тэд тийм олон биш, Афган хүмүүс их олон бүлэг/шашны голдуу/ болоод хоорондоо байнга тэмцэлдэж байдаг, харин Хазара нар тэдний алинд нь ч ордоггүй, тийм болохоор альных нь ч дэмжлэгийг авдаггүй, ер нь хөдөөгийн зэлүүд тосгоноор голдуу байдаг, амьдрал тийм сайн биш гэлээ. Би Хазара найз нарынхаа зургийг үзүүлээрэй гэж хүсэхэд Сиаяда Афганаас олон зураг авчруулж үзүүлэхээр амласан юм. Ирэхээр нь би бас та бүхэнд үзүүлнэ ээ.

ИШЛЭЛ АВАХАД….
Өнгөрөгч хавар Цахимөртөө - дэлхийн Монголчуудын цахим хуудаснаа манай нэртэй домог судлаач, яруу найрагч доктор С.Дулам багшийн хүү Д.Бум-Очирын “Хайлж буй дээд Монгол” хэмээх маш сайхан илтгэл тавигдсан байсан. Д.Бум-Очир Дээд Монголчууд дунд удаан хугацаагаар амьдарч судалгаа хийсэн анхны монгол судлаач эрдэмтний хувьд маш сонирхолтой ажиглалт, судалгаа олныг хийсэн байсан. Бүрэн эхээр нь уншвал http://www.tsahimurtuu.mn/show.php?table=news&id=430
Тэндээс одоо бидний хөндөж буй сэдэвтэй холбогдуулан нэг өгүүлбэрийг иш татая. Хятад, Төвдүүдэд хавчигдаж, хяхагдсан “Дээд монгол оюутнууд Төвд оюутнуудтэй муудалцвал Дэлхий дээр Төвд нэртэй улс байдаггүй, харин Монгол нэртэй улс байдаг юм гэж омгорхож, ганц дуугүй болгодог” гэнэ. Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар энд олон тайлбарын ч хэрэггүй байна.

Гэтэл харин бидний байж байгаа царай юусан билээ. Юун тэр мөрөөдөлтэй манатай. Хавчигдаж хяхагдаж, мөхөж сөнөж байгаа садан төрлүүдийнхээ тухай санаа тавих нь бүү хэл өөр хоорондоо хэмлэлдээд л, булаацалдаад, хулхидацгаагаад л, луйвардацгаагаад л, бие биендээ хий хоосон томорцгоогоод л, улс орон өнөөдрийнх шиг ийм хэвээр байвал…, тэдгээр Зүүн гарын монголчуудын ганц мөрөөдөл нь биелэх ямар ч боломжгүй, аргаа барсан найдваргүй мөрөөдөл байсаар байх нь дээ. Ер нь харь оронд буй монгол угсаатнуудын нийтлэг мөрөөдөл энэ л болов уу. Тэгсээр горь нь тасарч мөхөх вий дээ.
Нийтлэг эрх ашгийн тухай мэдээлэл, түүнийг мэдрэх мэдрэмж, зөн аль хэзээ бидний тархи толгойноос нь арчигдчихсан юм бол?

ТУСГААР ТОГТНОЛ БА ТөВДҮҮД
Хувь заяаны эрхээр, шашин шүтлэгийн хэлхээсээр АНУ-д цөөнгүй төвд хүмүүстэй уулзаж, танилцан, заримтай нь нөхөрлөж явна. Энд уулзаж учирсан Төвд хүмүүсийн ганц мөрөөдөл нь тусгаар тогтнол… Гэхдээ уулзсан даруйд хоёр үгийг зөрөөгүй л түүнээ зарлаад тунхаглаад явахгүй. Ер хүн чин зүрхнийхээ хүслэнгээ “I’m love you” гэдэг шиг хоёр үгийг солион дээр үнэ цэнэгүйгээр шидлээд байдаггүй, харин үг бүр, үйлдэл бүрээр нь дамжин илэрч байдаг юм билээ. Энэ хавар, зуны туршид хэдэн төвд залуучууд сайн дураараа хагас бүтэн сайн өдрөөр, шөнө оройн цагаар ажилласаар Индианагийн Блүүмингтон дахь Төвдийн соёлын төвийг шинээр засч сэлбээд нээхэд бэлэн болголоо. Сайхан ч сэргээн засав. Нэг өдөр оройхон очиход хэдэн Төвд залуучууд бөөгнөрчихсөн шуугилдаж байна. Соёлын төвийнхөө гол хаалганы дээр байрлуулах зургаа л хэрхэн байрлуулах талаар санал солилцож байгаа аж. Төвдийн нийслэл Лхас хотын маш сайхан авсан дэлгэмэл фото зураг байна. Сүрлэг уулсаар хүрээлэгдсэн, өргөн гол тахиралдан урссан үзэсгэлэнтэй сайхан хөндийд байдаг ажээ, Лхас хот. Бараг 2 метр орчим урттай зураг юм. Сайхан ч хүрээ сонгожээ. Төвд залуучууд тэр зургаа хараад сэтгэл нь хөдөлсөн шинжтэй, нүүр дүүрэн баясгалантай, дуу хоолой хөгжүүн байх юм. Тэгээд зургаа гол хаалганыхаа дээр өлгөлөө. өлгөчихөөд зургаа хараад л, заагаад л баахан шуугилдав. Надад ч бас хэлж байна, энд нь ийм юм байдаг, тэнд нь тийм юм байдаг гээд л…

Би гадуур гарч яваад 2 цаг гаруйн дараа нөгөөх Соёлын төвөөр хальт шагайтал нэг төвд залуу нөгөөх зураг руу таг ширтээд шалан дээр нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн сууж байх юм. Намайг хараад баахан эвгүйрхэв бололтой. Би ч бушуухан буцав. Хэд хоногийн дараа түүнээс санамсаргүйгээр -Лхасаас гараад удаж байна уу? гэвэл -13 жил боллоо. Энэ жилүүдэд би өдөр бүр Лхастаа эргээд нэг очих хувь ерөөл хайрлаа гэж бурханд залбирч ирлээ гэж билээ. Харин бид бол энд/АНУ-д/ сайхан болмоор байгаа бол байгаад л байна, дургүйгээ хүрвэл исгэрэн дуулаад л Улаанбаатарлуугаа нисчихнэ шүү дээ.

2004 оны хавар Вашингтон ДиСи-д Төвдүүдийн жагсаал боллоо. Тэрхүү жагсаалыг толгойлогчдын нэг Дээрхийн гэгээн Далай багшийн төрсөн ах Норов гэгээний хүү Жигмэгийн хүсэлтээр би тэнд очив. 100 гаруй төвдүүд Жоурж Туаны ар дэнж дээр байх Хятадын ЭСЯ-ны том сүрлэг байшингийн үүдний цэцэрлэгт цуглацгаажээ. Ихэнх цугларагсад “Free Tibet” гэх мэт бичигтэй шар ногоон хантааз, малгай өмсөцгөөжээ. “Independence for Tibet’, “Honk for Tibet & US”, “China out of Tibet”, “Release the Panchen Lama”, “Free Tenzen Delek Renboche”, “Boycott China’s goods” гэх мэт бичигтэй том хуудаснууд барьцгаажээ. Ирсэн төвдүүдийн дийлэнх олонхи нь 20 орчим насны залуус, хүүхнүүд байлаа. Тэд бүгдээрээ АНУ-д цагаачилж, голдуу Энэтхэгээс ирсэн гэнэ. Нийлж, эгнэж зогсож байгаад Хятадын ЭСЯ-ны зүг цонхыг нь доргиж хагартал л хашгиралдацгаалаа. Ёстой нэг эрхээ эдэлж, эрүүгээ чилтэл л хашгиралдав. Цээжиндээ хуримтлагдсан, гомдол, бухимдал, цөхрөлөө ёстой л нэг уудалцгаалаа даа. Зарим нь асгартал уйлж, бахардан бархирч байлаа. Хятадын ЭСЯ таг чимээгүй, аниргүй дүнсийнэ. Бүх цонхнууд нь бараан хөшгөөр хаалттай. Үүдээр нь хамгаалалтанд гарсан хэдэн хар хувьцастай Америк цагдаа л хөлхөлдөнө.

Төвддөө бол хэзээ ч ингэж чаддаггүй гэнэ лээ. Түүнээс сар гаруйхан өмнө Блүүмингтонд Норов гэгээний тэргүүлдэг Цамцэйлинг хйидэд мөргөл хийж яваа төвд эр эм хоёртой таарсансан. Яг л манай Алтай нутагт байдаг шиг сарлагын ааруул, өрмөөр биднийг дайлав. /Бид гэдэг маань Доктор М.Саруул-Эрдэнэ бид хоёр/ өөрсдөө ч яг л манай Алтай нутгийн хөдөх хүмүүс шиг тос даасан, итгэл дүүрэн найрсаг царайтай хүрэн хөх хүмүүс. Ааруул өрөмнөөс үүдээд яриа маань нэлээд нийлэмжтэй болж, бид тэдний зураг хөргийг нь авах юм болоход учиргүй сандарч мэгдэн, өнөөх найрсаг зан нь арилаад зургаа авахуулахгүй гэж тас гүрийдэг байгаа. Учрыг нь лавлавал тэд АНУ-д зөвхөн айлчилж яваа, харин АНУ дахь Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нэг гол төв болсон эл хийдээр орсоныг нь Хятадууд мэдэх юм бол тэгээд л “будаа” болох юм байна л даа. Тэгээд биднээс бушуухан салахын түүс болов. Нөгөөх сайхан итгэлтэй төрх нь царайнаас нь арчигдсан мэт арилаад, айдас хүйдэс хургасан харцаар биднээс уучлал, өршөөл гуйсаар, зугтах нь холгүй явчихаж билээ.

Сүүлийн үед Хятадууд Төвдөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа тухай мэдээлэл Хятадаас өдөр бүр тасралтгүй цацагдаж байгаа. Төвдийг цахилгаанжуулж, холбоожуулж, дэд бүтэцтэй болгож байгаа л гэнэ. Дэлхий дээрх хамгийн өндөрт төмөр зам тавилаа л гэнэ. Үйлдвэржүүлж байгаа л гэнэ. Энэ бүгд үнэн л дээ. Хятадууд нээрээ л сүүлийн жилүүдэд Төвдөд их хэмжээний хөрөнгө хаяж, 10 жилийн өмнөх Төвд орон өдгөө танигдахын аргагүй болж байгаа гэдэг. Гэхдээ тэр хөгжил, дэвшил, хөрөнгө мөнгө нь Төвд хүмүүсийн сэтгэл дэх тусгаар тогтнолын орон зайг нь нөхөж чадах л болов уу даа. Яг энэ жишээ Өвөр Монголчуудад ч адилхан даа.


ХАМГААС ЭРХЭМ ТУСГААР ТОГТНОЛ
Хэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын тухайд юм.
Манай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс, хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач мэргэжилтэй, урлагынхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн. Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор санжуулна. Ангид шуугилдаж байсан араб, мексик голдуу харчууд түүнийг орж ирэхээр нам гүм болчихно. Яагаад ч юм, намайг Монгол гэхээр бусдаас илүү надад дотно хандаж, уулзах болгондоо “Hi Немо” хэмээн элгэмсэгээр гар барьж, тэдгээр мексик, араб залуус надруу сэм сэмхэн цагаахан атаархалын харц чулуудахад хүргэнэ, түүнийг нь мэдрээд би ч амьхандаа их сэхүүн болчихно оо. Гэвч энэ бол бидний ярих сэдэв биш.

Харин, анхандаа Жамила өөрийгөө Туркаас ирсэн гэж танилцуулсан юм. Түүнийг Станбулаас ч юм уу, Туркийн аль нэг мужаас ирсэн гэж бид бодож байлаа. Гэвч хичээл эхлээд удаагүй үед оюутан бүр өөр өөрийн эх орны тухай танилцуулахад асуудал маш хурц болж билээ.

Миний ээлж болоход би өөрийгөө Монголоос ирсэн гэхэд Оросын Монголоос уу, Хятадын Монголоос уу, хэмээн нэг нь тодруулан асуув. Харь оронд явж байхад ийм асуулттай олонтаа таардаг тул нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй, би газрын зураг дээр цэгээн цэнхэрээр тодоос тод ялган тэмдэглэгдсэн Монгол орноо нүүр бардам зааж, би эндээс ирсэн гэхэд хэн ч надтай маргаж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд монгол бичгээрээ самбар дээр бичин үзүүлж, туурга тусгаар монгол улсынхаа тухай, түүний түүх, соёлын тухай чадах чинээгээрээ ярьж, бас хөөрхөн шоудаад авав.

Жамилагийн ээлж ирлээ. Бид түүнийг Туркийн тухай, Станбулынхаа тухай л ярих байх гэтэл тэр хаана ч байдаггүй эртний соёлтой Уйгур гэдэг улсын тухай яриад эхэлдэг юм байна. Түүнээс газрын зураг дээр өөрийн улсаа заахыг хүсэхэд Жамилагийн цовоо дуу нь зангирч ирээд газрын зураг руу чимээгүйхэн очиж Монголын баруун хилтэй залгаа Хятадын хойт хэсгийн Шинжаан-Уйгурын мужийг заав.

Танхимын хаа нэгтээгээс нэгэн мексик залуугийн тохуурхан инээх сонсогдов. Манай ангид харуулдсан банз шиг цээж, бөгстэй, номхон дөлгөөн зантай, байгаа үгүй нь мэдэгддэггүй Хуан хэмээх нэгэн хятад бүсгүй бас суралцаж байсан юм. Тэрээр ихэд гайхаж, Жамилаг яагаад ингээд байгааг нь үл ойлгосон байдалтай угийн онигор нүдээ улам онийлгочихсон, амаа ангайчихсан сууж байв.

Гэтэл хэн нэг нь “Жамила, чи буруу зааж байна, Наадах чинь хятад байна” гэв. Тэгэхэд Жамила багшийн ширээн дээрээс шохой шүүрэн авч ганцхан далайлтаар Хятадын нутгийн тэр хэсгийг таслан хуваагаад “Энэ миний эх орон” хэмээн хоолой цахиртуулан хэлснээ ширээ рүүгээ үсрэн очиж цүнхнээсээ Хятад улсын улаан паспорт гарган Хуан руу чулуудаад нүүрээ даран доош суугаад асгартал уйлчихав. Бүр эхэр татаж ирээд уйллаа.
Хэн ч дуугарсангүй, тэр ч бүү хэл хөдөлж ч чадсангүй. Эцэст нь манай багш Лилия хэмээх Польш гаралтай сайхан сэтгэлт бүсгүй Жамилаг аргадан мөрөөр нь тэвэрсээр гарч одлоо.
Түүнээс хойш манай ангид ямар нэгэн эх орны тухай яриа огтоос гараагүй юм. Бас бүгдээр Жамилад урьд урьдынхаа илүү онцгойлон хандаж, хүндэтгэж байх болсон шиг санагддаг. Хожим нь мэдэхэд Жамила нөхрийн хамт Хятадаас Японд гарч, хэд хэдэн улс дамжин цагаачлан тэнүүчилсээр АНУ-д саяхан ирсэн, Хятад хэл бичгийг ч маш сайн мэддэг нэгэн байсансан. Яг ийм түүх бидний мах цусны маань тасархай болох өвөр монголчуудад мөн ч олонтаа давтагддаг байх даа.

Энэ түүхийг би зүгээр нэг сонирхуулах гэсэнгүй. Тусгаар тогтнол гэдэг ямархан их үнэ цэнэтэй болохыг, хүний зүрх сэтгэлд эх орон нь ямархан их орон зай эзэлдэг тухай би тэгэхэд мэдэрч билээ. Хэрвээ өнөөдөр Монгол минь ядуу, чадуу ч гэсэн туурга тусгаар орон байгаагүйсэн бол би тэр уйгур бүсгүй шиг зүрх сэтгэлдээ мөнхийн шарх, дарамттай, бас л түүн шиг самбарын өмнө, газрын зургийн өмнө хэлэх үггүй бүлтэлзэж л байсан байх даа. Хүн байгаа юмандаа сэтгэл ханачихдаг болохоор бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг тэр бүр мэдэрч, сэрдэггүй юм билээ дээ.
....
Өнөөдөр харьд суугаа монголчууд хааяа нэг баяр ёслол тэмдэглэж, ганц нэг шил юм задлаад сэтгэл хөөрөөд суухаараа эх орон, элгэн нутаг, эцэг эхийн тухай дуулахгүй өнгөрөх нь үгүй юм. Тэгээд тийм дуугаа дуулахаараа ихэнхийнх нь хоолой зангирч, нүд нь бүрэлзэнэ. Эргээд санах эх нутагтай, эх оронтой байх сайхан юм аа. Хамгийн гол нь минийх гэж хэлэх эх оронтой нь чухал юм. Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Жамила бүсгүй шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм.
Харин энэ тусгаар тогтнол ямар үнэ цэнээр, өртөг золиосоор олдсоныг бид хааяа ч болов санаж, түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байх хэрэгтэй юм.
....
Бид эзэн нь болсон эх оронтой, гишгэх газар шороотой хүмүүс юм даа. Харин хэр зэрэг эзэн байх нь огт өөр асуудал билээ.

Б.Номинчимэд
2006 оны 11 сарын 18