Мөнх их хаан ор суусан даруйдаа 1252 оны долоон сард одоогийн БНХАУ-ын Юннань муж болон Сычуань мужийн баруун өмнөд хэсэгт 937 оноос оршин тогтнож байсан Хятадын Дали улсыг түвшитгэх, улмаар Өмнөд Сүн улсыг байлдан дагуулах үүргийг дүү Хубилайдаа даалгав. Дали улс нь хүчирхэг Өмнөд Сүн улстай хийх дайны чухал түшиц газар болох учиртай байж. Хубилай болон жанжин Урианхайдай нарын удирдсан цэрэг 1253 онд Дали улсыг түвшитгэсэн нь өмнөд Сүн улстай баруун өмнөд хязгаараар нь шууд хил хаяа нийлэх болжээ. Гэвч Хубилайн өмнөд Сүн улсад хийх аян дайн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, дөрвөн жилийн туршид сунжран удаашрав. Байлдааны ажиллагаа Янчжо хот, Хөх мөрний сав газраас Сычуань муж хүртлэх өргөн уудам газрыг хамран өрнөсөн бөгөөд монголын талд Умард хятадын зарим цэргийн жанжид өөрсдийн анги нэгтгэлүүдтэйгээ оролцсон байна.
Урианхайдаа жанжины цэрэг Сүн Улсын 30 мянган цэргийг хиар цохин 200 хөлөг онгоцыг нь буулган авав. Гэтэл Хубилайн зүгээс дайныг шуурхайлах талаар идэвхтэй санаачилга гаргахгүй байгаа нь дайныг удаашруулахад хүргэжээ. Хубилай тэр үед дайны талбарт бус, бүх хэргийг Урианхайдайд даатгаад Бээжинд амар жимэр сууж байв.
Аливаа үйлийн учир шалтгаан гэгч тун ялигүй мэт зүйлээс үүдэх нь бий.
Мөнх хаанаас Хятад орны Ерөнхий захирагчаар томилогдсон Хубилай хятадын сэхээтнүүд болон цэргийн эрхтнүүдээр өөрийгөө хүрээлүүлэн, тэдний санаа бодлыг сонсон зөвшөөрөх нь их болж улмаар хятадын талыг баримталсан бодлого явуулж эхэлсэн нь Гүюг хааны дараа эзэмшил газар их, харьяат ард олонтой томоохон ноёд, ихэс дээдсүүд бие даах явдлыг илтэд эрхэмлэх болж, энэ байдал газар сайгүй үзэгдэх болсон их гүрнийг дахин сүр хүчээр нэгтгэн хураасан Мөнх хаан болон бусад олон монгол ноёдод тийм ч таатай байсангүй. Ерөөс анхнаасаа л монголчууд Хубилайг төдийлөн дэмжихгүй байснаас тэрээр өөрийн хүрээлэл, дэмжлэгт гарсан орон зайг хятадуудаар нөхөхөөс өөр аргагүй болж байжээ. Хубилайн нэр нөлөө зөвхөн Мөнхийг хаан ширээнд залсан Их хуралдайг даргалан хийлгэсэн үеэс л илэрхий өсөж эхэлсэн гэдэг.
Бүр 1252 онд хятад түшмэл Яо Шу “Цзинь-лянь-чуань” гэдэг газар шинэ хот барьж, нэрийг нь “Кайпин” хэмээн нэрлэхийг Хубилайд зөвлөн хэлж байжээ. Үзэсгэлэнт шар цэцэг ургасан хөдөө талыг хятадаар “Цзинь-лянь-чуань” гэдэг ажээ. Уг газар нь Шандийн шар тал агаад энд баригдсан Кайпин /одоогийн Шанд/ хот хожим 1260 онд Монгол гүрний нийслэл, улмаар 1266 онд Юан гүрний дээд нийслэл болон өргөжсөн юм. Хятад бичгийн түшмэлийн энэхүү санал Хубилайн Их хаан болох, улмаар Хятадад нүүдэллэн суурьших алсын эчнээ санаанд нэн тохирсон тул нэгэн хээнцэр орд харш барихаар болжээ. Хубилай хаан ахдаа хятад нутгийн янз янзийн амттай дарсыг өгч согтоож байгаад төрийн хэргийн их зүйлийг нууцгайлан ярьдаг байсан гэдэг.
Тэрээр Хархорумын гоёмсог орд харшаас дутуугүй ордыг монголын өмнөд хэсэгт Долнуур/Долооннуур/-ын орчимд буюу хятад түшмэлийн санал болгосон тэр газарт барих зөвшөөрлийг хүсэхэд Мөнх хаан дэмжжээ. Хубилай энэхүү шинэ хот байгуулах ажлаа шууд эхлэх гэтэл түүний алс хэтийн санаа зорилгыг таамагласан Монголын томоохон ноёд, түшмэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Ялангуяа тэр үед Мөнх хааны дараа орох эрх мэдэл, нэр нөлөө бүхий байсан Аригбөх, Хархорин хотын дарга Алаандар ноён зэрэг Их хааны зарим түшмэд, ноёд Хубилай хятад түшмэд, жанжидийн үгийг дагаж их хаан ширээнд санаархаж байгаа тухай ч ажиг сэжиг авч, Мөнх хаанд “Хубилайн эрх ямбыг хязгаарлах, нэн ялангуяа түүнээр монголын их хааны ширээг залгамжлуулж яасан ч болохгүй хэмээн” удаа дараа сануулан хэлж байсан байна. Гэвч Мөнх хаан өмнө өгсөн зөвшөөрлөөсөө татгалзсангүй. Энэ талаар эрдэмтэн Ч.Далай “...Тэгэхдээ Монголын нийслэлийг нүүлгэх тухай асуудлыг тэр үед Хубилай хараахан тавиагүй байсан бөгөөд Мөнх хааны зүүдэнд ч тийм санаа ороогүй нь мэдээж. Мөнх хаан Хубилайд шинэ хот барихыг зөвшөөрөхдөө зөвхөн хятадыг захирах засаг захиргааны төв хэмээн үзсэн хэрэг” гэжээ.
Гэсэн ч Мөнх хаан Аригбөх, Алаандар нарын үгийг чихний хажуугаар зүгээр нэг өнгөрөөчихсөнгүй. Ноёд, түшмэдийн ийнхүү болгоомжилсон нь өнгөцхөн харахад хожмын хаан ширээний төлөөх тэмцлийн уг суурийг тавьсан, ах дүүсийн хооронд яс хаясан хэрэг явдал мэт харагдаж болох ч ийнхүү болгоомжлохоос өөрцгүй байсныг дараа дараагийн хэрэг явдал харуулдаг. Иймд уг сануулгыг аргагүй Их хаанд хүчин өргөж буй шударга санаа, Монгол улс үндсээ бодсон язгууртнуудын сэрэмжлүүлэг байсан гэвээс зохилтой.
Хубилайн дэргэд байсан хятад түшмэд их хааны ордны уур амьсгал Хубилайн эсрэг чиглэсэнд болгоомжлон Хубилайг ятгаж байгаад өмнөд орны эдийн засгийн эрхийг их хаанд сайн дураар өргөн мэдүүлсэн байна. Хэдий ийм болгоомж сэрэмжийг гарган, их хаанд хүчин зүтгэлээ илэрхийлсэн ч асар баялаг хийгээд уудам, хүчирхэг Хятад орон дахь Хубилайн нөлөөг Их хаан анхаарлаасаа нэгээхэн бээр ч холдуулсангүй байжээ.
Ингээд Хубилайн Өмнөд Сүнтэй хийсэн аян дайн бүтэл муутай байгаад Мөнх хааны цухал хүрч Сүн Улсыг дайлах ажлыг өөрийн биеэр удирдахаар болов. Тэрээр 1257 оны хавар Хятад орон дахь Хубилайн цэргийн эрхийг хасч, түүний ойр шадар олон хятад түшмэд, жанжидыг их хааны эсрэг санаа агуулсан хэмээн хүнд ялаар шийтгэжээ.
1257 оны 10 дугаар сарын сүүлчээр өмнөд Сүн улсыг дайлаар мордохдоо Монголын эзэнт гүрний засаг захиргааны төв болж байсан улсын нийслэл Хархориныг сахин хамгаалах болон нутагт үлдэх хатад хөвүүд, орд харш, түмт цэргийг захиран мэдүүлж байх хариуцлагатай үүргийг дүү Аригбөхөд даалгаж, түүний дэргэд хүү Уранташаа үлдээгээд явжээ. Сүнг дайлах цэргийн баруун жигүүрийг Мөнх хаан өөрөө удирдсан ба хан хөвүүдээс Цагаадайн ургаас Кушгай зэрэг хан хөвүүд, Тулуйн хүүхдүүдээс Муха болон Мөнхийн хүү Асутай, Ах дүү Дауту болон бусад хан хөвүүд, ноёдоос Курчи ноёны ургаас Балчик нар, Зүүн жигүүрт Отчиган ноёны хөвүүн Тогачар, Жүчи Хасарын хүү Есүнгэ ноён, Илжигдэй ноёны хүү Чакуле, ноёдоос Микули-Куянкагийн хүү Курмаши, Хонгирад омгийн Ильчи, Уруд овгийн Хөхтэй болон Бучир, Мангуд овгийн Мунка-Кулчар, Чаган нар оролцжээ.
Хятад орон дахь Хубилайн цэргийн эрхийг хассан талаар Рашид –ад-Дин арай өөрийг тэмдэглэн үлдээсэн байна. Түүнд дурдсанаар бол Мөнх хаанаас Хубилайг Зүүн гарын цэргийг удирдан дайнд оролцохыг хэлэхэд их авга Бэлгүдэй ноён “Хубилай нэг удаа дайнд өөрийн хэргээ бүтээсэн, одоо түүний хөл өвчтэй байгаа учир аян дайнаас чөлөөлье” гэж учирлан хэлэхэд Мөнх зөвшөөрчээ. Энэ үед Чингис хааны дүү Бөх Бэлгүтэй 110 настай байсан ба тэр жилдээ нас барсан байна. Тэгээд Мөнх хаан Хубилайд “Хөл өвчтэй байгаа бол цэргээ Тогачарт өгөөд Тогачарыг түүний өмнөөс дайнд яв” гэж хэлүүлээд Хубилайн оронд Тогачараар зүүн гарын цэргийг ахлуулсан гэдэг. Харин Хубилай “Хөл зүгээр болов. Хаан ах маань дайнд явж байхад би яаж гэртээ үлдэх вэ?” гэж хэлээд өөрийн харьяат цэргээ аван араас нь хөдөлжээ. Гэхдээ энэ нь их хожуу, өөрөөр хэлбэл жил гаруйн дараа Сүнг дайлах дайн үндсэндээ зогсож, Мөнхийг нас барах үеэр Бээжингээс хөдөлсөнийг “Судрын чуулган” ийнхүү тэмдэглэсэн байна.
Юутай ч Хубилай ихээхэн хүчин чармайлт гаргаж байж 1258 оны хавар ахдаа биеэр бараалхан нүүр тулан уулзаж бий болсон энэхүү түгшүүрт байдлыг намжаав. Тухайн цаг үед нэгдсэн төрийн эрх ашгаас хөндийрсөн л гэж үзвэл хатуу догшноор шийтгэн цээрлүүлж байсан тул энэхүү намжмал байдлийг авчирсан уулзалт нь Хубилайд амсхийлт, үйл явдал хийгээд хүч нөөцөө цэгнэж үзэх зэргээр улс төрийн ихээхэн ашигтай байсан нь гарцаагүй юм. Хамгийн гол нь түүний хувьд хүлээлт, цаг хожих явдал байсан гэж үзэж болно. Ер нь улс төрийн хатуу ширүүн тэмцэл зөрчилд зарим тохиолдолд уулгалан шахамдуулан дайрахаас хүлээн отох нь илүү үр дүнд хүргэх нь ч бий.
Цагаагчин гахай жилийн зуны тэрхүү түгшүүрт өдрүүдэд Хубилай Бэрх ноёны ивгээл дор Их хуралдайг амжилттай даргалан ахдаа хаан ор суудлыг эзлэхэд ихээхэн түшиг тулгуур болж явсан гавьяатай билээ. Мөнх ч Наймалжин хатан хийгээд Гүюгийн дараах хатны засаглалын үед төрийн эрхийг авах түгшүүртэй, амь өрссөн тэмцлийн хүнд он жилүүдэд өмөг түшиг болж явсан дүү нартаа бусад хэнээс ч илүү итгэх учиртай. Тиймээс ч Мөнх их хаан ор суусан даруйдаа гурван дүүдээ үйлсийн ихийг, алдрын хүндийг даатгасан хэрэг.
1257 оны 10 дугаар сарын сүүлчээр хөдөлсөн Мөнх хааны баруун замын их цэрэг Хятадын 20 гаруй хот, боомтыг авч уригшилсаар Сүн улсын стратегийн чухал түшиц газар болох Сычуан мужид халдав.
Чингисийн отгон дүү Тэмүгэ Отчигины хүү Тогачараар удирдуулсан зүүн замын цэрэг нь Хубей мужийн баруун хэсгээр Сүн улсад цөмрөв. Өмнө нь Хубилайн хамт Сүн улсыг дайлах зам нээх зорилготой ирсэн Урианхайдай жанжны цэрэг 1258 оны 4 дүгээр сарын үест Вьетнамаас хөдөлж, Сүн улсын ар талаас довтлон, өмнөд Хятадын Гуанси, Хунань мужуудад нэвтэрч, тус оны 8 дугаар сард Чанша хотыг бүслэн байлджээ.
Гэтэл 1254 оноос хойш Фу-жоугаас уригш арвитэй ахиж өгөөгүй Хубилайн цэрэг Хуаншуй голын нэгэн цутгаланд Сычуан мужийг довтлон буй хаан ахдаа туслахыг таг мартсан мэт суурин суусаар байв. Мөнх хаан бухимдан Хубилайд удаа дараа элчин илгээж, Эжеуг дайран эзэлж, Хөх мөрний сав дагуу байгаа Сүн улсын цэргийг хоёр хэсэг болгон, мөрний дунд ба доод хэсгээс Сычуан дахь цэрэгтээ туслах ажиллагааг таслан зогсоохыг тушаасаар байв. Хэрвээ тэрээр хаан ахын тушаалыг ёсчлон гүйцэтгэвэл Сычуан муж дахь Сүн улсын хамгаалалт тун хэврэгхэн болж, Мөнхийн байлдаан шуурхай өндөрлөх байв. Учир нь Сүн улс Хөх мөрний доод сав болон Хэнан мужийн өмнөд хэсэг, Хубей мужийн умард хэсэг буюу Хөх мөрний дунд урсгалын газраас Сычуан өөд хүнс, зэр зэвсгийн нөөц, туслах цэргийг дараа дараалан илгээж, стратегийн чухал түшиц газар болох тус мужийн хамгаалалтыг бататган, Мөнхийн давшилтийг саатуулсаар байлаа.
Хубилайн тийнхүү алгуурласны учир шалтгаан бүрхэг юм. Ер нь хятад зөвлөх, түшмэдийн шаргуу ятгалга байснаас Хубилайн зүгээс Өмнөд Сүн улсыг шуурхайлан довтлохоо алгуурласан ч гэдэг. Бэлгүтэйн учирласнаар бол түүний хөл өвчтэй байжээ. Хубилайг Сүн Улсыг дайлах цэргийн Зүүн жигүүрийг толгойлохыг даалгахад тэрээр Бээжинд сууж байсан. Бэлгүтэйн учирлалын дагуу Мөнх түүнийг шахахыг болиод түүний оронд Тогачараар цэргийг удирдуулан дайнд орсон. Харин дайн нэгэнт эхлээд багагүй хугацаа өнгөрсөний хойно Хубилай цэргээ аван Сүн улсыг зорьжээ.
Хэрвээ Мөнх хааны Өмнөд Сүн рүү хийсэн дайн ялагдалд хүрвэл монголын эзэнт гүрэн задран нурах ч, түүнийг дагаад Хубилайн өөрийнх нь хувь заяа ч хутганы ирэн дээр очиж болох нэн эмзэг хэрэг байлаа. Хубилай чухам үүнийг хүсээ юу гэвэл яавч үгүй. Харин тэрээр Мөнх хаан өмнөд Сүнд гялалзсан ялалт байгуулбал хэдэн арван жилийн туршид хичээн арвитгасан хятад орон дахь түүний нэр, нөлөө унаж, улмаар говийн өмнөх орон хийгээд Хятадыг захирах эрхээ бүрмөсөн алдаж ч болзошгүйг тэрбээр сайтар ойлгож байсан боловуу. Учир нь тухайн үед аян дайнд оролцогсдын гавьяа зүтгэл, хувь нэмрээр нь шинэ газар нутаг, эд баялагийг хувиарлан олгож байлаа. Мөнх хаан Өмнөд Сүнг ялбал үлэмж баян, хүчирхэг энэ улстай дайтсан дайны олзноос Хубилай зайлшгүй хоцрох байв. Энэ нь Хятад орон дахь түүний нэр, нөлөөнд үлэмж урхагтай зүйл байсан нь тодорхой юм. Гэтэл түүний шадар хятад түшмэд энэхүү дайныг зогсоож, хэлэлцээр хийхийг шаргуу ятгаж байжээ. Тэгэхээр тухайн үед Хубилайн байдал нэн эгзэгтэй ацан шалаанд байв.
Ийнхүү Хубилайн алгуурласны уршгаар Сычуан дахь Мөнхийн удирдсан Монгол цэргийн гол хүчний давшилт удтал саатаж, улмаар 1259 оны зуны халуунд цэргүүдийн дунд халуун хижиг өвчин дэгдэхэд Мөнх хаан ч мөнхүү өвчинд өртөж мөн оны 8 сард харамсалтайгаар насан эцэслэжээ. Мөнх хаан нас барсан нь Монголын нэгдсэн их гүрэнд том цохилт, хүнд гарз байв. Юуны өмнө Мөнх хааныг нас бармагц өмнөд Сүн улсыг дайлан байлдсан арми нэгдсэн жолоодлогогүй болж, зам тус бүрийн цэрэг өөрийн дураар үйлдэж эхэлжээ. Хан хүү Асутай Хундакай ноёноор Сычуан дахь цэргийн хэргийг удирдуулан үлдээгээд өөрөө хаан эцгийн шарилыг аван нутгийн зүг жолоогоо залсан байв. Гансу мужид байсан цэргийн бэлтгэл хүчин ч мөн зарлиг шийдвэрийг хүлээхгүйгээр Гуанчун руу гэдрэг эргэжээ. Ийнхүү цэрэг анги бүр зөвхөн өөрийн удирдсан хүмүүсийн саналаар хөдөлж, нэгдсэн армийн шинж төрхийг алдан задарч сарнисан, хоорондын хэлхээ холбоогүй, үйл ажиллагааны уялдаагүй хэсэг бүлэг болон сарнисан байна.
“Судрын чуулган”-ы мэдээгээр Мөнхийг нас барах үед Хубилай Бээжинд байв. Тэрээр Бээжингээс хөдөлж, Хуанхэ мөрөнд ирэхдээ хаан ахыг нас барсан гэсэн мэдээ сонсжээ. Хубилай Мухулайн ач Бахадур ноёнтой зөвлөөд энэ бол цуу яриа байж болох юм. Тиймд нэг их анхаарах хэрэггүй юм гэж шийджээ. Гэвч тэд Баралусын Булаган-Колчагай ноёны хүү Орке ноёныг Мөнхийн хуаран руу баттай мэдээ авахуулахаар илгээжээ.
Тэрээр хаан ахын бие барсан мэдээг сонсмогц гэнэт ухаан орон, нойрноос сэрсэн мэт удтал зүүрмэглэн суусан газраас шаламгайлан хөдөлж хэдхэн өдрийн дотор өмнөх дөрвөн жилийн туршид яваад туулж бараагүй хол замыг гэтлэн Хуашуй голыг гаталж, Да-шен-гуан боомтыг өнгөрөн Сүн улсын харуулыг цохиод Жинху нуурын газрыг дайран Хөх мөрнийг Янлу-бу олмоор гатлан Мөнх хааны удтал хүсэмжилсэн Эжоу хотыг хүчлэн довтолжээ. Монголын их хаан золгүй тохиолдлоор эндэж, тэдний их цэргийн давшилт саатах төдийгүй гол хүчин гэдрэгээ буцсан нь Сүнгийнхний хувьд өөрсдийн батлан хамгаалах хүчиндээ итгэсэн, цэрэг ардын сэтгэлийг сэргээсэн хэрэг явдал болсон нь маргаангүй.
Хубилайн гэнэт цочсон мэт уулгалан дайрсан нь бие барсан хаан ахын төлөөнөө Сүнгийнхэнд хариу барин, Мөнх хааныг нас баран, монголын цэргийн хүчин суларсан гэсэн цуурхалыг даран монгол цэргийн сүрийг үзүүлсэн зүй ёсны зүтгэл байлаа. Нөгөө талаар Сүнг дайлсан дайнд гавьяа байгуулан нэр сүрээ нэмэгдүүлэх нь Хубилайн бодож төлөвлөсөн дараагийн алхамд нэн чухал хөшүүрэг болох байв.
Гэвч Хубилай юу юугүй сөхрөн унах болсон Сүнг гүйцэд дарсангүй, цэргээ гэдрэг нь яаран татжээ.
Ийн яаран эргэсний учир нь Хархоринд талийгаач хааны хойтын ёслолд оролцохоос илүүгээр түүний орыг хэн залгамжлах вэ гэдэг асуутал тун ноцтойгоор сөхөгдөж байсанд юм. Учир нь Мөнх хааны шадар хүмүүс, бусад алтан ургийнханы олонхи нь Их хааны ор суух хүнээр Хубилайн дүү Аригбөхийг сонгохоор бэлтгэж байсан ба ерөөс Мөнх хаан ч Сүнг дайлаар мордохдоо Аригбөхөд төрийн хэргийг хариуцуулж өөрийгөө орлуулан үлдээгээд байсан юм. Ийм нөхцөлд Хубилайд Сүнтэй зууралдаж байх нь ашиггүй нь ойлгомжтой. Хожим Хубилай ийнхүү яаран гэдрэг буцсаныхаа хэргийг ч гаргаж, Их хаан суудлыг хууль бусаар булаан авсан билээ.