Saturday, March 29, 2008

Их гүрэн задрав


1206 онд уудам тал хээрийн нүүдэлчид нэгдэн нийлсэнээс хойш бараг хагас зуун хүрэхтэй үгүйтэй богино хугацаанд өмнө зүг Ява, Суматрын шүрэн арлуудаас умард зүгт Хар далайн чинад хүртэлх өргөн уудам нутгийг ээлж дараалан монгол морины туурай тамгалсаар дөрвөн зүг, найман зовхисыг нэгтгэн хураасан монголын их эзэнт гүрэн байгуулагдсан юм. Хэрэв энэ эрчим хэвээр үргэлжилсэнсэн бол чухам юу болохыг зөвхөн хөх тэнгэр л мэдэх билээ.
Гэвч цаашид энэ их улс хэвээр оршин тогтнох бололцоогүй болж, түүнийг бүрэлдүүлж байсан Хант улсууд дотоод агуулга хийгээд үзэгдэх хэлбэрийн хувьд ч харилцан адилгүй цоо шинэ бие цогц болон салан тусгаарлаж эхэлсэн байна. “....Газар бүр байгуулсан монголчуудын төр хөгжиж өсөөд бойжилт хөгжлийн ийм шатант хүрчээ. Энэ нь зүйрлэвээс дан эсүүд хөгжиж өсөөд хэд хэдэн шинэ цогц бие болон тусгаар амьдралыг эрхэмлэн ийш тийш өөрийн эрхгүй тэмүүлэхийн адил...” хэмээн энэ үйл явдлын тухай Л.Гумилев урнаар тодорхойлон өгүүлжээ. Үнэхээр ч эдгээр хант улсууд нь гуч дөчин жилийн өмнөхтэй адилаар хүчээр нэгэн тугын дор нэгтгэхэд нэн бэрхтэйгээр чанарын цоо шинэ агуулгаар баяжжээ. Учир нь монголчуудын нэгтгэсэн улс түмнүүд даан ч олон янз байв. Эртний соёлтой Перс, Армян, Гүрж нар, Уйгурууд хийгээд ой ширэнгийн зэрлэгүүд, хэзээ ч биесээ үзэж чаддаггүй байсан Хятад, лалынхан хийгээд европын загалмайтнууд, Күнз хийгээд бурхны суртлыг дагагсад, үндэс нэгтнүүддээ гадуурхагдсан шийт, несторионууд. Гал ус мэт харш олон үндэстэн, сурталтнууд гагцхүү “Монголын энх төрийн бодлого”, “Төрийн алтан аргамж”-ийн ачаар нэгэн захиргаан дор эв найртайгаар бүтэн жарны туршид оршив. Гэвч тэдний өвөрмөц чанар нь уулаасаа харилцан эсэргүүцэлдэх учир хялбархан ижилссэнгүй. Ийнхүү мориноос бууж энэ их улсыг түвшитгэн бүтээн байгуулах цаг ирэхэд л тус бүрдээ өөр өөрийн өвөрмөц байдлаа харуулж эхэлжээ.
Өгөөдэй хааны үед хан хөвүүдийн эзэмшил улсууд нь төвдөө захирагдсан өөртөө засах хязгаар мужийн байдалтай оршиж байснаа аажмаар эдгээр улсуудын хэлхээ холбоо суларч бие даасан хандлага нэмэгдсэн нь хаадын завсар чөлөөгөөр гарч ирсэн хатадын төр барих үед эрс тодорхой болжээ. Мөнх хааны үед энэ задралын явц хэсэг зуур саатан, нэгэн захиргаанд бүгдийг хураан хумисан боловч түүнийг нас барсны дараахи Хубилайн жилүүдэд Алтан орны улс, Ил хаант улс, их Юан улс хэмээн өөр хоорондоо нягт харилцаа холбоотой ч тус тусдаа бие даасан хаант улсууд болон бүрэн тусгаарлан салсан төдийгүй монгол угсаатны хүч нөөцийг шавхсан цуст иргэний дайн, тэмцэл он удаанаар үргэлжилжээ.
Хөгжил гэдэг чанар. Чанарын агуулга нь гүнзгийрсээр хувьсал эргэлтэд хүргэдэг. Цөөн хэдэн жилийн дотор шашин шүтлэг хийгээд ахуйн нөхцөл, уугуул ард түмний уламжлалаараа яагаад ч Алтан ордны хийгээд Ил хаант улс, эсхүл дундад Ази дахь хант улсууд өөр хоорондоо харилцан адилгүй болсон байв. Хятад дахь Их Юан улс тэднээсээ бүр ч эрс тэс ялгамжтай болж иржээ. “Иймэрхүү хувирлын явцад Монголын хаант улсад энд тэндгүй хүйс төв газрууд гарч ирсэн байна”.

1258 онд Мөнх хаан нас барж, түүний ор суурийг Хубилай, Аригбөх хоёр дүү нь булаалдан, дөрвөн жилийн турш сунжирсан иргэний дайн монголын тал нутгыг хээрийн түймэр мэт хуйхлав. Энэ дайн нь Монголын Эзэнд гүрний бүрэлдхүүнд байсан хант улсуудыг үндсэн хоёр бүлэглэлд хуваан, талцууллаа.

1265 онд Хөлөг хаан нас барж тэр онд хүү Абага нь Ил хаант улсын хоёрдугаар хаан болов. Абагаг хаан ширээнд залах үед тэрээр “Хубилай хаан, бидний ах, түүний зөвшөөрөлгүйгээр яаж хаан ширээнд сууж болох вэ?” хэмээн цааргалж байжээ. Энэ үед Абагагийн эцэг Хөлөгийн хууль ёсны их хаан хэмээн хүлээн зөвшөөрч, дэмжиж байсан Аригбөх гэрийн хорионд амьд сэрүүн байв. Хант улсын тэргүүнийг Их хааны соёрхолоор баталж байсан уламжлал энэ удаад юутай ч гэсэн мартагдаагүй байжээ. Абага Ил хаант улсын хаанаар өргөмжлөгдсөний найр хурим хийснийхээ дараа энэ тухай мэдээ сэлтийг Хятад руу илгээгээд хариу ирэхийг хүлээн нэлээн удсан байна. Гэтэл таван жилийн дараа 1270 оны сүүлчээр Хятадаас Хубилайгаас Абагаг хаанд өргөмжилсөн зарлиг, титэм болон түүнийг дагалдан бэлэг сэлт, элчин төлөөлөгчид ирэв. Үүний дараа Абага хаан ширээнд суух ёслолоо албан ёсоор дахин тэмдэглэсэн ажээ.

Гэвч энэ нь зөвхөн Хятад орныг эзэмшиж байсан Хубилайг Их гүрний хаан хэмээн үзэж түүний адислал зөвшөөрөлгүйгээр хаан ширээнд суух боломжгүй байжээ гэсэн үг биш юм. Абагагийн хувьд тийнхүү хоёрдахь удаагаа найр хурим хийсэн нь нэр сүрийг өргөхөд л хэрэгтэй байснаас биш Хубилай зөвшөөрөөгүй ч тэр хаан хэвээр байсан. Хубилай таван жилийн турш хэл чимээгүй байсан нь дургүй байсны илрэл юм. Хөлөг хааны хоёрдугаар хүү Жүмхүүр нь хэдхэн жилийн өмнө өөрийн удирдсан анги цэргийн хамт Аригбөхийг дэмжин тулалдаж, өөрийг нь бараг хөнтөрчих шахсаныг Хубилай юунд мартав гэж... Тухайн цаг үед морин өртөө өндөр хөгжсөн, өнөөгийн машин тэрэгнээс огтхон ч дутахааргүй хурдтай байсан нь Багдад орчмоос Бээжин ороход хэдэн жилээр явах биш хэдхэн долоо хоног л гарздах байжээ. Хубилайн цааргалсан таван жилд Перс болон Дундад Ази дахь Абага хааны нэр нөлөө, байр суурь үлэмж өсөж, хэн ч түүнийг албан ёсны хаан хэмээн хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрсэн байсан юм. Энэ нь Хубилайн хувьд аргагүй тулгалт, нааш харан инээж, цааш харан уйлсан хэрэг байлаа.

1266 онд буюу Аригбөхийг нас бардаг жил Цагаадайн улсын хаан ширээнд Алгуйн дараа хаан суугаад байсан Мубарекшахыг унаган үймээнч, тогтворгүй ааштай Борог Хубилайн шууд дэмжлэгтэйгээр гарч ирэв. Мөн энэ онд Зүчийн Алтан ордны улсын хаан ширээнд Мөнхтөмөр залрав. Энэ үед гуч орчим настай байсан Хайду Дундад Ази дахь Өгөөдэй өвгийн хуучин эзэмшил нутагт нэр нөлөөгөө улам бататгаж байв.

Их гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан хант улсууд аажим аажмаар хүчирхэгжин, эдийн засаг, цэрэг зэвсгийн хувьд бүрэн бие даасан байдал руу шилжиж, өөрийн хязгаар улсын сүр хүчнээ үнэлэх хэмжүүр өөрчлөгдөж байсан үед ойр ойрхон гарч ирсэн эдгээр залуу хаадын хооронд монгол ахан дүүсийн цусыг урсгасан их дайн дэгдэж, урьдын байлдан дагуулалтын үед ч гарч байгаагүй их цэргийг биесийн өөдөөс хөдөлгөн хядалцаж эхэлсэн билээ.
Бүр 1260 онд Тулуйн хүү Хөлөг, Зүчийн ач Бэрх нарын хооронд Кавказын хаалга Дербентийн орчимд их тулалдаан болов. Энэ нь Ил хаант улс болон Алтан ордны улсын хоорондхи 200 жил үргэлжилсэн эвдрэл хямралын үүдийг нэг мөсөн нээж хаясан юм. Түүний дараа Дундад Азийн тал нутагт Цагаадайн угсааны хаан Борог, Өгөөдэйн угсааны хаан Хайду нар хоорондоо цус асгаруулан дайтаж, улмаар энэ дайнд Хөлөгийн хийгээд Зүчийн үр сад ч татагдан оролцож гурвалжин, дөрвөлжин дайн дажин болон өрнөсөн юм.

1266 оноос Өгөөдэйн удмын Хайду хаан 40 орчим жилийн туршид Хубилайтай эрс хатуу тэмцэл хийсэн юм. Хайду нь богино хугацаанд хүчирхэгжиж Ил, Тарвагатайгээр төвлөсөн хүчирхэг улсыг байгуулсан юм. Монгол улсын эрх ашгийг эрхэмлэсэн олон монгол ноёд Хубилайн эсрэг тэмцэлд Хайдутай очиж нийлжээ. Тухайлбал Аригбөхийн хүү Юбугур, Меликтөмөр, Борогийн хүү Дува болон Цагаадай, Гүюг, Мөнхийн удмын бусад хан хөвүүд Хайдуг дэмжин Хубилайтай хийсэн иргэний дайнд оролцсон байна. Мөн монголын цэргийн нэрт жанжин Наян ч дэмжиж билээ.

Омог төгөлдөр Хайду болон бусад олон ноёд Хубилайг хууль бус хаан хэмээн үзэж түүний зарлиг шийдвэрийг огтхон ч хүндэтгэж үзэхгүй байсан нь Хубилайн зүгээс энэхүү иргэний дайныг зогсоох, ах дүүсийн маргаан мэтгэлцээнийг эв зүйгээр зохицуулах талаар аливаа санаачилга гаргах, гаргасан ч хэрэгжих бололцоог үгүйсгэж байжээ.

Хэдийгээр Хайдугийн тэмцэл нь нэг талаас харахад хаан ширээг Тулуйн удмынхнаас Өгөөдэйн удмынханд эгүүлэн авах гэсэн тэмцэл байсан ч нөгөө талаар монгол улсын хүйс төвийг хэвээр хадгалах гэсэн Аригбөхийн тэмцлийн залгамж байсан юм.
Ийнхүү Чингис хааныг төрж байхад бий болоод байсан
“Одтой тэнгэр орчиж
Олон улс хямралдаж
Орондоо унтах завгүй
Олзлолдон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэлдэж байв” хэмээн “Монголын нууц товчоо”-нд яруу ончтойгоор дүрслэн өгүүлсэн байдалтай нэн адил нөхцөл байдал 1260-аад онд Монголын эзэнт гүрэн даяар байжээ.

Ийнхүү Ази, Европыг нэгтгэсэн Монголын их гүрэн нэгэн бүтэн жаран оршин тогтноод дотоодын ужид самуунд идэгдсээр задран уналаа. Гэвч “могой тасравч гүрвэлийн чинээ”. Их гүрэн задарсан ч өөр хоорондоо эн тэнцүүхэн, өөр ямар ч улс оронтой харьцуулашгүй хүчирхэг хэд хэдэн улс гүрэнд хуваагдсан юм. Үүнд:
- Их Юан улс. Энэ цаг үеийг хүртэл тархай бутархай байсан хятадыг анх удаа нэгтгэсэн төдийгүй Төвд, Тангуд, Манжуур, Солонгосын хойг, Вьетнамын хойг, Филиппин, Малайзи, Ява, Суматри зэрэг Зүүн өмнөд Азийг бүхэлд нь нэгтгэсэн энэ хүчирхэг гүрэн 1380 оныг хүртэл 130 орчим жил оршин тогтнож, Азийн улс түмнүүдийн түүхнээ арилж балрашгүй ул мөрөө үлдээсэн юм.
- Алтан ордны улс. Хар далай, Каспийн тэнгисийн хоорондхи нутаг, Ижил мөрний сав, Арал тэнгисээс умардад, Уралын нуруунаас баруун зүгт буй өнөөгийн Казакстаны уудам тал нутгийг төдийгүй цэнхэр Дунайгаас янагших Дорнод Европыг бүхэлд нь эрхшээн байсан эл хүчирхэг гүрэн 200 орчим жил оршин тогтнож, Орос хийгээд Европ дахинд сүр хүчээ үзүүлсээр байлаа. Энэ улсаас салбарласан Крым, Казанийн хаант улс XYIII зууныг хүртэл оршин тогтнож, Орос болон дорнод Европыг Туркийн түрэмгийллээс халхалж байв.
- Ил хаадын улс. Кавказын өмнөд дэх улс орнууд Килики, Мосул болон Хоёр мөрний хөндий, Туран, Хорасаны уудам нутаг, өнөөгийн Туркийн өмнөд хэсэг, Ирак, Иран, Афганистан, Туркмений нутгийн хамарсан уудам газар нутагтэй хүчирхэг эл улс 150 орчим жил оршин тогтножээ.
- Цагаадайн улс. Дорнод Туркестан, Казакстаны зүүн өмнөд тал, Хорезм, Балхийг бүхэлд нь хамарсан эл хант улс 1346 он хүртэл оршин тогтноод задрахдаа Төмөрийн болон Их Могул хэмээх Дундад Ази болон Энэтхэгийн түүхнээ тод ялгарах хоёр улс болон хуваагджээ.

Дэлхий ертөнцөд урьд хойчид оршин байсан их гүрнүүдийн мөхлийн түүхтэй Монголын эзэнт гүрнийх адилгүй. Ромын их гүрний мөхөл нь ёс суртхууны ялзрал, өөрөөр хэлбэл эд эсүүдийн үхжилээс болсон байхад Түрэг мэт бусад их улсууд гаднын халдлагыг тэсвэрлэж чадаагүй юм. Их Юан гүрнийг хятадын ард түмний тусгаар тогтнолд тэмүүлсэн эсэргүүцэл тэмцэл л хөнтөрч орхисон билээ.

Өөрөөр хэлбэл Монголын эзэнт гүрний задрал нь Мамлюкуудын ч юм уу, Загалмайтнуудын зэрэг гадны ямар нэгэн түрэмгийлэлд өртөж, түүний дарамтыг дааж ядсандаа сүйрэн унасан хэрэг биш, өөрийн харьяанд орсон Ази, Европын олон арван улс үндэстнүүдийн эсэргүүцэл тэмцэлд сөгдөн нугарсан хэрэг ч биш, харин хуримтлагдсан их ааг хүчний илүүдэл болсон өөр хоорондын тэмцэл зөрчил, хүчирхэгжсэн хан хөвүүд, түүний удмынханы бие даан тусгаарлах эрмэлзэл, эдгээрийн үндэс болсон өөр өөрсдийн тусгаар ангид өвөрмөц онцлог чанартай холбоотой юм. Мэдээлэл, харилцаа холбоо хөгжөөгүй дундад зууны эхэнд бүү хэл өнөөдрийн шинжлэх ухаан техникийн их хувьслын эринд ч ийм их гүрэн оршин тогтноход нэн бэрх юм. Ийнхүү их гүрний газар бүр харилцан ялгамжтай хөгжлийн хүйс төв газрууд гарч ирсэнтэй холбоотой энэхүү задрал нь зайлшгүй зүйл байсан хийгээд зөвхөн цаг хугацааны асуудал л үлдээд байжээ.

Tuesday, March 25, 2008

Түүхэн сургамжуудаас - 1/Модун Шаньюгийн алдаа/


Умард талын хүчирхэг Хүннү нар хятадын нутгийг тасралтгүй довтолж байсан тул МЭӨ 199 онд Хятадын Хан улсын хаан Гаоди сэтгэл түгшин хэрхэхийг шадар зөвлөхтэйгээ зөвлөн асуужээ. Энэ үед Модун хааны их цэрэг Хятадын нийслэлийг бүслэн хааж, хотын дөрвөн хаалган тушаа дан морины зүсээр ижилсүүлсэн цэргээ түм түмээр нь жагсааж байсан гэхээр ямаршуухан хүчирхэг морьт армитай байсан нь тодорхой

Шадар зөвлөх Лю Цзин хаандаа зөвлөсөн нь “Хаантан та авааль гэргийнхээ их охиныг Модун шаньюйд гэргий болгон өгч, мөн их бэлэг өгч чадна. Тэгэхэд Модун Хан улсын охинтой хамт эд баялаг ирнэ гэж ухааран, түүнд шунан, тэр охиныг авааль гэргийгээ болгоно. Түүнээс хүү төрөхөөр түүнийг заавал ширээ залгамжлагч болгон зарлахад тэр нь Модуны оронд шаньюй болно. …. Модун амьд байхдаа таны хүргэн байна. Үхэхээр нь таны охины хүү шаньюй болно. Чингээд зээ хүү нь нагац эцэгтэйгээ эн зэрэгцэх болдог гэж дуулаагүй биз. Ингэж дайнгүйгээр Хүннүг аажмаар зарцаа болгож болно” гэж зөвлөжээ. Гоади хаан жирийн айлын охиныг авч, өөрийн их охин болгон Модунд гэргий болгон өгөөд, жил бүр тогтоосон хэмжээний бэлэг, алба өгч байжээ. Ингээд МЭӨ 198 онд түүхэнд “ураг найрамдлын гэрээ” гэгдсэн хятадын хувьд ихээхэн доромж болсон гэрээг нүүдэлчин хөрштэйгээ хийжээ. Чухам энэхүү гэрээнд орсон нэгэн заалтыг үеийн үед бидний өвөг дээдэс дурдаж ирсэн нь “Урт хотоос/цагаан хэрэм/ умарших нум сумтангууд миний мэдэл, урт хотоос урдах дээл малгайтнууд чиний мэдэлд байх болой”..

Үнэхээр мэргэн зөвлөх Цзиний хэлснээр болж Хүннү гүрэн дэх Гаоди хааны удмынхан бүр хэдэн зуун жилийн дараа овгоо Лю хэмээн хятадаар өөрчлөн сольж, өөрсдийгөө хятад угсаатан хэмээн үзэх болсон төдийгүй хаан ширээний төлөөх хоёр талын тэмцэл өрнөж их гүрэн дотоодын хямралд автсаар улмаар Хүннү улс нь Умард, Өмнөд Хүннү хэмээн хоёр хуваагдав. Өмнөд Хүннүгийн хаан /шаньюй/ нь хоёр зууны өмнө мөнөөхөн Модунд өргөсөн гүнж гэгдэх хятадын жирийн нэгэн айлын охины удам байсан байна. Мэдээж хэрэг Өмнөд Хүннүчүүд ургаа даган хятадын Хан улсын холбоотон болж, Умард Хүннүгийн эсрэг тэмцсээр тэднийг бут цохин умард зүг хөөжээ.

Хөөгдсөн Умард Хүннүчүүд Евроазийн уудмыг туулан, Скиф, Алан болон Готуудын үй олон хүчирхэг дайчин аймгуудыг ялан дийлж явсаар Европын гүнд очиж тогтов. Тэд Атилла хааныхаа авьяаслаг гарын дор нэгдэж, тухайн үедээ дэлхийн төв гэгдэж байсан хүчирхэг Ромыг чичрүүлж асан билээ. Ром гүрнийг оршин тогтнож байх хугацаанд хэзээ ч Ромын элчинг аль ч улсын эзэн хаад хүндэтгэн мэхийн сөхрөн угтддаг байсан бол цор ганц удаа л Атилла хаан Ромын элчийг үл тоомсорлон мориноосоо ч буулгүйгээр хүлээн авч байсан төдийгүй Өмнөд Ромын эзэнт гүрнээс татвар авч, умард Ромчуудтай нь харин тухайн эриндээ болж байгаагүй аварга тулалдааныг өнөөгийн Францын өмнөд хэсэгт буй Каталуаны талд хийж явжээ. Зарим сурвалжид бичсэнээр хоёр талаас нийтдээ сая орчим хүн оролцсон гэгддэг энэхүү тулалдааныг түүхэнд “Ардтүмнүүдийн тулалдаан” гэж нэрлэсэн байдаг. Үнэхээр ч ард түмнүүдийн тулалдаан болж, Европ дахины бүхий л ард түмнүүд энэхүү тулалдаанд нэг бол хуучин Ертөнцийн сүр хүчний үлдэгдэл Ромыг дэмжиж, нэг бол Тэнгэрийн ташуур болон гэсгээл буулгах Хүннүгийн Атиллаг даган тулалдаж, хүн төрөлхтөний түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээж явсан байна. “Хүн төрөлхтөний түүхийг өөрчилсөн 50 агуу их жанжидийн нэрсэд бидний өвөг дээдсээс Атилла, Чингис хаан хоёр оржээ.

Харин Умард Хүннүгээ Хятадтай хавсран умардад хөөж явуулсан Өмнөд Хүннүчүүдийн хувь заяа хэрхэв... гэвэл ердөө л аажмаар хятад болж хувирчээ.
Хятадын Гоади хааны мэргэн зөвлөх Люгийн бодлого ийнхүү 300 жилийн дараа хэрэгжиж, хүчирхэг Хүннү гүрэн дотоодын хямралд гүнзгий автсаар МТ II зуунд бүрмөсөн мөхсөн байна.

Хүннүгийн хүчирхэг эзэн Модун шаньюйгийн баялаг бэлэг сэлтэд хууртан, өнгө үзэмжинд автан хятад гүнжийг хатан болгон авсан тун санамсаргүй, гэнэ сэрэггүй, ялимгүй алдаа нь Төв Азийн цээжнээ гялалзтал цойлон гарч ирсэн эл хүчирхэг гүрнийг хэдэн зууны дараа мөхөн устахад хүргэжээ. Нөгөө талаас мэргэн зөвлөх Цзиний бодлого нь Хүннүчүүдийн байнгын халдлагаас улс орноо хэдэн зууны туршид хамгаалсан бат найдвартайн хувьд Цагаан хэрэмнээс хол илүү хамгаалалт болж чадсан байна.

“Хаан хүний алдааг ард түмэн үүрдэг” хэмээсэн Эзэн богд Чингисийн сургаал бий.
Улс үндэстнийг тэргүүлэгч, тухайн нийгмээ удирдан буй лидер жолоодогчийн алдаа хийгээд оноо нь зарим тохиолдолд бүхэл бүтэн үндэстний хувь заяаг шийдвэрлэх хэт алсын үр дагавартай байдгийн нэг жишээ энэ болов уу.

Түүхч Г.Сүхбаатар “Нийгэм өөрөө зохион байгуулагдсан хүмүүсийн систем мөн учир уг системийн эрэмбэ дараалсан бүрдүүлэгчдийн жолоодох бүрдүүлэгч /хааны засаг/ нь нийгмийн хөгжлийн олон боломжийн аль нэгий нь, Югославын философч Светазор Стояновичийн бичсэнээр, нийгмийн хөгжилд байж болох дэвшил, ухрал хоёрын аль нэгий нь үйл ажиллагаагаараа, ихэвчлэн систем үйл ажиллагаагаараа яваандаа аажимдаа хэрэгжих болгож, түүний нөлөө, нөөлөг нь зарим тохиолдолд олон зуун жилээр үргэлжилнэ” хэмээн онцлон тэмдэглэжээ. Иргэншлийн хувь заяанд, нийгмийн хөгжилд түүхт хүмүүсийн шунал, хорон санаа маш сөрөг нөлөө үзүүлдгийг Арнольд Тойнби зэрэг дэлхийн иргэншлийг судалсан том эрдэмтэд ч цохон тэмдэглэсээр байжээ.

Thursday, March 13, 2008

Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь....


Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.

Үүний учрыг өгүүлэхэд, Жарчуйдай дархан түрүү жилийн зул сар адгаар Тайгын өвөр лүү давж, хужир шүүний наймаахан хийгээд буцахдаа оройтож, Соён Тагийн даваагаар үүр шөнөөр давж таарсан юм. Хормой бэлээрээ хөвчин их ойгоор хучигдаж, өвчүү цээжээсээ дээш нүцгэн нүцгэн ян сарьдаг болсон сүрлэг их уулсын тэхий дундуур давах энэхүү даваа бол умард, өмнөдийн тунгалаг их далайг алган дээрээ тавьсан мэт тольдон харж болдог, хэрвээ наран илчсээрээ тэнгэрийн мандалыг хичээн арчсан мэт тийм тунгалаг гэгээн өдрөөр бол өмнөд их далайн чинадах уулсынх нь хөх сүүдрийг ч харж болдог өндөрөөс өндөрт орших билээ. Умард их далай нь харин өмнөхөөсөө агуу уудам бөгөөд зах хязгаар нь хаа хүрч дуусдагыг тайгын тэнэмэл салхи ч үл мэднэм. Энэ далайн өмнөд хөвөөгөөр, энэ далайд түрхэрэн цутгах Их мөрний адгаар Гурван Мэргид хэмээх цөс, омог ихт, явдал холтой сүрлэг хөх эрс бүхий дайчин аймаг нутагласаар он оныг элээсэн ч тэд тэрх далайн чинадад зүрхлэн хүрсэн нь үгүй, тэр аглагт гагцхүү үргэлжилсэн их царс модон ойд үлгэр домгийн улаан аваргас амьдардаг гэхээс илүүг хэлж үл мэдэх билээ. Өмнөд их далайгаас эх авсан Эгүүнэ гол мянга мянган уулсын үзүүрээр алсын алсуур мяндсан утас аятай тойрон даяалсаар, мурилзах газраа мурилзан аргадаж, сүр хүчийг үзүүлэн түрхэрэх газраа түрхэрэн уурсаж урссаар умардын их далайдаа очиж нийлдэгийг харин энэ их даваагаар давсан бүхэн санаж, хүйн холбоотой энэ хоёр их далайг нэгэн агшинд толион харж буйдаа бахардан эрхгүй дуу алддаг ажээ.

Жарчуйдай давааны онь хөтөл дээрх их овооноо гарч ирэхэд умаршаа өрнөшөөх их далайдын тунгалаг мөсөн толионд тэнгэрийн одод ойн гялбаад, зах хязгаартаа нийлсэн нь чухам аль нь тэнгэр, аль нь далайн мандал болох нь үл ялгарч, нэг бол тэнгэрийн одод тэр аяараа газарт хотлохоор бууж ирсэн мэт, эсвээс Жарчуйдай дарханы хохигор муу хөх үдээрэн бие тэнгэрийн суудалд заларсан мэт санагдаж, дархан эрхгүй бохирон унаад тэнгэрийн тэр олон одонд мөргөн залбирч билээ। Энэ нь үүр шөнийн торгон агшинд, үүрийн гэгээ тэнгэрийн хаяанаа мэлтэсхийхийн өмнөх агшинд байж таарчээ. Нулимс гээчийг аль хүүхэд насандаа л тас мартчихсан байсан энэ эрийн цээж нэг л хачин огшиж ирээд, мөсөн унжирга харшилдах аньсага сормуусан завсараар нь агь мэт гашуун нулимс их далай мөсөн баринтагаа шилгээхэд ариг хар усан мэлтэсхийн бургилдагийн адилаар мэлмэрээд иржээ. Хүнд лантуу, хүйтэн халуун төмөртэй цаг мөчид харшилдсаар төмөр шигээ хатуу хар савар шиг болсон арвагар арван хуруугаа тэнгэр өөд сарвайлгаад асгаран орж ирсэн үгсээ шившин шившин өгүүлж байхуйд чухам болор хонхноос л тийм аялгуу гарах болов уу гэмээр жингэнэсэн аялгуу бүүр түүрхэн сонсогджээ. Жарчуйдайд эхлээд сахал сармаанд нь бүү хэл хөмсөг, сормуусанд нь хүртэл харшилдан унжсан мөсөн унжуургасын дуу биз хэмээн санагдсан авч, тэр аялгуу нэг л ер бусын сонсогдох тул төдөлгүй дуугаа аядаад хичээн сонсов. Нэг тийм гэх тэмдэггүй жингэнэсэн аялгуу үе үехэн бүдэгхээн сонсогдох ажээ. Жарчуйдай шижир алтнаас эхлээд ган, хүрэл, мөнгө, шавар, мод гээд үй олон хонхнууд хийж явсан, бас тэдгээр хонхосоос тус бүртээ өөр өөр ялгуу гардагийг олон жилийн туршлагаараа сайтар ялгаж мэдэхтэйгээ ч харин энэ аялгуунд чухам тийм гэж нэрлэж хэлэхэд бэрхтэй нэгэн жингэнээ байгааг анзаарчээ. Тэр ч бүү хэл тэрхүү аялгуу нь тэр тэнгэр газрыг бүхэлд нь дүүргэн цацалсан очисын хэлтэрхий мэт оддын дундаас, гэхдээ бүүр Тэнгэрийн гох одны баавгайн соёо шиг тахиралдан унжсан үзүүр тушаа ойрмогхон шинээр үзэгдэх болсон цувраа хэдэн оддын зүгээс ирж буйг мэдэрчээ. Тэнгэрийн одод аялгуу гаргадгийг анх мэдэж, тэр оддын аялгууг анх удаа тийн сонсожээ. Анх арваад жилийн өмнө зургаан мичидийн зулай дээр нэгэн хурц тод од гялалзах болсоныг мичид тохиох үеэр анзаарч билээ. Тэгтэл ганц Жарчуйдай ч түүнийг анзаарсан биш байж, хожимхон Улаан тайгын Их зайран Дай-Үүр тэр оддыг Жарчуйдайд онцлон зааж өгөхөд өнөөх оддын дор хэдийнэ гурван ч од цувралдан гараад ирчихсэн байсансан. Тэр оддын цувраа жил улирах тусам нэмэгдсээр эдүгээ бараг 10 хүрчээ. Гэхдээ зөвхөн зул сарын битүүнээр л тийнхүү Зургаан Мичидийн зулай дээр, Тэнгэрийн Гохын үзүүр тушаанаа цувралдан тохиох бөлгөө. Одод ингэж олноороо цувралдан тохиох нь эгэл бус үйлийг зөгнөдөг болохыг Их зайран хэлж, энэ үйл хэрэгт их бага хэн боловч бэлтгэх учиртайг сануулж байсан ч энгүй тайгын эгэл дархан Жарчуйдайн хувьд эгэл бус их үйлд хэрхэн бэлтгэхээ харин даанчиг нэг төсөөлөхгүй явсан билээ.

Энэ удаад, гал, ус хоёрыг цаг үргэлжид харшуулан, хилэнцийн эзний омгыг ямагт хурцалж суудаг дархан Жарчуйдай Соён Тагийн давааны орой дээр, зул сарын адгаар, үүр шөнийн заагаар тэнгэрийн тэр эрхэсийн дуу аялгууг эндүүрэлгүй сонсон бишрэв. Тэр цагаас хойш дархан Жарчуйдай ямархан нэгэн зүйл хийхсэн гэсэн нэгэн агдсан хүслэнд бүрнээ эзэмдэгдсэн ажээ. Ер хичнээн бодсон ч түүний хувьд хийж чадах зүйл нь ган төмөр давтах л байж, тэгээд ч их үйл хэргийг үеийн үед агуу баатар эрс л золбоо хиймор, зориг цөсөөрөө бүтээж, туурвиж ирсэн тул тэр баатар эрсийн гарт ирж буй цагийн салхийг сөрөн исгэрч чадах тийм илдийг давтан хийх нь л дархан болсоных нь хамгийн дээд хувь ерөөл болохыг тэр ойлгож байлаа. Ингээд тэр бүтэн жилийн турш нэгэн гянт илдийг хийхээр түмэндээ оролдсон ч чадсангүй. Тэр хичнээн сайн ган гүйлгэсэн ч илдний хат ямагт гологдож байв. Уг нь Жарчуйдай хөвч тайгад үеийн үед ган хатааж ирсэн халуун, хүйтэн, ил, битүү, нойтон, хуурай бүх 41 аргыг нэг нэгэнгүй сайн мэдэх ч, алийг нь ч гаргуун ашиглаж, хэрэглэж чадах ч эгэл амьдралын хэрэгцээний эд зүйлс хийхэд хэрэглэдэг эдгээр ган хатаах арга нь тэр эгэл бус үйлсэд зориулагдсан гянт илдний хатыг хэрхэвч гаргаж чадахгүй болохыг, эгэл бус үйлсийг эгэл бус хүн хийгээд юмс л бүтээнэ, түүн лүгээ адилаар эгэл бус юмсыг эгэл бусын аргаар л хийх учиртайг тэр нэгэн үдэш, галын дөл сөрвөлзөн гялалзахыг харан хөөргөнийхөө ёзоорт сууж байхдаа ойлгожээ. Тэгээд нэг хэсэгтээ зүгээр л аравт цэргийн илд жадхан, эсвэл эхнэр бүсгүйчүүдийн тогоо, жалавчханаа л цоолдож суух минь, энэ миний хувь ногдол, тэр Их зайрангийн хэлдэг, тэр тэнгэрийн оддын дохиолдог эгэл бус үйлсэд өчүүхэн дархан миний хувь нэмэр юусан билээ, хэрээс хэтэрсэн үйлд сарвалзах нь инээдтэй хийгээд магадгүй тэнгэрийн таалалд ч нийцэхгүй буй заа хэмээн бодогдож, аар саарханыг оролдсон ч, тэр оддын аялгуу зүүдэнд нь үе үехэн жингэнэн сонсогдоод, өглөө үдшээр тэнгэр хараачлахдаа нөгөөх агдсан хүслэнгээ мэдрэнэ. Тэгэж тэгэж, идэр гурван есийн хүйтнээр, үүр шөнийн жавар тоших цагаар тэр хөх оддын гялбаан дор, тэр аялгуун дор нь илдээ хатааж үзвэл ер яадаг юм бол гэсэн саваагүй ч гэмээр санаа орж иржээ.

Тэр өвөл яг хүссэнээр нь хүйтрэв. Жарчуйдай дархан ийм хүйтэн болж байсныг ер 50 шүргэх насандаа огтоос үзээгүй санагдана. Сарьж зогсохдоо халуун шар шингэн нь газарт буумагцаа хөлдөж, гозойсон шаргал мөс нүдэн дээр нь босоод ирэхийг харж зогсохдоо цаг ирсэнийг ойлгов. Ингээд Зээгт хонхороос цэврээр нь ялгаж авсан төмрийг өдөр өдрөөр нэгэн хэмийн давталтаар уйгагүй нимгэлэн давтсаар, гурван ёсийн жавар чангарах үеэр илдний төрхтэй болгоод амжив. Харин тэр оддын аялгуу дуурсах шөнө эхлэхээс бүүр өмнө л галт хар чулууг ханхигар гэрийнхээ баруугаар дүүртэл хурааж, хөлдүүсэн хусны нүүрсийг арвитай базааж аваад хариу бүрийгээс эхлэн Зэлмэ хүүгээрээ хөөргөө даруулж, өөрөө 5 жингийн лантуугаараа илдийн хоёр ирээр судасныхаа лугшилтийн хэмээр жигдхэн буулгаж гарав. Дархан энэ өвлийн хүйтнийг хангалттай давахаар хар чулуун нүүрсийг аль намраас л хаяндаа татаж авсан билээ. Гунан шарын ширээр хийсэн хөөрөг жигдхэн хүүгэхэд хусны цог улалзан, мах мэт улаан болсон төмөр лантууны буулт бүрээр цав цагаан очис үсэргэн туяарч байлаа. Үе үе Зэлмэ хүү хөөрөгний даруулыг нэг гартаа аван, нөгөө гараа сунган, дэргэдээ тагштай тавьсан мараанаас атган төмөр, лантуу хоёрын дундуур цацахад шажигнах дуу гарч, шаргал очис бутран үсчих ажээ.

Энэ хэмийг алдалгүй давтсаар үүрийн өмнөхөн дуусгаад, үүр шөнийн голгүй жаврыг сөргүүлэн, өнөөх цувраа оддын тохиол дор, түүнээс дуурсах жингэнээ аялгуунаа хатаахаар аав хүү хоёр улайран зүтгэж байх хооронд тулгар биетэй эхнэр Омол нүүрс, хусыг галд дөхүүлэн өгч тусалж байв. Омол уг нь хөнгөрөх цаг аль хэдийнэ болсон авч ер өвдөж дуншиж мэдэгдэхгүй, хөнгөн шингэн хэвээр, хумбан хар тогоо хөмөрчихсөн мэт гэдэс нь өдөр өдрөөр улам томорсоор байжээ. Зэлмэ хүүгээсээ хойш бараг тавантаа жирэмсэлсэн ч бүгдээрээ долоон сараа ч гүйцээлгүй зулбачихаад байсан хэр нь харин энэ удаад 10 сараа аль хэдийнэ өнгөрсөн авч томрохоос биш ер өвдөж, дуншиж мэдэгдэхгүй байсанд аль алиных нь сэтгэл далдуурхан түгшиж байсан билээ.

Тэр шөнө, шөнө шөнөөс ч илүү хурдан өнгөрөх шиг болж, үүрийн харанхуй өтгөрөн одод тоших цаг дөхөх үеэр гэнэтхэн гадаах хөлдүүсэн хашаанд байсан хэдэн үхэр нь сүртэй шуугилдаад явчихав. Аав хүү хоёр хийж буй үйлдээ хамаг анхаарлаа шавхсан байсан тул тэр дуу чимээг ч сонссонгүй, харин Омол бүсгүй сэрдхийн чагнаархсанаа, анхандаа нэг ч их тоосонгүй, гэвч үхэрнүүд нь сүртэй чангаар орилолдон, бужигнаж, хөлдүүсэн хороогоор нэг бужигнаан болоод, тар няр, тас нясхийн пижигнээд эхэлсэнд тэсэлгүй алчуураа шүүрч аваад гарчээ. Гэрийн гадаа бүсгүйн мэгдэн чарлах дуун хоёронтоо гарсан авч аав, хүү хоёр анзаарсангүй, шөнөжингийн галд улайссан нүд нь бүргэдийнх шиг сүртэй эргэлдэн, халууцаж улайсан, хөлс нь бөнжигнөх нүүр царай нь Хөшөөтийн хөтөл дээр байдаг өвөг дээдсийн улаан чулуун хөшөө шиг хүрэнтэн бадайрсаар, хүнд лантууны жигдхэн хэмнэлээр илдээ давтаж гүйцээд, улайдсандаа цагаан очис гүйлдсэн илдийг хавчуурганд зуулган барьсаар Жарчуйдайг гэрээс үсрэн гарч ирэхэд гэрийнх нь бараг үүдэн дээр нэгэн ер бусын аварга том дэлт чоно эхнэрийг нь тас гэдрэг харуулан унагаад, үзүүрсгэн дээлийг нь тасар тасар тасчин хаялж, хар толгой суусан хоёр мөөмийг нь хуу татан авч зулмалаад зогссонгүй, тулгар гэдсийг нь яран, хэвлийд байсан нярайг нь ил гаргачихсан, сальс самсааг нь цус, ус, эхэстэй нь холин шалчиг балчиг хийн долоочихсон зогсож байв. Идэр залуудаа Хиргисүүдэд олзлогдон, Хашин, Хидааны хязгаарт болсон ихийн их тулалдаануудад цус урсахыг бишгүйдээ л харж, улаа элээнд дассан ч Жарчуйдай гэнэтийн ийм үзэгдэлд эрхгүй цочирдов. Уур савсах хагархай ургын дотор чонын шуналтай долоох шаламгай хэлэн дор бяцхан нярай арвалзана. Гал цахилсан харцаар чоно Жарчуйдайг хялалзан харав. Агшинд ямар ч амьтанд байдаг үр зулзагаа гэх тэр хүчит мэдрэмж дарханыг удирдан, чоно руу улангасан дайруулав. Чоно харин ялимгүй цахлаад хөдөлсөнгүйд Жарчуйдай эрчээрээ хавчуурганд зуулгасан улайдмал илдээ чонын хэнхдэгэнд шааж орхилоо. Хиншүү, түлэгдсэн махны үнэр цоргиж, чоно гайхсан мэт Жарчуйдай руу харсанаа огло харайн эргээд харайлгачихав. Арын онь дээр хөндөлсөн зогсоод, эргэж харахад нь цээжинд нь шаалттай өнөөх илд одод цацсан тэнгэрт ердойн харагдана. Чоно өнөөх оддын зүг өлийн нэгэнтээ уртаар татан ульсанаа цааш бөртөлзсөөр далд орчихов.

Жарчуйдай чоно аль хэдийнэ хүйг нь тасалчихсан нярайг хормойлон гэрт оруулж, баруугаар байсан үзүүрсгэн нэхийд тунтайлж тавив. Айснаасаа болоод уйлж ч чадахгүй болчихсон Зэлмэ хүүгээрээ хамжуулан талийгаачийн нүд хальтирам цогцосыг галт хар чулууны бүтээлгэнд ороож урьд энгэрийн хөмөгцөгт тавьчихаад тэр үүрээр хоёр үхэр тэргэнд хамгаа ачаалаад тайгаас буухаар хөдөлжээ. Хөдлөхийн өмнө өнөөх нярайн боолтны захыг сөхөн харвал амьд эсэх нь үл мэдэгдэнэ. Хүн болохоосоо нэгэнт өнгөрсөн энэ амьтаныг одоо яалтай, Жарчуйдай эхийг нь тавьсан энгэрт байх бяцхан цохио хадны үе дээр боолттой чигт нь хөмөн гутлын түрүүнд шургуулаад тавьж орхижээ.

Тайгаас бууж, айл амьтаны хаяа бараадсан Жарчуйдайд урьд өмнө үзэж хараагүй цоргисон харцтай аварга тэр чоно нэг л ер бусын санагдаад болж өгсөнгүйгээр барахгүй өнөөх бүтэн жилийн туршид хичээн оролдсон илднийхээ хойноос эхнэр, үрээсээ илүү харамсаж буйгаа анзаарч, дотроо баахан гайхжээ. Гурав хоногийн дараа Жарчуйдай тэссэнгүй, тэр чонын ул мөрийг үзэхээр хуучин нутаг өөдөө явлаа. Бууцныхаа доод хошуугаар гараад иртэл өтөг бууц нь уйтгар сэмрээн харлан угтав. Харин нярайг тавьсан цохио хадан дээр тайгад хэзээ ч үзэгдэж харагдадгүй Алтайн хөх толгойт өд сөд нь ихэд сэрвийсэн орог бүргэд ихэмсэглэн суугааг хараад гайхав. Бүргэд хэзээ ч сэг зэмээр хооллодоггүй билээ. Мөн их хүйтний эхээр үзэгдэхээ болчихсон байсан турлиах, хэрээнүүд хадан цохиог цагираглан тойроод, зарим нь дэгэнцэн гүйлдэж, зарим нь өнөөх бүргэд рүү арга барагдсан мэт бархиралдаж байх ажээ.

Амлаагүй хүүхэд гурав хоногтоо харангалдаггүйг санасан Жарчуйдай яаран дэргүүлсээр цохио хадны оёор очиход хэрээ, турлайхнууд дуртай дургүй явгалан гүйлдэж холдоод, харин бүргэд ер хөдөлсөнгүй, хадны оёороор бутарсан хар өд ихэд хөглөрсөн байх нь энд ширүүнхэн тэмцэл өрнөснийг илтгэнэ. Жарчуйдай хадны үе дээр тавьсан нярайг шүүрэн авч салгалсан гараар задлав. Нярай харин амьд байлаа. Хүйтэн агаарт цохиулан цочирсондоо ялиг муригнан хөдлөв. Тэр хүү байв, бяцхан хар бөөжгийнөөс нь адис авсан Жарчуйдайн нулимс сад тавин асгарч, хүүгээ элгэндээ тэврээд саргиа саарал хоолойгоор бархиран уйллаа. Бархирсан хэвээр хүүгээ буцааж боогоод өвөртөө хийн гэрийн зүг харайлгав. Замын туршид тэр бархиран бархиран уйлсаар явжээ. Харин орог бүргэд аав хүү хоёрыг даган дагасаар, гэрт ирэхэд нь ч тэртээ дээр тэнгэрийн цээлд жижигхэн хар толбо болон эргэлдсээр байжээ.

Жарчуйдай дархан хэд хоногийн дараа дахин хуучин өтөг бууцаа зорин очиж өнөөх чонын мөрийг шиншилсээр хөвчийн тана дээрээс өнөөх илдээ олж авчээ. Чонын амь халуун цусанд хатаагдсан илдийг бүрхсэн хар хүрэн өнгөрийг цэвэрлэхэд цаанаас нь гялалзсан хөх ган гарч иржээ. Хожим яагаад ч юм Сүбээдэй нэр өгсөн хүүгээ арван гурван нас хүрч, Зэлмэ ахынхаа нөмөр дор Эзэн Чингис хааны байлдааны Догшин Их хар сүлднээс адис авахад нь бариулыг нь алтадан, тойв дээр нь очир эрдэнэ суулгасан тэрхүү илдээ хүүдээ адислан өргөн барьсан билээ. Тэр сарны гэрэлд хуйвнаас нь сугалахад ирээр нь хүйтэн хөх очис үсчин гүйлддэг, ерийн төмрийг мөөг зүсэх мэт хирчиж орхидог ер бусын гянт илд болжээ.

Харин тэнгэрт гэнэтхэн үзэгдэх болсон тэр цувраа одод тэр нэгэн шөнөөс хойш нэгээр нэмэгдсэнийг харж, тэр цагаас Жарчуйдай дархан зул сарын шинэдийн үүрээр үргэлж өргөл өргөх болсон билээ. Хожмын өдөр, насан өндөр болсон хойноо Соён Тагийн даваан дээр үүр шөнөөр нэгэнтээ гарч, умардын зах хязгаар нь үл харагдах уудам их Байгал далайн чинадийн чинадад, мянга мянган уулс, гол мөрдийн цаана байх, Атриат хэмээх их атриат мандалтай бас нэгэн уудам их далайн зах хөвөөнд хүрч, зүс буруу шар эрсийн омгийг нугалж явсан хүүгийнхээ сургийг тэнгэрийн тэр цувраа оддын жингэнэсэн аялгуунаас сонсож байхад тэр оддын тоо хэдийнээ арван зургаа хүрчихсэн байж билээ.

Ийнхүү Чингис хааны шадар өрлөгийн нэг, агуу их жанжин Сүбээдэй баатрын Хөх тэнгэрийн зарлигийг хөрстийн дайдад дуурсган, журмыг тогтоох их үйлсэд хүчин өргөхөөр цөвүүн цагийн жаврыг сөрөн хүмүүний орчлонд хүрэлцэн ирсэн нь энэ бүлгээ.


***
Сүбээдэй баатар 73 насыг насалтлаа Өмнөд Хятадын Шар тэнгисээс Өрнөд Европын Атриадын тэнгис хүртэл, Балар Шиврийн тайгаас Бангкокийн ширэнгэ хүртэл дэлхийн дайдыг хэдэндээ хөндлөн гулд хэмжиж, хэдэн бумаас, хэдэн арван саяар тоологдох их бага 40 үндэстнийг номхотгон журамд оруулж, их бага 60 тулаанд ямагт ялан гарсаныг нь дэлхий даянаа урьд хожид алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй билээ। Өнөөх эх барьж авсан чоныг долоож байхад хараахан нээгдэж амжаагүй баруун нүд нь Дундад Азийн гүнд болсон нэгэн тулаанд тэнэмэл суманд оногдсоноос өөрөөр Сүбээдэй баатар шархдах нь бүү хэл шалбарсан ч үгүй, харин тэрхүү очис гүйсэн хөх илд нь түүний хүү Урианхайдай жанжин, түүний хүү Бор баатраар дамжин явсаар он оны хойно тэнгэрийн тэр оддын цаг дуусахад хувь заяаны эрхээр Английн эзэнт гүрний эриний өмнөхөн өрнөдөд шилжин одсон тухай дараа дараагийн өгүүлэх түүхэнд гарах болно оо.

“Хөх илдний очис” романы хэсгээс

Monday, March 10, 2008

Хувь заяатайгаа эвлэрэв

Аригбөх асрын үүдийг нээж их дуугаар орь дуу тавьж буй хүнийг харлаа. Тэрхүү өргөн шанаатай бахим эр бол арваад жилийн өмнө усан гахай жилийн намар Бухар, Самари болон Аму мөрний хөндийгөөс татварласан хөх амууг ачсан 500 тэрэг бүхий цувааг Хархоринд хүргэлцэж ирсэн зуутын ноён байв. Тэгэхэд цуваа замд удаан саатан, амууг норгосноос ихэнх нь хөгцөрч, Хархориний сартуул худалдаачдын илжигнүүд л дундаас нь завшиж билээ. Хэдийгээр тал нутагт тэр жил хүнс хоол арвигүй байсан ч Аригбөх тэргийг сахиж, аму будааг хадгалж явсан тэдгээр ноёдыг сануулан донгодохоос хэтрээгүйсэн. Тэр үед л энэхүү зузаан шилтэй бахим эр Алгуйд хүчин өргөж, эзний хамт ангийнх нь үргээлгэнд явж байсныг Аригбөх сайн санаж байлаа. Хэдэн цэрэг түүний борвийг тэрэгний булаар сөгтгөн даржээ. Зуутын ноён Аригбөхийг үзээд улам ихээр бархирахад Аригбөх залхсан шинжтэй гараар хайнгадуу дохив.

Булыг султгасан хойно ч Зуутын ноён бархирч байснаа гэнэт больж Аригбөхийн зүг “эзэнтэн минь, хаантан минь” хэмээн сөөнгөтөн үлгэсээр өвдөглөн давшлахад цэргүүд жадны үзүүрээр хэрэн зогсоов. Өнөөх зуутын даргыг авч ирсэн Буйдар баатар:

-Энэ зуутан цэргийн хамт хагас мянган сарлагийг буруулан тууж цаст ууланд гарав. Нэхэж очсон хойно өмнөөс харвалдав. Бид цэргийг нь мохоогоод зуутанг барьж, үхрийг тууж ирлээ гэхэд хаантны дэргэдээс асраас гарч ирсэн Асутай зуутны эрүүг илдний хуйны үзүүрээр этээд:

- Эзэн гэж мэдсэн юм бол эгэл боол чи юунд идээ ундааныг нуув. Хаан гэж мэдсэн юм бол хавт боол чи юунд хар буруу санаалав. Чамаас ял асуух юун гэхэд цэргүүд түүнийг бахируулсаар авч одлоо.

Маргааш нь цэрэг хөдөлж, хадат хавцал уруудсаар их уулсын бэлд дөхөж явтал бүлэг иргэн замд таарав. Хүүхэд, хөгшдөө үүрэх нь үүрч, чирэх нь чирсэн явган нүцгэн голдуу эдгээр хүмүүс цэргийг үзээд сандралдан замаас гаран хавцалын хана руу шахан зогсоод айж түгшсэн нүдээр тэднийг ширтэн байв. Цэргийн хошууч тэднийг юун иргэд болохыг лавлаж байх зуур ширэлдсэн нэвсгэр буурал үстэй нэгэн өвгөн Аригбөхийг танин түүний зүг давшлан гарч ирээд Аригбөхийн морийг цулбуурдахыг завдахад өмнөх хишигтэн өвгөний онгосон дээлний далан дээрээс шүүрэн өргөж сарвагнуулав. Гэтэл өвгөн үг өгүүлэв. Төдий насны хүнээс гарамгүй идэр бадриун хоолойгоор бөөгийн дуудлага мэт аялгуулах хэлэх ажээ.
-Гүр их улсын эзэн атал
Өлөн барс мэт юунд
Өрвөлзөн явж
Өнөр түмнээ өрлөнөм.
Хотол их улсын эзэн атал
Холхи замын дээрэмчин мэт
Хомголзон явж
Хотол түмнээ юунд хоослоном.
Өвгөний дууг хавцлын хад цохио болгон түрэн алслан улам цуурайтна. Аригбөх эргэж харлаа. Хамгийн түрүүнд өдийг хүртэл дэргэдээс нь салахгүй ямагт дагаж яваа хан хөвүүд, бусад олон ноёдоо харав. Олон сарын ядрал, зутрал тэдний цэл залуу насыг ч хайхарсангүй. Ихэнх царай алдаж, нүдэнд нь гунигийн сүүдэр унажээ. Хувцас хэрэгсэл нь онгож гандсан тэднийг хан хөвүүд гэхэд нэн хэцүү. Өөрийнх нь хоёр, ах Мөнх хааны дөрвөн хүү, Гүюг хааны хоёр хүү, нэг ач, Ордагийн нэг хүү, Хулагугийн нэг хүү... Их төрийг түшилцэж, түмний сэтгэлийг хураалцаж явсан эдгээр цуут эцэгсийн үр сад өдгөө түүний үед авд орсон чоно мэт болжээ.

Мөн дэрийг нь сахиж, илднийх нь үзүүрт цахилж яваа, олон бэрхийг гэтэлж өөрт нь үнэнч болохоо баталсан эр цэргүүдээ харлаа. Тэднийхээ төлөө энэ өвгөний өмнө Аригбөхийн сэтгэл шимширч байлаа. Хан хөвүүд ч, эр цэргүүд ч бүгдээр царай баргар, дор дороо нэгийг бодон чимээгүй байцгаана. Тэдний хэн нь ч Аригбөхтэй харц тулгарахаас халширч нэг нь ч түүний өөдөөс эгцлэн харсангүй. Гагцхүү өвгөний хүнгэнэсэн дуун хадат хавцлийг дүүргэн цуурайтсаар байв. Аригбөх цааш үргэлжлүүлэн өгүүлэхийг сонсож тэвчилгүй сайр чулууг үсчүүлэн хавцал уруудан давхичихав. Аригбөх үдшийн хар чийг буух үеэр буудаллаад гол асартаа бүх ноёдоо цуглуулан шөнө дүл болтол зөвлөлдөв. Тэгээд Асутайгаас бусад хан хөвүүд, олонхи ноёд тус тусийн цэргийг аван Чу мөрний эхээр нутаглаж буй Хайду үеэлд очиж нийлэхээр тогтов. Уг нь Аригбөх хан хөвүүдийг бүгдийг тийш явахыг хүссэн ч Асутай “Тугийг чинь өргөж, илдийг чинь ирлэж явъя” гэсэн тангарагаа дурьдан эс зөвшөөрчээ. Мөн зарим нэгэн ноёд түүний жишээг дагав.

***
Үүнээс хориод хоногийн дараа жирийн бус нэгэн багашиг цуваа Шанд хотын баруун хаалганд тулж ирэв. Цувааны магнайд зүс ижил бор морьдтой хүдэр тугч цэргүүд 18 тохой өндөр төрийн Их цагаан сүлд, дагалдах найман сүлд тэргүүтний орой дээрх алтан шармал галтай ган сэрээг Шандын хөх тэнгэрт сэрэлзүүлсээр ихэмсэгээр залж явав.
Их цагаан Сүлдний ард хөхөл цагаан зээрд азарга унасан Их хаан заларчээ. Зээрд азарганы хазаарын зуузай хийгээд худрага, хөмөлдрөгийн догшин барсын нүд товойлгон урласан алтан товруудын шашир цацаг, азарганы газар шүргэн алдах цагаан дэлтэй өнгө хоршин сугсалзана. Их хаан төрийн их ёслолын дөрвөн талт луут үүлийн угалзаар чимсэн, сувдан унжлагат, оройдоо титэмт суврага мэт залаат малгай, алтан луут дээлийг, тольт гох бүхий их улаан бүсээр даруулан өмсөж, уул усны гутал бүхий чийрэг бат хөлөөр арслангийн дүрст дөрөөг жийжээ. Гэзгийг тэвхдэн тогтоосон хашийн даруулга хийгээд чихэнд зүүсэн алтан гархийн шигтгээ сувд тэргүүтэн зээрд азарганы жигдхэн явдал дунд хааны хүдэр чийрэг хоёр мөрөн дээр нь нар ойлгон гялбуулна. Их хааны царай ядранги, нар салхинд онгосон ч харц дээгүүр, тэнгэрийн алс хаяаг догшноор ширтэн явлаа. Их хааны араас 13 тохой өндөр орой дээрээ ялгуун илд бүхий Их хааны байлдааны догшин Хар сүлдийг мөн залж явав. Түүний ард хааны нэгэн адил төрийн хүндэтгэлийн хувцасыг өмссөн хан хөвүүн Асутай болон арав орчим ихэс ноёд, бусад нь хааны шадар нөхөд цэргүүд байлаа.
Хотын хаалга сахисан цэргүүдээс хэн нь ч ийм бяцхан атлаа сүрлэг цувааг урьд өмнө үзэж байгаагүй тул эл бяцхан цуваа гайхан алмайрсан тэдний дэргэдүүр дэргүүлсээр хотод орж явчихав.

Sunday, March 9, 2008

АРИГБӨХ НАС БАРСАН УУ, ОРГОСОН УУ?


Монголын Их гүрний сүүлчийн хаан Аригбөхийн эмгэнэлт амьдралын төгсгөл өдий хүртэл бүрхэг хэвээр байгаа юм. Монгол, Хятадын сурвалж бичгүүд болон судлаач эрдэмтдийн үзсэнээр Аригбөх Хубилайд бууж өгсөнөөс хойш хоёр жил орчим хугацаанд гэрийн хорионд байсаар 1266 оны 10 сарын 1-нд нас баржээ. Рене Груссе энэ талаар “Аригбөх 1266 онд нас барсан боловч үнэндээ насан эцэслэтлээ хоригдол байжээ” гэжээ. Хоригдол байх тухай асуудал маргаангүй агаад Хубилай түүнийг хатуу хорио цагдалтаас ангид байлгасангүй.
“Судрын чуулган”-д Аригбөх жил орчим хугацаанд өвчилсөөр Барс жилийн /1266 он/ намар нас барсан гэжээ. Юан улсын сударт Аригбөхийг нас элтлээ хаан хүний хангамжинд байгаад өвчнөөр өнгөрчээ гэжээ. Гэтэл зарим түүхчид Аригбөхийг өвчнөөр нас бараагүй, Хубилай түүнийг хорлосон ч гэж үздэг.
Аригбөх амьд байх нь Хубилайд аюултай хийгээд түүний хууль бус үйлдлийг өдөр бүр сануулсаар байсан нь ойлгомжтой тул тэмцэж олсон хаан ширээнийхээ өмнөөс дүүгээ золиос болгох хэрэгтэй ч байсан байж болох юм. Ийнхүү Монголын нэгдсэн улс байгуулагдсанаас хойш янагш яг нэгэн их мөчлөг буюу жарны төгсгөл дээр Монголын эзэнт гүрний сүүлчийн Их хуралдайгаар албан ёсоор сонгогдсон Их хаан Аригбөх Монгол үндэстний түүхэнд эмгэнэлтэй зурвасхан мөр үлдээгээд 46 орчим насандаа бие баржээ гэж үзэж болох юм.
Мөн сурвалж бичгүүдэд Аригбөхийг нас барахад шарилыг нь Чингис хаан болон эцэг Тулуй, ах Мөнх нарыг нутаглуулсан тэр газарт тавьсан гэжээ.
Харин Өвөр Монголын Багшийн дээд сургуулийн сонин “Хятад хэл, философи, нийгэм, шинжлэх ухаан судлалын хэвлэл” хэмээх сэтгүүлийн 1987 оны № 3,4 дугаарт Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх маш сонирхолтой өгүүлэлд дурдагдсан зүйлийг дараа дараачийн судлаачид нэн сонирхон, мөшгөн шинжилвээс зохилтой.
Энд бичсэнээс үзвэл Аригбөхийг 1266 онд нас барсан хэмээн өнөөг хүртэл итгэж ирсэн ойлголт итгэл маань ихээхэн эргэлзээтэй болж, энэ талаарх манай түүхийн сурвалжуудад буй мэдээ сэлтийг эргүүлэн сайтар нягтлах шаардлага гарч байна.
Энэхүү сохирхолтой өгүүллийг хятад хэлнээс утгачлан сийрүүлбэл:
“Бид саяханы нэгэн сонин дээр Хубэй мужид нэг хэсэг Лү овогт монголчууд амьдардаг гэсэн мэдээг аваад энэ талаар газар дээр нь очиж тэдний түүх соёл, зан заншлийг судлахыг хүссэнд нутгийн удирдлагууд бидэнд туслалцаа үзүүлсэн юм. Ялангуяа тус мужийн үндэстэн ястны хариуцсан алба болон Хунху сумын зохих удирдлагууд энэ талаар маш их туслав. 1986 оны 10 сард бид Шинди, Шакоү, Фүнкоү болон Шашинхө зэрэг газарт амьдарч байгаа Лу овогт монголчуудыг сурвалжлахаар зорьж очсон юм. Энэ ажлын явцад бид Лу овогт монголчуудаас ярилцлага авч тэдний ургийн бичиг болон түүхийн эд материалуудыг үзэж харсан билээ.
Энэ нь Лу овогт Монголчуудын түүх соёлыг судлах анхны алхам болж, цаашдаа Монголын түүхэн дэх зарим нэгэн эргэлзээтэй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болсон юм. Тухайлбал Аригбөхийг үхсэн үү, эсхүл оргосон уу гэдэг нь монголын түүхийн материалуудад болон Юан гүрний түүхэнд тодорхой бус тэмдэглэгдсэн байдаг. Түүнийг өмнө зүгт зугтсан уу, хойт зүгт үү гэдэг талаар Түүхийн товчоон дундах тэмдэглэгээ болон Лү овогт Монголчуудын түүхийн тухай ам дамжсан яриа, мөн Лү овогтны ургийн бичиг болох “Язгуур үндсийн удиртгал”-д харилцан адилгүй ялгаатай тэмдэглэгдсэн байдаг.
1. Лү овогт монголчуудын ургийн бичиг болох “Язгуур үндсийн удирдтгал” болон тэдний үе дамжсан аман ярианаас дээр дурдсан Лү овогт монголчууд гэдэг маань Чингис хааны дөрөвдүгээр хөвгүүн Тулуйн зургаа дахь хөвгүүн Аригбөхийн хойч үе гэдэг нь тодорхой мэдэгдэж байдаг. Лү овогт Монголчууд хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй бүгдээрээ өөрсдийгөө Чингис хааны хойч үе хэмээн нэрлэдэг. Үүний сацуу тэд, тэдний өвөг болох Аригбөх Хубилай хаантай хаан ширээ булаацалдан тулалдсаны эцэст өмнө зүгт зугтан, маш ээдрээтэй олон нүүдлийн эцэст одоогийн Хунху сумын Шашинхө хэмээх газарт сууршсан хэмээн тодорхой дурсан ярьцгааж байна. Тэднийг яагаад Лү овогт хэмээсэн талаарх ард түмний ам дамжсан яриа “Язгуур үндсийн удиртгал”-д тэмдэглэсэнтэй яг тохирч байдаг. Аригбөх бол Тулуйн зургаа дахь хөвгүүн байсан. Энэхүү зургаа дахь хөвгүүн гэдэг нь эртний хятад хэлний Lu гэдэгтэй яг адилхан бичигддаг. Иймд тэд энэхүү Lu гэдгийг авч өөрсдийгөө тийн нэрлэсэн бололтой. Гэхдээ энэ нь хятад хэлний Лу овогт гэдгээс ялгаатай юм. Иймд тэд өөрсдийгөө зориудаар Юн хотын Лү овогтнууд хэмээн нэрлэдэг. Юн хотын уг гарал нь Өгөөдэй хаан Алтан улсыг байлдан эзэлсэний дараа Хөнань мужийн газар нутгийг өөрийнхөө хөвүүд болон үр ач нарт хуваан өгсөн. Үүнээс одоогийн Жи сумын ойролцоох газар нутаг Аригбөхөд оногджээ. Энэхүү газар нутгийг эрт дээр Жоу улсын үед Юн улс хэмээн нэрлэдэг байсан байна. Иймд тэд өөрсдийгөө Юн хотын Лү овогтон хэмээн зориуд нэрлэжээ.
Аригбөх тухайн үедээ Юн хотын Ван хэргэм авч байсан тухай ам дамжсан түүхэн яриа байдаг. Аригбөх бууж өгсөний дараа Хубилай хаан хэдийгээр түүнийг алаагүй боловч түүний ойр дотны шадар түшмэд, болон цэргийн жанждаас маш олныг алж хороосон юм. “Түүхийн товчоонд”- Аригбөх нэгдүгээр сарын 6-нд ордондоо нас барав хэмээн тэмдэглэсэн байдаг. / Лалын шашны он тооллоор 664 оны /1266/ намар Аригбөх өвчний улмаас нас нөхцсөн./ Хубилай хаан Аригбөхийн гурван Их хатан, хоёр бага хатан болон хөвүүд охидод нь зохих анхаарал халамж тавьж байсан байна. Гэхдээ хамгийн гайхалтай нь Сүн Лян болон бусад хүмүүсийн Юан гүрний түүх, мөн монголын түүхийн материалуудад Аригбөхийн талаар бүдэг бадаг хольж хутгасан тэмдэглэл байдаг. Лү овогтны “Язгуур үндэсний удирдтгал”-д тэмдэглэснээр Аригбөх, Хубилай хаанд бууж өгсний дараагаар шадар түшмэд болон цэргийн жанжнуудынхаа хороогдсоныг хараад машид чочирдож өөрийн И /Юбугур/ хэмээх хүү, шадар түшмэд, зарц зэрэг гучаад хүнийг нууцаар дагуулан баруун зүгт Хубэй, Хөнань мужийг дамжин Хугань хүртэл зугтан одсон гэжээ. Хугань гэдэг нь эртний Юн Мөн Зө хотын балгас,/одоогийн Хунху/ юм. Тэд өөрсдийгөө өнгөт арьстнууд гэдэг байжээ. Тэгээд тэнд өөрсдийнхөө овог нэр, гарал үүслийг нуун суурьшсан байна.
Эхлээд тэд Жян сумын Хаунжан хэмээх үерийн далангаас хамгаалах газарт амьдарч байсан байна. Аригбөх энд удалгүй нас баржээ. Түүнийг нас барсаны дараа оршуулан, оршуулгын газар байгуулсан байна. Тэнд амьдарч буй Монголчууд түүнийгээ Лү овогтны “Их бунхан” хэмээн нэрийддэг. Энэхүү оршуулгын туурь одоо хүртэл байдаг. Аригбөхийг нас барах үед И ноёнтон /Аригбөхийн хүү Юбугурын хүндэтгэлийн нэр/ балчир байсан бөгөөд үүнийг далимдуулан түүний Ю, Ян хэмээх хоёр хятад зарц нь өдөөн хатгалга явуулж, Аригбөхийг гутаан доромжлон түүний энэхүү бунханг эвдэж сүйтгэсэн байна. Энэ үед Ю, Ян нартай тэмцэлдэх хүчин мөхөсдөснөөс Лү овогтнуудад Хайжялин хэмээх газарт нүүдэллэн очжээ. Хожим нь И ноёнтон дагаж явсан арван найман хүний хамт Чайлинь голд живж үхсэн байна. Ингээд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан зарц боол, үндэс угсааг үл /тэр үед бас хятад боолууд хамт явсан/ хамааран тэднийг хамт оршуулжээ. Одоог хүртэл жил бүрийн гурван сарын гурванд үй олон Лү овогт Монголчууд энд хүрэлцэн ирж, өвөг дээдсийнхээ онгоныг тахидаг болсон байна.
И ноёнтныг нас барсаны дараа түүний овгынхон улам доройтжээ. Тухайн үед тэд нар Хайжялингийн Хай овогтнуудтай зэрэгцэн амьдардаг байсан бөгөөд эдгээр Хай овогтнууд нь ор үндэсгүй хэрүүл маргаан дэгдээн Лү овогтнуудыг ялгаварлан гадуурхдаг, дорд үздэг байсан байна. Ингээд Лү, Хай овогтнуудын хоорондох маргаан улам ширүүсч, зарим үед зарга нь Яаманд хүртэл очдог байв. Гэхдээ энэ маргаан эцэслэн шийдэгддэггүй байв. Энэхүү нөхцөл байдлын дор Юбугурын ач болох Лу Рун Фү дахин нүүдэл хийхээр бэлтгэжээ. Байдлыг өөрийн нүдээр харж, чихээр сонссон зэргэлдээ орших Чуй овогтнууд /одоогийн Лү овогтны эзэмшил газар, эртний нэр нь Чуй жя тай/ Хай овогтны энэхүү ёс бус үйлдэлд маш их гайхаж, Лу овогтнуудыг их өрөвддөг байв. Иймд Лү овогтонтой өөрийн оршин сууж буй газар болон бусад зүйлсээ солилцох болж, энэхүү эцэс төгсгөлгүй маргаанд цэг тавьсан байна. Одоог хүртэл Хай , Лү овогтнууд ураг бололцдоггүй, Чуй Лү овогтнууд зарга хийдэггүй гэсэн ам дамжсан яриа байдаг. Үнэхээр Хай, Лү овогтнууд огт ураг төрөл бололцдоггүй байсан бөгөөд харин Лү, Чуй овогтнууд хоорондоо ураг төрөл бололцох төдийгүй элдэв ямар нэгэн маргаан гарваас өөр хоорондоо харилцан ярилцаж шүүн тасалсаар ирсэн байна. Дээр дурдсан зүйлүүд бол Лү овогт монголчууд Хунху сумын Шакоун тойргийн Лү Жа гацаанд сууршиж байсан түүхэн тойм юм.

Үндэс угсаагаа гэсэн сэтгэл болон түүний онцлог шинжүүд.
Лу овогт Монголчуудын гаднах байдал нь нутгийн хятадуудаас гойд ялгагдах юмгүй, ялангуяа хэл нь бүрэн ууссан байв. Гэхдээ тэдэнтэй ярилцах явцад үндэс угсаагаа гэсэн үзэл, сэтгэл маш хурц, гүн гүнзгий илэрч байлаа. Иймд өөрийн эрхгүй тэднийг бишрэх сэтгэл төрж билээ. Үүний сацуу зан заншлийн зарим нэгэн онцлог байдал нь тэднийг Монголчууд гэдгийг бүрэн дүүрэн итгүүлж байв. Бид монгол дээл өмсөн Лү овогтны гацаанд очиход тосгонд “Үндэс угсаа нэгтнүүд маань ирлээ” гэх их хөөрч баярласан үг хаа сайгүй сонсогдож, биднийг халуун дотно сэтгэлээр угтан авсан юм. Тэд бидэнд ихэд итгэн гадны хүнд огт харуулдаггүй Лү овогтны ургийн бичиг болох “Язгуур үндсийн удиртгал” болон олон зуун жил хадгалж байсан Аригбөхийн хөвгүүн И ноёнтны зурмал зургийг харууллаа. Энэхүү зургаас харахад И ноёнтоны гаднах байдал, өмссөн хувцас нь үнэхээр Монгол хүний онцлогыг илтгэн харуулж байв. Гэхдээ малгай болон бөс нь манж хүнийхийг санагдуулсан юм. Энэ талаар улам судлах хэрэгтэй. Тэдний өвөг дээдсийн онгон шүтээний өмнөх бяцхан хөшөө нь өөрийн гэсэн онцлоготой байлаа. Уг шүтээний нүүрэн тал нь хятад үндэстний онцлогоос огт ялгагдах юмгүй. Харин ар тал дээрээ “Монгол” хэмээх хоёрхон хятад ханз байдаг. Хятад үндэстнүүд өвөг дээдсийнхээ онгоныг тахихдаа түүний өмнө байнга хас хонхыг зүүж, хүндэтгэл үзүүлэх үедээ хонхоо цохидог. Харин Лү овогт монголчууд хонх уядаггүй бөгөөд тэд хонхыг зовлон, азгүй явдлын билгэ тэмдэг хэмээн үздэг байна. Үүнээс гадна өөр нэг онцлог байдаг нь тэд И ноёнтны бунханд бараалхах үедээ хятад үндэстнүүд шиг сөхөрч суугаад толгойгоо бөхийлгөдөггүй. Харин эсрэгээр умар зүгт монголын эртний газар шороо руу харж зогсоод толгойгоо мэхийн ёсолдог. Энэ нь И ноёнтныг дагаж явсан арван долоон зарц боолуудтай нь хамт оршуулсантай холбоотой. Хэрвээ И ноёнтны шарилд мэхийн ёсолбоос мөнхүү тэнд хамт оршуулагдсан хятад зарц боолуудад хүндэтгэл үзүүлж буй гэсэн үг бөгөөд үүний улмаас тэд хойт зүгт харж зогсон толгой мэхийдэг байна. Энэ нь хэдийнээ одоог хүртэл заншил болон тогтжээ.

700 гаруй жилд үндэс угсаагаа нуун далдалж байжээ.
Лү овогт монголчуудын түүхэндээ уламжилж ирсэн энэ байдал нь үндсээрээ устах тал руугаа явж байна. Гэхдээ цөөн тооны хуучин үзэл бодлын хүлээсэнд автагдсан хөгшчүүлийг үл тооцвол хүн амын 95-аас дээшэх хувь нь өөрсдийнхөө үндэс угсааг нэн дариу сэргээж, өөрийнхөө овог угсааг нуун дарагдуулж байсан энэ амьдрал дахин давтагдахгүй байхыг маш их хүсч байна. Тэд бидэнд Юан гүрний үед Хубилайгаас айдаг байсан, Мин улсын үед Юан гүрний үлдэгдлүүд хэмээн гадуурхагдаж, үндэс угсаагаа устгагдахаас, Чин болон Дундад иргэн улсын үед мөн л хавчин гадуурхагдаж, алагдах, гуйрамч, тэнүүлчин амьдрал руу унахаас айдаг байсан, хэрвээ өнөөдөр түүхийн энэхүү эрээн бараан арилваас бид дахин юунаас ч айхгүй амьдарна хэмээн ярьсан юм. Хэдийгээр тэд өөрсдийнхөө үндэс угсааг нууж явсан боловч бид хятад үндэстнүүд биш шүү гэсэн санааг өөрийн мэдэлгүй л гаргаж ирж байжээ.
Анх Хунхуд очихдоо хойт зүгээс зугтаж ирсэн учраас хэл яриа, зан заншил, хувцас хунар зэргээрээ тухайн оршин суугчдаас маш ихээр ялгарч байв. Иймд өөрсдийгөө өнгөт арьстанууд хэмээн нэрлэж байсан бөгөөд хожим түүнээ хятад үндэстнүүд хэмээн засаж бичсэн байна. 20 зууны эхэнд одоогийн Лү овогтны гацаанд нэгэн эцэг өвгөдийн онгон шүтээн болох сүм байгуулжээ. Тэгээд тэд Бэй Фин Фү Рен Их сургуулийн профессор Лу Кай Дяог урьж авчран шүтээн дээрээ “Монголчуудын зан заншил” хэмээх дөрвөн үгийг уйгур бичмэлээр бичүүлжээ. Гэтэл зарим нэгэн хүмүүс гай гамшиг авчрах нь хэмээн маш их айж, энэ дөрвөн үгийг засч бичсэн байдаг. 1964 онд хоёр дахь удаагаа бүх ард түмний тооллого явуулахад олонхи Лү овогтнууд өөрсдийгөө монгол үндэстэн хэмээн бөглөн бичиж байсан байна. Гэхдээ эрх мэдэл бүхий цөөн тооны хөгшчүүлийн ятгалгаар түүнээ дараа нь хятад үндэстэн хэмээн засаж бичжээ. Хэрвээ тухайн үеийн хүн амын тооллогын дансыг эргүүлэн харах юм бол монгол гэсэн үгийг хятад хэмээн залруулан бичсэнийг тодорхой харж болно. Өөрийнхөө үндэс угсааг сэргээх бол Лү овогт монголчуудын олон зуун жил сэтгэлийн гүндээ хадгалж байсан сайхан мөрөөдөл юм. Хубэй мужийн Хунху суманд одоогоор 2700 гаруй монголчууд амьдарч байна. Эдгээрийн олонх нь Хунху сумын Сяшинхө гэдэг газарт амьдардаг. Гэхдээ үүнд Бээжин, Үхань, Хунань зэрэг газар шилжин суусан монголчуудыг оруулаагүй болно.

Тайлбар
1. Аригбөх үхсэн үү, эсвэл оргосон уу. Энэ бол монголын түүх судлаачдын өмнө тулгарч байгаа хамгийн шинэ сэдэв болж байна. “Түүхийн товчоон”-оос гадна Монголын түүхийн тухай бусад материалуудад Аригбөхийн насан эцэслэсэн эсэхийг тодорхой бус тэмдэглэсэн байдаг. Иймд үүнийг цаашид улам гүн гүнзгий судлах зайлшгүй хэрэгтэй юм. Гэхдээ Лү овогтнуудын түүхэн тойм нь Аригбөхийг баруун зүгт зугтан одсон гэдгийг баталж байна. Түүнчлэн түүний шарил нь одоог хүртэл хадгалагдаж байгаа нь бас нэгэн нотолгоо болох юм. Аригбөхийг Хубилайгаас нууцаар оргон одсоны дараа тэр үед Хубилай хаан Аригбөхийг баруун зүг рүү оргон одсон тухайд удтал мэдээгүй бөгөөд зөвхөн түүнийг нэгэн зэлүүд газар нуугдаж байгаа хэмээн таамаглаж байсан. Ийм ч учраас баруун зүгийн Ил хааны улс болон Монгол нутаг руу Аригбөхийг өвчний улмаас үхсэн хэмээх хуурамч мэдээллийг хүргэсэн байна. Энэ бол Хубилай хаан Аригбөхийг амьд байгааг түүнийг дэмжигчидын сонорт хүргэхгүй нуухын улмаас ингэсэн болов уу. Хубилай хаан монгол нутагт болон хятадад байсан монголчуудаас бүхнийг нуун далдалж байв. Иймд Хубилай хаантай олон жил хаан ширээний төлөө тэмцэлдсэн Аригбөхийн талаар монгол, хятад хэл дээрх монголын түүхэн материалуудад нарийн тодорхой дурдаагүй байдаг нь аргагүй юм. Хамгийн сүүлд Хубэй мужид амьдарч байгаа монголчуудын ам дамжсан түүхэн яриа, бичгээр үлдсэн материалууд дээрх тэмдэглэгээ, мөн монголын түүхэн материалууд болон “Түүхийн хураангуй”-д буй тэмдэглээнүүд нь зөвхөн хэлбэр байдлын хувьд ялгаа байгаа болохоос агуулгын хувьд үнэндээ ялгаа байхгүй юм.

2. Аригбөхийн хүүг И ноёнтон хэмээн нэрийдсэн учир. Лу овогт монголчууд Аригбөхийн хүү Юбугурын/Аригбөхийн их хатан Ойрд аймгийн Илчикмышээс гарсан хүү/ монгол нэрийг нь товчлон И хэмээн хүндэтгэн нэрлэж байсан байна. Юан гүрний түүхэнд Аригбөхийн хүүг Юмухур, “Түүхийн товчоон”-д Юбугур, Юмхур гэж нэрийдсэн байдаг. Хятад хэлнээс орчуулбаас Юмухур гэдэг. Юан гүрний түүхэнд түүнийг ван цолтон хэмээн өргөмжилсэн байгаа. Гэхдээ түүнийг Хубилайн төр барьж байх үед эрх мэдэл бүхий албан тушаалтай байсан уу гэдгийг мэдэхийн арга байхгүй. Түүхийн материалд тэмдэглэснээр түүний монгол нэр нь Юбугур, эсвэл Юмухур байж магадгүй. Иймд тэрбээр хятад үндэстний амьдарч буй нутагт зугтаж очсоны дараагаар овог нэрээ өөрчлөхдөө монгол нэрийн эхний дуудлагыг үлдээгээд товчоор И хэмээн өөрчилсөн бололтой.

Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх эл өгүүлэлд дурдагдсан баримтууд нь бидэнд Аригбөхийн үхлийн талаар, тухайлбал бүх сурвалж бичигт дурдсанаар түүнийг 1266 онд Хубилайн хорио цагдалт дор өвчнөөр нас барсан уу, эсвэл дээрх өгүүллийн өгүүлэхээр харьяат шадар дотнын хүмүүсээ дагуулан Хубилайн цагдалтаас оргон дутаасан уу гэсэн ацан асуулт, ихээхэн эргэлзээтэй байдлыг төрүүлж байна. Аригбөхийн ур удмын талаар сурвалж бичигт хэрхэн өгүүлсэнийг нягтлан үзэх нь дээрх ээдрээтэй байдлыг тодруулахад бага ч болов дөхөм болох болов уу.

Аригбөхийн удам угсаа
Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүллийн баримтуудыг нягтлан “Судрын чуулган” болон “Юан - ши”-д Аригбөхийн удам угсааны талаар өгүүлсэнийг сөхөн үеье. Эдгээр сурвалжуудад бичсэнээр Аригбөх нь хэд хэдэн хатад, хүүхдүүдтэй байжээ. Төв Монголын нутагт түүний дөрвөн орд өргөө байсан хийгээд Хубилай Хархоринг эзлэхдээ тэдгээрийг олзолсон. Мөн Алтай, Киргизэд түүний зун болон өвлийн орд өргөөд нь байсан байна.
Аригбөхийг Юбугур, Найраг–бөх, Лаган-Шигань гэсэн гурван хүүтэй байсан хэмээн Юань-шид тэмдэглэжээ.

Харин Аригбөхийн хатад хүүхдүүдийн талаар “Судрын чуулган”-д нэлээн дэлгэрэнгүй дурдсан байна. Түүнд өгүүлсэнээр Аригбөхийн Их хатан Илчикмыш ойрад аймгийн хүн байв. Аригбөх Хубилайтай тэмцэхдээ ойрдуудын хүчинд ихээхэн түшиглэж байсан билээ. Илчикмышээс хүү Юбугур болон, хоёр охин төрсний том нь Халукан-агай. Түүнийг Баявут омгийн Татакта хүргэнд өгчээ. Энэ Халукан нь Некудер нэрт Мелик-Төмөрийг төрүүлжээ.
Хоёр дахь хатан Хутагт нь найман аймгийн Кучукур Клана овгийн хүн байсан ба Сорхагтани бехитэй хамт түүний өргөөнд амьдарч Камтай гэдэг охин төрүүлснийг нөхөрт гаргаагүй. Нумуган нэрт нөгөө охин нь ойрад аймгийн Чупан хүргэнд очжээ.
Гуравдугаар хатан Кутлу нь хонгирад аймгийн хүн байсан ба мөн Сорхагтани бехитэй хамт амьдарч байжээ. Тэрбээр хүү төрүүлээгүй аж.
Аригбөх дээрх гурван хатнаас гадна хэд хэдэн татвар эмтэй байв. Барулас аймгийн Ирау–гуа нэрт татвар эм нь Хубилайгаас Иранд Хөлөг хааны дэргэд элчээр очсон Хаданы охин дүү бөгөөд тэр эм Найраг-Бөх нэрт хүү төрүүлжээ.
Мөн нэг татвар эм байсан нь Хонгирад аймгийн Ашитай гэгч бөгөөд Тамачи нэрт хөвүүний нь эх юм.
Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдоо Юбугур, Меликтөмөр, Найраг-Бөх, Тамачи дөрвөн хөвүүнээ гэртээ үлдээгээд бүх эхнэрүүдээ дагуулж явжээ.
Аригбөхийг нас барсны дараа түүний хатад, татвар эмс нь гэр гэртээ харьцгаав. Гурван жил болсны дараа Хубилай хаан “Аригбөхийн хөвүүд хүрэлцэн ирж нүдийг минь баясгагтун” гэж зарлиг болжээ.
Зарлигийн дагуу Аригбөхийн хүүхдүүд болох Юбугур, Мелик-Төмөр, Найраг-Бөх, Тамачи нар Хубилай авга ахдаа очин ёслол хүндэтгэл үзүүлсэнд Хубилай тэдэнд ихэд найршаан хандаж хариу хүндэтгэл үзүүлэн тэдэнд хатад болон ихээхэн бэлэг өгчээ.
Үүнд Хубилай хаан Асутайн хатан Есүдэрийн их өргөөг Юбугурт өгчээ. Юбугур Есүдэр хатныг авч гурван жил хамт амьдрахад Есүдэр хүүхэд төрүүлэлгүй байсаар бие баржээ. Юбугур Есүдэр хатны удмын нэг хатанг дахин буулган Хулачу, Олджай-Төмөр гэдэг хоёр хүүтэй болов. Олджай –Төмөр нь хожим Ил хаан Өлзийтийн дэргэд Иранд очжээ.
Юбугурын ахмад хүү нь түүний Их хатан Харнууд аймгийн Чапан хатнаас гарсан Ил-Бөх нэрт байв.
Юбугур нь мөн Найман аймгийн Кушлуг хааны ахын охин Огул-Текин хатнаас гарсан Урла нэрт хүүтэй. Урла нь Сүлдүсүн аймгийн Чапун ноёны охин Байкуг хатан болгон авч, Мелик –Төмөрийн дэргэд амьдарч байжээ.
Юбугурт мөн Хонгирад аймгийн Баян нэрт нэгэн хатан байсан нь түүний өвөг Тулуйн татвар эм байжээ.
Хубилай хаан Аригбөхийн хүү Меликтөмөрт Лингкум хэмээх хатныг өгсөн байна. Энэхүү Лингкум нь Кишлуг хааны охин юм. Ухаалаг, авьяаслаг хан хүү Хутагт бол энэ Лингкумын хүү юм. Мелик-Төмөр мөн Лингкум хатнаас Келмиш –ага, Ширин –ага гэсэн хоёр охинтой. Лингкум хатныг нас барахад Мелик-Төмөр Жалайрын Таран ноёны охин Гилтэй хатныг их хатны өргөөндөө буулган авчээ. Энэхүү хатнаас хүүхэд гарсангүй тул Дурбан аймгийн ахлах ноён Ширекийн охин Бураг мөн хатнаа болгон авч хоёр хүү төрүүлсэн нь Ойратай, Махмуд хоёр юм.
Мелик-Төмөр мөн Ойрдийн Барс Бөхийн охин Эмүгэн хэмээх хатантай байсан ба энэ хатнаас нь Мингхан, Ачигиг, Есөн-Дува, Баритай хэмээх дөрвөн хүү төржээ. Эдний дундаас Есөн-Дува нь эцгийн голомтийг залгаж, Дундад Азид нэлээн нэр нөлөөтэй нэгэн байсан байна.
Меликтөмөр бас Туглуг –Олджай нэрт бас нэгэн татвар эмтэй байжээ.
Хубилай хаан Аригбөхийн Их хатан Илчигмышийн өргөө эзэмшлийг хүү Найрагбөхөд нь өгчээ. Найрагбөх нь эцгийгээ нас барахад ихэд гутран амиа хорлохыг завсан боловч түүнд боломж өгсөнгүй. Байнгын хараа хяналтан дор байлгажээ. Гэвч Найрагбөх удалгүй уй гашуугаасаа болж нас баржээ. Түүнийг нас барахад Илчигмыш хатны өргөө нь Ашигтай нэрт охинд нь үлдэж удалгүй Меликтөмөрийн эзэмшилд орсон байна.
Энэхүү Найраг бөх нь Хурбаг, Бачани, Самгар, Баян-Өвгөн, Ур-Төмөр нэрт таван хүүтэй байв. Эхний дөрөв нь Хубилай хааны их хатан Хонгирадын Чапуны үеэл болох Ашитай хатнаас нь гарсан ба Ур-Төмөр нь олхонуд аймгийн Учин-Экачи хатнаас нь гарчээ.
Аригбөхийн бага хүү Тамачид Хубилай Хутагт хатны орд өргөөг өгчээ. Хутагтийг нас барахад Найманаас Ер-Текин хэмээх бүсгүйг хатан болгож Баян, Дурбан хэмээх хоёр хүүтэй болсон байна.
Хожим Хубилай хаан Хайдугийн эсрэг тэмцэхдээ Их цэргийг хүү Номхон, Хөхчү нараар удирдуулан, Хантун ноёноор захируулсан зүүн жигүүрт хэд хэдэн хан хөвүүдийг цэргийнх нь хамт оруулсаны дотор Аригбөхийн хөвүүд Юбугур, Мелик-Төмөр нар явжээ. Гэвч тэд Өгөөдэйн удмын Ширеки, Сүйхтэйн хүү Тугтөмөр, Ургадай нартай үгсэн Номхон, Хөхчү болон Хантун ноён нарыг гэнэдүүлэн баривчилж, Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн юм. Аригбөхийн дээрх хоёр хүү нь XIII-XIY зууны зааг үед Дундад Азид өрнөсөн хан хөвүүдийн хоорондын жижиг сажиг мөргөлдөөн, зөрчилдөөнд нэн идэвхтэй оролцож байсан байна. Хожим Юбугур нь Хайдугаас салж эцгийн нэгэн адил хатад эхнэрүүдээ аван Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгчээ.
Энэхүү Юбугур нь Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх эл өгүүлэлд дурдагдсан И ноёнтон мөн бөгөөд “Судрын чуулган”, “Юан-ши”-гийн мэдээ сэлттэй зөрж байна. Дээрх өгүүлэлд дурдсанаар Юбугур нь эцгээ даган 1265-1266 оны үед Хубилайн дэргэдээс, гэрийн хорионоос оргон зугтааж, Хубэй, Хөнань мужийг дамжин Хугань мужид очиж суурьшаад нууцаар амьдарч байсан бололтой байдаг.
Гэтэл “Судрын чуулган”-д дурдсанаар Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдаа Юбугурыг бусад ах дүүсийнх нь хамт ойрдод үлдээгээд хатад эхнэрүүдээ авч явжээ. Аригбөхийг нас барсанаас хойш гурав дахь жилд Хубилай Аригбөхийн хүүхдүүд ирж золгохыг хүссэн /зарлигдсан/-д Юбугур ах дүүсийн хамт очсон байна. Тэгэхэд Хубилай тэдэнд ивгээл хайр үзүүлж, шан харамж өгчээ. Үүнд Юбугурт Асутайн хатан Есүдэрийн их өргөөг өгчээ. Энэхүү Есүдэрийн өргөө гэр нь Мөнх хаанаас Алтан Улсын хуучин нутаг дэвсгэрээс дахин хувиарлалт хийхэд хүү Асутайд ноогдсон Хэбэй мужийн хэсэг газарт байсан уу, үгүй юу гэдгийн нягтлан тодруулах шаардлагатай юм. Нөгөө талаар Юбугур нь Хайдугийн эсрэг явуулсан Хубилайн цэрэг армид өөрийн баг цэргийн хамт явсан төдийгүй эгзэгтэй үед Өгөөдэйн удмын хан хөвүүдтэй үгсэн Хубилайн хүү Номхон болон бусад жанжидыг баривчлан Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн байна. Гэвч хожим Хайдугаас салж дахин Хубилайд бууж өгчээ. Харин ийнхүү хоёр дахь удаагаа бууж өгсөний дараа Хубилай Юбугурт хэрхэн хандсан талаар мэдээ сэлт алга байна.
Сэнгэрэнцэн нарын өгүүлэлд дурдагдсан Лү овогт Монголчуудын Хубилайгаас оргон дутаасан явдал нь Юбугур сүүлд Хайдугаас салан бууж өгсөний дараа болсон ч байж болох юм. Учир нь Хубилайгаас зугтаасан Аригбөхийн удмынхан тухайн үедээ Хубилайд мэдэгдэлгүй өөрсдийгөө нууцалж чадсан байсан тул тэр үед Юбугур Хайдугийн эсрэг дайнд оролцох боломжгүй байсан гэж үзэж байна. Нөгөө талаар Аригбөхийг өөрийн хүмүүсээ аван дутаасан гэдэг ч ихээхэн эргэлзээтэй, Лү овогт монголчууд өөрийн удмыг Аригбөхөөс эхлүүлж байгаа нь удмынхаа бичиг сурвалжид түүнийг дээрх зугтан зайлсан явдлын эхэнд дурдахын шалтгаан болсон ч байж болох юм.
Тэгэхээр үйл явдлын өрнөлтийг энэ мэтчилэнгээр харьцуулан үзэхэд Лү овогт монголчууд нь Аригбөхийн үед бус, харин түүний хүү Юбугур Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгөхөөр очсоны хойно энэхүү Хубилайн цагдалтаас буруулан дутаасан явдал болсон байж болох магадлал нь илүү байна.
Мөн Юбугурын хүү Ил бөх нь Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүлэлд дурдагдаж буй И ноёнтны хүү Лү Рүн Фү мөн эсэхийг тодруулах хэрэгтэй байна. Ийм ээдрээтэй адал явдлын учгыг тайлахад нэлээн урт хугацааны эрэл хайгуул хэрэгтэй болов уу.
Ийнхүү Аригбөхийг оргосон уу, нас барсан уу гэдгийн учгыг тайлах нь манай түүхийн нэн шинэ сэдвийн нэг аргагүй мөн болжээ.

Saturday, March 1, 2008

Угталт

... Угтагсад зүтгэсээр нэгэн хадархаг намхан гүвээн дээр гарахад тоос манан боссон уудам хөндий нүдний нь өмнө цэлийв. Хүмүүс шуугилдаж, элсний нүүдэл мэт нэгэн хэмээр хөдөлж байсан бяцхан нүүдлийн цуваа гүвээний орой дээр бөөгнөрөн зог тусав. Гүвээний налуу бэлээр намар цагийн хатаж гандсан сул цагаан өвсний толгой хүрэнтэн шуранхайлна. Сорхагтани Бехийн сэтгэл хөөрч хүүгээ харвал өдөржингийн уйтгартай аялалд ядарч залхсан хөвүүн нь үхэгт тэрэгний дээд хөндөл модыг сугаараа тэгнээд нэгэн хэмээр чихран дуугарах тэрэгний зөөлөн явдалд бүүвэйлэгдсээр тухтай нь аргагүй унтжээ. Зүс үзээгүй аавдаа хэмээн эртнээс л бэлдэн шөрмөсөн шидмэсээр хэлхэж холбосон азарган чонын хос шагай божгор бор гараас нь мултран тэрэгний тавцан дээр унасан байв. Сорхагтани Бехи шагайг авч хүүгийнхээ баривчны энгэрт хийгээд өнөөх хөндийн зүг хараачиллаа. Энд тэндгүй хэсэг бүлгээрээ морьтон эрс давхилдан, тэрэг, ачаа, адуу мал багшрана. Гэтэл хэдэн өдрийн туршид цувааны хойно өмнө орон шувуу, туулай үргээж явсан арваад насны хэдэн зүггүй хөвүүд тэсэлгүй морины жолоог сул шидэн, ташуур гозолзуулан орилолдсоор хөндийн зүг чавхдуулчихав. Цувааг ахалж яваа шингэн сөрвөгөр сахалтай Хорчийн хашгичхыг ч сонссонгүй. Хорчийг ташуур гозолзуулан зангахад цувааг хамгаалж явсан сумч цэргүүдээс хэд нь тэдний хойноос морио давиран дэргүүллээ. Өөр цагтсан бол Хорчи тийн үг сүггүй зүггүйтсэн хөвүүдийг ойлсон даага сарвууг хураахын адилаар тас шавхуурдан хөөж ирээд гөрмөл ташуурын ормыг шөрмөслөг хонгон дээр нь гайгүй сайн үлдээж өгөхсөн билээ. Гэвч энэ удаад Хорчийн нар салхинд онгосон хатингар хөх царай нь ууч сэтгэлээр гийжээ.

Бараг жарны өмнө Найманы цуут жанжин Хөгсүү Сабрагийн туг, сүлдийг энэхүү уудам хөндийд хийсгэж сартуул, хашин, хиргис хийгээд хар хятадын цөсийг цалгиаж, сүрийг бадруулж явсан өвгөн найман Хачирийн сөхөгдөхийг аль хэдийнээс больсон шалхагар зовхийг нэгэн сумч цэрэг эвэр ялтсаар тэвхдэн сойж өгөхөд өтөл хониных шиг өргөн цэхэр хүрээ татсан улаан нүдний гөлгөр харц нь амь орон чичирхийлэв. Төдөлгүй өвгөний хацар нүүрний арьс татвалзан, дарвагар улаан ам нь өмөлзөөд эхлэв. Хэмчигийн газраас их цэрэг эргэсэн сураг сонссон анхны өдөр л өвгөн найман өдрийн газраас тэмээнд ачуулан Хорчийн хотыг зорин очиж, ялсан цэргийн тоосыг үнэрлэхсэн гэсэн билээ. Хорчи ч түүнийг сараар үргэлжлэх аянд авч явахаас төвөгшөөгөөгүй юм.
Сорхагтани Бэхи унтаж буй хүүгийнхээ ил гарсан хүзүүг даахиных нь үзүүрийг боосон сурны үзүүрээр гижгэдэн сэрээлээ....

..... Цэргийн аяны хуарангийн төвд их гал ноцоожээ. Хуурай бургас цочмог омогтойгоор их дөл гарган шатаж, тас нясхийн очис хаялах нь намрын шөнийн өндөр хийгээд тунгалаг тэнгэрт гялалзах од мичдийн зүгт үсчинэ. Угтагсад ирсэн тул хань ижил, ахан дүүс, эцэг үрс золголдон хуаран хөлтэй, шуугиантай байлаа. Тэгээд ч маргааш өглөө ургах нарнаар угтагсдад зориулсан наадам эхлэх учиртай. Гагцхүү дүгэрэглүүлэн буудалласан хуарангийн төвд байх Их хааны цачир орчимд хөл татруу, хэвтүүлүүдээс өөр хүн үгүй. Цачирын үүднээ залсан дөрвөн хөлт догшин Их хар сүлдний ялгуун илд, онги хийгээд мөнгөн царны хүрээ их галын гэрэлд улбалзана. Гэтэл нэгэн хөвүүн тэвэрч, богтого малгай бүхий залуухан хатан дагуулсан идэрхэн эр түүдэг асаасан талбайг хөндлөн огтлон хааны цачирын зүг ирэхэд хэвтүүлүүд түүнд өчүүхэн ч хориг эс тавих нь Тулуй ажээ. Цачирын төвд тэргүүлэгч цэцэгсийн дүрст дэнгийн дор догшин барсын улаан өнгөт хатгамал бүхий зэс зэвэн унжлагат олбогон дээр нөмгөн сууж байсан их хаан тэднийг хараад алжаан унжсан зовхи нь баяслаар тэнийж, хар хурмаш сиймхийн луут дээлийн асгарсан сул хормойг сэгсрэн тэгшлэв. Их хаан отгон бэр, ач хоёртойгоо наран шингэхийн өмнө уулзан золгосон ч тийн үдшээр ганцаар бүхийд эрийн хамт дахин ирсэнд ихэд баярлажээ.

.... Тэрээр хөвүүний өтгөн хар даахинаас адис аваад удаан ажиглав. Тэгээд
- Бэлгүтэйн багыг хар нүдний өмнө харагдуулав. Хөвүүн лав Бэлгүтэйн адил барилдахад бядтай, ачилдахад адтай болох буй. Ариг усан мэт цэгээн тунгалаг харцтай юм. Харцанд сэтгэлийн чанар буй. Ийм хүн номын буяныг лавтай танина. Иймд хөвүүнийг Аригбөх хэмээсүгэй гэлээ.
Тулуй сэтгэл хангалуун мишилзэхэд Сорхагтани Бехи уруул хөдөлгөн “Аригбөх, Аригбөх” хэмээн хэдэнтээ давтав.