За нэг өөрийгөө рекламдчихая. Ер хийсэн юмгүй л хүний ажил л даа, энэ бол. Ялангуяа сүүлийн үед ер албаны ажилд түүртээд блогтоо юм ч оруулж чадахгүй, шинээр нэг ч юм бичиж, нэмж чадахгүй явна. Тэгээд энд тэнд дэмий ярьсан яриагаараа л ээлж өнгөрөөх нь дээ. "Цаг төр" сэтгүүлд 25 асуулт хариулт гэдэг булан байдаг юм байна. Дашрамд уг сэтгүүл тун дажгүй сэтгүүл санагдсан шүү. Хэдэн дугаарыг нь уншсаны дараа ийм бодолтой болсон.
Харин энэ асуулт хариулт бол ямар нэгэн хэмжээгээр миний дотоод ертөнцийн хэлтэрхий учраас хувийн блогтоо орууллаа. Зөвөөр ойлгоно биз ээ.
“Цаг төр” сэтгүүлийн 25 асуулт
Ургийн овог:
Жалайр.
Овог нэр:
Баасангийн Номинчимэд
Төрсөн газар:
Говь-Алтай аймгийн Халиун сум, Халиун голын хөвөөнд
Багын мөрөөдөл:
Оддын дунд аялах
Ажил, бүтээл:
Сэтгүүлч, МОНЦАМЭ агентлагийн дэд захирал. Бүтээлийн хувьд ганцхан ном хэвлүүлсэн “Хувьгүй хаан Аригбөх”, түүхийн сэдэвтэй.
Бахархал:
Монгол түмнийхээ ер бусын эрч хүчтэй, баатарлаг түүхээрээ. Бидний өвөг дээдэс чинь бүтэн гурван зууны турш дэлхийн бодлогыг тодорхойлж байсан юм шүү дээ. Өөр ямар ч үндэстэн ингэж чадаагүй. Цагтаа бид чинь өнөөдрийн Америкаас хэд дахин илүү хүчтэй явжээ. Энэ бол бидний бахархал, бөс хөгжлийн ой санамж, уриа дуудлага ч болох учиртай.
Төрийн болон төр засгийн ямар тодорхой бодлого, төслийн үр дүнг та хамгийн түрүүнд мэдэхийг хүсч байна вэ, яагаад?
Монгол орны хөгжлийн нэг гол тулгуур болсон уул уурхайн талаар, ялангуяа гацаанд орчихоод байгаа стратегийн томоохон ордуудын талаарх төр засгийн бодлого, үйл ажиллагааны үр дүнг л харахыг хүсч байна. Нөгөөтэйгүүр үүнийг ч, мөн Монгол үндэстний сэргэн мандах үзэл санааг багтаасан маш тодорхой хөгжлийн үзэл баримтлал бидэнд их үгүйлэгдээд байна уу даа.
Биширдэг түүхэн хувь хүн?
Чингис хаан. Монгол хүн бүрд өөр өөрийн гэсэн Чингис хаан байдаг байх. Миний Чингис хаан бол миний оюуны эрлийн, итгэл үнэмшлийн, эрмэлзэл, хүслийн цогц дүр. Би түүнийг амьдаас амьд гэдгийг нь ямагт мэдэрч байдаг. Тэр хаа сайгүй оршин байдаг.
Уншсан номнуудаасаа гурвыг магтвал...?
Гуравханыг уу? Алийг нь тэр гэх юм бэ? Харин хамгийн сүүлд уншсанаас нь гэвэл болж байна. “The World is flat”, “Мамлюк”, “Дөлгөөн Дон”. Энд ялимгүй тайлбар хийчихье. Яг одоо манай нэг ТВ-ээр “Дөлгөөн Дон” кино гарч байна лээ. Түүний ганцхан ангийг үзсэн чинь хуучин их дотно танилуудтайгаа уулзаж буй мэт санагдаад, тэгээд нөгөө киноныхоо бүх ангийг нь үзэж амжихгүй болохоороо номыг нь шүүрч аваад уншчихсан гэж байгаа. Ер нь бол “Дөлгөөн Дон”-ыг гуравдахиа уншиж байна. Аль ч хуудсыг нь нээсэн тэгээд л живээд орчих юм даа.
Та багадаа хэн болохыг хүсдэг байсан бэ?
Энэ ч насны онцлогоос болоод тэр юм уу, янз бүр байсан даа. 7 хүртлээ ер нь үзүүртэй модноос дээхнүүр, үүлтэй тэнгэрээс доохнуур нисдэг морьтой Эрийн сайн Хан харангуй л болно гэдэг байж, хэ хэ. Дараа нь 10-аад насанд шууд л Атос /”Шадар гурван цэрэг” романы/ шиг эр болно гэдэг байсан. 15 орчим насанд бол Павель Корчагин шиг болно гээд л... Харин одоо бол яг өөр шиг ээ л байхыг хүсч байна. Ингэхээр ер нь ханш нь ямагт уруудаж иржээ дээ.
Өөрийнхөө юунд нь дургүй вэ?
Үүнийг надад дургүй хүмүүс л хамгийн үнэнээр нь хэлж өгөх байх даа. Харин яг одоо бол би өөрийнхөө аливааг хүлээн зөвшөөрөмтгий, найр тавимтгай, буулт хийдэг, хүлцэнгүй зандаа л их дургүй хүрчихээд сууж байна.
Та юугаараа бусдаас онцгой санагддаг вэ?
Өө, мэдэхгүй. Бас энэ хүлцэнгүй маань ч онцгой нь байж магад...
Өөрийнхөө ямар амжилтаар бахархдаг вэ?
Бахархаад байхаар юм ч алга дөө. Эргээд бодохоор ямар их боломжийг дэмий ганхаж өнгөрөөгөө вэ л гэж халагламаар. Үүнийг л амжилт гэхгүй юм бол... Аа, тийм, нэг амжилт бий. Хувь заяаны эрхээр би их олон ажил хийж үзсэн. Хоньчин, ногоочин, ачаа ачигч, төмөрчин, мужаан, дархан, аяга угаагч, цэвэрлэгч, барилгачин, шалчин, тогооч, асрагч, жолооч, хэвлэлийн төлөөлөгч, сурвалжлагч, редактор, одоо болсон болоогүй даргыг нь хийгээд явж байна. Нөгөө Толь Гэндэн толгой Шийрав гэдэг шиг л... Энэ олон ажил хийсэн маань бас нэг төрлийн амжилт байж магадгүй юм.
Алжаалаа яаж хамгийн сайн тайлдаг вэ?
Унтах л хамгийн сайн арга, надад бол. Мөн хүүхдүүдтэйгээ наадаж тоглох, бас заримдаа ууланд гарч, тэнгэрийн хаяа харж, өвсний үзүүрт салхины исгэрэхийг сонсон, үс минь хийсэхийг мэдрэхэд алжаал тайлагдаад ч байх шиг байдаг юм.
Ямар дуу дуулах дуртай вэ?
Санаанд орсоноо л байнга гоншигнож байдаг юм ш тээ. Солгой хоолойтой хүн дуулах дуртай гэдэг үнэн байх. Ер нь “Дүүриймаа”-г дуулахаар нэг л өөр байдаг юм, жингүйтээд л, нулимс мэлтрээд л.... Харамсалтай нь энэ дууныхаа ганцхан л бадгийг мэднэ.
Амьдралд сургамжтай үг хэлээч?
“Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” Яг одоо энэ дууг аялаад сууж байна.
Чармайлт гэж юу вэ?
Харин юу юм бол. Эрмэлзэл, зүтгэл, тэмүүлэл, мэтгүүлэл, хичээл, амбийц гээд л, энэ бүгд өөр хоорондоо ялгаатай л байдаг байх.
Хоёр дахь оршин суух газраа сонго гэвэл...?
Америк. Энэ оронд би бараг 6 жил амьдарчихсан болохоор байгал, цаг агаар, найрсаг түмэнд нь дасчихжээ. Би ер нь их дасамхай хүн байна шүү. Гэхдээ надад бол ганцхан Монгол л хаваасаг дөө.
Өөрийгөө хэн нэгэнтэй нэг сар соль гэвэл...?
20 жилийн өмнө бол хайрлаж дурлаж байсан охидынхоо нэгийг хэлэх байсан. Одоо бол хэнтэй ч солихгүй ээ. Яагаад гэвэл өдий хүртлээ би хэнээр ч орлуулашгүй тусгаар ангид бодьгал болоод цутгагдаж, бүтээгдэж ирж, одоо гүйцэд урлагдсан байна. Харин зүгээр сахилгагүйтэх гэвэл эхнэрээ ч юм уу, эсвэл Ерөнхийлөгчөөр....
Таны хамгийн сайн хийж чадах хоол?
Жинхэнэ таана амтагдсан, хар хөлс асгуулсан гурилтай шөл хийж чадна. Яг лам нарын манз цавын жороор шүү.
Хэзээ хийсэн ямар наймаанд сэтгэл тань хангалуун байдаг вэ?
Хэ хэ, би хэзээ ч бүтэлтэй наймаа хийж үзээгүй.
Алгасалгүй үзмээр нэвтрүүлэг...
ТВ нэг их үзээд байдаггүй болохоор ямрыг нь сайн гэж хэлж мэдэхгүй байна. Харин саяхан оросын “Зөн билгийн тулаан”-ыг нэг суугаад үзчихсэн, дахиж гарвал үзчихмээр санагдсан шүү. Аль ТВ-ээр нь гарч байлаа даа.
Зохиолч, яруу найрагчдын ухаарал харласан шүлэг бүтээлээс алийг нь санаж явдаг вэ?
Автобусанд, үйлчилгээний газар, авто зам дээр гээд бараг алхам тутамдаа монголчууд бид чинь бие биенээ хайрлах нь бүү хэл өчүүхэн ч хүндлэхгүй, ер золбин нохойноос ч дор үзэж, харьцаж байгааг харж, сэтгэл их эмзэглэж явна. Бид чинь ямар их сөрөг хар энерги хуримтлуулаа вэ.
Тиймдээ ч тэр юм уу О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүсээ” гэдэг шүлэг сүүлийн үед санаанд их орж ирээд байх болжээ. Бас энэ их найрагчийн “Тэнгэр шиг бай” гэсэн мөр хүнд хэцүү үед ямагт санаанд орж ирж байдаг юм.
Та ямар нэг юмнаас залхаж байна уу, тийм бол юунаас...?
Назгай залхуугаасаа л залхаж байна даа.
Хүмүүс таны талаар юу гэж ярьдаг бол?
Мэдэхгүй, лав л хөөрхөн гэж ярьдаггүй байх. Заримдаа нээрээ тэд юу ярьцгаадаг бол гэсэн сонирхол төрж байдаг ч мэдэх боломж хомс юм. Тэгээд ч миний хувьд бусдын юу гэхийг сонсохоос илүүгээр би чинь юу хийчихвээ, энэ сайн болов уу, эсвэл муу юу гэх мэтээр өөрийнхөө хэмжүүр, цэгнүүрээр өөрийгөө цэгнэж, хянах нь илүү давамгайлж байх шиг байдаг юм. .
Хов жив гэдэг бол хэзээд сэтгэлийн өргөс болсон хорон бөгөөд туйлширсан байдаг шүү дээ. Хүмүүс хэн нэгний талаар ямагт л гажсан, нэг бол хэтрүүлж үнэлсэн, эсвэл дутуудуулсан өрөөсгөл дүгнэлттэй байх нь элбэг. Тэгээд ч хүн гэдэг чинь их сонин, олон талтай маш нууцлаг ертөнц.
Таалдаг жүжигчин...?
Олондөө. Гаднаас бол мэдээж Чарли Чаплин хамгийн түрүүнд санаанд орж ирж байна. Тэр чинь зүгээр нэг алиа марзан хүн биш, агуу их ертөнц байсан. Бас Мил Гибсон, Ричард Гир энэ тэр гээд л... Манайхнаас бол Цагааны Цэгмид, Цэвээнжав, Гэндэн, нөгөө Улаанмалгайт, Гүен баатарт тоглодог чинь хэн хэн билээ. Бас өвөр Монголын Чингис хааныг бүтээсэн Баасан гуай.
Харин сүүлийн үед Хятадын нэг жүжигчин их таалагдаад байгаа. Нэр нь алга аа. Нөгөө “Муза” кинонд монголын Хөхтөмөр жанжины дүрийг бүтээсэн.
Уран бүтээлийн ямар тоглолтыг мөнгө гамналгүй үзэх вэ?
Таалагдвал рок поп, жааз, сонгодог, ардын гээд ямрыг нь ч үзнэ шүү дээ. Бритни, Силен Дионы концерт таарвал үнэ хайрлахгүй үзэж л орхидог. Нэг жижигхээн нууц хэлчихэд “Бөгжний эзэн эргэж ирсэн нь” киног бараг 50 удаа үзсэн. Тэр кинонд нэг л нууц байгаад байгаа юм.
Мөрөөдлийн тань машин?
Цаг хугацааны машин... Аан, унадаг машины хувьд гэвэл бензин бага идчихдэг, хүч, хурд сайтай, аюулгүй л бол ямар нь ч яах вэ. Гэхдээ Тоёотогоос Хонда нь илүү ч юм шиг санагддаг.
Хэн нэгнийг шагнах бол ямар үндэслэлээр хэнийг шагнах вэ?
Надад хэдэн хүний лимит өгөх юм. Түүнийг нь харж байгаад л болно доо. Хэрвээ ганцханыг өгнө гэвэл өнөөдөр Монголын нийгэмд эвлэрлийн, ойлголцлын, хүлцэлийн урь салхийг авчирч байгаа Ерөнхий сайд С.Баярыг хэлмээр байна.
Гадаадын хүнд эх орныхоо сайхны тухай хамгийн товчоор яаж ойлгуулах вэ?
Энэ миний эх орон.