Ерөнхийлөгчийн сонгууль – алдаа оноо, сургамж
Бид шинэ Ерөнхийлөгчтэй боллоо.
Бид анхны ардчилсан сонгуулийг 1992 онд өгсөнөөс хойш өдгөөг хүртэл Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн гэсэн орон даяар хамарсан 15 том сонгууль, орон нутгийн чанартай буюу нөхөн сонгуулийг мөн тооны орчим, нийтдээ 30 орчим сонгууль хийжээ. Сонгууль явуулж, өгч, сонгож, сонгогдож сурах цаг уг нь болсон баймаар... Гэвч эргэж бодох, эргэцүүлэх хэлж ярих зүйл нэг бус байна.
Нэг: Сонгуулийн сурталчилгаа – оюуны хэрцгийлэл болов
ТВ-ээр АН-ын сурталчилгаа “Сэрэмжлүүлэг” нэртэй явж байна. “ХУ намынхан юу ч хийж мэдэх нь, ийм аймаар луйвар хийхээр бэлтгэж байна, СЭРЭМЖЛЭГТҮН” гээд л... Гэтэл шууд залгаад МАХН-ын сурталчилгаа үргэлжлэнэ. Мөн “Сэрэмжлүүлэг” нэртэй. Өмнөхтэйгээ яг адилхан агуулгатай “Энэ АН-ынхан маш муухай луйвар хийхээр бэлтгэжээ. Тухайлбал:” гээд баахан баримт тоочиж “СЭРЭМЖЛЭГТҮН” хэмээн бас л сүртэй данхийлгэнэ. Бурхан минь, алинд нь итгэх юм бэ. Хоёулаа луйвардаад, гүтгээд ч байгаа юм шиг. Аль аль нь шударга царай гаргаж байгаад араас хутга шаах гээд ч байгаа юм шиг.
Улс төрийн сонгуулийн сурталчилгаа нь асар хүчтэй мэдээлэл, давтамжаасаа хамааран нийт ард иргэдийн оюун санаанд шууд хүрч, бүрэн нөлөөлж чадахуйц үр дагавартай байдаг. Нэр дэвшиж буй улс төрчид нь сонгогч ард иргэдийн хувьд ямар нэгэн хэмжээгээр үлгэрлэн дагах хүн болдогоороо нийгмийн сэтгэл зүйд ч гоц нөлөөтэй. Тиймээс сонгуулийн сурталчилгааг зөвхөн өрсөлдөгчөө унагаахын тулд бус мөн нийгмийн сэтгэл зүйд зөв ойлголт, хандлага өгөх, гэгээрүүлэх, танин мэдүүлэх агуулгатай хийх учиртай юм. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад улс төрийн сонгууль яг л ийм зарчмаар явдаг билээ.
Гэтэл манайд шал эсрэг байх юм. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид, сонгуулийн штабуудаас өрсөлдөгчдийнхөө эсрэг хийсэн хар пиар, гүтгэлэг доромжлол нь урьдын сонгуулиудаасаа огтхон ч ялгарсангүй, адаг сүүлдээ бүр арчаагаа алдан, тодорхой нотлох баримтгүйгээр луйвардсан, идсэн, гэмт хэрэг хийсэн, тэр ч бүү хэл гарал үүсэл, үндэс угсаагаар нь доромжлох хандлага хүртэл гарлаа. Хэрвээ мэдээллийн бүх хэрэгслээр богино давтамжтай явуулж буй тэдгээр сурталчилгаанд итгэх юм бол нэр дэвшигчид аль аль нь адгийн шаарууд болж таарна. Бид хамгийн адгийн шаарыгаа сонгож буй хэрэг болно.
Шулуухан хэлэхэд сонгуулийн энэ эрээ цээргүй сурталчилгаа бүхэн нь оюуны хэрцгий түрэмгийлэл болон ард түмэнд бууж байлаа. Үр дүн нь нийгмийн сэтгэлзүйд асар хор хохиролтой юм. Эргэн тойронд, ерөнхийлөгчөөсөө авхуулаад, үлгэр жишээ болох улс төрчдөөсөө эхлээд бүгдээрээ адгийн шаарнууд, хулгайчууд, худалчууд болж, нийгмийн эгэл жирийн гишүүдийн дунд яс хаясан, нэг нэгнээ хардсан, доош нь хийсэн тийм уур амьсгалыг тэтгэн тэжээж, хүч өгч байна. Эцсийн үр дүн нь хүн хүндээ чоно болсон нийгмийн эх сурвалжийг бий болгож байна. Нийгмийг, ард иргэдийг учир утгагүйгээр талцуулан, хажуугаасаа дайсан эрэхэд хүргэж байна. Тэгчихээд дараа нь шударга, хүнлэг ёс ярьж, түүнийг хэрэгжүүлнэ гэвэл нөгөөх сонгуулийн солиорлоор тархиа угаалгасан ард түмэн чинь хэр зэрэг хүлээн авч, тийм бузар сэтгэлгээнд хордсон тэдний дунд хэр зэрэг үр дүнтэй хэрэгжих бол. Ерөөс шударга, хүнлэг ёсыг хөгжүүлэхгүйгээр, тэтгэн дэлгэрүүлэхгүйгээр нийгэм хөгжинө гэж юу байхав дээ, ямар ч боломжгүй юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Ардчилсан намаас өрсөлдсөн Хиллари, Обама хоёрын өрсөлдөөн ид оргил үедээ явж байхад Хилларийн сонгуулийн штабын нэг нөлөө бүхий зүтгэлтэн Обамаг гарал үүслээр нь ялгаварласан аястай үг алдчихсан нь америкийн нийгэмд багагүй дургүйцэл төрүүлсэн юм. Хилларийн нэр хүнд ч тодорхой хэмжээгээр буурсан. Харин тэрээр богино хугацаанд энэ алдааг засч, сонгогчдоосоо уучлал эрэн, уг асуудал үүсгэсэн хүнээ сонгуулианхаа штабаас гаргаснаа зарлаж байсан билээ. Харин манайд бүр шал эсрэг байх юм. Харин ч тийм болчимгүй зүйл хийсэн хүнээ нэр дэвшигчийн Штабынхан урамшуулж, дэмжиж ч байх шиг. Нийтээрээ суучихээд гөрдөж ч байх шиг.
Америкийн ардчиллыг бид их ярьдаг ч түүнээс авах ёстой зүйлээ авахгүй, харин авмааргүй зүйлсийг нь хамгийн түрүүнд экспорлоод байх юм даа.
Сонгуулийн хуулинд төдийгүй Эрүүгийн хуулинд хүнийг гүтгэх, доромжлохыг хориглосон заалтууд хангалттай бий. Сая сонгуулийн дараа АН-ын дарга Н.Алтанхуяг “Сонгуулийн үеэр болсон эрээ цээргүй явдлуудыг холбогдох байгууллагууд шалгаж шийдэх байх” гэсэн нь зөв бөгөөд үүнийг нэг яриад орхих биш, гүйцээх ёстой энэ сонгуулиас эхлэн бид огт өөр жишиг тогтоохгүй бол болохгүй болжээ.
Хоёр: Ялж, ялагдаж сурах нь
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн санал будлиантууллаа гэсэн элдэв маргаан, мэтгээн одоогоор гараагүй байгаа нь нэг талаас аль аль тал нэг нэгнээ дээд хэмжээгээр хардсан хардлагын үр дүн болов уу.
Н.Энхбаяр ялагдлаа хүлээн зөвшөөрсөн нь ялж, ялагдаж сурахын үлгэр болов. Ер нь МАХН-ынхан ялагдсан ч чулуу бариад улайраад дайраад байсан түүх үгүй. Өнгөрсөн 7 сарын нэгний явдал бол шударга ёсны төлөөх ардчилсан тэмцэл биш, өнөөдөр чинь 1917 он биш, аль хэдийнэ 100 жил өнгөрсөн, 1990 он ч биш, нээлттэй ардчилсан нийгмийн бүтээн байгуулж буйгаа мартаж болохгүй. Бид ертөнцөөс тасарч харанхуйлсан Африкийн хоцрогдсон орон ч биш. Харамсалтай нь улс төрчдийн энэ арчаагүйдлийн золиос болж олон хүн хэлмэгдэж, амь насаа хүртэл алдсан. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч П.Очирбат ялагдсаны дараахь үүрээр АН-ын нэг идэвхтэн гишүүн МАХН-ын төв байрны үүдний шилэн хаалгыг давхраар нь чулуугаар хага цохиж байсан нь угаасаа хандлагынх нь илрэл, 7 сарын нэгний дохио байсан юм. Хэрвээ Элбэгдорж ийм багахан хувийн саналаар ялагдсан бол хоёрдахь 7 сарын нэгэн давтагдахгүй гэсэн баталгаа бага байсан хэмээн зарим нэгэн ажиглагч ярьж буй нь бас ч эргэж бодууштай үг.
Цаашид аль аль тал нь ялж ч, ялагдаж ч сурах хэрэгтэй байна. Ялагдсан нь ялагдлаа хүлээн зөвшөөрч чаддаг, хэрвээ шударга бус явдал, будлиан гарсан бол тэдгээрийг баримтжуулан хуулийн дагуу шийдүүлдэг байх хэрэгтэй.
Хэдийгээр 7 сарын нэгний үйл явдлын шалтгааныг сонгууль будлиантай болсон гэдгээр ярьж буй ч одоо болтол нэг ч хүн сонгууль будлиантуулсан хэргээр шүүхэд дуудагдаагүй байна. Үнэхээр МАХН шүүх засаглалыг худалдаж авчихаад энэ асуудлыг шийдүүлэхгүй, тээг саад болоод байгаа бол одоо Ц.Элбэгдоржид үүнийг өөрчлөх бүрэн боломж нь нээгдсэн тул 7 сарын нэгний асуудлын хар цагааныг яаралтай шийдвэрлүүлж, 2008 оны УИХ-ын сонгуулийг будлиантуулсан нөхдүүдийг шударга шүүхийн өмнө дуудах хэрэгтэй. Энэ л жинхэнэ ардчилал болохоос биш чулуу барьж дайрдаг нь онх өөр юм билээ. Ялсан нь ч мөрийтэй тоглоомд ялсан хүн шиг аашлахгүй байх хэрэгтэй.
Урьд өмнөх Ерөнхийлөгчдийн сонгуультай харьцуулахад энэ удаагийн сонгуульд өрсөлдөгчдийн санал нэн ойрхон байлаа. Ц.Элбэгдорж 51.24, Н.Энхбаяр 47. 44 хувь.
Элбэгдорж сайндаа энэ сонгуульд ялсангүй. Энхбаяр муу байсан учраас л яллаа гэвэл үнэнд илүү ойртох байх. Яг үнэндээ энэ сонгууль нь сонголт муутай сонгууль болсон бөгөөд 2000 онд намаа удирдан УИХ-д 72 суудал авсан үнэмлэхүй ялалт байгуулж байсан Н.Энхбаяр 50 хувь хүрэхгүй санал авсан нь түүний сүүлийн хэдэн жилийн ажлын үр дүн, олон түмний дунд бий болсон бухимдлын үр дүн юм. Олон сонгогч Н.Энхбаярын булхиатай үйлдэлд дургүйцсэндээ, түүнээс салахын түүс болсондоо, энэ шударга бус байдлыг өөрчлөхийн тулд аргагүйн эрхэнд Ц.Элбэгдоржийн төлөө санал өгсөн тухай ярьж байсан.
Удирдагч хүн зөвхөн ажил хийхдээ биш, олон түмнийхээ оюун санааны итгэл үнэмшил, түшиг тулгуур нь болж явдаг бөгөөд Н.Энхбаяр аль хэдийнэ тийм чанараа алдсаны илрэл болж байна.
Хэрвээ Элбэгдоржоос өөр хүн нэр дэвшсэн бол Н.Энхбаяр нэлээд олон хувиар ялагдаж ч болохоор байв.
Туйлшрах, ардчиллыг өмчлөх хандлага байсаар байгаа нь нэн эмгэнэлтэй байна. Сонгуулийн саналын урьдчилсан дүн гарч, Ц.Элбэгдорж ялах нь тодорхой болсоны дараа 5 сарын 25-ны өглөө 7 цагийн орчимд манай ардчиллын алтан харайцайнуудын нэг жүжигчин Сосорбарам “Энэ бол хүмүүсийн ялалт, хүн сүргүүдийн ялагдал боллоо” гэсэн үгийг ТВ-ээр хэлсэн нь шулуухан хэлэхэд зүгээр л солиорол юм. Н.Энхбаярын төлөө саналаа өгсөн 47.44 хувь буюу монголын ..... мянган иргэд хүн сүрэг болох нь ээ. За, Сосорбарамын дэмий үгийг үг гээд ч яахав. Гэтэл Ерөнхийлөгчөөр сонгогдож буй хүн өөрөө ийм хариуцлагагүй үг хэлж боломгүй.
“Ц.Элбэгдорж яллаа, Монголд ардчилал яллаа” гэсэн мессеж их явж буй нь инээдэмтэй төөрөгдөл. Угаасаа өнөөдөр Монголд ардчиллын эсрэг зохион байгуулалттай хүчин байхгүй ба арга барил, үзэл бодлын зөрөөтэй бүхнээ дайсан болгон хардаг энэ нялхын зан Монголд ардчилал хөгжөөд 20 жил болж байхад арилаагүй амь бөхтэй байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. 5 сарын 25-нд Сүхбаатарын талбайд болсон цуглаан дээр Ц.Элдэгборжийн хэлсэн үгэнд мөн л ардчиллыг өмчилсөн, бодит байдлыг шударгаар харж, үнэлж чадаагүй байдал маш тодорхой илэрсэн юм. Тухайлбал “... Монголын ард түмэн яллаа. Монголын ардчилал яллаа. Шударга ёс яллаа. Монголчууд шударга ёсны төлөө сонголт хийлээ. Монголчууд эрх эрх чөлөөнийхөө төлөө сонголт хийлээ. Монголчууд эдлэх ёстой, эзэмших ёстой эд баялгийнхаа төлөө сонголт хийлээ. Монголчууд сайн сайхан амьдралынхаа төлөө сонголт хийлээ” гэжээ. Энэ үгийн шууд логик нь Ц.Элбэгдоржийн эсрэг санал өгсөн /47.44 хувь/ бүхэн Ардчилал, шударга ёсны эсрэг санал өгсөн гэж ойлгогдоно. Сонгогчдын бараг тал нь шүү дээ. Тэднийхээ сонголтыг хүндэтгэх ухаан дутагдаж байна. Ард түмнээ үзэл бодлоор нь ялгаварлаж буй гэж шууд ойлгогдохоор байна.
Өнөөдөр ямар нэгэн коммунист дектатурын хий үзэгдлийн тухай ярьж, олны толгойг эргүүлэх нь төөрөгдлийг хөөрөгдсөн, хөгжилд саадтай явдал болно. Ялангуяа монголын ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болох учиртай Ерөнхийлөгчид нэр дэвшин ялж буй хүний амнаас ийм үг гарч байгаа нь бүр ч харамсалтай.
Ц.Элбэгдоржийн хэлсэн үгтэй АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Барак Обамагийн хэлсэн үгийг харьцуулан харьяа. Сэтгэлгээний ямархан ялгааг байгаа нь харагдана.
“ Хүндэт иргэдээ, Би өнөөдөр та бүхний өмнө өвөг дээдсийнхээ амь биеэ зориулсан гэгээн үйлсийг дурсан санаж, та бүхнээс надад хайрласан төгс итгэлд гүнээ талархаж, өмнөө тулгараад буй үүрэг хариуцлагаа ухааран зогсож байна.
Ерөнхийлөгч Бушид эх орныхоо төлөө хийсэн хөдөлмөр, зүтгэл мөн түүнчлэн засаг захиргааны шилжилтийн үед бидэнтэй харамгүй сэтгэлээр хамтран ажилласан явдалд тань талархал илэрхийлье.
.... Өнөөдөр бид айдас бус итгэл найдвар, зөрчилдөөн биш нэгдмэл зорилгыг сонгосноороо энд цуглажээ. Өнөөдөр бид хэдэн биесээ хөөрөгдөж, аль эсвэл чичлэх байдал, худал амлалт, хэрэггүй гомрохлоор дүүрсэн улс төрд цэг тавихаар энд цугларсан...” Энэ бол Б.Обамагийн үг. Ингэж сэтгэж, ингэж бодож байж ард түмнийхээ итгэлийг хүлээдэгч, даадаг ч байна.
Ц.Элбэгдорж 50 хувийн босгыг ганцхан хувиар давсан гэдгээ сайтар санаж, үг хэлээ бодолтой хэлж байх хэрэгтэй юм. Одоо 1990-ээд оны үеийн партизан маягын сэтгэлгээ үеэ өнгөрөөсөн. Өөр үзэл бодолтой хүмүүсийг шууд ялгаварлан, дайсагнадаг необольшевик маягийн ийм сэтгэлгээнээсээ салахгүйгээр ард түмнийхээ үлдсэн 50 хувийн дэмжлэгийг авахад амаргүй гэдгийг шинээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж болон түүний энэ хийрхүү бодлыг хөөрөгдөж суудаг нөхдүүд хатуу ойлгох хэрэгтэй юм. Эцсийн эцэст олон түмний итгэл даахад нэр төр, хүнд хөдөлмөрөөс гадна цараатай сэтгэлгээ, төвч голч ухаан нэн чухал.
Ц.Элбэгдоржийн эсрэг санал өгсөн 47.44 хувь өнөөдөр бүгдээр түүний эсрэг зогсоод, жадлан эсэргүүцээд байхгүй нь ойлгомжтой. Элбэгээг зөв шударга зүйл хийвэл бүгдээр талархан дэмжихэд бэлхэн, бурууг хийвэл харамсан халагдахад ч бэлхэн байгаа. Юуны түрүүнд өнөөдрийн МАХН олонхи нь байгаа УИХ, Засгийн газартайгаа эв зохистой харьцаж хамтран ажиллах асуудал хамгийн чухал зүйл юм. Ерөнхий сайд С.Баярын барьж буй хамтран ажиллах зарчим бол хямралаас гарахын ч, хөгжилд хөтлөхийн ч нэн чухал өгөгдхүүн. АН-ын дарга, Засгийн газрын тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягыг С.Баяртай хамтран ажиллах гэрээ байгуулсныг нь буруутгаж Ц.Элбэгдорж хэрхэн хэлж, аашилж байсан нь хэдхэн сарын өмнөх явдал. Ард түмэн түүнийг амархан мартана, харин өөрийнх нь барьж буй зарчим, араншин нь энэ хугацаанд өөрчлөгдөө болов уу, үгүй болов уу гэдгийг мэдэхгүй байна. 1998 онд эдийн засагт эрсхэн зоримог шинэчлэл хийж эхэлсэн М.Энхсайханы засгийн газрын унагасан шигээ С.Баярын Засгийн газрыг унагана хэмээн улайрахгүй байх гэж найдаж байна.
Ц.Элбэгдорж өмнөд хойд хоёр хөрштэйгээ хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн нь сайны илрэл бөгөөд хоёр хөрш маань өмнөх туршлагадаа мань хүнд талгүй байсан, түүний илрэл нь В.Путин сонгуулийн өдрийн өмнөхөн ирж, Н.Энхбаярыг “Олон улсын хэмжээнд нэр хүндтэй удирдагч” хэмээн ил тод хэлчихээд явсан явдал юм. Хоёр хөршөөсөө салаад нүүгээд явчихаж чадахгүйгээс хойш бид хэл амаа ололцож, хамтрахаас өөр замгүй.
Ардчилсан намын хувьд хичээж ажиллах цаг аргагүй ирсэн. 1996 онд ард түмэн Ардчилсан хүчинд итгэж УИХ-д олонхи болгосон боловч дотоод зөрчил, ялангуяа эдийн засаг, санхүүгийнхээ сонирхолд идэгдсээр ард түмнийхээ итгэлийг богино хугацаанд алдан 2000 онд навсайтлаа ялагдсан гашуун түүхийг давтахгүй байх гэж найдаж байна. Ардчилсан Намд маш олон чадалтай, шинэлэг сэтгэлгээтэй залуус бий. Партизан маягын хоцрогдсон сэтгэлгээтэй, санхүүгийн улайрсан сонирхолтой хэсгүүдээсээ аажмаар салж, жинхэнэ орчин үеийн эрүүл, шударга Ардчилсан намыг цогцлоон босгох хэрэгтэй байх. Өнөөгийн Монголын олхиогоо алдсан улс төрийг эрүүлжүүлэх хамгийн зөв эм бол яах аргагүй улс төрийн намуудын зөв төлөвшил, шинэчлэл билээ.
Гурав: МАХН-д шинэчлэлийн салхи жинхэнэ ёсоор эхлэх үү?
1996 оноос хойш завсаргүйгээр МАХН-ын толгойд байсан Н.Энхбаяр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь зөвхөн нэр дэвшигчийн төдийгүй энэ намын хувьд том сануулга боллоо. 1996 оны ялагдлынхаа дараагаар МАХН-д шинэчлэл хүчтэй өрнөж, Н.Энхбаяр ч шинэчлэлийг түүчээлсэн билээ. Харамсалтай нь тэр шинэлэл богино настай байсан юм. 2000 оноос хойш, ялангуяа 2004 оноос хойш МАХН-д шинэчлэлийн тухай яриа өрнөж, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Элсний 13”, “Онц Их хурлын төлөөх хөдөлгөөн” зэрэг олон фракциуд тус намын шинэчлэлийн асуудлыг олон талаас нь хөндөж байсан ч ер олигтой үр дүнд хүрээгүй байсаар байна. Харин өнөөдөр Н.Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь “Сохорсон биш завшив” гэгчээр МАХН-ын дутуу алагдсан могой шиг байсан намын шинэчлэл эрчимжих нөхцлийг бий болгох болов уу гэж ихээхэн найдаж байна. Аливаа намын оршин тогтнох үндэс нь юуны түрүүнд зөв итгэл үнэмшил, үзэл санааг бий болгож байдаг бодлого, арга барил, энэхүү бодлогыг хэрэгжүүлэх чадварлаг, шударга боловсон хүчин, адаг сүүлд нь санхүүгийн асуудал байж ирсэн. Харин манай намуудын хувьд хэт прагматик хандаж, асуудлыг тонгоронгоор нь буюу санхүүгийн асуудлыг тэргүүнд нь гарган тавьж орхисноор олон гай зовлон нүүрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл санхүүгийн олигархуудыг дэмжиж, намыг тэдний нөлөөнд гүн оруулсан юм. Н.Энхбаяр 2002 оны 2 сард Найрамдал зусланд сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр яг ийм бодлого баримталж буйгаа маш тодорхой хэлж байсан билээ. Намаас хол байсан томоохон бизнесменүүд намд олноороо орж буйд тайлбар хүссэн сэтгүүлчийн асуултанд тэрээр “Гэрээ засаад төрөө зас гэдэг. Санхүүгийн хувь бусдаас хараат бус байдалд хүрсэн хүмүүс гэдэг бол гэрээ засаж чадсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг бид дэмжиж байгаа” хэмээн хариулж байсан. Энэ үг нь нэг талаар үнэн ч нөгөө талаар манай гэрээ зассан хүмүүс тэр бүр төрөө засах хэмжээнд бэлтгэгдсэн, итгэл үнэмшил, хат суусан байсан гэдэг нь эргэлзээтэйн дээр манай шинэ баячуулын олонхи нь шударга бус өрсөлдөөний явцад гарч ирсэнийг мартах аргагүй юм. Энэ бүхний үр дүн өнөөдөр нам нам гэж хийрхсэн юмны учир олдоггүй хийрхүү залуус, намаар дамжин үнэт капитал болох улс төрийн эрх мэдэлд улайрсан хүмүүс намын дотоод амьдралыг тодорхойлоход оролцох болж, улмаар намын боловсон хүчний бодлогыг дампууруулахад хүргэсэн билээ. Энэ нь цаашлаад намын нэрээр тавигдсан шат шатны албан тушаалтнуудын дүр төрх болж, авилгалыг гааруулан, олон түмний дунд авилгалын “Загалмайлсан эцэг” гэгдэх хэмжээнд очиход хүргэсэн байна. Дүнгээ ч саяны сонгуулиар шударгаар тавиуллаа.
Чухам намын шинэчлэлийн амин сүнс нь зөв шударга зарчим, дотоод ардчилал.
Тэрхүү зөв шударга зарчмыг удирдагч, лидер хүмүүс үйл хэрэг, хувийн имджээрээ бүрдүүлдэг.
Өнөөдөр МАХН-ын гацаад байсан шинэчлэл жинхэн ёсоор эхэлж, сүүлийн жилүүдэд явж ирсэн замаа бодитойгоор эргэж харах болов уу.
Б.Номинчимэд