Thursday, May 10, 2012

1500 тэрбумыг бэлнээр тараажээ. Чухам юуны тулд вэ? Үр дүн нь юу байв?

Уул уурхайгаас өнгөрсөн гурван жилд 1.5 их наяд буюу 1500 тэрбум /1 500 000 000 000/ төгрөгийг “Хүний хөгжлийн сан”-д татан төвлөрүүлсэн буюу нийгмийн халамжид зарцуулсан хэмээн Эрчим хүчний сайд Д.Зоригт энэ өдрүүдэд Улаанбаатарт болж буй “Mining Mongolia-90” чуулга уулзалтын индэр дээрээс бахархалтайгаар мэдэгдэж буйг ТВ-ээр харлаа. Энэ бага тоо биш. Үнэхээр ч бахархаж, бардамнамаар их тоо. Багцаагаар Улаанбаатараас Ховд ортол төмөр зам тавих, Сайншандад нүүрс боловсруулах үйлдвэр босгох, эсвэл манай орны жилийн нийт хэрэглээний 40 хүртэл хувийг хангах дунд зэргийн хүчин чадалтай хүрэн нүүрснээс шатахуун боловсруулах үйлдвэр барих хэмжээний хөрөнгө аж. Өнөөдөр Улаанбаатарын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын ачаалал хэрээс хэтэрч, нийслэлийн хэмжээнд нэг анги 46 хүүхэдтэй байгаа гэсэн мэдээлэл бий. Ийнхүү нэг ангид хэт олон хүүхэдтэй байгаа нь хөгжлийн гол түүчээ салбар болсон Боловсролын салбарт шинэчлэл хийх боломжийг бараг байхгүй болгочихож буй хэрэг юм. Олон Улсын стандартаар нэг анги 20 хүүхэдтэй байна гэвэл ядаж нийслэлд 200 гаруй ЕБДС шинээр барих шаардлагатай гэсэн мэргэжилтний хэлсэн үг байна. Дээрх 1.5 их наядаар нийслэл хотод нэн шаардлагатай байгаа 200 сургуулиас гадна, 175  цэцэрлэг барих боломж байгаа ажээ. Бас 100 айлын орон сууцны 33 мянга орчмыг нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, инженерийн бүтэц, үйлчилгээтэй иж бүрнээр нь барьж босгох хөрөнгө. Энэ нь Улаанбаатар хотын утааны гол голомт болж байгаа Дэнжийн 1000, Телевиз, Дарь Эх, 100 айл орчимыг бүрэн орон сууцжуулах боломж юм.

Энэ их хэмжээний мөнгө дээр дурдсан бүтээн босголтуудтай эн зэрэгцэх хэрэгтэй, ач холбогдолтой зүйлдээ зарцуулагдсан уу? Бүтээн байгуулалтын ийм их боломжийг хойш нь тавьж тарааж өгсөн энэ их мөнгө тэр хэмжээнийхээ үр дүнтэй байж чадсан уу? Монгол Улсын иргэн хэн ч тэр энэ асуултыг тавих эрхтэй болно.
Гол нь гурван жилд энэ их хэмжээний мөнгийг тарааснаар ядуурал буурсан уу? Ер Өнгөрсөн оны сүүлээр 38.7 хувьтай байсан ядуурлын түвшин хагас жил хүрэхгүй хугацаанд буюу 2012 оны 4 сард бүтэн 9 пунктээр бууж, 29.8 хувьд хүрэхэд үнэхээр нөлөөлсөн үү? (Энд ядуурлын түвшинг тооцдог аргачлалаа шинэчилснээс ядуурлын түвшин буурсан мэт харагдаж буй гэдэг тайлбар хийдэг.) 

Ядуурлыг бууруулах зорилго байгаагүй, харин амь зогоох төдийд болон ард түмний бухимдлыг дарах, саналыг нь худалдаж авах зорилгоор л өгч байсан гэвэл илүү үнэнд нийцнэ. Яагаад гэвэл амь зогоох төдий бэлэн мөнгө тарааснаар ядуурал буурдаг үзэгдэл гэж ямар ч улс орны туршлагад байгаагүй, байх ч үгүй. Нэг иргэн сар тутам 21 мянган төгрөг авснаар ядуурлаас гарчихна гэвэл энэ ёстой үлгэр болно. 21 мянга нь амьдралын наад захын хэрэгцээнд ч хүрэлцэх мөнгө биш.
Харамсалтай нь манай маш олон иргэд, айл өрх энэ 21 мянгаар амиа торгоож, амжиргаандаа нэмэрлэж байна. 21 000-ийг тараах өдөр болоход Хадгаламж банкны үүдэнд хэдэн зуугаараа хэд нугларсан дараалал үүсгэн зогсож буй иргэдийг хотын аль ч захын дүүргүүдээс харж болно. Сардаа юутай ч гурил, будааныхаа мөнгийг хугаслаад байх боломжтой. Захын гэр хорооллын дэлгүүрээс гурил, будаа, 9-ын тосыг граммаар худалдан авдаг явдаг маш түгээмэл. Чухам Үндэсний статистикийн газар ч, элдвийн судалгаа хийдэг судалгааны байгууллагууд ч манай нийт иргэдийн хэдэн хувь нь 21 000 төгрөгөөр амиа зогоож буйг нарийвчлан тогтоосон нь үгүй. Мэдээж хэрэг үүнийг тодорхой болгох сонирхол Засгийн газарт байхгүй.

Гэвч өөр судалгаанаас харж болно. Үндэсний статистикийн хорооноос энэ оны 4 сард гаргасан мэдээллээр "Хүний хөгжил" сангаас 2012 оны эхний улиралд 2.5 сая  иргэн 21.0 мян.төгрөгөө БЭЛНЭЭР авсан аж. Бэлнээр авч буй энэ үзэгдэл нь нэгийг өгүүлнэ. Өөрөөр хэлбэл Монголын 2.8 сая иргэдийн 2.5 сая орчим нь буюу 89 гаруй хувь нь сар тутамд 21 мянгагүйгээр амьдрахад хүнд хэцүү, энэ хишиг мөнгө ахуйн өдөр тутмын хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай байжээ гэсэн үг.  Энэ нь манай өнөөгийн нийгмийн амьдралын чанар, ядуурлын түвшинг илтгэж буй хамгийн тод жишээ болно.
Цаана нь үлдэж буй 300 мянга орчим иргэд буюу 10 гаруй хувьд энэ 21 мянгыг авах шаардлагагүй, эсвэл зүгээр л Төрийн минь хишиг хэмээн авч буй.
Эндээс манай хүн амын 10 гаруй хувь нь сар тутамд 21 мянгагүйгээр амьдрах боломжтой хангалуун болон хэт хангалуун амьдралтай, 89 хувь нь 21 мянгагүйгээр амьдрах боломж муутай гэсэн хоёр бүтэц байгаа нь харагдана. Энэ хоёр дахь хэсгийн хувьд нэн ядуу нь 29.8 хувь, харин нэн ядуугийн ирмэг руу гулсахад ойрхон, арай ядан тэсэж буй 60 орчим хувь. Тэднийг дундаж давхарга гэж хэлэх аргагүй. Дундчуул зөвхөн үлдсэн 10 гаруйхан хувийн дотор буюу нийт хүн амын 8 орчим хувьд бий. Нэн цөөнх буюу 2 орчим хувь нь хэт баян.
Манай эмч, багш нараас эхлээд олон иргэд өөрсдийгөө дундаж давхаргынх гэж ойлгож явдаг нь харагддаг. Тэд байртай, бас машинтай, тэр ч бүү хэл зарим нь хашааны 0.7 га газартай. Өдөртөө ресторанд биш юм аа гэхэд цайны газарт хооллочихдог, зээл тавиад 36 инчийн ТВ аваад гэртээ тавьчихсан. Гэвч энэ бол амьдралын чанараараа дундаж давхаргад хамаарах үзүүлэлт биш юм. Ажилгүй гурван сар болоход, аваарт ороод гурван сая төгрөгөөр эмчилгээ хийлгэхэд барьц алдан сандарна. Тиймээс тэд ядуурлын ирмэг дээр буйгаа ямагт мэдэрч, айдастай, бухимдалтай амьдарч байдаг. Өөрөөр хэлбэл амралтаа аваад дэлхийгээр биш юм аа гэхэд монголынхоо үзэсгэлэнт газруудаар гэр бүлээрээ нэг сар аялах, сарынхаа орлогын 60 хувиар амьдраад 40 хувиа нөөцлөх боломжгүй “дундаж давхарга”. Ийм дундаж давхарга гэж байдаггүй. Үүн дээр иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 55 хувиар өссөн мэдээлэл ч байна.

ЗТХБЯамнаас гаргасан мэдээнд Улаанбаатар хотод ойролцоогоор 210 000 айл өрхийн амьдралын түвшин ядуу буурай байгаа аж. Энэ 210 000 айл өрхөд нийслэлийн нийт хүн амын 80 орчим хувь нь аж төрдөг аж. Энэ үзүүлэлтээр бол нийслэлийн иргэдийн 80 орчим хувийн аж амьдралын түвшин ядуу буурай болох нь. 21 мянгатай холбоотой гарч ирсэн 89 хувьтай ойролцоо тоо харагдаж байна.

Тэгэхээр 1500 тэрбум төгрөг тарааснаар ядуурал буурсангүй. Харин хүн амын тодорхой хувь болох нэн ядуу 30 орчим хувийнханыг амь зогоох төдийд нь тусалсан. 60 орчим хувийнх нь амьдралд бага зэрэг нэмэр болсон. Бас энэхүү 1500 тэрбумын чухам хэд нь архи болон асгарч, хичнээн хүний эрүүл мэндийг хохироож, хичнээн хэрүүл, гэмт хэрэг үүтгэснийг ч бас яг таг хэлэх аргагүй. Ажилгүй, амь зогоох төдий хишигтэй, өөртөө болон маргаашдаа итгэх итгэл байхгүй иргэдийн дунд архидалт илүү түгээмэл байдаг. Говь-Алтайн хязгаарын суманд 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг нэг ангийн нөхөр маань 21 мянга тавьсаны дараа л орлого нэлээд өсдөг юм хэмээн ярьж байна. Архангай аймгийн Хайрхан сумаас ирсэн дэлгүүрийн эзэн дээрх яриаг давтаж байна.
Үүнийг монголын 333 суманд болон Улаанбаатар хотын захын хорооллуудад 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг хэн бүхэн батална. Нийслэлийн цагдаагийн газраас 21 мянга болон оюутнуудын 70 мянгыг тараах үед эрүүлжүүлэх байруудын ачаалал дийлдэхээ больдог тухай мэдээлж байсан. Энэ нь манай олигархиудын мэдэлд байдаг Архины үйлдвэрүүдэд мэдээж хэрэг ашигтай...

Ийнхүү асар их бүтээн байгуулалт, хөгжлийн томоохон хөтөлбөр, хэдэн арван мянган ажлын байр бий болгох хэмжээний мөнгийг бэлнээр тараасан нь хэр зэрэг оновчтой бодлого байсан бэ? Гэнэтхэн энэ амь зогоох тэтгэлгийг зогсоовол яах вэ, цаашид яаж гол зогоох болж байна вэ? Өнөөх бараг хүн болгоны ярьдаг болсон “Амь зогоох загас өгөх биш, загас барих арга зааж өгөх” асуудал хаачив?
Ядуурлыг бууруулах зорилгогүй байсан юм бол яах гэж энэ их мөнгийг бэлнээр нь тараасан юм бэ? Зөвхөн амь зогоох төдийд үү? Амьдрах чадваргүй, өрсөлдөх чадамжгүй, ажиллаж, хөдөлмөрлөх дур сонирхолгүй зөвхөн төрийн өгөх хишгийг горьдож харсан бүхэл бүтэн давхарга бий болбол яах вэ? (Түрүүчээсээ нэгэнт бий болчихоод байна) Ард иргэдээ ийм идэвхгүй, хишиг горьдсон гуйлгачин байлгах хүсэл сонирхол яагаад бий болов? Энэ санамсаргүй алдаа юу, санаатай бодлого уу?
Хятадын Их цагаан хэрмээр сэлэм далайн давсан хүчирхэг Манжуудыг хятад хүчээр дараагүй, яг өнөөдөр монголын нийгэмд болж буй шиг халамжаар л дарж авсан, гэхдээ бүр уг үндсээр нь устган мөхөөж чадсан билээ. Манж хүн ажил хийх шаардлагагүйгээр барахгүй манж хүн бүр сар тутам их хэмжээний цалин пүнлүү авдаг байжээ. Бүх ажлыг хятадууд хийнэ. Үр дүн нь хүчирхэг дайнч манжууд хэдхэн үеийн дараа амьдрах, өрсөлдөх чадваргүй үндэстэн болон хувирч өөрсдөө мөхөл рүүгээ мөлхөж очсон байна. Өнөөдөр манж гэдэг улс түүхээс нэгэнт арчигджээ. Хааяа энд тэнд өөрсдийгөө манж хүн гэсэн хятадууд таарах нь бий. Энэ жишгээр Гадаадын эдийн засгийн асуурчидтай нийлсэн, тэдний гар хөл болсон Олигархиудын төр Монголын ард түмнийг номхон хүлцэнгүй, сэтгэн бодох, тэмцэн эрэлхийлэх чадваргүй болгон боолчлох гэсэн бодлого харагдаад байгаа юм биш байгаа гэсэн ноцтой хардлага нийгмийн дунд түгээмэл болж байгааг буруутгах аргагүй юм. Ийм хардлагыг бий болгох хөрс, бодит байдал нэгэнт ил тодорхой харагдах боллоо.

Яагаад гэвэл одоо дахиад л амлаад эхэллээ. Тэдний 2008 онд амалж байсан олон сайхан амлалтаас нь зөвхөн 1.5 саяыг нь санаад бусдыг нь ард түмэн таг мартчихсан бололтой. Дөрвөн жилийн өмнө их ч олон сайхан юм амлаж байсан. Бид амлалтад, ялангуяа бэлэн мөнгөний, үлгэрийн юм шиг амлалтад итгэх хэрээрээ өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйг улам бүр харанхуй будангуй болгож байна.

Баян, ядуугийн ялгаа улам холдож байгаа тухай улам их ярих боллоо. Яаж хэрхэн холдож байгааг зарим нэгхэн баримтаар өгүүлэе. 2009 онд манай арилжааны банкуудад байрлах иргэдийн нийт хадгаламж 2.8 их наяд буюу 2800 тэрбум төгрөг байжээ. Үүнийг нийт хүн амдаа хуваавал нэг сартай нялхаас эхлээд наян настан хүртэл банкиндаа 1 000 000 гаруй төгрөгийн бэлэн мөнгөний хадгаламжтай, тэр бүр энэ хадгаламждаа хүрээд байдаггүй, бусад орлогоороо амьдралаа болгоод явдаг, хадгаламж нь хүүгээрээ үржээд байж байсан гэсэн үг юм. Монголчуудыг хэн ядуу гэх юм. 5 ам бүлтэй манайх гэхэд дансанд 5 сая төгрөгийн хадгаламж зүгээр л хэвтэж байдаг байна. Гэтэл бодит байдал дээр ийм байсан уу гэвэл үгүй. Энэ их хадгаламжийн 98 хувь нь нийт хүн амын дөнгөж 2 хүрэхгүй хувьд ногдож байжээ. Өөрөөр хэлбэл 2009 онд 2.7 сая орчим иргэдэд 56 орчим тэрбум төгрөг ногдож тэд дансандаа дунжаар дөнгөж 22 400 орчим төгрөгийн хадгаламжтай байсан бол нийт хүн амын 2 хувь буюу 55 000 орчим иргэдэд 2744 тэрбум төгрөг буюу нэг бүрд нь 490 000 000 орчим төгрөг ногдож байжээ. 2.7 сая гаруй иргэн дансандаа 22 400 төгрөгтэй = 56 000 иргэн дансандаа 490 000 000. Тун “давгүй” харьцаа.
Өнөөдөр арилжааны банкин дахь иргэдийн нийт хадгаламжийн дүн 3.9 их наяд буюу 3900 тэрбум төгрөг болтлоо нэмэгдсэн байна. Хадгаламжийн дүн нэмэгдсэн ч харьцаа нь улам холдож, 2.79 сая гаруй иргэн дансандаа 28 000 төгрөгтэй = 60 000 иргэн дансандаа 637 000 000. Үнэмлэхүй олонхийнх нь хадгаламж 5600 төгрөгөөр нэмэгдсэн байхад үнэмлэхүй цөөнхийн хадгаламж 147 000 000 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь зөвхөн хадгаламжийн дансанд буй мөнгөн дүн. Үл хөдлөх хөрөнгө, гадаад улс орнуудад худалдаж авсан хөрөнгө, гадаадын банкуудад байршуулсан хөрөнгө мөнгөний тухай ямар ч мэдээлэл байхгүй. Гэвч мэдээлэл байхгүй гэдэг нь огт байхгүй гэсэн үг биш. Байх байхдаа багагүй хэмжээгээр байгаа.

Бэлэн мөнгө тарааснаар инфляци нэмэгдсэн гэсэн шүүмжлэл бий. Ганцхан бэлэн мөнгө тарааснаар ч инфляци нэмэгдээгүй нь тодорхой, олон шалтгаан бий. Юутай инфляци өссөн нь маргашгүй үнэн. Гэвч ганц зангиаг 500 000 төгрөг, ганц үзгийг 900 доллараар худалдан авдаг, бааранд ороод 1260 долларын виски захиалдаг үнэмлэхүй цөөнхөд талхны үнэ 60 төгрөгөөр, будаа 120 төгрөгөөр нэмэгдэх зэрэг нь ёстой огтоос хүртээлгүй. Харин энэ нэмэгдэл нь хөхөө өвлийн 30 хэм давсан хүйтэнд 21-хэн мянган төгрөгний төлөө өнжин хонон дугаарлаж буй, хоногийн хоолныхоо гурилыг граммлаж авдаг үнэмлэхүй олонхид дааж давшгүй дараа болж бууна. Инфляци 17 байтугай 50 хувь өсөхөд ч дээд давхаргынхан доргихгүй. Хамгийн ноцтой зүйл нь тэрхүү инфляцийн хөдөлгөөнийг амь, амьдралаараа мэдрэх боломжгүй давхаргынхан төрийн бодлогыг үе улирлуулан барихаар улайрч байгаа явдал юм. Үүний цаана ард түмний үнэмлэхүй олонхи инфляцийн өсөлтөөс улам бүр хохирч, тэр хохирлоос урсан гарч буй мөнгө нь цөөнх хэт баячуудын халаасруу урсан улам бүр түнтийлгэж байдаг нүдэнд харагддаггүй чөтгөрийн бахинд улам бүр лав хавчуулагдах болно. Ард түмэн зүтгээд л, шоргоолж шиг хөдөлмөрлөөд байдаг, тэрхүү хөдөлмөрийнх нь үр шимийн тэн хагас нь цөөнхийн зүг далдуур, тойруу замаар урссаар л байх болно.

Нөгөө талаар хөгжлийн бодлогоос хойш ухарч олон түмний бухимдлыг дарах, ам хаах төдий мөнгийг үнэ цэнэгүй тарааснаараа эрх баригч олигархийн нэгдэл нэгэнт нээгдсэн, цаашид улам ихээр нээгдэх байгалийн асар их баялгийг хараа хяналтгүйгээр захиран зарцуулах хүслээ тэсч ядан илэрхийлж буй хэрэг болон харагдаж байна. Шунал гэдэг хязгааргүй, мөнгө гэдэг хүнийг нэгмөсөн эрхшээлдээ оруулж чаддаг шидтэй. АНУ-ын санхүүгийн хүчирхэг бүлэглэлийнхэн “Бидний шунал хязгааргүй шүү. Тиймээс бидний шуналыг төрөөс хязгаарлаж зохицуулж байх шаардлагатай” хэмээн Засаг захиргааныхандаа анхааруулж байсан байдаг. Харамсалтай нь АНУ-ын засаг захиргаа энэ анхааруулгыг тоож, шуналыг нь хязгаарлаж чадаагүйгээс баялгын харьцаа алдагдаж, өнөөгийн дэлхий нийтийн хамарсан эдийн засгийн хямрал эхэлсэн байдаг.

“Ядуу байгаа нь залхуугийнх, мэдлэг чадваргүйнх, баян байгаа нь овсгоотой, хөдөлмөрч, мэдлэг чадвартайнх. Тэгэхээр шинэ баячуудаа бүү нүд үзүүрлэ, бүү чичлэ”. Сүүлийн үед ийм мессеж их сонсогдох болов. Дээрх баримтуудыг гаргаж ирж буй нь нүд үзүүрлэж, чичлээд байгаа хэрэг биш. Нийгмийн энэхүү хэт их ялгарал нь хөгжлийн эрүүл зөв хандлага биш юм. Ийм байдлаар цааш үргэлжлэвэл бид хөгжлийнхөө боломжийг шавхаж, нийгэм тогтворгүй байдалд орох магадлал, эрсдэл улам бүр ихэсдэг учраас л төрийн эрх баригчдад анхааруулж, бодлогодоо засвар хийхийг сануулж буй хэрэг. Хүн амынх олонхи нь амьдралын идэвхгүй, чадваргүй ядуу болон ядуувтар байх нь улс орны хөгжлийг илэрхийлэхгүй. Гэмт хэрэг, шударга бус явдал, авилга буурахгүйгээр барахгүй улам бүр ихсэх болно. Монголын 2.8 сая иргэд бүгдээрээ Монгол Улс хэмээх нэг л завин дээр сууж яваа. Хэрвээ тэр завь нь хэмхэрхий, аль нэгтээгээ цоорхой, дотроо бохир заваан, дээр нь тэр бүхнээ засаж залруулах сонирхол, хараа, чадвар байхгүй бол тэр завин дээр сууж яваа бүхэн бүгдээрээ л живнэ. Цөөн хэдэн баячуул хэдий алтан шаахай өмсөж, алтан 00 хэрэглэж явавч тэр шаахайтайгаа, юутай хүүтэйгээ хамтдаа л живэх болно. Живэх живэхдээ хамгийн түрүүнд живнэ. Живж буй онгоцноо харх шиг л амь зүйн зугтааж чаддаггүй юм бол шүү дээ.

Тэгэхээр их хэмжээний бэлэн мөнгийг (1500 тэрбум төгрөг) нийгмийн халамжид хавтгайруулан тараах нь завныхаа онгорхой цоорхойг түр аргацаан цаас мэтхэнээр нөхсөн, тэр нь алсдаа ирээдүйгүй болохыг зорчигчидоосоо нуун, тэднийг тайвшруулан хуурсантай адил зүйл юм. (Мэдээжийн хэрэг өнчид, ядуус, өрх толгойлсон эхчүүд, өтөл настнууд, өвчтэй хүмүүсээ асарч тэтгэлгүй яахав. Тэдэнд зориулсан халамжийн асуудлыг энд огтоос хөндөөгүй.) Зүй нь хуучирч муудсан завиа бүрэн засварт оруулах, боломжтой бол шинэчлэн тоноглох учиртай. Өөрөөр хэлбэл улс орны хөгжилд амин чухал шаардлагатай томоохон бодлогын чанартай асуудлуудыг дээрх мөнгөөр шийдэх боломж байсан. Зөвхөн 100 айл орчмын бүсд 33 000 орон сууц барсан бол түүнийг дагасан хэдэн арван мянган ажлын байр гарч, жил бүр их төсөв үрж, бас ард иргэдийн хамгийн үнэтэй, маш их хөрөнгө шаардагддаг эрүүл мэндэд нэн хортой хотын утааг багасгаж, нийслэл хотынхоо өнгө төрхийг ч өөрчлөөд авах боломж байжээ. Хөндлөн тэнхэлгийн 1000 гаруй км төмөр зам тавихад л ажлын байр, зорчигч болон ачаа эргэлтэд ямар том өөрчлөлт дэвшил гарч, эдийн засагт хүчирхэг багана болох нь ойлгомжтой. Өнөөдөр 21 000 авч амьдралдаа нэмэр болгох биш харин ажлын байртай, орон сууцтай, боловсролтой, гол нь эрчимтэй хөгжиж буй улс орны маргаашдаа итгэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдэх байж дээ.

Эцэст нь 1500 тэрбумыг тараасны үр дүн юу байв хэмээн дахиад асууя?
Жич, тооцоог буруу хийсэн бол засаж залруулж өгнө үү.
Б.Номин