Monday, July 7, 2014

Ээж ууланд - 3






Ээж ууланд - 2






Ээж ууланд - 1 ...




ӨВГӨН ОВООНЫ МАГТААЛ














Өвөг дээдсээс шүтэж ирсэн Өвгөн овоо хэмээх шүтээн овоо тэрхүү голын цагаан дээр бий...

Энэ овоондоо зориулан магтаал өргөв....


Зээ,
Баяхан буурал
            Алтай Таныгаа
Баясанхан дуулнам зээ...
Магнай тэнүүн
            Өвгөн овоо Таныгаа
Магтанхан дуулнам зээ...

Зээ,

Аугаа их Алтайнхаа
Ар хайрхан нь болсон
Сунагар их Алтайнхаа
Суу алдар нь болсон
Тэнгэр их хаадынхаа
Тэмдэгт шүтээнийг оршоосон
Өрлөг их түүхийнхээ
Өртөө улааг хадгалсан
Хаадын онгон тайлгат
Хан эцгийн буурьтай
Хантайшир уулын
Хайрхан их шүтээн
Өвөг дээдсээс залбирсан
Өндөр дээд
Өвгөн овоо мину зээ
Өглөө бүр сацлаа дээжилж
Өдөр бүр мөргөн залбирнам билээ
Өнөр олон биднийгээ
Өргөн ивээж            хайрладаг билээ л
Өгөөмөр их хишиг тань
Өнөд дэлгэрч байдаг билээ л
Цал буурал тэргүүнтэй
Цангинах хөхөөн цуурайтай
Цагийн цагт дуурсгалтай
Цаглашгүй баяхан Өвгөн овоо мину

Зээ,
Асар тэнгэрийн хишигтэй
Амгалан дэлгэр нутаг мину
Өндөр тэнгэрийн шившлэгтэй
Өгөөмөр баян нутаг мину
Хангай, Алтай хосолсон
Хамгаас баян нутаг минь билээ...

Өгөөмөр их хишгийг тань
Өнөд хүртэж амьдарсан
Ээвэр уудам энгэрт тань
Эрхэлж наадан торнисон
Хараа дүүрэн үзэсгэлэнг тань
Хайрлан баясаж дуулсан
Эгэл олон түмэн тань
Энэ л олон бид чинь
Арван гурван нүүдлийн газраас ч
Алтай минь,             шүтээн минь хэмээн
Сүүгээн өргөж
Сүслэн залбирч ирсэн билээ л...
Эрдэм номын мөр хөөн
Эгэл амьдралын жим даган
Мянган гол гаталж одсон ч
Түмэн уулсыг давж ниссэн ч
Сар жилүүдийн чанадаас ч
Санаж л байдаг билээ...
Үүр шөнийн зүүдэндээ ч
Үргэлжид тантайгаа байдаг билээ...
Буугаад л ирдэг хурын усан мэт
Буцаад л тандаа цуглаад ирдэг билээ л...

Зээ...
Өндөр их таны минь
Өл халзан тэргүүнээс
Дөрвөн зүг, найман зовхис
Дөтөлж ойртоод байдаг билээ
Арван гурван их Алтай
Айлсаж, ижилсээд байдаг билээ
Таван их говь, хоолойг
Татаж ойртуулж хардаг билээ л...

Зээ,
Наран ургах зүгт нь халиаваас
Нарангийн бэл сунайгаад
Дөтийн раам дүнхийж
Дөрөлжийн огтрого зэрэглээтэн
Хангийн нуруу униартаж
Хар, Бор сэрх сэнхэртэж л харагднам зээ
Наран хотлуулсан Бигэрийн говь
Саран хонуулсан Сайхан тоором
Нөмөр нүнжигтэй Дулаан хар
Нөөлөг бууцтай Чандмань хайрхан
Тариа халиурсан Ёлтонгийн хоолой
Таана сугсарсан Борогчийн хөндий
Тарвага бужигнасан Мараан нуруу
Танил дотно байнам зээ.

Зээ,
Хөх салхи нь
Хүүгээд л байдаг
Хүдэн будан дундаа
Хөшилдөөд л байдаг
Устай Чацрангийн гол нь
Урсанхан мяралзаад л байдаг
Дэлгэрхэн Намалзахын ширгээ
Дэлгээд л угтдаг
Эмээлцэгийн сэрвэн хяр нь
Эрвийгээд л байдаг
Бурхан Буудай хайрхан их уул мину
Буугаад мордох алсдаа
Сүмбэрлэнхэн байнам зээ
Буцалж л байдаг буман тарвагатай
Бумбан улаан нь бөмбийгөөд л байнам зээ
Цаглашгүй эртний хүй овгуудын
Цадиг мөрийг хадгалсан
Цагаан гол нь уужраад
Хун цэн нь цугладаг
Хуримт, Хотгор нь униартан байнам лөө

Зээ,
Баруун зүгтээ
Бараа сүр ихтэй
Ханхайж дүнхийгээд л байдаг нь
Хар Азаргын нуруу билээ
Хаан дээдсийн
Хар сүлдэнийг
Хангал нуруундаа тээж  ирсэн
Хар азаргыг
Сэтэрлэж дархалсан
Домгийн их уул билээ
Харгай мод нь харгилдсан
Халиун буга нь хөшилдсөн
Хавцал хөндий нь хүүшилсэн
Ханагар сайхан уул билээ

Зээ,
Халиун сумын төв нь
Ханаа шийрлэн төвхнөсөн
Халиуны уудам хоолойн
Харгана бут нь эрээлжлээд байнам
Хайрхан лусын эзэд нь
Халиуран байсан домогтой
Халиун толгойн бэлээр
Жимсэн шугуйд шуурайлаад
Хамаг амьтныг ундаалсан
Халиун гол мяралзаад л байнам зээ
Авдар униа өнгөлдөг
Улаан шунхан зостой
Аараг бэлийн толгод нь
Ухаарч солонгороод байнам зээ

Зээ,
Наран шингэх
Умард зүгт нь халиаваас
Тоос босох нь
Толь, Тунгалагийн говь байнам
Цахир хадан хэжлэгтэй нь
Цагаанхайрхан байнам
Өнжүүл зэрэглээ наадсан нь
Өгөөмөр байнам
Суусан ч, боссон ч харагддаг нь
Сутай Богд хайрхан л байнам
Өглөө үдшийн нарандаа
Алтраад л байдаг
Үд дундын нарандаа
Гялбалзаад л байдаг
Цалин мөнгөн тэргүүн нь
Цайвалзаад л харагднам
Сунагар Дарвийн уулс нь
Сундалдаад л харагднам зээ

Зээ,
Заган шугуй             нүүгэлтсэн нь
Олонбулагийн хоолой байнам
Зах хязгааргүй цэлийсэн нь
Шарга, Хүйсийн говиуд байнам
Ардын дуундаа мөнхөрсөн нь
Талын таван толгой билээ
Ар бэлээ түшсэн нь
Зун, Могойн зуслангууд билээ
Оргил тэргүүндээ үүлс аргамжсан
Олон үеэрээ дархалж дээдэлсэн
Хаа холоос ч өндөлзөх
Хасагт жаргалант, Гурван Богд билээ

Зээ,
Бараан газраас дөрвөлжлөөд байдаг
Байгаад очиход өндөрсөөд байдаг
Тэнгэрийн луу хөрвөөсөн
Тэмдэг мөр нь тодхон байдаг
Харийн доншуур наймаачдын
Хамаг шуналыг барсан
Эгэл олон түмэндээ
Ээл нөмөртай уул байнам
Ерэнтүмэн лангийн
Цул мөнгөн уул байнам
Ентүмэн хайрхан хэмээх
Цуутай домгийн уул байнам зээ

Зээ,
Зүүн зүгтээ халиаваас
Зүсэр бороо татуулж байдаг
Зүйлийн цэцэгсийг            алаглуулж байдаг
Засагтай төрсөн хаадынхаа
Зандан тамгыг нууцалсан
Олон үеийн дээдсийн
Онго шарилийг оршоосон
Овоон нуруу дүнхийгээд байнам
Нурагийн модод нь нуугиж байнам
Зэлээр дүүрэн тугалтай
Араар дүүрэн сүрэгтэй
Эгүүрдийн баян болох
Эндүүрэлгүй ерөөл билэгтэй
Зэлийн голын цахир хаалга
Зээгэлтэн байнам
Түвшин буурын нуруу
Хүрэнтээд л байнам
Шар Дэвсэгийн ар
Шаргалтаж халиураад байнам зээ
Сарлаг үхэр нь саагалдсан
Шаазгай шувуу нь шагширалдсан
Ширээгийн гол, Ар гол
Тарвагат бэлчир, Улаан хад
Бумбат, Шар сайр
Өндөр мөс, Сайн ус
Өгөөмөр сайхан нутаг билээ
Хонин сүрэг нь налайсан
Хотол олон нь жаргасан
Хосгүй амгалант нутаг билээ

Зээ,
Өвгөн их овоо таныхаа
Өл халзан тэргүүн дээрээс
Зүг бүртээ халиаваас
Зүйргүй сайхан байнам зээ
Харах нүдийг минь баясгасан
Ханхар цээжийг минь уужруулсан
Хараад хараад ханашгүй
Ханагар их уулс нь сэнхэртээд
Цэлгэр их говиуд нь Цэлэлзээд л байнам зээ

Зээ,
Өвгөн их овоо таныхаа
Өнгө дуртмал үзэсгэлэнг тань
Өнөр их түүхийг тань
Өгөөмөр их хишгийг тань
Эгэл олон түмнээ
Энхрий дотно бүхнээ
Адуу мал тэргүүтнээ
Араатан жигүүртэн            бүхнээ
Баясан баясан магтая
Магтан магтан дуулья

Зээ,
Гучин гурван Тохой нь
Дугуйранхан байдаг
Гучин гурван Оцон нь
Сүүдэртэнхэн байдаг гэв л ээ
Хэцүү Улаан байцас нь
Сүүхийлцээд л байдаг
Хэрлэг халтар тэх нь
Дүүхийлцээд л байдаг
Хүчит Цэмбэл зааны
Хүүрнэл домог оршсон
Хүлэг хурдан морины
Хүчин чадлыг шалгасан
Далтын хоёр салаагаар нь
Далан үеэрээ нүүдэллэсэн
Хүрдэт, Бургаст тэргүүтэй
Ерэн есөн салаатай
Хүн зон олон нь
Тухлан тухлан жаргасан
Ус булаг нь харгиланхан байдаг
Уудам урт Согоотын хөндий
Урдхан талд минь
Дүүрээд л, хүнхийгээд л байнам зээ

Зээ,
Гурван Устын эхэнд
Гунан буга урамдахад
Цагаан Морьтын голд л
Цангинанхан дуулддаг гэв л
Ар Шонтын энгэрт
Аргиланхан цуурайтдаг гэв л
Нуурын Ханангийн моддыг
Нургиуланхан дуурсдаг гэв л ээ
Өндөр Харцагын оройд нь
Өглөөн улаан наран
Эрхлэнхэн нааддаг
Өвөлжөө бууцны энгэрийг
Ээн дулаацуулж манддаг
Өнөд жаргах олныг нь
Баясганхан эвээдэг
Өтөг олон сүргийг нь
Жаргаанхан хөөрдөг гэв л ээ

Зээ,
Бур бур бороотой
Буурал цагаан тэргүүнтэй
Сэр сэр салхитай,
Сэтгэлийг татсан нутаг минь билээ

Зээ,
Дугираг ногоон эхтэй
Дугуй усны ард нь
Цэн цэн хөхөө шувууд
Цэнгэнэнхэн донгодоход
Өргөн зурааны цэцэгс нь
Өнгө алаглан найгаад л байдаг
Согоо борын чих нь
Соотолзон солбиод л байдаг
Судаг хунхийн ногоо нь
Сугсалзанхан ургадаг гэв л ээ
Ширдэгт энгэрийн тошлог
Бөөр нь хүрэнтээд л байдаг
Ташлага энгэрийн тошлог
Бөнжирлөнхөн унаж л байдаг
Арын жалга хунхад нь
Асгат энгэр бүхэнд нь
Аагтай улаан сонгинууд
Арцалж буталж л ургадаг гэв л ээ
Сэрвэнгийнх нь модод
Сэрийлдээд л байдаг
Тана, бэлийнх нь модод
Ташиж сүүдэртээд байдаг
Шивэр балрын модод нь
Шивээлэнхэн ургадаг
Ширдэгт энгэрийн тошлог нь
Зулж л ургадаг гэв л ээ
Аагтай цайндаа дээжилдэг
Бужиннагва нь буржийгаад байнам
Сэрвэн ардаа найгадаг нь
Сэржмядаг, Жамьянмядаг гэнэ
Энгэр бэлээ  эрээлжлүүлдэг нь
Юмдүүжин, башга тэргүүтэн
Хунх судгаа дүүргэдэг нь
Хумбан хонхлой тэргүүтэн билээ
Цагийн цагтаа дэлгэрдэг нь
Цагаан ууль тэргүүтэн гэнэ л
Эмийн олон ургамлууд нь
Эрээлжлээд л байдаг гэнэ л
Будан хүдэн нь хүүшлээд
Мөнгөн бороо шиврэхэд
Мөөгөн хүрээ нь
Дүүрэн дүүрээд л байдаг
Мөнхөд баян
Тийм л сайхан
Өнөд баян
Өвгөн буурал овоо мину зээ,

Зээ,
Хөндлөн, Дандан, Ханангийн
Хөндий хондлой зоонд нь
Тарвага зурам тэргүүтэн
Тарвалзанхан байдаг л
Хөх хадны энгэрт нь
Хүрэн бүргэд үүрээ засдаг л
Хавцгайн элгэн хаданд нь
Харлаг тас зүүрмэглэн суудаг л
Харгай даргай эвэртэй
Харлаг тэхийн сүрэг
Өлөнтийн өндөр оройд
Нарланхан хэвтдэг
Өвөр хадны жимээр
Харжигнуулан дүүлээд байдаг л
Ар Хондлойн зоонд нь
Атар тарган байдаг л
Ар Жаргалан ууландаа нь
Амар түвшин бэлчиж л байдаг
Арван хоёр салаа эвэртэй
Хангал халзан буганууд нь
Арын модонд хөшилдөөд
Ар шилээр нь сэрийлцээд байдаг
Аймхай бор туулайд нь дэгдэж л харагддаг
Агсарга болжморууд нь шулганалдаж л байдаг
Аатай эрмэг начин             шонхрууд нь
Агаар зүсэн шунган дүүлээд л байдаг
Алтайн барс ирвэс, шилүүс нь
Аяар аяар мярааж л явдаг
Суусар, хярс, үнэгнүүд
Судаг жалгаар сунайж л харагддаг
Тийм л баяхан
Ийм л сайхан
Ухаан бодлын үзүүрт
Уяатай л байдаг
Өнөр баян
Өвгөн буурал овоо мину зээ

Зээ,
Харгай модон хэвнэгтэй
Халиун буга нь урамдсан
Хавийн олон нь жаргасан
Хавтай дэлгэр нутаг минь билээ л
Хадан цохио хажлагатай
Халтар тэх нь дүүлээстэй
Харзын ус нь бургилсан
Ханагар уудам нутаг минь билээ л

Зээ,
Сааралын тасархайн эхэнд нь
Сарлаг үхэр             багшранхан байдаг л
Хундан цагаан хонин сүрэг
Хуудас, зураа бүхэнд нь
Налайгаад л байдаг,
Ямаан олон сүрэг нь
Ян халил хаданд
Янгирийн сүрэгтэй
Хөөцөлдөж л байдаг
Туг ширээ бөхтэй
Тураг ханхар биетэй
Тэшин тэшин явдалтай
Тэмээн олон сүрэг нь
Босоо, Бортонгийн бэлээр
Хөшилдөнхөн байдаг
Шарбулагийн дэнжид нь
Шавааралдаж л байдаг гэв ээ
Хээр голдуу адуу нь
Хярын нуурын усанд
Цувж л явдаг
Алаг зүсмийн адуу
Арын моддын сүүдэрт
Шогоод л зогсдог
Эзэндээ ээлтэй үхэр сүрэг нь
Энгэрээ дагаад цувж л харагддаг
Тийм л сайхан
Ийм л баяхан,
Өндөр дээд
Өгөөмөр баян
Өвгөн буурал овоо мину зээ

Зээ,
Манан будан татаастай
Мандах нарнаа ээвэртэй
Мал сүрэг нь багширсан
Магадын ерөөлтэй нутаг минь билээ л

Зээ,
Зээгтийн бэл, Хулстын
Хад чулуу бүхэн дээр
Зээр янгирийн сүг зураг
Эрээлжлэнхэн байдаг
Түмэн жилийн чинадад ч
Өвөг дээдэс минь амьдарсан
Төгөлдөр их түүхийнхээ
Өнө мөнхийн дурсамжтай
Өв соёлын голомтыг
Түүчээлж ирсэн л байдаг
Аварга баатар эрс нь
Аргай даргай нумаа
Эвшээлгэнхэн тэнийлгэж
Ар, Өвөр Нум Дэлээчээс
Татаж, тавьж л байсан
Даншиг наадмын начин
Хануй, Цогтжаргал хоёр
Далан хүн өргөсөн ч
Дааж чадаагүй чулууг
Дал мөрөндөө тулаад
Дамнуулж тавьсан нь хэвээрээ
Энгүй хүчит хар Бандийн
Хээрийн эзэн Алмастай
Товгор газрыг хонхор болтол
Хонхор газрыг там болтол
Эр бяраа тэнсэж үзсэн
Ор мөр нь өнөө ч
Онгойж хонхойж үлдсэн байдаг л
Ханхарын өндөр даваагаар нь
Эмээл хазаартай морио
Элгэндээ тэврээд давж
Эр хүн хэлсэндээ хүрдгийг
Энэ биеэрээ нотолсон
Эрмэг залуус нь хөшилдсөн
Эгэлгүй хүчтэний өлгий нутаг мину зээ.

Зээ,
Жарганхан суудаг зарчимтай Жалайрууд
Урланхан бүтээдэг уртай Их Дархчуул
Урд эртийн түүхтэй Урианхан олон
Ихэс дээдсийн удам Бэсүд, Боржгонууд
Идэрмэг хөгжүүн Соод, Олхонуудууд
Инээж наадсан Их, Бага Цоохортнууд
Хаан Чингисийн онгоныг
Хамгаалж халхлан тойроод
Өндөр энэ нутагтаа
Өнөд суурьшин жаргах
Өрлөг Боорчийн зарлигтай
Есийн есөн их отготнууд мину зээ

Зээ,
Өвгөн буурал овоо та минь
Өвөр энгэртээ номын цагаан гэгээтэй билээ
Сүүдэр үл тусах
Сүмийн дөрөлж билээ
Хутагт эрдэм нь төгссөн
Хувилгаан чадал нь дүүрсэн
Номын чинадад хүрч
Ертөнцийн жамыг тольдсон
Зулайнаасаа гэгээ татуулж
Зулгаасаа цэцэг дэлгэрүүлсэн
Хосгүй Гэгээн Хамбын
Тэнгэрийн гал хөлөглөн буусан
Тэмдэгт газар нь тэнд билээ л
Майдарын орны гэгээ туссан
Магадын тэмдэгтэй дөрөлж билээ л
Арван гурван дугантай
Арван гурван хүрээтэй
Буян номыг хурайлсан
Буман шавь нар тойрсон
Буянзалбирахын хийд
Тэртээ цагийн цаана
Тэмдэгт тэр тууринаа
Алтан ганжираа гялбалзууланхан
Алдар суугаа дуурсганхан байсан билээ л

Зээ,
Архан бэлийг тань
Ар халхын дээдэс
Үйзэн Засагт ханууд
Үеийн үедээ түшиж ирсэн билээ л
Өвөлжөө бууцаа зассан
Өлгий туурь ором нь
Өнөө ч тодхон байнам
Арван буяныг хураасан
Авшиг хишиг нь бүрдсэн
Арын хүрээний туурь нь
Шарилж луулин дундаа
Зүүрмэглэгхэн байнам зээ

Зээ,
Хан эцгийн минь бууртай
Хантайшир уулын
Хайрхан их шүтээн мину
Өвөг дээдсийн үеэс
Өнөд жаргаж ирсэн
Өндөр дээд
Өвгөн овоо мину зээ

Зээ,
Алтан элс нь асгарсан
Аараг толгодоо чимсэн
Цуцаа гүрвэлүүд нь жирэлзсэн
Цулхирын бутууд нь шуурайлсан
Их, бага Элст, Баглуурт мину
Борхон хүүгээ аав нь харуулдсан
Бор хошуу мину
Боролзой, хөмүүл нь бөхөлзсөн
Борлог хоньд нь налайсан
Босоо, Бортонгийн бэл мину
Буурай эмгэд минь мааниа шивнэсэн
Бударган чулуут Сайр мину
Эмээлт хүлгийн нуруун дээр
Дарцаг мэт дэрвэсэн
Эрх бага насандаа
Давхиулан тоосруулж явсан
Нурамт, Гүүбариач
Сүм, Мээтүү, Булагийн
Таанын униар цэнхэртсэн
Тавиу уудам дэнжүүд мину
Тэртээ холоос дүнхийсэн
Тэмээн чулуут мину
Үелзэх салхинаа долгилсон
Үзүүр дэрс, Ар дэрс, Дээд дэрс
Нарийн дэрс, Цагаан дэрс мину
Ихэл хуурын татлагатай
Их Булаг, Шар булаг мину
Дөвөнт, Булаг, Сайр,
Дөрвөн улиралдаа сэлгээтэй
Дөтөлж буудаг л нутаг мину
Наран ээвэр налайн жаргаасан
Намаржаа, хаваржаанууд мину зээ

Зээ,
Барзгар хатуу хад чулууд нь ч
Өнгөлөг зөөлөн байдаг
Мөрөн, Сүм, Нурамт,
Хулст, Тоонотын хавцгайнууд мину
Оройн өтөг, Ламын хашаат
Оцон, Мөрөн, Шонын хонд
Нуурын ханан, Үнхэлцэг, Өвчүү
Нурамтын ам, Наран битүү
Бургаст, Ханхар, Өлзийт
Булган хошуу, Хүүш, Салхит зэрэг
Эрхэлж наадаж өссөн
Ээвэр дулаан өвөлжөө бууцууд мину зээ

Зээ,
Буга, марал хоёр нь
Зөрөлдөөд л байдаг
Бугын толгойт, Бөгтөр мину
Аялсанхан дууг минь
Цуурайтуулан түрдэг
Арсгар оргилууд нь
Сүүдэртээд л дагадаг
Дархинт мину
Ар өвөр Шаварт,
Арсайн гурван садарга
Ходоодын гурван бэлчир,
Дусаалтын гурван хунх мину
Цэцгээ зулсан Гурван зураа мину
Цэнгэн дуулсан Шонт, Зөгийт мину
Уургын хуйвыг исгэрүүлсэн
Уудам тавиу Нуурын хуудсууд мину
Хонин сүргээ бэлчээсэн
Хондлой, Хөх хад, Бор шороот мину
Сэргэлэн багачууд нь хөгжилдсөн
Сэрүүн сайхан зуслангууд мину зээ

Зээ,
Өл халзан тэргүүнтэй
Өвөлжөө, хаваржаа нь нөмөртэй
Өнөд жаргаах тавилантай
Өгөөмөр баян нутаг мину
Өргөн уудам шил зоонд нь
Өнгийн цэцэгс сугсалзаад байдаг
Зунтай гурван сардаа
Зугаацан цэнгэн наадсан
Зуслан, намаржаа нь сэрүүтэй
Зураг заяатай нутаг минь билээ

Зээ,
Нарлаг хунх энгэрт нь
Настан буурлуудын минь хутаг оршсон
Наруул, Бортон, Дөрвөлжин мину
Өвөр бэлээс өгсөөд давдаг
Бэлчирийн хойд, урд салаа мину
Өнжүүл цасан ундтай
Бэх цас, Шарилтай бууц мину
Эрээн хайрхан ч шургах зайгүй
Эрэн самбын хавчиг, Ар хавчиг мину
Эргэх дөрвөн талд нь
Эмгэлж, бургас, улиас
Эрээлжилж л ургадаг
Харгай, чаргай, яргай нь
Харанхуйлж л байдаг
Битүүтийн ангал хавцал нь
Битүүрч дүүрэглээд л байдаг
Ажилч малч олон нь
Адуу малаа оторлонхон байдаг
Ашдийн ерөөлтэй
Ар Жаргалан мину
Хамаг бүхнийг жаргаах билэгтэй
Хан Жаргалан мину
Есөн эрдэнэ агуулсан
Ерөөлөөр учирсан нутаг мину зээ

Зээ,
Найман зүгтээ налайж байдаг
Нарийн өвс нь шуурайлж байдаг
Шимийн дээж хөрстэй
Шинжтэй сайхан нутаг минь билээ л

Зээ,
Орох хурын усан нь
Ойж хүрхэрч буудаг
Харцгай шувуу нь эргэлдсэн
Харцага өндөр оргил мину
Аргай модод нь сүүхийлдсэн
Адарган хар Ар Шонт мину
Хээрийн салхин сүүгэж л байдаг
Хэцийн шовх мину
Сансрын салхийг дүнгэнүүлсэн
Салхит өндөр оргил мину
Огторгуйн салхийг саатуулсан
Оргил тэргүүн Яргайт мину
Орог тэхийн зогсоолтой
Олон зүгтээ харуултай
Өлөн өвс нь шуурайлж байдаг
Өлөнтийн хөх оргил мину
Нураг асга нь асгарсан
Тураг гөрөөс нь дүүлэлдсэн
Зэмсэгт мину
Борог хөвд нь халиурсан
Босоо жалгууд нь сүүдэртсэн
Боодогт мину
Хөх сарлагууд нь хөшилдөөд байдаг
Хөндлөн бэлчирүүд нь суунаглаад л байдаг
Байгаад харахад өндөлзөөд л байдаг
Баян өндөр хайрхан мину
Мөчит дөрвөн хөлтний
Мөр нь гараагүй
Мөнхийн будан тэгнээстэй
Мөнгөлөг цагаан Цахир мину
Дэлхий буурал ээжийн
Дэлүүн хөх оргилууд мину зээ
Дэвсэгт зоо нурууддаа
Дээвэр тэргүүн нь болсон
Өглөө, үдшийн нарандаа
Өнгө засан жавхалзаад л байдаг
Дуулсанхан дууны минь цуурай
Дунд нь хүрээд цуцдаг
Айсуй алсын газраас
Алгаа дэлгэн заадаг
Тэн тэн үүлсийг
Тэгнэж саатуулаад байдаг
Тэнгэрийн салхийг             наадуулсан
Сүмбэр их оргилууддаан
Сөгдөн сөгдөн мөргөм үү

Зээ,
Цагаан номын даллагатай Багшийн овоо мину
Цацал сүүгээ өргөсөн Марал Бааст мину
Догшин онгодоо аргадуулсан Өлзийтийн овоо мину
Домог түүх хүүрнэсэн Хадагтын овоо мину
Долоон үеэрээ тахисан Дүвчингийн овоо мину
Бууж мордоод явдаг Вандан Майнаагийн овоо мину
Буян хишиг арвижуулсан Бургастын овоо мину
Хайртай үрсээ даатгасан Хүүхдийн овоо мину
Харийн дайснаас сэргийлсэн Харуулын овоо мину
Харгай модон эзэнтэй нь Харцагын овоо мину
Эхийн сэтгэлээр түшдэг Ногоон Раднаагийн овоо мину
Ээвэр энгэртээ ээлтэй Жадамбын овоо мину 
Өвгөн овоо таны минь
Өлмийг тань түшин
Эргэн тойрон бөмбийлдөөд байдаг
Эргэх дөрвөн цагтаа хурайлж л байдаг
Алдар нэрийг тань             дуурсган байдаг
Арван гурван их овоондоо
Хурайлан хурайлан мөргөм үү

Зээ,
Хүлэг морин сульдаасан
Хүчин тамир сорьсон
Хамар даваа, Хүн чулуу,
Ханхар, Дөрөө хавчих,
Долоон модон, Зөгийт
Доод, дээд Улаан даваад мину
Газрын холыг товчилсон
Ганган хулийг сульдаасан
Ар, өвөр Цагаан Индэрт,
Муруй, Модон, Хүнхэр
Хойд даваа, Дээд даваа,
Хөх даваа, Ногоон даваад мину
Тэмээн тэн холбилсон
Тэнгэрт ойрхон, өндөр дээд
Ихийн их давааддаа мөргөм үү

Зээ,
Гантай зургаан сардаа ч
Мэлтэлзэнхэн дүүрээд байдаг
Хадан-Ус, Дунд-Ус мину
Цагийн цагтаа дэлгэрч байдаг
Цагаан морьт, Ялаат мину
Сал урсган бяралхаж
Саваа халин бялхаж байсан
Шар Сайр, Мөрөн мину
Дугуйранхан мэлтрээд байдаг
Дугуй-Усан мину
Далан тогоон даллагатай
Далан өрхийн тариалантай
Шим бүхнийг хураасан
Шинэ-Усан мину
Хөвдөн дундаас шүүрдэг
Хөх хадны усан мину
Мянган он улираасан
Гандан цагаан модны
Эзэн савдгийн эрхи
Халзан Хамрын гол мину
Гуа марлын мөрийг угаасан
Гурван-Уст, Дусаалт мину
Намрын намартаа
Налайж л байдаг
Шар булаг, Дөвөнт мину
Шаварт, Цэнгэн мину
Мянган адуу ундлаад гарахад ч
Мяралзанхан байдаг Согоот мину
Энгүй их гол усны
Эх болсон рашаанууд
Халуун зундаа
Хага ташуулдаг
Хайруу өвөлдөө
Харзалж л байдаг
Бургилан ундардаг
Булаг шанд бүхэндээ мөргөм үү
Хамаг амьтныг ундлаад
Харгилан урсаад байдаг
Гол ус бүхэндээ мөргөм үү

Зээ,
Өндөр хөх оргилууд нь сүүхийлдэж л байдаг
Өвөлжөө хаваржаа бууцууд нь нарлагхан байдаг
Номин хөх тэнгэртээ шадархан байдаг
Номын гэгээн хуудаснаа дуурсанхан байдаг
Уужим ногоон нугууд нь дугуйранхан дүүрдэг
Ус булаг рашаанууд нь бургиланхан ундардаг
Харгай хар модод нь шуугинхан шуурайлдаг
Халиун хонгор бугнууд нь хангинууланхан урамддаг
Халтар орог тэхүүд нь харгилданхан сэрийлддэг
Хахилаг, хойлог шувууд нь хонолдонхон хагшдаг
Харцгай, шонхор шувууд нь шунган зүсээд л нисдэг
Таван эрдэнэ сүрэг нь багшралданхан налайдаг
Танил олон түмэн нь жарганхан суудаг
Хангай, Алтай хосолсон
Хамгаас баян нутаг мину зээ
Асар тэнгэрийн хишигтэй
Амгалан дэлгэр нутаг мину зээ
Магадын ерөөлтэй таныгаа
Магнай тэнэгэр бид чинь
Магтанхан дуулнам зээ
Бараан холын газраас
Бадамланхан харагддаг
Бахтай сайхан нутгаа
Баясанхан дуулнам зээ

Зээ,
Өнөр олон үрсийн тань
Үйлс амжилт нь арвин байг
Бүтээл туурвил нь ундарч байг
Бүхий олноороо жарган байг
Мал сүрэг нь багширч байг
Мандах хөгжил нь тэгширч байг
Цэцэг ногоо нь дэлгэрч
Цээлийн усан нь бургилж байг
Хур бороо нь зүсэрч байг
Хувьтай зон нь жаргаж байг
Эзэн савдаг тань баясан байг
Эгүүрд биднийгээ ивээж байг ээ
Хурмаст тэнгэрээ аргадаж хайрла
Хувьтай олноо ерөөж хайрлам уу лөө

Хурай, Хурай, Хурай
Хурай, Хурай, Хурай
Хурай, Хурай, Хурай

Хурай, Хурай, Хурай
Хурай, Хурай, Хурай
Хурай, Хурай, Хурай

Хурай, Хурай, Хурай
Хурай, Хурай, Хурай
Хурай, Хурай, Хурай