Saturday, January 31, 2015

САНАЛ АСУУЛГЫГ ЭСЭРГҮҮЦЭХ 9 ШАЛТГААН

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гар утсаар авч буй санал асуулгыг эсэргүүцэх үндэслэлүүд дэндүү олон байна.

1. Жилийн өмнө монголын үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 4 сая 247 мянга байсан. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 10-50 хувиар өсөж ирсэн статистик бий. Бага хувиар нь тооцоход л өнөө 4.6 сая давсан байх нь. Гэтэл бид дөнгөж сая 3 саяулаа боллоо. Сая төрсөн Монголжин охиноос эхлээд 100 настай буурлуудыг хүртэл монгол хүн бүр дунджаар 1.5 утастай байна. Энэ нь нийт ард иргэдийн хэдэн хувь нь саналаа өгөөгүйг, мөн хэдэн хувь нь хэд хэдэн утаснаас давхардуулж өгснийг хянах боломж байхгүй. Жишээлбэл манайх таван ам бүлтэй, 7 утастай. Гэрийн эзэн би ганцаараа 7 санал өгчихөж болно. Ийм тохиолдолд ард түмний санал үнэн зөвөөр тусахгүй.

2. Одоо насанд хүрээгүй хүүхдүүдийн хэдэн хувь нь гар утас хэрэглэж байгаа вэ? 6-аас дээш настнууд олноороо гар утас хэрэглэж байгаа. Тэдний өгсөн саналыг ямар итгэл үнэмшлээр саналаа өгсөн гэж үзэх вэ?

 3. Монголд урт богино хугацаагаар аж төрж буй гадаадын иргэд манай үүрэн телефоноор өргөн үйлчлүүлдэг. Эрээнд, Хөх хотод, Бээжинд хэдэн зуу, мянган гадаадын бизнес эрхлэгчид монгол дугаар ашигладаг. Тэдний санал орж буй эсэхийг хянах боломж мөн байхгүй.

 4. 1995 онд батлагдсан АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ хуулиар Бүх нийтийн санал асуулгыг зөвхөн төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон асуудлаар, эсвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно гэж заасан. ЕС Ч.Сайханбилэгийн санал асуулгад хөндөж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн явуулах вэ гэдэг нь хөгжлийн дотоод бодлогыг тодорхойлохтой холбоотой асуудал мөн. Тиймээс энэ хуулийн дагуу явагдах учиртай. Гэвч энэ санал асуулга нь дээрх хуулийн бүхий л зүйл заалтуудыг анхнаасаа бүрэн зөрчсөн. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн үйлдэл болж байна. Бид бүх ард түмний санал асуулгыг хуулийн дагуу явуулах гэсэнгүй, зөвхөн ард түмний санаа бодлыг нь тандах гэсэн юм гэсэн хариу тайлбар өгч байна. Зөвхөн тандалт хийж буй бол үүрэн телефоны сүлжээ ашиглан бүх иргэд рүү мессеж бичиж байх шаардлага огт байхгүй, аль нэгэн судалгааны байгууллагаар дурын 1500 хүний дунд санал асуулга явуулчих бүрэн боломжтой.

5. Утсаар ирж буй санал асуулгад зөвхөн 1, эсвэл 2 гэсэн хариултын аль нэгийг л сонгох боломжтой. Хэрвээ 1, 2 гэсэн энэ хоёр тооноос өөр тэмдэгт илгээвэл хүлээж авахгүй. Гэвч өнөөдөр зөвхөн энэ хоёр замын аль нэгийг сонгохоос өөр ямар ч гарцгүй болчихсон хачин гайхалтай парадокс нөхцөл байдал Монгол орон, монголын ард түмний өмнө тулж ирээгүй, ерөөс тийм хачирхалтай байдал бий болох ч боломжгүй. Гурав дахь, дөрөв дэх, бүр 10 дахь хувилбар ч байж болох ба түүнд саналаа өгөх хүсэл эрмэлзэлтэй хүмүүст санал өгөх ямар ч боломж өгөхгүй байгаа нь хүний эрх эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг болно.

6. Санал асуулгын өөр сонголтгүй хоёр асуултын аль аль нь ямар түвшинд боловсорсон нь тодорхойгүй байна. Тухайлбал “ОТ болон бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг” ямар арга замаар шийдэж, ямар үр дүнд хүрэх гэж буй тухай ямар ч мэдээлэл байхгүй. Мөн “зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгийн сахилга батыг батжуулах замаар ханшаа тогтоох”-доо чухам цалин бууруулах, тэтгэвэр, нэмэгдлүүд, хүүхдийн болон олон хүүхэдтэй эхийн мөнгөнөөс хасах юм уу, эсвэл төрийн данхайсан бүтцээ өөрчлөх, сайд дарга нарын тусгай хангамж, тансаглалаас танах юм уу, танахдаа хэдэн хувиар, хэрхэн, ямар арга замаар вэ гэдэг нь огт тодорхойгүй, харанхуй тулгалт хийж байгаа нь мөн хүний эрх, эрх чөлөөг маш бүдүүлгээр зөрчиж байна.

7. Өдрийнхөө хоолыг хүргэж ядан байгаа, өлөн хүүхдүүд нь уйлалдаж байгаа эхээс “Танай тогоотой хоолноос чинь нэг шанагыг авлаа” гэвэл “тэг тэг” гэх хүн бараг үгүй юм. Ард түмний үнэмлэхүй олонхи нь яг ийм байдалтай байгаа. Дээр нь мэдээлэл ч маш хомс. Үүн лугаа адил ЕС Ч.Сайханбилэгийн санал асуулгын хариу нь ямар гарах нь нэн тодорхой. Өөр сонголтгүй юм чинь “Зардал хэрэглээгээ бууруулахгүй” харин “Том төслүүдээ урагшлуул” гэсэн хариу өндөр хувьтай гарна.

 8. Ийнхүү судалгаа, танилцуулгагүй бүрхэг асуудлаар, өөр сонголтгүй тулгалтын, хууль зөрчсөн, гарах дүн нь тодорхой санал асуулга явуулж буй нь нэг бол юу хийхээ огтоос мэдэхгүй байгаа хүний мунхаг алхам, эсвэл маш их овтой зальтай хүний башир арга болно. Үүнд гурав дахь гаргалгаа гэж ёстой байхгүй юм.

 9. Тэгэхээр манай шинэхэн ЕС маань нэг бол яадгаа алдсан, өөртөө итгэх итгэл гэж огт үгүй, юу хийхээ шийдэж ядсан мунхаг жулдрай, эсвэл юу ч хийж мэдэх башир этгээд болж таарч байна. Харамсалтай л юм. Мунхаг гэвээс мунхаг асуултад хариулах шаардлагагүй. Харин овтой башир хүн гэвээс тийм хүний башир асуултад бүр ч хариулж болдоггүй учиртай...

Б.Номинчимэд 2015.2.1

Tuesday, January 27, 2015

Эргэн сэргэж буй Хамжлагат ёс

Эргэн сэргэж буй Хамжлагат ёс Монголчууд бид ХАМЖЛАГА-ын дөнгөнөөс салаад 90 гаруйхан жил болж байна. 1921-1924 онуудад үргэлжилсэн шат дараалсан үйл явдлуудын үр дүнд бид хамжлага хэмээх бурангуй хоцрогдлоос ангижирч, дундад эриний балар харанхуй зуунаас XX зуунд дэвшин орох, цаг үеийнхээ хөгжилтэй хөл нийлэх аварга алхам хийсэн нь маргашгүй үнэн юм. Харамсалтай нь манай улстөржсөн түүхчид түүхэн энэ үйл явдлыг нам, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс эргэн дурсахгүй байх, үгүйсгэх, улмаар ард түмэн юуг ч дурсан санахгүй “амар сайхан жарган цэнгэх” болсныг өнгөрсөн зун харлаа. Энэ тухай ард өгүүлэе.

***

Ингэхэд Хамжлагат ёс гэж юу вэ гэхээр товчхондоо, хүн амын тодорхой хэсэг нь ямар ч эрх мэдэлгүй, эрх чөлөөгүй, эзнийхээ юу хий гэснийг хийдэг, хүч хөдөлмөрийнхөө ихэнхийг эзэндээ зориулдаг, хэрвээ эзний уур нь хүрсэн бол хамжлагаа занчиж, хүчирхийлж, бүр зарж, арилжиж, алж ч болдог, хамжлагаас оргож зугтаавал өчиггүй алах ялтай, зугтаасан ч очих газаргүй, ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу орчлонд аж төрөх ёсыг хэлнэ. Эзэн нас барсан ч үр хүүхэд, өв залгамжлагчид нь хамжлага болж очно, үе удмаараа. Сайн хэлбэл өөрийн гэсэн өчүүхэн өмчтэй байж болдгоороо боолчлолоос нэг алхам дээгүүр л юм даа. Үеийн үед хамжлагын эзэд хамжлагаа тартагтаа тултал нь мөлжиж, хөдөлмөрлүүлж, тэднийгээ соён гэгээрлээс ангид харанхуй мунхаг байлгаж ирсэн. Хамжлагаас чөлөөлөгдөх нь буй ч эзэндээ их хэмжээний төлөөс төлж байж сая нэг чөлөөт тариачин болно. Гэхдээ энэ нь өдрийн од шиг ховор. Нэгэн укриан залуугийн их авьяас билгийг хайрласан Оросын яруу найрагч Жуковский, их зураач Брюлов нар эзэнд нь 2500 рубль төлж байж хамжлагаас чөлөөлж байсан байдаг. 1838 онд 2500 рубль гэдэг бол асар их төлбөр, өнөөгийнхөөр бол 250 саятай тэнцэх үнэ. Хамжлагаас чөлөөлөгдсөн тэр залуу нь Укрианы их найрагч, зураач Тарас Шевченко байлаа. Хамжлагын тариачид долоо хоногт 5-6 өдрийг нь эзнийхээ газарт ажилладаг, хичнээн зүтгэж ажилласан ч өөрт ногдох нь нэмэгдэж, үмхдэг талх нь арвижихгүй учир бүтээмж гарна гэж бараг үгүй. Ийм дэг ёс нь хувь хүний хөгжлийг ч, эдийн засгийн хөгжлийг ч, цаашлаад нийгмийн хөгжил дэвшлийг яг бахь мэт боомилдог байна.

 Европ дахинд хэдэн зууныг дамнасан үйл явцын үр дүнд XIV зуунаас хамжлагат ёсны суурь нь илэрхий ганхаж, 1640 онд Англид хөрөнгөтний хувьсгал гарснаар өөрчлөлт эргэлт буцалтгүй болсон байна. Чухам ийнхүү Англичууд түрүүлэн алхаж, дэвшил хийснээрээ Дундад зууны хоёрдугаар хагаст дэлхийн их эзэнт гүрэн болтлоо хүчирхэгжиж чадсан билээ. Улмаар Герман, Франц, Швед, Голланд, Хойт Итали зэрэг баруун европын орнуудад энэ өвчин “халдварласнаар” Европ дахинаа дахин сэргэлтийн эрин өрнөж, өнөөгийн аж үйлдвэрлэл, хүчирхэг эдийн засгийн системийн бүхий л суурь давхарга тавигдсан. Өнөөг хүртэл барууны ертөнц, барууны соёл дэлхий дахинаа тэргүүлэх байр суурьтай байгаа нь чухам энэхүү хамжлагат ёсноос бусдаасаа түрүүлэн гарч чадсаных юм.

Харин хамжлагат ёстойгоо зууралдан үлдсэн зүүн Европ, Орос барууныхаа хөгжлөөс хол хоцрогдон гээгджээ. Европчуудаас бараг 200 жилийн дараа л орос орон сая нэг юм хамжлагаас хагацсан нь 1861 он. Тиймдээ ч өдий хүртэл Оросыг “Европын бүдүүлэг хоцрогдсон зүүн хязгаар” гэх үзэл барууныхны дунд амь бөхтэй байсаар байгаа юм. Дэлхийн I дайнаас авсан үхлийн ялаасаа арай гэж мултраад байсан, нурж сүйрсэн Турк улсыг шинэчлэх Ата-Туркийн анхны шийдвэр нь энэхүү хамжлагыг халах явдал байсан ба бусад шинэчлэлүүд нь дагавар шинжтэй байв. Туркчүүд Ата-Туркээ “Хайран сайхан хамжлагат ёсыг маань үгүй болгочихсон улаан чаралба” гэж харааж байхыг нь л мэдэхгүй юм. Тэрбээр өнөөдөр ард түмэндээ “Үндэстний эцэг” хэмээгдэн тахигдан шүтэгдсээр явна. XX зууны том үйл явдал бол хүн төрөлхтөн нийтээрээ хамжлагаас, бас колониас салсан гэж үздэг.

 ***

1921 онд монголд хамжлагат ёс бүрэн утгаараа ноёрхож байв. Тухайн үед манай нийгэм хошуу захирсан засаг ноёд, тайж нар, суман ард, хамжлага болон шавь ард гэсэн бүтэцтэй байсан ба эхний хоёр нь хамжлага захирах эрхтэй. Хүн амын бараг тал хувь нь хамжлага ард байжээ. Суман ард нь зөвхөн цэрэг, өртөө, алба өгдөг бол хамжлага нар үүн дээр нэмээд хувь эзэндээ алба барина. Хачирхалтай нь хамжлагын эзэд Богдын зарлигаар бүхий л төрлийн алба татвараас бүрэн чөлөөлөгдөнө.
Хамжлага манж нар монголыг эзлэн авсны дараа үүссэн гэж үздэг. Уг нь анхандаа эзэн ноёдоо “туслах, дэмжиж хамжих” гэсэн утгаар хамжлагыг үүсгэсэн ч яваандаа хамжлага нь нэгэн төрлийн боолчлол болон хувирчээ. Манай хамжлагын эзэд бусад газрынхнаас дээрдэх юм ер үгүй. “Цагаа долоох”, “хусам долоох” гэсэн нэг доромж хэллэг өнөө хараахан мартагдаагүй байна. Энэ нь аль нэгэн баяны, ноёд тайж нарын малыг маллаж, сүү сааль, ноос үсийг нь авалцсаныхаа хариуд буюу хөлсөнд сүү саалийнх нь үлдэгдэл, тогооны хусам мэтхэнээр бор гэдсээ болгож явахыг хэлнэ.
 Айлд мал гаргаж буй хар хүнээс гэдэс арилгаж суусан гэрийн зарц эхнэр “Хошногных нь толгойг өөхтэйхэн аваарай” гэж гуйдаг байсан нь тэр эмэгтэйд зөвхөн хошногны толгой ногддогоос тэр. Тухайн үеийн манжийн хуульд ноёдын албат хамжлага нараасаа авах татварыг “5 үхрээс дээш бүхийд 1 хонь, 20 хонь бүхийд 1 хонь, хоёр үхэр бүхий хүнээс 6 тогоо амуу ав” гэх мэтчилэн зааж өгчээ. Эзэд гэр өргөө нүүх, охиноо хадамд өгөх, хөвгүүндээ бэр авах тохиолдолд ч харьяат нараасаа алба авна. Зарим хошуу ноёд хятадын доншуур худалдаачдад их хэмжээний өр тавьж тансаглачихаад, түүнээ албатуудаасаа хүчлэн гаргуулж байсан явдал цөөнгүй.
Нэг тод жишээ нь ийм бурангуй явдлыг эрс эсэргүүцсэнээрээ түүхэнд орсон Ард Аюушийн хөдөлгөөн болно. Хамжлага болон эздэд ямар ч ээлж халаа гэж үгүй. Тэнд ардчилал байхгүй, хамжлагууд эзэндээ дургүй байлаа гээд юуг ч өөрчилж чадахгүй, яагаад гэвэл сонгууль хэзээ ч болохгүй. Хувь заяа анхнаасаа та бүхнийг эзэд ба хамжлага, зарц гэж оноож өгсөн учир. Чухам хамжлагат ёсны гарах гарцгүй бахь, гогцоо нь энд.
- 1922 оны 1 сарын 25-ны Ардын засгийн газрын шийдвэрээр хамжлага нарыг сум ардын нэгэн адил тооцох болгосон нь хамжлагын дөнгөнөөс чөлөөлөх анхны шийдвэр болов.
- Мөн оны 3 сарын 31-ны шийдвэр ёсоор Засаг ба засаг бус ноёд, тайж нарыг бусдын нэгэн адил улсын ба бусад алба татварын үүрэг гүйцэтгэж байхаар буюу татварт хамрагдаж байхаар тогтоожээ.
- Мөн оны 5 сарын 5-ны шийдвэрээр хамжлагын эздийн хамжлага ардыг захирч байсан бүх баримт бичгийг хураажээ.
- 1923 оны 1 сарын 5-нд “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”, “Монголын олон засаг ба засаг бус ван гүнгийн эрх хэмжээний дүрэм” батлав.

Ийнхүү хамжлагат ёс хэмээн энэ бурангуй ёсыг халах эрхзүйн орчин бүрэлдэв. Гэвч энэ шийдвэр бүрэн хэрэгжтэл бас цаг хугацаа хэрэгтэй байж, бөөн эсэргүүцэл, тэмцэл, нугалаа завхрал дагалдах нь тэр... Нэг талаас хамжлага захирч явсан нөхдүүд тийм амархан хүлээн зөвшөөрч, бууж өгсөнгүй. Мэдээж хэрэг баахан хүн ардыг үнэ хөлсгүй зарцалж, зарцлаад зогсохгүй тэднээс алба татвар авч, дээр нь бас төр улсад ямар ч алба татвар өгдөггүй байсан эрх ямбатай нөхдүүдэд энэ шийдвэр яаж ч таалагдах билээ. Цөөн хэд нь улс орны хөгжил дэвшилд зайлшгүй хэрэгтэй гэдгийг ухааран ойлгож байсан ч, олонхи нь тас хөндлөн хэвтчихэж. Нөгөө талаас энэ ёсыг үзэн ядаж, өширхсөн, саяхан хамжлагын гинжнээс мултарч чадсандаа хөөрсөн, гөрмөл гэзгээ хяргуулж, пинтүү халимаг сэгсэгнүүлсэн баахан залуус “Бошгыг халах” эвлэлд шуудран орж, бужигнуулан, холион бантанг нь ёстой хутгаж гарах нь тэр. Ёс жудаг, уламжлал бүхэн уланд дэвслэгдэв.
“Тунгалаг Тамир” кинон дээр морь унаж, өнгө бүтэн дээл өмссөн Галсан таг согтуу Итгэлт баян дээр давхин ирээд “Чи муу Фийдаал, чамайг миний цусыг сорж байсан хувалз мөн гэж улаан хувьсгалч Жамц гуай надад хэлсэн” хэмээн ташуураа гозолзуулан, шүлсээ үсчүүлэн агсам тавьж байдаг даа. Чухам Галсан л хэлж буйгаас биш уг нь их үнэн үг л дээ. Гэхдээ, Итгэлт хууль ёсны хамжлагын эзэн биш, суман эр боловч эр сайнд Галсан, Дулам, Эрдэнэ, Долгор мэтийг хамжлагачлах хэмжээнд очсон нэгэн. Гэвч юутай ч ийнхүү наян юм болж байж хамжлагат ёсыг халж чадсан байна.
 Хожмын 1932 оны эсэргүү бослого ч, 1926-1932 он хүртэл үргэлжилсэн баруун, баруун өмнөд хил даван нүүсэн ард иргэдийн дүрвэлт ч мөн энэхүү хамжлага ёсны тэмцлээс ихээхэн улбаатай болно.
Ингээд хамжлагат ёсыг халсны хамгийн том илрэл нь Засаг захиргааны шинэчлэл байв.
1922 онд явуулсан хүн малын тооллого ёсоор 81 хошуу байсныг жижиглэн 433 сум, 1339 баг, 6935 аравт болгов.
1923 оны 10 сарын 19-ны ЗГ-ын шийдвэрээр хуучин халх 4 аймаг, 2 хязгаарыг 5 аймаг болгоод, хуучин ханы нэрээр дуудагдаж байсан аймгийн нэрийг уул хайрханы нэрээр өөрчлөн нэрлэв.
Сэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг гэх мэтээр. 1924 онд дахин засаг захиргааны шинэчлэл хийж 641 сум, 2045 баг, 10268 аравт болгон жижиглэж шинээр зохион байгуулав.
Төр засаг нь хүн ардад ойртох үүднээс ийнхүү олон жижиглэжээ.
Нөгөө талаар, хуучин хамжлага, зарц байсан ардууд ч ихэс ноёдын адил засаг мэдэлцэх эрхтэй болж, хошуу, аймгийнхаа чуулганыг буюу одоогийнхоор ИТХ-ыг анх удаа чөлөөт сонгуулиар бүрдүүлсэн байна. Энэ чөлөөт сонгуулиар сонгогдсон хошуу чуулганы төлөөлөгчид дотор хамжлагын эзэн нь хамжлага явсан эртэйгээ зэрэгцээд тууж явсан тохиолдол элбэг байжээ. Мэдээж хэрэг анх удаагаа чөлөөт сонгууль өгч үзсэн ард түмэнд алдаж онох зүйл бишгүй, сонгуульдаж суралцах хугацаа хэрэгтэй байсан хэрэг. Өнөө ч бид сонгуульдаж бүрэн сайн сураагүй 25 жил болчихсон байхад зуун жилийн өмнө нөхцөл байдал ямар байсныг төсөөлөхөд хялбар...
Мөн 1924 онд анхны Ардчилсан үндсэн хуулиа батлав. Шинээр байгуулагдсан аймаг сумдын нэрийг хан, ван, гүн, бээсийн нэрээр нэрлэгддэг байсныг өөрчлөн сольсон нь хамжлагат ёсыг бүрэн халсныг зарлан тунхагласан, ардын ардчилсан төрт ёсны үйл явц эргэлт буцалтгүй эхэлсний хэрэг байлаа. Өөрөөр хэлбэл, Ахай гүний хошуу гэхээр тэр хошууныхан бүгдээрээ Ахай гүний үе уламжилсан хамжлага хошуу болж таарна. Мэдээж хэрэг тэр хошуунд хамжлага бус суман ардууд буй ч, засаг ба засаг бус ноёд тайж нар бараг бүгдээрээ хамжлагатай байж. Харин Ахай гүний нэрийг халж, нутаг орны уул хайрханы нэрээр өөрчилсөн нь хамжлага ёс байхгүй болсныг бүрэн илэрхийлнэ. Энэ бол их үйл явдал, том дэвшил. Чухам хамжлагыг халж чадсанаараа л 1921 оны хэрэг явдал нь жинхэнэ утгаараа нийгмийн дэвшлийг авчирсан үндэсний ардчилсан хувьсгалын шинж чанартай болж байгаа юм. 1911 онд хувьсгал гараагүй юм шүү. Тэр бол тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан их үйл хэрэг, шинж чанарын хувьд өөр. Тусгаар тогтнол бол анхдагч суурь, өөрөөр хэлбэл үндэсний тусгаар тогтнолгүйгээр нийгмийн дэвшил болох боломжгүй.

 ***

 Өнгөрсөн 2014 онд улсын хэмжээгээр 120 орчим сум 90 жилийн ойгоо нижгэр хийж, улсын төсвөөс 2 тэрбум, нийтдээ 90 гаруй тэрбум төгрөгөөр найрлаж цэнгэн өнгөрөөсөн билээ. Энэ бол угтаа монгол түмэн хамжлагат ёсыг халсныг баталгаажуулсны ой байлаа. Зүгээр нэг сум байгуулагдаад байсан төдий ой биш юм. Харамсалтай нь хэн ч энэ түүхэн үйл явдлыг дурссангүй. Бүр сонирхсон ч үгүй. Ганцхан их нийтлэлч Баабар л “Нэрээ сольсны 90 жилийн ойн баяр” гэсэн нийтлэл бичив. Гэвч Баабар ахайтан хамжлагыг халж, нийгмийн дэвшил хийсэн тухай дурссангүй. Бодвоос улс төрийн учир шалтгаантай биз. Өрсөлдөгч намаа үзэл санаа, суртал, түүхийн хувьд бүрэн дарж авахын тулд, 21 оны хувьсгалын ач холбогдлыг бүдгэрүүлж, 90 оныхыг мандуулахын тулд хийсэн ээлжит тархи угаалтынх нь нэгэн хэсэг, эх түүхээ намууд хувьчилж аваад явцуу эрх ашигтаа нийцүүлэн тайлбарладгийн нэгэн илрэл байх. Түүнээс Баабар шиг том мэдлэгтэн энэ мэтийн зүйлийг мэдэхгүй байх учиргүй. 120 гаруй сумын хэдэн зуун мянган иргэд зөвхөн “Нэр сольсон”-ы төдийд зуны турш баярлан наадсан болж таарах нь. Хөөрхөн даажигнал...
Гэвч энэ даажигнал биш бололтой. Хамжлагат ёсыг дахин сэргээх хүсэл сонирхол улс төр, бизнесийн тодорхой бүлэглэл, давхраад бий ба тэд энэ түүхэн үйл явдлын 90 жилийн ойг “Нэр сольсон” төдий утга агуулгатай болгон дүйвүүлэн өнгөрөөхийг хүссэн юм биш байгаа.

Ингэж сэжиглэх үндэслэл хангалттай байна. Тухайлбал,
- Нийгмийн доторхи баян ядуугийн ялгаа улам ихэссэн, нэг талаас дээдэс нь доодсоо хүний зэрэгт үл үзэн гадуурхах, нөгөө талаас доодос нь дээдсээ үзэн ядах, зэрэг зиндаачлах, ангичлах хандлага илэрхий ажиглагдах болсон,
- Залуус хичнээн хичээж хөдөлмөрлөвч амьжиргаагаа дээшлүүлэх боловж хомс, тиймээс хөдөлмөрлөх сонирхол сул, харин хялбараар мөнгө олох арга зам хайх болсон. Дээдэс анги монголчуудыг ажил хийж сураагүй, чадваргүй залхуу гэдэг. Гэвч гадаадад гарсан монгол залуус монгол хүнд ямар чадвар, нөөц байдгийг илтгэн харуулсаар байгаа.
- Арилжааны банкнууд дахь нийт хадгаламжийн 95 хувь нь нийт хүн амын 2-хон хувийн мэдэлд байдаг,
- Гадаадад буй оффшор данснууд руу манай дотоодын нийт бүтээгдхүүнтэй тэнцэх хэмжээний их баялаг урсан орсон,
- Эдийн засгийн хямралын хамаг ачааллыг нийгмийн үнэмлэхүй олонхи болсон дундаж болон доод давхарга үүрч, ширвэгдэж, харин 2 хувьд нь энэ хямрал харин ч ашигтай байх магадлалтай болсон, хөрөнгөлөг хэсэгт монгол орон, монголын ард түмэн ашиг орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгсэл төдий болсон,
- Төр феодалжсан. Өөрөөр хэлбэл төрд зөвхөн хөрөнгө мөнгөтэй хүмүүс гарч, төрийн эрх мэдлийг хөрөнгө мөнгөө арвижуулах арга зам болгон ашиглах байдал улам бүр даамжирч байгаа,
- Намууд илээр сөргөлдөвч, далдуур нэг түрийвчтэй, нэг ашиг сонирхолтой болсон,
 - Нам, эсвэл аль нэгэн эрх мэдэлтэн дагаж, нөгөө юуг нь долоож, биеэ үнэлэн аж төрөх, баялагт хүрэх гэсэн хачин эрэмдэг эрмэлзлэл залуусын дунд түгээмэл болсон,
- Сонгогч олон түмнийг зөвхөн санал өгөгч амьгүй объект гэж хардаг үзэгдэл газар авч, саналыг нь хуурч, залилж, хошгоруулж байж авах явдал ужгирсан.
 - Цөөн хөрөнгөжсөн хэсгийн үнэмлэхүй олонхи нь баялаг бүтээж бус, авилга, луйвраар хөлжсөн,
- Эрх мэдэл, авилга хоёр нэг зоосны хоёр тал болсон,
- Хөрөнгөлөг хэсэг, уул уурхай, спирт-архи пивоны томоохон компаниуд, тэр ч бүү хэл төр нь ч ард түмнээ соён гэгээрүүлэх талаар санал санаачилга гаргадаггүй, олон түмнийг харанхуй, мэдлэггүй, улс төржсөн, талжсан, эв нэгдэлгүй байлгах сонирхолтой,
- Шударга ёсны хэм хэмжээ алдагдаж, хууль шүүх хөрөнгөтэй, эрх мэдэлтэй талд илэрхий үйлчилдэг болсон,
 - Хамгийн сүүлд эгэл жирийн ард олон талхныхаа мөнгийг хугаслан байж татвараа төлж байхад татварын өршөөлийн хуулиар зуу зуун саяар нь татвараа нуусан том компаниудыг буюу хууль тогтоогчид маань өөрсдийн, эсвэл өөрийг нь болон намыг нь ивээн тэтгэгч томоохон компаниудыг татвараас чөлөөлөх санаачлага гарган улайран зүтгүүлж байна. Эдгээрийг шинэ цагийн зүсээ хувиргасан далд хамжлагачлалын шинж гэж хэлж болно...

Шинж тэмдгүүд улам бүр даамжирч, олон түмэн хичнээн махран хөдөлмөрлөвч амьжиргаа нь өдрөө аргацаахаас илүү гардаггүй, хөдөлмөр хөлс нь цөөн тооны улс төр, эдийн засгийн бүлэглэл, олигархийн халаас руу доллар болон гоожсон тийм нийгэм, эдийн засгийн бүтэц бий болбол улс орны ирээдүйн хөгжлийн тухай ямар ч найдлага байхгүй болно.

 “Их салхи нижигнэн хөдөлбөл хөдөлтүгэй” гэсэн хүчирхэг уриа дуудлага тийм ч их хүсээд байх зүйл биш билээ. Тэр их салхийг урин дуудаад, эцэс нь “Бясаанаасаа салах гээд байшингаа шатаачихдаг” эмгэнэлтэй, тохуутай явдал болчихгүй л байгаасай. Түүнээс өмнө дээр дооргүй ухааран сэхээрч, зам мөрөө засах боломж уг нь бүрэн бий дээ.

Б.Номинчимэд 2015.1.27

Saturday, January 24, 2015

Монголчууд ба Ном...

Монголчууд бид дэлхийд нэг бол цойлон манлайлна, нэг бол баян ходоод болж сүүл хамдаг өвөрмөц онцлогтой.
Жишээлбэл, бид ДНБ-ийн өсөлтөөрөө дэлхийн 200 гаруй улс орнуудын дунд гэнэтхэн цахиур хагалж гайхуулсан.
- ДНБ-ий цэвэр өсөлтөөрөө 2011 онд II байрт, - 2012 онд III байрт,
 - 2013 онд IV байрт жагсан манлайлав.
 - Харамсалтай нь энэ өсөлт зөвхөн тоо төдий, хий хоосон хөөс, уул уурхайгаас 100 хувь хамаарсан байсны гор гарч 2014 онд огцом хойш шидэгдэв.

 Бас зарим үзүүлэлтээр баян ходоод болчихож.
 - төсвийн алдагдлаараа хойноосоо VIII,
- инфляцийн өсөлтөөрөө мөн хойноосоо VII,
 - хамгийн бага үйлдвэрлэл явуулаад хамгийн их хүлэмжийн хий гаргадаг орны хойноосоо V,
- гадаад худалдааны алдагдлаараа хойноосоо III, - авилгалд идэгдсэнээрээ хойноосоо II,
  - эдийн засаг нь ашигт малтмалаас хамаарах үзүүлэлтээрээ бол бүр хойноосоо НЭГДҮГЭЭРТ жагсана.
- хорт хавдраар нас баралтын хүн амд харьцуулсан тоогоороо НЭГДҮГЭЭРТ,
 - нийслэл нь агаарын бохирдлоороо НЭГДҮГЭЭРТ... гм.
ДНБ-ий хэт өсөлт маань ямархан хуурамч байсныг эдгээр баян ходоод болж буй үзүүлэлтүүд илтгэнэ. Тэгэхээр дан ганц ДНБ-ийн өсөлтөд хууртагдан хөөрөөд байх нь гэнэн хэрэг болох нь ээ. Сайн талаараа нэгд орох үзүүлэлтэд, тухайлбал,
 - тэмээний ноосны үйлдвэрлэлээрээ,
- хонь ямааны махны хэрэглээгээрээ,
- хүн амд ногдох төсвийн албан хаагчдийн тоогоороо,
- нэг хүнд ногдох ТВ, хэвлэлээрээ дэлхийд тэргүүлдэг байна.
- бас нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээ, ашигт малтмал зэрэг олон зүйлсээр дэлхийд дээгүүрт орно.
Гэвч харамсалтай нь тэргүүлж буй эдгээр үзүүлэлтүүд улс орны хөгжлийн амин чухал хүчин зүйлс хараахан биш юм. Ер нь ч улс орны хөгжил, дэвшил гэдгийг зөвхөн эдийн засгийн байдлаар нь авч үздэг хандлага нь ч ихээхэн өрөөсгөл болно. Тухайн улс үндэстний боловсролтой, соёлтой, оюуны өндөр чадавхитай, идэвхтэй, бүтээлч чадварлаг байдал, товчхондоо соён гэгээрсэн түвшин бол хөгжлийн нэн чухал үзүүлэлт, хөшүүрэг юм.
Байгалийн арвин их баялгаа үр ашигтай ашиглах чадвар, мэдлэггүй бол, оюуны соёлын түвшин сул дорой, эв нэгдэлгүй байх аваас, ялангуяа овтой зальтай, шуналтай хүмүүсийн бэлэн сайхан амлалтад гэнэн хонгороор мансууртлаа хууртагдан тэднийг төрийн эрх барих байгууллагад ээлж дараагүй сонгосоор байх юм бол өнө эртнээс заяаж, өвөг дээдэс маань цус нулимсаараа ариулан дархалж ирсэн тэр их баялаг бүхнийг бид хэдхээн жилд савируулан үр ашиггүй үрж дуусгах болно. Ер нь ч нөхцөл байдал тэр талруугаа хэлбийж байгаа. Байгалийн их баялагтай байх хэрээрээ ядуурлын балчигт улам бүр шигддэг Хар Африкийн зарим орнуудын жишээг сүүлийн жилүүдэд хангалттай дурдан ярилцсан боловч харамсалтай нь өнөөдөр бид өөрсдөө тэдний унасан харанхуй нүхний амсар дээр тулж ирчихээд байна.
Юу юугүй гулсан унахад бэлэн байдалтай. Энэ юутай холбоотой вэ гэхээр, өнөөгийн монгол үндэстний өөрсдийгөө авч яваа байдал, итгэл үнэмшил, соёл боловрол, мэдлэг чадвар, ухаарал сэхээрэлтэй шууд холбоотой. Түүнээс биш дан ганц төрд гарсан хэдхэн хүмүүсийн алдаа биш. Яагаад гэвэл бид өөрсдөө тэр хүмүүсийг сонгож гаргасан шүү дээ. “Ямар ард түмэн байна, тийм л удирдагч байдаг” гэдэг нэг гашуун ёж үг байдаг даа. Тэгээд боловсрол, оюуны түвшин, соёлжиж гэгээрснээрээ монголчууд бид дэлхийн улс түмнүүдийн альхан зэрэгт явж байна вэ гэдгийг сонирхон, зарим нэгэн баримтууд сөхөж үзлээ.
Хэдийгээр боловсрол, оюуны түвшинг яг таг гаргачихсан статистик байдаггүй ч ямар нэгэн хэмжээгээр илэрхийлж болох баримтууд бас байна. Монголчууд бид оюуны чадавхи буюу IQ-ээрээ дэлхийн улс түмнүүдийн цээжинд, IV-VIII байрт байгаа нь байгалийн баялгаас илүүгээр хөгжлийн асар их нөөц буйг харуулна. Мөн хүн амтай нь харьцуулбал хамгийн их хүн гадаадын их дээд сургуульд сурдаг 8 дахь улс аж. Энэ бас сайн л үзүүлэлт. Харин хүн амд ногдох их дээд сургуулиуд, тэнд суралцагсадын тоогоороо зарим өндөр хөгжилтэй орнуудаас тэргүүлдэг ч энэ үзүүлэлтийг сайнд тооцоход эргэлзээтэй. Учир нь манай их дээд сургуулиудын чанарын стандарт дэлхийн дундаж түвшингээс хол доогуур буй. Соён гэгээрлийг илэрхийлэх нэг чухал үзүүлэлт бол бичиг үсэгт тайлагдсан явдал. 100 хувь нь бичигт үсэгт тайлагдсан үзүүлэлтээрээ бид нэгэн цагт дэлхий дахинаа гайхуулж, ЮНЕСКО-гийн батламж авч байсан үе бий.

Харин одоо хойш хол ухарсаан. 2013 онд ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэн 180 гаруй орны дунд явуулсан судалгаагаар Монголчууд бид 97.4 хувийн үзүүлэлтээр 58 дугаарт оржээ. Дэлхий дахины дундаж 84.1 хувьтай харьцуулахад бас ч яахав. Өнөөдөр дайн байлдаантай, дотоодын гүнзгий хямралтай байгаа ихэнх улсуудад бичиг үсэгт тайлагдсан байдал дэлхийн дунджаас ихээхэн доогуур байдаг аж. Тухайлбал, Афганистан 28.1 %, Сиерра Лион 35.1%, Өмнөд Судан 27%, Мали 27.7 %, Нигер 28.7 %, Сенегал 39.3 % байна. Харин тогтвортой нийгэм, тогтвортой хөгжил бүхий улс орнуудад харьцангуй өндөр буюу Финланд, Норвеги, Люхсенбург улс 100%, Белги, Канад, Дани, Герман, Япон, Швед, Швейцарь, Англи, АНУ зэрэг улс 99 % бичиг үсэгт тайлагдсан байна. Хуучин соц системийн орнуудын үзүүлэлт их өндөр, Куба 99.8%, Орос, Гүрж 99.7%, Казах 99.5%, Латви 99.8% гэх мэт... Соён гэгээрлийн бас нэн чухал үзүүлэлт бол ард түмний НОМ УНШИХ, номд хандах явдал юм.

NOP Судалгааны байгууллагаас дэлхийн ард түмнүүд долоо хоногт хэдэн цагийг ном уншихад зарцуулдаг вэ гэсэн сонирхолтой судалгаа хижээ. Иргэн бүр нь долоо хоногт ядаж 10 цаг 42 минут ном уншдагаараа энэтхэгчүүд энэ жагсаалтыг тэргүүлж, 9 цаг 24 минутаар тайландууд, 8 цагийг ном уншиж өнгөрөөдгөөрөө хятадууд удаалжээ. Бидний их уншдаг гэж ойлгодог оросууд 7 цаг 6 минутаар 7 дугаарт орсон бол, швед, франц, унгарчууд араас нь жагссан байна. Нью-Йорк, Чикаго, Вашингтоны метрод яваа гурван хүний хоёр нь ном дэлгэчихсэн харагддаг, номын дэлгүүр нь хүнсний дэлгүүрээс илүү хөлтэй байдаг америкчууд гэхэд долоо хоногт 5 цаг 42 минутыг ном уншиж өнгөрөөдгөөрөө 22 дугаар байрт байна. Харин энэ жагсаалтын дэлгэмэл зургаас үзвэл долоо хоногт 3 цагийг ч номд зориулдаггүй ард түмнүүд болох африкууд, Латин Америк болон Афган, Пакистан зэрэг Дундад Азийн орнуудтай нэг түвшинд бид байна.
Бид тийм түвшинд уншдаг ард түмэн юм уу? Тийм гэдгийг бататгах зарим нэгэн баримтууд ч байна.

 2007 оны үзүүлэлтээр Англичууд нэгхэн жилд 2 478 сая фундстерлингийн үнэ бүхий 338 сая ном худалдан авчээ... Англичууд 61 саяулаа. Англи хүн бүр нэг жилд дунджаар 40.6 фундстерлингийн үнэ бүхий 5.6 ном худалдан авсан байна... Манай ханшаар бол хүн бүр жилд 116 мянган төгрөгөөр ном худалдан авчээ. Энд нэг настай балчираас 100 настан нь хүртэл орно. Хүн бүр нь долоо хоногт 5:18 цагийг ном уншиж өнгөрөөдгөөрөө 26 дугаар байрт жагссан Английн ард түмэн шүү дээ. Энэ үзүүлэлтийг монголчуудтайгаа дүйлгэж үзвэл, өөрөөр хэлбэл монгол хүн бүр жилд 5.6 ном худалдаж авдаг гэж үзвэл 16.8 сая ном худалдан авах нь. Гэтэл манай номын зах зээлд жилд ЕБС-ийн сурагчдын сурах бичгийг оролцуулахгүйгээр 750-900 мянга орчим ном зарагддаг гэсэн тойм тоо байдаг ба монгол хүн бүр жилд дунджаар 0.27 ширхэг ном худалдаж авдаг байна. Англичуудтай харьцуулахад бид даруй 20 дахин бага байна.

 2014 оны байдлаар 16-аас дээш насны америкчуудын 23 хувь нь ямар ч ном уншаагүй, 31 хувь нь 1-5 ном уншсан, 17 хувь нь 6-10, 28 хувь нь 11-ээс дээш ном уншжээ. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн америк хүн бүр жилдээ ядаж 5 ширхэг ном уншжээ. Тэдний арван хүн тутмын долоо нь /69 хувь/ сүүлийн 12 сард шинээр хэвлэгдсэн шинэ ном уншжээ. Мөн насанд хүрэгчдийн 28 хувь нь онлайн ном уншиж, 14 хувь нь аудио ном сонссон байна. Насанд хүрсэн америкчууд жилд бүр 1.25 тэрбум орчим ном, өдөртөө 3.5 сая орчим ном уншдаг байна. Америкчуудын ном уншилтаараа дэлхийд 22 дугаарт орж буй шүү дээ.
АНУ-ын Barnes&Noble, Amazon.com зэрэг номын томоохон сүлжээнүүдээр дамжин нэг жилд 13.4 тэрбум долларын ном худалдаалагджээ. Өдөртөө 37 сая долларын 3 сая орчим ном эдгээр томоохон сүлжээнүүдээр худалдаалагддаг байна. Түүнээс гадна номын жижиг худалдаа америк даяар 84 000 байдаг гэнэ. Америкчууд биднээс 106 дахин олон. Энэ харьцаагаар тооцвол монголд өдөртөө 28 000 ширхэг ном худалдаалагдах нь байна. Энэ тоо бол жилдээ үсрээд л 900 000 ном худалдан авдаг бидний хувьд, ном эрхлэн хэвлүүлэгчид, зохиолч, уран бүтээлчдийн хувьд дэндүү хол мөрөөдлийн тоо билээ.
100 америк хүн жилдээ 537 ном уншдаг бол 100 монгол хүн жилдээ 27 ширхэг ном уншдаг нь мөн л 20 дахин доогуур байна.
Сүүлийн үед манайд шинэ ном олноор хэвлэгдэж, шинэ гарсан бүхнийг уншиж барахааргүй болсон нь үнэн. Гэвч Хятадад гэхэд нэгхэн жилд 200 000 нэр төрлийн ном шинээр хэвлэдэг бол бид нийтдээ 2000 хүрэхгүй нэр төрлийн номтой л сууж байна. Мөн “Интер ном”, Их дэлгүүрийн “Мажестик” номын дэлгүүрүүд байнгын хүнээр дүүрэн байдаг болсон ч энэ бол 1 сая 200 мянган хүн амтай их хотод буй хоёрхон л цэг шүү дээ. Ядахдаа 20 цэгт ингэж бужигнаж байдаг бол өөр хэрэгсэн. Өнгөрсөн оны зун Алтай хотод очоод номын дэлгүүр хайж гурав тойрсон ч олоогүй. 17 мянган оршин суугчтай Алтай хотод ерөөсөө номын дэлгүүр байдаггүй юм билээ. Ийм байдал ихэнх аймгуудад бий. Өнөөдөр манай хүүхдийн номын зах зээл дээр бүх насны хүүхдийн 250 орчим төрлийн ном бий бөгөөд нэг жилд 54 000 орчим ширхэг худалдаалагдаж байна.
 Гэтэл монгол маань нэг сая гаруй хүүхэдтэй, түүнээс 518 мянга нь сургуулийн насны хүүхэд шүү дээ. 100 хүүхдийн 6 нь л жилдээ нэг ном худалдан авч уншиж байна гэсэн үг. Ийм байхад ард түмний соёлжиж, гэгээрсэн гэж үзэх үү. Өнгөрсөн онд сэтгүүлч Д.Төрмөнх “Монгол хүн ном умшдаггүй юм уу” нийтлэлээрээ эл нүүр халаам, сэтгэл шимшрэм асуудлыг ултай өлгөн бичсэн билээ. Тэнд дотоодын номын зах зээлийн талаар нэлээд нарийн мэдээллүүд бий. Ном эрхлэн хэвлүүлэгчид нэг номыг дунджаар 500 ширхэгийг л хэвлүүлдэг гэдэг. Мэдээж хэрэг 10-20 мянган хувь хэвлэгдсэн ном бий ч тэр нь гарын арван хуруугаар тоолчих хэмжээний цөөхөн. Соц үед монголчууд бас ч гэж чамлахааргүй уншдаг байсан. Доод талын номыг 3000 ширхэгээр хэвлэдэг, ихдээ 50-60 мянга, дунджаар 10-20 мянган хувиар хэвлэдэг байжээ.
 Соц үеийн номын төлөвлөгөөнд орж хэвлэгдсэн хамгийн сүүлчийн ном болох зохиолч Д.Энхболдын “Соёо” туужийн ном 15 000 ширхгээр гарчээ. Олон ч төрлийн ном хэвлэгдэж, сум, сургууль, дүүрэг бүрийн номын сангууд дүүрэн байдаг байлаа. Тэр бүх ном 1990-ээд оны дажингийн үеэр хаягдал цаас болон хятад руу вагон вагоноороо ачигдсаныг бид нүдээрээ харсан билээ. Сүүлийн 20 гаруй жил ахуйн дарамт, ширвэлт, ёс суртхууны уналт, үзэл санааны төөрөгдлөөс үүдэн ном, соёл гэгээрэл, ухаарал сэхээрлээс монголчууд бид ихээхэн холдон хөндийрсөн. Ард түмний ёс зүй, оюун санаа нэг уруудахаараа огцом, бүр ямар ч хяналтгүй шааригддагийг бид бас харсаан.
Тэр хэмжээгээрээ овтой зальтай хүмүүст боломж олгож ирсэн.
Ф.Достоевскийн “Нийтээрээ үймэн бужигнаж, аль ч учраа олохоо байсан чухам тийм цөвүүн цагт л хамгийн адгийн шаарнууд идэвхжиж, тэсч ядсанаа байж ядан илэрхийлж байдаг ба түмний төлөө гэсэн хосгүй сайхан үгсээр халхавч хийж байгаад бүхий л эд баялаг, эрх мэдлийг хуу хаман ховх сорохыг эрмэлздэг” гэсэн аксиомыг бид өнгөрсөн 20 гаруй жилд хангалттай батлан харуулсан, харцгаасан билээ. Бидний номонд хандах хандлага ч их өрөөсгөл... Ер нь ном ямар хэрэгтэй юм бэ гэсэн байдалтай. Ашгийг шууд утгаар, эсвэл баяр цэнгэл маягаар хардаг. Манай шинэхэн хөрөнгөтнүүд, ялангуяа уул уурхайн томоохон компаниуд, архи пивоны үйлдвэрийнхэн бол номонд хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг ер хүлээн зөвшөөрдөггүй, бараг нүгэл мэт бодно. Аль нэгэн хамтлаг, бөхийг төдөн сая төгрөгөөр ивээн тэтгэлээ, жийп, байраар шагналаа гэх боловч зохиолчийг, уран бүтээлийг ивээн тэтгэлээ гэсэн зүйлийг энэ хугацаанд бараг л сонссонгүй
 Гэхдээ одоо эргээд сэргэж байна.
Монгол түмний оюун санаа эргэн ирж буйн нэг үзүүлэлт нь номонд хандах хандлага 1990-ээд оны эхэн үетэй харьцуулахад бараг 20 дахин, 2000 оны үетэй харьцуулахад 10 дахин сэргэж буй явдал болно. Төрөөс нь ихэд анхаарч, “НОМ” гэсэн сайхан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Гэсэн ч дэлхийн хөгжингүй орнуудын энд хүрэхэд дэндүү хол хоцорчээ. Муу бүхний жишээ болдог Африкийн түвшинд л байна шүү дээ. Нэгэн үеэ бодвол эдийн засаг сэргэж, айл бүхэн шахуу машинтай болжээ. Гэхдээ айл бүхэн номын сантай болсон уу? Уг нь бид язгуураасаа тийм ч харанхуй, мунхаг ард түмэн биш юмсан. Номыг гурван чухаг эрдэнийн нэгд эрхэмлэн дээдэлдэг, өөрсдөө хөдсөн дээл хөдөрдөгч ном судраа торгоор баринтаглаж, алт, эрдэнэсээр чимдэг ард түмэн билээ. Ер нь номоос ангидаар соён гэгээрэлд, оюун сэхээрэлд хүрэх боломжгүй, соён гэгээрэлгүйгээр хөгжил, нийгмийн баттай дэвшилд хүрнэ ч гэж үгүй. Соён гэгээрлээс ангид хөгжил дэвшил хэрвээ буй гэвээс тэр лавтай мутацид орж, гажуудсан, тун удахгүй өөрөө өөрийгөө дотроосоо мэрж мөхөөх тийм л хөгжил биз ээ. Б.Номинчимэд 2014.1.24

Tuesday, January 13, 2015

Коростовецийн хөшөөнд цэцэг өргөдөг өдөртэй болоё

Бууриа олоогүй хөшөө Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/ -ийн үүдэнд оросуудын хувьд байдаг л нэг дипломатч Коростовец гэдэг нөхрийн хөшөө байх нь даанчиг зохимжгүй, зохиогүй чимэг шиг харагдах аж. Коростовецийн хэмжээний генерал, дипломатч орост хар мянгаараа бий. Уг нь РЦНК бол орос үндэстний соёлыг энэ монгол оронд сурталчлан түгээх гол төв, бэлгэ тэмдэг нь шүү дээ. Энд оросын оюун санаа, соёлын аугаа их аваргуудын хэн нэгнийх нь хөшөө яагаад босоогүй юм бол...???
Пушкин, Толстой, Достоевскийгоос эхлээд Орос түмнийг дэлхийд төлөөлөх аваргууд зөндөө. Гэтэл хатуухан хэлэхэд тэдний дэргэд хэн ч биш Коростовец... Тэр хавиар очсон хүүхэд залуус буруу газар хөшөөг нь босгочихсонд бухимдаж уурласан мэт ширүүн яхир төрхтэй тэр нөхрийн хөшөөг хараад “Энэ хүн бол оросын утга соёлыг бүрэн төлөөлдөг юм байна” гэж ойлгоцгоох нь... Ийм гаж ойлголт өгөхийг Оросууд лав хүсээгүй биз. Тэгвэл хэн хүссэн юм бол...? Монголын ард түмэн ч бас хүсээгүй. Өнгөрөгч 2014 оны хаваржингаа энэ хөшөөг босгохыг эсэргүүцсэн шуугиан Монголын нийгэм даяар болсон билээ. Эгэл ардаас нь эхлээд сэхээтнүүд, түүхч, судлаачид гээд нийгмийн нэлээд өргөн давхаргынхан эсэргүүцсэн. Зууны нийтлэлч Баабар, тэр ч бүү хэл албан ёсны ШУА нь хүртэл эсэргүүцэгчдийн талд байж, байр сууриа тодорхой илэрхийлж байсан санагдана. Гэвч Ардчилсан засаг маань буруу ишилсэн сүх шиг мугуйдалсаар уг хөшөөг босгуулсаан.
Монголын ард түмний хөрөнгөөр босгосон энэ хөшөөний нээлтийг өнгөрөгч оны есдүгээр сарын эхээр хийжээ. Путиныг манай оронд айлчлах үеэр... Харин Путин тэр хөшөөг ёстой муу нүдээрээ ч хялайж хараагүй. Коростовец гэдэг хүний хөшөө оросуудын хувьд юу юм, юу ч биш... Тэр тусмаа төрийн тэргүүний хувьд... Уг нь монголын ард түмний хөрөнгөөр РЦНК-ийн өмнө Пушкины хөшөөг босгочихсон байхад ер болохгүй юм үгүй билээ. Их Пушкинийх нь хөшөө бужгар толгойлчихоод тэнд зогсож байх аваас утга хийгээд мөн чанар нь ёстой сайхан зохицохсон.
Тэр бол оросын оюун санаа, соёлынх нь бэлгэ тэмдэг. Нөгөө талаар Монголын нэг бус хэд хэдэн үеийнхэн Пушкиний уран бүтээлээс хар багаас уншиж, цээжилж, танин мэдэж, оюун санаагаа тэлж ирсэн нь бодит түүх. “Алтан загасны үлгэр”, “Салтан хааны үлгэр”-ээс эхлээд “Дубровский”, “Ахмадын охин”-ийг нь мэдэхгүй монгол хүн бараг л байхгүй байсан даа. “Евгений Онегин”-ийг нь, энэ зохиолоор хийсэн дуурийг нь Монгол төдийгүй дэлхий мэддэг. Мөн ХХ зуунд оросын шууд оролцоо, нөлөөгөөр бид барууны соёлтой танилцаж, соён гэгээрлийн үрээс бишгүй их хүртсэн билээ. Тиймээс Пушкиний хөшөөг энэ түүхэн үйл явцын бэлгэдэл болгосон ч болохгүй юмгүй. Пушкиний хөшөө ардчиллын үлгэр загвар Америкийн нийслэлийн яг төвд нь, Цагаан ордноос хэдхэн зуун метрийн ард Жорж Вашингтоны их сургуулийн үүдэнд зогсож л байдаг.
 Суурин дээр нь “...И долго буду тем любезен я народу” шүлгийг эх хэлээр нь сийлчихсэн. 2000 онд боссон энэ хөшөөний нээлтэн дээр АНУ-ын нийслэл Вашингтоны мэр ирж, “Пушкин оросуудын төдийгүй хүн төрөлхтний бахархал” хэмээн хэлж байсан санагдана. Энэ нь оросын соёл, оросын оюун санааг Америк оронд хүндэтгэн хүлээн зөвшөөрч буйнх. Жорж Вашингтоны их сургууль бол АНУ-даа нэр хүндтэйд ордог томоохон сургууль, бас америкчуудын бахархал болсон их ерөнхийлөгчийнх нь нэртэй. Гэвч Пушкиний хөшөө тэнд зохисон ч, зохицсон ч... Харин энэ Коростовецийн хөшөө яагаад бууриа олоогүй харагдана вэ?

 Хөшөөний улс төр... 

Хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгост Путинийг айлчлах үеэр солонгосчууд Сөүл хотынхоо төвд Пушкиний хөшөөг босгож, нээлтийг нь хийсэн. Путин уг хөшөөний нээлтэд ёслол төгөлдөр оролцсон ба дараа нь болсон хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг ихээхэн амжилттай, солонгосын талд ашигтай болсон гэж Солонгосчууд дүгнэж байв. Оросуудын сэтгэлийн угт байх чагтагыг юугаар доргиохоо солонгосууд мэдэрсэн л байгаа юм. Энэ нь нэг талаас оросын ард түмний соёлд өгч буй хүндэтгэл, нөгөө талаас улс төр.
 Харин Путины сүүлийн айлчлалаас монголчууд их зүйл найдаж горьдож байсан ч ердөө горьдлого л байв. Өмнөд хөршийн тэргүүний айлчлалтай харьцуулахад Путиний айлчлал ёслолын төдий, тэр өөрөө ч их хүйтэн хөндий байсаар явчихсан. Коростовецийн хөшөөнд зарцуулсан хөрөнгө нь 80 орчим сая төгрөг гэсэн. Гэхдээ энд хэдэн төгрөгөөр босгосон нь огтоос чухал биш. Энэ хөшөөг босгосны цаадах улс төр, сургамж нь хамгаас чухал... Ингэхэд яагаад Коростовецийн хөшөөг босгох болов гэхээр Улаанбаатар зочид буудлын өмнөх Лениний хөшөөг буулгаснаас хамаг юм эхэлжээ. Хуучин нийгэмтэй эвлэршгүй тэмцэгч, үзэн ядагч, экстремист, необольшевик Бат-Үүл баатар маань хотын мэр болмогцоо хийсэн “ардчилсан” алхмуудынх нь нэг. 90-ээд оны эхээр Оросуудыг хүний үнэргүй хөөн гаргаж, Сталиных нь хөшөөг нураасан. Тэр цагаас хойш манай хоёр орны харьцаа хүйтэрч, бүрэн гэсээгүй байв. Гэтэл нэмээд бас нэг хөшөөг нь нураагаад хаялаа. Зүгээр ч нэг чимээгүйхэн нураачихсангүй, хотын мэр нь ялсан баатар шиг очиж, ял өгч донгодож байгаад нурааж, нэгэн байгууллагын хашаанд толгойгоор нь уруу харуулаад хаяж орхисон. Мэдээж хэрэг оросуудад энэ таалагдаагүй нь нэн тодорхой. Тэр ч бүү хэл баатар дарга маань хэт баатарлаж, Ленинийг муулахдаа, түүний үзэл санаанд “үнэнч” гэж өөрсдийгөө үзсээр байгаа Хятадын Коммунист намыг давхар баалж орхижээ.
Үүнийхөө төлөө Хятадын элчин сайдын Яаман дээр очиж уучлал гуйлаа гэсэн мэдээлэл тухайн үеийн хэвлэлээр үзэгдээд өнгөрсөн. Үнэн байх. Юутай ч хятадууд нүдэн балай, чихэн дүлий өнгөрсөнгүй бололтой. Ер нь өөр улсын хэн нэгний хөшөөг өөрийн улс орондоо хүндэтгэн зална гэдэг нь дипломат ёсонд хүндэтгэл, найрсаг хандлагын илрэл болж байдаг. Ийм зүйл дэлхийд нэн түгээмэл. Соц-ийн үед бид Орост найрсаг хандаж буйнхаа илрэл болгож Ленин, Сталин, Немой, Шастин, Төмөрбаатар жанжин гэх Штенкин зэрэг олон хүний хөшөөг босгосон нь тэр цаг үеийн түүх. Тэр түүх, түүх хэвээрээ үлдсэн. Өнөө хэчнээн нураагаад, нулимаад нэмэргүй, нэгэнт болоод өнгөрчихсөн. Тийн болоод өнгөрчихсөн түүхийг засаж болдоггүй, зөвхөн сургамж л авдаг, бас заримаас бахархал, эрч хүч, маргаашийнхаа чиг хандлагыг ч авдаг.
Хэрвээ Чингис хааны хөшөөг аль нэгэн оронд, тухайлбал Орост юм уу, АНУ-д босголоо гэхэд тэр ард түмэн, ялангуяа тэр орны төр нь их хааныг маань бүдүүлэг хэрцгий байлдан дагуулагчаас огт өөрөөр харж буйн илрэл. Мөн монголчууд бидэнд хандаж буй хүндлэл ч болно. Харин өмнөд хөршид олноороо босч буй Их Хааны маань хөшөөнүүд бол утга агуулга, цаад зорилгоороо огт өөрийг өгүүлдэг. Түүнд бид баярлахаас илүүгээр болгоомжилж, сэрэмжлэх учиртай. Энэ бол өөр түүх, өөр зорилго. Ер ийм хандлага ганц өмнөд хөршид ч бус бас бус зарим нэгэн орноос харагдаж буй. Үүний эсрэгээр хэн ч бай, тухайн улс үндэстнийх нь хүний хөшөөг буулгана гэдэг тэдэнд, тэр улсад шулуухан салаавч өгч буйтай адилхан зүйл. Өнгөрсөн онд Укрианд боссон Майданчууд юу юуны өмнө Лениний хөшөөнүүдийг нураасан нь Орос орны өмнөөс, оросын ард түмний өөдөөс гаргасан том салаавч байв.
Тэгээд зогсохгүй Укрианы нэгэн хэсэг нь болсон Крымын хойг болон Донекц, Луганскийн хэдэн сая оросуудын өмнөөс гаргасан салаавч, “та нарт бид ингэж л хандана шүү” гэсэн сануулга, улс төрийнх нь бодлогын нэгэн тодорхой илрэл нь байсан. Тиймээс л Крым болоод Донецк, Луганскийн оросууд эрс шийдвэртэйгээр Майданыг эсэргүүцэн боссон билээ. Наанаа шулуун шударга мэт харагдавч, ийм шийдвэр нь бодлогогүй, мунхаг явдал бөгөөд араасаа салж, ангижрахад бэрх уршигт үйл явдлыг дагуулдгийн жишээг бид өнөө Укрианд өрнөж буй үйл явдлаас харсаар л байна. Одоо Монгол руугаа эргэе. Улаанбаатар зочид буудлын өмнөөс Лениний хөшөөг зайлуулж болно л доо, буулгаж ч болно. Гэхдээ олон юм ярилгүй чимээгүйхэн буулгаад, хаа хамаагүй газар хаячих биш тэр РЦНК-ийнх нь өмнө аваачаад залчих ч сүйхээ байсангүй.
Гэтэл бүр яллан донгодож байгаад нураагаад хаячихав. Өт хүртэл биед нь хүрэхээр атирдаг. Оросууд мэдээж хэрэг таг өнгөрсөнгүй нь тодорхой. Үгээр баалуулсан төдий Хятадууд уучлал гуйлгуулж чадсан бол хөшөөгөө нураалгасан Оросууд нэлээд ахиу барьц сонгосон нь мэдээж. Тэд “Ардчилсан төр”-д хүчтэй шахалт үзүүлсний гэрч нь энэ хөшөө болно. Логик утгаараа шууд тэгэж ойлгогдож байгаа. Хөшөөний цаадах улс төр жинхэнэ утгаараа яг энэ цэгээс эхэлнэ.

АН, МАН-ын хорт хавдар...

 Манай хоёр том нам АН, МАН хоёрт архаг, хорт хавдрын шинжтэй, тэвчиж болшгүй нэгэн өвчин байдаг. Энэ бол эх түүхээ хувьчилж аваад талцан улс төржүүлдэг явдал юм. 1921, 1945, 1961 он бол МАН-ын он. 1911, 1990 он бол АН-ын он. Социализмын он жилүүдийг МАН магтаж, харин АН хараан зүхнэ. Ардчиллын он жилүүдийг АН магтаж, харин МАН хараан зүхнэ. АН-ынхан МАН-ыгаа газрын хөрснөөс арчина гэнэ.
Газрын хөрснөөс нь арчихын тулд юуны өмнө түүхэн замналыг нь үгүйсгэж, харлуулах, түүхэн зүтгэлтнүүдийг үгүйсгэн, долоон уулын цаагаар далд ортол хараагаад, оронд нь өөрсдийн цаг үеийн түүхэн зүтгэлтэнг товойлгон тодруулах. Энд ямар ч эрүүл ухаан, эрдэм мэдлэгийн үнэр байхгүй хий хоосон хийрхэл л байна. Тэгээд энэ хийрхэл нь яг л хорт хавдар шиг ард түмний оюун тархийг хордуулан нэн хурднаар түгэн тархана, ийм хороор хордсон ард түмэн хоёр талцан хараалцана. Ард түмэн талцаад зогсохгүй хаашаа ч зайлах, зугтах аргагүй мөнхийн хөршүүдтэйгээ толхилцож, эх орноо ганцаардуулж, тамирдуулж, буланд шахуулах ужиг хэрэг ундарна. Хорт хавдар яг мөн байгаа биз.
 Нөгөө “муур хар байна уу, цагаан байна уу гэдэг нь чухал биш. Хулганаа л барьдаг байх нь чухал” гэдэг шиг хоёр хөрш маань ардчилсан байна уу, коммунист байна уу, дарангуйлагчтай байна уу, тэр бидний хэрэг биш, тэдний дотоод асуудал, харин бид мөнхийн хөршийнхөө хувьд тэдэнтэй найрсаг харилцаж, тэднийг хүлээн зөвшөөрч, үүнийхээ үндсэн дээр өөртөө ашигтай нөхцөлийг бий болгох л явдал.
Түүнээс биш Америкийн үгэнд орж, хоёр хөршдөө ардчилал зааж сургах гэж дөвчигнөх хэрэггүй юм. Өөрсдөө тэр ардчиллаа нядааж орхисноо ч мэдэхгүй. Тэгэх аваас Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэр болно. Ер нь ч хөлөө хөлдөөгөөд л байгаа л даа. Лениний хөшөөг нураачихлаа. Нураах шиг амархан юм байхгүй. Гэтэл хэн нэгэн оросын хөшөөг босгох зайлшгүй шаардлага гарах нь тэр. “Нэгийнх нь хөшөөг нураасан юм бол нөгөөгийнх нь хөшөөг босго”. Тэгэхгүй бол Оросууд сүйд болдоггүй юм аа гэхэд дотроо нэгийг тооцох нь ойлгомжтой... Оросуудын шахалт, санаархалтай АН-ын улс төрийн бодлого ч сайхан таарав. Ёоз ёозоороо, түйз түйзээрээ...

1921 оны хувьсгалыг ивээгч, залуурдагч, 1921 оны Улаан Орос болон Монголын гэрээг санаачлагч МАН-ын Лениний эсрэг АН-ынхан 1912 оны Цагаан Орос болон Монголын гэрээний эх баригч АН-ын талын Коростовецийг сөргүүлэн гаргаж ирэв. Ер нь Коростовецаас өөр хүн үзээд өгье ч гэсэн тэр үед байхгүй юм. Тэгээд Коростовецийг монгол оронд, монголын ард түмэнд хайртай баатар болгон мандуулах аян эхлэв.
Хөлсний түүх бичээчид хэзээд бэлэн байдаг хойно. Коростовецийг Монголын тусгаар тогтнолын суурийг тавилцсан хүн болгон өргөмжлөв. Хятадын савраас салгасан баатар болгон мандуулав. Тэр ч бүү хэл Үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг санаачлагчдийн нэгэн хүртэл болголоо. Хөшөөгөө босгуулах хэмжээний гавьяатан болгож харуулах хэрэгтэй шүү дээ. Харин оросуудад хэн байх нь тийм чухал биш байв уу? Гэвэл үгүй бололтой. Тэд АН-ынхны улс төрийн бодлогыг дэмжсэний цаана далд ёгт санаа байжээ. Гэхдээ үүнийг төгсгөлд нь өгүүлэе. Ийнхүү эх түүхээ тасчин салгаж, улс төржүүлдэг солиотой үзэгдлийн хаялаг дундаас Коростовец хэмээх шазруун, манай ихэс дээдэс хангуудыг хэлэх хэлэхгүй үгээр дуудан доромжилж, тэдний саналыг шалан дээр шидлэн дэвсэлж байсан тэр яхир эрийн аз шовойх нь тэр...

 Коростовец гэж хэн бэ...? 

Лениний хөшөөний оронд Коростовецийн хөшөөг босов. 1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн болон түүний оролцогчдод хөшөө зайлшгүй байх ёстой. Гэтэл тэр цаг үеийн гадаад дотоодын зүтгэлтнүүдээс Коростовец юугаараа илүү билээ? Тухайн үеийн ар, өвөр, буриад, тува гээд нийт монгол түмний оюун санааны нэгдлийнх нь бэлгэдэл VIII Богд Жавзандамбадаа хөшөө босгоогүй шүү дээ. Ханд ван, Дам лам Цэрэнчимэд, Манлайбаатар гээд хөшөөгөө босгуулчих гавьяа зүтгэлтэн нэг хоёроор тогтохгүй олон бий. Гэтэл Коростовецид тэдний өмнүүр оочир дайран орох гавьяа бий билүү. ...
Энэ хүний хэн болохыг, монголын түүхэнд ямар “гавьяа” байгуулсныг нь манай түүхчид хангалттай нотолсон.
Түүхийн хүрээлэнгээс гаргасан илгээлтэд ч, түүхч доктор Д.Өлзийбаярын нотолгоонд ч тэр бүхэн бий. Эдгээрт дурдагдаагүй нэгэн зүйлийг нэмэрлэхэд оросууд өөрсдөө энэ хүний эх барьсан 1912 оны Орос-Монголын гэрээг Дэлхийн нэгдүгээр дайныг хүртэл хийсэн гэрээнүүд дотроос Хаант Орост хамгийн ашигтай “колончлох гэрээ” байсан гэж үздэг юм билээ. Тэгээд энэ гавьяаных нь төлөө урьд өмнө дипломатын албанд консул мэтийн туслах зэрэглэлийн алба хашиж байсан түүнийг жинхэнэ дипломатч-элчин сайд болгож, генерал цол олгон дээдсийн хүрээнд оруулаад, тухайн үедээ нэлээд асуудалтай байсан Перст элчингээр тавьсан байдаг.
Энд бараг дөрвөн аргын тооны үйлдэл мэт маш энгийн нэгэн гаргалгаа харагдана. Хаант Орост хамгийн ашигтай “колончлох гэрээ” нь харин Монголд, бидэнд бол хамгийн ашиггүй “колонийн гэрээ” болох нь нэн тодорхой билээ.
Тэр гэрээ үнэхээр тийм ч байсан ба манжийн савраас дөнгөж салаад байсан монголчуудад тэрхүү гэрээгээ хүчээр тулган хүлээлгэжээ. Өнөөгийн улс төржүүлэн тайлбарлаж буй “хоёр улсын эрх зүйн харилцааны суурийг тавьсан гэрээ” гэдэг үндэслэл бол хөшөө босгуулах хэмжээний гавьяа биш юм. Тэр эрхзүйн харилцаа нь ямар эрх тэгш түвшинд байсныг мэдвэл харин ч шал эсрэгээрээ болно. Тухайн үед Хаант Орос нь 1905, 1907 онд Японд алдсан алс дорнод дахь нөлөөгөө эргүүлж авах, Ази дахинд нөлөөгөө улам түрэхийг эрмэлзэж байсан ба тэр нь Дундад Азид өргөн колончлолыг бий болгосон. Энэ хүрээнд нэгд: монголыг хятадаас өөрийн мэдлийн ашиг сонирхолын түшиц газар болгон салгаж авах, гэхдээ хүчтэй биш байлгах үүднээс ар, өвөр, буриад, туваг нийлүүлэхгүй байлгах. Хоёрт: тэрхүү гэрээгээр монголын уул уурхайн болон МАА-н түүхий эдийн баялгыг нэн хямд үнээр худалдаж авах явдал байсан. Тиймээс л колонийн гэрээ болно.
Хаант Орос болон түүний төлөөний Коростовец нь Монголд, монголын ард түмэнд хайртайдаа тэр гэрээг огтоос хийгээгүй. Хэрвээ тийм сэтгэлтэй байсансан бол 1915 онд Хиагтад огт өөр гэрээ байгуулагдах байв. Чухам Хаант оросын энэхүү нөлөөлөө тэлэх колонийн бодлогыг гялалзтал хэрэгжүүлсэн хүн нь Коростовец билээ. Харин Үүл баатрын хөшөөг нь нураасан тэрхүү Лениний шууд санаачилгаар 1921 онд улаан Орос, Монгол хоёр дахин шинэ гэрээ байгуулсан ба энэхүү гэрээгээр өмнөх Коростовецийн хүчээр тулгасан шударга бус гэрээг хүчингүй болгож, колонийн өр зээлээс чөлөөлж, харьцангуй эрх тэгш түвшинд харилцаа тогтоосон нь маргашгүй баримттай юм. Тухайн үед энэ гэрээнд шинэ тутам байгуулагдсан Зөвлөлийн засгийн эрх ашиг бүрнээ туссан байсан ба ингэхэд эрх ашгаа харилцан хангах гэж л гэрээг байгуулдаг билээ. Юутай ч энэ гэрээ өмнөх гэрээний адил колонийн гэрээ байгаагүй юм. Хожим Коминтернийн бодлого бахь мэт чангарч ирсэн нь өөр учир шалтгаантай явдал хийгээд бидний ярьж буй сэдвээс хазайх болно. Энд түүхэн үнэний тухай асуудал л яригдаж буй бөгөөд аль нэгэн намын эрх ашигт үйлчлэх шалтгаан, шаардлага байхгүйг зориуд онцлон хэлье.

 Хөшөөний ёгт сануулга

 “Тэнэг Иван” гэгддэг ч үнэндээ Оросууд тийм тэнэг улс биш аж. Шинжлэх ухаан, соёлын төвийнхөө үүдэнд шинжлэх ухаан, соёлоос нэлээд хол нөхрийн хөшөөг ажиг ч үгүй босгуулчихсаны цаана айхтар давхар далд ёгт санаа буй мэт. Нөгөө “Харуул занги” кинон дээр манай Зангитан төрийн бэлгэдэл малгайныхаа жинсэн дээр биш төрөлх хар толгой дээрээ хятад цэргийн бага даргаар өндөг хагалуулдаг шиг л дотроо нэгийг бодсон гэхэд болохоор... “Май, ингээд та нарт ач тус болсон Лениний хөшөөг нурааж байгаа юм бол жинхнээсээ колонийн гэрээг хийсэн Коростовецийн хөшөөг босгочихоод тэнэг царайлаад, түүнийгээ хүндэлж явцгаа”. Ийм ёгт сануулга, тохуурхал байгаа юм биш үү. Тэгээгүй бол тэнд юунд Коростовец залрах билээ. Оросууд зориуд тэгэж санаагүй ч бай, ялгаагүй энэ явдал нь бидний энэ цагийн алиа марзан явдалд маань сургамж хайрлаж байна.
Өөрөөр хэлбэл бууриа олоогүй Коростовецийн хөшөө нь та бидний,
- Хэт улайрсан необольшевик хэнээрхэл гаргасны маань,
- Эх түүхээ намчирхан тасалж, хэсэглэн хувааж, гуйвуулан засварлаж, харийнхний нөлөөгөөр юу ч биш болгосны маань,
- Улс төрийн намууд бие биенээ хүлээн зөвшөөрөх наад захын ардчилалд суралцаж чадаагүйн маань,
 - Төрийн уламжлалт бодлого гэдгийг огтоос мэддэггүйн маань,
- Хүн чанар, ач тусыг нийтээрээ мартаж чаддагийн маань,
 - Эцсийн эцэст ердөө л өөрөө өөрсдийгөө мөхөөж ч мэдэх муйхар тэнэглэлийн маань хариу ёгт сануулга, тохуурхал болон сүндэрлэжээ.
Чухам ийм учраас л хойч үедээ хөгийн болчимгүй, хэнээтэй ойворгон аашлах юм бол ийм хөшөө хүртэл босчихдог юм байна гэдгийг ухааруулж, сануулж байхын тулд Коростовецийн хөшөөнд цэцэг өргөдөг өдөртэй болъё. Дахиж ийм тэнэглэлийг давтуулахгүйн тулд шүү дээ. 2015.1.13

Friday, January 9, 2015

Баруун лам Цоохор Даваагийн цээжинд улайтгасан лантуу тавих гэсэн нь



Баруун нутагт Жаа лам буюу Дамбийжанцанг Баруун лам гэж дуудах билээ. Баруун лам хүн тамлаж, зовоохдоо их ч дуртай нэгэн байжээ. Түүний эрүү шүүлтүүдийн нэг нь том лантуу улайтгаад хүний өрцөн дээр тавьж, элгийг нь шарж тамлан хөнөөдэг гэнэ.
... Баруун лам нэгэн удаа Засагт ханы шилийн сайн эр Цоохор Давааг өөрийг нь хорлох хуйвалдаанд оролцсон хэмээн хардсандаа хуурч авчраад баривчлан авч, тамлан байцааж гэнэ.
Лам улайтгасан лантуугаа бариад цээж нүцгэн хүлээтэй хэвтээ Цоохор Даваа руу хүрч ирэхэд мань сайн эр,
- Чи муу орон гэргүй цагаач, олдсон цагаандаа цадаад овоо дориун болжээ дээ. Ингэхийг чинь мэдсэн бол Ахай бээсийн хошуунд гахай нүцгэн, нохой явган тэнэж явахад чинь доголон морины сүүлнээс чиргүүлээд өмхий хүрэнгийн нүх рүү өгөр толгойгоор чинь чихэж орхидог байж. Тэгэхэд хөл залгуулж, Засагт ханы босго давуулсан минь засашгүй алдаа буруу болсон байна.
Ар дөчин есөн,
Алшаа арван хошуунд
Ац гээд атгаж чадаагүй,
Альяа гээд эсгэж чадаагүй
Арван засгийн тамганд
Атирч үзээгүй
Атаа тэнгэрийн ивээсэн
Аав ээжийн бүтээсэн
Тамиртай цагаан өвчүү минь байна.
Тавьж чаддаг бол тавь чи, наадхаа.
Улиастайн амбаны тахар урж хүчрээгүй,
Урианхай долоон хошууныхан өшиж хөндөөгүй,
Урагшаах тавин газрынхан өшиглөж хүрээгүй
Өр минь, элэг минь байна, тавьсугай.
Ёо гэж дуугарвал
Ёр болог
Ган хийж дуугарвал
Гамшиг болог гээд шазуураа зууж, өмнөөс нь цээжээ түхийлгэж өгчээ.
Улайтгасан лантуугаа бариад дээрээс нь тонгойж байсан Баруун лам үүнийг сонсоод гэнэт зогтусаж, лантуугаа хажуу тийш нь чулуудаж орхиод бөгсөөрөө лаг хийтэл суун туссан байна.
Тэгээд “Засагт ханы сайн эр чамайг ямар шийртэй болохыг тэнсэж үзлээ. Ар өвөр хошуу, баруун газруудад дэмий нэрийг дуудуулсангүй ээ, чи. Мууг санасангүй, өшийг өвөрлөсөнгүй” гэж хэлээд шан харамж өгч суллажээ.
Энэ явдлаас хэдхээн жилийн өмнө Баруун ламыг 1918 онд Астраханы цөллөгөөс суллагдаад Ахай бээсийн хошууны зах буюу одоогийн Хөвсгөлийн Мөрөн орчим явган нүцгэн зутарч явахад нь Цоохор Даваа таарч, унд хоол, унаа хөл залгуулан Засагт ханы хүрээнд хүргэж өгч байжээ.
"Хантайширийн цадиг хууч оршвой" номын шинэ хэвлэлд нэмэгдэж буй хуучисаас...

Үндэстний сэтгэлгээний дархлааг хамгаалагч ХОРЛО тоглоом


Хорло тоглоом нь Монгол түмний тусгаар тогтнол, үндэстний оюун сэтгэлгээний дархлааг хамгаалалцаж байжээ. Ингэхэд тоглоом яахаараа галт зэвсэг агссан цэрэг дайчдийн адил тусгаар тогтнолын манаанд зогсож байсан билээ хэмээн гайхах хүн гарах магад. Үүний учир өгүүлэх нь:
ДААЛУУ хэмээх тоглоомыг бид нийтээр мэднэ, бараг нийтээр шахуу тоглох билээ. Зуны налгар намуун үдшээр байрны гадаах сүүдрэвчид хөгшид суугаад, эсвэл өвлийн урт үдшээр хөдөөх буйдхан сумын төвд нэгнийдээ цуглаад даалуу шажигнуулан, цол гуншинг нь дуудан дуудан тоглоцгоох нь түгээмэл. Энэ даалууг урд зүгээс гаралтай гэдгийг нэлээд нь мэдэх байх, зарим нэг нь даалуу тоглох нь хар мөртэй, сэтгэл буян сэвтүүлдэг гэдгийг хаа нэгтээгээс сонссон байж ч магадгүй, гэвч ямар учиртай монгол оронд, монголчуудын дунд түгэн дэлгэрснийг тэр бүр мэдэхгүй.
Манж нар хүчирхэг монгол үндэстнийг талын нэг тарсан тархай бутархай, эв нэгдэлгүйд нь далим ашиглан буулгаж авсан явдал өдгөөгөөс гурван зууны өмнөх явдал билээ. Язгуурын дайнч, ихэрхэг бардам, өөрсдийгөө ноёлох ард түмэн гэдэгтээ бүрнээ итгэсэн Монголчуудыг эзэрхэн захирах нь Манж нарын хувьд хүнд хэцүү байжээ. Түүхийнхээ ихээхэн хугацаанд бусдын дарангуйллыг дуугүй номхноор хүлээн зөвшөөрч, хүлцэн гудайж, зөвхөн дотроо л бугшиж амьдарч сурсан хятадын ард түмэн бол огт өөр. Харин дэлхийн эзэн байсан их түүхээ мартаагүй явсан монголчуудын давтагдашгүй дотоод мөн чанар, өвөрмөц зан заншил, энэ бүхнээ дагасан сэтгэлгээ хандлагыг нугалж авах нь манж нарын улс төрийн дарангуйлагч бодлогын нэгэн гол цөм байсан байна.
Юуны өмнө монголчуудын оюун сэтгэлгээг нь форматлах..,өөрөөр хэлбэл манж нар монголчуудын их түүхийг нь мартуулах, уламжлалт соёл зан заншлийг нь өөрчлөх замаар сэтгэлгээг нь дорой буурай, номхон хүлцэнгүй болгох алхмуудыг шат дараатай хийж эхлэв. Энэ хүрээнд хэд хэдэн соёлын геноцит хийжээ. Монгол нутгаар явж, бүх айл өрхүүдийг нэгжин, түүхийнх нь судар зохиолууд болон ургийн бичгийг нь хуу хомроголон устгаж, оронд нь номхон хүлцэнгүйг сурталчлах шашны судар номуудыг хүчээр тараасан гэдэг. Хэн байсан хийгээд хэн болохыг нь мартуулах гэж... Манж нарын өмнө хятадын Мин гүрний үед ч ийм зүйлс их хийсэн байдаг. Монгол бичигтэй ном бүхнийг шатааж, монгол толгой болгоныг хага цохих уриагаар эх үүсвэрээ тавьсан Еэвэн сарын баяр өдгөө ч үргэлжилсээр буй.
Цаашлаад хувцас хэрэглэл, өдөр тутмын ахуй соёл, зан заншилд нь хүртэл халдав. Тухайлбал эрчүүдийн дээлийн ханцуйд урт салбагар нударга хийлгэв. Хүйтэн хайрууд бээлийний, хүнд хэцүүд жийрэгний үүрэг гүйцэтгэчихдэг нударга нь монголчуудыг илд атгаж, нум татах дайчид биш харин колонийн ажиллах хүчин болсныг илтгэхийн гадна малын туруу, туурайн хэлбэр нь бэлгэ утгаараа боолчлолыг илэрхийлнэ. Гал голомтод нь довтолж, тулганых нь титмийг өөрчлөн, хар ёрыг дуудах хар хэрээ хошуутай болгожээ.Үүний хариуд монголчууд гал голомтын манаач болсон эхнэрийнхээ үсийг хар хэрээг айлгагч хангарьдын жигүүр болгон дэрвийлгэж засав. Энэ бол далдын далд өрнөх сэтгэлгээ, соёлын их дайны махан нүднээ харагдах нэгэн илрэл нь болно.
Тэр ч бүү хэл монголчуудын өдөр тутамдаа тоглодог тоглоом наадгай ч өөрчлөгдөхөд хүрэв.Үүнийг манж нар зориуд хийсэн, аль эсвэл соёлын солилцоогоор түгэн дэлгэрсэн алин болохыг ялгахад бэрх. Гэвч, юутай ч Даалуу хэмээх тоглоом орж ирсэн нь Аль эртнээс, бүр Хүннү, Сүннүгийн үеэс тоглож ирсэн “ЖИЛ” хэмээх сийлбэрт тоглоомыг нь хүчтэй шахсан байна. Энэ хоёр тоглоом нь үзэгдэх хэлбэр, хийц хийгээд тоглох дүрэм нь төстэй боловч, илэрхийлэх утга, бэлгэ нь огтоос эсрэг тэсрэг. Хуш, шинэс, арц, нарсан модоор уран сайхан сийлбэрлэн хийсэн “ЖИЛ” тоглоом нь наадан цэнгэхийн хажуугаар Дорнын зурхайн үндсэн бэлгэдэл болох 12 жилийг айл гэртээ оруулан дом засал, бэлгэ бэлгэдэл болгох хийгээд аз хийморио ч сэргээдэг бол хөсөр ясаар хийдэг “ДААЛУУ” тоглоом нь авч завшихийн шуналыг бадраах аж. Тухайн цаг үед монголчууд дунд энэ ДААЛУУ хэмээх мөрийтэй тоглоом дэлгэрч, олноороо ихэд донтох болжээ.
Ийнхүү харь дайсан хүчирхэгжин ирж, хамаг улс нь доройтохийн цагт ухаант дээдсийн хамгийн ихээр тэсвэрлэн авч үлдэхийг хичээсэн зүйл нь ард түмнийхээ оюун, сэтгэлгээний дархлааг ямар нэгэн аргаар авч үлдэх явдал байжээ.
Яг л хүний бие организмд элдэв өвчний нянг орж ирэхэд биеийн дархлааны систем хар аяндаа ажиллан, эсэргүүцэн тэмцэж эхэлдгийн адил монгол түмэн гаднын түрэмгийллийг бүхий л талаар, бүхий л утгаараа эсэргүүцэж байсны зөвхөн нэгэн илрэл нь ХОРЛО тоглоом юм.
Зурхайн 12 жилээс гадна Наран тэнгэрийн бэлгэдэл ОНГИ, тэнгэр, газар, хүмүүн гурвын шүтэн барилдахуйн бэлгэдэл ЧАНДМАНЬ, орчлон ертөнцийн мөнхийн орчил хөдөлгөөний бэлгэдэл ХАС, тэнгэрийн хүчтэний бэлгэдэл НЭВС тэргүүтнийг оруулан 60 модоор тоглодог хуучин уламжлалт ЖИЛ тоглоомоо тухайн үед монгол орон даяар хүчтэй түрэн дэлгэрч байсан Шарын шашны гол бэлгэдэлт дүрсүүд болох Гэгээрлийн бэлгэдэл ХОРЛО, хүслийг биелүүлэгч бэлгэдэл НОРОВ, танин мэдэхүйн бэлгэдэл ӨЛЗИЙ, тэнгэрийн хүчтэний бэлгэдэл ХАНГАРЬД, газрын хүчтэний бэлгэдэл АРСЛАН зэргээр утгаар баяжуулаад ХОРЛО нэртэйгээр өмнө зүгээс гаралтай ясан ДААЛУУНЫ эсрэг гаргаж тавьсан байна. Ингэхэд Даалуунд ийм сайн сайхны бэлгэдэл бий бил үү?
Энэ бол монголын ард түмний оюун санааны тусгаар тогтнолын түүхэн тэмцлийн нэгээхэн хэсэг, ухаант дээдсийн холч харааны зөвхөн нэгхэн илрэл болно.
Харамсалтай нь ДААЛУУ хүчээ аван дэлгэрчээ.Өнөө ч өргөн дэлгэр тоглосоор байна.Үүний учир нь монголчууд бид манжийн 230 жилийн дарангуйлал, соц үеийн 70 жилийн үзэл суртлын хүлээсэнд үндэсний уламжлалаасаа ихэд тасран хөндийрснийх. Мөн сүүлийн 20 гаруй жилийн дажинт үймээнд хөл толгойгоо олохоо, сайн мууг ялгахаа больсных болно. Энэ бүхний үр дүнд бид өөрсдийгөө хэн байсныг, хэн болохоо сэрж мэдрэх мэдрэмжээ ихэд алдаж, дархлаа маань суларч, үндэсний оюун санаа будангуйран бүдгэрчээ. Ер харанхуй мунхаг ард гэгч саар муу зүйлд татагдах нь сайн зүйлд татагдахаасаа хэд дахин их байдаг мөн чанартай тул, ийнхүү саар мууд татагдах хэрээрээ боолчлол, колоничлол, дарангуйллын өмнө гудайх нь хялбар байх тул ямар ч дарангуйлагч, колончлогч ард түмнийг харанхуй мунхаг, уламжлалгүй, соёлгүй, аар саархан гялгар чамин зүйлсээр хууран аргацаахыг эрхэмлэж ирсэн гашуун түүх ямагт давтагдаж ирсэн байдаг. Өнөө ч бидний нүдэн дээр энэ үйл явц үргэлжилсээр байна.
Ингэхэд ХОРЛО тоглоомыг хэзээ, юуны учир тоглодог байв?
- Хуучин цагт монгол айл өрх бүр ХОРЛО тоглоомтой байжээ.Учир нь ХОРЛО тоглоом айл гэрт байх нь гарзын үүдийг хааж, буяны үүдийг нээж байдаг гэж үздэг. Чандмань, Зэндмэнь, Амарбаясгалант, Тахил гэх мэтээр газар нутаг бүрд өөр өөр нэрээр нэрлэн тоглож ирсэн байдаг. Өнөө энэ уламжлалаасаа үлгэр домог мэт ойлгох хэмжээнд хүртлээ төсөөрчээ.
- Шинээр айл өрх болж буй залууст гэр орон бэлдэж өгөхдөө айл өрхийн ноён нуруу бат, эд агуурс элбэг дэлбэг байхыг бэлгэдэж ХОРЛО тоглоомыг гарцаагүй бэлдэн өгч байжээ.Гэр, авдар, ор бэлдэж өгдгийн л адил. Одоо энэ уламжлал таг мартагджээ.
- Хуучин цагт монголчууд Сар шинийн өдрүүдээр Алаг мэлхий, Үйчүүр тоглохын нэгэн адил ХОРЛО тоглоомоо хүндэтгэн дэлгэж тоглодог байжээ. Энэ уламжлал мартагджээ.
- ХОРЛО тоглоомыг сар шинийн өдрүүдээр дэлгэн тоглохдоо наадан цэнгэхийн хажуугаар өрх гэрийн ноён нурууг засах, наадан тоглогчдын зам мөрийг засах, буян хишгийг дуудах дом заслийг давхар гүйцэтгэдэг байна. Үүнийг бид анзаарч хархаа больжээ.
- ХОРЛО тоглоомын дүрс, мод бүр нь ямагт сайн сайхныг бэлгэдэж байдаг учир ДААЛУУНЫ адил өглөө оройгүй нүдэж, мөрий-бооцоо тавьж тоглох боломж хэзээ ч байдаггүй байна. Даалууг монголчууд хувхай ясан тоглоом гартаа барьж наадах нь хоосрохын ёр хэмээн үзэж, бурхан шүтээнтэй гэрт энэ тоглоомыг гаргахыг цээрлэж иржээ. Энэ уламжлал мөн таг мартагджээ.
- ХОРЛО тоглоом нь дүрсээс эхлээд нэршил, тоглоомын дүрэм бүхэн нь сайн сайхан, танин мэдэх, гэгээрэл ухаарлыг бэлгэдэж байдаг. Тухайлбал,
Алс газар гүйдэлтэй
Атар хээр нутагтай,
Аян замд түшигтэй
Аугаа хүчит морин жилээ гэх мэтээр ХОРЛО тоглоомын гуншин нь зурхайн 12 жил, мод бүрээ магтан дуудах, үүгээр дамжуулаад бүхий л сав шим ертөнцийг, бүхий л оршихуйг дээдлэн эрхэмлэх учир ямагт сайныг ерөөж, урин дуудаж байдаг байна.Харин ДААЛУУ-ны гуншин тийм бус, харин ч эсрэг байдаг. 

Жишээлбэл,
Жаран жил сувайрсан
Жартгай улаан чавганц аа .., гэх юм уу, эсвэл
Гозон долоо гоохолзож,
Говийн хүүхэн шоохолзоно гэх мэт..
Үүнийг бид огтоос анзаарч, анхаархаа байжээ.
- Айл өрх бүрд энэхүү сийлбэрт тоглоом байх нь хүүхэд залуусыг Дорнын зурхайн арга бэлгийн учигийг танин мэдэх, уран нарийн хийц бүтээлийг хийж сийлбэрлэх арга ухаан зэрэгт сургах учир холбогдолтой гэж бас үздэг. Үүнийг бид үл ойшоосоор байна.
Өдгөө Хорло тоглоомын гарал үүсэл, үүх түүх болон монгол орон даяар тархсан байдал, тоглоомын дэг жая, цол гуншин зэргийг доктор Г.Нандинбилэг судлан, нэг сэдэвт бүтээлээрээ олноо танилцуулсан бол Хүлэгт тайж ХХК-иас энэхүү тоглоомыг шинээр үйлдвэрлэн гаргаж, Сар шинийн босгон дээр монгол түмэндээ хүргэж байгаа юм байна. Өнөөдөр монголчууд сэргэн мандая гэж буй бол олон зүйлийг, түүний дотор уламжлалт бэлгэ утга төгс сайхан тоглоом наадгайгаа жижиг зүйл гэлтгүй сэргээмээр байна. Төр төдийгүй айл өрх бүр анхаармаар... Ядахдаа цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт Алаг мэлхий өрөх, Хорло тоглохыг зааж сургахыг оруулмаар байна.
Яагаад гэвэл бид өөр ямар ч үндэстнээс илүү бэлгэ бэлгэдлийг дээдэлдэг, бэлгэдэлт ард түмэн билээ. “Монгол хүн амны бэлгээр, хятад хүн гарын бэлгээр” гэдэг үг зүгээр нэг толгой холбосон цэцэрхэл бус, тухайн хоёр ард түмний язгуур мөн чанарыг илэрхийлсэн үг болно. Ер түүхэн туршид оршиж ирсэн ард түмний аж төрөл, ахуй ухамсар, мөн чанар, үзэл санаа нь Арга, ахуйг дээдлэн эрхэмлэх ёсон хийгээд Бэлгэ, бэлгэдлийг дээдлэн эрхэмлэх ёсон гэсэн хоёр туйлын дунд байдаг ба Монголчууд бол энэхүү хоёр туйлт ёсны нэгэн туйлд нь буюу бэлгэ, бэлгэдлийг дээдлэн эрхэмлэх ёсны дээд эрэмбэд орших ард түмэн юм. Тиймээс монгочууд биднийг бэлгэдэлт ард түмэн гэдэг. “Амны бэлгээс Ашдын бэлгэ” хэмээн бат итгэж явдаг ард түмэн бол бид. Бид өнөө энэ мөн чанараа баахан мартаа юу даа. Ирж буй эрин үе бол арга ухаанаар засаглан, аж ахуйг дээдлэх бус бэлгэ ухаан танин дэвших оюун санааны гэрэл гийсэн тийм эрин болно. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний хөгжил дэвшлийг бэлгэ бэлгэдэлт сэтгэлгээ тодорхойлно гэсэн үг. Тиймээс ч ирж буй эринийг домгийн эрин гэх нь бий.
Сар шинээр айл өрх бүр Алаг мэлхийгээ өрж аз жаргалаа ерөөн, ХОРЛО тоглоомоо дэлгэн хорвоогийн амгалан, хотол түмний ашдийн бэлгийг дуудан наадах нь бидний үндэсний уламжлал, оюун санаа сэргэн, улмаар бид хүчирхэгжин мандахын нэгэн бэлгэ болох буй заа.
За тэгээд энэ сар шинээс эхлээд Жаргалтай жаран жилийн ерөөл бэлгийг бэлгэдсэн ХОРЛО тоглоомоороо тоглоод байж дээ.
Б.Номинчимэд
2015.01.08


 ХОРЛО тоглоомыг худалдах цэгүүд:
- Дүнжингарав худалдааны төв №0098 павильон /үйлдвэрийн үнээр/
- УИД-ын 6-н давхар бэлэг дурсгалын тасаг
Дэлгэрэнгүй мэдээллийг :
99037540, 96657540
www.facebook.com/khulegttaij