"Сүнсээ түймэрдүүлсэн амьтан, хөөрхий", эсвэл "Сүнсээ чөтгөрт арилжсан амьтан, хөөрхий" гэж хөгшид ярьдаг байсансан.
Ёс бус, хүмүүн бус булай муухай юм хийдэг хүнийг тийн хэлнэ. Тэгээд ард нь бас ХӨӨРХИЙЛНӨ. Хүмүүн бусын юм хийж буй хүнийг "Сүнсгүй юм хийгээд" гэх. Худал хуурмагаар өөрийгөө хаацайлах, бусдыг гүтгэж дайрах хүнийг "Ёстой сүнсгүй залж байна даа" гэх.
Бага залуу байхад энэ үгийн утгыг ер мөшгиж, ухаж төнхөж асуудаггүй байж.
Одоо санахад энэ их ч гүн утгатай үг байж.
Сүнс болон Ёс суртхуун хоёрын хооронд холбоо байгаа биз. Ёс суртхуунаас ангид үйлдэл бол сүнслэг бус буюу идеаллаг бус байх нь. Дээрх хэлц үгээс шууд тийн ойлгогдоно. Өөрөөр хэлбэл Сүнс бол Ёс суртхууныг илэрхийлэгч, магадгүй тээгч болох нь.
Хөөрхийлдөгт бас их учир байна. Сүнсгүй бол Сүг болдог гэдэг. Явж үйлдэж, ярьж хэлж буй боловч амин чанар үгүй гэсэн үг.
"Сүнс түймэрдэх" гэдэгт бас их сонин утга байх мэт. Там хэрвээ буй бол тэнд хүмүүний энэ буй махан биеэ бус, харин сүнс нь үйлээ эдлэх учиртай, мэдээж хэрэг нүгэлтнүүдийн тухайд юм. Сүүл үеийн физикийн Шинжлэх ухаан плазм төлөвт ч амьдрал байж болох тухай таамаглал гаргаад байгаа. Плазм төлөв гэдэг нь төсөөлөмгүй өндөр темпратур, даралтад орших төлөв. Шашны ойлголтод Халуун буюу Очир там гэдгийг байнгын их галд шатавч, амь тасарч өгдөггүй тарчлах оронг хэлдэг.
"Сүнсээ чөтгөрт арилжих" гэдэг хэлц ч бас их сонирхолтой. И.В.Гөтегийн алдарт "Фауст"-д чухам энэ тухайл өгүүлэх билээ. Товчхондоо чөтгөр хүний сүнсийг хөрөнгө мөнгө, эрх мэдэл, шунал тачаал гэх мэт энэ орчлонд хүнийг хамаг ихээр соронздон татдаг бүхнээр үнэ золин сольж авдаг байна. Тэгээд хөөрхий, сүнсээ чөтгөрт арилжаад, мөнхийн түймэрт шаруулж тарчлах хувь зохиолтой болчихсон гэдэг утгаар тийн хэлж байх шиг. Тийм хүмүүсийг өрөвдөхгүй гээд өөр яалтай.
Чөлөө учрал төгс бүрдсэн хүмүүний энэхэн гайхамшигт орчлонд төрчихөөд тэр зол завшаанаа ашиглаж чадалгүй Сүнсээ "түймэрдүүлсэн", "чөтгөрт арилжсан" тэр зовлонт хүмүүсийг ХӨӨРХИЙЛӨХ ухаан өвгөдөд маань байлгүй өөр хэнд байх билээ.
Өвгөдийн энэ мэт үгийг ухвал энэ мэт юм бодогдох, их ч юм гарах. Чухам эрдэнэсийн авдар ажгуу. Харин энэ үгийн утгыг хэр зөв оносон эсэхийг мэргэн ах дүүс хэлж өгнө буй за.
Б.Номинчимэд