Monday, March 10, 2008

Хувь заяатайгаа эвлэрэв

Аригбөх асрын үүдийг нээж их дуугаар орь дуу тавьж буй хүнийг харлаа. Тэрхүү өргөн шанаатай бахим эр бол арваад жилийн өмнө усан гахай жилийн намар Бухар, Самари болон Аму мөрний хөндийгөөс татварласан хөх амууг ачсан 500 тэрэг бүхий цувааг Хархоринд хүргэлцэж ирсэн зуутын ноён байв. Тэгэхэд цуваа замд удаан саатан, амууг норгосноос ихэнх нь хөгцөрч, Хархориний сартуул худалдаачдын илжигнүүд л дундаас нь завшиж билээ. Хэдийгээр тал нутагт тэр жил хүнс хоол арвигүй байсан ч Аригбөх тэргийг сахиж, аму будааг хадгалж явсан тэдгээр ноёдыг сануулан донгодохоос хэтрээгүйсэн. Тэр үед л энэхүү зузаан шилтэй бахим эр Алгуйд хүчин өргөж, эзний хамт ангийнх нь үргээлгэнд явж байсныг Аригбөх сайн санаж байлаа. Хэдэн цэрэг түүний борвийг тэрэгний булаар сөгтгөн даржээ. Зуутын ноён Аригбөхийг үзээд улам ихээр бархирахад Аригбөх залхсан шинжтэй гараар хайнгадуу дохив.

Булыг султгасан хойно ч Зуутын ноён бархирч байснаа гэнэт больж Аригбөхийн зүг “эзэнтэн минь, хаантан минь” хэмээн сөөнгөтөн үлгэсээр өвдөглөн давшлахад цэргүүд жадны үзүүрээр хэрэн зогсоов. Өнөөх зуутын даргыг авч ирсэн Буйдар баатар:

-Энэ зуутан цэргийн хамт хагас мянган сарлагийг буруулан тууж цаст ууланд гарав. Нэхэж очсон хойно өмнөөс харвалдав. Бид цэргийг нь мохоогоод зуутанг барьж, үхрийг тууж ирлээ гэхэд хаантны дэргэдээс асраас гарч ирсэн Асутай зуутны эрүүг илдний хуйны үзүүрээр этээд:

- Эзэн гэж мэдсэн юм бол эгэл боол чи юунд идээ ундааныг нуув. Хаан гэж мэдсэн юм бол хавт боол чи юунд хар буруу санаалав. Чамаас ял асуух юун гэхэд цэргүүд түүнийг бахируулсаар авч одлоо.

Маргааш нь цэрэг хөдөлж, хадат хавцал уруудсаар их уулсын бэлд дөхөж явтал бүлэг иргэн замд таарав. Хүүхэд, хөгшдөө үүрэх нь үүрч, чирэх нь чирсэн явган нүцгэн голдуу эдгээр хүмүүс цэргийг үзээд сандралдан замаас гаран хавцалын хана руу шахан зогсоод айж түгшсэн нүдээр тэднийг ширтэн байв. Цэргийн хошууч тэднийг юун иргэд болохыг лавлаж байх зуур ширэлдсэн нэвсгэр буурал үстэй нэгэн өвгөн Аригбөхийг танин түүний зүг давшлан гарч ирээд Аригбөхийн морийг цулбуурдахыг завдахад өмнөх хишигтэн өвгөний онгосон дээлний далан дээрээс шүүрэн өргөж сарвагнуулав. Гэтэл өвгөн үг өгүүлэв. Төдий насны хүнээс гарамгүй идэр бадриун хоолойгоор бөөгийн дуудлага мэт аялгуулах хэлэх ажээ.
-Гүр их улсын эзэн атал
Өлөн барс мэт юунд
Өрвөлзөн явж
Өнөр түмнээ өрлөнөм.
Хотол их улсын эзэн атал
Холхи замын дээрэмчин мэт
Хомголзон явж
Хотол түмнээ юунд хоослоном.
Өвгөний дууг хавцлын хад цохио болгон түрэн алслан улам цуурайтна. Аригбөх эргэж харлаа. Хамгийн түрүүнд өдийг хүртэл дэргэдээс нь салахгүй ямагт дагаж яваа хан хөвүүд, бусад олон ноёдоо харав. Олон сарын ядрал, зутрал тэдний цэл залуу насыг ч хайхарсангүй. Ихэнх царай алдаж, нүдэнд нь гунигийн сүүдэр унажээ. Хувцас хэрэгсэл нь онгож гандсан тэднийг хан хөвүүд гэхэд нэн хэцүү. Өөрийнх нь хоёр, ах Мөнх хааны дөрвөн хүү, Гүюг хааны хоёр хүү, нэг ач, Ордагийн нэг хүү, Хулагугийн нэг хүү... Их төрийг түшилцэж, түмний сэтгэлийг хураалцаж явсан эдгээр цуут эцэгсийн үр сад өдгөө түүний үед авд орсон чоно мэт болжээ.

Мөн дэрийг нь сахиж, илднийх нь үзүүрт цахилж яваа, олон бэрхийг гэтэлж өөрт нь үнэнч болохоо баталсан эр цэргүүдээ харлаа. Тэднийхээ төлөө энэ өвгөний өмнө Аригбөхийн сэтгэл шимширч байлаа. Хан хөвүүд ч, эр цэргүүд ч бүгдээр царай баргар, дор дороо нэгийг бодон чимээгүй байцгаана. Тэдний хэн нь ч Аригбөхтэй харц тулгарахаас халширч нэг нь ч түүний өөдөөс эгцлэн харсангүй. Гагцхүү өвгөний хүнгэнэсэн дуун хадат хавцлийг дүүргэн цуурайтсаар байв. Аригбөх цааш үргэлжлүүлэн өгүүлэхийг сонсож тэвчилгүй сайр чулууг үсчүүлэн хавцал уруудан давхичихав. Аригбөх үдшийн хар чийг буух үеэр буудаллаад гол асартаа бүх ноёдоо цуглуулан шөнө дүл болтол зөвлөлдөв. Тэгээд Асутайгаас бусад хан хөвүүд, олонхи ноёд тус тусийн цэргийг аван Чу мөрний эхээр нутаглаж буй Хайду үеэлд очиж нийлэхээр тогтов. Уг нь Аригбөх хан хөвүүдийг бүгдийг тийш явахыг хүссэн ч Асутай “Тугийг чинь өргөж, илдийг чинь ирлэж явъя” гэсэн тангарагаа дурьдан эс зөвшөөрчээ. Мөн зарим нэгэн ноёд түүний жишээг дагав.

***
Үүнээс хориод хоногийн дараа жирийн бус нэгэн багашиг цуваа Шанд хотын баруун хаалганд тулж ирэв. Цувааны магнайд зүс ижил бор морьдтой хүдэр тугч цэргүүд 18 тохой өндөр төрийн Их цагаан сүлд, дагалдах найман сүлд тэргүүтний орой дээрх алтан шармал галтай ган сэрээг Шандын хөх тэнгэрт сэрэлзүүлсээр ихэмсэгээр залж явав.
Их цагаан Сүлдний ард хөхөл цагаан зээрд азарга унасан Их хаан заларчээ. Зээрд азарганы хазаарын зуузай хийгээд худрага, хөмөлдрөгийн догшин барсын нүд товойлгон урласан алтан товруудын шашир цацаг, азарганы газар шүргэн алдах цагаан дэлтэй өнгө хоршин сугсалзана. Их хаан төрийн их ёслолын дөрвөн талт луут үүлийн угалзаар чимсэн, сувдан унжлагат, оройдоо титэмт суврага мэт залаат малгай, алтан луут дээлийг, тольт гох бүхий их улаан бүсээр даруулан өмсөж, уул усны гутал бүхий чийрэг бат хөлөөр арслангийн дүрст дөрөөг жийжээ. Гэзгийг тэвхдэн тогтоосон хашийн даруулга хийгээд чихэнд зүүсэн алтан гархийн шигтгээ сувд тэргүүтэн зээрд азарганы жигдхэн явдал дунд хааны хүдэр чийрэг хоёр мөрөн дээр нь нар ойлгон гялбуулна. Их хааны царай ядранги, нар салхинд онгосон ч харц дээгүүр, тэнгэрийн алс хаяаг догшноор ширтэн явлаа. Их хааны араас 13 тохой өндөр орой дээрээ ялгуун илд бүхий Их хааны байлдааны догшин Хар сүлдийг мөн залж явав. Түүний ард хааны нэгэн адил төрийн хүндэтгэлийн хувцасыг өмссөн хан хөвүүн Асутай болон арав орчим ихэс ноёд, бусад нь хааны шадар нөхөд цэргүүд байлаа.
Хотын хаалга сахисан цэргүүдээс хэн нь ч ийм бяцхан атлаа сүрлэг цувааг урьд өмнө үзэж байгаагүй тул эл бяцхан цуваа гайхан алмайрсан тэдний дэргэдүүр дэргүүлсээр хотод орж явчихав.

4 comments:

бж said...

Tuuhen sedveer ih sonirholtoi saihan bichsen baina. Mash ih taalagdlaa.
Manaihaar zochilj setgegdlee uldeesend bayarlasan shuu. Bichleguudiig chini amtarhan unshdag, mun photo zurguud chini taalagddag gedgiig ene dashramd helehiig husej baina.
Amjilt huseye.

Anonymous said...

"Hooson magtagchdaas holuur yav!" gesen mergen ug bii.
"Shine darsyig shine tulmand l hadgalah" geed ertnii juud ug baih! Ene kodlogdson ugiin tailalyig Talmud-s olj unshaarai!

ZAYA said...

Би хэд хэдэн удаа энэ бичлэгүүдийг уншиж байна. Уншихдаа "туулайчлаад" байгаа юм уу? яагаад байгаа юм бүү мэд давтан унших тусам дахин дахин шинэ зүйл ойлгоод л... Түүх урамтай сэдэв.
Сонин сайхан бичлэг оруулсанд их баярлалаа.

Сооги said...

сайхан бичсэн байна. ялангуяа үгийн сонголт, найруулга, дүрслэл гайхалтай... түүхэн сэдвээр зохиол бичих хэрэгтэй л юм байна даа. их амжилтанд хүрнэ дээ.