Monday, October 13, 2008

Аав охин хоёрын яриа буюу Монголын боловсролын шинэчлэл – 2

Өдөр дунд ид ажлын цагаар охин маань утас цохиж байна.
- Ааваа би хичээлээсээ хоцорчихлоо гээд утасны цаана мэгшиж байх юм.
- Миний охинд ямар нэгэн юм тохиолдоо юу?
- Би цагаа буруу харчихаж ээ.
- Энүүхний төлөө уйлдаг чинь их муу байна. Одоохон хичээлдээ гүйгээд л оччихооч.
- Би айгаад байна аа.
- Юунаас тэр вэ?
Охин маань хариу хэлсэнгүй, дахиад л нэрж гарав. Аргагүйн эрхэнд ажлаа хойш нь тавиад гарлаа. Хүүхэд хичээлээсээ хоцорсоныхоо төлөө айж, уйлж байна гэхээр ямар нэгэн ноцтой зүйл сургууль дээр нь болдог байх нь.


Өмнө нь бас нэгэнтээ хоцорсонд сургууль хаалгаа барьчихаад оруулахгүй, гадаа цаг гаруй зогссон гэсэн. Цаг урин дулаан тулдаа л болж байгаа хэрэг. Өвлийн хүйтэнд 9 настай охин гадаа нэг цаг зогсоно гэдэг ямар байх бол. Замд надад янз бүрийн зүйл бодогдох...

Охиноо өмөөрч, очиж багштай нь зад хэрэлдэх тухай биш юм, харин Монголын маань боловсролын шинэчлэл ямар утга агуулгатай өдий хүрсэнийг гайхаж, үе үеийн шинэчлэгчид юу хийж, хэрэгжүүлж ирсэнд нь халаглаж явав.

Монголынхоо боловсролын шинэчлэлийн талаарх өмнөх бичлэгийн минь дараа маш олон хүн холбогдож санал бодлоо хуваалцсан. Тэдний дотор мэргэжлийн хүмүүс ч байсан юм. Ер нь санал солилцсон хүмүүс бүгдээр манай боловсролын систем нэг л гаж байдалтай байгаа гэдэгт санал нийлж байв. Боловсролын маань системд шинэчлэл хийгдэж буй ч тэр нь зөвхөн урсгал засварын шинжтэй бөгөөд агуулгын шинэчлэл огтхон ч хийгдэж чадаагүй гэдгийг бүгдээр хүлээн зөвшөөрч байсан юм.



***
80-аад оны эхээр, намайг бага ангид байхад юмдаг, хичээлийн ид дундуур хаалга үүд тар няр хийн сүртэй онгойж, бид ч овгосхийн цочив. “Чөтгөр” хочтой сургуулийн захирал, хүүхэд бид нэрийнх нь урд заавал “Харгис” тодотгол хэлдэг хичээлийн эрхлэгч, бас нэг ширүүн дориун багш тэргүүлчихсэн сүрэг адуу шиг амьтад ангид пижигнээд ороод ирдэг юм. Тэд дундаа нус нулимсандаа хутгалдсан нэгэн бяцхан охиныг чирчихжээ. Охины хүзүүнээс томоос том пайз дүүжилж, дээр нь “Муу” гэсэн бичгийг хайш яайш бичжээ. Тэгээд бүгдээр ам уралдан өнөөх охины муу муухайг дуудаж дуудаж, нус нулимсыг нь шавхаж шавхаж аваад дараагийн анги руу чирээд гарцгаалаа. Бид ч “За даа, муу дүн авах юм бол ингэж л амьдаараа алуулах юм байна” гэдгийг яс махандаа ортлоо, айдас хүйдэс, ичгүүр доромжлолтойгоо хамт мэдрэв.

Одоо эргээд санахад тийм муухай доромжлолыг давж гарч чадсан бяцхан охины тэвчээрийг нь гайхдаг. Гэсэн ч насан туршийн сэтгэлийн шарх бяцхан зүрхэнд нь толбо болон унаа даа. Хүүхдүүд бид ч түүнийг харсан дариудаа хэл амаа гозолзуулаад, элэглэж шоолоод амар заяа үзүүлэхгүй, дотуур байрныхан нь ч хоолонд орохдоо нэг ширээнд суухаас зугтаадаг, тэрбээр ганцаар төөр дор ширээний буланд нусаа татсаар сууж байдагсан. Охин тун удалгүй хөдөө гэрлүүгээ яваад эргэж ирээгүй юмдаг.

Сумын төвд тун ховорхон үзэгдэнэ. Үзэгдэх юм бол өнөөх ичгүүр доромжлолыг нь хүүхдүүд бид ханатал нь сэргээж өгдөг хойно арга ч үгүй биз. Хожим сонсож байхад арван хэдтэй балчир насандаа 40 гаруй насны хүнд очиж, хоёр хүүхдийн ээж болж, дажгүй амьдарч байгаад 30-аад насандаа зүрхний өвчнөөр нас барчихсан байж билээ.

Охины мууг үзэж, сургууль даяар шившиглэж явахдаа манай сургуулийн тэдгээр багш нар ганц сайн арга хэмжээ авлаа даа л гэж бодож байсан байхдаа. Гэтэл түүний цаана бүхэл бүтэн хүний хувь заяаг орвонгоор нь эргүүлж байгаагаа ер нэг ч удаа эргэцүүлж байсан болов уу. Бас түүнийг нүдээр харсан бидний оюун сэтгэхүйд хүний энэ ертөнцөд ямар аймшигтай дарамт, доромжлол гэж байдгыг гүн бат шингээж, суулгаж өгсөнөө мэдэрсэн болов уу. Хариугүй үйлдэл гэж ер байдаггүй гэдэг. Шашин номынхон “Үйлийн үр” ч гэдэг.

Миний үе тэнгийнхний олонхи нь сургуульд явахдаа тийм ч дуртай байгаагүй санагддаг. Хичээл цонхдоход/багш ирээгүй үе/ бид бөөн баяр болдог байж билээ. Албан хүчээр л биднийг
“Ардын сургуулийн
Алтан босгыг
Алхаж орсон
Анхны өдөр өө” гэж дуулуулж байснаас биш, бид яг нидэр дээрээ
“Майн нэгэн мандтугай
Манай сургууль сөнөтүгэй” л гэж дуулалддаг байсан юмдаг. Миний үеийнхэн буюу 80-аад оны эхэн үеийнхний олонхи нь миний энэ үгийг батлан хэлнэ гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.
Олон ч хүүхэд ардын сургуулийн алтан босгыг алхаж ороод, тэнэг мангар, нойлын ногооноороо дуудуулсаар мөлхөж гарч байсан даа.

Гэхдээ тэр цаг үе бол өөр цаг үе, аргагүй бурангуй дарангуйллын үе. Тийм ч байхаас аргагүй гэж цагаатгаж болно. Гэтэл өнөөдөр, монгол орон хүний эрхийг бүхнээс дээдэлсэн ардчилсан тогтолцоонд шилжээд, хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна хэмээн зарлан тунхаглаад 18 жил болсоны хойно, бүхэл бүтэн үе өнгөрсөн хойно Монголын сургуулиудад яг иймэрхүү хандлага, дарамт байна гэвэл та итгэж үнэмших үү. Хүүхдүүд сургуульд явахаас халширдаг, залхсан шинжтэй байна гэвэл та үнэмших үү.

***
Бараг сарын өмнө, Баянзүрх дүүргийн нэгэн сургуулийн биеийн тамирийн талбайн хажуугаар гарч явлаа. Талбайд 7-8 орчим насны 30-аад хүүхэд жагсаж, багш нь тэдэнд биеийн тамирын дасгал хөдөлгөөн зааж байгаа бололтой. Гэтэл багшийн зандчин хашгичиж байгаа дуун төө хол явж байсан намайг сэртхийлгэв.

- Эргүү малуудаа, баруун тийш эргэ гээд байхад.. Хөөш новшоо, балай юм уу, хаашаа юм бэ чи. Эргээч ээ. Наад гар чинь хугарчихаагүй юм бол олигтойхон хөдөлгөөд өгөөч ээ, тэнэг ээ. Хүүш П... минь

Агдчин зандчих дуун сонсогдсоор. Ёо ёо, зүрхээр хатгуулах шиг болов. Энэ чинь сургууль мөн үү, залхаалт, цэргийн хуаран уу, аль эсвэл шорон уу.
Ийм харьцаанд буй хүүхдүүд сургуульдаа дуртай, идэвхтэй байна гэж үү. Ийм доромжлол, дарамтан дотор байгаа бяцхан хүүхдүүдийг хүмүүжилтэй, өөрийгөө төдийгүй өрөөлийг хүндэтгэдэг, соёлтой, эрх чөлөөгөө мэдэрч ухамсарласан, бие даасан иргэн болно гэж горьдохын ч хэрэггүй. Ёстой нөгөө
“Заамал нарсан дүнзэнд суугаад
Засрана гэвэл гонжийн жоо” биз ээ.

Хүүхдийг хувь хүнийх хувьд хүндлэн дээдэлж байж эрүүл зөв иргэнийг төлөвшүүлнэ, эрүүл зөв иргэнтэй байж л нийгэм төлөвшинө. Энэ бол хаашаа ч гажихгүй, ямар ч засваргүйгээр хэрэгждэг хууль.

Гэтэл бид хүүхдийг хар багаас нь цэргийн казарм шиг харьцаанд давтаж дарчихаад, хүмүүжилгүй болж байгааг нь гайхацгаах юм. Төмс тарьчихаад алим хураана гэж горьдож буйтай адилхан инээдтэй гэнэхэн хэрэг. Энэ олон жилүүдэд бид ямаршуухан “төмс” тарьсанаа өнөөдөр гадаа гудамжинд, зам дээр, зоогийн газарт, дэлгүүрт, тэр ч бүү хэл улс төрд хүртэл харж залхаж байна. Дэлгүүрт орлоо, юмны үнэ асуусныхаа төлөө тэнэг мангараараа, сохор доголонгоороо толгойгоо эргэтэл тачигнуулж аваад гарна. Зам дээр яг зам голлоод сажилчихна, эсвэл яг замын голд гэнэт зогсчихно. Хаагуур нь ч гарах аргагүй. Энэ хорвоод ганцаараа биш, хүний нийгэмд, өөртэй нь яг адилхан хүмүүстэй эн зэрэгцэн, адил тэгш эрхтэйгээр амьдарч байгаагаа мэдэж баймаар гэж халагламаар. Уг нь мэдэж байгаа л даа. Харин ердөө л өөр бусдыг хүндэтгэдэггүй, эрхийг нь хүлээн зөвшөөрдөггүйд нь л асуудлын гол нь байгаа юм. Түүнээс биш манай зарим нийтлэлчдийн бичээд буй шиг баахан хөдөөний зэрлэг хэнэггүй гарууд хотоор дүүрчихээд ийм хачин хөл толгойгүй юм болоод байгаа юм ч бас биш байх. Аль нэг газарт ороод үүдний жижүүрээс нь “Сайн байна уу” гээд мэндлээд орхихоор “Аан” гээд “Чи чинь хэн нь билээ“ гэсхийн ангайгаад байна. Мэндлүүлж, хүндлүүлж ч чадахгүй. Эцсийн эцэст энэ бүхэн явж явж боловсролын систем, түүнийг агуулга дээр очиж унана.

Өнөөдөр анги танхимдаа гутаагдан доромжлуулж буй хүүхэд маргааш хэн нэгнийг гутаан доромжлоход ер гайхах явдалгүй. Хүүхэд насандаа хүндлэл, хүн ёсны харьцааг огтхон ч амсч байгаагүй хүүхэд хэнийг ч хүндэлдэггүй, хэнийг ч гутаан доромжлохоос сийхгүй хүн болчихсонд халаглах явдалгүй.

Өчигдөр багш нартаа элдвээр хэлүүлж, дээрэлхүүлж, эрхээ зүйл бүрээр зөрчүүлж байсан хүүхэд өнөөдөр нийт олныхоо эрхийг өчүүхэн чинээ тоодоггүй “сайхан улаан луйварчин бөгөөд улс төрч” болж хүмүүжсэний нь төлөө сонин хэвлэлээр харааж, элдэв жагсаал цуглаан хийгээд байх инээдтэй хэрэг юм.
7 сарын нэгэнд ямар аймшигтай балмад хэрэг явдал болов оо гэцгээж байна. Өнөөдөр тэр хэрэгт оролцсон, шатаасан, хулгай хийсэн хүүхдүүдийг шүүж байна. Ял чангадлаа, улс төрийн золиос боллоо гэлцэн бас л талцаад маргаад эхлэв. Гэтэл эцсийн эцэст нийгэм маань өөрөө гэмт хэргийн шинжтэй болчихсон байгааг хэн ч анзаарч, халаглахгүй юм.

Гадна оронд явж байхад Орос, Монгол гэх мэтчилэн хуучин соц системтэй байсан орны иргэд ер нь аливаа харьцаан дээр, ялангуяа хүнийг хар шар, сохор доголон хэн байлаа ч гэсэн хүнийх нь хувьд хүндэтгэх, түүний тусгаар эрхийг хүлээн зөвшөөрөх тухай анхан шатны хэвшил дадал байдаггүй нь илэрхий ялгарч анзаарагдаг л юм билээ.

Миний таниж мэдэх хэдэн япон, солонгос иргэдийн хүрээнд... ер нь өөрөөсөө доош хүнийг жаахан дээрэлхчих гээд байх хандлага хааяа анзаарагддаг юм. Гэтэл Япон, Солонгос орон маань эрх чөлөөтэй мэт атлаа нийгмийн гүнд нь хууль бус далд дарангуйлал маш тархмал байдаг гэдгийг олон жил тэнд амьдарсан хүмүүс хэлж байх юм. Тэрхүү өөрөөсөө доош хүнийг дээрэлхчих гээд байдаг чанар нь дарангуйллын систем доторх хүний сэтгэхүйд үлдээсэн урхаг, сүүдэр л шүү дээ.

Хоёр охин маань монголдоо сургуульд яваад сар гаруйхан л болж байна. Гэхдээ сургуульдаа нэг л дурамжхан явах болсон нь анзаарагдсан юм. Америкт баяр ёслол, эсвэл үер, шуурга болоод хааяа сургууль нь хичээллээгүй тохиолдолд хүүхдүүд харин ч эсрэгээр дурамжхан байдаг байж. Өглөө 8.30-аас үдээс хойш 3.30 хүртэл хичээллэнэ. Тэндээ хооллож, ундаж, тоглож наадаж, бас унтаж амарч ч болно. Сургууль хүүхдийн хоёр дахь гэр орон нь. Бүх багш нар хүүхэд бүрийн дотно найз нөхөд, зөвлөгч нь байна. Хоцроход гайхах явдалгүй, хүнд юу ч тохиолдож болно шүү дээ. Хичээлээс хоцорсоных нь төлөө хүүхдийг зэмлэж, залхааж, олны өмнө донгодно гэж байхгүй. Харин хүүхдүүд өөрсдөө хоцорч болохгүй гэдгээ маш сайн ухамсарладаг, би хичээлээсээ хоцорсоноор тэр олон хүүхдэд төвөгтэй байдал бий болгож байгаа гэдгээ, бас хамгийн ойр дотнын хүмүүс болох багш нарынхаа сэтгэл итгэлийг сэвтээнэ гэдгээ ойлгож мэдэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдэд үүнийг ойлгуулсан байдаг. Тэгэхээр хүүхдүүд онцгой юм л болоогүй бол хоцроно гэж байдаггүй.

***
Америкт очсон дариудаа хүүхдэд гар хүрч болохгүй, зандчиж болохгүй, 13 нас хүрээгүй хүүхдийг гадуур асран хамгаалагчгүй явуулж болохгүй, мөн гэрт нь ганцаар үлдээж болохгүй гэх мэт бөөн олон болохгүйтэй тулаад “За юун сүртэй юм, будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр хүний эрх гэхээр арай дэндүү сүржигнэх юм” гэж бодогдож билээ.

5, 8 настай хоёр хүүхдээ машиндаа үлдээж буугаад дэлгүүрт хурдан ороод гараад иртэл бөөн цагдаа болчихсон байсан тухай нэгэн танил маань надад зориуд анхааруулж байсан юм. Тэгээд мань хоёрын эцэг эх байх эрхийг нь хасахдаа хүрч, шүүхээр орж байж арай гэж нэг юм салсан ч 6 сарын турш нэг хянагч байн байн ирж хүүхэддээ хэрхэн хандаж байгааг нь шалгадаг байсан гэсэн. Мэдээж хэрэг шүүхээр орсон тохиолдолд бөөн мөнгө хөрөнгө асгарна л даа.

Бас нэгэн танил маань шөнө дунд гэртээ орж ирсэн охиноо алгадаж орхитол охин нь цагдаа дуудчихаж, цагдаа ирээд аавыг нь гавлаж аваад явчихалгүй хаачихав. Бас л бонд, өмгөөлөгч, шүүх гээд бүтэн 3 сарын турш бөөн юм болсоны эцэст арай гэж нэг юм аярчээ. Тэр танил маань би эцэг нь юм байгаа биз дээ, охиноо нэг алгадчихаж ер яадаг юм, энэ тэнэг америкууд үүнийг ойлгохгүй л дээ гэж гомдоллон ярьж байсансан. Тиймдээ, монгол хүний сэтгэлгээ өөр шүү гэхчилэн бид ам нийлж, америкуудаа баахан муулснаар тайвширцгаасан.

Би өөрөө 3 настай хүүгээ машины урьд суудалд суулгаж яваад цагдаад ёстой нэг навсайтлаа торгуулж билээ. 3 настай хүүхэд зөвхөн машины арын суудлын голд тусгай хамгаалалт бүхий суудалд заларч явах хуультай. Ямар нэгэн осол аваар болоход хүүхэд үнэхээр найдвартай байдаг. Харин манайд бол хүүхдүүдээ хэд гурваар нь урд суудал дээр овоолчихсон давхиж явах. Жижигхээн осол гарахад л хүүхэд цонхоор төө хол шидэгдэнэ шүү дээ.

Энэ мэтчилэн америкт хүүхдийн эрхтэй холбоотой маш олон хууль, журам бий. Хүүхдийн эрхийг бүхнээс дээгүүр зална. Заримдаа дэндүү ч гэмээр.

Гэвч маш ялимгүй жижигхэн мэт зүйл ч хүүхдийн сэтгэхүйд гүн гүзгий ул мөр үлдээдгийг, тэр нь насан туршид сүүдэр, эсвэл гэрэл гэгээ болон дагалдадгыг хожим анзаарч, за юун сүртэй юм хэмээн бодож байсан маань харин ч ихээхэн төөрөгдөл болохыг ойлгосон билээ.

***
Хэдхэн хоногийн өмнө охин маань асууж байна.
- Ааваа, цагдаа яаж дууддаг юм?
- Мэдэхгүй ээ, эмчийг л 103-аар дууддаг санагдаж байна.

Үнэндээ би цагдааг хэрхэн дуудахаа ч мэдэхгүй яваа хүн. Өдий хүртлээ нэг ч удаа цагдаагаас тусламж хүсэж байсангүй. Халдлага, түрэмгийлэл, дээрэмдлэг, зодоон цохион зэрэгт зөвхөн хоёр гарынхаа чадлаар л өөрийгөө хамгаалахыг оролдож, чадвал хамгаалаад, чадахгүй бол нэвширтлээ нүдүүлчихээд л явж байлаа. Үр дүн муутай хамгаалалтуудын маань гор болсон тархины гэмтэл, өвчин олон жил намайг шаналгаж явна. Бид чинь ийм л бурангуй, ширэнгийн мэт хуулинд дор явж ирж шүү дээ. Гэхдээ одоо бол би үр хүүхдүүдээ ийм балар хуулийн дор бөхийлгөмөөргүй байна. Эцэг эх та ч гэсэн надтай нэгдэх байх гэж найдаж, бас хүсэж байна. Хууль ёс нь хэрэгждэг, хүний эрхийг хүндэтгэдэг ардчилсан оронд аж төрж буйгаа мэдэрмээр байна. Төр нь, цагдаа нь иргэнээ хамгаалдаг гэдгийг мэдэрмээр байна.

Охиноо ингэж асуунгуут санаа аваад 109-рүү залгаж цагдаа хэрхэн дууддагийг лавлав. Гэтэл өмнөөс Зэвсэгт хүчний жанжин Штабын дэргэдэх үү? хэмээн тэмээ гэхээр ямаа гэдэг шиг юм асууж байх юм.
- Үгүй ээ, цагдаагаас ямар нэгэн тусламж хэрэгтэй болоход дуудах утасны дугаар асууж байна.
- Том хүн юм бол 103-аар дуудлага өгч болно. Дүүрэг, дүүргийн цагдаа өөр өөр дугаартай байдаг юм ш тээ, та аль дүүрэг юм. Хэрвээ гэмтсэн бол та гэмтлийн эмнэлэг рүү залгаж болно шүү дээ
- За за болье.
Нээрээ цагдаа дуудах гэсээр байтал алуулах юм байна л даа. Тэгээд охиндоо цагдааг дуудахад их төвөгтэй юм шиг байна гэж учирлаад яагаад цагдаагийн дуудлагын утас хэрэг болсоныг нь лавлав.
- Зүгээр л... гэхдээ америкт манай багш нар бидэнд бүх хэрэгтэй утасны дугааруудыг цээжлүүлдэг ш тээ. Харин монголд яагаад ингэхгүй байгаа юм бэ?
- Ямар нэгэн юм болоо юу, миний охин.
- Манай сургууль дээр нэг хүүхэд нөгөөгөө зодчихсон чинь ухаан алдаад уначихсан.
- Тэгээд яасан.
- Яагаа ч үгүй....
Би охиныхоо санааг ойлгов. Энэ мэт ямар нэгэн халдлага болвол цагдаагаас тусламж хүсэх тухайгаа л бодож ааваасаа асуусан нь тэр байж.
- Миний охин ямар нэгэн юм болбол аавыгаа л дуудчихаж байхгүй юу?
- Та америк цагдаа шиг тийм хурдан ирж чадах юм уу?
- Монголдоо бол аав нь цагдаагаас хамаагүй хурдан очиж чадна аа, амлая.
Энэ ч хэтрүүллэггүй үнэн л дээ.

***
Ингэхэд ер нь боловсрол гэж юуг хэлээд байгаа юм бэ? Ямар нэгэн тодорхойлолт байдаг л байх.

Бага, дунд, ахлах бүх ангидаа улаан онц сурсан миний үеийн нэг охин байсан юм. Онц л авна. Нэг удаа 4 авчихсан чинь бараг амиа хорлохоос наахнуур юм болж, сургууль даяарын юм болсоны эцэст өнөөх 4 тавьсан багш буруугаа хүлээж дүнг нь засаж, санааг нь амрааж билээ. Түүнд бол онц дүн авах нь амьдралынх нь цор ганц зорилго байсан болов уу гэмээр. Уншаад л, цээжлээд л, түүнээ эргүүлж самбарын өмнө гөвөөд байдаг. Гэтэл хөөрхий, яг улаан амьдрал дээр гарахаараа өнөөх олон цээжилж багшийн өмнө дуржигнатал нь урсгадаг байсан зүйлсээс нь ер хэрэг болсон нь өдрийн од шиг. Хааяа нэг шийдвэр гаргахаараа яг тэр тэнгэрийн од шиг аймаар амьдралгүй юм хийнэ. Хамт олондоо адлагдана. Аргагүй барьц алдан сандарч байгаам чинь. Дунд сургуульд байхдаа муухан сурлагатантай тоож дуугардаггүй байсан өнөөх маань одоо хулхи нь нам буучихсан, нүднийх нь гал үхчихсэн дэлгүүрийн лангуун дээр сууж байхтай таарав. Бид чинь ийм л догма сургалтанд шүтэж ирсэн байх юм. Хайран залуу нас, цаг хугацаа. Хайран амьдрал, хувь заяа. Үүнийг боловсрол л гэж лав хэлэхгүй байх.

Гурван ч дээд сургуулийг улаан дипломтой төгссөн нэг нөхрийг таних юм. Ажлын ямар ч чадвар байхгүй, дэмий л өнөөх олон ромбо, улаан дипломоороо гайхуулж явах, өөр гайхуулах юмгүй хүн чинь... Ардчилсан хувьсгалын дараа түүн шиг олон улаан дипломтны чадварыг гүйцэд үнэлж дэвшүүлээгүй, дарж хэлмэгдүүлж байсан МАХН-ын батлахаа урж шидээд ардчилагч болж баахан манаргасан. Гэвч угаасаа ажил үүрэг гүйцэтгэх, нөхцөл байдлыг зөв үнэлэх, улмаар зөв шийдвэр гаргах чадвар эзэмшээгүй хүн чинь ардчиллынхаа нэр хүндийг ч бас давхар баахан баастаж аваад гарсан. Одоо ертөнц хорвоод гомдоллосон, агсарсан хүн архи уугаад л явж байна. Түүн шиг улаан онц хүнийг энэ ертөнц ойлгохгүй, чадварыг нь ашиглаж чадахгүй байна гэнэ ээ. Буруу цаг үед төрсөн юм байх. Бид чинь өмнө нэг иймэрхүү тогтолцоонд явсан шиг билээ. Мэдээж хэрэг өмнөх сургалтанд сайн тал зөндөө бий ч уг системийн гаж байдлыг тэр сайн талууд нь халхалж чадахгүй юм. Боловсрол гэхээр л нэг баахан хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй мэдлэг гэж ойлгодог, боловсролын тогтолцоо гэхээр яг тийм сохор хандлагад хүнийг шахдаг байж таарахгүй байх аа.

Боловсролыг цогцоор нь ойлгох хэрэгтэй санагдана. Өөрөөр хэлбэл зөвхөн ерөнхий болон тусгай эрдмийн мэдлэг чадвараар нь боловсролыг хязгаарлах биш, тухайн хүний нийгмийн өргөн харилцаанд орж буй бүх талын хандлага, чадвартай нь хамтад нь ойлгох учиртай байх.

Өмнөх бичлэгтээ америк болон монголын боловсролын тогтолцоо яг эсрэг хандлагатай байгаа талаар цухас дурдсан.

АНУ-д бага ангиудад хичээлийн ачаалал хүүхдийг залхаахааргүй маш бага байхын зэрэгцээ хүн ёсны хүмүүжлийн арга дадлуудыг суулгаж өгч байдаг. Хамгийн наад зах нь хүнтэй зөв мэндлэх, харьцах гээд. Анги дэвших хирээр хичээлийн ачаалал хүндэрсээр коллеж, их дээд сургуульд оюутан жинхэнэ хэн болсоноо эцсийн боломжоороо шавхан илэрхийлэх тийм чанга хатуу шалгуурын өмнө тулж очсон байдаг. Их дээд сургуулиудын оюутнуудын бие даах, шийдвэр гаргах, дүгнэлт хийх, аливаа эх бичвэр, судалгаа шинжилгээтэй ажиллаж буй чадвар манайхтай харьцуулахын аргагүй.
Харин манай монголд яг эсрэг байх юм. Бага балчирт нь баахан хичээлээр бөмбөгдөж, бөмбөгдөж, залхааж авна. Эрдэм ном гэхээр толгойтой үс нь арзайтал босч ирдэг болтол нь бөмбөгдөнө. Түүнээ яг мал адгуус шиг харьцаагаар хэрэгжүүлэх гэж үзэж тарна. Хүүхдүүд ч бараг зэрлэг юм шиг байна. Анги дэвшихийн хэрээр багш нарын хяналтаас өнөөх зэрлэгшсэн хүүхдүүд гарч, буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэгч болно. Тэгээд их дээд сургуульд бол бараг зөнгөөрөө болчихно доо.

Америкийн бага сургуулийн сургалтын агуулга нь хүүхдийг төлөвшүүлэхэд 100 хувь чиглэсэн байдаг. АНУ-д нэгнээ хүндэтгэж чаддаг, эрхээ мэддэг, тэр хэмжээгээрээ үүргээ ухамсарладаг, бие даасан иргэн хүнийг бэлтгэх гол “гал тогоо” бол бага сургууль байдаг. Хүүхэд бүрд энэ нийгмийн нэг салшгүй эд эс гэдэг ойлголтыг яг тэр бага насанд нь яс маханд нь ортол шингээж өгнө. Тэдгээр нь маш энгийн хэлбэрээр илэрч байна. Ганцхан жишээ л гэхэд олон хүнтэй газарт гэнэт голынхоо хийгээр хашгирч болохгүй, тэднийг чочоож болохгүй, хүндэтгэх хэрэгтэй гэдгийг америкт бага сургуульд сурсан хүүхэд маш сайн мэдэрсэн байдаг. Харин манай монголд маань шал эсрэг. Миний үгэнд итгэхгүй бол захын бага сургуулийн хаалгаар шагайгаад үзээрэйдээ. Хонх дуугарангууд л пижигнээд, дажигнаад, хашгичаад явчихна. Газар хөдлөөд эхлэв үү дээ гэмээр. Баахан зэрлэгүүд хөөж ирээд хашчихсан юм шиг. Тэгээд нөгөө зэрлэгүүдтэйгээ яг л зэрлэг адгуустай харьцаж буй мэт харьцана, зандчаад л, шугамаар ороолгоод л, харааж зүхээд л эхэлнэ дээ. Хүүхэдтэй мал адгуустай харьцаж буй мэт аашлаад байвал мөн л адгуусны мэт хариу үйлдлийг хүлээх нь 2+2 гэдэг шиг тодорхой.

Эрдэмтэд нэг сонин ажиглалт хийсэн байна. Бага насандаа чоно, ирвэс, сармагчин мэтийн хээрийн зэрлэг амьтдад “үрчлэгдэн” агуйд нь амьдарч байгаад эргэж хүмүүст олдсон 27 Маугли хүүхдүүдэд нэг нийтлэг зүйл байжээ. Тэд бүгдээрээ хүмүүсийн дунд нийгэмших анхан шатны босгыг давж чадсангүй, сар гарахаар чоно шиг ульдаг, хувьцас өмсөж чаддаггүй, гал үзэж чаддаггүй, махыг түүхийгээр нь зулгааж иддэг, орон дээр унтадгүй, аяганаас хоол идэж чаддаггүй, газарт асгаж байж долоож иддэг гэх мэтчилэн өнөөх агуйд адгууснуудтай хамт 2-11 насандаа олж авсан дадал хэвшлээ огтхон ч гээсэнгүй. Нэг нь бүтэн өгүүлбэр хэлж сурсангүй. Тэдгээр хүн-адгууснуудаас ердөө ганцхан нь л халбага барьж хоол идэж сурсан нь хамгийн агуу амжилт байж. Ганцхан Камала гэх Энэтхэгт олдсон охин л хүмүүсийн дунд 10 гаруй жил амьдарсан, бусад нь бүгдээр хэдэн сараас хэдхэн жил л амьдарчээ.
Энэ ч нэг юм, бүр аймаар юм хэлээд байгаа юм шүү, Багш нараа, эрхэм Боловсролын сайд аа, Ерөнхийлөгчөө... Цаг алдсан алдсан гэхэд арай хэтэрч буй мэт... 7 сарын нэгний хэрэг бол манай нийгэм хэрхэн зэрлэгшиж, гэмт хэргийн шинжтэй болсоны зөвхөн дохио биш үү.

Xүнийг зөв ойлгож, бас хүнд өөрийгөө зөв ойлгуулах, хүнийг хүндэтгэх, бас өөрийгөө хүндэтгэх чанар нь хүнийг насан туршид дагаж явдаг маш чухал чадвар юм. Ийм чадвар бүхий иргэд нь нийгмийнхээ эрүүл саруул эд эс нь болж, хууль хэрэгжих, шударга ёс ялах ганц тулгуур нь болж байдаг байна.
Хүүхдэд бага насанд нь ийм чадвар суулгахын тулд юуны түрүүнд тэдний эрхийг нь хүндэтгэн дээдэлдэг сургуулийн хүнлэг, халуун дулаан орчныг бий болгох хэрэгтэй байна. Хичээлээсээ хоцорсоныхоо төлөө бүтэн цаг гадаа дагжин, айж түгшин зогсдоггүй болгох хэрэгтэй байна.

Боловсролын болон бусад холбогдох хууль, тогтоомжууддаа хүүхдийн эрхийг маш тодорхой зүйл заалтуудаар тусгаж өгөх хэрэгтэй санагдана. Тэгээд түүнээ хэрэгжүүлдэг, хянадаг хатуу чанга тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Багш нараа ч дахин сургаж, дадлагжуулах, бага дунд ангид хичээл заах тодорхой шалгууртай болгох, цалин урамшлийг нь нэмэгдүүлэх, сургалтын шинэ орчныг нь бүрдүүлж өгөх зэргээр хийвэл ажил их байгаа санагдах юм. Юу юуны түрүүнд нийслэлдээ хичээлийн байруудыг шинээр бий болгож, ангид буй хүүхдийн тоог тодорхой хатуу тогтоосон хязгаараас давдаггүй болгох хэрэгтэй гэх мэтчилэн.

***
“Хүнээр хүн хийхээс илүү их ухаан байдаггүй юм” гэж ардын багш Б.Дүгэрээ гуай нэгэнтээ хэлж билээ. Монголын төр балчир иргэдээ хожмын соёлтой, хүмүүжилтэй, хариуцлагаа ухамсарладаг, эрх эрх чөлөөгөө дээдэлж, эрхэмлэж чаддаг хүн болгон төлөвшүүлэхэд аргагүй ухаан дутаж байна уу даа.

Saturday, October 11, 2008

Аав охин хоёрын яриа буюу Монголын боловсролын шинэчлэл - 1

Охин маань сургуульд оров. Баянзүрх дүүргийн нэгэн сургуулийн 4 дүгээр ангид л даа. Америкт сурч байгаад ирсэн охины маань хувьд Монголынхоо сургуульд орж байгаа нь энэ. Орой авахаар очиход өмнөөс гүйж ирэнгүүт л:
- Аав аа, би нэг хачин юм хэлэх үү?
- За, тэг...
- Манай багшид ийм урт/гараа алдлав/ төмөр шугам байдаг.
- Юу нь хачин гэж, аавд нь ч тийм шугам байдаг шүү дээ.
- Тэр шугам нь дандаа муруйчихдаг юм.
- Яагаад тэр билээ?
- Хүүхдүүдийг цохихоор л муруйчихдаг, тэгээд тэгшилж байгаад дахиад л цохидог. Аймаар байгаа биз. Би айгаад юу ч хэлж чадаагүй ээ. - Миний охиныг цохисон юм уу?

- Үгүй л дээ.., манай ангийн зөндөөн хүүхдийг тэгэж цохисон.

Энэ шугам мурайх дайны зодуур бол монголынхоо бүх шатны сургуулиар дамжихдаа бишгүйдээ л нэг шугамдуулж, указкадуулж, үсдүүлж, чихдүүлж, элэгдүүлж, шанаадуулж, буланд сандал өргөн зогсож үзсэн надад ер сонин хачин, гаж зүйл биш л дээ.

Харин бэлтгэл ангиас /киндергарден/ 4 дүгээр анги төгстлөө 5 жил америкийн сургуульд суралцсан охины маань хувьд ер бусын хачин, байж болшгүй, санаанд нь багтамгүй гаж зүйл... Ганцхан удаа, санамсаргүй цохичихсонгүй, шугамаа муруйчихаар нь тэгшилж байгаад дахин дахин цохиод байдаг нь зориудын санаатай үйлдэл болно. Тэгээд л тэрхүү төмөр шугам охинд маань зодуурын, эрүү шүүлтийн аймшигт багаж хэрэгсэл болон харагдсан байна. Тиймээс л хамгийн түрүүнд багшдаа байдаг тэр том аймшигт төмөр шугамын тухай аавдаа сонин болгон ярьж буй хэрэг. Хэрвээ америкийн аль нэгэн сургуульд ийм явдал болсон бол ямар том шуугиан дэгдэх бол. Төмөр шугамны эзэн багш дахин хэзээ ч хүүхэдтэй харьцах эрхгүйгээр таслагдаж, сургуулийн захирал төдийгүй тухайн мужийн боловсролын сайд нь хүртэл огцрох байсан болов уу.

Гэтэл ийм үзэгдэл монголын бараг бүх сургуульд байдаг хэвийн зүйл гэнэ. Бүр хүүхдээ гэмтээчихээд эмнэлэг, шүүхээр орсон тохиолдлын тухай танил багш маань хуучлав. Тэр хүүхэд гэмтээсэн багш нь одоо ажлаа зүв зүгээр хийгээд л явж байгаа гэнэ. Сүүлийн 10 гаруй жил Монголын боловсролын системд эрс шинэчлэл хийж байгаа тухай байнга сонсож, дуулж байв. Үр дүн нь ямар байгаа юм бол? Боловсрол нь миний мэддэг салбар биш тул би нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй. Гэвч одоо миний өгүүлэх хэд гурван жижигхээн жишээ америкийн болон монголын боловсролын салбарын хооронд тогтолцоо хийгээд агуулгын ямар их ялгаа буйг хэлэх байх гэж бодож байна. Бас боловсролын салбарт шинэчлэл хийх гэж зүтгэж буй хүмүүст зарим нэгэн санаа өгч магад гэж найдаж байна.



***

Америкт байх хугацаанд хүүхдүүддээ крилл бичиг тууштай зааж сургаагүйгээс гадна хэдийгээр гэртээ монголоор ярьдаг ч хангалттай хэмжээний монгол хэлтэй байх боломж хомс байсан юм. Энэ зовлонг гадаадад буй монгол эцэг эх бүхэн ойлгож хуваалцах байх. Тэгээд сургууль эхлэх анхны өдөр охиныхоо ангийн багштай уулзаж, манай хүүхэд монгол хэлэнд сайнгүйгээс гадна криллээр дөнгөж л уншдаг бичдэг нь 5 дугаар ангийн түвшинтэй харьцуулахад тун доогуур үзүүлэлт гэдгийг учирлахад багш:

- Пөөх, зовоочих юм байна л даа, яана аа, гэрээр багш авч гүйцэхгүй бол явахгүй ш тээ, эсвэл бага ангид өгөх юм уу гэж бүүр төвөгшөөсөн байдалтай байх юм.

“Сургах нь багш таны үүрэг” гээд үг сөрмөөр байвч ямар орчин, сэтгэлгээн дотор байгаагаа санаад амаа жимийлээ. Мөн англиар ганц ч үг хэлдэггүй байсан охиныг маань сургах гэж бүтэн жил гаран сэтгэл гарган хичээн мэрийсэн америк багш нарийн дүр төрх эрхгүй санаанд бууж билээ.

Охин маань монголоос очингуут л сургуульд орсон юм. Бид өглөө School bus-д нь суулгаж өгдөг, орой тосож авдагаас өөр үнэндээ англи хэл сургах талаар нэг ч идэвх санаачилга гаргаж байсангүй, багш нар нь ч охин чинь англи хэл мэдэхгүй байна, одоо яана аа, энээ тэрээ гэж нэг ч удаа асуудал үүсгэж байсангүй. Тэр ч бүү хэл сургуулиас зөвхөн ганц охинд маань зориулаад англи хэлэнд нь тусалдаг нэг багш тусгайлан гаргасан байсан. Тэр багш байнга охины маань дэргэд байж, дохиж зангаж, бүүр мөлхөж, майлж байж ойлгуулдаг байсан байгаа юм. Энэ хооронд тэдгээр багш нараас нэг ч удаа залхсан, хэцүүрхсэн өнгө аяс илэрч байгаагүйг монгол багшийн төвөгшөөн ярьж байх үед маш тод санаж билээ. Нэг л мэдэхэд охин маань англиар чөлөөтэй шулганадаг болчихсон байсансан.



***

Найз маань хүүгээ хэдэн жилийн өмнө 6 настай байхад нь I хорооллын нэгэн сургуульд оруулжээ. Балчир хүү өглөө очингуут л ширээгээ дэрлээд унтаад өгдөг байсан гэнэ. 30 гаруй минут унтаж аваад хичээлээ эхэлдэг байжээ. Багш нь эцэг эхийн хурал бүр дээр “Танай хүүхэд өглөө болгон нус, шүлсээ гоожуулаад хичээл дээр унтдаг, хичээлээ хийдэггүй, гүйцдэггүй” гээд л ичиж улайтал нь илчилж, тачигнатал загнадаг байжээ. Эхлээд найз маань үг хэлдэггүй байснаа сүүлдээ тэсвэр нь барагдаж хэрэлддэг болоод, бүүр сүүлдээ эцэг эхийн хуралд нь ч очихоо байжээ. Гэтэл хариуд нь нөгөө багш хүүхдийг нь байнга дарамтлах болсон байна. Орой болгон хүүхдийг нь ганцааранг нь торойтол авч үлддэг, элдэв зүйл нэхдэг болжээ. Тэсэхээ байсан найз маань хүүхдийнхээ сургуулийг сольсон гэнэ.

Танил багш маань ийм тохиолдлуудын талаар олон жишээ хэлж өгөв. Хичээлдээ муу хүүхдүүдийг хичээлийн дараа ангид нь авч үлдэж байгаад залхтал нь суулгадаг. Нойлын ногоон тэг, мулгуу тэнэг мангараар нь дуудах бол хамгийн энгийн зүйл гэнэ.

Харин америкт ийм тохиолдолд хэрхэн ханддаг вэ? Нэг өдөр охины маань сургуулиас утасдаж байна. Хэлний бэрхшээлээс болоод охин маань тийм ч сайн сурдаггүй байсан юм. Сургуулийн нийгмийн асуудал хариуцсан ажилтан / social worker/ ярьж байна.

- Бид таньтай уулзах хүсэлтэй байна. Танд сургууль дээр ирэх цаг зав байна уу? Гэж байна.

- Байхгүй, өдрийн цагаар би байнга ажилтай гэвэл

- Тэгвэл бид оройн цагаар танай гэрт очиж уулзаж болох уу? Гэж гуйлаа.

Гэртээ тэдэнтэй уулзахаар цаг товлолоо. Гэтэл манайд бүхэл бүтэн десант буудаг юм байна. Сургуулийн дэд захирал нь нийгмийн ажилтнаа, охины маань ангийн багшийг, англи хэлэнд нь тусалдаг багш, мөн бас нэг ахмад багшийг дагуулчихсан 5-уулаа “зочиллоо”.

Би эрхгүй сүрдэж, ноцтой зүйл болох нь дээ гэж түгшиж, жижигрэв. Учир нь би багадаа нэг бус удаа аавыгаа сургуулийн захирал дээр дуудуулж, донгодуулж, дараа нь аавынхаа суран бүсний амт үзэж явсан тул охины маань талаар тун таагүй зүйл л ярилцах нь дээ гэж таамаглаж байв.

Гэтэл харин тэд охиныг маань магтаж гардаг байгаа. Маш найрсаг, найзархаг, хөгжилтэй л гэнэ. Их хөөрхөн цаасан хайчилбар хийдэг гээд охины минь уран бүтээлийг нэгэн хавтаснаас гарган ирж үзүүлж байна. Бас амьтанд их хайртай, сургуулийн хашаан доторх усан сангийн загасыг их анхаарч хардаг, мэлхийнд хоол өгдөг л гэнэ. Ангийнхаа хүүхдүүдэд их анхаарал халамж тавьдаг, хүүхдүүд бүгдээрээ түүнд хайртай л гэнэ. Багш бүр л өөр өөрийнхөөрөө нэг сайн сайхан зүйл хэллээ. Нөгөөх айдас, түгшүүр маань бага багаар арилж, би ч бүр пээдийгээд эхлэв. Тэгээд:

- Ингэхэд та бүхэн чухам ямар хэргээр яваа билээ? Гэж эрдүүхэн асуулаа.

- Танай охин их сайн охин, харин бид охиныг чинь сайн уншуулж сургаж чадахгүй байна. Гэж байна. Тэгээд үүндээ надаас уучлал эрж яваа юм гэнэ ээ. Би сандарч,

- Өө, харин ч охин маань та бүхэнд тийм их ажил удаж байгаад би та бүхнээс хүлцэл хүсэх учиртай гэлээ. Тэгээд тэд охиныг чинь өдөрт 30-хан минутын л нэмэлт хөтөлбөрт хамруулах талаар таньтай зөвлөлдөх гэсэн юм. Охин чинь их эрч хүчтэй, тэвчээртэй тул ачаалал болохгүй байх гэж бодож байна. Та зөвшөөрөх үү, хэрвээ зөвшөөрвөл та гарын үсгээ өгнө үү гэж байна. Өгөлгүй яахав дээ, баярлаад л гарын үсгээ зураад өгтөл харин тэдгээр багш нар надаас илүү баярлаж билээ.

Чухам энд л хүүхдийг сургах ёстойгоо ухамсарласан багшийн үүрэг, хариуцлага, чинхүү хүсэл харагдсан юм. Нөгөө талаар тогтоосон цагаас илүү нэг ч минутаар хүүхдэд хүчээр хичээл зааж, хүүхдийг ядрааж, залхааж болохгүй хатуу дүрэм журамтай учир тэд аавынх нь гарын үсгээр баталгаажуулж авч буй нь тэр ажээ.

Энд бас нэгэн зүйл маш тод анзаарагдсан нь хүүхдийг хүндлэн дээдлэх үзэл санаа юм. Хүүхэд бүрд сайн тал, сайн чанар байдаг. Чухам түүнийг нь олж харж чаддаг, түүгээр нь урамшуулж, идэвхжүүлдэг, цаашид амжилттай сурах нэгэн хөшүүрэг болгодог нь америк багш нарын нэг онцлог мэт санагдсан билээ. Хүүхдийн муу сул талыг хэзээ ч хамт олны нь өмнө уудлан илчилж, улайлгадаггүй, хувьчлан уулзаж, нээлттэй ярилцдаг нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, бие даасан чадварт нь асар чухал үүрэгтэй зүйл болох нь харагдсан юм.



***

Зун америкээс ирсэний дараа 7, 8 сард охиддоо хамаатнынхаа багшаар крилл бичиг заалгав. Хэд хоногийн дараа багштайгаа санал солилцоход 30 гаран жил багшилсан туршлагад нь тохиолдож байгаагүй зүйл анзаарсанаа ярьж байна.

Юуны түрүүнд охид үзгээ тааллаараа барьж бичиж байгаа нь сонин байжээ. Олон жилийн турш зөвхөн гурван хурууны өндгөөр үзгээ барьж бичихийг заасан багшид охид маань үзгийг гарынхаа аль ч салаагаараа барьж болдог юм, бүр атгаж байгаад бичсэн ч болдог гэж “заавардсан” байгаа юм. Бас үсгийг хаанаас нь ч эхэлж бичиж болдог гэжээ. Гол нь үүний цаана хүүхдүүд маш чөлөөтэй сэтгэж байгааг туршлагатай багш анзаарсан байна. Цаасны өөдсөөр, чулуугаар, модны мөчир, навчаар, молоконы лаазаар хөөрхөн дүрс, тоглоом хийж чадаж байгааг их олзуурхаж байв. Монголын сургалтанд буй хүүхдүүд хэзээ ч ингэж чөлөөтэй байж, санаа бодлоо, буруу зөвөө чөлөөтэй илэрхийлж, бүүр томчуул мэт санал солилцож байгаагүй гэлээ.

Хэдийгээр охид маань монгол хэл бичиг, тоо бодлого зэрэг үндсэн гол хичээлүүдээрээ бараг хоёр гурван анги доод түвшинд байгаа ч хүний нийгмийн болоод ертөнцийн зүй тогтолцооны талаар маш нарийн мэдлэгтэй байгааг нь багш гайхаж байсан юм. Тухайлбал нар сар яагаад хиртдэгийг, бороо яагаад ордогийг, салхи яагаад гардагийг, тэр ч бүү хэл загасны төрөл зүйлийг маш нарийн мэдэж, таньж байсан гэнэ. Аргагүй шүү дээ. Нэгийг нь нар болгож гэрэл бариулаад нөгөө хоёрыг нь сар, дэлхий болгож бөөрөнхий баг өмсгөөд, нар сар яагаад хиртдэдгийг харанхуй танхимд биетээр нь үзүүлэхээр чинь ямар ч хүүхэд ойлгоно. Хүүхдэдээ ч ачаалал багатай, бас сонирхолтой.



***

Охин маань ирсэн дариудаа ойр хавийн хэдэн жаалуудтай гадаа харайж наадаж, эрх тааваараа тоглож байв. Гэтэл аавыгаа сандран сандран дуудлаа. Очтол аавынхаа араар нуугдаж, зугтааж ч гүйгээд байх шиг. Яасныг асуувал хүүхдүүдийн нэг охиныг маань “Ална шүү, П...” гэжээ. Охин маань түүнд нь үнэмшчихэж:

- Та цагдаа дуудаач гэж шивнэж байна.

- Өө, тэгэж л байг, энэ чинь үнэнээсээ тэгээгүй юм, тоглож байгаа байхгүй юу? Гэлээ.

- Ингэж тоглодог гэж үү?

- Аав нь ч гэсэн тэгэж л тоглодог байсан юм. Зүгээр ээ, миний охин гэж байж арай гэж тайвшруулж билээ. Харин охин маань сэтгэлээр их унасан. Хүн яагаад тэгэж тоглодог юм бэ гэж дараа нь асуухад би хариулж чадаагүй.



***

- Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?

- 46

- Өө, яасан олон юм.

- Илүү олон хүүхэдтэй анги байгаа ш тээ. Ааваа.. 56 хүүхэдтэй.

50 гарсан хүүхэдтэй анги доторхийг би ер төсөөлж чадахгүй байна. Багш нь яаж тэсч байдаг юм бол. Хүүхэд бүрдээ хүрч чадна гэж үү. “Хэдхээн сортоотой нь үлдээд л олонхи нь гээгдээд явдаг юм” гэж танил багш маань тайлбарлав. Хичээлдээ ирсэн, ширээний ард суусан л бол боллоо, гүйцээ гэнэ. Тийм юм бол нэг талаас сургуульд ирэхийн, нөгөө талаас сургах гэхийн утга учир юу байна. Зарим багш нар хэсэгтээ л хүүхдүүдээ нэр нэрээр нь мэддэгүй сандардаг гэнэ.

Анги дүүргэлт яагаад ийм өндөр байгааг лавлав. Улаанбаатарын хүн ам маш хурдацтай өсч байгаагаас гэнэ. Тийм юм бол яагаад сургуулийн байр шинээр барьж болдоггүй юм бэ. Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар боссон хэдэн өргөтгөлөөс өөр Улаанбаатарт маань нэг ч сургууль сүүлийн 20 жилд шинээр бий болсонгүй. Энэ чинь юу вэ таминь ээ. Энэ хугацаанд чинь Улаанбаатарын хүн амь 2-3 дахин өсчихөөгүй биш билүү. Олон олон баян компаниуд тийм ч бөх, тийм ч үйл явдал, ойд зориулж сая саяар нь мөнгө гаргалаа л гэлцэх юм. Нэг ч бага сургууль шинээр барьсан компани гэж сонсогдсонгүй дээ.

- Манай сургуулийн нэг анги дунджаар 40 хүүхэдтэй,

- Өө гайгүй байна, зарим сургууль 50 гарсан шүү дээ гэж багш нар ярилцаж байна. Ийм ачаалалтай багшаас хүүхэд бүрд хүрч ажиллахыг шаардах нь утгагүй хэрэг, бас боловсролын шинэчлэл амжилттай хэрэгжинэ гэсэн ямар ч үндэслэл байхгүй санагдана. Үгүй энэ Боловсролын Яам, үе үеийн эрхэм сайдууд юу бодож явсан юм бол. Засгийн газар ямар бодлого барьдаг юм бол...

Охин маань ярьж байна. Америкт манай анги 21, сургууль 260 хүүхэдтэй. Манай захирал, багш нар сургуулийнхаа бүх хүүхдүүдээ таньдаг ш тээ. Харин энд намайг манай ангийн багшаас өөр ямар ч багш таньдаггүй гэлээ. Энэ таньдаггүйн цаана сургуулийн, сургалтын ямар “таньдаггүй” хөндий, хүйтэн орчин байна вэ?...



***

Нэг дүү маань хүүгээ математикаар дагнасан нэгэн хувийн сургуульд оруулжээ. Маш сайн сургалттай сургууль аж. Нэг л хэцүү нь давсаг султай хүү нь завсарлагаанаар бие засч амждаггүйгээс ихээхэн бэрхшээл гардаг гэнэ. Нэг удаа ангидаа бие засч бөөн юм болжээ. Түүнээс болоод хүү нэг хэсэгтээ хямарч, хичээлдээ явж чадахгүйд хүрсэн байна. Бие засуулдаггүй юмуу, хаашаа юм гэсэнд, цаг байдаггүй, хэдхээн минут завсарладаг, хүүхдүүд дараалал үүсгэчихээд амждаггүй, хичээл нь маш шахуу учир хичээлээсээ нэг ч минут хоцорч болдоггүй гэнэ дээ. 10 настай балчир хүү миний ч бодож чадахгүй тригнометр, огторгуйн геометрийн тоог бодож байна. Сайн хэрэг.

Танил багш маань бас ийм жишээ олныг хэлж өгөв. Тэдний сургуулийн математикийн гүнзгийгийн багш 7 настангуудаар язгуур гаргаж сургасан гэнэ. Тэр нь их сайнаар яригдаж, заах чадварыг нь үлгэр жишээ болгожээ. Харин надад бол нөгөөх хоцрогдсон социалист сурган хүмүүжүүлэгч гэгддэг М. Сухомлинскийн нэг үг эрхгүй санаад орж байх юм. “Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин хүүхэд бүр эцэг эх болох учиртайг мартаж болохгүй”.

Бүр гайхмаар нь америкийн сургалтын систем Сухомлинскийн энэ зарчмыг яг таг хэрэгжүүлээд байх шиг надад ажиглагдсан. Америкийн бага сургуулиудын хичээлийн явцыг харвал маш хөнгөн. Бараг л энэ чинь хичээл заадаг юм уу даа гэмээр. Тоглуулаад л, наадуулаад л байх шиг. “Ийм ч сургууль, сургалт байх гэж ...” хэмээн эхнэр маань илэрхий дургүйлхэж байсансан.

Юутай ч бага сургуулийн түвшин манайхаас хавьгүй доогуур мэт санагдсан. Чухам үнэнийг мэргэжлийн хүмүүс хэлэх байх. Гэвч түвшин доогуур нь асуудлын гол нь биш юм. Миний ажигласнаар америкийн сургалтын системийн онцлог давуу тал юундаа байна вэ гэвэл? бага/элементари/, дунд/мидл/ сургуулийн сургалтын зорилго нь хүүхдийг юуны түрүүнд хүн болгон төлөвшүүлэхэд зориулагдсан мэт.

Хүүхэд бүхэн хүний нийгмийн дунд амьдрах нь ойлгомжтой. Хамгийн түрүүнд хүнтэй зөв мэндлэх, хүн хүнээ хүндлэх, автобус, элдэв үйлчилгээнд дэс дарааллаараа үйлчлүүлэхээс эхлээд л хүний нийгмийн доторх бичигдээгүй болон бичигдсэн бүхий л дүрэм журмыг хүндэтгэдэг болгон сургадаг байна. Чөлөөтэй сэтгэж, өөрийгөө илэрхийлж, бас бусдын тусгаар байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж сурдаг болдог байна. Тэнгэрийн дор хууль гээч нэг юмыг зөрчиж болдоггүй юм шүү гэсэн язгуур ойлголтыг чухам бага сургуульд нь л хүүхдүүдэд гүн бат суулгаж өгдөг байна. Энэ нь эргээд нийгэмдээ маш эерэг нөлөө үзүүлдэг, хууль нь хэрэгждэг, нийгэм нь хөгждөг. Мөн сөрөг хүчин зүйл ч байдаг нь одоо энэ сэдэвтэй холбож ярих зүйл биш юм.

10 настай охин маань нэг бус удаа миний журамгүй үйлдлийг засч залруулж өгч билээ. Нэгэн удаа дэлгүүрээс гартал бороо асгарч байв. Шүхэргүй гараад ирсэн охин бид хоёр гэр хүртлээ шалба норох нь тодорхой болов. Гэтэл манай зэргэлдээ байшинд амьдардаг залуу бидний дэргэдүүр мэндлэн гарч машинаа яаран зүглэхэд нь би араас нь гүйлээ. Харин охин маань та эхлээд хаашаа явахыг нь асуугаач, Майкл/хөршийн нэр/ өөр ажилтай ч байж болно шүү дээ гэж билээ. Үнэхээр ч Майкл өөр тийш яарч явсан, ямар ч боломжгүй байсан бөгөөд, биднээс уучлал гуйж, дараа таарах бүрдээ бид хоёрыг бороон дунд орхисон доо хүлцэл өчих болсон юм. Би бол өнөөх л монгол зангаараа гэрлүүгээ хүргүүлчих гээд байсан нь чухам тэр хүний эрх ашгийг нь хүндэтгээгүй бүдүүлэг хэрэг байж...

Нөгөө талаар бага балчир хүүхдийг их хичээл, ачааллаар залхаахгүйгээр үндсэн суурь ойлголтыг энгийн тоглоом, чөлөөт хэлбэрээр эзэмшүүлдэг нь маш ухаалаг шийдэл юм. Манайд бол шал эсрэгээр, байх. Балчир хүүхдүүдийг залхтал нь хичээлээр бөмбөгдөж байна. Залхсан, халширсан оюун ухаан цаашид үр дүнтэй хөгжих үү? 9 настай хүүхдэд тригномерт заагаад, балчир оюуныг нь бөмбөгдөөд байхаар чинь чухам хэд нь тэсч үлдэх бол, хэд нь нэгмөсөн залхаад, балчир оюун нь хатаж, мөхөх бол... Ийм дарамтанд байгаа хүүхдийн чухам хэдэд нь чөлөөт сэтгэлгээ төлөвших бол...??

Америкийн дунд сургуулийн төгсгөлөөс, ахлах сургуулиас хичээлийн ачаалал хар аяндаа хүндэрч, гүнзгийрээд ирдэг шиг анзаарагдсан. Бага насандаа төлөвшиж, зөв чиглэл авсан хүүхдүүд ч сонголтоо бие дааж ухаалаг хийнэ. Бас хичээл номондоо хандах хандлага нь ч эрс өөрчлөгдөнө. Ялангуяа коллежээс дээшилж, их дээд сургуулийн босго алхасны дараах оюутнуудын бие даах чадвар манай оюутнуудтай харьцуулашгүй. Индианагийн Их сургуулийн босгоор орж, хэдэн сар оюутнуудын дунд хутгалдаж үзээд өөрийнхөө оюутан байсан цаг үедээ үнэхээр их харамсаж билээ. Бид чинь оюутан байхдаа ер юу сурч байсан юм бол, яаж хичээж, чармайж байсан юм бол, мэдэхгүй ээ, эргээд санахаар зүрх шимширмээр. Индианагийн Их сургууль 38-40 мянган оюутантай. Жилд нийт элсэгчдийн дөнгөж 53 хувь нь л төгсдөг гэсэн. Америкт мастер хамгаална гэдэг бол үнэхээр нэр төрийн, амьдралын баталгаа болдог.

Өдгөө Вашингтонд буй М.Саруул-Эрдэнэ андын бичсэн “Дотно андын захиа буюу Америкт хэрхэн эмч болдог вэ?” нэртэй нийтлэлд америк оюутнууд хэрхэн сурч ажилладгийг маш тодорхой нүдэнд харагдтал өгүүлсэн нь бий. Ер нь энэ хоёр боловсролын системийг харьцуулбал яг эсрэгээрээ, америкийн боловсролын систем манайд яг уруугаа харсан байрлалтай мэт. Харин одоо мэргэжлийн хүний дүгнэлтийг сонсоё.

Америкт доктор хамгаалсан Ж.Алимаа “Америкийн дээд боловсролын системийн тухай” өгүүлэлдээ ийн бичжээ. “Америкийн боловсролын системийн нэгэн онцлог давуу тал бол оюутнуудыг бүрэн өөрөө бие дааж сэтгэдэг чадвартай хүн болгож сургадагт оршино. Иймээс Америкийн коллеж төгссөн хүн аливаа нэгэн ээдрээтэй асуудал, бодлого, проблемтэй учирвал түүнийг шийдвэрлэх, хариултыг олж чөлөөтэй шинийг санаачлан сэтгэх тал дээр илүү чадалтай байдаг (problem solүing skill). Мөн коллежид суралцах явцад хүнтэй зөв харьцаж сурах (communication skill) чадварыг хөгжүүлнэ. Хүнд өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлж, өөрийгөө зөв ойлгуулах болон бусдын хэлсэнийг зөв ойлгож сурах нь хүний амьдралын туршид ямагт хэрэглэгдэх чухал чанар юм. Цаашилбал, ямар мэргэжил сонгосноос хамаарах ч гэсэн, америкийн коллеж төгссөн хүн бүр маш сайн зохион бичлэгийн (writing skill), юмыг шинжлэн задлах (analytical skill), зарим нөхцөлд тооцоолон сэтгэх (quantitatiүe skil) гэх мэтчилсэн чадваруудыг сайн эзэмшсэн байдаг.”



***

Хэд хоног хичээлд явсны дараа охин маань ийн ярив.

- Ааваа, манай багш бас хүүхдүүдийг тэгэж зодох нь зөв юм байна.

- Хүүе, яагаад тэр билээ?

- Ширээн дээрээ гараад дэвхэцээд байгаа юм чинь, бас цүнх булааж аваад шууд зугтаачихаж байгаа юм чинь. Хүний цагаан цамцан дээр балаараа сарааччихаж байгаам чинь

- Аанхан...

- Тэгээд тэгэж болдоггүй юм гэхээр улам тэгдэг юм.

- Аанхан...

- Завсарлаад багшийг гараад явангуут тэр олон хүүхдүүд бүгдээрээ аймаар галзуу болцгоочихдог юм чинь... Дуурайгаад галзуурчихмаар...

Нээрээ ч галзуурчихмаар болдог байх даа. Хатуу дарангуйлал, дарамтан дор байгаа хүүхдийн балчир оюун ухаан, сэтгэл зүрх эрх чөлөөгөө тэгэж гаж галзуу байдлаар илэрхийлж, мэдрэх нь аргагүй юм. Монголын маань боловсрол нэг иймэрхүү дүр төрхтэй.

Нийгмийн хөгжлийн нэг тулгуур нь яах аргагүй боловсрол. Боловсрол ийм байхад хөгжлийн, бүр үсрэнгүй хөгжлийн тухай ярих нь утгагүй мэт санагдаад болж өгөхгүй байна даа.