Monday, December 1, 2008

Лигдэн хаан хөөрхий...

Лигдэн Хутагт хаан 1206 оноос 1634 оныг хүртэл 428 жил Монгол Улсыг Чингис хааны угсааны 35 хаан захирч байв. Эдгээр хаадаас хамгийн эмгэнэлт хувь тавилантай нь Лигдэн Хутагт хаан юм. Ийн хэлэхийн учир нь чухам түүний үхлээр Чингис хааны мандуулсан Монголын нэгдсэн төр задран, Манжийн эрхшээлд орон, уруудал доройтлын эриний үүд нээгдсэн төдийгүй Чингис хааны барьж байсан Төрийн Их хасбуу Тамга ор сураггүй алдагджээ.
Монгол улсын хаан Буян сэцэнийг 1603 онд өнгөрснөөс нэг жилийн дараа ахмад хүү Манхус тайжийн ууган хуү 12 настай Лигдэнг Монгол Улсын хаан ширээнд өргөмжилж, оны цолыг нь Хутагт хэмээжээ.
Лигдэн хутагт хаан 30 жил хаан ор сууж, шинэ тутам хүчирхэгжсэн Манж болон өөрөөс нь урвасан Монголын зарим овог, аймгуудын ноёдын хамтарсан цэрэгт цохигдон, Хөх нуурын зүг дутааж яваад 1634 оны хавар цэргийн хуарандаа өвчнөөр бие барсан байна.
Чухам ингэхдээ Чингис хааны Хас эрдэнийн тамгыг харь дайснаасаа нууж чадсан уу, үгүй юу гэдэг нь одоог болтол таамаг хэвээр байсаар байгаа юм.
Манж нар Монголыг бүхэлд нь эрхшээлдээ оруулахад чухам Чингис хааны тамга тун чухал байсан тул Лигдэн хааны дараа Чингисийн Хас тамгийг уйгагүй эрж хайжээ. Гэвч олсонгүй. 1635 онд Лигдэн хааны хүү Эжээ хонгор Манж нарт бууж өгөхдөө авч очсон тамга нь Чингисийн төр залгамжлах тамга биш байжээ. Гэвч Манжийн хаад тэр худал тамгийг ашиглан Монголын төрийн хууль ёсны залгамжлагч гэдгээ баталгаажуулж авсан билээ.
Энэ дашрамд нэгэн зүйлийг зориуд хэлэхэд, ялангуяа өрнийн түүх бичлэгт Монгол орныг 17 зууны сүүл үеэс 20 зууны эхэн үеийг хүртэл Хятадын эрхшээл дор байсан гэж бичиж, тэмдэглэж ирсэн нь буруу юм. Монгол болон хятад хоёр улс аль аль нь Манж хэмээх гэнэт хүчирхэгжин гарч ирсэн хагас монгол угсааны хагас нүүдэлчин аймагт эзлэгдэж, тэдний эрхшээл дор аль аль нь 200 гаруй жил, гэхдээ нэг нь шууд эзэмшлийн, нэг нь вассал орны байдалтай оршиж ирсэн билээ. Манж нар нь Хятадын Бээжин хотод төвлөн сууж, төрийн хэргээ хятадын уламжлалт бодлогод тулгуурлаж, аажмаар хятаджин үндэстнийхээ хувьд бүрмөсөн хятадад ууссан нь Манж нарыг Хятад гэх, Манжийн төрийг Хятадын төр гэх ойлголтыг төрүүлж, энэ нь улмаар Монгол улсыг Хятадын хараат байсан гэсэн ташаа ойлголтыг төрүүлдэг.
Ийнхүү хэдэн зууны түүхтэй Их хаант төрөө мөхөл болж буйг нь, улс үндэстнээ бусдын өвдөг дор бөхийж буйг нь, үр удам, үндэс угсаа нь устгагдан доромжлогдож буйг мэдэж байсан нь, яахын аргагүй түүхэн хувь заяаг сөрж буйгаа ойлгож байсан нь Лигдэн хааны хувь заяаг бусдаас нь онцгой эмгэнэлт болгожээ.
Хэдийгээр сүүлчийн хаан боловч Лигдэн Хутагт хаан сул дорой хаан байгаагүй билээ. Хятад руу удаа дараа уулгалан довтолж, Бээжинг чичрүүлэн, их хэмжээний татварыг жил бүр авч байсан нь түүнийг сүр хүч их байсных. Тэрээр 30 гаруй жил хаан ширээнд суухдаа нэгэнт эрч хүчээ авчихсан байсан монголын дотоодын бутралыг намжаах, монголчуудыг нэгтгэхийн төлөө тууштай тэмцэж байв. Гэвч түүний тэмцэл амжилт олоогүй билээ. Үүний учрыг Лигдэн хааны алдаатай үйл ажиллагаатай холбохоос илүүгээр олон он жилээр суурь нь тавигдсаар ирсэн монгол гүрний задралын зайлшгүй шалтгаант нөхцөлтэй холбон үзэх нь илүү бодитой байж магад юм. Түүхэн үйл явцыг сөрөх аргагүй байдаг шүү дээ.
Лигдэнг Монголын түүхнээ "Цахар хаан" "Дөчин хаан" хэмээн нэрлэдэг нь түүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Тэрээр төрийн зарим нэгэн шинэчлэл хийж, найман отог цахар түмнийг гурван түмэн болгон хувааж, Хар Авга ууланд шинээр "Цагаан хот"-ыг байгуулан, түүнээ монголын нийслэл болгож байв.
Мөн Лигдэн хаан Бурханы шашныг дэлгэрүүлэхэд маш анхаарч олон сүм хийд бариулсан билээ. Түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн нэгэн лут их үйл бол Бурханы шашны хөлгөн их судар 108 боть “Ганжуур”-ыг орчуулуулан, алтан үсгээр барлуулах ажлыг гардан зохион байгуулжээ. Алтан үсгээр барлаж, 9 эрдэнээр чимсэн тийм том хэмжээний номыг бүтээсэн нь хүн төрөлхтний соёлын нэгэн үнэт өв юм.
Мөн Хубилай хааны зарлигаар мянган лан алтаар бүтээсэн Махагала бурхныг Монголын нийслэл Цагаан хотод залж, алтан дээвэрт сүмд байрлуулсан байна. Энэ мэт бурханы шашныг монголд дэлгэрүүлэхэд анхаарч байсан нь улам бүр тархай бутархай болж буй баруун, зүүн, төв монголчуудыг буддын шашны далбаан нэгтгэх, ард түмнээ шажны ариун сургаалаар гэгээрүүлэх, шашны үзэл санааг дагасан соёл, урлагыг хөгжүүлэх зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл Чингис хааны "Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох" хэмээн сургасан төрийн бодлогыг тухайн цаг үед түгэн дэлгэрч байсан шашны үзэл санаагаар дамжуулан хэрэгжүүлэх гэсэн оролдлого юм.
Гэвч Лигдэн хааны эдгээр бүх зорилгод Манж нар саад болсон билээ.
Тэр үеийг хүртэл манж нар нь Сунгари мөрний сав газар, Япон тэнгэсийн эргээр нутаглаж байсан багашиг хагас нүүдэлчин, загасчин аймаг байсан тул Лигдэн хаан тэдний гэнэтийн хүчирхэгжиж буйг нь анхааран, тэднээс сэрэмжилж чадаагүй байна. Түүний илрэл нь Манжийн төрийг үндэслэсэн анхны хаан Нурхач баатарт илгээсэн захидалд тод байдаг. Тэрээр захидалдаа өөрийгөө Дөчин Дөрвөн Монголын Их хаан Чингис хэмээгээд, Нурхачыг захын овгийн жижигхээн ноёны хэмжээнд адилтган үзсэн байдаг.
Нурхач болон Абахай нар “Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё" гэсэн бодлого барьж, манжтай хил залгаа ойрхон байсан Хорчин, Горлос зэрэг монгол аймгуудын ноёдыг өөртөө татахын тулд их хэмжээний бэлэг сэлт тараах, ураг садан бололцох зэргээр Лигдэнгээс хөндийрүүлж эхэлсэнд Лигдэн хаан Манжийн хаанд илтэд дургүйцэх болов. Улмаар энэ явдал даамжирсаар эцэстээ тулж, 1631 онд Лигдэн хаан цэрэглэн Манжийн нутагт гүн цөмрөн давшжээ. Гэвч Манж нар өөрийн талдаа найдвартай татсан Монгол ноёдын хүчтэй хавсран Лигдэнд цохилт өгсөн төдийгүй Чингис хааны төрийн залгамж чанарыг хүчээр авахаар улайран зүтгэсээр, түүнийг бүрмөсөн мөхөөсөн билээ. Чухам Манж нар түүний хараат ноёдыг эвт бодлогоор татаж буйн эсрэг хүчээр эргүүлэн татах оролдлого хийсэн нь Лигдэн хааны алдаа байсан ч байж магад юм. Ерөөс тухайн үед Лигдэн хааны шууд эзэмшлийн дор зөвхөн Цахар түмэн байсан ба олонхи монгол аймгууд тус тусын ноёдын дор бие даасан бодлого явуулж байсан нь Лигдэнг нэгдсэн хүчээр Манж нартай дайтах боломж олгосонгүй.
Харин хятадууд улам бүр хүчирхэг болж буй Манж нараас болгоомжлон, тэднийг Монголын эсрэг хандуулж, хоёр хүчтэний хүчийг баран тамирдуулах бодлого барьж байсан нь энэ явдалд ташуур болсон нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч хятадуудын энэ бодлого бас үр дүнгээ өгсөнгүй. Манж нар хөрш улсуудаа хэрэглэж байсан Хятадын бодлогыг өөрийнх нь эсрэг үр дүнтэй ашиглав. 1635 онд өмнөд Монгол бүхлээрээ Манжийн эрхшээлд орж, 1636 онд өвөр Монголын 16 аймгийн 49 томоохон ноёд чуулж, Манжийн хааныг Манж болон Монголын Богд эзнээр өргөмжлөхөд хятад улсын хувь заяа бараг тодорхой болжээ. Тэр жил Манж, Монголын нэгдсэн хүчин Цагаан хэрмийг даван довтолж, улмаар 1644 онд Бээжинг унаган, Хятадын Мин гүрнийг мөхөөхөд монголын морьт цэрэг чухал үүрэг гүйцэтгэж байсан байна. Харин хожим 1691 онд Халх монголыг, 18 дугаар зууны дундуур Баруун монголыг буулган авахдаа хятадын цэрэг, эдийн засгийн баазийг манж нар чадварлаг ашиглажээ.
Лигдэн хутагт хаан нас барснаар Монгол орон бүхэлдээ Манж Чин гүрний захиргаанд орох эхлэл тавигдав. Гэвч Монголчууд Лигдэн хааныг цогтой эх оронч, соён гэгээрүүлэгч хэмээн тууштай үнэлэн, гүнээ хүндэтгэдэг юм. Түүхэн цагийн их хүрдэнд тээрэмдүүлсэн түүний үйл ажиллагаа үнэхээр ч тийм хүндлэлийг хойч үедээ үлдээхүйц байсан билээ.

13 comments:

B31 said...

Ёстой гоё нийтлэл болсон байна, уг нь манай монголчууд болсон болоогүй баахан Чингис кино хийж байхаар Лигдэн хааныг монголын сүүлчийн хаан гэдгээр нь, тэр тамгыг нуусан, монгол ноёдын тархай байдал нь эцэстээ улсыг нь мөхөөн алдсаныг өгүүлсэн 1-2 ангитай тов хийсэн гоё кино хиймээр юм шиг санагдлаа.
Дараачийн удаа Цогт тайжын талаар бичихийг бодоорой, бидний киноноос үздэг түүх нэг л тухайн үеийн үзэл суртал орсон түүхийг гуйвуулсан бүтээл болсон юм шиг.

Anonymous said...

Odoogiin ene ikh ev negdelgui, biye biyenee huleen zuvshuurdugui hestuu tsag yud ene tuuhiin gashuun yuiig sain sanuulj helj uguh heregtei yum shuu

В.Буянмөнх said...

Өнөөдөр өөрийн тань блогыг санамсаргүй олоод, бүх бичлэгүүдийг тань уншлаа. Үнэхээр гайхалтай. Өөртэй чинь биечлэн танилцах тохиол таарвал миний хувьд энэ нь маш их завшаан байх болно. Миний хувьд түүхийн талаарх зүйлсийг сонирхон унших хүсэлтэй нэгэн. Гэхдээ урьд өмнө хэний ч блог ийм гайхамшигтэй сэтгэгдэл төрүүлж байгаагүй юм. Баярлалаа.

Оогий said...

Goyo niitlel bna

Anonymous said...

Лигдэн бас ч гэж ойворгон биеэ тоосон гар байсан шиг байгаан.өөрийгөө чингис богд эзэн гэж нэрлээд манжийн хааныг доош нь хийж загасчин гэж захиа илгээж байсан нь үлдсэн байдаг. хятадаас хойд хилийг чинь манжаас хамгаалж өгнө гэсэн нь өөр лүүгээ манжийн хүчийг чиглүүлсэн харалган алхам болсын.ерөнхийдөө туйлбаргүй тааруухан мэнэжмэнттэй хаан байснаас бусад ноёд зөвхөн цахарын ноён гэж байгаа аятай цахарын лигдэн гэдэг байжээ.шашныг ашиглах гээд шашиндаа ашиглагдаж дууссан байх.эхлээд шарыг дэмжиж байснаа дараа нь улааныг дэмжээ л.хэрэв өөр гайгүй хаан лигдэний оронд байсан бол нөхцөл байдлыг мэдрээд манжтай холбоо байгуулж хятадыг хувааж авч болох байлаа.

Burenbayar said...

tanai eneh zohiyoliig uvur mongolchuud hurvuuleed unshij baina. mash bayarlalaa.
http://www.mongolger.net/m2006/Article_show.asp?ArticleID=4206

Anonymous said...

Shine onii mend..

Оогий said...

Шинэ оны мэнд. Сайхан баярлаарай

Anonymous said...

Goe blog baina, dahin dahin check hiij baimaar um baina.
Thank you.

galdar said...

Үнэхээр сайхан нийтлэл байна. Лигдэн хааны хийж бүтээсэн бүхэн Монголын түүхэнд үнэхээр тод үлдсэн. Хүчтэй хүн шүү.

eebee said...

Түүхийн ээдрээтэй үеүүдийг үнэхээр сайхан товч тодорхойлсон байна. Таамаглаж явсан юмсаа тодорхой мэдэж авлаа. Баруунд Манжийн улсыг Хятадын гэдэг нь үнэхээр буруу. Бид энэ асуудал дээр танийх шиг байр суурьтай байх нь маш чухал шүү дээ. Тэгэхгүй бол бид ч Хятадынх болж таарна. Энэ нь Төвдүүдийн асуудалд ч бас хэрэгтэй.

Anonymous said...

ganjuriin 108 boti delhiin soyoliin neg ob gedeg tom endyyrel , haanach tegej hyleen zovshooroogyi , buddag zovhon asia-d shytdeg gehdee bygd ijil bish TOBD CHINA MONGOL -l adil INDIA neg oor SIRILANKA neg oor HOORONDOO ogt adilgyi tes oor, nogooteigyyr budda-g mongold oruulj irsen n mash tom aldaa

Anonymous said...

баярлалаа.. тархины талх бэлдсэнд...