Wednesday, January 28, 2009

ХҮННҮГИЙН ХААН АТТИЛАГИЙН УДИРДЛАГЫН УХААНЫ НУУЦ - 1

Уэсс Робертс

“Агуу ном…Цагийг элээх зарчмууд”
Х. Росс Перот /тэрбумтан, АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч/

“Аттила өнөөгийн ямар ч корпорацийг гялалзтал удирдана”
Эндрю Р. Квебейн, “Бүтээлч үйлчилгээ” корпорацийн дарга

“Хүчирхэг бөгөөд урам зориг оруулагч ном! Та энэ номыг уншаад удирдан залах чадварынхаа ихэнхийг нээн гаргана.”
Уэйн В.ДайерPh.D.,

“Гайхамшигтай !”
Уильям К. Курс, “Адольф Курс Корпорацийн дарга

“Удирдлагын ухааны чиглэлээр миний уншсан хамгийн оригинал бөгөөд урам сэргээсэн ном.”
Роберт Шулер, бестселлер номуудын зохиогч

“Бодол сунгасан ном! Нэн сонирхолтой, хөнгөхөн, уншихад хялбар, тэгсэн мөртөө удирдлагын ухаанд хамааралтай хэн бүхэнд туйлын чухал… олон давхар мэргэн ухаантай ном.”
Скотт ДеГармо, “Амжилт” сэтгүүлийн эрхлэгч

“Нэрийг нь хараад буруу ойлгож болохгүй. Удирдлагын ухааны гайхамшигтай уран энэ бүтээл ухааны урам сэргээсэн, нэн уран нарийн гаргалгаатай, Аттилагийн ялалтаас ялалтад гэсэн үзэл санаагаар дүүрэн байна. Уншихад амар… мартах боломжгүй!”
Денис Уэйтли, Ph.D., “Ялалтын сэтгэл зүй ба Агуу ихийн үр” бестселлерийн зохиогч


Удиртгал

Хүннү гүрний хаан Аттилаг удирдлагын ухааны гайхамшигт жишээ болгон бичих нь наанадаж л эргэлзээтэй. Хүмүүн төрөлхтний түүхийн туршид түүнийг зэрлэг бүдүүлэг, хачин муухай царайтай, жижиг дарангуйлагч маягаар дүрсэлж ирсэн, түүний морьтон баатруудыг бүтээж босгох, хайрлаж хамгаалахыг үнэн голоосоо үзэн яддаг, үзэсгэлэн төгөлдөр, нам тайван хөдөө нутгийг хайр найргүй сүйтгэн түймэрдэж, Европ үндэстнүүдийн соёлжсон иргэд оршин суудаг үй олон хот тосгоныг тонон дээрэмдсэн болгож харуулдаг билээ.
Эрдэнэ мэт ховорхон удирдагч, хосгүй соёлжуулагч энэрэнгүй үзэлт, эрдэмт эзэн хаан гэдгийг нь тойрч өнгөрөөд хөнөөл таригч Аттилаг газар сайгүй зугаатай шог зургийн дүр, аливаа эрин цагийн аймшигт харгис удирдагчдын муу муухай зан чанар бүхнийг түүн дээр овоолж ирсэн юм.

Ерөнхийдөө, удирдлагын сэдэвт ном зохиолууд бизнес, спорт, анагаах ухаан, урлаг, боловсрол, шашин, дайн байлдаанд онц гарамгай амжилтад хүрсэн, нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн амьдрал, ажил хэрэгт тулгуурлаж байв. Тэдгээр зохиол бүтээлийн дотроос олон нь судалгааны үнэ цэнэтэй бөгөөд бидний удирдлагын хөгжилд үнэтэй сургамж болох юм.
Гэвч зарим үед тэдгээр зохиолд агуулагдсан удирдлагын зарчмуудын утга санааг ялгаж салгаж ойлгоход хэцшш байдаг юм. Тэр ч байтугай тэдгээр номуудын уг агуулга бидний амьдралтай огт нийцэхгүй тохиолдол зөндөө бий.

Удирдана гэдэг бол бусдын үйл ажиллагааг эрх мэдлийн янз бүрийн төвшинд, бүтэх ч бай бүтэхгүй ч бай аль аль үр дүнг урьдчилан тооцоолж, тухайн байгууллагын хүрээнд удирдан чиглүүлэх хариуцлага юм. Энэ бол загвар юм уу систем биш. Удирдагч хүн бусдын үйл ажиллагаанд нөлөөлөх аливаа нөхцөлд тохирох удирдлагын загвар юм уу систем гэж байдаггүй. Удирдлагын зарчмуудыг үнэлэх нь төрөлжсөн салбаруудад амжилт гаргахад чухал ач холбогдолтой байж болох бусад ур чадваруудын үндэс болох ёстой.

Ийм учраас би энэ номынхоо баатраар Аттилаг сонгож авсан юм. Хүннү гүрэн мөхөж сөнөөд олон эрин улирсан, нүүдэлчин хүннүчүүд одоо дэлхийг донсолгохоо нэгэнт өнгөрсөн, тэдний удирдагч нь бахархан дууриах үлгэр жишээ яавч биш юм шиг санагдаж болох юм.

Энэ зэрлэг омгуудыг агуу их Хүннү гүрэн болгох их заяанд төрсөн болохоор агуу удирдагч болох улайрсан их хүсэл тэмүүлэл орь залуу Аттилагаас өөр хэнд ч байгаагүй биз ээ. Зэрлэг дайчин омгуудын их санаат толгойлогчид байтугай ах дүү нар нь хүртэл түүнийг үзэн ядаж, замаасаа зайлуулах хорон санаат явууллага хийж байсан нь түүний тоглож нааддаг хүүхэд насыг алгасуулж том хүн болгосон юм.
Аттилагийн аян дайны эхэн үед түүний арми хамаагүй илүү сахилга баттай, байлдааны асар их бэлтгэлтэй, хангамж сайтай Ромын армитай тулгарсан нь бас түүний удирдагчийн авьяас чадварыг хөгжүүлж өгчээ.

Хүннүгийн цөөхөн хэдэн омгийн толгойлогчид агуу Хүннү гүрэн байгуулах Аттилагийн төлөвлөгөөг дэмжиж, газар дэлхий дээр ганцхан Хүннү гүрэн ноёрхохын төлөө байсан нь түүнд дайснуудаа ялах чадалтай дайчин удирдагч болоход нь мэдээж их тус болсон байж таарна. Аттилагийн төмөр мэт хатуу логик, өөрийнхөө хүчинд итгэх агуу итгэл тэднийг нэгэн тугийн дор нэгтгэжээ.

Аттила өөрийгөө нээсэн нь

Хаанаас ч юм, яагаад ч юм гараад ирсэн, хүн төрөлхтний түүхэнд хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч, дэлхийг чичрүүлж байсан агуу Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж агсан, тэднээс Тэнгэрийн ташуур хоч хүртсэн Аттила ер нь хаанаас гараад ирсэн юм бол?

Хүннүчүүд бол нэгдүгээрт монгол гаралт нүүдэлчид, хоёрдугаарт өөр өөр хэлтэй, өөр өөр соёлтой омгуудын хэврэгхэн нэгдэл байжээ. Тэд Төв Азийн элсэн цөлөөс Түрэгийн эзэмшил нутаг, Европын Урал хүртэл өргөн уудам нутагт тархан нүүдэллэж байсан. Тэдэнд үндэстний нэгдсэн зорилго гэж байгаагүй, тиймээс тэдний хооронд бат цул холбоо байгаагүй, цагийн аясаар нүүдэллэн, цаг зуурын холбоотой байв. Тэд урт нүүдлийн замдаа төгсгөлгүй урт аятай дуугаа аялж, тэр дуунд нь морьдын тургилаан, тэмээдийн буйлиан хөг нэмдэг байсан ажгуу. Ан амьтны арьсан хувцастай, шар арьстай, урт гартай, өргөн цээж, онигор нүдтэй хүннүчүүд төрх байдлаараа ч, амьдралын хэвшлээрээ ч соёлжсон суурин газрын хүмүүст зэрлэг араатнаас нэг их ялгаагүй харагддаг байсан биз.
Дэлхийн хамгийн цуут удирдагчдын нэг Хүннүгийн хаан Аттила манай эриний 395 оны орчимд Дунай мөрний хөндийд Мунзук хааны хүү болон төржээ. Тэрбээр нүүдэлчин овгийн хааны гучингурав дахь үе байсан гэдэг. Цусан холбоогоороо тэр яах аргагүй монгол угсаатан юм.

Анх хонь унаж сурснаасаа хойш нэг их удалгүй моринд гарамгай нэгэн болж, морьтон дайчны эрдмийг нэн хурдан сурч, нум сум, илд жадны эрдэмд эгэлгүй болсон байна. Ан авд байнга явдаг нь хүннүчүүдийн аян дайны бэлтгэл болдог байсан нь мэдээж бөгөөд идэр залуу Аттила чоно, байвгайг ичээнээс нь хөтлөн гаргаж ирдэг байсан гэдэг.
Хаан эцэг нь түүнд онцгой дотно ханддаг, ирээдүйн их хаан болох суурийг нь эртнээс тавьж байсан боловч түүнийг насанд хүрээгүй байхад нь нас барж, эрх дураараа байсан цаг өнгөрчээ. Түүний авга ах нар, ялангуяа Мунзукийн оронд хаан суусан Ругила идэр хөвгүүнийг хялайн харах болжээ. Ингээд арванхоёртой байхад нь Ромын дээд шүүхэд барьцаалан явуулсан байна. Ругила хаан Аттилагийн оронд Ромын эзэн хаанаас Аетиус нэрт хөвгүүнийг хүлээж авчээ. Ромын хаад хүчирхэг гадаад улсуудад хааны гэр бүлийн хөвгүүдийг явуулж, тэр орны зан заншил, соёл, шашин эдийн засаг, цэргийн хүч гэхчлэн бүх зүйлүүдийг судлуулдаг байсан ба барьцаанд нь тэр орнуудын хааны гэр бүлээс хөвгүүдийг авчирдаг байв. Тэр хөвгүүд нь бас Ромыг судлах ба эх орондоо эргэж очоод Ромын нөлөөг дэлгэрүүлэх ёстой байв. Энэ нь нөгөө талаас Ромын эзэнт гүрний тагнуулын ажиллагааг хангадаг байжээ. Ийнхүү Хүннү гүрний ирээдүйн хаан Аттила, Ромын ирээдүйн агуу их жанжин Аетиус нар бага насандаа барьцаагаар солигдож байсан түүхтэй.

Аттила Ромд очуутаа ромчуудын суртал нэвтрүүлгийг байдгаараа эсэргүүцдэг байв. Барьцаанд байгаа хөвгүүдээс тэр л ганцаараа Ромын юм бүхнийг зад эсэргүүцэн тэмцдэг байлаа. Хоёр ч удаа оргоод баригдаж. Тэгээд торонд орсон араатан мэт өөртөө нэг булан олж аваад Ромыг шамдан судалж эхлэв. Тэрбээр Ромын бодлого болон практик үйл хэргийг судалж мэдэх тусмаа улам үзэн ядах болжээ. Ромын гадаад, дотоод бодлогыг хичээнгүйлэн судалж, гадаад орнуудын элч нартай хийдэг дипломат хурлыг нууцаар чагнадаг байжээ. Мөн эзэнт гүрний цэргийн хүчийг судалж, хүчтэй ба сул талуудыг мэдэж авсан байна. Удирдлагын ухаан, ирээдүйн хаанд хэрэг болох чухал бүхнийг судалж, Ромын мэдлэг чадвартай дипломатчидаас их зүйл сурчээ.
Аттила дэлхийг эзлэх төлөвлөгөөгөө Ромын дээд шүүхэд нарийвчлан боловсруулсан байна. Түүнийг Дунай мөрний хөвөөнд эргэж ирэхэд овог аймгууд улс төрийн болон цэргийн салбарт эзэн хаанаас хараат бус хэвээр байв. Аттила ирэнгүүтэй овог аймгуудын толгойлогч нартай нягт холбоо тогтоож, Хүннү гүрний уудам нутгаар ан ав хийж байхдаа тэднийг өөртөө татаж чадсан байна. Нэгэн удаагийн авын үеэр түүний ах Бледа нас барсан нь түүнийг Дунай мөрний овог аймгуудын хаан болоход хүргэсэн гэж зарим түүхчид хэлдэг.

Өөр нэг домог байдаг нь Бледаг бунхлахаар овог аймгуудын удирдагчид цугларч хэн хаан болох тухай хэлэлцэж байтал нэг хөвгүүн ирээд ойролцоох нугын дунд нэгэн гэрэл цацарсан илд байна гэж хэлжээ. Удирдагчид тэр хүүг даган нугад очтол шатаж буй мэт хурц гэрэл цацруулсан илд нисч явсан ба Аттила гараа сунгатал гэрэлт илдний бариул түүний гарт атгагджээ. Ингээд Аттила хаан болж, дур зоргоороо нүүж явдаг омгуудыг нэгтгэн агуу Хүннү гүрнийг байгуулжээ.
Тэрбээр овог аймгуудын удирдагч нарыг гэрийнхээ үүдэнд цуглуулж гурав хоног хуралдан нэгдмэл их гүрэн байгуулах төлөвлөгөөгөө тайлбарлаж, тэднээр дэмжүүлэх ам өчгийг нь авсан гэдэг. Эсэргүүцэгчдийг шууд цаазалж байжээ. Нэгэн өвгөн удирдагч Аттила хаанд мөргөөд “Миний хараа муудсан болохоор хурц нар руу харж чадахгүй болж, байлдан дагуулагч их эзэн хааны гэрэлд гялбаад өөдөөс нь харж чадахгүй нь” гэж хэлээд өөрийгөө егүүтгэхэд Аттила түүний энэ хүндэтгэлийг үг дуугүй хүлээн авсан гэдэг.

Их хаан болсон хойноо Аттила бусад дайчдаас ялгарахгүй энгийн амьдардаг байжээ. Тэр модон өргөөнд, модон ширээнд сууж, модон сав суулганаас идэж уудаг байсан, тэр Ромын эрх баригчид шиг чамин хувцасладаггүй, элдэв чимэг зүүлт хэрэглэдэггүй, хар булган дах хөдөрч, хар булган малгай өмсдөг. Албат иргэдээ үргэлж эргэж тойрч явдаг, тэгэхэд хүүхэд хөгшид, эмэгтэйчүүд, дайчид тойрон хүрээлж, зам гаргаж өгдөг байсан, эмэгтэйчүүд өөрсдийн хоол унднаасаа өгөхөд морин дээрээ, эрээлхэж цээрлэлгүй идэж уудаг байжээ.
Аттила хууль ёсыг чандлан мөрдүүлж, Хүннү гүрний зорилгыг хүн бүрт ойлгуулсан бөгөөд тэр нь герман, слав үндэстнүүдийг хяналтдаа байлгах, Ромыг байлдан дагуулах, Азийн бусад нутгийг эзэлж, дараа нь Африкийг эзлэх байв.

Аттила “удирдагчийн чанар”-ын тухай

Бид энэ зөвлөлд хуралдсан завшаанд Аттила би удирдагчийн чанарын тухай өөрийнхөө дотор бодлыг нээн өгүүлье гэлээ. Та нар болон та нарын захиргаанд байгаа хүмүүс хүннүчүүдийг зөв сайнаар удирдахад сайтар бэлтгэсэн байхын тул би эдгээр бодлоо та нарт нээж байна.

Хүннүчүүд бид үүрэг хариуцлагаа чандлан биелүүлж чадах эрдэм чадал, хүч боломжтой, чин зүтгэлтэй удирдагчдыг удирдлагын төвшин бүрт тохоон томилох нь бидний Хүннү гүрэнд амин чухал болой.
Удирдагчдыг төрүүлэх амар хялбар бөгөөд хурдан зам үгүй. Хүннү нар амьдралынхаа туршид сурах ёстой, сурахыг хойш тавьж хэзээ ч үл болох, сурахыг тасалж хэрхэвч үл болох, ямар ч эх сурвалжаас байлаа гэсэн сурах үйл болоод аргыг ямагт шинээр сэдэн эрж олох эрхэм буй.

Манай удирдагчид удирдах үйлээ эхлэнгүүд сурахыг эрхэм болгож, чухал эрдэм чадлыг олонгуут үр шимийг нь үзэх ёстой.
Бид өөрсдийн сурч мэдсэнээ идэр залуу дайчдад зааж өгч, тэд удирдагч болоход бэлдэх ёстой. Морь унах эрдэм, нум сум, сэлэм жад хэрэглэх эрдэм манай дайчдад хангалттай мэт боловч тэднийг удирдах хүмүүнд энэ бүгд хангалтгүй.

Бид улс үндсээ ур чадвартай удирдахын тулд туршлагаар дамжиж эрдэм болдог дараах амин чухал чанаруудыг төгс эзэмшсэн удирдагчид болох ёстой:

• Эвийг эрхэмлэх: хүннү нар юуны өмнө эвийг эрхэмлэх ёстой. Санал зөрнө гэдэг бол эв эвдэрнэ гэсэн үг биш. Овог аймгийнхаа эрхэм эрх ашгийн төлөө санал зөрж байгаа хүннү бусдыгаа сонсох ёстой. Нөгөө талаар, овог аймгийнхаа сайн сайхны эсрэг үйлдэлд идэвхтэй оролцож байгаа буюу өөгшүүлэн дэмжиж байгаа хүннү бол эвийг эвдэж байна. Тийм хүннүү хүнийг жирийн дайчин байсан ч, удирдагч байсан ч зайлуулах хэрэгтэй. Тийм хүннүү хүн эв эетэй хүннүү нарт нөлөөлөх боломжтой бол халдварт өвчин тараана. Эвийг эвдсэн үйлдэл болон хандлагыг өөрчилж болохгүй байвал хатуу үйлдлээр таслах хэрэгтэй.

• Эр зориг: хүннү нарыг удирдаж байгаа хүн эр зоригтой байх ёстой. Удирдагч хүннү өөрт нь даалгасан үүргэ хариуцлагаа биелүүлэхдээ айхыг үл мэдэх ёстой, удирдагчийн эрх мэдлээ алдахаас ч үл эмээх ёстой. Бэрхшээл тулгарахад шантардаггүй байх ёстой, сонголт хийж, шийдвэр гаргахдаа эргэлздэггүй байх ёстой. Удирдагч хүннү үүргээ биелүүлэхийн тулд өөрөө хохирохоос айдаггүй байх ёстой. Ямагт өөртөө игэлтэй, аюул тулгарсан үед ч, амар тайван цагт ч эр зоригоо алдахгүй байх ёстой.

• Чин хүсэл: зарим хүннү удирдагч хувийн чин хүсэл эрмэлзэлгүй: хүмүүст, үйл явцад, үр дүнд нөлөөлөх чин хүсэлгүй мөртөө өөрийгөө удирдагч гэж боддог. Чин хүсэл тэмүүлэлгүй, сул дорой удирдагч байж болохгүй. Бид авьяас чадалтай мөртөө чин хүсэлгүй дайчинг удирдагч болгохоос сэрэмжлэх хэрэгтэй.

• Сэтгэлийн тогтвор: удирдах төвшинд гарсан хүннү бүр сэтгэлийн бат тогтвортой байх ёстой. Манай бүх төвшний удирдагчид урам хугарах цагт сэтгэл хурдан сэргэдэг, зориг мохох цагт хурдан урам зориг ордог, үүргээ саруул ухаанаар биелүүлдэг байхын зэрэгцээ онцгой хүнд нөхцөл тулгарвал сэтгэл хөдлөлийн хүчээр даван гарах чадвартай байх ёстой.

• Биеийн хат: хүннү нарын удирдагчид удирдах үүргээ биелүүлэх бие бялдрын шаардлагыг хангасан байх ёстой. Удирдагчид бие бялдраа үндсэн, эрүүл аргаар чийрэгжүүлсэн байх ёстой. Хүннү нарыг орон дээрээс удирдахгүй. Хэтэрхий их идэж уун эрч хүчээ алдаж болохгүй. Ромчууд хэтэрхий их иддэг учраас оюун ухаан нь булингартдаг юм. Биеийг зөв хэрэглэхгүй бол хордоно. Эрүүл бие саруул ухааныг тэтгэнэ. Манай удирдагчид үүргээ биелүүлэхэд хүчирхэг бие хэрэгтэй.

• Өрөвч сэтгэл: удирдагч хүн өрөвч зөөлөн сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол бусдыгэнэрч, бусдын үнэ цэнэт зүйлсийг ойлгож, хүндэтгэдэг, өөр соёл, итгэл үнэмшил, уламжлалд мэдрэмтгий бйх ёстой. Гэхдээ өрөвч зөөлөн сэтгэл нь бусдад татагдах буруу сэтгэлд автаж болохгүй: овог аймаг, үндэстнийхээ үнэт зүйлсийн төлөө дипломат уран арга, байлдаан тулааны урлагаар тэмцэх ёстой үед бусдад уруу татагдах сэтгэл хортой.

• Эрс шийдэмгий байх: залуу удирдагчид шийдвэр төгс байж сурах, хэзээ хөдлөх вэ, хэзээ хөдөлж болохгүй вэ гэдгийг мэддэг байх ёстой, тухайн нөхцөлд бүх зүйлийг нягт нарийн тооцоолоод дараа нь шийдвэрээ гаргадаг байх ёстой. Шийдэмгий бус, эргэж буцсан, бусдын амыг харсан байдал захирагдагч хүмүүс, үр хүүхэд, дээд удирдлагын урмыг хугалж дайсан этгээдэд давуу тал олгодог.

• Урьдчилан харах: Ажиглалт болон туршлагаар хурцалсан зөн билгээрээ манай удирдагчид болох гэж буй үйл явдал, санаа бодол, үйлдэл, үр дагаврыг урьдчилан харж чаддаг байх ёстой. Аливааг урьдаас мэдэх чадвар бол өөрийн болоод өөрийнхөө захиргаанд байгаа хүмүүсийн аюулгүй байдлын баталгаа.

• Цаг хугацааг зөв тооцоолох: аливаа үйлдэл хийх, үг хэлэхдээ цагийг нь олж хийх, хэлэх нь удирдагч хүний маш чухал чанар юм. Цагийг зөв тооцоолох талаар шидэт томъёо байхгүй. Удирдагчийн энэ чанарыг заримдаа алдаанаасаа сурч олж авдаг.хэнд юу хэлэх гэж байна вэ, хэнтэй ажиллах гэж байна вэ, тэдний зан чанар, санаа зорилго, амбиц зэргийг мэдэж байх нь цагаа олсон шийдвэрт чухал байдаг.

• Өрсөлдөх чадвар: удирдагчийн амин чухал нэг чанар бол ялахын төлөө чин хүсэл юм. Дандаа ялаад байх нь чухал биш, харин чухал өрсөлдөөнд ялах зайлшгүй шаардлагатай байдаг. Манай үндэстний дотор болон гадна болж болж байгаа өрсөлдөөн маш ширүүн, амархан ялан дийлэх боломжгүй гэдгийг манай удирдагчид сайтар ойлговол зохино. Өрсөлдөх уур хилэнгийн мэдрэмж тулалдааны талбарт ч, яриа хэлэлцээрт ч, дотоодын зөрчилд ч ялагчдыг хөтөлдөг юм. Өрсөлдөөний мэдрэмжгүй удирдагч сул дорой бөгөөд жижигхэн сөргөлдөөнд ч амархан дийлддэг.

• Өөртөө итгэх: зөв дасгал сургууль, туршлага нь удирдагч хүнд өөртөө итгэх баттай итгэлийн мэдрэмжийг төлөвшүүлдэг. Удирдагчийн үүргийг биелүүлэх өөрийн мэдлэг чадвар, хүч бололцоондоо итгэл сул байх нь энэ хүн үүргээ биелүүлэх чадваргүй юм байна гэсэн бодлыг захирагдагч хүмүүс, шавь нар, удирдлагад төрүүлдэг. Тиймээс өөрийнхөө чадалд итгэхгүй бол сул удирдагч, хэрэггүй захирагч болдог.

• Тооцоолох чадвар: Өөрийн болон захирагдагч хүмүүсийнхээ үйл ажиллагааг тооцоолж үнэлдэг байх нь удирдагчийн нэг чухал чанар. Удирдагч хүн захиргаандаа байгаа хүний хийсэн ажил, хүрсэн амжилтыг мэдэхгүй байж хэрхэвч болохгүй, үүнтэй адилаар алдсан алдаа, гаргасан дутагдлыг мэдэхгүй байж хэрхэвч болохгүй. Харин үр дагаврыг нь өөрөө хариуцах ёстой. Өөртөө ч мөн ийм шаардлага тавьж байх ёстой.

• Хариуцлага: удирдагчийн хийсэн ажил, өгсөн үүргийг зөв зүйтэй гэж захиргаанд нь байгаа хүмүүс мэдэхгүй бол удирдагч хэрэггүй. Хаан, жанжин хэн ч байлаа гэсэн доод төвшний удирдагчдын ажлыг өмнөөс нь хийхгүй. Тиймээс аль ч төвшний удирдагч өөрийнхөө ажлыг үндэстний өмнөөс өөрөө хариуцах ёстой.

• Итгэл даах: удирдагч итгэл даах чадвартай байх ёстой. Түүний хийсэн үйл, хэлсэн үг анд нөхөртөө ч, дайсандаа ч итгэл төрүүлж байх ёстой. Удирдагч үнэн мэдээлэл авч, зөв шийдвэр гаргаж байгаад хүн бүр итгэлтэй байх ёстой. Удирдагч итгэл даахгүй бол хүмүүст муугаар нөлөөлж, буруу санаатнуудын идэш болох тул итгэл даахгүй удирдагчийг даруй зайлуул.

• Бусдаас хамааралгүй байх: удирдагч өөрийнхөө үүрэг хариуцлагыг өөрөө мэдэж биелүүлэх чадваргүй бол түүнийг зайлуул. Хаан бүх төвшний удирдагчид юуг яаж хийхийг нь хэлж өгөч чадахгүй. Хэрэв чи удирдагч бол удирд, чадахгүй бол зайл. Хүннү удирдагч өөрийнхөө хийх юмыг өөрөө хийж чадаж байгаагаа дээд удирдагч болон доод хүмүүстээ харуулж чадах ёстой.

Орчуулсан Д.Нямсүрэн
Үргэлжлэл бий.

Sunday, January 11, 2009

Агуу их сүр хүчит хаан Аттила – 1


Нэг. Даллан дуудах алдар суу
Аттила... Энэ нэрийг анх “Небулингуудын дуулал” хэмээх эр баатарлагын яруу сайхан туулиас үзэж билээ. Бага ангийн жаал байж дээ. Тэр номонд гарах бүх баатар эрсээс хол тасархай хүчирхэг Зигфрид баатраас илүүгээр сүр хүчин төгөлдөр атлаа өгөөмөр зөөлөн, ухаалаг, үнэнч Аттила хэмээх хаан сэтгэлийг минь ихэд татсан юм. Тэнд Аттилаг “Хаадын хаан” гэсэн нь хамгаас сонин байж билээ.

Энэ “Хаадын хаан” гэсэн хүндлэлийг Чингис хаанаас өөр хүнд байхыг олж сонссонгүй өдий хүрэв. Төд удалгүй дунд ангид орж, дэлхийн түүхийн хичээл үздэг болоход үлгэр домгийн хэмээн итгэж байсан өнөөх Аттила нэрээ үзээд учиргүй хөөрөв. Тэрхүү түүхийн сурах бичигт Аттилаг арай өөрөөр, зэрлэг бүдүүлэг хүчирхэг байлдан дагуулагч гэсэн байсан санагдана. Харин энд миний сонирхолыг татсан нь “Хаадын хаан” Аттилаг маань “Тэнгэрийн ташуур” гэжээ. Ийнхүү Аттила гэдэг нэр надад өөртөө татагч шидэт, нууцат тарни бүхий нэр шиг санагдах болж, холбоотой бүхнийг шимтэн сонирхох болсон юм.

Дараа нь ганц Германууд төдийгүй Унгар болон Скандинавын орнуудын ард түмнүүдийн дунд Аттилагийн домог үлгэр бишгүй байдгийг мэдэж, үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан нь сонирхлыг маань улам хөгжөөсөн. Энэ бол мэдээж судалгаа, шинжилгээний бус, зөвхөн саваагүй сонирхогчийн түвшинд гэдэг нь ойлгомжтой.

Гэхдээ л, бараг хорь гаруй жилийн дараа Вэсс Робертсийн бичсэн “Хүннүгийн Аттила хааны удирдахуйн нууц” хэмээх номыг олж үзэн үзтэлээ аль 16 зууны өмнөх, ялангуяа барууны ертөнцөд зэрлэг бүдүүлэг, аймшигт цуст байлдан дагуулагч гэсэн хэвшмэл ойлголттой Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг тэрхүү барууны ертөнцийн өнөө үеийнхэн нь бахдан шагшрах, үлгэрлэн дагах юм чинээ санасангүй явжээ.

Энэ ном Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор хэдэнтээ шалгарсан төдийгүй дэлхийн томоохон корпорацийн эзэд, банкир, улс төрчдийн ширээний ном болж байсныг дурдахад илүүдэхгүй. Ингээд Аттилагийн түүхийг өөрийн хэмжээнд олж цуглуулснаа багцлан, найруулсан маань энэ.


Хоёр. Аттилагийн өмнөх үе, Хүн нар Европ руу


Монгол угсаатны өвөг дээдэс Хүн нарын тухай эхний хэл, сураг Ромын эзэнт гүрнийг, өрнөдийн ертөнцийг айхтар донсолгон цочоожээ.

Манай тооллын 376 оны зун... Ромын эзэнт гүрний зүүн хил Дунай мөрний хамгаалалтын легионы захирагч нар мөрний чинад дахь зэрлэгүүд нэг л жиг бусаар үймж бужигнаад буй тухай мэдээлэл авчээ. Их мөрнөөс зүүнээр Ромчуудын хавтгайд нь нэрлэдэгчлэн зэрлэг, бүдүүлгүүдийн олон овог аймгууд оршин бөлгөө. Ромын зүүн хил хязгаарыг олон жилийн турш амар тайван байлгаагүй Визиготууд, Гепидүүд, Ширүүд, Бургундууд, Славууд зэрэг хүн ам олонтой өч төчнөөн хүчирхэг дайчин овог аймгууд байж. Тэднээс цааш Днестр мөрний орчимд бүр ч илүү хүчирхэг Остроготууд бий. Тэгээд цаашилвал Дон/Tanais/, Ижил /Rha/ мөрний дунд, умард Кавказ орчимд бас л аймшиггүй зоригтнууд гэгдэх Аланууд, урагшаа Вандалууд гэх мэт олон овог аймгууд оршин байжээ.

Ер нь эдгээр овог аймгууд үргэлжийн өөр хоорондоо дайтаж, ямар нэгэн юм болцгоож байдаг тул дээрх мэдээг авсан Ромын легионерүүд анзаарсан ч үгүй, тоосонгүй ч үгүй.
Гэтэл намар нь харин ч ер бусын хачин юм болов. Ухаанаа гартлаа айж сандарцгаасан 200 000 орчим Готууд Дунай мөрний цаана бөөгнөрөн, Ромын газар нутагт орогнох, эсвэл алс баруун тийш нэвтрэн гарах зөвшөөрлийг эзэн хаан Валенаас амь тавин гуйхад л энэ нь жир нэгэн явдал биш болохыг ойлгож, тэдгээр зүүн зүгийн олон зэрлэг овог аймгуудыг хуйлартал нь туусаар ойртож яваа алс дорно зүгийн учир битүүлэг овог аймгийн нэрийг анх сонсож мэдээд зогсохгүй тухайн цаг үед дэлхийн хамгийн хүчирхэг Ромчууд өөрсөдтэй нь эн тэнцүү, магадгүй илүү ч хүчирхэг байж мэдэх тийм дайчид байдагт маш их гайхацгаасан байна.

Тэд бол Хүн нар байлаа. Энэ үйл явдлаас бүр зуугаад жилийн өмнө /манай тооллын 270-аад онд/ Хүн нар Ра /Ижил мөрний эртний нэр/ мөрнийг гатлан Алануудын нутаг дэвсгэрт орж иржээ. Аланууд бол Хүн нарын адил морьтон ард түмэн. Тэд бусад ард түмнээс илүү зоригтой гэгдэж, бас л Хүн нарын адил моринд гарамгай, суманд мэргэнээрээ алдаршиж байсан цаг байж. Гэвч тэд Хүн нарыг зогсоож чадсангүй, бут цохиулан, сарнин тархаж, олонхи нь Сарматуудын нутагт цөмрөн тэднийг шахаж эхэлжээ. Цөөнгүй хэсэг нь Хүн нарын хараат болж, тэдний морьт цэргийн нэгэн хүчирхэг бүлэглэлийг бүрдүүлсэн байна.
Алануудад шахагдсан Сарматууд бас Вандал, Аланы зарим овгуудтай барууншилж, Остроготын нутаг руу, зарим нь нэлээд хойгуур Висла, Эльба мөрний адгаарх овог аймгуудыг шахаж эхэлжээ.

374 оны орчимд харин Хүн нар өөрсдөө Дон мөрнийг гатлан Днестр, Дон хоёрын завсар өөрийн хүчирхэг улсаа төвхнүүлээд байсан Зүүн буюу Остроготуудын нутагт хөл тавив. Остроготуудыг хэн ч хулчгар дорой гэдэггүй байж. Уулынхны адил хурц омголон, нүүдэлчдийн адил моринд гарамгай тэд агуу Их Ван Эрманарихийнхаа туган дор зүүн өмнөд Европод өөрийн гэсэн хүчирхэг эзэнт улсаа төвхнүүлж эхлүүлээд байсан цаг байж. Дайн байлдааны асар баялаг туршлагатай өвгөн Ван Эрманарих дайнд хатуужсан 200 000 дайчдынхаа хамт тэрхүү Хүн нарыг тоссон ч салмайтлаа цохиулжээ. Хүн нарын хүчин чадлын ихийг, илднийх нь хэр хурцыг, сумных нь ончтойг мэдэрч, зогсоох ямар ч боломжгүйг ухаараад Эрманарих цөхөрсөндөө амиа хорлосон гэдэг. Зарим сурвалжид түүнийг тулалдаанд олзлогдоод, гутарсандаа амиа хорлосон ч гэдэг. Юутай ч түүний шарил олдоогүй байна. Их ванг залгамжлагч Витимир Хүн нарын армид байсан зарим овог аймгуудын дайчдыг их хөлсөөр урвуулан, хүчээ зузаатгаад эсэргүүцэх гэж оролдсон боловч боломж олдсонгүй, 375 оны дундуур нэгэн тулалдаанд дайчин эрийн ёсоор илдээ дэрлэн унаж, ард түмэн нь Баруун буюу Визиготуудаасаа өмгөөлөл эрэн Днестрийг гатлан баруун тийш зугатсан байна. Хүн нарыг Дунай мөрнийг гаталж байх үед Аттилагийн дээд өвөг Баламбир /360-378 онд/ Хүн нарын хаан байжээ. Баламбир хаан Готуудыг ялсан ялалтаа тэмдэглэсэн шөнөө учир битүүлгээр үхсэн ба түүнээс 75 жилийн хойной түүний алдар цуут үр удам Аттила мөн хурмынхаа шөнө учир битүүлгээр нас барсан билээ. Баламбирийн дараа Балтазар хаан суув.

Визиготуудын Ван Атанарих тэрхүү хурдан морьт дайчдыг зогсоох гэж оролдсон боловч бас л юм болсонгүй, Хүн нар түүнийг хормын дотор арчиж орхисонд Готуудын хувьд цор ганц итгэл найдвар, аврал нь Дунай мөрнийг гатлан урьдын эзлэн түрэмгийлэгч, өстөн дайсан нь байсан Ромын эзэнт гүрэн болж хувирчээ.
Өршөөл хүсэн хилийн дотор орж ирсэн Готуудыг Ромчууд боолчлохыг санаархсанд тэд эсэргүүцэв. Готууд эргээд Хүн нарын зарим хэсгийн дэмжлэгийг авч хамтарсан хүчээр Ромтой тулжээ. Ромын эзэн хаан Вален Адрианофоль хотын дэргэд Хүн болон Готуудын нэгдсэн хүчинд бут цохиулан эзэн хаан өөрөө алуулсан байна. Түүний дараа харин жинхэнэ Хүн нар Мүнзүк хааныхаа туган дор Зүүн Ромын эзэнт гүрэнд довтлон оржээ. 395 оны орчимд газар дэлхий дээрх хамгийн хүчирхэг том гүрэн болох Ром нь түүхэндээ анх удаа зэрлэгүүд хэмээн үл тоож байсан харийнханд бууж өгөн, их хэмжээний татвар өгөхөөр болов.

Ийнхүү дорно зүгийн олон овог аймгуудыг хуйлартал нь туусаар Хүн нар Ромын эзэнт гүрний хилд цөмрөв. Энэ үеэс л зүүн зүгийн ард түмнүүдийг үл тоомсорлодог байсан Ромчууд Хүн нарыг ихэд сонирхон, Марцелинниус, Жорданес, Прискус нарын зэрэг түүх сударчдийн бүтээлд тэмдэглэгдэж эхэлжээ. Эдгээрээс Прискус нь Аттилатай биечлэн уулзаж байсан ба түүний тэмдэглэл нэн чухал бодит сурвалж болдог байна. Ромчууд Хүн нарын гарал үүслийг Мөст Танайс/Дон/ мөрний чинадаас ирсэн, Уралын цаана орших мөнхийн харанхуй ертөнц бол Хүн нарын эх орон, эсвэл Скифүүдтэй хольж хутган тэмдэглэсэн байдаг.
Ромын эзэнт гүрний зүүн хил даяараа бужигнаад зогсохгүй эзэнт гүрний хил хязгаарын дотор ч бөөн бужигнаан болоод эхлэв. Энэ үеийг түүхчид Ард түмнүүдийн Их нүүдэл гэдэг.

Хүн нарт туугдсан Вандал/Гандерих Ван/, Алан нарын нэгдэл Баруун Ромын эзэнт гүрний хойт хэсэг, Франк, Бургунд, Галлын нутгаар нэвт шувт гарч Принейн хойгийн баруун талд, зарим нь бүр Гибралтарийг гэтлэн Умард Африк дахь Баруун Ромын баян муж Каесар, Картейжд очиж тогтов.
Хүн нарт бут цохиулсан Баруун Готууд Зүүн Ромын эзэнт гүрний хилийн дотор амь хоргодохоор ороод зогсохгүй Константинофолийг бараг хүрэн алдаад баруун эргэж, Балканы хойгийн баруун үзүүрт байх эртний Спарт хот хүртэл явжээ. Гэвч тэндээ тогтсонгүй. Атриадын тэнгэсийн зүүгээр тойрч явсаар, Баруун Ромд нэвтрэн, хөлсний Хүн нараар хүчээ сэлбүүлсэн Ромын легионуудтай хэд хэдэн тулаанд ялагдсан ч 410 онд Ром хотыг эзлэн авсан байна. Хэдэн зууны турш хүн төрөлхтний соёл, урлагийн голомт болж явсан Ром хот анх удаа харийн түрэмгийлэгчдэд эзлэгдэн гурав хоногийн турш шатжээ. Энэ нь Ромын газар нутагт Хүн нараас зугтан толгой хоргодсон Готууд Ромыг өөрийг нь ч бут цохих чадвартай байсныг харуулна. Зарим сурвалжид Ромыг эзэлсэн Аларихийн Визиготуудын дунд Хүн нарын хөлсний цэргүүд явсанаас тэд ромын легионуудыг амархан буулгаж авсан, тэдгээр 10 000 Хүн нар нь өмнө Баруун Ромын хаан Хонорийд хөлслөгдөн Готуудыг цохиж байсан тэр цэргүүд мөн гэжээ.

Аларих ван Ромын олзлогдсон гүнж, хожмын Ромын эзэн болсон Галла Пласидийг хатнаа болгож байжээ.
Энэ үед Ван Аларих нийслэлийг нь эзэлж, хавьгүй илүү давуу байдалтай байсан ч Баруун Ромын эзэнт гүрнийг бүрмөсөн унагахыг бодсонгүй, Хүн нараас холхон Альпиас баруун тийш Галлийн хэсэгт амьдрах суух газар нутгийг Ромын Сенатаас хүссэнээр энэ ялалтаа хязгаарлажээ. Магадгүй, Визиготуудын Ван Аларихийн улс төрийн энэхүү шийдвэр нь Баруун Ромын цэрэг дайны хүчийг бүрэн шавхахгүйгээр дийлдэшгүй хүчирхэг Хүн нарын эсрэг сөргүүлэн бамбай болгон тавьж, өөрсдийгөө хамгаалах маш ухаалаг алхам ч байж болох юм.

Зүүн буюу Остроготууд Ромын эзэн хааны ивээлийг хүртэн Дунай мөрнийг гатлан Эзэнт гүрний хилийн дотор одоогийн Унгарын баруун хилийн орчимд толгой хоргоджээ.
Шахагдсан Франк, Бургундууд, Германы зарим овог аймгууд нэлээд хойхнуур Рейн мөрний адгаар барууншилж, Скандинаваас Саксонууд баруунш нүүдэллэж, Британи дахь Ромын мужуудыг түйвээж эхэлсэн байна.

Ийнхүү зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгууд баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрах болсон нь өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг байна. Мөн эдгээр ард түмнүүдийн нүүдэл, түрэмгийлэл нэг талаас нь шахаж, нөгөө талаас нь Хүн нарын хүчирхэг довтолгоон, нөлөөлөл нь олон зууны туршид Европ даяар түгэн дэлгэрсэн “Pax Romanica” –г бүрмөсөн нураасан гэдэг.


Гурав. Аттила төрсөн нь. Бага, Идэр нас

Европ дахин ийн хөл толгойгүй бужигнаж байсан үед, 406 оны /түүхчид түүний төрсөн оныг 398, 406, 408 гэх мэтээр янз бүр дурдсан байна/ зуны нэгэн шөнө Европын тэнгэрт ер бусын хурц улаан сүүлт од харагджээ. Тэр сүүлт од савартаа илд шүүрсэн аварга улаан бүргэдтэй адил харагдан, бүхний зүрхэнд айдас хүйдэс хуруулсан гэдэг. Чухам энэ шөнө тэрхүү илд атгасан Улаан бүргэд болж Аттила Ижил мөрний адаг урсгал орчимд Хүн нарын ордод мэндэлжээ. Ромын зарим түүхчид Дунай мөрний хөвөөнд төрсөн ч гэдэг. Мажаруудын хуучин домогт Аттилаг дээд хүчит тэнгэр Хадурын Улаанбүргэд гэжээ.
Тэр домогт өгүүлснээр Аттилаг илд атгасан Тэнгэрийн Улаан бүргэд болон ирэхийг түүний өндөр өвөг Нимрод нь алс Алтайн уулнаас Хүн нар баруун тийш хөдлөхийн өмнөхөн зөгнөжээ. Тэр Хүн нар алс баруун зүгт очсон хойно, миний үр удамд ертөнцийн бүх дайчдийн хамгийн агуу нь болох нэгэн төрөх бөгөөд түүнийг Хүчит тэнгэр Хадурын ташуур хэмээн нэрлэх болно гэжээ. Үнэхээр тэр зөгнөлөөр болж, Ромчууд, ер нь европ дахин Аттилаг Тэнгэрийн бэрээ /Scourge of God/ хэмээн хүлээн авчээ. Домогт өгүүлэхээр бол Аттилагийн эцэг Цагаанбүргэд буюу Бендегуз /Мүнзүк/ нь овог аймгаа тэргүүлэн Дон мөрнийг гаталсан Хаан Балтазарийн ууган хүү аж. Балтазар хаан Мүнзүк, Чарат, Октар, Ругила гэсэн дөрвөн хүүтэй байсан ба тэд 390 оноос 437 оны хооронд дараалан төр барьжээ.

Аттилагийн эцгийг олонхи тохиолдолд хаан Мүнзүк хэмээн тэмдэглэсэн байдаг ба хаан суусан оныг нь 390-410 гэжээ. Тэгэхээр 395 онд Зүүн Ромын хаан агуу их I Феодосийг буулган авч гэрээ хийж, татвар татаж байсан Үлдиз хаан болон Мүнзүк хоёр нь нэг хүн болов уу гэж таамаглахад хүргэж байна.

Аттилагийн төрсөн болох түүний сүр хүчтэй холбоотой домог олон байдаг.

Аттилад үнэхээр дайны тэнгэр Марс бурханы илд гэгддэг нэгэн илд байсныг нүдээр үзсэнээ Ромын түүхч Прискус бичээд, ийм нэгэн домгоор түүнээ хачирласан байна. Нэгэн Хүн хүний тугал бэлчээрээс доголсон ирэхэд, түүний цустай мөрийг эргэн мөшгөсөөр газраас хагас цухуйсан алтан илд олжээ. Түүнээ Аттилад өргөсөнд Аттила хүннүгийн эртний хаадын тахиж байсан дээд тэнгэрийн илд мөн болохыг таньж, тэгээд энэ илд дахин эргэж Аттилагийн гарт ирсэн нь түүнийг хэний ч өмнө ялагдашгүй болголоо гэжээ.
Энэ домгийн арай өөр хувилбарт өгүүлэх нь Аттилатай хамт Хүн гүрнийг удирдаж байсан ах Бледаг үхсэний дараа Хүн нарын удирдагчид цуглаад хуралдай хийж байтал үхэр хариулагч нэгэн хүү ирж ойролцоох нугад ер бусын гэрэлт илд байгааг дуулгажээ. Ихэс ноёд хүүгийн заасан нугад очтол үнэхээр гал бадарсан илд нисч явсан агаад Аттилаг гараа сунгатал ирж атгагджээ.

Энэ үед Хүн нар гол хүч Ромын баруун хил, үржил шимт өгөөмөр сайхан Паннониад баттай суурьшаад байсан байна.
Аттилагийн бага насандаа туулсан амьдрал нь Чингис хаан, Модун шаньюй нарынхтай зарим талаар төстэй санагддаг. Аттилаг маш бага байх 410 онд эцэг нь нас баржээ.

Түмэн шаньюй нь хайртай бага хатнаасаа төрсөн хүүгээ хаан ор суулгахын тулд их хатнаасаа гарсан Модуныг бага насанд нь дайсагнагч Юэчжи улсад найрамдлын барьцаа болгон илгээгээд дараа нь Модуныг Юэчжи нараар алуулахын тулд итгэл эвдэн тус улсын эсрэг гэнэт довтолжээ. Гэвч Модун эр зориг авжаалж самбаагаараа амь гарч, нутагтаа ирэн, улмаар эцгээ алж, хаан ширээ залгамжилдаг.
Чингис хааны хувьд эцэг Есүхэй нь түүнийг 9 настайд нь харь хол Хонгирад аймагт аваачиж орхидог ба арав гаруй насандаа Тайчуудад олзлогдож мөн ч өөрийн чадвар, арга самбааны хүчээр амь гарсан түүхийг бид сайн мэднэ.

Тэгвэл Аттилагийн авга ах нар болох Хүн нарын хаан Октар, Рагула нар түүнийг 12 настайд нь Ром руу барьцаанд илгээжээ. Ийнхүү Монгол овогтны энэхүү агуу их гурван хүмүүн бага насандаа харь холд одож, балчир ухааныхаа хэрээр хатуужин чангарч, хатуу ширүүн шалгуур, бэрхшээлийн туулан, шинэ газар орон, шинэ ертөнцийг танин мэдсэн нь тэдний хожмын агуу их үйл хэрэгт маш чухал суурь дэвсгэр, бэлтгэл болсон нь ойлгомжтой юм.
Гэхдээ боолчлогдон, дарлагдаж байсан нөгөө хоёроосоо Аттилагийн ялгарах онцлог нь хэдийгээр барьцаанд байсан ч хүн төрөлхтний соёлын цөм Ромд асар өндөр боловсрол олж авсанд юм. Тэрээр Ромд өөр бусад олон овог аймгуудын хан хөвүүдтэй мөр зэрэгцэн ихийг сурчээ. Ромын урлаг, соёлд, түүх зэрэгт суралцаад зогсохгүй цэрэг дайн, улс төр, дипломатийн урлагийг ч сайтар эзэмшсэн байна.

Чингис хаан Тайчуудын дөнгөнөөс хүчин чадал сул дорой, холбоотон хамтрагчгүй байж болохгүйг ясандаа ортлоо ойлгож ирсэн бол, Модун шаньюй Юэжчи улсын барьцаанаас итгэл эвдэн, далдуур хор хутгахын гайг мэдэрч, эцгээ замаасаа зайлуулах чин эрмэлзэлтэй ирсэн бол, Аттила Ромын барьцаанаас Хүн нарын дунд урьд хожид байгаагүй өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй төдийгүй дэлхийг эзлэх төлөвлөгөөтэй буцаж иржээ. Залуу хан хүү Ижил, Доны завсарын өргөн уудам нугад ан гөрөө хөөцөлдөж, алс Уралын чинад руу аялсан төдийгүй дорно зүгт өөрсдийн уугуул нутаг Алтайн уулс, улмаар бүр цагаан хэрэм хүртэл аялжээ. Тэр цагт Умард хятадыг эртний Хүн гүрний нэгэн хэлтэрхий болж явсан гэзэгт Табгач нар захирч, Бээжинд нийсэллэн байсан ба мөн л Хүн гүрний бүрэлдхүүнд байсан Сяньби нар хуучин умард Хүн гүрний нутгийг эрхшээн, шинэ тутам хүчирхэгжин байжээ.
Аттила мөн Кавказыг даван өмнө зүг Кушан, Парфи нарын нутаг хүртэл аялж, улмаар Сири, Хоёр мөрний хөндийд Персүүдтэй тулалдаж асан Хүн нарын нэгэн овог аймагт очиж байжээ.

Ромын өргөн их боловсрол эзэмшсэн Аттилад эдгээр аялалууд улам ихийг мэдүүлж, нүдийг нь нээж ухааруулан, жинхэнэ дэлхийн цараар сэтгэх чадвар бүхий их удирдагч болоход чухал нөлөө үзүүлсэн биз. Магадгүй тухайн цаг үед Аттила шиг тийм өргөн дэлгэр мэдлэгтэй атал, тийм өргөн уудам газар нутгаар аялан нүд тайлсан нь байхгүй л байсан болов уу. Соёлт Ромын элч нар их сайндаа л Персийн хааны ордонд хүрч байснаас биш Азийн гүнд нэвтэрч байсангүй. Бараг 400 гаруй жилийн өмнө Парфи нарт олзлогдсон Ромын нэгэн когорт цэрэг Талас голын хөндий хүрч, Парфийн холбоотон Умард Хүн улсын шаньюй Чижийн ордныг хамгаалан Хятадуудад Ромын легионы нягт жагсаал, чанд сахилга, богино илдний ирчийг мэдрүүлж байсан нь магадгүй Ромчуудын очсон хамгийн зүүн цэг болов уу.
Үргэлжлэл бий.
Б.Номинчимэд