Уэсс Робертс
“Агуу ном…Цагийг элээх зарчмууд”
Х. Росс Перот /тэрбумтан, АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч/
“Аттила өнөөгийн ямар ч корпорацийг гялалзтал удирдана”
Эндрю Р. Квебейн, “Бүтээлч үйлчилгээ” корпорацийн дарга
“Хүчирхэг бөгөөд урам зориг оруулагч ном! Та энэ номыг уншаад удирдан залах чадварынхаа ихэнхийг нээн гаргана.”
Уэйн В.ДайерPh.D.,
“Гайхамшигтай !”
Уильям К. Курс, “Адольф Курс Корпорацийн дарга
“Удирдлагын ухааны чиглэлээр миний уншсан хамгийн оригинал бөгөөд урам сэргээсэн ном.”
Роберт Шулер, бестселлер номуудын зохиогч
“Бодол сунгасан ном! Нэн сонирхолтой, хөнгөхөн, уншихад хялбар, тэгсэн мөртөө удирдлагын ухаанд хамааралтай хэн бүхэнд туйлын чухал… олон давхар мэргэн ухаантай ном.”
Скотт ДеГармо, “Амжилт” сэтгүүлийн эрхлэгч
“Нэрийг нь хараад буруу ойлгож болохгүй. Удирдлагын ухааны гайхамшигтай уран энэ бүтээл ухааны урам сэргээсэн, нэн уран нарийн гаргалгаатай, Аттилагийн ялалтаас ялалтад гэсэн үзэл санаагаар дүүрэн байна. Уншихад амар… мартах боломжгүй!”
Денис Уэйтли, Ph.D., “Ялалтын сэтгэл зүй ба Агуу ихийн үр” бестселлерийн зохиогч
Удиртгал
Хүннү гүрний хаан Аттилаг удирдлагын ухааны гайхамшигт жишээ болгон бичих нь наанадаж л эргэлзээтэй. Хүмүүн төрөлхтний түүхийн туршид түүнийг зэрлэг бүдүүлэг, хачин муухай царайтай, жижиг дарангуйлагч маягаар дүрсэлж ирсэн, түүний морьтон баатруудыг бүтээж босгох, хайрлаж хамгаалахыг үнэн голоосоо үзэн яддаг, үзэсгэлэн төгөлдөр, нам тайван хөдөө нутгийг хайр найргүй сүйтгэн түймэрдэж, Европ үндэстнүүдийн соёлжсон иргэд оршин суудаг үй олон хот тосгоныг тонон дээрэмдсэн болгож харуулдаг билээ.
Эрдэнэ мэт ховорхон удирдагч, хосгүй соёлжуулагч энэрэнгүй үзэлт, эрдэмт эзэн хаан гэдгийг нь тойрч өнгөрөөд хөнөөл таригч Аттилаг газар сайгүй зугаатай шог зургийн дүр, аливаа эрин цагийн аймшигт харгис удирдагчдын муу муухай зан чанар бүхнийг түүн дээр овоолж ирсэн юм.
Ерөнхийдөө, удирдлагын сэдэвт ном зохиолууд бизнес, спорт, анагаах ухаан, урлаг, боловсрол, шашин, дайн байлдаанд онц гарамгай амжилтад хүрсэн, нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн амьдрал, ажил хэрэгт тулгуурлаж байв. Тэдгээр зохиол бүтээлийн дотроос олон нь судалгааны үнэ цэнэтэй бөгөөд бидний удирдлагын хөгжилд үнэтэй сургамж болох юм.
Гэвч зарим үед тэдгээр зохиолд агуулагдсан удирдлагын зарчмуудын утга санааг ялгаж салгаж ойлгоход хэцшш байдаг юм. Тэр ч байтугай тэдгээр номуудын уг агуулга бидний амьдралтай огт нийцэхгүй тохиолдол зөндөө бий.
Удирдана гэдэг бол бусдын үйл ажиллагааг эрх мэдлийн янз бүрийн төвшинд, бүтэх ч бай бүтэхгүй ч бай аль аль үр дүнг урьдчилан тооцоолж, тухайн байгууллагын хүрээнд удирдан чиглүүлэх хариуцлага юм. Энэ бол загвар юм уу систем биш. Удирдагч хүн бусдын үйл ажиллагаанд нөлөөлөх аливаа нөхцөлд тохирох удирдлагын загвар юм уу систем гэж байдаггүй. Удирдлагын зарчмуудыг үнэлэх нь төрөлжсөн салбаруудад амжилт гаргахад чухал ач холбогдолтой байж болох бусад ур чадваруудын үндэс болох ёстой.
Ийм учраас би энэ номынхоо баатраар Аттилаг сонгож авсан юм. Хүннү гүрэн мөхөж сөнөөд олон эрин улирсан, нүүдэлчин хүннүчүүд одоо дэлхийг донсолгохоо нэгэнт өнгөрсөн, тэдний удирдагч нь бахархан дууриах үлгэр жишээ яавч биш юм шиг санагдаж болох юм.
Энэ зэрлэг омгуудыг агуу их Хүннү гүрэн болгох их заяанд төрсөн болохоор агуу удирдагч болох улайрсан их хүсэл тэмүүлэл орь залуу Аттилагаас өөр хэнд ч байгаагүй биз ээ. Зэрлэг дайчин омгуудын их санаат толгойлогчид байтугай ах дүү нар нь хүртэл түүнийг үзэн ядаж, замаасаа зайлуулах хорон санаат явууллага хийж байсан нь түүний тоглож нааддаг хүүхэд насыг алгасуулж том хүн болгосон юм.
Аттилагийн аян дайны эхэн үед түүний арми хамаагүй илүү сахилга баттай, байлдааны асар их бэлтгэлтэй, хангамж сайтай Ромын армитай тулгарсан нь бас түүний удирдагчийн авьяас чадварыг хөгжүүлж өгчээ.
Хүннүгийн цөөхөн хэдэн омгийн толгойлогчид агуу Хүннү гүрэн байгуулах Аттилагийн төлөвлөгөөг дэмжиж, газар дэлхий дээр ганцхан Хүннү гүрэн ноёрхохын төлөө байсан нь түүнд дайснуудаа ялах чадалтай дайчин удирдагч болоход нь мэдээж их тус болсон байж таарна. Аттилагийн төмөр мэт хатуу логик, өөрийнхөө хүчинд итгэх агуу итгэл тэднийг нэгэн тугийн дор нэгтгэжээ.
Аттила өөрийгөө нээсэн нь
Хаанаас ч юм, яагаад ч юм гараад ирсэн, хүн төрөлхтний түүхэнд хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч, дэлхийг чичрүүлж байсан агуу Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж агсан, тэднээс Тэнгэрийн ташуур хоч хүртсэн Аттила ер нь хаанаас гараад ирсэн юм бол?
Хүннүчүүд бол нэгдүгээрт монгол гаралт нүүдэлчид, хоёрдугаарт өөр өөр хэлтэй, өөр өөр соёлтой омгуудын хэврэгхэн нэгдэл байжээ. Тэд Төв Азийн элсэн цөлөөс Түрэгийн эзэмшил нутаг, Европын Урал хүртэл өргөн уудам нутагт тархан нүүдэллэж байсан. Тэдэнд үндэстний нэгдсэн зорилго гэж байгаагүй, тиймээс тэдний хооронд бат цул холбоо байгаагүй, цагийн аясаар нүүдэллэн, цаг зуурын холбоотой байв. Тэд урт нүүдлийн замдаа төгсгөлгүй урт аятай дуугаа аялж, тэр дуунд нь морьдын тургилаан, тэмээдийн буйлиан хөг нэмдэг байсан ажгуу. Ан амьтны арьсан хувцастай, шар арьстай, урт гартай, өргөн цээж, онигор нүдтэй хүннүчүүд төрх байдлаараа ч, амьдралын хэвшлээрээ ч соёлжсон суурин газрын хүмүүст зэрлэг араатнаас нэг их ялгаагүй харагддаг байсан биз.
Дэлхийн хамгийн цуут удирдагчдын нэг Хүннүгийн хаан Аттила манай эриний 395 оны орчимд Дунай мөрний хөндийд Мунзук хааны хүү болон төржээ. Тэрбээр нүүдэлчин овгийн хааны гучингурав дахь үе байсан гэдэг. Цусан холбоогоороо тэр яах аргагүй монгол угсаатан юм.
Анх хонь унаж сурснаасаа хойш нэг их удалгүй моринд гарамгай нэгэн болж, морьтон дайчны эрдмийг нэн хурдан сурч, нум сум, илд жадны эрдэмд эгэлгүй болсон байна. Ан авд байнга явдаг нь хүннүчүүдийн аян дайны бэлтгэл болдог байсан нь мэдээж бөгөөд идэр залуу Аттила чоно, байвгайг ичээнээс нь хөтлөн гаргаж ирдэг байсан гэдэг.
Хаан эцэг нь түүнд онцгой дотно ханддаг, ирээдүйн их хаан болох суурийг нь эртнээс тавьж байсан боловч түүнийг насанд хүрээгүй байхад нь нас барж, эрх дураараа байсан цаг өнгөрчээ. Түүний авга ах нар, ялангуяа Мунзукийн оронд хаан суусан Ругила идэр хөвгүүнийг хялайн харах болжээ. Ингээд арванхоёртой байхад нь Ромын дээд шүүхэд барьцаалан явуулсан байна. Ругила хаан Аттилагийн оронд Ромын эзэн хаанаас Аетиус нэрт хөвгүүнийг хүлээж авчээ. Ромын хаад хүчирхэг гадаад улсуудад хааны гэр бүлийн хөвгүүдийг явуулж, тэр орны зан заншил, соёл, шашин эдийн засаг, цэргийн хүч гэхчлэн бүх зүйлүүдийг судлуулдаг байсан ба барьцаанд нь тэр орнуудын хааны гэр бүлээс хөвгүүдийг авчирдаг байв. Тэр хөвгүүд нь бас Ромыг судлах ба эх орондоо эргэж очоод Ромын нөлөөг дэлгэрүүлэх ёстой байв. Энэ нь нөгөө талаас Ромын эзэнт гүрний тагнуулын ажиллагааг хангадаг байжээ. Ийнхүү Хүннү гүрний ирээдүйн хаан Аттила, Ромын ирээдүйн агуу их жанжин Аетиус нар бага насандаа барьцаагаар солигдож байсан түүхтэй.
Аттила Ромд очуутаа ромчуудын суртал нэвтрүүлгийг байдгаараа эсэргүүцдэг байв. Барьцаанд байгаа хөвгүүдээс тэр л ганцаараа Ромын юм бүхнийг зад эсэргүүцэн тэмцдэг байлаа. Хоёр ч удаа оргоод баригдаж. Тэгээд торонд орсон араатан мэт өөртөө нэг булан олж аваад Ромыг шамдан судалж эхлэв. Тэрбээр Ромын бодлого болон практик үйл хэргийг судалж мэдэх тусмаа улам үзэн ядах болжээ. Ромын гадаад, дотоод бодлогыг хичээнгүйлэн судалж, гадаад орнуудын элч нартай хийдэг дипломат хурлыг нууцаар чагнадаг байжээ. Мөн эзэнт гүрний цэргийн хүчийг судалж, хүчтэй ба сул талуудыг мэдэж авсан байна. Удирдлагын ухаан, ирээдүйн хаанд хэрэг болох чухал бүхнийг судалж, Ромын мэдлэг чадвартай дипломатчидаас их зүйл сурчээ.
Аттила дэлхийг эзлэх төлөвлөгөөгөө Ромын дээд шүүхэд нарийвчлан боловсруулсан байна. Түүнийг Дунай мөрний хөвөөнд эргэж ирэхэд овог аймгууд улс төрийн болон цэргийн салбарт эзэн хаанаас хараат бус хэвээр байв. Аттила ирэнгүүтэй овог аймгуудын толгойлогч нартай нягт холбоо тогтоож, Хүннү гүрний уудам нутгаар ан ав хийж байхдаа тэднийг өөртөө татаж чадсан байна. Нэгэн удаагийн авын үеэр түүний ах Бледа нас барсан нь түүнийг Дунай мөрний овог аймгуудын хаан болоход хүргэсэн гэж зарим түүхчид хэлдэг.
Өөр нэг домог байдаг нь Бледаг бунхлахаар овог аймгуудын удирдагчид цугларч хэн хаан болох тухай хэлэлцэж байтал нэг хөвгүүн ирээд ойролцоох нугын дунд нэгэн гэрэл цацарсан илд байна гэж хэлжээ. Удирдагчид тэр хүүг даган нугад очтол шатаж буй мэт хурц гэрэл цацруулсан илд нисч явсан ба Аттила гараа сунгатал гэрэлт илдний бариул түүний гарт атгагджээ. Ингээд Аттила хаан болж, дур зоргоороо нүүж явдаг омгуудыг нэгтгэн агуу Хүннү гүрнийг байгуулжээ.
Тэрбээр овог аймгуудын удирдагч нарыг гэрийнхээ үүдэнд цуглуулж гурав хоног хуралдан нэгдмэл их гүрэн байгуулах төлөвлөгөөгөө тайлбарлаж, тэднээр дэмжүүлэх ам өчгийг нь авсан гэдэг. Эсэргүүцэгчдийг шууд цаазалж байжээ. Нэгэн өвгөн удирдагч Аттила хаанд мөргөөд “Миний хараа муудсан болохоор хурц нар руу харж чадахгүй болж, байлдан дагуулагч их эзэн хааны гэрэлд гялбаад өөдөөс нь харж чадахгүй нь” гэж хэлээд өөрийгөө егүүтгэхэд Аттила түүний энэ хүндэтгэлийг үг дуугүй хүлээн авсан гэдэг.
Их хаан болсон хойноо Аттила бусад дайчдаас ялгарахгүй энгийн амьдардаг байжээ. Тэр модон өргөөнд, модон ширээнд сууж, модон сав суулганаас идэж уудаг байсан, тэр Ромын эрх баригчид шиг чамин хувцасладаггүй, элдэв чимэг зүүлт хэрэглэдэггүй, хар булган дах хөдөрч, хар булган малгай өмсдөг. Албат иргэдээ үргэлж эргэж тойрч явдаг, тэгэхэд хүүхэд хөгшид, эмэгтэйчүүд, дайчид тойрон хүрээлж, зам гаргаж өгдөг байсан, эмэгтэйчүүд өөрсдийн хоол унднаасаа өгөхөд морин дээрээ, эрээлхэж цээрлэлгүй идэж уудаг байжээ.
Аттила хууль ёсыг чандлан мөрдүүлж, Хүннү гүрний зорилгыг хүн бүрт ойлгуулсан бөгөөд тэр нь герман, слав үндэстнүүдийг хяналтдаа байлгах, Ромыг байлдан дагуулах, Азийн бусад нутгийг эзэлж, дараа нь Африкийг эзлэх байв.
Аттила “удирдагчийн чанар”-ын тухай
Бид энэ зөвлөлд хуралдсан завшаанд Аттила би удирдагчийн чанарын тухай өөрийнхөө дотор бодлыг нээн өгүүлье гэлээ. Та нар болон та нарын захиргаанд байгаа хүмүүс хүннүчүүдийг зөв сайнаар удирдахад сайтар бэлтгэсэн байхын тул би эдгээр бодлоо та нарт нээж байна.
Хүннүчүүд бид үүрэг хариуцлагаа чандлан биелүүлж чадах эрдэм чадал, хүч боломжтой, чин зүтгэлтэй удирдагчдыг удирдлагын төвшин бүрт тохоон томилох нь бидний Хүннү гүрэнд амин чухал болой.
Удирдагчдыг төрүүлэх амар хялбар бөгөөд хурдан зам үгүй. Хүннү нар амьдралынхаа туршид сурах ёстой, сурахыг хойш тавьж хэзээ ч үл болох, сурахыг тасалж хэрхэвч үл болох, ямар ч эх сурвалжаас байлаа гэсэн сурах үйл болоод аргыг ямагт шинээр сэдэн эрж олох эрхэм буй.
Манай удирдагчид удирдах үйлээ эхлэнгүүд сурахыг эрхэм болгож, чухал эрдэм чадлыг олонгуут үр шимийг нь үзэх ёстой.
Бид өөрсдийн сурч мэдсэнээ идэр залуу дайчдад зааж өгч, тэд удирдагч болоход бэлдэх ёстой. Морь унах эрдэм, нум сум, сэлэм жад хэрэглэх эрдэм манай дайчдад хангалттай мэт боловч тэднийг удирдах хүмүүнд энэ бүгд хангалтгүй.
Бид улс үндсээ ур чадвартай удирдахын тулд туршлагаар дамжиж эрдэм болдог дараах амин чухал чанаруудыг төгс эзэмшсэн удирдагчид болох ёстой:
• Эвийг эрхэмлэх: хүннү нар юуны өмнө эвийг эрхэмлэх ёстой. Санал зөрнө гэдэг бол эв эвдэрнэ гэсэн үг биш. Овог аймгийнхаа эрхэм эрх ашгийн төлөө санал зөрж байгаа хүннү бусдыгаа сонсох ёстой. Нөгөө талаар, овог аймгийнхаа сайн сайхны эсрэг үйлдэлд идэвхтэй оролцож байгаа буюу өөгшүүлэн дэмжиж байгаа хүннү бол эвийг эвдэж байна. Тийм хүннүү хүнийг жирийн дайчин байсан ч, удирдагч байсан ч зайлуулах хэрэгтэй. Тийм хүннүү хүн эв эетэй хүннүү нарт нөлөөлөх боломжтой бол халдварт өвчин тараана. Эвийг эвдсэн үйлдэл болон хандлагыг өөрчилж болохгүй байвал хатуу үйлдлээр таслах хэрэгтэй.
• Эр зориг: хүннү нарыг удирдаж байгаа хүн эр зоригтой байх ёстой. Удирдагч хүннү өөрт нь даалгасан үүргэ хариуцлагаа биелүүлэхдээ айхыг үл мэдэх ёстой, удирдагчийн эрх мэдлээ алдахаас ч үл эмээх ёстой. Бэрхшээл тулгарахад шантардаггүй байх ёстой, сонголт хийж, шийдвэр гаргахдаа эргэлздэггүй байх ёстой. Удирдагч хүннү үүргээ биелүүлэхийн тулд өөрөө хохирохоос айдаггүй байх ёстой. Ямагт өөртөө игэлтэй, аюул тулгарсан үед ч, амар тайван цагт ч эр зоригоо алдахгүй байх ёстой.
• Чин хүсэл: зарим хүннү удирдагч хувийн чин хүсэл эрмэлзэлгүй: хүмүүст, үйл явцад, үр дүнд нөлөөлөх чин хүсэлгүй мөртөө өөрийгөө удирдагч гэж боддог. Чин хүсэл тэмүүлэлгүй, сул дорой удирдагч байж болохгүй. Бид авьяас чадалтай мөртөө чин хүсэлгүй дайчинг удирдагч болгохоос сэрэмжлэх хэрэгтэй.
• Сэтгэлийн тогтвор: удирдах төвшинд гарсан хүннү бүр сэтгэлийн бат тогтвортой байх ёстой. Манай бүх төвшний удирдагчид урам хугарах цагт сэтгэл хурдан сэргэдэг, зориг мохох цагт хурдан урам зориг ордог, үүргээ саруул ухаанаар биелүүлдэг байхын зэрэгцээ онцгой хүнд нөхцөл тулгарвал сэтгэл хөдлөлийн хүчээр даван гарах чадвартай байх ёстой.
• Биеийн хат: хүннү нарын удирдагчид удирдах үүргээ биелүүлэх бие бялдрын шаардлагыг хангасан байх ёстой. Удирдагчид бие бялдраа үндсэн, эрүүл аргаар чийрэгжүүлсэн байх ёстой. Хүннү нарыг орон дээрээс удирдахгүй. Хэтэрхий их идэж уун эрч хүчээ алдаж болохгүй. Ромчууд хэтэрхий их иддэг учраас оюун ухаан нь булингартдаг юм. Биеийг зөв хэрэглэхгүй бол хордоно. Эрүүл бие саруул ухааныг тэтгэнэ. Манай удирдагчид үүргээ биелүүлэхэд хүчирхэг бие хэрэгтэй.
• Өрөвч сэтгэл: удирдагч хүн өрөвч зөөлөн сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол бусдыгэнэрч, бусдын үнэ цэнэт зүйлсийг ойлгож, хүндэтгэдэг, өөр соёл, итгэл үнэмшил, уламжлалд мэдрэмтгий бйх ёстой. Гэхдээ өрөвч зөөлөн сэтгэл нь бусдад татагдах буруу сэтгэлд автаж болохгүй: овог аймаг, үндэстнийхээ үнэт зүйлсийн төлөө дипломат уран арга, байлдаан тулааны урлагаар тэмцэх ёстой үед бусдад уруу татагдах сэтгэл хортой.
• Эрс шийдэмгий байх: залуу удирдагчид шийдвэр төгс байж сурах, хэзээ хөдлөх вэ, хэзээ хөдөлж болохгүй вэ гэдгийг мэддэг байх ёстой, тухайн нөхцөлд бүх зүйлийг нягт нарийн тооцоолоод дараа нь шийдвэрээ гаргадаг байх ёстой. Шийдэмгий бус, эргэж буцсан, бусдын амыг харсан байдал захирагдагч хүмүүс, үр хүүхэд, дээд удирдлагын урмыг хугалж дайсан этгээдэд давуу тал олгодог.
• Урьдчилан харах: Ажиглалт болон туршлагаар хурцалсан зөн билгээрээ манай удирдагчид болох гэж буй үйл явдал, санаа бодол, үйлдэл, үр дагаврыг урьдчилан харж чаддаг байх ёстой. Аливааг урьдаас мэдэх чадвар бол өөрийн болоод өөрийнхөө захиргаанд байгаа хүмүүсийн аюулгүй байдлын баталгаа.
• Цаг хугацааг зөв тооцоолох: аливаа үйлдэл хийх, үг хэлэхдээ цагийг нь олж хийх, хэлэх нь удирдагч хүний маш чухал чанар юм. Цагийг зөв тооцоолох талаар шидэт томъёо байхгүй. Удирдагчийн энэ чанарыг заримдаа алдаанаасаа сурч олж авдаг.хэнд юу хэлэх гэж байна вэ, хэнтэй ажиллах гэж байна вэ, тэдний зан чанар, санаа зорилго, амбиц зэргийг мэдэж байх нь цагаа олсон шийдвэрт чухал байдаг.
• Өрсөлдөх чадвар: удирдагчийн амин чухал нэг чанар бол ялахын төлөө чин хүсэл юм. Дандаа ялаад байх нь чухал биш, харин чухал өрсөлдөөнд ялах зайлшгүй шаардлагатай байдаг. Манай үндэстний дотор болон гадна болж болж байгаа өрсөлдөөн маш ширүүн, амархан ялан дийлэх боломжгүй гэдгийг манай удирдагчид сайтар ойлговол зохино. Өрсөлдөх уур хилэнгийн мэдрэмж тулалдааны талбарт ч, яриа хэлэлцээрт ч, дотоодын зөрчилд ч ялагчдыг хөтөлдөг юм. Өрсөлдөөний мэдрэмжгүй удирдагч сул дорой бөгөөд жижигхэн сөргөлдөөнд ч амархан дийлддэг.
• Өөртөө итгэх: зөв дасгал сургууль, туршлага нь удирдагч хүнд өөртөө итгэх баттай итгэлийн мэдрэмжийг төлөвшүүлдэг. Удирдагчийн үүргийг биелүүлэх өөрийн мэдлэг чадвар, хүч бололцоондоо итгэл сул байх нь энэ хүн үүргээ биелүүлэх чадваргүй юм байна гэсэн бодлыг захирагдагч хүмүүс, шавь нар, удирдлагад төрүүлдэг. Тиймээс өөрийнхөө чадалд итгэхгүй бол сул удирдагч, хэрэггүй захирагч болдог.
• Тооцоолох чадвар: Өөрийн болон захирагдагч хүмүүсийнхээ үйл ажиллагааг тооцоолж үнэлдэг байх нь удирдагчийн нэг чухал чанар. Удирдагч хүн захиргаандаа байгаа хүний хийсэн ажил, хүрсэн амжилтыг мэдэхгүй байж хэрхэвч болохгүй, үүнтэй адилаар алдсан алдаа, гаргасан дутагдлыг мэдэхгүй байж хэрхэвч болохгүй. Харин үр дагаврыг нь өөрөө хариуцах ёстой. Өөртөө ч мөн ийм шаардлага тавьж байх ёстой.
• Хариуцлага: удирдагчийн хийсэн ажил, өгсөн үүргийг зөв зүйтэй гэж захиргаанд нь байгаа хүмүүс мэдэхгүй бол удирдагч хэрэггүй. Хаан, жанжин хэн ч байлаа гэсэн доод төвшний удирдагчдын ажлыг өмнөөс нь хийхгүй. Тиймээс аль ч төвшний удирдагч өөрийнхөө ажлыг үндэстний өмнөөс өөрөө хариуцах ёстой.
• Итгэл даах: удирдагч итгэл даах чадвартай байх ёстой. Түүний хийсэн үйл, хэлсэн үг анд нөхөртөө ч, дайсандаа ч итгэл төрүүлж байх ёстой. Удирдагч үнэн мэдээлэл авч, зөв шийдвэр гаргаж байгаад хүн бүр итгэлтэй байх ёстой. Удирдагч итгэл даахгүй бол хүмүүст муугаар нөлөөлж, буруу санаатнуудын идэш болох тул итгэл даахгүй удирдагчийг даруй зайлуул.
• Бусдаас хамааралгүй байх: удирдагч өөрийнхөө үүрэг хариуцлагыг өөрөө мэдэж биелүүлэх чадваргүй бол түүнийг зайлуул. Хаан бүх төвшний удирдагчид юуг яаж хийхийг нь хэлж өгөч чадахгүй. Хэрэв чи удирдагч бол удирд, чадахгүй бол зайл. Хүннү удирдагч өөрийнхөө хийх юмыг өөрөө хийж чадаж байгаагаа дээд удирдагч болон доод хүмүүстээ харуулж чадах ёстой.
Орчуулсан Д.Нямсүрэн
Үргэлжлэл бий.
5 comments:
Эндрю Р. Квебейн гэгчийн хэлсэн үг ойлгомжгүй юм шиг санагдлаа. Балар эртний дайн байлдааны характер сэтгэхүйгээр орчин цагт корпорацийн менежментийг чадварлаг хийж чадна гэж яаж төсөөлж байнаа кк. Зүгээр л сэтгэлийн хөөрлөөр дүгнэсэн болтой.
Ер нь бол Аттилагын тухай мэдэхгүй, тэгээд ч энэ хүнийг өргөмжлөөд одоо бид нарт ямар хэрэгтэй билээ.
Бадка-д
"Зүгээр сэтгэлийн хөөрлөөр дүгнэсэн бололтой" гэсэн үгийг тань харин таньд эргүүлэн хэлмээр...
Энэ ном нь Аттилагийн үр бүтээлтэй амжилттай удирдах удирдлагын арга ухааны тухай ном юм билээ. Тиймдээ ч энэ ном нэг хэсэгтээ баруунд нэрд гарсан болов уу.
Хэзээ ч, хаана ч үнэ цэнэтэй байх хүнийг удирдах арга ухааны хамгийн шилдэг аргачлалыг Аттила боловсруулсан гэжээ. Чухам үүнд л түүний амжилтийн гол үндэс нь байсан гэж дүгнэсэн байна. 1600 орчим жилийн өмнө гэхэд муугүй шүү.
Нөгөө талаар "балар цагийн байлдаан" ч, өнөөгийн корпорацийн менежмент ч нэг л зарчимтай. Гэхдээ тэр "Балар цагийн байлдаан"-ыг балчир банди нарын сэтгэдэгчлэн зөвхөн сэлэм жад бариад алалцдагаас арай өргөн хүрээнд - стратеги бодлого, удирдлагын түвшинд ойлговол шүү дээ.
Аттилагийн улс төрийн бодлого, дипломат арга ухаанаас гадна удирдагч хүн ард түмэнтэйгээ, ялангуяа нэгэнт гаргасан зорилт бодлогыг нь гардан хэрэгжүүлэгч болсон шат шатны үүрэг гүйцэтгэгчидээ ямар шалгуураар сонгох, хэрхэн удирдах, итгүүлэн үнэмшүүлэх үндсэн дээр зорилтоо бүрэн төгс хэрэгжүүлэх арга нь өнөөгийн удирдлагын менежментийн хувьд анхаарууштай, санаа авчихмаар, судлууштай зүйл байсанд хэргийн учир байгаа ба түүнд л тэр Эндрю-гийн сэтгэл хөдөлсөн болов уу. Сайн таниж мэдээгүй зүйлээ шүүмжлэх, үгүйсгэх нь менежментийн чадвар лав биш байх.
Түүхчид бол /Гумилев мэт нь/ мэдэхгүйгээ шууд үгүйсгэдэг, хүлээн зөвшөөрдөггүй араншинг "хятадын харанхуй тариачны зан" гэдэг юм билээ.
Дашрамд, Эртний Хятадын Сүнзийн бичсэн "Дайтах урлаг" гэдэг Аттилагийн үетэй харьцуулбал жинхэнэ балар цагийн үнэн харанхуй номлолыг хичнээн төрөл янзаар тайлбарлан янз бүр хэмжээгээр хэвлэсэн номууд АНУ-ын аль ч номын дэлгүүрт лангуу лангуу дүүрэн буйг үзэж болно. Энэ ном өдгөө дэлхийн 70 гаруй хэлээр орчуулагдаж, олон ажил хэрэгч хүмүүсийн байнга уншдаг ном нь болж байдаг гэдэгт итгэх болов уу даа. Дайтах урлаг гэдгийг өнөө цагийн хүнтэй харьцах урлагийн түвшинд боловсруулж орхижээ, Сүнз...
Аттилагийн тухайд мэдэхгүй байж болно. Сонирхохгүй ч байж болно. Гэхдээ үгүйсгэдэггүй л байх хэрэгтэй юм. Өнөөх "Хятадын харанхуй тариачин" л биш бол шүү дээ.
Ганц Аттилагийн тухайд ч биш юм, ерөөс түүхэн туршлагуудыг таниж мэдэх нь хэрэгтэй юу, хэрэггүй юу гэх мэт дэмий маргаан энд ёстой хэрэггүй биз дээ.
Jooxn delgerengui bicheed bnuudaa, humuus unshihguishdee, esuul tsoon toonii hund zoriulj bgaa bol yu helhev, boduul olon toonii hund tuuhiin medlegiig tsegtstei olgii gej bodoo biz, bas jooxn emh zambaraatai on toolliin daraalaltai bichuul yaadgiin boldoo, nemen helhed comment bichsen hund heterhii ih tsagaa garzdaj hariu bichxiin, jooxn emzeg boltoin bas usa d humuujsen huuhed shigee cholootei setgej chaddaggui hunii ug avah durguig bodhod tegj end tendhiin bagshiig muulaad yavah n zuid niitsehgui met, za jooxn sedveesee hazaichlaa amjilt
gaihaltai. bidend odoo ch heregtei surgaal.uuniig bieluuldeg bol bid arai deer baihsan...
BIll
Энэ ухааныг заавал удирдагч гэлтгүй монгол хүн бүр суралцвал зохино. Би өнөөг хүртэл хамгийн сул дорой хүн явж иржээ. Ингэж амьдарч болохгүй юм байна гэдгээ ухаарлаа. Энэ зөвлөмж дээр гарсан үг бүрийг өөртөө тунгаан тусгаж өөрийгөө засаж залруулж явах болно. Өөрөөр хэлбэл амжилттай сайхан амьдрах стратегийн бодлогодоо эдгээр зөвлөмжүүдийг тусгаж ашиглана гэсэн үг.
Post a Comment