Monday, November 30, 2009

Авилгалгүй орчинд амьдарч нэг үзэхсэн

Б.Номинчимэд
Хэдхэн хоногийн өмнө байгууллагын маань үүдэнд бөөн юм болов. УБЗ дугаартай нэгэн данагар хар жийпний ханагар цагаан залуу зайлуул нэг замын торчигор цагдааг золтой л газар унагаж байгаад машинаараа дайруулчихсангүй. Манай байрны үүдээр гардаг зам өнгөрдөг зунаас нэг урсгалтай болсон юм. Гэтэл уг жийп урсгал сөрөөд орж ирсэн төдийгүй машин зогсох ёсгүй газар хөндөлдөж ирээд зогссон билээ. Бүр цагдаагийн нүдэн дээр шүү. Цагдаа очиж, урсгал сөрсөнийг нь сануулаад, өөр газар машинаа тавихыг шаардав бололтой. Зүй нь дүрэм бол дүрэм, урсгал сөрсөн л бол сануулгагүйгээр торгож байх учиртайсан. Тун удалгүй тэдний дуу чангарч, хэрүүл маргаандаа тулав.
- Чи ер нь хэн юм, Чам шиг муу хувцасны голд шалгуулдаг үнэмлэх надад байхгүй. Новш минь чамайг ажилгүй болгочихож чадна шүү. Чамайг яасан ч яадгийм....


Залуугийн агсран цамнах дуу тодхон сонсогдоно. Бичиг баримтыг нь үзэж чадаагүй цагдаа залуу аргаа барахдаа машиных нь дугаарыг тайлж авах гэв. Гэтэл нөгөө залуу машинаасаа үсрэн бууж ирээд цагдааг заамдаад авах нь тэр. Харин хаа ч гэж нэлээд шазруун цагдаа таарсан бололтой, ер бууж өгсөнгүй, ноцолдсоор байгаад дугаарыг нь тайлж чадав. Залуу араас нь өшиглөж байна. Ална, хядна гэж заналхийлэх, гар далайж, зангах бол энүүхэнд. Хэрвээ ардчиллын үлгэр жишээ болгох дуртай АНУ-д хэн нэгэн цагдаагийн өөдөөс өшиглөх нь бүү хэл гар далайсан л бол нам буудуулна даа. Хэрвээ маргаж мэтгэх зүйл байгаа бол тэгэж цамнаж, үсчээд байх шаардлагагүй, асуудлыг шүүх дээр, өмгөөлөгч болон гэрч нарын мэдүүлэг дор шударгаар шийдүүлнэ.
Цагдаа дугаарыг нь мулталж аваад, арилж өгөв. Харин нөгөөх залуу араас нь ийн хашгична.
- П... минь. Наад номерийг чинь би цагийн дараа Замын цагдаагийн газраас очоод авчихаж чадна, за аа. Харин чамайг ална шүү, ажил амьдралгүй болгоно. Чи муу, хэнтэй таарсанаа тэгэхэд хараарай.
Хажууд хэн нэгэн нь “Энэ үнэхээр чадна шүү. Тэгээд хууль хэрэгжүүлэх гэснийхээ төлөө тэр цагдаа хохироод өнгөрөхөөр хэн хууль, шударга ёсыг сахиулах гэж хичээж, зүтгэх болж байна вэ? Ийм л байгаа юм даа” гэж халаглана.
Ингэхэд бид ер нь хаана, ямар оронд амьдарч байна вэ? Яагаад энэ залуу ийнхүү хуулиас дээгүүр аашилж чадаж байна вэ?


***
Хамаатны маань бүсгүй үстэй толгойгоо үгтээчихсэн, “Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд таньдаг хүн байна уу” гэсээр над дээр давхиж ирэв. Хүнээс нэлээд хэдэн төгрөгний авлагатай ч түүнээ авч чадахгүй байгаа гэнэ. Энэ жилээс өөрөө өрд орж... Гэтэл өнөөх мөнгийг нь авчихаад луу унжан бүтэн хоёр жил гүрийчихдэг этгээд нь Баянзүрх дүүргийн шүүхийн, хэн ч гэнэв нэг шүүгчтэй танил юм гэнэ. Шүүхэд өгнө гэхээр “Өг өг, өгөөд юм олж долоохыг чинь харьяа” хэмээн тавлаж, ихэд инээсэн байгаа юм. Манай хүн аргаа бараад, тэдний тоглодог тоглоомын дүрмээр тоглохоос өөр арга, гарц үгүй юм байна хэмээн өнөөх танил шүүгчээс нь арай дээхнүүр алба, эрх мэдэлтэй хэн нэгнийг гогдож авахаар гүйж яваа нь тэр. Үнэхээр ингэж танил тал, хөрөнгө мөнгөөр асуудлыг шийддэг юм бол шүүх гэж байхын хэрэг байна уу? Шударгаар зодолдох нь зодолдоод, алалцах нь алалцаад, хэн эз түрэмгийлж чадсан нь чадаад явж байх нь илүү шударга биш үү. Тэгээд цусан өш зангидалцаад, дундад зууныхаа балар дэг жаягтаа эргэж орсон нь дээр биш үү?
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Шүүх засаглалд эрс шинэчлэл хийхгүйгээр ардчилалд, хөгжилд амжилт олохгүй тухай их ч ярьсан. Ерөнхийлөгч болчихоод тэрээр нэн даруй Шүүх, прокурорынхонтой уулзаж, бас баахан дүрэмдэж байна билээ. Уг нь анхаарч буй чиглэл нь яах аргагүй мөн.


***
Дээр дурдсан хоёр жишээ бол эгэл жирийн иргэдийн нүдэн дээр бараг өдөр бүр ил тод болж байдаг зүйл. Харахад нэг их сүйд болж, сүржигнээд байхааргүй, гэвч энэ эгэл жирийн бүхний цаана юу байдаг гээч... АВИЛГА-аар хэрэгдсэн төрийн агуу том ЯЛЗРАЛ. Хаана хууль хэрэгжихгүй байна тэнд авилгал, ялзрал үүсдэг, хаана шударга ёс дутагдана, тэнд дээрх шиг бурангуй ёс ноёлдог байна.

Өнөөх данагар жийптэй ганган залуу хэн нэгэн эрх мэдэлтэнтэй найз, эсвэл хөрөнгө санхүүгээр ивээн тэтгэдэг, эсвэл садан төрөл. Тиймдээ ч тэр тийнхүү бардам загнаж чадаж байна. Үнэхээр цагийн дараа биш юм аа гэхэд өдрийн дараа машиныхаа дугаарыг ямар ч торгууль, төлбөргүйгээр эргүүлээд авчихсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгээд зогсохгүй өнөөх үүргээ гүйцэтгэсэн хөөрхий цагдааг яаж л дарамталсан бол доо. Өнөөдөр хэчнээн хүний шударга ёсонд итгэх итгэлийг булшилж, хэрхэн яаж аашилж яваа бол доо.
Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийг таньдаг увиагүй нөхөр бол тэр гувчуулсан мөнгөнөөсөө наад зах нь 30 хувийг нь танил шүүгчдээ хүртээсэн байж таарна. Тэгэхгүйгээр ямар “тэнэг” шүүгч хөдлөх вэ дээ. Энэ хоёр явдал бол ёстой шалбаагны жараахай л гэсэн үг. Жинхэнэ том акул, жинхэнэ том авилга дээш, тэртээ дээр, үүл манан дунд бидэнд тэр бүр анзаарагдахгүй “сүндэрлэн” оршино.

Өчигдөрхөн ТВ25 сувгаар УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу ил тод ярьж байна билээ. “Хэдэн жилийн өмнө нэг хэлтэс газрын дарга ч юм уу, мэргэжилтэнтэй нэг орой баардаад, хоёр цаг бильяард цохичиход л ажил бүтчихдэг байсан, одоо тийм юм яривал бараг доромжилж байгаа хэрэг болж байна” гээд... Одоо мань хүн ардаа нэлээд хэдэн тэгтэй тоо хэлж байж ажлаа бүтээдэг болсон бололтой. Нэг зүйл энэхүү ярианаас ажиглагдсан нь эрхэм гишүүн хууль хэрэгжхгүй, шударгаар явж болохгүй байгаад харамсахаас илүүгээр өгдөг мөнгө нь ихэд өссөнд л харамссан асятай ярьж байна билээ.Бас л нэг юм хэлээд байгаа юм даа.

“Төрөөс төрдөг тэрбумтнууд” гээд сүүлийн жилүүдэд мөн ч их ярилаа даа. Ярих тусам тэрбумтнууд нь улам цулайгаад л, толгой нь хөөгөөд л, улс орны маань хөл тулгуур нь чөрийгөөд л, яаж тэнцэж, тогтож явдаг юм бол гэмээр болох юм. Сүүлийн хэдэн жилд хүн амын ядуурлын түвшин 33-36 хувийн хооронд хэлбэлзэлтэй байх болов. Гурван хүн тутмын нэг нь буюу сая орчим хүн ядуу, нэн ядуу. Энэ тоо хорогдох шинжгүй. Үлдсэн нь буюу гурван хүн тутмын хоёр нь дөнгөн данган өнөө маргаашаа аргалах хэмжээнд. Уг нь улс орон хөгжөөд, байшин барилга баригдаад, улсын төсөв жилээс жилд хэд нугарч нэмэгдээд байхад шүү дээ. Нийт хүн амын дөнгөж долоо хүрэхгүй үгүйтэй хувь нь л жинхэнэ хөрөнгийн эзэд, нийт өмч хөрөнгө, хадгаламжийн 70 орчим хувийг эзэмшдэг гэсэн тооцоог гаргасан байсан.
Бид хаашаа явж байна вэ? Африкийн орнуудыг ядуурал, муу муухай бүхний жишээ болгодог. Тэнд ерөнхий үзүүлэлтүүд ер нь дээрхтэй тун ойролцоо.
УИХ-ын гишүүн З.Алтай “Ингэж болохгүй шүү дээ, найзуудаа. Шударга байцгаая л даа” хэмээн аргаа баран гараа алдалж байна.

***

Сүүлийн хоёр, гурван өдөр бараг ТВ бүхнээр ярьж, сонин бүхнээр л бичих шиг болов. УИХ-ын гишүүд 76 тэрбумыг өөрсдөдөө хувиарласан талаар. Уг нь ч яг өөрийнхөө дансанд хийчихсэн хэрэг биш юм билээ л дээ. Орон нутаг, тухайн тойргуудад оруулж буй хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм гэнэ. Гэхдээ захиран зарцуулах эрх нь УИХ-ын эрхэм гишүүдэд байх аж. Ер тийм юм бол орон нутгийн удирдлага гэж байх хэрэг байна уу? Хамгийн хачирхалтай нь өмнө жил бүр төсвөөс авч байсан 500 саяын тайланд тэр бүр аудитийн шалгалт хийгдээд, үр дүнг нь тайлагнаад байдаггүйд л байгаа юм. Үр дүнгийн тайлан нь огт өөр хэлбэрээр, тухайлбал, эрхэм гишүүд тойрогтоо, сонгогчиддоо ямар их халуун янаг хайртайг харуулсан сурталчилгаа болж илэрдэг байна. Нэртэйгээр нь Дундад азийн орнуудын цагаандаа гарсан ерөнхийлөгчид шиг “Бидний 76 иргэн насан туршдаа УИХ-ын гишүүн байна” гээд хууль гаргачихсан нь арай шударга, хамаагүй дээр.
УИХ-ын гишүүдийн нэг тэрбумтай холбоотой хэрэг бол авилгалын хамгийн сонгомол хэлбэр. Авилгал авсан эзэд нь хэн гээч... Монголын сонгогч олон бид нар. Өгсөн хүмүүс нь УИХ-ын эрхэм 76. Яагаад гэж хэн нэгэн асуух байх. Бид чинь доод тал нь нэг сая, дээд тал нь 1,5 сая төгрөгний хахууль авчихсан улс шүү дээ. Яг одоогоор тэр мөнгөө гар дээрээ авчихаад байгаа юм биш л дээ, зүгээр нөгөөдүүл нь өгнө гэж хулхин дээр цэцэг ургуулаад хэргээ бүтээчихсэнд байгаа юм. Авилгалын нэг хэлбэр. Биш гэх гээд үз л дээ.

Жолооч 10 мянган төгрөгний торгуулийг аргалуулахын тулд Замын цагдаад 5000 төгрөгний хахууль өгөх хэрэгтэй. Жижиг, дунд бизнес эрхлэгч татвараасаа 10 саяыг авч үлдэхийн тулд татварын байцаагчид нэг саяыг өгнө. Барилгын бизнес эрхлэгч 500 саяын ашигтай барилга барихын тулд газрын албаныханд, эсвэл хотын хэн нэгэн даргад 50 саяыг чулуудна, үгүй ядахдаа нэг жийп. Уул уурхайн эзэд 100 тэрбумын шороон ордыг өөртөө авахын тулд 100 сая төгрөгийг газрын дарга, түүнээс дээш сайд хүртэлх хүмүүсийн хэн нэгэнд өгөх болно.
Эндээс маш тодорхой нэг зарчим харагдаж байгаа нь хахууль өгч буй хүн өгсөн хахуулаасаа доор хаяад 10 дахин их ашиг унагадагт байгаа юм. Түгээмэл, нийтийг хамарч, хавтгайрсан эсэхээрээ ялгаатай болохоос биш өглөг болоод авлагын харьцаа дэлхийн хаана ч адилхан.

Яг түүнтэй адил сонгогчдод 1-1,5 саяыг өгнө гэж амлаж байгаад саналыг нь худалдаж авч байгаа хүн 100 саяыг унагахгүй юм бол, ёстой хэний хүү болох бол. Яагаад хөрөнгө мөнгөнд сонирхолтой, ашиг сонирхолын зөрчилтэй голдуу хүмүүс маш их мөнгө, зарим нь бүр хэдэн тэрбум хөрөнгийг сонгуульд зарлагдан байж УИХ-д өрсөлдөнө вэ? Яагаад тэд сонгогчдод маш гоё гоё юм амлаж, саналыг авилгалдаж авч байна вэ? Түүний нэг хариулт нь бол энэхүү НЭГ ТЭРБУМ.
76 тэрбум бага мөнгө биш ээ. Энэ сард Хөвсгөлийн Мөрөнд 1,7 тэрбумын өртгөөр 1000 хүний суудалтай спортын иж бүрэн цогцолбор ашиглалтанд оржээ.. /Мэдээж гишүүдийн тэр мөнгөөр биш / 76 тэрбумаар 44 ийм спорт цогцолбор барьж болох нь байна. 12 дунд сургууль, 16 эмнэлгийн цогцолбор, 7 метрийн өргөнтэй хар зам 253 км-ыг барьж, босгож болох нь байна. Гэхдээ жил тутам шүү дээ.

Үгүй ядахдаа юм хийж, бүтээчих юмсан гэсэн санаа, зоригоор дүүрэн байгаа 76 шижигнэсэн залууд өгөөд жижиг үйлдвэр хөөцөлдүүлбэл 76 жижиг үйлдвэр босоод л ирнэ. Түүнийг дагаад багаад тооцоход 760 айл өрхийн амьдрал босоод ирнэ. Хайлаастад оймсны үйлдвэр оруулаад ирчихсэн бужигнуулж буй монгол залуу байж л байна. Торомны ноосоор олон улсын стандартад нийцсэн нэхмэл эдлэлийн үйлдвэрлэл нээгээд гүйж яваа монгол залуу байж л байна. Төмрийн хүдэр боловсруулаад дотооддоо төмөр гаргаж авч байгаа нь ч байна. Тэднийг дэмжвэл жил бүр хичнээн тэрбум төгрөг Эрээн рүү оймс болон урсч, төмөр болон шатаж байгааг зогсоож чадна шүү дээ.

Эмч ярьж байна. Тэр 76 тэрбум төгрөгөөр оношлогооны гурван иж бүрэн төв нээчихвэл хэдэн мянган монгол хүн Хөххот, Сөүл рүү нисэж, эмчилгээ, оношлогоо хийлгэхээ больж, эргээд хэдэн арван 76 тэрбум төгрөг монголдоо буян болон шингэж, хэдэн мянган хүний явдал чирэгдэл үгүй болох бол хэмээж байна. Анхнаасаа сонгогчидоо сонгуулийн сурталчилгаа нэрийн дор ихээхэн хөрөнгөөр /4,5 их наяд төгрөгөөр/ авилгалдаж, амлаж байж санал авсан юм чинь авилгалын мөнөөх алтан дүрмийн дагуу тарааснаасаа дор хаяж 10 дахин ихийг унагах хэрэгтэй болно.
Авилга гэдэг ийм л хортой байх нь... Нэг болон 1,5 саяыг хахуульд авсан сонгогчид та бидэнд өгч буй хариу төлбөр нэг иймэрхүү, эхэнд өгүүлсэн шиг хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд хууль үйлчилдэггүй, харин эгэл иргэндээ бол зарим тохиолдолд хилсдүүлж ч чаддаг тийм бурангуй ёсыг...


***

Хоёр жилийн өмнө Парис Хилтон шоронд баахан даарсан даа. Түүнд ямар ч тусгай хангамж, тусгай өрөө гаргасангүй, зүгээр байдаг л нэг согтуучуудыг хорьдог өрөөнд оруулчихсан юм хойно арга ч үгүй байх. Удаа дараа согтуугаар жолоо барьсан хэргээр энэхүү цуутай баян, алдартай од бүсгүй тодорхой хугацаагаар шоронд суух болсон билээ. Америкийн нийгэм ч үүнийг тэгтлээ их цочирдож хүлээж авсангүй. Зарим хэвлэлд бичсэнээс үзвэл харин ч залууст сургамжтай байсан бололтой,
Дөрвөн жилийн өмнө Калифорниа мужийн амбан захирагч, Холливүүдийн супер од Арнольд Шварцнеггер гэрийнхээ бараг үүдэн дээр мотоцикльтой явж байгаад цагдаад торгуулсан. Тэрээр мотоцикль барих эрхийн үнэмлэхгүй байсан юм байх. Арнольд ч асуудлыг зүй ёсоор хүлээн авч, торгуулиа төлсөн, цагдаагийн хувьд ч энэ нь жирийн л нэг ажлын өдрийн хэсэг нь байсан байх юм.

Мөн арваадхан хоногийн өмнө Виржини муж улсын шүүх АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Уильям Жефферсонд авилга авсан хэргээр 13 жил хорих ял оноов. Тэрбээр манайхны авдаг шиг улсыг хохироож, төрийн санг шулж биш, бизнесийн зуучийн үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авдаг шан харамжаа л хэтрүүлчихсэн хэрэг.


***

Харин яг энэ асуудлыг Монголынхоо нийгэмд тавиад үзвэл огт эсрэг, бүүр шал эсрэг байх юм. Монголд маань согтуугаар машин барьж яваад саатуулагдсан, торгуулсан хэн нэгэн алдартны тухай би л сонсонгүй. Манай одууд, алдартнууд ер нь хуулиа, нийгмийнхээ хэв журмыг тийм айхтар чанд мөрдөцгөөдөг юм болов уу гэвэл үгүй, харин ч бүүр эсрэгээр шүү.... Бүр хүн амины хэрэгт тулж байж нэг шорон, шүүх болно. Эсвэл тэдний давруу үйлдлийг зогсоож, шалгаж, хариуцлага хүлээлгэх гэсэн бүхэн эхэнд өгүүлсэн замын цагдаа шиг дарамтанд орно.
Францын нэгэн сайд өөртэй нь ямар ч холбоогүй, гэрийнх нь нэг үйлчлэгчтэй холбоотой асуудал хэвлэлд гарах төдийд огцорсон. Ардчилал, ил тодын механизм ажиллаж байна. Өндөр хөгжлийнх нь нэг түлхүүр, хөшүүрэг нь энэхүү хууль ёс хэрэгждэгт байна.
Харин манайд бол эсрэгээр, Хэдэн арван тэрбумын тендер будлиулсан, төсөв буруу хувиарласан, хуучин машинаа шахсан, банк, ХЗХ дампууруулсан, зээл авсан, татвараас зугтсан, хоройтой наймаанд оролцсон, хүн зодсон гэх мэтээр хэвлэл сонингоор нэг шуугиан, зарим чөлөөт хэвлэлүүд сайн дураараа тэрхүү луйвар булхайнуудыг нь нотолж илрүүлээд байхад манай сайд, дарга нар ер хөдлөхгүй, суугаад л, зүгээр ч үгүй хэрэлдээд, нөгөө сонингуудтай шүүхдэлцээд суугаад байна гээч, харин нийгэм нь түүнээ уншиж, түүгээр цаг нөхцөөн, зугаагаа гаргаж, түүнээс суралцаж байна, жинхэнэ хаос гэгч энэ л байх даа. Энэ мэт жишээ бүхний цаана мэдээж авилгал бий.

Хуульчлагдсан авилгал гэсэн нэр томьёог улс төрийн сурах бичиг оруулмаарч юм шиг. Учир нь УИХ-ынхан авилгалыг хуульчилдаг болчихсон. Тухайлбал, ямааны мөнгө байна. УИХ-ын чуулганаар нэлээд өндөр хувиар батлагдсан энэхүү ямаанд олгож буй мөнгөний цаана мөнгө угаалт байсан талаар учир мэдэх хүмүүс хэлж байсан. Юутай ч тэрхүү ямаанд зориулсан хэдэн тэрбум төгрөг малчдад бол наалдаж, гийгүүлсэнгүй, харин хэдэн хувь нь Эрээн рүү урссан бол.
Мөн Малын индексжүүлэх асуудал байна. Бас л УИХ-ын эрхэм гишүүдийн бизнес. Гурван сая хүнээ бүрэн тоолж, бүртгэлд оруулчихаж чаддаггүй улс 50 сая малаа индексжүүлнэ гэдэг эрүүл ухаантай хүний санаад оромгүй зүйл. 50 сая малыг ганцхан удаа индексжүүлээд зогсохгүй, хэдэн сая төл шинээр төрөх бүрд энэ ажлыг хийнэ. Мөн ч их хөрөнгө Зүгээр л хуулиар халхавчилсан луйвар. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн хууль ашиглаж хумсалдгийн жишээ. Хэлдэг нэг сайхан үг нь малын хулгайгаас сэргийлэх, эрүүлжүүлэх гэнэ. Онигоо, онигоо.

Өмнө манай эрхэм гишүүдийн санаачилгаар ноолуурын экспортыг тэглэж, малчиддаа баахан буян хийж буй тухай ярьсан даа. Үр дүн нь өнөөдөр монголд ноолуурын үйлдвэрлэл бүрэн дампуурч, үнэ салам унав. Ноолуур өндөр үнээр урагш нь гаргаснаас малчид хэдхэн жил л хожсон байх. Одоо хожсоноосоо хэд дахин нугалж хохирч байна. Ганц малчид биш, улс орны эдийн засаг хохирч байна. Уг нь манай улс дэлхийн ноолуурын 30 хувийг гаргах чадвартай орон шүү дээ. Тухайн үед 80 тэрбум төгрөг урагшаа урссан гэдэг. Үүний цаана мөнөөх л өндөр дээд албан тушаалтнуудын авилга байдаг.

Тендер, тусгай зөвшөөрлийн асуудлыг хөндвөл маш их юм гарна.

Сая аргагүйн эрхэнд, 100 нэлээд хол гарсан тэрбумын хэрэгт, цаана нь монголын банкны системийг бүхэлд нь нураачих шахсан тулд л “Монгол газар”-ын Ц.Мянганбаярыг анхаарч эхлээд байх шиг байна. Одоо Энержи Ресурсийнхэнтэй холбоотой гэх 300 сая долларын авилгалын тухай хэвлэл, мэдээллүүдээр ид шуугиж байна.

Энэ нь хэн нэгэн алдартны мууд нь дурлаад байгаадаа ч биш, хэн нэгэн одыг Хилтоны араас шоронд орчихоод, гунигтай харцтай зураг нь хэвлэлийн нүүрээр дүүрэн мэлтийж байхыг харж кайф авах гэсэндээ ч биш юм. Хуулиас дээгүүр гарч ирсэн бурангуй ёсноос залхсандаа л юм.

Нийгмийн тодорхой хэсэгт үйлчилдэг хууль байснаас бараг байхгүй байсан нь илүү дээр, яагаад гэвэл хэрвээ тийм оронцог хуульгүйсэн бол амьдрал өөрөө хуулиа зохиогоод, шударга ёсыг хүчээр тогтоох болно. Огт хууль дүрэм гэж байгаагүй асан хүй нэгдлийн үед ч нийтээр зайлшгүй дагадаг, хэн ч тэр, овгын ганц овгор атамаан нь ч гэсэн ялгалгүй ягштал мөрддөг ямар нэгэн ойлголт байсан байгаам. Тэгэж байж тэр овог аймаг оршин тогтдог, хоол ундаа олдог, араатан, дайсагнагч овгууд, байгалын гамшгийг сөрөн зогсож чаддаг, харин хэрвээ түүнийг нь хэн нэгэн нь зөрчөөд байсан овог аймаг бусдын хоол болдог байсан байгаа юм. Ядахдаа хүй нэгдлийнхний энэ мэт явдлуудаас санаа авчихаж болдоггүй юм байх даа.

Тэнгэрийн дор төрсөн минь үнэн юмсан, тэгш үйлчилдэг хуулийн дор аж төрж үзэхсэн, авилгал хуулийг орлодоггүй нийгэмд амьдрахсан гэсэн хүсэл өнөөдөр Монголын маань мөн ч олон хүний орь хүсэл болоод байгаа гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.
Их салхи нижигнэн хөдөлбөл ч хөдөлтүгэй гэдэг шиг, нээрээ шударга ёсны их салхин хэзээ нэг нижигнэн хөдлөх юм бол гээд хүлээгээд суух уу, хөдлөх үү? За, энэ ч бараг нөгөөх Гамлетийн орших уу, эс орших уу гэдэг шиг юм болох нь. Эмгэнэл л юм даа.
2009 оны 11 дүгээр сарын 29

Sunday, November 15, 2009

Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Ю.Цэдэнбалын оруулсан хувь нэмэр, үр дүн

Лханям докторын нэг ийм нийтлэл "Дал" сонинд гарсныг үзээд блогтоо оруулчихлаа.



Энэ асуудлыг авч үзэхийн тулд дараахь нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй болов уу. Үүнд:
1. 40-өөд оны Монголын хүний хөгжлийн чадамж ямар түвшинд байв
2. Мөн үеийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гадаад орчин
3. Хүний хөдөлмөрөөр бүтсэн Монголын үндэсний аж ахуйн чадамж
4. Нөхцөл байдлыг ямар аргаар, хэрхэн өөрчлөв, ямар үр дүн өгөв.
5. Өнөөгийн шинэ нөхцөлд харгалзвал зохих зарим сургамж зэрэг асуудлыг тэдгээрийн харилцан уяалдаанд нь авч үзэхийг хичээе.

Нэг. Манай улсын нийт хүн ам 1935 оны 6 дугаар сарын 01-ний тооллогоор 738.1 мянга байж. 1944 оны 6 дугаар сарын 05-ны тооллогоор 738.6 мянга болж 9 жилд 500 хүнээр өссөн байна. 1950 онд 758.7 мянга1 болж 15 жилийн хугацаанд 20.6 мянган хүнээр нэмэгдсэн байгаа юм. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн нь гарцаагүй, гэвч бодит байдал ийм л байсан, тийнхүү хүн амын өсөлт нь бараг зогссон орныг Ю.Цэдэнбал удирдах болсон юм билээ.
Хүний чадамжийн хөгжлийн индексийн хувьд өнөөгийн хүмүүс итгэхээргүй түвшинд байсан. Гашуун ч гэсэн үнэнийг нуух хэрэггүй. Харин ч сургамжтай байх. 1920, 30, 40-өөд онд хүн амын дунд бичиг үсэг мэддэг нь цөөн бараг нийтэзрээ харанхуй бүдүүлэг байжээ. Боловсролтой хүмүүсийн зарим хэсэг нь 37 онд хэлмэгдсэн, тэгээд ч хэтээсээ бичиг үсгийн бүх нийтийн боловсролтой ард түмэн биш байсан.
Финляндын монголч эрдэмтэн Г.Н.Рамстетд “Шарын шашин монгол газар дангаар ноёрхож, монголчуудын аж амьдралын салаа бүхэнд нэвтрэн шингээд, монгол ардын бичиг үсгийн боловсрол хөгжл ийн хэрэгслүүрийн хувьд огтхон ч хэрэгцээгүй болоод оронд нь төвд ном зохиолыг эрдэм сурах, дэвжин дээшлзхийн ганц зам болгожээ. Ийм байдлаас болж өдгөө монгол бичгээ сайн мэддэг гэхээ байя, ядаж монгол цагаан толгойгоо мэддэг хүн тун ч ховор тохиолдох болжээ. Гэтэл бүх эрэгтэйчүүдийн наймны таван хувийг эзлэх лам нар цөмөөрөө төвд ном зохиол буюу наад зах нь төвд цагаан толгой. маань мэгзэм мэддэг байна. Монгол бичигтэй гэдэг тийм хүн нь ч ганц үг зөв бичээд, арван үгийг нь алдаатай бичдэг”2 гэсэн бол Оросын эрдэмтэн И.Майский монголчуудыг”…
Бичиг мэдэхгүй байна. Хүн амын дөнгөж 1.0 хувь нь монголоор уншиж бичиж байна”3 гэжээ. 1940 онд ч эрс дээрдээгүй байдал ийм л байжээ.

Боловсрол – хөгжил дэвшлийн эх сурвалж гэж үздэг Ю.Цэдэнбал төрийн тэргүүний хувьд юуны өмнө бүх нийтээр нь бичиг үсэгтэн болгох зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн байна.
Ард түмнийг бичиг үсэгт сургах ажил саад багатай шулуухан байсангүй, тэр үеийн монгол бол эдийн засаг нэн буурай, уудам нутаг дэвсгэртэй ч зам тээвэр, харилцаа холбоо хөгжөөгүй, хүн ам суурьшилгүй, цаг агаар бэлчээрийн аясаар нүүдэллэдэг, шашны бурангүй үзэлд автсан өвөрмөц нөхцөлтэй орон байжээ. Соёл боловсролыг хөгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгө хүчний нөөц хомс, сурах бичиг, гарын авлага гараагүй, бэлтгэгдсэн багш ч байхгүй зэрэг олон бэрхшээл байлаа. Нийгмийн хөгжлийн бодит байдлаас шалтгаалан бичиг үсэгт суралцахын ач холбогдлыг олон нийт ухамсарлаагүй байжээ.

1941 оноос хойшхи эхний 10 гаруй жилд кирилл үсэг дээр үндэслэгдсэн монгол үсэгт сургах ажлыг орон даяар эрчимтэй зохион, аймаг, хотын төвд кирилл монгол үсгийн багш нарыг бэлтгэх тусгай курс байгуулж анхны 268 багш бэлтгэн гаргажээ.

Төв хөдөөгийн бичиг үсгийн бүлгэм дугуйлангаар хөдөлмөрчдийг кирилл монголд сургах ажлыг зохион байгуулж, бас малчдын нүүдлийн амьдрал ахуйд нийцүүлэн бичиг үсгийг хэсэг, бүлэг, нэг бүрчлэн сургах аргыг хэрэглэжээ. Төр захиргаа, олон нийтийн байгууллагууд ажилтан ажилчдаа ажлын бус цагаар бичиг үсэгт сургаж, бичиг үсгийн багш нарт бичиг үсэг тайлагчдын тоогоор урамшил шагнал олгож байжээ.

1943 оноос сум бүрийг бичиг үсгийн орон тооны багштай болгож жил бүр тавин мянгаас доошгүй хүмүүсийг сургах хяналтын тоо тогтоожээ. Тухайн үедээ орон тооны 339, орон тооны бус 3000 гаруй багш нарыг ажиллуулж, 16-40 хүртлэх насны нийт хүмүүсийг кирилл монгол үсэгт заавал сургах журмыг буй болгожээ. 1947 оны хүн амын тооллогын мэдээгээр 7-гоос дээш насны бүх хүн амын 42.2 хувь нь бичиг мэддэг болсон байна. Ийм учраас 1947-1953 онд буюу анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд 8-12 насны бүх хүүхдийг сургуульд хамран сургах, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах зорилтыг дэвшүүлэн тавьжээ.

Ийнхүү бүх нийтийг хамарсан олон талын цогц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд 1956 онд 9 ба түүнээс дээш насны хүмүүсийн бичиг үсэг мэдэгчид 72.8 хувь болсны дотор 13-45 насны хүмүүсийн 90.5 хувь нь бичиг үсгийн анхан шатны мэдлэгтэй болж чадсан байна4.

Орон даяар бичигт сургах зохистой ажил, болзолт уралдаан өрнүүлэх, соёлын довтолгоон зохиох, бичигт сурах шаардах хуудас хүргүүлэх, нийт хөдөлмөрчдөд зориулж уриалга гаргах, уг ажлыг удирдан зохион байгуулах комисс байгуулах, бичигт сургахад үлэмж амжилт гаргагсдыг урамшуулах, бичиг үсэгт сургах ба боловсролоо ахиулахад зориулан хэл бичиг, тоо бодлогын хялбарчилсан программ, сурах бичгийг нийтэлж олны хүртээл болгох зэрэг ажлыг зохион байгуулжээ.

1969 оны хүн амын тоо бүртгэлийн мэдээгээр нийт хүн амын 82.4 хувь нь бичгийн боловсролтой болсны дотор эрэгтэйчүүдийн 88.7 хувь, эмэгтэйчүүдийн 76.6 хувь нь бичигтэн болсон байлаа. Манай хүн амын гэгээрлийн энэ амжилтыг ЮНЕСКО өндөр үнэлж 1970 онд Н.К.Крупскаягийн нэрэмжит олон улсын шагналыг олгосон байна.

1940 онд 10000 хүн тутмаас 350 нь суралцаж, тэдгээрийн 2 нь их дээд сургуульд суралцаж байсан байна. 1980 он гэхэд 10000 хүн тутмаас 2758 хүн суралцаж, тэдгээрийн 140 нь их дээд сургуульд суралцдаг болжээ. 1940 онд 10000 хүнд 1.5 их эмч, 14 эмнэлгийн ор ногдож байсан бол 1980 онд 22 их Эмч, 107 ор ногддог болжээ5.
Монголд хэдэн зуун жилээр тархсан нийгмийн болон бусад халдварт өвчнийг устгаж хүн амыг эрүүлжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн нь нийгмийн дэвшлийн тодийгүй үндэсний сэргэн мандалтын эх сурвалж боллоо.

Гашуун ч гэсэн ямархуу нөхцөл байдлаас салснаа эргэн санацгаая. Академич И.Майский 1921 онд “Соверменная Монголия” номондоо …Яр тэмбүү өвчин эхлээд монголд, дараа нь хятадаас орост орж ирсэн ба яваандаа янз бүрийн ангийн болон нийгмийн байдалтай хүмүүсийг хамрах болжээ. Өвчний тархалт хир зэрэг хоргоогдошгүй байсныг халхын газар дээрх амьд бурхан гэгдэж байсан Өргөөгийн (Одоогийнхоор Улаанбаатрын Л.Л) хутагт өөрөа 1842 онд яр тэмбүүгээр өвчилж нас барсан (Позднеев. Монголия и Монголы т.1 стр 540) явдал гэрчлэх ажээ. Халхын уугуул хүн ам бараг толгой дараалан яр тэмбүүтэй гэсэн үзэл монголд суудаг оросуудын дунд дэлгэрсэн байна… Богд гэгээний орноор жуулчилж явахад хамар нь унасан, яр идээ татсан, яр тэмбүүгээр нүүр нь цоохордсон хүмүүстэй олонтаа тааралдаж байлаа. Бүр айдас хүрмээр зүйл ч байх юм. Бидний экспедиц Сэлэнгээс 15 бээрийн зайтай Баянголын хийдийн орчим хоноглосон юм. Бидний галыг хараад хавийн амьтад тал талаас цугларав. Тэдгээр зочид гал тойроод сууцгаахад би тэднийг тойруулж хараад өөрийн эрхгүй мэгдэв. Учир нь хэмээвээс тэд бараг бүгдээрээ хамаргүй, шал гуншаа ярьдаг, зарим нь сэжиглэмээр ил яртай байвб хэмээн тэмдэглэсэн байна. Тэр цагаас 20 жил өнгөрч Ю.Цэдэнбал төрийн тэргүүнд гарч ирэх үед ч нөгөөх И.Майскийн тэмдэглэсэн байдал Монголд хэвээрээ байжээ. Ганц яр тэмбүү ч биш сүрьеэ, цэцэг, гэдэсний хижиг, тарваган тахал, хамуу гээд хүн ам нь цөөн ч олон халдварт өвчин бараг нийтлэг тархалттай, тиймээс ч хүн амын цэвэр өсөлт зогсож, төрөлтөөс нас баралт нь хэтэрсэн, төрсөн ч гарсан хүүхэд нь хүн болдоггүй айл олон, ер нь олонхи судлаачдынхаар мөхөж буй үндэстэн байлаа. Халдварт өвчин тархааж үндсээр нь мөхөөх аюулыг Ю.Цэдэнбал, түүний тэргүүлсэн МАХН, төр таслан зогсоож хүн амаа эрүүлжүүлэх бодлогыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн юм. Үүнийг цөөн үгээр хэлэхэд амархан ч хэрэгжүүлэхийн тулд манай улсын бүх айл өрх бараг хүн бүрийг шинжилгээнд хамруулан оношилж өвчтэйг нь эмчлэн эдгэрүүлэхэд ямар их чармайлт, хичнээн их зүтгэл гаргаж байсныг төсөөлөхөд сэтгэлд багтахгүй юм. Зохион байгуулалтын, оношлогоо, эмчилгээ, зүү тариур, эм тарилга, урвалж, шинжилгээний бодисын, тээврийн, аж ахуй санхүүгийн, хамруулалт, эмчилгээ, бүртгэл хяналтын, ёс зүй, хүмүүжлийн зэрэг олон төвөгтэй ажлыг маш эрч хүчтэй зохион байгуулж байж улс үндэстнээ мөхлөөс аварсныг мартах эрх бидэнд байхгүй. Монголын бүх нутгийн айл өрх бүрийн 16-гаас дээш насны бүх хүнийг үзлэгт хамруулан, цусны шинжилгээ хийж, өвчтэйг нь эмчлэн эдгэрүүлэх экспидиц ажиллуулсан байна.

Авто хөсөг үл хүрэх Алтайн өндөр уулын айлуудыг нь орхилгүй эм, урвалжаа төмөр хайрцагт хийж тэмээнд ачаалсан арьс өнгөний шинжилгээний орос, монгол эмч нар зорин ирээд хүн бүртэй нь “тамхилж” байжээ.
1960 онд эрүүлийг хамгаалах яамны сайд Туваан Монгол-зөвлөлтийн мэргэжилтэн, техник, санхүүгийн хүч хамтарсан отрядын 2 жилийн ажлын талаар Намын Төв Хороонд бичсэн нэгэн тайланд “… 849.142 хүнийг толгой дараалан үзэж тус бүр нь яр өвчний илрүүлэх илдэсний сорилт тавьж илэрсэн нийт өвчтнийг 1960 оныг дуустал хугацаанд бүрэн эмчлэх их ажлыг хийлээ… яр тэмбүү өвчтний 90 хувийг 1960 оны эцсээр эдгэрүүлж эмнэлгийн хяналтаас хассан байна7″ хэмээн илтгээд, цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээг чандлахгүй бол хүрсэн үр дүн алдагдаж болзошгүйг тэмдэглэсэн байна. Ийнхүү гэр бүлтэй айл өрх бүр голомт залгах үр хүүхэдтэй болж, цус нь эрүүл, нүүр нь бүтэн монгол хүн хорвоод аж төрөх болсон юм.

Хоёр. Түүхийн нугачаанд БНМАУ-ын тусгаар тогтнолд бодитой аюул, занал учирч л байсан. Гэтэл 40-аад онд манай дорнод, өмнөд, баруун хил нэн тайван биш байсныг та нөхөд сайн мэднэ. Хойд хөрштэйгээ нягт хамтын ажиллагаа өрнүүлсний үр дүнд манай улсын тусгаар тогтнол найдвартай хамгаалалтанд байж 1939 оны Халх голын чиглэлээрх Японы түрэмгийллийг зогсоож, Хятадын удирдагчдын Монгол улсыг өөртөө нэгтгэх гэсэн хэдэн удаагийн санааг няцааж байжээ. Ю.Цэдэнбал: “1949 оны хавар Микояныг Бээжингээс хойно ууланд байралдаг Мао Цзэ Дуны штабт очиход Мао БНМАУ-ыг Хятадад нэгтгэх асуудлыг тавиад Сталин юу гэж үзэж байгааг асуулгасан юмаа. Сталин хятадын нөхдийн хүсэлтэнд сөргөөр хандсан юм. Үүний дараа ч хятадын удирдагчид зөвлөлтийн удирдагчдад энэ асуудлыг удаа дараа тавихад (1954 онд Хрущев, Булганин, Микояныг очиход Л.Л) тэд уг санаархалтад бас сөрөг хандаж байгаагаа илэрхийлсэн байсан юм. Эцсийн эцэст Мао Цзэ Дунг БНМАУ-Хятадын бүрэлдэхүүнд байх ёстой гэж зарлав. Энэ бүхэн империалист санаархал юм8″ хэмээн тэмдэглэсэн байна.

Ю.Цэдэнбал БНХАУ-ын төрийн тэргүүн Жоу Эн Лай-тай монгол хятадын хилийн хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурсан юм. Манай хоёр орны Төрийн тэргүүний хэмжээнд ийм тохиролцоонд хүрч хилийн хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал манай улсын тусгаар тогтнолын бүрэн эрхт байдлыг олон улсын хэмжээнд харилцан хүндэтгэх баталгаа боллоо. Ийм тохиролцоонд хүрэхэд Ю.Цэдэнбалын улс төрийн мэдрэмж, овсгоо, тууштай, тэсвэртэй, харилцааны өндөр соёл, хүлээцтэй чанар гол хүчин зүйл болсныг академич Ч.Далай тэмдэглэсэн байна. Ю.Цэдэнбал өөрөө “Хятадын тал үнэн санааг удирдлага болгоогүй, харин үйл хэргийн явцаар өөрийн эрхгүй манай оронтой улсын хилийг зүрх шимшрзн тогтоосон юм9″ гэжээ.

Энэ хэлэлцээр манай хоёр орны өнөөгийн энх тайванч итгэлтэй, хамтын ажиллагааны үндэс болж байна. Дэлхийн II дайны явцад Зөвлөлтийн улаан армийг тууштай дэмжиж олон талын туслалцаа үзүүлэх зэргээр ЗХУ-тай ойр дотно хамтран ажилласны үр дүнд Зөвлөлтийн удирдагчдын дэмжлэгийг хүлээж Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд (Ялтын хэлэлцээрээр) дэмжүүлж чадсан юм.

Эх орны дайны жилүүдэд манай улсын Дорнод хил дээр байнгын өдөөн хатгалгад өртөж эдийн засгийг хөгжүүлэхэд нэн таагүй нөхцөл бүрэлдсэн ч гэсэн аж ахуйгаа хөгжүүлэх, улсыг батлан хамгаалах, зөвлөлтийн улаан армид туслах, ард түмнээ өргөн хэрэгцээний бараа таваараар хангах зорилтыг Ю.Цэдэнбал амжилттай хэрэгжүүлсэн байна.

“Ерөнхий сайд Ю.Цэдэнбалын таван удаа тавьж хөөцөлдсөний дүнд БНМАУ 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж өөрийн байр сууриа эзэлжээ”10 гэж доктор А.Нямаа бичсэн байна.

Ю.Цэдэнбалын үед Монгол улс дэлхийн соёл иргэншлийн манлай болсон европын орнуудтай түүний дунд их оростой ойртон нягтарсан нь манай нийгмийн дэвшил, монгол хүний хөгжилд үнэлж баршгүй дөхөм үзүүлж, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж үлдлээ. Ю.Цэдэнбалын гадаад бодлого зөвхөн ганц зүг рүү хандаагүй, зах зээлийн олон оронтой тухайлбал, Их Британи (1963), Швед (1964), Франц (1965), Норвеги, Дани (1969), Япон (1971)Австрали (1972)-той дипломат харилцаа тогтоон Швейцар, Франц, Их Британи, Япон, Австри, Голланд, Италийн пүүсүүдтэй худалдаа хийж байжээ. Манай улсын 1940-өөд оны үеийн таагүй гадаад орчныг ийнхүү монголын үндэсний аюулгүй байдлын зохистой гадаад орчин болгон хувиргасан байна.

Гурав. Ю.Цэдэнбал дарга төр, засгийн удирдах бүрэлдэхүүнд орж ирсэн цаг үе бол манай үндэсний аж ахуй угаасаа ядмаг, түүний зэрэгцээ хамтрал, комун, хил давсан нүүдэл, мичин жилийн зуд зэрэг олон талын хүнд сорилтуудтай тулгарч аж ахуйн чадвар доройтож хүмүүсийн сэтгэл санаа уймарсан он жилүүд байлаа. Хэдэн зуун жилийн туршид гадаадын колони байх хугацаанд бие даасан байдлаа ул мөргүй алдсан үндэсний банк, санхүү, зээл, худалдаа аж үйлдвэрийн тогтолцоог сэргээн төвхнүүлэх, үндэсний эдийн засгийг шинээр буй болгох нэн төвөгтэй зорилт тулгараад байсан он жилүүд юм.

Өөрөөр хэлбэл, эдийн засаг хэмээх үндэсний эрх ашгийн суурь бодлогыг боловсруулах, үзэл баримтлалыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах нэн хариуцлагатай, маш хүнд үүрэг түүнд ногдсон байна. МАХН, Төр түүнд хүлээлгэсэн их найдварыг ханган биелүүлэхийн төлөө мэдлэг чадвар, эрч хүчээ дайчлан ажилласны үр дүнд дан нүүдлийн, байгалиас нэн хараат, маш эрсдзлтэй, худаг ус, хашаа хороо, тэжээл бэлтгэн нөөцөлж заншаагүй, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үйлдвэр угсааг сайжруулах үржил, селекцийн арга ухаанд нэвтрээгүй, нэвтрэх нөхцөл ч хараахан бүрдээгүй, тархай бутархай байсан хувийн аж ахуйтныг 40 жилийн дотор аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болгон хувиргасан юм. 1940 онд үйлдвэрлэж байсан аж үйлдвэрийн жилийн бүтээгдэхүүнийг 1980 онд есөн өдрийн дотор үйлдвэрлэдэг болсон байлаа.
Зөвхөн аж ахуйг төдийгүй монголчуудын сэтгэлгээ иргэншилд эргэлт гарсан. Яагаад нийтийн соёл, иргэншлийг хувьсгалын зэрэглэлд үзэж, төрийн бодлогоор хэрэгжүүлээ вэ гэвэл “…Монгол хүн саван хэрэглэхийг мэдэхгүй. Гар нүүрээ хүйтэн усаар угаасан болно, биеэ хэзээ ч угааж үзээгүй. Ийм учраас арьсанд нь зузаан хатуу хир тогтоно, өмсөж байгаа дээлээ ч бас угаахгүй. …ердийн цагт монгол хүний дээл тостой, хөлстэй дээр нь энд тэндгүй онгорхой цоорхой байна. Хир хөлс нь хутгалдаад монгол хүнээс хачин эвгүй үнэр ханх тавихад зангий нь мэдэхгүй хүн өөрийн эрхгүй зэвүүцнэ. Гэр оронд нь цэвэр бус байдал юм болгонд нь ажиглагдана. Сав суулгаа огт угаадаггүй болохоор мөн л зузаан хир тогтсон байна. Цагаан тос нь ус хялгастай, чулуутай, байгалийн бусад, хольцтой байх нь ямагт хирээ хадгалах олон янзын шимэгч хорхой үржих үндэс болно. Бөөс монгол хүнийг гэмгүй хазаж байдаг гэнэ. Монголчууд байнга биеэ маажина… Нөгөө л балар эртний цэвэр бус байдлыг юмны чинээ санадаггүй учир ямар ч ичиж зовох юмгүй хаана ч, хэний ч дэргэд өтгөн, шингэнээрээ бие засна гэж И.Майский тэмдэглэсэн байна.11

Соёл иргэншил нь тухайн улс орны хүний чадамжийн түвшнийг харуулдаг их чухал төлөв юм. Тэгээд ч судлаачид тэр үеийн “Монгол хүний оюун санааны хамгийн чухал шинж бүхий л сэтгэлийн үндэс нь назгай байдал лав мөн… Монголчууд малчин хүмүүс бөгөөд мал тэдний амьдралын үндэс юм… Бас мянга мянган жил болохдоо тэд мал маллах малыг хөнөөдөг элдэв өвчин зэрэг зүйлсийн талаар тэмцэх бүдүүлэг ч болов зүй зохистой арга ажиллагаа боловсруулсан байх учиртай гэж бодогдмоор. Гэтэл бодит байдал дээр бид байх учиртай юмны огт эсрэг байдалтай тааралдах юм… Мал нь өвөл ч, зун ч хээр талд тааралдсан өвс ургамлаар хооллон билчээрлэж байна. Монголчууд өвс тэжээл бэлтгэдэггүй, овъёос арвай хэрэглэдэггүй, дулаан хашаа байр барьдаггүй, малыг ердөө л “бурханд найдан зоргоор нь” тавьдгаас үхэр адуу, хонь ямаа сая саяараа өвөл хаврын шуурга салхи шороонд үргэдэж байна. Малыг элдэв өвчнөөс анагаах монголчуудын мэдлэг ч өчүүхэн юм. Тэдний мал эмнэлэг гэдэг нь арчаагүй хар дом төдий бөгөөд ямар нэгэн өргөн хүрээтэй халдвартай, халдваргүй өвчин гарахад эсэргүүцэх ямарч чадал алга.

Зан төрхийн назгай байдалтай нягт холбоотой байдаг монгол хүний өөр бас нэг шинж бол түүний ямар нэгэн тийм зарчимлаг залхуурал юм. Монгол хүнийг ажил хийх авъяас чадваргүй гэж хэлж болохгүй. Гагцхүү монгол хүн ажил хийх дургүй. Айван тайван утга учиргүй, юу ч хийхгүй байхыг бүхнээс илүүд үздэг нь гай тарина. “Хөдөлмөр хүний амьдралын амт шимт нь юм.” (Die Arbelit macht das leben suss) германы зүйр үг монголд зориулагдаагүй төдийгүй энэ үгийг ойлгох амин үндэс тэдэнд байхгүй”…Цаг бол мөнгө” “Time is money” гэдэг зүйр үгийн утгыг баруун европ бүрэн эзэмшчихээд байхад монголын тухайд энэ зүйр үгийг “цаг бол мөнгө биш” гэж урвуулж хэрэглэх болж байна. Учир нь хэмээвээс монголчууд цагийг ер ойшоодоггүй” 12 гэжээ.
Н.М.Прежевальскийд газарчилж явсан нэгэн монгол эр “сайн хүмүүс хэзээ ч яардаггүй юм, харин хулгайч, дээрэмчин хоёр л яардаг юм”13 гэж хэтрүүлсэн үнэний үндэстэй. Ийм хоцрогдлыг арилгах гэж соёлын хувьсгалыг удирдан зохион байгуулжээ. Соёлын довтолгоон агуулгаа баяжуулж зөвхөн ахуй, соёлын төдийгүй ажиллах, амьдрах, суралцах хүрээг нийтэд хамарсан хүн амаа орчин үеийн соёл, иргэншилд дасган нийцүүлэх, оюунлаг үйлдвэржсэн орны хөдөлмөрийн хүний сэтгэл оюуны төрхийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэргэжлийн өндөр ур чадвар, бүтээмж, инновацийн төлөөний хөдөлгөөн болж үргэлжилсэн байна. Ю.Цэдэнбал 1978 онд “…сургууль, эмнэлэг, сумын айлуудын ариун цэврийг хангах ажилд шууд орох хэрэгтэй. Сумдад халуун ус байдаг. Гэтэл хурал дээр ариун цэврийн тухай ярьчихаад өөрөө халуун усанд ордоггүй хүн ч олон байна. Иймд халуун усанд оруулж хүн бүрийн хэвшил хэрэгцээ болгохыг 14 үүрэг болгож байснаас үзэхэд энэ асуудалд хэрхэн нягт хандаж байсан нь илт юм. Тэрбээр залуучуудад боловсролоо дээшлүүлэх, бие даан суралцах, биеэ дайчлахыг багаасаа ном унших дуртай болохыг, мэдэхгүй, чадахгүй зүйлээ бусдаас асууж сурч байхыг, дэлхийн сонгодог утга зохиолын номыг уншиж, сонгодог зураг, хөгжим, бүжиг ойлгодог, үздэг мэдрэмжтэй байхыг олонтаа зөвлөдөг байжээ. Ахмад үеэ эрхэмлэн хүндэтгэдэг уламжлалт сайхан дадал заншил манайд бий. Үүнийг зарим талаар мартах явдал байсныг сэрэмжлүүлж байсан байна.

Дөрөв. Нөхцөл байдлыг ямар аргаар, хэний хүчээр, хэзээ, хэрхэн өөрчлөв, тэр нь юу өгөв гэдэг нь судлаачдын сонирхлыг зүй ёсоор татах юм. Ю.Цэдэнбал бол шинжлэх ухааны удирдлагын аргыг анх удаа Монголын үндэсний аж ахуйн өвөрмөц нөхцөлд нэвтрүүлсэн төрийн зүтгэлтэн, эдийн засагч юм. Түлш, эрчим хүчний бааз байгуулах, банк, санхүү, худалдаа, үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, тээвэр, холбоо, их барилга, нийтийн аж ахуйг хөгжүүлэх төрийн эдийн засгийн бодлогыг хүний нөөцийн хөгжлийн бодлоготой хамтад нь цогцолбор байдлаар хөгжүүлэх, өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн харилцан уялдааг хангах чиг хандлагыг ямагт баримталж байжээ.

Харин түүний бүтээл, үйл ажиллагаанаас үзэхэд тэрбээр үйлдвэрлэлд ШУТ-ийн ололтыг нэвтрүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж үндэсний эдийн засгийн өсөлтийг хангах байр суурийг баримталж байжээ.
Үүнд, Монгол улс дотоод нөөцөө дээд зэргээр ашиглах үндсэн дээр үйлдвэрлэх хүч болон үндэсний аж ахуйгаа хөгжүүлэх зорилтыг бүтэн таван жилээр төлөвлөх, 10-15 жилээр прогнозчлох, уг төлөвлөгөөг ханган биелүүлэхэд шаардлагатай ШУТ-ийн арга хэмжээнүүдийг хамтад нь төлөвлөж хэрэгжүүлдэг байжээ. Жишээ нь: Мал аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөг биелүүхэд зайлшгүй шаардлагатай өвс хадлан, бэлчээр усжуулалт, малын халдварт өвчнийг оношлох, устгах, урьдчилан сэргийлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, таримлын ургацыг нэмэгдүүлэх агро технологийн балон механикжуулалт, цахилгаанжуулалтын зэрэг олон ажлыг улсын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлж байжээ.

Макро эдийн засгийн төлөвлөлт нь улам бүр байгалийн шинжлэх ухааны ололтонд тулгуурлаж шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хосолсон шинжтэй болсон юм.
Үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын хүрээлэн, мал аж ахуйн хүрээлэн, мал эмнэлгийн хүрээлэн, тэжээлийн хүрээлэн, хөрс судлалын хүрээлэн, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, түлш зрчим хүчний хүрээлэн, анагаах ухааны хүрээлэн, боловсрол судлалын хүрээлэн зэрэг Шинжлэх ухааны академийн болон салбарын эрдэм шинжилгээний газруудын судалгааны бүтээлүүдэд тулгуурласан төлөвлөлт, прогнозууд нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Чойбалсан хотын түлш эрчим хүч, химийн болон барил га, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолбор болон хэрэгжиж байлаа.

Аж үйлдвэрийн газар, сангийн аж ахуй бүрт сургууль, эмнэлэг, ясли, цэцэрлэг, клуб, номын сан, ахуйн болон нийтийн үйлчилгээ, шуудан, холбоо зэрэг нийгмийн дэд бүтцийг эдийн засгийн дэд бүтэцтэй хамтад нь шийдэж байлаа.
ЗХУ-тай эдийн засаг, соёлын хөгжлийн хүрээнд ойртон нягтарч улмаар Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлд гишүүнээр элсэж тэдгээр орнуудын (ЗХУ, Болгар, БНАГУ, Чехословаки, Унгар, Румын, Польш) хамтын ажиллагааны сүлжээнд нэгдсэнээр манай үндэсний аж үйлдвэр олон улсын жишигт хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйнууд болон дэвжсэн юм.

Эдийн засгийн өсөлтийг дагаж хүн амын ерөнхий болон ахуйн соёл, нийтийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл түвшинг дээшлүүлэх тэмцэлд эрх баригч нам, төр, олон нийтийн байгууллагын хүчин чармайлтыг төвлөрүүлэн дайчилж, өргөн цар хүрээтэй ажил зохиосны үр дүнд Монголд урьд өмнө хззээ ч байгаагүй зарчмын цоо шинэ соёл иргэншил бүрэлдэн төлөвшжээ.

Ю.Цэдэнбалын жилүүдэд мэргэжлийн өндөр ур чадвар, хөдөлмөрийн эв дүй, дадалд тулгуурлан нэг таван жилд хэдэн таван жил ийн ажил бүтээдэг, оёдалчин Ц.Амгаландаван жилд гаргах бүтээгдэхүүнээ нарийн тооцож хугацаанаас нь өмнө биелүүлдэг нэхмэлчин Б.Гүнжилхам, малчин Б.Гээпэл, саальчин Б.Чимгээ механикжуулагч Г.Алтанхүү, Б.Алтангэрэл, Ц.Сундуйжав, Д.Цэрэн, барилгачин С.Хэрлэн Д.Пашка, экскаваторчин Ч.Цэрэндорж, цахилгаанчин Б.Дэстэй, 100 гүүнээс 100 унагабойжуулдаг адуучин Шарбаньди, хоногийн нэгдсэн бригад байгуулан, хөдөлмөр зохион байгшуулалтын дэвшилт хэлбэр нэвтэрүүлж, бүтээмжийг үлэмж дээшлүүлсэн уурхайчин А.Орногбай, Ж.Отгонцагаан, эрдэс баялагийн том орд газруудыг нээсэн геологич С.Сундуйжав, П.Мягмар, Л.Сэрчиндорж, малын цусан халдварт өвчнөөс сэргиилэх хос цэнэгт вакцин бүтээсэн шинийг санаачлагч эрдэмтэн Б.Баатар, биологийн шинжлэх ухаанд шинэ нээлт гаргасан академич Ц.Тойвгоо, С.Шагж, эрдэмтэн зохиолч Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын зэрэг аугаа хүмүүс манай нийгмийн соёл, боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх хүрээнд олоноор төрж, салан задгай, залхуу хойргоо дуудуулж байсан Монгол оронд гавшгай хөдөлмөрийн төлөө бүх нийтийн хөдөлгөөн өрнөсөн юм. Ийнхүү үйлдвэржсэн хөдөлморийн соөл, иргэншилтэй, техник, технологийн ажиллагааг бүрэн эзэмшсэн, шинийг сэдэж, эрэл хайгуул хийх сэтгэлгээтэй, ажлын цагийн хором бүрийг тооцож, өндөр бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэдэг, орчин цагийн Монгол хүн төлөвшсөн юм.

Эдийн засаг, нийгмийн ээлжит зорилтыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд манлайлж, хоршоо, ҮЭ, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын дэмжлэг авч хамтран ажилладаг, тэдний оролцоог тухай бүр нь үнэлж, урамшуулдаг тогтолцоог бүрдүүлсэн нь амжилтанд хүрэх нэг гол нөхцөл болж байжээ.

Тав. Ю.Цэдэнбалын байр суурь, бүтээлүүдэд өнөөгийн нөхцөлд үнэ цэнэтэй хэвээрээ, ялангуяа төр, захиргааны ажилд авч хэрэглүүштэй зарчмын зүйл цөөнгүй байна. Ойрмогхон нэлээд төвөг үүсгээд байгаа хоршоо болон төвсийн хуваарилалтын асуудлаар гэхэд бүр 1943 онд Хоршоо бол хөдөлмөрчдийн байгууллага болох тул өргөн ардчилсан ёсон дээр үндэслэгдэнэ. Хоршооны байгууллагууд өөрийн гишүүдийн өмнө тайлангаа гаргадаг ба хувь нийлүүлэгчдийн хурлаар сонгогдоно. Иймд хоршоог хоршоонд нэгдсэн хөдөлмөрчин ардууд жолоодно…
…Зөвхөн 1943 оны тэргүүн хагас жилд үрэгдэл шамшигдлын хэргээр хуулийн хариуцлагад татагдсан хүмүүс 230 бөгөөд тэдгээрийн олонхи нь хоршоо худалдааны аппаратын ажилтан болно… Хэрэв хоршооны гишүүдээс өөрийн эрхийг эдлэх бүх нөхцлийг газар бүр буй болгосон байх буюу хоршооны ардчилсан ёсыг журамлан сахидаг байвал хоршооны ажил нилээд сайжирсан байх ёстой билээ.Хоршооныгишүүдбатэдгээрийн нийлүүлсэн хувь хөрөнгийн бүртгэлд эмх журамгүй явдал их байна” гэж хэлсэн байна15 Энэ нь өнөөдөр ч ач ач холбгдолтой хэвээр байна.
Бүр 1945 онд “…бид энэ жил орон нутгийн төсвийг аймагт буй болгож байна. Энэ бол улс төрийн их утга учиртай хэрэг мөн. Учир нь ард олныг улсаа удирдах ажилд ихээр оролцуулах чухал асуудлын нэгийг бид үүгээр шийдвэрлэнэ… Манай цаашдын хөгжил нэмэгдэх тутам бид аймгаас цаашлаад сум, багийг хүртэл биеэ даасан oрон нутгийн орлого, зарлагын төсөвтэй болгоно. Тэгэхэд багийн ардууд аливаа хөрөнгө зүйлээ өөрсдөө оролцон шийдвэрлэдэг болно. Багууд өөрийн сургууль, хүн, малын эмнэлэг, өөрийн клуб, мөн радио телефон, бас хожимдоо цахилгаан гэрэлтэй болох цаг эрх биш ирэх болно”16 гэсэн нь өнөөдрийн шаардлагад яв цав нийцэж байна шүү дээ. Иймд Цэдэнбал судлалыг сонирхогчийн бус бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй. Төрийн ажилтны ёс зүй, сахилга, гадаад улс орнуудтай харьцахад баримтлах зарчим, эв дүй, улс орны байгалийн баялагыг судлах, нөөц хэмжээг нь тогтоох, зохистой хамтран ашиглах, хөрш орнуудтайгаа болон олон улсын байгууллагуудтай харилцах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэрэгшүүлэх, дэвшүүлэх, найдвар хүлээлгэх, хариуцлага тооцох арга барил, төр иргэний хоорондын харилцааны зэрэг улс орны амин чухал асуудлуудаар түүний бүтээлүүдээс хойшид ч суралцах, наанадаж санаа авах зүйл чамгүй их байгаа нь илт байна.
Орчин үеийн эдийн засагт амьдралын чанарын асуудалд онцгой ач холбогдол өгч байна. Амьдралын чанар нь зохих хэв хэмжээ, заншил, уламжлалт харилцаагаар тодорхойлогдож буй хүний хэрэгцээ хангагдах түвшингээр, түүнчлэн хувь хүний хүчин чармайлтын түвшинд хандах харилцаагаар тодорхойлогдоно гэж эдийн засгийн онолчид үздэг. Амьдралын чанарын нийгмийн индикатор нь хүний хэрэглээний зүйлийн өсөлт, наслалт, боловсролын өсөлтөөр тодорхойлогддог юм байна. Тэгвэл 1940 оны үеийн Монгол хүний хэрэглээ, насжилт, боловсролын түвшинг 80, 90-ээд оныхтой харьцуулахад Цэдэнбалын ямархуу удирдагч байсан нь тодорхой юм. Цэдэнбал төрийн тэргүүнээр ажилласан хугацаандаа Монгол улсын эдийн засгийн нөөцийг дараахь 3 чиглэлээр хөгжүүлсэн.
а/ Манай орны байгалийн нөөцийг нээж, тодорхойлж.үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын төлөвийг зураглаж үлдээсэн.
б/ Монгол хүний хөдөлмөрийн чадамжийг мэдэгдэхүйц хөгжүүлсэн.
в/ Монголчуудын оролцож бүтээсэн үндэсний шинэ аж ахуйг (эдийн засгийн суурийг) бий болгосон.
Ю.Цэдэнбал бол эдийн засгийн сайн суурь боловсролтой, гадаад хэлийг төрөлх хэлнийхээ адил түвшинд эзэмшсэн, өөрийгөө ямагт боловсруулж байдаг, асар олон ном бүхий номын сантай, дэлхийн сонгодог бүтээл, сэтгэгчид, гэгээнтнүүдийн бүтээлийг цаг ямагт уншиж гэгээрсэн төрийн зүтгэлтэн байжээ. 40 гаруй жил Монгол улсын төрийг удирдах бүрэлдэхүүнд тэргүүлэх үүрэгтэй оролцож, Монголын түүхийн хамгийн эрсдэлтэй он жилүүдийг амжилттай даван туулж, эх орныхоо цаашдын хөгжлийн баттай суурийг тавилцсан ажлын арвин туршлага, түүний бүтээлүүд бол манай улсын оюуны үнэт баялагийн нэг хэсэг гарцаагүй мөн гэдгийг дахин хэлэхийг хүсч байна.
1. БНМАУ-ын Улс Ардын Аж Ахуй 60 Жилд [1921-19811 Статикийн эмхэтгэл, УБ , 1981.X-42
2. Рамстетд Г.И.” Сравнитөльная фонетика монгольского письменего языка” халхаско-ургинского говора, Санктпетербург, 1908
3. 3 Майский .И.” Орчин үеийн монгол” УБ , 2001, Х-20
4. Г.Цэрэндорж “Нийтийн бичиг үсгийн боловсрол, XX эууны монголын түүхийн зарим асуудал” УБ 1999,
5. 128-р талд
6. Ю.Цеденбал “Избранные статьи и речи” Москва, 1983 г, стр-360 Майский.И “Орчин үеийн монгол” УБ, 2001, 43-44 -р талд
7. Үндэсний түүхийн архив. Фонд -4, Н-25, Х-32, 33
8. Гэрэл сүүдэр: Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс, УБ, 1992, 94 -р талд
9. “Үнэн” 1980 оны 10-р сарын 1 №237
10. А.Нямаа “XX зууны түүхийн зарим асуулгууд” УБ, 1999,147-148-р талд
11. Майский. И. “Орчин үеийн монгол” УБ. 2001.49-50 дугаар талд
12. Майский. И. “Орчин үеийн монгол” УБ. 2001.46-48 дугаар талд
13. Прежевальский Н.М. Четверов путешествие. стр 496
14. Ю.Цэдэнбал. Илтгэл, өгүүллэг, хэлсэн үг, илгээлт. УБ, 1982, 446-449-р тал
15. Ю.Цэдэнбал Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг I боть ,1941-1954 он ,УБ.1966. Х-87,89
16. Ю.Цэдэнбал Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг I боть ,1941-1954 он .УБ.1966. Х-14

Доктор Лутын Лханям

Wednesday, November 11, 2009

АТТИЛАГИЙН АЛДАР СУУ, АУГАА ЯЛАЛТЫН НУУЦ

Б.Номинчимэд

Төв Азиас, Монголын өндөрлөгөөс ирсэн жирийн нэгэн нүүдэлчин Хүннү аймаг хагас зуун хүрэхгүй ахар богино хугацаанд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг гүрэн болж чадсаны нууц юу вэ? Христийн тооллын V зуун хүртэл Европт төдийгүй дэлхий дахинд Ромын эзэнт гүрэн цэрэг зэвсгийнхээ чадамжаар ч, хууль эрх зүй, соёл боловсрол, шинжлэхүй ухаан, эдийн засаг гээд бүхий л салбарт хол тасархай манлайлж байв. Өөр улс орнуудад Ромыг дайтан дагуулах нь бүү хэл түүнтэй сөргөлдөх тухай төсөөлөл ч бараг байсангүй. Карфеганууд болон Парфи нар Ромтой нэг бус тулсан ч, эцэстээ нуга даруулж дуусдаг байлаа.

Гэтэл нүүдэлчин, зэрлэг гэгдэн нүд үзүүрлэгдэж, технологийн хувьд Ромтой харьцуулашгүй доод түвшинд байсан Хүннүчүүд яаж тэрхүү хүчирхэг Ром гүрнийг сөгтгөн сөхрүүлж чадав? Хэрхэн хэдэн зууны турш Европ даяар түгэн дэлгэрсэн “Ромын дэг ёс”-ыг /Pax Romanica/ халж, “Хүннүгийн дэг ёс”-ыг тунхаглаж чадав аа? Хэрхэн яаж Төв болон Дорнод Европын олон аймаг, овгуудыг нэгэн тугийн дор нэгтгэн зангидаж, төмөр мэт хатуу сахилгад оруулан удирдаж байв? Хүннүгийн хаан Аттилаг юуны учир үеийн үед “Хаадын хаан”, хүн төрөлхтний гэм нүглийг гэсгээхээр тэнгэр бурханаас илгээсэн “Тэнгэрийн ташуур”, “Бурханы бэрээ” хэмээн нэрийдэн, ард түмнүүд домог түүхэндээ дурсаж ирэв?

Энэ бүхний нууц нь удирдахуйн ухаан юм. Хүннүгийн хаан, “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргийн жанжны удирдах жолоодох аугаа суу билэг, өргөн их мэдлэг, чадвар хэдий тэр цаг үеэс хойш 1600 орчим жил өнгөрсөн ч өнөөдөр өрнийхний сонирхолыг ихэд татсаар байна.
Өнөөдрөөс уншигчдад хүрч буй “Хүннүгийн хаан Аттилагийн удирдахуйн ухааны нууц” номд Аттила хааны үр бүтээлтэй амжилттай удирдах удирдлагын арга ухааныг задлан тайлбарлажээ.

Хэзээ ч, хаана ч үнэ цэнэтэй байх хүнийг удирдах арга ухааны хамгийн шилдэг аргачлалыг Аттила боловсруулсан хэмээн уг номыг зохиогч Уэсс Робертс дүгнэжээ. Нөгөө талаар “балар цагийн сэлэм жад зөрөлдүүлсэн байлдаан” ч, өнөөгийн корпорацийн менежмент ч нэг л зарчимтай. Гэхдээ тэр “Балар цагийн байлдаан”-ыг сэлэм жад бариад алалцдагаас арай өргөн хүрээнд, стратеги бодлого, удирдлагын түвшинд ойлговол шүү дээ.

Аттилагийн улс төрийн бодлого, дипломат арга ухаанаас гадна удирдагч хүн ард түмэнтэйгээ, ялангуяа нэгэнт гаргасан зорилт бодлогыг нь гардан хэрэгжүүлэгч болсон шат шатны үүрэг гүйцэтгэгчидээ ямар шалгуураар сонгох, хэрхэн удирдах, зорилго, үзэл санаагаа итгүүлэн үнэмшүүлэх үндсэн дээр зорилтоо бүрэн төгс хэрэгжүүлэх арга нь өнөөгийн удирдлагын менежментийн хувьд анхаарууштай, санаа авчихмаар, судлууштай төдийгүй алхам тутамдаа мөрдлөгө болгох зүйл байсанд л Аттилагийн алдар суу, Хүннү гүрний мандал бадралын нууц байжээ. Өнөөдрийн маш олон компанийн удирдлагууд, улс төрчид, тухайлбал АНУ-ын армийн генерал Жон Бансен, General Мotors-ын дэд ерөнхийлөгч Паул Залески, American Airlines-ийн ерөнхийлөгч Р. Л. Грэндэлл, Creative Service Inc-ийн ерөнхий захирал Нидо Кибейн зэрэг маш олон алдар цуутай, нэр нөлөө бүхий хүмүүс энэхүү номын үзэл санааг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн амжилт олсноо дурджээ. Тэр ч бүү хэл Los Angeles Lakers-ийн дасгалжуулагч Пат Рилей хүртэл Аттилагийн стратеги, тактикаас суралцсан гэнэ.

Дашрамд, Эртний Хятадын Сүнзийн бичсэн “Дайтах урлаг” /The Art of War/ гэдэг Аттилагийн үетэй харьцуулбал жинхэнэ балар цагийн дайтах урлагийн номлолыг хичнээн олон төрөл янзаар тайлбарлан, янз бүр хэмжээгээр хэвлэсэн номууд АНУ-ын аль ч номын дэлгүүрт лангуу лангуу дүүрэн буйг үзэж болно. Энэ ном өдгөө дэлхийн хэдэн арван хэлээр орчуулагдаж, судлагдаж, олон ажил хэрэгч хүмүүсийн байнга уншдаг ном нь болж байдаг гэнэ. Энэ онд манай нэрт орчуулагч М.Чимэдцэрэн хятад хэлнээс Сүнзийн энэхүү алдарт “Дайтах урлаг” номыг орчуулан монгол түмнийхээ оюуны мэлмийд өргөн барьсан юм. Сүнз “Дайтах урлаг” гэдгийг өнөө цагийн хүнтэй харьцах урлагийн түвшинд боловсруулж орхижээ.
Аттилагийн удирдахуйн ухаан ч мөн түүн лугаа адил юм. Ямар ч цаг үед, ямар ч нийгэм оршиж буйгаас үл хамаарах мөнхийн зарчмуудыг тэрээр бүхий л үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож байжээ. Аттилагийн удирдахуйн ухаан, ялангуяа цэргийг засах, дайснаа ялах ухаан нь Чингис хааныхтай бүхий л талаар маш ойрхон байдгийг зориуд онцлох хэрэгтэй юм.

Ялангуяа өнөөдрийн манай төр засаг хямарч, эх адгаа, сайн муугаа сайтар ялгаж, салгаж чадахгүй болсон цаг үед Аттилагийн удирдахуйн арга ухаан, бодлого нь түүний удам салтар болсон бидэнд олон санаа өгч, шинэ сэргэг итгэлийг тэтгэх байх гэдэгт итгэж байна.

Ингэхэд Аттилаг монгол угсаатан мөн, биш гэсэн маргаан түгээмэл байдаг ч олонхи судлаачид Хүннүг эртний монгол угсааны аймаг мөн хэмээн үзсэн. Тухайлбал Мкговерн, Даниэл Кохен, Патрик Ховард, Жосеф Гүнэс, Прицах Омелжа, Нигэл Мэн, И.В. Константинов, Е.Болше, С.И.Руденко зэрэг өрнийн олон судлаачид ийм л байр суурийг илэрхийлдэг. Монголын маань толгой түүхчид болох А.Очир, Ч.Далай, Н.Ишжамц, Ш.Нацагдорж, Б.Ширэндэв, Ж.Болдбаатар, Л.Жамсран, Ц.Ишдорж, Д.Цэвээндорж нарын найруулан эмхэтгэсэн Монголын Улсын түүхийн I ботид түүх, угсаатны зүй, соёл, археологийн олдвор зэрэг олон судалгаанд үндэслэн Хүннүчүүдийг язгуурын монгол аймаг болохыг дурдан бичсэн байна. Ялангуяа нэрт түүхч Г.Сүхбаатар агсан “Монголчуудын эртний өвөг” номондоо “Хүннүд холбогдох антропологийн мэдээнээс үзэхэд Хүннү нарыг монгол угсаатан гэж бүрэн болно”, “Хүннүгийн соёл бол эртний Монголчуудын соёл мөн гэх бүрэн үндэс байна” гэсэн байна.

Тэгэхээр Аттилагийн оюуны өв нь юутай ч монголчууд бидэнд юу юунаас илүү хүртээлтэй байх учиртай хэмээн бодож, энэхүү номыг яаравчлан хэвлүүлэхийг зорьсон билээ.

Аттилагийн тухай домог, тууль Европын нэлээд хэдэн оронд хэдэн зууныг дамнан үлджээ. Мажаруудын домогт эрт цагт Алтайн уулсаас нүүдэллэн ирсэн хүчирхэг овгийн тэргүүн Аттилагийн тухай маш тодорхой дүрсэлсэн нь бий. Кэйт Середийн “Цагаан буга” хэмээн домгийн номонд Аттилагийн тухай, Хүннү нарын анхны их нүүдлийн тухай, тэдний шүтээн, гарал үүслийн тухай өгүүлжээ.

Герман болон Скандинавын орнуудын дунд өргөн дэлгэрсэн “Небулингуудын дуулал” хэмээх ихэд алдартай туульд Аттила хааныг тод томруун дүрсэлсэн нь бий. Эртний Ромын түүхч Марселинус, Жорданис/Готын/, Прискус нар Аттилагийн түүх намтрыг бичин үлдээж, тэр цагаас хойш үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан ба одоо ч судалгаа шинжилгээ нь үргэлжилж, кино ч бүтээгдсээр байна. Өнөөдөр Берлин, Вена, Будапешт, Ром зэрэг европын төдийгүй хүн төрөлхтний соёлын томоохон төв болсон хотуудад Аттилагийн нэрэмжит талбай, гудамж, хөшөө бий. Мөн Хүннүгийн нэртэй тосгон, уул, ус цөөнгүй байдгаас гадна Ижил мөрний нэрийг Аттилагийн домгийн нэгэн нэр болох Этцилтэй холбосон домог ч байдаг байна. Дорнод болон Төв Европт хөх толботой хүүхдүүд төрөх үзэгдлийг судлаачид олон жил судалсны эцэст Төв азиас халин ирсэн Хүннү нартай холбоотой болохыг олж тогтоосон гэжээ. Ер нь Мажарт хөх толботой хүүхэд цөөнгүй төрдөг бөгөөд хэдэн жилийн өмнө өөрсдийгөө Хүннүгийн удам хэмээсэн хэдэн мянган унгарчууд холбоо байгуулж байсан төдийгүй Мажарын төрийн зүгээс тэдэнд онцгой анхаардаг талаар мэдээлэл сонсогдож байсан билээ. Францад ч хөх толботой хүүхэд төрдөг тохиолдол ч мэр сэр гардаг байна.

Хүннүчүүдийн Европт хийсэн цөмрөлт нь зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгуудыг баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрахад хүргэж, улмаар “Pax Romanica” –г бүрмөсөн нурааж, өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг байна. Зарим түүхчид Аттилагийн Хүннүгийн Европт орсон цөмрөлт нь энэ бүс нутгийн түүхэнд хожмийн Бат, Сүбээдэй нарын довтолгооноос хол илүү гүнзгий ул мөр үлдээсэн гэжээ.

Аттила хааны тухай бичсэн үй олон том, туурвилууд дотроос 1988 онд Уэсс Робертсийн бичсэн энэхүү “Хүннүгийн Аттила хааны удирдахуйн ухааны нууц” хэмээх ном хамгийн дээд амжилтанд хүрч, Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор хэдэнтээ шалгарсан төдийгүй дэлхийн томоохон корпорацийн эзэд, банкир, улс төрчдийн ширээний ном болж байсныг дахин дурдахад илүүдэхгүй.

Барууны ертөнц Өвөг Монголчуудын дундаас төрсөн нэгэн суутан Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг бахдан шагширч, үлгэрлэн дагаж байхад Монголчууд түүнээс хоцрох учир юу билээ. Үгүй ядахдаа сайтар танилцах нь зөв болов уу.

2009 оны 11 дүгээр сар 5