Wednesday, August 10, 2011

Агийн үнэрт зунаар Хагийн нуурыг зорихуй



Бараг л хамар шүргэм эгц өөдөө мацаж сүүлдээ дөрвөн хөллөн мөлхөж явахдаа буцаад уруудчих вий гэж хамгийн их зовж байлаа. Хэрэв буцаад өнхөрчихвөл эргээд эндээ ирэх гэж бас л энэ хэмжээний хөлс дуслуулна шүү дээ. Хөл туйван ядарч урагш тэмүүлэх хүсэл асар их байвч гишгэнэ гэдэг том бэрхшээл болон хувирлаа. Бөн бөн дуслах хөлсөө нэг шувтарч амсхийх зуураа тэртэй тэргүй булдруу болж хоцорсон хацар нүүрэн дээр баринтаглан шавах шумуулуудаа үргээхчээн аядан дэмий л гараа савав. Өдийд гэртээ тохилог буйдан дээрээ зурагтын суваг солин, гартаа хүйтэн кола барьсан шигээ тарайн хэвтэж байж болох л байсан. Гэтэл ядарч жаргах эз хатгасных нэг иймэрхүү л явж байна даа. Наадамд түрүүлээд ирсэн морь шиг хамаг бие чивчигнэн чичирч зүрх дэлсэж байх зуураа ийнхүү бодож байтал тайгын гүнээс олсон абсурд маягийн таягаа хүчлэн тулсаар миний дэргэдүүр бас л хөлөө зөөж ядан зөрөх манай омгийн ахлагч Номинчимэд “За Зандаа минь яваад байна шүү дээ хө. Хөдөл хөдөл” гээд өнгөрөв. Өнгөрөх ч гэж дээ, надаас дөрөв таван алхмын өмнө гарчихлаа. Ууг нь гараа сунгахад татаад авмаар ойрхон ч гэсэн энэ өгсүүрт таван алхмын өмнө яваа хүн гэдэг юутай ч намайг “хол хаячихаж” байгаа хэрэг шүү дээ. Атаархмаар гэдэг нь.

Өөрийн мэдэлгүй ядарч сульдаж, хөдөлнө гэдэг асар их эр зоригийн хэрэг болж байсан ч үүргэвчээ нэг сайхан дугтарч дээшлүүлээд араас нь хөдөллөө. Яадаг ч байсан багийнхнаа л баллахгүй юм шүү. Энэ хүртэл зүтгэж зүүгдэж ирснийх эцсээ үзэхээс өөр аргагүй. Би ингээд суугаад хойш нь татаад байх юм бол манайхан өнөөдөр нар унахаас өмнө аянчдын отог дээрээ хүрч чадахгүй, шөнөөр намаг балчиг туучиж унаж тусан балрахаас гадна төөрнө гэж том зовлон байна гэж өөртэйгөө тооцоо бодоод аахилан зүтгэж явахдаа хурдхан хуурай, хоноглочихож болох тэр аятайхан отог дээр хүрчих юм сан гэж тэсгэлгүй адгалаа. Тэнд л хүрчих юм бол галаа ч түлэхгүй, майхнаа ч босгохгүй, шууд л өвсөн дээр нойтон хувцастайгаа тэрий хадаад тэр чигээрээ хурхираад өгмөөр. Өлсөх, даарах ч бүр дүүрч, зүгээр л хөлөө амраагаад ойчоод өгөх сөн гэж туйлаас хүсч байлаа.
Ингэж жаргалтай ч юм шиг зовлонтой ч юм шиг бодол тээн үүргэвчиндээ түүртэн биеэ чирэн өгссөөр нэг мэдэхүй уулын таг дээр дээр гараад ирлээ. “Шулуухан явдалтай шумуултын багийнхан” гэж бидний бахдан хочилсон Батсайхан, Хүдэр, Мөнхтулга нар биднийг хүлээнгээ хэдийнэ хөлөө амрааж амжаад хөгжилтэй дээрээ тавигдчихсан тас тас инээлдэж байх юм. Харин би гэдэг хүн инээх байтугай дуугарах ч тэнхэлгүй тэдний хөлд ойчоод өглөө. “За Зандаа гуай ууланд явж байж аалигүйтэхгүй шүү, алив бос” гээд сэвхийтэл татаж босгон үүргэвчийг маань мулталж авлаа. Байгууллага дээрээ тааралдах бүртээ “Сайн уу, юу байна” гээд л хэнэггүйхэн зөрж шатаар точигнотол гүйж явахдаа огт анзаарч байгаагүй хүн чанар, сайхан сэтгэлийг хөвчийн гүнд мэдрэхдээ эгээтэй л уйлсангүй. Бүгдийг нь тэвэрч үнсмээр байлаа. Эрчүүд ядарсан ч инээж маазрахтайгаа, харин Зулаа бид хоёр дуугайхан л бие биенийхээ гарыг атгаж сэтгэлийн гүндээ бие биедээ дэм өгч суулаа.
Уулын хормойн намаг хөвдөн дундуур явж байхад тааралдсан сайхан цэнгэг горхиноос цэвэр усны жижиг саванд ус нөөцөлсөн архагууд мөнөөх уснаасаа ганц нэг балган цааш хийж байгаа харагдана. Миний хувьд тэр үед юун ус нөөцлөх манатай, биеийн хамаг усаа гадагш нь шавхаж, ялаа шумуултай ид гардан тулаан хийж явсан болохоор ам цангаж байна гэж жигтэйхэн. Хүн бүхэн хувийн бэлтгэлээ сайтар базааж, хүчээ тэнцүү хуваарилан, гол горхи тааралдах бүрт өөрийн савандаа өөрөө л усаа нөөцөлж хэрэглэх тухай “Асралт хайрхан” руу аялсан туршилгатай нөхөд маань зөвлөж байсныг одоо л биеэрээ ойлгож дараагийн замд хүн шиг явахыг бодож суулаа. “За манайхаан, одоо ингээд хөдөлнө шүү дээ. Алив усгүй яваа хүн байвал миний уснаас уугаад ав, одоо уруудаад тэр хоёр модтой хошууны цаана хөхөрч байгаа уулын хормойд очиж амарна. Тэндээ үдэлж цайлцгаая” хэмээн аяллын багийн ахлагч Номинчимэд хэллээ.

Санаа алдан босч ирсэн миний үүргэвчийг Батсайхан анд эвтэйхэн нь аргагүй үүрүүлж өглөө. Амраад босоод иртэл үүргэвч маань бүр хүндэрчихсэн байдаг байна шүү. Эгээ л үүргэвчиндээ дийлдэн буцаад уначихсангүй. Уг нь манайхан намайг бодсондоо миний үүргэвчинд байсан талх тариа гээд аяны хамаг хүнсийг маань өглөөний цайн дээр хэрэглэж бусад хүнс, гал тогоогоо эрчүүд нь хувааж үүрсэн юм шүү дээ. Ер нь энэ удаагийн аялалд эмэгтэйчүүд нь майхны хойморт цайгаа зөөлгөж эрчүүд гал тогоог эзэмшиж яваа. Тэд өөрсдийн гараар бэлтгэсэн шуузаараа хээрийн сайхан хоол хийж бид хоёрт түрүүлэн аялгалж байсан нь магадгүй, аяллын багийг арагш нь татахгүйг хичээн шүдээ зууж нүдээ аньж яваа бид хоёрыг урамшуулж байсан хэрэг байх. Ундааны хуванцар саванд шүдэнзний толгой орохооргүй чигжиж хийсэн тэр шуузыг хараад л манай эрчүүд ямархан нямбай, басхүү туршилга ханхлуулсан баг болохыг нь мэдэрсэн юм. Гэтэл миний авч яваа хүнсийг хар л даа. Талх, душенк, бэлэн гоймон, печень чихэр. Эхний өглөөний цайн дээр л цааш нь харуулахгүй бол ар нуруун дээр минь байнга бөндөгнөсөөр хүлэмж шиг болж байгаа аяллын үүргэвчинд нэг хоновол л хор болох тийм хүнс аж. Цаашид аялалд ямар хувцас ямар хүнс хэрэгтэйгээс гадна хүний хувийн зохион байгуулалт, өөрийгөө авч явах чадвар хичнээн чухал болохыг энэ үеэр ягшталаа ойлгосон би. Үүргэвчнийхээ дороос хоёр гараараа тулж хэсэг зууртаа мөрөө амраан уулын бэл рүү бууж явахдаа аялал анх эхэлж байсан өдрийг санаад инээд хүрч билээ.

...Зуны наран дөнгөж мандан ахуй сэрүүн тунгалаг өглөө Төв аймгийн Эрдэнэ сумаас зүүн хойш 50-аад км-т орших Шар булгийн рашааны ойролцоох Бөөгийн отгийн хажуугаар МОНЦАМЭ-гийн хөх делика цогиулсаар өнгөрч ойн захын зөөлөн ширгэн дээр ирж зогссон сон. Машинаас дуу шуу хадаан бууж ирсэн идэрхэн аянчид хээрийн хойморт чулуун тулгаа тулж өглөөний шүүдэр гялтганах өвсөн толгой дээгүүр шингэн цэнхэр утаа тунаруулан хээрийн цайгаа бургилуулах зуураа google-ээс татаж авсан замын зургаа үзэцгээн өмнө хүлээж буй аян замдаа яаран гэгэлзэцгээж байж билээ. Нарны амттай бор цайндаа боорцог хийж цайлаад аяны үүргэвчээ нуруундаа бэхэлж, жолоочоо хот руу үдэж өмнө хөхрөх хангайн сүрлэг уулсын зүгт явган маршаа эхлүүлсэн нь дөнгөж өчигдөрхөн ч одоо санахуйд олоон өдрийн өмнөх шиг. Хүн байгаль дэлхийдээ уусан шингэх үес цаг хугацааны мэдрэмж хүртэл өөрчлөгдчихдөг бололтой. Зун цагт хаа нэгхэн харагдах аалзнаас үнхэлцгээ хагартал айж хавийн амьтны цөсийг хөөртөл хашгирч орилдог хүн чинь энэ аяллын замд аалзны шүлсийг алгаараа ярж ялаа шумуул үргээн тасралтгүй савчих гараараа толгойтой үсэнд минь визгүй зорчих “байгалийн аянчдыг” хээв нэгхэн авч чулуудна. Саяхан л хотын төв дэх албан өрөөнийхөө тагтан дээр агаар салхи үгүйлэн хөдөө явах сан гэж үглэж зогссон цагаан гартай сэтгүүлчид ногоон байгальдаа уусчихсан яваа нь нэн соньхон.

Улсын наадмаар Асралт хайрханы оргилд МОНЦАМЭ-гийнхээ тугийг мандуулж ардын хувьсгалтай нас чацуу байгууллагынхаа 90 жилийн ойг угтаж байсан МОНЦАМЭ-гийн спорт хамтлагийн залуус уулын бартаат аяллынхаа удаахь зорилт болгон Хагийн нуурыг сонгож авсан нь энэ ээ. Энэ удаагийн аяллын багт “МОНЦАМЭ-гийн мэдээ” сонины эрхлэгч Б.Номинчимэд, “Новости Монголии” сонины сэтгүүлч Ж.Батсайхан, “Монгол мессенжер” сонины орчуулагч М.Өнөрзул, Эх бэлтгэлийн албаны дарга Н.Батсүх, хэвлэлийн дизайнер С.Мөнхтулга, фото сурвалжлагч Б.Цэрэнжамц, Теле студийн найруулагч Б.Занданхүү миний бие болон Номинчимэдийн хүү Цэвээндорж, Батсүхийн хүү Буянбилэг, “Эрэл” компанийн нягтлан бодогч Хүдэр /Номинчимэдийн хадам дүү/ нар багтжээ. Хүүхэд эмэгтэйчүүдтэй холимог баг бүрдсэн тул энэ удаад эрчүүдээс илүү хариуцлага халамж шаардаж байгаа бололтой. Гэсэн хэдий ч багийн гишүүн бүхэн бусаддаа төвөг чирэгдэл учруулахгүйг хичээн зүтгэж байгааг харахад баярламаар. Аргагүй ядарсан үед өөрөө ч бас зүдэрч яваа мөртөө бусаддаа туслахад бэлхэн залуустаа дотроо тун ч их баярлан, басхүү тэднийгээ хээрийн ногоон дэвсэгт цоо шинээр нээж явлаа. “Новости Монголии” сонины хаалгаар хааяахан шагайх бүрт нүдний шилэн дээгүүрээ хальтхан хараад словарь руугаа буцаад “орж явчихдаг” үг дуугүй “номын хүн” Батсайхан энд хээрийн хүн болчихсон, өдөржин нүд нь компьютер дотроо, гар нь маузан дээр өнждөг эх бэлтгэлийн завгүй залуус Батсүх Мөнхтулга нар Шумуултын багийг ахалчихсан, Номинчимэд дарга тэргүүтэй ард үлдэгсдийг “Тамирдангуй алхдаг таягтын багийнхан” хэмээн шоглосон шигээ машин зам байтугай морин жим байхгүй онгон дагшин уулын хэцэд өөрсдөө шинэ жим гарган аялж яваа нь заримдаа зүүд шиг л санагдаж байлаа.

...Сахлаг өвстэй ногоон хөндийг туулж шугуй дундуур уул өөдөө өгслөө. Зөрөг жимгүй аглаг хөвчийн торлог шугуйд нүүр нүдээ шавхуурдуулан мацах амаргүй ч хөл дор бамбалзах хөвдний ус шаварт халтирч зоогдох нь хамгаас төвөгтэй ажээ. Замын турш хөвдөнд хөл алдаж хөхөлбий намагт “уран” живсэн “амжилт”-аараа толгой цохисон миний хувьд энэ замыг онцлон дурдахаас аргагүй. Ус гол гатлах, уул нуруу өгсөхөөс хамгийн бэрхшээлтэй нь энэ торлогон шугуйг гэтлэх л байлаа. Хагийн нуур хүртэлх 40-өөд км замын бараг тэн хагас нь торлог. Шугуй харагдахаар л “Эээ торлог” гээд л элгээ эвхээд суучихдаг Өнөрзул, Цэрэнжамц ах бид гуравт манайхан “Тоос нь харагдахгүй толгой нь шоволзохгүй торлогтын баг”-ийнхан хэмээх нэрийг хайрласан.
Малгайн чинээ том мөөг, нүд эрээлжлэм алаг цэцэгс, дов бүхнийх нь оройд солонго татсан аглаг буйдын диваажинд эрвээхэй эргэлдэж, царцаа царгиж, зөгий дүнгэнэх байгалийн найрал дуурсна. Үг яривал эцчих гээд байх тул мөр мөрөө даран чимээ амиагүйхэн алхацгаана. Тийн хэдий ч бодол санаа хачин тунгалаг ажээ. Хөл дор мөчир хугарах, хөх салхины сэржигнэх чимээнээс бусдыг үл анзаарч толгой дохин урагшилцгаана. Их хотын чөлөөгүй үймээн дунд тархинд бодлын шуурга эрчлэн байдаг бол энд сэтгэлийн анираас өөр бодлын чимээгүй амгалан. Байгалийн дагшин хөдөөд хүний бодол санаа аяндаа цэгцэрч амар амгалангийн улирал цэлмэдэг бололтой.

Торлог шугуй, намгархаг сондуулын толгой дамжин алхах биднийг тэнгэр хангай нар хураар дутаасангүй. Хөвчид бороо намуухан шивэрч уулын хормойн намгархаг ширгэн дунд унаж босож явах үес үүлс сөхөгдөн нар шарж эхэллээ. Ийн аялсаар бид хөвчийн хоёр томоохон нурууг өгсөж уруудан гэтэлж, Туул гол, Хагийн голоо гаталж уулын дэвсэг дэх чулуун хүрээ бүхий отог дээр ирсэн юм. Аяллын үүргэвчээ мөрнөөсөө буулгангуутаа л галаа түлэх гэж яарцгаалаа. Ялаа шумуулын доволгоог утаан хөшгөөр сааруулах, алжаал ядралаа тайлж аяны хийцтэй халуун цайгаа оочлох, норсон хувцасаа хатаах, нойтон сэтгэлээ сэргээхийн тулд яаран галаа л түлэх хэрэгтэй. Гал гэгч зүйл үеийн үед хөгжил дэвшил авчирагч хүчин зүйл байсаар ирснийг хээрийн хойморт илүүтэй мэдэрч билээ. Галын хүрээ тойрон оймсоо “борцлох” зуураа энэ удаагийн аялал, дараагийн маршрут, өмнө нь энд тэнд аялсан сонин сайхнаа ярилцан, улмаар сэдэв тэлж эх орон, элэг нэгтнүүдийнхээ хувь заяа, үүх түүх рүү зорчлоо. Өндөр заяат монгол түмний өнөөдөрт ирсэн зам мөр, түүхийн нугачаанд их бага хаадын үүрч туулсан зовлон жаргал, түүхэн цаг үеүдийн тухай Номинчимэд кино шиг юм ярьж бид ч тэрхүү халуун ярианд шимтэн галдаа цучил нэмэн суув. Ялаа шумуул, ус балчгийн дунд амсхийх газар олдохгүй алхаж явахдаа нар буухаас өмнө хоноглох газраа оччих сон гэж адгаж байснаа хэдийнэ мартаад нойтон гутлуудаа гал тойруулан өрж хээрийн цайгаа зөөгхөн балгасан шигээ хууч хөөрч сууцгаалаа бид. Аян зам ямагт шинэ урам, итгэл зориг өгдөг аж.

Маргааш нь нар битүүгээр эртлэн босч Хагийн нуураа зорилоо. Хоноглосон отгийнхоо ар руу уруудаж явахдаа өмнө нэвсийх хөх уулыг л давчихвал Хагийн нуураа харна даа гэж догдолцгоож байлаа. Өмнөх орой нь отгийн бараа хараад л өвдөг минь бараг өөрийн мэдэлгүй нугарч тэр чигээрээ эндээ үлдчихмээр, маргааш нь дахиад цааш нэг ч алхмааргүй санагдаж байсан. Гэтэл өглөө нь шинэ хүн болчихсон сэрлээ. Ууланд ирэх замд нэгэн морин жим олоод бид хоороороо дуу алдан баярласан юм. Хүн явж байгаагүй, хамгийн бартаатай газраар шинэ зам гарган аялж байсан бидэнд уулын жим урам тэнхээ хайрласан билээ. Морины туурайн ороор ус тогтож намаг шавхай үүсгэсэн ч бид тэр л шавар дундуур туучин урагшлахдаа дуу аялах шахам баяртай алхаж байлаа. Манай аяллын хөтөч буюу бидний нэрийдсэнээр Омгийн ахлагч Номинчимэд таягаараа зааж тархиараа GPS хийж явсаар зорьсон газраа олоод иржээ. Уухилсаар уулын тагт дээр гараад ирэнгүүт өмнө минь мөнөөх хүслэнт нуур маань цэлэлзэж байлаа. “Хан Хэнтийг тольдсон Хагийн хар нуур, Халх дөрвөн хошууны энгэрт дуссан нулимс” гэсэн үгтэй дууг нь саналаа. “Хат шалгаж хүч суулгасан Хагийн хар нуур” хэмээх дахилттай эл дууны үгийг дуу алдан хэлсэн хүн нь адал явдалт спорт аяллын загалмайлсан эцэг хэмээн өргөмжлөгдсөн Б.Жияандорж гуай юм гэсэн.

Хагийн хар нуур нь Хан Хэнтийн нурууны салбар бага Хэнтийн ууланд байрлах уулын тагийн үзэсгэлэн төгөлдөр нуур юм. Уг нууранд цутгадаг ямар нэгэн гол горхи байдаггүй бөгөөд нуурын усны эх ундарга нь нуурын гүнд байгаа гэж үздэг. Завиар нуурын гүнд очсон Онцгойгийн нэг ажилтан “Нуурын яг голд очиход ус нь тас хар харагддаг юм. Хөлгүй байх аа. Магадгүй ундарга нь тэр байх. Тэнд байхдаа би Хагийн хар нуур гэсэн нэрийг нь ойлгосон” хэмээн ярьж байсан нь санаанд орлоо. Их хөвчийн гүнд моддын дунд элсэн эмжээр цайруулан орших уулын гол шиг цэнгэг устай эл нуурыг хөвөөнөөс нь ажихад нэн үзэсгэлэнтэй. Хэнтийн нуруунаас буусан дөрөвдөгчийн их мөстөлтийн үед 20-80м өндөр, 5 орчим км урт, 6000 м орчим өргөн морен (уулын мөнх цасанд түрэгдэн үүссэн чулуулгийн хурдас) уулын ам хөндийг гатлан хаахад уулсын ус нь уг хонхорт хуримтлагдан нуур vvссэн тухай “Монголын нэвтэрхий толь”-д дурдсан байна билээ. Мөн энэ нуурыг цаг агаарын өөрчлөлтөд уулын мөнх цэвдэг хайлснаас үүссэн ч гэж үзэх нь бий. Эргэн тойрон ой модтой, зүүнээс Хийдийн гол, өмнөөс Давааны горхи цутгаж Хоолойн татаалаар Хагийн голдоо нийлдэг. Умард мөсөн далайн ай савын загас элбэг, байгалийн байдал нэн үзэсгэлэнтэй газар. Нуурын хамгийн гүнзгий газар нь төвдөө байдаг бөгөөд тэнд 30 орчим метр гэж ярьж байсан. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Туул голын баруун гар талын томоохон цутгалын нэг Хонгорын голын эхэнд бага Хэнтийн нурууны өвөрт Хийдийн Сарьдаг, Хvнхэр уул, Асгатын сарьдаг уулын шилмvvст ойн дунд далайн түвшнөөс дээш 1817.3 м өндөрт өргөгдөн оршдог Хагийн хар нуур Улаанбаатараас зүүн тийш 180 орчим км-т байдаг. Нууранд хүрэхийн тулд автмашинаар дөхөж болох боловч, яг нуур хүртэл явах ямар ч аргагүй уулархаг, зарим газраа намгархаг замыг туулж нэг бол явган нэг бол мориор хүрэх боломжтой.

Бага Хэнтийн хөх хөвчид орших энэ сайхан нуурын хөвөөнөө зогсож байхдаа бид нэн жаргалтай байсан. Зовсны эцэст жаргана гэдэг ёстой л энэ байх даа. Гэхдээ бидний аян зам огтхон ч зовлон байгаагүй. Хүний хөлийн мөр ховорхон хүрсэн энэ дайдад уран зураг шиг нуурын хөвөөнөө байгалийн эд эс болон зогсож байгаа минь нэн бахдалтай. Бид нуурын хөвөөнөө хээрийн цайгаа чанаж, шуузалсан махаараа ботгирсон сайхан шөл хийж, усанд орох нь орж, загас гогдох хүсэлтэй нь дэгээгээ шидэж, хайргархаг цагаан элсэн дээр нь тарайж ёстой л нэг амарсан шиг амарч тухалж авлаа. Аян замын алжаал ядрал бүрэн мартагдаж бие сэтгэл байгалийн хөг аялгуунд бүрнээ нэгджээ. Ийн амарч тэнхээжиж авсныхаа дараа өнгөрсөн шөнө буусан отог руугаа хөдлөхөөр зэхэцгээлээ. Буцах зам дандаа л уруудаад байх юм чинь амар даа гэж дотроо алгаа таших нь халаг баясаж явсан би бууж ирсэн уулаа буцаж өгсөхдөө ахиад л нусаа хацартаа нааж, тэхдээ дотроо өөрийгөө шоолон мушийж явлаа. Манай багийнхан урам зоригтой нь аргагүй алхацгаана. Энэ бэрх аяллын турш бие биенээ таньж мэдсэн, бас хөгтэй хөөртэй явдал чамгүй тохиолдсоных бүгд нэг нэг нэр хочтой болжээ. Буцах замдаа хүн болгон жигтэйхэн этгээд уран таяг олоод тулчихсан, аяны хөнжил, тогоо шанага, хоол хүнс гээд л дор бүрнээ 25-40 орчим кг ачаа үүрчихсэн цагаан Гэндальф, хар Сарамон, Фродо, Сэм, Арагорн, Бромир, Гладриль хатан /”Бөгжний эзэн” киноны дүрүүд/ хөх хөвчийн гүнд хөл хүнд алхацгаана. Харин сэтгэл санаа нэн хөнгөхөн байх нь гайхалтай. Харин манай аяллын гол баатар хөнгөн хөлт Фродо /Батсайхан/ бөгжийг хадгалагчийн бат найдвараар үүргэвч майхан хоёртоо үнэнчийн гайхамшгийг үзүүлж явсан. Өмнөх аяллын үеэр Асралт хайрхны бэлд бүгд майхнаа орхицгоон үүргэвчээ хөнгөлөхөд мань Фродо ганцаараа майхнаа нуруунаасаа салгаагүйн хүчинд оргилд гарах үед огцом хувирсан тэнгэрийн араншин, мөндөрийн шуурганд багийнхнаа аварсан гавъяатайг Омгийн ахлагч олзуурхан дурсаж явсан юм.

Бид эх орныхоо байгалийн сайханд нүд сэтгэлээ алдаж тэрхүү хүчирхэг ариун байгаль дэлхийдээ уусан баясахын зэрэгцээ, өөрийнхөө бие болоод сэтгэлийн хүч чадал, зүрх зоригийг сорих алхам хийж яваадаа тун ч урамтай байсан юм. Зэрлэг онгон байгальд өөрийн бие махбодын хүч чадалд дулдуйдан хэд хоногоор аялна гэдэг тийм ч амар зүйл бишээ. Учир нь бид цэвэр байгалийн хүчин зүйлд захирагдан, тэнгэрийн зарлигийг үг дуугүй дагах хэрэгтэй болно. Халуун нар, хүйтэн бороо төдийгүй, хад чулуу, намаг, нойтон өвс ургамал, ялаа шумуул гэх мэт аян замд бэрхшээл учруулж болох бүхэнд сэтгэлзүйн болоод эд материалын бэлтгэлтэй байх шаардлагатай ажээ.

...Ийнхүү алхсаар шугуй гэтэлж уулын хөндийн борог багширсан өвсөн зам дээр гарч ирэхэд аяллын багийнхны алиа егөө үг салхи хөгжтөл цуурайтаж хөгжилтэй инээд хөглөж эхэлнэ. Шугуйн дунд толгой нь шоволзохоос өөр бараа сүргүй явсан Цэрэнжамц зурагчин аман хуураа гаргаж амжил завсар дунд нь аяллын зургуудаа дарна. Аппарат чад пад хийхтэй зэрэгцэн манай хоёр бяцхан аялагч дүрсгүйхэн фозоо өрсөлдөн үзүүлж хөгжил хөөр нэмнэ. Довон дунд өрөөсөн хөлөө живүүлчихээд өөрөө гарах гэж чимээгүйхэн зүтгэж байгаад баригдсан Зандаагийн онигоог хүч нэмэгдүүлэн давс хучир нэмсээр адал явдалт олон ангит киноны нэгэн шинэ ангийг бүтээгээд авна. Дараагийн анги Мөнхтулга, Батсүх хоёрын мөр даран алхахад тохиолдох шинэ паянгаар үргэлжилнэ. Аяны зам хөнгөн газар ам хуурайгүй хөгжилдөцгөөнө. Шугуй тааралдах үес шуухитнаад нам болцгооно. Биеийн шингэнээ нэлээдгүй алдаж битүүхэндээ ядралаа нуун гэлдэрч яваа би урд алхах Өнөрзулын хөлийн шийдмэг тавилт, ажралгүй туулах алхаанаас урамшиж хэсэг л урагшилна. Тэгээд цуцна. Батсайхан, Мөнхтулга, Хүдэр, Цэвээндорж нарын бараа алсрах бүр түгшил төрж алхаагаа нэмнэ. Номинчимэд дарга Гэндальфийн таягандаа уйгагүй шивших зуураа урд нэг орж ард нэг үлдэж мацна. Цэрэнжамц ахын хөл цэцэг хараад хөнгөрнө. Бид урагшилсаар...

Хагийн хар нуур нь эргэн тойрон ойгоор хүрээлэгдсэн нутаг бөгөөд хаа очиж соёл иргэншлийн хөлд тахлагдалгүй ариун дагшинаа хадаглаж үлдсэнд нь бид баярлаж явлаа. Ийм л газар нутгаа онгоноор нь байлгаж хойчийн хүмүүст үлдээж чадвал өнөөгийн бидний амьдарч ирсэний нэгээхэн утга учир орших бизээ. Нуураа хамгаалах гэсэн мэт нүүр ороолгосон торлогон шугуй, хөл алдам памбалзуур намаг, утаа мэт дагах шумуул, хэрийн машин явмааргүй ганга жалга, эгц эрэг бүгдэд нь талархан явсанаа нуух юун. Байгаль ингэж нуураа хамгаалдаг ажээ.

Манай аяллын багийхан хэчнээн их бартаа туулсан хэдий ч хэнийх нь ч амнаас ядарлаа гэсэн үг огтхон ч гараагүй. Бодвол хотын нүргээнт амьдралаас зайдуу зэлүүд онгон нутгаа дээдлэн биширч, байгалийн сүр жавхланд татагдсаных буй за. Энэ нутагт малчид нутагладаггүй юм байна. Харин өвөлдөө бол анчидын хийморь сэргээсэн газар гэдэг нь анзаарагдаж байсан. Голын ширэг, уулын бэлээр гахайнд сийчүүлсэн газар их тааралдаж байсан. Бугын жимээр өгсөж яваад хандгайн баас мөнийг Б.Номинчимэд тодруулсан, мөн биднийг торлогон шугуй руу орж явахад хоёр ч бор гөрөөс зам хөндлөн боролзгоны бутан дээгүүр дүүлэн холдож билээ. Энэ бүхнээс үзэхэд яах араггүй ан амьтан ихтэй ариун дагшин нутаг юм. Бид очиж явах даа хагас хоол хүнсээ торлогон шугуйн хаяанд орхилоо. Үүнийгээ “хээрийн баталгаат гаалийн агуулах” гэж нэрлэв. Мөн бүрий болсон учир давааны наана хоноглосон юм.. Өглөө нуурын зүг явахдаа майхан болон зарим хувцас хоол хүнсээ орхилоо. Энэ газраа мөн л “Их отог буюу ойн баталгаат агуулах” хэмээн тус тус нэрийдэн хөгжилдөж явсан билээ. Нуурын усан мөнгөлөг өнгөөр бидэртэн долгилж, зан сайтай гоёмсог хадагтайн дүрээр угтсансан. Номинчимэдийн тоглосон лимбэний аялгуунд нуурын ус ар араасаа хөөцөлдөн давалгаалж эргийнхээ элсэнд тулж эвхрэн бүжих нь нэн төгөлдөр.. Нуураас наашаа явах үед нартай бороо орж, тэнгэр нүргэлэн дуугарсан нь байгаль дэлхий биднийг талархан үдсэн хэрэг хэмээн билэгшээцгээж билээ. Бид зам зуур орхисон зүйлээ аван Туул голыг гатлахаар торлогон шугуйд яаравчлан явахад бороо шивэрч эхэлсэнсэн. Туулын ус бүсэлхийгэр татаж, гар гараасаа хөтлөлцөн урд эрэг дээр амжиж гарсаны дараа усны түвшин эрс нэмэгдсэн юм.Ийнхүү бороон дунд майхнаа босгож, зарим нь модонд явж гал түлж норсон хувцасаа хатаан, аян замын адал явдлаа дэлгэн хуучилж аяллынхааы сүүлчийн шөнийг үдсэн билээ.

Дашрамд хэлэхэд Б.Занданхүү, М.Өнөрзул хоёр маань тэнгэр, газрын бартааг тэвчээр заан туулж, ямар ч эрчүүлээс дутахгүй бүсгүйчүүл гэдгийг нотлон харуулсанд багийн нийт эрчүүдийн өмнөөс талархал илэрхийлье. Аялал үргэлжилнэ, ахиад бид явна, өөдөөс гар шиг тосох, өлзий ерөөлт мөнхийн урсгалт зам хүлээж байгаа...

Б.Занданхүү
Б.Цэрэнжамц

No comments: