Wednesday, June 27, 2012

Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын “Эрдэнэсийн сан” цувралаар хэвлэгдэж буй номууд


Эдгээр номуудыг шилж сонгохдоо дэлхийн хөгжингүй орнууд сургалтынхаа системд оруулсан, хүүхэд багачууддаа заавал уншуулдаг номуудаас ихэвчлэн сонгосон болно. Англи, АНУ, Франц гээд дэлхийн хөгжингүй орнуудын хүүхэд багачууд ямар түвшинд уншиж байна, бидний үр х...үүхэд ч мөн адил тийм түвшинд унших ёстой. Тэгэж байж энэ даяарчлалын өрсөлдөөнд тэсэж үлдэх, улмаар хөгжих нэгэн суурь болно. Мөн дэлхийн хүүхдийн шилдэг зохиолд олгодог, бага Нобелийн шагнал гэхдэх Андерсений алтан медальт зохиолууд, Нобелийн шагналтнуудын хүүхдүүдэд зориулсан бүтээлүүд, олон улсын хүүхдийн зохиолын шилдэг шагнал авсан бүтээлүүд, сүүлийн 100 жилийн туршид хүүхдийн шилдэг зохиолын жагсаалтыг тэргүүлж буй болон уран сайхны кино, хүүхэлдэй кино, жүжиг, тоглоом болсон шилдгийн шилдэг бүтээлүүд энэ жагсаалтад орсон болно. Хүүхдүүддээ дэлхийн түвшиний боловсрол олгоё, зуных нь амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлье.
Холбоо барих утас: 99100572, 98989959

Өөрсдөө эхэлж унших номууд: (1-3-р ангийнханд)
1. “Питер нэрт туулай”, “Ремус өвөөгийн үлгэрүүд”
2. А.Милн “Винни Пүү нэрт тэнэгхэн бамбарууш”
3. А.Дюма “Багачуудад зориулсан ер бусын түүхүүд”
4. “Хауфын үлгэрийн цоморлиг”
5. Х.Андерсен “Аз жаргалын шаахай”
6. К.Коллоди “Пиноккио нэрт модон хүүгийн үлгэр”
7. Сонгодог зохиолчдын бүтээлүүд “Өвлийн үлгэр”
8. О.Уальд ”Аз жаргалтай ханхүү”, Ф.Бөрнет “Цэнхэр цэцэгсийн орон”
9. Ф.Баум “Маргад хотын гайхамшигт шидтэн ОЗ”
10. Ян Энкольм “Тутта Карлсон”
11. Д.Рескин “Алтан голын хаан”, А.Погорельский “Хар тахиа”
12. О.Пройслер “Бяцхан шулам”
13. Э.Т.Гофман “Самарцөмөгч ба хулганы хаан”
14. М.Метерлинк “Цэнхэр шувуу”
15. Элинор Фарджон “Тоорын мод, охин хоёр”
16. Р.Киплинг “Зүгээр л үлгэрүүд”
17. Э. Распэ “Мянгуужингийн адал явдал”
18. Э.Рауд “Углавч, Талшаахай, Хөвдөн сахалт”
19. Э.Успенский “Гена матар ба түүний нөхөд”
20. Х.Лофтин “Долитл эмчийн аялал”
21. К.Грахам “Бургаасан шугуйн салхи”
22. “Таван сургамж буюу Панчатантра”
23. “Мянга нэгэн шөнийн үлгэр”
24.“Балет болсон түүхүүд”
25. Р.Киплинг “Ширэнгэн ойн ном”
26. Т. Кандзава “Эмээг шар шувуу байхад”

Ойлгож унших номууд (4-6 дугаар ангийнханд)

27. В.Хюго “Эх дагинын сүмийн бөгтөр”
28. Ф.Бөрнет “Бяцхан гүнж”
29. Л.Алкотт “Жаалхан авхай нар”
30. Ж.Спайри “Хэйди охин”
31. Ф.Бөрнет “Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн”
32. Ф.Бөрнет “Нууц цэцэрлэг”
33. Д.Уисс “Эрэлхэг Робинзоныхон”
34. Р.Балантайн “Шүрэн арал”
35. Марк Твен “Хаклебери Финний адал явдал”
36. Р.Стивенсон “Эрдэнэ нуусан арал”
37. М.Шелли “Фрэнкенстейн буюу Мангас бүтээгч”
38. Х.Хаггард “Соломон хааны эрдэнэсийн сан”
39. Р.Стевенсон “Жекилл, Хайд нарын хачирхалтай явдал”
40. Ж.Аустин “Бахархал ба бардамнал”
41. Э.Бронте “Аянгат даваа”
42. Р.Стевенсон “Хулгайлагдсан хүү”
43. Г.Лерүкс “Дуурийн театрын хий үзэгдэл”
44. К.Уиггин “Нарлаггорхи эдлэнгийн Ребекка охин”
45. А.Сэвел “Хөөрхөн хар”
46. “Раамын үлгэрийн цоморлиг”
47. “Артур вангийн домог”
48. Ч.Диккенс “Аугаа их итгэл найдвар”
49. Ж.Лондон “Цагаан соёот”
50. Ж.Верн “Дэлхийг 80 хоногт тойрсон нь”
51. А.Доил “Шерлок Холмсын адал явдал”
52. Л.Кэролл “Алиса толин дотор”
53. Б.Стокер “Цус сорогч Дракула”
54. Л.Монтогомери “Ногоон давхарцагийн Анна охин”
55. “Робин Хүүдийн домог”
56. Х.Г.Уэлс “Цаг хугацааны машин”
57. Ж.Мелвилл “Моби Дик”
58. С. Томпсон “Чин зоригт адгуусан амьтдын үлгэр”
59. Л.Монтогомери “Эвонлигийн Анна”
60. М.Дож “Мөнгөн тэшүүр”
61. М.Твен “Ханхүү, ядуу хүү хоёр”
62. А.Дюма “Төмөр багтай хүн”
63. М.Сидней “Таван бяцхан Пэппер”
64. Л.Алкотт “Жаалхан эрчүүд”
65. Ж.Барри “Питер Пэн, Винди хоёр”
66. Ж.Барри “Питер Пэн Кенсингтоны цэцэрлэгт”
67. Т.Янссон “Илбэчний малгай”
68. Ян Бжехва “Ноён Бэхэндусалын аялал”
69. Ж.МакДональд “Гүнж ба Гоблинууд”
70. Орасио Кираго “Ухаант аварга могойн түүх”
71. “Шидэт хүүрийн үлгэр”
72. Р.Киплинг “Шидэт толгодын савдаг”
73. П.Трэверс “Интоорт гудамжны Мэри Поппинс”
74. А.Волков “Шар манан”
75. А.Волков “Газар доорхи орны долоон ван”
76. А.Волков “Маррануудын галын бурхан”
77. А.Волков “Мартагдсан цайзын нууц”
78. Пол Геллико “Женни муур”
79. Э.Несбит “Нойтон шид”
80. К.Солтен “Бэмби”
81. Сонгодог үлгэрүүд “Хүрхрээний дуу”
82. Миядзава Кендзи “Кендзюгийн төгөл”

Ухаарч унших номууд (7-9 дүгээр ангийнханд)
83. К.Льюис “Шидтэний зээ дүү”
84. К.Льюис “Арслан, шүүгээ, цагаан шулам”
85. К.Льюис “Морь, хүү хоёр”
86. К.Льюис “Каспиан ханхүү”
87. К.Льюис “Үүрээр аялагч хөлгөөр зорчсон нь”
88. К.Льюис “Мөнгөн сандал”
89. К.Льюис “Сүүлчийн тулаан”
90. Б.Алмазов “Хамгийн сайхан морь”
91. Н.Боуден “Шулмын охин”
92. К.Патерсен “Аугаа их Гилли Хопкинс”
93. П.Бажов “Зэст уулын эзэгтэй”
94. В.Ирвинг “Нойрмог хөндийн домог”
95. С.Лагерлеф “Шидэт дэнлүү”
96. Э. Портер “Поллианна”
97. Л.Кэрролл “Алиса гайхалтай оронд”
98. Э. Гоуж “Бяцхан цагаан морь”
99. С.О’Делл “Дельфинт цэнхэр арал”
100. “Махабхарата буюу Пандугийн удмынхны их тулалдаан”
101. “Эр зоригийн туульс”
102. “Эртний цайзын сонин хачин”
103. “Гэсэр”
104. “Хомерын туульс”
105. “Эртний Грегийн домог үлгэрүүд”
106. Ж.Толкеин “Бөгжний эзэн - Бөгжний ахан дүүс”
107. Ж.Толкеин “Бөгжний эзэн - Хоёр цамхаг”
108. Ж.Толкеин “Бөгжний эзэн - Эзэн хаан эргэж ирсэн нь”

Эцэг эхээрээ уншуулах номууд:
1. Дэлхийн шилдэг аж байдлын үлгэрүүд
2. Дэлхийн шилдэг шидэт үлгэрүүд
3. Дэлхийн шилдэг баатарлаг үлгэрүүд
4. Дэлхийн шилдэг инээдмийн зохиолууд
5. Дэлхийн шилдэг айдсын зохиолууд
6. Өрнө дахины домгууд
7. Дорно дахины домгууд
8. Эльфийн тухай домгууд

Friday, June 22, 2012

Жаал хөвүүн, ном хоёр

Ажлаасаа чөлөөлөгдчихөөд, гэр зуураа эргэлдэж, зав чөлөөтэй болоод, эргэн тойрноо анзаарвал уншчих санаатай энд тэндээс нэг хоёроор нь зөөсөөр овоо олон болгочихсон баахан ном ор дэр, шүүгээ саваар нэг хөглөрч, заримыг нь хайрцаг саванд хүртэл баглаад овоолчихсон байх ажээ. Түүхийн голдуу, улс төр, гүн ухаан, янз бүрийн хүний дурсамжууд, бас уран зохиолын номууд ч харагдана. Интернетээс татаж аваад, хэвлээд дэвтэрлээд үдчихсэн нь ч байна.... Тэдгээр номуудыг хараад харуусал, гуниг зэрэг зэрэг төрж байх юм. Хичнээн ч олон өдөр хоног, сар жилүүдийг үр бүтээл нь төдийлөн үзэгдэж харагддаггүй төрийн ажлын төлөө гүйсэн болж, хий дэмий өнгөрөөгөө вэ? Энэ олон номуудыг байтугайг нь уншиж, бичиж, мэдэж сурах хичнээн их цаг хугацааг намрын салхинд хийсэн одох хамхуул мэт үр өгөөжгүй, үлдэх мөргүй өнгөрөөгөө вээ хэмээх харуусал эрхгүй цээж зурах шиг болов. Энэ аж амьдралын төлөөх тэмцэлд, тэртээ нэгэн цагт талийгч болсон найрагч андын маань надад бичиж байсан захиандаа бичсэнчлэн “боорцог талхны бор түрхэн дайнд хамаг сайн сайхан, эрч хүч, итгэл мөрөөдлөө сохор зоосны ч үнэгүй үрээд” дуусгачихсан мэт сэтгэгдэл төрнө. Гээд яахав дээ. Харуусал гэхийн учир нь ийм...
Гуниг гэхийн учир нь тэдгээр номуудыг хэзээ уншиж дуусгана даа гэхээс халшрах ч шиг, нэг их хүнд хүчир ажил мэт санагдаж, нэг л мэдэхэд өөрийн эрхгүй гүнээс гүн санаа алдчихсан байх юм. Олон сайхан номууд дунд сууж байхад жаргал мэт санагддаг тийм үе байж, гэвч тэр мэдрэмжээ бүүр түүрхэн л санана. Нээрээ, нэг тийм гэгээн сайхан үе хүний амьдралд бас байдаг ажээ. Ном хараад баярладаг, шунан шунан уншдаг, гэрэл гэгээнд тэмүүлсэн, ямар нэг сайхан юмыг, баттай итгэл үнэмшлийг эрж хайсан тийм л үе. Аргалын утаа тэртээ дээр суунаглан сэнхэртэх нам гүмхэн зуны үдшийн тэнгэрийн хаяанаа гялалзах анхны од шиг тийм л ховорхон үе. Ингээд тэр сэмэрсэн гунигаа хөглөж улирч одсон тэр дурсамжийн сэнхэр мананг жаахан жаахан сөхсү. Их олныг дурсаж болох ч ... дэмий л юм даа.

...
Сайхан номуудыг ганцхан амьсгаагаар унших ч бас сайхан байж дээ. Дэргэдээ баахан ном овоолж тавьж байгаад, нэгийг нь дуусгаад дараачийн гарт таарсныг шүүрч аваад л, хажуудаа хэдэн боорцог, данхтай булгын хүйтэн ус тавьчихаад, хааяа номноос хараагаа салган дээш харж, тэнгэрт үүл нүүж байгааг, хажуугаар ямаа туусан хүн явж байгааг, ээж надаас гуйж залхаад өөрөө усанд явж байгааг анзаарч, хоёр өөр ертөнцийн торгон зааг дээр буйгаа нэг мэдэрчихээд л дахиад өнөөх номруугаа шумбаад орчихдогсон. Одоо тэгэж уншвал лавтай ядаргаанд ороод тэсэхгүй мажийх байх даа. Хэн ч билээ, уншсан номондоо тэмдэглэл хөтөлвөл их сайн байдаг гэхээр нь хөтөлдөг болсон. Зохиогчийн нэр, номын нэр, хэвлэлийн хуудас, гол баатар, гол агуулга, сэтгэгдэл гэсэн хэсгүүдийг хүснэгтээр зааглаж өгсөн тийм номын тэмдэглэл. Хоёрдугаар анги төгсөх жил таван дэвтэр дуусгаад, 250 гаруй номын ард гарчихсан байсан санагдана. Тэр жилээ Нацагдоржийн зурагтай “Номын сайн нөхөр” гэсэн тэмдэг, үнэмлэх авсан. Гуравдугаар ангиас хойш буюу уншсан номын маань тоо 800 хүрснээс хойш тэмдэглэл хөтлөөгүй, тэр тэмдэглэлүүд номын санд нооройгоод л явдаг байсан, нүүдэл суудалд үрэгдээд алга болжээ.
Миний багад буюу 1970-аад оны сүүлч, 80-аад оны эхээр сумын болон сургуулийн номын сан бас ч гэж сайхан баялаг байж дээ. Тийш ороход үнэр нь хүртэл нэг л өөр. Хүүхдийн маш олон номууд байсан, одоо заримынх нь нэрийг мартаж, тэгээд ч тэр бүрийг санаж бичнэ гэвэл бишгүй их юм болно, зүгээр сэтгэлд гүн гүнзгий хоногшин үлдсэн цөөн хэдэн номууд, зарим сонин дурсамжуудаа л сөхөе.
"Бэмби" гэж мөн ч сайхан сонин зохиол байж. Уншиж дуусаад, өөрийгөө, орчноо мэдрэхэд нэг л сонин мэдрэмж төрөх. Наанаа хүүхдийн зохиол мэт ч цаанаа оршихуйн гүн ухааныг айхтар мэдрүүлсэн зохиол доо. Борис Васильевийн "Бүртгэлд ороогүй хүн"-ийг уншаад, бүтэн арван сар бууж өгөөгүй Коля хамгийн сүүлд 4 дүгээр сард харанхуй нүхнээсээ таг сохорчихсон, хүний оронцог болсон амьтан гарч ирэхэд Герман офицер цэргээ хүндэтгэлийн жагсаалаар угтан авч буй тэр хэсэг дээр хүнээс гарч болдог тэр аугаа хатан тэвчээр, хүчин чадлыг бахархсандаа тэсэлгүй уйлж, түүнээ хүнээс нуух гээд номоо бариад шуудууны ар луу гүйж билээ. Хүмүүс шоолдог байсан юм. Тавд байх жил А.Дюмагийн "Хорин жилийн хойно" дөнгөж хэвлэлээс гараад, номын санд ирээгүй, дэлгүүрт ирсэн, хэдэн ч төгрөг байлаа даа, 18 төгрөг ч байл уу, авч дийлдэггүй, дэлгүүрт хааяа орж, лангуун дээр байгаа бүдүүнээс бүдүүн том зузаан хар ногоон хатуу хавтастай номыг нэг харж, хааяа худалдагч эгчийг гуйж авч эргүүлж нэг, илж нэг үзээд, санаа нэг алдчихаад л буцдаг байж. Азаар эгч нэгийг худалдаж авч, эгчийн уншиж байгаа номыг авч нууж байгаад уншиж билээ. Эгч номоо хайгаад бөөн юм болно, би мэдэхгүй царайлаад л сууна, намайг нуусныг мэдэх учир гэрээр хайна, би гэрээр хайдгийг нь мэдэх учир хураалттай түлээн дотор нууна. Ажилдаа явангуут нь номоо бариад авна. Урьд нь "Шадар гурван цэрэг"-ийг уншчихсан байсан тул, Артаньян, Атос, Аримис, Портос дөрөвтэй дахин учрахсан, аймшигт Решилье хамбатныг дахин харахсан гэхдээ тэгэж их хорхойссон хэрэг байх. Анх шадар гуравтай нэг нимгэхэн зурагт номоор танилцаж байсан юм. Их сайхан зурагтай, одоогоор бол комикс ном юм. Зургийг нь хуулж зураад л суудагсан. Тэр үед ч бас их сайхан комикс номууд байсан юм шүү. Ангийнхантайгаа хааяа шадар дөрөв болоход Артаньяан болж тоглоно. Гэхдээ цаанаа бол надад Атос ямагт таалагддаг, нэг тийм хүчирхэг, эрхэмсэг байдалд нь татагддаг байж. Стендалийн “Улааныхан ба харынхан”- ы Жульений их өвөрмөц үгүүдийг тэмдэглэлийнхээ дэвтэрт бичээд авчихна. Тэр үед чухам юугаа ч ойлгож байсан юм бэ, бүү мэд, цаазын ялаас өршөөгдөх бичигт гарын үсэг зуруулахаар амраг хүүхэн нь шоронд ирээд уйлж, унжин гуйхад “Энэ ертөнцөд надад хийх ажил алга” гээд үхлийг сонгож буй тэр хэсгийг дахин дахин уншина. Тэр үгээс нь нэг их хүч чадлыг, энэ ертөнцтэй, энэ хүн төрөлхтөнтэй бүгдтэй нь тэрсэлдэж чадах их хүч чадлыг мэдрэх шиг болно. Харин Жульенээс ч илүү хүчирхэг, түүний бахархал, үлгэр дуурайл болсон Напольен гэдэг хүнийг тэр үеэс их сонирхож, бараг түүний нэртэй холбоотой бүхнийг хамаж шимж уншаад дуусгаж билээ. Майн Ридийн “Зоригт анчин бүсгүй”, Фанимор Куперийн “Сүүлчийн могикан”, Жованоли байх аа, Италийн зохиолчийн “Спартак” зэрэг зохиолуудыг мөн ч их шунан шунан дахин  дахин уншсан. Ункас буюу Хурдан буга, Аугаа их Делавар овгийн сүүлчийн их удирдагч Чингачук буюу Аварга могой хэмээх аав хүү хоёрын эмгэнэлт боловч омог бардам төгсгөлийг мартахын аргагүй. Мөн Куперийн байгалийн сайхан зураглалууд.  “Би үхэхээр шийдлээ” хэмээн хашгиран, алагдсан цэргийн илд шүүрэн аваад бөөн дайсан руу дайран орж буй Крикс, аяны маршаар алхаж аваа манипул, когортуудынхаа манлайд дуу аялан алхах нүсэр хүчирхэг Эномой, гоо сайхан, дурламтгай Арторикс гээд л Спартакийн шилдэг баатар жанжидийн дүр төрх нүдэнд харагдах шиг болж, легионерүүдийн аймшигт зууралдсан алалдааны дуу чимээ чихнээ хангинах шиг болно. Цезарь тэнд тунчиг нууцлаг товчхон дүрслэгдэнэ. Аугаа хүчирхэг боловч дуурсах өчүүхэн ч гавьяагүй үлдсэн хүсэл тэмүүлэлгүй хөөрхий Каталинаг, бас Эвтибада хэмээх гоо сайхан грег хүүхний хорон ухааныг гайхаж... Дараахан нь ЖЗЛ цувралаар гарсан “Спартак”-ийг мөн ч их эргүүлсэн дээ. Родос нутагт буюу одоогийн Болгарын ямар ч хотод нь билээ, төрсөн нутагт нь л юмдаг, Спартакийн илдээ түшин зогсоо аварга гантиган хөшөөнд нь хэзээ нэгэн цагт очино доо хэмээн мөрөөддөг байсан, одоо тэр мөрөөдөл ор мөргүй алга болжээ. Хэрвээ одоо надад тийш очих шалтаг байна гэвэл арван хэдтэй тэр мөрөөдөмтгий балчир жаалтайгаа л дахин учрах гэж явах байх.
“Айвенго”, “Арван таван наст капитан”, “Капитан Грантын хүүхдүүд”, “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Нууцат арал”, “Тэр жилийн зун”, “Үлдэгсэд ба үрэгдэгсэд”, “Хал үзэж цэрэг болдог”, “Мөнхийн дуудлага”-2 боть, “Зоригт далайчин”, “Инээмтгий хүн”, “Оливер Твист”, “Давид Копперпильд”, “Эрдэнэ нуусан арал”, “Хулгайлагдсан минь”, “Мөнгөн ноён”, “Өш хонзон”, “Полутони орноор аялсан нь”, “Каллисто гариг”, “Дорд үзэгдэгсэд”, “Ахмадын охин”, “Консуэло”-3 боть гээд мөн ч олон сайхан номуудыг дахин дахин уншсан даа. Тэр бүгдийг тоочно гэвэл барагдахгүй.
Ренчин гуайн орчуулсан “Эртний Чех домог үлгэрүүд” гэдэг хоёр дэвтэр гайхамшигтай сайхан зураг чимэглэлтэй, бас гайхамшигтай яруу сэцэн хэл хэллэгтэй мөн ч сайхан ном байдагсан. Одоо тэр ном ер нүдний гэм болжээ. Гүржийнх билүү, Узбекийнх билүү нэг зохиолчийн “Дүрсгүйтэж явсан минь” гээд нэг хөгжилтэй ном байх. Ёстой нэг холиог нь хутгаж өгдөг хоёр хүүгийн тухай ном. Номруугаа нэг тонгойгоод л хөхөрч унаад байх. Түүнийг дуурайн бас хөөрхөн дүрсгүйтээд авна. Саяхан Урт цагааны урд байх хуучин номын лангуунаас тэр номтойгоо таарч, балчир багын найзтайгаа учирсан мэт их л олзуурхан баярлаад, авчраад уншсан, тэр багадаа тэгэж их хөөрөн хөгжилдөж байсан мэдрэмж ор тас байхгүй. Хамгийн инээдтэй хэсэг дээр нь ч нэг сайн ч мушийхгүй, аргагүйн эрхэнд л тэр бага хөвүүн сэтгэлийг өхөөрдөн бодож нэг муухан мушийсан байх даа, өдий хүртэл туучиж ирсэн амьдралын тоос тортог сэтгэл зүрхийг минь тэгтэл нь их дарж, тортоглож үү дээ.
Бас “Тиль Оленшпигелийн домог” гэдэг нэг нимгэвтэр цагаан хавтастай ном байх. Их хөөрхөн уран ёж зурагтай. Их ч зугаатай хөөрхөн номсон. Бараг бүх адал явдлууд нь сэтгэлд үлджээ. Тэр Андерсений “Хаан шалдан байна” гэдэг үлгэрийн ориг эх нь чухам энд бий. Энэ Тиль Олиншпигель гэдэг нөхөр бол манай Бадарчин Баадай шиг Скандинавын орнууд, Дани, Холланд, Норвеги орчмын ардын уран хошин баатар. Дундад зууны үеийн хүн... Хэн нь ч билээ, Европын нэг зохиолч энэ домгоос сэдэвлээд “Уйленшпигелийн домог” гэдэг зузаан роман бичсэнийг нь манайд бас орчуулаад гаргасан байсан, гэвч эхний цагаан хавтастай ориг эхийг уншсан хүнд тэр зузаан роман огтоос сонирхолгүй.
Андерсен мэдээж заавал дурдах учиртай хүн. “Эрэлхэг зоригт тугалган цэрэгт тохиолдсон адал явдал” гэдэг ном нь миний үед орчуулагдаад гарсан байсан. Бас нэг нимгэвтэр хөөрхөн зураасан зурагтай ном байсан, нэрийг нь санадаггүй. Ер Андерсений ертөнц бол ер бусын аугаа уудам, сэцэн цэлмэг, эр зориг, хайр энэрэл, гэрэл гэгээ баялхсан гайхамшигт ертөнц. Хүүхэд насандаа Андерсентэй учирна гэдэг бол нэн ховор тохиох аз завшаан юм. Одоо ч Андерсенийг манайхан хангалттай орчуулж гаргажээ. Энэ цагийн хүүхдүүд маань их азтай.
Мөн Тургеневийн охид, хүүхнүүдтэй хүүхэд насандаа танилцаад авахад тун гэмгүй. Түүний хүүхнүүд бол жинхэнэ идеаль болсон мөрөөдлийн бүсгүйчүүд. Хөвгүүд бол өөрийн эрхгүй тийм яруу гоо, цэвэр тунгалаг, ухаан билэгтэй, оргилуун охидыг хайж, мөрөөдөж эхлэх болно. “Хаврын цасны ус”, “Анхны дурлал”, “Зойко” гээд л... Охидод тавих шалгуур мөн ч өндөрсөнө дөө.
Энэ мэтээр үргэлжлүүлбэл “Уруугаа ургасан мод”, “Галуу дагасан гайхамшигт аян”, “Эрэлхэг цэрэг Швейкт тохиолдсон адал явдал”, “Хүний бяцхан үр Детти”, “Нора” гэх зэргээр мөн ч олон сайхан номуудын тухай бичих болох нь.. Хойш нь тавия. Гэхдээ бас “Хомерийн туульс”, “Роланд баатрын дууль”, “Небулунгуудын дуулал”, “Игорын хорооны дууль” зэргүүдийг огт дурдалгүй өнгөрвөл алдас болно.
Мэдээж хэрэг энэ олон номуудын тухай ярьж байж монгол зохиолчдынхоо тухай дурсахгүй өнгөрвөл бөөн юм болох нь гарцаагүй. Үсэг холбож сураад бие дааж уншсан анхны ном маань “Нууц товчоо” байж билээ. Асар сайндаа ч биш, намайг дөнгөж уншиж сурч байх үед манай гэрт байсан ах эгч нарын сурах бичгүүдээс өөр уншчих цорын ганц ном нь “Нууц товчоо” байсан юм. Бүгдийг ажил, сургуульдаа гараад явсан хойгуур гэрээ сахиж үлддэг надад тэр номтой л зууралдахаас өөр сонголт байгаагүй нь нэг талаас их ховор аз юм уу даа. Нимгэвтэр, далбагар том, хатуу хар бор хавтастай, дотроо бүлэг бүр дээрээ цоолбор зурагтай “Нууц товчоо”. Одоогийнх шиг биш, нэлээд хуучны үг хэллэгтэй, нүүрэн дээрээ дугуй хээтэй санагдана. Тэр хэвлэлт одоо нэгэнт үзэгдэхээ больжээ. Хараад л явдаг юм, нэг таарвал олж аваад таг хадгална даа. Тэгээд уншихийн хажуугаар хуулж бичээд, зургийг нь зураад суудаг байж. Өдгөө ч би “Нууц товчоо”-гоо уншсаар л байна. Бараг дөчин жил уншаа юу даа. Энэ номоос би огтхон ч уйдаж байсангүй, номын сан, ор дэрний минь хавьд хамгийн ойрхон байдаг номуудын нэг. Унших бүр нэг ухааны учиг гарч ирэх. Ер энэ талаар тусад нь нэг ном бичихээр төлөвлөсөн байгаа. Гэхдээ мэдээж судалгааных биш. Нийтлэл, эсээ маягийн ном юм уу даа.
Дараахан нь сургуульд орж, номын сан гээч сайхан юмтай танилцсан цагаас манай монгол зохиолчдоосоо анхлан танилцсан хүн бол Нацагдорж гэдэг хүний (овгийн эхний үсгийг мартажээ, нэлээд хэдэн Нацагдоржуудын нэг) “Эр зоригийн туульс” гэдэг хувьсгалын үеийн тухай гардаг нэг жижгэвтэр хүүхдийн тууж, чоно, туулай, үнэгнүүдийн тэмцлийн тухай гардаг нэг хөөрхөн хүүхэлдэйн жүжигтэй ном байж билээ. Түүний дараагаас Ч.Арьяасүрэн гуайн “Түн Түн Пан буюу ойн дээрэмчдийн адал явдал”, “Сүүлэнхүүд тохиолдсон явдал”, бас зохиогчийг нь санахгүй байна “Номхон хээр” гээд морьдын тухай ном, С.Надмид гуайн өгүүлэг туужууд гээд л. Л.Түдэв гуайгаас бол “Уулын үер”-ийг нь анхлан уншсан, яг миний өсөж төрсөн тэр нутагт үйл явдал нь өрнөдөг учраас, зарим баатар нь аавын ярьдаг хууч ярианд гардаг хүмүүстэй их адил төстэй байсан учир сонирхож уншсан. Дараагаар нь ер Л.Түдэв гуайн бичсэн бүгдийг нь уншсан дөө. Нэр нь санаанд орж ирэхгүй байна, нэг зөгнөлт тууж нь тодхон санагдаж байна. “Үл ажиглагдах онцгой учралууд буюу Хорвоотой танилцсан түүх”, “Оройгүй сүмийн нууц” хоёр бол яах аргагүй манай утга зохиолын оргил бүтээлүүдийн нэг.
Мөн Лодойдамба гуайн “Манай сургуулийнхан”-ыг маш сайн уншсан. Учир нь мөн л үйл явдал нь манай нутагт болдог, аавын ярьдагтай яг адил байсан. Ер нь бас Лодойдамбын бичсэн бүгдийг нь шавхаж уншсан. “Тунгалаг Тамир”-ыг уншихдаа зөвхөн Цахиур Төмөрийн гардаг хэсгүүдийг цойлдож уншчихаад дараа нь бусдыг нь уншина. Д.Маамын “Газар шороо”-г ч бас Хангай Базар, Бух Дагдан хоёртой хэсгийг нь эхлээд цойлдоод уншчихна. С.Пүрэв, С.Гармаа, Д.Мягмар нарын өгүүлэг туужуудыг ер үлдээгээгүй, шавхсан. С.Пүрэвийн ертөнц гайхамшигтай тунгалаг, гэгэлгэн. “Гангаамаа нутагтаа бий” гэдэг билүү дээ нэг өгүүллэгийн түүвэрт олон гэгээн тунгалаг өгүүллэг бий дээ. Уурхайчны тухай өгүүлэх “Алтай” туужыг нь хонины хажууд уншиж суугаад хонио алдчихаад, бахардаж унтлаа гүйж билээ.
Харин С.Эрдэнэ гуай хүүхэд насны минь дурсамжинд тод үлдээгүй юм. Одоо ч мөн адил. Уншихын хувьд бүгдийг нь л уншсан. Нөгөө Гэнимаа гэж гардаг “Амьдралын тойрог” романыг нь нэлээд тод санаж байна. Намдаг гуай ч мөн адил хүүхэд насанд минь содон үлдсэнгүй, харин нэлээд юм үзэж, амьдралд нухлагдаад ирэх үед бол Намдаг гуайн жинхэнэ дүр төрхөөрөө тодорч ирдэг юм билээ. Энэ нь хашир, амьдралын хар бор ухаан давамгайлсан Намдаг зохиолчийн сэтгэлгээний онцлог байх. Одоо бол Намдаг гуайг унших дуртай.
Хэнийх нь зохиолыг сайн санахгүй байна, З.Баттулгынх байж магад, “Билгийн улирал” гээд нэг сайхан туужийн ном бий. За тэгээд, Ренчин гуайн “Заан залуудай”, “Нууцыг хадгалсан захидал”, Чойжилсүрэн гуайн “Өвсний шүүдэр”, Н.Банзрагчийн “Мянган захидлын хариу”, Б.Нямаагийн “Арандалынхан”, Дашдооров, Ж.Бямбаа, Батыжобай, Даржаа, Уламбаяр, С.Лочин гээд л... хөврүүлчихвэл тэр үеийн  монгол номуудын лавлах болно. Тухайн үед хэвлэгдэж байсан бүгдийг нь л үлдээлгүй уншсан.
Хоёрдугаар ангид байхдаа Д.Лувсандорж гээд яруу найрагчийн “Нартай бороо” гээд жижигхээн атлаа тун сайхан шүлгүүдтэй номоор монголынхоо яруу найрагчидтай анхлан танилцсан юм. Сайхан шүлгүүд байсан даа. “Монгол зан” гэдэг шүлгийг нь дуурайн шүлэг хүртэл бичиж үзсэн. Хожим 2004 онд Бээжин ордог галт тэргэнд нэг оргилуун залуутай зам таарч, дотносон танилцвал тэрхүү яруу найрагтай намайг амлуулсан Лувсандорж найрагчийн хүү байж тааран, их л олзуурхан баярлаж билээ. Л.Дуурсах маань одоо олон хэлний электрон толь бүтээгээд л олондоо буян болж яваа нь харагддаг. Олон сайхан яруу найрагчдийг алийг нь нэрлэж барах билээ.
Манай Жангар бол зүгээр нэг баатарлаг тууль биш юм. Ухаж төнхвөл асар нарийн гүн ухаан, амьдралын бүхий л цар хүрээг хамарсан гайхамшигтай бүтээл. Монголынхоо уран зохиолын талаар ингэсгээд өндөрлөе. Би ямар уран зохиолын түүхэн тойм бичих гэж буй биш.
Энэ дашрамд мөн зайлшгүй нэг дурдах зүйл бол хуучин ЗХУ-ын зохиолчдийн бүтээлүүд. Ардчилал гарсны дараахан соц үеийн бүхнийг муйхар мунхагаар үгүйсгэн гутааж байхад ЗХУ-ын зохиолчдын зохиол бүтээлүүд ч мөн адил үгүйсгэгдэн жийгдэж байв. Намайг яг ид уншиж байх үе буюу 1980-аад онд ЗХУ-ын маш олон зохиол бүтээлүүдийг монгол хэлнээ буулгаж байсан нь надад их зол завшаан болсон. Яагаад гэвэл би Зөвлөлтийн зохиолчдын бүтээлээс нинжин сэтгэл, хүнлэг чанар гээч юмыг хамгаас тод, тодоос тод олж харж, мэдэрсэн. Ер Зөвлөлтийн зохиолчдын онцлогыг товчхоноор “Хүнлэг чанар” гэж  тодорхойлж болно. Хамгийн илэрхий тодорхой бичдэгчүүдээс нь хэдийн нэрийг дурдах нь зүйтэй байх. Валентин Распутин байна. “Франц хэлний хичээл” гээд жижигхээн өгүүллэгийг нь дурдахад л хангалттай. “Түймэр”, “Марияад өгөх мөнгө” туужуудыг уншихад хүн чанарын гэгээ тэр түймрийн утаан цаанаас, тэр хотын бэртэгчин сэтгэлгээний цаанаас нэвт гэрэлтэнэ. Виктор Астафаев байна. “Хаан загас” бол хүн чанарын дуулал болсон бүтээл. Василый Быков байна. Дайны тухай бишгүй л олон зохиол бүтээл уншлаа. Гэвч Быков шиг дайны хүрд бэрхийг сэтгэл зүрхэнд ортол дүрсэлсэнтэй таарч байсангүй. Бас л тэр дайны хүнд бэрхийн дунд хүн чанарын гэрэл гэгээ хэрхэн гялбан гялалздагийг илэрхий харуулж чадсан хүн. Өрнөдийн сонгодгуудын л нэгнийх нь юмдаг, зохиогчийнх нь нэр орж ирэхгүй байна, дэлхийн нэгдүгээр дайны тухай бичсэн “Өрнөд Фронтоор онц сонин зүйлгүй” гэсэн ном бий. Маш сайн ном. Мөн Хемингуйэн “Зэр зэвсэг минь баяртай” ч байна. Эдгээр нь дайны тухайд бичигдсэн шилдэг зохиолууд, би унших дуртай ч Быковтоо хайртай хэвээр байгаа.
Василый Шукшин байна. “Ийм нэгэн явдал” байх аа, ногоон хавтастай зузаан ном бий. Уншихад хөнгөхөн мөртлөө тэр дүрүүдийнх нь амьдлаг, бас хүнлэг гэдэг нь... Борис Васильев байна. Юрий Нагибин байна. Гүржийнх байх аа, Нодар Думбазе байна. Чингис Айтматов гэж нэг аугаа сайхан ертөнц байна.
Мэдээж хэрэг Шолохов, Булгаков, Пастерняк, Бунин гээд цааш ер ЗХУ төдий биш Оросын утга зохиолын хүрээнд үргэлжилбэл сунаад л байна... Оросын утга зохиол дэндүү том. Нэгэн үе Достоевский, Блок хоёрын ховсод орчихоод гарч чадахгүй мөн ч их удаж билээ. Тэд бол өөртөө яг л ховс мэт татах шидтэй, тэдний сэтгэлгээ яг л хар тамхи мэт мансууруулах чадалтай. Лермонтов их хорон, хурц хэгжүүн. Бунин нэг их гунигтай харцтай, Есенинтэй бол хэрвээ таарвал шууд л нударгалцаад унаж ч мэдэх, Гончаровтой анд явууштай, П.Бажовтой бол дэмий хууч яриад, халуун пийшингийн ойролцоо самоган шимж суумаар, Лесковын тухай д юу ч хэлэхгүйгээр бахархан хүндэтгэн хараад л баймаар, харин Чаадаев болон Грибоедовтой их дотно сайхан нөхөрлөж болохоор, Достоевскийг заримдаа байж ядан бахардан уйлан хайлан тэвэрмээр, заримдаа үзэн ядмаар... Чеховтой ярилцвал ухаан саруулсана, Гогольтой бол үгүй.
Л.Толстой Библи, Монтень хоёроос өөр юм тоож уншихаа байчихсан насныхаа төгсгөлд “Ном бүү унш, хортой” хэмээн хэлж байсан үгийг зарим хөөргөн “их мэдээчингүүд” өлгөж аваад сүржигнэх нь бий. “Ном бүү унш, хортой” гэж хэлэхийн тулд нэг бол адгийн харанхуй цээжтэй муйхар тэнэг байх хэрэгтэй, эсвэл Толстой болох хэрэгтэй юм. Нэгэнт номын оргилд гарсан хүнд аар саархан зохиол унших нь дэмий, цаг үрсэн, сэтгэл уймруулсан хортой нь ойлгомжтой биз ээ.


Ингэхэд ном унших, ялангуяа уран зохиолын ном унших нь юунд хэрэгтэй вэ хэмээн хэн нэгэн асуух л байх. Ер нь асуудаг л юм. Надаас бүр хэдэн арав, зуу дахин цөөн ном уншсан атлаа надаас хэдэн хувь илүү ухаан саруул, уужуу сайхан хүмүүстэй би бишгүй учирч, нөхөрлөж явав. Тэгэхээр ном уншсанаар ухаантай болчихдог гэдэгт би л хувьдаа итгэхгүй байна. Харин хоёр л зүйлийг баттай хэлж чадах нь нэгд, мэдээж хэрэг мэдлэгийн хүрээ, ерөнхий кругозор гэдэг тэр зүйл үлэмжхэн тэлнэ, үүнээс илүү чухал зүйл нь хүний дотоод ертөнц ер бусын баялаг болно. Үүнийг бол би баттай хэлж, нотолж чадах юм. Нэг ном унших бүр дотоод ертөнцөд чинь нэг тийм мод цэцэглэн дэлгэрч буй хэрэг, дотоод ертөнцийн чинь тэнгэрт нэгэн шинэ од гялалзан гарч ирж буй хэрэг юм. Зохиол бүтээлээр нь дамжуулаад тухайн зохиолчийн дотоод ертөнцөд ургаж дэлбээлсэн тэр өөр өөрийн дахин давтагдашгүй өвөрмөц модод, цэцэгсийн үрсийг чи өөрийнхөө дотоод ертөнцөд авчран тарьж ургуулж буй хэрэг. Тэгэхээр хэр их ном уншина тэр хэмжээгээр дотоод ертөнцөд чинь ер бусын их баялаг, гайхамшигт цэцэрлэг шуугин, зүйл бүрийн шувууд шулганан, уул тал үргэлжилж, хот суурингуудад амьдрал буцалж, хүний хувь заяаны онцгой содон огтлолцлууд сүлэлдэн байх болно. Ер нь би тоймтой олигтой сургууль дүүргэсэнгүй, миний боловсрол бол миний багадаа уншсан энэ хэдэн ном л юм даа.
За үг өөр тийшээ гажаад явчихлаа. Дурсамждаа эргэж ороё. Би утга зохиолын тойм бичих гээгүй, бас Баабар шиг Дори идэр дүүдээ хандан зөвлөгөө өгөх гээгүй, зүгээр л номонд ухаангүй шохоорхон татагдаж байсан тэр бага залуу үеэ сэргээн санаж, сэмэрсэн гунигаа хөглөж,  урам зориг, итгэл үнэмшил нэмэх л гэж... 80-аад онд уншсан номуудынхаа тухай л бичиж буй тул энд ямагт хуучин хэвлэлийн номууд гарч байх шиг байна.  Мэдээж хэрэг 90-ээд оноос хойшхи уншсан номуудын тухайд, ерөөс номуудын тухайд бичвэл огт өөр өнцгөөс ихийг бичиж болмоор. Гэвч энэ удаад энэ бол миний зорилго биш.

...
Сум бүхэнд худалдаа бэлтгэлийн анги гэж байлаа. Аав маань тэр ангид барааны нярав хийдэг, тав зургаан том цагаан агуулахтай, тэдний нэг дүүрэн ном. Хааяа аавыг гуйж, тэр номыг нь эмхэлж цэгцэлж, тоос шороог нь арилгаж өгнө гээд агуулахад нь орно. Ийнхүү тэр тоос, олон жил дарагдсан цаасны эхүүн үнэр ханхалж, хүйт даасан агуулахад орно гэдэг диваажинд орж буй мэт санагдана. Хэсэг ном сонгож аваад, нэг их ном хураасан тавиурын ардуур орж суугаад авахаар энэ ертөнцийн уудмаар, хүмүүний хувь заяаны гайхам сонин учралууд дундуур, ер бусын баатар зоригт, сайхан сэтгэлт, бас хорон санаат хүмүүстэй хамт аялан жуулчлах боломж олдоно доо.
Нэг удаа үеийн хэдэн хүүхдүүдтэй Нэгдлийн аж ахуйн хашаан дотор хураасан том том дүнхүүтэй хонины ноосон дотор тоглож байгаад дүнхүүнүүдийн завсараас хэн нэгнийх нь гээсэн, эсвэл хаясан бололтой урд хойноосоо урагдсан ном олов. Хураалттай ноосны завсарт тоглож байсан хүүхдүүдээсээ нуугдаж суугаад өнөөг номыг ганцхан амьсгаагаар уншиж орхив. Харин орой нь хамраас цус годгодоод тогтохгүй, эмнэлэг дуудлага болж, аав, ээжийгээ сандаргаж билээ. Зуны өдрийн халуунд хураалттай хонины ноосон дотор хэдэн цагаар суухдаа хэрхэн халж, бүгчим оргихыг би огтхон ч мэдрээгүй санагддаг. Тэр ном Х. Уэлсийн “Газар уснаа явагч хүн” байсансан.
Нэгэн үе 1990-ээд оны эхэн үед ном уншина гэдэг бараг л бурангуй явдал мэт ойлгогдохоор болж, тэр хуучин цагийн их ч олон номыг хуугаар нь хамаж, машин машинаар нь, вагон вагоноор нь цаасны хаягдал болгоод хятад руу ачиж байсан даа.
Сумын худалдаа бэлтгэлийн анги хувьчлагдахад ангийн агуулахад хадгалагдаж байсан тэр нүсэр их номуудыг ангид ажиллаж байсан хүмүүст ижил тэнцүү шуудайлаад хувааж өгсөн байсансан. Хувьчлалаас хувь хүртэж, арав арван шуудай номтой болсон айлууд түүнээ түлээнийхээ амбаарт хураачихаад, гал асаадаг байж.
Тэр хувь заяагүй шоовдорлогдсон номууд дотор мэдээж хэрэг тун хэрэггүй, баахан үзэл суртал болсон номууд ч байсан. Гэвч бас гайхалтай сайхан номууд, хүүхэд бага насандаа нөхөрлөж, салж чадахгүй явсан олон номууд байлаа.  Худалдаа бэлтгэлийн ангийн хувьчлалаас хувь хүртсэн хамаатныхаа нэг эгчээс гуйж байж 7 шуудай ном авсан юм. Тэдгээр шуудайнууд дотроос ямар ямар номууд гарч ирсэн гээ. “Каллисто гариг”,  Иво Андричийн “Дарина голын гүүр”, Анатол Франсын “Ундаассан бурхад”, Тагорын “Гора”, Гоголийн “Тарас Бульба”, Тольстойн “Хоёр тууж”, Горькийн “Фома Гордаев”, Проспер Маримегийн “Коломба”, хэнийхийг нь санахгүй байна - “Бяцхан Бизон”, А.Герцений “Туулсан замд төрсөн бодол” гурван боть, Шолоховын “Дөлгөөн Дон”-ын хуучин хэвлэлийн бор хавтастай дөрвөн боть, Белинскийн “Түүвэр зохиол”, бас “Зөвлөлтийн зохиолчдын туужис” нэртэй дотор нь Шукшин, Распутин энэ хэдийн хэдэн галзуу тууж багтсан зузаан хатуу бор хавтастай ном гэх мэт бага насны минь дотно танилууд гарч ирж билээ. Герцений гурван ботийг мөн ч олон өдөр хонинд өвөртөлж явсан даа. Итгэл үнэмшил мухардаж, зориг эрдэмлзэл мохсон хүнд хэцүү үеүдэд Герцен мөн ч их хань болсон, тэндээс бодол эргэцүүлэл, хувь тавилангийн үнэнтэй нүүр тулах эр зоригийг хайдаг, олдог ч байж. Гарибальдийн хэсэг гайхалтай сайн бичигдсан, түүнийг бүхий л талаас нь яруу тодорхойлж. Нэг л уулзсан ухаан цэлмэг хүн Гарибальдид эрхгүй татагдаж, гүн дотно нөхөд болдог. Тэр бол хүнийг өөртөө татах тийм л гайхам сайхан чанар, эр зориг, хурц ухаан, авьяас төгөлдөр хүн байж. Герцен ч өөрөө хэрхэн Гарибальдид татагддаг байснаа бичсэн, харин би Гарибальдитай Герцений адил уулзаагүй атлаа бичсэнийг нь уншчихаад бас яг л Герцений адилаар татагдаж, тэр хүнийг хайрлаж, хэрвээ тэр цаг үед байсан бол улаан алчуур толгойдоо зүүчихээд л зэрэгцээд алхмаар санагдаж байж билээ. Хожим яг тийм, хүнийг өөртөө соронз мэт татаж чаддаг хүнтэй нэгэнтээ учирсан нь Дашбалбар агсан юм. Авьяас билэг, гэгээн цагаан сэтгэл, омголон долгин зан хосолсон, ховроос ховор сайхан хүн байсан даа. Нэг сонирхолтой нь Дашбалбар агсан “Туулсан замд төрсөн бодол”-ыг заавал унших хэрэгтэй ном шүү гэхэд нь бид Герцентэй, түүгээр дамжуулж Синкевич, Бакунин, Белинский, Гарибальди, Оуэн нартай нэг л сэжмээр дотно холбогдсон байснаа ойлгосон.
Герцений Роберт Оуэны тухай бүлэг бол дахин дахин уншмаар, хүмүүний нийгмийн хөгжил дэвшлийн эцсийн шат зорилгын тухай эргэцүүлэлд эрхгүй хөтөлдөг тийм бүлэг. Бас жинхэнэ харгис капиталын мөлжлөгийн үед(XIX зууны дунд, төгсгөл үе) их далайн дундах эрдэнийн ганц арал мэт дэнжигнэн зогсож, галзуучуудын эмнэлэг дотор буй ганц эрүүл хүн байж, даажинтай нь өнөөх галзуучууд бүгдээр зөвхөн ганцхан өөрийг нь л жинхэнэ галзуу гэж ойлгож байсан тийм бурангуй үед учиргүй, бүр аймшигтай ихээр ганцаардсан, тэр хэрээрээ гэгээрч, гэрэл гийсэн гэгээнтний тухай өгүүлдэг тийм бүлэг билээ.
Одоо нэг ингэж зав чөлөөтэй болсон дээрээ Герценийгээ эргэж нэг сайн харна аа. Яагаад гэвэл цөхрөлтгүй эрж хайж байсан бага залуугийн минь эрч хүч, бодол санаа тэр номын үг өгүүлбэр бүрд, хуудас бүрт шингэсэн учир түүнээсээ жаахан ч болов хэсгийг олж авахсан гэж хүсэж байна.
Дараа нь 1992 оны өвөл билүү дээ, нэг Хувиараа эрхлэх аж ахуйн ах өдөрт 1000 төгрөг өгнө, очиж цаас прессэлж өг гэхээр нь очтол  одоо энэ Амгалангийн нэг том скаладад таазанд нь тултал хуучин номууд овоолчихсон, хатуу хавтастайнх нь хавтсыг хуу татаад л прессэлж байв. Тэнд ахалж байсан нэг эгчээс би хэдхээн ном авая, оронд нь хэдэн ч өдөр хамаагүй үнэгүй ажиллаад өгөе гэсэн, хачин муухай хараалгаж, арга барсандаа нимгэн хавтастайгаас нь хоёр ном гэдсэндээ хийчихээд, би явлаа гээд мөнгөө ч авалгүй хаяад гарч билээ. Улаан цайм хулгай хийсэн тохиолдол минь тэр. Тэсээгүй л юм даа. Хар багийн минь хамгаас дотно, хувирашгүй үнэнч андуудыгаа тийм боолчлол, доромжололын гашуун тавилантай учирчихаад байхад харин ч даруухан аашилсан минь тэр... Яг үнэндээ тэр бүгдийг би өөрийн гараар тэр агуулахтай юутай хүүтэй нь шатаачихмаар санагдаж байсан юм. Тийнхүү хятадад ачуулахаас арай гэж АВАРСАН хоёр ном маань Алишер Новайн "Шүлгүүд", Добролюбовийн "Түүвэр зохиол" хоёр байсан. Новайг хэн нэг аваад одоо алга болж, хаана тэнүүчилж, гундаж явдаг юм бол доо, харин Добролюбов бол байгаа, хааяа номын тавиур дээр таарахаараа мэндлэхээр өмнөөс сэтгэл цэлсхийтэл учиргүй сайхан инээмсэглэдэг л юм даа.

Sunday, June 17, 2012

Сүүлийн үед, ер нь бараг зургаа долоон жил ямагт гэгэлгэн, хөнгөхөн, баяр хөөр, гэрэл гэгээ бялхсан, бахархал төрүүлсэн, хүүхдийн гэмээр зохиол голдуу уншиж байна. Хүнд, ялангуяа амьдралын хэцүү бараан талруу хэт өнгийсөн зохиолоос аль болох зайлсхийх болж. Нэгэн үе Достоевский, Ницшетэй дотроо маргаж, Блокийн ховсод автаж явахад иймэрхүү хөнгөн хөөргөн зохиол нь ярьшигтай, залхмаар дэггүй хүүхэд шиг санагддаг байж. Харин одоо зүрх сэтгэл эрхгүй баяр баясгалан, гэрэл гэгээ рүү тэмүүлж байгаагаа баттай мэдэрч, тийш учиргүй татагдан байна. Хүн зөнөхөөрөө хүүхэд шиг болдог гэсэн, зөнөж байгаа юм болов уу даа.
Сүүлд уншсан ийм хүүхдийн зохиолууд дотроос хамгийн их гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн нь Нобелийн шагналт зохиолч Р. Киплингийн “Old England Store - Хуучин Английн үлгэрүүд", " “Pack on ...the Hill - Шидэт толгодын савдаг Пак" байлаа. Хурц тунгалаг сэтгэлгээ, сэцэн цэлмэг хэллэг, эр зориг, гэхдээ жинхэнэ эр зориг гэж юу болох, хаана, хэзээ хэрхэн яаж илэрдэг болох, үнэн шударга гээч юм ямар үед бахдам сайхнаар бадран гялалздагийг гайхалтай яруу илэрхийлсэн зохиол юм. Гэрэл гэгээнд ямар ч хар хоргүйгээр ид тэмүүлж байсан арван хэдэн насандаа энэ сайхан зохиолтой учрах минь яав даа хэмээн халагласан шүү. Хенри Жэймс “Миний л мэдэхийн Ричард Киплингээс өөр суу билгийг төгс цогцлоосон зохиолч алга” хэмээн дуу алдаж байсан нь үнэн аж.
Энэ ном монгол хэлнээ орчуулагдан гарсан байгаа шүү. Номонд дуртай залуус уншихад илүүдэхгүй байх.
 

Thursday, May 10, 2012

1500 тэрбумыг бэлнээр тараажээ. Чухам юуны тулд вэ? Үр дүн нь юу байв?

Уул уурхайгаас өнгөрсөн гурван жилд 1.5 их наяд буюу 1500 тэрбум /1 500 000 000 000/ төгрөгийг “Хүний хөгжлийн сан”-д татан төвлөрүүлсэн буюу нийгмийн халамжид зарцуулсан хэмээн Эрчим хүчний сайд Д.Зоригт энэ өдрүүдэд Улаанбаатарт болж буй “Mining Mongolia-90” чуулга уулзалтын индэр дээрээс бахархалтайгаар мэдэгдэж буйг ТВ-ээр харлаа. Энэ бага тоо биш. Үнэхээр ч бахархаж, бардамнамаар их тоо. Багцаагаар Улаанбаатараас Ховд ортол төмөр зам тавих, Сайншандад нүүрс боловсруулах үйлдвэр босгох, эсвэл манай орны жилийн нийт хэрэглээний 40 хүртэл хувийг хангах дунд зэргийн хүчин чадалтай хүрэн нүүрснээс шатахуун боловсруулах үйлдвэр барих хэмжээний хөрөнгө аж. Өнөөдөр Улаанбаатарын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын ачаалал хэрээс хэтэрч, нийслэлийн хэмжээнд нэг анги 46 хүүхэдтэй байгаа гэсэн мэдээлэл бий. Ийнхүү нэг ангид хэт олон хүүхэдтэй байгаа нь хөгжлийн гол түүчээ салбар болсон Боловсролын салбарт шинэчлэл хийх боломжийг бараг байхгүй болгочихож буй хэрэг юм. Олон Улсын стандартаар нэг анги 20 хүүхэдтэй байна гэвэл ядаж нийслэлд 200 гаруй ЕБДС шинээр барих шаардлагатай гэсэн мэргэжилтний хэлсэн үг байна. Дээрх 1.5 их наядаар нийслэл хотод нэн шаардлагатай байгаа 200 сургуулиас гадна, 175  цэцэрлэг барих боломж байгаа ажээ. Бас 100 айлын орон сууцны 33 мянга орчмыг нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, инженерийн бүтэц, үйлчилгээтэй иж бүрнээр нь барьж босгох хөрөнгө. Энэ нь Улаанбаатар хотын утааны гол голомт болж байгаа Дэнжийн 1000, Телевиз, Дарь Эх, 100 айл орчимыг бүрэн орон сууцжуулах боломж юм.

Энэ их хэмжээний мөнгө дээр дурдсан бүтээн босголтуудтай эн зэрэгцэх хэрэгтэй, ач холбогдолтой зүйлдээ зарцуулагдсан уу? Бүтээн байгуулалтын ийм их боломжийг хойш нь тавьж тарааж өгсөн энэ их мөнгө тэр хэмжээнийхээ үр дүнтэй байж чадсан уу? Монгол Улсын иргэн хэн ч тэр энэ асуултыг тавих эрхтэй болно.
Гол нь гурван жилд энэ их хэмжээний мөнгийг тарааснаар ядуурал буурсан уу? Ер Өнгөрсөн оны сүүлээр 38.7 хувьтай байсан ядуурлын түвшин хагас жил хүрэхгүй хугацаанд буюу 2012 оны 4 сард бүтэн 9 пунктээр бууж, 29.8 хувьд хүрэхэд үнэхээр нөлөөлсөн үү? (Энд ядуурлын түвшинг тооцдог аргачлалаа шинэчилснээс ядуурлын түвшин буурсан мэт харагдаж буй гэдэг тайлбар хийдэг.) 

Ядуурлыг бууруулах зорилго байгаагүй, харин амь зогоох төдийд болон ард түмний бухимдлыг дарах, саналыг нь худалдаж авах зорилгоор л өгч байсан гэвэл илүү үнэнд нийцнэ. Яагаад гэвэл амь зогоох төдий бэлэн мөнгө тарааснаар ядуурал буурдаг үзэгдэл гэж ямар ч улс орны туршлагад байгаагүй, байх ч үгүй. Нэг иргэн сар тутам 21 мянган төгрөг авснаар ядуурлаас гарчихна гэвэл энэ ёстой үлгэр болно. 21 мянга нь амьдралын наад захын хэрэгцээнд ч хүрэлцэх мөнгө биш.
Харамсалтай нь манай маш олон иргэд, айл өрх энэ 21 мянгаар амиа торгоож, амжиргаандаа нэмэрлэж байна. 21 000-ийг тараах өдөр болоход Хадгаламж банкны үүдэнд хэдэн зуугаараа хэд нугларсан дараалал үүсгэн зогсож буй иргэдийг хотын аль ч захын дүүргүүдээс харж болно. Сардаа юутай ч гурил, будааныхаа мөнгийг хугаслаад байх боломжтой. Захын гэр хорооллын дэлгүүрээс гурил, будаа, 9-ын тосыг граммаар худалдан авдаг явдаг маш түгээмэл. Чухам Үндэсний статистикийн газар ч, элдвийн судалгаа хийдэг судалгааны байгууллагууд ч манай нийт иргэдийн хэдэн хувь нь 21 000 төгрөгөөр амиа зогоож буйг нарийвчлан тогтоосон нь үгүй. Мэдээж хэрэг үүнийг тодорхой болгох сонирхол Засгийн газарт байхгүй.

Гэвч өөр судалгаанаас харж болно. Үндэсний статистикийн хорооноос энэ оны 4 сард гаргасан мэдээллээр "Хүний хөгжил" сангаас 2012 оны эхний улиралд 2.5 сая  иргэн 21.0 мян.төгрөгөө БЭЛНЭЭР авсан аж. Бэлнээр авч буй энэ үзэгдэл нь нэгийг өгүүлнэ. Өөрөөр хэлбэл Монголын 2.8 сая иргэдийн 2.5 сая орчим нь буюу 89 гаруй хувь нь сар тутамд 21 мянгагүйгээр амьдрахад хүнд хэцүү, энэ хишиг мөнгө ахуйн өдөр тутмын хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай байжээ гэсэн үг.  Энэ нь манай өнөөгийн нийгмийн амьдралын чанар, ядуурлын түвшинг илтгэж буй хамгийн тод жишээ болно.
Цаана нь үлдэж буй 300 мянга орчим иргэд буюу 10 гаруй хувьд энэ 21 мянгыг авах шаардлагагүй, эсвэл зүгээр л Төрийн минь хишиг хэмээн авч буй.
Эндээс манай хүн амын 10 гаруй хувь нь сар тутамд 21 мянгагүйгээр амьдрах боломжтой хангалуун болон хэт хангалуун амьдралтай, 89 хувь нь 21 мянгагүйгээр амьдрах боломж муутай гэсэн хоёр бүтэц байгаа нь харагдана. Энэ хоёр дахь хэсгийн хувьд нэн ядуу нь 29.8 хувь, харин нэн ядуугийн ирмэг руу гулсахад ойрхон, арай ядан тэсэж буй 60 орчим хувь. Тэднийг дундаж давхарга гэж хэлэх аргагүй. Дундчуул зөвхөн үлдсэн 10 гаруйхан хувийн дотор буюу нийт хүн амын 8 орчим хувьд бий. Нэн цөөнх буюу 2 орчим хувь нь хэт баян.
Манай эмч, багш нараас эхлээд олон иргэд өөрсдийгөө дундаж давхаргынх гэж ойлгож явдаг нь харагддаг. Тэд байртай, бас машинтай, тэр ч бүү хэл зарим нь хашааны 0.7 га газартай. Өдөртөө ресторанд биш юм аа гэхэд цайны газарт хооллочихдог, зээл тавиад 36 инчийн ТВ аваад гэртээ тавьчихсан. Гэвч энэ бол амьдралын чанараараа дундаж давхаргад хамаарах үзүүлэлт биш юм. Ажилгүй гурван сар болоход, аваарт ороод гурван сая төгрөгөөр эмчилгээ хийлгэхэд барьц алдан сандарна. Тиймээс тэд ядуурлын ирмэг дээр буйгаа ямагт мэдэрч, айдастай, бухимдалтай амьдарч байдаг. Өөрөөр хэлбэл амралтаа аваад дэлхийгээр биш юм аа гэхэд монголынхоо үзэсгэлэнт газруудаар гэр бүлээрээ нэг сар аялах, сарынхаа орлогын 60 хувиар амьдраад 40 хувиа нөөцлөх боломжгүй “дундаж давхарга”. Ийм дундаж давхарга гэж байдаггүй. Үүн дээр иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 55 хувиар өссөн мэдээлэл ч байна.

ЗТХБЯамнаас гаргасан мэдээнд Улаанбаатар хотод ойролцоогоор 210 000 айл өрхийн амьдралын түвшин ядуу буурай байгаа аж. Энэ 210 000 айл өрхөд нийслэлийн нийт хүн амын 80 орчим хувь нь аж төрдөг аж. Энэ үзүүлэлтээр бол нийслэлийн иргэдийн 80 орчим хувийн аж амьдралын түвшин ядуу буурай болох нь. 21 мянгатай холбоотой гарч ирсэн 89 хувьтай ойролцоо тоо харагдаж байна.

Тэгэхээр 1500 тэрбум төгрөг тарааснаар ядуурал буурсангүй. Харин хүн амын тодорхой хувь болох нэн ядуу 30 орчим хувийнханыг амь зогоох төдийд нь тусалсан. 60 орчим хувийнх нь амьдралд бага зэрэг нэмэр болсон. Бас энэхүү 1500 тэрбумын чухам хэд нь архи болон асгарч, хичнээн хүний эрүүл мэндийг хохироож, хичнээн хэрүүл, гэмт хэрэг үүтгэснийг ч бас яг таг хэлэх аргагүй. Ажилгүй, амь зогоох төдий хишигтэй, өөртөө болон маргаашдаа итгэх итгэл байхгүй иргэдийн дунд архидалт илүү түгээмэл байдаг. Говь-Алтайн хязгаарын суманд 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг нэг ангийн нөхөр маань 21 мянга тавьсаны дараа л орлого нэлээд өсдөг юм хэмээн ярьж байна. Архангай аймгийн Хайрхан сумаас ирсэн дэлгүүрийн эзэн дээрх яриаг давтаж байна.
Үүнийг монголын 333 суманд болон Улаанбаатар хотын захын хорооллуудад 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг хэн бүхэн батална. Нийслэлийн цагдаагийн газраас 21 мянга болон оюутнуудын 70 мянгыг тараах үед эрүүлжүүлэх байруудын ачаалал дийлдэхээ больдог тухай мэдээлж байсан. Энэ нь манай олигархиудын мэдэлд байдаг Архины үйлдвэрүүдэд мэдээж хэрэг ашигтай...

Ийнхүү асар их бүтээн байгуулалт, хөгжлийн томоохон хөтөлбөр, хэдэн арван мянган ажлын байр бий болгох хэмжээний мөнгийг бэлнээр тараасан нь хэр зэрэг оновчтой бодлого байсан бэ? Гэнэтхэн энэ амь зогоох тэтгэлгийг зогсоовол яах вэ, цаашид яаж гол зогоох болж байна вэ? Өнөөх бараг хүн болгоны ярьдаг болсон “Амь зогоох загас өгөх биш, загас барих арга зааж өгөх” асуудал хаачив?
Ядуурлыг бууруулах зорилгогүй байсан юм бол яах гэж энэ их мөнгийг бэлнээр нь тараасан юм бэ? Зөвхөн амь зогоох төдийд үү? Амьдрах чадваргүй, өрсөлдөх чадамжгүй, ажиллаж, хөдөлмөрлөх дур сонирхолгүй зөвхөн төрийн өгөх хишгийг горьдож харсан бүхэл бүтэн давхарга бий болбол яах вэ? (Түрүүчээсээ нэгэнт бий болчихоод байна) Ард иргэдээ ийм идэвхгүй, хишиг горьдсон гуйлгачин байлгах хүсэл сонирхол яагаад бий болов? Энэ санамсаргүй алдаа юу, санаатай бодлого уу?
Хятадын Их цагаан хэрмээр сэлэм далайн давсан хүчирхэг Манжуудыг хятад хүчээр дараагүй, яг өнөөдөр монголын нийгэмд болж буй шиг халамжаар л дарж авсан, гэхдээ бүр уг үндсээр нь устган мөхөөж чадсан билээ. Манж хүн ажил хийх шаардлагагүйгээр барахгүй манж хүн бүр сар тутам их хэмжээний цалин пүнлүү авдаг байжээ. Бүх ажлыг хятадууд хийнэ. Үр дүн нь хүчирхэг дайнч манжууд хэдхэн үеийн дараа амьдрах, өрсөлдөх чадваргүй үндэстэн болон хувирч өөрсдөө мөхөл рүүгээ мөлхөж очсон байна. Өнөөдөр манж гэдэг улс түүхээс нэгэнт арчигджээ. Хааяа энд тэнд өөрсдийгөө манж хүн гэсэн хятадууд таарах нь бий. Энэ жишгээр Гадаадын эдийн засгийн асуурчидтай нийлсэн, тэдний гар хөл болсон Олигархиудын төр Монголын ард түмнийг номхон хүлцэнгүй, сэтгэн бодох, тэмцэн эрэлхийлэх чадваргүй болгон боолчлох гэсэн бодлого харагдаад байгаа юм биш байгаа гэсэн ноцтой хардлага нийгмийн дунд түгээмэл болж байгааг буруутгах аргагүй юм. Ийм хардлагыг бий болгох хөрс, бодит байдал нэгэнт ил тодорхой харагдах боллоо.

Яагаад гэвэл одоо дахиад л амлаад эхэллээ. Тэдний 2008 онд амалж байсан олон сайхан амлалтаас нь зөвхөн 1.5 саяыг нь санаад бусдыг нь ард түмэн таг мартчихсан бололтой. Дөрвөн жилийн өмнө их ч олон сайхан юм амлаж байсан. Бид амлалтад, ялангуяа бэлэн мөнгөний, үлгэрийн юм шиг амлалтад итгэх хэрээрээ өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйг улам бүр харанхуй будангуй болгож байна.

Баян, ядуугийн ялгаа улам холдож байгаа тухай улам их ярих боллоо. Яаж хэрхэн холдож байгааг зарим нэгхэн баримтаар өгүүлэе. 2009 онд манай арилжааны банкуудад байрлах иргэдийн нийт хадгаламж 2.8 их наяд буюу 2800 тэрбум төгрөг байжээ. Үүнийг нийт хүн амдаа хуваавал нэг сартай нялхаас эхлээд наян настан хүртэл банкиндаа 1 000 000 гаруй төгрөгийн бэлэн мөнгөний хадгаламжтай, тэр бүр энэ хадгаламждаа хүрээд байдаггүй, бусад орлогоороо амьдралаа болгоод явдаг, хадгаламж нь хүүгээрээ үржээд байж байсан гэсэн үг юм. Монголчуудыг хэн ядуу гэх юм. 5 ам бүлтэй манайх гэхэд дансанд 5 сая төгрөгийн хадгаламж зүгээр л хэвтэж байдаг байна. Гэтэл бодит байдал дээр ийм байсан уу гэвэл үгүй. Энэ их хадгаламжийн 98 хувь нь нийт хүн амын дөнгөж 2 хүрэхгүй хувьд ногдож байжээ. Өөрөөр хэлбэл 2009 онд 2.7 сая орчим иргэдэд 56 орчим тэрбум төгрөг ногдож тэд дансандаа дунжаар дөнгөж 22 400 орчим төгрөгийн хадгаламжтай байсан бол нийт хүн амын 2 хувь буюу 55 000 орчим иргэдэд 2744 тэрбум төгрөг буюу нэг бүрд нь 490 000 000 орчим төгрөг ногдож байжээ. 2.7 сая гаруй иргэн дансандаа 22 400 төгрөгтэй = 56 000 иргэн дансандаа 490 000 000. Тун “давгүй” харьцаа.
Өнөөдөр арилжааны банкин дахь иргэдийн нийт хадгаламжийн дүн 3.9 их наяд буюу 3900 тэрбум төгрөг болтлоо нэмэгдсэн байна. Хадгаламжийн дүн нэмэгдсэн ч харьцаа нь улам холдож, 2.79 сая гаруй иргэн дансандаа 28 000 төгрөгтэй = 60 000 иргэн дансандаа 637 000 000. Үнэмлэхүй олонхийнх нь хадгаламж 5600 төгрөгөөр нэмэгдсэн байхад үнэмлэхүй цөөнхийн хадгаламж 147 000 000 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь зөвхөн хадгаламжийн дансанд буй мөнгөн дүн. Үл хөдлөх хөрөнгө, гадаад улс орнуудад худалдаж авсан хөрөнгө, гадаадын банкуудад байршуулсан хөрөнгө мөнгөний тухай ямар ч мэдээлэл байхгүй. Гэвч мэдээлэл байхгүй гэдэг нь огт байхгүй гэсэн үг биш. Байх байхдаа багагүй хэмжээгээр байгаа.

Бэлэн мөнгө тарааснаар инфляци нэмэгдсэн гэсэн шүүмжлэл бий. Ганцхан бэлэн мөнгө тарааснаар ч инфляци нэмэгдээгүй нь тодорхой, олон шалтгаан бий. Юутай инфляци өссөн нь маргашгүй үнэн. Гэвч ганц зангиаг 500 000 төгрөг, ганц үзгийг 900 доллараар худалдан авдаг, бааранд ороод 1260 долларын виски захиалдаг үнэмлэхүй цөөнхөд талхны үнэ 60 төгрөгөөр, будаа 120 төгрөгөөр нэмэгдэх зэрэг нь ёстой огтоос хүртээлгүй. Харин энэ нэмэгдэл нь хөхөө өвлийн 30 хэм давсан хүйтэнд 21-хэн мянган төгрөгний төлөө өнжин хонон дугаарлаж буй, хоногийн хоолныхоо гурилыг граммлаж авдаг үнэмлэхүй олонхид дааж давшгүй дараа болж бууна. Инфляци 17 байтугай 50 хувь өсөхөд ч дээд давхаргынхан доргихгүй. Хамгийн ноцтой зүйл нь тэрхүү инфляцийн хөдөлгөөнийг амь, амьдралаараа мэдрэх боломжгүй давхаргынхан төрийн бодлогыг үе улирлуулан барихаар улайрч байгаа явдал юм. Үүний цаана ард түмний үнэмлэхүй олонхи инфляцийн өсөлтөөс улам бүр хохирч, тэр хохирлоос урсан гарч буй мөнгө нь цөөнх хэт баячуудын халаасруу урсан улам бүр түнтийлгэж байдаг нүдэнд харагддаггүй чөтгөрийн бахинд улам бүр лав хавчуулагдах болно. Ард түмэн зүтгээд л, шоргоолж шиг хөдөлмөрлөөд байдаг, тэрхүү хөдөлмөрийнх нь үр шимийн тэн хагас нь цөөнхийн зүг далдуур, тойруу замаар урссаар л байх болно.

Нөгөө талаар хөгжлийн бодлогоос хойш ухарч олон түмний бухимдлыг дарах, ам хаах төдий мөнгийг үнэ цэнэгүй тарааснаараа эрх баригч олигархийн нэгдэл нэгэнт нээгдсэн, цаашид улам ихээр нээгдэх байгалийн асар их баялгийг хараа хяналтгүйгээр захиран зарцуулах хүслээ тэсч ядан илэрхийлж буй хэрэг болон харагдаж байна. Шунал гэдэг хязгааргүй, мөнгө гэдэг хүнийг нэгмөсөн эрхшээлдээ оруулж чаддаг шидтэй. АНУ-ын санхүүгийн хүчирхэг бүлэглэлийнхэн “Бидний шунал хязгааргүй шүү. Тиймээс бидний шуналыг төрөөс хязгаарлаж зохицуулж байх шаардлагатай” хэмээн Засаг захиргааныхандаа анхааруулж байсан байдаг. Харамсалтай нь АНУ-ын засаг захиргаа энэ анхааруулгыг тоож, шуналыг нь хязгаарлаж чадаагүйгээс баялгын харьцаа алдагдаж, өнөөгийн дэлхий нийтийн хамарсан эдийн засгийн хямрал эхэлсэн байдаг.

“Ядуу байгаа нь залхуугийнх, мэдлэг чадваргүйнх, баян байгаа нь овсгоотой, хөдөлмөрч, мэдлэг чадвартайнх. Тэгэхээр шинэ баячуудаа бүү нүд үзүүрлэ, бүү чичлэ”. Сүүлийн үед ийм мессеж их сонсогдох болов. Дээрх баримтуудыг гаргаж ирж буй нь нүд үзүүрлэж, чичлээд байгаа хэрэг биш. Нийгмийн энэхүү хэт их ялгарал нь хөгжлийн эрүүл зөв хандлага биш юм. Ийм байдлаар цааш үргэлжлэвэл бид хөгжлийнхөө боломжийг шавхаж, нийгэм тогтворгүй байдалд орох магадлал, эрсдэл улам бүр ихэсдэг учраас л төрийн эрх баригчдад анхааруулж, бодлогодоо засвар хийхийг сануулж буй хэрэг. Хүн амынх олонхи нь амьдралын идэвхгүй, чадваргүй ядуу болон ядуувтар байх нь улс орны хөгжлийг илэрхийлэхгүй. Гэмт хэрэг, шударга бус явдал, авилга буурахгүйгээр барахгүй улам бүр ихсэх болно. Монголын 2.8 сая иргэд бүгдээрээ Монгол Улс хэмээх нэг л завин дээр сууж яваа. Хэрвээ тэр завь нь хэмхэрхий, аль нэгтээгээ цоорхой, дотроо бохир заваан, дээр нь тэр бүхнээ засаж залруулах сонирхол, хараа, чадвар байхгүй бол тэр завин дээр сууж яваа бүхэн бүгдээрээ л живнэ. Цөөн хэдэн баячуул хэдий алтан шаахай өмсөж, алтан 00 хэрэглэж явавч тэр шаахайтайгаа, юутай хүүтэйгээ хамтдаа л живэх болно. Живэх живэхдээ хамгийн түрүүнд живнэ. Живж буй онгоцноо харх шиг л амь зүйн зугтааж чаддаггүй юм бол шүү дээ.

Тэгэхээр их хэмжээний бэлэн мөнгийг (1500 тэрбум төгрөг) нийгмийн халамжид хавтгайруулан тараах нь завныхаа онгорхой цоорхойг түр аргацаан цаас мэтхэнээр нөхсөн, тэр нь алсдаа ирээдүйгүй болохыг зорчигчидоосоо нуун, тэднийг тайвшруулан хуурсантай адил зүйл юм. (Мэдээжийн хэрэг өнчид, ядуус, өрх толгойлсон эхчүүд, өтөл настнууд, өвчтэй хүмүүсээ асарч тэтгэлгүй яахав. Тэдэнд зориулсан халамжийн асуудлыг энд огтоос хөндөөгүй.) Зүй нь хуучирч муудсан завиа бүрэн засварт оруулах, боломжтой бол шинэчлэн тоноглох учиртай. Өөрөөр хэлбэл улс орны хөгжилд амин чухал шаардлагатай томоохон бодлогын чанартай асуудлуудыг дээрх мөнгөөр шийдэх боломж байсан. Зөвхөн 100 айл орчмын бүсд 33 000 орон сууц барсан бол түүнийг дагасан хэдэн арван мянган ажлын байр гарч, жил бүр их төсөв үрж, бас ард иргэдийн хамгийн үнэтэй, маш их хөрөнгө шаардагддаг эрүүл мэндэд нэн хортой хотын утааг багасгаж, нийслэл хотынхоо өнгө төрхийг ч өөрчлөөд авах боломж байжээ. Хөндлөн тэнхэлгийн 1000 гаруй км төмөр зам тавихад л ажлын байр, зорчигч болон ачаа эргэлтэд ямар том өөрчлөлт дэвшил гарч, эдийн засагт хүчирхэг багана болох нь ойлгомжтой. Өнөөдөр 21 000 авч амьдралдаа нэмэр болгох биш харин ажлын байртай, орон сууцтай, боловсролтой, гол нь эрчимтэй хөгжиж буй улс орны маргаашдаа итгэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдэх байж дээ.

Эцэст нь 1500 тэрбумыг тараасны үр дүн юу байв хэмээн дахиад асууя?
Жич, тооцоог буруу хийсэн бол засаж залруулж өгнө үү.
Б.Номин

Thursday, March 29, 2012

Боолчлогдож байгаагаа мэдэх нь боолчлолоос гарах эхний алхам - 2

-Цөөхөн хэсэг бүлэг хүмүүс асар их баялагийг эзэмшиж байна гэж байгаа. Монголд ч, тэр ч байтугай дэлхийд. Дэлхийн хүн амын 1 хувь нь нийт баялгийн 40 хувийг эзэмшиж байна. Тиймээс “Оккупай” хөдөлгөөнийхөн “Бид 99 хувь” гэсэн уриа дэвшүүлсэн. Монгол яг адилхан нийт хадгаламжийн 50 хувь нь хадгаламж эзэмшигчдийн 1 хувьд оногддог. Үүх түүх сөхвөл дундад зууны Европоос үүсэлтэй масоны нийгэмлэг гэж байдаг. Дэлхийд ноёлохыг санаархагч өнөөгийн бүлэглэл нь дундад эртний масончуудын сургааль баримтлал, бас дээр нь эртний хятадын Сунзын сургаальтай ихээхэн холбоотой юм шиг санагдаад байдаг юм.

-Өнөө цагийн манай улстөрчид, эдийн засагчид, нийгмийн зүтгэлтнүүдийг хүн төрөлхтний ядаж сүүлийн 500 жилийн түүхийг ямар нэг хэмжээнд судлаач хэмээн уриалмаар байна. Бидэнд хэвлэл мэдээлэл ном, сурах бичгээр дамжуулан өгч буй, зөвхөн түүгээр л дамжуулж бидний оюун санаад тэр үзэл санаанууд, олон хоосон домгийг, ойлголт төсөөллүүдийг бидний толгойд суулгасан байна шүү дээ. Ер нь хүн төрөлхтний түүхийг сайнтай, саартай нь бүгдийг нь судлах ёстой. Гэхдээ сурах бичгээр түүхийг судалж хэрэггүй. Ингэж чадаж байж гэмээнэ одоо өрнөж байгаа үйл явдлуудыг зөв ойлгох, ирээдүйд гарч болох үйл явдлыг урьдчилан төсөөлөх, үр дагавруудыг нь олж харах тийм боломж бүрдэж байгаа юм.

Би ч гэсэн өөрөө социалист нийгмийн л бүтээгдэхүүн. Мөн л сүүлийн 20 жилийн ихэнх хугацааг эх орондоо өнгөрөөж байна. Гэтэл бидний “мэддэг” тэр түүх, халаасны “эрдэмтдийн” яриад байгаагаас шал өөр дэлхийн жинхэнэ түүх, бидэнд хэлж ярьж өгдөггүй түүхэн үйл явдлууд гэж бас байна. Тиймээс тэр түүхийг гарцаагүй олж үзэх, мэдэж байх хэрэгтэй, ялангуяа улстөр сонирхдог хүмүүс. Үүнийг харж чадвал бид болж өнгөрсөн түүхэн үйл явдлуудад үнэн зөв дүгнэлт өгөх, ирээдүйг бас баримжаалах боломжтой болох юм.

Түүнээс бус хэн нэгэн хүний, бүлэглэлийн бидэнд зориулан бэлтгэсэн бэлээхэн дүгнэлтийг сонсох, хүлээн авах гэж бид төрөөгүй, амьдраагүй биз дээ? Тийм үү? Миний хувьд гэвэл өөрийнхөө олж авсан мэдлэг, итгэл үнэмшлээрээ л ярьж байна. Өөрөөр хэлбэл монголчууд аа, ТА БИД СҮҮЛИЙН 20 ЖИЛД “БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЧИХЖЭЭ”. Иймээс одоо “БУЦАХДАА ЮУ ТЭЭХ ГЭЭД БАЙНА” гэж эмзэглэсэндээ л ингэж хэлж байна.

-Та энэ талаар нэлээд судалгаа хийсэн нь харагдаж байна. Ирээдүй судлал /футурологи/ нь өөдрөг болон гутранги /оптимист ба пессимист/ гэсэн хоёрхон л янз байдаг. Монгол улс, монголчуудын ойрын ирээдүй энэ үүднээс харвал ямаршуухан тунгалаг байна даа?

-МОНГОЛЫН НИЙГМИЙН ЗАДРАЛ ЯЛЗРАЛ НЬ МАГАДГҮЙ БИД БУЦААЖ ЧАДАХГҮЙ ТЭР ЦЭГ РҮҮГЭЭ Л ОЙРТСООР БАЙНА. Үүнийг маш олон шинж тэмдгээр нотолж чадна. Монголчуудын нийгмийн ёс суртахуун, ертөнцийг үзэх үзэх, ёс зүй, эрүүл мэнд, боловсролын систем, дотоодын мөнгө-санхүү эдийн засаг, хүн амын хэрэгцээний түвшин бүтэц, үндэстний бүх талын дархлаа гэсэн гол гол үзүүлэлтүүдээр нь аваад үзэх юм бол БИД МАШ ТОМ УХРАЛТ ХИЙЖЭЭ. Өнөөдрийн Улаанбаатарын гудамжуудаар чихцэлдэн давхилдаж буй энэ үй олон машин унааны бол ихээхэн хэсэг нь цэвэр зээлийн хэрэглээ болж хувирч байна шүү дээ. Бид өнгөрсөн хугацаанд дорвитой юу ч нэмж хийж сураагүйгээр барахгүй чаддаг байсан олон зүйлээ хийж чадахгүй, хүсэлгүй, шаардлагагүй болгосон. Энэ бол зөвхөн цэвэр эдийн засгийн асуудал бус манай улс үндэстний цаашид оршин байх эсэх тухай асуудал шүү дээ.

Яг үүнтэй адил манайхан өмнөх боловсрол мэдлэг, өмнө нь цуглуулсан байсан бүх хөрөнгө чадавхиа үрэн таран хийгээд дуусч байна, яг одоо. Дуусах шатандаа орж байна шүү. Бид ийм л түгшүүртэй үед, маргаашийн ирээдүй харагдахгүй байгаа үед амьдарч байна.

Гэвч энэ бүх үйл явцыг би ӨӨДРӨГӨӨР ХАРАХЫГ ОРОЛДОЖ Л БАЙНА Л ДАА. Энэ БҮХ УХРАЛТ, ГАМШГИЙН ШАЛТГААНЫ ИХЭНХ НЬ БИДЭНД ӨӨРСДӨД МААНЬ Л БАЙНА. Сонголт хийх эрх нь. Сонголт хийхийн тулд бид өөртөө өөриймшүүлсэн тэр хоосон догмуудаасаа зоригтой салах хэрэгтэй байна. Гадны хүмүүс бидэнд чухам юу өгчихөв, өөриймшүүлчихэв? Тэд бас үүнийгээ зөв юм хийж байна гэж үзэж байсан, харин одоо тэнд нь ч хямрал мухардалд хүргээд байгаа. Бид тэдний зөвлөгөөг нь сохроор дагаж дуурайгаад юунд хүрчихэв гэдгийгээ л зөв дүгнэж чадаад ТҮҮХИЙН ХУВЬД БОГИНОХОН ХУГАЦААНД ОДООГИЙН БАЙГААГААСАА ЧАНАРЫН ӨӨРЧЛӨЛТ ДЭВШИЛТ ХИЙХ ШААРДЛАГА АМЬДРАЛААС УРГАН ГАРЧ ИРЖ БАЙНА.

Бидний ярьж байгаа энэ асуудал маш өргөн, тодорхой сэдэв л дээ. Тодорхой асуултын хүрээнд тодорхой юмыг ярих, гаргаж ирэх хэрэгтэй байна. Ер нь маш их асуудлууд байгаа. Нарийвчлаад ярьж болохоор асуудлууд маш их хуралдаад биднийг боомилоод байна.

-“Ардчилал” нэрийн дор сүүлийн 20 жилд ихээхэн бужигнууллаа даа. “Ардчилал бүрэн төгс эд биш. Гэхдээ хүн төрөлхтөн ардчиллаас илүүг бүтээж чадсангүй” гэж У.Черчилль хэлсэн гэдэг. Чухам иймээс либерал үзэл хүний бүрэн төгс эрх чөлөөг хангаж, бололцоог нь нээж өгдөг гэж тайлбарлаж байна. Энэ талаараа коммунизмаас илүү ч юм шиг. Та юу гэж бодож байна?

-Английн улс төрч У.Черчиллийн түүхэнд хийж гүйцэтгэсэн сайн ч зүйл байгаа, саармаг зүйл ч нилээд байдаг юм билээ. “Ардчилал бол засаглалын хамгийн муу хэлбэр. Хэрэв засаглалын бусад хэлбэрүүдийг авч үзэж тооцохгүй бол тэр шүү дээ” гэж Черчиллийн хурцаар ёжилж хэлсэн үгийг нь манайд гуйвуулаад “Ардчилал бол муу засаглал гэвч хүн төрөлхтөн үүнээс илүү юм олж чадаагүй” гэж монгол хэлэнд зориуд ташаа орчуулж тараасан, одоо болтол ихэнх хүмүүс яг ингэж ойлгож явдаг юм билээ. Тэгэхлээр хүмүүс ер нь одоогийн энэ ардчиллаас илүү сайн өөр засаглалын хэлбэр байдаггүй юм байна гээд ойлгочихож байгаа юм. Энэ бол нийгмийг залилан хуурсан манипуляцийн нэг л жишээ. Тэдний ихэнх нь гуйвуулсан тэр орчуулгад нь цайлган зангаараа итгэчихсэн, үнэмшчихсэн цохиж явдаг. Гэтэл “ардчилал”......”демокраси” гэсэн үг нь “демос” гэдэг эртний грек хэлээр бол чөлөөт иргэд гэсэн үг аж. “Краси” гэдэг нь засаглал, эрх мэдэл гэсэн утгатай үг. Тэрхүү “демос” нь боол бус харин эрх чөлөөт иргэд байсан ба нийгэмдээ харьцангуй чинээлэг хэсэг нь байсан байна. Гэтэл бусад хүмүүс, тухайлбал бооолууд мөн иргэн болоогүй жирийн ардууд энэхүү давуу эрхтэй бүлэгт багтдаггүй байжээ. Эмэгтэйчүүдийн тухай энд дурсаад илүүц. Тэр ямар ч сонгох эрхийг эдэлдэггүй байсан байна, хичнээн сурвалжит язгууртай эмэгтэй байсан ч.

Тэгэхлээр ардчилал-демокраси буюу “демосуудын эрхт засаглал” гэдэг маань анхнаасаа нийгмийн олонхийн, ард түмний эрх засаглал биш харин ч дундаж, түүнээс дээш давхарын баян чинээлэг хүмүүсийн, өөрөөр хэлбэл цөөнхийн засаглалыг нэрлэдэг нэр томьёо байсан байна. Гэтэл одоо хүртэл манайд ардчиллыг-олонхийн засаглал гэж ойлгуулаад, ойлгоод явж байна шүү дээ. Эртний Грект хүртэл үүнээс харахад сонгуулийн цензур байсан байна шүү дээ. Ингэхлээр “демокраси” гэдэг маань демосуудын буюу чинээлэг цөөнхийн засаглал гэсэн үг юм. Гэтэл энэ үгийг зориудаар “Ардчилал” болгож орчуулаад л.... Гэтэл энэ чинь цаад далд механизмыг нь олж харах юм бол орчин үеийн “элитийн засаглал” шүү дээ. Хамгийн гол нь, би түрүүнд хэлсэн шүү дээ, хүн төрөлхтний аль нь ч нийгэм-эдийн засгийн формацыг авч үзэхдээ нийгмийн баялаг хэрхэн ямар зарчмаар хэнд яаж хуваарилагдаж байгааг нь зэрэгцүүлэн авч үзэх ёстой юм.

-Наад “Ардчилал” гэдэг томъёолол чинь өөрөө Монгол хэлэндээ ч их эргэлзээтэй эд. Марксист ойлголт байгаа юм. Нийгмийг “дарлан мөлжигч язгууртан” ба “дарлуулагч ард” хэмээн “анги ялгаварласан”. “Ардын засаг” гэдэг бол “пролетарийн диктатурын” Монгол хувилбар юм л даа. Жишээ нь хүйтэн дайны үед коммунист лагерийн орнууд л “Ард Улс” байлаа шүү дээ. Тиймээс ардчилсан засаглал гэдэг язгууртнаа хядан устгасан гэсэн үг. Тэр үед бид коммунист улсуудаа “дайснуудаасаа” ялгахын тулд Ардчилсан Солонгос, Ардчилсан Герман гэж ярьдаг байсан шүү дээ. МАН уг нь “Хувьсгалт” гэдэг үгнээсээ биш “Ардын” гэдэг үгнээсээ л илүү болгоомжилмоор байгаа юм. Харин Бүгд Найрамдах гэвэл дэлхий дахины ойлголтоор бүх нийтийн засаглал. Гэхдээ улстөрийн эрх бол хоосон хуурмаг юм байна, засаглал санхүү-эдийн засгийн давуутайд төвлөрдөг юм байна гэдгийг манайхан одоо ойлгож байгаа эхэлж байх шиг байна л даа. Жишээ нь хэвлэлийн эрх чөлөө бол санхүүгийн хараат бус байдалд л боломжтой болохоос “тунхаг” биш гэдгийг ОУ-ын хэмжээнд эртнээс ярьсан. Тиймээс баялгийн шударга хуваарилалтын асуудал өнөөгийн гол асуудал байх ёстой, зарим хүн үүнийг коммунист тэгш хуваарилалттай албаар хольж төөрөгдүүлэхийг оролддог. Тиймээс тодруулж асууя, одоо нийгмийн баялаг ямар механизмаар аль тал руу нь хуваарилагдаж байна вэ?

-Энэхүү “демокраси”-гийн буюу “чинээлэг цөөнхийн засаглал”-ын замаар 20 гаруй жил таваргачихаад байхад, энэ хугацаанд “ардчилал”-ын нэрээр эрх мэдэл, хөрөнгө чинээнд хүрч төр засгийн бүхий л боломжуудыг нь эдлэн ашиглаж, бүхий л давуу боломжийг эдэлсэн хирнээ зарим улстөрчид одоо хүртэл энэ мэт олон зүйл дээр “үлгэр” дотор амьдарсаар байгаа нь жирийн хүмүүс бидний хувьд бүүр ч дэндүү эмгэнэлтэй хэрэг юм.

Монголчууд бид өөрөө өөрсдийгөө сонсохоо, итгэхээ больжээ. Харин харийн хүмүүсийг, бидэнтэй нэг хувь заяатай, амь амьдралтай бус тэр хүмүүсийн ам уруу орчих гээд байгаа нь аавынхаа үгийг сонсохгүй атлаа хаа холын өөр зорилго, санаа өвөртлөсөн худалдаачны үгийг үг дуугуй дагаж явж буйтай яг адилхан юм. Гэтэл маанийгаа халамжилж зааж зааварчилдаг барууны ертөнц маань өдгөө асар их хямрал, гүнзгий мухардалд орчихсон байгаа шүү дээ. Одоо Европ, Америкт юу болж байна? “Уолл стриитийг эзлэн ав” гэдэг хөдөлгөөн яагаад гарав? Тэд жагсаж байгаа хүмүүс “Бид нар АНУ-ын иргэдийн 99 хувь”, “Бидний амьдрал улам хүнд байна” гэсэн самбаруудыг барьчихсан тэмцэж байна. Манай ихэнх хүмүүс энэ тухай мэдээлэл багатай, ташаа ойлголттой байна. Энэ бол нийгмийн бодол санааг далдаас чиглүүлж залж байгаа нэг жишээ юм. Тэдэнд үнэхээр хүнд асуудлууд, бүүр “математик” талаасаа боломжгүй болсон асуудлууд хуримтлагдсан байгаа.

Та нар анзаардаг уу. Хүн төрөлхтний түүхэн дэх бүх хувьсгалыг дандаа идэр залуу хүмүүс эхэлсэн байдаг шүү дээ. Залуус гэдэг бол одоохондоо бодол санаа нь төлөвшөөгүй, амьдралын өмнө том хариуцлага байхгүй, бусдын үзэл санаа ятгалгыг оюун ухаандаа шүүн тунгааж үзэхээс өмнө юуны түрүүнд сэтгэлийн хөдөллөөрөө аливаа зүйлийг хүлээж авахдаа хялбар, нэгнээ хуйларч дагадаг гэнэн тийм л хүмүүс байдаг. Үүнийг би Хойд Африкт одоо болж байгаа үйл явдлуудтай холбож хэлж байна. Тэгэхлээр хувьсгалын технологиудыг чухамдаа яг ийм хүмүүсийг ашиглахаар тохируулан боловсруулсан байдаг. Одоогийн либерал ертөнцийн, дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас Хойд Африкт болж буй явдлыг салгаж ойлгох боломжгүй юм. Энэ бол нэг юмны хоёр тал нь, хямралыг шийдэх гэсэн нэг оролдлого юм. Гэтэл манай хэвлэл мэдээллээр тэнд нэг улсад нэг аймаар харгис диктатор (дарангуйлагч) байсныг нь одоо л олж харсан мэдсэн юм шиг л бичээд яриад байгаа биз дээ. Өнөө үед “хэрэгтэй” бол хэнийг ч харгис диктатор болгож чаддаг болсон, ТВ хэвлэлээр 7 хоног балбахад 8 дахь өдөр нь хүмүүс ийм л юм байх гээд хүлээгээд авчихдаг. Олонх нь өөр газраас мэдээлэл олж үзье, шалгая гэж ч боддоггүй. Жишээлбэл, Ливи байна. Харин тэнд сүүлийн 30-40 жилд тогтвортой байдал гэдэг жинхэнэ утгаараа тогтсон, маш их бүтээн байгуулсан, ард түмнийх нь амьдралын стандарт харьцангуй их өндөр, Барууныг хямд сайн чанарын газрын тосоор хангадаг орон байсан. Гэтэл одоо яаж байна?



Гэтэл манайд сонгууль гэгч нь 4 жил тутамд давтагдаж байдаг тул ийм нөхцөлд улстөрийн тогтвортой байдал, эдийн засгийн томоохон төслийг хэрэгжүүлэх, улс орны дэвшил хөгжил цэцэглэлтийн тухай зүүдлээд ч хэрэггүй байгаа. Хэрвээ Монгол улс хөгжие л гэж байгаа юм бол дээрхи “ардчилал”, “сонгууль”, “чөлөөт зах зээл” гэх мэт ойлголтуудыг хэт туйлшран хэрэглэдгээ эргэн харах хэрэгтэй. Ер нь олон ташаа ойлголтуудаасаа, төөрөгдлүүдээсээ салах шаардлагатай болоод байна. Манайд улстөрчид маш олон болсон, гагцхүү төрийн хүмүүсийн бодлого маш үгүйлэгдэж байна. Энэ хоёр хоорондоо чанарын ялгаатай ойлголтууд шүү. Тухайлбал, улстөрчид эдийн засаг гэчихээд харин түүнийг тойрсон шал өөр зүйлсийн талаар маргалдаад яг эдийн засгаа бол ярихгүй орхичихоод байдаг.

-Таны орчуулсан эдгээр номыг дундаж монгол хүн хэрхэн хүлээж авч байна вэ?

-Би тэр бүх хүний өмнөөс юу хэлэх вэ? Ер нь олон хүн надад хандаж утсаар холбогдож заримтай нь уулзаж ярилцахад сайн хүлээн авч санал солилцож байгаа. Ер нь миний орчуулж гарсан 7 ном хүмүүст маш олон зүйлүүдийг эргэн харахад үнэхээр тусалж байна гэж байнга ярьдаг. Гэхдээ би тэдэнд ганцхан зүйл л хэлдэг. “Би та бүхнийг ямар нэг зүйлээр ухуулж ятгаж байгаа хэрэг биш шүү. Зүгээр л бидний одоогийн байгаа байдлаа олоод харчих, хуучин ойлголт төсөөллөө гарахыг оролдоод үз, тэгээд байгаагаа зүгээр л хараадах. Тэгээд л ямар дүгнэлт хийх нь таны сонголт" гэж л хэлдэг. Миний хувьд бол эдгээр номыг уншсан хүмүүс хэзээ ч урьдын шигээ тийм хүмүүс биш болсон гэдэг нь чухал юм. Тэд өөрсдөө шүүн тунгааж эргэцүүлж боддог болсон, иймээс энэ бол манай хүмүүс хувь заяагаа өөрсдөө шийдэж байх гол алхам юм.

-Коммунизмд мухардах шалтгаан мэдээж байсан. Гэтэл либерализм бас л мухардчихлаа. Тэгвэл одоо гурав дахь ямар зам байна вэ?

-Сүүлийн үед Америкт, Европт, Латин Америкт юу болж байна вэ? Хүн төрөлхтөний хувьд ардчилал нь байна уу, социализм нь байна уу, коммунизм нь байна уу ер нь хамаагүй, эцсийн эцэст ихэнх хүн ардын сайн сайхан өөдрөг тайван амьдрал, шударга байдал, хүнлэг энэрэнгүй сэтгэл ёс суртахуун, айдас түгшүүргүй, маргаашийн ирээдүй нь гэрэлтэй тийм нийгмийн төлөө засаглалын хэлбэр хэрэгтэй болоод байна даа. Америк, Европт ардчилал, сонгууль, хүний эрхийг дээдэлсэн учраас л өнөөгийн баян тансаг амьдрал, хөгжил дэвшилд хүрсэн хэрэг хараахан биш юм, үүнийг Европын түүхийг нилээд судалж баримтат кинонууд үзэж судалгааны бүтээл, номуудыг уншсаныхаа дараа ойлгосон. Гэтэл бидний олонх тэнд шал өөр далд механизмууд, зарчмууд үйлчилж байдгийг анзаардаггүй, аргагүй юм даа, ер нь ил ярьж хэлж болдоггүй хориотой сэдвүүд одоо ч олон байна шүү дээ.

Олон улсын мөнгө санхүү, үйлдвэрлэл худалдааны, ялангуяа банк-санхүүгийн механизмыг ойлгохгүйгээр тэр бүх зарчмуудыг нь ухаж ойлгох ямар ч боломжгүй юм. Жишээ нь, энгийн телевизороор жишээ аваад үзье л дээ. Бид телевизийн дэлгэцэн дээр юу гарч байгааг л үздэг. Харин телевизийн дотор хэсэгт нь ямар эд ангиуд хэрхэн ажиллаж байдгийг ядаж багцаадахгүйгээр яагаад эвдэрч саатав гэдгийг нь хэлж болохгүй. Иймээс аливаа юмыг гадна талаасаа харагдаж байгаагаар нь, санагдаж байгаагаар нь ийм тийм гэж яаруу дүгнэлт хийх нь эрсдэлтэй. Тиймээс гол гол зарчим механизмыг нь дор хаяж багцааддаг байх ёстой. Үүнийг л хүмүүс ойлгоосой. Миний орчуулж байгаа номнууд хүмүүст өөрсдөд нь оюун санааны гарц, өөр хараа өнцөг нээж, тусламж болж байгаа талаар их ярьдаг. Гэхдээ Монголын ард түмний нилээд хэсэг нь “Бид чухам ямар байдалд орж байж одоо ойлгоогүй байгаа, ойлгохыг хүсэхгүй байгаа зүйлсээ сая ойлгож ухаарах вэ?” гэдэг асуултыг би өөртөө тавьж байна.

Монголын ард түмний, манай үндэстний тэр цөм, багана нь байхгүй болох аюул нүүрлээд байна. Үндэстний гол цөм хэсэг нь төөрөгдөл, ядуурал, цөхрөлдөө живж задран унах юм бол дундаж цөөхөн бид хэд ч, асар баян маш цөөнх ч бүгд хэн ч биш, улс гэр оршин тогтнож байхын тулд юу ч хийх чадал, боломжгүй болох юм. Иймд бид маш цөөхүүлээ учир нийт хүн ардаа ажил эрхлэлт ашиг орлогын хувьд, эрүүл мэндийн хувьд, хүн амын тоо чанарын хувьд, боловсрол соёлын хувьд гаднын явуулгаас хамгаалж аврах, ингэснээрээ бид өөрсдийгөө аврах цаг ирээд байна. Засаж болдоггүй алдаа гэж бас байдаг. Үүнийг л хүн бүр ойлгох ёстой. Либерал аминчхан зан бол бидэнд тохирохгүй ээ.

-Сүүлийн 20 жилд Монголчууд зөндөө алдлаа гэж ярьж байгаа ч заавал ийм зүйл л үзэж байж ойлгож ухаарах байсан гэж ярих хүмүүс ч байна.Энэ бол хүн төрөлхтний туулсан жам ёсны зам гэх мэт. Энэ талаар?

-Ийм юм ярьж байгаа хүмүүс бол өөрсдөө ч энэ байдлын цаад сөрөг үр дагаврууд, аюул заналыг бас сайн ухаараагүй байнаа гэсэн үг юм. Тэд л нийгмийг төөрөгдөлд оруулж байж, хүмүүст элдэв хоосон зүйл амлаж байж эрх мэдлийг авсан хирнээ тэдний амь амьдралаас дөлж зугтаасаар одоогийн ийм байдлыг бий болгосон шүү дээ. “Ганцаараа л дандаа яриад /бичээд/ байсан хүний бүх юм нь үнэн шиг болчихдог” гэсэн О.Бальзакын ёжтой нэг үг байдаг даа. Энэ 20 жилд маш цөөхөн хүмүүс л ярих бичих үнэхээр бодит бололцоотой байлаа шүү дээ. Бас нэг үг байдаг даа, ухаалаг хүн бусдыг алдаанаас суралцдаг гэдэг. Тэнэг хүн өөрийнхөө алдаанаас суралцдаггүй гэдэг. Зөрүүд мунхаг хүн бусдын алдаанаас бүү хэл өөрийнхөө алдаанаас ч суралцдаггүй юм байна лээ...

-Тэгвэл 1990-ээд оны үед бид энэ бүхнийг сэхээрч харах боломж хэр байсан бэ?

-Ер нь одоо эргээд харахад үгээ хэлэх эрх чөлөөний тал дээр хязгаарлагдмал зүйлүүд үнэхээр байсаан. Одоогийн байдалтай харьцуулаад үзэхэд илүү муу байсан. Харин ажилгүйдэл, хавтгай ядуурал, боловсролын уналт бол манайд байгаагүй шүү дээ. Энд тэмдэглэн хэлэхэд бид дайны /Хүйтэн/ нөхцөлд байсан гэдгийг мартаж болохгүй. Дайн бол дайн, бүх зүйл дээр хавчигдаж байсаан. Харин одоо бол нийгмийн үнэмлэхүй олонхийн хувьд ажилгүйдэл, ядуурал, цөхрөл мөхөл, ёс суртахууны уналт, үндэстний боловсрол, эрүүл мэндийн дампуурал бол манай нийгэмд цоо шинэ үзэгдэл болон гарч ирсэн, энэ бол факт шүү. Сүүлийн хорин жилийн хугацаанд олон улсын банк, санхүү, зээл тусламжийн байгууллагуудын явуулсан олон төсөл хөтөлбөрүүд төдийлөн ашиг тусаа өгөөгүй харин ч манай нийгэм, эдийн засгийн суурь бааз, аж үйлдвэрлэл нуран унах бүх нөхцлийг бий болгосон. Үүнийг л би шүүмжлээд байна. Коммунизмын үед ажилладаг суурь машин капитализмын үед ажиллахаа больчихдог гэж ойлгож болохгүй биз дээ.

Одоо наад зах нь утааны асуудлыг амтай бүхэн ярьж шоудаж байна. Гэвч энэ их утааны шалтгаан болсон манай хүмүүсийн асар том нүүдэл шилжин сууршилтыг цаад шалтгаануудыг огт авч үзэхгүй байна. Энэ бол бас л манай нийгмийн цоо шинэ үзэгдэл, хязгаар хөдөө орон нутаг Монгол орон эзгүйрч байна шүү дээ. Энэ нь нэг талаараа эдийн засгийн неолиберал бодлогын шууд үр дүн, өөрөөр хэлбэл улс төр – эдийн засаг нийгмийг сөхрүүлэх зохион байгуулалттай зориудын том явуулгын үр дүн юм шүү. Одоо манай улс бүх банк санхүүгийн тогтолцоогоо гадныханд өөрсдөө өгчихсөн байгаа. Гадныхан л орж ирж байвал бүх зүйл сайн сайхан болдог гэж манай гэнэн либералчид хашгиралддаг. Энэ бүгдийг, өнгөрснөө, одоо байгаагаа ойлгож ухаарахгүйгээр бид улс үндэстний хувьд цаашаа хөгжин дэвших ямар ч үндэслэл байхгүй гэдгийг ойлгох ёстой. Харин улс үндэстэн суларч доройтон дампуурвал баян ч бай, ядуу ч бай чи хэн ч биш, ямар ч их хөрөнгө мөнгө хэнд ч тус болохгүй, хүний нохойн хоол болдог жамтай, хүн төрөлхтний түүх ийм л байсан, цаашдаа ч ийм л байх болов уу.

-Төвлөрөл бий болж байна. Хөдөөнийхөн хот руу орж ирэхээр хөдөө малчин байхгүй болно. Ингэхлээр махгүй болно. Мах Монгол хүний хувьд чухал хүнс....

Энэ бол төвлөрөл бус юм. Энэ бол манайдаа хүн ардын том нүүдэл, шилжин суурьшилт юм. Түүхээс үзвэл том нүүдэл, шилжин суурьшилтанд дайн дажин, өвчин дэгдэлт, цаг уурын онцгой өөрчлөлтүүд, ер нь тэвчихийн аргагүй нөхцөл байдал л нөлөөлсөн байдаг. Харин 1996 оноос манайд эхэлсэн их нүүдэл нь дурдсан шалтгаануудтай дүцэхүйц неолиберал бодлогын шууд үр дагавруудын нэг юм. Хүмүүс урьд өмнө нь амьдран сууж байсан амьжиргаагаа бас нутаг орноо хаяад дүрвэж хотын гэр хороололд ирж амь зууж байна гэдэг бол тэд нийгмийн маш том цохилтыг авсан гэсэн үг юм. Энэ бол тусдаа иж бүрэн том сэдэв юм шүү.

1949 оны 12 сарын 09-ны өдөр НҮБ ”Геноцидын эсрэг” конвеци батлан гаргасан байдаг. Үүнийг би зориуд олж үзлээ. Геноцидыг тодорхойлох шалгуур хүчин зүйлүүд байдаг. Эдгээрийг аваад үзэхэд Монголд нийгмийн геноцид явагдаж байна гэж хэлэх бүрэн үндэс бий. Энэ бол харийн хоосон номлол, загварыг тулган хэрэгжүүлсний, манай эрх баригчдын тэдний зөвлөгөөгөөр явуулж ирсэн бодлого, үйл ажиллагааны шууд үр дагаврууд юм. Гол нь бид нар үүнийг олж харахгүй, олж харахыг хүсэхгүй байна. Үүнийг олж хараад ярихад тодорхой хэмжээний иргэний зориг гаргахаас өөр арга байхгүй. 1991 онд бол үнэхээр том, алсын үр дагавруудтай форматлал байсныг одоо улам бүр ойлгож байна.

-1990 онд хувьсгал болсон юм бишүү?

-1990 оны хувьсгал бол монголын ард түмний үндэстний чөлөөлөх хөдөлгөөний нэгэн том давалгаа байсан гэдгийг би хүлээн зөвшөөрдөг. 1990 оны 12-р сарын 10-нд цуглаан болсон, дараа нь 3.18-нд өлсгөлөн болоод хавар нь гэхэд бидний дэвшүүлж байсан санаануудыг хэрэгсэхгүй үлдээгээд тэмцлийн нэрийг ардчилал /цаагуураа барууны маягийн гэсэн үг/ хэвээр үлдээгээд агуулгыг нь бүрэн өөрчилсөн байсан. “Ардчиллын төлөө 20 жил” гэдэг баримтат кинон дээр тэр хүмүүс нь ярилцлага өгсөн байдаг. Ард түмэнд бол тэр үед капиталист нийгмийг байгуулах гэж байгаа гэдгээ хэлж болохгүй байсан, ардчилал зах зээлийн онол гэсэн тэр үед сайн ойлгомжгүй үгсээр орлуулж байсан гэж. Яг үндсэндээ эдгээр нь манипуляцийн технологиуд байхгүй юу.

Эхний хамгийн хүчтэй хийсэн цохилт нь бол 20-р тогтоол. Энэ нь манай банк санхүү мөнгөний тогтолцоог форматлах үйл явцын яг эхлэл нь байсан, маш хүчтэй хоёр дахин девальвац хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ. Энэ нь гадна талдаа бол доллартай хүмүүст монголын бүх юмнууд хоёр дахин хямдарчихлаа гэсэн үг. Өнөөдөр монгол төгрөгийн ханш ямар байгаа билээ дээ? Монгол хэд дахин хямдарсан бэ гэж үү? 250 гаруй дахин! Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөг дээр нь үнэт металл буюу олон улсын валютаар баталгаажна гэсэн үг байдаг байсан, одоогийн төгрөг дээр бол юу ч байхгүй. Энэ бүхний хууль ёсны эзэд, монголчууд бидэнд ойлгуулалгүй маш хүчтэй эдийн засгийн “төрөл арилжилт” явуулсан даа. Иймээс манай эдийн засаг “Бидний мэдлийн, бидний төлөө эдийн засаг биш” болсон шүү. Улс орны эдийн засгийг, түүгээр дамжуулаад ард түмнийх нь хувь заяаг эрхшээлдээ барихын тулд мөнгөний бодлогыг нь гаднаас барьчихдаг. Тэгээд дараа нь хэвлэл мэдээллийнх нь салбарыг гартаа хийдэг, ингээд л дуусаа. Энэ бол олон газар хэрэглэгдсэн сонгодог арга. Бусад “Гурав дахь ертөнцийн” колони орнуудын хувьд ч яг ийм.

-Зурагтаар бол нэг л сайхан юм яриад байх юм. Хөгжлийн босгон дээрх бөлдгөн тэгнээ болчихоод байна, жаахан өвдөлтөө тэсчихвэл хөгжил гэдэг юм руу нь унах гээд байна, тэвч, итгэ, хүлээ гээд л. Нөгөө миний багын бүтэлгүй хайрын захиа шиг юм л Засгаас тарааж, ард түмэндээ хайраа илэрхийлээд байна.

Тэгэлгүй яахав. Тэд одоо удахгүй нэг хүнд оногдох ДНБ 10 мянган доллар, бас тун удахгүй 30 мянга болно, ДНБ 2011 оны байдлаар өмнөх онтой харьцуулахад 20 хувиар өссөн гээд яриад, бичээд, бичүүлээд байна. Энэ бол монголын байгалийн нөөц баялагийг хамах тусгай ажиллагааны PR хэсэг нь шүү. Манайхан бол ДНБ өссөн гээд байхад амьдрал ерөөсөө ийм хэмжээгээр өссөнгүй гээд яриад байгаа. Угаасаа одоогийн энэ ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засгийн үзэл санаа бол нийт хүн ардын төлөө, баялагийн шударга хуваарилалтын төлөө систем угаасаа биш байхгүй юу. Зөвхөн үг хэлэх, сонгууль хийх, хэвлэн нийтлэх гэх мэт хүнд хэрэгтэй боловч бодит амьдралд шууд нөлөөгүйг нь “ардчиллын хэмжүүр” болгож хуураад харин хүний амь амьдралд хамгийн хэрэгтэй зүйл болох эдийн засгийн шударга байдал, баялагийн шударга хуваарилалтын тал дээр бол таг чиг. Үнэндээ бол хүнд амин чухал хэрэгцээтэй бус тэр хийсвэр боломжуудыг л тунхагладаг үзэл суртал шүү дээ.

Хамгийн гол нь эдийн засгийн бодит эрх тэгш эрх чөлөө, нийгмийн баялагийн шудрага хуваарилалт юм шүү дээ! Монголын ард түмнийг 10-уулаа гэж үзвэл тэрний дотор ганцхан хүний орлого олон дахин нэмэгдсэн л бол бүх хүмүүсийн нийт орлого нэмэгдсэн юм шиг ДНБ харуулдаг. Үлдсэн есийнх нь орлого бүүр буурсан ч байж болдог. Тиймээс нэг хүнд(!) ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг бол бүх хүмүүс тийм хэмжээний орлого олсон гэсэн үг огтхон ч биш ээ. Ийм энгийн юмыг бид нар олж харахгүй байна даа. Сургаар итгэж суутныг биширдэг гэнэн зуршлаасаа салах ёстой болжээ.

-Удахгүй монголчууд маш том сонголт хийнэ. Энэ сонгуулиар ер нь урьдын байдал засагдах боловуу. Үүнийг засаж чадах улс төрийн хүчин байна уу?

-Миний үзэж байгаагаар бол одоогоор тийм улстөрийн хүчин харагдахгүй, сонсогдохгүй байна. Яагаад гэвэл ямарваа нэг үзэл санаа бодлого үйл ажиллагааг хөтөлбөр зорилго болгож тэрийг нь ард түмэн гарцаагүй ойлгож дэмжиж хүч чадлаа дайчилж байж амжилт болдог жамтай. Үүнийг манай улсын эрх баригчид, иргэд ойлгоогүй цагт бидэнд юу ч туслаж чадахгүй, юу ч өөрчлөгдөхгүй. Үнэндээ бол сонгууль явуулаад ч утга учир багатай, учир нь үзэл санаа, улстөр-эдийн засгийн чиг баримжаагаа өөрчлөөгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй, боломжгүй юм. Одоогийн энэ сонгууль бол нөгөө л хуучин эрх баригчдыг, тэр бүлэглэлийг дахин 4 жил суух хугацааг нь сунгаж өгөх ёслолын ажиллагаа төдий юм.

-Өөрчлөхийн тулд яах ёстой вэ?

Ер нь бол бид нар өөрсдийнхөө сүүлийн 20-иод жилд явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаагаа эргэн харах шаардлагатай. Гол нь үнэмлэхүй олонхийн маань амьдралыг боомилоод байгаа тэр зүйл буюу эрх баригчдын бас бид бүхний тархин дотор зориуд суулгасан ташаа ойлголтууд, төөрөгдөл юм. Энэ төөрөгдлөөсөө бид гарах ёстой. Одоо Монгол улсад бахархдаг ганцхан юм нь бол ардчилалд тууштай байсан гэдэг. Миний бодлоор бол, Азийн бар орнуудыг бас судалж үзэж байсандаа тулгуурлан хэлэхэд манайхан Азид ардчиллын цаад үнэнийг нь ойлгоогүй яваа ганцхан улс юм. Тэд маш прагматик, хоосон үзэл суртал гэдэг юмны үнийг мэддэг улсууд шүү. Харин манай дэндүү гэнэн, эрх баригчид хоосон үзэл суртлуудаар, үнэндээ бол капиталист зэрэглээнд дотор амьдарцгаадаг, эрх баригчдад бол болж байгааг бид харж байна. Гэвч тэд л ард түмнээ одоогийн энэ нүх үрүү чирч авчирч унагасан шүү дээ.

-Энэ бүхэн юунаас үүдэлтэй гэж? Мэдлэг, боловсролын тал дээр харанхуй байна гэсэн үг үү?

-Боловсролын асуудлыг бол тусад нь сэдэв болгож нилээд харсаан. Тэгээд би “Хүн сүргийн үйлдвэрлэл” гэдэг номыг сонгон орчуулж хүмүүст хүргэсэн. Энэ ном бол манай хүүхэд залуучуудын хүмүүжил, ойлголт төсөөлөл, мэдлэг боловсролыг хэрхэн “стандартдаа” оруулж авах замаар ирээдүйн колонио бэлтгэж байгааг илчлэн шүүмжилсэн, олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл юм. Яагаад би өөрөө ном бичихгүй, барууны авторуудыг орчуулаад байна гэж хүмүүс их асуудаг. Гол нь монголчууд бид өнөөдөр бие биенээ сонсохоо, итгэхээ, хамтрахаа бүүр больчихсон. Энэ бол хамгийн эмгэнэлтэй буюу оюун санааны колоничлолд орчихсон байна гэдгийг хэлээд байгаа хэрэг шүү. Бид нарыг гагцхүү гаднын хүмүүсийг бараг мөргөж шүтдэг болгочихсон. Иймээс эхний үед монгол хүмүүсийн оюун ухаан уруу өнгийж тэдний зүрх сэтгэлийн хаалгыг нь тогшихын тулд юуны өмнө барууны олон шударга хүмүүс, эрдэмтэд судлаачдын бичсэн, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүдийг орчуулж хүмүүст хүргэж байгаа. Энэ үүднээс Баруун Европын, Канадын, Америкын судлаачид, эрдэмтдийн одоогийн энэ шударга бус тогтолцоог илчлэн шүүмжилсэн, бид цаад сэдэл механизмуудыг нь ойлгон санаа авч өөрсдийнхөө байгаа байдлыг олж харахад их тус болохуйц номуудыг түүж орчуулж хүмүүст хүргэж байгаа. Хамгийн сүүлд капиталист нийгмийн соёл-ёс суртахууны үндсийг өнөөгийн байдалтай нь шүүмжилсэн “Эрин цагийн дуудлага”, эдийн засгийн 11 алуурны хамтран бичсэн “Эдийн засгийн алуурчдын золиосууд” номуудыг гаргаад байгаа, хүмүүс маш сайн хүлээн авч байгаа.

-Таныг өнөөгийн ардчилсан нийгмийн тогтолцоог шүүмжлээд эхлэнгүүд нэг бус нэлээд олон хүн, магадгүй хэсэг бүлэг, нам эвсэл ч таныг хуучнаа санагалзсан, коммунист, монголын хөгжлийг арагш нь чангаахыг хүсэгч, ардчиллаас ухрагч, дарангуйллыг хүсэгч гэх мэтээр цоллон эсэргүүцэх нь тодорхой.

-“Голын нэг усанд хоёр дахин орж болдоггүй” гэж нэг үг байдаг даа. Энэ бол голын ус урсаад өнгөрдөгтэй ижил, аливаа түүх бол цаг хугацааны, нийгмийн амьдралын эрхээр урсгаад өнгөрдөг, харин дараа нь өнгөрсөн түүхийн сайн муу сургамжийг нийгэм хүмүүс ямар нэг хэмжээнд ойлгож ухаарсан байдаг, тэгээд ч улс нийгмийн гадаад дотоод нөхцөл байдал шал өөр болсон байдаг гэсэн үг шүү дээ. Иймээс яг хуучин нийгэм үрүүгээ буцах тухай ойлголт төсөөлөл бол хүмүүсийн цэвэр сэтгэл хөдлөл дээр тоглож байгаа манипуляц бөгөөд мөн чанартаа нийгмийн олонхийг үүгээр айлгаж хуурч байгаад одоо зарим хүмүүсийн хэвшмэл ойлголт төсөөлөл болгосон эд, ер нь логикгүй яриа юм. Иймээс “хуучнаа санагалзах”, “буцах” тухай үг яриа бол бусдыг үгүйсгэж шошго наах гэсэн, бодит байдлаа олж харах ухаарах гэсэн зүйлийг ярьж байгаа, хүмүүсийг битгий сонс, ард түмнийг нүдээ аниж чихээ бөглөөд сууж бай гэсэн далд зальжин санаа шүү дээ. Тэгээд ч яг буцаад өнгөрсөн байдалдаа орох гэдэг нь огт бодит боломжгүй зүйл. Миний хувьд бол өмнөх түүхээсээ суралцаж алдаагаа дахин давтахгүй байх сургамж, харин олсон ололт амжилт туршлагуудаа тулгуурлаад цааш нь нэмээд баяжуулаад аваад явах, хамгийн гол нь улс үндэстнийхээ бодит боломж, одоогийн нөхцөл байдлыг зөв харж тооцож, нийгмийн үнэмлэхүй олонхийнхоо амьдралын энгийн үнэнг ойлгож тэдний туйлын хүсэл тэмүүллийг нь хангах зөв чиг баримжаа, хөгжлийн гольдролын тухай яриа юм. Одоо бид үзэл сурталжиж ханалаа шүү дээ, одоо судлах ойлгох, сэхээрэх ухаарах, хөгжлийн зөв замаа тодорхойлох, тэгээд даруй хөгжлөө бүтээж эхлэх хэрэгтэй байна даа.

Би коммунист биш ээ, урьд нь ч байгаагүй. Ингэж хялбарчлан сэтгэж бодож ярьж байгаа бол бид үүнээс хойш 20 гаруй жил өнгөрчихөөд байхад, маш олон үйл явдлууд бидний нүдэн дээр өрнөж үр дагаврууд нь илрээд байхад Монгол эх орныхоо туулж өнгөрүүлсэн нэн шинэ түүх, өнөөгийн байдлаа төдийгүй ялангуяа өнгөрсөн 100 жилийн дэлхийн улстөр-эдийн засгийн цаад нарийн учир шалтгаануудыг бас л сайн судлаж ойлгоогүйг харуулж байгаа юм. Зөвхөн хэн нэгний ярьсан хэлсэн, бичсэн зүйлийг чин үнэн гэж итгэж “сургаар ойлголт”-той суусаар байгаа, юмыг дэндүү хялбаршуулж нэг хэв загварт оруулж ойлгодог болсон бидний өнөөгийн сэтгэлгээ юм даа.

Бидний хэн нь ч хүний нийгмийн бодит шударга байдал, бодит эрх тэгш байдал, бодит эрх чөлөө бодит сайн сайхны төлөө үзэл санааны эсрэг биш гэдэг нь ойлгомжтой, харин одоогийн ардчилал гэдэг үзэл суртлын баг өмссөн энэ бүх уршигтай үйл ажиллагааг, тарьсаар байгаа үр дагавруудыг нь шүүмжилж байгаа хэрэг юм. Одоо улс гэрийг маань юунд ч хүргэж болох нөхцөл байдал нэгэнт бүрдчихээд байна шүү! Бид одоо дотроо хэмлэлдэж суухаа больё гэж хэлэх байна. Үүн шиг амархан, тэгээд маш хор хөнөөлтэй юм гэж байхгүй гэдгийг хүмүүс ойлгоосой.

Ер нь “Чи бидэнтэй л биш бол бидний дайсан” гэдэг уриа, ойлголт бол харгис дарангуйлагч Б.Муссолини, А.Гитлерийн үед гаарч байсан үзэл санаа юм шүү дээ. Тэнд өөр хэнийг ч юуг ч бүү сонс, бүү олж хар, бүү ярь хэлэлц, нийгэмд нь “бид эсвэл дайснууд” гэсэн үзэл сурталыг гааруулж байсан юм шүү, эцсийн үр дүнг нь бид сайн мэдэж байгаа. Тэгвэл одоогийн манай нийгэмд ноёлж байгаа энэ харийн үзэл суртал, түмэн олны төөрөгдөл, энэ ядуурч туйлдсан маргаашгүй амь зуулга нь өнгө, мөнгөний хавтгай дарангуйлал биш гэж үү?

/Үргэлжлэл бий/

Боолчлогдож байгаагаа мэдэхгүй бол боолчлолоос гарахгүй - 1

“Эдийн засгийн алуурчны наманчлал”, “Эдийн засгийн алуурчны золиосууд”, “Эрин цагийн дуудлага /Zeitgeist/” номыг орчуулагч эдийн засаг-улстөр судлаач Х.Болорболдтой хийсэн ярилцлага.

Үзэл суртлаас үзэл сурталд

-Таны орчуулж нийтийн хүртээл болгож байгаа номууд нь манай өнөөгийн нийгмийн хөгжлийн зам, түүний ирээдүйд эргэлзэх эргэлзээг уншигчдад төрүүлж байгаа. Та чухам яагаад ийм номуудыг сонгон орчуулах болсон бэ?

-Анх 1990 онд өрнөж эхэлсэн ардчилсан хувьсгалыг миний хувьд ихэд дэмжиж байсан. Гэтэл манай шинэ эрх баригчид “Бид ардчилал зах зээлийг сайн мэдэхгүй” гэж зарлаж байсан хирнээ өргөн хүрээтэй үйл ажиллагаа, олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхлэхэд нь эргэлзэж эхэлсэн.

Би Уралын политехникийн дээд сургуулийг автоматик-телемеханикийн мэргэжлээр төгссөн, мэргэжлээрээ 22 жил ажилласан хүн. Байгалийн шинжлэх ухааныг судалсан олонх хүмүүст байдаг аливаа зүйлийг шууд л хөдлөшгүй чин үнэн гэж хүлээн авахаас өмнө сонирхож, цаад уг шалтгааныг нь шалгаж судалж байж л итгэл үнэмшлээ болгодог “хүмүүжил”-тэй нэгэн гэх үү дээ. Ингээд тэр чөлөөт зах зээлийн эдийн засгийг зүгээр нэг сургаар даган гүйхгүй харин яг онолыг нь судалж суралцахын тулд 1996 онд СЭЗДСургуульд орж, зах зээлийн эдийн засаг, мөнгө санхүү бүртгэл-экономикст суралцаж төгссөн.

Энэ үед бидний замнаж буй замд эргэлзэж байсан маань улам батажсан даа. Учир нь өрнийн эдийн засгийн онолууд нь цэвэр онол шиг атлаа хамгийн гол нь энгийн бодит тооцоо, амьдралын логикоор эдийн засгийн онолын тэр бодлогуудыг нь зөв бодож хариултыг нь гаргаж болдоггүй байв. Харин ч мөн чанараараа миний хувьд бол “хачин эргэлзээтэй” сонин хариултуудтай бодлогууд байдаг байсан. Иймээс манай амьдралд биелэх боломж багатай, манай нийгэм-хүмүүст ашиг муутай санагдаж байсан, иймээс сурах бичгүүдээс гадна өөр ном судалгаануудыг хайж олж үзэж судалж эхэлсэн дээ. Энэ хоёр дахь дээд сургуулиа 1998 онд төгсөөд одоо 10-аад жил дэлхийн түүх (сурах бичгийн түүх биш үү!), улс төр, эдийн засгийн ил далд цаад механизмуудыг нь судлаад явж байна.

Сүүлийн үед бол манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээж байгаа албан ёсны мэдээллүүдийг харахаас гадна, ялангуяа гадаадын хараат бус нэрт судлаач эрдэмтдийн сайт, блогуудыг долоо хоногтоо 1-2 удаа заавал орж тэнд болж байгаа үйл явдлыг мэдээллүүд, аналитикийг уншиж судалж байна. Үүнийгээ бодит фактуудтай харьцуулж үзэхээр манай энд болж байгаа үйл явдлуудын талаар ТВ-ээр өгч байгаа мэдээллүүд нь монголчууд бид тусдаа шал өөр ойлголт, мэдээллээр амьдарч байгаа нь харагддаг. Энэ хугацаанд гадаадын нэртэй эрдэмтэн судлаачдын олон ном, аналитик нийтлэлүүд, алдартай хүмүүсийн дурьдатгалууд, бас маш олон баримтат кинонуудыг олж, цуглуулж, үзэж уншсан. Ингээд олсон мэдээллийнхээ зах зухаас монголчууддаа хүргэе, хүмүүс үнэн байдлыг олж хараасай, бид яг зөв замаар яваагүй байна шүү гэдгийг ойлгуулах үүднээс одоогоор долоон номыг сонгон орчуулж хүмүүст хүргээд байна.

Манайд хамгийн их тулгамдсан тухайн нэг асуудлыг тусгасан ном орчуулахын тулд бараг 10-30 номоос сонгодог. “Энэ номыг л Монголын ард түмэнд нэн тэргүүнд хүргэх шаардлагатай юм байна” гэснээ орчуулж ирлээ. Би “Өнөөдөр бид олон хоосон үлгэрүүд дотор амьдарч байгаа учир манай улс, ард түмэн ийм хүнд нөхцөл байдалтай болжээ” гэсэн дүгнэлтэнд хүрсэн хүн дээ.

-Дээрх номнуудад гарсан санаануудын бодит дүр зургийг Монголын нийгэмд байгаа тодорхой баримтуудтай жишиж яривал илүү ойлгомжтой болох юм шиг санагдаж байна?

-Би 1991 оны цагаан морин жилийн хувьсгалыг эхлэхдээ “Үндэстний эрх чөлөөний шинэ хувьсгал” байсан гэж үздэг. Хувьсгал гэдэг нь улс төр-нийгэм эдийн засгийн тогтолцоог өөрчлөн халж, ард түмний амьдралыг чанарын өөр шатанд гаргах зорилго, агуулгатай байдаг. Тиймээс аливаа хувьсгал нь шинэчлэл дэвшилд хүргэх учиртай биз дээ? Гэтэл сүүлийн 20-иод жилд Монголд өрнөсөн үйл явдлуудыг хэрэв манай либералчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс шиг сэтгэл хөдлөлөө дарж, үзэл сурталжихгүйгээр, гагцхүү бодит факт баримтуудад тулгуурлаж судлаад үзвэл дэвшил биш харин ч асар том ухралт авчирсан гэж би үздэг. Гагцхүү тэр сөрөг өөрчлөлтүүдийг дандаа өөр “үгүүдээр” илэрхийлэн халхалж, нийгэмд хоосон горьдлого төрүүлж, хүмүүсийг төөрөгдүүлж байж. Жирийн хүмүүс эхэндээ гайхаж байсан ч эрх баригчиддаа итгэж найдаж байсан бол одоо үр дагавруудыг нь амсаж эхэлмэгцээ цөхөрч, олонх нь сайн юм хүлээхээ больсон байна. Жишээ нь, өмнөх нийгмийн эдийн засгийн бүх суурь бүтцүүдийг, ажлын байруудыг, хүмүүсийн ашиг орлогыг эвдэн сүйтгэж байгаагаа “бүтцийн өөрчлөлт”, “шилжилтийн эдийн засаг” гэх зэргээр маш сонин, нэг тийм далд утгаар нэрлэж, жирийн олныг төөрөлдүүлж, хоосон горьдлогод барьж байсан юм.

Гэтэл “Чухам хаашаа, юуны тулд, хэнд ашигтай нөхцөл үрүү шилжиж байна вэ?” гэсэн асуулт тавиад “Монгол улс, ард түмний язгуур амин чухал эрх ашигт нийцэх, монгол үндэстний дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөөх шилжилт мөн үү?” гэдгийг нарийн судлаад үзэхээр энэ бүх “явуулгын” үр дүнд түүхийн өмнөх 70 жилд олсон ололт амжилтаас асар их ухарсан, ухарсаар байгаа нь харагдана. Хэрэв цэвэр үзэл суртлын хүлээснээс гарч, элдвийн хоосон үлгэрүүдийн багийг нь хуулан харах юм бол манай улс, үндэстэн нийгмийн олонх салбарт ялангуяа мөнгө, банк-санхүү, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гэх мэт амин чухал салбаруудад асар том ухралтууд хийсэн байна. Сүүлийн үед тусгаар, бие даасан хөгжлийнхөө замаас гарч, улам хүчтэй гажуудлууд хавтгайрч байна. Энэ талаар тодорхой жишээнүүдийг яривал улам ойлгомжтой болно.

Сүүлийн жилүүдэд манай нийгмийн амьдралд бүх талаар ялзрал, задрал маш хүчтэй явагдсан нь тохиолдлын зүйл огтхон ч биш юм. Энэ бол зориуд явуулсан бодлого, арга хэмжээний шууд үр дагавар юм. Нийгмийн ёс суртахуун уналтанд орж, монгол хүний маргаашдаа итгэх итгэл үгүй болж, бүх зүйл дээр хүнийрхэх үзэл, мөнгөний төлөө яахаас ч буцахаа байсан уур амьсгал нийгэмд гаарч байгаа нь хэнд ч илэрхий байна шүү дээ. Улс улстөр-нийгэм эдийн засгийн макро түвшинд төдийгүй микро түвшинд жижиг аж ахуйн нэгж, айл өрх, жирийн хүмүүс, бүх нийтийн амьдралд “тэр бодлогын” тусгал нь хэрхэн илэрч байгааг ажиглавал үнэхээр маш хүчтэй ухралт, уналт болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Өмнөх нийгмийн тогтолцоог хамгаалж, зарим хүмүүсийн хэлдэгээр “буцах” гэсэндээ биш, харин одоо бодит байдалд чухам юу болоод байгааг л хэлж байна. Дахин хэлэхэд хэрэв ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх гэх мэтийн хийсвэр, цэвэр үзэл суртлыг орхиод, амьдралын энгийн бодит үнэнг олж харах юм бол энэ 20 жилд бид харийн үзэл суртлын хоосон домгууд дотор учраа олохоо байчихаад, бүр харийн хүмүүст найдаад суудаг болсон байна. Манай эрх баригчдын гол зорилго нь “Гагцхүү засаглаж байх, эрх мэдэлтэй байх”. Харин бусад зүйлс тэдэнд нэг их хамаагүй бололтой. Мэдээж би ийм дүгнэлт хийхдээ олон юманд эргэлзэж, орчин үеийн мөнгөний онол, банк санхүү, эдийн засаг, ер нь дэлхийн улстөр-эдийн засгийн сүүлийн 400 гаруй жилийн түүх, түүнийг нөхцөлдүүлж байсан цаад учир шалтгаануудыг ямар нэг хэмжээнд үзэж судалсан гэдгээ хэлэх ёстой болов уу.



-Хувь хүн бүү хэл нийгмийг бүхэлд нь ховсдохын тулд манипуляцийн /төөрөгдүүлэх/ асар өргөн хүрээтэй арга хэмжээг үзэл суртлын янз бүрийн хэлбэрээр, тэр бүү хэл шоу хэлбэрээр ч явуулдаг. Гэтэл шоу амьдрал хоёр огт өөр?

-1991 онд ардчилсан хувьсгал дөнгөж эхлэхэд монгол хүн бүрийн хүсэл сэтгэлд юу байсан бэ? Монголд 1911 онд эхэлсэн Үндэстний чөлөөлөх хөдөлгөөн 1991 онд Монголд үндэсний эрх чөлөөний тэмцлээр дахин давалгаалсан ч энэ тэмцлийн зөвхөн нэрийг нь ардчилал болгож /барууны гэсэн далд утгатай/, ард түмний дэмжсэн энэ тэмцлийн гол зорилго, агуулгыг нь гаднынхны “эелдэг” зөвлөгөөгөөр сэм сольчихсон юм. Тун удалгүй энэ түүхэн хувьсгалын зорилго, агуулга, үйл ажиллагааг “зөвлөгөө өгөх” гэсэн нэрийн доор гаднынхан өөртөө хэрэгтэй зүгт чиглүүлсэн байдаг.

Мэдээж урьд өмнөх социалист нийгэмд олон асуудал байсан. Гэвч асуудалгүй тогтолцоо, асуудалгүй нийгэм хүн төрөлхний түүхэнд байдаггүй шүү дээ. Гагцхүү өндөр хөгжсөн гэгдэж байгаа гүрнүүд энэ асуудлаа хэрхэн яаж, хэнийг ашиглаж, чухам ямар арга замаар шийдэж ирсэн бэ гэдэгт л өнгөрсөн бүх түүхийн гогцоо, асуудлуудын нууц нь оршиж байдаг. Одоо бидний нүдээ аниж, чихээ бөглөчихөөд дагаж яваа энэ “Неолиберал-капиталист- тогтолцоонд, барууны нийгэмд илүү ноцтой, гүн гүнзгий асуудлууд маш их байна шүү дээ. Гэтэл монголчууд бидэнд үндэстнийхээ түүхэнд хүрсэн олон ололт амжилтуудаа хадгалж, ухралт хийхгүйгээр явах бололцоог олгосонгүй. Харин ч социализмыг устгачихвал л бүх юм сайхан болж улс орон улам дэвшин дээшлэнэ гэж амлаж байсан, гэтэл одоо юу болчихоод байгааг нүдтэй бүхэн харж, чихтэй бүхэн сонсож байгаа. Гадны байгууллагууд, тэдний зөвлөхүүдийн татгалзахын аргагүй “эелдэг зөвлөгөөнүүдийн буянаар” урьд өмнөх бүх ололт амжилт, бүтээн босгосон бүхнээ тэднээс мөнгө зээлж байгаад устгах ажлыг гардан хийж, суурин дээр юу ч байгуулаагүй сууж байгаа.

Монголын эрх баригчид улсынхаа эдийн засгийн бодит нөхцөл, бололцоо, нэн тэргүүний зорилтууд, цаашилбал нь орчин үеийн мөнгө-санхүү, эдийн засгийн цаад далд механизмууд, зарчмууд, хөгжлийн онол, загварын талаар огт ярихын оронд эдийн засгийг тойрсон элдэв хоосон догмуудыг л ярьж түүнд "үнэнч" гэдгээ харуулж, одоо бүр хэн дуртай нь “ойлгож байгаагаараа”, “санагдаж байгаагаараа” ярьж үзэл сурталжаад сууж байна шүү дээ. УИХ-ын түвшинд ч, Засгийн газрын түвшинд ч гэсэн яг одоогийн уначихаад байгаа эдийн засгаа судалж, иж бүрэн үнэлж дүгнэж, гарах гарц, хөгжлийн онол загвараа ярихгүй л байна шүү дээ. Элдэв хөтөлбөр, уриа лозунг бол харин ч хангалттай бий, би үзсээн. Харамсалтай нь ганцхан үзэл сурталжсан гаднынхны элдэв зөвлөгөөг лозунг болгосон хөтөлбөр зохиосноор, их том амлалт авснаар, ажлын хэсэг байгуулснаар улс орон хөгждөггүй юм билээ.

Ил далд олон хүчин зүйл, зарчмууд энд нөлөөлж байдаг. Чухамдаа эдийн засгийн яриа гэдэг нь хүн ардынхаа амьдралын түвшин, чанарыг, улс үндэстний өнөөдөр бас ирээдүйн тухай асуудал шүү дээ. Өнөөдөр монголын ард түмэн урьчилан хэлж болохооргүй маш төвөгтэй нөхцөл байдалд туйлын сул дорой нийгмийн дархлаатай, эмзэг амь зуулгатай болчихоод байна даа. Одоогийн энэ хоосон үзэл сурталжиж бусдыг дагаж давхиж байгаа байдал маань “Өнгөрснөө баллаад өнөөдрөө туйлдуулж, ирээдүйгээ устгаж” байна. Бид, ялангуяа эрх баригчид маань өөрсдийн хүчинд итгэхээ байгаад, гаднынхныг “сармагчинчлан” дуурайх гээд хөгөө хөлдөө чирч байна. Тэр яриад байгаа капитализмд нь бидний үзэж харж ярьж итгэж байгаагаас шаал өөр далд зарчим, механизмууд бидний хувьд “шилний цаана” байгаа тэр их баялгийг бүтээсэн байдаг. Би капитализмд дургүйдээ биш л дээ, гэхдээ шуудхан хэлэхэд капитализмын "найрын ширээнд" монголчууд бидэнд суудал байхгүй, хэн ч хэзээ ч биднийг тийш нь оруулахгүй, бид зөвхөн капитализмын "гал тогоонд төмс арилгагч" байх ийм тавилантай систем юм шүү гэдгийг, хамгийн гол нь одоо энэ "их хөлчүү найр" өндөрлөж байгааг сануулах гэсэн юм. Харин дараа нь шараа тайлах гэж нэг юм байдаг даа....

-1990-ээд оны өөрчлөлтийн эхэн үед таны ярьж буйг ярьж байлаа. Та одоо эмзэглэн ярьж байна. Тухайн үед нийгмийн бүхий л салбарт шинэчлэлт хийх ёстой гэж ярьж байсаан. Бараг л коммунизм гэж байхгүй, “хий үзэгдэл” учраас түүнийг байгуулахад зориулсан социализмийн материал-техникийн баазыг үнс нурам болгож байж огт өөр шинэ нийгмийг байгуулах ёстой гэдэг байв. “Зэрлэг ургамлыг үндсээр нь сугалахгүй бол дахиж ургана” гэдэг шиг. Тэгээд цочир эмчилгээ хийж, ард түмнээ элгээр нь хэвтүүлж байж л шинэ капиталист нийгмийн харилцаанд орно гэж ойлгодог болсон доо. Одоо үүнийг ярьж байсан тэр хүмүүс улс орныг удирдаж байна. Тэгэхээр эдгээр хүмүүс үнэнээсээ ингэж бодож байв уу, гэнэн хонгороосоо барууны үзэл суртлын урхи гогцоонд ороод ашиглагдчихав уу?

-Миний хувьд тэд зориудаар эх орноо, ард түмнээ элгээр нь хэвтүүлчихэе, эдийн засгийнх нь бааз суурийг нураая гэсэн зорилго тавиагүй байх л даа. Гэхдээ та бүхэн санаж байгаа бол тэд “Бид зах зээлийн эдийн засгийн гол зарчим, механизмуудыг мэдэхгүй байна” гэж ярьдаг байсан шүү дээ. Харамсалтай нь тэдний одоо ярьж хийж байгааг харахад тэд одоо хүртэл мэдэхгүй л хэвээр байгаа бололтой. Тэд хоосон үзэл суртлын урхинд байна.

Үнэн гэвэл тэд одоо ямар боловч байсан бүхнээ нураачихсан байна. Ганцхан амлаад байсан хөгжил дэвшил нь эхлээгүйд яахаа ч мэдэхгүй байгаа тул зарим улс төрийн хүчнүүд “Ард түмнээсээ асууя” гээд явж байна. Гэтэл ард түмэн нь мөн адил мэдэхгүй. Ерөөсөө бид орчин үеийн мөнгө-санхүү, эдийн засгийн суурь механизмуудыг л ярихгүй байгаа. Олонх нь неолиберал үзэл суртал, онол төсөөллийг дагаад дуурайгаад хөөрцөглөөд гүйж байна. Гэтэл харамсалтай нь биднийг мунгинаж байх зуур тэр онол загвар нь капитализм тогтолцоог нь бүхэлд нь сүйрэлд авчраад байгаа шүү дээ. Энд би эдийн засаг гэдгийг жинхэнэ утгаар нь ярьж байна, тийм үү?

Улс орны эдийн засаг гэж чухам юуг ойлгох юм? Улс орон бүр дотооддоо өөрийн аж үйлдвэрлэлтэй, дотоодын ажлын байруудтай, дотоодын нөхөн хэрэглээтэй, ийм нөхцөлд л хүн амынх нь орлого, амьдралын түвшин дээшилж байдаг. Өөртөө дотроо аль болох олон бараа бүтээгдэхүүнийг эдийн засгаараа бий болгодог, гарсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бид юуны өмнө өөрсдөө, дотооддоо хэрэглэдэг байх ёстой. Өнөөгийн Монгол улсын эдийн засгийн ерөнхий загварыг аваад үзэх юм бол цэвэр түүхий эдийн экспортын чиглэлтэй болчихож, нөгөө бүтцийн өөрчлөлтүүдийн үр дүн нь сая ингэж ил гарсан байна. Ноцтой нь биднийг мөнхөд ийм байлгах нөхцөл бүрдчихээд байна. Бид одоо ихэнх бүтээгдэхүүнээ бүүр стратегийн чухал амин чухал бүтээгдэхүүнүүдээ хүртэл гадаадаас импортолдог, түүнийг нь тодорхой цөөхөн зуучлагч нар үнийг нь нугалж нэмээд л зардаг. Ийм улс орон ядуурал гуйланчлалаас гарах боломжгүй болчихож байгаа юм. Монгол улс нь тэр чигээрээ зүгээр л супермаркет дэлгүүр, ченжийн зах болчихож. Энэ бол хараат, колони орны сонгодог загвар бөгөөд манай улс, үндэстний сүйрэл цаашдаа мөхөл юм. Ийм нөхцөлд манайд хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин улам бүр дордож, хүн амын эрүүл мэнд, тооны өсөлт, чанаржилт бололцоогүй болж, боловсрол, шинжлэх ухаан, бусад салбар хөгжих үндэсгүй болгочихож байгаа юм. Одоо бид хүмүүсээ хүртэл экспортлодог болчихоод байна шүү дээ.

Гэтэл аль ч улс орон өөртөө зөв эдийн засгийн бүтэц, аж үйлдвэрлэлтэй л байж хөгждөг. Үүнийг л неолиберал капиталист тогтолцоо хааж боогдуулж байдаг. Ялангуяа улс үндэстний хувьд амин чухал аж үйлдвэрлэлүүдийн баазтай байж л сая эндээс улс нийгмийн бүх зүйл нөхцөлдөж өргөжиж, хөгжиж дэвшдэг. Гэтэл 10 юаниар авсан зүйлээ төгрөгөөр нугалж зарж борлуулахыг эдийн засаг гэдэггүй ээ.

Колоничлолоос неоколоничлолд

-Монголд сонгодог утгаараа эдийн засаг хөгжихгүй байна гэсэн үг үү?

-Хөгжихгүй, харин ч бид улам хойшоо гулссаар байна. Бид эдийн засгийнхаа хөгжлийнхөө дотоод нөөц бололцоо, манай улс нийгэмд нэн чухал тэргүүлэх чиглэлүүд, онол загварыг ч хэлэлцэж ярихгүй байна. Социализмийн үед энэ бүхэн ямар нэг хэмжээгээр байсаан, байлгүй яахав. Нийгмийн баримжаатай тогтолцоо байсныг та бид мэдэж байгаа. Манай эдийн засгийн гол хөгжил дэвшил дэлхийн II дайнаас л хойш, ялангуяа 1970-аад оноос хойш л үүсч буй болсон байсан шүү дээ. Энэ үед л Улаанбаатар хот жинхэнэ орчин үеийн хот болж, аймгийн төвүүд өргөжиж хөгжиж, САА, аж үйлдвэрүүд буй болж, бүтээн байгуулалт, үндэсний ажилчин анги, үндэстний сэхээтнүүд, тэр дундаа инженер-техникийн ажилтны бүхэл бүтэн арми богинохоон хугацаанд бий болсон байдаг. Хүн ам бараг 4-5 дахин өссөн. Хүн ам нь эрүүлжиж, бүх хүн бичиг үсэгтэй, олонх нь боловсролтой болж, сэхээтний давхарга үүссэн шүү дээ. Ердөө л 40 гаруйхан жилд. Гэтэл үүнийг одоо зарим нь “социализм бол шорон байсан” гэж хашгирч байна. Ер нь ийм зүйл ярихын тулд чухам колоничлол гэж юу байдгийг үзэж уншиж судлах хэрэгтэй шүү дээ. Ядаж тоо цифрүүд, баримтуудтай ярих хэрэгтэй дээ. Ер нь манай либералчид дандаа хүний сэтгэл хөдлөл дээр тоглолт хийж байдаг. Харин яг факт баримтуудад тулгуурлаж ярих бол шаал өөр асуудал юм.

Энэ нь тэр нөхөд өөрсдөө колоничлол гэж юу байдгийг мэдэхгүй байгааг л харуулж байгаа хэрэг. Колоничлол гэж юу вэ? Яагаад би бидний замнасан 20 жилийг колоничлол уруу гулсаж яваа зам гэж хэлээд байна вэ? Энэ дэглэмийн үед улс орны өмнөх бүх ололт амжилтыг нь элдэв худал зүйлүүд амлаж байгаад устгадаг. Тухайлбал, эдийн засгийг нь гагцхүү түүхий эдийн экспортлогч болгодог, хүн амынх нь дотоод бүтцийг эвдэж тоог нь барьж хязгаарлах бодлого явуулдаг, сэхээтнүүдийг нь хавчиж, боловсролын салбарыг өөр стандартад оруулж аажмаар дампууруулах бодлого барьдаг. Эрх баригчдыг нь “тоглоомын хүүхэлдэй” болгож ер нь бүх талаар бүрэн хараат болгож, нийгэм ард түмнийг нь дотроос нь хагалан бутаргах бодлого явуулдаг... Ийм жишээ түүхэнд зөндөө бий шүү.

Ер нь нэг ийм үг байдаг. “Там хүрэх зам дандаа сайхан амлалтуудаар дүүрэн байдааг” гэж. Одоо бол дандаа л “Бүтцийн өөрчлөлт, элдэв стандартууд” гэж ярьж байгаа. “Бүтцийн өөрчлөлтүүдийн хөтөлбөрүүд” гэдэг нь Гуравдах ертөнцийн орнуудыг өнөөгийн байдалтай болгосон ба аливаа улсын эдийн засгийн гол бааз сууриуд, аж үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр нурааж, эдийн засгийг нь түүхий эдийн экспортын чиг баримжаатай болгож бас өөрсдийн бэлэн бараануудыг худалдан авдаг зах зээл болгох зорилготой юм. Ийм эмзэг бүтэцтэй эдийн засагтай болсон улс үндэстэн өөрөө бүх талаар нэн эмзэг болон хувирч байгаа юм. Дотоод амьдрал нь гаднын импортоос бүрэн хараат болдог, иймээс төр засаг нь тоглоомын улстөр болж улс орон нь “гадилын” нэр авдаг. Өдгөө Монгол улс дэлхийн болон бүс нутгийнхаа хөдөлмөрийн хуваарьт ямар үүрэгтэй оролцож байна гэхээр газар доорхи баялаг түүхий эдээ, ажиллах хүчнээ экспортолдог, оронд нь бүүр үндсэн амин чухал хэрэгцээгээ хүртэл импортоор хангадаг хараат улс болж. Гэтэл эрх баригчид, ард түмний олонх маань сүүлийн 20 жилийн “тоглоомын дүрмээ” одоо болтол сайн ойлгоогүй л байна даа. Хүмүүс улам бүр худалдан авч идэж уух, эдэлж хэрэглэхэд донтож үүнийгээ ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх гэж андуурч явсаар одоо хэрэглээнд донтсон хүмүүсийн бөөгнөрөл шиг нийгмийг байгуулчихаад байна. Хэрэгцээнийхээ дийлэнхийг бид том өр тавьж байгаад эдлэж хэрэглэж байна, одоо хүн амын дийлэнх өрөнд баригдсан гэдэг судалгаа бас байдаг.

Одоо өмнөх 70 жилд бүтээн байгуулсан байсан нийгмийн хөрөнгө баялгийн нөөц элэгдэж, одоо шавхагдаж дуусч байна, бидний үед. Энэ нь өнөөгийн байдлыг, ирээдүйг улам ноцтой болгож байна. Иймээс энэ бүх алдаагаа даруй эргэн харъя. Ямар нэг “изм, үзэл суртал”-д л үнэнч байгаагаа харуулах гэх мэт хоосон догмуудаасаа зоригтой салъя аа гэсэн үзэл санааг хүмүүст хүргэх гээд л явж байна. Үүнийг тулд улс үндэстнээрээ сэхээрч ухаарах ёстой болоод байна.

-Монгол улсад стратегийн зорилго гэж байх ёстой. Тэгвэл нэн түрүүнд шийдэх ёстой зорилтууд нь юу байна? Үүнд л манайханд одоо байгаа нөөц бололцоогоо чиглүүлэх ёстой, тийм үү? Хэрэв үлдсэн бол шүү дээ?

-Монголчууд үндэстний эдийн засгаа сэргээн босгох, өнгөрсөн алдаануудаа засах, төөрөгдлөөсөө гарах ер нь богино хугацаанд энэ бүх ухралтыг эхлээд зогсоогоод даруй томоохон дэвшил үсрэлт хийх хэрэгтэй байна. Тийм бодит бололцоо, гадаад дотоод нөхцөл байдал, шаардлага нөгөө талаасаа боломж одоохондоо шавхагдчихаагүй байна. Наад зах нь гадаад “тааламжтай” нөхцөл байдал гарч ирээд байна, одоо. Ингэхийн тулд юуны өмнө неолиберал энэ хоосон догмуудаас бид салах хэрэгтэй байна л даа. Нэгэнт бусад орнуудын жишээн дээрээс харж болох том том сүйрэл, ядуурал гуйланчлал мөхөлд хүргэсэн одоогийн энэ хоосон номлол, загвараас аль болох хурдан салах ёстой. Бид дэлхийн жишиг энэ тэр гэж их ярьдаг. Харин яг өнөөдөр л дэлхийд цуурайтаж буй эрин цагийн дуудлагыг чих тавин сонсож, өөрчлөлт шинэчлэл хийх улстөрийн хүсэл эрмэлзлэлтэй байхад хамгийн гол нь түмэн олны зөв ойлголт шахалт, тус дэмжлэг туйлын чухал болоод байна. Одоогийн энэ бодит байдал, дахин хэлэхэд хоосон үзэл суртлын савраас гарахгүй юм бол бидэнд ашигт малтмалын баялаг ч, ер нь юу ч туслахгүй, хэрэв олж харж сайн тунгааж бодох юм бол бид ноцтой байдалд хэдийнэ тулчихаад байна. Үндэстний хөгжлийн цэвэр прагматик үзэл баримтлал, загварыг бид өөрөө өөрсдөө гаргаж ирэх ёстой.

-Олон намын систем гэж анх 90 оноос ярьж эхэлсэн. Одоо надад Монголын түүхийн хамгийн эмгэнэлтэй үе “феодалын бутралын үе” л нүдэнд харагдаад байна. “Бага хаадын үе” гэгчээр эрчээ авсан шүү дээ. Түүнийг уншаад нэн эргэлзэж бас эмзэглэж байснаа санаж байна. Өдгөө 20 жилийн эргээд харахад энэ үе түрүүний хэлдэг манипуляцийн үр дүнг үзэж байгаа үе, түүний үр дүн, тийм үү?

-Ер нь бол улс орныг эрхшээлдээ оруулахын тулд “Нийгмийг нь элдэв аргаар хагалан бутарга, хооронд нь хэмлэлдүүл, эцэст нь бүгдийг дарангуйлан захир” гэсэн эртний Римээс явж ирсэн үг, бодит стратеги бодлого байдаг шүү дээ. Эртний римчуудаас эхлээд бүх том гүрнүүд “Хуваагтун, захирагтун” гэсэн сургаалийг бүхий үйл ажиллагаандаа баримталж ирсэн байдаг. Энэ бол гурав дахь ертөнцийн гэдэг нэр авсан улс орнуудад барууны өндөр хөгжилтэй гэж нэрлэгдээд байгаа улс орнуудын зүгээс явуулдаг бодлогын нэг үндсэн санаа нь.

-Хятадын бодлого ч олон зууны туршид бүдүүлгийг бүдүүлгээр гэсэн томъёоллоор явж ирснийг уг нь бид мэддэг? Гэхдээ орчин үед тийм юм байхгүй байлгүй дээ гэж боддог, нөгөө талаас бид энэ ойлголтдоо Хятадыг л хамруулдагаас коммунизмын үед Орос, либерализмын үедээ АНУ-ыг хамруулах үнэн сэтгэлээсээ дургүй. Гэтэл ертөнцөд юу өөрчлөгдсөн гэж?

-Ердөө л наадах чинь шүү дээ. Үүнийгээ барууны гүрнүүд орчин үед “ардчиллын нэг гол шинж бол олон намын системтэй байх” гэж номлодог. Барууны энэ номлолоор бол ер нь иргэн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой, энэ бол эрх чөлөөтэй байгаагийн шинж гэдэг. Тэгээд хоорондоо заавал өрсөлдөж байх ёстой гэдэг. Энэ нь улс үндэстний хэмжээнд ямар нэг нэгдэл нягтрал үүсэхээс болгоомжилсон бодлого бөгөөд улстөрийн намуудаар дамжин нөлөөлж байх нөхцлийг бүрдүүлдэг байна. Хэрвээ нэгдэл нягтрал үүсэх аваас улстөр нийгэм нь хүчирхэгжиж энэ улс орон гадныхны үгээр, дохио зангаагаар явах боломжгүй болдог аж. Тийм учраас ийм арга нь нөгөө монголчуудын өвөг дээдсээсээ уламжлан ирсэн Ариун гоо эхийн таван сумны домог, бас “Эвтэй бол хүчтэй” гэдэг уламжлалт сургааль гүн ухааныг л сарниулж байгаа хэрэг.

Та бүхэн бодож байгаа байх, АНУ-д ердөө л хоёрхон нам байдаг гэж. Гэтэл үндсэндээ арван хэдэн нам байна аа. Миний мэдэхээр сонгуульд оролцдог арван хэдэн нам байна. Гэтэл үүнийг нь бид огт сонсоогүй байна. Яагаад хоёрхон намын өрсөлдөөнийг сурталчлаад байдаг вэ, энэ бол тусдаа бүхэл бүтэн сэдэв юм.

-Хятад ч найман намтай, бүгд сонгуульд оролцдог, намуудын үйл ажиллагааг Улс төрөөр зөвлөлдөх зөвлөл гэдэг байгууллагад зохицуулдаг, дарга нь У Бангуо. Төрийн шатлалаар бол дээрээсээ дөрөвдэх албан тушаал...

-Өдгөө Монголын улс төрийг ердөө л хоёрхон намд хувааж байна. Гэтэл тэр хоёр нь үндсэндээ санхүү-эдийн засгийн нэг том бүлэглэлийн улстөрийн хоёр фракц төдий л байгааг одоо бид ойлгож эхлээд байгаа. Алийг нь ч сонгосон гагцхүү тэр бүлэглэл л хожиж таардаг.

Ийм л замаар бид 22 жил гэлдэрчээ. Мэдээж бидэнд гадна талаас татгалзах боломжгүй “эелдэг зөвлөгөө их өгсөн” нь мэдээж. Гэвч бид өөрсдөө өөрийнхөө гараар үүнийг хийсэн юм шүү. Тийм учраас одоогийн энэ мухардал, урхинаас гарах арга нь бол юуны өмнө бидний толгой дотор “сууж” байгаа элдэв “либерал-мухар сүсэг”, хоосон үзэл суртлаас салж хүн бүр бодол ухаанаа цэгцлэхийг хичээх хэрэгтэй юм. Юуны өмнө бид толгойнхоо эргээг гаргах ёстой. Ингэхгүйгээр бүх зүйл зөв үйл хөдлөл, ололт амжилт болох үндэсгүй.

Бид ялагдав

-Хүн гэдэг амьтанд чинь өөрсдийнхөө итгэл үнэмшил, өмнөх ойлголт төсөөллөөсөө салж татгалзахад хүнд байдаг байх аа?

-Итгэл үнэмшил гэдэг бол асар их хүч юм. Гэхдээ одоогийн энэ төлөв байдлыг итгэл үнэмшил гэж болдог бол түүнийг бидний тархи оюунд бий болгоод байгаа гол гол суурь ойлголт төсөөлөл, мемүүд аксиомуудын нь ихэнх нь буруу хэлтгий тавигдчихсан байгаа. Жишээ нь, хэн нэгэн “Капитализм бол хүн бүрийн сайн сайхны төлөө байдаг, хэрэв сайн ажиллах л юм бол та хувийн өмчтэй баян чинээлэг болж чадна, гагцхүү капитализм л ардчиллыг хангадаг, ардчилал бол чөлөөт сонгууль, сонгууль болулстөрийн эрх чөлөө гэсэн үг” гэх мэтээр хамгийн энгийн, хүүхдийн ухамсараар хүлээж авсан бол чин үнэн юм шиг хэрнээ хоосон үлгэр цээжилжээ л гэсэн үг. Хэрэв энэ “илбэний” далд механизмуудыг нь олж харвал, бидний бодол санааг “удирдаад” байгааг ойлговол бодит байдал огт өөр гэдэг нь тодорхой болно. Ер нь манайхан “Хүн бүр өөртөө нэг агуу хүнийг бий болгодог, тэгээд тэр л “багшийнхаа” амаар явдаг” муу зуршилтай юм шиг санагддаг. Өөрсдөө аливаа зүйлийг шалгаж баталгаажуулж байж сая итгэл үнэмшлээ болгох, бас байнга баяжуулж, засч сайжруулж байх ёстой биш үү.

Манай нийгэмд нэн ялангуяа сүүлийн жилүүдэд юм болгоныг хэтэрхий хялбарчилж ойлгодог, хэрэглэгчийн сэтгэлгээ давамгайлаад байна шүү дээ. Түүнээс бус хэн өөрөө шалгаж судалж үздэггүй. Мэдээж гадаад ертөнцөөс өгч буй зөвлөгөөг сонсох ёстой, гэхдээ зөвлөгөөг нь заавал үндэстнийхээ, нийгмийнхээ амин чухал эрх ашгийн шүүлтүүрээр оруулж тунгаан, судалсныхаа дараа л хэрэглэх ёстой. Гэтэл Э.Бат-Үүл “Социализм бол шорон байсаан” гээд тууж байх юм даа, хн. Тэгж хэлж арай болохгүй шүү дээ. Үүнийг чинь хоосон үзэл сурталжиж хэнээрхэх гэдэг юм даа. Энэ хүн одоо болтол ядаж үүнийг олж харж ухаараагүй байгаад бүүр гайхаж байна. Хүн аливаа юмыг мэдэхгүй хийх, ярих бол нэг хэрэг, харин зориуд ингэж хашгичиж өөр зорилго руу зүтгүүлэх гэж байгаа бол огт өөр хэрэг дээ. Одоо Монголыгоо, ард түмнээ бодмоор юм даа ядаж, эсвэл мэдэхгүй байгаа бол дуугүй, гай болохгүй байсан дээр дээ.

-Нэг хэсэг нь юм бүрийг улс төржүүлж намчирхаад л, гэтэл нөгөө талаас нь зарим хүн либертаризмыг сурталчилж, өөрийгөө бод, нийгмийн хувьд ямар ч идэвхгүй бай, сонин ч бүү унш гэж байна. Либерализмын цаана либетаризм гэж нэг их гоё юм байна гэх гээд ч байх шиг. Нөгөө социализм хөгжсөөр коммунизмд хүрнэ гэдэг шиг?

-Ер нь либертаризмыг “Хүн бүхний эрх чөлөөний бясалгалын үзэл санаа” гэж байгаа. Эрх чөлөөний үзэл санааны тухайд хүн төрөлхтний түүхийг үзэх юм бол бүх тэмцэл, өөрчлөлт хувьсгалууд нь дандаа л хувь хүний эсвэл нийгмийн эрх чөлөөний үзэл санаан дээр тулгуурласан байдаг. Тийм учраас аливаа нэг үзэл санааг нийгмийн доторхи тодорхой нэг бүлэглэлийн эрх ашгийн төлөө ашиглаж, үүгээрээ нийгмийн манипуляци хийж байхын тулд заавал эхний ээлжинд хүмүүст шууд хүрч дуулдаж байгаа постулатуудад нь эхлээд “зэрэглээнүүдээ” суулгаж өгдөг байна л даа. Тэгэхээр хэн ч эхлээд сонсоход “Энэ эрх чөлөө нь хүн бүхний л төлөө, миний ч төлөө, чиний ч төлөө, бид бүгдийн төлөө” юм шиг. Гэтэл энэ нь нийгмийн олонхийн хувьд зөвхөн тунхаглал төдийхөн л зүйл байдаг. Гэтэл эдгээр мундаг уриа лоозонгуудыг хэрэгжүүлэх үндсэн гол механизм болох эдийн засгийн бодит боломж, тэгш эрх шударга байдал үгүй бол та ямар ч эрх чөлөөгүй шүү дээ. Ердөө л хоосон үг, тунхаглал хэвээр үлддэг гэсэн үг. Үүнийг гүн ухаантнууд, эрдэмтэд судлаачид нэгмөр нотолсон байгаа, амьдрал дээр ч яг ийм л байдаг шүү дээ. Харин зарим хүн тэр бүгдийн дундаас ганцхан уриа лоозонг л сугалж аваад яриад ухуулаад сурталчилаад явдагт гайхмаар. Улс нийгэмдээ ямар “тус” хүргэж байгаагаа бодоосой.

Ер нь энэ бүх эрх чөлөөнүүдээс хамгийн чухал нь эдийн засгийн шударга байдал, бодит боломж, эрх чөлөө юм. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол бид нар өөрсдийнхөө амьдрал, хувь заяаг өөрсдөө мэдэж, өөртөө тохирно гэж үзсэн тэр загвараар л өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийг чармайн улс орноо удирдахыг хэлнэ. Гэтэл өдгөө бидэнд ийм либерал эрх чөлөө байгаа юм шиг мөртлөө улс гэрээ авч явах тийм бодит бололцоогүй, нөхцөлгүй болгоод хаячихжээ. Зориудаар юм шүү. Манайх шиг болсон ядуу буурай улс орнуудад яг ийм зүйл болсон, болж байгаа.

-Сая Үүл гишүүн МоАХ-ны IV их хурал дээр үг хэллээ. “Миний энэ баатарын одон бол ардчиллын төлөө тэмцэж явсан та нарын одон шүү” гээд л. Гэтэл 22 жил өрнөсөн энэ ардчилсан тогтолцоо нэг л болохгүй байгааг бид мэдэж байна. Гүнзгий судалсан хүний хувьд та цаашид ямар ноцтой үр дагаврууд авчирсан гэж бодож байна. Энэ нь эцэстээ юунд хүргэж болох вэ?

-Би бол тэр хүнийг төөрөлдөж байна гэж хараад байгаа. Харин зориудаар ингэж хашгичих аваас энэ бол шал өөр асуудал л даа. Ер нь ямарваа нэг зүйлс, үзэл суртлын асуудлуудыг анх хүлээн авахдаа заавал судалж шалгаж байж өөрийн итгэл үнэмшил болгож авах ёстой гэж хэлсэн дээ. Ялангуяа улстөрчид. Практик амьдрал дээр ямар үр дүнд хүргэж байгааг судалж үзэж байж, цөөн капиталист улс орнуудын баян тансаг байдлыг бий болгоод байгаа цаад далд механизмуудыг нь олж харж судалж байж авах ёстой болов уу. Лав л ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрхтэй байгаа нь шийдвэрлэх хүчин зүйл нь биш юм байна билээ. Одоо манайд бүгд том дарга, тахин шүтүүлсэн баатрууд болсон, доошоо орж аливаа юм судлах учрыг нь олж хужрыг тунгаах нь тэдний хувьд “хэт жижигдэх” болсон бололтой.

Гэтэл тэд гадаадад томилолтоор очиж үзчихээд, баян тансаг лангууг нь харчихаад л “Зах зээлд шилжвэл ийм болох юм байна” гээд л шуударч болохгүй л дээ. За наад зах нь л гэхэд Баруун европын орнууд нийлээд дор хаяж 15 триллион долларын өртэй, АНУ л гэхэд 16 триллион долларын өртэй байгаа шүү дээ... Энэ бол нэгэнт аваад хэрэглэчихсэн асар их баялаг гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ их баялгийг хэн хаанаас нийлүүлсэн, энэ орнууд бүгд өртэй юм бол чухам хэнд өртэй юм гэдгээс эхлээд зөндөө асуулт гарна.

Бидний яриад байгаа дээрх бэрхшээл асуудлууд нь зөвхөн Монголд тулгараад байгаа хэрэг биш ээ. Ер нь бид хуучин социалист системийн II ертөнцийн улс байсан, Барууны капиталист улсууд өөрсдийгөө I ертөнц гэж нэрлэдэг юм бол бидний хамаарагдаж байсан социалист блокийн орнууд хөгжлийн түвшин, нийгмийн ололтуудаараа хоёрдугаар ертөнцийг бүрдүүлж байж. Гэтэл бид II ертөнцийн орноос III ертөнц рүү 20 жилийн турш ухарлаа. Тэр Гуравдахь ертөнцөд хүн амын дийлэнх олонх нь үгээгүй ядуу, тэдэнд амьдрал ахуйгаа сайжруулах ямар нэг бололцоо механизм байхгүй.

Ер нь “Юуны ч тухай ярьж бай энэ нь эцсийн эцэст мөнгө, баялагийн тухай асуудал л байдаг” гэсэн америк зүйр үг байдаг. Хэрвээ нийгэмд болж байгаа түүхэн үйл явцуудын цаад талын тэр углуургыг нь олж харахыг хүсвэл, энэ үйл явдлаар дамжаад нийгмийн баялаг хэрхэн хаашаа ямар зарчмаар хуваарилагдаж байна гэдэг механизмийг олохыг байнга хичээж байх ёстой. Тэгэж чадаж гэмээнээ бид энэ бүхний цаад сэдлийг зөв ойлгох, зөв үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдэх юм. Энэ үзэл суртлууд бүгд мөнгө баялагийг нь хамахад чиглэсэн байдаг гэж би дахин давтан хэлээд байгааг анзаарсан байх.

1991 онд ЗХУ задран унаж, коммунист системийн задрал болсон гэж ярьж байгаа шүү дээ. Тэр бол “Хүйтэн дайн”-ы төгсгөл байсан. Дайтаж буй хоёр талын нэг өөрөө хар аяндаа дотроосоо задарч унаж болох уу? Ийм ойлголт гарч ирж байгаа биз? Хэзээ ч дайны нөхцөлд нэг өрсөлдөгч нь дотроосоо задардаггүй юм санж, энэ бол хүн төрөлхтний түүх юм. Энэ дотоод задралыг заавал гадна талаас хийдэг, дайсных явуулга л тийм төгсгөл рүү түлхсэн байдаг. Ялангуяа үзэл суртлын, мэдээллийн дайнд ялагдсан нь бодит ялагдал болж хувирсан юм. Харин капиталист орнууд дотооддоо төдийгүй бусад улс орнууд руу ийм үзэл суртлын, мэдээллийн бүслэлтэд оруулдаг дайныг явуулдаг хэдэн зуун жилийн туршлага, онол практиктай юм байна билээ.

Энэ барууны маягийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг тойрсон олон догмууд нь олон хүмүүст нь ташаа ойлголт төсөөлөл, хоосон мөрөөдлийг бий болгосон байдаг. Энэ үзэл суртлын дайны үр дүнд тэдний бай болсон улс дахь нийгмийн хамгийн экстремист гэнэн хэсэг нь сохроор дагаж, өөрсдийн гэрийг, өөрөөр хэлбэл өөрийнхөө харьяалагдаж байгаа улс, ертөнцийг заавал эвдэлж нураах, нийгмийн, олон нийтийн уур амьсгалыг хавтгай буй болгодог байна. Би судлаач хүний хувьд одоогийн энэ байдал энэ хэвээрээ үргэлжилбэл манай улс үндэстнийг тун удахгүй сүйрэл дампуурал хүлээж байна гэж бодож явдаг.

Коммунист лагерийг хэрхэн задлан нураасан тухай бас баримтат кинонууд үзсэнээ санаж байна. Тэр үеийн барууны тусгай албууд юуны түрүүнд Польш улсыг социалист нийгмийн хамгийн эмзэг, сул цэг хэмээн сонгон авсан байдаг. Юуны өмнө Польш нь католик шашинтай улс, бас Ромын пап II Иоанн Павел ч польш үндэстэн байж таарсан байдаг. Хамгийн гол нь Польш дахь “Солидарность” /”Эв санааны нэгдэл”/ үйлдвэрчний байгууллагыг барууны тусгай албад ил далдаар ивээн тэтгэж санхүүжүүлснээр хүчирхэгжүүлж, лидер цахилгаанчин Лех Валенсаг барууны хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр “Шударга үнэний төлөө тууштай тэмцэгч” гэх зэргээр алдаршуулах ажлыг системтэйгээр явуулсан байдаг. Удалгүй ЗХУ-д М.С.Горбачёвыг ч тэд сонгон авч боловсруулснаар “перестройка” нэртэй тусгай ажиллагааг өрнүүлснээр тун удалгүй ЗХУ төдийгүй социалист систем бүхлээрээ “ясаа тавьсан” шүү дээ. Өнгөрсөн намар М.С.Горбачёвын 80 насны ойг Лондонд сүр дуулиантай тэмдэглэсэн шүү. Энэ бол түүхэн факт баримтууд юм.

-Тийм байх. Ямар ч нийгэмд тухайн нийгмийн тодорхой бүлэг тогтсон байгуулалдаа сэтгэл дундуур явдаг. Энэ бол хүний нийгмийн нэг шинж чанар юм биш үү?

- Гэтэл яг үүн дээр нь дөрөөлж тухайн үндэстний улс төр, эдийн засгийн тогтсон системийг гаднаас нураах, эрхшээлдээ оруулах ажиллагааг зохион байгуулах шинжлэх ухааны түвшинд боловсруулсан технологиуд байдаг байна л даа. Энэ технологийн бас нэгэн золиос нь болсон бид нар үүнийгээ одоо болтол сайн мэдэхгүй л байна. Миний ажиглаж байгаагаар энэхүү үйл явцыг даруйхан зогсоох хэрэгтэй, ингэхгүй бол манай 2,7-хон сая цөөн хүн амтай, эмзэг хүн амын бүтэцтэй ард түмэн урьдчилан хэлж болохооргүй ээдрээтэй нөхцөл байдалд орчихоод байна. Үүнийг олж харж энэ үйл явцыг зогсоох төдийгүй өөр зөв голдиролд нь оруулах нь өнөөгийн бидний өөрсдийнхөө өмнө, хойч үеийнхээ өмнө хүлээж байгаа асар том үүрэг хариуцлага, зорилт болж байна. Дахин хэлэхэд одоогийн энэ манайд ноёрхож байгаа үзэл суртал бол цэвэр догмууд юм байна шүү, бидэнд капиталист өндөр хөгжилд “место” байхгүй, бодитоор боломжгүй, угаасаа хэн ч биднийг тийш нь оруулах зорилго тавиагүй юм байна шүү гэдгийг хэлэх байна. Хэрэв ийм юм бол гал тогоонд төмс арилгагч байх хэрэггүй шүү дээ. Бидэнд өөр зам байгаа, байх ёстой.

/Yргэлжлэл бий/