“Эдийн засгийн алуурчны наманчлал”, “Эдийн засгийн алуурчны золиосууд”, “Эрин цагийн дуудлага /Zeitgeist/” номыг орчуулагч эдийн засаг-улстөр судлаач Х.Болорболдтой хийсэн ярилцлага.
Үзэл суртлаас үзэл сурталд
-Таны орчуулж нийтийн хүртээл болгож байгаа номууд нь манай өнөөгийн нийгмийн хөгжлийн зам, түүний ирээдүйд эргэлзэх эргэлзээг уншигчдад төрүүлж байгаа. Та чухам яагаад ийм номуудыг сонгон орчуулах болсон бэ?
-Анх 1990 онд өрнөж эхэлсэн ардчилсан хувьсгалыг миний хувьд ихэд дэмжиж байсан. Гэтэл манай шинэ эрх баригчид “Бид ардчилал зах зээлийг сайн мэдэхгүй” гэж зарлаж байсан хирнээ өргөн хүрээтэй үйл ажиллагаа, олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхлэхэд нь эргэлзэж эхэлсэн.
Би Уралын политехникийн дээд сургуулийг автоматик-телемеханикийн мэргэжлээр төгссөн, мэргэжлээрээ 22 жил ажилласан хүн. Байгалийн шинжлэх ухааныг судалсан олонх хүмүүст байдаг аливаа зүйлийг шууд л хөдлөшгүй чин үнэн гэж хүлээн авахаас өмнө сонирхож, цаад уг шалтгааныг нь шалгаж судалж байж л итгэл үнэмшлээ болгодог “хүмүүжил”-тэй нэгэн гэх үү дээ. Ингээд тэр чөлөөт зах зээлийн эдийн засгийг зүгээр нэг сургаар даган гүйхгүй харин яг онолыг нь судалж суралцахын тулд 1996 онд СЭЗДСургуульд орж, зах зээлийн эдийн засаг, мөнгө санхүү бүртгэл-экономикст суралцаж төгссөн.
Энэ үед бидний замнаж буй замд эргэлзэж байсан маань улам батажсан даа. Учир нь өрнийн эдийн засгийн онолууд нь цэвэр онол шиг атлаа хамгийн гол нь энгийн бодит тооцоо, амьдралын логикоор эдийн засгийн онолын тэр бодлогуудыг нь зөв бодож хариултыг нь гаргаж болдоггүй байв. Харин ч мөн чанараараа миний хувьд бол “хачин эргэлзээтэй” сонин хариултуудтай бодлогууд байдаг байсан. Иймээс манай амьдралд биелэх боломж багатай, манай нийгэм-хүмүүст ашиг муутай санагдаж байсан, иймээс сурах бичгүүдээс гадна өөр ном судалгаануудыг хайж олж үзэж судалж эхэлсэн дээ. Энэ хоёр дахь дээд сургуулиа 1998 онд төгсөөд одоо 10-аад жил дэлхийн түүх (сурах бичгийн түүх биш үү!), улс төр, эдийн засгийн ил далд цаад механизмуудыг нь судлаад явж байна.
Сүүлийн үед бол манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээж байгаа албан ёсны мэдээллүүдийг харахаас гадна, ялангуяа гадаадын хараат бус нэрт судлаач эрдэмтдийн сайт, блогуудыг долоо хоногтоо 1-2 удаа заавал орж тэнд болж байгаа үйл явдлыг мэдээллүүд, аналитикийг уншиж судалж байна. Үүнийгээ бодит фактуудтай харьцуулж үзэхээр манай энд болж байгаа үйл явдлуудын талаар ТВ-ээр өгч байгаа мэдээллүүд нь монголчууд бид тусдаа шал өөр ойлголт, мэдээллээр амьдарч байгаа нь харагддаг. Энэ хугацаанд гадаадын нэртэй эрдэмтэн судлаачдын олон ном, аналитик нийтлэлүүд, алдартай хүмүүсийн дурьдатгалууд, бас маш олон баримтат кинонуудыг олж, цуглуулж, үзэж уншсан. Ингээд олсон мэдээллийнхээ зах зухаас монголчууддаа хүргэе, хүмүүс үнэн байдлыг олж хараасай, бид яг зөв замаар яваагүй байна шүү гэдгийг ойлгуулах үүднээс одоогоор долоон номыг сонгон орчуулж хүмүүст хүргээд байна.
Манайд хамгийн их тулгамдсан тухайн нэг асуудлыг тусгасан ном орчуулахын тулд бараг 10-30 номоос сонгодог. “Энэ номыг л Монголын ард түмэнд нэн тэргүүнд хүргэх шаардлагатай юм байна” гэснээ орчуулж ирлээ. Би “Өнөөдөр бид олон хоосон үлгэрүүд дотор амьдарч байгаа учир манай улс, ард түмэн ийм хүнд нөхцөл байдалтай болжээ” гэсэн дүгнэлтэнд хүрсэн хүн дээ.
-Дээрх номнуудад гарсан санаануудын бодит дүр зургийг Монголын нийгэмд байгаа тодорхой баримтуудтай жишиж яривал илүү ойлгомжтой болох юм шиг санагдаж байна?
-Би 1991 оны цагаан морин жилийн хувьсгалыг эхлэхдээ “Үндэстний эрх чөлөөний шинэ хувьсгал” байсан гэж үздэг. Хувьсгал гэдэг нь улс төр-нийгэм эдийн засгийн тогтолцоог өөрчлөн халж, ард түмний амьдралыг чанарын өөр шатанд гаргах зорилго, агуулгатай байдаг. Тиймээс аливаа хувьсгал нь шинэчлэл дэвшилд хүргэх учиртай биз дээ? Гэтэл сүүлийн 20-иод жилд Монголд өрнөсөн үйл явдлуудыг хэрэв манай либералчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс шиг сэтгэл хөдлөлөө дарж, үзэл сурталжихгүйгээр, гагцхүү бодит факт баримтуудад тулгуурлаж судлаад үзвэл дэвшил биш харин ч асар том ухралт авчирсан гэж би үздэг. Гагцхүү тэр сөрөг өөрчлөлтүүдийг дандаа өөр “үгүүдээр” илэрхийлэн халхалж, нийгэмд хоосон горьдлого төрүүлж, хүмүүсийг төөрөгдүүлж байж. Жирийн хүмүүс эхэндээ гайхаж байсан ч эрх баригчиддаа итгэж найдаж байсан бол одоо үр дагавруудыг нь амсаж эхэлмэгцээ цөхөрч, олонх нь сайн юм хүлээхээ больсон байна. Жишээ нь, өмнөх нийгмийн эдийн засгийн бүх суурь бүтцүүдийг, ажлын байруудыг, хүмүүсийн ашиг орлогыг эвдэн сүйтгэж байгаагаа “бүтцийн өөрчлөлт”, “шилжилтийн эдийн засаг” гэх зэргээр маш сонин, нэг тийм далд утгаар нэрлэж, жирийн олныг төөрөлдүүлж, хоосон горьдлогод барьж байсан юм.
Гэтэл “Чухам хаашаа, юуны тулд, хэнд ашигтай нөхцөл үрүү шилжиж байна вэ?” гэсэн асуулт тавиад “Монгол улс, ард түмний язгуур амин чухал эрх ашигт нийцэх, монгол үндэстний дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөөх шилжилт мөн үү?” гэдгийг нарийн судлаад үзэхээр энэ бүх “явуулгын” үр дүнд түүхийн өмнөх 70 жилд олсон ололт амжилтаас асар их ухарсан, ухарсаар байгаа нь харагдана. Хэрэв цэвэр үзэл суртлын хүлээснээс гарч, элдвийн хоосон үлгэрүүдийн багийг нь хуулан харах юм бол манай улс, үндэстэн нийгмийн олонх салбарт ялангуяа мөнгө, банк-санхүү, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гэх мэт амин чухал салбаруудад асар том ухралтууд хийсэн байна. Сүүлийн үед тусгаар, бие даасан хөгжлийнхөө замаас гарч, улам хүчтэй гажуудлууд хавтгайрч байна. Энэ талаар тодорхой жишээнүүдийг яривал улам ойлгомжтой болно.
Сүүлийн жилүүдэд манай нийгмийн амьдралд бүх талаар ялзрал, задрал маш хүчтэй явагдсан нь тохиолдлын зүйл огтхон ч биш юм. Энэ бол зориуд явуулсан бодлого, арга хэмжээний шууд үр дагавар юм. Нийгмийн ёс суртахуун уналтанд орж, монгол хүний маргаашдаа итгэх итгэл үгүй болж, бүх зүйл дээр хүнийрхэх үзэл, мөнгөний төлөө яахаас ч буцахаа байсан уур амьсгал нийгэмд гаарч байгаа нь хэнд ч илэрхий байна шүү дээ. Улс улстөр-нийгэм эдийн засгийн макро түвшинд төдийгүй микро түвшинд жижиг аж ахуйн нэгж, айл өрх, жирийн хүмүүс, бүх нийтийн амьдралд “тэр бодлогын” тусгал нь хэрхэн илэрч байгааг ажиглавал үнэхээр маш хүчтэй ухралт, уналт болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Өмнөх нийгмийн тогтолцоог хамгаалж, зарим хүмүүсийн хэлдэгээр “буцах” гэсэндээ биш, харин одоо бодит байдалд чухам юу болоод байгааг л хэлж байна. Дахин хэлэхэд хэрэв ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх гэх мэтийн хийсвэр, цэвэр үзэл суртлыг орхиод, амьдралын энгийн бодит үнэнг олж харах юм бол энэ 20 жилд бид харийн үзэл суртлын хоосон домгууд дотор учраа олохоо байчихаад, бүр харийн хүмүүст найдаад суудаг болсон байна. Манай эрх баригчдын гол зорилго нь “Гагцхүү засаглаж байх, эрх мэдэлтэй байх”. Харин бусад зүйлс тэдэнд нэг их хамаагүй бололтой. Мэдээж би ийм дүгнэлт хийхдээ олон юманд эргэлзэж, орчин үеийн мөнгөний онол, банк санхүү, эдийн засаг, ер нь дэлхийн улстөр-эдийн засгийн сүүлийн 400 гаруй жилийн түүх, түүнийг нөхцөлдүүлж байсан цаад учир шалтгаануудыг ямар нэг хэмжээнд үзэж судалсан гэдгээ хэлэх ёстой болов уу.
-Хувь хүн бүү хэл нийгмийг бүхэлд нь ховсдохын тулд манипуляцийн /төөрөгдүүлэх/ асар өргөн хүрээтэй арга хэмжээг үзэл суртлын янз бүрийн хэлбэрээр, тэр бүү хэл шоу хэлбэрээр ч явуулдаг. Гэтэл шоу амьдрал хоёр огт өөр?
-1991 онд ардчилсан хувьсгал дөнгөж эхлэхэд монгол хүн бүрийн хүсэл сэтгэлд юу байсан бэ? Монголд 1911 онд эхэлсэн Үндэстний чөлөөлөх хөдөлгөөн 1991 онд Монголд үндэсний эрх чөлөөний тэмцлээр дахин давалгаалсан ч энэ тэмцлийн зөвхөн нэрийг нь ардчилал болгож /барууны гэсэн далд утгатай/, ард түмний дэмжсэн энэ тэмцлийн гол зорилго, агуулгыг нь гаднынхны “эелдэг” зөвлөгөөгөөр сэм сольчихсон юм. Тун удалгүй энэ түүхэн хувьсгалын зорилго, агуулга, үйл ажиллагааг “зөвлөгөө өгөх” гэсэн нэрийн доор гаднынхан өөртөө хэрэгтэй зүгт чиглүүлсэн байдаг.
Мэдээж урьд өмнөх социалист нийгэмд олон асуудал байсан. Гэвч асуудалгүй тогтолцоо, асуудалгүй нийгэм хүн төрөлхний түүхэнд байдаггүй шүү дээ. Гагцхүү өндөр хөгжсөн гэгдэж байгаа гүрнүүд энэ асуудлаа хэрхэн яаж, хэнийг ашиглаж, чухам ямар арга замаар шийдэж ирсэн бэ гэдэгт л өнгөрсөн бүх түүхийн гогцоо, асуудлуудын нууц нь оршиж байдаг. Одоо бидний нүдээ аниж, чихээ бөглөчихөөд дагаж яваа энэ “Неолиберал-капиталист- тогтолцоонд, барууны нийгэмд илүү ноцтой, гүн гүнзгий асуудлууд маш их байна шүү дээ. Гэтэл монголчууд бидэнд үндэстнийхээ түүхэнд хүрсэн олон ололт амжилтуудаа хадгалж, ухралт хийхгүйгээр явах бололцоог олгосонгүй. Харин ч социализмыг устгачихвал л бүх юм сайхан болж улс орон улам дэвшин дээшлэнэ гэж амлаж байсан, гэтэл одоо юу болчихоод байгааг нүдтэй бүхэн харж, чихтэй бүхэн сонсож байгаа. Гадны байгууллагууд, тэдний зөвлөхүүдийн татгалзахын аргагүй “эелдэг зөвлөгөөнүүдийн буянаар” урьд өмнөх бүх ололт амжилт, бүтээн босгосон бүхнээ тэднээс мөнгө зээлж байгаад устгах ажлыг гардан хийж, суурин дээр юу ч байгуулаагүй сууж байгаа.
Монголын эрх баригчид улсынхаа эдийн засгийн бодит нөхцөл, бололцоо, нэн тэргүүний зорилтууд, цаашилбал нь орчин үеийн мөнгө-санхүү, эдийн засгийн цаад далд механизмууд, зарчмууд, хөгжлийн онол, загварын талаар огт ярихын оронд эдийн засгийг тойрсон элдэв хоосон догмуудыг л ярьж түүнд "үнэнч" гэдгээ харуулж, одоо бүр хэн дуртай нь “ойлгож байгаагаараа”, “санагдаж байгаагаараа” ярьж үзэл сурталжаад сууж байна шүү дээ. УИХ-ын түвшинд ч, Засгийн газрын түвшинд ч гэсэн яг одоогийн уначихаад байгаа эдийн засгаа судалж, иж бүрэн үнэлж дүгнэж, гарах гарц, хөгжлийн онол загвараа ярихгүй л байна шүү дээ. Элдэв хөтөлбөр, уриа лозунг бол харин ч хангалттай бий, би үзсээн. Харамсалтай нь ганцхан үзэл сурталжсан гаднынхны элдэв зөвлөгөөг лозунг болгосон хөтөлбөр зохиосноор, их том амлалт авснаар, ажлын хэсэг байгуулснаар улс орон хөгждөггүй юм билээ.
Ил далд олон хүчин зүйл, зарчмууд энд нөлөөлж байдаг. Чухамдаа эдийн засгийн яриа гэдэг нь хүн ардынхаа амьдралын түвшин, чанарыг, улс үндэстний өнөөдөр бас ирээдүйн тухай асуудал шүү дээ. Өнөөдөр монголын ард түмэн урьчилан хэлж болохооргүй маш төвөгтэй нөхцөл байдалд туйлын сул дорой нийгмийн дархлаатай, эмзэг амь зуулгатай болчихоод байна даа. Одоогийн энэ хоосон үзэл сурталжиж бусдыг дагаж давхиж байгаа байдал маань “Өнгөрснөө баллаад өнөөдрөө туйлдуулж, ирээдүйгээ устгаж” байна. Бид, ялангуяа эрх баригчид маань өөрсдийн хүчинд итгэхээ байгаад, гаднынхныг “сармагчинчлан” дуурайх гээд хөгөө хөлдөө чирч байна. Тэр яриад байгаа капитализмд нь бидний үзэж харж ярьж итгэж байгаагаас шаал өөр далд зарчим, механизмууд бидний хувьд “шилний цаана” байгаа тэр их баялгийг бүтээсэн байдаг. Би капитализмд дургүйдээ биш л дээ, гэхдээ шуудхан хэлэхэд капитализмын "найрын ширээнд" монголчууд бидэнд суудал байхгүй, хэн ч хэзээ ч биднийг тийш нь оруулахгүй, бид зөвхөн капитализмын "гал тогоонд төмс арилгагч" байх ийм тавилантай систем юм шүү гэдгийг, хамгийн гол нь одоо энэ "их хөлчүү найр" өндөрлөж байгааг сануулах гэсэн юм. Харин дараа нь шараа тайлах гэж нэг юм байдаг даа....
-1990-ээд оны өөрчлөлтийн эхэн үед таны ярьж буйг ярьж байлаа. Та одоо эмзэглэн ярьж байна. Тухайн үед нийгмийн бүхий л салбарт шинэчлэлт хийх ёстой гэж ярьж байсаан. Бараг л коммунизм гэж байхгүй, “хий үзэгдэл” учраас түүнийг байгуулахад зориулсан социализмийн материал-техникийн баазыг үнс нурам болгож байж огт өөр шинэ нийгмийг байгуулах ёстой гэдэг байв. “Зэрлэг ургамлыг үндсээр нь сугалахгүй бол дахиж ургана” гэдэг шиг. Тэгээд цочир эмчилгээ хийж, ард түмнээ элгээр нь хэвтүүлж байж л шинэ капиталист нийгмийн харилцаанд орно гэж ойлгодог болсон доо. Одоо үүнийг ярьж байсан тэр хүмүүс улс орныг удирдаж байна. Тэгэхээр эдгээр хүмүүс үнэнээсээ ингэж бодож байв уу, гэнэн хонгороосоо барууны үзэл суртлын урхи гогцоонд ороод ашиглагдчихав уу?
-Миний хувьд тэд зориудаар эх орноо, ард түмнээ элгээр нь хэвтүүлчихэе, эдийн засгийнх нь бааз суурийг нураая гэсэн зорилго тавиагүй байх л даа. Гэхдээ та бүхэн санаж байгаа бол тэд “Бид зах зээлийн эдийн засгийн гол зарчим, механизмуудыг мэдэхгүй байна” гэж ярьдаг байсан шүү дээ. Харамсалтай нь тэдний одоо ярьж хийж байгааг харахад тэд одоо хүртэл мэдэхгүй л хэвээр байгаа бололтой. Тэд хоосон үзэл суртлын урхинд байна.
Үнэн гэвэл тэд одоо ямар боловч байсан бүхнээ нураачихсан байна. Ганцхан амлаад байсан хөгжил дэвшил нь эхлээгүйд яахаа ч мэдэхгүй байгаа тул зарим улс төрийн хүчнүүд “Ард түмнээсээ асууя” гээд явж байна. Гэтэл ард түмэн нь мөн адил мэдэхгүй. Ерөөсөө бид орчин үеийн мөнгө-санхүү, эдийн засгийн суурь механизмуудыг л ярихгүй байгаа. Олонх нь неолиберал үзэл суртал, онол төсөөллийг дагаад дуурайгаад хөөрцөглөөд гүйж байна. Гэтэл харамсалтай нь биднийг мунгинаж байх зуур тэр онол загвар нь капитализм тогтолцоог нь бүхэлд нь сүйрэлд авчраад байгаа шүү дээ. Энд би эдийн засаг гэдгийг жинхэнэ утгаар нь ярьж байна, тийм үү?
Улс орны эдийн засаг гэж чухам юуг ойлгох юм? Улс орон бүр дотооддоо өөрийн аж үйлдвэрлэлтэй, дотоодын ажлын байруудтай, дотоодын нөхөн хэрэглээтэй, ийм нөхцөлд л хүн амынх нь орлого, амьдралын түвшин дээшилж байдаг. Өөртөө дотроо аль болох олон бараа бүтээгдэхүүнийг эдийн засгаараа бий болгодог, гарсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бид юуны өмнө өөрсдөө, дотооддоо хэрэглэдэг байх ёстой. Өнөөгийн Монгол улсын эдийн засгийн ерөнхий загварыг аваад үзэх юм бол цэвэр түүхий эдийн экспортын чиглэлтэй болчихож, нөгөө бүтцийн өөрчлөлтүүдийн үр дүн нь сая ингэж ил гарсан байна. Ноцтой нь биднийг мөнхөд ийм байлгах нөхцөл бүрдчихээд байна. Бид одоо ихэнх бүтээгдэхүүнээ бүүр стратегийн чухал амин чухал бүтээгдэхүүнүүдээ хүртэл гадаадаас импортолдог, түүнийг нь тодорхой цөөхөн зуучлагч нар үнийг нь нугалж нэмээд л зардаг. Ийм улс орон ядуурал гуйланчлалаас гарах боломжгүй болчихож байгаа юм. Монгол улс нь тэр чигээрээ зүгээр л супермаркет дэлгүүр, ченжийн зах болчихож. Энэ бол хараат, колони орны сонгодог загвар бөгөөд манай улс, үндэстний сүйрэл цаашдаа мөхөл юм. Ийм нөхцөлд манайд хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин улам бүр дордож, хүн амын эрүүл мэнд, тооны өсөлт, чанаржилт бололцоогүй болж, боловсрол, шинжлэх ухаан, бусад салбар хөгжих үндэсгүй болгочихож байгаа юм. Одоо бид хүмүүсээ хүртэл экспортлодог болчихоод байна шүү дээ.
Гэтэл аль ч улс орон өөртөө зөв эдийн засгийн бүтэц, аж үйлдвэрлэлтэй л байж хөгждөг. Үүнийг л неолиберал капиталист тогтолцоо хааж боогдуулж байдаг. Ялангуяа улс үндэстний хувьд амин чухал аж үйлдвэрлэлүүдийн баазтай байж л сая эндээс улс нийгмийн бүх зүйл нөхцөлдөж өргөжиж, хөгжиж дэвшдэг. Гэтэл 10 юаниар авсан зүйлээ төгрөгөөр нугалж зарж борлуулахыг эдийн засаг гэдэггүй ээ.
Колоничлолоос неоколоничлолд
-Монголд сонгодог утгаараа эдийн засаг хөгжихгүй байна гэсэн үг үү?
-Хөгжихгүй, харин ч бид улам хойшоо гулссаар байна. Бид эдийн засгийнхаа хөгжлийнхөө дотоод нөөц бололцоо, манай улс нийгэмд нэн чухал тэргүүлэх чиглэлүүд, онол загварыг ч хэлэлцэж ярихгүй байна. Социализмийн үед энэ бүхэн ямар нэг хэмжээгээр байсаан, байлгүй яахав. Нийгмийн баримжаатай тогтолцоо байсныг та бид мэдэж байгаа. Манай эдийн засгийн гол хөгжил дэвшил дэлхийн II дайнаас л хойш, ялангуяа 1970-аад оноос хойш л үүсч буй болсон байсан шүү дээ. Энэ үед л Улаанбаатар хот жинхэнэ орчин үеийн хот болж, аймгийн төвүүд өргөжиж хөгжиж, САА, аж үйлдвэрүүд буй болж, бүтээн байгуулалт, үндэсний ажилчин анги, үндэстний сэхээтнүүд, тэр дундаа инженер-техникийн ажилтны бүхэл бүтэн арми богинохоон хугацаанд бий болсон байдаг. Хүн ам бараг 4-5 дахин өссөн. Хүн ам нь эрүүлжиж, бүх хүн бичиг үсэгтэй, олонх нь боловсролтой болж, сэхээтний давхарга үүссэн шүү дээ. Ердөө л 40 гаруйхан жилд. Гэтэл үүнийг одоо зарим нь “социализм бол шорон байсан” гэж хашгирч байна. Ер нь ийм зүйл ярихын тулд чухам колоничлол гэж юу байдгийг үзэж уншиж судлах хэрэгтэй шүү дээ. Ядаж тоо цифрүүд, баримтуудтай ярих хэрэгтэй дээ. Ер нь манай либералчид дандаа хүний сэтгэл хөдлөл дээр тоглолт хийж байдаг. Харин яг факт баримтуудад тулгуурлаж ярих бол шаал өөр асуудал юм.
Энэ нь тэр нөхөд өөрсдөө колоничлол гэж юу байдгийг мэдэхгүй байгааг л харуулж байгаа хэрэг. Колоничлол гэж юу вэ? Яагаад би бидний замнасан 20 жилийг колоничлол уруу гулсаж яваа зам гэж хэлээд байна вэ? Энэ дэглэмийн үед улс орны өмнөх бүх ололт амжилтыг нь элдэв худал зүйлүүд амлаж байгаад устгадаг. Тухайлбал, эдийн засгийг нь гагцхүү түүхий эдийн экспортлогч болгодог, хүн амынх нь дотоод бүтцийг эвдэж тоог нь барьж хязгаарлах бодлого явуулдаг, сэхээтнүүдийг нь хавчиж, боловсролын салбарыг өөр стандартад оруулж аажмаар дампууруулах бодлого барьдаг. Эрх баригчдыг нь “тоглоомын хүүхэлдэй” болгож ер нь бүх талаар бүрэн хараат болгож, нийгэм ард түмнийг нь дотроос нь хагалан бутаргах бодлого явуулдаг... Ийм жишээ түүхэнд зөндөө бий шүү.
Ер нь нэг ийм үг байдаг. “Там хүрэх зам дандаа сайхан амлалтуудаар дүүрэн байдааг” гэж. Одоо бол дандаа л “Бүтцийн өөрчлөлт, элдэв стандартууд” гэж ярьж байгаа. “Бүтцийн өөрчлөлтүүдийн хөтөлбөрүүд” гэдэг нь Гуравдах ертөнцийн орнуудыг өнөөгийн байдалтай болгосон ба аливаа улсын эдийн засгийн гол бааз сууриуд, аж үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр нурааж, эдийн засгийг нь түүхий эдийн экспортын чиг баримжаатай болгож бас өөрсдийн бэлэн бараануудыг худалдан авдаг зах зээл болгох зорилготой юм. Ийм эмзэг бүтэцтэй эдийн засагтай болсон улс үндэстэн өөрөө бүх талаар нэн эмзэг болон хувирч байгаа юм. Дотоод амьдрал нь гаднын импортоос бүрэн хараат болдог, иймээс төр засаг нь тоглоомын улстөр болж улс орон нь “гадилын” нэр авдаг. Өдгөө Монгол улс дэлхийн болон бүс нутгийнхаа хөдөлмөрийн хуваарьт ямар үүрэгтэй оролцож байна гэхээр газар доорхи баялаг түүхий эдээ, ажиллах хүчнээ экспортолдог, оронд нь бүүр үндсэн амин чухал хэрэгцээгээ хүртэл импортоор хангадаг хараат улс болж. Гэтэл эрх баригчид, ард түмний олонх маань сүүлийн 20 жилийн “тоглоомын дүрмээ” одоо болтол сайн ойлгоогүй л байна даа. Хүмүүс улам бүр худалдан авч идэж уух, эдэлж хэрэглэхэд донтож үүнийгээ ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх гэж андуурч явсаар одоо хэрэглээнд донтсон хүмүүсийн бөөгнөрөл шиг нийгмийг байгуулчихаад байна. Хэрэгцээнийхээ дийлэнхийг бид том өр тавьж байгаад эдлэж хэрэглэж байна, одоо хүн амын дийлэнх өрөнд баригдсан гэдэг судалгаа бас байдаг.
Одоо өмнөх 70 жилд бүтээн байгуулсан байсан нийгмийн хөрөнгө баялгийн нөөц элэгдэж, одоо шавхагдаж дуусч байна, бидний үед. Энэ нь өнөөгийн байдлыг, ирээдүйг улам ноцтой болгож байна. Иймээс энэ бүх алдаагаа даруй эргэн харъя. Ямар нэг “изм, үзэл суртал”-д л үнэнч байгаагаа харуулах гэх мэт хоосон догмуудаасаа зоригтой салъя аа гэсэн үзэл санааг хүмүүст хүргэх гээд л явж байна. Үүнийг тулд улс үндэстнээрээ сэхээрч ухаарах ёстой болоод байна.
-Монгол улсад стратегийн зорилго гэж байх ёстой. Тэгвэл нэн түрүүнд шийдэх ёстой зорилтууд нь юу байна? Үүнд л манайханд одоо байгаа нөөц бололцоогоо чиглүүлэх ёстой, тийм үү? Хэрэв үлдсэн бол шүү дээ?
-Монголчууд үндэстний эдийн засгаа сэргээн босгох, өнгөрсөн алдаануудаа засах, төөрөгдлөөсөө гарах ер нь богино хугацаанд энэ бүх ухралтыг эхлээд зогсоогоод даруй томоохон дэвшил үсрэлт хийх хэрэгтэй байна. Тийм бодит бололцоо, гадаад дотоод нөхцөл байдал, шаардлага нөгөө талаасаа боломж одоохондоо шавхагдчихаагүй байна. Наад зах нь гадаад “тааламжтай” нөхцөл байдал гарч ирээд байна, одоо. Ингэхийн тулд юуны өмнө неолиберал энэ хоосон догмуудаас бид салах хэрэгтэй байна л даа. Нэгэнт бусад орнуудын жишээн дээрээс харж болох том том сүйрэл, ядуурал гуйланчлал мөхөлд хүргэсэн одоогийн энэ хоосон номлол, загвараас аль болох хурдан салах ёстой. Бид дэлхийн жишиг энэ тэр гэж их ярьдаг. Харин яг өнөөдөр л дэлхийд цуурайтаж буй эрин цагийн дуудлагыг чих тавин сонсож, өөрчлөлт шинэчлэл хийх улстөрийн хүсэл эрмэлзлэлтэй байхад хамгийн гол нь түмэн олны зөв ойлголт шахалт, тус дэмжлэг туйлын чухал болоод байна. Одоогийн энэ бодит байдал, дахин хэлэхэд хоосон үзэл суртлын савраас гарахгүй юм бол бидэнд ашигт малтмалын баялаг ч, ер нь юу ч туслахгүй, хэрэв олж харж сайн тунгааж бодох юм бол бид ноцтой байдалд хэдийнэ тулчихаад байна. Үндэстний хөгжлийн цэвэр прагматик үзэл баримтлал, загварыг бид өөрөө өөрсдөө гаргаж ирэх ёстой.
-Олон намын систем гэж анх 90 оноос ярьж эхэлсэн. Одоо надад Монголын түүхийн хамгийн эмгэнэлтэй үе “феодалын бутралын үе” л нүдэнд харагдаад байна. “Бага хаадын үе” гэгчээр эрчээ авсан шүү дээ. Түүнийг уншаад нэн эргэлзэж бас эмзэглэж байснаа санаж байна. Өдгөө 20 жилийн эргээд харахад энэ үе түрүүний хэлдэг манипуляцийн үр дүнг үзэж байгаа үе, түүний үр дүн, тийм үү?
-Ер нь бол улс орныг эрхшээлдээ оруулахын тулд “Нийгмийг нь элдэв аргаар хагалан бутарга, хооронд нь хэмлэлдүүл, эцэст нь бүгдийг дарангуйлан захир” гэсэн эртний Римээс явж ирсэн үг, бодит стратеги бодлого байдаг шүү дээ. Эртний римчуудаас эхлээд бүх том гүрнүүд “Хуваагтун, захирагтун” гэсэн сургаалийг бүхий үйл ажиллагаандаа баримталж ирсэн байдаг. Энэ бол гурав дахь ертөнцийн гэдэг нэр авсан улс орнуудад барууны өндөр хөгжилтэй гэж нэрлэгдээд байгаа улс орнуудын зүгээс явуулдаг бодлогын нэг үндсэн санаа нь.
-Хятадын бодлого ч олон зууны туршид бүдүүлгийг бүдүүлгээр гэсэн томъёоллоор явж ирснийг уг нь бид мэддэг? Гэхдээ орчин үед тийм юм байхгүй байлгүй дээ гэж боддог, нөгөө талаас бид энэ ойлголтдоо Хятадыг л хамруулдагаас коммунизмын үед Орос, либерализмын үедээ АНУ-ыг хамруулах үнэн сэтгэлээсээ дургүй. Гэтэл ертөнцөд юу өөрчлөгдсөн гэж?
-Ердөө л наадах чинь шүү дээ. Үүнийгээ барууны гүрнүүд орчин үед “ардчиллын нэг гол шинж бол олон намын системтэй байх” гэж номлодог. Барууны энэ номлолоор бол ер нь иргэн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой, энэ бол эрх чөлөөтэй байгаагийн шинж гэдэг. Тэгээд хоорондоо заавал өрсөлдөж байх ёстой гэдэг. Энэ нь улс үндэстний хэмжээнд ямар нэг нэгдэл нягтрал үүсэхээс болгоомжилсон бодлого бөгөөд улстөрийн намуудаар дамжин нөлөөлж байх нөхцлийг бүрдүүлдэг байна. Хэрвээ нэгдэл нягтрал үүсэх аваас улстөр нийгэм нь хүчирхэгжиж энэ улс орон гадныхны үгээр, дохио зангаагаар явах боломжгүй болдог аж. Тийм учраас ийм арга нь нөгөө монголчуудын өвөг дээдсээсээ уламжлан ирсэн Ариун гоо эхийн таван сумны домог, бас “Эвтэй бол хүчтэй” гэдэг уламжлалт сургааль гүн ухааныг л сарниулж байгаа хэрэг.
Та бүхэн бодож байгаа байх, АНУ-д ердөө л хоёрхон нам байдаг гэж. Гэтэл үндсэндээ арван хэдэн нам байна аа. Миний мэдэхээр сонгуульд оролцдог арван хэдэн нам байна. Гэтэл үүнийг нь бид огт сонсоогүй байна. Яагаад хоёрхон намын өрсөлдөөнийг сурталчлаад байдаг вэ, энэ бол тусдаа бүхэл бүтэн сэдэв юм.
-Хятад ч найман намтай, бүгд сонгуульд оролцдог, намуудын үйл ажиллагааг Улс төрөөр зөвлөлдөх зөвлөл гэдэг байгууллагад зохицуулдаг, дарга нь У Бангуо. Төрийн шатлалаар бол дээрээсээ дөрөвдэх албан тушаал...
-Өдгөө Монголын улс төрийг ердөө л хоёрхон намд хувааж байна. Гэтэл тэр хоёр нь үндсэндээ санхүү-эдийн засгийн нэг том бүлэглэлийн улстөрийн хоёр фракц төдий л байгааг одоо бид ойлгож эхлээд байгаа. Алийг нь ч сонгосон гагцхүү тэр бүлэглэл л хожиж таардаг.
Ийм л замаар бид 22 жил гэлдэрчээ. Мэдээж бидэнд гадна талаас татгалзах боломжгүй “эелдэг зөвлөгөө их өгсөн” нь мэдээж. Гэвч бид өөрсдөө өөрийнхөө гараар үүнийг хийсэн юм шүү. Тийм учраас одоогийн энэ мухардал, урхинаас гарах арга нь бол юуны өмнө бидний толгой дотор “сууж” байгаа элдэв “либерал-мухар сүсэг”, хоосон үзэл суртлаас салж хүн бүр бодол ухаанаа цэгцлэхийг хичээх хэрэгтэй юм. Юуны өмнө бид толгойнхоо эргээг гаргах ёстой. Ингэхгүйгээр бүх зүйл зөв үйл хөдлөл, ололт амжилт болох үндэсгүй.
Бид ялагдав
-Хүн гэдэг амьтанд чинь өөрсдийнхөө итгэл үнэмшил, өмнөх ойлголт төсөөллөөсөө салж татгалзахад хүнд байдаг байх аа?
-Итгэл үнэмшил гэдэг бол асар их хүч юм. Гэхдээ одоогийн энэ төлөв байдлыг итгэл үнэмшил гэж болдог бол түүнийг бидний тархи оюунд бий болгоод байгаа гол гол суурь ойлголт төсөөлөл, мемүүд аксиомуудын нь ихэнх нь буруу хэлтгий тавигдчихсан байгаа. Жишээ нь, хэн нэгэн “Капитализм бол хүн бүрийн сайн сайхны төлөө байдаг, хэрэв сайн ажиллах л юм бол та хувийн өмчтэй баян чинээлэг болж чадна, гагцхүү капитализм л ардчиллыг хангадаг, ардчилал бол чөлөөт сонгууль, сонгууль болулстөрийн эрх чөлөө гэсэн үг” гэх мэтээр хамгийн энгийн, хүүхдийн ухамсараар хүлээж авсан бол чин үнэн юм шиг хэрнээ хоосон үлгэр цээжилжээ л гэсэн үг. Хэрэв энэ “илбэний” далд механизмуудыг нь олж харвал, бидний бодол санааг “удирдаад” байгааг ойлговол бодит байдал огт өөр гэдэг нь тодорхой болно. Ер нь манайхан “Хүн бүр өөртөө нэг агуу хүнийг бий болгодог, тэгээд тэр л “багшийнхаа” амаар явдаг” муу зуршилтай юм шиг санагддаг. Өөрсдөө аливаа зүйлийг шалгаж баталгаажуулж байж сая итгэл үнэмшлээ болгох, бас байнга баяжуулж, засч сайжруулж байх ёстой биш үү.
Манай нийгэмд нэн ялангуяа сүүлийн жилүүдэд юм болгоныг хэтэрхий хялбарчилж ойлгодог, хэрэглэгчийн сэтгэлгээ давамгайлаад байна шүү дээ. Түүнээс бус хэн өөрөө шалгаж судалж үздэггүй. Мэдээж гадаад ертөнцөөс өгч буй зөвлөгөөг сонсох ёстой, гэхдээ зөвлөгөөг нь заавал үндэстнийхээ, нийгмийнхээ амин чухал эрх ашгийн шүүлтүүрээр оруулж тунгаан, судалсныхаа дараа л хэрэглэх ёстой. Гэтэл Э.Бат-Үүл “Социализм бол шорон байсаан” гээд тууж байх юм даа, хн. Тэгж хэлж арай болохгүй шүү дээ. Үүнийг чинь хоосон үзэл сурталжиж хэнээрхэх гэдэг юм даа. Энэ хүн одоо болтол ядаж үүнийг олж харж ухаараагүй байгаад бүүр гайхаж байна. Хүн аливаа юмыг мэдэхгүй хийх, ярих бол нэг хэрэг, харин зориуд ингэж хашгичиж өөр зорилго руу зүтгүүлэх гэж байгаа бол огт өөр хэрэг дээ. Одоо Монголыгоо, ард түмнээ бодмоор юм даа ядаж, эсвэл мэдэхгүй байгаа бол дуугүй, гай болохгүй байсан дээр дээ.
-Нэг хэсэг нь юм бүрийг улс төржүүлж намчирхаад л, гэтэл нөгөө талаас нь зарим хүн либертаризмыг сурталчилж, өөрийгөө бод, нийгмийн хувьд ямар ч идэвхгүй бай, сонин ч бүү унш гэж байна. Либерализмын цаана либетаризм гэж нэг их гоё юм байна гэх гээд ч байх шиг. Нөгөө социализм хөгжсөөр коммунизмд хүрнэ гэдэг шиг?
-Ер нь либертаризмыг “Хүн бүхний эрх чөлөөний бясалгалын үзэл санаа” гэж байгаа. Эрх чөлөөний үзэл санааны тухайд хүн төрөлхтний түүхийг үзэх юм бол бүх тэмцэл, өөрчлөлт хувьсгалууд нь дандаа л хувь хүний эсвэл нийгмийн эрх чөлөөний үзэл санаан дээр тулгуурласан байдаг. Тийм учраас аливаа нэг үзэл санааг нийгмийн доторхи тодорхой нэг бүлэглэлийн эрх ашгийн төлөө ашиглаж, үүгээрээ нийгмийн манипуляци хийж байхын тулд заавал эхний ээлжинд хүмүүст шууд хүрч дуулдаж байгаа постулатуудад нь эхлээд “зэрэглээнүүдээ” суулгаж өгдөг байна л даа. Тэгэхээр хэн ч эхлээд сонсоход “Энэ эрх чөлөө нь хүн бүхний л төлөө, миний ч төлөө, чиний ч төлөө, бид бүгдийн төлөө” юм шиг. Гэтэл энэ нь нийгмийн олонхийн хувьд зөвхөн тунхаглал төдийхөн л зүйл байдаг. Гэтэл эдгээр мундаг уриа лоозонгуудыг хэрэгжүүлэх үндсэн гол механизм болох эдийн засгийн бодит боломж, тэгш эрх шударга байдал үгүй бол та ямар ч эрх чөлөөгүй шүү дээ. Ердөө л хоосон үг, тунхаглал хэвээр үлддэг гэсэн үг. Үүнийг гүн ухаантнууд, эрдэмтэд судлаачид нэгмөр нотолсон байгаа, амьдрал дээр ч яг ийм л байдаг шүү дээ. Харин зарим хүн тэр бүгдийн дундаас ганцхан уриа лоозонг л сугалж аваад яриад ухуулаад сурталчилаад явдагт гайхмаар. Улс нийгэмдээ ямар “тус” хүргэж байгаагаа бодоосой.
Ер нь энэ бүх эрх чөлөөнүүдээс хамгийн чухал нь эдийн засгийн шударга байдал, бодит боломж, эрх чөлөө юм. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол бид нар өөрсдийнхөө амьдрал, хувь заяаг өөрсдөө мэдэж, өөртөө тохирно гэж үзсэн тэр загвараар л өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийг чармайн улс орноо удирдахыг хэлнэ. Гэтэл өдгөө бидэнд ийм либерал эрх чөлөө байгаа юм шиг мөртлөө улс гэрээ авч явах тийм бодит бололцоогүй, нөхцөлгүй болгоод хаячихжээ. Зориудаар юм шүү. Манайх шиг болсон ядуу буурай улс орнуудад яг ийм зүйл болсон, болж байгаа.
-Сая Үүл гишүүн МоАХ-ны IV их хурал дээр үг хэллээ. “Миний энэ баатарын одон бол ардчиллын төлөө тэмцэж явсан та нарын одон шүү” гээд л. Гэтэл 22 жил өрнөсөн энэ ардчилсан тогтолцоо нэг л болохгүй байгааг бид мэдэж байна. Гүнзгий судалсан хүний хувьд та цаашид ямар ноцтой үр дагаврууд авчирсан гэж бодож байна. Энэ нь эцэстээ юунд хүргэж болох вэ?
-Би бол тэр хүнийг төөрөлдөж байна гэж хараад байгаа. Харин зориудаар ингэж хашгичих аваас энэ бол шал өөр асуудал л даа. Ер нь ямарваа нэг зүйлс, үзэл суртлын асуудлуудыг анх хүлээн авахдаа заавал судалж шалгаж байж өөрийн итгэл үнэмшил болгож авах ёстой гэж хэлсэн дээ. Ялангуяа улстөрчид. Практик амьдрал дээр ямар үр дүнд хүргэж байгааг судалж үзэж байж, цөөн капиталист улс орнуудын баян тансаг байдлыг бий болгоод байгаа цаад далд механизмуудыг нь олж харж судалж байж авах ёстой болов уу. Лав л ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрхтэй байгаа нь шийдвэрлэх хүчин зүйл нь биш юм байна билээ. Одоо манайд бүгд том дарга, тахин шүтүүлсэн баатрууд болсон, доошоо орж аливаа юм судлах учрыг нь олж хужрыг тунгаах нь тэдний хувьд “хэт жижигдэх” болсон бололтой.
Гэтэл тэд гадаадад томилолтоор очиж үзчихээд, баян тансаг лангууг нь харчихаад л “Зах зээлд шилжвэл ийм болох юм байна” гээд л шуударч болохгүй л дээ. За наад зах нь л гэхэд Баруун европын орнууд нийлээд дор хаяж 15 триллион долларын өртэй, АНУ л гэхэд 16 триллион долларын өртэй байгаа шүү дээ... Энэ бол нэгэнт аваад хэрэглэчихсэн асар их баялаг гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ их баялгийг хэн хаанаас нийлүүлсэн, энэ орнууд бүгд өртэй юм бол чухам хэнд өртэй юм гэдгээс эхлээд зөндөө асуулт гарна.
Бидний яриад байгаа дээрх бэрхшээл асуудлууд нь зөвхөн Монголд тулгараад байгаа хэрэг биш ээ. Ер нь бид хуучин социалист системийн II ертөнцийн улс байсан, Барууны капиталист улсууд өөрсдийгөө I ертөнц гэж нэрлэдэг юм бол бидний хамаарагдаж байсан социалист блокийн орнууд хөгжлийн түвшин, нийгмийн ололтуудаараа хоёрдугаар ертөнцийг бүрдүүлж байж. Гэтэл бид II ертөнцийн орноос III ертөнц рүү 20 жилийн турш ухарлаа. Тэр Гуравдахь ертөнцөд хүн амын дийлэнх олонх нь үгээгүй ядуу, тэдэнд амьдрал ахуйгаа сайжруулах ямар нэг бололцоо механизм байхгүй.
Ер нь “Юуны ч тухай ярьж бай энэ нь эцсийн эцэст мөнгө, баялагийн тухай асуудал л байдаг” гэсэн америк зүйр үг байдаг. Хэрвээ нийгэмд болж байгаа түүхэн үйл явцуудын цаад талын тэр углуургыг нь олж харахыг хүсвэл, энэ үйл явдлаар дамжаад нийгмийн баялаг хэрхэн хаашаа ямар зарчмаар хуваарилагдаж байна гэдэг механизмийг олохыг байнга хичээж байх ёстой. Тэгэж чадаж гэмээнээ бид энэ бүхний цаад сэдлийг зөв ойлгох, зөв үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдэх юм. Энэ үзэл суртлууд бүгд мөнгө баялагийг нь хамахад чиглэсэн байдаг гэж би дахин давтан хэлээд байгааг анзаарсан байх.
1991 онд ЗХУ задран унаж, коммунист системийн задрал болсон гэж ярьж байгаа шүү дээ. Тэр бол “Хүйтэн дайн”-ы төгсгөл байсан. Дайтаж буй хоёр талын нэг өөрөө хар аяндаа дотроосоо задарч унаж болох уу? Ийм ойлголт гарч ирж байгаа биз? Хэзээ ч дайны нөхцөлд нэг өрсөлдөгч нь дотроосоо задардаггүй юм санж, энэ бол хүн төрөлхтний түүх юм. Энэ дотоод задралыг заавал гадна талаас хийдэг, дайсных явуулга л тийм төгсгөл рүү түлхсэн байдаг. Ялангуяа үзэл суртлын, мэдээллийн дайнд ялагдсан нь бодит ялагдал болж хувирсан юм. Харин капиталист орнууд дотооддоо төдийгүй бусад улс орнууд руу ийм үзэл суртлын, мэдээллийн бүслэлтэд оруулдаг дайныг явуулдаг хэдэн зуун жилийн туршлага, онол практиктай юм байна билээ.
Энэ барууны маягийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг тойрсон олон догмууд нь олон хүмүүст нь ташаа ойлголт төсөөлөл, хоосон мөрөөдлийг бий болгосон байдаг. Энэ үзэл суртлын дайны үр дүнд тэдний бай болсон улс дахь нийгмийн хамгийн экстремист гэнэн хэсэг нь сохроор дагаж, өөрсдийн гэрийг, өөрөөр хэлбэл өөрийнхөө харьяалагдаж байгаа улс, ертөнцийг заавал эвдэлж нураах, нийгмийн, олон нийтийн уур амьсгалыг хавтгай буй болгодог байна. Би судлаач хүний хувьд одоогийн энэ байдал энэ хэвээрээ үргэлжилбэл манай улс үндэстнийг тун удахгүй сүйрэл дампуурал хүлээж байна гэж бодож явдаг.
Коммунист лагерийг хэрхэн задлан нураасан тухай бас баримтат кинонууд үзсэнээ санаж байна. Тэр үеийн барууны тусгай албууд юуны түрүүнд Польш улсыг социалист нийгмийн хамгийн эмзэг, сул цэг хэмээн сонгон авсан байдаг. Юуны өмнө Польш нь католик шашинтай улс, бас Ромын пап II Иоанн Павел ч польш үндэстэн байж таарсан байдаг. Хамгийн гол нь Польш дахь “Солидарность” /”Эв санааны нэгдэл”/ үйлдвэрчний байгууллагыг барууны тусгай албад ил далдаар ивээн тэтгэж санхүүжүүлснээр хүчирхэгжүүлж, лидер цахилгаанчин Лех Валенсаг барууны хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр “Шударга үнэний төлөө тууштай тэмцэгч” гэх зэргээр алдаршуулах ажлыг системтэйгээр явуулсан байдаг. Удалгүй ЗХУ-д М.С.Горбачёвыг ч тэд сонгон авч боловсруулснаар “перестройка” нэртэй тусгай ажиллагааг өрнүүлснээр тун удалгүй ЗХУ төдийгүй социалист систем бүхлээрээ “ясаа тавьсан” шүү дээ. Өнгөрсөн намар М.С.Горбачёвын 80 насны ойг Лондонд сүр дуулиантай тэмдэглэсэн шүү. Энэ бол түүхэн факт баримтууд юм.
-Тийм байх. Ямар ч нийгэмд тухайн нийгмийн тодорхой бүлэг тогтсон байгуулалдаа сэтгэл дундуур явдаг. Энэ бол хүний нийгмийн нэг шинж чанар юм биш үү?
- Гэтэл яг үүн дээр нь дөрөөлж тухайн үндэстний улс төр, эдийн засгийн тогтсон системийг гаднаас нураах, эрхшээлдээ оруулах ажиллагааг зохион байгуулах шинжлэх ухааны түвшинд боловсруулсан технологиуд байдаг байна л даа. Энэ технологийн бас нэгэн золиос нь болсон бид нар үүнийгээ одоо болтол сайн мэдэхгүй л байна. Миний ажиглаж байгаагаар энэхүү үйл явцыг даруйхан зогсоох хэрэгтэй, ингэхгүй бол манай 2,7-хон сая цөөн хүн амтай, эмзэг хүн амын бүтэцтэй ард түмэн урьдчилан хэлж болохооргүй ээдрээтэй нөхцөл байдалд орчихоод байна. Үүнийг олж харж энэ үйл явцыг зогсоох төдийгүй өөр зөв голдиролд нь оруулах нь өнөөгийн бидний өөрсдийнхөө өмнө, хойч үеийнхээ өмнө хүлээж байгаа асар том үүрэг хариуцлага, зорилт болж байна. Дахин хэлэхэд одоогийн энэ манайд ноёрхож байгаа үзэл суртал бол цэвэр догмууд юм байна шүү, бидэнд капиталист өндөр хөгжилд “место” байхгүй, бодитоор боломжгүй, угаасаа хэн ч биднийг тийш нь оруулах зорилго тавиагүй юм байна шүү гэдгийг хэлэх байна. Хэрэв ийм юм бол гал тогоонд төмс арилгагч байх хэрэггүй шүү дээ. Бидэнд өөр зам байгаа, байх ёстой.
/Yргэлжлэл бий/
No comments:
Post a Comment