Sunday, January 1, 2012

Бид их л сайн хошгирч сурч байгаам байна даа

Шинэ оны өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор УИХ-ийн чуулганы индэр дээрээс мундаг сайхан илтгэл тавьж билээ. Тэрхүү илтгэлийг манай хэвлэлийнхэн дээр дооргүй шүүрэн авч, гайхалтай сайхан болсоныг нь бахархан бахдан бичиж, ярьж байсансан. Хальтхан сонсоход үнэхээр ч ойрд сонсоогүй уран үг, шинэлэг санаа, өнөө дутагдаад буй зарим зүйлсийг оновчтой тодорхойлсон мэт. Гэвч судлаач Д.Ганхуяг уг илтгэлийн шалдан байгааг гярхай олж харсан байна. Бид ч Элбэгээгийн хошгируулалтад дассаар сүүлдээ рефлексээрээ хошгирдог болж байгаам байна. Энэ бол эмгэнэл, эрүүл саруулаар эргэцүүлэн сэтгэх чадвараа алдана гэдэг үндэстний хувьд сүйрэл.

Нүглээ наминчлах сэтгэл үнэхээр таньд буй бол ингэж наминчлахгүй, Эрхэм ерөнхийлөгч өө. Сүүлийн 20 жилд та монголын улс төр, тэрийн эрх мэдлийн тэргүүнд л байсан, өөр хаана байгаагүй. Энэ 20 жилийн гавьяа нь зөвхөн таных болоод гай, гамшиг нь харин өөр хүнийх болдог юм биш ээ.


Одоо мэддэг хэлээр нь ярина


Судлаач Д.Ганхуяг

Үндэсний хувьсгалын 100 жилийн ойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ланжгар илтгэл тавив. Тэр өөрийгөө Монголын 100 жилийн түүх, өнөөгийн байдал, ирээдүйг бүгдийг нь “онолын” хувьд тодорхойлчихсон гэж бодоод байгаа бололтой. Байн байн гайхуулаад л Монголчуудыг дахиж “хошгируулна” гэж бодож байгаа нь илт. Ёстой яршиг л байна…
Хэлсэн үү хэлсэн, сануулсан уу сануулсан…
“Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй” гэгчээр би аль эрт 2010 оны 3 сарын 23-нд “Эртхэн шиг хэлж байя” өгүүлэл бичиж, дараа жил болох тэгш ойнуудаа хэрүүл уруул багатай, тэнэгтэлгүй шиг тэмдэглээч гэж онцлон сануулсан билээ. Санаж сэрэхийн оронд олон хүн “онолдох, түүхдэх” гэж тэсч ядаж байгаа нь илт байсийм. Ингээд тэнэглэл шатлан өргөжихөөс сэргийлж 2011 оны 1 сарын 8-нд “Байлдаан түүхээр эхэлнэ” өгүүлэл бичиж ахин сануулав.
Тэгсэн чинь юу вэ, энэ зуны наадмаар ёстой “алаад хаядаг” юм байна. Юу хэмээвээс 90, 100 жил дээрээ 2220 жил нэмж тэмдэглэх болж, үүнийгээ “Монгол туургатны Их наадам” гэж нэрлээд Солонгосын шашны байгууллагын ивээл дор тэмдэглэж солиоров. Илтгэл айлтгал гэж хүн авахын танаг алга. Бүр арга ядаад 2011 оны 10 сарын 31-нд “Хоёр өөр зуун жил” өгүүлэл бичиж, Ц.Элбэгдорж, түүний мал шиг “онолчдод”: “Удахгүй тэмдэглэх ойн өдрүүдээр мэргэн цэцнээ харуулдаггүй юмаа гэхэд тэнэг мулгуугаа дахин нотлох хэрэггүй” гэж дахин сануулав. Дээр нь хэрэг болж магадгүй гэж бодоод “Нийгэм-түүхийн онолууд” гэх энэ үйл явдалд холбогдох цуврал 6 өгүүлэл бичив. Судлаач хүн эртнээс 3 удаа сануулж, онол-түүхийн үндэслэлийг нь хэлж өгөхөөс өөр яахийм…
Гэтэл Монголоос нэг “геббельс” гараад ирэх нь тэр. Хэрэв Цахиагийн хүү албан тушаал ухаан нэмдэг, төрийн тэргүүн монгол судлаачаас илүү нийгэм-түүх, системийн онол мэднэ гэж байгаа бол ёстой дэмий л байна. Заавал миний хэлсэн болгоныг авах албагүй нь мэдээж хэрэг. Огт өөр хувилбар, тавилаар ч хийж болно. Гэхдээ л заавал утга агуулгатай, үлдэцтэй, системтэй байх ёстой. Үүнийг хамтдаа шалгаад үзье л дээ…
Баяр уу, эмгэнэл үү…
Энэ илтгэл 3 том хэсгээс бүрдэнэ. Эхний “онолын” хэсэг нь дэлхийн түүх, монголын түүх гэсэн хоёр “бүлэгтэй”. “Манж-монголын харилцаа түшмэг шинжтэй” (“vassal”, “satelite”) гэсэн дүгнэлтийг манай түүхчид хийгээд 20 шахам жил болж байна. Хэдхэн мөрийн дараа энэ нь “итгэмжит холбоо” болчихож. Аль нь юм ?! Манжийн үед их сайхан байсан, харин сүүл хэрдээ л жаахан муудаад хувьсгал мувьсгал болсон юм байх аа…
Өгүүлэн буй 100 жилийн 10 нь Богд хаант улсад, 70 нь социализмд, 20 нь ардчилалд хамаарна. Аль нь олон байна ?! Социализмын 70 жилийг магтагчид ба шүүмжлэгсэд ганц сэдэв дээр л маргадаггүй. Энэ бол ямар ч эргэлзээгүй НИЙГМИЙН ДЭВШИЛ байсан гэж.
Ц.Элбэгдорж энэхүү 70 жилийг хасаад үлдсэн 10+20 жилийг “шууд холбох” арчаагүй арга хэрэглэж байна. Ингээд тэр Монгол Улс одоо ямар байдалтай байгааг “Баянаараа эхний аравт ордог эх оронтой хүн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бол энэ зууны эмгэнэл юм. Ирэх зуунд энэ эмгэнэлээс монголчууд ангижрах ёстой.” гэж дүгнэж байна.
Ийнхүү Төрийн тэргүүн Тусгаар тогтнолын 100 жилийн үр дүнг ЭМНЭНЭЛ гэж дүгнэлээ. Би үүнийг бараг зөвшөөрч байна. Түүх “хасах арга”, өнөөгийн бодит байдал хоёр түүнийг ийм дүгнэлтэд гарцаагүй хүргэж байна. Хэрэв монголын 100 жилийн түүхийн үр дүн эмгэнэл юм бол хэн ийм байдалд оруулсан гэх асуулт зүй ёсоор үүснэ.
Тэр өөрөө асуугаад өөрөө хариулж байна. “Ямар учраас монголын баян, буян монгол хүнд наалдахгүй байна вэ? Эзэд нь энэ танхимд байгаа Та бид. Өөр хэн ч биш. 100 жилийн өмнө монголчууд ядуу байгаагаа манжуудаас хайж байсан. Одоо хэнээс хайхыгаа манай иргэд сайн мэдэж байгаа.”
Ёстой янзтай, үүнээс илүү үнэн зөв, бодит дүгнэлт гэж хаана байхав. Харин эдгээр “эзэд”-ийн тоонд Элбэгдорж орох эсэх нь “ойлгомжгүй” байна. Миний судалгаагаар Ц.Элбэгдорж бол Монголыг эмгэнэлд оруулсан “эзэд”-ийн нэг том толгойлогч мөнөөс мөн.
Одоо тэр “эмгэнэлийн” үндсэн шалтгааныг хайж байна. “Өнөөдөр монголд ашигтай бизнесийг төр хийж байна, эсвэл гадныхан хийж байна. Нэг бол тэр хоёртой нийлж хуйвалдаж чадсан хэсэг нь хийж байна. Тэд ашигтай бизнес бүрийг хамж байна.” гэж “ёстой сайхан” дүгнэв. Гэхдээ тэр энэхүү эмгэнэлт төрийг 20 шахам жил барилцаж, удирдаж, одоо тэргүүлж байгаагаа “мартчихаж”.
Эмгэнэлээс гарахын тулд “Төр ажил хэрэгч иргэддээ гадныханд өгдөгөөс илүү, дотоодын олигархуудад олгодогоос илүү таатай орчин бүрдүүлэх ёстой.” гээд үүнийгээ “нууц томъёолол” гэж нэрлэжээ. Энд үнэхээр хэд хэдэн “нууц” байгаа юм. Үүнийг “гадаадынхаан, Та нар “аяархан” шулаач, олигархуудаа иргэддээ “жаахан юм” амсуулаач, гэхдээ монголын бүх иргэдэд биш, зөвхөн “ажил хэрэгч” иргэддээ гээд хуурчих.” гэж тайлж болно. Төр нь иргэдээ ажил хэрэгч, ажил хэрэгч бус гэж хуваадаг явдал Монголоос өөр хаана ч байхгүй.
Улмаар “Жижиг дунд бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлөх. Худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа бол татвараас 5, 10 жил заагаад нэмж чөлөөлье.” гэнээ. Эндээс “ажил хэрэгч иргэд” нь худалдаа үйлдвэрлэлийн “жижиг, дунд бизнес эрхлэгчид”, харин эмч, багш, соёл урлаг, шинжлэх ухаан, цэрэг, цагдаа зэрэг “материаллаг бус” салбарынхан “ажил хэрэгч бус” иргэд болох нь тодорхой байна. Ийм балай юмыг онол монол гэвэл ч ёстой дэмий л байна. Эхлэлийн лаг сүртэй 100 жил ердөө л татвараас 5-10 жил чөлөөлөх явдал болон хувирч байна. Энэ чинь одоо баяр юм уу, эмгэнэл юм уу…
Системийн ялзрал, сэтгэлгээний өмхийрэл
Одоо 2 дахь буюу улс төрийн хэсгийг авч үзье. Эхлээд тэр сэтгэл зүйн нөлөөлөл сайтайгаар нь 7 сарын 1-ний үйл явдлаар төрийн өмнөөс уучлал гуйжээ. Гэхдээ өөрийнхөө өмнөөс уучлал гуйвал арай илүү ёс суртахуунтай байхсан. Олуулаа нийлж хийчихээд ганцаараа рекламдаж болохгүй л дээ. Энэ асуудлыг Кембрижээс эхлээд дэлхийн нэр хүндтэй их сургууль, байгууллагууд аль хэдийн судлачихсан. Эндээс “оноо авах” гэж анаж буй хувь хүн, намуудад Та нар аятайхан л байж үзээрэй гэж сануулж байна…
Бидний шинжилж буй энэ 2 дахь хэсэг Эрх үүрэг, Төрийн алба, Намууд гэсэн 3 “бүлэгтэй”.
Эрх үүргийн бүлэгт эрх үүргүүдийн “тоолжээ”. Энд 2 утга байдаг. Өнгөц утга нь хуулинд буй “бүх” эрх үүргүүдийг “тоолох”. Ямар ч тэнэг чадах юмыг манай хүн чангаар “тоолж” байна гэж жигтэйхэн. Мөн чанарын утга нь эрх үүргийн бодит биелэлт, үр дүнг мэргэжлийн судалгаагаар гаргах. Миний мэдэхээр ийм судалгаа Монголд байхгүй.
Нэгэнт судалгааны бодит дүгнэлт байхгүй болохоор хоосон лоозогнох л үлддэг юм. Тэгээд тэр мэддэг, чаддаг “ганц ажлаа” хийв. “Төрийн захиргаанаас иргэний удирдлага руу бид шилжих ёстой. Төрийн албаа нийтийн үйлчилгээ болгож солих ёстой. Манжийн ноёнд эрх байхаар дарлал болдог, Монгол даргад эрх өгөхөөр ардчилал болдог юм биш. Бүх албан тушаалтныг үүрэгжүүлье, үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцъё. “Үүргийн хувьсгалдаа урагшаа…” гэж уриалж байна.
Ганц догол мөрд үргэлжлэн орсон ёстой, үүрэгжүүлье, хариуцлага тооцъё, урагшаа гэхчлэн уриалан дуудах үгсийг 1930-аад оны хэт хувьсгалчид л хэлдэг байсийм. Тэр 2010 оны 4 сарын 5-нд “Монгол Улс хувьсгалаа хийчихсэн” гэж дүгнэж байснаа одоо эдийн засгийн ба үүргийн “хоёр хувьсгал” ярих болов. Элбэгдорж ярихаар хувьсгал “зөв”, бусад хүн ярихаар “төр эргүүлэх” болдог шог юм байхгүй л дээ.
Манай 100 жилийн өмнөх ноёд ба одоогийн дарга нар ямар ч ялгаагүй. Мөн манжууд ба одоогийн транснационал корпорациуд мөн л ялгаагүй дарлагч, шулан мөлжигсөд. Үүнийг неоколоничлол гэдэг. Жишээ нь одоогийн монгол ноён Элбэгдорж ашигт малтмал, газраа өөрөө тэдэнд зардаг. Ийм байж цэцэрхэх хэрэггүй л дээ.
Төрийн албаны бүлэгт ердөө ганц “дүгнэлт” байгаа. “Манай төрийн алба Зөвлөлөөсөө эхлээд болохгүй байгааг би нэг биш удаа ярьсан. Өнөөгийн байдлаар цаашид ажиллуулах боломжгүй.” Ганц муу Зүмбэрэлхамыг “няхахын” тулд онол монол гаргах ч дэмий л ажил. Ийм биш бол өөр том дүгнэлт хийх ёстой л доо…
Удаах бүлэгт намуудыг дүгнэж. “Шинэ нам гэж алга. Манай намуудын хөгжил дэвшил нь (анхаар-Д.Г) ардчилсан хувьсгалын өмнөх МАХН-ын бүтэц зохион байгуулалтыг хуульчлан хуулахаас хэтрээгүй (анхаар-Д.Г). Хуучныг дагасан хуучирсан зохион байгуулалтаас хуучин л юм гарч байна.”
Манай намууд бол үндэстний эсрэг, төр, нийгмийг үймүүлэгч, их гарын панзчингуудын наймааны зах, том гэмт хэрэгтнүүдийн хоргодох газар, авилгын үүр уурхай, худал хуурмагийн тантангууд. Энэ бол хуучин биш, нийгмийн цоо шинэ гаж (девиант) үзэгдэл. Гэтэл Элбэгээ намууд хуучин буюу хуучнаас хэтрэхгүй байхыг хөгжил дэвшил (!!!) гэж дүгнэж байна. Тэр намын дарга мөн ч олон жил хийсэн дээ. Гэтэл хуучин нам байгуулчихаж гэнэ. Хуучин намуудын хийсэн Монголын ардчилал хуучнаа хуулахаас хэтрээгүй юм байна. Ийм ахул ардчиллын 20 жилийн ололт амжилт, хөгжил дэвшил, гавъяа зүтгэл энэ тэр гэж орилохоо больчих л хэрэгтэй ш дээ. Одоо наад ардчиллын партизанууд чинь чамайг “барьж иднэ” ш дээ…
Элбэгээгийн “онолын хийрхэл” ийм онигооноос өөр үр дүнд хүргэхгүй л дээ. Ийм балай “орон гаран” байж хүний үг авнаа нэг байхгүй. Цаашдаа онол монолоос холхон шиг байж хэмжээгээ мэдэж “томорч” бай…
Гандан буурахгүй “шал хуучин” энэ нөхөр ихээхэн ноцтой шинэ арга зааж эхлэв.
“Хуучин хуулийн дагуу байгуулагдсан өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой. Шинэ хуулийн дагуу нам бүр шинэчлэн зохион байгуулалтаа хийж, шинээр бүртгүүлэх ёстой…Намжсан нийгмээс иргэншсэн нийгэм руу явах хэрэгтэй.”
Энэ дүгнэлт хоёр намаас залхсан олон хүнд таалагдах нь мэдээж боловч Элбэгдорж “нүх хайсан тарвага” лугаа адил нам хайж байгааг илүүтэй илтгэнэ. Нэг. Өөртэй нь гарцаагүй “байлдах” МАН-ыг сулруулж байна, өөрийг нь “оруулахгүй” байгаа АН-ыг сүрдүүлж байна. Хоёр. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүчний дахин бүлэглэлт хийж, “шинэ” намын “бэлэн дошин” дээр гараад “хэвтчих” санаагаа цухалзуулж байна. Аль алинд нь улс төрийн систем, улмаар монголын нийгэм аймшигтай донслох нь гарцаагүй. Ихээхэн аюул, үлэмж эрсдэлтэй энэ хувилбарыг нэн явцуу дээд хүрээнд нэгэнт тохирсон байх өндөр магадлалтай. Одоо ойлгомжтой гэж санана. Энэ талаар нэмж тайлбарлах хугацаа, боломж Та бидэнд хангалттай бий.
Ингээд Эрх үүрэг+Төрийн алба+Намууд нийлээд Элбэгдоржийн “улс төрийн систем” болох ба энд үүргийн хувьсгал, нам татан буулгах хоёрхон гарц байгаа юм байх. Энийг л системийн ялзрал, сэтгэлгээний өмхийрэл гэдэг юм.
Монголын “зургаан” зорилго
Одоо сүүлчийн “зорилгын” хэсгийг авч үзье. Энэ нь: 1. Байгалийн баялаг, 2. Орон сууц, 3. Сумын төв. 4. Нийслэл, 5. Шударга ёс, 6. Монголчууд гэсэн зургаан “бүлэгтэй”. Энд дүгнэлт, зорилт, арга зам гэсэн 3-хан шалгуур тавьж үзэхэд эдгээрийг хангах “бүлэг” ганц ч байхгүй. Тэглээ ч гэсэн “дагаад” үзье.
1.Баялгийн бүлэгт лицензын тоо цөөрч байгаагаар “гайхуулжээ”. Хэрэв би эндүүрээгүй бол Элбэгдорж 137 лиценз өөрийн гараар олгосон санагдана. Одоо энэ лиценз чинь уул уурхайн том том төслүүд болчихсон ш дээ. “Монголын тал 34 хувиас дээш байх төсөл байгаа. 51, 34 тоонууд дээд хязгаар байсан бол одоо доод хязгаар болно.” Тэр хоёр тоогоор илбэ үзүүлэхийг оролдсон боловч чадсангүй. Эцэст нь Монголын Ерөнхийлөгч 34 хувийг хүлээн зөвшөөрөв ?! Энэ нь монголчууд цаашдаа ашигт малтмалаасаа 34 хувиас илүү горьдолтгүй гэсэн үг болно.
2. Орон сууцны бүлэгт талбайн хэмжээг “40 кв. метрээр тогтоож онилсон бодлого явуулъя. Гэхдээ 20, 30-ийн хэмжээтэй ч байж болно.” Ядахдаа дундаж нэг тоо хэлж болно доо. “Энэ ажил Н.Батбаярыг сайд байхад их сайн байсан, харин одоо Х.Баттулгын үед “тодорхой нүдэнд үзэгдэж, нийгэмд мэдрэгдэх ажил болж чадаагүй” гэж дүгнэв. Намт нэгтнээ хажуугаас нь “хутгалснаас” өөр юм энд алга.
3. Сумын төвийн бүлэгт тэр нь “ноорхой гэр шиг” болсон ба “засал авахаа больсон” гэжээ. Энийг мэдэхгүй хэн байсийм. “Сум бүхэн сумын төвөө шинэчлэх төлөвлөгөө хийг. Шаардлагатай стандарт, шалгуурыг Засгийн газраас баталчих.” Өөр юу ч алга. Сум хөгжүүлэх төлөвлөгөө хийдэг хүн суманд байтугай аймаг, дүүрэгт ч цөөхөн. Нарийн яривал Монголын төрд нийслэлээ, улмаар улс орноо хөгжүүлэх төлөвлөгөө ч ор тас байхгүй. Чаддаг юм бол үзүүлчих л дээ, еэеэ, бөөбөө…
Эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх “онол” яримаар байгаа бол чухам ямар ямар эрх мэдлийг ямар хүрээнд, ямар хэмжээгээр гэдгээ тодорхой ярих ёстой. Ямар ч судалгаа, тооцоогүй хэвтэж сүржигнэхээ больж үз. Энэ бол төрийн удирдлагын асар аюултай, нэн эмзэг, үлэмж ноцтой асуудал, Элбэгээгийн мэддэг юм огт биш…
ЭНЭ ЧИНЬ НЭГДМЭЛ МОНГОЛ УЛСЫГ “ТУСГААР ТОГТНОСОН” АЙМГУУДЫН ХОЛБОО БОЛГОХ ГЭСЭН ХАМГИЙН АДГИЙН ХОРОН СТРАТЕГИ Л БАЙНА. ТЭГЖ Ч МОНГОЛ УЛСАА ЧАМААР САМРУУЛАХГҮЙ ШҮҮ !!!
4. Нийслэлийн бүлэгт: “нийслэлд хүн амын 40 хувь,…эрх мэдлийн 90 хувь төвлөрчихөөд байна.” Энэ нь үнэнд их ойрхон боловч эрх мэдлийн төвлөрлийг хэрхэн “тоолж”, ямар аргаар “хувиар” гаргасийм гэвэл Элбэгдорж баталгаатай мэдэхгүй. Эрх мэдэл яривал манайх “зэрэгцээ” хоёр Ерөнхий сайдтай болж байгааг л би тод харж байна.
Энд: а. их дээд сургуулиудыг нүүлгэх, б. дагуул хотууд үүсгэх, в. төрийн төв байгууллагуудыг шилжүүлэх, г. шадар сайдын эрх мэдэлтэй нэгж, албан тушаалтан бий болгох гэсэн 4 “том зорилт” тавьжээ.
Ингэхэд Хар хориныг жишиг хот болгоно, Ядууралтай хийх дайн, Авилгатай хийх дайн, Ногоон хэрэм мэт агуу их төлөвлөгөөнүүд чинь яасан ?! Төлөвлөгөө зохиодог өвчин гэж баймааргүй л юм, хэрэв байвал Элбэгээд л байх шиг. Эндээс ганц зорилт л биелэнэ. Энэ бол шадар сайдын шинэ албан тушаал. Бусад нь баталгаатай сөнөнө, ямар мэдэхгүй биш…
5. Шударга ёсны хэсэгт тэр сэтгэл хөдөлгөхийг ихэд хичээжээ. Түүний авилгатай хийсэн “дайныг” мэддэг хүмүүс үхсэн хойноо л гэх байх. Авилгатай тэмцэнэ гээд ганцхан гаалийн Х.Баатарыг “санамсаргүй” шийтгэсэн. Одоо шударга ёс гээд 2-3 хурандааг “шааж унагана” гэж сүрдүүлж байна. Энэ чинь ердийн сүржигнэл л байна. Цагдаагийн системийн ялзралын тухай “Ядарсан хийгээд даварсан цагдаа” анхны аналитик өгүүллийг би аль 2008 оны 9 сарын 22-нд бичиж байсан. “Цагдаа, шүүх, прокурорыг аттестатчилаад, хөрөнгө орлогыг нь бүртгээд, дунджаас давбал төрийн албанаас чөлөөлөөд, шийтгэе.” гэдэг бол зорилго мөн шүү. Гэхдээ тэдний орлого “дунджаас” аль хэдийн давчихсан ш дээ. Үнэхээр зориг нь хүрдэг юм бол амжилт хүсч байна. Гэхдээ хүүхэд нохой шуугилаад өнгөрөхийг чинь мэдэж л байна…
6. Монголчууд бүлэг их ноцтой. Тэр монголчуудыг монголдоо ирэхийг урьжээ. Энэ нь олон салаа утгатай, тэр хэмжээгээрээ ноцтой. 1. Гадаадад байгаа өөрийн иргэдээ урих. Ийм бол наад зах нь мэргэжилтнүүдээ бүртгэж, зөвхөн тэдний саналаар хөрөнгө хайрлалгүй ирээдүйтэй том төслүүд хийж байж урих, мөн гадаадад ажиллах хүч гаргах, шашны байгууллагын шугамаар монгол бүсгүйчүүдийг төрийн ивээлээр “зарахаа” зогсоох ёстой. 2. Монгол угсаат өвөр монгол, буриад, халимаг, тува нараа урих. Энэ нь удаан хугацаанд, алсдаа “онолын” хувьд боломжтой авч бүх ард түмний санал асуулгаар шийдвэрлэж таарна байх. Гэхдээ Шинжаан-Уйгараас нэг ч хүн авчрахгүй байх ёстой. 3. Монголтой эртний холбоотой, эдүгээ нэгэнт тусгай болсон хазаар, манай “ах дүү” солонгос зэргийг урих. Сүүлийн үед ил далд байнга уриалах болсон энэ хийрхлийг шууд таслан зогсоовол зохино. Элбэгээ “солонгос ах”-даа газраа зарсан, одоо болоо…
Энэ илтгэлд ямар ч зорилго байхгүй нь тодорхой байна. Иймээс “Үндэсний зөвшилцөл” хийнэ гэнэ. Энэ үеэр бас нэг “онол зохиох” нь мэдээж ш дээ. Ингээд энэ “онол” нь сөнөв…
Энд утга агуулга алга, шүтэн барилдлага алга, функци алга, систем алга, ганцхан алга ташилт горьдсон хоосон хийрхэл л байна. Системийн аргаар шинжлээд усыг нь шавхахад ийм л хог үлдэж байна. Энэ нь Элбэгдоржийн мэдлэгийн өрөвдөлтэй ядмаг түвшин, сэтгэлгээний тэнүүчлэл, гуйланчлал, заль мэхний сонгодог жишээ болох нь гарцаагүй.
Хүний өмнөөс ичих шиг заваан юм гэж үгүй, тэр тусмаа Ерөнхийлөгчийн өмнөөс бол бүр “нүүр хийх газар” ч олддоггүйм ш дээ. Гэтэл ичдэггүйгээрээ хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл, зарим сэтгүүлч төрийн “хар хайрцаг” гэхчлэн хөөрцөглөж эхлэв. Хэдийдээ сэтгүүлчид “онолын” сайн мууг үнэлдэг болчихсийм. Бид ямар концерт үзэж байгаа биш !!!
Элбэгээ үгээ хэний ч оролцоогүй, зөвхөн өөрөө бичдэг юм. Үүнийг ёстой мундаг гэж бодвол их эндүүрэл, харин ч монгол үндэстний өмнө үйлдэж буй гэмт явдал. Түүнийг толгойдоо орсон болгоноо бурдгийг мэддэг болохоор Хятадын Ху Жин Тао-ын үгийг хүртэл санууллаа ш дээ. Ядахдаа үүний яг эсрэгээр нь туучихад болох л байсан байхгүй юу…
Уг нь би Монгол төрийг эрхэмсэг, эрдэмлэг харагдуулах гэж ихэд хичээсэн юмсан. Гэтэл Тэргүүн нь тэнэгээрээ гайхуулчхийм аа. Алга ташилт горьдсон жүжигчний уянгын халилаас өөр бодож байгаа юм тэрэнд огт алга. Цаашдаа энэ “геббельс” зангаа татахгүй бол сармагчин л болдог юм ш дээ.
Хэрэв төрийн тэргүүн төр улсынхаа түүх, хувь заяа, ирээдүйг үл тоомсорлон, төрд эрхэлсэн ажлаа хувийн реклам-шоу болговол би түүнийг хүндэтгэх албагүй. Мөн онол-түүхийн “рекламын халтуур”-аар монголчуудыг хууран мэхлэх боломжийг би хэнбугайд ч олгохгүй. Цахиагийн хүү, түүнийг дагаж далдагнасан балайнууд, гадаад зөвлөхөөс монгол судлаач дутуу сэтгэнэ гэж л огт байхгүй.
Хэрэв тэр системийн аналитик-судлаачийн санааг урьдын адил үл тоомсорловол би 4 дэх удаагаа сануулахгүй. Ийм утгагүй юм гэж хорвоод байхгүй. Ер нь хэд хэлүүлж байж “ойлгох” ёстойм ?! Ингэж “урьдчилан сануулсаар” байтал миний “сургуулийн” сум дууссан, одоо зөвхөн “байлдааны” болон “тэсрэх” сум л үлдсэн. Ингээд Монголын ард түмнийг хүссэнээрээ “хошгируулна” гэж дахиж басахыг нь харъя л даа. Одоо би түүнтэй зөвхөн “мэддэг хэлээр” нь ярина.
Энэ бол Энхбаярын араас зайлах гэсэн ганцхан төгсгөлтэй “хэл” бөлгөө…

2012 оны 1 дүгээр сарын 02.


5 comments:

Anonymous said...

Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ. Хүний хэлсэн юмыг мэдэж байсан ч утгы нь ойлгохгүй, ойлголоо гэхэд юу хийхээ мэдэхгүй болцон хүмүүс юм. Үүнийг Японы Сүхрагчаа Кимура аяако гэгч тархины тураал гэж нэрлэсэн байх.

Bataa said...

Өөрийн үзэл бодолтой хүн хүний хэлсэнийг өөрийнхөө үзэл бодлоор л хүлээж авдаг байх. Хошгирсон, биднийг хошгируулчихлаа гэж үглээд байгаа хүмүүс бол Элбэгдоржийн эсрэг үзэл нь нилээн зузаарчихсан хэлсэн үг бүрээс нь ямар нэг хошгируулалт олох чадамжтай болчихсон хүмүүс бололтой. Би ч гэсэн хэдийгээр бичгийн хүн биш ч гэсэн хэн нэгнийг өөчлөж, муулах шаардлага гарвал (уулаас монгол хэл маань үгийн баялаг сайтай учир) хэнээс ч дутахгүй үг бүрийг нь мушгин гуйвуулж, утга санааг нь нөгөө тийш нь эргүүлчихэж дөнгөнө л дөө. Элбэгдоржийн илтгэлийг дүгнэсэн дүгнэлт бүрийг нь эргүүлээд мушгичихсан ч болохоор л байна. Даанч тэгэж суудаг ажил эрхэлдэггүй, тэгэхийг ч хүсдэггүй болохоор ул шагайгч нарт зэвүүцээд л явж байя доо. Ул шагайх гэдэгт нь зүгээр шүүмжлэлийг хэлээгүй юм шүү. Бүүр ул шагайгаад олон долоон юм шалчиганаад байхыг л хэлсэн юм.

Wiseman said...

Дээрх нөхөр бас нэг хошгирогч бололтой. Элбэгдоржийн хийсэн буруу алдаатай, хорлонтой зүйлс гэвэл хэдэн боть болно. Би хоосон муулахаар зүгээр хэдхэн юмаар лист болгоод бичхээс.

1. 1997 онд УИХ-н дэд дарга ба Олонхийн бүлгийн ахлагч байхдаа Ашигт малтмалын өнөөгийн хуулийг баталсан.

2. 1998 онд ЗГ-н гишүүн, ЕСайдыг УИХ-с бүрдүүлж эхэлснээр Монголд системийн хямралыг эхлүүлсэн. \Засаглал хуваах онол гээд мэдэх л биздээ, үүнийг чинь бодож 1992оны ҮХууль-д заасан байсан.\

3. Цаашлаад 2001 онд Үндсэн хуулинд Энхбаяр малтай нийлж дордохын долоон өөрчлөлтийг хийсэн. Ингэж 98оны завхралаа бүр Үндсэн хуульд хулгайн өөрчлөлт хийлгэн байж албан ёсны болгож авсан нь өнөөгийн энэ хариуцлагагүй дампуурлын байдал эхэлсэн. Өмнө нь Энхсайхан, Жасрай ЗГ-г толгойлоод яамдыг мэргэжлийн хүмүүс удирддаг байхад УИХ дээр Ерөнхий сайдтай нь загнаад байж болдог байсан. Гэтэл одоо яаж байна ЗГ-н гишүүд гээд УИХ-д давхар суудаг өөрөөсөө өөр хэнд ч захирагддагүй хүмүүс болсон. Энэ бол яах аргагүй Элбэгдоржийн эхлүүлж оролцож хийсэн зүйл мөн.

4. 2004онд шударгаар бол Эх Орон-Ардчилал эвсэл ялсан байхад Энхбаяртай тохирч тэнцсэн болгоод наймаалцаж Ерөнхий сайд болсон. Ингэснээрээ сонгууль гэж юм учир утгагүй болж 2008онд энэ завхрал бүр томорч бүхний өмнө ил болсон. Өнөөдөр үүнээс болж сонгуулиар Төр бүрдэх биш талууд наймаалцаж Төрийн эрхийг барьдаг болсон.

5. Женко хэмээх Баттулгатай 90ээд оны эхээс сүжирч анхны бизнес-улс төр холилдсон олигархын бүлэглэлийг бий болгосон. Ингээд Баянгол, Талх Чихэр, Махкомбинат гээд анхны томоохон өмч хувьчлалын луйврууд явагдаж эхэлсэн.

6. Одоо ойрын жишээнүүд рүү оръё. Элбэгдорж одоо Ерөнхийлөгч болоод авилгын ганц ч хэрэг илэрсэнгүй бүр АТГ нь амьтай төдий болсноор Энхбаярын үеэс дор боллоо, дээр нь газар нутгаа гадныханд түрээс нэрээр өгөөд эхэллээ. Том ордуудын асуудлууд бүгд завхарсан юм болж байна.

Ингээд байвал Элбэгдоржийн тэртээ тэргүй Монголд тогтох байсан ардчилсан нийгмийг эмх замбараагүй холион бантан болгосон, улсын нууц задалж эрүүгийн хэрэг үйлдсэн гээд тоо томшгүй юмнууд байнаа. Нусгай хөөрхөн пацаанууд эсвэл боловсролгүй малуудыг бол цаад чинь яаж хошгируулахаа бол сайн мэднэ дээ харин ч нэг.

Anonymous said...

Ноён ерөнхийлөгч авилгалтай тэмцэж шударга ёсыг тогтооно гэж амлаж гарч ирсэн…Монголын авилгалд идэгдсэн нийгэмд онцгой өөрчлөлт тэрнээс хойш гарсан уу?

Anonymous said...

Sain bna uu Tanii talaar ih sonin yum sonsloo Bugatad ilgeelteer honichin bsan talaar Odoo hurtel Nominchimediin uvuljuu gej bdag gesen shuu