Saturday, February 2, 2013

Засагт ханы сайн эр Цоохор Даваагийн эмгэнэлт төгсгөл...

Хэсэглэн авав
... Мичин жилийн (1920 он) өвлийн дунд сарын хуучдаар Цоохор Даваа нь өврийн Халзан Хамар, Далангийн Ногоон Жамц, бас Далангийн Гоонон Даш, Шаргын хоолойн Банхлуу нарын хэдэн харчуулын хамт Талын таван толгойн урд ганганд түр буудаллаад байсан Юншейхогийн пүүсийн Бээжин зүгээс Ховд руу татуулж буй томхон хөсгийг талчихжээ. Тэр хөсөгт хунз хунзаар боосон 76 тэмээ цай байсан байна. Тэр цагт нэг булан цайгаар хоёр хонь арилждаг ханштай, ер хятад булан цай арилжааны үндсэн нэгж болж байсан гэдэг. Хөсгийн даамал өвөрлөгч эр, бас хамгаалалтын хоёр гурван хүн эхний дайралтад тархиа хага цохиулан талийсан ба хамгаалалтад явсан хэдэн хятад цэргүүд болон бусад дагалдаж явсан хүмүүсийн гутлынх нь улыг ханз ханз татаж орхиод явчихжээ. Гай болоход тэр амьд үлдсэн хүмүүс дотор Цоохор Давааг сайн таних, Шаргын голд байх хятадын пүүсийн эзэн Тарган Баярт гэдэг луухаан байсныг мань эрс огтхон ч анзаарсангүй. Тарган Баярт нь урьд хоёр ч удаа Цоохор Даваагийн гарт өртсөн, өшиж занан, хорсож явсан хужаа байжээ.
Тарган Баярт луухаан Засагт хан Цэрэнгомбожавт нэлээд их хэмжээний зээл өгчихсөн байсан байна. Тарган Баярт тэр дариу сэмхэн Засагт ханы хүрээ орж, Цэрэнгомбожавтай уулзаад Цоохор Даваа Юншейхо пүүсийн ачаа хөсгийг дээрэмдсэнийг гэрчилж, хэрвээ Цоохор Давааг барьж, алдагдсан ачаа хөсгөөс нь олж өгөх аваас тэр хэмжээгээр өр зээлээс нь хаая гэсэн санал тавьсанд Цэрэнгомбожав ч уухайн тас зөвшөөрөв. Гэхдээ Цоохор Давааг шулуухан очиж баривчлаад хэрэг улайлгаж чадахгүйг мэдэх учир арга заль хэрэглэн, Урианхай Дайчин вангийн хошууны Мухар Маран гэгчид нэлээд хэдэн лан мөнгө өгч, Дайчин Вангийн Бөх Дорлигтой очиж уулзан, хөөрөг, гаанс зэрэг яг өөрийнх нь байнга хэрэглэдэг ямар нэгэн эд зүйлийг худалдаж авхуулахаар зарсан байна. Маран ч Бөх Дорлигийн пийцүү гаансыг үнэ цохин худалдаж аваад, агсарсан хэдэн тэмээ хөтлөөд Шаргын говийг гатлан Хөшөөтийн голд нутаглаж байсан Цоохор Даваагийнд хүрч очжээ.
Маран Цоохор Даваагийнд ирээд “Дайчин Вангийн Бөх Дорлиг намайг зарав. Тамчийн Хохимой Луухаанд хоёр зуун бог, хорин бод, хоёр хунз цайны өрөнд унаж, ацаглах малгүй арга мухар сууна. Ядахад сүүжний нүдээр хатгаад өөрөө хөлхөж чадсангүй. Эрхэм дүү нэгийг бодож туслах уу гэж Бөх Дорлиг хэлүүллээ” гэжээ. Цоохор Даваа сэжиглэсэн ч Мухар Маранг Бөх Дорлигийн пийцүү гаансыг гарган тамхилахад сая үнэмшиж, Таван толгойн адаг руу заган шугуйн гүнд нууж орхисон 40 хунз цайг зааж өгчээ.
Мухар Маран Цэрэнгомбожавын хүмүүстэй очиж өнөөх нуусан цайг олж аваад, буцаж Цэрэнгомбожавт хэл хүргэсэнд хошуу тамгаас Хүнд Балжир тэргүүтэй хуяг, арван тавны цагдаа нарыг Хөшөөт рүү хөдөлгөжээ.
Хошуу тамгаас хуягууд ирэхэд “Надад хошуу олондоо хийсэн буруу гуцуу зүйл үгүй билээ” гээд Даваа зугтаж зайлсан ч үгүй, эсэргүүцэж тэмцсэн ч үгүй. Хуягууд Даваагийн гарыг ард нь хүлээд, хөлийг нь морины гэдсэн доогуур холбож уяад, хөтлөн, хошууны төв зүгт биш харин хойш, Таван толгой чигт гарч явангуут хэрэг хэрхэн эргэснийг Цоохор Даваа гадарлажээ. Аз болоход тэр арван тавны цагдаа дотор урд Цоохор Даваагийн тус болж явсан Янзган Даваа гэдэг ижил нэрт нь явсан байна. Тэгээд Цоохор Даваа ийн дуу барьжээ:
Янзган зоотой шарга морь минь хө
Явдал дундаа бүдрэх юм даа хө
Янзыг нь олоод гарах юм бол хө
Яаж л ийгээд учирна шүү дээ хө
Хангал зоотой шарга морь минь хө
Хатираан дундаа л бүдрэх юм даа хө
Халзан Хамар дүүд минь хүргэх бол хө
Хариаж ирээд л авна шүү дээ хө
Тэр Янзган Даваа сүрхий сортоотой ч эр байж, Цоохор Даваагийн дуулсан дууны утгыг ойлгоод, морь нь бүдрэнгүүт мориноосоо унаж, бэртсэн болоод хэвтжээ. Хүнд Балжир уурлан бухимдсан ч Янзган Давааг Хөшөөтийн амны айлд орхиод явахаас аргагүй болж, тэднийг далд ормогц Янзган Даваа морьдож урагш ааг амьсгаагүй давхисаар Шонт, Халзан Хамарын голд иржээ. Гэвч Халзан Хамарын голд Халзан Хамарынх байсангүй. Эрж хайж тэнэсээр хугацаа алдаж, Аржаргалангийн Битүүтэд ороод бүгчихсэн байхад нь сая нэг олж, болсон явдлыг дуулгажээ.
Халзан Хамар тэр дариу хэдэн хүн дагуулан мордсон байна. Энэ завсар Хошуу Тамгын Хүнд Балжир Цоохор Давааг хэргийн газарт буюу Таван толгойд аваачин, Тарган Баяртын хүмүүст тушааж өгчихөөд буцжээ. Тарган Баярт Цоохор Даваагийн нуусан 40 хунз цайг олоод авчихсан баяртай суусан ч, Цоохор Даваагийн араас түүний итгэлт нөхөд нь суллахаар ирж явааг гадарласан байна. Тэгээд 40 хунз цайгаа аваад зугтаан зайлж амжихгүй болсноо ойлгон, Цоохор Давааг тойруулан тэдгээр цайг өрж байгаад галдаж орхижээ. Хуурай цай хөрзөн мэт их илч гарган хурдан түргэн шатдаг гэнэ. Халзан Хамарыг ирэхэд Цоохор Даваа амь тавьчихсан байсан гэдэг.
Халзан Хамар Засагт ханы зартай сайн эр Цоохор Даваагийнхаа шарилыг загийн галаар нэг мөсөн хайлуулж, илгэн уутанд үнсийг нь хийж аваад, Тарган Баяртыг мөшгөжээ. Гар, хөл урттай хүмүүсийн араанд зуугдсанаа мэдсэн Тарган Баярт Шаргын голд байх пүүсээрээ оролгүй, Ховд зүг шууд зугтаасан ч Ихэсийн хотгор орчимд гүйцэгджээ. Халзан Хамар түүнийг барьж аваад чармай нүцгэлэн, хом шатанд хүлээд, нуурын зэгсэн дотор тавьж, зэгсний шумуул, хэдгэнэ, дэлэнчийг хооллосонд Тарган Баярт шумуулын халуун болоод, тэсэлгүй үхжээ.
Ийнхүү монгол түмнийг өр зээлээр боомилон, хөлс хүчийг нь шумуул мэт сорон байсан Тарган Баярт хэмээх луухааны цусыг нутгийнхаа хэдгэнэ шумуулаар соруулж тонилгосон гэдэг.
Халзан Хамар тэндээсээ эргэж Шаргын голд Тарган Баяртын пүүсийг талж, галдаад буцахдаа зүгээ буруулан барууншилж, Очирт хайрханы өврөөр баруун нурууг давж, Дайчин вангийн нутгийн зах руу орохдоо Бөх Дорлигт юу болж өнгөрсөн тухай хэл чимээ хүргүүлээд, Сухантын хоолойг дайран, урагшилсаар Толь гүний хошуугаар өнгөрч, эргээд Бигэр номун хааны нутагт орж, Бигэр номун хааны нэгэн баян ламын уяан дээрээс нэг хар, нэг хар хээр хоёр хосгүй сайхан морь хөтлөөд, тодоос тод мөр үлдээн нутгийнхаа халз урдаас буцаж иржээ.
Бигэр номун хааныхан хар хэл аманд сайн, жатгал, хараалч гэгддэг байсан цаг юмсанж. Өнөөх лам морины хулгайчийн мөрөөр мөшгөсөөр Аржаргалангийн Битүүтийн эхэнд олж ирэхэд Халзан Хамар хоёр морийг нь хадгийн хамт эргүүлэн бариад, цайлж дайлжээ. Өнөөх лам цай уугаад мордохынхоо өмнө “Суганы товч тасарчихаж, охин минь торгоогоод өгнө үү” хэмээн Халзан Хамарын эхнэрээр суганыхаа товчийг торгоолгосон гэдэг.
Ламыг хоёр морио хөтлөөд Аржаргалангийн Хөшөөтийн хөтлөөр давсан цагаас хойш Халзан Хамарын залуу эхнэрийнх нь хоёр суга дахиж хэзээ ч сөхөгдсөнгүй, зөвхөн тохойгоороо л хөдөлдөг болж орхижээ. (Эмэг эх маань 1975 оны үед 80 нэлээд дээр гарсан хойно насан хутаг олсон бөгөөд, төдий хүртэл хоёр гар нь сугаараа ер сөхөгдөж байгаагүй гэдэг билээ). Тэр лам ирэх замдаа Шонтын хороогоор орж айлд цай уугаад мордох зуураа, “Морины хулгайчийн эхнэрийг нь шижин болгочихдог юм билүү, тахир болгочихдог юм билүү?” гэж ярьж явсан гэдэг.
Хадаг барьж, цайлж дайлсанд хорсол жаал намдаж, хоёрдахь сонголт буюу тахир болгосон нь тэр байж. Хэрвээ шижин болгосон бол хэрхэн зовох байсан нь тодорхой.
Төд удалгүй Халзан Хамарыг арван тавны цагдаа нар баривчлан Арын хүрээнд авчирч Тарган Баяртыг хороосон хийгээд Шаргын голын хятад пүүсийг хайлуулсан хэргийг тулгажээ. Халзан Хамар хэргийг хүлээсэнгүй тул хонгор азарганд мордуулж, эрүүдсэн байна. Есөн хоног хонгор азарганд мордсоны хойно, аргагүй улайж, “Би гэм хийсэн минь үнэн билээ. Гэхдээ тэр өдрүүдэд хойт зүгт биш, харин эсрэг урд зүгт Бигэр номун хааны тийм тийм газраас, тийм айлаас тийм, тийм зүсмийн морьд хулгай хийж явсан бөгөөд эзэнд нь баригдаад эргүүлж өгсөн болно. Тэр хүнийг авчирч гэрчлүүл гэсэнд Бигэр номун хааныхаас өнөөх ламыг авчран гэрчлүүлээд Халзан Хамарын хэлсэн нь үнэн байсан тул суллан тавихаас өөр аргагүй болсон байна.
Халзан Хамар Арын хүрээнээс ирж биеэ тэнхрүүлж авсаны хойно Засагт ханы шилийн сайн эр Цоохор Даваагийнхаа чандрыг Алтайн нурууны 13 оргил их овоонд өргөж хүндэтгэсэн гэдэг. Дайчин вангийн Бөх Дорлиг өөрийнх нь нэрийг барьж, Цоохор Давааг хуурч, баривчлуулан улмаар амь эрсдэхэд хүргэсэн Мухар Маранг барьж аваад Хасагийн Зуух баатар гэгчид худалдсан гэх ба тэр цагаас Мухар Марангийн сураг нэгмөсөн тасарчээ.

Б.Номинчимэдийн “Хантайширийн цадиг хууч оршвой” номоос..

8 comments:

nyamaa said...

баярлалаа, нүдэнд харагдтал бичжээ та

Anonymous said...

Баярлалаа. Энэ бодит түүх шүү. Тэр Халзан Хамар гэдэг нь манай өвөө, буюу нагац өвөө. 1935-6 оны орчим ээжийг маань 9 настайд, 40 насандаа мөн хорлогдож нас барсан байдаг.
Номин

Р.Улам-Оргих said...

сайхан бичжээ, энэ номыг заавал авч уншинаа, ихэнх нь мэддэг нутаг усны нэр байна, сайхан байна

Nurka said...

Сайхан бичсэн байна.

зочин said...

энэ номыг хаанаас авах боломжтой вэ

Anonymous said...

Sain bn uu ? Emee n Tsoohor Davaagiin zee ohin S.Dulam bn aa. Duger geech hunii ohinii ohin n bn. Niitleliig unshaad ih saihan sanagdlaa ert tsagt humuus hugshin uvuug min bas l yanz bureer yridag blaa bi 2013.07 sard unuudur sonin deer bsan halhiin shiliin sain ers gsn niitleliig unshaad mun setgel ih hudulj blaa . Emee n odoo 71 nas hurj yvna ene niitleliig unshsan minii hamaatan sadan bj magad geed setgegdel uldeelee. Niitlel bichsen chamd bayrlalaa. Ajil amidrald n hamgiin sain saihniig husen eruuy Taniig hundetgesen Sosoriin Dulam tuunii ur huuhedees

Б.Номинчимэд said...

САйн байна уу, С.Дулам гуай.
Би блогоо эргэлгүй их удсан учир таны үлдээснийг уншсангүй. Та надад утсаа үлдээнэ үү. Таньтай уулзаж ярилцах хэрэгтэй байна.
Б.Номинчимэд

Unknown said...

Сайн байнауу Номч ахын амгаланг айлтгая. Манай ээж Бэсүд Жигжавын Дугуйхүү. Одоогийн Цогт сумын уугуул байсан. төрсөн газар нь Бурхан буудай уулын өвөрт Хөх хошуу юм гэнэ лээ. Цогт сум хуучнаар Толь гүний хошуу байсан гэж сонссон. Тайлж өгнө үү? Б.Эрдэнэбаяр. erdene6712@hotmail.fr