Saturday, January 18, 2014

ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТОМООХОН НӨӨЦ БИЙ ЮУ?


Манайх гэдэг айл яаж ч хэмнээд цагаан сарынхаа зардлыг 2 саяд хүргэчхэв. Энэ зардлын ихэнх хэсэг нь /1,5 сая/ бэлэгт зарцуулагдаж байна. Ах дүүс, найз нөхөд, үр хүүхэд гээд 200 хол гарсан хүнтэй золголт хийж, гар цайлгана. Хэдийгээр сонголт муутай ч бүх бэлгээ дотоодынхоо бүтээгдэхүүнийг сонгоно гэсэн хатуу шийдвэртэй. Уламжлалт их баяраа боломжоороо тэмдэглэчих гэж их хичээж байгаа маань энэ...
Манайх бол хоёр иддэггүй ч, хоосон хонодоггүй, хоёр өрөө байр, ганц машины зээлтэй, монголын байдаг л нэг айл. Өглөө оройгүй нуруугаа бөгтийтөл сууж, хуруугаа мултартал кейборд нүдэж, нүдээ хөхөртөл дэлгэц ширтэж байж хэдэн төгрөг олдог. Өвлийн гайгүй шиг ганц пальто авчихвал хэсэгтээ л бензиний мөнгөгүй барьц алддаг, заримдаа зээлж, заримдаа зээлүүлж л явна. Бидний дундаж давхаргынхан бол хүн амын 63 хувийг бүрдүүлдэг томоохон бүлэг. 30 орчим хувь нь ядуу, эмзэг хэсгийнхэн, үлдсэн 7 орчим хувь боломжийн, тэдэн дундаас 2 хувь нь манай арилжааны банкинд буй нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшдэг, тасарчихсан хэсэг. За энэ ч яах вэ.
Эндээс нэгэн тооцоог цээжин бангаар бодож үзвэл тун соньхон дүн гарч байх юм.
Монголын өрхийн тоо 718 000 /2010 оны тооллогоор/. Нэг өрх цагаан сарын бэлэгт дунджаар 1 500 000 төгрөг зарцуулдаг бол... /дундаж өрхийн нэг болох өөрийнхөөрөө жишив/ доорх дүн гарч байна.
718 000 х 1 500 000 = 1 077 000 000 000
Энэ бага тоо биш, Монгол Улсын жилийн төсвийн зургааны нэгийг бүрдүүлэх хэмжээний хөрөнгө. Өөрөөр хэлбэл монголын өрх айлууд жилдээ нэг удаа ийм хэмжээний дотоодын хөрөнгө оруулалт хийчих нөөц бололцоотойг харуулж байна. Энэ томоохон хөрөнгийг дотоодын зах зээлд эргэлдүүлбэл, өөрөөр хэлбэл айл өрх бүр бэлэгтээ дотоодынхоо бүтээгдхүүнийг сонговол маш том хөрөнгө оруулалт болох нь. Ямар ч гадаадыг царайчлахгүйгээр хэчнээн жижиг, дунд үйлдвэр өр зээлээ хугаслаж, хичнээн нь эргэлтийн нөөцөө зузаалж, шинэ технологи, шинэ тоног төхөөрөмж худалдан авах бол, хичнээн өрх бүлийн амьдралд дэвшил гарах бол??? Юутай ч жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд жил тутам төвлөрүүлдэг 300 000 000 төгрөгөөс 3500 дахин давж нугларсан тоо байна. Манай эдийн засгийн цусны эргэлтэд амин чухал хэрэгцээтэй тэжээл.
Эндээс манай дотоодын хөрөнгө оруулалтын нөөц бололцоо чамлахааргүй болох нь харагдаж байна. Өнөөдөр манай эдийн засагчид, улс төрчид Гадаадын хөрөнгө оруулалтгүй бол тэгээд л сүйрлээ хэмээн халаглацгаана.
Ингэхэд өнгөрсөн хугацаанд бид гадаадынхныг л царайчлан арчаагаа алдаж явснаас биш дотоодын хөрөнгө оруулалтын тухай ярьж байл уу? Зөвхөн айл өрх бүрээс гаргаж буй бодит хөрөнгө оруулалтын тоо ийм байгаа бөгөөд үүн дээр үндэсний компаниудын гаргаж чадах хөрөнгө оруулалтыг нэмж үзвэл бүр под хийсэн тоо босоод ирж байна.
Улс орны хөгжилд нэн хэрэгтэй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд /тухайлбал нефтийн үйлдвэр, төмөр зам, боловсруулах үйлдвэрүүд, цахилгаан станц гэх мэт/ шаардлагатай хөрөнгө оруулалтын зарим хэсгийг энэ мэт дотоодынхоо хөрөнгө оруулалтаар босгох боломж байгаа юм биш үү?
Гадаадынхан хөрөнгө оруулаад хэд нугаларсан ашиг олоод байж болдог зүйл яагаад монголын ард түмний, айл өрхийн, иргэний, монголын үндэсний компани, корпорациудын хувьд ойлгомжгүй, хаалттай байдаг хэрэг вэ?
“Шувуу далавчаа буруу дэвээд байна” гэдэг шиг манай төрийн бодлого заримдаа шал буруу “дэвнэ”. Таван толгойн хишиг гэж хүн бүрд 20 000-ийг тараасан. Энэ хишиг ядарсан олон хүнд хоногийн хоолонд нь нэмэр болсон ч нийт үндэстэнд харин гамшиг, зуд болсон юм. Яагаад гэвэл энэ хишиг улс орны эдийн засгийг туйлдуулж, ард иргэдийг хий хоосон горьдлогоор цатгахаас хэтрээгүй. Яагаад гэвэл энэ хишиг өндөр хүүтэй өр зээл болон буцаж ард бидний нуруун дээр буусан билээ. Одоо ч өнөөх хувьцааны /1014 ширхэг/ хишгийг хэзээ хүртэх нь тодорхойгүй, ард түмнийг 150 жил тэжээх тэр их нөөц баялаг гадаад өрийн барьцаанд орж, хятад компанийн хэлсэн үнийн саналын өмнө яаж ч чадахгүй гөлөлзөж байна.
Хэрвээ зарим томоохон бүтээн байгуулалтын хувьцааны тодорхой хэсгийг дотооддоо борлуулж, дотоодын хөрөнгө оруулалт босгох бол монголын иргэн бүр, айл өрх бүр, аж ахуй, компаниуд боломжоо шавхан хичээх болно гэдэгт итгэлтэй байна. Манайх гэдэг өрх айл лавтайяа илүү хэрэггүй зардлуудаа танаж, бүсээ ч болсон чангалж байгаад, энэ цагаан сарын бэлэгт зарлагдаж буйгаас хэд дахин илүүг тэр хувьцаанд зориулан гаргаж чадна. Яагаад гэвэл тэр хөрөнгө оруулалт эргээд миний үр хүүхдүүдэд үр өгөөжөө өгөх учраас...
Ийм бэлээхэн туршлага бий шүү дээ. Хорь гаруйхан жилийн өмнө Өмнөд Солонгос Улс эдийн засгийн их хямралын үед ард иргэдээсээ тусламж авч, ард түмнээсээ хөрөнгө оруулалт босгон, үр дүнтэй ашиглаж чадсан байдаг. Солонгос эмэгтэйчүүд хуруундаа байсан бөгж, чихэндээ байсан ээмгээ хүртэл мултлан өгч байсан сайхан түүхүүд бишгүй. Монголчуудад, монгол эхчүүд, бүсгүйчүүдэд, монгол эрсэд ч мөн тийм сэтгэл зүрх хангалттай бий.
Монголчууд нэгэн үеэ бодвол одоо дотооддоо хөрөнгө босгох боломжтой болсон. Үйлчилгээ, эрүүл мэнд, амралт сувилал, аялал жуулчлалд хөрөнгө гаргах монгол иргэдийн тоо өмнөх жилүүдээс хувиар биш, хэд дахин өсөж байна. Арилжааны банкнуудаас гадна иргэдийн гар дээр эргэлддэг бэлэн мөнгөний хэмжээг төв банк нь хянаж чадахгүй байгаа. Мөн монголын үндэсний компаниудад ч хэдэн зуун сая, хэдэн тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийх боломж бий. Тэгэхээр монголчууд чадахгүй гэсэн гутранги үзлээсээ ч салах хэрэгтэй юм.

Гэхдээ, яагаад дотоодын хөрөнгө оруулалтыг, ийм нөөц боломжийг өдий хүртэл манай төр засаг анхаарч үзээгүй юм бол? Эсвэл огтоос болдоггүй юм болов уу? Либератари үзэлд харшилдаг, сайхан ардчиллыг гутаадаг юм болов уу?
Б.Номинчимэд

1 comment:

Anonymous said...

Hurungu oruulalt gedgiig arai l buruugaar oilgodiim shig bn hehe.