Thursday, May 21, 2015

...ХОЁР ҮГ...


Түүхэн үйл явдлууд цаг үедээ шатаад дуусахад түүний үнс нурман дороос тэр түүхэн үйл явдал хийгээд тэр үйл явдлыг гардан бүтээсэн түүхэн их хүмүүсийн бодит дүр төрхийг олж харахад нэн бэрх болдог. Өөрөөр хэлбэл тэр үйл явдлын сайн, муу нөлөөллөөс ангижраагүй, баяр бахдал, үзэн ядалтын сэтгэл хөдлөл бүрэн арилаагүй цагт бүрэн дүүрэн үнэн зөвөөр үнэлж дүгнэхэд бэрхтэй. Ялангуяа массын, олонхийн хувьд... замын ноход шиг хуцан боргох нь ч, үгүйсгэн гутаах нь ч, тахин шүтэх нь ч бишгүй олон. Хөөрхийлөлтэй олонх бичээчид тэр их үйл явдлууд, их хүмүүсийн дүр төрхийг сэтгэлгээний цараа, хэмжээгээр өөр өөрийнхөөрөө урлах нь бий ч тэр бүр бодит байдалтай нийцэх нь бараг үгүй, яагаад гэвэл "савны хэмжээ" гэдэг нэг айхтар хүчин зүйл гарцаагүй үйлчилж байдаг юм. Үйл явдал, түүхэн зүтгэлтэн хичнээн аварга лут байна тэр хэмжээгээр гажуудаж, самуурах нь их...
Гэвч цагийн салхи салхилсаар, он жилүүд урссаар нэг л мэдэхэд тэрхүү үнс нурам арилж одох бөгөөд тэр цагт тэр түүхэн үйл явдлууд, түүхэн аугаа их хүмүүсийн дүр төрх улам бүр, яг л чадварлаг барималчын алх, цүүцэн дороос улам улмаар тодрох гантиг баримал мэт тодорч ирдэг...
Б.Номинчимэд.
.
.
ИОСИФ СТАЛИНЫ тухай...
Иосиф Сталин тун их уншдаг, тал бүрийн өргөн мэдлэгтэй нэгэн байсан. Түүнийг өдөрт багаар бодоход 500 хуудас уншдаг тухай бичсэн эх сурвалж ч бий гэнэ. Түүхчдийн бичсэнээр Сталины хувийн номын санд 20 мянгаас хол давсан тооны ном байсан. Тэрээр номыг анхааралтай, нэгбүрчлэн уншдаг. Үүнийг нь сонирхолтой санагдсан хэсгийнхээ доогуур харандаагаар зурсан, хажууд нь тэмдэглэсэн байдгаар баталж болно. Сталины номын санд Оросын сонгодог зохиолууд бүгд байжээ. Ялангуяа Пушкины бүтээлүүд, нэвтэрхий толь, толь бичиг, янз бүрийн лавлах олон байсан гэдэг. Түүх, эдийн засаг, социологийн чиглэлийн ном ч олон таарна. Төр эрх зүй зэргээс гадна далд ертөнц, ховс, сэтгэл зүй тэр ч бүү хэл мэдрэлийн болон арьс өнгөний өвчний тухай ном ч гарч ирж байж. Сталин нарийн бичгийн даргадаа номуудыг нь ангилж цэгцлэх тухай үүрэг өгөхдөө “Эхний ээлжинд сэдвээр нь ялгаад а) Ленин, б) Маркс, в) Энгельс, г) Каутский, д) Плеханов, е) Троцкий, ж) Бухарин, з) Зиновьев, и) Каменев, к) Лафарг, л) Люксембург, м) Радекийн бүтээлүүдийг тусад нь тогтоосон дарааллын дагуу ангилж хураах. Харин үлдсэнийг нь зохиогчоор нь ангилж, сурах бичиг, сэтгүүл, шашингүйн үзлийн номуудыг цаасны хаягдалд өг” хэмээн бичсэн байдаг. Английн түүхч Саймон Монтефиор Сталины унших дуртай сэдвийн талаар “Мопассан, Уайльд, Гоголь, Гете болон Золяг тэр таашаадаг байжээ. Тэр яруу найрагт дуртай. Сталин Библиэс, Бисмаркийн бүтээлүүдээс,  Чеховын зохиолуудаас бүтэн бүтнээр нь эш татаж чаддаг. Мөн тэр Достоевскийгээр бахархдаг нэгэн байжээ” хэмээн бичсэн байдаг. Найруулагч Алексей Пиманов ч мөн Сталиныг хувь хүнийх нь хувьд чамгүй их судалсан нэгэн. Тэрээр Сталины номын санд байсан хэдэн мянган номуудыг үзсэн хүний хувьд тэдгээр номын 90 хувьд нь харандаагаар ямар нэг тэмдэглэл хийсэн, тэдгээр тэмдэглэлийг өөр хэн ч биш Иосиф Виссарианович өөрийн гараар бичсэн гэдгийг баталдаг юм.

ЭХ СУРВАЛЖ:
http://www.polit.mn/content/64374.htm;jsessionid=9EFA84071BA842F72EE89372AD3E9E82

No comments: