Tuesday, September 27, 2016

"ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУ"-д хоёр үг хэлмээр...

Ноён уулыг дархан цаазтай болгож, хамгаалах агуулга бүхий нийтлэлд маань нэгэн "орчин үеийн залуу" ийм сэтгэгдэл үлдээсэн байна.
"Доор нь /Ноён ууланд/ эртний олдвор байхгүй л юм бол ухах хэрэгтэй. Байгаа бол гаргаж архелиогийнхонд тушаагаад л цаашаа ухах хэрэгтэй. Үхсэн элийсан баларсан агуу түүх мүүх вэ. Одоо ингэж хөдөөтдөгөө, дундад зуунархдагаа болих хэрэгтэй шүү дээ, орчин үеийн залуус аа. Харин, ухаж олборлосных нь дараа байгаль орчны нөхөн сэргээлтийг нь яс хийлгэх хэрэгтэй.
Ер нь Бурхан Халдуны орой дээр байгаа бунхан шиг зүйл дотор Чингисийн шарил байгаа нь бараг үнэн гээд байгаа. Тэрийг бушуухан ухаж гаргаад түүхийн, эд өлгийн зүйлсийн судалгааны эргэлтэд оруулах хэрэгтэй. Сайхан музей байгуулчих юм бол, түүнийг дагуулаад дэлхийн стандартын аялал жуулчлалын бүс байгуулбал дэлхийд хосгүй бөгөөд маш их орлого оруулах дурсгалт үзмэрийн газартай болох юм шүү. За ингэж бичлээ гээд манай эх орончид, дундад зууныхан тэнэгтээд хараагаад эхлээрэй л дээ. Жаахан орчин үежиж, урагшаагаа харж амьдрах хэрэгтэй шүү, алийн болгон хөдөө хээр морио унаад давхиж явдаг шигээ Улаанбаатарын гудмаар машинаараа зэрлэгтсэн хэвээр явахав. Нусаа шүлсээ хаяхаа байчихвал, гудманд морь хардгаа больчихвол мөн их дэвшил ээ, эх орон энэ тэр гэж тэнэгтэхээсээ өмнө..."
.
Энэ нийтийн сүлжээнд бичсэн хувь хүний үзэл бодол /коммет/ хэдий ч бас нийгмийн тодорхой хэсгийнхний үзэл хандлагыг төлөөлж буй. Ийм хандлага үнэхээр нэлээд байгаа нь байнга анзаарагдаж, мэдрэгдэж байдаг. Тэр бүү хэл төрийн шийдвэр гаргах түвшнийхний дундаас ийм хандлага маш хүчтэй илэрдэг.
Тиймээс энэхүү сэтгэгдэлд ганц нэг тайлбар хийлээ.
.
Нэг: АГУУ ТҮҮХ МААНЬ ЭЛЭРСЭН БАЛАРСАН ЗҮЙЛ БИШ
“Үхсэн элийсан баларсан агуу түүх мүүх вэ. Одоо ингэж хөдөөтдөгөө, дундад зуунархдагаа болих хэрэгтэй шүү дээ, орчин үеийн залуус аа“... Ийн бичжээ.
.
Ноён уулыг ухуулах эсэх тухай асуудал нь эцэстээ тэр хэдэн булш бунхан төдий асуудал биш, өв түүхээ эрхэмлэн дээдлэх үү, үгүй юу гэсэн ац асуултад тулж очно.
Учир нь Ноён уул бол хэдэн булш бунхантайгаа, алттайгаа бүхэлдээ Монгол туургатны түүх, соёлын нэгэн нэн чухал өв гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Бурхан халдун уул лугаа адилаар энэ уулыг онгон дагшнаар нь хадгалах, дээдлэн хамгаалах шаардлага бий гэдэг үүднээс тэнд аливаа уул уурхайн олзворлолт хийхийг эсэргүүцэж байгаа юм.
Ингэхэд эх түүхээ эрхэмлэх сэтгэлгээ нь, бүр тодруулбал Ноён уулыг хамгаалах гэсэн сэтгэл, санаачилга нь хөдөөний бүдүүлэг, юм мэддэггүй, дундад зууны хоцрогдсон сэтгэлгээний илрэл биш ээ. Харин танин мэдсэн мэдлэгийн илрэл болно. Ингэхэд юуг танин мэдсэн хэрэг вэ гэсэн асуулт гарцаагүй.
Түүх нь өөрөө зөвхөн үнэт сургамж төдий биш, үндэстний язгуур мөн чанар, оршихуйн суурь, бас ирээдүйг нь өөрчлөх том хүч болж байдаг. Өнөөдөр улс үндэстнүүд бахархах түүхийнхээ эрэлд хатаж байхад бидний залуу үе эсрэг байж таарахгүй. Түүхийн алдар суу энэ үеийг зоригжуулан сэргээгээд зогсохгүй, маргаашийн хөгжлийг тодорхойлох чухал нэгэн хөшүүрэг болдог гэдгийг мартаж боломгүй.
Онгон дагшнаар нь хадгалан хамгаална гэдэгт хоёр чухал учир шалтгаан бий.
Нэгд, юуны өмнө хүндэтгэл, дээдлэл, эрхэмлэл юм. Өв соёлдоо зөвхөн бодит ашиг талаас нь харсан хүйтэн хөндий сэтгэлээр хандваас хэрхэн түүнийг хайрлаж, дээдэлж чадах билээ. Хайрлаж дээдэлж эс чадваас хэрхэн түүний мөн чанарыг танин мэдэж чадах билээ. Танин мэдэж эс чадваас хэрхэн бахархах билээ. Бахархаж эс чадвал хэрхэн эрч хүч, эрмэлзэл тэмүүллээ олж чадах билээ. Энэ бүхний эхлэл болж буй хүндэтгэл, дээдлэл, эрхэмлэлийн мөн чанар нь бэлгэдэлт сэтгэлгээ юм. Ноён уул бол Хүн гүрнээс энэ цаг үед үлдээсэн бүхэлдээ ариун дагшин байх учиртай өв. Ерөөс алив зүйлд бэлгэдэл зүй тун чухал үүрэг, нөлөөтэй гэдэгт өнөө цагийн мненежмэнтийн ухаан хүртэл ихэд анхаарч буй гэдгийг орчин үеийн залууст дашрамд сонирхуулчихая.
Хоёрт, байгал экологийн зүй зохистой тэнцвэрт харьцаанд байлгах гарцаагүй шаардлагад үндэслэсэн болно.
Харамсалтай нь юуны ч учраа олоогүй, мөн чанарыг нь таниагүй, сургаар асуудлыг босгож бужигнуулдаг, хийрхдэг, мэдлэггүй, бүдүүлэг, соёлгүй, товчхондоо орчин үежээгүй, ареархи төрхтэй, жинхнээсээ дундад зуун царайлж явдаг тийм нөхдүүд ч бас бий. Тэдний хувьд субьектив хандлага нь хүчтэй давамгайлдаг учир уг нь ялгахад хүнд биш л дээ. Тэр ч бүү хэл ийн бужигнуулж байгаад дундаас нь ашиг олж цохидог цөөвөр шиг нөхдүүд ч бас мэр сэр бий.
Гэхдээ бүхнийг ганц энэ цонхоор харчихаад, нэг хэвэнд цутгачихаад, энэ дундад зуун царайлж явдаг нөхдүүдтэй хамт өв түүх рүүгээ, түүнээ эрхэмлэх, дээдсээ хүндэтгэх, бахархах сэтгэлгээ рүү, түүхэн ухамсар луугаа нулимж болохгүй ээ. Нулимах гэж буй бол ялгаа заагтай, онож нулимах хэрэгтэй.
.
Хоёр: ЧИНГИС ХААНЫ БУНХАН БҮҮ ОЛДООСОЙ...
"Чингис хааны бунхан хэрвээ олдвол ухаж гаргаад түүх, эд өлгийн зүйлсийн судалгааны эргэлтэд оруулах, дэлхийн стандартын аялал жуулчлалын бүс байгуулж, хосгүй бөгөөд маш их орлого олох" гэсэн санаачилга гаргасан байна.
.
Би хувьдаа "Их хааны маань онгон бүү олдоосой" хэмээн түгшин залбирдаг. Ингэлээ гээд дундад зуундаа байгаа нөхөр болчихгүй гэдэгтээ итгэлтэй байна.
Их хааныхаа онгоныг бидний дээдэс тэгтэл нь амь тавин нууцалсан нь, уул хайрханаа үеийн үед тахиж дээдэлж ирсэн нь мухар сохор итгэл төдий бус, жир бус учиртай гэдэгт үл эргэлзнэм. Яагаад тийм учиртай болохыг тайлбарлахад бэрх, гэвч оролдоё.
Их дээдсийн ёс, өв уламжлалд гүн бат шингэсэн тэнгэр буюу орчлонгийн мөнх оршихуйг шүтэх үзэл, байгалийг дээдлэн бишрэх хандлага, ер алив бүхнийг учир шалтгаан, уялдаа холбоо хийгээд үр дагавартай нь бүхэлд нь, гурван цагийн хэлхээнд авч үздэг ухаан нь өнөөгийн бидний тайлж мэдэх, ухан ойлгох учиртай тов тодорхой зорилт болохоос биш, мөрөө давуулаад арагш нь чулуудчихдаг дундад зууны хоцрогдсон бүдүүлэг ёс, мухар сүсэг биш юм. Үзүүлж харуулах мэтээр зөвхөн асар их ашиг олох эртний түүхийн олдвор төдий, араг яс ч бас биш болно.
Хэдэн мянган жилийн турш амьдралд практик туршлагаар дахин дахин давтан батлагдсаар, зүй тогтол нь нэн тодорхой болчихсон олон нээлт, ойлголтууд ихэнхдээ ард түмний өв уламжлалд ямар нэгэн ёс заншил, хориг цээр, итгэл бишрэл хэлбэрээр шингэсэн байдаг. Ийнхүү цаг хугацааны шалгуурыг давж чадсан учраас өв уламжлал, ёс заншил гэдэг хамгийн амь бөхтэй оршдог буй за. Тэр эртний уламжлал, ёс заншил дотор нэг томоохон байр суурь эзэлдэг зүйл нь оршуулах, бунхлах, тайлга тахих, шүтэх, хамгаалах, нууцлах ёс юм. “Эцэг дээдсийн ясыг бүү өндөлзүүл” гэсэн хуучин үг бий шүү дээ. Хэрвээ хөндвөөс ямар нэгэн муу үр урхаг дагуулна хэмээн ихэд цээрлэдэг.
Хүндлэл бишрэл, айдас, түгшүүр, хайр, үзэн ядалт гэх мэт хүний сэтгэлийн үйлдэл бүхний цаана бодит физик хүч үйлчилж байдаг. Үүнийг орчин цагийн лаборторийн нарийн судалгаанууд ч ээлж дараалан нотолсоор байгаа. Тэр мухар сохор итгэл бишрэл гэж үздэг асан хуучин ёс заншил дотор асар их хүчийг хадгалсан тийм зүйлс ч их бий. Амьдралын асар олон хэлбэр төлөв байж болох, тэр ч бүү хэл плазм төлөвт ч амьдрал байж болох. Бидний мэдэхгүй энергийн асар олон шавхагдашгүй мэт эх үүсвэр буйн нэг нь эфир гэх мэтээр үргэлжилнэ. Бид нүдээр үзээгүй зүйлээ байхгүй, барьж батлаагүй зүйлээ боломжгүй гэж үзэж болохгүй.
Хүний нийгэм, түүхийн үзэгдэл бол байгалийн үзэгдлээс ангид зүйл огтхон ч биш. Байгалийн үзэгдэл гэдгийг зөвхөн хүрээлэн буй байгал орчин /environment/ төдийгөөр хязгаарлаж болохгүй шүү. Орчлон ертөнцийн саваас гадуур, түүний түгээмэл зүй тогтлоос ангид өрнөдөг үйл явц гэж огт үгүй.
ШУ-ын суурь салбар болсон физик өнөөдөр бөөн гайхшрал дотор хөвж яваа. Юутай ч энэ ертөнц бол хаанаас нь ч, юуг ч салгаж, ангид үзэх аргагүй нэгдмэл цул ертөнц юм гэдэгт эргэлздэггүй гэдэгт итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл энэ орчлон бидний таван мэдрэхүйд өртөгддөг шиг төдий хялбархан биш, өөр хоорондоо маш олон зүйлээр /өнөөгийнхний сайн мэддэг болоод буй элдэв төрлийн энерги, долгион, туяа гэх мэт ч орно/, далд нарийн учир шалтгаанаар холбогдож байдаг байна
Нэгдмэл байгалийн түгээмэл хуулийг тухайн үзэгдэл, илрэлд нь оноон барьж, алив хориг цээрийг тогтоож байсан нь чухам бидний хоцрогдсон гэж үзээд буй тэрхүү ёс заншил. (Гэхдээ ёс заншил болгон гарцаагүй үнэн гэсэн үг биш. Зарим тохиолдолд гажиж, гажуудуулж, зохиомлоор гаргах нь ч бий). Чухам тиймээс л өвөг дээдсийн, ялангуяа их хааны шарил бунхныг хөндөж, халдашгүйгээр дархалж, далд шүтээн болгож, чандлан нууцалдаг, бас үүнээ сахин биелүүлж ирсэнд нэг бус нэлээд хэдэн ил далд нийлмэл учир шалтгаан байна
- Хамгийн эхлээд ёс зүйн асуудал хөндөгдөнө. Чингис хааны шарилыг нууцлах шаардлагатай байсан учраас нууцалсан байж таарна. Нууц байх ёстой юм шүү гэсээр хэдэн зууныг элээсэн атал хичнээн их ч бай зөвхөн мөнгөн ашгийн төлөө нээнэ гэдэг нь өөрөө эцэг дээдсийнхээ гэрээслэлийг зөрчиж буй ёс суртхуунгүй, эрээгүй явдал. Тэр дундаа Чингис хааны хувьд тийм ёс бус сэтгэлгээгээр хандана гэдэг байж боломгүй. Бүр ШУ-ны нэрийн өмнөөс, тусын тулд нээдэг байлаа ч билгэ бэлгэдлийг эрхэмлэдэг Монгол үндэстний хувьд ёс бус явдал.
- “Дээдсийн ясыг бүү өндөлзүүл” гэдэг нь эцэг дээдсийнхээ нэр сүрийг эрхэмлэ, бүү гутаа, өөрсдөө нэр төртэй амьдар, ялан манд гэсэн босго өндөр шаардлага болно. Эцгийнхээ ясыг харжигнуулан хэлхэж бусдад сонирхуулан бор ходоодоо тэжээдэг адгийн гуйранч боол шиг сэтгэлгээтэй бүү яв гэсэн сануулга.
- Энэ зүгээр нэг өвөг дээдсээ гэх хүндэтгэл төдий хэрэг ч биш. Шарил бунхныг хөндсөнөөр өнгөрсөн үе, дээдэстэйгээ холбогдож байдаг алив олон нарийн сэжим холбоосуудаа тасалж буй явдал гэж үздэг. Ийнхүү тасалснаар дээдсийн алдар суу, сүр хүч, хийморь золбоо, хайр ивээл, билэг билгүүнийг нь өвлөх ёс суртхууны эрхгүй төдийгүй оюун билгийн чадамжгүй болдог байна.
- Яагаад уламжлал, ёс заншил чухал гэж... Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээ гэдэг нэг зүйл байна. Энэ хэлхээг салгаж болшгүй. Өнгөрсөн цагт үүдсэн алив учир шалтгаанд чухам уламжлал, ёс заншлийн үйлдэл, хориг цээр, түгжээ, оньс, элдэв ёслол бүхэн нэн чухал үүрэгтэй байх нь бий. Ямар нэгэн үүрэг зориулалтаар үйлдэгдсэн, бүтээгдсэн бүхэнд тодорхой хэмжээний эрчим хуримтлагддаг. Эрчим хуримтлагдах хэрээр үр нөлөөлөл өндөр. Тиймээс л уламжлал, ёс заншил бол тухайн үндэстний тусгаар оршихуйн суурь хууль болж байдаг. Суурь хуулиа зөрчинө гэдэг маань үндэстэн мөн чанараа алдаж, мөхөн гудайх, уусан алга болохын шинж дохио болдог. Үүнийг дагалдан олон ёр зөн, шинж тэмдэг, билгэ бэлгэдэл ч илрэх...
Пантеизм нь зүгээр нэг байгалийг мухар сохроор бишрэн шүтэх үзэл биш юм. Догматизмаас ангид тодорхой гүн ухааны үзэл хандлага. Бидний дээдэс пантеизм талруугаа нэлээд хазайсан буюу өнөөдөр ихэд ярих болсончлон Мөнх тэнгэрийн үзэлтэй. Мөнх тэнгэрийн үзлийг чухам ертөнцийн мөнхийн түгээмэл зүй тогтол, гажиж үл болох оршихуйн тулгуур зарчимд итгэх бишрэх, даган мөрдөх үзэл гэж тодорхойлж ч болох мэт. Энэ нь хувьсан өөрчлөгдөх байгал болоод нийгэм, хүний амьдралын алив үзэгдлийг зүй тогтлоор нь тэмтэрч үзэж, нарийн учир уялдаа харилцан хамааралд нь ойлгохыг эрмэлздэг, далд битүү олон давхар тойрог гогцоог ямар нэгэн хэмжээгээр анзаарч, ажиглаж байдаг сэтгэлгээний онцлог шинж төлвийг бий болгосон харагдана. Чухам тиймээс манай үндэстний сэтгэлгээний хамгийн хүчтэй илэрдэг онцлог нь бэлгэдэл зүй юм. Товчхондоо бид бэлгэдэлт сэтгэлгээгээр сэтгэдэг ард түмэн. Хэрвээ үндэстнүүдийг сэтгэлгээнийх нь хэв шинжээр нэгэн шугамд байршуулбал бид энэ шинжээрээ нэг туйлд нь байхаа магад. Алив үндэстний уламжлал, ёс заншил нь бас тэр үндэстний ертөнцийг үзэх үзлийнх нь тодорхой илрэл болно.
Харин бид үнэхээр дэлхийд хосгүй өвөрмөц байя гэвээс энэ бэлгэдэлт өвөрмөц талаа бүхий л талаар өвлөн хамгаалах, өвлөн хамгаалаад зогсохгүй танин мэдэх, танин мэдсэнээ дэлхий даяараа дэлгэн харуулж, жинхнээс нь алмайруулан бишрүүлэх явдал... Түүнээс биш Их хааныхаа шарилыг гаргаад, дэлхийд хосгүй стандарт музей босгон олон гайхуулж, асар их ашиг олох явдал биш. Тэгвээс бид соёлт хүн төрөлхтний доог тохуу, эмгэнэл л болохоос хэтрэхгүй.
.
Гурав: ЭХ ОРОНЧ БАЙХАД УЧИР БИЙ...
“За ингэж бичлээ гээд манай эх орончид, дундад зууныхан тэнэгтээд хараагаад эхлээрэй л дээ”... гэжээ.
Ингэхэд эх орон гэдэг ойлголт нь түүх, өв уламжлалаас ангид байх боломжгүй юм. Эх орон ярьж буй бүхэн түүх, өв уламжлал ярихаас арга үгүй. Үгүй ядаж л мэдэж байх шаардлагатай болдог. Эх оронч байна гэдэг нь өнөө өөрт буй газар нутаг, байгал дэлхий, түүний дээр болон хэвэлд нь буй баялгаа зөвхөн минийх гэж өмчирхөх төдий материаллаг сонирхолд суурилсан үзэл хандлага биш юм. Хэрвээ түүх, өв уламжлал, ёс заншлаас ангид эх оронч үзэл байна гэвэл хашааныхаа газрыг өмчилж булаалддагтай адил зөвхөн ахуйн сонирхолд дөрлүүлсэн шунал л болно. Тэгэхээр түүх, өв уламжлалаа хамгаалж, бахархаж буй бүхэн орчин үежээгүй, дундад зууныхаараа байгаа тэнэг солиотой эх орончид биш. Бас эх орончид гэхээр л орчин үежээгүй, мэдлэггүй, хий хоосон түүхэн бахархлаар цээжээ балбасан өвчитнүүд ч биш болно.
.
Дөрөв: ОРЧИН ҮЕИЙН ХҮНИЙ ШААРДЛАГА АРАЙ ӨӨР...
“Жаахан орчин үежиж, урагшаагаа харж амьдрах хэрэгтэй шүү, алийн болгон хөдөө хээр морио унаад давхиж явдаг шигээ Улаанбаатарын гудмаар машинаараа зэрлэгтсэн хэвээр явахав. Нусаа шүлсээ хаяхаа байчихвал, гудманд морь хардгаа больчихвол мөн их дэвшил ээ, эх орон энэ тэр гэж тэнэгтэхээсээ өмнө..."
Энэ үгстэй бол санал нэг байна аа. Орчин үежиж буюу соёлжиж, иргэншиж, мэдлэгжиж, урагшаа харж амьдрах хэрэгтэй. Ёстой хэзээ болтлоо Улаанбаатарын гудмаар эзэнгүй талд яваа зэрлэг адгуус мэт явах вэ дээ. Эх орон энэ тэр гэж орилох атлаа эзэн хааныхаа талбай дээр нус цэрээ хаядаг бол, татвараа төлөхөөс зугтаадаг бол...
Гэхдээ эх түүх, өв соёлоо хамгаалах гэсэн эрмэлзэл яахаараа хоцрогдсон орчин үежээгүй, бүдүүлэг дорд сэтгэлгээнээс гардаг хэрэг вэ... Огт хоёр өөр зүйлийг, хоёр өөр үзэгдлийг ингэж хольж хутгах нь өөрөө орчин үеийн сэтгэлгээ лав биш. Нөгөө талаар зөвхөн хөдөөнийхөн л ийм болхи бүдүүлэг байдал гаргаад байгаа гэвэл бас эргэлзээтэй. Хэдэн үеэрээ Улаанбаатарт амьдарсан атлаа хамгийн соёлжоогүй, хотжоогүй бэртэгчин бүдүүлэг араншингийн үлгэр жишээ болсон нөхдүүд бишгүй олон байна. Өнөөдрийн хотын соёлд суралцаж чадахгүй удаж байгаа эмгэнэлтэй явдал нь олон талтай, олон шалтгаантай үйл явц болохоос биш түүх, өв соёлоо гэсэн бүхнийг базаж бөөгнүүлээд чихэж байдаг хогийн шуудай, эсвэл намнаж балбаж байдаг бороохой биш юм.
Энэ мэт аливааг зөвхөн шууд харагдах байдлаар нь өнгөцхөн дүгнэж ойлгодог, мөн зөвхөн шууд ашигтай талаас нь үнэлдэг явдал нь орчин үеийн гэм согог, өвчин, сүүдэртэй тал нь болж байна. Хэрвээ орчин үеийн хүн гэж үнэлэгдэхийг хүсэж буй бол цаг үеийнхээ сүүдэртэй, согогтой талыг илэрхийлэгч, тээгч байж хэрэггүй.
Зөвхөн “Ух ух, дахиад ух” гэдэг бол яавч шинэ эрин үеийн хандлага биш ээ. Энэ өнөө маргаашаа аргацаасан ядарсан сэтгэлгээний илрэл юм. Дэлхий нийтэд байгал экологийн асуудал урьд урьдаас илүү хурцаар тавигдах болж, өөрсдийнх нь орших эс орших асуудалд нь тулж ирээд байна. Хүн төрөлхтөн энэ “Эцэс төгсгөлгүй ухдаг”-аас өөр арга замыг эрчимтэй эрэлхийлэх боллоо. Өөр илүү дэвшилтэт гарц хайж байна. Чухам энэ нь жинхэнэ орчин үеийн хандлага болно.
Шинэ эрин үеийнхний танин мэдэхүй нь эмпирик түвшинд дөхсөн, соёл нь үгүй ядахдаа үзэл бодлоо арай өөр түвшинд илэрхийлэх хэмжээнд хүрсэн, амьдралын хэв шинж нь зөвхөн ахуйн хэрэгцээнд бус илүү эмпати шинж төлөвт тэмүүлэх болсон баймаар. Цаг үеийнхээ дэвшилтэд бүхнийг өөртөө ямар нэгэн хэмжээгээр шингээж байж сая орчин үеийн хүн болдог. Үндэстнийхээ өв соёлыг тээгч, өвлөн хайрлагч байж орчин үеийн хүн болдог.
Эцэст нь дахин хэлэхэд Ноён уул бол бүхэлдээ эртний Хүн их гүрнээс үлдсэн өв, түүнийг хүн төрөлхтний өмнө хамгаалах нь Монголчуудын үүрэг болно.
Б.Номинчимэд

Monday, September 26, 2016

ХОДООДНЫ ӨЛСГӨЛӨН VS ОЮУНЫ ХООСРОЛ

Гэдэс ходоод хоосон байх амаргүй ээ. Үргэлжийн зовиуртайгаар мэдрэгдэж, нэхэгдэж зовоож байдаг. 
Гэтэл үүний яг эсрэгээр илэрч байдаг нэг ӨЛСГӨЛӨН, ХООСРОЛ байна. Энэ бол оюун санааны хоосрол болно. 
Ходоод хоосон байхын хэрээр идэш хоол нэхэж зовоодог бол ОЮУН САНАА ХООСОН БАЙХ ХЭРЭЭР ХАРИН Ч ШАЛ ЭСРЭГЭЭРЭЭ, ЮУ Ч НЭХЭЖ ЗОВООХОО БОЛЬЧИХДОГ ХАЧИН ЗҮЙ ТОГТОЛТОЙ. 
Оюун тархи улам бүр хоосроод байгаагаа өөрөө огтоос мэддэггүй, анзаардаггүй, болоод байгаа мэт байх авч, улам бүр эрмэлзэл тэмүүлэлгүй алмай алхай болж, үүрмэглэж, мунхарч, зэрлэгшиж, хатингаршиж байдаг байна. Зарим нь бүр өөрийгөө цоорсон ухаантан мэт бат нот итгэж бужигнуулах нь ч байна. Чухам элдэв төрлийн хуурамч гэгээнтэн мэргэд, оройн дээдүүд оюуны тэр хоосорсон хөрсөн дээр л үрээ цацдаг. Хэрвээ тийм нөхдүүд олшроод л буй бол тэр хэмжээгээр оюуны ертөнц эзэнгүй байна л гэсэн үг.
ОЮУН ХООСРОХ ТУСМАА УЛАМ БҮР ХООСРОЛ, ӨЛСГӨЛӨН РҮҮ ТЭМҮҮЛДГЭЭРЭЭ БИЕ ОРГАНИЗМЫН ӨЛСГӨЛӨН ХООСОН БАЙДЛААС ИЛҮҮ АЮУЛТАЙ, АЙМШИГТАЙ ҮЗЭГДЭЛ ЮМ.
Тиймээс л оюуны хоосролыг чимээгүй гэтэж ирдэг хар үхэлтэй адилтган, сүйрэл мөхлийн цондон гэдэг. 
Хоол ундгүй удваас хүний бие организм сулран тамирддаг 
лугаа адилаар хоосорсон оюун тархи ч мөн сулран тамирдаж эхэлнэ. Гэхдээ мэдээж хэрэг эзнээсээ юу ч нэхэхгүй. 
Эргэцүүлэн бодох дургүй болж, амьдрал нийгмийн алив үзэгдлийг хамгийн амар хялбараар, үзэгдэж харагдах өнгөн хэлбэрээр нь хүлээн авахыг эрхэмлэж, хатуухан хэлэхэд өнгө илбэнд хууртаж эхэлнэ. Товчхондоо энэхэн заяасан амьдралыг зөвхөн таван мэдрэхүйн хүрээнд хүлээн авах хэмжээнд хүртлээ унаж, өөрөөр хэлбэл адгуусны төрөл рүү хальтарч уруудна. Уг нь чөлөө учрал төгс бүрдсэн хүмүүний гайхамшигт ертөнцөд төрсөн юм шүү дээ.
Ходоодны болон оюуны энэ хоёр хоосрол харилцан бие биедээ нөлөөлж, улмаар битүү гинжин гогцоонд орохдоо их эвсэг байх нь байна.
Ахуй ядуурхаар өнөө маргаашийн өл хоолны төлөө үхэлдэн тэмцсээр оюун санааны хоосролд давхар нэрвэгдэх. Мөн оюун санаа хоосрох хэрээр хүний нийгмийг хүнийх болгож байдаг алив гэрэл гэгээтэй зүйлээс зугтаж дайжиж, улам бүр зэрлэгшсэн, харанхуйлсан, зөвхөн ахуйн дорд хэрэгцээндээ захирагдсан амьдралын ёзоор луу хальтрах нь ихэнхдээ. Яг л гэрлээс зугтан нүхэн хонгилд амьдрах мордокууд шиг... Эрээгүй зэрлэг орхууд шиг... Тэнд ямар нэгэн гоо зүйн таашаал цэнгэл гэж үгүй, ёс зүй, танин мэдэхүй, өрөвдөх хайрлахуй, эвсэх нэгдэхүй гэх мэт хүний ертөнцийн мөн чанарыг илэрхийлж байдаг нарийн нандин бүхэн бүүдгэрч арилна. 
Оюун хоосон байх хэрээр хагарал задрал, үзэн ядалт, бухимдал гаарч, ёсзүйгүй, хууль журамгүй байдалд дурлах болдог байна. Бидний өнөөгийн амьдралд ийм зүйлс хэр түгээмэл байдаг билээ дээ гэвээс нэг зүйл эрхбиш бодогдох буй за. Товчхондоо өнөө цагт Монгол үндэстний оюун санааны ертөнцөд хоосорсон орон зай "чамлахааргүй" байна. Тэр хоосорсон орон зай руу элдэв харийн зүйлс гулсан орж ирэх нь их. Нэг талд нь эрх ашигт хөтлөгдсөн хоосорсон тархитай улс төрчид, санхүүгийнхний холимог бүлэглэлүүд нийгмийн амьдралын жолоон дээр сууцгааж, нөгөө талд нь өнөө маргаашийнхаа хоолноос цааш харах чадвар, боломжгүй болсон үнэмлэхүй олонхи үймэлдэнэ. Улс төрийн сонгуульд мөнгө, амлалт, эрх мэдэлд хуваалцах хүсэл гэсэн гурван зүйл маш хүчтэй нөлөөтэй байгаа нь бидний энэ цаг үеийн оюун санааны түвшинг тодорхойлно.
Оюуны хоосролын олон шинж илрэлүүд бий. Жишээ баримтаар дэлгэвэл хэдэн дэвтэр цуврал роман болохоор... Агуу Бальзак ч гүйцэж бичиж чадамгүй. 
Гоё зангиа зүүгээд, жентельмэн дүр эсгээд, брэнд бариад, найрсагаар нахилзсанаар тэр хоосролыг халхалж, нууж чадахгүй. 
Ингэхэд ахуй анхдагч уу, ухамсар анхдагч уу гэсэн гүн ухааны суурь асуудалтай зууралдаад яах вэ? Тэр бол бидний хариу өгөх ёстой асуулт огтоос биш. Чадах ч үгүй.
Гэхдээ юутай ч ахуйн талаа ч, оюуны талаа ч тэнцвэртэй барьж явах нь ямар ч төрийн бодлогын гол гогцоо асуудал юм. Ахуйн талаа хангаснаар оюуныхаа цоорхойг нөхчихнө гэж бодож буй бол том төөрөгдөл. Тэр оюун чинь хоосон байгаагаа огтоос төсөөлөхгүй, мэдэхгүй яваа бол яах юм. Тив дамнан амьдрах хэмжээнд ахуйн асуудлаа зохицуулчихсан атлаа нөгөө тал нь хов хоосон нөхдүүд өчнөөнөөрөө л байна.
Харамсалтай нь манай төр засаг зөвхөн эдийн засаг л ярьдаг, өөрөөр хэлбэл зөвхөн "хоол" л ярьсаар 26 жил болчихлоо доо. Гээд шийдэж чадсангүй мунгинасаар л явах. Харин нэг л юм хоосон оргиод байх... Магадгүй бидний өдий хүртэл мунгинаж яваагийн шалтгаан чухам тэр хоосон оргиод буй зүйлд ч байгаа юм билүү... Төрийн бодлого буруу гараад байгаа бол төрийн толгой хоосон байна л гэсэн үг. 
Б.Номинчимэд.

ШУВУУН СҮРГИЙН ХАРУУЛЧИЙГ ӨӨРСДӨӨР НЬ БАРИУЛДАГ ...

Нүүдлийн шувуудад харуулчийн үүрэг гүйцэтгэдэг шувуу байдаг байна. 
Тэр Харуулч хол аянд ядарсан бусдыгаа унтаж амарч байхад сонор соргог байж, болзошгүй аюулаас сэрэмжлүүлдэг гэнэ. Гэтэл Харуулч шувууг нь өөрийн сүргээр нь бариулж, сонор сэрэмжгүй болгон хуугаар нь намнадаг муухай хар арга шувууны анчдад байдаг ажээ. 
Хэрхэн яаж гэхээр, нууранд ирж буусан аянчин шувуудыг яг ид амарч байх үед сэмхэн гэтэж очдог байна. Харуулч шувуу түүнийг мэдээд чимээ өгч бусдыгаа сэрээх мөчид өнөөх гэтэж очсон хүн нам нуугдчихдаг гэнэ. Эхний удаад шувууд сэрээд эргэн тойрноо ажиж, анхаараад, ноцтой аюул үгүйд тайвшран унтана. Яг сайхан амрах үеэр нь үймүүлэгч анч хүн дахиад сэжиг үзүүлж, Харуулч шувууг өднө. Харуулч шувуу дахин аюулын дохио өгнө. Сүрэг дахин сэрж, аюул занал үгүйг мэдээд эргэж амарна.
Амрангуут анч хүмүүн дахин Харуулч шувууг өдөж, сэжиг өгнө. Энэ мэтээр хэд хэдэн удаа Харуулч шувуугаар нь сүргийг сэрээлгэхэд амарч чадаагүй сүрэг ихэр уурсан "Худал дохио өгөн амруулахгүй" байгаа Харуулчаа тал талаас нь дайран өд сөдийг нь зулгаасаар алдаг байна. Ингээд аюулын сэрэмжлүүлэг өгдөг Харуулчгүй болж хоцорсон сүргийг олноор нь намнахад амархан болдог ажээ.
Энэхүү шувуун сүргийг ангуучлах технологийг хүчирхэг улс орнууд бага буурай орнуудыг колоничлох бодлогодоо гарамгай ашигладаг байна.
Колончлогчдын санаархалыг олж харсан эх орончдыг байн байн түгшээсэн үйлдэл хийж, тэднээр байнгын аюулын дохио өгүүлэх атлаа өөрсдөө огтхон ч гэм зэмгүй, тэр бүү хэл хүмүүнлэгийн тусламж өгч буй мэт байдал төрх олонтаа үзүүлдэг байна.
Байн байн колонийн аюул занал, өр зээл, хууль бус үйлдэл, баялгийг нь хуу цөмөх гэсэн оролдлого, мөнгө хүүлэлт, тархи угаалт, эзлэн түрэмгийллийн тухай өнөөх эх орончдоор залхтал шуугиулах атлаа тэдэнд ямар ч баримт болчих сэжүүр өгдөггүй байна.
Ингэсээр ард олон эх орончдыгоо эцэст нь худал популистууд, тэнэг хөөрүү хийрхэгчид, эргүү мангуунууд гэсэн ойлголттой болж, тэднийхээ үгийг огтоос тоож сонсохоо ч больж, залхаж, гадуурхах, ад шоо үзүүлэх, тэр ч бүү хэл амь насанд нь хүртэл халдуулдаг байна. Гэхдээ бас үнэхээрийн популистууд, солиотой хийрхэгчид ч бий. Зарим тохиолдолд зориуд тийм хүмүүсийг дотор нь оруулж бужигнуулан жинхэнэ эх орончдынх нь үнэ хүндийг унагадаг. Эцэст нь хэн нь үнэн, хэн нь худал хэлээд буйг ялгаж салгах боломжгүй болгож, энэ байдлаас залхсан олон түмэн аар заар зугаа цэнгэлдээ илүү анхаардаг байна.
Ийнхүү ард олныг аюулын дохио санамжгүй болгож авсан хойно газрын баялгийг нь нэг л өдөр гэнэтхэн өөрийн болгож, өр зээлээр боомилж авдаг. Гэхдээ ихэнхдээ өөрсдөөр нь тэр бүхнийг хийлгэнэ.
Африк болон Латин Америкийн олон оронд ийм жишээнүүд бий дээ.

Saturday, September 24, 2016

ҮР ХҮҮХЭДДЭЭ НОМ АВЧ ӨГӨХДӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?

Манай эцэг, эхчүүд хүүхэддээ ном сонгохдоо зарим нэг нийтлэг алдаа гаргах нь байна.
Жишээ нь:
.
1. НАСАНД НЬ, ОЮУНЫ ЧАДВАРТ НЬ ТААРЧ ТОХИРСОН НОМ СОНГО...
Манай эцэг эхчүүд хүүхдийн ном гэхээр л олон зурагтай, 5 өгүүлбэртэй ном байх ёстой гэсэн өрөөсгөл ойлголттой байх нь бас байна. 
- Зурагтай ном байна уу? Өө зураггүй юм уу? гэх эцэг эхчүүд нэлээд таарна. 
- Хүүхэд нь хэдэн настай вэ? гэж асуухаар
- 8 настай,
- 12 настай гэх мэт...
Ингэхэд 12 настай хүүхдийн сэтгэлгээ 2 настай хүүхдийн сэтгэлгээ хоёрт их хол зөрүү бий дээ. 
Хүүхдийн зурган номууд нь уншиж, бичиж хараахан сураагүй, эсвэл дөнгөж уншиж бичиж сурч байгаа бага насны буюу 6 хүртэл насны хүүхдэд ихэнхдээ зориулагдсан байдаг. 
Гэхдээ бага насны байх хэрээр зураг олонтой, нас насны онцлогт, хүлээн авах чадварт таарсан зургийн өгүүлэмжтэй байх шаардлагатай. 
Зурагт номууд хүүхдийг номд дуртай болгох, сонирхолыг нь номруу татах зориулалт нь түлхүү талдаа. Зурган өгүүлэмж нэн чухал. Гэвч НАС ӨСӨХ ХЭРЭЭР ЗУРАГТ НОМООС ТЕКСТ ИХТЭЙ УНШЛАГЫН НОМРУУ ШИЛЖИЖ байвал уг нь илүү үр дүнтэй санагдана... 
Бие бялдрын хөгжил өсөх хэрээр хүүхэд илүү хүнд ачаа дааж, илүү төвөгтэй техникт суралцдаг шиг хүүхдийн чинь оюун сэтгэлгээ хөгжих хэрээр илүү том бүтээл туурвилд хөтлөн дагуулах шаардлагатай юм. Зарим эцэг эхчүүд 10 орчим насны хүүхэддээ 5 настангуудад таарсан зурагт ном хайгаад явж байгаа нь харамсалтай юм. Хүүхдийнхээ оюуны хөгжлийг тийм түвшинд харж, бас барьж хязгаарлаж болохгүй ээ. 
Үе тэнгийн 12 настангууд нь Дюмагийн Шадар гурван цэргийн Артаньян, Атос нартай нөхөрлөж, Стивенсоны Эрдэнэ нуусан аралд тэмцэж, Фродо, Сэм нартай хамт Мордорт ертөнцийг мөхлөөс аврах гэж мачийж явахад таны 12 настан Гуталт муурын сахлаар оролдсон шиг сууна гэдэг бараг л эмгэнэл юм даа. 
Ингэхээр хүүхдийнхээ насанд нь, оюуны чадварт нь таарсан ном уншуулах хэрэгтэй юм. Үргэлжийн 5 настан шиг бодож сэтгэж харьцаж таарахгүй, ингэвэл нь хүүхдийнхээ оюун сэтгэлгээний хөгжилд өөрсдөө том саад, гацаа үүсгэж буй хэрэг юм. Бүр насных нь түвшингээс болж өгвөл ахиулж байх хэрээрээ илүү сайн. Тэгэж байж үр дүн илүү гарна.
Ер бага наснаас ном уншиж сурсан хүүхдийн унших чадамж санаанд багтамгүй өндөр байдаг. Ж.Пүрэвийн "Зүрхний хилэн"-гээс салж чадахгүй шимтэн суугаа 12 настан ч байна. О.Уайльдын "Дройн Грейн хөрөг"-ийг хүртэл хээв нэг уншиж орхих нь ч байна. 
Хэрвээ хүүхэд тань 10-12 нас хүрчихээд одоо л дөнгөж номтой нөхөрлөх гэж буй бол дэндүү, даанчиг оройтсон байна. Гэсэн ч оргүйгээс оройтсон нь дээр, золоор номтой нөхөрлөчих ч юм билүү. Гэхдээ хүүхдийнхээ сонирхол, онцлог, оюуны чадамжийг нь сайтар анзаарч байж номоо сонгоорой. 
.
2. ХҮҮХДИЙН НОМ ГЭДЭГ НЬ ЗӨВХӨН ҮЛГЭРИЙН НОМ БИШ...
- Энэ үлгэрийн ном уу?
- Үгүй ээ, роман.
- Өө, хүүхдийн ном биш юм уу?
- Хүүхдийн ном мөн.
- Тэгвэл яагаад роман гээд байгаа юм бэ?
Хүүхдийн ном гэхээр л зөвхөн үлгэрийн ном л гэж ойлгодог төөрөгдөл бас байна. 
Ардын үлгэр гэдэг бол яндашгүй их далай билээ. Гэвч хүүхэд тань дандаа үлгэр уншаад байж таарахгүй. Тэгвэл жинхнээсээ "Үлийсэн сохор болно". Хүүхдийн уран зохиолын нэгэн томоохон бүрэлдхүүн хэсэг бол өгүүллэг, тууж, романууд юм. Жүжиг, дууль, тууль гээд бусад төрөл жанр ч хүүхдийн уран зохиолын ай савд бүгд бий. Үлгэрийг ихэнхдээ бага, дунд насанд нь уншуулбал зохимжтой. Гэхдээ том болсон хойно нь үлгэр уншуулж огт болохгүй гэж буй хэрэг биш. Ялгаа заагыг нь сайн ойлгоосой. Би одоо ч зарим хааяадаа үлгэр уншиж л байдаг. Гол нь бусад уран зохиолын төрөл жанруудтай танилцуулах хэрэгтэй. Үр хүүхдээ үнэхээр л номтой нөхөрлүүлэхийг хүсэж буй бол томоохон бүтээл туурвилуудтай танилцуулах зайлшгүй шаардлагатай. Тэдэн дотор хэдэн арван цуврал романууд ч бий. 
Өнөөдөр дэлхийн хүүхдийн зохиолын тэргүүнд ихэнхдээ томоохон романууд явдаг гэдгийг мэдэж ав. 
.
Ер роман уншихгүйгээр уран зохиол уншсан гэж хэлэх боломжгүй. Уран зохиолын оргил нь роман байдаг. Тэгэхээр хүүхдээ бага багаар роман руу ойртуулж байх хэрэгтэй. Бүү үлгэрийн ертөнц дотор нь хадаж орхи. 
- Пөөх ямар зузаан юм бэ? Ийм юмыг чинь хүүхэд байтугай би ч уншиж дийлэхгүй юм байна гэж дуу алдаж буй эцэг, эх байна.
Хүүхэд чинь бага насандаа номын ертөнцөөс хөндий өссөн хөөрхий золгүй өөр шиг чинь байх ёсгүй, өөрийн чинь тавиланг давтаад хэрэггүй. Өөрөө боломж бололцоогүйдээ роман уншиж амжаагүй яваа бол одоо үр хүүхдээ өөрийнхөө араас бүү татаж оруулаарай. Роман уншиж байж л уран зохиолын жинхэнэ уншигч болдог гэдгийг бүү мартаарай. 
Гэхдээ уншиж дөнгөж эхэлж буй хүүхдэд зузаан зузаан романаар дарамтлаад байж таарахгүй, ёстой жинхнээсээ залхаагаад, зугтаалгаж ч мэднэ.
.
3. САЙН НОМ БАС САЙН ХООЛ...
Номын худалдаан дээр зогсож байхад 
- Яагаад заавал сонгодог зохиол сайн гээд байгаа юм бэ? Энэ зохиол юугаараа илүү юм бэ? гэж улайм цайм асуухгүй ч байгаа хандлагаараа асуугаад байх эцэг эхчүүд бас байна аа, байна.
Ингэхэд та хүүхэддээ хоол унд авч өгөхдөө аль болох шим тэжээлтэйг нь сонгодог, үгүй ядахдаа л хичээдэг байх. Түүнтэй чинь яг адилхан. Уран зохиол гэдэг бол оюун сэтгэлгээний талх нь, хоол нь. Тэр дундаа сонгодог бүтээл гэдэг бол бүр хамгийн их "шим тэжээлтэй" нь юм шүү дээ. Тийм асуултын түвшинд өөрөөр юу гэж ойлгомжтой тайлбарлах вэ дээ... 
Та бидний худалдан авдаг өргөн хэрэглээний бараанд брэнд гэж нэг зүйл байдаг даа. Брэндийнх бол үнэхээр чанартай, урлагтай, найдвартай. Түүн лугаа адилаар уран зохиолд ч бас брэнд бий. Тэр бол зохиолчид нь юм. Жишээлбэл хүүхдийн зохиолд бол хамгийн том брэндүүдийн нэг бол Андерсен байна. Би л хувьд Ричард Киплингийн ертөнцөд саатах дуртай. Бас Оскар Уайльд. Энэ мэт зохиолчдын бүтээл л бол эргэлзээгүй хүүхэддээ сонгоно гэсэн үг. Яагаад гэвэл брэнд...
.
4. УРАН СЭТГЭМЖ МУУ ГЭЖ ҮҮ???
Сельма Лагерлөфийн "Галуу дагасан гайхамшигт аян" гээд гайхалтай сайхан үлгэр тууж бий дээ. Их Б.Ренчин гуайн орчуулгаар гарсан. Яах аргагүй л хүүхдийн номын ертөнцийн нэгэн маргашгүй маргад эрдэнэ болсон зохиол.
Тэр номыг барьж үзэж үзэж, хойш нь тавьчихаад илүү өндөр үнэтэй математикийн ном хүүхэддээ авч өгч буй аавтай таарав. 
- Би бол нөгөө номыг нь л сонгоно доо гэвэл
- Өө, галуун дээр суугаад нисдэг гэж юу байсан юм, худлаа юм уншуулах ямар хэрэг байна вэ? гэж миний амыг яг таг бөглөв. 
Уран сэтгэмж хөгжинө гэдэг тийм муу зүйл биш юм. Харин ч энэ ер бусын гайхамшгаар дүүрэн хорвоо ертөнцийг зөвөөр ухааран танихад уран сэтгэмж л хамгийн их тус болно. Чухам уран сэтгэмжийн цонх л амьдралыг баялаг сайхнаар, өөдрөг, гэрэл гэгээгээр гэрэлтүүлж байдаг. 
Заавал галууны нуруун дээр суугаад нисэж болдог юм гэж ягштал үнэмших явдал биш. Тэр бол жинхэнээсээ тэнэгрэл болно. Уран сэтгэмж муутай, аливаад мэдрэмжгүй, бүхнийг хайрцаглаж хардаг, яг байгаагаар нь ойлгож, хүлээж авдаг хүнтэй хамт байхад хүртэл хичнээн уйтгартай, баригдмал, мухар нүхэнд орчихсон мэт, бетонон хананд тулчихсан мэт хүнд хэцүү мэдрэмж төрдөг шүү дээ. 
Зохион бүтээх, туурвих, ер алив ажилд амжилт гаргахад бүгдэд нь уран сэтгэлгээ гарцаагүй хэрэгтэй болдог. Тэр бүү хэл математикийн гайхамшигт нээлтүүдийн чинь үзүүрт чухам уран сэтгэмж л байсан юм шүү дээ. Аливааг яг таг гэсэн, 2 дээр нэмэх нь 2, тэнцүү дөрөв л гарна, өөр хариу хайгаад хэрэггүй гэх мэт хайрцагласан сэтгэлгээнд хаших нь үнэн хэрэг дээрээ хүүхдийнхээ танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзэлийг харанхуй гянданд хорьж буйтай адил зүйл юм.
..
5. МЭДДЭГЭЭ Л АВДАГ НЬ...
Манай эцэг эхчүүд бас зөвхөн өөрийн бага насандаа уншиж байсан номоо л хүүхэддээ авч өгөх гэсэн эрмэлзэл их байна. Жишээлбэл, Ж.Вернийн "Арван таван наст капитан", "Ахмад Грантын хүүхдүүд", "Нууцат арал", "Усан доогуур 20 000 бээр аялсан нь", эсвэл оросын үлгэрийн "Үүлэн бор" гэх мэт хуучны орчуулгуудыг асуугаад байхгүй гэвэл "Өө хүүхдийн номын лангуу гэсэн чинь хүүхдийн номгүй л юм байна шүү дээ" гэж урам хугарсан аястай. 
Соц үед хүүхдийн уран зохиолыг сайн орчуулж байсан, тэдгээрээс бас боломжийн түвшинд уншиж танилцаж байсан нь сайн хэрэг. Гэвч хүүхдийн номын ертөнц тэр үеийн Ж.Верн, Майн Рид, Уэльс, Дюма нараар хязгаарлагдахгүй шүү дээ. Тэд л зөвхөн сонгодгууд, бусад нь биш юм шиг мухар ойлголт мэр сэр байгаа нь харамсалтай. Асар баялаг уудам ертөнцийг өчүүхэн нэгэн хэлтэрхийгээр нь хязгаарлаж болохгүй. 
.
6. ХҮҮХДИЙН ТУХАЙ БИЧСЭН БҮХЭН ХҮҮХДИЙН ЗОХИОЛ БИШ...
- Энэ номонд юун тухай бичсэн бэ?
- Хүлэг баатруудын тухай бичсэн ном оо...
- Хүүхдийн тухай байхгүй юу
- Байхгүй ээ..
- Аан, хүүхдийн зохиол биш юм байна, тийм ээ...
- Үгүй үгүй, хүүхдийн зохиол...
- Тэгээд яагаад...
Ийм яриа ч бас болох. Ингэхэд хүүхдийн зохиол гэхээр заавал хүүхдийн тухай бичсэн байх ёстой биш. Юуны ч тухай байж болно. Гагцхүү тэр нь хүүхдийн оюун сэтгэлгээний ертөнцөд таарч тохирсон байх хэрэгтэй.
Нөгөө талаар бас хүүхдийн тухай бичсэн бүхэн хүүхдийн зохиол болж чаддаггүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Хүүхдийн тухай хэдий бичсэн ч хүүхэд бүү хэл үүхэд ч уншихааргүй номууд зөндөө. Хүүхдийн зохиолыг хүүхдийн зохиол болгодог хамгийн гол шинж чанар бол тэндээс хүүхдийн тэр ариун гэгээхэн, хиргүй тунгалаг, мөрөөдөмтгий дэврүүн, ер бусын барьцгүй ертөнц харагдаж, мэдрэгдэж, уншигдаж байх ёстой. 
Чухам тиймдээ л дуртай бүхэн хүүхдийн зохиол бичиж чаддаггүй, магадгүй уран зохиолын хамгийн хүнд талбар бол хүүхдийн зохиол байхаа. Миний хувьд хүүхдийн ертөнцийг хамгийн яруу сайхан харуулсан зохиолд "Винни Пүү нэрт тэнэгхэн Бамбарууш", "Бяцхан хунтайж" гэх мэтийг нэрлэнэ. Насанд хүрэгсдэд магадгүй огт ойлгомжгүй, эсвэл дэмий чалчаа мэт санагдаж болох. Хэрвээ тийм бол та хүүхдийн ертөнц рүү өнгийж харж чадаагүйн илрэл болохоос биш тэр зохиолуудын муугийнх биш шүү.
.
7. СОНГОДОГ ҮЛГЭРЧИД ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?
- Үлгэрийн ном байна уу?
- Байна байна. Энэ Андерсений үлгэрүүд байна. 
- Энэ хүний зохиосон юм уу?
- Тийм. 
- Үгүй ээ, хүн зохиосон биш, жинхэнэ ардын үлгэрийн ном асууж байна..
Бас иймэрхүү яриа ч болно.
Ардын үлгэрийн хажуугаар Х.Х.Андерсен, Шарль Перро, Ах дүү Гримм, Мадам де Олнуа, Вильгельм Хауф гэх мэт маш олон сонгодог үлгэрчид бий. Эдгээр үлгэрчдийн бүтээлүүдийг хүүхдийн утга зохиолын ертөнцөд Сонгодог үлгэрүүд гэж үздэг. Яагаад гэвэл тэд ихэнхдээ ардын үлгэр домгуудыг дахин боловсруулж, жинхэнээс нь хүүхдийн шилдэг үлгэр болгож, өнөөх сонгодог бүтээлүүдэд хамгийн ихээр байдаг "шим тэжээл" болох үнэт зүйлсийг хамгийн ихээр шингээж өгсөнд л хамаг учир нь байдаг. Тиймээс тэдний "зохиосон" үлгэрүүд үнэ цэнэтэй. Аль нэгэн ардын үлгэрийг биш чухам Х.Х.Андерсенийг дэлхий дахинаараа ҮЛГЭРИЙН ХААН хэмээн хүлээн зөвшөөрсөн, бас А.Линдгренийг ҮЛГЭРИЙН ХАТАН ХААН гэдэг. Тэд тийм алдрыг хүртэх бүрэн эрхтэй хүмүүс. Тэдний үлгэрт өнөөх сайн сайхны сүүн дусал илүү их дуссан байдагт тэр юм шүү дээ. 
.
8. ХОРИГЛОХ, ЦЭЭРЛЭХ ҮЛГЭР, ЗОХИОЛУУД БИЙ ЮУ?
Дээрх сэдвээс цааш нь үргэлжлүүлэхэд Ардын үлгэр бүхэн гайхамшигтай боловч бас бүгдээрээ хүүхдийн сэтгэлгээнд таарч тохирох нь үгүй. Бүр хүүхдээс хол байлгамаар зарим ардын үлгэр ч бий. Аавыгаа алаад, ээжийгээ өвчөөд сууж байгаа нь ч бий шүү дээ. "70 давхар нөхөөс зад унгадаг", "Өрөвдөх юмгүйгээр хоёр нүдийг нь ухдаг" гэх мэт бүдүүлэг, хэцүү үлгэрүүд ч бас бий. Харин сонгодог үлгэрүүдэд бол тийм зүйл огт үгүй билээ. 
Жишээлбэл "Мянга нэгэн шөнийн үлгэр" байна. Бүрэн эхээрээ бол бага насны хүүхэд уншихад ихээхэн төвөгтэй, эротик дүрслэлүүд ихтэй, хүнд хэцүү хэллэгтэй. Тиймээс ч хөгжингүй орнууд "Мянган нэгэн шөнийн үлгэр"-ийг нэлээн хянан засварлаж, хүүхэд унших хэмжээнд боловсруулж байж хүүхдийн номынхоо тоонд оруулж хэвлэдэг. Харин бүрэн эхээрээ бол насанд хүрэгчид, судлаачдад нээлттэй байх нь тодорхой. 
Ер аймшиг, аллага хядлага, хүнийг ад үзсэн, амьдралын болоод хүний сайн сайханд итгэл алдарсан агуулгатай зохиолыг, ялангуяа эротик зохиолуудыг бага насны хүүхдээс хол байлгавал зүгээр дээ. Тийм зохиолууд харамсалтай нь хүүхдийн зохиол нэрийн дор нуугдаад ороод ирчихсэн байх нь бий. Бүр сонгодогуудын бүтээлүүд дотор ч хүүхдээс хол байлгамаар нь байна. Жишээ нь Эдгар Аллан Погийн зарим өгүүллэгүүдийг хүүхдээс хол байлгамаар санагддаг. 
Гэтэл харахад айдас хүйдэстэй мэт боловч хүний сайн сайхан талыг нь илүү төвийлгөсөн, итгэл тэвчээр, сайн үйлс ялж буйгаар төгсдөг тийм аймшгийн гэмээр зохиол ч бас байна. Тухайлбал "Дуурийн театрийн хий үзэгдэл", "Чөтгөртэй лонх" гэх мэт. Тийм зохиолын зөвхөн гарчигийг нь харчихаад хүүхдээсээ нуугаад байж таарахгүй ээ. 
.
9. ХҮҮХДИЙН НОМ БҮХЭН АДАЛ ЯВДАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ БИШ...
Адал явдал бол яах аргагүй хүүхэд багачуудын төдийгүй хэн бүхний сэтгэл, сонирхолыг татах нь тодорхой. Гэхдээ "Шадар гурван цэрэг" шиг, эсвэл "Дэлхийг 80 хоногт тойрсон нь" шиг л адал явдалтай байж сая сайн номын шалгуурт тэнцдэг юм биш. 
Дэлхийн хүүхдийн шилдэг сайн зохиолуудыг анзаарч байхад адал явдал гэхээсээ илүүгээр драма, хүний дотоод гоо сайхныг илүү нээж өгсөн нь түлхүү талдаа байна. 
Тухайлбал "Ногоон Давхарцагийн Аня охин" гэдэг дунд хэрийн роман бол хүүхдийн утга зохиолын магнайд яах аргагүй заларна. Зарим сурвалжид энэ зохиолыг Библийн дараа орох хэмжээнд олон удаа хэвлэгдсэн гэж бичсэн байх. ХХ зууны хүүхдийн хамгийн шилдэг, хамгийн олон хувиар хэвлэгдсэн номд тооцогдоно. Олон дахин, олон зуун сая хувиар хэвлэгдсэн гэдэг бол гэхдээ хамгийн сайн цор ганц үзүүлэлт биш л дээ. Харин юу нь, ямар илүү тал нь энэ зохиолыг тийм өргөн хүрээнд уншуулж байна вэ гэдэгт байна. 
Энэ зохиолд тийм ч их адал явдал буцлахгүй. Насан өндөр болсон, үр хүүхэд үгүй эгч, дүү өвгөн эмгэн хоёр насны төгсгөлд хань болох нэг хүүг асрамжийн газраас өргөж авая гэлцээд Асрамжийн газарт захиалга өгдөг. Гэтэл Асрамжийнхан хариуцлага алдаад хүү биш охин явуулчихна. Хөөрхий өнчин охин өргөмөл аав ээжтэй боллоо хэмээн баярлаад иртэл хүү хүүхэд хүлээж байсан нөгөө хоёр нь охиныг голж, буцаах болно. Бяцхан охины сэтгэл зүрхэнд маш хүнд цохилт ирлээ. Гэвч галт тэрэг явчихсан учир маргааш болтол тэр жаахан охиныг буудал дээр орхилтой биш, гэртээ ганц хонуулахаар авч явснаар цоо шинэ амьдрал эхэлнэ. Охин эмгэн, өвгөн хоёрт таалагдаж, түүнийг өргөж авна. Үүгээр зогсохгүй өнчин Аня тэдний тосгоныхны бүгдийн сэтгэлийн татсан охин болно. Тэр ч бүү хэл дэлхий дахины хүүхэд багачуудын хамгийн хайртай дотно анд нөхөр нь болдог билээ. 
Аня охинтой бага насандаа танилцсан дэлхийн улс орон бүрийн хүүхэд багачууд уг зохиолын үйл явдал болдог Канадын Ханхүү Ульяамын хагас аралд жилдээ хэдэн арван мянгаараа зочлон ирж, Аня охины явж байсан цэцэрлэгт өргөн чөлөөгөөр зугаалж, тоглож байсан газарт нь сууж, сурч байсан сургуульд, амьдарч байсан жижигхэн байшинд нь зочилцгоодог байна. Хүний сэтгэлд үнэхээр л бодит анд нөхөр мэт дотно сайхан сэтгэгдэл, дурсамж үлдээдгээс, тийм мөн чанарыг нь дуудан сэрээж чаддаг учраас л хүмүүс тийш хэрэг болгон очдог хэрэг. Тэр хагас аралд бүр зөвхөн Аня охины найзуудад зориулсан жуулчны бааз хүртэл байна.
Энэ бол адал явдалт роман биш, драма. Тэгэхээр хүүхдийн зохиол заавал адал явдалтай л байж сайн байх ёстой гэсэн үг биш болох нь ээ. Ийм драма буюу ёс суртхууны танин мэдэхүй, хүмүүжил, дотоод гоо сайхныг хүчтэй илэрхийлсэн зохиолууд олон бий дээ, хүүхдийн уран зохиолын ертөнцөд.
Жишээлбэл, Ж.Спайрийн "Хэйди охин", Ф.Бөрнэтийн "Нууц цэцэрлэг", "Бяцхан гүнж", "Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн", У.Виггиний "Нарлаг Горхи эдлэнгийн Ребекка охин", А.Патерсоны "Агуу их Гилли Хопкинс", Л.Алкоттын "Жаалхан авхай нар", "Жаалхан эрчүүд", Ч.Диккенсийн романууд гэх мэт. 
Тэгэхээр ийм төрлийн зохиолуудыг болж өгвөл хүүхэддээ танилцуулбал илүү үр дүнтэй. 
Өнөөдөр манай нийгэмд оюун соёл, ёс суртхуунлаг байдал ихээхэн дутагдалтай байгааг хэн бүгд мэднэ. Харин тэр дутагдалтай бүхнийг нөхөж өгөх шим тэжээлүүд чухам ийм төрлийн зохиолуудад илүү байгаа гэдэгт би итгэдэг ээ...
.
10. КОМИКС НОМ Л САЙН ГЭЖ ҮҮ?
- Комикс ном л сайн гэсэн хандлага бас мэр сэр ажиглагдана. Тэр ч бүү хэл манай төр засгаас Комикс номд илүү анхаарч, төсөв хөтөлбөр хүртэл гаргасан. 
Харин хөгжингүй орнууд хүүхэд, залуусынхаа унших ёстой номын жагсаалтдаа ямар ч комикс номыг оруулдаггүй юм шүү дээ. Тэр бүү хэл зарим оронд хүүхдийн номын худалдаандаа комикс номонд тодорхой лимит хязгаарлалт ч тавьдаг байна.
Хүний бие организм амттай юманд дурлах лугаа адил оюун ухаан ч аль хялбар, энгийн ойлгочих, гял цял зүйлд татагдах нь байна. Гэхдээ амттай бүхэн шимтэй биш, бас хялбар энгийн ойлгочих бүхэн өгөөжтэй биш. Тэр дундаа уран зохиолын чанар чансаа өгсөх хэрээр улам бүр хүнд, төвөгтэй болдог. Гэтэл бидний үр хүүхдээ номд дуртай болгохын зорилго бол чухам тэр хүнд хэцүү, нарийн нандин бүхнийг л мэдэж, мэдэрч ойлгодог болгох явдал шүү дээ. Эс тэгвээс номтой нөхөрлүүлэхийн хэрэг юу байна. 
Даваа давж хол явдаг, оюун санааны хөгжил ч мөн тийм. Гэхдээ энд комикс номыг огтоос хэрэггүй хог гэж хэлээгүй болохыг болгооно уу? Номд эхлэн хөтлүүлж буй хүүхдүүдэд хэрэгтэй байлгүй яах вэ, комиксууд... Зургийн чадварлаг өнгө, дүрслэл хүүхдийн сэтгэлгээ, мэдрэмжид чухал нөлөөтэй байлгүй яах вэ.
Гэсэн ч номыг уншихын цаана үг өгүүлбэрээр илэрдэг нарийн нандин мэдрэмжүүдийг мэдрэх, гүн утга санааг ухан ойлгох гэх мэт олон зүйлс бий. Хамгийн наад зах нь хүний өгүүлэн хэлэх, илэрхийлэх чадвар, үгсийн баялаг гэж нэг зүйл байна. Энэ нь өөрөө тэр хүний оюуны чадамжийг ямар нэгэн хэмжээгээр илэрхийлж байдаг. Таван өгүүлбэртэй ном уншаад үгийн баялаг хэр нэмэгдэх вэ гэдгийг дэнсэлж үзээрэй. 
.
11. ХҮҮХДИЙН НОМЫН СТАНДАРТ ГАРЦААГҮЙ ХЭРЭГТЭЙ
Харамсалтай нь манайд ийм стандарт гэж байдаггүй болохоор нэгэнт байхгүйн тухай бичих нь бараг илүүц болох нь. Гэхдээ байдаг болоосой гэдэг үүднээс нэг хоёр санаа өгүүлье.
Утга агуулгын хувьд үнэхээр хатуу чанга хяналт, шаардлага байх ёстой. Ингээд хэлэхээр соц үеийн главлитийн сүнсийг босгож ирэх гэлээ гээд унадаг ардчиллаас өөр юуг ч мэддэггүй хийрхүү нөхөд бий шүү. Бид үр хүүхдийнхээ оюун тархи руу элдэвийн эрээвэр хураавар зүйлс цутгаж болохгүй шүү дээ. 
Үг үсгийн алдаатай, хэл найруулга муутай, утга агуулга өчүүхэн хэрэггүй хог шиг номуудыг хүүхдийн номын лангуунаас зайлуулж байлгах хэрэгтэй. Айдсын, эротик, ёс зүйгүй бүтээлүүдийг ч ховхолж хая. 
Нөгөө талаар хэвлэлийн технологид ч хяналт хэрэгтэй. Хуудас нь хүүхдийн эмзэг булбарай хуруу гарыг зүсчихээргүй, хэвлэлийн будаг нь хоргүй, харахад нүдэнд дулаахан өнгө зурагтай, уншихад хялбар том стандарт үсэгтэй гэх мэт олон шаардлагууд бий дээ. 
Хөгжингүй орнуудад хүүхдийн номонд маш өндөр шаардлага тавьдаг нь яах аргагүй зөв юм. Хатуу хяналт, босго хэрэгтэй.
Харамсалтай нь бид энэ талаар огт санаа тавихгүй л яваад байх. Хүүхдийн номын редакци гэж уг нь байсан. Засгийн газрын харьяа. Гэхдээ тэр нь ямар нэгэн лоббид автаад таньдаг, эсвэл мөнгөтэй нөхдүүдийн номыг зөвшөөрөөд, бусдынхыг нь хяргаад байдаг бол байснаасаа байхгүй нь дээр. Нийгэм самуурчихаар сайн юмыг ч саар зүйл рүү нь холбилж орхичихоод байдаг нэг зовлон байх. Гэхдээ энэ нь огт боломжгүй гэсэн үг биш ээ. Нэн тодорхой шалгуур үзүүлэлтүүдээ журамлаж гаргачихаад, түүндээ таарч тохирсон шаардлагуудыг номын агуулга, чанар, хэвлэлд тавих бүрэн боломжтой. 
Номын дэлгүүрийн хүүхдийн номын лангуун дээр ч гэсэн бас тодорхой хэмжээний стандарт гэж бий. Нас насанд нь таарсан, өндөр нам, өргөн нарийн, бас зураг чимэглэл, загвар дизайн нь ялгамжтай лангуу тавиуртай байдаг. Хүүхэд өөрийн насны хэсэг рүүгээ л явдаг байхаар..
.
12. ГОЁ ХАВТАСТ ХУУРТАЖ БОЛОХГҮЙ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ...
Энд олон тайлбарын хэрэггүй биз дээ. 
Номын ертөнц бол зөвхөн ганцхан гоё хавтсаар илэрхийлэгддэг ертөнц биш. Номын ертөнц бол утгын гүн, үгсийн яруу, мэдрэмжийн тансагт найрсаж байдаг ертөнц. 
.
13. ИХ УНШУУЛ...
Аль болох их...
.
Сүүлийн хэдэн жил хүүхдийн номын ертөнцөд өөрт тохиолдсон зарим зүйлээс санаалж бичлээ. Дутуу дундуур үлдээсэн нь нэлээн бий байх аа.
.
Б.Номинчимэд