Tuesday, September 27, 2016

"ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУ"-д хоёр үг хэлмээр...

Ноён уулыг дархан цаазтай болгож, хамгаалах агуулга бүхий нийтлэлд маань нэгэн "орчин үеийн залуу" ийм сэтгэгдэл үлдээсэн байна.
"Доор нь /Ноён ууланд/ эртний олдвор байхгүй л юм бол ухах хэрэгтэй. Байгаа бол гаргаж архелиогийнхонд тушаагаад л цаашаа ухах хэрэгтэй. Үхсэн элийсан баларсан агуу түүх мүүх вэ. Одоо ингэж хөдөөтдөгөө, дундад зуунархдагаа болих хэрэгтэй шүү дээ, орчин үеийн залуус аа. Харин, ухаж олборлосных нь дараа байгаль орчны нөхөн сэргээлтийг нь яс хийлгэх хэрэгтэй.
Ер нь Бурхан Халдуны орой дээр байгаа бунхан шиг зүйл дотор Чингисийн шарил байгаа нь бараг үнэн гээд байгаа. Тэрийг бушуухан ухаж гаргаад түүхийн, эд өлгийн зүйлсийн судалгааны эргэлтэд оруулах хэрэгтэй. Сайхан музей байгуулчих юм бол, түүнийг дагуулаад дэлхийн стандартын аялал жуулчлалын бүс байгуулбал дэлхийд хосгүй бөгөөд маш их орлого оруулах дурсгалт үзмэрийн газартай болох юм шүү. За ингэж бичлээ гээд манай эх орончид, дундад зууныхан тэнэгтээд хараагаад эхлээрэй л дээ. Жаахан орчин үежиж, урагшаагаа харж амьдрах хэрэгтэй шүү, алийн болгон хөдөө хээр морио унаад давхиж явдаг шигээ Улаанбаатарын гудмаар машинаараа зэрлэгтсэн хэвээр явахав. Нусаа шүлсээ хаяхаа байчихвал, гудманд морь хардгаа больчихвол мөн их дэвшил ээ, эх орон энэ тэр гэж тэнэгтэхээсээ өмнө..."
.
Энэ нийтийн сүлжээнд бичсэн хувь хүний үзэл бодол /коммет/ хэдий ч бас нийгмийн тодорхой хэсгийнхний үзэл хандлагыг төлөөлж буй. Ийм хандлага үнэхээр нэлээд байгаа нь байнга анзаарагдаж, мэдрэгдэж байдаг. Тэр бүү хэл төрийн шийдвэр гаргах түвшнийхний дундаас ийм хандлага маш хүчтэй илэрдэг.
Тиймээс энэхүү сэтгэгдэлд ганц нэг тайлбар хийлээ.
.
Нэг: АГУУ ТҮҮХ МААНЬ ЭЛЭРСЭН БАЛАРСАН ЗҮЙЛ БИШ
“Үхсэн элийсан баларсан агуу түүх мүүх вэ. Одоо ингэж хөдөөтдөгөө, дундад зуунархдагаа болих хэрэгтэй шүү дээ, орчин үеийн залуус аа“... Ийн бичжээ.
.
Ноён уулыг ухуулах эсэх тухай асуудал нь эцэстээ тэр хэдэн булш бунхан төдий асуудал биш, өв түүхээ эрхэмлэн дээдлэх үү, үгүй юу гэсэн ац асуултад тулж очно.
Учир нь Ноён уул бол хэдэн булш бунхантайгаа, алттайгаа бүхэлдээ Монгол туургатны түүх, соёлын нэгэн нэн чухал өв гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Бурхан халдун уул лугаа адилаар энэ уулыг онгон дагшнаар нь хадгалах, дээдлэн хамгаалах шаардлага бий гэдэг үүднээс тэнд аливаа уул уурхайн олзворлолт хийхийг эсэргүүцэж байгаа юм.
Ингэхэд эх түүхээ эрхэмлэх сэтгэлгээ нь, бүр тодруулбал Ноён уулыг хамгаалах гэсэн сэтгэл, санаачилга нь хөдөөний бүдүүлэг, юм мэддэггүй, дундад зууны хоцрогдсон сэтгэлгээний илрэл биш ээ. Харин танин мэдсэн мэдлэгийн илрэл болно. Ингэхэд юуг танин мэдсэн хэрэг вэ гэсэн асуулт гарцаагүй.
Түүх нь өөрөө зөвхөн үнэт сургамж төдий биш, үндэстний язгуур мөн чанар, оршихуйн суурь, бас ирээдүйг нь өөрчлөх том хүч болж байдаг. Өнөөдөр улс үндэстнүүд бахархах түүхийнхээ эрэлд хатаж байхад бидний залуу үе эсрэг байж таарахгүй. Түүхийн алдар суу энэ үеийг зоригжуулан сэргээгээд зогсохгүй, маргаашийн хөгжлийг тодорхойлох чухал нэгэн хөшүүрэг болдог гэдгийг мартаж боломгүй.
Онгон дагшнаар нь хадгалан хамгаална гэдэгт хоёр чухал учир шалтгаан бий.
Нэгд, юуны өмнө хүндэтгэл, дээдлэл, эрхэмлэл юм. Өв соёлдоо зөвхөн бодит ашиг талаас нь харсан хүйтэн хөндий сэтгэлээр хандваас хэрхэн түүнийг хайрлаж, дээдэлж чадах билээ. Хайрлаж дээдэлж эс чадваас хэрхэн түүний мөн чанарыг танин мэдэж чадах билээ. Танин мэдэж эс чадваас хэрхэн бахархах билээ. Бахархаж эс чадвал хэрхэн эрч хүч, эрмэлзэл тэмүүллээ олж чадах билээ. Энэ бүхний эхлэл болж буй хүндэтгэл, дээдлэл, эрхэмлэлийн мөн чанар нь бэлгэдэлт сэтгэлгээ юм. Ноён уул бол Хүн гүрнээс энэ цаг үед үлдээсэн бүхэлдээ ариун дагшин байх учиртай өв. Ерөөс алив зүйлд бэлгэдэл зүй тун чухал үүрэг, нөлөөтэй гэдэгт өнөө цагийн мненежмэнтийн ухаан хүртэл ихэд анхаарч буй гэдгийг орчин үеийн залууст дашрамд сонирхуулчихая.
Хоёрт, байгал экологийн зүй зохистой тэнцвэрт харьцаанд байлгах гарцаагүй шаардлагад үндэслэсэн болно.
Харамсалтай нь юуны ч учраа олоогүй, мөн чанарыг нь таниагүй, сургаар асуудлыг босгож бужигнуулдаг, хийрхдэг, мэдлэггүй, бүдүүлэг, соёлгүй, товчхондоо орчин үежээгүй, ареархи төрхтэй, жинхнээсээ дундад зуун царайлж явдаг тийм нөхдүүд ч бас бий. Тэдний хувьд субьектив хандлага нь хүчтэй давамгайлдаг учир уг нь ялгахад хүнд биш л дээ. Тэр ч бүү хэл ийн бужигнуулж байгаад дундаас нь ашиг олж цохидог цөөвөр шиг нөхдүүд ч бас мэр сэр бий.
Гэхдээ бүхнийг ганц энэ цонхоор харчихаад, нэг хэвэнд цутгачихаад, энэ дундад зуун царайлж явдаг нөхдүүдтэй хамт өв түүх рүүгээ, түүнээ эрхэмлэх, дээдсээ хүндэтгэх, бахархах сэтгэлгээ рүү, түүхэн ухамсар луугаа нулимж болохгүй ээ. Нулимах гэж буй бол ялгаа заагтай, онож нулимах хэрэгтэй.
.
Хоёр: ЧИНГИС ХААНЫ БУНХАН БҮҮ ОЛДООСОЙ...
"Чингис хааны бунхан хэрвээ олдвол ухаж гаргаад түүх, эд өлгийн зүйлсийн судалгааны эргэлтэд оруулах, дэлхийн стандартын аялал жуулчлалын бүс байгуулж, хосгүй бөгөөд маш их орлого олох" гэсэн санаачилга гаргасан байна.
.
Би хувьдаа "Их хааны маань онгон бүү олдоосой" хэмээн түгшин залбирдаг. Ингэлээ гээд дундад зуундаа байгаа нөхөр болчихгүй гэдэгтээ итгэлтэй байна.
Их хааныхаа онгоныг бидний дээдэс тэгтэл нь амь тавин нууцалсан нь, уул хайрханаа үеийн үед тахиж дээдэлж ирсэн нь мухар сохор итгэл төдий бус, жир бус учиртай гэдэгт үл эргэлзнэм. Яагаад тийм учиртай болохыг тайлбарлахад бэрх, гэвч оролдоё.
Их дээдсийн ёс, өв уламжлалд гүн бат шингэсэн тэнгэр буюу орчлонгийн мөнх оршихуйг шүтэх үзэл, байгалийг дээдлэн бишрэх хандлага, ер алив бүхнийг учир шалтгаан, уялдаа холбоо хийгээд үр дагавартай нь бүхэлд нь, гурван цагийн хэлхээнд авч үздэг ухаан нь өнөөгийн бидний тайлж мэдэх, ухан ойлгох учиртай тов тодорхой зорилт болохоос биш, мөрөө давуулаад арагш нь чулуудчихдаг дундад зууны хоцрогдсон бүдүүлэг ёс, мухар сүсэг биш юм. Үзүүлж харуулах мэтээр зөвхөн асар их ашиг олох эртний түүхийн олдвор төдий, араг яс ч бас биш болно.
Хэдэн мянган жилийн турш амьдралд практик туршлагаар дахин дахин давтан батлагдсаар, зүй тогтол нь нэн тодорхой болчихсон олон нээлт, ойлголтууд ихэнхдээ ард түмний өв уламжлалд ямар нэгэн ёс заншил, хориг цээр, итгэл бишрэл хэлбэрээр шингэсэн байдаг. Ийнхүү цаг хугацааны шалгуурыг давж чадсан учраас өв уламжлал, ёс заншил гэдэг хамгийн амь бөхтэй оршдог буй за. Тэр эртний уламжлал, ёс заншил дотор нэг томоохон байр суурь эзэлдэг зүйл нь оршуулах, бунхлах, тайлга тахих, шүтэх, хамгаалах, нууцлах ёс юм. “Эцэг дээдсийн ясыг бүү өндөлзүүл” гэсэн хуучин үг бий шүү дээ. Хэрвээ хөндвөөс ямар нэгэн муу үр урхаг дагуулна хэмээн ихэд цээрлэдэг.
Хүндлэл бишрэл, айдас, түгшүүр, хайр, үзэн ядалт гэх мэт хүний сэтгэлийн үйлдэл бүхний цаана бодит физик хүч үйлчилж байдаг. Үүнийг орчин цагийн лаборторийн нарийн судалгаанууд ч ээлж дараалан нотолсоор байгаа. Тэр мухар сохор итгэл бишрэл гэж үздэг асан хуучин ёс заншил дотор асар их хүчийг хадгалсан тийм зүйлс ч их бий. Амьдралын асар олон хэлбэр төлөв байж болох, тэр ч бүү хэл плазм төлөвт ч амьдрал байж болох. Бидний мэдэхгүй энергийн асар олон шавхагдашгүй мэт эх үүсвэр буйн нэг нь эфир гэх мэтээр үргэлжилнэ. Бид нүдээр үзээгүй зүйлээ байхгүй, барьж батлаагүй зүйлээ боломжгүй гэж үзэж болохгүй.
Хүний нийгэм, түүхийн үзэгдэл бол байгалийн үзэгдлээс ангид зүйл огтхон ч биш. Байгалийн үзэгдэл гэдгийг зөвхөн хүрээлэн буй байгал орчин /environment/ төдийгөөр хязгаарлаж болохгүй шүү. Орчлон ертөнцийн саваас гадуур, түүний түгээмэл зүй тогтлоос ангид өрнөдөг үйл явц гэж огт үгүй.
ШУ-ын суурь салбар болсон физик өнөөдөр бөөн гайхшрал дотор хөвж яваа. Юутай ч энэ ертөнц бол хаанаас нь ч, юуг ч салгаж, ангид үзэх аргагүй нэгдмэл цул ертөнц юм гэдэгт эргэлздэггүй гэдэгт итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл энэ орчлон бидний таван мэдрэхүйд өртөгддөг шиг төдий хялбархан биш, өөр хоорондоо маш олон зүйлээр /өнөөгийнхний сайн мэддэг болоод буй элдэв төрлийн энерги, долгион, туяа гэх мэт ч орно/, далд нарийн учир шалтгаанаар холбогдож байдаг байна
Нэгдмэл байгалийн түгээмэл хуулийг тухайн үзэгдэл, илрэлд нь оноон барьж, алив хориг цээрийг тогтоож байсан нь чухам бидний хоцрогдсон гэж үзээд буй тэрхүү ёс заншил. (Гэхдээ ёс заншил болгон гарцаагүй үнэн гэсэн үг биш. Зарим тохиолдолд гажиж, гажуудуулж, зохиомлоор гаргах нь ч бий). Чухам тиймээс л өвөг дээдсийн, ялангуяа их хааны шарил бунхныг хөндөж, халдашгүйгээр дархалж, далд шүтээн болгож, чандлан нууцалдаг, бас үүнээ сахин биелүүлж ирсэнд нэг бус нэлээд хэдэн ил далд нийлмэл учир шалтгаан байна
- Хамгийн эхлээд ёс зүйн асуудал хөндөгдөнө. Чингис хааны шарилыг нууцлах шаардлагатай байсан учраас нууцалсан байж таарна. Нууц байх ёстой юм шүү гэсээр хэдэн зууныг элээсэн атал хичнээн их ч бай зөвхөн мөнгөн ашгийн төлөө нээнэ гэдэг нь өөрөө эцэг дээдсийнхээ гэрээслэлийг зөрчиж буй ёс суртхуунгүй, эрээгүй явдал. Тэр дундаа Чингис хааны хувьд тийм ёс бус сэтгэлгээгээр хандана гэдэг байж боломгүй. Бүр ШУ-ны нэрийн өмнөөс, тусын тулд нээдэг байлаа ч билгэ бэлгэдлийг эрхэмлэдэг Монгол үндэстний хувьд ёс бус явдал.
- “Дээдсийн ясыг бүү өндөлзүүл” гэдэг нь эцэг дээдсийнхээ нэр сүрийг эрхэмлэ, бүү гутаа, өөрсдөө нэр төртэй амьдар, ялан манд гэсэн босго өндөр шаардлага болно. Эцгийнхээ ясыг харжигнуулан хэлхэж бусдад сонирхуулан бор ходоодоо тэжээдэг адгийн гуйранч боол шиг сэтгэлгээтэй бүү яв гэсэн сануулга.
- Энэ зүгээр нэг өвөг дээдсээ гэх хүндэтгэл төдий хэрэг ч биш. Шарил бунхныг хөндсөнөөр өнгөрсөн үе, дээдэстэйгээ холбогдож байдаг алив олон нарийн сэжим холбоосуудаа тасалж буй явдал гэж үздэг. Ийнхүү тасалснаар дээдсийн алдар суу, сүр хүч, хийморь золбоо, хайр ивээл, билэг билгүүнийг нь өвлөх ёс суртхууны эрхгүй төдийгүй оюун билгийн чадамжгүй болдог байна.
- Яагаад уламжлал, ёс заншил чухал гэж... Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээ гэдэг нэг зүйл байна. Энэ хэлхээг салгаж болшгүй. Өнгөрсөн цагт үүдсэн алив учир шалтгаанд чухам уламжлал, ёс заншлийн үйлдэл, хориг цээр, түгжээ, оньс, элдэв ёслол бүхэн нэн чухал үүрэгтэй байх нь бий. Ямар нэгэн үүрэг зориулалтаар үйлдэгдсэн, бүтээгдсэн бүхэнд тодорхой хэмжээний эрчим хуримтлагддаг. Эрчим хуримтлагдах хэрээр үр нөлөөлөл өндөр. Тиймээс л уламжлал, ёс заншил бол тухайн үндэстний тусгаар оршихуйн суурь хууль болж байдаг. Суурь хуулиа зөрчинө гэдэг маань үндэстэн мөн чанараа алдаж, мөхөн гудайх, уусан алга болохын шинж дохио болдог. Үүнийг дагалдан олон ёр зөн, шинж тэмдэг, билгэ бэлгэдэл ч илрэх...
Пантеизм нь зүгээр нэг байгалийг мухар сохроор бишрэн шүтэх үзэл биш юм. Догматизмаас ангид тодорхой гүн ухааны үзэл хандлага. Бидний дээдэс пантеизм талруугаа нэлээд хазайсан буюу өнөөдөр ихэд ярих болсончлон Мөнх тэнгэрийн үзэлтэй. Мөнх тэнгэрийн үзлийг чухам ертөнцийн мөнхийн түгээмэл зүй тогтол, гажиж үл болох оршихуйн тулгуур зарчимд итгэх бишрэх, даган мөрдөх үзэл гэж тодорхойлж ч болох мэт. Энэ нь хувьсан өөрчлөгдөх байгал болоод нийгэм, хүний амьдралын алив үзэгдлийг зүй тогтлоор нь тэмтэрч үзэж, нарийн учир уялдаа харилцан хамааралд нь ойлгохыг эрмэлздэг, далд битүү олон давхар тойрог гогцоог ямар нэгэн хэмжээгээр анзаарч, ажиглаж байдаг сэтгэлгээний онцлог шинж төлвийг бий болгосон харагдана. Чухам тиймээс манай үндэстний сэтгэлгээний хамгийн хүчтэй илэрдэг онцлог нь бэлгэдэл зүй юм. Товчхондоо бид бэлгэдэлт сэтгэлгээгээр сэтгэдэг ард түмэн. Хэрвээ үндэстнүүдийг сэтгэлгээнийх нь хэв шинжээр нэгэн шугамд байршуулбал бид энэ шинжээрээ нэг туйлд нь байхаа магад. Алив үндэстний уламжлал, ёс заншил нь бас тэр үндэстний ертөнцийг үзэх үзлийнх нь тодорхой илрэл болно.
Харин бид үнэхээр дэлхийд хосгүй өвөрмөц байя гэвээс энэ бэлгэдэлт өвөрмөц талаа бүхий л талаар өвлөн хамгаалах, өвлөн хамгаалаад зогсохгүй танин мэдэх, танин мэдсэнээ дэлхий даяараа дэлгэн харуулж, жинхнээс нь алмайруулан бишрүүлэх явдал... Түүнээс биш Их хааныхаа шарилыг гаргаад, дэлхийд хосгүй стандарт музей босгон олон гайхуулж, асар их ашиг олох явдал биш. Тэгвээс бид соёлт хүн төрөлхтний доог тохуу, эмгэнэл л болохоос хэтрэхгүй.
.
Гурав: ЭХ ОРОНЧ БАЙХАД УЧИР БИЙ...
“За ингэж бичлээ гээд манай эх орончид, дундад зууныхан тэнэгтээд хараагаад эхлээрэй л дээ”... гэжээ.
Ингэхэд эх орон гэдэг ойлголт нь түүх, өв уламжлалаас ангид байх боломжгүй юм. Эх орон ярьж буй бүхэн түүх, өв уламжлал ярихаас арга үгүй. Үгүй ядаж л мэдэж байх шаардлагатай болдог. Эх оронч байна гэдэг нь өнөө өөрт буй газар нутаг, байгал дэлхий, түүний дээр болон хэвэлд нь буй баялгаа зөвхөн минийх гэж өмчирхөх төдий материаллаг сонирхолд суурилсан үзэл хандлага биш юм. Хэрвээ түүх, өв уламжлал, ёс заншлаас ангид эх оронч үзэл байна гэвэл хашааныхаа газрыг өмчилж булаалддагтай адил зөвхөн ахуйн сонирхолд дөрлүүлсэн шунал л болно. Тэгэхээр түүх, өв уламжлалаа хамгаалж, бахархаж буй бүхэн орчин үежээгүй, дундад зууныхаараа байгаа тэнэг солиотой эх орончид биш. Бас эх орончид гэхээр л орчин үежээгүй, мэдлэггүй, хий хоосон түүхэн бахархлаар цээжээ балбасан өвчитнүүд ч биш болно.
.
Дөрөв: ОРЧИН ҮЕИЙН ХҮНИЙ ШААРДЛАГА АРАЙ ӨӨР...
“Жаахан орчин үежиж, урагшаагаа харж амьдрах хэрэгтэй шүү, алийн болгон хөдөө хээр морио унаад давхиж явдаг шигээ Улаанбаатарын гудмаар машинаараа зэрлэгтсэн хэвээр явахав. Нусаа шүлсээ хаяхаа байчихвал, гудманд морь хардгаа больчихвол мөн их дэвшил ээ, эх орон энэ тэр гэж тэнэгтэхээсээ өмнө..."
Энэ үгстэй бол санал нэг байна аа. Орчин үежиж буюу соёлжиж, иргэншиж, мэдлэгжиж, урагшаа харж амьдрах хэрэгтэй. Ёстой хэзээ болтлоо Улаанбаатарын гудмаар эзэнгүй талд яваа зэрлэг адгуус мэт явах вэ дээ. Эх орон энэ тэр гэж орилох атлаа эзэн хааныхаа талбай дээр нус цэрээ хаядаг бол, татвараа төлөхөөс зугтаадаг бол...
Гэхдээ эх түүх, өв соёлоо хамгаалах гэсэн эрмэлзэл яахаараа хоцрогдсон орчин үежээгүй, бүдүүлэг дорд сэтгэлгээнээс гардаг хэрэг вэ... Огт хоёр өөр зүйлийг, хоёр өөр үзэгдлийг ингэж хольж хутгах нь өөрөө орчин үеийн сэтгэлгээ лав биш. Нөгөө талаар зөвхөн хөдөөнийхөн л ийм болхи бүдүүлэг байдал гаргаад байгаа гэвэл бас эргэлзээтэй. Хэдэн үеэрээ Улаанбаатарт амьдарсан атлаа хамгийн соёлжоогүй, хотжоогүй бэртэгчин бүдүүлэг араншингийн үлгэр жишээ болсон нөхдүүд бишгүй олон байна. Өнөөдрийн хотын соёлд суралцаж чадахгүй удаж байгаа эмгэнэлтэй явдал нь олон талтай, олон шалтгаантай үйл явц болохоос биш түүх, өв соёлоо гэсэн бүхнийг базаж бөөгнүүлээд чихэж байдаг хогийн шуудай, эсвэл намнаж балбаж байдаг бороохой биш юм.
Энэ мэт аливааг зөвхөн шууд харагдах байдлаар нь өнгөцхөн дүгнэж ойлгодог, мөн зөвхөн шууд ашигтай талаас нь үнэлдэг явдал нь орчин үеийн гэм согог, өвчин, сүүдэртэй тал нь болж байна. Хэрвээ орчин үеийн хүн гэж үнэлэгдэхийг хүсэж буй бол цаг үеийнхээ сүүдэртэй, согогтой талыг илэрхийлэгч, тээгч байж хэрэггүй.
Зөвхөн “Ух ух, дахиад ух” гэдэг бол яавч шинэ эрин үеийн хандлага биш ээ. Энэ өнөө маргаашаа аргацаасан ядарсан сэтгэлгээний илрэл юм. Дэлхий нийтэд байгал экологийн асуудал урьд урьдаас илүү хурцаар тавигдах болж, өөрсдийнх нь орших эс орших асуудалд нь тулж ирээд байна. Хүн төрөлхтөн энэ “Эцэс төгсгөлгүй ухдаг”-аас өөр арга замыг эрчимтэй эрэлхийлэх боллоо. Өөр илүү дэвшилтэт гарц хайж байна. Чухам энэ нь жинхэнэ орчин үеийн хандлага болно.
Шинэ эрин үеийнхний танин мэдэхүй нь эмпирик түвшинд дөхсөн, соёл нь үгүй ядахдаа үзэл бодлоо арай өөр түвшинд илэрхийлэх хэмжээнд хүрсэн, амьдралын хэв шинж нь зөвхөн ахуйн хэрэгцээнд бус илүү эмпати шинж төлөвт тэмүүлэх болсон баймаар. Цаг үеийнхээ дэвшилтэд бүхнийг өөртөө ямар нэгэн хэмжээгээр шингээж байж сая орчин үеийн хүн болдог. Үндэстнийхээ өв соёлыг тээгч, өвлөн хайрлагч байж орчин үеийн хүн болдог.
Эцэст нь дахин хэлэхэд Ноён уул бол бүхэлдээ эртний Хүн их гүрнээс үлдсэн өв, түүнийг хүн төрөлхтний өмнө хамгаалах нь Монголчуудын үүрэг болно.
Б.Номинчимэд

No comments: