Thursday, October 27, 2016

ЯМААН ЗАН, ЯМААН ОМОГ бүү гаргаарай даа...


Өөрөөсөө доор, ядарсан, зутарсан, тамир тэнхээ муутай, өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэсэн тааруухан нэгэндээ ихэрхүү, дээрэлхүү, бардам, түрэмгий зан гаргадаг нөхдүүд бол өөрсдийгөө тэр дээрэлхээд байгаагаасаа ч доор ядарсан өчүүхэн дорд амьтад гэдгээ л илтгэн харуулж байгаа хэрэг шүү. Нэг их сайхан амьтад шиг сүүлээ соосойлгоод, хамраа сарталзуулаад, дээгүүр хараад байх хэрэггүй юм. Өөрсдийгөө л хэн болохоо зарлан тунхаглаж байгаагаа мэдэж авцгаа...
Муухан хувцастай явбал тоохгүй шинжтэй, ядарсан царайтай явбал доог тохуу болгочих янзтай, муухан машин унаад гэлдэрч явбал шахчих, зай тавиад өгчихгүй санаатай, ажил төрөлгүй, албан тушаалгүй явбал мэндийн хариу өгөхгүй байдалтай. Нам зөөлөн дуугаар ярьвал зандарч загначих нь элбэг.
Монголчууд бидний мөн чанарт ийм адгийн ядарсан зан чанар их бага юм, уг нь.
Монголчууд иймэрхүү ядарснаа дээрэлхдэг нөхдийг тэвчээргүй, тавьтиргүй зантай ямаатай зүйрлэж, "Битгий годрон шиг аашлаад бай" гэх мэтээр зэмлэдэг байж. Ямаа яадаг вэ гэхээр ядарсан нэгнээ ямагт дээрэлхэн, эврээрээ сэжилж, бүр хэтрээд хаздаг юм. Нялх ишгийг дахлай нь сэжилнэ, дахлайгаа борлон нь, борлонгоо шүдлэн нь сэжилнэ. Тураалдаа орсон, тамир тэнхээгээ барсан нэгнээ ямаанууд ихэд гадуурхан, хавчин дээрэлхэнэ. Ямар сайндаа "Ямаан зан", "Ямаан омог" гэсэн хэлц гарах вэ дээ. Энэ "Ямаан омог" нь ч мөн холын чанарыг ухалгүй ойрын явдалд бачимдан, тэвчээргүй хурдан түргэн омгорхдог, дээрэлхдэг зан. Нэгнээ бяцхаан алдаа гаргавал харамсах биш харин ч улай үзсэн хэрээ мэт баярлан бархирах... хэлээд, засаад өгөхийн оронд улам түлхэнэ. Дорд л зан юм даа.
Манайхан ихэвчлэн хятад худалдаачид, манж түшмэдийг "Ямаан омогтнууд" гэдэг байж. "Хятад хүн ямаан омогтой, бэл бэнчингээр хүнийг үнэлдэг" хэмээн хэлцдэг байж. Энэ мэт үгс нь монголчууд бид тийм байж болохгүй шүү, бид өөр мөн чанартай хүмүүс шүү гэсэн санамжууд юм. Одоо тийм ямаан зантай, омогтой, цамаан зантай, бэл бэнчингээр, өмссөн зүүснээр, унасан машинаар, амьдардаг хорооллоор, хашдаг албан тушаалаар нь хүнийг үнэлчих гэдэг нь олон болоо юу даа гэмээр. Юм асуухаар дуугарч ядна. Дутуу сонсоо юм болов уу хэмээн лавлаад асуухаар уурлана. Авая, өгөөч гэчихээд өгөх гэхээр гэдийнэ, тонгойгоод өгөхөөр дээрээс харж ихэрхэнэ. Улиастайд, гэр хороололд амьдардаг гэвэл царай нь хувьсхийнэ. Ажилгүй гэхээр дуугаа хураачихна.
Уг нь Монголчууд бид чинь уужуу тайван, ядарснаа өргөж асардаг, задарснаа эвсэж засдаг элэг сэтгэлтэй ард түмэн юмсан. Юу гээчийн тахил нь буруу өрөгдчихөө вэ гэж халагламаар үе байх л юм даа.
Like

Ялан мандах, тэсэн үлдэхийн тулд….


XIII зууны Монголчуудын тухай Армяны түүхч ийн бичиж үлдээжээ…
“… Дээд эзнээс тэдэнд (Монголчууд) өгсөн, өөрсдөө ясах (Их Засаг) хэмээн нэрлэсэн зарлиг нь энэ болой.
Нэгдүгээрт, БИЕ БИЕЭ ЭНЭРЭН ХАЙРЛАХ,
Хоёрдугаарт,
– урин тачаангуйг тэвчих,
– эс өгснийг авахгүй байх, (хулгай хийхгүй байх)
– худал үл андгайлах,
– үл урван тэрслэх,
– хөгшид болон үгээгүйг өргөн тэтгэх зэрэг болно…”
Энэ бол хоосон домог биш, уран зохиол бол бүр ч биш. Түүхэн баримт. Григор Акренци хэмээх армян ламтан 1271 онд “Нум сумтан ард түмний түүх” хэмээх судартаа (хоёрдугаар бүлэгт) ийн бичжээ. (Орчуулагч доктор Д.Баярсайхан)
Григор Акренци бол Жувейни, Рашид ад Дин лугаа адил Монголчуудад алба барьж байсан хүн биш, тэр бүү хэл эрхэмлэдэг багш нь монголчуудад барьцаалагдаж, зовлон үзэж явсан, монголчуудад өштэй ч байж мэдэх, монголчуудын довтолгоон, “түрэмгийлэл”-ийн үйл явцыг нүдээр үзэж харсан хүн. Түүнд монголчуудыг учиргүй бахдан шагшин, тал засан бичих учир байхгүй. Учир нь энэхүү тэмдэглэлийн өөр хэсгүүдэд Монголчуудын аллага, хядлага, түрэмгийллийн тухай цөөнгүй мөрүүд бий.
Үүн лугаа адил утга агуулгатай тэмдэглэл нэг бус. Григор Акренцигийн нэгэн үед амьдарч асан Киракос, 1240-өөд онд Бат, Сүбээдэй нарын Европт довтолсон довтолгооны цаг үед амьдарч асан Спилитийн Фома ламтан, түүний дараахан Монголд хүртэл аялсан Плано Карпини, Гольюм де Рубрук, хожим Бээжин хүрсэн Марко Поло нарын тэмдэглэлд ч иймэрхүү утга агуулгатай хэсгүүд бий.
1260-аад онд бичигдсэн Жувейнигийн “Ертөнцийг байлдан дагуулагчдын түүх”, мөн Жузани, Рашид ад Дин нарын түүхүүдэд ч бас бий. Оросын олон хотуудын он дарааллийн бичиг, гүрж, перс, армяны бусад олон арван сурвалжуудад ч бий.
Яагаад үүнийг дурдав гэвэл хоёр учир шалтгаан байна.
.
НЭГДҮГЭЭРТ, XIII зуунд талын нүүдэлчин малчин Монголчууд яагаад ДЭЛХИЙН ЭЗЭН болж чадсан юм бэ? Энэ асуултад хариулахын тулд эрдэмтэн судлаачид доорх хэдэн асуултыг заавал сөхөж үздэг. Тэдэнд илүү технологи байсан уу, тэд тийм олуул байсан уу, тэд тийм хүчирхэг бие бялдартай, бусдаас илүү чийрэг, зоригтой байсан уу? Төгс боловсорсон зэр зэвсэгтэй байв уу? Тийм гарамгай дайчид, стратегичид байсан уу?
Судлаачид, ялангуяа гадныхан эдгээр асуултад хангалттай хариулцгаасан. Тэгээд сая хүрэхгүй цөөхөн хүн амтай, технологийн хувьд бараг хоцрогдсон, нийгмийн олон талт харилцааны хөгжлийн хувьд суурин иргэншлээс ихээхэн сул нүүдэлч малчид зөвхөн морьдын тэсвэр, нумны холч, биеийн баатар хийгээд бөх, жанжны ур чадвар, стратеги мэтхэнээр санаанд багтамгүй асар богино хугацаанд дэлхий дахиныг дайлан дагуулж, дагуулаад зогсохгүй өөрийн дэг ёсоо зуун дамнуулан тулган хүлээлгэж чадсанд гайхаж хоцрох нь элбэг.
Гэхдээ тэд ихэнхдээ хамаг гол зүйлээ эрж хайдаггүй. Тэр нь чухам эхэнд дурдсан зүйл юм. Өөрөөр хэлбэл Монголчууд гэж хэн бэ? Ямар үнэт зүйлтэй, ямар ёс суртхуунтай, ямар ертөнцийг үзэл үзэлтэй, ямар дотоод ертөнцтэй хүмүүс байсан юм бэ? гэсэн хамгийн чухал асуултад хариулт хайдаггүй.
Тэр цагт, XIII-XIV зуунд Монголчууд дэлхийн эзэн болж, сүпэр эзэнт гүрнийг цогцлуулж, хэт үндэстэн болж явсны уг шалтгаан бол тэр цаг үеийн тэр их үйл явдлыг бүтээгч асан монголчуудын ертөнцийг үзэх үзэл санаа, үнэт зүйлийн эрэмбэ, зарчим, ёс зүйн танин мэдэхүйн түвшинтэй шууд холбогдоно. Дотоодынхаа ужиг самууныг нуга дарсан Чингис хаан хүмүүн хэмээгчийн аж төрөн оршихуйн суурь үнэнийг, төр хэмээгчийн мөн чанарыг дагасан ард түмнийхээ сэтгэл зүрхэнд итгэл үнэмшил болгон шингээж чадсанд л чухам тэр хүчирхэгжилтийн эх ундарга байсан гэж үзэлтэй.
Өөрөөр хэлбэл бидний дээдэс оюун санааны хувьд тухайн эриндээ цаг үеэсээ түрүүлснийх, сэргэн мандаж чадсаных. Энэхүү оюун санааны сэргэн мандалтыг чухам дундад зууны миссионаруудынх мэт хүний махан биед баймгүй цөхрөлтгүй зүтгэл, хатан тэвчээр, энэхэн биеийг үл хайрлах итгэл үнэмшил, үлгэр домгийн баатрынх мэт хэт эрэмгий зан чанар, агуу суу заль, хэнийг ч дагуулан дарах хийморь золбоо (өнөөгийнхний мэдэхээр эрчим, энерги) зэрэг чухал хүчин зүйлүүд дагалддаг нь хууль юм.
Тухайн цаг үед Орос болон Европ дахинд ч, Ойрхи дорнод, Бага Ази, Дундад Азид ч эв нэгдэлгүй, ёс суртхуунгүй, бурангуй, харанхуй, түгжигдмэл байдал түгээмэл байсан, түүнээ ч дээрх түүх бичээчид, “Бид ийм байгаа болохоор тэнгэр бурхан Соддом Гоморын адил бидний нүглийг ариусган гэсгээхээр Тартарын орноос тэднийг (монголчууд) ирүүллээ” хэмээн гаслан халаглан бичицгээж байж. Харин ялан мандаж явсан Монголчуудын байдал түүнийх нь эсрэг, эв нэгдэлтэй, шударга, үнэнчийг эрхэмлэдэг байж.
Ялалт, ялагдлын уг шалтгааныг чухам эндээс эрж хайлтай. Ингэхэд түгээмэл байгалийн оршихуйн хууль гэгч зүйл ямагт амьдралын зөв хэлбэрийг дэмжиж, ивээж байдгийг олон үеийн судлаачид батлан өгүүлдэг. Ёс зүйн танин мэдэхүй нь нийгэм ахуйн суурь танин мэдэхүй болдог. Тэр цагт монголчуудын шударга журамтай, эв найртай байснаараа байлдан дагуулсан улс орнуудын ард түмнүүдээсээ онцгой ялгарч байж гэж үзэж болно. Түүх бичлэгт ихэнхдээ байлдан дагуулагчдыг буруутгадаг, бас ил далдуур өширхөн, хонзогнож, бодит байдлыг мушгин гуйвуулдаг. Гэсэн ч даравч дардайна, булавч бултайна гэгчээр Монголчуудыг хичнээн үзэн ядаж байсан ч тэрхүү оюуны онцгой шинж нь ямар нэгэн хэмжээгээр тэдний түүхэн бичвэрт үлдэж хоцорсоны нэгээхэн гэрч нь энэхүү Григор ламтны тэмдэглэл буй за.
Хүн төрөлхтний түүхэнд гарсан ямарваа сэргэн мандалт бүхний эхлэл нь оюун санааны сэргэн мандалт, эрэл хайгуул, нээлт ололт байж ирсэн.
Григор Акренцийн дурдсан цөөн хэдэн зүйл нь ёсзүйн эрээвэр хураавар догмаг харуулахгүй, угтаа эв нэгдэл, шударга ёсонд суурилсан цогц системтэй төр засаглалын шинж байдлыг илэрхийлсэн хуулийн бодлогын (Их Засаг хууль) тодорхой илрэл гэвэл илүү ойлгомжтой болно.
Тэр мандаж асан цагийн Монголчуудын тухай дээрх шинжүүдийг гундаж яваа өнөө цагийнхтайгаа харьцуулж үзэхэд асуудал улам тодорхой харагдах байх.
– Өнөөдөр монголчууд бид бие биенээ энэрэн хайрладаг уу? Бараг л үгүй дээ. Монгол хүн монгол хүндээ хог новш, адаг шаар болж хувирсан. Нийгэм, социологийн маш олон илрэл, шинж, баримтаар үүнийг батлан хэлж болно. Зүгээр гараад л замын хөдөлгөөнд орохдоо л бид үүнийг хангалттай мэдэрнэ… Интернет сайтуудын сэтгэгдэл рүү хальтхан өнгийхөд л анзаарагдана.
– урин тачаангуйг тэвчих талаар ямаршуухан байдалтай байгааг тайлбарлах шаардлагагүй. Сүүлийн 26 жилд монголд сексийн хувьсгал жинхэнэ ёсоор болсон. Бэлгийн замын халдварт өвчин мэргэжилтнүүдийг түгшээж байгаа.
– худал, хулгай хоёрын талаар ч тун хүнд байна. Доохнуураа орон байрны, жижиг хулгай, булаалт дээрэм, дээхнүүрээ хууль гаргаж, хуйвалдаж талцаж байгаад банк банкаар нь, орд ордоор нь хулгайлдаг, улс орноо цөлмөдөг. Хулгай гэдэг нь зөвхөн эд материалын хулгай төдий биш. Чөлөөт зах зээл нэрийн дор нэг нэгнээ монжих, завших сэтгэхүйн хэв шинжтэй болчихсон. Надад ашиггүй, хэрэггүй бол чи хэн ч биш гэсэн хэт ашигт хандлага ихээхэн түгээмэл. Хүн хүндээ зөвхөн өөрийнх нь эрх ашгийг хангаж байхад хэрэгтэй материаллаг эд зүйлс шиг харагддаг болсон. Тэгээд үүнийг зүй ёсны хөгжлийн зам мэт бодож төөрөлдөн мунгинах.
– урван тэрслэх. Энэ ч мөн л адил. Хүн хүнээ хайрлаж, хүндэлж эс чадаж байхад урван тэрслэх, араар нь тавих, нуруу руу нь хутга шаах зэрэг явдал хавтгай байх нь ч аргагүй. Урван тэрслэхийн тодорхой сонгодог жишээ бол манай улс төрчид, улс төрийн намуудын энэ эцэс төгсгөлгүй мэт адал явдал. Мөн л энэ мэт явдлаа төлөвшилт гэх… 26 жилийн туршид үргэлжилдэг улс төрийн тогтолцоо хийгээд намын төлөвшилт гэж байдаггүй юм. Өнөө ч сайтар төлөвших шинж байдал харагдахгүй байна. Дээрээ өдөр тутам ийм үлгэр жишээ үзүүлж байхад дунд, доод давхарга ямар байх нь ч тодорхой.
– Хөгшид болон үгээгүйчүүдээ өргөн тэтгэх…. Нийгмийн бүлгүүдийн хоорондох болон бүлэг доторх харилцааг харвал харин ч эсрэгээр мэт. Ядарснаа дээрэлхчих, үл тоох, хүн амынх нь 20 орчим хувь болчихоод байгаа үгээгүйчүүдээ хүний зэрэгт үл үзэх хэмжээний сэтгэлгээтэй. Өдөр бүр гудамжинд гуринхалсан, эсвэл согтуурхаад унасан, хог ухсан монгол хүнийг харж байна. Сургуульд сурч байх насандаа өдрийн хоолны төлөө зам дээр зогсоод үнэр дарагч, кола мэтхэнийг зарах 10-аад насны балчируудыг харж байна. Хэдэн арван сая гуйлгачинтэй Энэтхэг оронд яваа мэт сэтгэгдэл зарим үед төрөх.
Төрийн бодлогын түвшинд үзвэл хэдийгээр нийгмийн халамжийн олон бодлого, амлалт, түгээлт тараалт буй ч энэ бүхэн нь өргөн тэтгэх үнэн сэтгэлийнх гэхээс илүүгээр зөвхөн санал худалдаж авах арга заль дээр суурилсан байдалтай. Тиймээс ч үр дүн багатай, багатайгаар барахгүй бүхэл агуулгаараа улс нийгэмдээ, хөгжил дэвшилдээ асар их хортой. Нийгмийнхээ тодорхой хэсгийг тэжээврийн сэтгэхүйтэй болгож, гол зогоох төдий хишиг түгээгээд, өөрсдөө хязгааргүй завшиж байдаг тал нь илүү талдаа.
Энэ харьцуулалтаас тэр цагийн мандал бадралын болоод өнөөгийн уруудал доройтлын мөн чанар, шалтаг шалтгааны уг чанар тодорхой харагдах буй за. Товчхондоо тэр цагт Монголчууд өндөр ёс зүйтэй, итгэл үнэмшилтэй, шударга зарчимтай байж, монгол хүн монгол хүндээ эрхэм сайхан байж. Чухам тийм зангидсан нударга шиг цул байж л тооны цөөнийг хүчирхэг давуу тал болгон чадаж, чухам тийм шударга зарчимтай байж л дэлхийн дахиныг эрх сүрээр засаглах, дагуулах хүч чадлыг, эрх мэдлийг олж… Тиймээс Ойрхи дорно, Дундад Ази, Европ дахин өөрсдийнхөө нүглийг гэсгээгч Тэнгэрийн бэрээ хэмээн Монголчуудыг үзэж байж.
Монголчууд тэр цагт шударга зарчимгүй, оюун санааны хувьд давуу биш байсансан бол ийм “Тэнгэрийн бэрээ” буюу тэнгэрийн эрх засаглалыг газар дэлхий дээр тулган хэрэгжүүлэгч гэж хүлээн зөвшөөрөх байсан нь юу л бол? Тэгээд зогсохгүй зуунаар эсэргүүцэлгүйгээр дагах нь юу л бол? Мунхаг муйхар дарангуйлагчдыг бол нэг үе өнгөрхөд л эсэргүүцэн босч ирэх хүчийг олдог шүү дээ, ард түмэн. Харин өнөөдөр бидний байдал эсрэгээрээ.
Эндээс хөгжил дэвшил, цаашлаад сэргэн мандал, давуу тал гэдэг бол зөвхөн дан ганц эдийн засаг биш байх нь ээ гэсэн гаргалгаа юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хуулинд хамаардаггүй асуудал хүний нийгмийн амьдралд гарцаагүй байдаг гэсэн үг.
ТҮҮХ БОЛ ӨНГӨРСӨН РҮҮ ХАРСАН ЗӨНЧ ЮМ гэсэн мэргэдийн үг бий. Бид өнгөрсөн рүүгээ харж байж ирээдүйнхээ хөгжлийг тодорхойлох, эрч хүч, урам итгэлээ авах учиртай. Түүх гэдэг бол нэгэнт болоод өнгөрсөн баримтуудын цуглуулга төдий бус. Бүр эртнээс, Платон, Аристотелийн үеэс л их сэтгэгчид нийгэм-түүхийн танин мэдэхүй нь аливаа гүн ухааны сургаалийн хамгийн чухал шийдвэрлэгч асуудал гэж үзсээр ирсэн. Оюуны соёлыг материаллаг соёлоос өндөр дээд юм, оюуны соёл нь соёл гэдэг ерөнхий ойлголтын суурь нь хэмээн үзэж ирсэн.
.
УДААД НЬ, саяхан ТВ-ээр хойт хөршийнхний хийсэн Монголын байлдан дагуулалт гэдэг зүйл бодитой бус, хоосон зохиомол домог төдий байсан гэх агуулгатай баримтат кино гарлаа. Түүнд хэн нэгэн сайн дурынхан оролцсон бол асуудал болгон хөндөх шаардлагагүй, харин оросын нэр бүхий түүхч, эрдэмтэд, судлаачид оролцон, олон тооны баримтуудыг гаргаж ирж байгаа нь ноцтой юм.
Тухайлбал,
– байлдан дагуулагч колоничлогч бүр тухайн дагасан, дарагдсан улс үндэстэндээ өөрийн генээ буюу орхидсоо үлдээдэг. Латин Америкийн зарим орнуудын хүн амынх нь 50 гаруй хувь нь Испани болон уугуул иргэдийн эрлийз байдаг. Гэтэл Оросыг 200 жил дарласан гэх атлаа өнөөгийн орос үндэстний генээс монголтой төстэй өчүүхэн ч зүйл илрээгүй. Энэ нь монголчуудын эрин үе гэж Оросын түүхэнд байгаагүйг илтгэнэ.
– үе үеийн колоничлолын гол зорилго бол материаллаг болон амьдрах орон зайгаа тэлэх сонирхол байж ирсэн. Гэтэл монголчуудынх тийм байсангүй. Оросын хотууд маш бага татвар төлдөг байж, Колоничлогчид өөрсдийн зан заншил, шашин шүтлэгээ хүчээр тулгадаг байсан бол Монголчуудын дарлалын үед орост харин ч үнэн алдарт шашны сүм хийдүүд хамгийн олноор баригдаж, шашин нь хамгийн ихээр хөгжсөн байдаг.
– иргэний дайны үед тодорхой алс зайнд (3000 км) морьт цэргийг шилжүүлэн байлдуулсан. Гэтэл тэр морьд зорьсон цэгтээ очсон ч байлдааны үүрэг гүйцэтгэх ямар ч чадваргүй болсон байв. Энэ нь монголын өндөрлөгөөс мориор 6000, түүнээс ч хол км замыг богино хугацаанд ямагт байлдан туулж ирэх бодит боломжгүйг харуулна.
– бусад их байлдан дагуулалт, колоничлолууд нь зуун дамнан хийгдсэн бол нүцгэн шалдан нүүдэлч монголчуудынх юу ч үгүй (бараг) хоосноос эхэлж, галт уулын дэлбэрэлт мэт Евроазийг хэдхэн арван жилийн дотор агшин зуур бүрхсэн. Энэ байж боломгүй зүйл. Тиймээс Монголчуудын дэлхийг дагуулсан байлдан дагуулал гэж байгаагүй, хоосон домог шахуу гэх мэтээр тайлбарлаж байх… Үүнчлэн олон ч баримтууд гаргаж ирж байна.
Энэ нь мэдээж хэрэг ОХУ-ын ШУ-ын албан ёсны үзэл хандлага биш гэж найдаж байгаа. Эрүүл саруул түүхчдэд эдгээр үгүйсгэл бүхнийг няцаах баримтууд хангалттай бий. Вернадский, Владимирцов, Гумилев гэх мэт Монголын түүх судалгааг урагшлуулсан олон арван эрдэмтэд байсан. Өнөө цагт ч мөн шинэ залуу судлаачид, эрдэмтэд (Почекаев гм) хангалттай байгаа.
Харин энд энэ мэт үгүйсгэл, эргэлзээ зарим хэсэг бүлэгт яагаад илрээд байгаа вэ гэдгийн шалтгаан чухал юм. Ийм хандлага харь улсын иргэдэд бүү хэл манай залуусын дотор ч байдаг. Эхэнд дурдсан XIII зууны Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ёсзүй, оюун санааны давуу онцлог талыг олж хараагүй, зөвхөн бусад түрэмгийлэл, колоничлолын жишиг, шинжээр хэмжиж байгаагаас ийм хол төөрч будилахад хүрч байх шиг.
Монголчуудын оюун санааны давуу тал нь материаллаг ашиг сонирхол болон орон зайгаа хүчээр тэлэх хандлагыг тодорхой түвшинд хязгаарлаж байж, мөн бусад шашныг үл тэвчих хэт панат байдлыг ч хязгаарлаж байж, энэ төдийгүй тийм их тэсвэр тэвчээр, суу заль, арга ухааныг олж байжээ л гэсэн үг юм. Оросын геостратегич А.Дугин “Монголчуудын бүдүүлэг түрэмгийлэлд ямар нэгэн аугаа тэнгэрлэг зүйл оршиж байв” гэсэн. Энэ шинжийг нь Л.Гумилев пассионер чанар гэж тодорхойлсон. “Монголын эзэнт их гүрний түүхийг бүхэлд нь бүрэн дүүрэн судлан илэрхийлэх боломжгүй, тийм аугаа юм” гэсэн хандлага ч бий. Өөрөөр хэлбэл тэд монголчуудын гэнэтийн тэр их хүчирхэгжилтийн уг шалтгааныг зөвхөн материаллаг талаас нь эрж хайх боломжгүй юм гэсэн санаанууд энд хүчтэй илэрч байна…
Харин энэхүү баримтат кинонд оролцогсод, бүтээгсэд эхэнд өгүүлсэн Григор Акренцийн дурдсаны цаана буй Монголчуудын онцгой идэвхит шинжийг олж харсангүй.
Магадгүй, хүсэхгүй бол олж харах боломжгүй. Хэрвээ хүсэхгүй буюу санаатайгаар ийм тайлбар, нэвтрүүлэг хийж буй бол болгоомжлох, сэрэмжлэх зүйл гарцаагүй гарч ирнэ. Монголын их түүхийг үгүйсгэх, өөрийн болгож авах гэсэн оролдлого зарим улс үндэстнүүдийн зүгээс өмнө нь ч гарч байсан, одоо ч үргэлжилж байгаа.
Тэднийг ойлгож болно, хүчирхэг улс гүрнийг цогцлооход нь аргагүй том түүх шаардлагатай байх, дарагдаж давтагдсан асан дурсамж байх шаардлага үгүй байгаа. Орон зайгаа тэлэхэд нь ч хэрэг болж мэднэ. Энэ бол тэдний асуудал. Харин бидний асуудал бол хөгжих, сэргэн мандах явдал. Бид өнөөгийнх шигээ сайн муугаа ялгах чадваргүй, арчаагүй сул дорой, эв нэгдэлгүй, эрхэмлэх зарчимгүй байсаар байх ахул бид хэн ч биш болох нь ээ. Нэг л мэдэхэд бидэнд зориулсан зохиомол түүх бичигдэж, бидэнд тулган, эсвэл илбэн хүлээлгэхийг үгүй гэх арга үгүй.
Яагаад гэвэл хүн төрөлхтний түүх үргэлжийн зөрчил тэмцлийн түүх, улс орнууд, үндэстэн ард түмний мандал бадрал хийгээд уруудал мөхлийн түүх байж ирсэн. Өнөөдөр ч алмай тайван байхын аргагүйгээр тэр зөрчил тэмцэл үргэлжилсээр байгаа. Зарим улс орнууд бидний нүдэн дээр сүйрч байна. Тэднийг зориудаар сүйрүүлсээр л байгаа шүү дээ.
Эцэст нь, товчхондоо тэсэн үлдэхийн тулд, улмаар хөгжиж дэвшихийн тулд ялан мандаж асан тэр цагийн санамж, дурсамжаа бид сэргээн санах хэрэгтэй…
Б.Номинчимэд