Өөрөөсөө доор, ядарсан, зутарсан, тамир тэнхээ муутай, өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэсэн тааруухан нэгэндээ ихэрхүү, дээрэлхүү, бардам, түрэмгий зан гаргадаг нөхдүүд бол өөрсдийгөө тэр дээрэлхээд байгаагаасаа ч доор ядарсан өчүүхэн дорд амьтад гэдгээ л илтгэн харуулж байгаа хэрэг шүү. Нэг их сайхан амьтад шиг сүүлээ соосойлгоод, хамраа сарталзуулаад, дээгүүр хараад байх хэрэггүй юм. Өөрсдийгөө л хэн болохоо зарлан тунхаглаж байгаагаа мэдэж авцгаа...
Муухан хувцастай явбал тоохгүй шинжтэй, ядарсан царайтай явбал доог тохуу болгочих янзтай, муухан машин унаад гэлдэрч явбал шахчих, зай тавиад өгчихгүй санаатай, ажил төрөлгүй, албан тушаалгүй явбал мэндийн хариу өгөхгүй байдалтай. Нам зөөлөн дуугаар ярьвал зандарч загначих нь элбэг.
Монголчууд бидний мөн чанарт ийм адгийн ядарсан зан чанар их бага юм, уг нь.
Монголчууд иймэрхүү ядарснаа дээрэлхдэг нөхдийг тэвчээргүй, тавьтиргүй зантай ямаатай зүйрлэж, "Битгий годрон шиг аашлаад бай" гэх мэтээр зэмлэдэг байж. Ямаа яадаг вэ гэхээр ядарсан нэгнээ ямагт дээрэлхэн, эврээрээ сэжилж, бүр хэтрээд хаздаг юм. Нялх ишгийг дахлай нь сэжилнэ, дахлайгаа борлон нь, борлонгоо шүдлэн нь сэжилнэ. Тураалдаа орсон, тамир тэнхээгээ барсан нэгнээ ямаанууд ихэд гадуурхан, хавчин дээрэлхэнэ. Ямар сайндаа "Ямаан зан", "Ямаан омог" гэсэн хэлц гарах вэ дээ. Энэ "Ямаан омог" нь ч мөн холын чанарыг ухалгүй ойрын явдалд бачимдан, тэвчээргүй хурдан түргэн омгорхдог, дээрэлхдэг зан. Нэгнээ бяцхаан алдаа гаргавал харамсах биш харин ч улай үзсэн хэрээ мэт баярлан бархирах... хэлээд, засаад өгөхийн оронд улам түлхэнэ. Дорд л зан юм даа.
Манайхан ихэвчлэн хятад худалдаачид, манж түшмэдийг "Ямаан омогтнууд" гэдэг байж. "Хятад хүн ямаан омогтой, бэл бэнчингээр хүнийг үнэлдэг" хэмээн хэлцдэг байж. Энэ мэт үгс нь монголчууд бид тийм байж болохгүй шүү, бид өөр мөн чанартай хүмүүс шүү гэсэн санамжууд юм. Одоо тийм ямаан зантай, омогтой, цамаан зантай, бэл бэнчингээр, өмссөн зүүснээр, унасан машинаар, амьдардаг хорооллоор, хашдаг албан тушаалаар нь хүнийг үнэлчих гэдэг нь олон болоо юу даа гэмээр. Юм асуухаар дуугарч ядна. Дутуу сонсоо юм болов уу хэмээн лавлаад асуухаар уурлана. Авая, өгөөч гэчихээд өгөх гэхээр гэдийнэ, тонгойгоод өгөхөөр дээрээс харж ихэрхэнэ. Улиастайд, гэр хороололд амьдардаг гэвэл царай нь хувьсхийнэ. Ажилгүй гэхээр дуугаа хураачихна.
Уг нь Монголчууд бид чинь уужуу тайван, ядарснаа өргөж асардаг, задарснаа эвсэж засдаг элэг сэтгэлтэй ард түмэн юмсан. Юу гээчийн тахил нь буруу өрөгдчихөө вэ гэж халагламаар үе байх л юм даа.
No comments:
Post a Comment