Tuesday, June 17, 2008

Маш олон хүн “эргээд очтол аав, ээж минь эсэн мэнд л байж байгааcай” гэж өглөө бүр залбирдагийг мэднэ

Монцамэ”агентлагийн Ерөнхий редактороор ажиллаж байгаад АНУ-ын Вашингтон хотод тусгай сурвалжлагчоор одон даруй таван жилийг үдээд ирсэн сэтгүүлч Б.Номинчимэдтэй уулзаж ярилцлаа.

-Та АНУ-д нэлээд удах шиг боллоо. Явсан газрын сониноосоо хуваалцахгүй юу?
-Явж байсан маань өчигдөрхөн мэт санагдавч бас ч нэлээд хэдэн жил өнгөрчихжээ. Гэвч энэ жилүүд миний хувьд үйл явдал,хөдөлмөр бүтээл, сайхан дурсамжууд, сайн найз нөхдөөр дүүрэн, баялаг олз омогтой байсан санагдана. Тэдгээрээс чухам юуг нь онцолж сонирхуулахаа мэдэхгүй л байна шүү.

-Хаана, аль хотуудад амьдарч байв?
Вашингтон хотод хоёр жил, Индиана мужын Блүүмэнгтон хотод гурван жил гаруй амьдарлаа. Блүүмэнгтонд АНУ дахь Монгол судлалын ганц төв нь байдаг. Мажаарын алдарт монголч эрдэмтэн Хар Дорж буюу Жорж Кара гэдэг Монголын нэгэн үеийн шинжлэх ухааны амьд түүх, нэвтэрхий толь болсон өвгөн бий. Эрдэмтэн хүн гэж ийм л хүнийг хэлэх болов уу гэж аргагүй биширсэн дээ. Мөн Кристофор Этвүүд, Жон Крүгер, Алиша Кампи нарын зэрэг америк дахь монгол судлалын гал голомтыг тасалчихалгүй залгуулан яваа хэд хэдэн нэртэй монголч эрдэмтэд бий.
Бас Далай ламын шууд ивээл доор байдаг Монгол-Түвдийн шашин, соёлын төв гэж бий. Тэргүүн болох Ажаа гэгээнтэн нь Хөх нуурын монгол хүн. Тэрээр одоо амьд сэрүүн байгаа хутагт хувилгаадуудын дунд Далай багшийн дараахан ордог өндөр хүндэтгэлт хүн. Амьдралын баялаг түүх намтартай, учирсан бүхэндээ хайр, гэрэл гэгээ түгээсэн аргагүй гэгээн л хүн бий дээ.
Тэр хүн Америкт Монголынхоо шашин-соёлыг маш амжилттай сурталчилж байгааг нь хараад бахархаж л явлаа. Мөн хүний нутаг гүний хошуунд яваа элэг нэгт олон монголчууддаа өмөг түшиг, ээл ивээл нь болж яваа хүн дээ.

-Блүүмэнгтон хотод монголчууд олон байх уу?
-Цөөхөн дөө, хүүхэд шуухадтайгаа нийлээд 30-аадхан л монгол хүн амьдардаг. Уулаасаа жижигхэн оюутны хотхон байгаа юм. Харин Вашингтон хот бол америк дахь Монголчуудын нэг томоохон төвлөрөл нь. Энэ хот орчимд 4000 гаруй хүн аж төрж буй гэсэн баримжаа тооцоо бий.Ортой байх. Ялангуяа Арлингтоны төв болох Росслин, эсвэл Колумбиа Пайк орчимд бол ер монголдоо байгаа юм шиг л алхам тутамд монголчуудтайгаа тааралдаж болно. Эндэхийн хэдэн гудамжны бараг онгорхой хаалга бүхэнд нь Монголчууд ямар нэгэн ажил төрөл эрхэлж таарна, хэдэн гудамж дамнаад бөмбөг сугавчилаад, харуул хамгаалалтгүй сэлгүүцэж яваа жаалуудтай таарвал, ямар ч эргэлзээгүй монгол хүүхдүүд л гэж мэд. Ер нь тэндэхийн монголчууд маань их өөдрөг, цоглог, хөдөлмөрч хүмүүс бий дээ.

-Өөрийн чинь тухай төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа, Л.Мягмарсүрэн,
Г.Аюурзана нарын аян замын тэмдэглэлээс бичиг цаасны ажилтай зууралдсан, цаг завгүй хүн байдаг гэж уншиж байсан. Та тэнд юу хийж байв даа?
-Хэ хэ, тэдэнд л их завгүй хүн харагдаж л дээ. Ер нь америкт цаг хугацаа гэдэг бүхнээс үнэ цэнэтэй, цагийг үнэлж, цэгнэж, мэдэрч чаддаг нийгэм. Нөгөө “Алтны хажуу дахь гууль шарлана” гэгчээр тийм эрчилсэн хэмнэл, хөдөлгөөн, хөдөлмөр дунд ороод эрх биш бас жаахан завгүй, хөдөлмөрч царай гаргаж аахилж, амьсгаадаж гүйсэн байх л даа. Түүнээс биш би ч угийн алмай назгай хүн л дээ.
Гэхдээ бас зүгээр ч суусангүй ээ, “МОНЦАМЭ”-дээ мэдээ, мэдээлэл илгээхээс гадна Америкийн монголчууддаа зориулсан “Даяар Монгол” сэтгүүлийг найз нөхдүүдийн хамт гаргаж байлаа. Ганц би биш шүү дээ, бараг 30 гаруй хүний хөдөлмөр, зүтгэлийн хүчээр, хэдэн мянган монголчуудын маань итгэл сэтгэлийн дэмжлэгээр энэ сэтгүүл гарч байсан. Энэ сэтгүүл маань 2003 оны 12 сараас эхлэн 2007 оны 8 сарыг хүртэл долоо хоног тутам гарч, нийтдээ 136 дугаар хэвлэгдэн, америкийн 46 мужийн 150 орчим хотуудад 70 мянга орчим ширхэг тарсан. Тэгээд 2006 оноос электрон хувилбарт шилжиж, өнөөдөр манай сайтад өдөр тутам дэлхийн 40 орчим орноос хэдэн мянган монголчууд зочилдог болоод байгаа.
Харин хэвлэгдмэл сонины хувьд Даяар Монгол маань одоо Чикаго дахь Америк-Монголын нийгэмлэгийнхэнтэй хамтарч “Мэдээлэл-Инфо” гэсэн нэрээр арав хоног тутмын сонин болон хэвлэгдэж байгаа.
Түүнээс гадна Америкт аж төрж буй уран бүтээлчдийнхээ номыг эх барьж авч байлаа. Эх орноосоо алс хол байх уран бүтээлчийн онгодыг хөглөж, авъяасыг нээдэг бололтой юм. Америкт манай цөөнгүй уран бүтээлчид аж төрдөг, тэдэнтэйгээ байнга холбоотой байж, сайн муугаа ярилцаж, зөвлөлдөж байв. Зохиолч Д.Энхболдын “Казиног номхотгосон түүх”, яруу найрагч Л.Мягмарсүрэнгийн “Хас сар”, Лу.Батбаярын “Охин минь коллежоо төгсчихлөө”, “Энэ өдрийн тэнгэр айсуй”, Т.Бум-Эрдэнийн “Сэмэрч үл барагдана”, Д.Уранзулын “Зул бадамлах цагаар”, Ц.Энхтүвшингийн “Алтан олимпийн мөнгөн дурсамж”, Д.Оюунчимэгийн “Тэнгэрийн цаг болоогүй”, “Хайрын домог”, Б.Аариймаагийн “Америкт тавтай морил” зэрэг өгүүллэг, тууж, яруу найраг, нийтлэл, орчуулгын нийт 30 гаруй номыг редакторлож, эх барьж авав.

-Эдгээр номууд англи хэлээр гарч байв уу?
-Яалаа гэж, Америкийн утга зохиолын тавцанд гарна гэдэг тийм ч амархан биш. Гэхдээ манай монголчуудад тийм боломж, нөөц бий, удахгүй тэндэхийн утга зохиолын хүрээлэлд өөрийн баттай байр суурьтай болох ч байх гэж найдаж байгаа.
Харин дээрх номуудыг америкийн монголчууддаа зориулж монгол хэлээр л хэвлэн гаргаж байлаа. Америкт чинь 20 мянга гаруй монголчууд аж төрдөг шүү дээ. Тэгээд ч харьцангуй уншдаг, боловсролтой хүмүүс. Дээрх номнуудаас Д.Энхболд ахын “Казиног номхотгосон түүх”, Л.Мягмарсүрэн ахын “Хас сар” түүврүүд Монголдоо хэвлэгдэж, зохих хэмжээгээр үнэлэгдэж, шуугиан тарьсан юм билээ. Одоо удахгүй Т.Бум-Эрдэнийн маань “Сэмэрч үл барагдана” өгүүллэгийн түүвэр монголдоо хэвлэгдэх байх. Уншигчид, судлаачид энэ түүврийн уншаад үгээ хэлцгээнэ байх аа. Ер нь үргэлжилсэн үгээр богино хугацаанд эрч хүчтэй, амжилттай туурвиж, манай утга зохиолын хаалгыг тогшиж биш, хага ханз дайран орж ирж байгаа хүн дээ.

-Танай “Даяар Монгол” сэтгүүл америк дахь анхны монгол хэвлэл байв уу?
- Үгүй ээ, америк дахь монголчууд маань бусад оронд буй монголчуудтайгаа харьцуулахад их эвсэг, санаачилгатай хүмүүс санагддаг. Америк дахь анхны Монгол хэвлэл бүүр 2000 оны эхээр Денвер хотод “Денверийн мэдээ” нэрээр гарч байсан юм билээ. Түүнээс хойш “Америкийн монголчууд”, “Замдаан”, “Монгол мэдээ”, “Гарьд”, “Өнөөдөр-америкт”, “Таванцагираг-америкт”, “Болор толь” гээд олон сонин сэтгүүлүүд урт богино янз бүрийн хугацаагаар гарч байсан ба одоо ч гарч байгаа.

-Өө, зөндөө олон хэвлэлтэй юм аа…?
-Харин тийн. Ер нь цагаачлал монголын нийгэмд нэн шинэ үзэгдэл. Урьд өмнө ингэж хэдэн арван мянгаараа бүү хэл ганц хоёроороо ч гадагш цагаачилж байсангүй. Дундад зуунд ойж нүүсэн Ойрд түмнээ эс тооцвол Монголчууд бидэнд цагаачлалын түүх, туршлага ч байсангүй. Гэвч манайхан сүүлийн арваадхан жилд хэдэн арав, зуун жилийн цагаачлалын түүх, арвин туршлагатай япон, солонгос, хятад, мехсик, зүүн өмнөх азийнхантай энэ зэрэгцэхүйц баялаг туршлага хуримтлуулж, түүх намтартай болж, олон үндэстний цагаачдын өлгий нутагт өөрийн гэсэн тод томруун орон зайтай болж чадаж байгаа нь барим тавим харагдах боллоо. Энэ их сайхан бахархам юм.
Төрөлх хэл дээрх сонин хэвлэл гэдэг цагаачдад амин чухал зүйл байдаг. Энэ талаараа америк дахь Монголчууд маань их хол алхсаны илрэл нь дээрх сонин хэвлэлүүд. Түүнээс гадна бараг монголчууд суурьшсан хот бүхэнд мэдээлэл солилцооны yahoogroup-үүд амжилттай ажиллаж байна. www.mongolmedee.mn, www.zamdaan.com. www.orloo.com, www.hamagmongol.mn, www.tsahim.us, www.medeelel.com, гээд олон тооны мэдээллийн сайтууд ажиллаж байгаа.
Эдгээр мэдээллийн хэрэгсэлүүдийн үр ашгийн тухай олон зүйлийг ярилтгүй. Зөвхөн манай муу алгын чинээ сонин, сэтгүүлээр дамжин 200-гаад хүн ажилд орсоныг би мэднэ. Ажилд орлоо, баярлалаа гээд утасдах, талархалын захидал ирүүлэх, бас зарим нь цалингийнхаа дээжнээс 50, 100 доллар илгээх нь ч бий. Тэднийгээ тоолоод л тэр шүү дээ. Цаана нь ажлаа олчихоод чимээгүйхэн хийгээд яваа хэдэн ч хүн байгааг мэдэхгүй. Мөн хичнээн хүн байр савтай болсоныг мэдэхгүй. Олон хүн эрүүл мэнд, хууль зүй, хэл ус, бизнесийн гээд олон төрлийн туслалцаа, санаа оноо авсан байх. Мөн эх нутаг, элгэн саднаа санасан сэтгэлд нь ч ижил түшиг ч болж байсан. Мэдээлэл дутмагаас болоод визээ харлуулах, бичиг баримтаа олж авч чадахгүй байх, элдэв хэрэг төвөгт хялбархан орооцолдох, олон сайхан боломжийг алдах гээд бэрхшээлүүд гардаг. Чухам энэ үүднээс л цагаач иргэдэд мэдээлэл гэдэг хамгийн чухал зүйл. Бас энэ үүднээсээ ч манай “Даяар Монгол” тодорхой хугацаанд үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэсэн гэж боддог.
Одоо бол нэгэн үеэ бодвол гадаадад буй монголчууд маань мэдээллийг авах арга, боломж 4-5 жилийн өмнөхөөс хэд дахин, бүр 10 дахин нэмэгдсэн. Тэгэхээр өөр, илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа, мэдээллийн хэрэгсэл шаардлагатай ч байж магадгүй. Залуус маань нэгийг бодож, санаж яваа байх аа.

-Манайхан ч гадагшаа л гарч байвал хаана ч амьдарсан хамаа байж уу гэсэн бодолтой болчихож…? Таны амьдарч байсан Америк орон хүсээд байхаар “диваажин” мөн үү дээ?
-Чухам энэ Монголоос л гарч байвал хаана ч яахав гэж буй нь манай нийгэмд өгч буй хамгийн бодит үнэлгээ байх. Энэ эмгэнэл л дээ. Үнэхээр ч тийм байгааг ирсээр харж мэдэрч байна. Уг нь бид чинь эх оронтой хүмүүс. Хөөгдмөл туугдмал, золбин тэнэмэл хүмүүс биш шүү дээ. Эх орондоо шударга хөдөлмөрөө үнэлүүлээд, элбэг хангалуун сэтгэл түвшин амьдрах бололцоотой байсансан бол ингэж нийгмээрээ хариар өвчлөх үү?
Америк аргагүй олон олон улс түмнүүдийн сэтгэлийг татсан, хүний хөгжих, хөдөлмөрлөх, аж төрөх бололцоог зохих хэмжээнд хангаж чадсан нийгэм. Гэвч, ер хүний нутаг бол хичнээн сайхан ч хүний л нутаг шүү дээ.

-Та америкт буй монголчуудынхаа тухай сайн сайхан зүйлсээс зөндөө ярьлаа, бас бэрхшээл, сүүдэр зовлон зөндөө л байгаа даа?
-Өө, сайн сайхан зүйлсийнх нь зөвхөн зах зухаас л ярьлаа шүү дээ. Цааш нь ярьвал маш олон зүйл байгаа. Маш олон монгол залуус маань үйлдвэр цех, компаниуд, ресторан, хими цэвэрлэгээ, барилга, засвар үйлчилгээ, машины дилер, үл хөдлөх хөрөнгийн зуучлал гээд жижиг дунд бизнесийг амжилттай ажиллуулж байгаа. Миний л мэдэхээр зөвхөн Вашингтон хот орчимд л Монгол эзэнтэй 40 орчим аж ахуйн нэгж бий гээд бодчих. Бас олон монгол залуус америк залуусын хувьд мөрөөдөл нь болж байдаг дэлхийд нэр хүнд бүхий томоохон компаниудад салбарын эрхлэгч хүртлэх янз бүрийн алба хашиж байна. Америкийн олон муж, дүүргийн урлаг, спортын дэвжээнд цөөнгүй монгол хөвгүүд, охид маань гайхуулж, бахархуулж, бахдуулж явна. Тэр бүгдийн нэр усыг дурдвал уртаас урт цуваа гарч, танай сонины зай талбай багадах нь магад. Мянга мянган залуус их дээд сургуульд суралцаж байна.
Олон хотуудад Монгол холбоо нийгэмлэгүүд байгуулагдсан. Жил бүрийн 7 сард АНУ-ын 30 гаруй хотод нэгэн зэрэг Монгол наадам болдог, 2 сард цагаан сараа яг л монголдоо байгаа юм шиг өргөн дэлгэр тэмдэглэдэг, Улс тунхагласны баяр, Шинэ жилээ Улаанбаатартаа байгаа юм шиг нижгэр хөгжүүн тэмдэглэдэг болсон. Зарим наадамд 1400-1500 хүн цугларч, аймгийн наадмын хэмжээний арга хэмжээ болох нь ч бий. 5 хотод монгол сургууль байгуулагдлаа. Монгол соёлын төв амжилттай ажиллаж байна. Хэд хэдэн урлагын хамтлаг, клуб үйл ажиллагаа явуулж байна. Монгол эмнэлгүүд ч бий.
Энэ бүхний цаана АНУ-д дахь Монгол Улсын сурталчилгаа маш амжилттай байна гэсэн үг. 5 жилийн өмнө Монголыг маань мэддэг америк хүн тун цөөн таардаг байсан бол одоо бараг л бүгд мэддэг болжээ.
Ер нь монголчууд маань цөөн гээд цөөддөггүй, эрч хүчтэй, эрчим чадалтай, нөөц чадвартай хүмүүс юм. Зөв эрүүл орчинд ороод ирэхээр тэр нь чадвар маш тод томруун харагдах юм билээ.
Виржиниагийн Арлингтон дүүргийн дунд сургуулийн нэгэн багш ингэж ярьж байсан. Тэдний ангид хоёрхон монгол сурагчтай, гэвч тэр хоёр хэзээ ч цөөддөггүй, үймүүлэхдээ ч, үлгэрлэн дагуулахдаа 20 латино хүүхэдтэй яг тэнцүү, заримдаа анги нь зөвхөн тэр хоёроор амьсгалж байдаг гэж бахархангүй байсан.
Тун удалгүй гадаадад буй, ялангуяа америкт буй монголчуудаас маань оюуны болоод хөрөнгө санхүүгийн томоохон хөрөнгө оруулалт эх монголдоо орох байх гэдэгт итгэлтэй явдаг даа.

Мэдээж, гэрэл байсан газар сүүдэр байх нь ойлгомжтой. Аль ч үндэстний цагаачдыг дайрдаг тэр бэрхшээл бүхэн монголчуудыг маань тойрч гарахгүй.
“Соёлын шок” гэгддэг тэр нийтлэг үзэгдлийг харин ч монголчууд маань богино хугацаанд хөнгөхөөн туулчихаж байх шиг харагддаг. Гэхдээ хэцүү хүнд зүйл бишгүй. Тэр хүнд бэрх ялангуяа эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд маань илүү хүндээр тусч, илүү хүнд ачаа ногдож байх шиг байдаг.
Аав ээж, амраг хань үр хүүхдээсээ амьдын хагацалд байна гэдэг тийм амар биш. Олон хүн өр зээл тавиад очдог, очоод ажил олдохгүйгээс өр зээл нь улам арвижаад, олдсон ч ажлын хүнд, дасаагүй цаг агаар, орчин, гэр бүлийн маргаан, гутрал гээд хэцүү бэрхшээлд нугарч амиа хорлох нь нэлээд бий. 2005-2006 онуудын хооронд 13 хүн амиа хорлосныг мэдэх юм. Олон хүн стресст орж, хар залуугаараа улиг архаг өвчтэй болж, эрүүл мэнд, амь насаа алдаж байгаа. Өдөрт 10-15 цаг хөл дээрээ зогсож ажиллах нь элбэг. Ер нь америкт амархаан доллар цуглуулчихна гэж бодож очвол “Их санасан газар долоо хоног хоосон” гэгч л болно. Зовж, зүтгэж байж, нөөц бололцоогоо гаргаж байж л мөнгө олно. Ер хаана ч тэр, гэхдээ америкт хэн зүтгэж чадна тэр сайхан амьдрах боломжтой байдаг нь давуу юм.
Мөн гэр бүл салах, өнчрөх нь их түгээмэл. Би тодорхой тоо хэлж мэдэхгүй ч их гэдгийг хэлж чадна. Хүүгээ 2 настайд нь орхиж АНУ-д очоод 4 жил уулзаж чадаагүй байтал хүү нь гэнэт өнгөрсөнийг сонсоод муужран унаж байгаа бүсгүйн дэргэд байхдаа энэ ямар хэцүү болохыг би яагаад ч илэрхийлж чадахгүй юм байна даа гэж бодож байсан. Дотнын хоёр найз маань аавтайгаа уулзаж чадаагүй нэг нь 7, нөгөө нь 5 жил болсон, тэгээд аль аль нь уулзаж чадалгүй өнгөрөөсөн. Нэг нь надад уйлаад ярьж байсан, мөнгө, машин, сайхан байр энэ бүхэн ер юу юм бэ, ганц өдөр ч болов аавынхаа хажууд нь байж, аяга халуун цайг нь дөхүүлж, хөлийг нь хучаад өгч чадсангүй, тэр дотно сайхан үнэрийг нь мэдэрч чадсангүй гээд… Би ч мөн америкт байхдаа аавтайгаа, хоёр том эгч, бас том хүргэн ахтайгаа уулзаж чадалгүй явуулчихсан. Хэцүү л юм билээ. Ер нь аавууд хөөрхий яваад л өгцгөөх юм даа, харин ээжүүд бол их тэвчээртэй хүлээдэг бололтой догоо. Маш олон хүн “за эргээд очтол аав, ээж минь эсэн мэнд л байж байгаарай” гэж өглөө бүр залбирдагийг мэднэ.

-Хэцүү л сонсогдож байна шүү. Гадаадад цагаачилж буй хүмүүст бүгдэд нь тохиолддог байх даа. Нааш цааш явж, уулзаж учрах боломж тийм бага уу?

-Тэгэлгүй дээ. Харлах буюу хууль бусаар оршин суухын хэцүү нь тэндээ юм. Бусад орнуудтай харьцуулахад америкт өөрөө л хэрэг төвөг тарьчихгүй, мөрөөрөө ажлаа хийгээд явж байвал ямар ч цагдаа ирж шалгаад, ухаж төнхөөд байхгүй л дээ. Хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь тэр нийгэмдээ аж төрж буй хүн бүхэнд хамаатай учраас тэр.
Одоо гадаад орнуудад 120 мянга гаруй монгол иргэн аж төрж буй гэсэн тоог албаны хүмүүс хэлж байна лээ. Магадгүй энэ тоо бодит байдал дээр 2 дахин илүү ч байж магадгүй. Гадаадад буй иргэд манай нэлээд идэвхтэй, боломжтой, дундаж болон түүнээс дээд түвшиний, тэгээд ид ажиллах, бүтээх насны хүмүүс голдуу. Энэ цагаачлалын үзэгдлийг дагаад олон шийдвэрлэвэл зохих асуудлууд гарч ирж байгаа юм.
Хамгийн түрүүнд давхар иргэншлийн асуудал. Зөвхөн америкт л гэхэд нэг жилд 500 орчим монгол хүүхэд төрж байгаа гэдэг. Энэ тоо жил тутам хурдацтай өсөж байгаа. Маш олон эмэгтэйчүүд америкийн иргэнтэй гэр бүл болж байна. Мөн олон чадварлаг залуус америкийн иргэншилтэй болж байна. Энэ тал дээр манай төр зоригтой алсыг харсан уян хатан алхам хийгээд явбал алсдаа иргэддээ ч, улс орондоо ч сайн үр дагавар нь авчрах нь ойлгомжтой. Давхар иргэншил гэхээр л бүх оронтой задгайрчих юм шиг ойлгож болохгүй байх, тодорхой хязгаарлалт зохицуулалт байх нь мэдээж хэрэг.
Удаад нь гадаадад буй тэр олон мянган иргэд маань сонгох сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Наад зах нь сонгох эрхээр нь дамжуулаад төр тэднийхээ анхаарлыг эх оронд нь татах болно шүү дээ. Ний нуугүй хэлэхэд одоогийн эрх баригчид маань гадаадад буй иргэдээ сонгуульд оролцуулах баахан дургүй байгаа юм биш үү гэсэн хардлага төрсөн. Дэлхийн олон орон харьд буй иргэдээсээ саналыг нь авдаг туршлагууд бэлээхэн байхад манайх л авах боломжгүй, нөхцөл бүрдээгүй гээд суугаад байгааг ер ойлгохгүй байгаа. Эдгээр асуудлуудаар “Цахим өртөө” сүлжээний андууд маань болон зарим Монгол холбооныхон удаа дараа дуу хоолойгоо сонсгож, зарим тодорхой ажлууд хийж ирсэн.
Ер нь Монголын төрөөс гадаадад буй монголчууддаа хандсан төрийн бодлого илт үгүйлэгдэж ирсэн. Харин С.Баярын энэ засгийн газар гадаадад буй монголчууддаа зориулсан тэтгэмж, туслалцааны сан байгуулсан нь нэг алхам болж байх шиг байна.

-Уран бүтээлч хүнээс уран бүтээлийн олз омог их үү гэж асуух ч илүүц байх аа даа?
-“Америкаас хэдэн машин, хэдэн контейнер ачуулав” гэж надаас найз нөхөд маань наргиа болгон асууж байлаа. Энэ талаас нь харвал таг л даа. Харин уран бүтээлийн олз омгын хувьд контейнер, контейнерээр олз омогтой. Цагаачлан амьдарч буй монголчуудтайгаа хамт байж, зовох цагт нь зовж, жаргах цагт нь жаргаж, хамтдаа уйлж дуулж явсан минь миний хамгийн том олз юм. Цөхөрч, гундаж, бас итгэж сэхэж ч явав. Америкийн 50 муж улсад бүгдэд нь танил найз нөхөдтэй боллоо. Наддаа бол үүнээс илүү баялаг гэж байхгүй дээ. Тэгээд энэ амьдралаасаа сэдэвлээд “Цагаачид” гэсэн нэг роман бичсэн дээ. Уг нь анхлаад “Өнчид” гэсэн нэртэй байсан юм. Ийн нэрлэхийн учир нь ер хэдэн жилийн өмнө эхэлж цагаачилж очиж байсан хүмүүс маань харж хандах, хайхрах, өмгөөлөх хүнгүй, үнсэнд хаягдсан шалз шиг ёстой бор зүрхээрээ зүтгэж байсан даа. Яг л өнчин өрөөсөн юм шиг.. Зан ааш нь хүртэл өөнтөгч, гомдомтгой талдаа. Одоо бол харьцангүй өөр болсон л доо. Цагаачлалын анхдагчид гол хэцүү ачааг нь үүрсэн.
Мөн сониндоо нийтлүүлж байсан нийтлэл, тэмдэглэл, ярилцлага, сурвалжлагуудаа баяжуулаад нэг нийтлэл тэмдэглэлийн ном гаргадаг юм билүү гэж бодож байна. Товчхондоо манай сонин америкийн монголчуудын сүүлийн 5-6 жилийн түүх бичлэг болж архив болсон юм.
Мөн Түүхийн сэдвээр “Хөх илдний очис” нэртэй нэг цуврал юм нухаад л байна. Хэсэг байгаад эргээд харахаар хаа нэгтэйгээ худлаа болчихоод, дахин дахин нухсаар л сууна. Ер нь түүхэн зохиол их хэцүү юм аа, тэр цаг үеийнхээ агаараар нь амьсгалж, айдас түгшүүр, омог бахархалыг нь мэдэрч байж л бичихгүй бол ер хуурай хоосон болчих гээд болохгүй юм. 1175 онд Сүбээдэй баатар төрсөнөөс эхлээд Монголын эзэнт гүрний задрал шувтарч, тэр эрчим хүч Европ рүү шилжин очих хүртлэх үеийг хамрах юм.
Бас монголын түүхийн ер бусын агшинуудыг түүвэрлэж тусгасан “Түүхэн зурвасууд” гэсэн нэг туурь, нийтлэлийн ном байгаа. Бас бус жаал жуулхан юм бий. Одоо цагт нэг зүйр үг гарсан байна лээ шүү дээ. “Суусан даргаас явсан цэвэрлэгч дээр” гэж…

-Америк, Монгол хоёр орны ялгаа мэдээж их байгаа биз?
-Байлгүй яах вэ, бидний сүүлийн хэдэн жилд туулж буй энэ үймээн бужигнаант амьдралыг чинь америкчууд бүүр зуун жилийн өмнө туулж, туршлагжиж, болдог болдогүйг нь яс цус, хөлс хүчээрээ хэмжсэн ард түмэн.
“Хүн тэнгэрийн дор төрж, хуулийн дор аж төрдөг” нэг ёсон бий. Америкт хууль дээр доорыг алагчлалгүй шударга үйлчилж чаддаг нь хөгжлийн, хүний сэтгэлийг татахын нэг эх сурвалж юм. Харин манайд хууль журам байдаг гэдэгт эргэмзмээр байх юм. Хаа сайгүй.
Бас сэтгэлгээний нэг томоохон ялгаа байгаа нь америкт ажил яаж олох вэ, яаж хийх вэ гэж боддог бол манайд мөнгө яаж олох вэ гэж боддог. Ийм сэтгэлгээ амь бөхтэй байгаа цагт хүний амьдрал өөдрөг байх нь ямар л бол. Ямар ч нийгэм баялагыг бүтээж байж л хөгждөг. Хэрэглэгч нийгэм, хэрэглээний эдийн засаг хүний хөгжлийг ч боомилж орхино шүү дээ.
Мөн Монгол оронд монгол хүний үнэ цэнэ ер алга болчихоо юу даа. Монгол хүн монгол хүндээ гудамжны золбин нохойноос ч дор харагдаж, сэтгэгддэг болчихсон юм биш байгаадаа гэсэн нэг тааруухан сэтгэгдэл төрж байна.

-Та монголынхоо өнөөгийн байдалд баахан сэтгэл дундуур байгаа юм аа даа. Нийгэм маань сайхан хөгжиж байгаа нь танд анзаарагдахгүй байна гэж үү?
-Олон сайхан барилга баригдаж, машин тэрэг нь олон болсоноор нийгмийн хөгжлийг хэмжинэ гэж байхгүй л дээ. Харахад энэ 5 жилд олон зүйл өөрчлөгдөж, гэвч нийгэмд нэг л гаж сэтгэлгээ ноёлж байна. Шударга ёс, үнэн байдаг гэдэгт хүмүүс эргэлзэж, цөхөрч байна. Нийгмийн ялгаа туйлруугаа дөхөж, цөөн хэсэг нь амьдралаас, нийгмээсээ салаад тасраад арабын баячуудаас ч илүү амьдардаг, ихэнх олонхи нь туйлдсан, цөхөрсөн, дөжирсөн, бүр улангасах талдаа ойрхон байдалтай байна. Нэг монгол залуу 500 мянган доллартай америкт оччихоод 300 мянгаар нь казинод тоглож өгчихөөд, үлдсэнээр нь наргиж цэнгэж үрчихээд буцаж байхыг хараад би ер ойлгохгүй байсан. Казиногийнхон “Монгол гэдэг чинь ийм баян орон байдаг юм уу” гээд л асууцгаагаад. Харин энд ирээд тэр бол ойлгомжгүй зүйл биш болохыг ойлголоо. Нийгмийн энэ их ялгарал яавч сайн зүйл биш ээ.
Ганц нэгхэн жишээ л хэлэхэд нэг найз маань намайг 9911-тэй утас аваарай, өөр утас аваад хэрэггүй шүү гэж зөвлөлөө. Учрыг нь лавлахаар өөр номертой утас авбал чиний дуудлагыг тоож авах хүн ховорхон шүү гэж байна. Энэ бол зүгээр л солиорол. Нийгмийн сэтгэлгээ хэрхэн дампуурсаны илрэл. Иймэрхүү гаж байдал амьдралын бүхий л салбарт ажиглагдаж байна.
-Тэр ч тийм шүү. Гэхдээ бид ч дотор нь байсаар энэ байдалд дасч, ер гаж биш юм шиг санагдах болж дээ. Бас эмгэнэл л байх даа? Та ч гэсэн хэсэг хугацааны дараа дасан зохицох л байх даа?
-Харин тийн. Гэхдээ аль болох дасахгүй байхыг хичээж, энэ гаж байдлыг хүлээн зөвшөөрөхийн эсрэг байна. Ирсээр олон олон хүнтэй уулзаж, ярилцаж, санал солилцож явна. Нийгэмд эрүүл саруул сэтгэлгээ ховорхон болж, хаана ч, хэзээ ч гажиж болшгүй шударга үнэний зарчим гээч юм зүгээр л хүүхэд нохойн доог болж явна уу даа гэмээр байна. Загас- усгүй бол, хүн агааргүй бол үхдэгтэй адил нийгэм шударга ёсгүй бол амиа хорлох болно. Одоо тийм дээрээ ойрхон байх шиг байна аа. Би уг нь бараг засрашгүй романтик хүн л дээ. Гэхдээ л булавч бултайна, даравч дардайна гэдэг шиг нүдний өмнө ил тод харагдаж байгаа энэ зүйлсийг харахгүй, хэлэхгүй, эмзэглэхгүй гээд яах юм бэ?
Ирсээр Толгойтын эцэст байх хөгшин ахындаа очлоо. Уул толгод уу, эсвэл хог уу гэдэг нь ялгагдахаа байчихаж, тэр Байгал орчны Яам, Эрүүл мэндийн Яам, тэр хот, дүүргийн захиргаа юу хийж, юу харж байдаг юм бүү мэд. Хүн арддаа хайр зарлаад давхиад байгаа энэ олон нэр дэвшигчид юу бодож, харж явдаг юм, бүү мэд. Гэтэл өнөөдөр дүүргийн засгаасаа эхлээд л сайд нь хүртэл ичих ч үгүй УИХ-ын гишүүн болно, улс орноо улам сайхан болгоно гээд нэр дэвшээд явж байна. Уг нь ажил хэргээ ийм байдалтай хашсаныхаа төлөө тэднийг дахиад төрийн албаны босгоор хэзээ ч гишгүүлэхгүй байх учиртайсан.
Сонгууль гэснээс бизнесийнхэнээс олон хүн улс төрлүү хошуурч байна. Бизнесээс нь илүү ашигтай болоод л тэр байдаг байх даа. Үр дүнг нь бид сүүлийн хэдэн жил ханатлаа амссан. Одоо болимоор юм. “Худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч болдог, хулгайч хүн хуруу хазайвал алуурчин болдог” гэж нэг үг байдаг даа. Манай бизнесийн орчин ямар билээ, шулуухан хэлэхэд цэвэр луйврын орчин л байгаа шүү дээ. Тэгээд тийм орчноос улс төрд гишгэж байгаа хүмүүс чинь эргээд төрөө яг тийм наймаа болгож орхих нь аргагүй л дээ.
Дээр нь өнөөдөр улс төрийн намууд бүрэн дампуурлын байдалтай байна. Юун зүүн барууны үзэл, мүзэл. Юун Улс төрийн намын төлөвшил. Түүнээ мэдэж, санаж байгаа хүн энэ намуудад ер нь байгаа юм уу. Улс төрийн намууд гэхээсээ ашиг сонирхолын бүлэглэлүүд гэвэл илүү үнэнд ойртож очихоор… Эсрэг сөргөлдөгч намаа зөв ч байсан, буруу ч байсан гөвж л байдаг нэг тийм дайсагнасан хандлага намуудын харьцаанд байсаар байна. Намуудын энэ эрүүл бус зөрчилдөөн нийгмээ ч утга учиргүйгээр талцуулж байна.
“Гавьяатай аваас дайснаа ч шагнасугай, Гайтай аваас шадрыгаа ч шанталсугай” гэсэн Эзэн Чингисийн маань зарчим ер сураг ч алга. Ингэхэд бид чинь нэг л газар шороон дээр, Монгол гэсэн нэг л бичилхэн хүрээнд хамтдаа нэг агаараар амьсгалж амьдарна шүү дээ.
Уг нь аль ч намд эрүүл саруул хэсэг бий. Тэд нь одоо нэгдэж, сэргэж хамтрах тал дээрээ анхаармаар юм. Тэгээсэй ч гэж уриалмаар байна.
Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олдоггүйн зовлонг бид ханатлаа амсаж байна даа. Тэгээд энэ дээдсүүд маань нийгмээ ингэж бохирлож, буртаглачихаад, өөрөөр хэлбэл өөрсдийнхөө амьдрах агаарыг, уудаг усыг ингэж бохирдуулчихаад яаж сайн сайхан, эрүүл саруул, сэтгэл түвшин амьдарна гэж бодоод, итгээд байгаа хүмүүс юм болдоо, гайхалтай…
-Дээдэс гэж та тодорхой хүмүүс дээр хэлж байна уу?
-Тийм, тун тодорхойгоос нь хэлбэл Ерөнхийлөгч Н.Энхбаяраас эхлүүлмээр байна.
-Та тэгвэл нийгэмд юу дутагдаж байна гэж бодож байна вэ?
Хэдийгээр олон түмэн бухимдаж, цөхөрч байгаа ч гэсэн хэрвээ зөв зүйтэй, шударга юм гараад ирвэл бүгдээр түрхэрэн дэмжихэд бэлэн байдалтай байна. Энэ нь бидэнд хөгжих, энэ гажуудлыг засах бүрэн боломж байгаа гэдэгт итгэх итгэлийг өгч байна.
Үзэл санаа, үзэл сурталгүй нийгэм өөрөө аяндаа үжирч ганддагийг бид бэлээхэн харж байна. Магадгүй бидэнд хөгжлийн үзэл санаа амин чухал хэрэгтэй байгаа байх. Тэр нь Чингис хаанаа тойрсон үндэсний сэргэн мандах үзэл ч байж магад юм. За улс төр лүү хальтраад, сүүлдээ хадуураад ирэх нь дээ хоюулаа яриагаа татвал яасан юм бэ.
За тэгэе дээ.
Ярилцсан Л.Батцэнгэл /Өдрийн сонин/

16 comments:

Anonymous said...

Зүтгээд байгаарай хөгшөөн

ganga said...

Үнэн шүү. Барилга байшин баригдаад унаа машин хөлхөлдөөд байгаа ч тархи сэтгэлийн хоосрол руу улам ороод байх шиг сэтгэгдэл очих болгонд төрдөг. Номио ийм үед романтик хэвээрээ үлдэж чадна гэдэг ховор шүү. Улам ихийг хийж бүтээгээрэй.

Anonymous said...

Бичлэг хийхийг тань хүлээж суулаа...Бумаа ахын сүүлийн бичлэгийг уншаад бас ихээ юм бодож, одоо харих гэж байгаа амьтан жаал шаналлаа. Нээрээ эрүүл орчныг хий хүсээд сууя уу, эсвэл зугатаая юу? Уул нь манай захирал бидэнд хандаж "-та нар одоо бүрэн зэвсэглэгдлээ, гарч хүний ертөнцийн асуудлуудтай байлд" гэсэн юм сан. Байлдах асар хүслэн байвч нэгэн биений хэрэг биш л болоод байна даа...

Anonymous said...

Ашгүй дээ анд минь, эргээд ирж.
Нийгэм маань ямархуу болчихоод байгааг хараад шоконд оров оо.

Оогий said...

Номио ахдаа амжилт. Нээрээ хүний нутаг хичнээн сайхан ч эх орныг минь яаж гүйцэхэв дээ. Хүний л юм бол хүнийх. Өөрийнхөө юмыг өөд нь татахын төлөө ажиллах нь хэцүү байсан ч зөөөв зүгээр хэхэ

peakfinder said...

Yag unen shuu. Manaid ih tom shinechlel heregtei baihaa. Yunaas turuun setgelgeenii shinechlel.
Yamar ch gesen gertee harisan tand uran buteeliin ih amjilt huseye.

ZAYA said...

Гадаад олон жил болсон хүмүүс тэгж байгаад буцаж л явах сонирхолтой байдаг юм билээ.
Нийгэм хэцүү байгаагийн гай байхдаа.

Anonymous said...

Uursdiinh ni sanaand niitseegui l bol, zuv zuitei sanaa onoo baisan ch ustgadag, ter buu hel humuusiin PC-t
blok tavidag iimerhuu humuusiin amnaas garsan ugs daanch unemshilgui sonsogdoh yum daa?!
Ehleed uursdiiguu, uuriiguu uurchil!
Busdyig sonsoj sur! Tegeed daraa ni "shudarga" baih talaar yari!

бж said...

Sain uu, Nomio.
Hariad ih ajil amjuulj baigaa biz dee?
Blogoor mini zochilj uram ugch baidagt bayarladag shuu.
Za tegeed amjilt huseye. Hiisen buteesnee blogtoo bichij bidenteigee huvaaltsaj baigaarai.

Anonymous said...

Ene Nomio gej gunduugui tsarailchihaad bas ih censuretei er gej baigaam. herev hen negniig zanalhiileegui, haraaliin buduuleg ug heregleegui bol sanal, setgegdel bichihed eldev block tavih demii l baisan yum. tseverhen nert mini teriig l sanaj yavaarai.

бж said...

Nomio, naadamd zodogloj baigaa biluu, yalaa? Hehe, saihan naadaarai. Olon jil naadam uzeegui baisan biz dee? Naadmiinhaa soningoos bicheerei.

Anonymous said...

Tsahimurtuu.mn, dayarmongol.com-n zarim nuhduud
neleen huuchinsag uzeltei humuus baidag yum shig baigaa yum, zarim ni ch US-t baij l baigaa, zarim ni
nutag oron ruugaa butssan bololtoi!
Ter humuusiin dutagdaltai tal ni uursdiinhuu baigaa baidliig sonsoj er suraaguid baidag!
Harin busdyig bol hair nairgui shuumjleh handlagatai baidag! Ingeed l bolohgui baigaa yum daa?!

Ж.Өлзийжаргал said...

Монголын түүхийн гайхамшигт агшинуудаас блогтоо байнга оруулж байгаарай! Танай гэр бүлд аз жаргалыг билэгдэн ерөөе!

Anonymous said...

Mash saixan yariltslaga ugsun bna.
-BayaraaG

hardware_csms said...

Таны бичлэгүүдийг уншиж сонирхлоо.
Өөрийнхдөө бас линк болгоод нэмчихсэн.
Амжилт хүсье

Burenbayar said...

Erhim Nominchimed tana:
Sain baina uu? tanai zohiyaluudiig unshaad setgel under baina.tanaas zarim yumiig suraglah sanaatai, holvoo barih argaan helj ugnuu?
bi yaponii cobe d surdag.

burenbayar hiimor@hotmail.com