Monday, November 30, 2009

Авилгалгүй орчинд амьдарч нэг үзэхсэн

Б.Номинчимэд
Хэдхэн хоногийн өмнө байгууллагын маань үүдэнд бөөн юм болов. УБЗ дугаартай нэгэн данагар хар жийпний ханагар цагаан залуу зайлуул нэг замын торчигор цагдааг золтой л газар унагаж байгаад машинаараа дайруулчихсангүй. Манай байрны үүдээр гардаг зам өнгөрдөг зунаас нэг урсгалтай болсон юм. Гэтэл уг жийп урсгал сөрөөд орж ирсэн төдийгүй машин зогсох ёсгүй газар хөндөлдөж ирээд зогссон билээ. Бүр цагдаагийн нүдэн дээр шүү. Цагдаа очиж, урсгал сөрсөнийг нь сануулаад, өөр газар машинаа тавихыг шаардав бололтой. Зүй нь дүрэм бол дүрэм, урсгал сөрсөн л бол сануулгагүйгээр торгож байх учиртайсан. Тун удалгүй тэдний дуу чангарч, хэрүүл маргаандаа тулав.
- Чи ер нь хэн юм, Чам шиг муу хувцасны голд шалгуулдаг үнэмлэх надад байхгүй. Новш минь чамайг ажилгүй болгочихож чадна шүү. Чамайг яасан ч яадгийм....


Залуугийн агсран цамнах дуу тодхон сонсогдоно. Бичиг баримтыг нь үзэж чадаагүй цагдаа залуу аргаа барахдаа машиных нь дугаарыг тайлж авах гэв. Гэтэл нөгөө залуу машинаасаа үсрэн бууж ирээд цагдааг заамдаад авах нь тэр. Харин хаа ч гэж нэлээд шазруун цагдаа таарсан бололтой, ер бууж өгсөнгүй, ноцолдсоор байгаад дугаарыг нь тайлж чадав. Залуу араас нь өшиглөж байна. Ална, хядна гэж заналхийлэх, гар далайж, зангах бол энүүхэнд. Хэрвээ ардчиллын үлгэр жишээ болгох дуртай АНУ-д хэн нэгэн цагдаагийн өөдөөс өшиглөх нь бүү хэл гар далайсан л бол нам буудуулна даа. Хэрвээ маргаж мэтгэх зүйл байгаа бол тэгэж цамнаж, үсчээд байх шаардлагагүй, асуудлыг шүүх дээр, өмгөөлөгч болон гэрч нарын мэдүүлэг дор шударгаар шийдүүлнэ.
Цагдаа дугаарыг нь мулталж аваад, арилж өгөв. Харин нөгөөх залуу араас нь ийн хашгична.
- П... минь. Наад номерийг чинь би цагийн дараа Замын цагдаагийн газраас очоод авчихаж чадна, за аа. Харин чамайг ална шүү, ажил амьдралгүй болгоно. Чи муу, хэнтэй таарсанаа тэгэхэд хараарай.
Хажууд хэн нэгэн нь “Энэ үнэхээр чадна шүү. Тэгээд хууль хэрэгжүүлэх гэснийхээ төлөө тэр цагдаа хохироод өнгөрөхөөр хэн хууль, шударга ёсыг сахиулах гэж хичээж, зүтгэх болж байна вэ? Ийм л байгаа юм даа” гэж халаглана.
Ингэхэд бид ер нь хаана, ямар оронд амьдарч байна вэ? Яагаад энэ залуу ийнхүү хуулиас дээгүүр аашилж чадаж байна вэ?


***
Хамаатны маань бүсгүй үстэй толгойгоо үгтээчихсэн, “Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд таньдаг хүн байна уу” гэсээр над дээр давхиж ирэв. Хүнээс нэлээд хэдэн төгрөгний авлагатай ч түүнээ авч чадахгүй байгаа гэнэ. Энэ жилээс өөрөө өрд орж... Гэтэл өнөөх мөнгийг нь авчихаад луу унжан бүтэн хоёр жил гүрийчихдэг этгээд нь Баянзүрх дүүргийн шүүхийн, хэн ч гэнэв нэг шүүгчтэй танил юм гэнэ. Шүүхэд өгнө гэхээр “Өг өг, өгөөд юм олж долоохыг чинь харьяа” хэмээн тавлаж, ихэд инээсэн байгаа юм. Манай хүн аргаа бараад, тэдний тоглодог тоглоомын дүрмээр тоглохоос өөр арга, гарц үгүй юм байна хэмээн өнөөх танил шүүгчээс нь арай дээхнүүр алба, эрх мэдэлтэй хэн нэгнийг гогдож авахаар гүйж яваа нь тэр. Үнэхээр ингэж танил тал, хөрөнгө мөнгөөр асуудлыг шийддэг юм бол шүүх гэж байхын хэрэг байна уу? Шударгаар зодолдох нь зодолдоод, алалцах нь алалцаад, хэн эз түрэмгийлж чадсан нь чадаад явж байх нь илүү шударга биш үү. Тэгээд цусан өш зангидалцаад, дундад зууныхаа балар дэг жаягтаа эргэж орсон нь дээр биш үү?
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Шүүх засаглалд эрс шинэчлэл хийхгүйгээр ардчилалд, хөгжилд амжилт олохгүй тухай их ч ярьсан. Ерөнхийлөгч болчихоод тэрээр нэн даруй Шүүх, прокурорынхонтой уулзаж, бас баахан дүрэмдэж байна билээ. Уг нь анхаарч буй чиглэл нь яах аргагүй мөн.


***
Дээр дурдсан хоёр жишээ бол эгэл жирийн иргэдийн нүдэн дээр бараг өдөр бүр ил тод болж байдаг зүйл. Харахад нэг их сүйд болж, сүржигнээд байхааргүй, гэвч энэ эгэл жирийн бүхний цаана юу байдаг гээч... АВИЛГА-аар хэрэгдсэн төрийн агуу том ЯЛЗРАЛ. Хаана хууль хэрэгжихгүй байна тэнд авилгал, ялзрал үүсдэг, хаана шударга ёс дутагдана, тэнд дээрх шиг бурангуй ёс ноёлдог байна.

Өнөөх данагар жийптэй ганган залуу хэн нэгэн эрх мэдэлтэнтэй найз, эсвэл хөрөнгө санхүүгээр ивээн тэтгэдэг, эсвэл садан төрөл. Тиймдээ ч тэр тийнхүү бардам загнаж чадаж байна. Үнэхээр цагийн дараа биш юм аа гэхэд өдрийн дараа машиныхаа дугаарыг ямар ч торгууль, төлбөргүйгээр эргүүлээд авчихсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгээд зогсохгүй өнөөх үүргээ гүйцэтгэсэн хөөрхий цагдааг яаж л дарамталсан бол доо. Өнөөдөр хэчнээн хүний шударга ёсонд итгэх итгэлийг булшилж, хэрхэн яаж аашилж яваа бол доо.
Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийг таньдаг увиагүй нөхөр бол тэр гувчуулсан мөнгөнөөсөө наад зах нь 30 хувийг нь танил шүүгчдээ хүртээсэн байж таарна. Тэгэхгүйгээр ямар “тэнэг” шүүгч хөдлөх вэ дээ. Энэ хоёр явдал бол ёстой шалбаагны жараахай л гэсэн үг. Жинхэнэ том акул, жинхэнэ том авилга дээш, тэртээ дээр, үүл манан дунд бидэнд тэр бүр анзаарагдахгүй “сүндэрлэн” оршино.

Өчигдөрхөн ТВ25 сувгаар УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу ил тод ярьж байна билээ. “Хэдэн жилийн өмнө нэг хэлтэс газрын дарга ч юм уу, мэргэжилтэнтэй нэг орой баардаад, хоёр цаг бильяард цохичиход л ажил бүтчихдэг байсан, одоо тийм юм яривал бараг доромжилж байгаа хэрэг болж байна” гээд... Одоо мань хүн ардаа нэлээд хэдэн тэгтэй тоо хэлж байж ажлаа бүтээдэг болсон бололтой. Нэг зүйл энэхүү ярианаас ажиглагдсан нь эрхэм гишүүн хууль хэрэгжхгүй, шударгаар явж болохгүй байгаад харамсахаас илүүгээр өгдөг мөнгө нь ихэд өссөнд л харамссан асятай ярьж байна билээ.Бас л нэг юм хэлээд байгаа юм даа.

“Төрөөс төрдөг тэрбумтнууд” гээд сүүлийн жилүүдэд мөн ч их ярилаа даа. Ярих тусам тэрбумтнууд нь улам цулайгаад л, толгой нь хөөгөөд л, улс орны маань хөл тулгуур нь чөрийгөөд л, яаж тэнцэж, тогтож явдаг юм бол гэмээр болох юм. Сүүлийн хэдэн жилд хүн амын ядуурлын түвшин 33-36 хувийн хооронд хэлбэлзэлтэй байх болов. Гурван хүн тутмын нэг нь буюу сая орчим хүн ядуу, нэн ядуу. Энэ тоо хорогдох шинжгүй. Үлдсэн нь буюу гурван хүн тутмын хоёр нь дөнгөн данган өнөө маргаашаа аргалах хэмжээнд. Уг нь улс орон хөгжөөд, байшин барилга баригдаад, улсын төсөв жилээс жилд хэд нугарч нэмэгдээд байхад шүү дээ. Нийт хүн амын дөнгөж долоо хүрэхгүй үгүйтэй хувь нь л жинхэнэ хөрөнгийн эзэд, нийт өмч хөрөнгө, хадгаламжийн 70 орчим хувийг эзэмшдэг гэсэн тооцоог гаргасан байсан.
Бид хаашаа явж байна вэ? Африкийн орнуудыг ядуурал, муу муухай бүхний жишээ болгодог. Тэнд ерөнхий үзүүлэлтүүд ер нь дээрхтэй тун ойролцоо.
УИХ-ын гишүүн З.Алтай “Ингэж болохгүй шүү дээ, найзуудаа. Шударга байцгаая л даа” хэмээн аргаа баран гараа алдалж байна.

***

Сүүлийн хоёр, гурван өдөр бараг ТВ бүхнээр ярьж, сонин бүхнээр л бичих шиг болов. УИХ-ын гишүүд 76 тэрбумыг өөрсдөдөө хувиарласан талаар. Уг нь ч яг өөрийнхөө дансанд хийчихсэн хэрэг биш юм билээ л дээ. Орон нутаг, тухайн тойргуудад оруулж буй хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм гэнэ. Гэхдээ захиран зарцуулах эрх нь УИХ-ын эрхэм гишүүдэд байх аж. Ер тийм юм бол орон нутгийн удирдлага гэж байх хэрэг байна уу? Хамгийн хачирхалтай нь өмнө жил бүр төсвөөс авч байсан 500 саяын тайланд тэр бүр аудитийн шалгалт хийгдээд, үр дүнг нь тайлагнаад байдаггүйд л байгаа юм. Үр дүнгийн тайлан нь огт өөр хэлбэрээр, тухайлбал, эрхэм гишүүд тойрогтоо, сонгогчиддоо ямар их халуун янаг хайртайг харуулсан сурталчилгаа болж илэрдэг байна. Нэртэйгээр нь Дундад азийн орнуудын цагаандаа гарсан ерөнхийлөгчид шиг “Бидний 76 иргэн насан туршдаа УИХ-ын гишүүн байна” гээд хууль гаргачихсан нь арай шударга, хамаагүй дээр.
УИХ-ын гишүүдийн нэг тэрбумтай холбоотой хэрэг бол авилгалын хамгийн сонгомол хэлбэр. Авилгал авсан эзэд нь хэн гээч... Монголын сонгогч олон бид нар. Өгсөн хүмүүс нь УИХ-ын эрхэм 76. Яагаад гэж хэн нэгэн асуух байх. Бид чинь доод тал нь нэг сая, дээд тал нь 1,5 сая төгрөгний хахууль авчихсан улс шүү дээ. Яг одоогоор тэр мөнгөө гар дээрээ авчихаад байгаа юм биш л дээ, зүгээр нөгөөдүүл нь өгнө гэж хулхин дээр цэцэг ургуулаад хэргээ бүтээчихсэнд байгаа юм. Авилгалын нэг хэлбэр. Биш гэх гээд үз л дээ.

Жолооч 10 мянган төгрөгний торгуулийг аргалуулахын тулд Замын цагдаад 5000 төгрөгний хахууль өгөх хэрэгтэй. Жижиг, дунд бизнес эрхлэгч татвараасаа 10 саяыг авч үлдэхийн тулд татварын байцаагчид нэг саяыг өгнө. Барилгын бизнес эрхлэгч 500 саяын ашигтай барилга барихын тулд газрын албаныханд, эсвэл хотын хэн нэгэн даргад 50 саяыг чулуудна, үгүй ядахдаа нэг жийп. Уул уурхайн эзэд 100 тэрбумын шороон ордыг өөртөө авахын тулд 100 сая төгрөгийг газрын дарга, түүнээс дээш сайд хүртэлх хүмүүсийн хэн нэгэнд өгөх болно.
Эндээс маш тодорхой нэг зарчим харагдаж байгаа нь хахууль өгч буй хүн өгсөн хахуулаасаа доор хаяад 10 дахин их ашиг унагадагт байгаа юм. Түгээмэл, нийтийг хамарч, хавтгайрсан эсэхээрээ ялгаатай болохоос биш өглөг болоод авлагын харьцаа дэлхийн хаана ч адилхан.

Яг түүнтэй адил сонгогчдод 1-1,5 саяыг өгнө гэж амлаж байгаад саналыг нь худалдаж авч байгаа хүн 100 саяыг унагахгүй юм бол, ёстой хэний хүү болох бол. Яагаад хөрөнгө мөнгөнд сонирхолтой, ашиг сонирхолын зөрчилтэй голдуу хүмүүс маш их мөнгө, зарим нь бүр хэдэн тэрбум хөрөнгийг сонгуульд зарлагдан байж УИХ-д өрсөлдөнө вэ? Яагаад тэд сонгогчдод маш гоё гоё юм амлаж, саналыг авилгалдаж авч байна вэ? Түүний нэг хариулт нь бол энэхүү НЭГ ТЭРБУМ.
76 тэрбум бага мөнгө биш ээ. Энэ сард Хөвсгөлийн Мөрөнд 1,7 тэрбумын өртгөөр 1000 хүний суудалтай спортын иж бүрэн цогцолбор ашиглалтанд оржээ.. /Мэдээж гишүүдийн тэр мөнгөөр биш / 76 тэрбумаар 44 ийм спорт цогцолбор барьж болох нь байна. 12 дунд сургууль, 16 эмнэлгийн цогцолбор, 7 метрийн өргөнтэй хар зам 253 км-ыг барьж, босгож болох нь байна. Гэхдээ жил тутам шүү дээ.

Үгүй ядахдаа юм хийж, бүтээчих юмсан гэсэн санаа, зоригоор дүүрэн байгаа 76 шижигнэсэн залууд өгөөд жижиг үйлдвэр хөөцөлдүүлбэл 76 жижиг үйлдвэр босоод л ирнэ. Түүнийг дагаад багаад тооцоход 760 айл өрхийн амьдрал босоод ирнэ. Хайлаастад оймсны үйлдвэр оруулаад ирчихсэн бужигнуулж буй монгол залуу байж л байна. Торомны ноосоор олон улсын стандартад нийцсэн нэхмэл эдлэлийн үйлдвэрлэл нээгээд гүйж яваа монгол залуу байж л байна. Төмрийн хүдэр боловсруулаад дотооддоо төмөр гаргаж авч байгаа нь ч байна. Тэднийг дэмжвэл жил бүр хичнээн тэрбум төгрөг Эрээн рүү оймс болон урсч, төмөр болон шатаж байгааг зогсоож чадна шүү дээ.

Эмч ярьж байна. Тэр 76 тэрбум төгрөгөөр оношлогооны гурван иж бүрэн төв нээчихвэл хэдэн мянган монгол хүн Хөххот, Сөүл рүү нисэж, эмчилгээ, оношлогоо хийлгэхээ больж, эргээд хэдэн арван 76 тэрбум төгрөг монголдоо буян болон шингэж, хэдэн мянган хүний явдал чирэгдэл үгүй болох бол хэмээж байна. Анхнаасаа сонгогчидоо сонгуулийн сурталчилгаа нэрийн дор ихээхэн хөрөнгөөр /4,5 их наяд төгрөгөөр/ авилгалдаж, амлаж байж санал авсан юм чинь авилгалын мөнөөх алтан дүрмийн дагуу тарааснаасаа дор хаяж 10 дахин ихийг унагах хэрэгтэй болно.
Авилга гэдэг ийм л хортой байх нь... Нэг болон 1,5 саяыг хахуульд авсан сонгогчид та бидэнд өгч буй хариу төлбөр нэг иймэрхүү, эхэнд өгүүлсэн шиг хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд хууль үйлчилдэггүй, харин эгэл иргэндээ бол зарим тохиолдолд хилсдүүлж ч чаддаг тийм бурангуй ёсыг...


***

Хоёр жилийн өмнө Парис Хилтон шоронд баахан даарсан даа. Түүнд ямар ч тусгай хангамж, тусгай өрөө гаргасангүй, зүгээр байдаг л нэг согтуучуудыг хорьдог өрөөнд оруулчихсан юм хойно арга ч үгүй байх. Удаа дараа согтуугаар жолоо барьсан хэргээр энэхүү цуутай баян, алдартай од бүсгүй тодорхой хугацаагаар шоронд суух болсон билээ. Америкийн нийгэм ч үүнийг тэгтлээ их цочирдож хүлээж авсангүй. Зарим хэвлэлд бичсэнээс үзвэл харин ч залууст сургамжтай байсан бололтой,
Дөрвөн жилийн өмнө Калифорниа мужийн амбан захирагч, Холливүүдийн супер од Арнольд Шварцнеггер гэрийнхээ бараг үүдэн дээр мотоцикльтой явж байгаад цагдаад торгуулсан. Тэрээр мотоцикль барих эрхийн үнэмлэхгүй байсан юм байх. Арнольд ч асуудлыг зүй ёсоор хүлээн авч, торгуулиа төлсөн, цагдаагийн хувьд ч энэ нь жирийн л нэг ажлын өдрийн хэсэг нь байсан байх юм.

Мөн арваадхан хоногийн өмнө Виржини муж улсын шүүх АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Уильям Жефферсонд авилга авсан хэргээр 13 жил хорих ял оноов. Тэрбээр манайхны авдаг шиг улсыг хохироож, төрийн санг шулж биш, бизнесийн зуучийн үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авдаг шан харамжаа л хэтрүүлчихсэн хэрэг.


***

Харин яг энэ асуудлыг Монголынхоо нийгэмд тавиад үзвэл огт эсрэг, бүүр шал эсрэг байх юм. Монголд маань согтуугаар машин барьж яваад саатуулагдсан, торгуулсан хэн нэгэн алдартны тухай би л сонсонгүй. Манай одууд, алдартнууд ер нь хуулиа, нийгмийнхээ хэв журмыг тийм айхтар чанд мөрдөцгөөдөг юм болов уу гэвэл үгүй, харин ч бүүр эсрэгээр шүү.... Бүр хүн амины хэрэгт тулж байж нэг шорон, шүүх болно. Эсвэл тэдний давруу үйлдлийг зогсоож, шалгаж, хариуцлага хүлээлгэх гэсэн бүхэн эхэнд өгүүлсэн замын цагдаа шиг дарамтанд орно.
Францын нэгэн сайд өөртэй нь ямар ч холбоогүй, гэрийнх нь нэг үйлчлэгчтэй холбоотой асуудал хэвлэлд гарах төдийд огцорсон. Ардчилал, ил тодын механизм ажиллаж байна. Өндөр хөгжлийнх нь нэг түлхүүр, хөшүүрэг нь энэхүү хууль ёс хэрэгждэгт байна.
Харин манайд бол эсрэгээр, Хэдэн арван тэрбумын тендер будлиулсан, төсөв буруу хувиарласан, хуучин машинаа шахсан, банк, ХЗХ дампууруулсан, зээл авсан, татвараас зугтсан, хоройтой наймаанд оролцсон, хүн зодсон гэх мэтээр хэвлэл сонингоор нэг шуугиан, зарим чөлөөт хэвлэлүүд сайн дураараа тэрхүү луйвар булхайнуудыг нь нотолж илрүүлээд байхад манай сайд, дарга нар ер хөдлөхгүй, суугаад л, зүгээр ч үгүй хэрэлдээд, нөгөө сонингуудтай шүүхдэлцээд суугаад байна гээч, харин нийгэм нь түүнээ уншиж, түүгээр цаг нөхцөөн, зугаагаа гаргаж, түүнээс суралцаж байна, жинхэнэ хаос гэгч энэ л байх даа. Энэ мэт жишээ бүхний цаана мэдээж авилгал бий.

Хуульчлагдсан авилгал гэсэн нэр томьёог улс төрийн сурах бичиг оруулмаарч юм шиг. Учир нь УИХ-ынхан авилгалыг хуульчилдаг болчихсон. Тухайлбал, ямааны мөнгө байна. УИХ-ын чуулганаар нэлээд өндөр хувиар батлагдсан энэхүү ямаанд олгож буй мөнгөний цаана мөнгө угаалт байсан талаар учир мэдэх хүмүүс хэлж байсан. Юутай ч тэрхүү ямаанд зориулсан хэдэн тэрбум төгрөг малчдад бол наалдаж, гийгүүлсэнгүй, харин хэдэн хувь нь Эрээн рүү урссан бол.
Мөн Малын индексжүүлэх асуудал байна. Бас л УИХ-ын эрхэм гишүүдийн бизнес. Гурван сая хүнээ бүрэн тоолж, бүртгэлд оруулчихаж чаддаггүй улс 50 сая малаа индексжүүлнэ гэдэг эрүүл ухаантай хүний санаад оромгүй зүйл. 50 сая малыг ганцхан удаа индексжүүлээд зогсохгүй, хэдэн сая төл шинээр төрөх бүрд энэ ажлыг хийнэ. Мөн ч их хөрөнгө Зүгээр л хуулиар халхавчилсан луйвар. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн хууль ашиглаж хумсалдгийн жишээ. Хэлдэг нэг сайхан үг нь малын хулгайгаас сэргийлэх, эрүүлжүүлэх гэнэ. Онигоо, онигоо.

Өмнө манай эрхэм гишүүдийн санаачилгаар ноолуурын экспортыг тэглэж, малчиддаа баахан буян хийж буй тухай ярьсан даа. Үр дүн нь өнөөдөр монголд ноолуурын үйлдвэрлэл бүрэн дампуурч, үнэ салам унав. Ноолуур өндөр үнээр урагш нь гаргаснаас малчид хэдхэн жил л хожсон байх. Одоо хожсоноосоо хэд дахин нугалж хохирч байна. Ганц малчид биш, улс орны эдийн засаг хохирч байна. Уг нь манай улс дэлхийн ноолуурын 30 хувийг гаргах чадвартай орон шүү дээ. Тухайн үед 80 тэрбум төгрөг урагшаа урссан гэдэг. Үүний цаана мөнөөх л өндөр дээд албан тушаалтнуудын авилга байдаг.

Тендер, тусгай зөвшөөрлийн асуудлыг хөндвөл маш их юм гарна.

Сая аргагүйн эрхэнд, 100 нэлээд хол гарсан тэрбумын хэрэгт, цаана нь монголын банкны системийг бүхэлд нь нураачих шахсан тулд л “Монгол газар”-ын Ц.Мянганбаярыг анхаарч эхлээд байх шиг байна. Одоо Энержи Ресурсийнхэнтэй холбоотой гэх 300 сая долларын авилгалын тухай хэвлэл, мэдээллүүдээр ид шуугиж байна.

Энэ нь хэн нэгэн алдартны мууд нь дурлаад байгаадаа ч биш, хэн нэгэн одыг Хилтоны араас шоронд орчихоод, гунигтай харцтай зураг нь хэвлэлийн нүүрээр дүүрэн мэлтийж байхыг харж кайф авах гэсэндээ ч биш юм. Хуулиас дээгүүр гарч ирсэн бурангуй ёсноос залхсандаа л юм.

Нийгмийн тодорхой хэсэгт үйлчилдэг хууль байснаас бараг байхгүй байсан нь илүү дээр, яагаад гэвэл хэрвээ тийм оронцог хуульгүйсэн бол амьдрал өөрөө хуулиа зохиогоод, шударга ёсыг хүчээр тогтоох болно. Огт хууль дүрэм гэж байгаагүй асан хүй нэгдлийн үед ч нийтээр зайлшгүй дагадаг, хэн ч тэр, овгын ганц овгор атамаан нь ч гэсэн ялгалгүй ягштал мөрддөг ямар нэгэн ойлголт байсан байгаам. Тэгэж байж тэр овог аймаг оршин тогтдог, хоол ундаа олдог, араатан, дайсагнагч овгууд, байгалын гамшгийг сөрөн зогсож чаддаг, харин хэрвээ түүнийг нь хэн нэгэн нь зөрчөөд байсан овог аймаг бусдын хоол болдог байсан байгаа юм. Ядахдаа хүй нэгдлийнхний энэ мэт явдлуудаас санаа авчихаж болдоггүй юм байх даа.

Тэнгэрийн дор төрсөн минь үнэн юмсан, тэгш үйлчилдэг хуулийн дор аж төрж үзэхсэн, авилгал хуулийг орлодоггүй нийгэмд амьдрахсан гэсэн хүсэл өнөөдөр Монголын маань мөн ч олон хүний орь хүсэл болоод байгаа гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.
Их салхи нижигнэн хөдөлбөл ч хөдөлтүгэй гэдэг шиг, нээрээ шударга ёсны их салхин хэзээ нэг нижигнэн хөдлөх юм бол гээд хүлээгээд суух уу, хөдлөх үү? За, энэ ч бараг нөгөөх Гамлетийн орших уу, эс орших уу гэдэг шиг юм болох нь. Эмгэнэл л юм даа.
2009 оны 11 дүгээр сарын 29

Sunday, November 15, 2009

Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Ю.Цэдэнбалын оруулсан хувь нэмэр, үр дүн

Лханям докторын нэг ийм нийтлэл "Дал" сонинд гарсныг үзээд блогтоо оруулчихлаа.



Энэ асуудлыг авч үзэхийн тулд дараахь нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй болов уу. Үүнд:
1. 40-өөд оны Монголын хүний хөгжлийн чадамж ямар түвшинд байв
2. Мөн үеийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гадаад орчин
3. Хүний хөдөлмөрөөр бүтсэн Монголын үндэсний аж ахуйн чадамж
4. Нөхцөл байдлыг ямар аргаар, хэрхэн өөрчлөв, ямар үр дүн өгөв.
5. Өнөөгийн шинэ нөхцөлд харгалзвал зохих зарим сургамж зэрэг асуудлыг тэдгээрийн харилцан уяалдаанд нь авч үзэхийг хичээе.

Нэг. Манай улсын нийт хүн ам 1935 оны 6 дугаар сарын 01-ний тооллогоор 738.1 мянга байж. 1944 оны 6 дугаар сарын 05-ны тооллогоор 738.6 мянга болж 9 жилд 500 хүнээр өссөн байна. 1950 онд 758.7 мянга1 болж 15 жилийн хугацаанд 20.6 мянган хүнээр нэмэгдсэн байгаа юм. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн нь гарцаагүй, гэвч бодит байдал ийм л байсан, тийнхүү хүн амын өсөлт нь бараг зогссон орныг Ю.Цэдэнбал удирдах болсон юм билээ.
Хүний чадамжийн хөгжлийн индексийн хувьд өнөөгийн хүмүүс итгэхээргүй түвшинд байсан. Гашуун ч гэсэн үнэнийг нуух хэрэггүй. Харин ч сургамжтай байх. 1920, 30, 40-өөд онд хүн амын дунд бичиг үсэг мэддэг нь цөөн бараг нийтэзрээ харанхуй бүдүүлэг байжээ. Боловсролтой хүмүүсийн зарим хэсэг нь 37 онд хэлмэгдсэн, тэгээд ч хэтээсээ бичиг үсгийн бүх нийтийн боловсролтой ард түмэн биш байсан.
Финляндын монголч эрдэмтэн Г.Н.Рамстетд “Шарын шашин монгол газар дангаар ноёрхож, монголчуудын аж амьдралын салаа бүхэнд нэвтрэн шингээд, монгол ардын бичиг үсгийн боловсрол хөгжл ийн хэрэгслүүрийн хувьд огтхон ч хэрэгцээгүй болоод оронд нь төвд ном зохиолыг эрдэм сурах, дэвжин дээшлзхийн ганц зам болгожээ. Ийм байдлаас болж өдгөө монгол бичгээ сайн мэддэг гэхээ байя, ядаж монгол цагаан толгойгоо мэддэг хүн тун ч ховор тохиолдох болжээ. Гэтэл бүх эрэгтэйчүүдийн наймны таван хувийг эзлэх лам нар цөмөөрөө төвд ном зохиол буюу наад зах нь төвд цагаан толгой. маань мэгзэм мэддэг байна. Монгол бичигтэй гэдэг тийм хүн нь ч ганц үг зөв бичээд, арван үгийг нь алдаатай бичдэг”2 гэсэн бол Оросын эрдэмтэн И.Майский монголчуудыг”…
Бичиг мэдэхгүй байна. Хүн амын дөнгөж 1.0 хувь нь монголоор уншиж бичиж байна”3 гэжээ. 1940 онд ч эрс дээрдээгүй байдал ийм л байжээ.

Боловсрол – хөгжил дэвшлийн эх сурвалж гэж үздэг Ю.Цэдэнбал төрийн тэргүүний хувьд юуны өмнө бүх нийтээр нь бичиг үсэгтэн болгох зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн байна.
Ард түмнийг бичиг үсэгт сургах ажил саад багатай шулуухан байсангүй, тэр үеийн монгол бол эдийн засаг нэн буурай, уудам нутаг дэвсгэртэй ч зам тээвэр, харилцаа холбоо хөгжөөгүй, хүн ам суурьшилгүй, цаг агаар бэлчээрийн аясаар нүүдэллэдэг, шашны бурангүй үзэлд автсан өвөрмөц нөхцөлтэй орон байжээ. Соёл боловсролыг хөгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгө хүчний нөөц хомс, сурах бичиг, гарын авлага гараагүй, бэлтгэгдсэн багш ч байхгүй зэрэг олон бэрхшээл байлаа. Нийгмийн хөгжлийн бодит байдлаас шалтгаалан бичиг үсэгт суралцахын ач холбогдлыг олон нийт ухамсарлаагүй байжээ.

1941 оноос хойшхи эхний 10 гаруй жилд кирилл үсэг дээр үндэслэгдсэн монгол үсэгт сургах ажлыг орон даяар эрчимтэй зохион, аймаг, хотын төвд кирилл монгол үсгийн багш нарыг бэлтгэх тусгай курс байгуулж анхны 268 багш бэлтгэн гаргажээ.

Төв хөдөөгийн бичиг үсгийн бүлгэм дугуйлангаар хөдөлмөрчдийг кирилл монголд сургах ажлыг зохион байгуулж, бас малчдын нүүдлийн амьдрал ахуйд нийцүүлэн бичиг үсгийг хэсэг, бүлэг, нэг бүрчлэн сургах аргыг хэрэглэжээ. Төр захиргаа, олон нийтийн байгууллагууд ажилтан ажилчдаа ажлын бус цагаар бичиг үсэгт сургаж, бичиг үсгийн багш нарт бичиг үсэг тайлагчдын тоогоор урамшил шагнал олгож байжээ.

1943 оноос сум бүрийг бичиг үсгийн орон тооны багштай болгож жил бүр тавин мянгаас доошгүй хүмүүсийг сургах хяналтын тоо тогтоожээ. Тухайн үедээ орон тооны 339, орон тооны бус 3000 гаруй багш нарыг ажиллуулж, 16-40 хүртлэх насны нийт хүмүүсийг кирилл монгол үсэгт заавал сургах журмыг буй болгожээ. 1947 оны хүн амын тооллогын мэдээгээр 7-гоос дээш насны бүх хүн амын 42.2 хувь нь бичиг мэддэг болсон байна. Ийм учраас 1947-1953 онд буюу анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд 8-12 насны бүх хүүхдийг сургуульд хамран сургах, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах зорилтыг дэвшүүлэн тавьжээ.

Ийнхүү бүх нийтийг хамарсан олон талын цогц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд 1956 онд 9 ба түүнээс дээш насны хүмүүсийн бичиг үсэг мэдэгчид 72.8 хувь болсны дотор 13-45 насны хүмүүсийн 90.5 хувь нь бичиг үсгийн анхан шатны мэдлэгтэй болж чадсан байна4.

Орон даяар бичигт сургах зохистой ажил, болзолт уралдаан өрнүүлэх, соёлын довтолгоон зохиох, бичигт сурах шаардах хуудас хүргүүлэх, нийт хөдөлмөрчдөд зориулж уриалга гаргах, уг ажлыг удирдан зохион байгуулах комисс байгуулах, бичигт сургахад үлэмж амжилт гаргагсдыг урамшуулах, бичиг үсэгт сургах ба боловсролоо ахиулахад зориулан хэл бичиг, тоо бодлогын хялбарчилсан программ, сурах бичгийг нийтэлж олны хүртээл болгох зэрэг ажлыг зохион байгуулжээ.

1969 оны хүн амын тоо бүртгэлийн мэдээгээр нийт хүн амын 82.4 хувь нь бичгийн боловсролтой болсны дотор эрэгтэйчүүдийн 88.7 хувь, эмэгтэйчүүдийн 76.6 хувь нь бичигтэн болсон байлаа. Манай хүн амын гэгээрлийн энэ амжилтыг ЮНЕСКО өндөр үнэлж 1970 онд Н.К.Крупскаягийн нэрэмжит олон улсын шагналыг олгосон байна.

1940 онд 10000 хүн тутмаас 350 нь суралцаж, тэдгээрийн 2 нь их дээд сургуульд суралцаж байсан байна. 1980 он гэхэд 10000 хүн тутмаас 2758 хүн суралцаж, тэдгээрийн 140 нь их дээд сургуульд суралцдаг болжээ. 1940 онд 10000 хүнд 1.5 их эмч, 14 эмнэлгийн ор ногдож байсан бол 1980 онд 22 их Эмч, 107 ор ногддог болжээ5.
Монголд хэдэн зуун жилээр тархсан нийгмийн болон бусад халдварт өвчнийг устгаж хүн амыг эрүүлжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн нь нийгмийн дэвшлийн тодийгүй үндэсний сэргэн мандалтын эх сурвалж боллоо.

Гашуун ч гэсэн ямархуу нөхцөл байдлаас салснаа эргэн санацгаая. Академич И.Майский 1921 онд “Соверменная Монголия” номондоо …Яр тэмбүү өвчин эхлээд монголд, дараа нь хятадаас орост орж ирсэн ба яваандаа янз бүрийн ангийн болон нийгмийн байдалтай хүмүүсийг хамрах болжээ. Өвчний тархалт хир зэрэг хоргоогдошгүй байсныг халхын газар дээрх амьд бурхан гэгдэж байсан Өргөөгийн (Одоогийнхоор Улаанбаатрын Л.Л) хутагт өөрөа 1842 онд яр тэмбүүгээр өвчилж нас барсан (Позднеев. Монголия и Монголы т.1 стр 540) явдал гэрчлэх ажээ. Халхын уугуул хүн ам бараг толгой дараалан яр тэмбүүтэй гэсэн үзэл монголд суудаг оросуудын дунд дэлгэрсэн байна… Богд гэгээний орноор жуулчилж явахад хамар нь унасан, яр идээ татсан, яр тэмбүүгээр нүүр нь цоохордсон хүмүүстэй олонтаа тааралдаж байлаа. Бүр айдас хүрмээр зүйл ч байх юм. Бидний экспедиц Сэлэнгээс 15 бээрийн зайтай Баянголын хийдийн орчим хоноглосон юм. Бидний галыг хараад хавийн амьтад тал талаас цугларав. Тэдгээр зочид гал тойроод сууцгаахад би тэднийг тойруулж хараад өөрийн эрхгүй мэгдэв. Учир нь хэмээвээс тэд бараг бүгдээрээ хамаргүй, шал гуншаа ярьдаг, зарим нь сэжиглэмээр ил яртай байвб хэмээн тэмдэглэсэн байна. Тэр цагаас 20 жил өнгөрч Ю.Цэдэнбал төрийн тэргүүнд гарч ирэх үед ч нөгөөх И.Майскийн тэмдэглэсэн байдал Монголд хэвээрээ байжээ. Ганц яр тэмбүү ч биш сүрьеэ, цэцэг, гэдэсний хижиг, тарваган тахал, хамуу гээд хүн ам нь цөөн ч олон халдварт өвчин бараг нийтлэг тархалттай, тиймээс ч хүн амын цэвэр өсөлт зогсож, төрөлтөөс нас баралт нь хэтэрсэн, төрсөн ч гарсан хүүхэд нь хүн болдоггүй айл олон, ер нь олонхи судлаачдынхаар мөхөж буй үндэстэн байлаа. Халдварт өвчин тархааж үндсээр нь мөхөөх аюулыг Ю.Цэдэнбал, түүний тэргүүлсэн МАХН, төр таслан зогсоож хүн амаа эрүүлжүүлэх бодлогыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн юм. Үүнийг цөөн үгээр хэлэхэд амархан ч хэрэгжүүлэхийн тулд манай улсын бүх айл өрх бараг хүн бүрийг шинжилгээнд хамруулан оношилж өвчтэйг нь эмчлэн эдгэрүүлэхэд ямар их чармайлт, хичнээн их зүтгэл гаргаж байсныг төсөөлөхөд сэтгэлд багтахгүй юм. Зохион байгуулалтын, оношлогоо, эмчилгээ, зүү тариур, эм тарилга, урвалж, шинжилгээний бодисын, тээврийн, аж ахуй санхүүгийн, хамруулалт, эмчилгээ, бүртгэл хяналтын, ёс зүй, хүмүүжлийн зэрэг олон төвөгтэй ажлыг маш эрч хүчтэй зохион байгуулж байж улс үндэстнээ мөхлөөс аварсныг мартах эрх бидэнд байхгүй. Монголын бүх нутгийн айл өрх бүрийн 16-гаас дээш насны бүх хүнийг үзлэгт хамруулан, цусны шинжилгээ хийж, өвчтэйг нь эмчлэн эдгэрүүлэх экспидиц ажиллуулсан байна.

Авто хөсөг үл хүрэх Алтайн өндөр уулын айлуудыг нь орхилгүй эм, урвалжаа төмөр хайрцагт хийж тэмээнд ачаалсан арьс өнгөний шинжилгээний орос, монгол эмч нар зорин ирээд хүн бүртэй нь “тамхилж” байжээ.
1960 онд эрүүлийг хамгаалах яамны сайд Туваан Монгол-зөвлөлтийн мэргэжилтэн, техник, санхүүгийн хүч хамтарсан отрядын 2 жилийн ажлын талаар Намын Төв Хороонд бичсэн нэгэн тайланд “… 849.142 хүнийг толгой дараалан үзэж тус бүр нь яр өвчний илрүүлэх илдэсний сорилт тавьж илэрсэн нийт өвчтнийг 1960 оныг дуустал хугацаанд бүрэн эмчлэх их ажлыг хийлээ… яр тэмбүү өвчтний 90 хувийг 1960 оны эцсээр эдгэрүүлж эмнэлгийн хяналтаас хассан байна7″ хэмээн илтгээд, цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээг чандлахгүй бол хүрсэн үр дүн алдагдаж болзошгүйг тэмдэглэсэн байна. Ийнхүү гэр бүлтэй айл өрх бүр голомт залгах үр хүүхэдтэй болж, цус нь эрүүл, нүүр нь бүтэн монгол хүн хорвоод аж төрөх болсон юм.

Хоёр. Түүхийн нугачаанд БНМАУ-ын тусгаар тогтнолд бодитой аюул, занал учирч л байсан. Гэтэл 40-аад онд манай дорнод, өмнөд, баруун хил нэн тайван биш байсныг та нөхөд сайн мэднэ. Хойд хөрштэйгээ нягт хамтын ажиллагаа өрнүүлсний үр дүнд манай улсын тусгаар тогтнол найдвартай хамгаалалтанд байж 1939 оны Халх голын чиглэлээрх Японы түрэмгийллийг зогсоож, Хятадын удирдагчдын Монгол улсыг өөртөө нэгтгэх гэсэн хэдэн удаагийн санааг няцааж байжээ. Ю.Цэдэнбал: “1949 оны хавар Микояныг Бээжингээс хойно ууланд байралдаг Мао Цзэ Дуны штабт очиход Мао БНМАУ-ыг Хятадад нэгтгэх асуудлыг тавиад Сталин юу гэж үзэж байгааг асуулгасан юмаа. Сталин хятадын нөхдийн хүсэлтэнд сөргөөр хандсан юм. Үүний дараа ч хятадын удирдагчид зөвлөлтийн удирдагчдад энэ асуудлыг удаа дараа тавихад (1954 онд Хрущев, Булганин, Микояныг очиход Л.Л) тэд уг санаархалтад бас сөрөг хандаж байгаагаа илэрхийлсэн байсан юм. Эцсийн эцэст Мао Цзэ Дунг БНМАУ-Хятадын бүрэлдэхүүнд байх ёстой гэж зарлав. Энэ бүхэн империалист санаархал юм8″ хэмээн тэмдэглэсэн байна.

Ю.Цэдэнбал БНХАУ-ын төрийн тэргүүн Жоу Эн Лай-тай монгол хятадын хилийн хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурсан юм. Манай хоёр орны Төрийн тэргүүний хэмжээнд ийм тохиролцоонд хүрч хилийн хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал манай улсын тусгаар тогтнолын бүрэн эрхт байдлыг олон улсын хэмжээнд харилцан хүндэтгэх баталгаа боллоо. Ийм тохиролцоонд хүрэхэд Ю.Цэдэнбалын улс төрийн мэдрэмж, овсгоо, тууштай, тэсвэртэй, харилцааны өндөр соёл, хүлээцтэй чанар гол хүчин зүйл болсныг академич Ч.Далай тэмдэглэсэн байна. Ю.Цэдэнбал өөрөө “Хятадын тал үнэн санааг удирдлага болгоогүй, харин үйл хэргийн явцаар өөрийн эрхгүй манай оронтой улсын хилийг зүрх шимшрзн тогтоосон юм9″ гэжээ.

Энэ хэлэлцээр манай хоёр орны өнөөгийн энх тайванч итгэлтэй, хамтын ажиллагааны үндэс болж байна. Дэлхийн II дайны явцад Зөвлөлтийн улаан армийг тууштай дэмжиж олон талын туслалцаа үзүүлэх зэргээр ЗХУ-тай ойр дотно хамтран ажилласны үр дүнд Зөвлөлтийн удирдагчдын дэмжлэгийг хүлээж Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд (Ялтын хэлэлцээрээр) дэмжүүлж чадсан юм.

Эх орны дайны жилүүдэд манай улсын Дорнод хил дээр байнгын өдөөн хатгалгад өртөж эдийн засгийг хөгжүүлэхэд нэн таагүй нөхцөл бүрэлдсэн ч гэсэн аж ахуйгаа хөгжүүлэх, улсыг батлан хамгаалах, зөвлөлтийн улаан армид туслах, ард түмнээ өргөн хэрэгцээний бараа таваараар хангах зорилтыг Ю.Цэдэнбал амжилттай хэрэгжүүлсэн байна.

“Ерөнхий сайд Ю.Цэдэнбалын таван удаа тавьж хөөцөлдсөний дүнд БНМАУ 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж өөрийн байр сууриа эзэлжээ”10 гэж доктор А.Нямаа бичсэн байна.

Ю.Цэдэнбалын үед Монгол улс дэлхийн соёл иргэншлийн манлай болсон европын орнуудтай түүний дунд их оростой ойртон нягтарсан нь манай нийгмийн дэвшил, монгол хүний хөгжилд үнэлж баршгүй дөхөм үзүүлж, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж үлдлээ. Ю.Цэдэнбалын гадаад бодлого зөвхөн ганц зүг рүү хандаагүй, зах зээлийн олон оронтой тухайлбал, Их Британи (1963), Швед (1964), Франц (1965), Норвеги, Дани (1969), Япон (1971)Австрали (1972)-той дипломат харилцаа тогтоон Швейцар, Франц, Их Британи, Япон, Австри, Голланд, Италийн пүүсүүдтэй худалдаа хийж байжээ. Манай улсын 1940-өөд оны үеийн таагүй гадаад орчныг ийнхүү монголын үндэсний аюулгүй байдлын зохистой гадаад орчин болгон хувиргасан байна.

Гурав. Ю.Цэдэнбал дарга төр, засгийн удирдах бүрэлдэхүүнд орж ирсэн цаг үе бол манай үндэсний аж ахуй угаасаа ядмаг, түүний зэрэгцээ хамтрал, комун, хил давсан нүүдэл, мичин жилийн зуд зэрэг олон талын хүнд сорилтуудтай тулгарч аж ахуйн чадвар доройтож хүмүүсийн сэтгэл санаа уймарсан он жилүүд байлаа. Хэдэн зуун жилийн туршид гадаадын колони байх хугацаанд бие даасан байдлаа ул мөргүй алдсан үндэсний банк, санхүү, зээл, худалдаа аж үйлдвэрийн тогтолцоог сэргээн төвхнүүлэх, үндэсний эдийн засгийг шинээр буй болгох нэн төвөгтэй зорилт тулгараад байсан он жилүүд юм.

Өөрөөр хэлбэл, эдийн засаг хэмээх үндэсний эрх ашгийн суурь бодлогыг боловсруулах, үзэл баримтлалыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах нэн хариуцлагатай, маш хүнд үүрэг түүнд ногдсон байна. МАХН, Төр түүнд хүлээлгэсэн их найдварыг ханган биелүүлэхийн төлөө мэдлэг чадвар, эрч хүчээ дайчлан ажилласны үр дүнд дан нүүдлийн, байгалиас нэн хараат, маш эрсдзлтэй, худаг ус, хашаа хороо, тэжээл бэлтгэн нөөцөлж заншаагүй, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үйлдвэр угсааг сайжруулах үржил, селекцийн арга ухаанд нэвтрээгүй, нэвтрэх нөхцөл ч хараахан бүрдээгүй, тархай бутархай байсан хувийн аж ахуйтныг 40 жилийн дотор аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болгон хувиргасан юм. 1940 онд үйлдвэрлэж байсан аж үйлдвэрийн жилийн бүтээгдэхүүнийг 1980 онд есөн өдрийн дотор үйлдвэрлэдэг болсон байлаа.
Зөвхөн аж ахуйг төдийгүй монголчуудын сэтгэлгээ иргэншилд эргэлт гарсан. Яагаад нийтийн соёл, иргэншлийг хувьсгалын зэрэглэлд үзэж, төрийн бодлогоор хэрэгжүүлээ вэ гэвэл “…Монгол хүн саван хэрэглэхийг мэдэхгүй. Гар нүүрээ хүйтэн усаар угаасан болно, биеэ хэзээ ч угааж үзээгүй. Ийм учраас арьсанд нь зузаан хатуу хир тогтоно, өмсөж байгаа дээлээ ч бас угаахгүй. …ердийн цагт монгол хүний дээл тостой, хөлстэй дээр нь энд тэндгүй онгорхой цоорхой байна. Хир хөлс нь хутгалдаад монгол хүнээс хачин эвгүй үнэр ханх тавихад зангий нь мэдэхгүй хүн өөрийн эрхгүй зэвүүцнэ. Гэр оронд нь цэвэр бус байдал юм болгонд нь ажиглагдана. Сав суулгаа огт угаадаггүй болохоор мөн л зузаан хир тогтсон байна. Цагаан тос нь ус хялгастай, чулуутай, байгалийн бусад, хольцтой байх нь ямагт хирээ хадгалах олон янзын шимэгч хорхой үржих үндэс болно. Бөөс монгол хүнийг гэмгүй хазаж байдаг гэнэ. Монголчууд байнга биеэ маажина… Нөгөө л балар эртний цэвэр бус байдлыг юмны чинээ санадаггүй учир ямар ч ичиж зовох юмгүй хаана ч, хэний ч дэргэд өтгөн, шингэнээрээ бие засна гэж И.Майский тэмдэглэсэн байна.11

Соёл иргэншил нь тухайн улс орны хүний чадамжийн түвшнийг харуулдаг их чухал төлөв юм. Тэгээд ч судлаачид тэр үеийн “Монгол хүний оюун санааны хамгийн чухал шинж бүхий л сэтгэлийн үндэс нь назгай байдал лав мөн… Монголчууд малчин хүмүүс бөгөөд мал тэдний амьдралын үндэс юм… Бас мянга мянган жил болохдоо тэд мал маллах малыг хөнөөдөг элдэв өвчин зэрэг зүйлсийн талаар тэмцэх бүдүүлэг ч болов зүй зохистой арга ажиллагаа боловсруулсан байх учиртай гэж бодогдмоор. Гэтэл бодит байдал дээр бид байх учиртай юмны огт эсрэг байдалтай тааралдах юм… Мал нь өвөл ч, зун ч хээр талд тааралдсан өвс ургамлаар хооллон билчээрлэж байна. Монголчууд өвс тэжээл бэлтгэдэггүй, овъёос арвай хэрэглэдэггүй, дулаан хашаа байр барьдаггүй, малыг ердөө л “бурханд найдан зоргоор нь” тавьдгаас үхэр адуу, хонь ямаа сая саяараа өвөл хаврын шуурга салхи шороонд үргэдэж байна. Малыг элдэв өвчнөөс анагаах монголчуудын мэдлэг ч өчүүхэн юм. Тэдний мал эмнэлэг гэдэг нь арчаагүй хар дом төдий бөгөөд ямар нэгэн өргөн хүрээтэй халдвартай, халдваргүй өвчин гарахад эсэргүүцэх ямарч чадал алга.

Зан төрхийн назгай байдалтай нягт холбоотой байдаг монгол хүний өөр бас нэг шинж бол түүний ямар нэгэн тийм зарчимлаг залхуурал юм. Монгол хүнийг ажил хийх авъяас чадваргүй гэж хэлж болохгүй. Гагцхүү монгол хүн ажил хийх дургүй. Айван тайван утга учиргүй, юу ч хийхгүй байхыг бүхнээс илүүд үздэг нь гай тарина. “Хөдөлмөр хүний амьдралын амт шимт нь юм.” (Die Arbelit macht das leben suss) германы зүйр үг монголд зориулагдаагүй төдийгүй энэ үгийг ойлгох амин үндэс тэдэнд байхгүй”…Цаг бол мөнгө” “Time is money” гэдэг зүйр үгийн утгыг баруун европ бүрэн эзэмшчихээд байхад монголын тухайд энэ зүйр үгийг “цаг бол мөнгө биш” гэж урвуулж хэрэглэх болж байна. Учир нь хэмээвээс монголчууд цагийг ер ойшоодоггүй” 12 гэжээ.
Н.М.Прежевальскийд газарчилж явсан нэгэн монгол эр “сайн хүмүүс хэзээ ч яардаггүй юм, харин хулгайч, дээрэмчин хоёр л яардаг юм”13 гэж хэтрүүлсэн үнэний үндэстэй. Ийм хоцрогдлыг арилгах гэж соёлын хувьсгалыг удирдан зохион байгуулжээ. Соёлын довтолгоон агуулгаа баяжуулж зөвхөн ахуй, соёлын төдийгүй ажиллах, амьдрах, суралцах хүрээг нийтэд хамарсан хүн амаа орчин үеийн соёл, иргэншилд дасган нийцүүлэх, оюунлаг үйлдвэржсэн орны хөдөлмөрийн хүний сэтгэл оюуны төрхийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэргэжлийн өндөр ур чадвар, бүтээмж, инновацийн төлөөний хөдөлгөөн болж үргэлжилсэн байна. Ю.Цэдэнбал 1978 онд “…сургууль, эмнэлэг, сумын айлуудын ариун цэврийг хангах ажилд шууд орох хэрэгтэй. Сумдад халуун ус байдаг. Гэтэл хурал дээр ариун цэврийн тухай ярьчихаад өөрөө халуун усанд ордоггүй хүн ч олон байна. Иймд халуун усанд оруулж хүн бүрийн хэвшил хэрэгцээ болгохыг 14 үүрэг болгож байснаас үзэхэд энэ асуудалд хэрхэн нягт хандаж байсан нь илт юм. Тэрбээр залуучуудад боловсролоо дээшлүүлэх, бие даан суралцах, биеэ дайчлахыг багаасаа ном унших дуртай болохыг, мэдэхгүй, чадахгүй зүйлээ бусдаас асууж сурч байхыг, дэлхийн сонгодог утга зохиолын номыг уншиж, сонгодог зураг, хөгжим, бүжиг ойлгодог, үздэг мэдрэмжтэй байхыг олонтаа зөвлөдөг байжээ. Ахмад үеэ эрхэмлэн хүндэтгэдэг уламжлалт сайхан дадал заншил манайд бий. Үүнийг зарим талаар мартах явдал байсныг сэрэмжлүүлж байсан байна.

Дөрөв. Нөхцөл байдлыг ямар аргаар, хэний хүчээр, хэзээ, хэрхэн өөрчлөв, тэр нь юу өгөв гэдэг нь судлаачдын сонирхлыг зүй ёсоор татах юм. Ю.Цэдэнбал бол шинжлэх ухааны удирдлагын аргыг анх удаа Монголын үндэсний аж ахуйн өвөрмөц нөхцөлд нэвтрүүлсэн төрийн зүтгэлтэн, эдийн засагч юм. Түлш, эрчим хүчний бааз байгуулах, банк, санхүү, худалдаа, үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, тээвэр, холбоо, их барилга, нийтийн аж ахуйг хөгжүүлэх төрийн эдийн засгийн бодлогыг хүний нөөцийн хөгжлийн бодлоготой хамтад нь цогцолбор байдлаар хөгжүүлэх, өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн харилцан уялдааг хангах чиг хандлагыг ямагт баримталж байжээ.

Харин түүний бүтээл, үйл ажиллагаанаас үзэхэд тэрбээр үйлдвэрлэлд ШУТ-ийн ололтыг нэвтрүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж үндэсний эдийн засгийн өсөлтийг хангах байр суурийг баримталж байжээ.
Үүнд, Монгол улс дотоод нөөцөө дээд зэргээр ашиглах үндсэн дээр үйлдвэрлэх хүч болон үндэсний аж ахуйгаа хөгжүүлэх зорилтыг бүтэн таван жилээр төлөвлөх, 10-15 жилээр прогнозчлох, уг төлөвлөгөөг ханган биелүүлэхэд шаардлагатай ШУТ-ийн арга хэмжээнүүдийг хамтад нь төлөвлөж хэрэгжүүлдэг байжээ. Жишээ нь: Мал аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөг биелүүхэд зайлшгүй шаардлагатай өвс хадлан, бэлчээр усжуулалт, малын халдварт өвчнийг оношлох, устгах, урьдчилан сэргийлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, таримлын ургацыг нэмэгдүүлэх агро технологийн балон механикжуулалт, цахилгаанжуулалтын зэрэг олон ажлыг улсын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлж байжээ.

Макро эдийн засгийн төлөвлөлт нь улам бүр байгалийн шинжлэх ухааны ололтонд тулгуурлаж шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хосолсон шинжтэй болсон юм.
Үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын хүрээлэн, мал аж ахуйн хүрээлэн, мал эмнэлгийн хүрээлэн, тэжээлийн хүрээлэн, хөрс судлалын хүрээлэн, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, түлш зрчим хүчний хүрээлэн, анагаах ухааны хүрээлэн, боловсрол судлалын хүрээлэн зэрэг Шинжлэх ухааны академийн болон салбарын эрдэм шинжилгээний газруудын судалгааны бүтээлүүдэд тулгуурласан төлөвлөлт, прогнозууд нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Чойбалсан хотын түлш эрчим хүч, химийн болон барил га, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолбор болон хэрэгжиж байлаа.

Аж үйлдвэрийн газар, сангийн аж ахуй бүрт сургууль, эмнэлэг, ясли, цэцэрлэг, клуб, номын сан, ахуйн болон нийтийн үйлчилгээ, шуудан, холбоо зэрэг нийгмийн дэд бүтцийг эдийн засгийн дэд бүтэцтэй хамтад нь шийдэж байлаа.
ЗХУ-тай эдийн засаг, соёлын хөгжлийн хүрээнд ойртон нягтарч улмаар Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлд гишүүнээр элсэж тэдгээр орнуудын (ЗХУ, Болгар, БНАГУ, Чехословаки, Унгар, Румын, Польш) хамтын ажиллагааны сүлжээнд нэгдсэнээр манай үндэсний аж үйлдвэр олон улсын жишигт хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйнууд болон дэвжсэн юм.

Эдийн засгийн өсөлтийг дагаж хүн амын ерөнхий болон ахуйн соёл, нийтийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл түвшинг дээшлүүлэх тэмцэлд эрх баригч нам, төр, олон нийтийн байгууллагын хүчин чармайлтыг төвлөрүүлэн дайчилж, өргөн цар хүрээтэй ажил зохиосны үр дүнд Монголд урьд өмнө хззээ ч байгаагүй зарчмын цоо шинэ соёл иргэншил бүрэлдэн төлөвшжээ.

Ю.Цэдэнбалын жилүүдэд мэргэжлийн өндөр ур чадвар, хөдөлмөрийн эв дүй, дадалд тулгуурлан нэг таван жилд хэдэн таван жил ийн ажил бүтээдэг, оёдалчин Ц.Амгаландаван жилд гаргах бүтээгдэхүүнээ нарийн тооцож хугацаанаас нь өмнө биелүүлдэг нэхмэлчин Б.Гүнжилхам, малчин Б.Гээпэл, саальчин Б.Чимгээ механикжуулагч Г.Алтанхүү, Б.Алтангэрэл, Ц.Сундуйжав, Д.Цэрэн, барилгачин С.Хэрлэн Д.Пашка, экскаваторчин Ч.Цэрэндорж, цахилгаанчин Б.Дэстэй, 100 гүүнээс 100 унагабойжуулдаг адуучин Шарбаньди, хоногийн нэгдсэн бригад байгуулан, хөдөлмөр зохион байгшуулалтын дэвшилт хэлбэр нэвтэрүүлж, бүтээмжийг үлэмж дээшлүүлсэн уурхайчин А.Орногбай, Ж.Отгонцагаан, эрдэс баялагийн том орд газруудыг нээсэн геологич С.Сундуйжав, П.Мягмар, Л.Сэрчиндорж, малын цусан халдварт өвчнөөс сэргиилэх хос цэнэгт вакцин бүтээсэн шинийг санаачлагч эрдэмтэн Б.Баатар, биологийн шинжлэх ухаанд шинэ нээлт гаргасан академич Ц.Тойвгоо, С.Шагж, эрдэмтэн зохиолч Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын зэрэг аугаа хүмүүс манай нийгмийн соёл, боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх хүрээнд олоноор төрж, салан задгай, залхуу хойргоо дуудуулж байсан Монгол оронд гавшгай хөдөлмөрийн төлөө бүх нийтийн хөдөлгөөн өрнөсөн юм. Ийнхүү үйлдвэржсэн хөдөлморийн соөл, иргэншилтэй, техник, технологийн ажиллагааг бүрэн эзэмшсэн, шинийг сэдэж, эрэл хайгуул хийх сэтгэлгээтэй, ажлын цагийн хором бүрийг тооцож, өндөр бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэдэг, орчин цагийн Монгол хүн төлөвшсөн юм.

Эдийн засаг, нийгмийн ээлжит зорилтыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд манлайлж, хоршоо, ҮЭ, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын дэмжлэг авч хамтран ажилладаг, тэдний оролцоог тухай бүр нь үнэлж, урамшуулдаг тогтолцоог бүрдүүлсэн нь амжилтанд хүрэх нэг гол нөхцөл болж байжээ.

Тав. Ю.Цэдэнбалын байр суурь, бүтээлүүдэд өнөөгийн нөхцөлд үнэ цэнэтэй хэвээрээ, ялангуяа төр, захиргааны ажилд авч хэрэглүүштэй зарчмын зүйл цөөнгүй байна. Ойрмогхон нэлээд төвөг үүсгээд байгаа хоршоо болон төвсийн хуваарилалтын асуудлаар гэхэд бүр 1943 онд Хоршоо бол хөдөлмөрчдийн байгууллага болох тул өргөн ардчилсан ёсон дээр үндэслэгдэнэ. Хоршооны байгууллагууд өөрийн гишүүдийн өмнө тайлангаа гаргадаг ба хувь нийлүүлэгчдийн хурлаар сонгогдоно. Иймд хоршоог хоршоонд нэгдсэн хөдөлмөрчин ардууд жолоодно…
…Зөвхөн 1943 оны тэргүүн хагас жилд үрэгдэл шамшигдлын хэргээр хуулийн хариуцлагад татагдсан хүмүүс 230 бөгөөд тэдгээрийн олонхи нь хоршоо худалдааны аппаратын ажилтан болно… Хэрэв хоршооны гишүүдээс өөрийн эрхийг эдлэх бүх нөхцлийг газар бүр буй болгосон байх буюу хоршооны ардчилсан ёсыг журамлан сахидаг байвал хоршооны ажил нилээд сайжирсан байх ёстой билээ.Хоршооныгишүүдбатэдгээрийн нийлүүлсэн хувь хөрөнгийн бүртгэлд эмх журамгүй явдал их байна” гэж хэлсэн байна15 Энэ нь өнөөдөр ч ач ач холбгдолтой хэвээр байна.
Бүр 1945 онд “…бид энэ жил орон нутгийн төсвийг аймагт буй болгож байна. Энэ бол улс төрийн их утга учиртай хэрэг мөн. Учир нь ард олныг улсаа удирдах ажилд ихээр оролцуулах чухал асуудлын нэгийг бид үүгээр шийдвэрлэнэ… Манай цаашдын хөгжил нэмэгдэх тутам бид аймгаас цаашлаад сум, багийг хүртэл биеэ даасан oрон нутгийн орлого, зарлагын төсөвтэй болгоно. Тэгэхэд багийн ардууд аливаа хөрөнгө зүйлээ өөрсдөө оролцон шийдвэрлэдэг болно. Багууд өөрийн сургууль, хүн, малын эмнэлэг, өөрийн клуб, мөн радио телефон, бас хожимдоо цахилгаан гэрэлтэй болох цаг эрх биш ирэх болно”16 гэсэн нь өнөөдрийн шаардлагад яв цав нийцэж байна шүү дээ. Иймд Цэдэнбал судлалыг сонирхогчийн бус бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй. Төрийн ажилтны ёс зүй, сахилга, гадаад улс орнуудтай харьцахад баримтлах зарчим, эв дүй, улс орны байгалийн баялагыг судлах, нөөц хэмжээг нь тогтоох, зохистой хамтран ашиглах, хөрш орнуудтайгаа болон олон улсын байгууллагуудтай харилцах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэрэгшүүлэх, дэвшүүлэх, найдвар хүлээлгэх, хариуцлага тооцох арга барил, төр иргэний хоорондын харилцааны зэрэг улс орны амин чухал асуудлуудаар түүний бүтээлүүдээс хойшид ч суралцах, наанадаж санаа авах зүйл чамгүй их байгаа нь илт байна.
Орчин үеийн эдийн засагт амьдралын чанарын асуудалд онцгой ач холбогдол өгч байна. Амьдралын чанар нь зохих хэв хэмжээ, заншил, уламжлалт харилцаагаар тодорхойлогдож буй хүний хэрэгцээ хангагдах түвшингээр, түүнчлэн хувь хүний хүчин чармайлтын түвшинд хандах харилцаагаар тодорхойлогдоно гэж эдийн засгийн онолчид үздэг. Амьдралын чанарын нийгмийн индикатор нь хүний хэрэглээний зүйлийн өсөлт, наслалт, боловсролын өсөлтөөр тодорхойлогддог юм байна. Тэгвэл 1940 оны үеийн Монгол хүний хэрэглээ, насжилт, боловсролын түвшинг 80, 90-ээд оныхтой харьцуулахад Цэдэнбалын ямархуу удирдагч байсан нь тодорхой юм. Цэдэнбал төрийн тэргүүнээр ажилласан хугацаандаа Монгол улсын эдийн засгийн нөөцийг дараахь 3 чиглэлээр хөгжүүлсэн.
а/ Манай орны байгалийн нөөцийг нээж, тодорхойлж.үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын төлөвийг зураглаж үлдээсэн.
б/ Монгол хүний хөдөлмөрийн чадамжийг мэдэгдэхүйц хөгжүүлсэн.
в/ Монголчуудын оролцож бүтээсэн үндэсний шинэ аж ахуйг (эдийн засгийн суурийг) бий болгосон.
Ю.Цэдэнбал бол эдийн засгийн сайн суурь боловсролтой, гадаад хэлийг төрөлх хэлнийхээ адил түвшинд эзэмшсэн, өөрийгөө ямагт боловсруулж байдаг, асар олон ном бүхий номын сантай, дэлхийн сонгодог бүтээл, сэтгэгчид, гэгээнтнүүдийн бүтээлийг цаг ямагт уншиж гэгээрсэн төрийн зүтгэлтэн байжээ. 40 гаруй жил Монгол улсын төрийг удирдах бүрэлдэхүүнд тэргүүлэх үүрэгтэй оролцож, Монголын түүхийн хамгийн эрсдэлтэй он жилүүдийг амжилттай даван туулж, эх орныхоо цаашдын хөгжлийн баттай суурийг тавилцсан ажлын арвин туршлага, түүний бүтээлүүд бол манай улсын оюуны үнэт баялагийн нэг хэсэг гарцаагүй мөн гэдгийг дахин хэлэхийг хүсч байна.
1. БНМАУ-ын Улс Ардын Аж Ахуй 60 Жилд [1921-19811 Статикийн эмхэтгэл, УБ , 1981.X-42
2. Рамстетд Г.И.” Сравнитөльная фонетика монгольского письменего языка” халхаско-ургинского говора, Санктпетербург, 1908
3. 3 Майский .И.” Орчин үеийн монгол” УБ , 2001, Х-20
4. Г.Цэрэндорж “Нийтийн бичиг үсгийн боловсрол, XX эууны монголын түүхийн зарим асуудал” УБ 1999,
5. 128-р талд
6. Ю.Цеденбал “Избранные статьи и речи” Москва, 1983 г, стр-360 Майский.И “Орчин үеийн монгол” УБ, 2001, 43-44 -р талд
7. Үндэсний түүхийн архив. Фонд -4, Н-25, Х-32, 33
8. Гэрэл сүүдэр: Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс, УБ, 1992, 94 -р талд
9. “Үнэн” 1980 оны 10-р сарын 1 №237
10. А.Нямаа “XX зууны түүхийн зарим асуулгууд” УБ, 1999,147-148-р талд
11. Майский. И. “Орчин үеийн монгол” УБ. 2001.49-50 дугаар талд
12. Майский. И. “Орчин үеийн монгол” УБ. 2001.46-48 дугаар талд
13. Прежевальский Н.М. Четверов путешествие. стр 496
14. Ю.Цэдэнбал. Илтгэл, өгүүллэг, хэлсэн үг, илгээлт. УБ, 1982, 446-449-р тал
15. Ю.Цэдэнбал Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг I боть ,1941-1954 он ,УБ.1966. Х-87,89
16. Ю.Цэдэнбал Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг I боть ,1941-1954 он .УБ.1966. Х-14

Доктор Лутын Лханям

Wednesday, November 11, 2009

АТТИЛАГИЙН АЛДАР СУУ, АУГАА ЯЛАЛТЫН НУУЦ

Б.Номинчимэд

Төв Азиас, Монголын өндөрлөгөөс ирсэн жирийн нэгэн нүүдэлчин Хүннү аймаг хагас зуун хүрэхгүй ахар богино хугацаанд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг гүрэн болж чадсаны нууц юу вэ? Христийн тооллын V зуун хүртэл Европт төдийгүй дэлхий дахинд Ромын эзэнт гүрэн цэрэг зэвсгийнхээ чадамжаар ч, хууль эрх зүй, соёл боловсрол, шинжлэхүй ухаан, эдийн засаг гээд бүхий л салбарт хол тасархай манлайлж байв. Өөр улс орнуудад Ромыг дайтан дагуулах нь бүү хэл түүнтэй сөргөлдөх тухай төсөөлөл ч бараг байсангүй. Карфеганууд болон Парфи нар Ромтой нэг бус тулсан ч, эцэстээ нуга даруулж дуусдаг байлаа.

Гэтэл нүүдэлчин, зэрлэг гэгдэн нүд үзүүрлэгдэж, технологийн хувьд Ромтой харьцуулашгүй доод түвшинд байсан Хүннүчүүд яаж тэрхүү хүчирхэг Ром гүрнийг сөгтгөн сөхрүүлж чадав? Хэрхэн хэдэн зууны турш Европ даяар түгэн дэлгэрсэн “Ромын дэг ёс”-ыг /Pax Romanica/ халж, “Хүннүгийн дэг ёс”-ыг тунхаглаж чадав аа? Хэрхэн яаж Төв болон Дорнод Европын олон аймаг, овгуудыг нэгэн тугийн дор нэгтгэн зангидаж, төмөр мэт хатуу сахилгад оруулан удирдаж байв? Хүннүгийн хаан Аттилаг юуны учир үеийн үед “Хаадын хаан”, хүн төрөлхтний гэм нүглийг гэсгээхээр тэнгэр бурханаас илгээсэн “Тэнгэрийн ташуур”, “Бурханы бэрээ” хэмээн нэрийдэн, ард түмнүүд домог түүхэндээ дурсаж ирэв?

Энэ бүхний нууц нь удирдахуйн ухаан юм. Хүннүгийн хаан, “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргийн жанжны удирдах жолоодох аугаа суу билэг, өргөн их мэдлэг, чадвар хэдий тэр цаг үеэс хойш 1600 орчим жил өнгөрсөн ч өнөөдөр өрнийхний сонирхолыг ихэд татсаар байна.
Өнөөдрөөс уншигчдад хүрч буй “Хүннүгийн хаан Аттилагийн удирдахуйн ухааны нууц” номд Аттила хааны үр бүтээлтэй амжилттай удирдах удирдлагын арга ухааныг задлан тайлбарлажээ.

Хэзээ ч, хаана ч үнэ цэнэтэй байх хүнийг удирдах арга ухааны хамгийн шилдэг аргачлалыг Аттила боловсруулсан хэмээн уг номыг зохиогч Уэсс Робертс дүгнэжээ. Нөгөө талаар “балар цагийн сэлэм жад зөрөлдүүлсэн байлдаан” ч, өнөөгийн корпорацийн менежмент ч нэг л зарчимтай. Гэхдээ тэр “Балар цагийн байлдаан”-ыг сэлэм жад бариад алалцдагаас арай өргөн хүрээнд, стратеги бодлого, удирдлагын түвшинд ойлговол шүү дээ.

Аттилагийн улс төрийн бодлого, дипломат арга ухаанаас гадна удирдагч хүн ард түмэнтэйгээ, ялангуяа нэгэнт гаргасан зорилт бодлогыг нь гардан хэрэгжүүлэгч болсон шат шатны үүрэг гүйцэтгэгчидээ ямар шалгуураар сонгох, хэрхэн удирдах, зорилго, үзэл санаагаа итгүүлэн үнэмшүүлэх үндсэн дээр зорилтоо бүрэн төгс хэрэгжүүлэх арга нь өнөөгийн удирдлагын менежментийн хувьд анхаарууштай, санаа авчихмаар, судлууштай төдийгүй алхам тутамдаа мөрдлөгө болгох зүйл байсанд л Аттилагийн алдар суу, Хүннү гүрний мандал бадралын нууц байжээ. Өнөөдрийн маш олон компанийн удирдлагууд, улс төрчид, тухайлбал АНУ-ын армийн генерал Жон Бансен, General Мotors-ын дэд ерөнхийлөгч Паул Залески, American Airlines-ийн ерөнхийлөгч Р. Л. Грэндэлл, Creative Service Inc-ийн ерөнхий захирал Нидо Кибейн зэрэг маш олон алдар цуутай, нэр нөлөө бүхий хүмүүс энэхүү номын үзэл санааг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн амжилт олсноо дурджээ. Тэр ч бүү хэл Los Angeles Lakers-ийн дасгалжуулагч Пат Рилей хүртэл Аттилагийн стратеги, тактикаас суралцсан гэнэ.

Дашрамд, Эртний Хятадын Сүнзийн бичсэн “Дайтах урлаг” /The Art of War/ гэдэг Аттилагийн үетэй харьцуулбал жинхэнэ балар цагийн дайтах урлагийн номлолыг хичнээн олон төрөл янзаар тайлбарлан, янз бүр хэмжээгээр хэвлэсэн номууд АНУ-ын аль ч номын дэлгүүрт лангуу лангуу дүүрэн буйг үзэж болно. Энэ ном өдгөө дэлхийн хэдэн арван хэлээр орчуулагдаж, судлагдаж, олон ажил хэрэгч хүмүүсийн байнга уншдаг ном нь болж байдаг гэнэ. Энэ онд манай нэрт орчуулагч М.Чимэдцэрэн хятад хэлнээс Сүнзийн энэхүү алдарт “Дайтах урлаг” номыг орчуулан монгол түмнийхээ оюуны мэлмийд өргөн барьсан юм. Сүнз “Дайтах урлаг” гэдгийг өнөө цагийн хүнтэй харьцах урлагийн түвшинд боловсруулж орхижээ.
Аттилагийн удирдахуйн ухаан ч мөн түүн лугаа адил юм. Ямар ч цаг үед, ямар ч нийгэм оршиж буйгаас үл хамаарах мөнхийн зарчмуудыг тэрээр бүхий л үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож байжээ. Аттилагийн удирдахуйн ухаан, ялангуяа цэргийг засах, дайснаа ялах ухаан нь Чингис хааныхтай бүхий л талаар маш ойрхон байдгийг зориуд онцлох хэрэгтэй юм.

Ялангуяа өнөөдрийн манай төр засаг хямарч, эх адгаа, сайн муугаа сайтар ялгаж, салгаж чадахгүй болсон цаг үед Аттилагийн удирдахуйн арга ухаан, бодлого нь түүний удам салтар болсон бидэнд олон санаа өгч, шинэ сэргэг итгэлийг тэтгэх байх гэдэгт итгэж байна.

Ингэхэд Аттилаг монгол угсаатан мөн, биш гэсэн маргаан түгээмэл байдаг ч олонхи судлаачид Хүннүг эртний монгол угсааны аймаг мөн хэмээн үзсэн. Тухайлбал Мкговерн, Даниэл Кохен, Патрик Ховард, Жосеф Гүнэс, Прицах Омелжа, Нигэл Мэн, И.В. Константинов, Е.Болше, С.И.Руденко зэрэг өрнийн олон судлаачид ийм л байр суурийг илэрхийлдэг. Монголын маань толгой түүхчид болох А.Очир, Ч.Далай, Н.Ишжамц, Ш.Нацагдорж, Б.Ширэндэв, Ж.Болдбаатар, Л.Жамсран, Ц.Ишдорж, Д.Цэвээндорж нарын найруулан эмхэтгэсэн Монголын Улсын түүхийн I ботид түүх, угсаатны зүй, соёл, археологийн олдвор зэрэг олон судалгаанд үндэслэн Хүннүчүүдийг язгуурын монгол аймаг болохыг дурдан бичсэн байна. Ялангуяа нэрт түүхч Г.Сүхбаатар агсан “Монголчуудын эртний өвөг” номондоо “Хүннүд холбогдох антропологийн мэдээнээс үзэхэд Хүннү нарыг монгол угсаатан гэж бүрэн болно”, “Хүннүгийн соёл бол эртний Монголчуудын соёл мөн гэх бүрэн үндэс байна” гэсэн байна.

Тэгэхээр Аттилагийн оюуны өв нь юутай ч монголчууд бидэнд юу юунаас илүү хүртээлтэй байх учиртай хэмээн бодож, энэхүү номыг яаравчлан хэвлүүлэхийг зорьсон билээ.

Аттилагийн тухай домог, тууль Европын нэлээд хэдэн оронд хэдэн зууныг дамнан үлджээ. Мажаруудын домогт эрт цагт Алтайн уулсаас нүүдэллэн ирсэн хүчирхэг овгийн тэргүүн Аттилагийн тухай маш тодорхой дүрсэлсэн нь бий. Кэйт Середийн “Цагаан буга” хэмээн домгийн номонд Аттилагийн тухай, Хүннү нарын анхны их нүүдлийн тухай, тэдний шүтээн, гарал үүслийн тухай өгүүлжээ.

Герман болон Скандинавын орнуудын дунд өргөн дэлгэрсэн “Небулингуудын дуулал” хэмээх ихэд алдартай туульд Аттила хааныг тод томруун дүрсэлсэн нь бий. Эртний Ромын түүхч Марселинус, Жорданис/Готын/, Прискус нар Аттилагийн түүх намтрыг бичин үлдээж, тэр цагаас хойш үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан ба одоо ч судалгаа шинжилгээ нь үргэлжилж, кино ч бүтээгдсээр байна. Өнөөдөр Берлин, Вена, Будапешт, Ром зэрэг европын төдийгүй хүн төрөлхтний соёлын томоохон төв болсон хотуудад Аттилагийн нэрэмжит талбай, гудамж, хөшөө бий. Мөн Хүннүгийн нэртэй тосгон, уул, ус цөөнгүй байдгаас гадна Ижил мөрний нэрийг Аттилагийн домгийн нэгэн нэр болох Этцилтэй холбосон домог ч байдаг байна. Дорнод болон Төв Европт хөх толботой хүүхдүүд төрөх үзэгдлийг судлаачид олон жил судалсны эцэст Төв азиас халин ирсэн Хүннү нартай холбоотой болохыг олж тогтоосон гэжээ. Ер нь Мажарт хөх толботой хүүхэд цөөнгүй төрдөг бөгөөд хэдэн жилийн өмнө өөрсдийгөө Хүннүгийн удам хэмээсэн хэдэн мянган унгарчууд холбоо байгуулж байсан төдийгүй Мажарын төрийн зүгээс тэдэнд онцгой анхаардаг талаар мэдээлэл сонсогдож байсан билээ. Францад ч хөх толботой хүүхэд төрдөг тохиолдол ч мэр сэр гардаг байна.

Хүннүчүүдийн Европт хийсэн цөмрөлт нь зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгуудыг баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрахад хүргэж, улмаар “Pax Romanica” –г бүрмөсөн нурааж, өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг байна. Зарим түүхчид Аттилагийн Хүннүгийн Европт орсон цөмрөлт нь энэ бүс нутгийн түүхэнд хожмийн Бат, Сүбээдэй нарын довтолгооноос хол илүү гүнзгий ул мөр үлдээсэн гэжээ.

Аттила хааны тухай бичсэн үй олон том, туурвилууд дотроос 1988 онд Уэсс Робертсийн бичсэн энэхүү “Хүннүгийн Аттила хааны удирдахуйн ухааны нууц” хэмээх ном хамгийн дээд амжилтанд хүрч, Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор хэдэнтээ шалгарсан төдийгүй дэлхийн томоохон корпорацийн эзэд, банкир, улс төрчдийн ширээний ном болж байсныг дахин дурдахад илүүдэхгүй.

Барууны ертөнц Өвөг Монголчуудын дундаас төрсөн нэгэн суутан Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг бахдан шагширч, үлгэрлэн дагаж байхад Монголчууд түүнээс хоцрох учир юу билээ. Үгүй ядахдаа сайтар танилцах нь зөв болов уу.

2009 оны 11 дүгээр сар 5

Friday, October 23, 2009

Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав...?

Б.Номинчимэд
XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.
Чингис хаан охин Алага Бэхиэр Цагаан хэрмийн хойт хаяагаар нутаглах Онгууд аймгийг захируулжээ. Удалгүй Умард Хятадыг эзлэхэд Алага бэхи тэндхийг хавсарсан Их захирагч болсон байна. Бас нэг охин Алалтун Бэхиг Уйгурт, бас нэг охиноо (Толай) Харлагт, ууган охиноо Хонгирадад, Чэчэйхэн Бэхигээ Ойрад иргэнд бэр болгон өгсөн нь мөн чанартаа тэдгээр аймаг улсуудыг захирсан ЭЗЭН ХАТАД болон суужээ. Ийнхүү Чингис хааны охид хаан эцгийн байгуулсан гүр их улсыг харь дайснаас халхлах халх бамбай мэт зүүн өмнөдөд Хонгирадаас эхлээд өмнөдөд Онгууд, Умард Хятад, баруун талд Харлаг, Уйгур, баруун хойт талд Ойрад гэх мэтээр эзэнт гүрний эргэн тойронд агч улс орнуудад эзэн болж, эртний их Торгоны замыг эзэмшиж, эзэнт гүрний бүхий л худалдаа арилжааг зохицуулан, дотооддоо төдийгүй гадаад ертөнцөд нэр, нөлөө бүхий эрхэмсэг Их хатад болжээ. Тэд хаан эцгийгээ харийн дайнд явахад хүнс, эр цэрэг, зэр зэвсгийн найдвартай ар тал нь болон үлдэж байсан төдийгүй эх монгол орноо тал бүрээс нь довтлох аюул заналаас сэргийлж байсан байна.
Тэдгээр бүсгүйчүүд гүрэн улсыг шинээр цогцлоож, худалдаа арилжаа, өртөө улааны шинэ шинэ сүлжээг бий болгон, эрдэм мэдлэгийг ихэд тэтгэн дэлгэрүүлжээ.

Чингис хаан хөвүүдээсээ илүүгээр охиддоо итгэж, тэдэнд илүү их үүрэг хариуцлага үүрүүлж байжээ. Ингэх үндэслэл байв. Хөвгүүдээс нэг нь ч түүний сэтгэлд хүрсэнгүй. Тэдэнд Их улсыг амжилттай удирдан авч явах ухаан билэг бүү хэл ядахдаа эцэг шигээ гарамгай жанжин ч байсангүй. Цагадай цочмог, бодолгүй түргэн зантай байсан бол Өгэдэй архинд хэт орж, санхүү, эдийн засгийн харалган бодлого явуулж, улс орноо бэхжүүлж, хөгжүүлэхээсээ илүү хэт үрэлгэн загнаж байв. Толуй хэдийгээр эцэг шигээ баатар зоригт, сайн жанжин байсан ч ах Өгэдэйгээс ч илүүгээр архинд орж, сүүлдээ архиндаа түлэгдэж үхжээ. (Ахмад хүү Зүчи эцгийгээ амь ахуйд бие барсан) Нөгөөтэйгүүр Чингис хааныг гүр их улсаа байгуулахад нь хатад эмэгтэйчүүдийн хувь оролцоо үлэмж их байлаа. Өэлүн эхийн оюун билэг, ер бусын хатан тэвчээр, зүтгэлгүйгээр Чингис хааны амжилтыг төсөөлөх боломжгүйн адилаар Бөртэ үжин чухам Чингис хааны хажууд өмөг түшиг нь болж, Их гүрнийг босголцсон билээ.

Чингис хаан насан өндөр болох хэрээр хичээн байгуулсан их улсаа хэрхэн төгс төгөлдөр болгон бэхжүүлэх талаар байнга санаашран байсан. Ингээд найдвар муутай хөвүүдтэйгээ эн тэнцүү, магадгүй зарим талаар илүү их итгэл, хариуцлагыг охид, бүсгүйчүүддээ үлдээсэн байна. Энэ нь эрхт эцэг болсон тэнгэр, этүгэн эх болсон газар дэлхийн хүч энергийн харилцаа, хамаарлыг харгалзан үзсэн, арга бэлгийг тэнцүүлсэн хэрэг байж. Гэвч харамсалтай нь хөвгүүд эцгийнхээ бодлогыг үл ойшоов.

Чингис хааныг тэнгэр болсны дараахан, тэр 1227 оны сүүлээр Алалтун Бэхи ах Өгэдэйн хүмүүст алуулав. Хоёр жилийн дараа Алага бэхийн өв залгамжлагч Нэгүдэй амь үрэгдэв. Түүнээс удалгүй Чэчэйхэн бэхи гэнэтхэн амь эрсдэж, дараа жилийн зун Өгэдэйн тушаалаар Ойрад түмний охид бүсгүйчүүлийг бүгдийг нь хэрцгийлэн, хүчирхийлээд, эрхэндээ оруулжээ. Бүр бүсгүйчүүдийн эсрэг аян дайн шахуу юм болсон байна. Чингис хааныг хальснаас хойш арав хүрэхгүй жилийн дотор түүний охин ургийнхан ийнхүү хамаг эрх мэдлээ ах, дүү нартаа алдав, амь эрсдэв. Чухам энэ үеэр л “Нууц товчоо”-нд халдсан тэр бүдүүлэг хэрэг явдал гарсан юм болов уу даа.

Ийнхүү Чингис хааны охид, Их хатад, монголын төрд зүтгэж асан их эмэгтэйчүүдийн түүх “нууцлагджээ”. Жак Уэтерфорд ингэж үзэж байна. Тэр “Монголын Их Хатдын НУУЦ ТОВЧОО” номондоо энэ ээдрээтэй үйл явдлыг хайр найргүй уудлан дэлгэж, бас сэтгэл шимшрэн бичжээ.

Жак уг нь анторпологич хүн. Эрт галвын амьтдын ясыг хэлтэрхий хэлтэрхийгээр нь цуглуулах адил энэ хүн манай түүхийн тун бүдэгхэн нэгэн улбааг мөшгин, энд тэндээс баримт материалыг яг нь ясны хэлтэрхий лугаа адил цуглуулан цуглуулсаар бидний алдагдсан түүхийн нэгэн зурвас үеийг та бидний өмнө дүрслэн гаргаж ирсэн байна.

Чингис хааны охид, монгол хатад хэдийгээр нэр алдар, эрх мэдэлд дуртай, өөр зуураа эв түнжингүй, эцгийн бүтээсэн их улсыг бэхжүүлэхээс илүүгээр сульдааж, Их засаг хуулийг нь уландаа гишгэсэн ах, дүү нартаа алуулах нь алуулж, шахагдан гадуурхагдах нь гадуурхагдсан ч чухам чин үнэндээ монголын охид, бүсгүйчүүд л Их Монгол улсын голомтийг бүрмөсөн тасалчихалгүй авран хамгаалж, уламжлан авч чадсаныг тэрээр барин тавим баримттайгаар өгүүлжээ.

Монгол гүрэн задран, буурахад “самуурал завхрал, ялагдал доройтлыг сөрөн боссон нэгэн эмэгтэй өөрийн байр сууриа хатуу хамгаалж, салж бутарсан Монгол овог аймгуудаа нэгтгэж, туг сүлдээ босгон мандуулж, Алтан урагт дахин сэргэх хувь тавиланг эргүүлэн авчирсан бөлгөө”. Энэ бол Элбэг хааны охин Самар гүнж байв.

Элбэг хаан Баруун Монголын тэргүүнийг хилсээр хороожээ. Тэгээд эцгийг нь хилсээр хороосныхоо цагаатгал, төлбөр болгон хүүд нь охин Самараа гэргий болгон өгч, хүргэнээ эцгийнх нь ор суурийг залгамжлуулсан байна. Самар гүнжийн хүү нь Ойрдын Тогоон тайш, ач хүү нь Эсэн тайш хаан юм. Энэ үед Монголын язгуур алтан ургийнхны хооронд байнгын атаа, жөтөө, далд явуулга, хэрүүл самуун тасарсангүй. Эцэст нь Эсэн хаан хүчээр баруун, зүүн монголыг нэгтгэн нэгэн тугийн дор захирав. Ингэхдээ тэрээр охиноо Алтан ургын нэгэн хан хүүтэй гэрлүүлжээ. Удалгүй Алтан ургийнхны найдваргүй байдалд дургүйцсэн Эсэн хаан тэднийг уг үндсээр нь таслахаар шийдэж, алтан ургийнхны эсрэг их аллага хийжээ. 1452 онд боржигон овгийн 44 язгууртан, 33 хэргэмтэн, тэдэнд үнэнч байсан 61 цэргийн жанжин амь насаа алдсан байна. Энэ үед Эсэн хааны эмэг эх Боржигон Алтан ургийн Самар хатан хэдий насан өндөр болсон ч Эсэн хааны энэ аллагыг сөрөн зогссон төдийгүй, алтан ургийн сүүлчийн судсыг тасалчихалгүй авч үлдэж чаджээ. Эсэн хааны охин, Самар хатны гуч охин болох өнөөх алтан ургийн хан хүүтэй суусан бүсгүй алуулсан нөхрөөсөө хөл хүндтэй үлджээ. Үүнийг мэдсэн Эсэн охиноо төрөнгүүт шинэ хүнийг алаад, өөрийг нь өөр хүнд өгөхөөр шийдэн байна. Гэвч Самар хатан ач хүүгээсээ өрсөв. Тэр гуч охиноо зугтаалгаад зогсохгүй, төртөл нь нууж чаджээ. Хүү төрсөнд Баянмөнх гэж нэрлэсэн байна. Эсэн хаан эрлээ зогсоосонгүй. Түүний хүмүүс “Охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн тушаалтайгаар эх, хүү хоёрыг хайсаар олов. Учрыг мэдсэн эх ажиггүй царайлж байгаад эрлийн багийн ахлагчийн өөдөөс харуулж хүүгээ тосон шээлгэжээ. Гэхдээ нялх хүүгийн мөөжгийг нь мэдэгдэхээргүй болтол нь арагш нь татаж байгаад шээлгэсэн байна. Юутай ч эрлийнхэн хүүг дахин нягтлах шаардлагагүй гэж үзээд буцаж, Эсэн тайшид “Та зээ охинтой болжээ” хэмээн дуулгав. Гэвч эцсийн эцэст Эсэн үнэнийг олж мэдээд дахин эрлийн бүлгийг илгээсэнд Самар хатан хамгаалав. Бас нэг удаа нялх хүүг хөмөрсөн тогоон дотор нууж авч үлдэв.

Гэвч нас хэт өндөр болсон Самар хатан цаашид хүүг аварч хамгаалах боломж шавхарч буйг мэдээд Чингис хааны урагт үнэнч хүмүүсийг олж, тэдэнд өгч нууцаар асруулахаар алс хол, Монголын нутгийн гүн рүү илгээсэн байна. Зам зуураас нь Эсэний хүмүүс хөөж, өлгийтэй хүү морины давхиад дунд нэгээс нөгөөд бөмбөг мэт шидүүлэн дамжиж, газарт ч ойчиж, харин азаар Самар хатанд үнэнч нэгэн эр цэрэг давхиан дундаа хүүгийн өлгийнөөс нумын хөвчөөр гогдон аваад зугтан гарч чадсан байна.

Эсэн хаан хорлогдож, удалгүй Мандуул хаан ор суув. Гэвч түүнд ор залгах хүү төрсөнгүй. Иймд Алтан ургийн хүү, өнөөх амь өрссөн өрсөлдөөн дундаас Самар хатны гавьяагаар амьд үлдсэн Баянмөнх хүүг олж, угсаа залгамжлах Болох Жонон цол өгч, дэргэдээ байлгажээ. Гэтэл төдий удсангүй, хаан хийгээд угсаа залгамжлагч жононгийн дундуур хар хэл орж, Самар хатны амь тавин хамгаалсан алтан ургийн сүүлийн судас Болох Жонон Баянмөнх өмнийн говьд орь ганцаар тэнэж яваад гавьяа ч үгүй, золгүйгээр амь эрсдэв. Мандуул хаан ч үхэв.

Баруун өмнөдөд уйгур, лал шашинтнууд идэвхжиж, Торгоны замыг эрхшээн, баруун талд Ойрадууд бие даасан байдлаа улам батжуулж байв. Өмнө зүгт Хятадууд энэ сиймхийг отон хүлээж, харин Хасарын удмын ноёд хаан ор одоо хүссэн, эс хүссэн ч биднийх болов хэмээн омтгойдох болов. Олон овог аймаг өөр өөрийн дураар үйлдэх болов.

Ийнхүү Монголын төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт бас нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн судсыг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Энэ бол Мандухай сэцэн хатан байв.

Мандуул хааны бага хатан тэрээр эр нөхрөө өнгөрсний дараа өнөөх Баянмөнх Болох Жононгийн хааны ордонд ирэхээсээ өмнө асарч байсан урианхай малчин айлынхаа охин Шихэртэй учир ургуулан нэгэн нуган үртэй болсон байсныг олжээ. Гэвч тэр даанчиг арчаагүй, өвчинд баригдсан, өрөөл татанхай, хүн болох эсэх нь тодорхойгүй нэгэн байж. Гэвч тэр бол Алтан ургийн сүүлчийн аргамж, сүүлчийн амь байсан юм. Сайтар асарч тойлсны эцэст 7 настай Батмөнх хүүг хаанд өргөмжлөв. Энэ үед Мандухай өөрөө 21 настай байж, бяцхан хүүгийн өмнөөс төр барив. Тийн Мандухай садарсан үсээ шууж, саадаг нум үүрч, бяцхан хүүг үхэг тэргэнд суулган цэрэг дайчдыг тэргүүлэн дайтаж, улс төрөө эмхлэн хураажээ. Батмөнх хүү эрийн цээнд хүртэл 10 гаруй жилийн турш Мандухай тулааны талбарт эр цэрэг, жанжин баатар, энгийн цагт сэцэн сайд, ар гэртээ асралт эх болж байв. Батмөнх Даян хаан, Мандухай Сэцэн хатан хоёроос Чингис их дээдсийнх нь ерөөл бэлгийн дагуу 7 нуган үр төрсөн нь хатаж байсан Алтан ургийн мод дахин цэцэглэн дэлбээлсэн хэрэг байлаа. Тэд хожмийн монголын бүхий л аймаг, хошууны ихэс дээдэс болжээ.

Мандухай хатны Монгол Улсын төлөө, Эзэн Чингис хааны алтан ургийн төлөөх гавьяа зүтгэл үлэмж их.

Чухам ийм л түүхүүдийг Жак Уэтерфорд бичжээ. Уг нь энэ бүхэн бидний мэддэг түүх, гэвч мэддэг хэдий ч ийм ээдрээтэй нөхцөл байдлын дундаас үйл явдлын нарийн учиг, уялдаа холбоог чухам фокус нь таарсан дурангаар татан үзүүлэх мэт тийм тов тодорхой харуулж, мэдрүүлж буйд Жакийн түүх бичлэгийн давуу тал нь байна.

Түүний бичсэнээр “Монголын аугаа хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус, Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийг гэрлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олохыг, олсныхоо дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй” болж байна.

Энэхүү “Монголын Их Хатдын Нууц Товчоо” ном бол Монголын хатад бүсгүйчүүдэд босгосон үгэн хөшөө болжээ.

Номынхоо өмнө зохиогч “Мөнх Хөх Тэнгэрийн Алтан Наран Их Монгол Үндэстний эхчүүд, охидыг Үүрд мөнхөд ивээх болтугай” гэсэн нь Жакийн монголын эхчүүд эмэгтэйчүүдэд хандаж буй сэтгэл, хүндлэл нь юм. Харин ямар ч монгол зохиогч номынхоо өмнө ийм үг бичиж чадсан бил үү, үгүй бил үү?


***

2004 онд Вашингтон хотноо Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын нээлт болж, төд удалгүй Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарч, дуулиан тарьж байлаа.

Тэр цагаас хойш юутай ч монголын түүхэнд хандах америкчуудын хандлагад багагүй өөрчлөлт орсон гэдэгт би итгэлтэй байна. 2004 онд Үндэсний газар зүйн нийгэмлэг (National Geographic)-ийн нэвтрүүлгээр гарсан Монголын эзэнт гүрний тухай нэвтрүүлэгт Монголчуудыг зөвхөн байлдан дагуулах, алж хядахын донтой хүмүүс, иргэншээгүй, зэрлэг омгийнхон гэсэн санаа нэвт шингэсэн байсан.

Харин Жак-ийн дээрх ном гарсны дараа 2006 оны нэг сард Үндэсний газар зүйн нийгэмлэгийн нэвтрүүлэгт хоёр жилийн өмнө монголчуудын талаар ярьж байснаасаа огт өөр зүйлийг өгүүлж байсан юм. Тухайлбал Чингис хаан бол

- Шашны эрх, эрх чөлөөг хүн төрөхтний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр хангасан
- Улс үндэстнүүдийн хооронд дипломат харилцаа системийг анх бий болгосон
- Худалдаа зах зээлийн бараг өнөөгийнх шиг үр ашигтай орчин, харилцааг бий болгосон
- Цэргийн шинжлэх ухаанд олон зүйлийг цоо шинээр хэрэгжүүлсэн
- Улс түмнүүдийн соёлын харилцааг урьд байгаагүйгээр идэвхжүүлснээр дэлхий нийтийн соёлын хөгжилд маш хүчтэй түлхэц болсон
- Эцсийн эцэст Чингис хаан өнөөгийн шинэ дэлхий ертөнцийг бий болгосон гэсэн байлаа.

Энэ бүх дүгнэлт бол Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номын үндсэн агуулга нь.

Үнэхээр ч Монголчуудын байлдан дагуулал бүхэл бүтэн найман зууны турш нойрмоглосон дэлхий дахиныг чоцроосон юм. Эртний их соёлт хүчирхэг Ром гүрэн Содоом, Гомоорын араас “тэнгэрийн хилэгнэл” хүртсэнээс хойш Европ дахин урьдын хөгжлийн эрчмээ алдан, XII зууныг хүртэл үндсэндээ унтаа байдалд байсан. Олигтой ахиц дэвшил гарсангүй. Ромчуудын үлдээсэн олон зүйлс, түүний дотроос эрх зүйт хууль цаазат төрийн ёсон, соёл урлаг, шинжлэх ухаан боловсролыг мартаж, Ромын цэцэглэн мандаж байх үетэй харьцуулахад хөгжил дэвшлээс хол ухарсан мэт бүхэлдээ хэдэн зууны турш харанхуйлан байлаа. Европ дахин шашны мухар сохор хүлээсэнд улам улам боомилуулсаар байв. Арабуудын оргилсон эрчимтэй довтолгоон ч тэднийг энэхүү гүн нойрноос нь гүйцэд сэрээсэнгүй. Тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэхтэй агаар нэгэн алилаар нам гүм, ажин түжин сууж байв. Хүнд жад чирсэн төмөр дуулгат баатар эрс нь ойр зуураа хөлхөлдөж, нүсэр чулуун хана хэрмээ хөгжлийн дээд мэтээр бодож байж. Загалмайтны цөхрөхийг мартсан улайрсан номлогчид нүх сүв бүрийг нэгжиж байлаа. Загалмайтнууд удаа дараалан цэрэглэн хөдөлөн ч тэд Сириэс цааш хэтэрч байсангүй. Ираны толгодын цаанаас, Дундад Азийн элсэн цөлийн гүнээс ирдэг эртний их торгон зам хаанаас юу тээж авчирдгыг мартсан байв. Төв Азийн өндөрлөгт ямар их эрч хүчтэй хуй салхи нижигнэн хөдөлж буйг огтхон ч тааварлаж чадахгүй байв.

Үйл явдлуудыг анхааралтай харвал Чингис хааны довтолгооноос хойш Европт олон зүйл хувиран өөрчлөгдсөн. Үйл явдлын хэмжээ далайц өргөсөж, хүмүүс нууцлаг агаад хүчирхэг дорныг сонирхож эхэлсэн.

Гэнэтийн довтолгоон хүмүүст айдас хүйдсийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Аливаа юм нууцлаг, үл мэдэгдэм байхийн хэрээр түүнээс үүдэх айдас түгшүүр их байдаг. Чингис хааны довтолгоон гэнэтийн байсан. Европ дахин чухам юу болсны учрыг нь ч олж чадаагүй байтал тэрхүү гэнэтийн зочид ирсэн шигээ гэнэт алга болчихсон. Энэ ялагдашгүй хүчирхэг хүмүүс гэнэт хаанаас гараад ирэв. Яах гэж ирээд яагаад алга болчихов. Энэ нь сониуч хүмүүсийн сонийг хөдөлгөж, баатар эрсийн цөсийг цалгиав. Наран мандах тэнгэрийн хаяанаас цааш газар байж, тэнд хүчирхэг, өвөрмөц сонин ард түмнүүд амьдардгийг Европ дахин анх тийнхүү мэдрэв.

Чингис хааны өрлөг жанжин Сүбээдэй, ач Батхаан нарын довтолгоон /1236-42 он/ энэхүү хариуг улам чанга нэхсэн юм. Дараа дараачийн үеийнхэн, Алтан ордны болон Ил хаадын хүчирхэг, эрхэмсэг байдал нь тэднийг олон зууны гүн нойрноос нь бүрэн сэрээсэн билээ. Дэлхий дахины улс төр, соёл, эдийн засгийн харилцаа эрс өөрчлөгдөж, тэд талынхны дайтах урлаг, төмөр мэт хатуу сахилга бат, хууль ёсноос суралцаж, өртөө улааг хэрэглэх болж, дарь хэмээх хөгжлийн ер бусын эрчим хүчийг ашиглах болов. Наад зах нь ор хөнжлийн даавуу байдгыг мэдэж, гар нүүрээ угааж, дарь хийж, ном бичиг барлах анхны ойлголттой болж, цаасан мөнгөний тухай сураг дуулж, улс хоорондын дипломат харилцааны олон зүйлсийг шинээр нээжээ. Дорныг сонирхох, тийш тэмүүлэх эрмэлзэл нь явсаар газар зүйн их нээлтүүд, улмаар сэргэн мандлыг урин дууджээ.

Эцсийн эцэст дэлхийн олон улс орнууд, үндэстэн угсаатнууд цоо шинээр бүрэлдэн, өнөөгийн ертөнцийн суурь зөвхөн үндэстний төдийгүй эдийн засаг, олон улсын харилцааны хүрээнд бүхий л талаар тавигджээ.

Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номонд ийм л санааг олон талаас нь нутлан өгүүлжээ.

Ганц америкчуудыг төдийгүй дэлхий дахиныг ч энэ ном дэлдийлгэж чадсан. Энэ 4-5-хан жилийн дотор уг ном дэлхийн 22 орны хэлээр орчуулагдаж, хэдэн сая хувиар хэвлэгджээ. Энэхүү хэдэн сая хувь нэг бүрийн цаана Монголын маань л сурталчилгаа байгаа. Тэр хэмжээгээр монголыг сонирхогчид, судлаачид, жуулчдын тоо ч үлэмж нэмэгдэнэ. Сайн ном гэдэг ийм л үр нөлөөтэй байдаг аж. Энэ бол манай үндэстний түүх судлалд, бидний хөгжилд, дэлхийн тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд оруулж буй хувь нэмэр ч гэж хэлж болох байх.

Сүүлийн тавхан жилийн дотор бидний өвөг дээдсийн түүхээр маш олон ном шинээр хэвлэгдэн гарлаа. Кон Иггулдний Чингис хааны амьдралыг өгүүлсэн гурамсан роман, Том Шаньлэйн “Мөнх тэнгэрийн хүчин дор Чингис хааны мандал бадрал”, Жон Манний “Чингис хаан: амьдрал, үхэл ба сэхээрэл”, “Чингис хааны удирдахуйн нууц”, А.Гоүлдбергийн “13 зууны Монголчуудын дарангуйлал”, Моррис Россаби нарийн “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн”, Томас Стрэйсгутын “Алдагдсан соёл иргэншил-Чингис хааны Монгол”, “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” гэх мэт маш олон номыг дурдаж болохоор байна. Хамгийн сүүлд л гэхэд “Khubilai Khans Lost Fleet Legendary” гэдэг ном гарсан байна. Мөн Япончууд “Бөртэ Чоно”, Оросууд “Монгол”, саяхан Якутууд ч бас нэг кино бүтээлээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийт Монголын түүхээр амьсгалж байна. Монголын түүхийг огт өөрөөр харж, үнэлдэг болж байна.


***

Жак Уэтерфордын монголын түүхийн сэдвээр бичсэн хоёр дахь ном “Монголын Их хатдын Нууц Товчоо” нь өмнөхөөсөө ч илүү амжилт олох болов уу гэж бодож байна. Түүний номын амжилтанд нөлөөлж буй зарим нэг “нууц” бий. Жак чухам зохиолч хүнд л байгууштай гайхалтай уран сэтгэлгээтэй, сэтгэлзүйн чадварлаг задлан шинжээч хүн. Түүхэн хүмүүсийн санамсаргүй унагасан нэг үг, хийсэн нэг үйлдлээс нь ургуулан мөшгишээр бүхэл бүтэн түүхэн явцыг зургийг босгож ирнэ. Түүхэн баримтууд, уран нийтлэл, сэтгэл зүйн анализ, задлан шинжлэлийг амжилттай хослуулсан нь түүний бүтээлийг түүхийн номнуудаас эрс ялгаруулдаг. Тиймээс түүний номыг уншиж байхад адал явдалт, уран зөгнөлт, уянгын драмт зохиол уншиж байх шиг болдогт гайхах юмгүй. Наргиа болгон түүнд “Та хэрвээ зохиолч бол мундаг зохиолч байх байж ээ” хэмээн хэлж билээ.

Жак Уэтерфорд монголын ард түмэнд, бидэнд, бидний соёл, түүхэнд үнэнхүү халуун дотно сэтгэлээр хандаж чаддаг нь түүний амжилтын бас нэг нууц юм.

Та бидний тэр бүр анзаараагүй, ухаж төнхөөгүй маш нарийн үл ялиг сэжмийг хөөсөөр бүхэл бүтэн нууц түүхийг босгож чадсан энэ ном бидэнд олон нууцийг нээж өгөх болно. Энэ ном өчигдрөөс Улаанбаатарын номын дэлгүүрүүдээр тарж эхлээд байгаа.
2009 оны 10 дугаар сар 23

Friday, September 11, 2009

ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ УУ, БОЛОВСРОЛЫН БИЗНЕС ҮҮ

Б.Номинчимэд
Сургалтын төлбөр нэмэгд¬сэнийг оюутнууд эсэргүүцэж бай¬на. Оюутны байгууллагууд, эцэг эхчүүд, зарим улс төрчид ч тэдэнтэй нэгдчихэж, хямрал нүүрэлчихээд, амьдрал хүнд байхад, төлбөрөө нэмж, ард түмнээ улам ядуурууллаа, шуллаа. Инфляц өнгөрсөн оныхоос хоёр дахин буурчихаад байхад төлбөр нэмэгддэг нь үндэслэлгүй л гэнэ. Ялангуяа Сайд Ё.Отгонбаярыг нэр зааж байгаад л шүүмжилж байна. Өнгөрдөг хавар мань эрийн амнаас сургалтыг төл¬бөргүй болгоно гэсэн утгатай үг уначихсан бололтой юм.

Хүүхдийнхээ сургалтын төл¬бөрийг төлөхөөр Эмээлт, Толгойт хавьд хэдэн хонио туугаад ирсэн хөгшид ийн ярьж байх юм. “Энэ тууж ирсэн хэдээ зараад зараад төлж дийлэхгүй нь ээ, одоо хотоо харлуулж, модоо барих болоод байна даа”

Монголын их дээд сургуулиудын төлбөр энэ оны хичээлийн жилд 0,5-22 хувиар, зарим сургуулиудынх бүр 400 мянгаар өсчээ. Багагүй маргаан, мэтгээн, эсэргүүцэл болсны эцэст БСШУ-ны Яамнаас төлбөрийг 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар их дээд сургуулиудтай тохирсон бололтой юм. Үр дүнд нь дунджаар 30 гаруй мянган төгрөгөөр өссөн гэсэн мэдээлэл байна. Төлбөрөө нэмээгүй сургууль ч цөөнгүй байгаа аж.

Их сургуулийн үүдэнд цуглаад төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэн бүгдээр гараа өргөж буй оюутан залуусыг ТВ-ээр хараад тэдэнд эрхбиш нэгийг хэлмээр санагдлаа.

30 мянган төгрөг оюутан хүнд бага мөнгө биш. Гэвч энэ хэмжээний мөнгөтэй харьцуулахын аргагүй их үнэ цэнэтэй Дээд боловсролоо дэнсний нөгөө таваг дээр тавьж, наймаалцаж байгаа юм биш үү. Өнөөдөр бага эрх ашгийн төлөө жагсаж, эсэргүүцэх биш, харин их эрх ашгаа бодож, тэмцэх хэрэгтэй санагдана.

Монгол Улсад өнөөдөр 170 гаруй хувийн болон хувьсгалын их, дээд сургуулиуд байдаг аж. Нэг хүнд ногдох их дээд сургуулийнхаа тоогоор бол монгол дэлхийд номер НЭГ. 300 сая орчим хүн амтай АНУ 200 гаруйхан их, дээд сургуультай. Гурван сая хүрэхгүй хүн амтай бид АНУ-аас хол тасарчээ дээ. Гэвч бид яагаад хөгжлөөрөө тэр зэрэгт байж чадахгүй байна вэ? Яагаад монголд төгссөн, ялангуяа хувийн зарим их дээд сургууль төгссөн хүн гадаадад бүү хэл дотоодынхоо зах зээлд “борлогдохгүй”, олонхи нь гудамжинд лааз өшиглөж, лангууны худалдагч хийж сууна вэ? Яагаад манай их дээд сургууль төгсөгчдийн 72 хувь нь/зарим судалгаагаар 83,6 хувь/ ажлын байргүй, төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй вэ?

Энэ бол ердөө л дээд боловсролыг үнэ цэнэгүй болгож, залуусын сурах, мэдэх, боловсролтой болох гэсэн эрмэлзлийг нь ашиглан, шулуухан хэлэхэд увиагүй бохир бизнес болгосны үр дүн.

Хохирогч нь залуусын ирээдүй. Тэдний эцэг эх, монголын эдийн засаг. Яагаад вэ? Залуусыг, улсыг хохироож буйн ганцхан жишээ татья. Өнөөдөр 20 гаруй их, дээд сургууль жил тутам 300 орчим залуусыг сэтгүүлч мэргэжлээр төгсгөдөг. Гэтэл манай хэвлэл мэдээллийн зах зээлд жил тутам 300 хүн шингээгээд байх багтаамж бий бил үү. Их сайндаа 30 сэтгүүлчийг л шинээр ажилд авах боломжтой. Ингээд сэтгүүлч мэргэжлээр төгссөн 10 оюутны ес нь хохироод л үлдэж байна. Хайран сайхан дөрвөн жил, тэнд төлсөн хэдэн сая төгрөг. Тэнд зарсан хөдөлмөр. Үр дүнгүй шахам урсаад өнгөрч байгаа хэрэг.

Үүнд хөдөлмөрийн зах зээлийн судалгааг сургуулийн элсэлттэй нягт холбож хянадаггүй ТӨР, бизнесийг эрхэм болгож, зах зээлгүй мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургуулиуд буруутайгаас гадна залуус ч, эцэг эх ч бас нэгийг бодох хэрэгтэй. Хүүхэд нь нэг л сайхан дээд сургуульд сураад байдаг. Дээд сургууль төгссөн л бол бараг 100 хувь ажлын байртай болдог байсан хуучин социализмын үеийн сэтгэлгээ бараг өөрчлөгдсөнгүй. Зах зээлд шилжээд 20 жил болох гэж байхад үнэ цэнэгүй юманд дуртай нь, ялангуяа хамгийн үнэ цэнэтэй байх учиртай дээд боловсролоо хямдруулах, бүр үнэ цэнэгүй байлгах гээд зүтгээд байдаг нь хачин.

Бид ажилгүйдэл л яриад бай¬даг. Өнөөдөр энэ олон /170/ их дээд сургуулийн бүтээгдэхүүнүүд болох хэдэн арван мянган дээд мэргэжилтнүүд маань хаана юу хийж явна вэ. Гэтэл бид зарим томоохон бүтээн байгуулалт, тухайлбал, зам, их барилга, уул уурхайн салбарууд дээр яагаад гаднаас ажилтан, ажилч¬дыг олноор нь оруулж ирж, тэдэнд өндөр цалин өгч ажиллуулаад байгаа юм бол. Энэ нь ердөө л их, дээд боловсрол, мэргэжилтэй ажил¬тан бэлтгэх талаарх төрийн бодлого алдагдсаны илрэл.

БСШУЯ хувийн болон төрийн их дээд сургуулиудад маш өндөр, хөгжингүй орнуудын жишигт хүр¬сэн шалгуур үзүүлэлт тавьж чадах¬гүй байна. Магадлан итгэмжлэгдсэн сургууль хичнээн ч олон юм. Гэтэл тэр бүгдийн сургуулийн болоод сургалтын орчин, багшлах боловсон хүчин, төгсөгчдын чадвар ямар түвшинд байгааг хэлэхэд бэрх.

Манай сэтгүүлчид “Дээд сургууль нэртэй таамбаруудыг татан буулгая”, “Дипломтой худалдагч бэлтгэхээ зогсооё” гэх мэтчилэн бичиж буй нь чухам үнэнийг хөндсөн хэрэг. Зарим нэгэн харьцуулалт хийе.

АНУ-ын Индианагийн их сур¬гууль нь 37-43 мянган оюутантай. Элсэгчдийнх нь 53 хувь нь л сур¬гуулиа төгсдөг.

Харин манайд бол элсэгчид бараг 100 хувь төгсдөг. Яаж ч өргөөд 00 оноо өгөхөөс өөр аргагүй нэг оюутанг нь унагачихаар сургуулийн захирал нь оюутныхаа өмнөөс дүн гуйгаад гүйдэг сургуулийг оюутнууддаа үнэн хайртай сургууль, үнэн хайртай багш, захирал гэж ойлгох уу? Хөөрхий тэр оюутны өгдөг хэдэн төгрөг нь л чухал болоод тэр үү?

Индианагийн их сургуулийг төг¬сөгчдийн 83.6 хувь нь ажилтай болдог. Энэ сургуулийг төгссөн нь тэр хүний нэр төр, ажил амьдралын баталгаа болдог. Гэтэл Индианагийн их сургууль нь АНУ-ын 200 орчим их, дээд сургуулиас 73-75 дугаарт эрэмблэгддэг, дундаж хэмжээний л сургууль шүү дээ. Харвард, Стэнфорд нь биш.

Гэтэл манай их дээд сургуу¬лийн төгсөгчдийн 72 хувь нь мэр¬гэж¬лийнхээ ажилд очиж чад¬да㬬гүй байна. Ялангуяа хувийн сур¬гуулийнханы хувьд бол энэ тоо ба¬раг 90 хувьд хүрнэ.

Хөгжингүй орнуудад хичээлийн болон сургалтын бүхэл бүтэн бааз, эрдэм шинжилгээний судалгаа хийх лабортори, номын сан, дотуур байр, автобус болон транзит үйлчилгээ, зарим тохиолдолд хичээлээс гадуур ажиллах боломжоор нь хангадаг, ерөөсөө оюутан хүн сурч, боловсроход бүхий л талаар нь бүрэн хангасан бүхэл бүтэн цогц ойлголтыг их дээд сургууль гэж ойлгодог. Манайх шиг орон сууцны хэдэн өрөө түрээсэлж, сургалтаа явуулдаг их, дээд нэртэй сургуультай орон өөр ер байдаг болов уу. “Их засаг”, “Отгонтэнгэр” зэрэг цөөн хэдэн хувийн сургуулийн тухайд сургуулийн орчны хувьд харьцангуй сайн ч их сургуулийн кампусын хэмжээнд очтол бас ч хол байна.

Дээр нь манай хувийн их, дээд сургуульд багшилж буй боловсон хүчний 80 гаруй хувь нь магистр цолтой гэсэн судалгаа байдаг юм билээ. Хөгжингүй орнуудад харин эсрэг харьцаатай. Манай магистрын чанар 60 кредит оноогоор бакалавраас ялгардаг нь бараг адил шахуу, дэлхийн жишгээс бол хоёр дахин доогуур үзүүлэлт гэдэг.

Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг харин ч нэмэх шаардлагатай санагдана. Асуудлын гол нь үнэ өсөж буйдаа биш, тэр үнээр ямар боловсрол худалдан авч байгаад л гол асуудал нь байна. Зүй нь дээд боловсролоо үнэ цэнэтэй байлгая, өндөр үнийг дагаад чанартай боловсрол, сургалттай байлгая гэж Оюутны холбоо, оюутнууд жагсаал цуглаан хийж, дуу хоолойгоо сонсгож байхсан.

Цаана чинь Их сургуулиас чинь бүр хэд дахин өндөр төлбөртэй дунд сургууль бүү хэл цэцэрлэг хүртэл байна шүү дээ. Жилийн 6500 долларын өртөгтэй дунд сургуулийг жилийн сая хүрэхгүй төгрөгний өртөгтэй МУИС-тай харьцуулах хэрэгтэй юу.

Мэдээж хэрэг хүн амын амьжиргааны түвшин ямар байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Төлбөр өсчихөөр зөвхөн нийгмийн цөөнх болсон 13 хувь хүрэхтэй үгүйтэй дээд хэсгийнхний үр хүүхдүүдэд л их, дээд сургуульд сурах болж, дунд болон доод давхаргынхны хүүхдүүдийн хувьд их дээд сургуулийн босго гэдэг ёстой мөрөөдлийн мөнгөн онгоц шиг болно биз дээ гэж эсэргүүцэх хүмүүс олон гарна.

Сурах авьяас чадвартай, ирээ¬дүйтэй ч төлбөрийн чадваргүй оюу¬тан залуусыг янз бүрийн тэтгэлэгт хамруулдаг хөтөлбөрүүдийг төр, олон нийтийн болон мэргэжлийн байгууллагууд санаачлан гаргаж болно. Хөгжингүй орнуудад ийм жишгээр явдаг. Мөн нэгэнт өндөр төлбөр авч буй сургуулиуд чадварлаг, авьяаслаг сурагчдыг төлбөрөөс янз бүрийн нөхцлөөр чөлөөлөх, хөнгөлөх бодлого гаргаж, дэмжиж ажиллах учиртай. Энэ нь амьдралын түвшинг харгалзахгүй, нийтийг хавтгайлсан тэгш байдлыг дэмжиж буй одооны дээд боловсролын үнэлгээний тог¬толцооноос илүү дэвшилттэй юм. Өөрөөр хэлбэл төлбөрийн өн¬дөр чадавхитай хэсгээс төлбөрийн чадавхигүй атлаа суралцах авьяас чадвартай хэсэг рүү хандсан нээлт-тэй дэмжлэг гарч ирж байгаа хэрэг.

Мөн төлбөр өсөхөөр хариуцлага нэмэгдэнэ. Нэгэнт мөнгөө төлөөд, залуу насныхаа цаг завыг үрээд сурч байгаагаас хойш сурсан шиг сурч, хичээж, зүтгэх болно. Өнгөрсөн хавар нэг ажлын орон тоо гарч, 10 орчим шинэ төгсөгчдөөс шалгалт авах хэрэг гарсан юм. Тэдэн дотор МУИС, Хүмүүнлэг зэрэг манайдаа тэргүүлдэг сургуулийн төгсөгчид ч байсан. Харамсалтай нь бүтэн найрлагатай нэг ч өгүүлбэр бичиж суралгүй их, дээд сургуулийг сэт¬гүүлч мэргэжлээр төгссөн байх юм. Дөрвөн жил юу заалгаж, юунд хичээж, сурсан байх вэ?

Улаанбаатарт номын сан гарын таван хуруунд багтам цөөхөн. Оюут¬ны тоо хэдэн арван мянга. Энэ харьцаагаар бол тэр хэдэн номын сангийн суудал хэзээ ямагт битүү, бүр олдохгүй ховор байх учиртай. Бодит байдал дээр тийм байдаг бил үү? Оюутнууд номын сангийн суудалд чихэлдэн, дугаарладаг уу, эсвэл баар цэнгээний газрын байнгын үйлчлүүлэгчид байдаг бил үү? За яах вэ, оюутан нэр зүүгээд нэг үзье гэж буй бол өөр хэрэг. Энэ чинь төлбөр, өөрөөр хэлбэл үнэ цэнэ бага байгаагийн нэг илрэл биш гэж үү. Төлбөр өндөр бол оюутнууд тэр бүр тийнхүү цагийг дэмий сул ганхаж өнгөрөөгөөд байх уу.

Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцаж буй оюутан залуусын хичээлийн идэвх, санаачилга, хичээл номондоо гаргаж буй цаг зав, зүтгэлийг манайхтай харьцуулахад ихээхэн ялгаатай.

Манай улсад дээд боловсролын үнэ цэнэ үнэхээр доогуур байгааг мэргэжлийн хүмүүсийн үг нотол¬дог. Материаллаг бааз нь кам¬пусын түвшинд хангагдсан, төлбөр харьцангуй өндөр ч түүнээс бүрэн чөлөөлөх, хөнгөлөх нөхцлүүд нь нээлттэй, дэлхийн хэмжээний мэр¬гэжилтэн бэлтгэх чанартай цөөн хэдэн сургуультай байх санаачилгыг дэмжиж байна. Их, дээд сургуулийн төлбөрийг нэмэх үү, болих уу гэдэг нь хөгжлийн амин чухал нэг зангилаа асуудлыг шийдвэрлэнэ.

Оюутнууд, оюутны байгуул¬лагынхан, эцэг эхчүүд төлбөр өсөхийг эсэргүүцэх биш дэмжиж, тэр хэмжээгээрээ сургууль нь ч сургалтынхаа чанарыг сайжруулья, оюутнууд маань ч үр дүнтэй хичээж зүтгэж сурцгаая. Хоёрын хооронд дээд сургууль нэртэй амбааруудыг татан буулгах цаг нь болсон, тийм сургуульд сурч, хамгийн үнэ цэнэтэй капитал болох цаг хугацаагаа, хөрөнгө мөнгөө гарздахаа ч больё. Мэргэжлийн болон судалгааны байгууллагууд ч хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг доод тал нь 4-5 жилээр гаргаж мэдээлж байя.

Чухам ингэж байж л боловс¬ролтой болье гэсэн залуус бүхний хүсэл эрмэлзлээр бизнес хийдэг энэ увиагүй явдлыг хазаарлаж чадах болов уу.

Saturday, August 22, 2009

МОНГОЛЫН БОЛОН ДЭЛХИЙ ДАХИНЫ ТVVХЭН ШИНЭ БОЛОМЖИЙН ТУХАЙД

Б.Номинчимэд. ( banom2001@yahoo.com) - ЦАХИМ УЛААЧ сэтгүүлийн 20 дах дугаараас

"Коперникоос эхэлсэн Шинжлэх ухаан надаар дуусч байгаа юм"
Нэг хүн, гэхдээ өнөө цаг үеийн нэгэн Монгол хүн ингэж хэлж байгаа юм даа. Ингэж хэлж байгаа хүнийг ердийн ухамсарын түвшинд юу гэж ойлгож, юу гэж хэлэлцдэг билээ. Нэг бол тэр Коперник шигээ суут амьтан, эсвэл Шар хадны галзуучуудын өрөөсөн дугуй... Коперник нь мянган жилд нэг удаа төрдөг, харин Шар хадны галзуучууд өдөр болгон төрж байдаг болохоор дээрх үгийг хэлж буй хүнийг "хоёрдах Коперник" гэхээс галзуугийн ангиллын хүн гэвэл үнэмших магадлал нь дариу мянга дахин их.

Цааш нь сонсое. "Миний судалгааны үр дүн бол Монгол үндэстний байтугай дэлхий дахины түүхэн ач холбогдолтой. Миний энэ онол Монголыг байтугай дэлхий дахиныг цоо шинэ болгон өөрчилнө"

Энэ хүн юун судалгаа, юун нээлт яриад байна вэ? Хий хоосон хийрхэгч нэг ингэж хэлдэг, эсвэл хийсэн, бүтээснийхээ үнэ цэнийг мэдэж байгаа хүн ч бас ингэж ам бардам хэлж болдог. Чухам аль нь юм бол...

90-ээд оны эхээр нэгэн инженер ч билүү, селесарь ч билүү нөхөр, хүн төрөлхтөний мянга мянган жилийн мөрөөдөл МЄНХИЙН ХЄДЄЛГҮҮР гэгчийг зохион бүтээчихсэн тухай бөөн шуугиан дэгдэж байсныг санаж байна. Дараа нь хүрсэн бүхнээ түймэрдэж орхидог нэгэн онцгой чадвартай бүсгүйн тухай ТВ, радиогоор шуугиж, ШУА нь бүрэн комисс гарган судалж, төр хүртэл ивээлдээ авч, байр, унаагаар хангалаа гэсэн. Мөн хэн ч билээ нэг нь харь гаригийнхантай уулзаж, бүүр зодолдсон ч билүү нэг адал явдал өрнөж, бас нэг нь Ерөнхийлөгчийн зөвлөх болж, бие хамгаалагчтай ч явахыг шахсан. Аль аль нь сүүлдээ онигоо болоод дууссансан. Ийм адал явдлууд нэг хэсэг борооны дараах мөөг шиг ундарч, ард түмнээ хэсэгтээ л уйдаагаагүйсэн. Харин сүүлийн үед намжижээ.

Тэгвэл "ШИНЖЛЭХ УХААНД ТЄГСГЄЛИЙН ЦЭГИЙГ ТАВЬЖ БУЙ" энэ хүн хэн бэ? Дээрх хүмүүсийн л нэг болов уу, эл процессийн л үргэлжлэл болов уу гэж уншигч та сэтгэнэ үү?.

Энэ хүн, өөрийгөө судлаач Ч.ЭРДЭНЭ гэх, харин миний мэдэхээр бол 1980, 1990-ээд оны зааг үед төвийн хэвлэлүүдээс унших дуртай даацтай сэтгэлгээ, цоо шинэ үзэл санаа, гүн гүнзгий мэдлэг, бичлэгийн өвөрмөц барилаараа онцгой ялгарах олон сайхан нийтлэл бичигч Ч.ЭРДЭНЭ, хожимхон намайг хэвлэл, мэдээллийн хүрээлэл рүү хөл тавьж байх үед Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал, "Mongol Messenger" сонины эрхлэгчээр ажиллаж байсан, чадварлаг зохион байгуулагч, шинэчлэгч Ч.ЭРДЭНЭ, сүүлд нь МОНЦАМЭ агентлагийн захирлын зөвлөлийн хуралд тохой нийлүүлэн суудаг, нутгийн нөмөртэй, нөөлөгтэй ах ЭРДЭНЭЭ. Мянганы физикч Эйнштенийг "математик, физикийн гүн гүнзгий онолуудыг замаас нь шүүрч аван, ихэд түргэн түүхий ойлгож, өрөөсгөл тайлбарлан, улмаар энэ нь албан ёсны онол болсоноор тулгуур асуудлыг нухацтай хэлэлцэх боломжийг дарсан" хэмээн шүүмжилдэг, Фермагийн алдарт онолтой маргадаг, заримдаа ойлгоход бэрхтэй, ээдрээтэй зүйл ярьж гайхашралд хөтөлдөг Ч.ЭРДЭНЭЭ.. Эхэлж уулзахад эглээс эгэл, дуу цөөнтэй, савхин хантааз эгэлдэгрэлж, таван минут тутамд тамхи асааж явдаг, халдвал, мар мар яриатай, алиа хошин, шулуун шуудхан зантай нэгэн.

Англи, орос, герман хэлийг эх хэл шигээ төгс эзэмшсэн, цэгцтэй сэтгэж, хийгүй ярьдаг энэ хүн сүүлийн жилүүдэд нийгмийн амьдралаас илт хөндийрөн, тамхины бохь нэвт шингэсэн өрөөнийхөө мухарт ном шагайн, горьтиг эргүүлэн, тооны машин тоншиж суух болсон билээ. Ийн суугаагаа нэгэнтээ "Судалгаа хийж байгаа" гэж товчхон тайлбарласан. Удаа ч үгүй "ИХ ГУРВАЛЖИН" хэмээх ном гаргасан нь нийгмийн зохих түвшинийхний дунд маргаан мэтгээний бай болсон. Тэгээд л чимээгүй болчих. Хоёр жилийн өмнөөс гэнэтхэн Архимедийн "Надад тулах цэг өгөөч, Би дэлхийг эргүүлмээр байна" гэдэг шиг "Надад боломж өгөөч, Би дэлхийг өөрчилмөөр байна" гэх маягын юм ярьж эхэлсэн. Дээрх "Их гурвалжин"-д цухас гаргасан санаагаа тэрээр гүйцээж боловсруулжээ.

Эрдэнээ ахын ярьсанаас мөхөсхөн би хальт ойлгосноо хураангуйлвал, Евклид геометрийг нээсэн бол, Ф.Гаус тэр геометрийг нь математиктэй нэгтгэж, цэвэр математикийг буй болгожээ. /Тvvгээрээ ч тэрээр "МАТЕМАТИКИЙН ХААН" хэмээх цолыг үнэмлэхүйгээр хүртсэн билээ. Б.Н/ Харин манай хүн Ч.ЭРДЭНЭ энэ цэвэр математикийг физиктэй нэгтгэснээр ИХ ГУРВАЛЖИН бүтэж, шинжлэх ухаанд эцсийн цэг тавигдаж.., үүнээ тэрээр СУПЕРНЭГДЛИЙН ОНОЛ гэж нэрлэжээ. Ийнхүү суурь шинжлэх ухаанд эцсийн цэг тавигдсанаар хүн төрөлхтөний хөгжилд шинэ эрин үе эхлэх юм байна. Хоёр жилийн өмнөөс л ийм юм ярьж, чих дэлдийлгэж эхэлсэн.

Дээрх СУПЕРНЭГДЛИЙН ОНОЛ -оо тэрээр төгс, эцсийн онол гэж үзэж байна. Түүнээ баталсан "PRINCIPIA MATHEMATICA Absolute Geometry & Super Unitied theory" номоо өнгөрсөн жилүүдэд бичиж, саяхан хэвлүүлжээ. Энэ ном нь ганц монголын бус дэлхий дахины ач холбогдолтой тул дэлхийн түгээмэл хэл болох англи хэл дээр бичсэн гэнэ. Тэр номыг нь барьж үзлээ. Даруй 4 хуруу зузаан, хааш хаашаа хоёр төө хэмжээтэй, 2 кг-аас дээш татсан жинтэй эд байна. 200 ширхэг хэвлүүлсэн байна.Түүнээ миний номын зах зээлийн хэмжээ тэр гэх. Нэг номоо тэрээр 500 $-оор зарна гэж байна. Ийм хэмжээний онолыг багтаасан номын үнэ цэнэ 500 $-аар яавч тогтомгүй. Их хямдхан, бараг үнэгүй шахам гэсэн үг. Дэлхийн 200 орон нэг нэгээр нь авахад л хангалттай гэж тэрээр өгүүлэв. /Мөн "SUMMA SUMMARUM" гэсэн жижгэвтэр ном гаргажээ/.

"PRINCIPIA MATHEMATICA Absolute Geometry & Super Unitied theory"
-ийг болгоомжтой сөхөж үзлээ. Дүүрэн дүүрэн томьео, тайлбар сэлт. Миний хувьд нөгөө "тоон дотор үсэг цохиж явна" гэх нь халаг юм болов.

Суурь онолыг хэн түрүүнд эзэмшиж чаднав, тэр ард түмэн хөгжлийг манлайлж ирсэнийг буурал түүх гэрчилнэ гэнэ. Харин өнөө бол СУПЕРНЭГДЛИЙН ОНОЛ-ыг эзэмшигч нь Монгол. Тэгэхээр Монгол оронд өнөөдөр түүхэн шинэ боломж ирээд байна гэж их итгэлтэй ярив.

Харин ийм хэмжээний бүтээл, туурвил, онол гарчихаад байхад манай төр засаг ч, ШУА нь ч анзаарсангүй юу, тоосонгүй юу, эсвэл огт ойлгосонгүй юу, таг чимээгүй байсаар байгаа нь хачирхалтай санагдаж, энэ талаар та дээш нь уламжлах гэж хичээж оролдов уу гэж асуувал, тэдэнд хүргэх гэж хичээсэн ч "Чих нь бөглөөтэй, нүд нь таглаастай бололтой" гэлээ.

Монгол суутан төрдөггүй орон биш, Монгол түмэн суутан төрүүлдэггүй ард түмэн ч биш ээ. Мянганы манлай хүн Чингис хааныг, Угульбектэй нэгэн цагт, нэгэн үед тэнгэрийн од гаригсын хөдөлгөөний учрыг тооцоолж байсан Мянгатыг, Микельанжелагийн баримлуудтай эн зэрэгцэх гайхамшигт бурхадаа цутгасан Занабазарыг, Оросын Лермонтовтой, Польшийн А.Мицкевицтэй арсалдах найраг туурвисан Равжааг төрүүлсэн ард түмнээс хоёрдах Коперник төрж болохгүй гэж үү гэсэн асуултыг бид өөрсдөөсөө асуух л хэрэгтэй санагдана. Ер нь тийм байгаасай гэж миний хувьд ихэд хүсч, найдаж байна. Бид энэ бүтээлийн үнэ цэнийг мэдэрч, ойлгох, цар хүрээг нь ухаарахад зай, цаг хугацаа хэрэгтэй байж ч болох юм.

Саяхан буюу энэ оны 2 сарын эхээр Ч.Эрдэнэ гуай АНУ-ын Вашингтон хотод ирж, бүтээл туурвилуудаасаа танилцуулж, Вашингтон орчмын Монголчуудтайгаа ч уулзаж санаа бодлоо солилцсон юм.

Ингээд Ч.ЭРДЭНЭ судлаачтай өнгөрсөн оны зааг дээр хийсэн нэгэн ярилцлагыг та бүхэнд сонирхуульяа. Түүний онолыг, нээлтийг, судалгааны үр дүнг энэхүү ярилцлагаар бүрэн дүүрэн илэрхийлэх боломжгүй тул уншигч танаас хүлцэл өчие. Гэхдээ л зарим төсөөлөл өгөх болов уу гэж найднам. Тэгээд итгэх, үнэмшихийг таны хувьд нь үлдээе.

Жич: Энэхүү бичлэг болон ярилцлагыг 2004 оны 11 сард бичсэн болно.

Өнөөдөр судлаач Ч.Эрдэнэ http://unifieldtheory.blogspot.com/ блог нээжээ. Сонирхсон нь орж үзнэ биз ээ.



Судлаач Ч.ЭРДЭНЭ:

КОПЕРНИКААС ЭХЭЛСЭН ШИНЖЛЭХ УХААН НАДААР ДУУСЧ БАЙГАА ЮМ


-Хөөрөлдсөн Б.Номинчимэд

-За Таны удаа дараа төр түмэнд ухуулж сэнхрүүлэх гээд байдаг ажил одоо юу болж байна вэ?

-Миний бие 1997-2004 оны турш оролдсон судалгааны ажлаа гүйцээж үр дүнд нь нэг боть ном хэвлэлээс гаргаад байна.

-Дvрс төрхийг нь харж болох уу?

-Vнэгvй зар хэвлэж, найр тавих бол болтугай. Миний ном энэ л байна.

-Барагтай жингийн туухай тэнцүүлэх эд байх чинь. Харин түүхийн тавцан дээр ямар байх бол? Таны хэлснээр /Бид ялав/ уу? Асуудлыг нэг мөр тодотгомоор байна. Ингэх нь төр түмэнд хэрэгтэйсэн бус уу?

-Уг нь хэрэгтэй л баймаар. Хэрэг болгох л гэж би өдий олон жил нойр хоолгүй суулаа л даа. Түмэн олон минь зөн совингоороо ямар нэгэн юм хүлээгээд байгаа юм….

-Тэгээд хамгийн чухал нь бид ялсан уу?

-Ялсаан, ялсан! Тэгээд юу гэж? Бид ялж болохгүй юу? Яагаад бид ялж болохгүй гэж төр засаг нь хүртэл бодоод, итгээд эсвэл бүр хүсээд байгаа юм бэ? Түүхийн үүднээс үзвэл Монголчууд ялж байсан. Дахин ялах нөөцтэй, яг үнэндээ бол дахин ялах ёстой гэсэн үг. Түүхэн логикийн аксиом нь энэ. Хосгүй аугаа эзэнт гүрэн байгуулж байсан улс үндэстэн өнөөдөр ийм хоцрогдсон ядуу байгаад дэлхий дахин гайхаж үхэх гээд байхад бид өөрсдөө ичиж гутрахгүй байгаа нь бүр ч гайхалтай.

….
-Ямар ноцтой учир шалтгаанаар бид ялсан байж таарах вэ? Таны зарим нийтлэлээс үзэхэд таны ажил Монголын эзэнт гүрэн байгуулсантай тэнцэхүйц түгээмэл үнэмлэхүй ялалт байх юм шиг ойлгогдоод байна. Ингэж хэтрүүлэх хэрэг байна уу? Хэтрүүлэг нь хэдэн хувь бэ гэвэл та унтууцахгүй биз дээ? Суурь судалгаа ч хүний л үйл учраас илүү дутуу үнэлэх субъектив хандлага байхгүй гэх газаргүй биш vv?

-Нэгмөсөн талбигсан олон асуултанд тань ялигүй дэс дараатай хариулсу, би. Нэгд, манай ялалт түгээмэл үнэмлэхүй байх эсэхийн шалтгаан нь надад юм уу, чамд холбогдох субъектив зүйл огтхон ч биш, шинжлэх ухаан, ерөөс соёл иргэншлийн хөгжил, дэвшлийн гарцаагүй логикоор нөхцөлдсөн объектив зүйл. Яагаад? Хүн төрөлхтний танин мэдэхүй ерөөс эхнээсээ ганцхан зорилготой. Єөрөөр хэлбэл танин мэдэхүйн суурь тулгуур ерөнхий асуудал ганцхан. Оршихуй, хувьсахуйн учир шалтгаан юу вэ, үр дагавар нь юу вэ? Ердөө л энэ ганц асуудал. Бурхан багш, Пифагор тэргүүтэн мэлмий нээсэн он жил тун ойролцоо байх бөгөөд танин мэдэхүйн хоёр шугам болох шашин, шинжлэх ухаан үүсээд даруй 25 зуун өнгөрчээ. Европын буюу шинэ цагийн шинжлэх ухаан Коперникийн алдарт номоор эхлээд 461 жил болжээ. Шинжлэх ухаан байгалийн суурь хуулиудыг нээн нээсээр орчлон оршихуйн зүй тогтлыг нарийвчлан нарийвчилсаар өнөөгийн суурь мэдлэгийн түвшин бүрэлджээ. Хорвоо ертөнц нь орон – цаг, материас тогтох бөгөөд эдгээр суурь үзэгдэл юмсыг судалдаг нь физикийн ухаан. Эл физикийн ухаан өнөөдөр нэн өндөр түвшинд хүрч, материйн асар гүнд нэвтэрснээр цаана нь шийдэгдээгүй ганцхан асуудал үлдэж байгаа юм. Энэ асуудлыг Супернэгдлийн онол-ын асуудал гэнэ. Уг нь бол хөгжингүй улс орнуудын олон нийт, удирдлагын хүрээнд шинжлэх ухааны хүрсэн ерөнхий түвшин, цаашид тавигдах зорилтын тухайд ерөнхий мэдлэгтэй, тодорхой мэдээлэлтэй байдаг. Хоцрогдсон ядуу манай орны тухайд энэ талаар тун чамлалттай нь гол хүндрэл болж байна.

Шинжлэх ухаан, мэргэ төлгөө дээр дооргүй ялгахаа байчихаад сууж байна. Иргэний нийгэм зөн аясаараа байгуулагдахаас илүү мухар сохор сүсэгт автсан мулгуу теократ феодализм цаана чинь ухамсартай нүүрлээд байна. Нийгэмд оюуны хомсдол гүнзгий угших төлөв нүүрлэсэн энэ үед ерөөс шинжлэх ухаан гэж ер юу байгаа билээ гэдгийг эргэн сануулах шаардлага гарч байна. Энэ үүднээс миний бие Лидерс сэтгүүлд нэгэн зүйл хэвлүүлж хэн нэгэн этгээд ямар нэгэн нээлт хийсэн гэж хэлж буй бол энэ тохиолдолд хэрхэн хандах шинжлэх ухаанч арга зүй, ёс журам, хууль дүрэм байдгийг цухас сануулсныг олж үзвээс зохилтой.

Хоёрт, танин мэдэхүйн суурь асуудал ганцхан байсан, одоо ч байна. Ялгаа нь юу вэ гэвэл, өнөөдөр энэ асуудлыг шийдэх буюу супернэгдлийн онолыг байгуулах бүхий л урьдчилсан нөөц мэдлэг, туршлага, аливаа өгөгдөхүүн шинжлэх ухаанд бэлэн болсон явдал.

Єнөөг хүртэлх шинжлэх ухаан бол оршихуй, хувьсахуйн язгуур үнэнийг онолын ухаанд нээн олох бэлтгэл үе шат байна. Энэ бол дэлхийн шинжлэх ухаанд хийгдсэн нийтлэг дүгнэлт. Ерөөс шийдэж, зарчмын хувьд болох юмыг барьж авдаг зүйлийг шинжлэх ухаан гэнэ. Єнөөгийн түвшинд супернэгдлийн онол байгуулах боломжтой болжээ гэж үзэж байгаа юм. Энэ онолыг манай төр түмэн бүү хэл, манай шинжлэх ухааны хүрээнийхэн бараг гадарлахгүй байгаа мэт дүр төрх харагдаж байна. Энэ асуудлын тухай ерөнхий мэдэгдэхүүнийг маш сайн хялбаршуулан бичсэн Нобелийн шагналтан онолч Стивен Вайнбергийн ном бий. Ядахдаа түүнийг олж үзээсэй билээ. Тэгэхгүй бол Эрдэнэ гэгч нэг этгээд сайн дураараа шинэ сэдэв нэр томъёо гаргаад ирсэн ухааны юм бодож, ярьж донгиотоод байх юм.

Стивен Вайнбергийн энэ ном "Эцсийн онолын тухай зүүд мөрөөдөл" гэсэн нэртэй байна. Яагаад ингэж нэрлэх болов?

Дээр дурьдсанаар супернэгдлийн онолын асуудал бол шинжлэх ухааны эцсийн, үнэмлэхүй асуудал. Тиймээс үнэмлэхүй хүнд асуудал. Үнэхээр түүнийг яв цав, барим тавим шийдэх нь зүүд мөрөөдөлд л орж болох тийм агуу зүйл. Ер нь бол супернэгдлийн онол угаас зарчмын хувьд байж болох эсэх тухайд ч эргэлзэх гүнзгий учир шалтгаан логик ба математикт өөрт нь байдаг юм. Вайнбергийн тухайд болно гэсэн үүднээс нь учирлан бичсэн байгаа. Дахиад нэг номын нэр хэлье. "Физикийн төгсгөл буюу нэгдсэн онолын үлгэр домог" гэсэн шүү нэртэй. Физикийг төгсгөх нэгдсэн онол нь үлгэр домогт л баймаар тийм аугаа асуудал үнэхээр мөн. Энэ номын зохиогч болохгүй талаас нь гол төлөв авч үзсэн бололтой.

Энд ойлговол зохистой нь, нэгд, супернэгдлийн, товчилбол, нэгдсэн онолын асуудал гэдэг суурь судалгааны сэдвийг эл ярилцагц санаанаасаа зохиож, сурталчлаагүй байна. Хоёрт, энэ асуудлыг шийдэх нь үнэхээр үлгэр домог, зүүд мөрөөдөлд л тохиолдож магад үнэмлэхүй хүнд хэцүү үйл хэрэг байна. Үнэхээр ч наад зах нь 50 жил, цаад зах нь 100-аад жил онолчид хүч талибан оролдоод үр дүнгүй сууцгааж байна.

Бид дээр нэг, хоёр гэж явсан санагдана. Тэгэхээр гуравт,... За, тэгээд эцэст ямар дүгнэлтэнд хүрэх бол?

Онолын ухааны эцсийн бөгөөд үнэмлэхүй асуудлыг хэн гээч, хэзээ, хаана шийдэж чадна вэ, тэр этгээд үнэмлэхүй түгээмэл ялалт байгуулах юм. Нэг бол түүхэн аугаа ялалт байх, нөгөө бол огт байхгүйн обьектив шалтгаан нь энэ. НҮБ-д 200 гаруй улс гүрэн нэгдсэн буй байх. Ялалт байгуулах магадлалын тархалт харьцангуй нэлээд тэнцүү. Энэ бол чухамхүү өнөө цагийн соёл иргэншлийн онцлог, давуу тал. Нөгөө талаар, магадлал чухамхүү Монголд чиглэн төвлөрөх магадлал ч хангалттай байх сэжмүүд бийг миний /Их гурвалжин/ сэлтээс үзэж болохуйц...

Єрсөлдөөний талбар хэзээнээс ганцхан: энэ нь оюун санааны салбар. Оюуны өрсөлдөөний талбар нь өнөөдөр ганцхан: энэ нь супернэгдлийн онолын асуудал. Тэгэхээр хэн энэ онолыг байгуулнав, тэр даяар өрсөлдөөнд ялна. Улмаар дэлхийн соёл иргэншлийг шууд магнайлан тэргүүлэх учиртай. Үгүй гээд гэдийж чардайгаад байсан ч үйл явц ингэж өрнөнө. Жинхэнэ түүх бол хүнээс асуудаггүй өрнөдөг үзэгдэл.

Ува, лам гурван эрдэнэ минь. Энэ өнөө бидний Монгол дэлхийг тэргүүлнэ гэхэд хэцүү л байх байх. Гэхдээ Та тэр нэгдсэн онолыг нээж олоод боловсруулж чадсан нь үнэн бол бусад нь үнэхээр хоёрдугаар зэргийн л дайвар асуудал байж болох. Энэ хэрийн зүйл одоо ойлгогдоод ирж байна.

Харин Та үнэнээ юугаар батлаад байгаа юм бэ?

Миний баталгаа хангалттай бус, миний баталгаа хангалттайгаас илүү. Уг нь онолын ухаанд баталгаа хүрэлцээтэй байхад л хангалттай. Гэвч зарим тааж болохуйц шалтгааны улмаас би баталгааг хангалттай, хүрэлцээтэйгээс нэлээд илүү гаргаад авчихсан юм. Баталгаанууд чиний хэлснээр барагтай жингийн туухай тэнцүүлэх болчихоод байхад танай сонинд байтугай хүндэднэ. Тиймээс танай сонин хүсвэл дараагийн ярилцлагын сэдэв болгон ялигүй хөндөж болох гээд орхие.

Судлаач баталгаатай эсэхээ өөрөө мэдэж болдог юмыг л шинжлэх ухаан гээд байгаа юм. Тэр тусмаа математикт.

Ер намайг шалгах, хянах, шүүх ухааны юм бодож, цаг алдаж, ажил үрж, ард нийтийн амжиргааг алдагдуулж, үндэсний эрх ашигт хор хохирол санаатай, санамсаргүй учруулах хэрэггүй. Энэ удаа би өөрөө шалгуур нь, шүүгч нь. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн үйл явцад ингэдэг номтой, жамтай. Эс бөгөөс хүн төрөлхтөн агуйдаа сууж байх байсан.

Энэ шинжлэх ухааны арга зүйд чинь даруу төлөв байх талын ёс суртахууны хэм хэмжээ ер байхгүй юу, эсвэл Та ийм юм уу?

Vгvй ер, чи миний даруу бусыг хаанаас олж хараад байна аа. Шоу хийж сагсагнаад явсан нь үгүй л юмсан. Гэхдээ бас ноцтой асуулт.

Тээр жил Америкчууд шинжлэх ухаанд гол хүчин зүйл юу вэ гэсэн судалгаа явуулсанд үр дүн нь хувь бодгаль хүний амбийц гэж гарсан юм. Даруу бай гэх нь тэнэг бай гэсэн үг, дарлуулж яв гэсэн хэрэг. Хэний, юуны өмнө даруу төлөв байх тухай чи асууж байна? Судлаачид туйлийн даруу хүмүүс. Гэхдээ зөвхөн байгал ба Бурханы өмнө. Байгалийн хууль, бурханы жамыг мэдсэн бол түүнийг хүмүүст боломжтой, шаардлагатай бүхий л арга хэлбэрээр хэлж өгөх ёстой. Эс бөгөөс хүн төрөлхтөний өмнө гэмт хэрэгтэн болж орхино.

Гэхдээ хувь хүний амбийц гэдэг нь маш олон үзэгдлийн цогц нэгдэл, өргөн бөгөөд гүнзгий ойлголт болохыг анзаарах хэрэгтэй. Хувь бодгалийн амбийцад давамгайлж буй элементүүдийн шинж чанар маш чухал. Миний хувьд хувийн амбийцийн ард үнэн чанартаа үндэснйи амбийцаас өөр юм байхгүй. Ер нь бол шинжлэх ухаан, оюуны өрсөлдөөнд үндэсний амбийц тэргүүлэх хүчин зүйл байдаг жамтай. Энэ бол энд байтугай өгүүлэшгүй нарийн асуудал.

Харсаар үзсээр байтал Нар Дэлхийг тойрч даялж давхиад байна. Яалт ч үгүй баримт энэ. Коперник эсрэгээр авч үзээд дэлхий нарыг тойрч байх баталгааг олсон байна. Одоо яахав?

Харин яалтай юм?


Ном бичих байх.

Тэгээд бичнэ л биз. Юу нь хэцүү байна?

Хэцvv нь Коперникийн ном гарсаны маргааш ч Нар Дэлхийг тойройд давхиад байгаа юм. Энэ нөхцөлд яаж бичих вэ, хэнд найдах вэ гэсэн асуудал хавиргаараа тавигдана.

Шинжлэх ухааны уламжлал, тогтсон заншил шашныхаас илүү настай. Аврал нь энэ. Онолын ухаан, байгалийн философийн уламжлалын эхэнд "Геометр үл мэдэгсэд бүү шагай" гэсэн Платоны академийн уриа байна. Үүнийг л Коперник шүүрч аваад номынхоо эхэнд грек хэлээр тавьчихаж байгаа юм.

Єөр ямар ч арга байхгүй. Уг нь хэрийн хүний эгдүү хүргэм даруу бус, бараг дээрэнгүй хэллэг. Ингэж шинжлэх ухааныг, шинэ нээлт, ололтыг наад зах нь гэрийн эзэгтэй нар, цаад зах нь дээр сууж буй тэнэг феодалуудаас эхнээсээ хамгаалж, хэлэлцүүлгийн хүрээг зааглах хэрэгтэй. Эс тэгвээс нөгөө феодал нь орноосоо сугарч гараад хартал Нар урьдын адил Дорноос Єрнө тийш даялаад давхиад яваа. Дахиж орондоо ороод авгайдаа хэлтэл нөгөө балай нь "Тэгвэл чи шүүхээр хөөцөлдөж байгаад тэр Коперникийг шатаалгачихаач дээ/ гэхээр нь нөгөөдөх нь хөөцөлдсөөр байгаад үхсэн Коперникийн шарилыг арай хөндөлгүй, номыг нь хориулж байгаа юм. Үнэн хэрэгтээ саяхан болтол түүний ном хориотой байлаа.

Бодвол, Та ч бас тэр уриаг шүүрээд авсан байх нь. Гэхдээ эрхбиш цаг өөр болсон биш үү. Шинжлэх ухаан Коперникаас эхэлж байсан бол өнөө Танаар төгсөж байгаа юм бусуу? Нөхцөл байдал эрс тэс өөр баймаар юм.


Шvvрээд авалгүй яах вэ? Коперникаас эхэлсэн шинжлэх ухаан надаар төгсч байгаа юм. Тиймийн тулд л супер нэгдлийн онол байна. Харин нөхцөл байдал Галилейн үеийнхээс огт өөрчлөгдөөгүй шүү гэж хэн нэгэн хэлсэн байдаг юм. Үнэхээр нэг их өөрчлөгдөөгүй болохыг би өнгөрсөн жилүүдийн туршлагаар бишгүй туулсан. Учир нь хүн гээч амьтан өөрчлөгдөггүй юм байна л даа.

Ер нь Коперникийн номондоо хийсэн өмнөтгөл үг нь шинжлэх ухаанд, хүний сэтгэлгээнд хувьсгал хийх хүний муу санааны сурах бичиг тэр чигээрээ мөн юм. Азаар миний номын санд өмнөтгөл нь байж байв. Єөр хэнд ч хэрэг байхгүй, зөвхөн үнэхээр хувьсгал хийж буйгаа мэдэж, нийгмийн талын хүндрэл бэрхшээлийг урьдчилан харж буй хүн ердөө л тэр өмнөтгөлийг хуулчихаж болно.

"Аливаа математикийн ухаанд юу ч үл мэдэх мөртөө худлаа тальтигнасан чалчаа юмнууд миний бүтээлийг шүүмжлэх, шүүх ухааны юм бодох ахул тэдний гэнэн тэнэг санааг би огтхон ч тэвчиж хүлцэхгүй болой" гэж Коперник бичиж байгаа юм.

Тиймээс шинжлэх ухааны сонгодог уламжлал нь энэ мэт даруу бус анхааруулгаас эхэлнэ. Єөр арга байхгүй. Хүн төрөлхтөний танин мэдэхүй, улмаар даяар соёл иргэншлийн язгуур эрх ашгийг эхнээсээ тэр тальтигнасан чалчаа юмнуудаас эрс хамгаалах хэрэгтэй. Энд хатуу хүтүү үг хэллэг бол ёсзүйн доторхи өөрийн хамгаалалт. Энэ бол угтаа шинжлэх ухааны ёс зүй.

Гэвч өнөө үеийн давуу тал аль олон бөгөөд давтагдашгүй. Гол нь шинжлэх ухаанд таван зууны сайн муу бүх туршлага хуримталсан. Хэн хүн энэ тушлага дээр тулгуурлаад тухай бүр зөв дүгнэлт, зүй ёсны үйлдэл хийх боломжтой. Чухам эндээс, жишээ нь, төр засаг, улс орны дээд удирдлагын боловсролын цар хүрээний асуудал зайлшгүй урган гарч ирнэ. Єнөөгийн ядуу буурай улс орнуудад нэг талаас, цаанаас бас ямар нэг гэгээтэй, сэхээтэнлэг аясын, нөгөө талаар, Харвардад нийгмийн ухааныг, Кэмбрижд байгалийн ухааныг эзэмшсэн хүмүүс ус агаар мэт хэрэгтэй болж байна.

Монголд улс төр багадсан биш, Ийм юм руу энэ удаа ормооргүй байна. Таны энэ онолын үнэ цэнийн дараа улс төр гээч юм руу орох нь огт утгагүй болгож орхино. Харин улс төрийн талаар тусад нь нэгэн сэдэв болгож тусгайлан ярилцвал яасан юм бэ? Тэгэхээр хоёулаа энэ удаагийнхаа яриагаа үүгээр түр өндөрлөе. Дараад нь бидэнд эргээд ярилцах санаа, сэдэв мундахгүй олон байгаа.

За чинийхээр болог.
Судлаач Ч.Эрдэнийн блог http://unifieldtheory.blogspot.com/