Sunday, April 26, 2009

Алдарт “БӨГЖНИЙ ЭЗЭН” Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа

"Хорьдугаар зууны уран сэтгэмжийн зохиолуудын хамгийн агуу нь..." - Sunday Telegraph

"Тунгаамал алт мэт ер бусын онцгой бүтээл..." - New York Times Book Review

"Орчин үеийн утга зохиол дахь агуу шидэт туурвилуудын сор нь..." - Time

"Жинхэнэ төгс төгөлдөр бүтээл... уран сэтгэмж, яруу найраг, ур чадвар, нууцлаг ер бусын адал явдал... энэ бүхний гайхалтай найрал болсон баатарлаг тууль..." - Boston Sunday Herald


"Гүн эмгэнэл, бодлогошрол, баатарлаг зориг, итгэл найдварын цогц болсон, далд нууцлаг ертөнц рүү даллан дуудагч шидэт ном..." - Toronto Globe and Mail

"Толкейний энэхүү гурвалсан баатарлаг тууль нь эцэс төгсгөлгүй эрлийн сүүлчийнх нь, сайн муугийн хоорондох мөнхийн тэмцэл, ертөнцийг захирах хүчний төгсгөлгүй он дарааллын бичиг юм..." - Kansas Sity Star

"Аливаа адал явдалт түүх нь эн тэргүүнд сэтгэл хөдөлгөсөн эрс хурц үйл явдлууд байдаг. Энэ тухайд Толкейний уран сэтгэмж хэмжээ хязгааргүй юм..." - W. H. Auden

Орчин үеийн уран сэтгэмжийн уран зохиолын эцэг гэгддэг Английн зохиолч Ж. Р. Р. Толкейн (1892-1973) нь зохиолч төдийгүй яруу найрагч, хэл шинжээч, домог зүй судлаач, Охсфордын Их сургуулийн профессор, алдарт Охсфорд толийг бүтээлцсэн хүн юм. 1945 оноос хойшхи Английн шилдэг 50 зохиолчийн эхний зургаад багтжээ.

Ж. Р. Р. Толкейн Англо-Сакс, Норманд, Герман, Скандинавийн орнуудын болон ер өрнө, дорнын ард түмнүүдийн домог үлгэрийг нарийвчлан судалж, тэндээс ургуулан ер бусын адал явдалт түүхүүдийг бүтээсэн нь дэлхий дахиныг байлдан дагуулсан байна. Ялангуяа "Хоббитууд" (1936 он), "Бөгжний эзэн" (1954 он), "Силмариллион" (1977 он) хэмээх цуврал нь дэлхийн 40 орчим хэлээр орчуулагдан, хэдэн арван мянган удаа хэвлэгдэж, өнөөдөр багачууд төдийгүй бүх насныхны шимтэн уншдаг ном болжээ. Тэр зөвхөн зохиолыг нь бичээд зогссонгүй, зохиолдоо өргөнөөр ашигласан домог зүй, хэл зүйн олон нэр, илэрхийллийг тайлбарласан тайлбар толь, эртний бичиг үсгийн цагаан толгой, гол дүрүүдийн ургийн бичиг, үйл явдлын он дарааллийн хэлхээс болон газрын зургуудыг ч цоо шинээр зохиосон нь чухамдаа уран сэтгэмжийн бүхэл бүтэн гайхамшигт ертөнцийг амилуулжээ.

"Бөгжний эзэн" туульсын гурвалаар нь бүтээсэн кино машид алдартай бөгөөд Оскарын олон шагнал авсныг манай уншигчид сайн мэдэж буй.

Ж. Р. Р. Толкейний сэтгэлгээ нь ер бусын уран хурц, шүүдэр мэт цэвэр тунгалаг агаад энэ нь эр баатарлагийн дээд, гайхамшигт уран сэтгэмжээр амилсан адал явдал, өргөн дэлгэр мэдлэгтэй хослон хүн төрөлхтний оюун сэтгэлгээний нэгэн сүмбэр оргил, орчин үеийн Илиадаг бүтээжээ.

"Бөгжний эзэн" хэмээх эл гайхамшигт гурамсан туульсыг эх монгол хэлнээ яруу сайхнаар орчуулан, монголынхоо бүх насны оюунлаг уншигчиддаа өргөн барьж буй авьяаслаг орчуулагч Ухнаагийн НЯМСҮРЭН, эрхлэн хэвлүүлж буй "ХӨХ ДЭВТЭР" хэвлэлийн газарт монголын гэрэлт ирээдүй хойч үеийнхэн гүнээ талархана гэдэгт итгэлтэй байна. "Бөгжний эзэн"-тэй үйл явдлаар амин холбоотой "Хоббитууд", "Силмариллион" зэрэг зохиолуудыг нь "ХӨХ ДЭВТЭР" хэвлэлийн газар төд удалгүй уншигчиддаа хүргэх болно. /"Бөгжний эзэн" зохиолыг 6 ном болгон хэвлэжээ/

Номын буян дэлгэрэх болтугай

Б. НОМИНЧИМЭД

7 comments:

MW said...

Ene nomiig orchuulj gargana gedeg orchuulagch hunees mash ih hudulmur shaardah ni medeej. Ih amjilt husie.

Pearle Deppsu said...

Сайхан л мэдээ байна.

Гэснээс Хятадын "Гурван улсын түүх"-ийг орчуулаад гаргадаг хүн байдаг ч болоосой. нэг уншиж үзэх юм сан. энд тэндхийн киноноос хэсэг хэсгээр нь үзсээр байгаад бүүр хамаг хорхой хүргээд байгаам

Bookieman said...

T.S.Eliot-iin shulgiin tuuver garah gej bga gesen surag duuldsan uu ugui yu?

Bayasum said...

хамгийн их хүсэн хүлээсэн ном маань.. ихэд зүдэрч уншсанаа орчуулгынх гэж бодсон.

Anonymous said...

ямартай ч олж уншнаа.. дэлхий даяаараа уншаад байхад .. хоцрохгүй ээ..

сайхан санаа

Anonymous said...

Тийм шүү. Фэнтэзи жанрын иймэрхүү шедевр болсон зохиолууд энэ төрлийн урсгалыг ч монголд дэлгэрэхэд нөлөөлөх байх гэж бодож байна. Гайхамшигтай зохиолуудтай танилцаж, гол баатруудынх нь толгой эргэм адал явдлуудтай бодол санаандаа тулгарч, зүүдэндээ зөрөлдсөөр зөгнөлийн ертөнцөд умбаж, улмаар өөрөө ч үзэг цаас нийлүүлэн зориг гаргаж суух авъяаслаг залуучууд зөндөө би болн байх гэж найдаж байна. Ер нь эскапист жанрын уран зохиол монголд дутагдалтай байна.

Anonymous said...

balai ehniih n nomiig eroosoo olky bn. haach ochson duustsan gehiin :(