Нэг: Сонгуулийн луйврын хэргийг яах гэж байна вэ?
7 сарын нэгний хэрэг явдлыг хоёр жилийн турш шүүн хэлэлцлээ. Тусгай комисс байгуулан, УИХ-аар ч хэлэлцүүлж, төрийнхөө ордонд нээлттэй хэлэлцүүлэг ч өрнүүллээ. Хууль зөрчсөн олон үйлдлүүдийг нэг бүрчлэн хэлэлцэж байх шиг байна. Буудсан цагдааг шалгаж, ард иргэд рүү буудах тушаал өгсөн эсэхийн нягталж, хулгай, дээрэм хийсэн, төрийн цагдааг зодож бэртээсэн, галдан шатаасан нөхдүүдийг яллаж, бас өршөөж ч байх шиг. Хийсэн хэрэг нь тодорхой, баримт нотолгоо хангалттай учир эдгээр хэргүүд хэзээ нэгэн цагт үнэн зөвөөрөө шударга шүүхээр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Зарим улс төрчид энэ золгүй өдрийг рейтингээ өсгөх сайхан боломж хэмээн харж, бас зарим нь эсрэг хүчнээ намнах нэг арга хэрэгсэл болгох гэж оролдож буй олхиогүй хандлага ч ажиглагдаж байна.
Харин энэ хоёр жилд нэг л зүйл, бүр хамгийн гол гогцоо байж болох нэг зүйлийг Монголын шүүх, улс төрчид санаатайгаар ор тас орхигдуулсаар ирэв.
7 сарын нэгний хэрэг явдал зүгээр нэг хар аяндаа өрнөөгүй билээ.
2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг будлиантай, хууль бус болсон, луйвардсан гэсэн үндэслэлээр уг жагсаал цуглааныг эхлүүлсэн. Сонгууль будлиантай болж, дүнг нь МАХН луйвардчихлаа гэдгийг тухайн үед олонх болж чадаагүй АН-ын лидер, өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай, Б.Лхагважав зэрэг сонгуульд ялагдсан олон хүн ТВ-ээр ярьж, сонин хэвлэлүүдээр мэдэгдэж, жагсаал цуглаан дээр чангаар зарлан, баримт нотолгоо гэх зүйлсийг үзүүлж харуулж, луйвраар сонгуульд ялсан МАХН-ыг “тахимаа өгөх”, тарахыг шаардаж, устгаж сөнөөхийг уриалж байсан билээ. Тэр үеийн ТВ-ийн бичлэгүүд, сонин хэвлэлүүдийн хуудаснаа тэдний хэлж ярьж байсан үгс баларчихаагүй байж л байгаа.
Гэтэл энэ хоёр жилийн хугацаанд бусад олон асуудлыг шүүн хэлэлцсэн атлаа энэхүү сонгууль луйвардсан гэдэг асуудлыг ямагт тойрч давхиад байсан байх юм. Яагаад тэр вэ?
Үнэхээр МАХН сонгууль луйвардсан юм бол хамгийн түрүүнд үүнийг шалгаж тогтоох ёстой. Хаанахын, хэний аль тойрог дээр, хэдэн саналыг хэрхэн яаж луйвардсаныг нэг бүрчлэн тогтоож, эзнийг нь олох хэрэгтэй. Тэр хүн буудсан цагдаа, чоно борооноор гэгчээр үймээн ашиглаж хулгай дээрэм хийсэн этгээдүүдийн хэргийг шийдэхээс өмнө энэхүү сонгууль будлиантуулсан, луйвардсан нөхдүүдийн хэргийг шийдэж, зохих хариуцлага, шийтгэлийг нь өгөх учиртай.
Луйвраар сонгуульд ялсан эрхэм гишүүдийг эргүүлэн татаж, хуулийн хариуцлага хүлээлгэж, тэр сонгуулийн дүнг будлиантуулахад оролцсон, сонгуулийн хэсгийн хорооны болон бусад ажилтнуудад зохих ял шийтгэлийг нь оноож, тэднийг дахиж хэзээ ч төрийн ажил хийх эрхгүйгээр шийтгэх байсан. Тэр ч бүү хэл МАХН, тус намын сонгуулийн штаб нь сонгууль луйвардахыг мэдсээр байж хориглоогүй бол, дэмжсэн бол, зохион байгуулалтайгаар хийсэн бол, энэ бүхэн нь шалгагдаж тогтоогдох юм бол МАХН-ыг хуулиар хориглож, тараах хүртэл арга хэмжээ авах шаардлагатай. Тэгэж байж бид шударга ёс байдаг гэдгийг ард түмэндээ үзүүлж, мэдрүүлж чадна. Тэгэж байж бид дараа дараачийн сонгуулийг аливаа будлиангүй хийж чаддаг болж, сонгуулийн үр дүнгээр төр маань цэвэршдэг, төгөлдөршдөг болно.
Гэтэл тэгсэнгүй.
Өнөөдөр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн гарт шүүх эрх мэдэл бүрэн байна. Саяхан Д.Дорлигжав Ерөнхий Прокурор боллоо. Энэ ноцтой хэргийг олж илрүүлэн, олон нийтэд нээлттэй болгох бүрэн боломж тэдэнд бий. Харамсалтай нь энэхүү сонгуулийн луйврийн талаар хэн ч ярьсангүй, тойрч давхисаар хоёр жил болов. Яагаад тэр вэ гэдэг асуудал өнөөдөр маш сонирхолтой байна.
Сонгуулийн луйврыг илрүүлэхэд бэрх, хэцүү байж болох юм. Эсвэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн этгээдүүд, тэдний эзэд шиг 2008 оны УИХ-ын сонгуулийн луйварчид ул мөрөө чадмаг балласан, эсвэл их хэмжээний хахууль, эрх мэдлийн дарамт орсон ч байж болох юм.
Гэвч их бага ямар нэгэн хэмжээгээр энэ хэргийг ярьж, илрүүлэхийг оролдсон идэвх чармайлт өнгөрсөн хоёр жилд хэнээс ч, хаанаас ч огтхон ч гарсангүй. Энэ асуудлыг шалгуулах, магадлах бүрэн эрх мэдэл бүхий Ерөнхийлөгч, Ерөнхий Прокурор зэрэг нөхдүүд хичээхгүй, энэ талаар бүр хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа нь үнэхээр хачирхалтай.
Эндээс логик дүгнэлт хийвэл хоёр зүйл гарч ирж байна.
Нэг нь, МАХН, АН хоёр хоёулаа адилхан луйвар хийсэн учир, бие биедээ нээнтэглээд энэ асуудлыг нам дарж өнгөрөхөөр тохиролцсон болох нь. Хэрвээ энэ үнэн бол 2008 оны сонгууль луйвардсан хэрэг ойрын хэдэн жилдээ илрэхгүй, ард түмэн луйварчидаар толгойлуулсан энэ хоёр том намын тарыг нь таньж, зарим нөхдүүдийн ярьдгаар “түүхийн тавцангаас арилсан”-ы дараа нь уг асуудлыг нөхөн шалгаж, үнэн зөвийг тодруулах оролдлого хийх боломжтой болно. Энэ хоёр нам өнөөдөр үнэмлэхүй хүчтэй байгаа нөхцөлд тэр цаг мөдгүй байх.
Удаад нь, ерөөсөө сонгууль луйвардчихлаа гэдэг нь хий хоосон хардлага, гүжирдлэг, сонгуульд ялагдсан хүмүүсийн хорсол бухимдал, хийрхэл төдий зүйл байсан болох нь. Хэрвээ тийм юм бол тэгэж хийрхэж, олон түмнийг ямар ч үндэслэлгүйгээр турхиран өдөөсөн нэр бүхий улс төрчдийг хамгийн түрүүнд эрүүгийн хариуцлагад татах төдийгүй тэднийг дахиж улс төрд орох эрхгүйгээр таслан шийтгэх ёстой. Үнэхээр шударга ёс гэж байдаг юм бол шүү дээ.
Тэр ч бүү хэл шударга ёсонд итгэл алдарч буй олон түмний бухимдлыг ашиглан, сонгууль луйвардчихлаа гэдэг далбаан дор төрийн эргэлт хийхийг санаархсан зохион байгуулалттай хүчин байсан гэсэн таамаглал ч бий. Үүнийг одоогоор баримттайгаар үгүйсгэсэн нь үгүй. Тухайн үед хүчний байгууллагууд МАХН-ын байрны хамгаалалтад нэг их хүч хаяагүй, харин Төрийн ордон, Сонгуулийн Ерөнхий хороо болон бусад төрийн гол гол обьектуудын хамгаалалтад голлон анхаарч байсан байдаг.
Хэрвээ энэ үнэн бол өнөөдөр Киргиз хямрах биш, харин Киргизүүд хоёр жилийн өмнө хямарсан монголоос сургамж авснаа яриад, тайван амгалан сууж байх байсан болов уу даа. 2008 оны 7 сарын нэгэнд хэрэг явдал даамжирсан бол, төр хяналтаа алдсан бол ямар аймшигт үр дагаварт хүрэх байсныг, тухайн үед нөхцөл байдал иргэний дайны босгонд нэн ойр очсон байсныг өнөөдөр бид Киргизэд болж буй хямралаас л анзаарч, сэхэж, ухаарч байх шиг байна.
2008 оны 7 сарын нэгэнд МАХН-ын гишүүд, ахмадууд, ялангуяа залуус нь намынхаа байрыг шатаалгаж, хараалгаж зүхүүлээд дуугүй хараад суугаад байгаагүй юм. Тэд нэгдэж, хэд хэдэн газар цуглацгааж, шийдвэр төгс байгаагаа илэрхийлж байсан. Гагцхүү удирдлагынхаа хүлээцтэй байхыг сануулсан сануулгад баригдан тэсч байсан. Манай нэртэй нийтлэлч Д.Цэнддоо МАХН-ын гишүүдийг аймхай, өөдгүйгээр дуудаж, хэрвээ АН-ын гишүүд ийм нөхцөлд орвол намынхаа байрны довжоон дээр ясаа тавих байсан юм хэмээн илтэд өдөөн хатгаж, нийгмийг сөргөлдүүлэх, туйлшралд дуудсан нийтлэл ч бичиж байсан. АН-ын хуулийн зөвлөх н.Пүрэвбаатар “МАХН-ыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй” хэмээн С1 ТВ-ээр илтэд уриалж байсан. Яг тэр 7 сарын нэгэнд үйл явдал хурцдахын өмнөхөн шүү дээ.
МАХН 100 гаруй мянган гишүүдтэй, мөн хэдэн зуун мянган дэмжигчидтэй. Үндэсний хэмжээний ийм том намыг тоосго чулуу барьж, гал мэсээр, уур хилэнгээр устган сөнөөх гэдэг нь зөвхөн иргэний дайнаар л шийдэгдэх асуудал юм.
Тэгэхээр МАХН-ыг устгахыг, галдан шатаахыг уриалж байсан хүмүүсийн хувьд тэдний санаатай болон санамсаргүй үйлдэл нь иргэний дайнд хүргэж ч болох байсныг тухайн үед
ойлгож байсан болов уу даа.
Өнөөдөр ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болчихоод сууж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр үед юу гэж хэлж, цамнаж, Төрийн ордонд болсон зөвшилцөх уулзалтаас гарч гүйж, ТВ-ээр мэдэгдэл хийж байлаа даа. Олон хүн мартсан байх, гэвч ард түмэн мартахгүй.
Өнөөдөр буудуулж, амь насаа алдсан болон эрх нь тодорхой хэмжээгээр хохирсон иргэдийн асуудлыг л ярих юм. Тэгвэл жинхэнэ ноцтой нөхцөл байдалд хүргэсэн үйл явдлын учир шалтгааныг яагаад шалгаж тогтоохгүй байна вэ?
Ац асуултыг дахин давтая.
Үнэхээр МАХН 2008 оны УИХ-ын сонгуулийг луйвардсан нь үнэн юм бол яагаад тэр луйврыг илчилж, илрүүлэхийг оролдохгүй, хичээхгүй байна вэ?
Хэрвээ МАХН сонгууль луйвардаагүй нь үнэн юм бол, сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч чадах оюуны бядгүйгээс, эсвэл санаатайгаар нийгмийн бурангуй байдал, шударга бусад бухимдсан олон түмний бухимдал дээр тос нэмэн турхирч, нийгэмд ноцтой хохирол учруулсан үймээн самуун өдөөхөд хүргэсэн нэр бүхий хүмүүстэй яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?
Хоёр: Аймшигт сануулга, дохиог анзаарч байгаа болов уу, дээдсүүд
“Киргизийн сургамж” гэж өнөөдөр хувьсгалч-баатар Э.Бат-Үүлээс эхлээд дээр дооргүй их ч ярих боллоо.
Ярих ч ёстой зүйл. Асуудлыг хүчээр шийдвэрлэх нь, шийдвэрлэх гэж оролдох нь, бие биенээ хүлээн зөвшөөрч, зөвшилцөж чадахгүй байх нь, ойлголцож, харилцаж буулт хийж, хамтарч эвсэж чадахгүй байх нь эцэстээ ямар үр дүнд хүргэдгийг бид өнөөдөр Киргизээс харж, мэдэрч байгаа. Ерөөс хүн төрөлхтний түүхэнд гарч байсан их, бага аливаа хүчирхийлэл бүхэн хариу хүчирхийллээр эцэс төгсгөлгүй өрнөж ирсэн. Хичнээн ариун сайхан зорилго, уриатай байгаад ч ялгаагүй. Францын агуу их хувьсгал ч, Октябрын хувьсгал ч аль аль нь гайхамшигтай сайхан уриан дор хүчирхийлэл хийсэн, ард нь ямар аймшигтай цусан мөр үлдсэнийг бид сайн мэднэ. Цусан өшөө цусан өшөөгөөр тайлагддаггүй, үргэлжилсээр байдаг энэ жамыг бид уг нь аль эрт таниж ухаарсан баймаар. Өнөөдөр Киргизэд үйл явдал өрнөхөөр л сая сэрсэн мэт “нээрээ энэ чинь юу билээ” гэлцэх юм. “Цаас чичихээс, хүн хэлэхээс нааш” гэдэг нь энэ биз.
Өнөөдөр үнэхээр Киргиз гэдэг энэ улсын байдал маш хүндэрлээ. Тусгаар улс байх эсэх нь ч эргэлзээтэй болж ирлээ хэмээн олон улсын ажиглагчид бичиж байна.
Гэхдээ дээр ярьсан хүчээр асуудлыг шийдвэрлэхийн үр уршиг нь Киргизийн гол сургамж биш юм.
Өнөөдөр Монголын нийгэм, ялангуяа эрх баригчдын хувьд Киргизээс авах гол сургамж бол ШУДАРГА ЁС алдарсан газар ямар аймшигтай тэсрэлт, хүчирхийлэл гардаг юм бэ гэдэг асуудал юм. Нийгэмд шударга бус явдал хавтгайрч, авилга гаарч, төр ард иргэдийнхээ итгэлийг алдсан цагт ямар ч ард түмэн байсан ялгаагүй нэг л өдөр хувьсгалч уриа хашгираад босоод ирдэг болохыг, нэгэнт босоод ирсэн цагт хүчирхийлэл хүссэн, эс хүссэн гаардаг болохыг анхаарах учиртай.
7 сарын нэгний үйл явдлын шалтаг нь “Сонгуулийн луйвар” гэх зүйл байсан боловч уг жинхэнэ шалтгаан нь нийгэмд шударга ёс замхарч, хүмүүс цөхөрч, ядуурал хавтгайрч, бухимдал дээд цэгтээ тулаад байгаа явдал юм.
Тэгэхээр манай эрх барьж буй намууд, түүний зүтгэлтнүүд нам дамжиж хуйвалддагаа, эрх мэдлийг хувьчилдагаа, эрх мэдлийг худалддагаа болих хэрэгтэй.
Өнөөдрийн Монголын төрийн олигархжсан, улс төр нь санхүү, бизнесийнхний түрийвчинд шигдчихсэн энэ нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч, гэрэл гэгээтэй ирээдүйгээ харсан бодлоготой явахгүй бол...
Нийгмийн толгойд буй нөхдүүд одоо жаахан жудагтай, ноён нуруутай байж, хэт явцуу эрх ашгийн төлөө өөр хоорондоо намаараа, түрийвчээрээ талцаж жийлцэхээ татаж, идэж уухаа багасгаж, шударга зүтгэж, ханаж цаддаггүй сэтгэлээ хазаарлаж байхгүй бол....
Эс тэгвээс, энэ байдлаар үргэлжилсээр байх юм бол нэг л өдөр ёстой нөгөө “гинжнээсээ өөр алдах юмгүй” болж буй пролетариуд чинь тоосго чулуугаа шүүрч аваад, ямар ч Элбэгээгийн турхиралтгүйгээр өөрсдөө хар аяндаа босоод ирэх болно. Тэр цагт та хичнээн эрх мэдэлтэй байгаад, хичнээн мөнгө хөрөнгөтэй байгаад нэмэргүй, хийсэн үйлийнхээ лайг та төдийгүй таны гэр бүл, ойр дотныхон төдийгүй нийт ард түмэн чинь гашуунаар, нэн зовлонтойгоор урт удаанаар үүрэх болдог.
“Эх нь булингартай бол адаг нь адилхан” гэдэг. Энэ бол хууль.
Нийгмийн толгой болж буй нөхдүүд, эрх баригчид, шинэ баячууд бага ч атугай сэхээрч, гэгээрэхгүй юм бол нийгмийн үнэмлэхүй олонхи болж буй /өнөөдөр монголын нийгмийн ядуурал 70 гаруй хувьтай байгаа/ ядуучууд булингартай байхаас өөр арга чарга даанчиг байхгүй.
Бид 7 сарын нэгний эмгэнэлт хэрэг явдлаас, бас Киргизийн эмгэнэлээс ийм л сургамжийг олж харах учиртай.
Б.Номинчимэд
1 comment:
Үнэхээр тэр бүх үйл явдал чухам "сонгууль луйвардлаа" гэсэн хашгиралтаас л болсон шүү дээ. Яагаад энэ асуудлыг одоо эргэж сөхөхгүй байна вэ гэсэн таны шүүмжлэлтэй санал нийлж байна.
Post a Comment