Sunday, December 26, 2010

Гадаадад гарсан монгол бүр урвагч биш

Ойрмогхон “ЭХ ОРОН ТВ” телевиз гадаад дахь монголчуудын асуудлыг хөндсөн хоёр ч удаагийн “Эх орны бага хуралдай” нэвтрүүлэг гаргалаа. Мөн “ТВ5” телевизийн нэгэн шууд нэвтрүүлгээр ч гадаадад аж төрж буй монголчуудын талаар иргэдийн санал бодлыг илэрхийлж байсан юм.

Нэртэй яруу найрагч, эрдэмтэн доктор, төр нийгмийн зүтгэлтэн зэрэг нийгмийн боломжийн давхаргын хэд хэдэн хүн оролцсон эдгээр нэвтрүүлгийг сонсож суухад гадаадад аж төрж буй монголчуудынхаа талаар манай зарим иргэд, ялангуяа төр засгийн эрх бүхий болон нэр нөлөөтэй зарим хүмүүс маш өрөөсгөл ойлголттой байдаг нь тун тодорхой харагдаж байв. Тухайлбал:

1. Сайн дураараа гадаадад гарч боолын хөдөлмөр эрхэлж яваа хүмүүсийг монголын төр онцолж харж халамжлах шаардлагагүй. Сайн дураараа явчихаад бид ядарлаа, зүдэрлээ гэх нь утгагүй, хохь нь. Хэн тэднийг очоод боол бол гэж шахаж шаардсан юм.

2. Улс орон ядарсан хэцүү цагт живж буй онгоцноос зугтдаг харх шиг эх орноосоо дайжиж яваа тэднийг бараг урвагчид гэж хэлэхэд ч болно.

3. Монгол соёл уламжлал ихэд бөхөж буй энэ цаг үед гадаад руу цагаачлан дүрвээд зогсохгүй эх орноо муулж, гадаадын соёлд автаж яваа хүмүүсийг монгол хүн гэж хэлэхгүй байх.

Ийм өнгө аястай ярьж буйг нь сонсоод эмзэглэхгүй байх аргагүй юм. Дэмий л шууд утсаар нь ярьж, санаа бодлоо илэрхийллээ.

Гадаадад аж төрж буй 200 мянга гаруй монголчуудынхаа асуудалд монголын нийгэм ямар хандаж байна вэ гэдэг нь монголын төрийн хандлагыг давхар илэрхийлж буй хэрэг юм.

Сайн сайхан амьдрал хайхын зэрэгцээ, сурч боловсрох, танин мэдэхүйн их хүсэлд хөтлөгдөн ертөнцөөр нэг хэрэн тэнүүчилж буй мянга мянган монгол залуусын цээжинд эх орон нь ирээдүйтэйгээ хамт лугшиж буй гэдэгт тэдгээр залуусын дунд хэдэн жилийг бужигнаж өнгөрүүлснийхээ хувьд би бүрнээ итгэлтэй байдаг нэгэн.

Мэдээж хэрэг монголд төрсөндөө гутарч, англи, америкт ирсэндээ баярлаж, монголоо хараан зүхэж суугаа хүн мэр сэр бий. “Би жинхэнэ төөрч төрсөн эх орондоо ирлээ. Монгол гэхээр ой гутдаг” хэмээн ярьж байсан бүсгүйтэй би Иллиной мужид таарч байсан. Гэвч тэд бол гадаадад аж төрж буй нийт монголчуудаа төлөөлж чадах хэмжээнд хүрэхгүй, дэндүү цөөхөн.

Гадаадад аж төрж буй монголчууд маань харин ч эх орныхоо үнэ цэнийг улам бүр мэдэрч, монгол хүн гэсэн бахархалаа улам бүр сэргээж, өөрөөр хэлбэл монголдоо байгаа хүмүүсээс ч илүү эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй болцгоочихдог юм билээ.

Энгийн жишээ л гэхэд Америкийн бага сургуульд 4 жил суралцаж, монгол хэлээ бараг мартах шахсан манай хүүхдүүд л гэхэд одоо монголд сургуулийн үе тэнгийнхнээсээ илүү эх орноо гэсэн эрмэлзэлтэй, “Би Монгол хүн” гэсэн бахархалтай байгаа нь анзаарагддаг. Харь газар, харь хүмүүс, харь соёлын дунд удаан хугацаагаар байхаар би бол бусдаас ялгаатай өвөрмөц соёл уламжлал, түүхтэй ард түмний хэлтэрхий юм байна гэдгээ хүн бүр илүү хурц тодоор мэдэрдэгээс тэр юм.

Амьдралын эрхээр, суралцах хийгээд ажил хөдөлмөрийн эрхээр, хайр дурлалын эрхээр, гадаадын иргэн болсон монгол хүнээ бүү ад үзээсэй. Дэлхий нийт улам бүр даяаршиж буй өнөө цагт чухам аль орны иргэн байх нь тийм ч чухал биш, харин тэр хүн Монгол хүн байж, монгол гэсэн нэрийг гаргаж, монголдоо хөрөнгө татаж байх нь илүү чухал. Маш олон чадварлаг, авьяаслаг залуус ажил амьдралын эрхээр гадаад орны иргэншил авч байгаа нь тэдний буруу биш. Тэднийг эх орноосоо урвалаа хэмээн донгодох нь ёстой солиорол болно. Харин ч тэд маань харь оронд монголоо сурталчилж, монгол хүний авьяас чадварыг гайхуулж яваа төдийгүй эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө дэлхийн аль ч өнцөгт байсан сэтгэл тавин, хүч нөөцөө ашиглах боломжийг хэзээ ямагт эрэлхийлж явдаг. Түүний нэг илрэл нь өнгөрсөн 7 сарын 19-нд болсон "Эх орныхоо хөгжилд - Бидний оролцоо" сэдэвт Хилийн чанадад суугаа монголчуудын анхдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотод болж, олон сайхан чадварлаг залуус дэлхийн өнцөг булан бүрээс ирж, эх орноо хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцаж байсан билээ.

Яг үнэн хэрэг дээрээ Арлингтонд, эсвэл Чикагогийн Оак Паркт нэгэн солонгостой суучихсан хэдий ч сар бүр монголд буй үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хариуцаж, ахан дүүстээ хэдэн доллар, хувцас хунар илүүчилж суугаа эгэл нэгэн эмэгтэй бол өнөөдөр монголын төрийн аль нэгэн албан тушаал дээр суучихаад хувалз шиг эх орны маань хөгжлийн шимээс сорон мөлжиж суугаа авилгагч этгээдээс хувь илүү эх оронч иргэн хүн юм। Тэр бүсгүй амьдралын эрхээр биеэ зольж буйг энэ “урвагч, харь солонгосын боол болж буй нь хохь нь” хэмээн санаа амар буудаж суугаа хүмүүс яагаад ойлгохгүй байна вэ? Хэдий тэр бүсгүй биеэ зольж буй ч сэтгэл зүрх нь монголоо гэж, гүн шөнөөр дэрэн дээрээ монголынхоо эгэл боргил эрийг дурсан, эх тал нутгаа санан нулимс дусааж буйг нь мэдэхгүй шүү дээ. “Монгол эрийн үнэр нь хүртэл өөр шүү” хэмээн нулимс дуслуулж буй бүсгүйн зүрхэнд буй тэр эмзэглэлийг бид мэдрэхгүйгээр “Хохь нь, энэ чиний л сонголт шүү дээ” гэж хэлэх эрх байхгүй юм.

Ингээд жил гаруй өмнө гадаадад буй төрж буй монголчуудын нийгмийн асуудлыг хөндсөн нийтлэлээ дахин хүргэе.Гэхдээ энд зарим тоо баримт, мэдээллүүд хуучирсан гэдгийг харгалзаж үзнэ биз ээ.


Гадаадад буй Монголчуудын тулгамдсан асуудалд
2009/03/25
Өнөөдөр гадаад орнуудад 100 мянга гаруй монголчууд сурч, амьдарч буй гэсэн албан ёсны мэдээ бий. Харин бодит байдал дээр энэ тоог хоёр дахин их гэдэг. Юутай ч гадаадад буй Монголчуудын гуйвуулж буй мөнгөний урсгал манай эдийн засагт дорвитой нэмэр болсоор байгааг эдийн засагчид байнга хэлдэг. Маш олон оюутнуудын сургалтын зардлыг гадаадад буй аав ээж, ахан дүүс нь илгээж байна.

Гадаадад хөдөлмөр эрхэлж буй хоёр хүний нэг нь ард үлдсэн ар гэрээ их, бага ямар нэгэн хэмжээгээр тэжээж, тэтгэж байгаа. Миний мэдэхийн хоёр жилийн өмнө АНУ-ын Вашингтон хот орчмын монголчууд зургаан цэгээс өдөрт дунджаар 60 мянга орчим доллар гуйвуулж байсан.

Гэтэл АНУ-д Вашингтон орчмынхтой ойролцоо тооны монгол иргэд суурьшсан буюу 2000 –аас дээш монголчуудтай хотод Чикаго, Денвер, СанФранциско, ЛосАнжелос ордог. /нийт 5/
- 300-500 орчим монгол иргэд суурьшсан хот гурав,
- 100-300 орчим иргэд суурьшсан хот тав,
- 50-100 орчим монгол иргэд суурьшсан хот 10 гаруй байгаагаас гадна 50 мужийн 170 орчим хот, тосгодод монголчууд аж төрж буй.
Эндээс багцаалан тооцоолбол зөвхөн АНУ-д аж төрж буй монгол иргэдээс бэлнээр
- өдөрт 360 мянга орчим доллар
- жилд 129 600 000 орчим доллар буюу 215 136 000 000 /хоёр зуун арван таван тэрбум/ төгрөг монголд орж ирж байна.

Мэдэгдэж байгаа нь энэ бөгөөд үүний цаана МонеГрамм болон банк бус бусад гуйвуулга, сард хэд хэдэн удаа каргогоор илгээгдэж буй төрөл бүрийн барааны дүнг оролцуулбал өмнөхөөс хавьгүй их хөрөнгө болно. Энэ бол манай эдийн засгийн хэмжээнд бага тоо биш юм.
Америкт 20 000 гаруй, Англид 4000 орчим, Чехид 10 000 орчим, Солонгост 40 000 орчим, Японд 1000, Изриальд 500 орчим монголчууд байгаа гэсэн тоо байгаа ба дэлхийн 80 гаруй оронд бидний ахан дүүс, садан төрлүүд хөдөлмөрлөж, сурч байна. Солонгосоос, Чехээс, Европоос гээд дэлхийн өнцөг булан бүрээс монгол иргэдийн эх орон луугаа илгээж буй хөрөнгө, мөнгөний урсгалыг нийлүүлбэл чамлахааргүй тоо гарна даа.

Бэлэн мөнгөнөөс гадна мөнгө төгрөгөөр үнэлж тооцооломгүй асар их баялгийг гадаадad буй монголчууд бүтээж байгаа. Тухайлбал, төрийн сангийн тэтгэлгээр бус, өөрийн хөлс, хөдөлмөрөөрөө маш олон залуус их, дээд сургууль, коллеж, ахлах сургууль төгсцгөөж байна. Олон иргэд маань англи болон бусад түгээмэл хэлийг эх орныхоо эдийн засагт өчүүхэн ч дарамт болохгүйгээр сурцгааж байна. Энэ бүхэн нэг төрлийн хөрөнгө оруулалт юм.

Боловсон харилцааны үнэ цэнийг ухаарч, өндөр соёлд боловсорч, шаргуу хөдөлмөрт дасч, цаг барьж, тооцоолж, төлөвлөж сурцгааж байна. Шинэ санаа, шинэ технологийг эх оронлуугаа зөөж байна. Солонгост найман жил оймсны үйлдвэрт ажилласан залуу Монголдоо ирээд оймсны үйлдвэр байгуулж, АНУ-д зургаан жил ажилласан залуу ирээд сайн чанарын гоймонгийн цех ажиллуулж, бас нэг нь өндөр зэрэглэлийн ресторан нээж байна.

Гадаадад буй эдгээр монголчуудын шаргуу хөдөлмөр, овсгоо самбаа, авьяас чадварын ачаар гадны сая сая хүн ард монгол орны тухай, монгол хүн, монгол ертөнцийн тухай мэдээлэл, мэдлэгтэй болж байна. Энэ бол үнэгүй гадаад сурталчилгааны асар их боломж. Монголыг зорьж буй жуулчид болон хөрөнгө оруулалтын тодорхой хувь нь гадаадад буй монгол иргэдийнх, монгол нийгэмлэг холбоод, монголоо гэсэн “хэнхэгүүд”-ийнх.

Өөрөөр хэлбэл гадаадад аж төрж буй монголчууд нь Монгол Улсын эдийн засаг төдийгүй соёл- боловсрол, гадаад харилцааны бодит хүчин нэгэнт болжээ. Монголын төр засаг ч үүнийг анхааран, гадаадад буй монгол иргэддээ хандсан маш тодорхой бодлого хэрэгжүүлж эхлэх цаг нэгэнт болсон санагдана. Өнгөрсөн жил Монголын төр гадаадад буй иргэдийнхээ нийгмийн асуудлыг зохицуулахад зориулж 15 сая төгрөг бүхий сан байгуулсан тухай мэдээлэл сонсогдож байсан. Энэ нь тодорхой хэмжээгээр уг асуудалд анхаарч эхэлсний илрэл ч гэсэн 15 сая төгрөг бол дорвитойхон нэг рестораны ганцхан сарын орлого төдий л зүйл шүү дээ. Өнгөрсөн хугацаанд тэрхүү 15 сая төгрөг хэрхэн ямар арга замаар гадаадад буй монголчуудын эрх ашигт үйлчилсэн тухай ямар ч мэдээлэл сонсогдсонгүй. Амьхандаа чих тавьсаар л байсан билээ.

АНУ, Англи, Солонгос, Чехийн элчингүүдийн үүдэн дээрх дарааллыг харвал, бас уулзаж учирсан залуустай ярилцаж явахад гадагшаа чиглэсэн монголчуудын урсгал татрах болоогүй юм байна гэсэн ойлголт төрдөг. Мөддөө ч татрахгүй байх. Дээр нь одоо эхний очсон хүмүүсийн үр хүүхдүүд улам өнөржин олширч байна. Зөвхөн АНУ- д гэхэд жилд 500 гаруй монгол хүүхэд төрдөг гэсэн мэдээлэл бий. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэгэхээр гадаадад буй манайхны тоо хорогдох бус харин ч эрчимтэй нэмэгдэх хандлагатай гэсэн үг.
Ийм тодорхой бодит нөхцөл байдал нэгэнт бий болоод байгаа учир гадаадад буй монголчуудынхаа тулгамдсан асуудлыг цогцоор нь хөндөн авч үзэх нь манай төрийн бодлогын нэг салшгүй хэсэг болох учиртай болов уу. Үүнийг хэд хэдэн чиглэлд авч үзэх хэрэгтэй санагдана. Тухайлбал:

Нэг: Эрүүл мэнд, нийгмийн даатгал
Гадаадад буй Монголчуудын хамгийн тулгамдсан хурц асуудал бол эрүүл мэнд. Хоёр жил гаруйн өмнө СанФранциско, Лос, Чикаго, Вашингтон хотын монголчуудын дунд үзлэг хийсэн монгол эмч нарын багийнхан үзлэгт хамрагдсан нийт монголчуудын 80 хувь нь суурь өвчтэй байсан тухай мэдээлж байсан. Сэтгэл сэрдхиймээр шүү.

Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын эрүүл мэндэд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Юуны өмнө цаг наргүй хүнд хөдөлмөр. Өдрийн 10-аас дээш цагаар зогсоогоороо ажиллах нь олонтаа. Халуун уур, химийн элдэв бодис(хими цэвэрлэгээ болон цэвэрлэгээнийхэн), тоостой (чулууныхан), шөнийн цагаар(шалныхан) зэрэг ажлын хүнд нөхцөлтэй шууд учирдаг. Харин ч агаар ус, цаг нар, хоол хүнс солигдох нь эрүүл мэндэд тийм ч хурц нөлөөтэй биш санагддаг.
Мөн сэтгэл санааны хүнд дарамтан дор байх нь элбэг. Монголд байраа барьцаанд тавьсан гэх мэтээр араас нь байнгын мөнгөний нэхэл дагуултай хүмүүс олон. Хэл ус, ёс заншил, хууль дүрэм мэдэхгүйн дарамт буюу “Соёлын шок”. Хараар байхын зовлон ч нэмэрлэнэ. Дээр нь гэр бүл, ойр дотныхноосоо хол байхын элдэв бэрхшээл нэмэгдээд гадаадад буй монголчуудын маань сэтгэл санаанд багагүй ачаалал ирдэг. Чухам биеийн болон сэтгэл санааны энэ дарамт нь элдвийн суурь өвчний үндэс болж буй талаар үзлэгийн эмч нар санал нэгтэй байсан билээ. Зөвхөн 2006 онд Америкт долоон монгол амиа хорлосон тухай сонсогдож байсан. 30-аадхан насны идэр залуу эр гэнэтийн цус харвалтаар өнгөрч ч байсан. Ийм тохиолдол цөөнгүйг дурдаж болно.
Гадаадад буй элэг нэгтнүүдийн маань ихэнх нь хараар аж төрж буй хүмүүс. Тэдний хувьд тухайн орныхоо эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн бусад даатгалд хамрагдах боломж маш хомс байдаг. Зөвхөн ганц шүд ломбодуулахад хэдэн зуун доллар төлөх хэрэг гарна. Эмнэлгийн үйлчилгээний энэ өндөр үнээс шалтгаалаад манайхан тэр бүр эмчид үзүүлж, шаардлагатай туслалцаа авч чадахгүй байсаар өвчнөө хүндрүүлэх, бүр эмчилгээгүй болгох тохиолдол ч цөөнгүй.
Ийм нөхцөлд гадаадад буй монголчууддынхаа эрүүл мэндийг монголын төр анхааралдаа авах учиртай санагдана. Хэдхэн хүн биш, хэдэн зуун мянгаар тоологдох ахан дүүс маань байна шүү дээ. Тухайн оронд үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн даатгалын газруудтай ярилцаж, гэрээ хэлцэл хийх зэргээр, хэрвээ эрж хайвал ямар нэгэн арга зам байгаа. Нэг бус нэлээд хэд ч байж магад.

Харин нийгмийн даатгалын хувьд хаана, ямар ажил хийж байгаагаас шалтгаалахгүйгээр сайн дурын даатгал эхлүүлсэн нь үр өгөөжтэй. Гэвч энийгээ гадаадад буй монголчуудын дунд сурталчлах хүргэх асуудал нь харин баахан хоцрогдоод ч байх шиг

Хоёр: Хууль, эрхзүйн туслалцаа
Гадаадад буй монголчуудын удаах тулгамдсан асуудал нь байгаа орныхоо хууль эрхзүйн орчныг сайтар таниж мэдэхгүйгээс элдвийн хэрэгт орооцолдох явдал түгээмэл байдаг явдал юм. Нэн ялангуяа цагаачлалын хуульч, мэргэжилтнүүдийн туслалцаа чухал хэрэгтэй. Хуурамч болон чадваргүй, сэтгэлгүй харийн өмгөөлөгч, хуульч нарт хульхидуулж, хэдэн мянгаар тогтохгүй доллараар хохирсон монголчууд олон бий. Жишээ баримт дурдвал ихийг бичиж болно.
Монголчууд олноороо аж төрж буй орнуудын хууль эрхзүйн орчныг сайтар судалж мэргэшсэн хуульчдийг бэлтгэн, тухайн оронд суугаа консулийн ажилтнуудаар дамжуулан ийм төрлийн үйлчилгээг үзүүлэх, ялангуяа цагаачлалын асуудлаар... Мэдээлэл харилцаа өндөр хөгжсөн өнөөгийн нөхцөлд ийм үйлчилгээг хаанаас ч үзүүлэх боломжтой.

Гурав: Хөрөнгө, санхүүгийн туслалцаа
Өмнөд хөрш хятадаасаа санаа авах зүйл бидэнд их бий. Хятадын төр гадаадад аж төрж буй иргэдийнхээ бизнесийг дэмжсэн тусгай Банк байгуулсан байдаг. Вашингтонд буй нэг хятад иргэн Аннанделид хятад хоолны газар нээхэд шаардлагатай зээлийг хөнгөлөлттай нөхцлөөр тэрхүү банкнаас зээлнэ. Үр дүн нь өнөөдөр АНУ-ын бүх хот, дүүрэг, тосгонд хятад хоолны газар ажиллаж байна. Хамгийн бөглүүд тосгонд очиход л ЧайнаБаффе байж л байна. Америкийн зах зээлийн агуу том тогооноос хангалттай том шанагаар хутган авч чадаж байгаа хэрэг шүү. Жижиг чулуугаар том хадыг доргиож чадаж байна. Хятадын өнөөдрийн үсрэнгүй хөгжлийн нэг тулгуур нь гадаадад буй сая сая цагаач хятадууд билээ.
Өнөөдөр Вашингтонд буй нэгэн монгол залуу монгол хоолны газар, эсвэл авто засварын газар нээхэд шаардагдах 100 мянган долларыг зөвхөн сайн ахан дүүс, найз нөхөд, эсвэл шууд өөрийн хэдэн жилээр нойр хоолгүй зүтгэж байж цуглуулснаараа л эхлэх болно. Гэтэл бидэнд тэр бүр тийм боломж байдаг билүү? Хэдэн арван жилийн цагаачлалын түүхтэй хятад, солонгосууд бол өөр хэрэг. Бидэнд дунджаар 5-6 жилийн л туршлага бий шүү дээ. 100 мянгыг цуглуулсан нь тун ч ховор.
Гурван жилийн өмнө Чикагод хэсэг монгол иргэдийн санаачилгаар Америк дахь Монгол иргэдийн Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим байгуулагдсан. Өнөөдөр эхлэл, санаачилга төдий байдалтай байгаа ч их ирээдүй бий гэдэгт итгэнэ.
Саяхан мөн Чикогогийн хэсэг монгол иргэд Дундын сан байгуулах тухай санаачилга гаргасан. Зорилго нь боломжтойд нь тэрхүү Дундын сангаасаа зээл олгож, бизнес эрхлэхийг нь дэмжих, зарим чадварлаг монгол залуусыг сургуульд суралцуулах, ядарсан зутарсан нэгнээ дэмжих.
Иргэд нь ийм санаачилга гаргаад байхад төр нь түүнийг өлгөж аваад дэмждэг байгаасай. Ялангуяа хямралын энэ хэцүү үед гадаадад буй монголчууд маань тун ч бат тулгуур болно. Вашингтон нээгдсэн Монгол эзэнтэй авто засварын газрын сарын 10 мянган долларын орлогын тодорхой хувь нь монгол руугаа урсах л болно. Энэ нь хөлсний ажил хийгээд сард 2000 доллар авч байгаатай огт адилгүй шүү дээ. Хятадууд банк бүү хэл гадаадад буй цагаач иргэдийнхээ нийгмийн халамжийн асуудлаар бүхэл бүтэн цогц арга хэмжээ авдаг гэсэн. Цагаач иргэддээ зориулсан Их сургууль хүртэл байгуулсан байгаа юм даа.

Дөрөв: Давхар иргэншлийн асуудал
АНУ-д жилд дунджаар 500 орчим монгол хүүхэд шинээр төрж байгаа тухай дээр дурдсан. Энэ бага тоо биш шүү. Мөн төдий тооны монгол иргэд /ихэвчлэн эмэгтэйчүүд/ америкийн иргэдтэй гэр бүлж болж байна. Мөн цөөнгүй тооны иргэд ажлын болон бусад шалтгаанаар иргэншил авч байна. Энэ тоо жилээс жилд өснө, асуудал жилээс жилд хуримтлагдана. Монголдоо л гэхэд өнгөрсөн онд 700 гаруй иргэд гадаад иргэдтэй гэрлэж, бүртгүүлсэн мэдээлэл байсан. Солонгос, Европ, Япон болон бусад оронд ч байдал иймэрхүү л байгаа.
Бодит байдал дээр бол маш олон хүн монголынхоо харьяатаас гараагүй атлаа өөр улсын иргэншил авчихсан яваа.
Давхар иргэншлийн хэрэг юу билээ гэж олон хүн асуудаг. Ганцхан Америкийн ч юм уу, Солонгосын иргэн монгол хүн нэг өөр, харин Монголынхоо иргэн нь хэвээр байх нь бас өөр асуудал. Үүний цаана хөрөнгө оруулалт төдийгүй монголоо гэсэн сэтгэл, зүтгэл хөгжих таатай хөрс суурь бий.
Нөгөө талаар өнөөдөр дэлхий ертөнц улам бүр ойртон нягтарч байгаа энэ гарцаагүй хүчин зүйлийг ч бид бас тооцож үзэх ёстой. Зарим хүмүүс давхар иргэшлийг Монгол Улс зөвшөөрчих юм бол баахан хятадуудаар эх орон маань дүүрчихнэ гэсэн шалтгаанаар эрс эсэргүүцдэг. Давхар иргэншлийн асуудал нь хоёр чиглэлтэй. Эхнийх нь аль ч орны иргэн манай улсны иргэнээр давхар байж болох нөхцөл. Хэрвээ энэ хувилбараар явбал дээрх хятадуудаар монгол дүүрчихнэ гэсэн болгоомжлол бодитой зүйл. Удаах нь зөвхөн Монгол Улсын иргэн өөр аль нэг орны иргэн давхар байж болно гэсэн чиглэл юм. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн монгол хүнд л хамаатай асуудал, ялангуяа гадаадад аж төрж, тухайн орныхоо иргэншлийг нэгэнт авчихсан болон авах гэж буй монголчуудад.


Тав: Сонгуулийн эрхийн асуудал
Гадаадад буй монголчуудын саналын эрхийн талаар ЦахимӨртөө ТББ, Вашингтон хот болон Бэа Ариа орчмын Монголчуудын холбоо, Даяар Монгол сонин зэрэг гадаад дахь монголчуудын холбоо, байгууллагууд хэдэн жилийн өмнөөс удаа дараа асуудал тавьж, янз бүрийн түвшинд хэлэлцүүлж байсан билээ. УИХ болон СЕХ-нд энэ асуудлаар хэд хэдэн зүйл бүхий саналыг албан ёсоор хүргүүлсэн. СЕХ ч тусгай комисс гарган энэ асуудлыг судлуулсан боловч харамсалтай нь гадаадад буй монголчуудын саналыг авах боломжгүй гэсэн 10 гаруй зүйлийн учирлал бүхий тайлбар өгсөн. Одоо ч тэр тайлбар бичиг нь миний ширээн дотор явж л байна. Энэ комиссын ажлын тайлан, тайлбартай танилцахад анхнаасаа гадаадад буй монголчуудын саналын эсрэг зорилготой байсан юм биш байгаа гэсэн хардлага төрүүлдэг юм.
Гадаадад буй иргэдийнхээ саналыг авах боломж Монгол Улсад бүрэн бий. Өнгөрсөн 11 дүгээр сард болсон Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлээхэн жишээ байж байна. Гадаад оронд яваа америкийн иргэн ID дугаараараа саналаа өгчихөж байх шиг харагдсан. Оросууд Ерөнхийлөгчийнхөө сонгуулиар гадаадад буй иргэдийнхээ саналыг авч л байсан.
С.Баяр Ерөнхий сайдын дэвшүүлсэн Таван төгөлдөршлийн нэг Иргэнээ нэг бүрчлэн бүртгэлжүүлэх, сонгуулийн тогтолцоог төгөлдөршүүлэн пропорциональ системтэй болгох нь гадаадад буй иргэдийнхээ саналыг авах болгомжийг улам ойртуулж өгч буй хэрэг юм. Иргэн бүрд нэг л иргэний үнэмлэх, нэг л регистрийн дугаар байх учиртай. Энэ асуудлыг эхлээд цэгцлэх шаардлагатай. Байгаа газраасаа интернетээр ороод Реги дугаараараа, эсвэл түүгээр нь баталгаажсан сонгогчийн тусгай нууц дугаараараа саналаа өгчих шиг хялбар юм үгүй. Тухайн дугаар дээр дахиад хаанаас ч, хэн ч санал оруулах боломжгүй тийм программ хийчих чадвартай монгол инженерүүд олон бий, гагцхүү асуудлыг хариуцаж буй хүмүүсийн санаачилга, сэтгэл л дутаж буй хэрэг.
Гадаадад буй монголчууд нь монголын нийгмийн дунджаас дээш давхаргынхан голдуу байдаг. Өөрөөр хэлбэл ходоодоороо биш, итгэл үнэмшлээрээ саналаа өгөх чадвар бүхий хэсэг. Энэ бол ард түмний санал сонгуулиар бодитой илрэх маш чухал хүчин зүйл юм. Нөгөө талаар гадаадад буй монголчуудыг сонгуулийн санал өгөх эрхээр нь дамжуулж, монгол орны үйл амьдралд анхаарлыг нь улам дотно хандуулах, эх оронд нь ойртуулах нэгээхэн сэжим юм.

Эцэст нь бас нэг зүйлд эмзэглэж явдаг нь гадаадад хөлс хүч, эрүүл мэнд, залуу насаа золин байж олсон тэрхүү хөрөнгө мөнгөний дийлэнх хувь нь монголдоо, ахан дүүс, амраг садандаа буян болж тогтохгүй, гадагшаа эргэн урсч, Эрээний голдуу эрээн мяраан, эдэлгээгүй, чанаргүй элдэв бараа болон хувирч буй явдал юм. Чухам нэгэнт монголын хилээр ороод ирж буй энэ их хөрөнгө, буяныг гадагш нь буцаагаад савируулчихалгүй, үр дүнтэй хөрөнгө оруулалт болгож хувиргах/өнөөх цагаач иргэдийн банк, жижиг дунд үйлдвэрлэл, сургалт гэх мэт/ талаар юм бодож сэтгэх, үйлдэх боломж бас ч байгаа санагданa.
Б.Номинчимэд

13 comments:

Оогий said...

berx uneng bichsen bna :-(

DBD Muruudugch said...

unen shuu dee.Iim sedev hundsund bayarlalaa. Surch baigaa humuus ch bas uchirtai. Ajil hiih gej, ger orniihniigoo tejeeh gej irsen humuusiin erh ashig ih hund sanagddag shuu.

Дeстини said...

Шинэ оны мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье. Би нэг юм боддог юм. Гадаад байгаа монголчууд олсон орлогоосоо Монголд татвар төлдөг бол гэж. Зарим нь дуртай төлнө дээ.

ganga said...

Гадаадад байгаа монголчууд Монголын тухай сайн муу үг хэлэх эрхгүй гэж хэлэх хүнтэй таарч байлаа. Монголын төлөө санаа зовж сэтгэл санаа нь нутагтаа байдаг болохоор л үзсэн харсан болгооо зүйрлэн бодоод илүү үг дуугарч хүний дургүй хүргэдэг байх даа. Огт бодохоо дурсахаа байсан бол таг чиг л байна шд.

Gunba R. said...

tiimee . ted , bid urbagchid bish.

Anonymous said...

Gadaadad baigaa Mongolchuud gedeg chine Mongol uls delhiigees taslagdaad 70 jil bolood hotsrogdson jungliin yum bolsong n arilgaj ogch baigaa hamgiin buyantai uilsten shuu dee.

Hamgiin buduulgeer ger orniihondoo mongo ed yums yavuulj baina getel uunii tsaana ajil amidraliin mash nariin uhaan medlegiig suraltsaj baina. Solongosoor jishee avya tend baisan humuus Mongoldoo jijig dund biznesiin mash ih arga uhaaniig avchirch ulsiin ediin zasgiig seheesen.

Tegvel tuunii daraah 2-3-r uyiinhen ch gesen bur iluu nariin uhaan medlegeer ulsaa ood n tatah patentiig ulsdaa avchirah bolno. Ene bol amerik hellegeer Win-Win nohtsol yum. Huvi hunii talaasaa mongotei boloh gesen niigem talaasaa iluu nariin amidraliin chadvar suusan irgentei boloh geed.

Anonymous said...

Би өөрөө хилийн дээс алхаж үзээгүй нэгэн. Гэхдээ харьд одсон хөвгүүд охидоо буцаж ирнэ гэдэгт итгэдэг. Тэднийг урвагчид гэж шүлсээ үсчүүлж байгаа хүмүүс бол эх нутагт нь буцааж ирүүлэхгүй гэж буй харийнхан л гэж бодож байна. Учир нь эзэд ирэхэд тэд дуугарах эрхгүй болох учраас.Улаанбаатарыг гэр хороолол, орон сууцныхан гэж Монголчуудыг үндэс угсаа хот хөдөөгөөр нь бутаргаад нийгэмд энэ сэтгэхүйд суулгачихсан. Энэнд дуучид маань бүр ихээр автаж зохиолын дуучид рок попынхон маань биенээ үзэхээ байсан.
Одоо харьд байгаа Монголчуудыг ирүүлэхгүй байх арга хэрэглэж эхэллээ

Чиний үгүй намрын
Найрын дугараа хүртэл
Ухаант ардын дуугаараа
Чамайг л нэхэн замхарч байна

Эзэд нь үгүй нутагт
Харийн гийчид тухлахад
Эцгийн халуун голомт тань
Уйтайхан бөхөж байна.

Шуналын уутанд орчихсон
Уулсынхаа шархыг нөхөх гэж
Хөх уулс шиг өвгөд минь
Жингийн цуваа шиг алсарч байна.

Дуулах эзнээ хүлээсэн
Ардын дуу гунигтайхайн
Дуурсгах хүүгээ хүлээсэн
Эх нутаг чинь шархтай

Тэнгэрт хальдаг жигүүртэний
Өд нь газартаа буудаггүй гэж үү
Тэнэж одсон Гэсэрч
Эргэж ирэх л жамтайсан

Gunba R. said...

deed taliin bichisen yamar gogo shuleg be. blogtoo tabilaa shuuuu .

Anonymous said...

Гадаадад ажиллаж амьдарч байгаа нарийн мэргэжлийн өндөр ур чадвар, мэдлэгтэй монгол залуусаас ганц л юм гуйя!
Монголд байгаа дүү нартаа, ирээдүйд монголыг мөрөн дээрээ авч явах сурагч, оюутнуудад зориулаад мэдсэн сурснаараа эх хэл дээрээ ганц сайхан сурах бичиг бичээд л хэвлүүлчих!! Эсвэл блог хөтөлсөн ч болно. Тэгээл болоо.
Эргээд ирэх гэхээр ажиллах нөхцөл байхгүй, нийгэм нь дарамттай, мөн дээрээс нь наад газраа дассан байдаг л байх. Заавал эргэж ирэх гээд байх албагүй л дээ. Зүгээр л оюуны хөрөнгө оруулалт хийчих, тэгээл болоо!
Үнэхээр л мундаг юм мэддэг болсон юм бол тэрийгээ бусадтайгаа харамгүй хуваалцаарай, үүнийг л гуйя!

www.gegeen.com said...

hehe, urvagch gesen bolgontoi notsoldoj baildaj toglood bn ch gej yu bxav, ur duntei, niited heregtei yum hiigeed suujiital ayandaa bolno biz dee

Anonymous said...

Uneheer zuv, unen zuiliig bichjee. Gadaadtai suusan humuusiig uzen yaddag baisnaa boliod odoo zugeer gadaadad ajillaj, surch amidarch baigaa humuusee haraadag bolson bol... burhan mini, manaihnii setgelgee telj, humuunleg, uhaalag bolohiin orond ulam dordood baigaam bishuu??? Tamiin togoonii ulger ???? Ur udamdaa mongol gej hudlaa tseejee deldej,busdiig uzen yadahiig zaah bish uhaalag, durem juramtai, busdiin shiidveriig hundetgedeg, zuv uzeltei irgen bolgoj humuujuulehsen dee

mongolbusgui said...

Unen bichjee, bid urvagchid bish

Anonymous said...

Би Та бvxнээс нэг асуулт асууя. ГИХАЭГ-ын дарга Б.Пvpэдорж гэдэг тvшмэл "Eagle" телевизийн "Жаргалмаагийн цаг" нэвтрvvлэгт оролцоод ярилцлага øгч байхыг сонслоо. Тэрбээр:"-Би гурван асуудал дээр хvнд сурталтай хандах ёстой гэж хэлдэг, тийм ч бодлого баримталдаг. 1-д/ Монголоос хvvxэд vрчлэх хvcэлт гаргасан хvмvvc, 2-т/ Mонголчууд олуулаа болъё гэсэн уриалга гараад олон хvмvvc Moнголд аж тøpøxøøp ирж байна. Эдгээр хvмvvcт, 3-т/ гадаадад амьдарч байгаад Монголд буцаж ирж байгаа монгол иргэдэд. Учир нь тэд Монгол Улсыг эдийн засгийн хvнд нøxцøл байдалд байхад нь хаяад явсан. Одоо эдийн засаг нь сайжраад иргэддээ халамж vйлчилгээ vзvvлээд эхлэхээр нь буцаж ирж байгаа. Øнøøгийн эдийн засгийн øcøлт хøгжилтийг Монголд амьдарч байгаа иргэд бvтээн бий болгосон. Тэгэхээр тэдэнд бичиг баримтыг нь øгøxгvй гэсэн vг биш, тэд нэг удаа явдаг бол 2, 3 удаа яваг." гэж айлдаж байх юм. Эхнийх дээр хаа газар ийм л байдаг, байх ч ёстой. Харин дараагийн асуудлууд нь??? Энэ эрvvл сэтгэлгээ мøн vv?