Saturday, April 30, 2011

Үргэлж нялхаараа байх хүмүүний сэтгэл

Хүмүүн гэгч сэтгэлийн амьтан, хүмүүний ертөнц гэгч бүхэлдээ сэтгэлийн ертөнц юм. Сэтгэлгүйгээр хүмүүний ертөнцийг тодорхойлох, төсөөлөх ахул хий хоосон, амьгүй сүг сүүдэр л төсөөлөгдөнө. “Хүмүүн төрөлхтөн сэтгэлээрээ гайхуулж, хүлэг морин дэлээрээ гайхуулмой” хэмээн яруу найрагч зүгээр нэг шүлэглээгүй. Чухам бид сэтгэлээрээ энэ ертөнцийг чимж, сэтгэлээрээ адгуус амьтдаас ялгарч байдаг. Хожимхон, хэт технократууд хүмүүний адгууснаас ялгарах чанарыг сэтгэх чадвартай холбож зүтгэсэн нь гэнэхэн төөрөгдөл юм. Хүнээс ч илүүг сэтгэх чадвартай машиныг бид бүтээж чадах авч харин хүн шиг сэтгэлтэйг бүтээх чадвар буян амлаад ч, бурхан тахиад ч байхгүй билээ. “Ижлийнхээ төлөө нулимс унагахыг адгуус ч чаддаг. Харин нэгнийхээ төлөө амиа өгөх чадвар зөвхөн хүнд л заяажээ”. Энэ бол ухамсар биш сэтгэл юм. Мянгантаа ухамсарлаж байвч эцсийн шийдийг зөвхөн сэтгэл л гаргадаг. Сэтгэл үнэнийг онож, ингэснээр эр зоригийг үүтгэнэ. Ингэхээр үнэн, эр зориг хоёр нь ялгаж салгахын аргагүй нэг зүйл болно.

Хүмүүний энэхэн сэтгэлийг хэрвээ үнэт эрдэнэстэй зүйрлэвэл түүнийг өнгөлж засаж байдаг нарийн чадварлаг инжаан нь, мөнхийн шидэт устай зүйрлэвэл түүнийг түгээн дэлгэрүүлж байдаг дууч бяцхан шувуухай нь, эх болсон газар дэлхийтэй зүйрлэвэл түүний хөрсөн дээр зүйл бүрээр дэлгэрэн дэрвэлзэгч цэцэгс навчис нь яруу найрагчид, уран бүтээлчид юм. Ийн эргэцүүлэхийн үүтгэл нь Баянмөнхийн Цоожчулуунцэцэгийн “Хөх эгшиг” богино өгүүллийн “урт” ном.

Б.Цоожчулуунцэцэг жил гаруйхны өмнө өгүүллэг бичиж “үзэж” буйгаа ярьж байж билээ. Гэтэл нэг л өдөр тэвхийсэн зузаан ном барьчихсан орж ирэх. Сүүлийн хэдэн жилд блог бичигчдийн давалгаа ёстой л цунами мэт болж, маш олон залуу шүлэг зохиол бичиж эхэлсэн нь борооны дараах мөөг шиг “хөглөрч”, тэр хэмжээгээр үнэ цэнэгүй мэт санагдаж байв. Тэр л сэтгэгдлээр номыг нь ялимгүй үл ойшоон сөхсөн авч эхний хэдхэн хуудас сөхөж, анхны өгүүллээс нь эхлээд шимтэн, бахархаж баярлаж, догдлон байж уншиж дуусгалаа. Ижийдээн зодуулчихаад, “ижий минь хүн өвтгөх тэнхэлтэй л байгаа юм байна” хэмээн баярлан, уяран уйлж суугаа жаран нас гарсан өвгөний сэтгэлд бид бүгдээрээ багтаж байгааг ойлгож ядах юмгүй. (“Үргэлж нялхаараа” өгүүллэг) Галт тэрэгний цонхоор шөнийн тэнгэрийг, үүрийн гэгээг дотоод сэтгэлээрээ харан баясах хараагүй залуугийн “Энэ дэлхий дээр амьдарч байгаа зургаан тэрбум хүний 12 тэрбум нүд орчлонг харж байхад би өөрийгөө яагаад хараагүй гэж бодох ёстой юм. Говийн шөнийг, говийн нарыг чи надад харууллаа шүү дээ” гэх учирлалаас бид бүгдээрээ сэтгэлээрээ ямагт ижилсэж, ханьсаж явдгийг мэдрэх... (“Нүд” өгүүллэг) Насаараа шууданч хийсэн Дэндэв өвгөн очих хаяг нь тодорхойгүй нэгэн захидлыг он жилээр хадгалж иржээ. Насны эцэст, өөр ертөнцөд очихын өмнө өнөөх захидлыг задлуулан сонсвоос хорвоог, өөрийг нь орхин одсон ижийдээ бичсэн охины захидал байх нь тэр. Охины захидлаас ижийгээ санасан, хайрласан, ижийнхээн араас харамссан сэтгэлийн эмзэглэл хөвөрнө. (“Диваажинд байгаа миний ээжид” өгүүллэг)

Өгүүллэг бүр нь сэтгэлийн нэгэн нарийн нандин, ховор далд нууцыг дэлгэх бөгөөд эмзэг торгон мэдрэмжээр тэр нууцуудыг яруу тод хүүрнэж, сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Уран бүтээлч хүнд зайлшгүй байх учиртай нэгэн чухал чадвар бол хүнийг ойлгох, мэдрэх чадвар. “Хүнийг хамгийн сайн ойлгодог хүн л хамгийн сайн зохиолч байдаг” гэсэн нэг үг ч бий. Хүнийг ойлгох гэдэг нь хүний сэтгэлийг л ойлгох явдал юм. Өөрөөр хэлбэл сайн уран бүтээлч нь сайн сэтгэлзүйч байдаг. Гэхдээ энэ нь зүгээр л нэг сэтгэлзүйн судалгааны ажилтан мэтээр хэлж буй хэрэг биш, харин хүмүүний сэтгэлийн өчүүхэн ч төдий болов хувиралыг маш энгийнээр, тийм атлаа тод уран илэрхийлэн харуулах явдал юм. Б.Цоожчулуунцэцэгт энэ чадвар хангалттай байна.
“Шархадсан араатан” өгүүллэгт нөхрийнхөө өмнө хамаг нууцаа алдсан Өлзиймаа бүсгүй юу хэлэх, юу хийхээ үл мэднэ. Бадрах ч мөн адил. “Чимээгүй нам гүм байдлыг эвдэн халуун тогоонд цай даргилан буцлахад Өлзиймаа, Бадрах хоёр зэрэг ухасхийв.” Зохиолч олон тайлбар нуршсангүй. Ингэсгээд л өгүүллэгээ төгсгөчихөж. Энэ нь чухамдаа тэдний сэтгэлд түгшүүртэй нам гүмийн цаана ямар их хямрал, догдлол, шаналал бас ухаарал давалгаалж, шуурга улин исгэрч байсныг чадварлаг төгс илэрхийлж буй “уран бийрийн далайлт” юм. “Үл тайлагдах ертөнц”-ийн өмгөөлөгч Туяагийн бухимдал нь чухам хүмүүний сэтгэлийн тэр их олон өнгө төрхтэй нууцлаг руу өнгийсний үр дагавар. Иймэрхүү жишээг олон дурдаж болохоор байна.

Чухам хүнийг хайрлах хайрын шавхагдашгүй эх ундарга нь ахуйн хүрээнд ердөө тун энгийнээр, хүнийг ойлгоход л байдаг. Хүнийг хэр гүн гүнзгий ойлгоно, тэр хэмжээгээр хайр итгэл гүн гүнзгий төрдөг. Түүнгүйгээр хайр нь хийсвэр, баттай бус төдийгүй үзэн ядалтыг үүтгэх нь ч их.

Ерөөс хүнийг үзэх үзэл өөрөө ихэд маргаантай, олон талтай. Их Гёте “Хүнийг таних тусам адгуустай нөхөрлөх юмсан гэсэн тэсгэлгүй хүслэн төрдөг” хэмээсэн нь тэр танин мэдэхүйн тодорхой шатанд хүрсний үр дүн буюу цөхрөл. Үүнийг “Үнэхээр хайрламаар хүн гэж үгүй, харин хүн бүр л өрөвдмөөр байдаг” гэсэн үгээр цааш үргэлжлүүлж буюу гүнзгийрүүлж болно. Үүний “хайрламаар хүн үгүй”-н цаана хариу нэхсэн сэтгэл буйд хэргийн учир нь бий. Өрөвдөх сэтгэл төрөх нь танин мэдэж буйн чухал алхам. Бурхны шашинд зовлонг танин мэдэхийг юуны өмнө чухалчилдаг. Зовлонг танин мэдсэнээр зовлонт ертөнцийг үүтгэгч эх болсон зургаан зүйлийн хамаг амьтад буюу өчүүхэн өт хорхойноос эхлээд дээд тэнгэр нэрийг хүртэл оршин буй бүхий л амьд бодьгалыг өрөвдөн энэрэх сэтгэгдэл төрөх учиртай. Эндээс төгс төгөлдөр, хариу харамгүй хайр төрнө.

Харин тэр дээд сэтгэгдэл бүхий бурхны явдалтнаас доошилж ахуйн хүрээнд буюу бидний ярьж буй хүрээнд хайр нь хүн хүнийхээ дотоод сэтгэлийг танин мэдэрч, сэтгэлээрээ нэг цул ертөнцөд нэгсэж, нэгдэж чадсаны үрээр бий болно. Б.Цоожчулуунцэцэгийн өгүүллэг бүрт ийм сэтгэл, ийм хандлага байгаа нь баярлуулж байна.

Ер нь гүн гүнзгий ойлгож мэдэрсний үндсэн дээрх хүн хүнээ хайрлах хайр нь ирж буй эрин цагийн өнгө төрх болон тодорч, шашин-теологийн төдийгүй сэтгэлзүй, уран зохиолын салбарт хүч түрэн орж ирж байх шиг. Ямар ч уран бүтээлч хүнд өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл, харах хандлага, өнцөг гэж бий. Б.Цоожчулуунцэцэгийн хувьд энэхүү хүн хүнээ хайрлах, энэрэх, ойлгох нь ертөнцийг үзэх үзлийнх нь эх ундарга болон харагдаж байна. Түүний өгүүллэгүүдээс муу хүнийг хайгаад олохгүй.

“Яахаараа нулимс асгарч байгаа хэрнээ аяга дүүрдэггүй, тэгсэн атлаа ширгэж дундардаггүй юм бол.” (“Итгэл” өгүүллэг) “Дэндүү тайван Дэлгэрмөрөний хөвөөнд яг өдийд намар цаг хормойгоо дэлгэн амсхийж суугаа. Зунжин ногоон өнгөөрөө гайхуулсан цэцэгт цахилдаг шаргал сороор гоёж, голын эрэг дагасан зөөлхөн ширэг гүн хөх өнгөнд уусч, ирэх цагийг хүлээн санааширч байгаа.” (“Нутгаа санаад уйлмаар” өгүүллэг) “Улаахан ам нь хагас ангайсан Өөдөсхөн жижигхэн хөлөө огцом жийж, үхэлтэй хэр чадлаараа тэмцэлдээд ялагдал хүлээчихэж” (“Амьдралын шоглоом” өгүүллэг) зэрэг оновчтой хурц хэллэг, гярхай ажиглалт, уран тод дүрслэл өгүүллэг бүхэнд баялаг байна. Зохиолч хүнд бас зайлшгүй байх учиртай нэг чадвар бол үгээр дүрслэн илэрхийлэх, урлах чадвар юм.

Зохиол бүтээлийн үнэ цэнийг янз бүрээр хэмжиж, дүгнэх нь бий ч ерөнхийдөө гоо зүйн үнэт зүйлсийн хүрээнд тодорхойлох оролдлого хамгийн түгээмэл байдаг.

Хүмүүний сэтгэл гэгч нь чухам тэр гоо зүйн үнэт зүйлсийн хамгийн түгээмэл хэлбэрээс нь эхлүүлээд хамгийн нарийн гүн нууцыг нь хүртэл агуулж байдаг. “Сайхан сэтгэл гэгч морь биш, түүнийг унаад хол явах боломжгүй” гэдэг нь мөн чанар бөгөөд борог өвсний шаргалтаж хатсан үзүүрт хяруу гялалзахад гуниг төрөх, зуурхан танилцсан нэгнийг гудамны булан тойрон эргэж ирэхгүйгээр одоход үүрдийн ижилсэлд ууссанаа мэдрэх, ээжийгээ энэрэн хайрлах, эх орчлонгийн явдалд итгэл алдрах энэ бүгд уг язгуурынхаа хувьд адилхан юм. Уран бүтээлч нь энэ сэтгэлийн язгуурт буй өчүүхэн ч атугай хөдөлгөөнийг сэрж мэдэрч, зураач хүн яг тэр өнгийг нь дотоод сэтгэлдээ харахын адилаар үгээр, өгүүлбэрээр хэрхэн яаж илэрхийлж буйд л хамаг учир нь байна. Эхэнд дурдсан сэтгэл, хийгээд сэтгэлгээний ялгаатай тал нь нарийн буюу ахуйн “хэрэглээний” бус түвшинд ялгаж салгахын аргагүй харилцан хамааралтай болж, сэтгэлгээний гоо сайхан гэгч төгс төгөлдөр урланг бүтээдэг.

Бай онох тухай нэг ойлголт байдаг. Байгаа онохгүй ч энд тэнд нь давуулж чулуудаад байгаа хүний хувьд дадлага сайн хийвэл байг онох боломжтой, харин маш оночтой, дадлагатай, сурамгай шидэж буй ч чулуугаа байндаа хүргэх бяргүй хүний хувьд байг онох тухай ямар ч яриа байхгүй. Уран зохиолд бол энэ бай онох тухай ойлголт нь гоо зүйн үнэт зүйлсийг тодорхойлогч өнөөх сэтгэл хийгээд сэтгэлгээний яруу цогц найрслыг “онох, эсэх” асуудал юм. Б.Цоожчулуунцэцэгийн эдгээр богино өгүүллэгүүд нь түүнд байг онох боломж, магадлал өндөр байна гэсэн итгэлийг төрүүлж байна.

Монголын уран зохиолд Баянхонгорын П.Лувсанцэрэн агсныг богино өгүүллийн их мастер хэмээдэг. Хожимхон Ж.Лхагва агсны богино өгүүллэг үнэхээр содон байсан. Харин 1990 он гарсаар залуус маань яруу найрагт хуугаараа татагдаж, богино өгүүллэг нэлээд хоцрогдож, гарын таван хуруунд багтах цөөн хүн богино өгүүллэгт үнэнч үлдсэн. Жил жилийн “Утгын чимэг” наадмын өнгөөс богино өгүүллэгийн чанар чансаа ч ямар байгаа нь харагддаг. Харин өнөөдөр богино өгүүллэгт шинэ хүн гэнэтхэн тодорч байна. П.Лувсанцэрэн агсны нэгэн богино өгүүллэгт нэгэн айлд “жигтэйхэн чанга дуутай охин” мэндэлсэн тухай дүрслэл байдаг. Түүн шиг л Б.Цоожчулуунцэцэг богино өгүүллэгийн “Хөх эгшиг” номоороо уншигчидтай жигтэйхэн чанга дуугаар мэндчилж байна.

Уран бүтээлч бүр цаг үеийнхээ ачааг даах хэмжээгээрээ үүрч байдаг ба чухам хэр их ачааг үүрч байгаагаар нь уран бүтээлчийн чадал чансааг, түүний бүтээл туурвилын насыг тодорхойлж болно. Бидний энэ үймээн бужигнаант цаг үе бол сэтгэл эзэнгүйдсэн, сэтгэл үгүйлэгдсэн цаг үе юм. Б.Цоожчулуунцэцэг богино өгүүллэгүүдээрээ тэрхүү эзэнгүйдсэн сэтгэлийг дүүргэж, үгүйлэгдсэн сэтгэлд ханьсан байгаа нь уран бүтээлчийнхээ ачааг үүрч эхэлсний илрэл. Энэ цаг үед уран зохиолоос илт дутагдаад, үгүйлэгдээд буй зүйл бол эерэг дулаан сэтгэл, хайр энэрэл, зөв ухаарал юм.
“Энэ муухай ертөнцийг сайхан хүмүүс л чимж байдаг юм”. Зохиолч бүсгүй ийм нэгэн зүй тогтлыг олж харжээ. Тэгээд тэр ертөнцийг чимж байдаг сайхан хүмүүсийнхээ тухай л бичиж. Тийм ээ. Муухай ертөнцийг сайхан хүмүүс чимж, муу үйл нь сайн үйлээ тодруулж, үнэ цэнийг нь тодорхойлж байдаг. Харин тэр сайхан хүмүүсийг нь өгөөмөр сайхан сэтгэл чимж, бас тодорхойлж байдаг. Учир нь тэр сайхан сэтгэл үеийн үед үргэлж нялхаараа байдагт аж. Зохиолч бүсгүйн олж нээсэн нээлт чухам энд л байна.

Б.Номинчимэд

6 comments:

Anonymous said...

ene yu ve/ yu ch oilgosongui

Б.Номинчимэд said...

Бичсэн би өөрөө ч ойлгохгүй байхад...

bolor7erdene said...

Цоождоо баяр хүргэе. Номыг нь тэсэж ядан хүлээж бна. Номио ч сайхан өмнөтгөл бичиж. Ойлгож ядах юм алгаа хөө.

anjigai said...

Сайн байна уу? Өчигдрийн арга хэмжээ амжилттай буй за.

Anonymous said...

Хай Анжгай. Хэтүүнийх амжилттаЙ, өнөөдөр л сэрж байна

GANBA0226 said...

Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн зиндааны зохиолч төрж байгаа бол бахархмаар сайхан хэрэгээ... харин унших уншигчид нь хэд бол, юу л бол доо хөөрхий