Чухам энэ их уулсын оргил тэргүүн нь Асралт хайрхан. Далайн түвшинээс дээш 2799 метр өндөрт өргөгдсөн энэ оргил нийслэл Улаанбаатараас 72 км-ын зайд оршино. Гэхдээ газрын зураг дээр шулуун шугамаар тэр шүү дээ.
МОНЦАМЭ агентлагийн 90 жилийн ойг угтаж энэ их уулсын оргил тэргүүнд гарч, далбаа юугаа хийсгэсү хэмээсэн манай багт МОНЦАМЭ агентлагийн спорт хамтлагийн гишүүд Б.Номинчимэд, Н.Батсүх, С.Мөнхтулга, Ж.Батсайхан/Новостии/, П.Ууганбаяр, З.Амгалан, мөн манай багт сайн дураар нэгдсэн Н.Цэвээндорж /14 настай/, Н.Галдамаа /13 настай/, Б.Буянбилэг /13 настай/, газарчин А.Болд нар байлаа. Бид 2011 оны 7 сарын 9-нд Баянбууралын амралтаас хөдөлцгөөсөн юм.
Оргил өөд өгсдөг олон зам бий. Тэрэлжийн голын хойт салааг өгсвөл оргилын өмнө этгээдэд их ойртож очих боломжтой ч энэ жил хур ихтэй тул голын олон тавилганаар гатлахад бэрхтэй. Өнгөрсөн жил жийптэй герман залуу энэ голд гацаж, аврахынхан очиж аварч байсан.
Бидний аяллын зам Батсүмбэр буюу Сөгнөгөрийн амралт талаас нь буюу хойт зүгээс байсан юм. Газрын зураг дээрх шулуун шугамаар бол 45 орчим км хэдий ч тахиралдаж, мушгиралдсан, өгсөж уруудсан гол хөндий, зам харгуй дагасаар бидний аялал нийтдээ 110 гаруй км болсон билээ.

Зураг 000.
Гурванхүүхдийн сарьдагийн залгаа онь хөтөл дээр гарахад Асралт хайрхан уул ийм л дүр төрхөөр биднийг угтлаа. 7 сарын 11-ны 17 цагийн орчим.

Зураг 01.
Аяллын эхний шөнөжин усан бороо асгарч, өглөө нь бид бороон дундуур аяллаа үргэлжлүүллээ.

Спорт хамтлагийн ахлагч Н.Батсүх, газарчин А.Болд нар. Хээр 4-5 хоног аялахаар төлөвлөсөн тул хүн бүр 15-20 кг ачаа үүрч явах хэрэгтэй болсон юм. Майхан, хөнжил, тогоо сав, халбага сэрээ, хоол хүнс, камер, арц хүж, тэр ч бүү хэл хөзөр хүртэл бидний ачаанд байв.

Үер ус ихтэйгээс голын хөндий дагах боломжгүй болж, уулын эгц хажуугаар мацах, цавчим хадны шилээр мөлхөх тохиолдол нэг бус гарч байлаа.

Аяллын багийн ганц эмэгтэй гишүүн З.Амгалан. - Юун Швейцарь вэ? Ийм л дагшин сүрлэг, үзэсгэлэнт сайхан газар нутаг бидний эргэн тойронд байна шүү дээ.

Ус ууртайгаар хүрхрэн шуугиж, том том ургаа моддыг булга булга татсан байх нь олонтаа.

Зураг 05.
Энэ мөр лав чонынх биш. Нохой дорго, эсвэл шилүүсний мөр болов уу хэмээн газарчин А.Болд хэлэв.

Ж.Батсайхан өнгө өнгийн цэцэгнээс ягаан цэцэгний зураг авав. Аяллынхан Батсайханыг Ардын баатраар өргөмжилсөн юм. Учир нь оргил өөд зүтгэсэн 3 дахь өдрөө бид майхан, хоол хүнсээ орхиж, ачаагаа хөнгөлсөн ч төлөвлөсний дагуу отогтоо буцаж ирж чадсангүй, уулын тагтад, хүйтэн салхи, бороон дунд хонох болсон билээ. Гэтэл Батсайхан маань ачааны хүнд, замын өгсүүрээс хальшралгүй майхнаа үүрч явсан нь аз болж, 2 хүний майханд 10-уулаа чихэж нэгэн шөнийг арай осгочихолгүй өнгөрөөсөн юм. Хэрвээ тэр майхан байгаагүйсэн бол бид хэрхэн зутрах байсныг төсөөлөхийн аргагүй байлаа.

Сөгнөгөрийн амралтаас 30 гаруй км явсны эцэст, аяллын хоёр дахь хоногийнхоо оройхон хоёр шар залуутай шатсан тайгын тана дээр голын эрэгт тааралдав. Энэ эзгүй тайгад 10 хонож буй тэд Германы Гумбольдтын их сургуулийн судлаач эрдэмтэд гэнэ. Усны хагалбар, ай сав, эх ундарга судалж яваа аж. Бенжамин биднийг зөгөөн хар цайгаар дайлах завсраа өнгөрөгч шөнө баавгай ирж, тэр хоёрыг сандаргасан тухай, тэд шөнөжин гал өрдөж хоносон хийгээд биднийг болгоомжтой явахыг сануулж байв. Харин биднийг явсны ард майхныхаа хаяанд тэд зэрэгцэж зогсоод биднийг далд орон ортол харан зогссон нь хаа тэртээд хөдөөгийн буйдад буй өнчин ганч гэрийн гадаа бөртийн зогсох хөдөх жаал шиг санагдаж, хөнгөн гунигийн дурсамж сэдрээж билээ.

Тэртээ цаана мананд умбасан дүнхэгэр хүрэн уулсыг давж байж л Асралтхайрханыхаа барааг олж харна даа. Аяллын хоёрдахь өдрийн орой. 7 сарын 10.

Чөмөг царцаам хага ташсан хүйтэн голыг олонтаа туучиж билээ. Ер нь эхний гурван өдөр бүсэлхийнээс доош хуурай яваагүй.

Уулын голын мөсөн дээр залуус ядралаа түр ч атугай умартан үсэрч наадав. Болор талст мэт ширхэгтэй энэ мөсөн дээр суухад сэрүү татуулна.

Аяллын гуравдахь өдөр 7 сарын 11-ны үдээш хойш. Наадамчин олон морь, бөхөө үзэн уухайлж байх үест бид алсад дүнхийх их уулсын оргилийг харан амьсгаа даран сууцгааж байв. Туулсан замаа эргэн харахад тэртээд цэнхэртэх бөгөөд ийм хол замыг бид туулчихлаа гэж үү хэмээн эргэлзэл өөрийн эрхгүй төрөх бөлгөө.

Галын гэрэлд үлгэр домог хүүрнэхээс илүү өмд, оймсоо хатаах их ажилтай байцгаалаа.

Оргил дээр. 7 сарын 11-ны 20 цагийн үед. Хүйтэн шуурга хавирга нэвт исгэрч, төдөлгүй мөндөр шидэлж, бас будан хахсан юм. Будан татахаас өмнө амжиж оргилоос буух хэрэгтэй боллоо. Тэртээ цаана Тэрэлжийн голын эх, Хийдийн сарьдаг, Алтан-Өлгийн уулс харагдана. Мөн мөнх цас ч бий.

Оргил дээрээс умар зүг харахад алсад Охин сарьдагийн яг л охин хүүхдийнх шиг бөмбөгөр шовгор хадан оргил нь үүлс шүргэн гижигдэнэ. Харин яг хөл дор хоёр хажуу руугаа лавтай 70 хэмийн нуранги налуутай эгц цавчим хянган ирмэг сэрийнэ.
Тэртээд үүлс хуйларна...
Тэнгэрийн хаяаны үүлс бороо тээсээр ирж явлаа.

С.Мөнхтулга. Оргил өөд дайрахын өмнө түр амсхийв.

Сүүлчийн отгоо бид Хүрхрээгийн голын хөвөөнд босгосон юм. Хүрхрэн нижигнэх их усны шуугианд шөнөжин бүүвэйлэгдсэн дээ. Аяллын багт явсан гурван хүүхэд маань их ч хөгжилтэй байцгаав.

П.Ууганбаяр. Бид заримдаа циркчин ч болох шаардлагатай байв. Хөл хальтарвал 2 м гүнтэй хүйтэн цээл тосч байлаа.

Хэдий их ядарсан ч гэртээ харих зам үргэлж гэрэл гэгээтэй байдаг. Бид дөрвөн шөнө хээр хонож, таван өдөрт нийтдээ 110 гаруй км замыг цаг агаар, байгалийн хүнд нөхцөлд явганаар туулжээ. Үргэлжийн ширээний ард, компьютерээс уяатай байдаг бидний хувьд энэ бол урт холын хүнд бэрх аялал байв.
“Давшгүй даваа бий хэмээнэ.
Хэрхэн давсу хэмээн бүү сэтгэ.
Давсугай хэмээвээс давсу” хэмээсэн их эзэн Чингис хааны маань билгэ сургааль энэ мөчид санаанд зурсхийж билээ. Бид их хол зам туулжээ. Бас их ч олон зүйлийг ойлгов. “Хээрийн замд эр хүн ижилсэж, ухаан бодол тогтдог” хэмээх өвөг дээдсийн үг учиртай. Энэ багт явсан хүмүүс бие биесээ шинээр таньж, нээсэн, бас дахиад улам холын, улам өндрийн аялалд хамтдаа явах итгэл, урам дүүрэн болсон.