Tuesday, July 5, 2011

Хагарлын буруутанг хайх аян

Б.Номинчимэд

Сүүлийн 7-8 жил хурцаар яригдсан МАХН-ын шинэчлэлийн үйл явц зүй зохистой гольдролоороо өрнөж чадалгүй, буруу замаар будаа тээсний үр дүн нь өнөөдрийн энэ задрал, хуваагдал юм. “МАХН хагарсан, хоёр хуваагдсан”. Энэ өгүүлбэр хэнд ч ойлгомжтой хийгээд үгүй гэхийн аргагүй бодитой болоод байна. Өнгөрөгч оны 11 сарын эхээр хуралдсан хуучин МАХН-ын XXVI их хурлын дараагаар тэртэй тэргүй ойлгомжтой болчихоод байсан хагарлыг шинэ МАН-ын удирдлага хүлээн зөвшөөрч зүрхлэхгүй байсан юм. Харин Улсын дээд шүүхээс МАХН нэрийг баталгаажуулж өгсөнөөр хүссэн ч, эс хүссэн ч хагарал бодитой болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон нь тодорхой.

“Сант марал” судалгааны төвийн 5 сард хийсэн судалгаагаар МАН нь 18.2 хувийн санал авсан бол нэрээ авч амжаагүй байсан МАХН 3 хувьтай байсан юм. Өөрөөр хэлбэл 6 х 1 гэсэн харьцаагаар санал хуваагдаж, нам хагараад байв. Энэ 3 хувь бол бага тоо биш, парламентад суудалтай ИЗН, Ногоон намуудтай ойролцоо түвшний санал авах хэмжээ юм. Могой гурав тасарсан ч гүрвэлийн дайтай. Харин өнөөдөр МАХН гэсэн нэр баталгаажсаны дараа энэ харьцаа 70 х 30 уу, 60 х 40 үү гэх хэмжээнд ч очсон байх магадлалтай. Цаана нь иргэдийн олон хөдөлгөөнүүд, өнөөгийн МАНАН гэж томьёолж буй эрх баригчдад итгэл алдарсан сонгогч олны хүч бий.
Гэсэн ч МАН-ын удирдлага намын хагарлын тухай ил тод ярьж зүрхлэхгүй байна. Ил тодорхой харагдаж буй юмыг үгүйсгэн мугуйдлах нь муухай дээрээ улцан болохоос өөр олигтой үр дүнд хүргэхгүй. Ийн мугуйдлах нь бий болсон нөхцөл байдлыг зөвөөр үнэлэн дүгнэх чадварыг алдагдуулж, цаашид зөв зүйтэй бодлого, алхам хийх боломжоо алдсаар л байх болно. Өвөр зууртаа бол намын хагарлыг хүлээн зөвшөөрч байгаа, гэвч хагаралд хүргэсэн учир шалтгааныг үнэн зөвөөр олж тогтоохын оронд аанай л өнөөх бүлгэрхдэг улс төрийн явцуу харалган эрх ашгийн үүднээс буруутнуудыг хөндлөнгөөс олж, тэднийг намнуулах их аян өрнүүлж ч магадгүй бололтой байна.

Н.Энхбаяр, Н.Багабанди гэсэн хоёр хувь хүний зөрчил эцсийн эцэст улс орны улс төрийн нэгэн гол багана болон төлөвшсөн улс төрийн томоохон хүчнийг задлахад хүргэлээ хэмээн халаглаж буй хүмүүс цөөнгүй байна. Өнгөн дээрээ ингэж харагдаж байгаа. Тайзан дээрх голлох эсрэг, тэсрэг дүрийн “жүжигчид” болох Н.Энхбаяр болон Н.Багабанди, Н.Энхбаяр болон С.Баяр, У.Хүрэлсүх болон С.Удвал нарын хурцхан өрнөлтэй драм нь үзэгчдэд ийм л ойлголтыг өгнө. Гэвч намын шинэчлэлийг зөв, зоригтой хийсэн бол, нам дотор шүүмжлэлийн бодит чанарыг дүгнэн, түүнийг эрүүл ухаанаар тусгаж авах чадвар бүхий ардчиллын чөлөөт уур амьсгал байсансан бол, намын удирдах бүрэлдхүүн, бага хурал нь хөрөнгө, эрх мэдлээр хэлхэлдсэн бизнесмэн-улс төрчдөөр хахаагүйсэн бол, миний чиний хүн хэмээн бүлгэрхэж, хувийн хэт явцуу эрх ашгаа давж гарах саруул ухаан, эр зориг дутаагүйсэн бол, улс төрийн гэх өөрсдөө ч мөн чанар, үр дагаварыг нь сайтар ухаж ойлгоогүй тоглоомын бохир дүрмээр тоглоогүйсэн бол хэдийгээр дээр нэр дурдагдсан нэр бүхий лидерүүдийн хувийн харьцаа, рольдоо хэт эрэмшсэн ганцаарчилсан тоглолт, тооцоо, хонзогнол хэрээс хэтэрсэн ч бүхэл бүтэн 150 000 хүнтэй намын хамт олон энэ хэдхэн хүний толхилцооноос болж ингэтлээ хагаран, хуваагдахгүй байсан юм. Энэ бол гашуун эмгэнэлт явдал. “Дутуу алсан могой”-н хараал голомт хийсгэх чадалтай байдаг шиг дутуу хийсэн намын шинэчлэл ийм л үр дүнд хүргээд байна.

Ингэхэд намын шинэчлэл гэдгийг хэрхэн ойлгож байгаагаас бүх зүйл шалтгаална.
Хамгийн гол нь шударга ёс удирдлагын түвшинд алдагдах нь аюул юм. Цөөхөн хэдэн хүн дур зоргоор асуудал шийдэгдэх нь ч бас аюул. Шударга ёс алдагдсанаар аливаа юм байр байрандаа байрлаж чадахыг байчихдаг. Зүйрлэвэл өнгөний мэдрэмжгүй хүнээр зураг зуруулахтай адил. Мэдээж хэрэг өнгөний ямаршуухан утга учиргүй холион бантан гарах нь ойлгомжтой. Намын удирдлагын түвшинд шударга ёс алдагдаад ирэхээр намын дотор ч, намын хараат байдалтай байгаа төрийн албанд ч утга учиргүй явдал ар араасаа ундарч, авилга, хүнд суртал цэцэглэж, иргэдийн бухимдал нь цөхрөл болох болно. Манай өнөөгийн дүр төрх ийм л байгаа шүү дээ. Ёс суртахуун, оюуны боловсролын хувьд байдаг л нэг захын наймаачны сэтгэлгээтэй хүнийг аль нэгэн чухал албанд суулгачихаад байхаар энэ төр, намын ажил урагшаа явахгүй. Ийм орчноос оюунлаг хэсэг нь өөрийн эрхгүй дүрвэж, зугтдаг юм. Энэ үзэгдэл хуучин МАХН, өнөөгийн МАН-д тун илэрхий ажиглагддаг. 1990-ээд оны эхэн, дунд үед нийгмийн оюунлаг хэсэг нь МАХН-д зонхилж байсан. Харин өнөөдөр АН-руу шилжиж байна. Нийгэм солигдоод 20 жил өнгөрч, шинэ сэтгэлгээ, шинэ үзэл санаа, амьдрах оршихуйн шинэ хандлага бий болж, нахиалж, дэлбээлж байна. Ийм залуу үеийнхний төлөөлөл болсон бие даасан имижтэй Л.Гантөмөр, Х.Тэмүүжин зэрэг залуус АН-д цөөнгүй байна. Гэтэл МАН-д их мөнгө, эрх ашгаар бүлгэрхсэн, намын эв нэгдэл нэрээр хувь хүний үзэл санааг дарангуйлсан үзэгдэл илүү хүчтэй бий. Сайхан залуус бий ч тэд бие даасан шинж төрхгүй, эдгээр санхүүгийн бүлэглэлүүдийн эд эс, эсвэл хүүхэлдэй нь болсон байдалтай.

Энэ нь улс төрийн намыг улс төр-бизнесийн нэгдэл буюу мафийн шинжтэй болгож орхино. Асар их мөнгөтэй, ялангуяа хууль бус наймаа, газрын лиценз, уул уурхайгаар баяжсан хүмүүс улс төрч болох гэж олноороо хошуурч байгаа нь жинхэнэ аюул. Өнөөдөр МАН-ын Бага хурлын гишүүдийн 66 хувь нь компанийн захирлууд. Үр дүн нь тендер будлиулдаг, хэдэн тэрбумаар нь идэж уудаг, цөөн хэдэн компанид л ашигтай улс төрийн томоохон шийдвэр гардаг, улс төрийн сонгууль мөнгөний сонгууль болдог, сонгогчдын ядууг нь ашиглан их мөнгө амлан хуурч төрийн эрхэнд гардаг гэх мэт олон боолхойтой явдал ар араасаа ундарч байна. Үр дүнд нь дэлхийн баячуудын эгнээнд очих хэмжээний хэт цөөнх, өнөө маргаашаа аргацааж ядсан хэт олонхи гэсэн нийгмийн харьцаа бий болж байна. Ийм нөхцөлд нийгмийн хөгжил дэвшлийн тухай мөрөөдөх ч боломжгүй. Улс төрийн эрх мэдлийг гартаа авсан бизнесүүд төрөөр тоглож, мөрөөрөө биснесээ эрхлээд яваа хүмүүсийн бизнесийн боломжийг хязгаарлаж байна. Тэгээд нөгөөдүүл нь ч аргагүйдэхдээ адилхан улс төрийн талбарт гарч бизнесийнхээ эрх чөлөөг “байлдан олж” авахаар “улс төрч” болон, нам руу хошуурчихна. Ингээд нийгэм даяараа бизнесийн намууд болж талцана. Хэдэн тэрбумаар нь намд хандив өгнө. Эргээд унадаг унац нь хэд нугардаг учраас л ингэж өгөөд буй. Түүнээс биш социал демократ үзэлд ч юм уу, аль нэгэн үзэл сурталд хайртайдаа тэрбумыг хандивладаг хүн өнөөдрийн монголоос гэгээн цагаан өдрөөр гэрэлт дэнлүү барьж хайгаад ч олохгүй.

МАХН-ын нэрийг сольдог XXVI их хурлын өмнө намын шинэчлэлийн асуудлаар олон хүн санал бодлоо илэрхийлж байсан. Энэ хүрээнд хөндөгдөж байсан гол зүйл нь дээр дурдсан намын удирдлагын түвшинд шударга ёсыг тогтоох, ардчилсан, нээлттэй ил тод байдлыг бий болгох байв. Би ч мөн “Намын нэрийг сольсноор намын шинэчлэл хязгаарлагдахгүй” гэсэн нийтлэл бичиж, намын шинэчлэлийг агуулгын түвшинд шийдэхгүйгээр зөвхөн нэр солих нь үр дүнгүй явдал, намыг хагаралд хүргэх болно гэдгийг хатуу сануулж байсан. Гэвч харамсалтай нь тухайн үеийн МАХН-ын удирдлага, тус намын XXVI их хурал намын шинэчлэлийн энэ мэт олон тулгамдсан асуудлыг бодитоор шийдвэрлэхийн оронд намын хамт олны энэ их хүлээлтийг зөвхөн намын нэрийг сольсноор дүйвүүлж, аргацааж, хууран мэхлэх байдлаар өнгөрөөх гэж оролдсон билээ. Чухам энэ л өнөөдрийн хагарлын үндсэн шалтгаан болсныг бодит үнэнээр нь үнэлж дүгнэх хэрэгтэй. Намыг хагалсан гол буруутнууд хэмээн Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар руу нулимах нь байгаа олоогүй мунхарсан үйлдэл, “Ичсэн хүн хүн алах”-ын үлгэр юм.
Намын шинэчлэлийн явцад урам хугарсан, намын удирдлагадаа итгэл алдарсан хэдэн арван мянган гишүүд л бодит хүч юм. Тэгэхээр хуучны аварга хүчирхэг МАХН-ыг хагалсан буруутан нь хэрэгтэй цаг үед нь намынхаа шинэчлэлийг хийж чадаагүй өнөөгийн МАН-ын удирдлага өөрсдөө. Намаа хагарсанд хэн нэгнийг буруутгаж чулуу шидэх гээд буй бол өөрсдийнхөө толгой руу л тэр чулуугаараа нүүлгэвэл зохилтой.

Ингэхэд ер хагарлын үнэтэй шинэчлэл гэж байх уу даа. Харамсалтай хэрэг шүү. Энэ талаар дараа өгүүлье.

No comments: