Sunday, June 26, 2011

Улаанхамгаалагчид аа, шударга ёсны эсрэг босоод үз л дээ...

Б.Номинчимэд

“Ийм армитай байхад тэнгэр, бурхад луу дайрсан ч яадаг юм”.

Ямар гээчийн ид шидийн армитай хүн ингэж хэлж зүрхэлнэ вэ? Дэлхийн цэрэг дайны түүхэнд Грэгийн Спартуудаас эхлээд Ромын легионерүүд, хиттүүд, викингүүд, хүннүчүүд, яничарууд гээд олон ч шилдэг, шийдчихсэн цэрэг эрстэй хүчирхэг армиуд байсан. Мэдээж хэрэг бүхнийг ялж дийлж байснаараа Чингис хааны монголын морьт цэрэг ч энэ шилдэг армиудын тэргүүнд нь дуурсагдах учиртай. Хүч чадлаа бүрэн дүүрэн мэдэрсэн, бахархсан энэ омог бардам үгийг гэтэл эдгээр шилдэг армиудын баатар жанжидаас хэн нь ч, Их Александр, Ханнибал, Цезарь, тэр ч бүү хэл дэлхий дахиныг дагуулж асан Чингис хаан ч ам бардам хэлж зүрхлээгүй байтал хятадын үгээгүй тариачны хаан Мао хэлсэн байх юм. Ингэхэд Моад тийм хүчирхэг арми байсан хэрэг үү, гэвэл үгүй. Тэр ч бүү хэл хятадууд түүхэндээ тун цөөхөн ялалт байгуулж байсан ядарсан армитай ард түмэн.
1967-1969 онд соёлын хувьсгалын урианд цөс нь хөөрч, нүд нь харанхуйлсан хятад залуус түүх соёлын хэдэн арван мянган дурсгалыг эвдлэн сүйтгэж, Маотой хамт ууланд партизанчилж явсан хятадын хувьсгалын анхдагчдаас эхлээд Бүх хятадын сайд нарын зөвлөлийн дарга, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл үй олон дэвшилтэт сэхээтнүүд, албан хаагчдыг хэдэн зуун мянгаар нь зодож занчиж, алж хядаж, тахир татуу болгож, сая саяар нь доромжилж, хэн ч биш, амьд хүүр болгож, амиа тэвчихээс өөр сонголтгүй болгон, улс даяар их үймээн самуун дэгдээж байх үед, тэдгээр улангасаж галзуурсан залуусыг харж бахархсандаа Мао дарга нь ийн хэлжээ. “Ийм армитай байхад тэнгэр, бурхад луу дайрсан ч яадаг юм” гэж. Зөвхөн Өвөр Монголчуудаас л гэхэд 1968-69 онуудад соёлын хувьсгалын хөлд 50 000 хүн алагдаж хэдэн зуун мянган хүн тахир татуу болтлоо зодуулж, эрүүдүүлж, үзэшгүй муухайгаар доромжлуулан тамлуулсан байдаг.

Хятадын соёлын хувьсгалыг гардаж хийсэн хятад залуус бол үзэл суртлаас өөрийг харах чадваргүй мунхарч сохорсон жинхэнэ манкуртууд ба тэд их удирдагчийн үг, хүсэл зоргыг биелүүлэхийн тулд замдаа таарсан бүхнийг сайн муу, буруу зөв, үнэн худлыг ялгалгүйгээр арчин хаяж, бүхнийг өөрсдийн тогтоосон ганцхан хэмжүүрээр хэмжиж, өчүүхэн ч болов илүү гарсныг нь хайр найргүй хяргаж байв. Тэднийг улаан хамгаалагчид гэдэг. Хүн төрөлхтний түүхэнд хятадын улаан хамгаалагчид шиг үй олноороо утга учиргүйгээр улангасан боссон хүн сүрэг байгаагүй бөгөөд ийм хэв шинжийн хүмүүсийг нэрлэдэг УЛААНХАМГААЛАГЧИД гэсэн нэрийтгэл утга зохиолын хэлнээ нэгэнт бий болжээ.

Мао даргын санаанд чухам ийм л улаан хамгаалагчдаас бүрдсэн армиар тэнгэр бурхадтай дайн хийж болох тухай бодол орж ирсэн байна.

Тэнгэр бурхадтай дайн хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүн төрөлхтний түүхэнд гарсан 4500 гаруй дайн тулааны аль нь ч ерөнхий шинж чанараараа тэнгэр бурхадын эсрэг буюу шударга ёсны эсрэг, эсвэл түүнийг өмгөөлж хамгаалсан дайн байгаагүй, аугаа их II дайн хүртэл улс үндэстнүүдийн эрх ашгийн төлөө дайн байснаас шударга ёсны орших, эс орших тухайд төдийлөн хамааралгүй билээ. Яагаад гэвэл шударга ёс гэдэг нь улс үндэстэн, хэсэг бүлгүүдийн эрх ашгийн зөрчилдөөнөөр шийдэгддэггүй, хүн нэг бүрийн дотоод итгэл үнэмшлийн оршихуйн асуудлыг хөндөж, бүхэллэг утгаараа хүн төрөлхтний мөн чанарыг тодорхойлж байдаг. Тэгэхээр шударга ёсны эсрэг дайтна гэдэг нь хүн төрөлхтний оршихуйн эсрэг буюу тэнгэр бурхадын эсрэг дайтаж буй хэрэг. Тиймээс шударга ёсны эсрэг дайн нь төсөөлж боломгүй их хүч чадлыг шаардана. Гэрэл гэгээний эсрэг ийм мунхаг харанхуйн түрэмгийлэл-дайныг зөвхөн Улаанхамгаалагчид шиг үй олноороо мунхран сохорч улангассан хүн-орхуудаас бүрдсэн армиар л хийх боломжтой болохыг Мао дарга олж харжээ. Ийм дайныг өөр ямар ч хүчирхэг мэргэшсэн мэргэжлийн арми гүйцэлдүүлж чадахгүй.

Гэхдээ Мао дарга тэр дайнаа эхлүүлээгүй л дээ. Хөөрхий, улаан хамгаалагчдаараа хийдгээ хийлгэчихээд, дараа үнсэнд хаясан шалз шиг болгож, эцэст нь ХАЧА-иар арчуулж орхисон аж.

Улаан хамгаалагчдын шинж чанарыг их бага ямар нэгэн хэмжээгээр агуулж байдаг хэсэг бүлэг аль ч улс үндэстэн, нийгэм дотор байдаг ба чухам нийгэм, систем нь тэднийг хэрхэн үнэлж, ашигладгаас шалтгаалж тэд идэвхтэй ба идэвхгүй “төлөвт оршдог” байна.

Манай монголд ч ийм улаан хамгаалагчид бий. Гэхдээ монголын шинэ үеийн улаан хамгаалагчид бол хятадын сонгодог улаан хамгаалагчдаас ихээхэн давуу чанартай. Мунхарч сохорсоноос юу хийж буйгаа ухамсарлан ойлгох чадвар Хятадын улаан хамгаалагчдад огтоос байдаггүй, автомат удирдлагатай робот шиг бол манай улаан хамгаалагчид огт эсрэгээс, харин ч юу хийж буйгаа, тэр ч бүү хэл үр дүн хийгээд зорилгоо яруу тод харж байдаг юм.

Тэд зориуд бодлого, зохион байгуулалттайгаар ямар ч сайхан зүйлийг юу ч биш болгож чадна, бас ямар ч бурангуйг ариун шударга болгож чадна. Шударга ёсны тухай уран цэцэн ярьж, хүн чанарыг үлгэрлэн нулимс унагаж, ард түмнийхээ төлөө элэг зүрхнээсээ эмтлээд өгч байгаа мэт харагдаж ч чадна. Гэвч цаанаа хийхдээ огт өөрийг хийдэг, ямар ч үнээр хамаагүй, ямар ч арга замаар хамаагүй хязгааргүй эрх мэдэл, алдар нэрд хүрэхийг байж ядан донтогсод юм. Тэд боловсролтой царай гаргаж чадна, тэр ч бүү хэл чамгүй боловсролтой, Макиавеллигээс цээжилж, Гоббсыг хальт уншсан нь ч байна. Ёз ёозоороо, түүз түүзээрээ гэгчээр тэд бие биенээ маш сайтар таньж, ойлголцож, бүлэглэж чаддаг. Одоо бүр байчихаад улс төрийн намуудад, бүр удирдах түвшинд ч шургалж амжаад авсныг яана. Тиймээс л “Бурханд мөргөдөг чөтгөр хамгийн аймшигтай нь” гэж хэлээд байгаа юм даа.

Зарим нэгэн жишээгээр тодруулбал илүү ойлгомжтой болох байх. За тэр, тендер будлиулах, авлига авах энэ тэр бол тэдний хувьд наад захын хэрэг. Цаад тал нь улс эх орноо худалдаж байна.

Өнгөрөгч онд МАХН нэрээ сольж, МАН болоход санал нийлээгүй хэсэг нь салан тусгаарлахаа мэдэгдсэн. Санал нийлээгүйн гол шалтгаан нь тэдгээр хүмүүс МАХН гэдэг нэрэнд учиргүй хайртайдаа биш, харин намын шинэчлэл зөв явж чадаагүй, шинэчлэлийг намын нэр солих төдийгөөр аргацаан өнгөрөөх гэсэн хэмээн үзсэнд байгаа юм.

Гэтэл МАН-ын хэдэн залуус гүйж очоод МАХН гэсэн товчлолтой байж болох бараг бүх нэрийг өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлчихэж байгаа юм даа. Шулуухан хэлэхэд луйвар, ил цагаан дээрэм. Нэг хүн бүр арван хэдэн намын нэртэй болчихсон. Нийтдээ МАХН гэсэн товчлол бүхий 70 гаруй намтай. Тэгээд үүндээ “Яагаад болохгүй гэж, бид ийм нэр авах эрхтэй, энэ чинь шударга ёс” гэх маягын тайлбар хийгээд өчүүхэн ч гилмэхгүй сууж байсан гээч. Хэсэг бүлэг хүмүүс үзэл бодлоороо нэгдээд МАХН гэдэг нэрийг авах нь тэдний яндашгүй үнэт капиталын ундарга болсон эрх мэдэлд хүрэх замд нь саад болох учраас л тэр. Түүнээс биш МАХН гэдэг нэрэнд учиргүй хайртайдаа тэгэж олноор нь авч, элэг бөөрөндөө энхрийлэн хав дараад байгаа юм огтоос биш. Шударга ёс ярьж байгаад л шударга ёсыг араар нь тавьж буй хэрэг. Харин өөр хоорондоо энэ увиагүй үйлдлээ цагаатган ярих нь “Улс төр хийж буй” гэх. Юм хэтрэхээрээ элэг доог болдог. Бүр хэтрэхээрээ гамшиг, сүйрэл болдог. Юутай ч өнөөдөр МАХН нэрээ албан ёсоор бүртгүүлээд авав. Гэтэл үүнийг шударга бус, хууль бус явдал хэмээн зүтгэж эхлэв. Удалгүй МАХН-ын нэрийг “шударга бусаар” өгсөнийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулах биз. Түүнээ шударга ёсны төлөө тэмцэл гэж нэрлэх нь дамжиггүй. Өөрсдөө бол хэдэн арваар нь нэрс аваад халаасалчихаж болдог, өрөөл бусад нь ганц нэр авч болдоггүйг шударга ёс гэж тунхаглана. Ийм л байгаа юм.

Ингэж хууль зөрчөөд нэг хүн дээр хэдэн арваар нь намын нэрийг бүртгэж өгч байдаг тэр бүртгэлийнхэн авлига авсан, албан тушаалаар дарамтлуулсан, эс бол бас л юу хийж буйгаа мэддэг манай улаан хамгаалагчдын бүлэглэлийнхэн.

Яг одоо бид бүхний нүдэн дээр болж буй нэгэн жишээг авч үзье.

Ардчилсан нийгмийн нэгэн суурь хууль болсон Сонгуулийн хуулийг шинэчлэн боловсронгуй болгох нь амин чухал шаардлагатай гэдгийг дээр доргүй бүгд мэдэж, хүлээн зөвшөөрч байгаа. Сонгуулийн мажоратор тогтолцоо нь манай өнөөгийн нөхцөлд мөнгөнд хамаг эрх мэдлийг өгчихөөд байгааг бид сайн мэднэ. Мөнгөний сонгуулийн үр дүнд наймаачин сэтгэлгээгээр нийгмээ удирдуулахдаа хүрч, нийгмийн бүхий л салбарт дампуурлын шинж төлөв улам бүр архагших болсон. Үүнийг засах хамгийн эхний алхам нь яах аргагүй сонгуулийн тогтолцоог өөрчлөх. Пропорцианаль нь давамгай байх тусам мөнгөний үнэр бага ханхална. Уг нь 2008 оны сонгуулийн өмнөхөн МАХН-ын дарга С.Баяр энэ саналыг хамгийн хүчтэй зоригтой тавьж байсан боловч улс төрийн эрх ашигтаа харалган болсон Ц.Элбэгдорж тэргүүтэй АН хүлээж аваагүй юм. Гэтэл өнөөдөр МАН-ын ээлж болж, тэд яг гэдийгээд хэвтчихэв. Шалтгаан нь ойлгомжтой. Пропорцианаль давамгай байх нь МАН-д ашиггүй учраас л тэр. Гэвч түүнээ нууж, “Ард түмний хүсэл сонирхол хувь хүнийг дугуйлах талдаа байгаа” хэмээн зүтгэнэ. Энэ нь сонгуулиар тараадаг 10 000, таван кило гурил будаанд нь хууртсан хэд гурван хөөрхий ядуусын л үг. Тэдний санал нь л хэрэгтэй, тэгээд л дараагийн сонгууль болтол таг мартана. Ард түмнээ гэгээрүүлж, сэнхрүүлэх тухай нэг алхам хийх нь бүү хэл харин ч улам бүр мунхаг харанхуй байлгахыг хичээнэ. Түүнээ “Ард түмний хүсэл сонирхол” хэмээн халхална. Яагаад гэвэл боловсролгүй харанхуй ард түмнийг хуурахад амархан учраас тэр. Үүнээ гайхамшигтай тактиктайгаар улс төр хийж байна хэмээн өөрсөддөө итгүүлнэ. Сонгогчдод бол та бүхний эрх ашгийг л хамгаалж байгаа юм гэж хэлнэ. “Тойрогтоо танигдаагүй жижиг намууд, жижиг зүтгэлтнүүд” л пропорцианалыг дэмждэг тухай үлгэр зохионо. Иймэрхүү маягаар л улаан хамгаалагчдын шинж төрхөө харуулаад эхлэх юм даа.

Уг нь шударга ёсыг амь амьдралаараа ч болов хохирч байгаад хамгаалж үлддэг байхад, манай улаан хамгаалагчид шударга ёсыг зольж байгаад өөрсдийнхөө эрх мэдэл, амь амьдралаа хамгаалж үлдэхийг хичээж байна. Тиймээс л тэд улангассан шинжтэй байгаа юм. ТВ-ээр гарахаар нь сайтар ажиглаарай.

Шударга ёс, үнэний зарчмын эсрэг босоход их л хүч хэрэгтэй дээ. Гэхдээ яах вэ, эрхэм шинэ цагийн улаанхамгаалагчид аа, босоод үз л дээ. Юу болохыг нь харьяа. Даанчиг та нарт Мао байхгүй нь харамсалтай.

Төрийн алба дундаж бэртэгчингүүдээр дүүрсэн нь урамшууллын муу механизмтай холбоотой

Б.Номинчимэд

Монгол улсын бүх аймаг, орон нутгаас төрийн албанд зүтгэж буй хүмүүсийн хэдэн зуун төлөөлөл оролцсон “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт Үндэсний чуулган 6 сарын 23-нд Төрийн ордонд болов.

Монгол төрийн үнэлэмж үлэмж дор орж, дуртай нэг нь төрлүүгээ нулимдаг болсон энэ цаг үед ийм чуулган хийж, төрийн албыг мэргэшүүлэх, хүчтэй чадварлаг , хамгийн гол нь шударга хариуцлагатай болгох арга замын талаар ярилцаж буй нь зөв зүйтэй юм. Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хороо хамтран зохион байгуулсан уг чуулганд тавигдсан илтгэл болон төлөөлөгчдийн санал бодол, мөн уг чуулганы үеэр тараасан “Монгол Улсын төрийн албан хаагчдын эрмэлзэх Есөн зүйл” зэрэг баримтуудаас харахад төрийн албыг шударга хариуцлагатай болгохын тулд хяналт шалгалтыг чангатгах, албан хаагчдын мэдлэг боловсрол, хуулийг сахин дээдлэх, ёс суртхууны шаардлагуудыг өндөрсгөх, зарим дүрэм, хууль заалтуудад урсгал засвар хийх зэрэг нэлээд хэдэн арга зам, гарц хайж байгаа бололтой.

Энэ талаар өөрийн саналаа хэлэхэд Төрийн албаны шинэтгэлийг Төрийн захиргаа, удирдлага санхүүжилтийн шинэтгэлтэй хослуулах нь илүү үр өгөөжтэй болгох болно гэж бодож байна.

Тухайлбал, төрийн аль нэгэн яам, байгууллагад ажиллаж буй хэн нэгэн төрийн албан хаагч мэргэжлийн ур чадвараараа, туршлагаараа, үр ашигтай санал санаачилга дэвшүүлснээрээ бодит үнийн дүнгээрээ 20 сая төгрөгийн хэмнэлт хийсэн, эсвэл 20 сая төгрөгийн хохирол гарах эрсдлээс хамгаалсан, 20 сая төгрөгийн орлого оруулсан бол тухайн байгууллагын удирдлага нь тэр гавьяатад 1/10 хувь буюу 2 сая төгрөгийн урамшуулал олгочих боломж манай төрийн байгууллагын санхүүжилтийн системд бүрэн хаалттай байдаг. Дарга нь тэр гавьяатнаа сарын цалингаар шагнана, оны аварга болгоно, их сайндаа төрийн одон медальд л тодорхойлно. Төрийн албан хаагчын сарын цалин хэд билээ? 20 саяын хэмнэлт хийчихээд 400 000-ын урамшил авах нь шударга санагдах уу? Одон медаль аваад угаах гэж “Амар байна уу гэсэн биш гай болов” гэдэг шиг ч юм болдог. Хэрвээ төсвийн удирдагч дур мэдээд ГАВЬЯАТ-аа 2 сая төгрөгөөр шагначихвал Авилгатай тэмцэх газарт дуудагдаж, Ганц худаг руу залрах байлгүй. Дөрвөн ширхэг дундаж албан хаагчийг ажлаас халаад оронд нь нэг чадварлаг, санаачилгатай залууг авч, өнөөх халагдсан дөрвийн цалингийн 2/3-ыг өгч, төсвөө ч хэмнээд, үр ашгаа ч нэмэгдүүлэх боломж байхгүй.
Ийм тогтолцоон дотор төрийн албан хаагч хувь хүнээс ямар нэгэн идэвхтэй санал санаачилга гаргахыг лоозонгоор уриалаад, хуулиар айлгаад, ёсзүйгээр хавчаад нэмэргүй юм.

Гэтэл хувийн байгууллагуудад энэ нь нээлттэй. 150 сая долларын хохирол гарах нөхцөл байдлыг урьдчилан харж, сэрэмжилж чадсан инженертээ бид сард 15 000 долларын цалин өгч байгаа гэж хувийн компанийн эзэн ярилцлага өгсөн байна. Зөв шүү дээ. Сард 15 000 долларын цалин авч буй хүн яагаад ч өдрийг зүгээр аар саархан зүйлээр оролцож өнгөрөөхгүй, нүглийн нүдийг гурилаар хуурахгүй. Сарын 1000-3000 долларын цалин авч буй чадварлаг залуус олон бий. Тэд ихэнхдээ хувийн секторт ажиллаж байна. Чадварлаг залуусыг орон байр, унаа, сурах нөхцөл зэргээр хангах талаараа орчин үеийн томоохон компаниуд төрийн салбараас хол тасарч ирлээ.

300-600 мянган төгрөгөөр амьдралаа хүргэж ядаж буй төрийн албан хаагчид хувийн секторынхны адил урамшууллын уян хатан, идэвхтэй хөшүүрэг байхгүйгээр 20 саяын санал санаачилга, идэвх чармайлт, ур дүй гаргах нь юу л бол. Шашны хэнээтэн л биш бол шүү дээ. Үүний үр дүнд төрийн алба өдөр өнгөрөөж, цалин авдаг дундчуул, бэртэгчингүүдийн үүр уурхай болж байгаа юм. Үүнийг Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхмийн багш, доктор Н.Болд, докторанд Д.Байгал нарын хийсэн “Төрийн албаны шинэтгэлийн үйл явцад төрийн албан хаагчийн оролцоо” судалгааны материал бүрнээ нотолж байна. Эндээс сүүлийн 10 жилд төрийн захиргааны мэргэшсэн алба төлөвшиж буй байдалд хийсэн судалгааны дүнг харж болно. Уг судалгаагаар бол 10 жилийн өмнө төрийн албан хаагчдын үнэлэх үнэлэмжийн ДУНД гэсэн үнэлгээ нь 36.4 хувьтай байсан бол өнөөдөр 69.6 хувь болж төрийн албаны дундчуулын тоо бараг хоёр дахин өссөн байхад 10 жилийн өмнө 29.5 хувьтай байсан САЙН үнэлгээ өнөөдөр 15.2 дахин буурсан үзүүлэлт харагдаж байна.

Ийнхүү төрийн албанд дундчуул дийлэнх олонхи болж, 20, 100 саяын үнэлгээтэй чадварлаг мэргэжилтнүүд нь хувийн сектор луу шилжиж байна. Төрийн албанд цөөн тооны чадварлаг залуус байдаг ч тэд зөвхөн улс төрийн карьер хөөх гэдэг утгаараа л тэсэж, зүтгэж буйгаас төрийн албаны нэр хүндэд, үйлчилгээнд, урамшуулалд уягдаж буй байдал ажиглагддаггүй. Өөрөөр хэлбэл чадварлаг залуус зөвхөн улс төрийн карьераас өөрөөр төрийн албыг харах боломжгүй байна. Энэ нь тийм ч зөв хандлага биш юм.

Дундчуул дүүрсэн газраас дундаж л үйлчилгээ, дундаж сэтгэлгээ, дундаж үр дүн гарах нь тодорхой. Энэ дундчуулаас л чухам нийгмийн хатиг болсон авилга эх ундаргаа авч байгаа. Өдөр өнгөрөөж суугаа хүн яаж ийгээд хэдэн төгрөг илүү тоншихийг л бодно, хүн суртал гаргана. Түүнээс биш авьяас чадвартаа эрдсэн, ирээдүйдээ итгэсэн залуу хүн хэзээ ч 10 саяын хахууль авахгүй, түүнийг доромжлол гэж үзэх дотоод итгэл үнэмшил, ирээдүйн зорилго тэдэнд бий.

Сүүлийн жилүүдэд төрийн албаны шалгалтад оролцогчдын тоо үлэмж өссөнийг төрийн албаны нэр хүнд өсч буй нэг үзүүлэлт хэмээн хэлэлцэх нь мэр сэр дуулдаж байгаа. Энэ бол гэнэн төөрөгдөл. Төрийн албанд ажиллах хүсэл сонирхолтой хүмүүсийн тоо эрс өсөж буй нь төрийн алба хаах нь тэр хүний авьяас чадвар, итгэл үнэмшлийг сорьдог талбар биш, харин хялбар амраар аж төрөх арга зам болсонтой шууд холбоотой. Сая болсон чуулганы үеэр тараасан Төрийн албан хаагчдын эрмэлзэх ёсөн зүйлийг анхааралтай харахад уг нь зөв зүйтэй санаанууд байвч, эдгээр нь зөвхөн уриа, лоозон, ёс суртхууны шахалтаар хэрэгждэг зүйлс биш. Социалист маягын ёс суртхууны дарамтад уярч автдаг хүн цөөхөн болсон цаг үе шүү дээ. Тэнд урамшуулал, санхүүгийн хүчтэй механизм үйлчилж байж л сая санаачилга, үр дүнтэй бүтээлч ажиллагаа, ур чадварын хөгжлийг хүлээх боломжтой. Нийт ард түмний горьдож хүлээдэг Төрийн албаны шударга, ил тод байдал хангагдана. Дахин хэлэхэд Төрийн албаны шинэтгэл нь Төрийн захиргаа, удирдлага санхүүжилтийн шинэтгэлтэй хосолж байж үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Wednesday, June 15, 2011

Дурсамж - талархал

Аав маань 2007 онд Чикаго-д өвөлжсөн юм. Дурсамжаа бичиж байгаа гээд юм бичээд сууж байгаа харагддаг байсан. Интернэтээр ороод нэг залуутай холбогдоод жижигхэн товхимол хэвлүүлэхээр болсон гэлээ. Эгчийнхээр нэг орсон чинь бичээд дуусчихсан, одоо э-майлаар явуулах хэрэгтэй гэнэ. Тэр үедээ нэг нь бичээд өгчих байх, болохгүй бол дараа нь гэсгээд гараад явлаа. Ингээд ер нь удаа ч үгүй л санагддаг юм. "Эргэн дурсахуй" ном нь ирчихсэн, Америкт хэвлүүлсэн номтой, нутагтаа очно гээд бөөн баяр. Сонсохноо гар бичмэлээ нөгөө хүн рүүгээ явуулж бичүүлээд хэвлүүлсэн байсан юм даа. Ичих шиг болж билээ. Аавыг минь ингэж баярлуулсан хүн бол Блүүмингтон хотноо ажиллаж амьдарч байсан Номинчимэд багш юм. Аав минь өнгөрсөн жил өөд болсон. Үлдсэн юмыг нь харж янзалж байгаад ганцхан хувь үлдсэн тэр товхимлыг нь хараад өөрийн эрхгүй олон жилийн өмнөх тэр гэгээлэг дурсамж огшоод ирлээ. Нүүр тулан уулзаж байгаагүй ч сэтгэлд минь нэр нь үлдсэн Номинчимэд багшдаа хэлэх сайхан талархлын үг олдохгүй байна. Баярлалаа. Тэр номноос илүү сайхан бэлэг аавд минь байгаагүй гэдэг шүү.
Ингээд дундах нэгэн шүлгээр нь төгсгөе дээ

Аавын өчил


Санаж сэдэх ухаан сар хоногоор хомсдлоо
Сийрч бууралтсан үс цаг мөчөөр шингэрлээ
Холын бараа үзэх нүдний хараа бүдгэрлээ
Хоногийн тоогоо дуустал ач нараа хөтөлнөө

Намрын шөнийн салхи хаяа дэрлэн жиндүүлнэ
Нас тоолсон амьдрал яахын аргагүй дуусна
Найраг дууны аянд сэтгэл хөөрдөг нь өнгөрч
Наян насны ачаа даанч их хүндэрлээ

Чонон сайран явалт минь аль хэдийнээ саарсан
Чогчого бүдрэх чулуунд тээглэж унах нь холгүй болж
Сэхүүн дэвэргэн зан минь хэвээр байгаа боловч
Сэдэж хийх ухаан амны хийгээр урсана

Барааны холоос сүндэрлэх Хөвсгөлийн цэнхэр уулс
Байгалийн тансаг бүрдсэн Булнайн халуун рашаан
Буурлын үеэс шүтсэн онгон догшин газарт
Бодлынхоо цээрийг гаргаж охиныхоо өмнөөс мөргөнө

Мөрөн голын ус зайрмаглах тэр үес
Мөст сарьдгийн орой бууралтахын цагт
Мөнх нойрссон та хоерынхоо хойноос
Мөдхөн би залран очих болноо.


Аврора Иллиной муж улс
2007оны 3- сар Санжаагийн Дагвадорж

Дурсамж талархлыг бичсэн Дагвадоржийн Отголт


Гүн эмгэнэл илэрхийлье. Б.Номинчимэдээс

2008 Онд Блүүмингтоноос Монголдоо ирээд удаагүй байсан санагдана. Өглөө эрт ажил дээрээ сууж байтал утас дуугарч, жижүүр "Нэг хөгшин таньтай уулзая" гэж байна гэв. Тэр хөгшин нь Дагвадорж гуай байсан юм. Нэг шил виски цүнхнээсээ гаргаж ирэхэд нь би учиргүй сандарч, ичиж билээ. Уг нь хөгшин над дээр биш би л хөгшин дээр вискитэй очих учиртайсан. АНУ-д байхад 2007 онд бид хоёр олонтаа утсаар ярилцаж , Чикагогийн ойролцоо байх нэгэн дагавар хотод байх тэднийд би зочилж, хожим надад шуудангаар дурсгалын зүйл илгээж байсансан. Ингэж бид хоёр уулзаж, ярилцаж, хуучнаа дурсаж, дараа нь би Сансарт байх хөгшний гэрт нь зочилж билээ. Урт удаан амьдрахдаа хүнд хэцүү олон сорилыг давсан, сонирхолтой бахархам сайхан намтар түүхтэй, зөв ухаарлыг үг бүхэндээ шингээсэн буянтай сайхан хөгшин байсан даа. Наян нас давсан гэхээргүй ануухан, ухаан санаа саруул, хамгийн гол нь их залуу сэтгэлгээтэй. Хөгшин бид хоёрын хооронд даруй 40 гаруй насны зөрөө байсан ч бид бие биенээ ойлгож, дотно сайхан ярилцаж, нөхөрлөхөд ер саад болоогүй. Дараа нь бас хоёронтоо утсаар холбогдож, миний зүгээс номыг нь дахин хэвлүүлж өгөх тухай ярилцаж байсан юм. Харин сүүлийн жил гаруйн хугацаанд ойр зуур ажилдаа түүртсээр хөгшинтэйгээ холбоо барьсангүй тасарсан байна. Харин Д.Отголтын "Дурсамж талархал" дээрээс хөгшнийг өнгөрсөн жил бурхан болсныг сонсоод гүнээ харамсан гашуудав. Дахиад нэг уулзчих минь яав даа гэж.

Хөгшний надад өөрийн гараар бичиж өгсөн дурсгалын үгстэй ном одоо ч миний ширээний нүдэнд байж байна даа. Хөгшний үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Tuesday, June 14, 2011

Шинэ цагийн улс төрийн манкуртууд

Б.Номинчимэд

Та бидний аж төрж буй нийгэм, монголын маань өнөөгийн дүр төрх өөрөө их гаж, заримдаа ойлгоход хэцүү, зүйрлэвэл сэтгэцийн хурц өвчтөн мэт санагдах нь цөөнгүй. Үүнийг олон жишээгээр тайлбарлаж болох ч энэ удаад зөвхөн сэтгэцийн хурц өвчлөлийн олон янз илрэлийнх нь нэг талыг харуулах хоёрхон баримтын тухайд авч үзье.

- Өрөөнд маань “За, эрхэм журмын нөхөр” гэсээр хуучин цагийн эвлэлийн зүтгэлтэн нэгэн орж ирэв. (Зүтгэлтэн бид хоёулаа МАХН-ын гишүүд)

“Эвлэлийн зүтгэлтэн” гэхээр шинэ цагийн зарим залуус сайн ойлгохгүй байж магадгүй. Соц үед МХЗЭ-ийг нийгмийн манлайлагч залуусын байгууллага хэмээн үздэг байлаа. Үнэхээр ч нэгэн үе монгол орны хөгжил, бүтээн байгуулалтын хүнд хүчрийг энэ байгууллагаар удирдуулсан, эвлэлийн гишүүн залуус нугалж байсан нь түүхэн үнэн. Гэхдээ эвлэл дотор дандаа манлайлагчид байгаад байсан юм биш л дээ. Хаана ч, ямар ч цаг үед “Би байж байгаа шүү” гэдгээ тэсэж ядан илэрхийлж явдаг ашиг завшаан, алдар нэр хайсан хог новшнууд бас хаа сайгүй чихцэлдэж л явсан юм.

Өнөөх эвлэлийн зүтгэлтэн маань мэнд ч мэдэж амжаагүй шахам байтлаа ширээн дээр маань байсан “Ардчилал 20” гэсэн эмблем бүхий хөх тэмдэглэлийн дэвтрийг харчихаад сортос гээд явчих нь тэр. Тэр дэвтэр хэн хүний хараа булаахаар тийм ч их сайхан эд биш л дээ, алт мөнгөн хавтас, хавчуурга байхгүй, тэр ч бүү хэл сумын клубын гандмал дээвэр шиг үхмэл хөх өнгөтэй, ядаж байхад “Ардчилал 20” гэсэн дардсаа ч хазгай хусчихсан, бодвол хэн нэгнийх нь шахаа байх л даа. Зүтгэлтний маань дайчин эрэмгий царай нь анхаарал, болгоомжтой болж ирээд “Энэ хэний дэвтэр вэ?” гэж байна. Ер нь хуучин цагийн эвлэлийн ажилтнууд дайчин, шуурхайгаараа онцгой.

Өнгөрсөн оны сүүлээр Ардчиллын ойн үеэр гаргасан уг тэмдэглэлийн дэвтрийг АН-д байдаг нэгэн танил маань дурсгасан бөгөөд би ойр зуурынхаа юмыг тэмдэглээд, ширээн дээрээ байлгаж байсан хэрэг.

- Минийх аа, бэлгэнд авсан юм. Өнгөрдөг Ардчиллын 20 жилийн ойгоор...
- Аанхн. Чи чинь яахаараа Ардчиллын ойгоор АН-аас бэлэг авдаг билээ?
- Үгүй, яахав дээ. АН-д байдаг найз маань л бэлэг өгсөн юм.
- АН-д бас найзтай...?

Би түүний юу хэлээд буйг нь ойлгосонгүй, гайхан харвал түүнд тоглож тохуурхсан өчүүхэн ч шинж алга. Хөмсөг нь сөртийж, харц нь сүлбэж ирээд л... хачин харж байна аа.

- АН –д найзууд бий, бий гэвэл
- Ингэхэд чи улс төрийн тэмцэл гэж юу болохыг одоо болтол ойлгоогүй яваа хүн үү? Гэж байна.

Энэ үгийг тэрбээр чин үнэнээсээ хэлж буйг нь ойлгоод золтой л түсхийтэл инээчихсэнгүй. Тэгсэн бол зодоон нүдээн болох биз. Түүний нүдэнд би лавтай засрашгүй баруун оппортунист, найдлагагүй ревизионист нөхөр л харагдсан байх л даа. Харин дараа нь өрөвдөж, бүр гутрав.
Монгол оронд ардчилал хөгжөөд алдаатай оноотой ч 20 жил өнгөрч, бүхэл бүтэн нэг үе эргэчихээд байхад энэ хүн ардчилсан он жилүүдийн хаагуур нь явсан байж таарах вэ? Иймэрхүү санаа бодлыг тэтгэж, хадгалж, үүнээсээ салж чадахгүй зууралдаж байдаг вакуум орчин энэ нийгмийн аль нэгэн илжирч ялзарсан эд эрхтэн дээр амь бөхтэй оршиж байдаг юм биш байгаа. Хэрвээ тийм бол үнэхээр гайхамшигтай үзэгдэл, жинхэнэ хаос. Энэ бол байдаг л нэг хоцрогдол биш, МАНКУРТИЗМ.

Харамсалтай нь улс төрийн тэмцлийг 1900-аад оны үеийн хэт экстремист большевикээр ухаж ойлгодог, хэн ч хамаагүй хэн нэгэн хөндлөнгийн дайсантай эрсэлдэн тэмцэх нь амьдралынх нь, оршин тогтнохуйнх нь утга учир болдог, цаг үеэ мэдрэх мэдрэмжээ аль хэдийнэ гээчихсэн, бусдыг сонсох, хүлээн зөвшөөрөх, ойлгох тухай яриад ч хэрэггүй, хэн нэгэн эзний, өөрсдийнх нь хувьд удирдагч болоод намынхаа үгийг бурхны гажиж болшгүй зарлиг мэт хүлээж авдаг ийм нөхдүүд манай аль ч улс төрийн нам, тэднийг дэмжигчид дотор, ялангуяа МАН-АН-д цөөнгүй бий. Тэр ч бүү хэл улс төрийн намын удирдах түвшнээс ч төвөггүй олж болно. Бараг л нүдээ аньж байгаад чичилсэн ч онож буудах магадлал 80 хувьтай.

Үнэн хэрэгтээ энэ хачирхалтай фенемонийг бий болгогч, эх баригч нь, дэвэргэн тэтгэгч нь манай “Монголын онцлоготой ардчилал” өөрөө, энэ 20 жилийн улс төрд голлон тоглосон МАН, АН хоёр өөрсдөө юм. Энэ ардчиллын 20 жилийн хугацаанд ардчиллын язгуур ойлголтууд хүн ардын санаа бодолд бүрэн сууршиж бэхжиж, идээшиж чадаагүйн илрэл, улс төрийн намууд улс төрийн тэмцлийг ихэнхдээ жирийн иргэдийн тархи толгойг ардчиллын үзэл санаагаар сэнхрүүлэн цэнэглэх биш харин нэг нэгнээ үгүйсгэсэн утга учиргүй мухар үгүйсгэл, дайсагнал болгон дэвэргэж ирсний бодит биелэл, үр дүн юм. Улс төрийн сонгууль ямар дүр төрхтэй болдгыг эрх биш санаж байгаа байлгүй. Өрсөлдөгч улс төрийн нам, өрсөлдөгч нэр дэвшигчээ эх орноосоо урвагч адгийн дайсан, эхнэр хүүхний донтон, эд хөрөнгөний шуналтан, эрүүгийн рецетив хэрэгтэн, эрлийз хурлийз, энэрэлгүй харгис яргачин болгон харуулах нь манай монголын улс төрийн сонгуулийн онцлог нь. Арай өөрөөр илэрхийлбэл манай ардчиллын хамгийн том дайсан нь манай улс төрийн, ялангуяа голлох хоёр нам болох нь дээ. “Коммунизмын хий үзэгдэл хуучин европоор тэнүүчилж явна” гэдэг шиг л монголд ардчилал зөвхөн хий үзэгдэл төдий байгааг энэ эрийн энэ зурвасхан араншингаар тодорхойлж бүрэн болно.

Тэгээд л өнөөх хуучин цагийн эвлэлийн гал халуун дайчин эр миний өмнө ийнхүү өрөвдмөөр, эмгэнэмээр ч юм шиг, эсхүл учиргүй шоолон хөхөрмөөр ч юм шиг тийм дүр төрхтэй зогсож байгаа аж. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн шөнө, МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди үнэмлэхүй олонхийн санал авч, ялалт байгуулж байгаа нь баталгаатай болох үед МАХН-ын байрны үүдний давхар шилэн хаалт тар хийгээд явчихаж билээ. П.Очирбатыг дэмжигч нэгэн ялагдлынхаа бухимдлыг чулуу тоосгоор илэрхийлж байсан нь тэр. 7 сарын нэгний хэрэг явдлын голлох тоглогчид нь ийм л манкуртууд байсан юм. Түүнээс биш сонгууль шударга бус болчихлоо гэж бухимдсандаа байшин шатаагаад, морин хуур тэвэрч гүйгээд байдаг ч юм биш. Гэхдээ 7 сарын нэгний үйл явдлын цаана өөр зорилгот хөтөлбөр байсан байх тун магадлалтай. Тийм бол тэр зорилгодоо улс төрийн манкуртуудыг ашигласан байх. Энэ мэт нэн шинэ үеийн манкуртимзын олон сонгодог жишээ баримтыг дурдаж болно.

Ерөнхийдөө иймэрхүү, мухар сохор харанхуй итгэл үнэмшлийн боол болсон, орчлонгийн явдлыг өөрийн ухаанаар эргэцүүлэн харах чадваргүй дүр төрхийг дэлхийн утга зохиолд МАНКУРТ БООЛ хэмээн нэрийддэг. Утга зохиолын эргэлтэнд Киргизийн нэрт зохиолч Чингис Айтматов оруулжээ. Уг эх домог нь Монголын Найман аймгаас гаралтай эд гэсэн. Чингис Айтматовын Киргизүүд ч дундад азийнхан дотроо бидэнтэй хамгийн ойрхон нь. За, энэ ч яахав. Гол асуудал нь манкурт боолыг юуны тулд төрүүлдэг, юунд ашигладаг нь сонирхолтой. Эрт цагт эзнийхээ хүсэл зоргын тулд төрсөн эхээ ч өчүүхэн гилмэхгүйгээр хороож чадах тийм мунхарсан манкурт боол хаад ноёдод алтнаас ч үнэтэй байж. Түүнээр хүссэнээ хийлгэнэ. Хүссэнээ авхуулна, алуулна. Багдад хийгээд Арабын ертөнцийг хэдэн үеэр нь чичрүүлж явсан Уулын өвгөний дайчид бол манкуртизмыг хамгийн үр ашигтай ашиглаж байсны сонгодог жишээ.

Саяхны бидний амьдралд учирсан жишээ бол хадгаар хөлөө ороож, бурхан тахилаар цайгаа чанаж явсан Бошгийг халах залуучууд. Чухам их хэлмэгдүүлэлтийн үед тэд л гол аллагыг нь хийсэн байдаг. Манкуртууд маш эрчимтэй, идэвхтэй ажилладаг бөгөөд тэр ч бүү хэл зарим нь амь насаа ч үл хайрлан улайран зүтгэгсэд байдаг юм. Олон болбол тэд нийгмээ бүхэлд нь сэгсрээд хаячихаас ч үл буцна. Тэд бол Христийн цөхөрдөггүй буцдаггүйгээрээ алдартай номлогчид ч ичиж, атаархмаар улайран зүтгэдэг бөгөөд чухам Мао дарга тийм хүмүүсийг ашиглан Хятадад соёлын хувьсгал хийсэн бөгөөд нөгөөдүүл нь ёстой “алаад хаясан” юмдаг уу даа.

Гэтэл өнөөдөр, ардчилсан монголд яагаад ийм манкурт болсон хүмүүс байсаар байна вэ. Заримдаа манай улс төрийн лидерүүд ийм манкуртуудыг зориудаар ч бэлдээд байсан юм биш байгаа гэсэн хар хүртэл төрдөг. Ер нь ингэхэд өнөөгийн монголын иргэдийг Манкурт боол болгох нь хэнд ашигтай вэ?

Насаараа нэг жалганд хэвтсэн хоёр буурай хүртэл улс төрийн энэ туйлшралаас болоод бие биенээ муу нүдээрээ ч хялайж харж чадахгүй болчихдог нь эмгэнэл. Ийм дүр төрхийг аль ч баг, сум, бүс нутагт олноор нь харж болохоор байна. Үр дүн нь нэг нэгнээ баг, сумаасаа эхлээд УИХ хүртэлх бүх шатандаа дэгээдэж унагадаг, эцэстээ хөгжлөө, ирээдүйгээ дэгээдэж унагадагтаа хүрсэн. Гэтэл хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон энэ хоёр нам ард түмнээ ийн өрөвдөм байдалд оруулчихаад цаанаа хөнжил, түрийвчиндээ нэгдэж сууна. Улс эх орны том эрх ашиг дээр нэгдэж, зөвшилцөх нь зайлшгүй. Энэ үүднээс хоёр намын хамтарсан Засгийн газрыг ихэд дэмжиж байсан. Харин хоёр намын нэгдлийн үр дүнг өнөөдөр харахад том эрх ашгийн төлөө гэхээсээ илүү хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө түрийвчээрээ нэгдсэн юм биш байгаа гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж буй юм. Тухайлбал сонгуулийн хууль байна. Суурь хууль болсон уг хуулийн шинэчлэлийг яаралтай хийх нь эрүүл ухаантай хэнд боловч ойлгомжтой атал УИХ-дээр гацсаар л байна. Нийгэмд бодитоор бий болсон бухимдал нь эрх баригчдыг сонгуулийн мажоратор тогтолцоондоо хоргодоход хүргээд буй юм биш байгаа гэсэн шүүмжлэлийг ортой гэж үзэхэд хүргэж байна. Намын удирдлага өөрсдийг нь шүүмжилсэн хүнийг намын бодлого, эв нэгдэл нэрээр хав дарж авахыг боддог нь угтаа манкуртизмд шахаж буй хэрэг. Гишүүдийн гэгдэх ТЭРБУМ төгрөг байна. Хамтарч байгаад л 76 тэрбумыг бидний халааснаас, улс орны хөгжлөөс хусчихаж байгаа юм. Бас сонгуулийн хэт популист амлалтандаа баригдаж, эх орны хишиг нэрээр тарааж буй 804 тэрбум байна.

Нийгмийн халамж хэрэгтэй тодорхой хэсэгт нэмэртэй ч, ерөнхий дүнгээрээ бол эдийн засагт ихээхэн дарамт болж, бас л хөгжлийг дэгээдэж буй нэг дэгээ.

Хоёр нам нь хамтраад засаг бариад явж байхад хоёр намын хүн хоорондоо найзалж нөхөрлөхийг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүсийг үйлдвэрлэх нь чухам ийм томхон ТӨСӨВ, ТӨСӨЛ дээр “ажиллахад” нь хэсэг бүлэг хүмүүст, өнөөгийн хурцаад яригдаад буй эрх барьж буй олигополуудад хэрэг болдог юм биш байгаа.

Сүүл үед би тэр зүтгэлтний миний хөх дэвтэр рүү сэжиглэнгүй харж байсан байдал төрхийг санах бүрдээ тэсгэлгүй түсхийтэл инээд алдчихаад байдаг хуучтай болоод байгаа. Ийн инээд наадам болж байгаа нь шинэ цагийн манкуртуудын хор хохирол харьцангуй бага байдагт юм. Яагаад гэвэл манкуртууд бол мухар сохор итгэгчид, оюун сэтгэлгээний боолууд. Тиймээс тэднийг сайн үйлд ч уруу татан хүчийг нь ашиглах боломжтой гэж найднам. Харин шинэ цагийн улаан хамгаалагчид гэж энэ манкуртуудаас хэд дахин аймшигтай хүмүүс байна. Тэд бол юу хийж буйгаа маш тодорхой мэдэж байдаг, зорилгоо гайхамшигтай яруу тодорхойлдог, хэрэгжүүлэх арга замаа ч гаргуун мэддэг хүмүүс. “Бурханд мөргөдөг чөтгөр л хамгийн аймшигтай чөтгөр” гэж нэг үг байдаг даа. Шинэ цагийн улаан хамгаалагчид бол тийм л хүмүүс. Манкуртуудын тухай бодохоор инээд, өрөвдөл төрдөг бол харин улаан хамгаалагчдын тухай бодохоор уйлах ч багадмаар. Тэдний тухай дараа өгүүлье.